“Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд бүх товчоо, хилийн боомтууд дээр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ сарын 18-ны өдөр Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоогоор хууль бусаар Цоохор ирвэсийг тээвэрлэн гаргах гэж байсныг үйлдэл дээр нь барьсан байна.
Month: January 2019
Канад Улсад ажиллаж буй ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Канадын Нийтийн албаны зөвлөлийн Ерөнхийлөгч Патрик Борбей, Канадын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Туслах дэд сайд Фред Горрел, Канадын Парламентын гишүүн Брад Трост нартай тус тус уулзав.
Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг Хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад “Иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төсөл 2018 оны 2 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн, мөн тус төслийн шугамаар Канадын Нийтийн албаны зөвлөлөөс Оттава хотноо сургалт зохион байгуулсанд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Патрик Борбейд талархал илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсад Төрийн албаны шинэчилсэн хууль 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнийг мэдээлж тус хуулийг боловсруулахад канадын талын зөвөлгөө, дэмжлэг үнэтэй хувь нэмэр оруулсны дурдаад цаашид Монгол Улсын Төрийн албаны чадавхийг бэхжүүлэхэд Канадын Нийтийн албаны зөвлөлтэй үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн захидлыг Ерөнхийлөгч Патрик Борбейд гардуулав.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Канадын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Туслах дэд сайд Фред Горрелтой хийсэн уулзалтын үеэр хоёр орны хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож ойрын жилүүдэд хамтран ажиллах тодорхой чиглэлээ тодорхойлохоор санал нэгдэв. Канадын баруун бүсийн нутаг, ялангуяа, Алберта мужийн фермерүүдэд ажиллах хүчин дутагдаж буйтай уялдуулан Канадын Түр ажиллах хүчний хөтөлбөрт Монголоос хамрагдан фермерийн аж ахуйд туслан ажиллах боломжийн талаар хамтран судлахаар ярилцав. Төрийн нарийн бичгийн дарга Туслах дэд сайдыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьсанд талархан хүлээж авав.
Канадын Парламентын гишүүн Брад Тросттой хийсэн уулзалтаар хоёр орны Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож элэгсэг дотно ярилцав. Хоёр орны Парламент хоорондын харилцаа идэвхтэй өрнөж буйд баяртай байгаагаа хоёр тал харилцан илэрхийлж, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.
“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн нэгдүгээр сарын 24-27-нд Красноярск хотод түүний нэрэмжит спорт цогцолборт боллоо. XXX уламжлалт тэмцээнд ОХУ, Монгол, АНУ, Куба, Япон, Болгар, Беларусь, БНХАУ, Турк, Герман, Йордан, Румын, Казахстан, Узбекистан,Унгар, Туркменистан, Норвеги гэсэн 17 орны 187 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв. Красноярскийн дэвжээнд манай улсын 50-иад тамирчин зодоглосноос хоёр алт, хоёр мөнгө, 11 хүрэл, нийт 15 медальтай эх орондоо ирэхээр болж байна.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг хоёр, 57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд анх удаа түрүүлж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэд Монголын бөхчүүдээс Красноярскийн 13, 14 дэх алтан медалийг эх орондоо авчирсан юм. Эрэгтэйчүүдийн 70 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэйчүүдийн 68 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Э.Даваанасан мөнгө, эрэгтэйчүүдийн 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Н.Насанбуян, 65 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батмагнай, 70 кг-д Баянхонгор аймаг, “Хонгор нутаг” дэвжээний тамирчин спортын мастер Э.Бямбадорж, 86 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн, 92 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Өлзийсайхан, эмэгтэйчүүдийн 53 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа, 55 кг-д спортын мастер “Женко” клубийн тамирчин спортын мастер Б.Болортуяа, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа, 72 кг-д “Алтай” констракшн, Төмөр замын Цагдаагийн газрын тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медаль хүртлээ. Түүнчлэн манай Э.Бэхбаяр, Ц.Чинзориг, Г.Отгонбаатар, Т.Тулга, Ө.Батзул, Б.Намхай, Н.Анударь, Б.Хонгорзул нар хүрэл медалийн төлөө барилдаж шагналт тавдугаар байрт орсон юм.
ДБНХ (UWW)-ноос энэ жилийн Иван Ярыгиний “Гранпри”-д эрэгтэй, эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг олгохоор болсон юм. Гэсэн хэдий ч тамирчид цөөхөн оролцсон. Бөхийн хөгжлөөр толгой цохидог Азербайжан, Гүрж, Иран тэргүүтэй орнууд бөхчүүдээ Красноярскт илгээгээгүй. Хэдийгээр оролцогч цөөтэй ч олимп, дэлхийн 40-өөд медальтан зодоглосон. Хүнд жингийн өнөө цагийн дэлхийн шилдэг бөх Таха Ахгуль түрүүлж чадаагүй. Турк эр шигшээ барилдаанд эзэн орны Анзор Хизриевт 3:7-гоор ялагдсан. Тус тэмцээнд хоёр удаа түрүүлсэн “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Кайл Снайдер хоосон нутаг буцлаа. Эрэгтэйчүүдийн 10 жинд бүх жинд аваргалж үнэмлэхүй амжилт тогтоосон. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Япон, зохион байгуулагч орон ОХУ гурав, Монгол, АНУ тус бүр хоёр алтан медаль хүртэв.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг: 1 Муслим Садулаев 2. Абасгажи Магомедов (хоёул ОХУ) 3. Нармандахын Насанбуян (Монгол), Томас Гилман (АНУ)
61 кг: 1. Магомедрасул Идрисов (ОХУ) 2. Николай Охлопков (Румын) 3. Эдуард Григорьев, Рамазан Ферзалиев (хоёул ОХУ)
65 кг: 1. Ахмед Чакаев 2. Начын Куулар 3. Гажимурад Рашидов (бүгд ОХУ) 3. Батчулууны Батмагнай (Монгол)
70 кг: 1. Магомедрасул Газимагамедов (ОХУ) 2. Ганзоригийн Мандахнаран 3. Энхбаярын Бямбадорж (хоёул Монгол), Разамбек Жамалов (ОХУ)
74 кг: 1. Заурбек Сидаков (ОХУ) 2. Якуп Гор (Турк) 3. Магомед Курбаналиев (ОХУ), Азамат Нуриков (Беларусь)
86 кг: 1. Даурен Куруглиев (ОХУ) 2. Фатих Эрдин (Турк) 3. Владислав Валиев (ОХУ), Оргодолын Үйтүмэн (Монгол)
92 кг: 1. Магомед Курбанов 2. Батырбек Цакулов (хоёул ОХУ) 3. Баасанцогтын Өлзийсайхан (Монгол)
97 кг: 1. Шамиль Мусаев (ОХУ) 2. Александр Гуштын (Беларусь) 3. Игорь Овсянников (ОХУ) 3. Баки Сахин (Турк)
125 кг: 1. Анзор Хизриев (ОХУ) 2. Таха Акгуль (Турк) 3. Зелимхан Хизриев (ОХУ)
Эмэгтэйчүүдийн 50 кг: 1. Кика Кагата (Япон) 2. Анжелика Ветошкина (ОХУ) 3. Виктория Энтони (АНУ), Даулетбике Яхшимуратова (Узбекистан)
53 кг: 1. Сара Хильдебранд (АНУ) 2. Наталья Малышева 3. Лейла Карымова (хоёул ОХУ), Эрдэнэчимэгийн Сумъяа (Монгол)
55 кг: 1. Виктория Ваулина (ОХУ) 2. Нао Танияма (Япон) 3. Бат-Очирын Болортуяа (Монгол)
57 кг: 1. Сүхээгийн Цэрэнчимэд (Монгол) 2. Ольга Хорошавцева (ОХУ) 3. Гейс Буллен (Норвеги), Бильяна Дудова (Болгар)
59 кг: 1. Юзүка Игараши (Япон) 2. Светлана Липатова (ОХУ) 3. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол)
62 кг: 1. Анжела Фоменко 2. Анна Щербакова 3. Ульяна Тукуренова (бүгд ОХУ)
65 кг: 1. Мария Кузнецова (ОХУ) 2. Мисүзү Еномото (Япон) 3. Зоригтын Болортунгалаг (Монгол), Юлия Пронцевич (ОХУ)
68 кг: 1. Соронзонболдын Батцэцэг 2. Энх-Амарын Даваанасан 3. Энхсайханы Дэлгэрмаа (бүгд Монгол), Ханум Велиева (ОХУ)
72 кг: 1. Тамира Менса (АНУ) 2. Юка Кагами (Япон) 3. Евгения Захарченко (ОХУ) 3. Очирбатын Насанбурмаа (Монгол)
76 кг: 1. Сүзүки Минагава (Япон) 2. Василиса Марзалюк (Беларусь) 3. Эльмира Сыздыкова (Казахстан), Алине Фокен Роттер (Герман)
Он гарсаар 491 удаагийн объектын гал түймэр бүртгэгдээд байна. Түймэрт зургаан том хүн, хоёр хүүхэд өртөж амиа алдсан бол дөрвөн том хүн, нэг хүүхэд түлэгдэж гэмтсэн байна. Өчигдөр хувийн өмчид гал гарсан тухай есөн дуудлага бүртгэгджээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 19 дугаар байрны хогийн сувагт хог шатсан дуудлагын дагуу алба хаагчид ажиллалаа. Гал түймрийн утаажилтын бүсээс есөн хүүхэд, 18 том хүнийг гаргасан байна. Мөн тус дүүргийн 14 дугаар хорооны 13 дугаар байранд хогийн сувагт хог шатаж утаажилтын бүсээс 14 хүнийг гаргажээ.
Түүнчлэн байшин, машин, лангууны бараа шатсан дуудлагууд ч бүртгэгджээ. Иймд айл өрх, албан газруудыг галын аюулгүй байдлыг сайтар сахихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
ОБЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай канад хийцийн модон цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Шалгалтад 31 барилга байгууламжийг хамруулж, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжтой нийцүүлэн гаргасан гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 173 зөрчил илрүүлжээ.
Илэрсэн зөрчил, дутагдлаас газар дээр нь 33 зөрчил буюу 19 хувийг арилгуулан үлдсэн зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 23, мэдэгдэл 1, танилцуулга 2, дүгнэлт 1-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр тодорхой заалтыг тусган, хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2018 оноос “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт гарын авлагыг боловсруулан хэвлүүлж, нийслэлийн төрийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 3100 гаруй багшид сургалт зохион байгуулж бэлтгэсэн юм.
Мөн холбогдох байгууллагуудад уламжлан ажилласны үр дүнд Ерөнхий боловсролын сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилд Эрүүл мэндийн хичээлийн сэдэвт багтаан оруулсан билээ. Уг ажлыг өргөжүүлэн хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын А/1043 дугаар захирамжийг батлан гаргуулж, цаашид цэцэрлэгийн багш нарт зориулан “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарыг сургалтанд хамрууллаа.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас санаачлан зохион байгуулж буй энэхүү сургалтанд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтэн, дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинетийн эмч, өрхийн эмч, нийгмийн ажилтан зэрэг нийт 300 гаруй хүн оролцсон юм.
Хүүхдийн шүдний цоорол өвчин нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнөөс гадна 200 гаруй нэр төрлийн өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд дам шалтгаан болдог.
Тиймээс АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулиас 2017 онд хийсэн судалгаанаас үзэхэд, нийт хамрагдсан хүүхдийн 86 хувь нь шүд цоорох өвчин /ШЦӨ/-тэй байсан бөгөөд үлдсэн 14-хөн хувь нь л эрүүл шүдтэй гэж гарсан байна. Мөн уг өвчний тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 86.2 хувь, сургуулийн насныхан дунд 86.1 хувьтай гарчээ.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаан энэ сарын 25-ны өдөр Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д боллоо. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Жендэрийн салбар зөвлөлийг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хууль, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бусад яамдаа манлайлан ажилласныг нь үнэлэн, өргөмжлөл мөнгөн шагналаар урамшууллаа.
Шагналыг УУХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд салбар зөвлөлийн дарга Г.Нандинжаргал Жендэрийн Үндэсний хорооны орлогч дарга бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос гардаж авав.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Жендэрийн салбар зөвлөл нь “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд салбарын жендэрийн бодлогын баримт бичгийг боловсруулж ажилласан. Энэ хүрээнд СЕСМИМ төсөл, судалгааны багтай хамтран Жендэрийн нөлөөллийн үнэлгээг таван аймаг, хоёр дүүрэг 26 байгууллагад хийж гүйцэтгэсэн байна. Мөн тайланд үндэслэн, бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, батлуулахад бэлэн болгосон юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран “Монгол эрэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа.
“Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 11-р сарын 16-нд, “Монголын эрэгтэйчүүдийн боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 12-р сарын 20-нд тус тус зохион байгуулсан бөгөөд “Монгол эрэгтэйчүүдийн үнэлэмж-зөв хандлагын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 1-р сарын 25-ны өдөр нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт:
– Эрэгтэйчүүд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа шалтгаан, урьдчилан сэргийлэх арга замууд / Цагдаагийн ерөнхий газар/
– Хуулиар хариуцлага хүлээсэн эрэгтэйчүүдэд үзүүлж буй нийгмийн үйлчилгээ /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар/
– Эрэгтэйчүүдийн нийгмийн үнэлэмж – Монголын Эрэгтэйчүүдийн холбоо нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллагын төлөөлөл 30 хүн оролцсон.
2019 онд Монголын эрэгтэйчүүдийн холбооноос “Монгол эрэгтэйчүүдийн үнэлэмж хэр байгаа талаар” судалгаа хийгдэхэд судалгаанд хамрагдсан 1000 хүний 77 хувь нь Монголын эрэгтэйчүүдийг үнэлэх үнэлэмжийг доогуур үнэлсэн байна. Одоо 10 жилийн дараа гэхэд хэвээр байсаар байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн, холбогдсон нийт гэмт хэргийн 92% нь эрэгтэйчүүд үйлдсэн гэдэг судалгаа байдаг байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.
Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран 2019 онд мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн залуучуудад гадаадаас аутсорсинг захиалга авч гүйцэтгэл хийх 500 ажлын байрыг зарлаж байгаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Тус хуралд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр, программ хангамжийн хэлтсийн дарга А.Амарсанаа нар оролцов.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Мэдээллийн технологийн сургалтын төв” нь 2017 оноос хойш залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай хүний нөөц бэлтгэх, Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дэлхийн түвшинд хүргэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор компьютерын өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, веб хөгжүүлэгч, веб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан түвшин зэрэг нарийн мэргэжлийн 8 төрлийн сургалтыг төлбөргүй зохион байгуулж байна.
Сургалтаа “А” үнэлгээтэй төгссөн залуучуудыг “Бизнес инкубатор төв”-өөр дамжуулан цалинтай дадлагажуулж, ажлын байранд холбож өгдөг юм. Залуучуудыг нарийн мэргэжилтэй болгож, дотооддоо тогтвортой ажлын байраар хангагдах, гадаадын аж ахуй нэгж, байгууллагуудаас захиалга авч, аутсорсингийн төсөл гүйцэтгэх, эх орондоо өндөр цалинтай хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаараа онцлог юм.
Мэдээллийн технологийн сургалтын төв нь 76 компьютер, 4 сургалтын танхим, “Бизнес инкубатор төв”-өөс бүрддэг.
Тус сургалтын төвд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 2,638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн бөгөөд сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1,893 залуучуудыг мэдээллийн технологийн сургалтын төвд хамруулснаас 834 нь амжилттай төгсөж, инкубатор төвөөр дамжуулан 20 иргэнийг БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-ын төслийн санхүүжилтээс сар бүр 440,000 төгрөгийн тэтгэлэгтэй дадлагажуулж, 120 залуучуудыг ажлын байранд холбож өгсөн юм.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) сургалтын төвтэй хамтран дадлага давамгайлсан аргаар мэдээллийн технологийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэхээс гадна 2017 оноос хойш БНСУ-ын компаниудтай хамтран мэдээллийн технологийн аутсорсингийн 100 гаруй төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна. 2019 онд уг төслийн хүрээнд мэдээллийн технологийн аутсорсингийн ажлын захиалга гүйцэтгэх программ хангамжийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай 500 мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.
“Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр: Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшээгүй боловч тухайн чиглэлээр хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуучуудыг “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) сургалтын төвд 4 сарын турш төлбөргүй сурган хөгжүүлж, амжилттай төгссөн залуучуудыг 4 сарын турш инкубатор төвөөр дамжуулан бойжуулснаар ажлын байранд шууд холбон өгөх бололцоо бүрдэх юм. Тогтвортой ажлын байран дахь цалин 1 сая төгрөгөөс эхлэх бөгөөд цаашид авах цалингийн хэмжээ тухайн хүний ур чадвараас хамаарч нэмэгдэх боломжтой. Мөн залуучууд нийлж, чадвартай баг бүрдүүлж чадвал БНСУ-аас аутсорсинг захиалгаа өөрсдөө олдог болох юм.
Бид 2019 оноос эхлэн “WEB PUBLISHING” шинэ ангийг нээж байгаа бөгөөд тухайн ангид Солонгос хэлний топикийн 5-р түвшинтэй, программ хангамжийн чиглэлээр сурах сонирхолтой залуусыг урьж байна.
Хаяг: Нийслэлийн Засаг захиргааны тавдугаар байр, НЗХГ-ын дэргэдэх “Мэдээллийн технологийн сургалтын төв”
Утас: 9712-5557, 7012-2999
Та сургалтад бүртгүүлэхийг хүсвэл <https://goo.gl/pdoknh> линкээр нэвтэрч бүртгүүлэхээс гадна сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцангаа сургалтын төвд ирж, бүртгүүлж болно.
Сургалтын төлөвлөгөө
№ |
СУРГАЛТ |
ТАНХИМ |
ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР |
ҮРГЭЛЖЛЭХХУГАЦАА |
||||||
Да |
Мя |
Лх |
Пү |
Ба |
Бя |
|||||
1 |
Компьютерийн үндсэн хэрэглээ |
Хангарди |
1830-2000 |
1830-2000 |
1830-2000 |
Сар бүр |
1 сар |
|||
2 |
Фотошоп |
1800-1930 |
1800-1930 |
Сар бүр |
1 сар |
|||||
3 |
ЖАВА |
1000-1430 |
1000-1430 |
1000-1430 |
2019.03.25-2019.07.27 |
4 сар |
||||
4 |
Web publishing |
1430-1700 |
1430-1700 |
1430-1700 |
1430-1700 |
1430-1700 |
2019.02.11-2019.03.19 |
1 сар |
||
5 |
Мэргэшүүлэх сургалт |
1000-1700 |
1000-1700 |
1000-1700 |
1000-1700 |
1000-1700 |
2018.11.20-2019.03.20 |
4 сар |
||
6 |
Вэб хөгжүүлэгч |
Нийслэл танхим |
1000-1430 |
1000-1430 |
1000-1430 |
2019.03.25-2019.07.26 |
4 сар |
|||
7 |
Систем админ |
Улаанбаатар танхим |
1800-2000 |
1800-2000 |
Байгууллагын хүсэлтийн дагуу |
3 сар |
||||
8 |
Өгөгдлийн сан |
1000-1200 |
1000-1200 |
Байгууллагын хүсэлтийн дагуу |
3 сар |
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сонгогдсон тойргийнхоо буюу Баянгол дүүргийн өндөр настнуудыг өнгөрсөн бямба гаригт хүлээн авч, Сар шинийн гарын бэлэг гардуулах үеэр 83 настай иргэн М нас барсан хэрэг гарлаа. Энэ талаар ойрын эх сурвалжаас тодруулбал “Баянгол дүүргийн өндөр настнуудыг өнгөрсөн бямба гаригт UB palace-д Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хүлээж авна гээд урилга тараасан байсан. Улмаар ахмадууд, урилга авсан хүмүүс цагтаа цугласан ч үйл ажиллагаа нь эхлэхгүй багагүй хугацаа өнгөрсөн. Олон хүн цугласан газар настайчууд агааргүйдэж, заримынх нь даралт хөдөлж байна гэсээр эхлэх ёстой цагаасаа хоёр цаг лав хоцорсон. Ингээд арай гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тэргүүтэй хүмүүс хүндэтгэлийн арга хэмжээгээ эхлүүлсэн. Урилгын дугаараар 300 мянгаас нэг сая төгрөгийн шагналтай сугалаа сугалуулах гэх мэтээр арга хэмжээ ч багагүй сунжирсан. Сугалааны үеэр ахмадууд ямар ч хүртээмжгүй, цөөхөн хүн тодруулах байсан юм бол яах гэж ийм арга хэмжээ зохион байгуулдаг юм бэ гэх мэтээр нэлээд бухимдаж эхэлсэн. Ингээд гарын бэлэг тарааж эхлэхэд олон цаг хүлээж, бухимдсан настайчууд бие биенээсээ өрсөж гарын бэлгээ авах гэж үймж, шахалдаж, тэрүүгээр нэг юм болох хооронд 83 настай хөгшин олны хөлд ухаан алдаж унасан юм билээ. Түргэн тусламж дуудахад цаг алдалгүй ирсэн ч талийгаач тусламж авалгүй амьсгал хураасан. Ахмад настнуудад өгсөн гарын бэлэг нь нэг кг гурил, нэг уут чихэр, дурсгалын сувинер л байсан. Гарын бэлэг нь цугласан хүмүүсийнхээ тоонд хүрэхээргүй цөөхөн байснаас зарим нь дайрсан гэх яриа ч байгаа. Гол нь зохион байгуулалт маш муу, товлосон цагтаа хурал нь эхлээгүй, настайчуудыг ороход гарын бэлгийг нь өгөөд оруулчихгүй, бэлгээр нь барьцаалж байгаа аятай бүгчим орчинд удаан суулгаснаас бухимдсан гэх мэт асуудал их бий” гэсэн юм. Харин талийгаачийн ар гэртэй утсаар холбогдоход “Бидэнд маш харамсалтай байна. Ээж маань гарын бэлэг сэлтэнд нь болж тэр арга хэмжээнд очсон юм биш. УИХ-ын гишүүний туслах гээд хүн гэрээр ирж, урилга гардуулахаар нь очно гэж хэд хоног баярлаад л очсон хэрэг. Өндөр настай олон зуун хүн цуглуулчихаад ямар ч зохион байгуулалтгүй байсанд гомдолтой байна. Хүмүүс гэнэт үймж, шахалдсанаас болж хөл муутай хүн олны хөлд унаж дайрагдсан. Үүнээс илүү зүйл ярих боломжгүй байна” гэсэн юм.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар гишүүн Ж.Ганбаатар 3200 гаруй урилга тараахад 4000 орчим ахмад арга хэмжээнд оролцсон нь бэлдсэн гарын бэлэг ирсэн хүмүүст хүрэлцэхгүй болж, энэ нь ахмадууд үймэх гол шалтгаан болсон гэх. Түүнчлэн уг арга хэмжээг зохион байгуулж байсан хүмүүс өндөр настнуудыг болон ар гэрийнхнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод бусдад энэ талаар ямар нэг зүйл ярихгүй байхыг тусгайлан захисан гэх мэдээлэл ч байна.
Жил бүрийн Сар шинийн баярын өмнө УИХ-ын гишүүд тэргүүтэй дарга, даамлууд өндөр настнуудад гарын бэлэг тарааж, хүндэтгэл үзүүлдэг болоод цөөнгүй жил өнгөрч буй. Гэхдээ энэ нь хүний нүд хуурсан, ялангуяа насныхаа буяныг эдэлж суугаа, улс эх орондоо хийдгээ хийсэн өндөр настнуудыг гонсойлгосон, урмыг нь хугалсан, зарим талаар доромжилсон явдал болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Учир нь өндөр настнуудад гарын бэлэг гэж хатсан ул боов, хөгцөрсөн цай, амт, чанаргүй чихэр, хэн ч хэрэглэхгүй эд зүйлс өгөх нь олширсон. Энэ жилийн хувьд ч “Хөгшдийг доромжилсон хогийн бэлэг тараахаа боль” гэх хэл ам багагүй гараад байгаа билээ. Тэдний нэг нь болох Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нар ахмад настнуудад хүндэтгэл үзүүлнэ гэж урилга тарааж, албан ёсоор уриагүй бол, ахмадуудыг бухимдуулалгүй гарын бэлгээ зохион байгуулалттайгаар тараасан бол 83 настай нэгэн буурай амьд сэрүүн байж үр хүүхэд ач, зээ нараа тойруулаад Сар шинэдээ сайхан шинэлэх байлаа.
Э.БААТАР
Үргэлжлэл бий