Categories
мэдээ улс-төр

Д.Хаянхярваа: УИХ-ын даргыг огцруулж байж хуралдаа сууна гэдэг буруу жишиг тогтох вий

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагаас эхлэн хуралдах товтой байв. Гэвч хуралдаан цагтаа эхэлсэнгүй. УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс ирцийн мэдээлэл өгөхөөс өмнө МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Чуулганы хуралдаан нээхээс өмнө МАН-ын бүлэг ойрын үеийн улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлын асуудлаар хуралдах шаардлагатай байгаа учраас чуулганыг түр хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргалаа. Бүлгийн даргын хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч чуулганы хуралдааныг түр хойшлууллаа.

УИХ-ын чуулганы хуралдаандаа хүрэлцэн ирсэн гишүүн Д.Хаянхярваа “Эхлээд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бусад гишүүдтэйгээ уулзана. Дараагаар нь УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана” хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар уулзалдсан юм биш үү?

-Засгийн газрын гишүүд хууль бус бойкот зарлачихаад байна. Төрийн дээр нам гарчихаад байна. Би хуралдаандаа суу гэж байгаа.

-УИХ-ын дарга өөрөө огцорч болохгүй юу?

-Тэр бол тухайн хүний асуудал. УИХ-ын дарга хуулийн дагуу ажлаа өгнө гэж байгаа. Ер нь УИХ-ын даргыг огцруулж байж хуралдаандаа сууна гэдэг буруу жишиг тогтох вий гэж харж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цусаа бэлэглэх өдөр

Цусны донорын Үндэсний өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү арга хэмжээг ЦССҮТ-өөс дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй бөгөөд энэ жил JCI капитал олон улсын байгууллага хамтран тэмдэглэж буйгаар онцлог аж.

Хүн амын дунд нас, хүйс, амьдран суугаа газар нутгаас үл хамааран сайн дурын, байнгын авлагагүй донор байх талаарх иргэдийн мэдлэг, хандлага, дадал сул байгааг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн хүрээнд хийсэн “Сайн дурын авлагагүй цусны донорын талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал тогтоох судалгаа”-аар тогтоожээ. Судалгааны үр дүнд, судалгаанд хамрагдсан 3851 оролцогчдын 58.0 хувь, эрэгтэйчүүдийн 61.2 хувь, эмэгтэйчүүдийн 56.8 хувь нь цусаа бэлэглэдэг донорыг “огт мэдэхгүй” гэж хариулжээ. Мөн судалгаанд хамрагдсан гурван оролцогчийн нэг нь сайн дурын авлагагүй цусны донорын талаар буруу мэдлэгтэй байдаг нь асуулгаар тодорчээ.

Манай улсын цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд нэмэгдсээр байна. Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор хорт хавдар, осол гэмтэл эхний байруудыг эзэлж, төрөлхийн болон олдмол цусны өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай болжээ Мөн эхийн эндэгдлийн шалтгааны дотор цус алдалт үндсэн шалтгаан байсаар байгаа юм.

Манай улс 1994 оноос хойш сайн дурын авлагагүй цусны донорын тогтолцоонд шилжиж, 2000 онд сайн дурын авлагагүй донорын тогтолцоог хуульчлан баталгаажуулжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төв улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний хангамж, цус сэлбэлт судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Ямар ч бүлгийн цустай хүн цусны донор болох боломжтой. Гагцхүү та 18-аас дээш настай, 45-аас дээш кг жинтэй, эрүүл хүн байх шаардлагатай. Эдгээр шаардлагыг хангасан эрэгтэй хүн 2 сар тутамд, эмэгтэй хүн 3 сар тутамд цусаа бэлэглэх боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Төрөх эмнэлэгт төрсөн нярайд регистерийн дугаар олгож эхэллээ

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийг хүрээнд төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 80.85 хувиас доошгүй хувийг цахим хэлбэрт шилжүүлнэ, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, Нэг иргэн-Нэг бүртгэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх зорилтуудыг тус тус дэвшүүлсэн байдаг. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар 2018 онд хамтран мэдээлэл солилцох цахим бүртгэлийн системийг улсын хэмжээнд нэвтрүүлэн шинээр төрсөн хүүхэд эмнэлэгт төрсөн даруйд шууд регистрийн дугаарыг өчигдрөөс эхлэн олгодог болов. Энэхүү ажил орон даяар хэрэгжих болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзан, санал бодлоо солилцов. Өмнө нь төрсөн эх сарын хугацаанд төрснийхөө гэрчилгээг аваад улсын бүртгэл дээр очиж регистрийн дугаар авдаг байсан бол ийнхүү өнөөдрөөс эхлэн улс орон даяар төрсөн даруйдаа регистрийн дугаар авдаг боллоо. Ингэсэнээр төрсөн өдрөөсөө эхэлж тухайн хүүхэд төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүүхэд тус бүр дээр бүртгэх боломжтой болжээ.

Categories
мэдээ нийгэм

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж

Categories
мэдээ нийгэм

Агаараас аврах ажиллагааны хамтарсан дадлага сургуулилт хийлээ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах анги 105-ын аврагчид хамтран “Агаараас аврах ажиллагаа явуулах нь” сэдэвт дадлага сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургуульд Үндэсний аврах бригад, Нийслэлийн аврах анги 105-ын 60 гаруй алба хаагч хамрагдаж, өндрөөс олсоор буух, нисдэг тэрэгнээс заагдсан бүсэд аврагчдыг олсоор буулгах, нисдэг тэрэгний татагч төхөөрөмжөөр аврагчийг буулгах, өргөх ажиллагааны дадлага сургуулиудыг хийсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ц.Цогзолмааг чөлөөлж, Ч.Улааныг сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулган хуралдах товоо тодорхой гаргасан байна. Тодруулбал, УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг 10.00 цагт товлосон байгаа. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр төлөвлөжээ. Мөн түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

7490 гаруй алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/444 дүгээр тушаалаар 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагаас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллав. Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын 8, обьектын гал түймрийн 21, нийт 29 удаагийн дуудлагаар ажиллаж 28 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангав.

Үүнд:,

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 12 дугаар сарын 31-ний өдөр “Ховд” голд халиа үүсэж аж ахуй нэгж, байгууллага, айл, өрхүүд усанд автах эрсдэлд орж болзошгүй тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч, мэргэжлийн ангийн 15 ажилтан, нийт 43 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 150 метр суваг татан аюулгүй байдлыг хангасан.

-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Анун“ төвд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гал гарсан тухай дуудлагаар НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30 дугаар ангийн 20 гаруй алба хаагч 2 цаг 50 минут ажиллаж, 600 сая төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалсан.

Түүнчлэн Дорноговь аймгийн Алтанширээ сум, Дорнод аймгийн Чойбалсан сум, Өмнөговь аймгийн Баян-Овоо сум, нийслэлийн Багахангай, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан обьектын гал түймэр, төөрч осгосон болон зам тээврийн осолд өртөж 5 хүн нас барж, 3 хүн гэмтсэн байна.

Дээрх хугацаанд Онцгой байдлын байгууллагын 7490 гаруй алба хаагч /давхардсан тоогоор/, 1890 орчим нэгж тусгай зориулалтын автомашин, техник, хэрэгсэлтэйгээр иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жагсаал, цуглаан тоолох арга

-ФЕЛЬЕТОН-

Эдийн засаг, амьжиргаа хоёр дээшлэх эсэх нь балархай ч долларын ханш, жагсаал хоёр өсөх нь тодорхой байна. Долларын ханшийг унаж байгаа төгрөгтэйгөө харьцуулаад амархаан тооцоолж болно. Гэтэл жагсаалын чанарыг хэмжих нэгжгүйгээс болоод статистик нь будилж байна.

Монголчууд үзэл санааны эрх чөлөөг хэнтэй ч үзэл санаа нэгдэхгүй байх явдал гэж үзэх тул жагсаал болгон өөрийн гэсэн эсэргүүцэгчтэй. Үлдсэн хэсэг нь жагсагчдыг дэмждэг гэвэл бас худлаа. Харин “жагсаал эсэргүүцэгчид”-тэй санал нэгдэхгүй байгаа хүмүүс “жагсаалыг дэмжигчид” болж хувирна.

Ер нь монгол хүнийг дэмжиж байгаа юмаар нь бус, харин эсэргүүцэж байгаа юмаар нь хэний тал болохыг тодорхойлж болдог. Жишээ нь, “ЖДҮ луйвар”-ыг эсэргүүцэж байгаа бол “60 тэрбумын авлига”-ын талынх болно. Эсрэгээрээ, “60 тэрбум”-ыг шүүмжилж харагдвал “ЖДҮ-чин”-ий ард тал байх жишээний. Харин хоёуланг нь буруушааж байгаа бол яалтгүй “хужаа” болоод явчих маягтай.

Монголын улс төрийн намуудыг ч гэсэн энэ утгаар нь ойлговол зохимжтой. АН-ыг эсэргүүцдэг хүмүүс МАН-ыг дагаж, МАН-ыг тэвчдэггүй иргэд АН болсон гэж үзэлтэй. Түүнчлэн МАН, АН хоёуланд нь дургүй байгаа байх нь мөн л хужаа болох аюул дагуулна. Аль ч намын гишүүдийн зорилго бол өөрийн намаа хөгжүүлэх биш, өрөөлийн намыг хөгжүүлэхгүй байлгах явдал авай.

Бас хятадыг үзэн ядаж байгаа хүнийг Монголдоо хайртай гэж үздэг. Ингээд харахаар, монголчууд улс болсны зорилго нь Монгол орныг сайхан байлгах гэхээсээ хятадуудыг муухай байлгах явдал ч юм уу, хаашаа юм бэ?

Дэлхий дахинд хүмүүс ямар нэгэн юмыг дэмжиж нэгддэг бол манайд юухан хээхнийг эсэргүүцэж хамтарна. Америкчууд л гэхэд дэл сул мөнгө шиншилж явдаг бол монголчууд эсэргүүцчихмээр юухан хээхэн хайж явах байдалтай. Янкууд шиншилж олсон дэл сул мөнгөө дорхон нь эргэлдүүлээд бизнес, аягүйтвэл үндэсний баялаг болгож хувиргана. Харин манайхан өлгөж аваад эсэргүүцчихмээр юухан хээхнээ додомдож өсгөөд иргэний хөдөлгөөн, сүрт жагсаал, ихээхэн дургүй хүргэвэл үндэсний нам болтол нь хөгжүүлж мэднэ…

Ингээд гол асуудалдаа оръё. Жагсаал цуглаан зөв тоолохыг ярьж эхлээд энэ хүртэл хадуурсан байна. Жагсагчид ирсэн хүмүүсийн тоог “зүрхийг нь үхтэл дээш шиддэг” бол эсэргүүцэгчид нь жагсагчдынхаа тоог “хүрэл зүрх ч хайлмаар” хорогдуулна. Зохион байгуулагчид ч тэдний хасах хүний тоог бодолцож, оролцогчдынхоо тоог хэд нугалан нэмэхгүй бол оргүй болчих аюултай.

Сая л гэхэд жагсагч тал “30 мянган хүн оролцсон сүрт жагсаал боллоо” гэж мэдээлж байхад сөргөлдөгч тал “Гуравхан мянгахан хүнтэй цуглаан боллоо” гэж унтраах жишээний. Зөрүү нь социализмын үеийн статистикаас ч фантаазтай болсон. БНМАУ-ын мал сүргийн тоо, төлөвлөгөө биелүүлсэн хэмжээг хоёроос дээш нугалдаггүй байсан юм. Нэг таван жилд 10 жилийн ажил хийсэн гавшгайч төрж байснаас биш 100 жилийн ажил хийсэн ударник огт дуулдаагүй. Хэрвээ хүсвэл 25 сая малаа 250 сая болгон мэдээлж чадах л байсан. Тэгээгүйг бодоход, ямар ч тоололд дүрэм хэрэгтэй нь мэдэгдээд байна.

Угаасаа Монгол Улсын малын тоо хэзээ ч зөв гарч байгаагүйн нэгэн адил монгол жагсаалд оролцогчдын тоо бодитой гарч байсан удаагүй. Ер нь бол, монголчууд малаа ч тоолж чаддаггүй, өөрсдийгөө ч тоолж бардаггүй улс гэж ойлгогдохоор.

Эрт урьд цагт татвараас зугтаах, амины малд тогтоосон хязгаарыг давуулахгүй байх үүднээс мал тооллогыг үргэлж будлиантуулж иржээ. Социализмын үед малчид амины малынхаа тоог тултал дарах боловч сум, аймгийн удирдлага “мал өсгөх төлөвлөгөөг давуулсан” гэж рапортлохын тулд нэгдлийн сүргийн тоог өсгөж мэдээлнэ. Аль нь үнэн болохыг нам засаг бурхан хоёрын хэн нь ч мэдэлгүй өнгөрч байж. Одоо бол малын хөлийн татвараас зайлсхийхийн тулд зориуд хасч, ХААН банкны зээлийн барьцаанд тавихын тулд санаатай нэмж байгаа гэх. Монголын мал яг хэд байгааг статистикийн хороо, бурхан хоёр ч үл гадарлана. Бурханд ч хоёр янзын тоо байгаа, өөрийнх нь харсан болон баяжихыг хүсэгчийн залбиралдаа оруулсан гэж.

Харин өнөөдөр юуны ч тоог үнэнээр нь гаргах техник, технологийн боломжтой болсон нь биднийг мухардуулж байна. Ер нь жагсагчдын тоог зөв гаргах гээд байгаа ч юм биш, зүгээр л дүрэмтэй тоглох гээд байгаа юм. Угаасаа бодит тоо жагсагчдад ч, тэднийг эсэргүүцэгчдэд ч хэрэг байхгүй. Нэг нь хасч мэдээлэх сонирхолтой, нөгөөх нь нэмж тайлагнах бодлоготой тул.

Ямар ч байсан жагсаалд оролцогчдын толгойг тоолж болохгүй, тэгвэл талуудын хүсээгүй цифр гарна. Иймээс хөлийг нь тоолж болж байна. Гэхдээ мал шиг дөрөв дахин өсөхгүй болохоор хэрэг алга.

Саваагүй зарим нь мөөм тоолох санаачилга гаргаж байгаа ч нэгдүгээрт, Хууль зүйн Яамны эротикийн Зөвлөлийг давахгүй, хоёрдугаарт бараг зэрэгцэж гарсан харчуулын “өндөг”-ийг тоолох санал няцаагдсан, гуравдугаарт үнээнийх шиг дөрвөөр үржигдэхгүй болохоор нэмэр бага.

Энүүнд орвол, жирэмсэн эмэгтэйг хоёр хүнээр тоолох, таягийг 0.5 хүн гэж үзэх нь хамаагүй бодитой.

Хашир туршлагатай жагсаалчид, ирсэн хүмүүсийн үсийг тоолох санал гаргасан нь ихээхэн сонирхолтой. Эсэргүүцэгчид зөнгөөрөө “халзан хүнийг яах вэ” гэсэн сөрөг санал гаргаж байгаа ч гэсэн. Гэвч жагсагчдын үсний тоо БНХАУ-ын хүн амын тоотой ойролцоо гарчихвал хужаа жагсаал болчих вий гэсэн айдсаас болоод энэ санал буцлаа.

Түүнчлэн жагсаалд ирсэн өрхийн тэргүүний гэр бүлийн гишүүдийг нэмж тоолох, хөдөөнөөс ирэгсдийн амины малыг жагсаалд нэмэх гэхчлэнгийн бодитой санал ч их байна. Уламжлалт аргаараа богийн толгойд шилжүүлж, нэг тэмээг таван хонь, үхрийг гурван ямаа гэхчлэн хувиргаж тооцоолно гэдгийг ч хэлж байна. Уламжлалаа хөгжүүлээд том хүнийг ч гэсэн хүүхдийн толгойд шилжүүлж, насанд хүрсэн эмэгтэйг хоёр хүүхэд, эрэгтэйг гурван хүүхэд болгон тоолж болох мэт. Мөн илүүдэл жинтэй улсыг ч гэсэн зохих хүснэгтээр үржүүлж болмоор. Жишээ нь, илүүдэл жингийн 10 кг тутмыг нэг “хүүхдийн толгой”-д тоолж болох мэт.

Эцэст нь жагсагчдын хурууг тоолох санал овоо дэмжлэг авч байна. Хөл гарын хуруу нийлээд нэг хүнийг 20 болгож байгаа нь ихээхэн ирээдүйтэй юм.

Гэтэл ерөөсөө хүн ирэхгүй бол яах вэ гэсэн золигийн эргэлзээ гарч байна. Ямар ч үед хэрэглэдэг суурь тоо аваад түүнийгээ хөдөлшгүй аксиом болгоод явсан нь дээр шиг. Угаасаа ямар нэгэн тоо байж л түүнийгээ хоёроор ч юм уу, 20-иор үржүүлнэ биз дээ.

Огт хүн ирээгүй бол 1000 хүн гэдэг ч юм уу, 3000 гэсэндээ яах вэ. Ингэвэл жагсах асуудал их хөнгөвчлөгдөнө. Ганцаараа ирж нэг хашгирчихаад “Бидний 3000 хүн ингэж үзэж байна” гээд өргөх бичгээ барин ордон руу эгнээгээрээ алхаж болж байна. Ганцаараа ярьчихаад “1000 хүнтэй санал хуваалцаж дэмжлэг авлаа. Хангалттай биш гэж үү” хэмээн маргаж болно. Суурь тоо ийм хэрэгтэй байдаг байхгүй юу.

Зарим хүн талбайн захад карт уншигч тавиад автобусны картыг умшуулж бүртгэх санаа хэлжээ. Хүн тутмаас хураагдсан 500 төгрөгийг хэн нь авахав гэдэг дээрээ хагараад нэг жагсаал биш, бие биенээ эсэргүүцсэн хоёр цуглаан болох аюул дагуулах санал. Гэтэл “дотроо хоёр дэд хэсэгтэй жагсаал болвол харин ч сүртэй байх юм биш үү” гэх хүн ч гарч байх юм.

Мал тоолдог шиг дундуураа гүйлгээд толгой руу нь шилбүүрээр тоншин тоолсон ч болж байна. Билет тасалсан ч хамаа алга. Дэс дараагаар тоолуулахнаа ч яахав. Тоолох бол амархан.

Хамгийн гол нь зөв тоо хэнд хэрэгтэй юм бэ гэдэг л байна. Бидэнд хүссэн тоо маань л хэрэгтэй байгаа болохоос бодитой тооны хэрэг алга. Асуудал энд л байна…

2019 оны нэгдүгээр сарын 2. N 47°54’. E 106°54’

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 3-нд болох үйл явдал

10.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болно.

10.30 цагт НЗТГ-т Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан болно. Утас: 88084523, 70119921

11.00 цагт ЦССҮТ-д “Үндэсний цусаа бэлэглэх өдөр” болно.

11.00 цагт Монгол Уламжлалын Академийн байранд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд Баруун хошууны малчин С.Төмөрийн “Цагийн өнгө” богино өгүүллэгийн номын нээлт болно. Утас: 88055023

11.00 цагт Стандартчилал, хэмжил зүйн газарт “Ати консалтинг” компанид авто тээврийн салбарын тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын итгэмжлэх олгоно. Утас: 99994448

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Сонгогч ард иргэдийн нэгдэл” ТББ-аас Ерөнхийлөгчийг огцруулах, УИХ-ыг тараах шаардлагыг төрийн өндөрлөгүүдэд хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хэл зохиолын хүрээлэнгээс Монголын Зохиолчдын Эвлэлийн түүхт 90 жилийн ойн талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Бэст Арт Галерей”-д “Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэнгийн нээлт болно.

Categories
мэдээ цаг-үе

Дархан аварга Х.Баянмөнх: Цол авах боломжийг олон болгож өгвөл монгол бөх найраагүй болно

Дархан аварга Х.Баянмөнхтэй ярилцлаа.


-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хаалттай байсан “Монгол бөхийн өргөө” нээгдэхээр болж байна уу даа. Маргалдагч талууд тохиролцоонд хүрч байна гэж ойлгож болох уу?

-Одоо Б.Бат-Эрдэнэ бид хоёр үдийн цайны дараа явж гарын үсэг зуруулаад нээх бодолтой байна. Хэд хэдэн удаа уулзалдсаны эцэст ийм шийдвэрт хүрлээ.

-Өргөө нээгдээд аль холбоо хариуцаж үйл ажиллагаа явуулах вэ. Б.Бат-Эрдэнэ аваргын холбоо юу?

-Аль ч холбоо үйл ажиллагаа явуулахгүй. Холбоодын асуудал шүүхийн шатанд явж байгаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа асуудал шийдэгдэнэ. Одоо бид түр зөвлөл байгуулаад шүүхийн шийдвэр гартал Бөхийн өргөөгөө цэвэрлээд үйл ажиллагааг нь явуулж байх хэрэгтэй байна. Өргөөгөө үйлчилгээнд бэлэн болгох гээд л байна.

-Явагдах барилдаануудыг хаанаас зохион байгуулна гэсэн үг билээ?

-Түр зөвлөлөөс зохион байгуулна. Сая долоон хүний бүрэлдэхүүнтэй түр зөвлөл зохион байгуулж намайг ахлагчаар нь сонгосон. Б.Сайнбаяр зааныг гүйцэтгэх захирлаар томилсон. Үйл ажиллагааг хариуцаж явуулна. Бөхөө барилдуулж, урлаг соёлын үйл ажиллагаа явуулна. Дөрөвдүгээр сараас хойш хаалттай байсан Бөхийн өргөөний цахилгаан дулааны мөнгө, ажилчдын цалин гээд их өрөнд орсон. Энэ бүх зардлыг өргөөнийхөө үйл ажиллагааг хэвийн явуулж байж гаргаж ирнэ. Бидний маргаанаас шалтгаалж бөхчүүд, бөх сонирхогчдын эрх ашиг хөндөгдөж байна. Ийм байж зохихгүй.

-Шүүхийн шийдвэр аль нэг талд гарахад цаашдаа ялсан холбоо нь МҮБХ-ны үйл ажиллагааг хариуцаад явах уу?

-Үйл ажиллагааг авч явах боломжгүй. Энэ хуваагдмал байдал дахиад үүснэ шүү дээ. Тиймээс шүүхээр эрхээ авсан холбоотой зөвлөлдөнө. Ингэж эцэслэхийн тул “Их Эе”-ээ дахиж зарлаж хуралдуулна. Нэгдэж үйл ажиллагаа явуулна гэж ойлгож болно. Дахиад хүн шүүхдэж заргалдахгүй болтол нь эцэслэж зөвлөлдөнө гэж ойлгож болно.

-Нэгдэж үйл ажиллагаа явуулах юм бол заавал шүүхийн шийдвэр хүлээж цаг алдах шаардлага байгаа юм уу. Өнөөдөр нэгдээд өргөөгөө нээгээд үйл ажиллагаагаа явуулж болдоггүй юм уу?

-Аль холбоо эрхээ авах нь мэдэгдэхгүй байна шүү дээ. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхэд хэрэг үүсчихээд байна. Тус шүүхийн шийдвэрүүд байгаа учраас таны ярьж байгаа шиг хаяж болохгүй. Шүүх нэг талд нь шийдчихвэл тэр холбоотой зөвшилцөж “Их Эе”-ээ дахин зарлаж үйл ажиллагаа явуулна.

-Үүний хажуугаар хуулийн цоорхойтой зүйл ч багагүй байх шиг. 1024 бөхийн барилдаанд 10 давж түрүүлсэн хүнийг хоёр удаа ес давж түрүүлсэн хүний дээр эрэмбэлэх нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ. Н.Батсуурь, Ч.Санжаадамба аваргууд өнөөдөр барилдахад хэн нь зүүнээ авч гарах нь тодорхой бус, хэрүүл дагуулж мэдэхээр байна. Батсуурь аварга МҮБХ-ноос зарласан эрэмбийг зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байсан?

-Хоёр түрүүлсэн хүнийг нэг түрүүлсэн хүний доор эрэмбэлж болохгүй. Хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа хэрэг. Шүүхийн шийдвэр нэг талдаа гараад шийдэгдэхэд бид зөвшилцөөд эрэмбэ тогтоох маш нарийн журам гаргаж ирнэ. Улсад барилдсан бөхчүүд эрэмбэ зиндаагаа цол цолныхоо хооронд эзэмших журамтай болно.

Тэр цагт энэ эрэмбэний маргаан ор мөргүй арилна. Өнөөдөр хөдөлмөрөө шударга бусаар үнэлүүлж байгаа бөхчүүд үүний төлөө дуугарах нь зөв гэж харж байгаа.

-Допинг гэх хортой зүйл монгол бөхөд газар авсан нь олонд ил болчихлоо. Захын сумын заан допинг хэрэглэж бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

-Допинг гэж зүйл монгол бөхөд байж хэрхэвч болохгүй. МҮБХ бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд тамирчдын эрүүл мэндийг хамгаалж допингоос ангид байлгах ёстой. Өнөөдөр допингтой тэмцэхдээ хүний эрх зөрчиж тэмцээд байна. Баяр наадмын тухай хуулинд “Улсын их баяр наадмын шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж тодорхой заасан байдаг. Гэтэл хаа хамаагүй хүнийг дуртай цагтаа барьж аваад шинжилгээнд хамруулаад байна. Бөхчүүдийг шинжилгээнд хамруулж болно. Гэхдээ энэ бүхэн хуулийн хүрээнд байх ёстой.

-Допингийн шинжилгээ олны нүднээс далд нууц байдаг. Хэн хэнээс шинжилгээ авсан нь мэдэгдэхгүй байж байгаад л ядруухан хараа хяналт байхгүй залуусын нэрийг зарлаад өнгөрдөг. Торонд орсон том загаснууд гарахгүй байна гэсэн бөх сонирхогчдын хардлага байдаг?

-Хөндлөнгийн комисс байх зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр хөндлөнгийн комисс байхгүй, хэн нь мэдэгдэхгүй эмч, сувилагч бөхчүүдийг дагуулж нэг өрөөнд оруулаад л шинжилгээ авч байна. Үүнд л гол асуудал байгаа байхгүй юу. Хэний шээсийг шинжилж байна, тухайн хүн нь яг шээсэн юм уу, хүний шээс бариад орж байгаа юм уу гэдэг нь тодорхой бус. Хоёрхон хүн хаалгаа түгжчихээд бие биенээ шинжилдэг юм байж болохгүй биз дээ. Би дэлхийд 16 жил допингийн шинжилгээ өгсөн хүн. Заавал хяналттай авдаг байсан.

-Улсын гарьд Ө.Бат-Орших нарын хүмүүс допингийн шинжилгээнд бүдэрчихээд шүүхдээд хөдөө орон нутгийн наадмуудад барилдаад яваад байх юм. Хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-Хүний эрхэнд халдсан асуудал л даа. Допингийн шинжилгээг хэн дуртай нь хаана ч аваад байж болохгүй. Улсын наадамд шөвгөрсөн бөхийг л шинжилгээнд хамруулна гэж хуулинд заасан байдаг талаар би дээр дурдсан. Хууль бус үйл ажиллагаанаас өөрийн эрхээ хамгаалж байгаа хэрэг шүү дээ.

-Баяр наадмын бус үед бөхчүүд допинг хэрэглэх нь хуульд нийцнэ гэж ойлгож болох уу. Ийм цоорхой хуультай байж допингтой яаж тэмцэх юм бэ. Заалны барилдаанд бүгд допинг хэрэглэж барилдаад байх юм биш үү?

-Хэрэв баяр наадмын бус үед допингийн шинжилгээ авах бол хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Тэр шүүхэд хандсан бөхчүүд улсын их баяр наадмаар шөвгөрч допингийн шинжилгээнд бүгд хамрагдсан шүү дээ. Цэвэр гарсан. Сүүлд арван хоёрдугаар сард гэнэтхэн шинжилгээ авахад допинг илэрсэн. Өвчин намдаах анальгин уухад л допинг илэрдэг шүү дээ. Жирийн үед бөхчүүд бэртэл гэмтэлээ илааршуулахын тулд энгийн л эм хэрэглээд допингийн шинжилгээнд бүдэрсэн байж болно шүү дээ.

-Та бүхнийг шүүхдэлцээд өргөөгөө түгжчихээд явж байх хооронд бидний өв уламжлал монгол бөхийн нэр хүнд шавартай хутгалдаж дууслаа. Бөх л гэхэд хэрүүл тэмцэл гэж нийгэм хүлээж авдаг болсон байна. Л.Чинбатын холбоо ч тэр Б.Бат-Эрдэнийн холбоо ч тэр монгол бөхийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулахгүй, бие биенээ үгүйсгээд байх юм?

-Тийм байж магадгүй. Шүүхийн шийдвэр удахгүй нэг талдаа гарахад нэгдэж ярилцаад мөрийн хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцуулна. Бид хөгжүүлээд явж чадна. Бөхтэй насаараа ойр байгаа хүний хувьд ам бардам хэлэх байна.

-Та Удирдах зөвлөлд сонгогдох л байлгүй. монгол бөхийн хөгжлийн төлөө юу хийж чадах вэ?

-Би монгол бөхөд 10 гаруй шинэчлэлт хиймээр байна. Тэгэхдээ үндэсний уламжлалт хэв маягийг орчин үеийн дэлхий нийтийн спортын хөгжлийн жишгээс оруулаад хөгжүүлнэ. Уламжлалт хэв маягаа алдагдуулахгүйгээр шинэчилж өгнө шүү дээ. Монгол бөхийн хөгжил 16 жилээр хоцорсон байна гэж би харж байгаа.

-Тухайлбал юуг яаж шинэчлэх вэ?

-Допингийн шинжилгээг нэн тэргүүнд шинэчилж илүү боловсронгүй болгож өгнө. За тэгээд монгол бөхийг бараантуулж байгаа начны найраа, даваа наймаалцах асуудлыг ор мөргүй арилгана. Илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болно шүү дээ. Тэр хэрээр үзэгчдийг илүү татна.

-Даваа наймаалцах асуудлыг та яаж зохицуулах юм. Нүднээс далд явагддаг үйл ажиллагаа шүү дээ?

-Тэрийг чамд одоо хэлэхгүй. Өнөөдөр зарлачихвал зарим хүмүүс аргаа олоод эсэргүүцнэ. Би хийнэ, би шинэчилнэ гээд жагсаал цуглаан хийгээд унана шүү дээ.

Орчин үед ийм болчихсон. Бөхийн цол худалдаж авч байгаа асуудал бол цолыг хаалттай байлгасантай холбоотой асуудал. Өнөөдөр цол авч чадахгүй болохоор мөнгө төгрөг барьж гүйгээд даваа наймаалцаж байна. Чаддаг хүнд цол авах боломжийг олон болгож нээж өгөх хэрэгтэй. Дан ганц баяр наадмаар биш, заалны барилдаанд босго тогтоогоод давсан бөхөд нь начин цол өгөөд байж болно.

-“Монгол бөхийн өргөө”-г ингэж цоожлуулж байхаар төрийн мэдэлд авъя гэх хүмүүс олон байна лээ. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Төрийн мэдэлд авч болохгүй. Ийм эрх зүйн акт ч байхгүй. Монгол бөхийн өргөө бөхчүүдийн өмч шүү дээ. Хэрэв төр мэдэлдээ авбал ард түмний хандиваар боссон “Монгол бөхийн өргөө”-нд олон хүн эзэн суухыг санаархах биз. Өргөөнд бөх барилдахгүй өөр үйл ажиллагаа явуулна гэсэн үг шүү дээ.