Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр энэ оны эхний есөн сард 13.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 804.0 (6.3%) тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хорооноос энэ оны аравдугаар сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулах үеэр мэдээлэв.
ДНБ ийнхүү өсөхөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 368.1 (6.9%) тэрбум төгрөгөөр, аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 242.8 (6.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Зураг 1. ДНБ-ий өсөлт, хувиар (үйлдвэрлэлийн аргаар, 2010 оны зэрэгцүүлэх үнээр, өмнөх оны мөн үеэс)
ДНБ, оны үнээр 2019 оны эхний 9 сард 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.6 (15.2%) их наяд төгрөгөөр өсжээ.
Улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2019 оны гуравдугаар улиралд хоёрдугаар улирлын түвшинд буюу өмнөх улиралтай харьцуулахад өөрчлөлтгүй байгаа аж.
Харин эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2019 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр 27.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.9 (16.5%) их наяд төгрөгөөр өссөн байна.
Зураг 2. ДНБ-ий бүтэц, дүнд эзлэх хувиар (эцсийн ашиглалтын аргаар), жил бүрийн эхний 9 сард
ДНБ-д 2019 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр эцсийн хэрэглээ 59.8 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 40.1 хувь, цэвэр экспорт 0.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс эцсийн хэрэглээ 2.9 пунктээр, хөрөнгийн нийт хуримтлал 0.7 пунктээр буурч, цэвэр экспорт 3.6 пунктээр нэмэгджээ.