Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: Давхар дээлний гайг яг одоо амсч эхэлж байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-МАН хоёр хуваагдчихаад төрийн үйл ажиллагаа гацаалаа гэсэн шүүмжлэлийг бишгүй хүртэж байгаа байх. Нэг хэсэг нь УИХ-ыг тараая гэж бойкот хийж, нөгөө талдаа засгаа огцруулна гээд баахан үзлээ. Ингээд л тогоон дотроо тэмцэлдээд яваад байх юм уу. Одоо ямар гарц байна вэ?

-Яг ийм нөхцөл байдлыг зөвөөр ашиглах хэрэгтэй юм шиг байна. Монголын хамгийн том нам болох МАН-д нэлээд асуудал үүсч байна. ЖДҮ-тэй холбоотой асуудал гарлаа. Төрийн эрх мэдлээ ашиглаад хууль бусаар ЖДҮ-ээс зээл авах, ёс зүйгээ, хуулиа алдсан ийм үйлдлүүд гарч ирж байна л даа. Энэ нь цаанаа намын тогтолцоо, намаар дамжиж төрд орж байгаа зарчим, сонгон шалгаруулалтын босго гэдэг ч юм уу тухайн хүний ёс зүй, мэргэжилтэй, боловсорсон талаас нь хардаг зүйлүүд нь буруу тийшээ хандсан байгааг харуулж байна. Өнөөдөр бидний байгаа байдлыг л задалчихлаа. Иймд аль, аль нам, нийгэм талаасаа том өөрчлөлт рүү орох ёстой. Нэн тэргүүнд Намуудын тухай хууль руугаа орох нь чухал. Нам өөрөө энэ хүмүүсээ зарчимтай томилдог, хариуцлага тооцдог байх хэрэгтэй болж байна. Явуулсан хүмүүс нь тойрог дээрээ очоод мөнгөөр санал авдаггүй систем рүү ормоор байна. Насны хязгаар ч байдаг юм уу, энэ талаасаа үздэг байх хэрэгтэй.

-Тэгэхээр Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн өмнө улс төрийн намуудын хуулийг зайлшгүй оруулж ирэх шаардлагатай гэсэн саналууд яваад байна лээ?

-Дараагийн асуудал бол хүссэн хүсээгүй Үндсэн хууль руугаа орох хэрэгтэй. Үндсэн хуульд маш олон өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна. Намууд хоорондоо ард түмэнтэйгээ хамтраад эдгээр хуулийнхаа өөрчлөлтийг хийх шаардлагатай болоод байна л даа. Бидний хагарал, бутрал, өнөөгийн байгаа байдал яваандаа энэ байдал руу л очиж таарна.

-Өнөөдөр УИХ-ын даргыг өргөдлөө өг гэж шахаж байна. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл Ерөнхий сайд нь УИХ-аасаа илүү эрх мэдэлтэй болчихоод байгаа юм биш үү?

-Нам болохгүй байна гэдгийг дээр хэллээ. Өнөөдөр Засгийн газрыг эрх барьж байгаа намын дарга удирдаж байна. Тэгэхээр дотроосоо ийм байдал бий болж байна гэдэг маань өөрөө намын даргадаа итгэл үнэмшилгүй болж байгаа асуудал шүү дээ. Намын дарга маань үлгэр дуурайлалгүй байна. Энэ хүнийг бид үлгэрлэн дуурайж байх ёстой. Гэтэл буруу тийшээ явчихлаа. Тодорхой хэмжээний ард олныг, гудамжны хөдөлгөөнүүд орсон уриалан дуудсан алхамуудыг хийж байна. УИХ-ыг тараа гээд Ерөнхий сайдын эрх үүргийн хэмжээнээс хальсан, Үндсэн хуулиа зөрчсөн мэдэгдлүүдийг хийж байна л даа. Өөрийнх нь толгойлж байгаа Засгийн газрын хэд хэдэн сайд ЖДҮ-ийн зээлтэй холбогдлоо. Ингээд ирэхээр Ерөнхий сайд, тэр тусмаа намын даргатай Засгийн газраа хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдал бий болж байна. Өнөөдөр ЖДҮ-ээс гадна их хэмжээний мөнгө нааш, цааш нь болгосон олон асуудал байгаа. АСЕМ, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Эрдэнэтийн 49 хувь гэх мэтчилэн дурдаж болно. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аар дамжиж Засгийн газарт үүрэг өгч байгаа. Засгийн газар энэ асуудлууд дээр ажиллах ёстой. Гэтэл чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, гацаанд орчихлоо. Тэгвэл УИХ-ыг тараая, Ж.Мөнхбат гишүүнийг гарын үсэг зуруулаач ээ гэж хэлсэн юм шүү дээ.

-УИХ тараад яах юм бэ?

-Зүгээр таръя гээд явчихгүй. Тодорхой гарцуудыг гаргах хэрэгтэй болно. Түрүү миний ярьсан намуудын тухай хууль болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нөхцөлийг бий болгож байж тарах ёстой. Магадгүй 1990-ээд оны шинэ Үндсэн хууль баталж байсан шиг тогтолцоо орж ирэх ёстой ч байдаг юм уу. Ямар нэгэн гарцыг олох ёстой. Зөвхөн Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн нэг гарц хэлэх нь чухал биш. Үүнийг бид цаашаа ярих нь зүйтэй. Хэсэг бүлэг хүн, ард түмэнд явж буй саналуудыг нэгтгэх ёстой. Тэгж байж нэг шийдэл гаргах хэрэгтэй. Иймд “УИХ таръя” гэдэгтээ тулж байж хөдөлгөнө гэж үзэж байгаа.

-Ер нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал оруулж болдоггүй юм уу?

-Тооны хувьд янз бүрийн саналууд явдаг л даа. Өнөөдрийн байдлаар 76 гэдэг тоо ихдэж, багадсан ч юм алга. Гагцхүү төлөөллийн системээ зөв болгох хэрэгтэй байна л даа. Жишээлбэл, Булган, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай зэрэг аймагт ганц квот байдаг. Хүн амынхаа тоотой харьцуулаад үзэхэд зарим аймагт 2-3 квот байх жишээтэй. Энэ бол эрх тэгш биш асуудал. Нэн тэргүүнд энэ асуудлыг харах ёстой. Газар нутгийнхаа байдлаар уу, хүн амынхаа тоогоор уу, суурьшлынхаа бүсүүдээр байх юм уу. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулиуд дээр зайлшгүй эргэж харах, өөрчлөлтүүд байх шаардлагатай.

-АН-ын бүлэг хуралдаад УИХ-ын нэр хүндийг унагаах, үйл ажиллагааг нь тасалдуулах оролдлогоо зогсоож, эрх баригчид ажлаа хий гэсэн шаардлага гаргасан байна лээ. Ингэхэд танай намын бүлэг хуралдаад төрийн үйл ажиллагааг гацаахгүй явуулах шийдлийн талаар ярилцав уу?

-Бүлгийн хурал дээр алтны татварыг үргэлжлүүлэх асуудал яригдлаа.

-Алтны татвар дээр танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Нийгэмд 30 гэр бүлийн тухай асуудал яригдаад байдаг шүү дээ. Тэр тоог хэн гаргаж ирсэн хүн нь нэрлээгүй. Зүгээр л 30 гэсэн тоо гаргаад хаячихсан. Үүний цаана юу харагдаад байна вэ гэхээр хэсэг бүлэг хүний баян хоосны ялгаа л гарч ирж байна. Тэгэхээр өнөөдрийн ЖДҮ-тэй холбоотой асуудал чинь үүний илэрхийлэл болоод гараад ирлээ. Ард түмэнд очдог, ажлын байр бий болгодог, ядуурлыг багасгадаг, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлдэг зээлийг хэдхэн УИХ-ын гишүүн буюу өөрийн гэсэн компанитай, хөл дээрээ босчихсон хүмүүс авчихсан байна. Баялгийн хуваарилалтыг тэгш бусаар хийчихсэн байна гэсэн үг. Энэ газрын доорх баялаг бол ард түмний өмч. Үүнийг ашиглах эрх нь ардчилсан нийгмийн хүрээнд сонгон шалгаруулалтаар явж байгаа. Гэтэл өнөөдөр ЖДҮ-тэй адилхан мэдээлэл ойрхон, эрх мэдэлтэй, боломж бололцоотой хүмүүс нь баялгийг сорж аваад байна шүү дээ. Тэр татвараар дамжиж ард түмэнд жигд хуваарилалт очих ёстой. Гэтэл өнөөдөр алтны татвар 2.5 хувь гэдэг бол бага. 20 тонн алт гэдэг бол барагцаалсан дүнгээр хоёр их наяд төгрөг. Эндээс 50 тэрбум төгрөгийн татвар орсон юм билээ. Яалт ч үгүй бага дүн гэж үзэж байгаа. Ард түмэнд тодорхой хэмжээний мөнгө очих ёстой. Тиймээс алтны татварыг ядаж таван хувь болго. Таван хувийн татвараар дамжаад бидний үр хүүхдэд цэцэрлэг, сургууль болоод очиг. Төрийн албан хаагчдад цалин болоод хүрэх хэрэгтэй. Тэгэхээр нэг гэр, нэг аж ахуйн нэгж, нэг компани, нэг хүн энэ хэдхэн алтыг эзэмших биш, эндээс тодорхой татвараар дамжиж ард иргэддээ өг гэсэн бодлогыг дэвшүүлж тавьж байгаа. Иймд алтны татварыг нэмэгдүүлэх байр суурин дээр бүлгийн гишүүдийн 60.5 хувь нь санал нэгдсэн.

-ЖДҮ-дсэн гишүүдийг эргүүлэн татна гэсэн асуудал яригдаж байгаа. Тэгвэл УИХ-ын дарга 60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол хийе гэсэн. Эдгээр асуудлуудыг нэг талд нь гаргаж байж энэ улс төрийн хямрал зогсохгүй юу?

-Одоо энэ 60 тэрбум асуудлыг нэг мөр цэгцлээд явахгүй бол болохгүй байна. Үнэхээр ийм асуудал яригдсан уу, хэрэгжсэн үү гэдгийг сайн нягталж ард иргэддээ ойлголт өгөх хэрэгтэй. Тийм болохоор нийтийн сонсголыг зайлшгүй хийх ёстой. Одоо энэ асуудал Тагнуулын байгууллагад очсон гэсэн сураг дуулдсан. Тэр утгаараа хяналтад байгаа асуудлаар хамаагүй сонсгол хийх нь хориотой гэдэг. Гэхдээ бид үүнийг хийхгүй бол болохгүй гээд байна. Саяхан Ерөнхий сайд байсан хүн “Сонгуулийн дараагаар засаг байгуулагдах үед гарсан томилгоонуудыг ярь” гэсэн шүү дээ. Тийм юм бол ярья л даа. Ямар сайд, ямар газрын дарга, ямар агентлагийн даргыг хэн хаанаас санал өгч байж, хэн нь дэмжиж томилсон юм гэдгийг ярьчихъя. Ичиж зовоод байх юмгүй ярья. Үнэхээр мөнгө авч тэр албан тушаалдаа очсон уу, эсвэл чадвартай, чадна гээд томилуулсан юм уу. “Би энэ газрын дарга болно” гээд гүйгээд байсан хүнийг мэдэхгүй юм. Хамт олныхоо дэмжлэгээр шийдэгддэг биш бил үү. Энэ бүгдийгээ л нийтийн сонсгол дээр ярилцъя. Дээрээс нь өнөөдөр хэд хэдэн гишүүн гарын үсэг зураад АТГ-т бичиг явуулж байгаа.

-Ямар бичиг?

-Үнэхээр 60 тэрбумтай, ЖДҮ-тэй холбоотой асуудал байдаг юм бол бид бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулъя гэсэн. Яг үүнтэй ядилхан тэр ЖДҮ-д холбогдсон гишүүд шалгуулчих л даа. Хэвлэлээр баахан бичигдээд байдаг хэрнээ үнэн мөн нь мэдэгдэхгүй яваад байх юм. Ард түмний өмнө хэн нь үнэн, хэн нь худлаа яриад ёс зүйгээ алдаад, хуулиа зөрчөөд байгаагаа шалгуулъя л даа. ЖДҮ ил болсонд би баярлаж байгаа. Уг нь “ЖДҮ-ийн зээлийг орон нутагт хуваарилдаг болгоё” гэж байнгын хороо, УИХ-ын индэр дээрээс би зөндөө хэлж байсан даа.

-Энэ Засгийн газар ганц сайдынхаа томилгоон дээр гацчихлаа. Одоо араас нь хоёр сайдын асуудал орж ирэх нь. Удахгүй Ерөнхий сайд Япон руу явна гэсэн…

-Цаана нь дахиад ЖДҮ-тэй холбоотой хоёр, гурван сайдын асуудал орж ирэх юм шиг байна. Дампуурч байна шүү дээ. Юу гэсэн үг вэ. Хөдөө аж ахуйн яам нь сайд байхгүй гээд хэцүү байгаа юм билээ. Манай салбар гурван сайдын нүүр үзлээ. Одоо дөрөв дэх сайд нь очно. Ж.Эрдэнэбатын Засгийн газар бараг 50 хувь нь гаднаас байсан. Дараагийн Засгийн газар байгуулах болбол наанадаж 50-иас доошгүй хувь нь гаднаас байна гэсэн бодлого баримталж байсан. Одоо ч энэ ирж байгаа сайд нарыг гаднаас байх ёстой гэсэн бодлогыг барьж байгаа. Давхар дээлний гайг яг одоо амсч эхэлж байна. Засгийн газраа барьж чадахгүйгээс толгой дээр гарч ирлээ. Ажлаа өгөхгүйн тулд энэ хүмүүс толгой дээр гарч ирж байна. Ямар хортой вэ гэдгийг харж байгаа биз дээ.

-Энэ янзаараа зургаан сарын дараагаас засгийн хувь заяа дахин хөндөгдөгдөх байх даа.

-Үгүй гэх газаргүй шүү дээ. Иймд хуулийн тайван хувьсгал хиймээр байна. Тэрнээс далимдуулаад цус гаргах, шар хувьсгал хийх биш шүү дээ. Сая ийм зүйл рүү явж байсныг амжиж зогсоож чадсан.

-Та саяхан чуулганы хуралдаан дээр Т.Аюурсайхан гишүүний дүү танай аймагт алт ухаад явж байсан тухай хэлсэн. Энэ тухай тодруулахгүй юу. Танд ямар мэдээлэл байгаа юм бэ?

-Т.Аюурсайхан гишүүн надаас “Манай нэг дүү тэнд ажиллаж байгаа юм. Хүн хард хэлж өгөөч” гэж өөрөө хүрч ирээд гуйж байсан. Тэгээд шударга, шударга юм яриад байхаар нь наад багаа тайл гэж хэлсэн. Индэр дээр шударга царайлчихаад цаагуураа элдэв янзын дүү гуйгаад байж болохгүй шүү дээ. Манай Бүрэгхангай суманд нэг компани голын ай сав газарт алт ухсан. Завшөөрөлгүй ухсан тэр компани Төв аймгийн уяач залуугийнх байсан. Хүмүүс очиж шалгаад 5.7 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан.

-Тэрийгээ төлсөн үү?

-Төлөөгүй алга болсон. Ийм байж Т.Аюурсайхан шударга царайлаад яваад байж болохгүй л дээ.

-Өнгөрсөн зун Зам тээвэр, хөгжлийн яамны ажилтнууд архидан согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Гэтэл тэр архидалт нь таны өрөөнөөс эхлэлтэй байсан тухай дэд сайд байсан Б.Цогтгэрэл ярьсан байна лээ. Энэ үнэн юм уу?

-Намайг байнгын хороон дээр үг хэлсний араас гэнэтхэн түүний ийм ярилцлага гараад ирсэн. “Тэр өдөр өөрөө байхгүй байсан. Гэхдээ сайдын өрөөнд архидсан гэнэ лээ” гэсэн байна лээ. Тэгвэл хууль хяналтын байгууллага нь шалгах боломжтой. Би тэр өдөр ямар, ямар ажил хийснийг яамныхан тэр чигээрээ нотолно шүү дээ.


Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сарын 12-нд болох үйл явдал

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, “Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар нэн даруй арга хэмжээ авч ажиллах тухай” тогтоолын хэрэгжилттэй танилцана. Утас: 99073940

08.00 цагт “Holiday Inn” зочид буудалд “Модел ЮНЕСКО Монгол” ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассемблейн залуучуудын загвар чуулган болно.

09.00 цагт МҮЭСТО-нд “Баянгол дүүргийн нийгмийн ажилтнуудын зөвлөгөөн” болно. Утас: 91000017

09.00 цагт АТГ-т яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим эрх бүхий албан тушаалтнын нэгдсэн сургалт болно.

09.00 цагт Нээлттэй нийгэм форумд Албадан хөдөлмөрийн тухай конвенцыг Монгол Улсын хууль тогтоомжтой харьцуулах судалгааны урьдчилсан хэлэлцүүлэг болно. Утас: 98066116

09.30 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Утас: 70119922, 88084523

09.30 цагт “Номадика” бизнес төвд “Хөдөө аж ахуйн зохистой дадлыг баталгаажуулахад бэлэн үү” дугуй ширээний уулзалт болно. Утас: 88005274, 99016382

10.30 цагт НМХГ-т Шинэ жилийн баярыг угтан зохион байгуулж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд газрын тосны компаниуд Монгол улсын хилийн зурвасыг дамнан хайгуул хийж байгаа талаар “Босоо хөх Монгол” ТББ-аас мэдээлэл хийнэ. Утас: 90999969, 80577777

11.00 цагт Монголын хүүхдийн ордонд Зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” туршилтын төслийн үр дүнг танилцуулна. Утас:99187024

11.00 цагт “Тэнгис” кино театрт БОАЖЯ-наас зохион байгуулсан “Ногоон паспорт” аяны шилдгүүдийг тодруулах ёслол болно. Утас: 88054040

11.30 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулна.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д ХҮН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99063282

15.00 цагт Стандарт хэмжилзүйн газарт ЦССҮТ-д Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS OHSAS 18001:2012 стандартын гэрчилгээ гардуулах ёслол болно.

Төрийн ордонд

08.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Г” танхимд Ёс зүйн дэд хорооны хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Махны экспорт малын тоо толгойг бууруулна гэж үздэг мэргэжилтнүүд ичих хэрэгтэй гэв

ХХААХҮЯ, Мал эмнэлгийн хүрээлэн, Мах Маркет ХХК, Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төв, Инвест Ко-оп Монгол төсөлтөй хамтран “Хонины махны ашиг шим ба экспортыг нэмэгдүүлэх боломж” сэдэвт бага хурал зохион байгууллаа.

Зорилго нь Монгол Улс хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ хангах, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, хүнс экспортлогч орон болох” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд үүнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт голлох үүрэг гүйцэтгэх бодлогын талаар хэлэлцэх. Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар зарласан. Аяны хүрээнд махны салбарын тогтвортой хөгжих эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлэх чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж. Өнгөрсөн онд Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталжээ. Тус хуулийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрыг шинээр байгуулсан юм. Гаалийн мэдээгээр энэ оны эхний арван сард 27.2 мянган тонн мах, 16 мянган тонн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, нийт 43.2 мянган тонныг тус тус экспортолжээ. Бага хуралд малчид, эрдэмтэд төрийн албаныхан оролцов. Төрийн албаны төлөөлөгчийн ярьж буйгаар бол шинэ хуулиуд батлагдсанаар оны эхнээс малын үржил, эрүүл мэндийг хариуцсан төрийн хоёр албан хаагч сум бүрт ажиллаж эхэлнэ. Мөн хувийн мал эмнэлгүүд малд үзүүлсэн үйлчилгээнийхээ төлбөрийг төрөөс авна. Өнөөгийн малын эмч нар өвчин гарсан тохиолдолд мэдээлэх, тоолох, нөхөн олговрын хэмжээ тогтоох гэх мэт ослын ажиллагаа л явуулдаг аж. Харин төрийн ивээлд орсноор урьдчилан сэргийлэх, мал, малчин хоёрыг соён гэгээрүүлэх ажиллагаа явуулна. Ингэснээр мал эрүүлжих үндсэн нөхцөл бүрдэнэ. Монгол мал эрүүлжсэн тохиолдолд дэлхийд өрсөлдөх чадвартай болно. Аль ч орон монгол малыг сонирхдог зөвхөн малын элдэв өвчин л хамгийн том саад болдог аж. Энэ талаар хурал зохион байгуулагч, Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төв захирал, академич А.Бакей сонирхолтой илтгэл тавьсан юм. Малаа эрүүлжүүлсэн тохиолдолд хурга, төлөггүй шажигнатал зарна гэнэ. Лалын шашинт баян орнууд их хэмжээгээр хурга, төлөг авахад бэлэн. Гэхдээ тэдний тавих шаардлага бас амар биш. Хонийг цус юүлэх буюу халаал аргаар бэлдэнэ. Адуу, гахай, загасны мах боловсруулдаг үйлдвэрт халаал аргаар мах бэлтгэхийг хориглоно гэх мэт өндөр шаардлагатай. Одоохондоо хятадууд арай ахиу мах авч байгаа юм байна. Гэхдээ мэргэжилтний ярьж буйгаар бол энэ худалдаа ямар ч баталгаагүй. Учир нь манайд махны түүх гэж байдаггүй. Зүй нь олон улсын хүнсний бүтээгдэхүүн төрснөөсөө эхлээд хэрэглэгчийн гар дээр очих хүртлээ түүхтэй байдаг. Гэтэл манайхан гэрээ хэлцэл ч байхгүй гуйлгаар наймаа хийдэг. Энэ худалдан авагч дуртай үедээ худалдааг зогсоох үнэ буулгах боломж хятадуудад олгодог аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хөдөөгийн бодлогын яам малын гаралтай түүхий эдийн үнийг байнга өсгөх бодлого барих үүрэгтэй. Махны экспорт малын тоо толгойг бууруулна гэж үздэг мэргэжилтнүүд ичих хэрэгтэй гэнэ. Учир нь малчид малаасаа ашиг олох тусам малаа өсгөнө. Индонезийн жишгээр бол мал экспортлох тусам мал нь чанаржиж, малчдын амьжиргаа сайжирч, төрд тушаах татвар нь хэдэн арав дахин нэмэгдсэн гэдэг.

Харин малчид махны үйлдвэрүүдэд махаа тушаахдаа жаахан гомдолтой байдаг бололтой юм. Улсын хэмжээнд 50 гаруй махны үйлдвэр бий. Өнөөдөр яригдаж байгаа хурганы мах нийлүүлэхэд малчид бэлэн. Гэхдээ яригдаж байгаа насны мал 50 мянган төгрөг. Гэтэл малчид нэг толгой малаа 200 мянга орчим төгрөгөөр зарах хүсэлтэй. Дээр нь үйлдвэрүүд хонь авахдаа сүүл, ууцны өөхийг шулчихдаг гэнэ. Малчид махны жингээ нэмэх сонирхолтой. Харин үйлдвэр зөвхөн зах зээлд захиалгатай мах бэлдэх сонирхолтой.

Сонирхолтой нь нэг доктор “Махыг монгол ёс заншлаа бодож, уламжлалт аргаар бэлдэж, гаргах хэрэгтэй” гэв. Харин миний ард сууж байсан эмэгтэй “Манайхан ингэж элийрсээр байгаад өнөөг хүртэл экспорт хийж чадахгүй байгаа юм. Гадныханд нэртэйгээр ууц хийгээд явуулаад үз, нөгөөдүүл нь шиншлэх ч үгүй” гэх нь дуулдав. Сурвалжлагын дараа махны үнэ сонирхвол төлөг 70, эр хонь 120 мянган орчим төгрөгөөр зарагдаж байгаа гэнэ. Бага хурлын дараа зохион байгуулагчдын нэг “Мах маркет” компанийн төлөөлөгч Н.Анхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

Н.АНХТУЯА: БИД МАЛЧДААС МАХЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС
500 ТӨГРӨГӨӨР ИЛҮҮ ҮНЭЛЖ АВДАГ

-Хурга, төлөгний махыг гадагшаа гаргах хэр боломжтой вэ?

– Манай компани судалгаа хийж байна. Ямар орнуудад, ямар хэмжээний зах зээл байгааг тодорхойлно.

– Өмнө нь танай компани Иранд хурга гаргасан туршлагатай гэсэн.

-Бид 2010-2011 онд Иранд хурганы мах гаргасан. Гэхдээ тэдний хүсэлтийн дагуу халаал аргаар нядалж гаргасан. Өнөөдөр энэ орнуудын зах зээлийн тухай мэдээлэл хүргэлээ.

-Манайхан их хэмжээгээр тэдний тавьсан шаардлагаар хурга, төлөгний мах гаргаж чадах уу?

-Хурганы махны зах зээл Ойрхи Дорнодод маш их байгаа. Энэ бүсэд 17 орны 400 гаруй сая хүн байдаг. Энэ орнууд руу жилд 3.7 сая тонн мах ордог. Хурганы махны 69 хувийг Австрали нийлүүлж, удаад нь Энэтхэг, Шинэ Зеланд орно.

-Заавал хурганы мах авах уу?

-Хонины махыг нийтэд авна. Гэхдээ хурганы мах илүү үнэ цэнэтэй.

-Манайхан хурга нийлүүлэх боломжтой юу?

-Манай улс жилд арав гаруй сая төл авдаг монголчууд төл малыг хүнсэндээ ихээр хэрэглэдэггүй учраас боломжтой.

-Яг ямар малын мах илүү үнэлэгдэх вэ?

-Хурга, төлөг нь хамаагүй эр байх хэрэгтэй. Тэгээд 12-21 кг татаж байхад шаардлага хангана. Бид 2016 онд Иран руу экспортоо сэргээсэн.

-Хэр хэмжээгээр гаргадаг вэ?

-Энэ жилийн эхний арван сарын байдлаар 1260 тонн мах гаргасан.

-Малчдаас махаа ямар үнээр авдаг вэ?

-Малчдаас мах авахдаа зах зээлийн үнээс 500 төгрөгөөр илүү үнэ төлдөг.

-Малчдаас малын махыг ямар хэлбэрээр авдаг вэ?

-Малчид амьдаар болон манай үйлдвэрт нядлуулж гулуузаа өгдөг.

-Гулуузны сүүл, нурууны өөхийг хасдаг гэсэн малчдын шүүмжлэл гарлаа.

-Буруу ойлголт байж магадгүй. Манайх бүгдийг жинлээд төлбөртөө тооцож авдаг. Харин захиалагч өөхгүй мах авах хүсэлт ирүүлсэн тохиолдолд мэдээж өөхгүй мах өгнө. Махнаас салгаж авсан өөхөө бид бүтээгдэхүүн үйлдвэрлэх дээ ашиглана.

– Жилд хэр хэмжээний мах авдаг вэ?

– Өнгөрсөн онд 100 мянган толгой мал авсан. Энэ жил 60 орчим мянган толгой болсон.

-Яагаад экспорт буурав?

-АНУ Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсантай холбоотой. Төлбөр тооцооны асуудал гарсан. Үүнээс болоод бэлтгэн нийлүүлэх ажил хугацаа алдсан. Гэхдээ ирэх жил арай их 200 мянган толгой малын мах бэлтгэнэ.

-Ирэх жил америкууд хоригоо цуцлах юм уу?

-Үгүй ээ. Бид зөвхөн Ирантай харьцдаггүй шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Г.Сүхболд: Дундаж давхарга хүчирхэгжвэл төрд зөв хүмүүс гарч ирж эдийн засаг тэлэх нь асуудал биш

Засаглал судлаач Г.Сүхболдтой ярилцлаа.


-Манай улс түүхийн эгзэгтэй цагтаа парламентын хоёр танхимтай байснаар асуудлаасаа гарч чадсан гэсэн гаргалгаа чинь сонирхолтой санагдлаа. Парламентын засаглалд анхаарах асуудал байна гэж хэлэх гээд байна уу?

-Нэг талаар тэгж ойлгож болно. Монгол Улсын төр Богд хааны үед, ардчилсан хувьсгал ялсан 1990 онд парламентын хоёр танхимын хэлбэрийг сонгосон байдаг. Хоёулаа л түүхийн эгзэгтэй үе. АИХ, Улсын бага хурал гэж байсан. АИХ-д нийт ард түмний төлөөлөлөөс 430 гаруй хүн сонгогдож, намуудын санал авсан хувиар Улсын бага хурал байгуулагдсан. Парламентын засаглалтай улсад Вестминстерийн болон Боннын систем гэж бий. Вестминстерийн системд сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болж, кабинетаа бүрдүүлдэг өөрөөр хэлбэл засгийн газар нь парламентаас үүсдэг. Харин Боннын системийн тухайд төрийн эрх мэдэл аль нэг субьектэд ач холбогдол өгдөггүй. Харин тэдгээрийн харилцан тэнцвэр, хяналт, бие даасан байдлын уулзварт төрийн эрх мэдэл хадгалагдаж байдаг.Монгол Улсын парламент нь зөвшилийн буюу Боннын загвартай төстэй. Эдүгээ МАН буюу эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд болж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг парламентаар хэлэлцэж хэнийг юуны сайдаар томилох эсэхээ УИХ-аар шийддэг. Вестминстерийн систем нь төрийн эрх мэдэл ард түмнээс эхтэй тул ард түмний төлөөллийн дээд байгууллагыг төрийн эрх мэдлийн гол субьект гэж үзэн сонгуульд ялсан намын даргад төрийн эрх мэдэл төвлөрдөг гэж би түрүүн дурдсан. Энэ утгаараа Британи маягын парламентын дүр зураг ажиглагдаж буй нь нууж хаахаар зүйл биш. Өөрөөр хэлбэл хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгаа нь тун бүрхэг байна.

-Хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдэл холилдчихоод байна гэсэн үг үү?

– Яг тийм, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл холилдчихоод байна л даа. Зааг ялгааг нь 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлт байхгүй болгосон тухай би сая судлаачийн үгнээс эш татаж онцоллоо. Уг нь зааг ялгааг нь гаргах хэрэгтэй. Энэ талаар хүмүүс хангалттай ярьдаг ч шийдлээ олоогүй өнөөг хүрчихлээ. Сүүлдээ Үндсэн хууль болохгүй байгаа юм шиг яриад эхэллээ л дээ. Үнэндээ тийм биш.

-Тэгээд буруу нь хаанаа байна гэж?

– Төрийн эрх барьж байгаа хүмүүст л хамаг учир бий гэж хардаг. Хуучин нийгмийн үед боловсорсон хүмүүс өнөөдөр төрийн толгойд байна. Харин 1990-ээд онд төрж ардчилал зах зээлийн нийгэмд өсч торниснууд нь өнөөдөр 28, 29 хүрчихсэн, ид хийж бүтээж яваа залуус. Сурч хөгжсөн, сэтгэлгээгээ тэлж өргөжүүлснээрээ мэдээж ялгаатай. Нэг хэсэг нь барууны өндөр хөгжилтэй оронд сурч боловсорч, хөгжлийн жамыг дэлхийн залуусын адил харж байна. Нөгөө зарим нь төдийгөөс өдий хүртэл өнөөдөр засгийг ээлжлэн барьж буй тавь, жаран настнуудын цүнхийг барих аргаар эрх мэдлийн шат өөд өгсөөд явж байгаа. Өдгөө төрийн эрхийг барьж байгаа тавь, жаран настнуудыг харахад нэг хэцүү зүйл анзаарагдаад эхэлчихсэн. Тэр нь нам дамжсан бүлэглэл. Энэ тодорхойлолтыг дээр дооргүй хүлээн зөвшөөрч байна. Шинэ хандлагатай, хөгжлийг арай өөрөөр харсан залуус төрд зүтгэе гээд зориглоод улс төрд орохоор шахаад гаргачихаад байна л даа. Харин эрх мэдэлтнүүдийн ивээлд орсон цүнх баригчид эрх баригчдын дараа үе нь болох хандлага анзаарагдаж байна.

-Эдийн засгийн сонирхлоор нэгдсэн нам дамжсан бүлэглэлийг яаж задлах вэ, хэрхэн саармагжуулах вэ гэдэг дээр санаагаа нэгтгэж тэмцэх цаг ирсэн гэсэн хандлага хүчтэй байна. Олны анхааралд байгаа ЖДҮ намд дамжсан эдийн засгийн бүлэглэлийн хүчийг саармагжуулах эхлэл болж чадах уу?

-ЖДҮ-г жижиг эхлэл нь гэж харж байна. Гэхдээ нам дамжсан бүлэглэл гэж яриад байгаа зүйл бүхэл бүтэн систем болчихсон нь сүүлийн үед тод анзаарагдаж байна. ЖДҮ-ээс зээл аваагүй эрх мэдэлтэн гэж бараг алга. Хянадаг нь, шалгадаг нь, олгодог нь гээд бүгдээрээ авчихсан байх жишээний. Энэ тохиолдолд хэн хэндээ хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуудал бүрхэг болоод ирж байгаа юм. Системийг нураахын тулд системээрээ хөдлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ЖДҮ-тэй өнөөгийн төвшинд тэмцээд үр дүнд хүрэх нь юу л бол.

-Тэгэхээр маш олноороо нэгдэж байж л саармагжуулах нь ээ?

-Тэгнэ. Бид бас нэг зүйл дээр алдаад байгаа юм шиг санагддаг. Төр болохгүй байна. 76 ухна гэж ирээд дээр байгаа хэдээ шүүмжлээд байдаг. Би түрүүн гол асуудал нь хүндээ байна гэсэн дээ. Энэ үг эрх баригч, эрх мэдэлтнүүдээс гадна ард түмэнд ч хамаарна. Үнэн хэрэгтээ ямар ард түмэн байна, тийм л төр оршдог. Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн гэж байдаг бол энэ үгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мэдээж Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүхээс илүү ухаалаг мундаг эх орончид бий. Гэхдээ ард түмэн энэ хэдийг л мундаг эх оронч гээд сонгосон нь бас бодитой үнэн шүү дээ. Ард түмний сонголтыг анзаарахаар гурван бүлэгт хуваачихмаар харагддаг. Нэг хэсэг нь мөнгөөр саналаа өгч байна. Амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой иргэд тав, арав хорин мянган төгрөгөөр саналаа өгчихдөг. Нөгөө зарим нь аав ээж, ах дүү, дарга захирал, найз нөхөд гээд ойрын хүрээллийнхнийхээ нөлөөллөөр саналаа өгдөг. Гурав дахь хэсэг нь итгэл үнэмшил, үнэ цэнээрээ хэнд саналаа өгөхөө шийддэг. Гэхдээ энэ хэсэг нийт сонгогчдын дунд маш бага хувь эзэлдэг. Эхний хоёр хэсгийн саналаа өгсөн арга хэлбэрийг ухаад бодохоор санал худалдаж авсан, төрийн эрхийг буруу аргаар авч байна гэчихэд хатуудахгүй. Монголчуудын хамгийн том зовлон нь цөөхүүлээ. Гуравхан саяулаа. Сонгуулийн насныхан нь сая гаруй. Саналаа өгдөг нь хэд билээ гээд бодохоор бас хэцүү. Тэгээд жижиг тойргуудад хуваачихдаг. Жижиг тойргийн цөөхөн сонгогчдын ихэнхийг нь худалдаад авчихаж байна. Эндээс харахаар сонгуулийн тогтолцоогоо эргэж харах шаардлага бий. Бас сонгогчдын боловсрол гэдэг асуудлыг онцгойлж анхаарах ёстой.

-Сонгогчдын боловсролыг сайжруулах хэрэгтэй гэж хүн бүр ярьдаг ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрсэн ажил лав алга. Ер нь энэ асуудлыг яаж ямар аргаар шийдэх ёстой гэж та бодож байна вэ?

-Таны асуултад хариулахын өмнө улс төрийн соёлын тухай яримаар байна. Английн ерөнхий сайдаар Тереза Мэйг ажиллаж байхад Батлан хамгаалахынх нь сайд гарын үсгээ зураад саналаараа огцорч байсан. Сайдаар томилогдохоос хэдэн жилийн өмнө сэтгүүлч бүсгүйн өвдөг дээр гараа тавьсныхаа төлөө огцорсон. Тийм үйлдэл гаргасан хүн ийм өндөр албан тушаал хаших эрхгүй гээд огцорсон байдаг юм. Ер нь ардчилал хөгжсөн улс орны сайд дарга нар хувийн зуслан руугаа албаны машинаар явсан нь илэрлээ л бол огцордог. Энэ бол улстөрийн соёл. Улс төрийн соёлтой бол намууд аяндаа цэвэршээд ирнэ. Орчин үеийн ардчиллыг намуудын ардчилал гээд байгаа. Гэтэл манай намууд Англи, Германы намууд шиг биш байна. Тодруулж хэлбэл улс төрийн өндөр хариуцлага, соёлтой болоогүй байна л даа. Төр засаг сайн муу байх эсэх нь улстөрийн намуудын соёлтой шууд холбоотой. Соёлтой хариуцлагатай намаас гарч ирсэн эрх баригчид л зөв бодлого тодорхойлж, хэрэгтэй хууль баталж, улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө санаа зовж чаддаг. Гэтэл манайд энэ бүхэн амьдрал, бодит биелэл болохгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Миний хувьд сонгогчдын боловсролоос өмнө засаглалын тогтолцоо голлох нөлөө үзүүлж байна гэж хардаг. Жижиг тойргуудаас гарсан УИХ-ын гишүүдийг тойрогтоо оччихоод сонгогчдынхоо өмнө нүдээ бүлтэлзүүлээд бэлэг тараагаад суугааг нь харахаар үнэндээ өрөвддөг. Тойрогтоо очоод ажлаа тайлагнасных нь дараа сонгогчид нь хүүхдийн сургалтын зардлаас эхлээд өчнөөн зүйл хүсдэг. Тэр бүрт нь үгүй гэж чаддаггүй, за гэж ч болдоггүй. Тойрогтоо очоогүй байхад нь ч баахан гуйлт ирдэг. Сонгогчдодоо гуйсныг нь өгч, амлалтаа биелүүлж, дараагийн сонгуулиар дахин сонгогдохын тулд УИХ-ын гишүүд яаж их мөнгө олох вэ гэсэн марафонд ордог нь нуугаад байх юмгүй бодит үнэн. Нэгдүгээрт сонгогчдын хүсэлт гуйлт, хоёрдугаарт улс орны эрх ашиг болоод байна. Өөрөөр хэлбэл эрэмбэ нь алдагдчихаад байна л даа.

-Шийдэл нь юу байж болох вэ. Танд санаа оноо байна уу?

-Ярилцлагын эхэнд дурдсан санаагаа хэлмээр байна. Монгол Улс эгзэгтэй цаг үедээ парламентын хоёр танхимтай байсан гэж ярьсан даа. Миний хувьд парламентаа хоёр танхимтай болгох хэрэгтэй гэж бодож байна. Оюуны цараатай, өндөр боловсролтой, өглөөнөөс орой хүртэл хууль уншиж судалж боловсруулах үйл явцад биеэ дайчлах чадвартай, сууж сурсан хүмүүсээр дээд танхимыг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгсэн цагт наймаа хийдэг, дуу дуулдаг, бөх барилддаг морь уядагуудад ажил нь сонирхолгүй болж эхэлнэ. Наад зах нь л мөнгөөр кноп дарах боломж шансгүй болно. Парламентын доод танхим жинхэнэ ард түмнээс сонгогдсон төлөөллүүд ажиллах ёстой. Тэд орон нутаг нэгжид юу шаардлагатайг хэлж өгдөг, өөрөөр хэлбэл аж ахуйн шинжтэй зүйлийг нь орхигдуулахгүй байхад тус нэмэр болдог байх хэрэгтэй. Ингэж байж биенээ нөхнө, улс орон зөв замаар хөгжинө. Онолын хувьд зарим судлаач холбооны улсад дээд, доод хоёр танхим байдаг гэдэг. Манайх төрийн байгууламжийн хувьд холбооных биш л дээ. Гэхдээ дахиад хэлье. Бид түүхийн эгзэгтэй мөчдөө хоёр танхимтай байсан, ингэснээр асуудлаа шийдвэрлэж чадсан байдаг. Би сая хэлсэн шүү дээр. УИХ-ын гишүүдийг тойрогтоо уулзалт хийхийг нь харахаар өрөвддөг гэж. Энэ мухардлаасаа гарах цаг болсон.

-Эцсийн дүндээ түрүүн цухас яриад орхисон сонгогчдынхоо боловсролыг дээшлүүлж байж л намууд цэвэршинэ, зөв хүмүүс төрд гарч ирнэ, тэгж байж та бид хоёрын яриад суугаа асуудал болох байх….?

-Намуудыг цэвэршүүлэх нэг арга сонгогчдын боловсрол мөн үү гэвэл мөн. Гэхдээ сонгогчид ямар тохиолдолд боловсордог вэ гэсэн асуулт тавигдаж таарна. Хүн ахуйн хэрэгцээгээ хангаад ирэхээрээ, аятайхан амьдраад эхлэхээрээ боловсрол хөгжилдөө анхаардаг. Өөрөөр хэлбэл дундаж давхарга ихсэх тусам сонгогчдын боловсрол дээшилнэ гэсэн үг. Талхны мөнгө биш амьдрах орчныг нь аятай таатай байлгах чадал чансаатай нам, улстөрчдийг бодож анзаарч эхэлнэ. Сонгуульд нэр дэвшигчдээс зөв хүнийг нь сонгох чадалтай болно. Харамсалтай нь төр засаг дундаж давхаргын хувь хэмжээг нэмэх талд ажиллахгүй байна л даа. Наад зах нь ипотекээ бараг зогсоолоо. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийг өөрсдөө авч иддэг нь олонд ил боллоо. Австрали гэх мэт хөгжингүй улс орнууд ерөөсөө л дундаж давхаргаа дэмжсэн бодлого барьдаг. Дундаж давхарга нь хүчтэй болчихвол сонгогчдын боловсрол хүссэн хүсээгүй дээшилнэ. Улстөрчид нь аяндаа цэвэршинэ, намууд нь соёлжино. Ер нь ардчилсан орнуудын гол үзүүлэлт дундаж давхаргын хувь хэмжээ байдаг. Дундаж давхарга хүчирхэгжвэл төрд зөв хүмүүс гарч ирж эдийн засаг тэлэх асуудал биш. Гэтэл өнөөдөр Монголд асар баян цөөнх, дунджаас доош амьжиргаатай олонх гэсэн хоёр хэсэг л байна.


Categories
мэдээ нийгэм

Тооно одтой, шар бар өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 12, Буд гариг. Билгийн тооллын 5, Тооно одтой, шар бар өдөр. Өдрийн наран 8:30 цагт мандан, 17:04 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бумбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижина.

Categories
туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Амьдралын нууцыг тайлсан хүн” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Амьдралын нууцыг тайлсан хүн” хэмээн өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: О.Занданшатар сайд аа, яагаад Засгийн газрын 15 гишүүн чуулганд оролцохгүй байна вэ хэмээн “Улс төр” нүүрт ярив.

УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдлээ гэж “Улс төр” нүүрт бичив.

МУИС-ийн профессор, Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор М.Гантуяа: Буддын шашин Хүннүгийн үеэс манайд дэлгэрсэн хэмээн “Нийгэм” нүүрт ярьжээ.

“Ард Кредит” Банк бус санхүүгийн байгууллагын зээл эрхэлсэн захирал Д.Отгонжаргал: Иргэд хүүгүй зээл авахаар маш ихээр хандаж байна хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьсан байна.

“800 тэрбум төгрөг зарцуулсан ч утаа улам ихсэв” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичжээ.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар: Эд нар гэдсэндээ хөлөө жийлцэж байгаа нь сайн цагийн эхлэл хэмээн “Улс төр” нүүрт бичжээ.

“Сэрүүн Галттай нутгаа сэтгэл сэнсэртэл санадаг Сэнгийн Эрдэнэ” хэмээн “Өд, бэх” нүүрт өгүүлжээ.

Өмгөөлөгч З.Алтангэрэл: Хорь гаруйхан настай, шүүхийн байгууллагад огт ажиллаагүй хүн хүртэл Дээд шүүхэд орчихсон байна хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Францад эдийн засгийн онц байдал зарлалаа” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичсэн байна.

“Спортын хүмүүжил” хэмээн “Энэ өдөр” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Энэ удаагийн НӨАТ-ын урамшууллаар 200 сая төгрөг хожих боломжтой

НӨАТ-ын буцаан олголтын урамшууллын өмнөх тохиролд супер азтан тодроогүй учир 25 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 200 сая төгрөг хожих боломж бүрдсэн байна.

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохиролыг 12 дугаар сарын 23-ны ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явуулна. Иргэн та арваннэгдүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа 12 дугаар сарын 22-ны өдрийн 23:59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын найман орон тохирсон бол та 50 сая төгрөг, долоон орон тохирсон бол 10 сая, зургаан орон тохирсон тохиолдолд таван сая төгрөг, таван орон тохирсон бол 1 сая, дөрвөн орон тохирвол 200 мянга, гурван орон тохирсон бол та 50 мянган төгрөг хожих юм. Харин Супер азтан өмнөх тохиролд тодроогүй учир 25 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 200 сая төгрөг хожих боломж бүрдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нярайн шарлалт, ургийн зүрхний бичлэг хийх тоног төхөөрөмж гардуулав

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 27 Өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай нийт 3 төрлийн 81 ширхэг тоног төхөөрөмжийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар, ӨЭМТ-ийн төлөөлөл гардуулж өглөө.

Нярайн шарлалт хэмжигч, ургийн зүрхний цохилт, хөдөлгөөн хэмжих аппаратууд нь ӨЭМТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмүүд бөгөөд иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд нэр төрөл нэмэгдэж, жирэмсэн эх, төрсөн нярайн эмгэгийг эрт оношлох боломжтой болж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Петер Шмейхелийг нисэхээс тоссон эхний 40 фанатад түүнтэй уулзах эрхийн тасалбарыг үнэгүй олгоно

Маргааш хөлбөмбөг сонирхогчдын хувьд онцгой үдэш. Яагаад вэ гэвэл Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Алтан бөмбөг-2018” ёслол хүндэтгэлийн ажиллагаа болно. Энэ үеэр Данийн алдарт хөлбөмбөгийн хаалгач Петер Шмейхель оролцон шагнал гардуулна. Тус арга хэмжээ маргааш буюу арванхоёрдугаар сарын 12-нд оройн 18:00 цагт Corporate Conversation hotel-д болох юм. Үйл ажиллагаа дууссаны дараа 21:00 цагт Island Mongolia lounge-д тусгай хүлээн авалт хийж, хөгжөөн дэмжигчидтэй дэлгэрэнгүй ярилцлага өрнүүлэх аж. Энэ үдшийн TAX буюу тасалбарын үнэ 129 мянган төгрөг. Харин өглөө эрт долоон цагт хайртай тоглогчоо нисэх онгоцны буудал дээр тосохоор Манчестер Юнайтэд багийн өмсгөлтэй ирсэн эхний 40 үнэнч фанатад нь түүнтэй уулзах эрхийн тасалбарыг үнэгүй бэлэглэх юм байна. Түүний аялалын маршрут маш хурдан дуусах ба 13-ны өглөө эх орон руугаа буцаад нисэх аж.

MONGOLIAN FOOTBALL FEDERATION-н зураг.

Categories
мэдээ улс-төр

Хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.12.11/ хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов.

Тогтоолын хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 321-р тогтоолоор, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Тус тогтоолд нийт 14 арга хэмжээ тусгагдсанаас 7 арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам шууд хариуцан хэрэгжүүлж байна. Бусад арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох яамдтай хамтран ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг ХНХЯ-ны хувьд Хүн амын хөгжлийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс хариуцан ажиллаж байна. Түүнчлэн уг асуудлыг хариуцсан салбар дундын зохицуулалтыг хангах зорилгоор Засгийн газрын 2016 оны 136 дугаар тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл”-ийг, 2017 оны 116 дугаар тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл”-ийг бүх яамдад байгуулан ажиллуулж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын хурлын үеэр төрийн бус байгууллагын төлөөлөгчид хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулан ажиллуулах санал гаргасан. Иймд Монгол Улсын Ерөнхий сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад энэ асуудлыг боловсруулан шийдвэрлүүлэх үүрэг өгсний дагуу УИХ-ын 2018 оны 56, Засгийн газрын 250 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулаад байна гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280.000 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243.000 төгрөгөөр, Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 155.000 төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 70.000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон байна. Мөн Асаргааны тэтгэмжийн хамрах хүрээг оновчтой тогтоох, хөрөнгийг үр ашигтай зарцуулж, шаардлагатай иргэнд хүргэх зорилгоор байнгын асаргаа шаардлагатай иргэнийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлтийг боловсруулж, Эрүүл мэндийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлуулан 2018 оны 2 дугаар улирлаас мөрдөж буй аж.

Нийгмийн халамжийн тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэрт 2018 оны эхний 9 сарын байдлаар онд 39.7 мянган иргэн хамрагдаж, 46.7 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлтөд 25,3 мянган иргэн хамрагдаж, 5,0 тэрбум төгрөг зарцуулжээ.

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн хүрээнд 2018 онд тахир дутуугийн тэтгэвэрт 4,2 мянган хүнд 19,8 тэрбум, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 544 хүнд 2,1 тэрбум, бусад тэтгэвэр тэтгэмж, төлбөрт 15,6 тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан олгосон байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний протез, ортопед, тусгай хэрэгслийн хөнгөлөлтөд 2018 оны эхний 9 сарын байдлаар 10 гаруй мянган иргэн хамрагдаж, 1.8 тэрбум төгрөг зарцуулсан хэмээн дэд сайд мэдээллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг амьжиргааны доод түвшний хэмжээнд хүргэх тухай Засгийн газраас шат дараатайгаар нэмэхээр төлөвлөн ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд 2019 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд 21.2 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцоолжээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийг батлан, т

Улсын хэмжээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын 86 байгууллагад 37,0 мянга гаруй хүүхэд, залуучууд суралцаж байгаагийн 555 нь хөгжлийн бэрхшээлтэй байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдад 2019 оноос сар бүр 100,0 мянган төгрөгний тэтгэмж өгөхөөр ирэх оны төсөвт 41,0 тэрбум төгрөгийг тусгаж, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд энэ арга хэмжээнд бүрэн хамрагдах юм байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан байгуулах үзлэг, тооллого зохион байгуулах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны А/89, А/42 тоот хамтарсан тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг баталжээ. Энэ хүрээнд Нийгмийн хамгааллын салбарт ашиглагдаж буй Нийгмийн даатгалын сан, Өрхийн мэдээллийн нэгдсэн сан, Нийгмийн халамж, үйлчилгээний мэдээллийн сан (WAIS), Эмнэлэг, хөдөлмөр магадлалын мэдээллийн сан дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийн бүртгэл, мэдээллийг Үндэсний статистикийн хорооны Хүн ам, өрхийн мэдээллийн сан дахь мэдээлэлтэй нэг бүрчлэн тулгаж, мэдээллийн давхцал болон зөрүүтэй байдлыг тодруулан, засварлан мэдээллийн цахим санг байгуулж буй аж. Ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа бөгөөд энэ ондоо багтаан дуусгаж, үр дүнг танилцуулна хэмээн дэд сайд С.Мөнгөнчимэг хэллээ.

Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг үзүүлэх төсөл”-ийг Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 08 дугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийн хүрээнд 6 аймагт /Дорнод, Дархан, Архангай, Хөвсгөл, Ховд, Дундговь/ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн загвар байгуулахаар Төвийн газрын гэрчилгээг авч, газрын асуудлыг бүрэн шийдвэрлүүлээд байна. Эдгээр төвийн зураг төсвийг боловсруулах зөвлөх компанийн ажлын даалгаврыг боловсруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ онд багтаан зураг, төсвийг боловсруулах зөвлөх компанийг сонгон шалгаруулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2019 оны эхний хагас жилд барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн эдгээр 6 төвд ажиллах 104 нарийн мэргэжлийн ажилтныг төслийн санхүүжилтээр бэлтгэнэ гэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургахад тулгамддаг асуудал нь мэргэшсэн багш, боловсон хүчин дутмаг байдагтай холбоотой гээд мэргэшсэн багш нарыг бэлтгэх талаар ямар арга хэмжээ авч буйг тодруулсан. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар нийгэмд эерэг хандлага төрүүлж, зөв ойлголт өгөх талаар ямар ажил зохион айгуулж байгаа, МҮОНРТ энэ чиг үүргээ хэрхэн биелүүлж буй, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажлын явц, хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн хүн байдаг, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн талаар тодруулсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд нарын хариулснаар өнөөдөр улсын хэмжээнд зургаан сургууль тусгай хэрэгцээт сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа аж. Сурч буй хүүхдийн тоо нэмэгдээд байгаа ч нарийн мэргэжлийн багш нар дутмаг байгаа юм байна.

Гэсэн ч салбарын яамны зүгээс тодорхой арга хэмжээ авч Монгол Улсын боловсролын их сургуульд 30 жил завсарласны дараа Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим байгуулсан байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах багш бэлтгэх асуудлыг төрөөс дэмжсэний дүнд өнгөрсөн жил 60 гаруй, энэ жил 70 гаруй оюутан энэ чиглэлээр суралцаж эхэлжээ.

Түүнчлэн одоо ажиллаж буй багш нараа тэнхим дээрээ богино хугацаагаар мэргэшүүлэн ур чадварыг нь сайжруулах талаар яамнаас хамтран ажиллах боломж бий гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зөв хандлагыг бий болгох зорилгоор 200 гаруй байгууллага дээр хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал гэсэн нөлөөллийн сургалтын ажлыг хийсэн байна.

МҮОНТ-ээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх цуврал нэвтрүүлгийг хийж байгаа гэсэн мэдээллийг дэд сайд С.Мөнгөнчимэг өгсөн.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг барьж эхэлжээ. Тус төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан сургалт, хөгжлийн арга хэмжээг зохион байгуулахаас гадна 250 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх, 250 хүүхдэд өдрөөр сэргээн засах үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай бөгөөд тус төвийг ирэх оны эхний улиралд багтаан хүлээн авч, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Монгол Улсад 2017 оны байдлаар 103,6 мянга буюу нийт хүн амын 3.3 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа аж. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 44,6 хувь нь эмэгтэй, 54 хувийг эрэгтэйчүүд, 2 хувь нь 16-аас доош насны хүүхэд байна. Тэдний 42 хувь нь төрөлхийн, 58 хувь нь олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр насны 19974 хүн хөдөлмөр эрхэлж буй бөгөөд тэдний 3018 нь тэтгэврийн насныхан байгаа аж. Хөдөлмөр эрхэлдэггүй хөгжлийн бэрхшээлтэй хүн 73285 байна гэсэн судалгаа гарсан байна.

Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа.

Тэрбээр, яамд агентлагууд, Засгийн газрын харьяа байгууллагууд хоорондын ажлын уялдаагаа хангаад, тодорхой журам актуудаа нарийвчлан гаргаад явах боломж байна. Хүний эрх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөж буй асуудалд ХЭҮК хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран шаардлага тавьж ажиллаач гэж хэлмээр байна. Ажлын байр нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар далайцтай ажил зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар олон нийтийн дунд эерэг хандлага бий болгох асуудалд онцгой анхаармаар байна гэлээ.

Эцэст нь тэрбээр хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр 2019 онд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо эрчимтэй ажиллана гэдгийг онцолсон юм.

Ингээд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганболдоор ахлуулан байгууллаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулахыг дэмжлээ

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Ц.Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа сайдыг огцруулах тухай асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь Ц.Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулахыг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.