Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг Японд нээнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ, Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Тадаши Маэда, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлага бараалхсан байна.

Уулзалтаар Японд монгол инженерүүд бэлтгэх ажилд өндөр ач холбогдол өгч байгааг талууд онцолжээ. Монголоос Японд суралцаж байгаа оюутны тоо 2017 оны байдлаар 2517 байжээ. Цаашид хөдөө аж ахуйн чиглэлээр боловсон хүчнүүд бэлтгэгдэх юм байна. Гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээлэл өгөх, бизнесийг нь өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг Токио хотноо байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлжээ.

Манай улс чөлөөт худалдааны хэлэлцээрийг ганц Япон улстай байгуулаад байгаа бөгөөд энэ оны эхний 10 сарын байдлаар хоёр орны гадаад худалдаа 55 хувиар өсч 496 сая ам.долларт хүржээ.

Ирэх онд Монгол, Японы хооронд Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо байгуулсны 45 жилийн ой тохиох юм байна. Энэ хүрээнд Токиод соёлын форум зохион байгуулахаар төлөвлөжээ.

Япон улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо Монгол, Японы бизнесийн эрхлэгчдийн форумд оролцож байна. Мөн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар оролцож байгаа юм.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх өнөөдөр үдээс хойш Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж хамтарсан мэдэгдэл гаргана.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг батлалаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг батлаад байна. Дээрх асуудлыг өчигдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулж хэлэлцүүлсэн юм.

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлнэ

Тэрээр, “Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө байхгүйн улмаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нягтруулах, шилжүүлэхийн зэрэгцээ эзэнжүүлж, арчлах ажил хангалтгүй байсан”-ыг хэлэв. Тэгвэл тус төлөвлөгөөг хэрэгжүүлснээр ногоон байгууламжийг газар олголт, инженерийн шугам сүлжээ, хот төлөвлөлт, хотын ландшафт дизайнтай уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөн бий болгох, түүнийг арчлах цогц менежмент мөрдөх боломж бүрдэх юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нэг иргэнд 0.3-4.6 ам метр ногоон байгууламж ногдож байна. Тодруулж хэлбэл, Сүхбаатар дүүргийн нэг оршин суугчид 4.6 ам метр ногоон байгууламж ногдож буй бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 0.3 ам метр байгааг албаныхан онцлов. Харин Хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлснээр дээрх үзүүлэлт 14-126.3 ам метр болж нэмэгдэнэ гэдгийг хэлж байв. Төлөвлөгөөг дөрвөн чиглэлээр хэрэгжүүлэх талаар танилцууллаа. Хамгийн эхэнд хууль, эрх зүйн орчныг сайжруулж, хэрэгжүүлэх оновчтой тогтолцоо бий болгох аж. Дараагаар нь хотыг цэцэрлэгжүүлэх санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бий болгохоор төлөвлөсөн байна.

Мал эрхлэх бүсэд өөрчлөлт оруулав

Мөн НИТХ-ын өчигдрийн хуралдаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мал аж ахуй эрхэлсэн бүсийн хязгаарт өөрчлөлт оруулах санал орууллаа. Өнгөрсөн 2017 оны наймдугаар сард долоон аймгийн 24 сум, нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдсэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга захирамж гарган, нийслэлийн суурьшлын бүсэд мал адгуулахыг хориглож, мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан юм.

Улаанбаатар хотын ерөнхий менежрээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд захирамжийн хэрэгжилтийг хангуулж, мал бүхий иргэдийг хотын гадагш нүүлгэн шилжүүлсэн. Ингэхдээ инженерийн дэд бүтэцгүй газруудад цахилгааны дэд станц бариулж, гүний худаг гаргуулсан байдаг. Заримаас нь дурдвал Сонгинохайрхан дүүргийн хоёр байршилд 325 өрхийг эрчим хүчээр хангах 10 кВ-ын агаарын шугам, 250 КВА хүчин чадалтай гурван дэд станц бариулжээ. Баянзүрх дүүрэгт мөн ийм хүчил чадалтай дэд станц бариулсан нэгийг бариулж, иргэдийг нүүлгэн шилжүүлсэн гурван байршилд гүний есөн ширхэг худал гаргажээ. Үүний зэрэгцээ 400 гаруй өрхөд газар олгосон байна. Нүүлгэн шилжүүлсэн өрхүүдийн амьдрах орчныг сайжруулахын тулд автобусны буудал бариулж, ус зайлуулах хоолой хийсэн талаар холбогдох албанаас мэдээллээ.

Гэвч мал бүхий зарим өрх, иргэд Улаанбаатар руу буцаж ирэх зөрчил гарч буй ажээ. Тиймээс холбогдох албаныхан Бяанзүрх дүүргийн XI хорооны шалган нэвтрүүлэх товчоо, Ногоон зоорь, Туул зөрлөг, “Ургах наран” хороолол, Сонгинохайрхан дүүргийн XXXII хорооны нутаг, “Мал бордох”, Баруунтуруун, 384 дүгээр гарам, Хан-Уул дүүргийн XII хорооны Малчин, Өлийн ам, Таван толгой, Цоохор, Цагаан эргээс бусад хэсгийг хэсэгчилж, хориглосон бүсэд хамруулах санал гаргав. Мөн Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны Шар цэцэгтийн хэсгийг зөвшөөрсөн бүсэд оруулах санал гаргалаа. Дээрх бүсүүдэд Сонгинохайрхан дүүргийн 128 өрхийн 5375, Баянзүрх дүүргийн 69 өрхийн 3474, Хан-Уул дүүргийн 58 өрхийн 1573 буюу нийтдээ 255 өрхийн 10 422 толгой малыг шилжүүлэхээр төлөвлөжээ. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээнд тогтоол баталсан талаар НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж өндөрлөв

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрындарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21431 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад нийт дуудлага, мэдээлэл 683 нэгжээр буюу 3.0 хувиар, гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь 33 нэгж буюу 4.6 хувиар буурсан байна. Нийслэлийн хэмжээнд зөрчлийн шинжтэй 20745 дуудлага мэдээлэл хүлээн авсан. Давхардсан тоогоор 714 чиглэлд 1401офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, нийт 45 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор 665 алба хаагч, 74 автомашин, оролцож, 10.4 цагийн үүрэг гүйцэтгэсэн” гэж танилцуулав.

“Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 3167дуудлага мэдээлэл хүлээн авч696эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Гудамж замд хийсэн шалгалтаар өнгөрсөн 2017 оны мөн үед нийт 35447 зөрчил илрүүлж байсан бол энэ оны мөн үед 27885 зөрчил илрүүлж 21.3 хувиар, өнгөрсөн онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 522 бүртгэгдэж байсан бол 2018 оны мөн үед 462 бүртгэгдсэн нь 11.5 хувиар тус тус буурсан дүнтэй байна” гэж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрынНийслэлийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод агаарын температур шөнөдөө 24-26 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм хүйтэн, салхины хурд 07-08 м/с байх төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд 16 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 117 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 109, эрэн хайх, аврах ажиллагааны 8 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой ослоос нийт 12 иргэнийг авран хамгаалж, гал түймрийн утаажилтын бүсээс 32 иргэнийг гаргаж ажилласан. Чингэлтэй дүүргийн 7, 8, 12, 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүсэж дээрх хороодын айл өрх, иргэдийн гэр, байшин усанд автах мөн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болох зэрэг нөхцөл байдал үүссэнийг нийт 8 техник хэрэгсэл, 55 ажилтан, алба хаагчтайгаар үүрэг гүйцэтгэн шуурхай арга хэмжээ авч 8, 12, 17, 18 дугаар хороог хэвийн болгосон. Мөн 7 дугаар хорооны нийтийн эзэмшлийн зам талбайд тогтсон мөсийг цэвэрлэх, бөглөрсөн суваг шуудууг сэргээн засах, шаардлагатай газар суваг шуудуу ухаж далан сувагтай холбох зэрэг ажлын явц өнөөдрийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна” гэж танилцуулав.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Шинэ жилийн баярыг угтаж гудамж талбайн хог, цэвэрлэгээний ажил болон дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулах, баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах, Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарь зэрэгт Захирагчийн ажлын алба хяналт тавих, Нийслэлийн 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудыг олон нийтэд мэдээлэх, зар хүргэх ажлуудыг зохион байгуулах, Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагууд он дуустал үйлдэж буй хугацаанд ажлаа эрчимжүүлэн, төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор төвлөрүүлэн ажиллах, Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг гэнтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сувиллын зуны цэцэрлэг ажиллуулах хүсэлтээ илэрхийллээ

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “OneSky” Олон Улсын байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус байгууллага 4, 40, 41 дүгээр цэцэрлэгийн 0-3 насны хүүхдүүдэд хандсан хамтын ажиллагаа, сайн үйлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэд сувилахуйн ухааны гарын авлага, сургалтын хөтөлбөр боловсруулж, асрагч багш болон сувилагч нарт сургалт зохион байгуулах, Улаанбаатар хотын хэд хэдэн сувиллын цэцэрлэгт сургалтын материал болон шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зөвшөөрөл хүсэж гурван сарын өмнө Төрийн нарийн бичгийн даргатай уулзаж байсан юм. Энэ удаад гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлынхаа эхний үр дүнг танилцууллаа. Сувиллын 40 дүгээр цэцэрлэг дээр төвлөрч багш мэргэжилтнийг чадваржуулах, эцэг эхэд гэр бүлийн боловсрол эзэмшүүлэх, холбогдох сувилгаа сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг тодорхой ажлуудыг хийснээр хүүхдүүдийн хөгжил төлөвшилд зохих өөрчлөлт гарч байна хэмээн танилцууллаа.

Түүнчлэн, цаашид сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгож түгээх, зуны цэцэрлэг ажиллуулах, сувиллын цэцэрлэгийн үйлчилгээний хүрээг нийслэл хотын төвшинд тэлэх чиглэлээр хамтран ажиллах зохион байгуулалтын дэмжлэг хүсэж байгаагаа мөн илэрхийллээ.

Энэ хүрээнд тодорхой төлөвлөгөө гарган холбогдох газартай хамтран ажиллаж, ажлын явц болон үр дүнг 2019 оны гурав болон тавдугаар сард танилцуулахаар харилцан тохирлоо.

Categories
мэдээ нийгэм

Шуурхай албанд ашиглагдах “УАЗ-2206” автомашиныг хүлээлгэн өглөө

Өмнөговь аймгийн Засаг даргын шийдвэрээр шуурхай албанд ашиглагдах “УАЗ-2206” загварын суудлын автомашиныг Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангид хүлээлгэн өглөө.

Автомашиныг сумын ИТХ-ын дарга Б.Отгонбаяр, Тамгын газрын дарга Ц.Дэлгэрмаа, “Онгон шүтээн” ХХК-ийн захирал Д.Алтантуяа нар Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн захирагч, ахлах дэслэгч Ц.Батбуянд гардуулан өгсөн юм.

Энэхүү автомашиныг гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд ашиглана.

Гал түймэр унтраах, аврах 67 дугаар анги нь Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183 дугаар тогтоолоор байгуулагдсан юм гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн” болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл хамтран 2018 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 14:00 цагт Төрийн ордны Их танхимд “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн залуу бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах энэхүү зөвлөгөөнд Монгол Улс, БНСУ-ын залуу бизнес эрхлэгчид оролцох бөгөөд зөвлөгөөний үеэр шилдэг практик болон нөөц бололцоогоо хуваалцах бүрэн боломжтой юм.

Монгол Улсад бизнес эрхлэлтийг хөгжүүлэх, жижиг бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хамтын ажиллагаа, уяалдаа холбоог сайжруулахад чиглэсэн анхдугаар чуулганд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнес эрхлэгч эрхмүүд, хөрөнгө оруулагчид урилгаар оролцох юм.

ХЭРЭВ ТА ЭНЭХҮҮ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОХ БОЛ ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.
БҮРТГЭЛ 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН 18:00 ЦАГТ ХААГДАНА.

Зөвлөгөөнд оролцож шилдэг практик болон ирээдүйн нөөц бололцоог хуваалцах эрхмүүд:

  1. “Kakao Mobility” компанийн Гүйцэтгэх захирал John Joohwan Jung
  2. “Tmon” компанийн үүсгэн байгуулагч, тэргүүн Daniel Hyunsung Shin
  3. БНСУ-ын Хөдөө, орон нутгийн хөгжлийн хэлтсийн Хамгаалалттай газар тариалан, цэцэрлэгжүүлэлтийн судалгааны төвийн тэргүүн Kang Jin Lee
  4. БНСУ-ын Хөрөнгө оруулагчдын түншлэлийн гүйцэтгэх захирал Jonghyun Kim,
  5. “Талын эзэн” компанийн үүсгэн байгуулагч Сандагдоржийн Сайханбаяр
  6. “Ногоон хөгжил, аялал жуулчлалын нэгдсэн бодлого” төслийн зохицуулагч Сугирдоржийн Очир-Эрдэнэ
  7. “Karvuon” компанийн үүсгэн байгуулагч Бат-Оршихийн Манлай
  8. “Тэнгэр Капитал” үнэт цаасны компанийн дэд захирал Баасандаваагийн Дөлгөөн
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нам үхжээ


-Монголчууд бие биедээ яагаад итгэдэггүй вэ?

-Бие биенээ сайн мэддэг болоод л тэр биз!!

Нэг. ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛСЭН

Хорвоо тохуутай. Үзэн ядсан зүйлээ зөнгөөрөө дуурайх, устгахыг эрмэлзсэн юмаа өөртөө хуулан үлдээх энүүхэнд. Харин эсэргүүцсэн бүхнээ дуурайсан, арилгасан болгоноо хуулснаа тэр бүрий анзаардаггүй.

Түүх ингэж эхэлсэн юм. 1980-аад оны сүүлээр дангаараа ноёрхдог МАХН-д тогтсон нэг хүний буюу түүгээр удирдуулсан үнэмлэхүй эрхт фракци болох Улс төрийн товчооны дарангуйллыг эсэргүүцсэн үзэл санаа, хөдөлгөөн өрнөсөн юм. (МАХН дангаараа ноёрхохын эсрэг бус МАХН дотор дангаараа ноёрхохын эсрэг) Энэ нь цаад утгаараа зөвхөн “Зөвлөлтийн зөвшөөрөлтэй зүйлс” л оршин тогтнох эрх эдэлдэг социалист системийг эсэргүүцсэн хөдөлгөөн байлаа. 1968 оны “Прагийн хавар”-тай агаар нэг зүйл. Нийтийн дуунд “Оройтсон бороо” хэмээн гардаг шиг Зүүн Европоос гучаад жилээр хоцорсон “Улаанбаатарын оройтсон хавар” байлаа.

БНМАУ-д зөвшөөрөгдсөн зүйлсийг эсэргүүцэх нь хар аяндаа л “Зөвлөлтийн эсрэг” хэрэг болно гэдгийг шинэчлэгчид зөнгөөрөө мэдэрч байлаа. Гэвч Зөвлөлтөд өрнөсөн Перестройка (Perestroika ) буюу “Өөрчлөн байгуулалт” нь улс төрийн тогтолцоогоо “өвтгөхгүйгээр зодох” хэмжээний урам зориг хайрласан байв. Ийм болохоор 1990 оны ардчилсан хувьсгалын үр хөврөл нь эхэн үедээ “3өвлөлтийн зөвшөөрөлтэйгөөр Зөвлөлтийг эсэргүүцэх” алхам байлаа.

Ердөө л өчигдөрхөн малчин нүүдэлчин явсан монголчууд хувь хүний эрх, улс төрийн эрх чөлөөний мэдрэмжтэй болохоосоо өмнө “эх орон”, “ эх орны эрх чөлөө”-ний тухай мэдрэмжтэй фанатууд болсон байлаа. Чухам иймээс, 1990-ээд оны ардчилсан хувьсгал нь эхэндээ “хүн нь хар толгойгоо мэддэг” болох тухайд биш, харин “улс нь толгойгоо мэддэг” болохын төлөөх тэмцэл байсан бололтой.

Зөвлөлтөд өрнөсөн “Өөрчлөн байгуулалт”-ыг дагуулан өрнүүлсэн Монголын ардчиллын үйл явцыг дэлхий дахины өөр нэг үйл явдал орвонгоор нь эргүүллээ. Энэ бол социалист систем өөрөө ганхан нурж эхэлсэн явдал байлаа.

МАХН-ын Улс төрийн товчоог солихыг шаардаж, намыг солих биш, намын удирдлагыг багцаар нь солих замаар өөрчлөхийг шаардаж байсан тэмцлийн зорилго өөр боллоо. Одоо олон намын тогтоц, чөлөөт сонгууль, ардчилсан тогтоц, жам ёсны зах зээлийг шаардах боломж бүрдэв. Хувьсал нь хувьсгал болов. Ингээд олон нам, анхны чөлөөт сонгууль гээд бидний сайн мэдэх, хараахан түүх болж амжаагүй дурсамжууд бүтээгдэн үлджээ. (Түүх болоогүй гэдэг нь ийм учиртай. Болсон явдалд тэндээс төрсөн сэтгэгдлээрээ хандахаа больж, хөндлөнгөөс харах чадвар бүрдсэн цагт л үйл явдал “түүх” болон хувирдаг)

Монголд олон жил дангаараа ноёрхсон МАХН-ын ноёрхлыг устгах, тийм тогтоцыг алга болгохын төлөө тэмцэхээр олон шинэ нам байгуулагдлаа. Шинэ нам бүгд МАХН-ыг эсэргүүцсэн байдлаараа ижилсэнэ. Ийм учраас олон түмэн тэднийг “МАХН ба ардчилсан хүчнүүд” хэмээн хоёр хувааж харна. Дангаараа нэг тал болсон МАХН үргэлж хүчтэй. “Ардчилсан хүчнүүд” гэдэг ганц дээвэр дор орсон намууд нэгдвэл ялж, салбал ялагдана. Ард түмэн саналаа ерөнхийд нь хоёр хувааж талыг нь МАХН-д талыг нь “ардчилсан хүчин”-д өгдөг байснаас тэр.

Манай оронд олон нам байгуулах ямар ч туршлага байсангүй. Байсан ганц нам нь МАХН. Бүгд л тэрийгээ дуурайн бүтцийг нь хууллаа. Дүрмийг нь ч гишүүн элсүүлж батлах олгодог, намаас хөөдөг тэр хэвээр нь дуурайв. Бүгд л Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл гэхчлэн өөр өөрийн Улс төрийн товчоотой болов. МАХН-ын төв хорооны Бүгд хурал, бүгд хурлын гишүүдийн хуулбар нь АН-ын Удирдах зөвлөл ба түүний хурал байх жишээний.

1921 оны хувьсгалд оролцсон хүмүүсийг партизан хэмээн нэрлэж, тусгай тэтгэвэр тогтоон орон сууцаар эхний ээлжинд хангадаг байлаа. Ингэдэг л учиртай гэж итгэсэн монголчууд ардчилсан хувьсгалд оролцогчдоо партизан хэмээн авгайлж, хувь хувьсгалын боломжоороо байр сууцаар хангахыг хичээх болов. Ардын хувьсгалын ойгоор медаль гаргадаг уламжлал ёсоор ардчилсан хувьсгалын ойн медаль ч бас гаргалаа.

Бүтцийг нь дуурайсан төдийгүй түүхийг нь ч дуурайлаа. МАХН анх байгуулагдаад Коминтернд элсэн Зөвлөлтөөс тусламж гуйж байсан аж. Энэ жишгээр Социал демократууд Социнтернд, Ардчилсан холбоо Дэлхийн ардчилсан холбоонд элсэн “начингаа бататгав” гэгчээр намын дайтай нам болохоо харуулж, олшруулагч машин, компьютер мэтийн тусламж авчирлаа. Ардын хувьсгалын араас коминтерний төлөөлөгч нар ирж хичээл зааж байсан бол ардчилсан хувьсгалын мөрөөр зах зээлийн багш, “шинэ цагийн Маркс, Энгельс” болсон профессор Хироно, Азийн сангийн зөвлөх Севернхауз, Наар нар ирлээ.

МАХН нь “Үнэн” хэмээх төв хэвлэлтэй байсан учраас МСДН-ын “ҮГ”, МҮДН-ын “Эрх чөлөө”, МоАН-ын “Ардчилал” зэрэг өөр өөрийн “үнэн”-гүүд төрөв.

Ийнхүү, Монгол оронд ардчилал хөгжүүлэх, зах зээлийн эдийн засаг хөгжүүлэх үүргийг МАХН болон өөр өөр нэртэй “МАХН” бүтэцтэй намууд нуруундаа үүрлээ.

Энэ бүхэн зүй тогтол юм аа гэхэд, зүй тогтолтой байж боломгүй түүх хүртэл ижилсэх нь сонин. МАХН-ын хийсэн ардын хувьсгал өөрийн эцэг Д.Сүхбаатараа хувьсгалын дайсны гарт алдсан гэдэг бол ардчилсан хувьсгал хийсэн АН өөрийн эцэг С.Зоригоо “нэр үл мэдэгдэх дайсан”-ы гарт алдсан байдаг.

Хоёр. МАХН үхсэн ч МАХН мөнх

Ардчилсан алхам, шинэчлэл ба хуучин арга барилын зөрчил эндээс эхэлсэн. Үзэл суртал нь бүтээн байгуулалтаас хол түрүүлж явдаг арга барилд дассан ард түмэндээ намууд үзэл суртлаар л бэлэг барина. Зам тавьсан намаас илүү замыг шүүмжилсэн намд саналаа өгдөг ард түмэн байхад өөр яах билээ. МАХН-ын улс төрийн технологи хуулбарлагдав. Намын үзэл суртлын ажил нь нэрээ сольж ПИАР гээч болов.

Ингээд зогссонгүй. Төрийн албанд шургахын тулд эрх баригч (юмуу, эрх барихын даваан дээр байгаа) Намд элсдэг, намын удирдах бүрэлдэхүүнд нэг багтаад авбал хэрэг бүтдэг, намын удирдагч ба түүнийг тойрон хүрээлсэн Улс төрийн товчооныхны сэтгэлд юм хийчихгүй л бол тогтоод байдаг тогтоц аажмаар сэргэлээ. Чухам ийм байдлаас сэргийлэхээр дүрэмдээ суулгасан фракци жигүүрийн тогтолцоо нь харинч сөргөөр нөлөөлж, намын удирдлагаа шантаажлан, “Улс төрийн товчоо”-нд багтах, нутагших арга хэрэгсэл болов.

Намын ардчилал аандаа арилж, хуучин МАХН-ын үеийн “намын сахилга бат” сэргэж эхлэв. Намын удирдагчийн хувь заяа гишүүдээс хамаарах нь улам бүр багасч, харин ч гишүүдийн хувь заяа (төрийн алба хашихаас эхлээд бизнесээ аюулгүй хөтлөх хүртэл) дарга удирдагчийн үзэмжээс хамаарч эхлэв.

Ардчиллын “Үлгэр жишээ үлээвэр найрал” болсон АН ч гэсэн их хурлаа хийхээ больж, бүр ротациа ч зогслоо. Яг ХХ зууны МАХН-ын Улс төрийн товчоонд хэдэн нөхөд орж ирээд насаа бардаг байснаас ялгарах юмгүй болох тийшээ хэлбийв. Юу өөр болсон юм бэ?

Ардчилсан хувьсгалаар төрсөн намууд МАХН-тай гучаад жил тэмцэхдээ түүнээс дутахгүй МАХН болон хувирчээ. Одоогоос гучаад жилийн тэртээ гудамжинд гарч, улс оронд дангаар ноёрхсон МАХН-ын Улс төрийн товчоотой үзэж тарж байсан ардчилагчид өнөөдөр мөн л хөхөө өвлийн хүйтнээр өөрийн намд нь ноёрхлоо тогтоосон “Улс төрийн товчоо”-той үзэж тарж байна. “Бид юу хийчих нь энэ вэ” хэмээх гүн ухааны асуултыг бие биедээ тавилаа. Одоо яах вэ, намын даргын хувь заяа гишүүдээсээ хамаардаг ардчилал руу явсаар байгаад, намын гишүүдийн заяа төөрөг намын даргаасаа хамаатай системд хүрчээ. Энэ систем байгаа цагт хэнийг ч сонгоод амжилт олохгүй.

Гурав. ТЭР НАМ ҮХЖЭЭ

Асуултынхаа хариуг ардчилагчид эрж, намын даргаа сонгох сунгаа аяныг зарлажээ. Харамсалтай нь энэ алхам, өнгөц төдий засвар л болохоос биш шийдвэрлэх өөрчлөлт болж чадахгүй. Харин ч бүх гишүүдээс сонгогдсон, буулгаж хаяхын аргагүй “нам төрийн дарга” ба “улс төрийн товчоо”-той болж мэднэ. “Намайг их хурлаар л сонгосон учраас их хурлаар л солино” гэж хэлчихээд хурлыг нь хийлгэхгүйгээр хичнээн ч удаан тэссэн болно.

Өнөөдөр өрнөж буй намыг шинэчлэх хөдөлгөөн нь “улс төрийн товчоо”-г төрүүлдэг МАХН маягийн бүтцийг өөрчлөхийн төлөө чиглэсэн цагт сая амжилт олно. Гэхдээ нэн амаргүй.

Яагаад амаргүй байна вэ гэхээр, зөвхөн АН биш, МАХН-аас уламжлалтай Монголын улс төрийн намуудын тогтоц өөрөө хямарсан юм. МАХН маягийн тогтоц бүтэц нь яаж ч ардчилаад эцсийн дүндээ “улс төрийн товчоо” л бүтээдэг аж. Энэ хямрал нь манайд МАХН жинхэнэ утгаараа бие барж байгаагийн шинж. МАХН болон түүний өв, туршлагыг бид нам гэж ойлгож ирсэн ба өнөөдөр тэр нь нам үхжээ.

Одоо л Монголд ХХ зуун дуусч байгаа нь энэ бололтой. Монголын улс төрийн олон нам, ардчиллын түүх дөнгөж эхлэх гэж байгаа нь энэ. Гэхдээ энэ түүхийг МАН-ын оролцоогүйгээр эхлэх арга байхгүй. Зөвхөн АН-ын хямрал ч бус, ардчиллын үе шатанд зохицон ажилласан МАХН-ын үр хөврөл ба түүний ардчилсан хуулбаруудын нийтлэг хямрал юм. МАН хэнээс ч дутахгүй хямралтай байгаа бөгөөд “улс төрийн товчоо” руугаа тэмүүлсэн бүлэглэлүүдийн дажинд туйлдан байгаа. Ийм учраас намыг шинэчлэхийн төлөө бус нам хэмээх сүлжээний бизнесийн оройд гарахын төлөө л тэмцэхээс өөр гарц ч харагдахаа байсан байна.

Тийм учраас улс төрийн тогтолцооны шавар намгаас хамтаараа л гарах байх. Яг нарийндаа бид л хоёр тусгай юм болгож хараад байгаагаас биш АН, МАН нэг юмны хоёр үзүүр болсон.

Ер нь, улс төр бизнесийн томоохон бүлэглэлүүд энэ хоёр намын аль ч ялсан “манай тал ялсан” байхаар хүчний хуваарилалт хийсэн нь ч нууц биш. (Ингэхэд, Зүүн Герман олон намтай байсан, одоогийн Хойд Солонгос олон намтай, бүр БНАСАУ-ын Социал демократ нам гэж хүртэл байдгийг мэдэх үү? Кк)

Дөрөв. ТҮҮХ ИНГЭЖ ДУУСЧ БАЙНА

Нам үхэж байна. Үнэн хэрэг дээрээ намын тухай бидний хуучин ойлголт сүйрч байна. Нарийвчлан хэлбэл “МАХН-нан нам” үхэж байгаа юм. МАХН ч юу байхав ийм тогтоц дуусч байна. Дуусахдаа өөрийг нь хуулсан бүхэнтэй хамт ялзарч байна.

Монголчуудын ХХ зуун 1900 оны нэгдүгээр сарын 1-нд эхлээд 1999 оны арванхоёрдугаар сарын 29-нд календарийн утгаараа дууссан байх. Харин нийгэм, улс төрийн утгаараа 1907 онд эхлээд 2020-иод онд дуусч байгаа бололтой. 1907 онд болсон Орос-Японы нууц гэрээгээр өнөөгийн манай улсын нутаг дэвсгэр, болон улс төрийн хувьд хэнээс хараат байх асуудал үндсэндээ зурагдсан юм. 1911 оны ба 1921 оны хувьсгал, МАХН болон МАХН бүтэцтэй олон намын тогтоц, тусгаар тогтнол чухам түүний мөрөөр өрнөсөн. Хэдийгээр 1990 онд ардчилсан хувьсгал ялж, Зөвлөлтийн нөлөөнөөс өнгөн талаасаа гарсан боловч МАХН маягийн улс төрийн намын тогтоц, тэр үед тогтсон нам ба улс төрийн хүмүүжил, ганц хөршийн олон хамаарал бараг хэвээрээ явж ирлээ.

Өнөөдөр, манай оронд болоод дэлхий даяар болж байгаа үзэл санааны зөрөлдөөн тэмцэл нэг л эхтэй. Нэг нь шилдэг ардчилсан үзэл баримтлаад, нөгөө нь харгис дарангуйллын номлол дагаад байгаа мэт харагдавч уг шалтгаан өөр. Үнэн хэрэгтээ ёс суртахууны янз бүрийн түвшингийн зөрүүнээс үүдсэн тэмцэл л явж байгаа, яг нарийндаа мораль хоорондын дажин болж байгаа гэж үзэж байна. Манайд ч гэсэн МАН ба АН хоёрын хооронд ёс суртахууных нь үнэлэмжээс үүдсэн дайн хэсэг зуур болсон. Дайны явцад хоёр нам ижилдсээр байгаад нам хоорондын дажин гэхээсээ илүү намын доторх ёс суртахууны янз бүрийн үнэлэмжтэй бүлэглэлүүдийн дайнд хүргэж хувирсан.

….Ийм нөхцөлд нэг нам ганцаараа сайжрах ямар ч бололцоогүй. Сайжирч гэмээнэ өөрөө мөхөх аюултай. Нарийн яривал, намуудын толгойд тусгүй хүмүүс гараад муу болгоод байгаа нь зөвхөн харагдах тал нь. Үнэндээ, үеэ өнгөрөөсөн муухай систем дотор тогтнохын тулд намууд муухай орчинд нь уусан нэгдэхээс ч аргагүй байдалд ороод байна. Сонин байгаа биз, муу муухай байгаа нь оршин тогтнох арга болно гэдэг нь.

Юуны өмнө, улс төрийн тоглоомын дүрмээ шинэчлэх ёстой. Гэхдээ, хуучин бүтцээрээ, янз бүрийн нэртэй “МАХН”-ан намуудтай хэвээрээ байвал тоглоомын дүрмээ шинэчлээд ч нэмэргүй. Угаасаа, МАХН маягийн намууд шинэчлэгдэх боломжоо шавхсан. Намууд доторх эрүүл саруул сэтгэлгээтэй хүмүүс тэндээс гарч шинэ нам байгуулах нь бүр ч аюултай. Учир нь, АН, МАН хэмээх хүчирхэг пирамидын толгойг зүй бусын этгээдүүдэд найр тавьснаас ялгаагүй хэрэг болно. Бас тэд нам дотроо байх ч аюултай. “Улс төрийн товчоо” нь эрүүл саруул сэтгэлгээтэй хүмүүсийг дайснаа гэж үзэн хяхах болно. Эрүүл саруул сэтгэлгээ, ёс суртахуунд орших зай алга байгаа биз. Ийм болохоор нам үхэж байгаа хэрэг.

Монголын улс төр, жинхэнэ утгаараа шинээр эхлэх ёстой. Шинээрээ эхлэхийн тулд бүгдэд шинэ гараа хэрэгтэй. Шинэ гараа бол намуудыг шинэчлэн бүртгэх. Хуучин нэрийг хэн ч өвлөхгүй. Өнгөрсөн үеийн давуу байдлыг хэнд ч найр тавихгүй. Чухам эндээс тоглоомын шинэ дүрмээ мөрдсөн намууд дахин төрөх болно. Монголын улс төрийн хуучин түүх дуусч, шинэ түүх эхлэх боломж энд л бүрдэнэ. Нэг түүх дуусахгүйгээр нөгөө түүх эхлэх боломж гардаггүй билээ. Нам үхжээ. Нам төрнө.

Жич: Нэгэнт үеэ өнгөрөөсөн, нурж байгаа тогтоцыг тулах гэж оролдох шиг аюултай юм байхгүй, жам ёсны хувьсалд тээг садаа болоод зогсохгүй өөрөө дарагдаж үхдэг номтойг гүн ухаантнууд сануулсаар ирсэн дээ.

2016.12.21

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар 30 асуудал хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар нийт 30 асуудал хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Засгийн газраас нэн яаралтай дэгээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ХХААХҮ-ийн сайдыг томилох, ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, БСШУС-ын сайдыг огцруулах тухай Ерөнхий сайдын санал багтжээ.

Мөн чуулганаар Нотариатын тухай, Эрүүл мэндийн тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн ирэх оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуультай холбоотой УИХ-ын дөрвөн тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.

Энэ долоо хоногийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хаалттай горимоор мэдээлэл хийнэ. Мөн “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын талаар Д.Эрдэнэбат гишүүнээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхийлөгчийн мэдээлэл, Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг баасан гарагт хэлэлцэнэ.

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар өнөөдөр ХХААХҮ-ийн сайдыг томилно

УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар нийт 30 асуудал хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Засгийн газраас нэн яаралтай дэгээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ХХААХҮ-ийн сайдыг томилох, ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, БСШУС-ын сайдыг огцруулах тухай Ерөнхий сайдын санал багтжээ. Мөн чуулганаар Нотариатын тухай, Эрүүл мэндийн тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн ирэх оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуультай холбоотой УИХ-ын дөрвөн тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ. Энэ долоо хоногийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хаалттай горимоор мэдээлэл хийнэ. Мөн “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын талаар Д.Эрдэнэбат гишүүнээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхийлөгчийн мэдээлэл, Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг баасан гарагт хэлэлцэнэ.

Categories
мэдээ цаг-үе

С.Ганбаатар: Эд нар гэдсэндээ хөлөө жийлцэж байгаа нь сайн цагийн эхлэл

МАХН-ын дэд дарга С.Ганбаатартай ярилцлаа.


-Танай нам ойрд нам жим байлаа. Ямар ажил амжуулж байна даа?

-Бид тун завгүй байгаа. Аймаг, дүүргүүдээ 2-3 удаа тойрлоо. сүүлд дундговь, Төв аймгуудад ажилласан. Бид ард түмэндээ Шинэ дээд хуулийнхаа төслийн талаар танилцуулж, санал бодлыг нь хуваалцаж байна. Энэ хуулийн үзэл санаа бол өнөөдрийн УИХ дахь ясаа булаалдсан ноход шиг уралцаж буй байдлыг таслан зогсоох зорилготой юм.

-Өмнөх парламентад гишүүн байсан танд өнөөгийн улс төрийн нөхцөл байдал гаднаас ямар харагдаж байна вэ?

-Шүүх тогтолцоо нь шударга бус байгаа газар хүчирхийлэл тогтохоос өөр аргагүй байдалд ордог. өнөөдрийн энэ олон зүйлүүдийн үндсийн үндэс нь шүүх прокурор, АТГ гээд хүчний байгууллагууд хэтэрхий нэг талыг барьсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, шударга ёсыг бариагүйгээс энэ байдал үүсч байгаа. Монголчууд энэ улс төрөөс үнэхээр залхаж байна шүү дээ. Би ч өөрөө улс төрд дуу хоолойгоо нэлээд өндөрт өргөдөг хүмүүсийн нэг. Гэхдээ бид эх орноосоо, ирээдүйгээсээ, үр хүүхдүүдээсээ залхаж болохгүй. Энэ утгаараа Монголын ард түмэн өнөөдөр улам идэвхтэй, сонор, хариуцлагатай байх цаг үе ирж байна.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр гар нийлээд УИХ-ын даргыг өргөдлөө өгөхийг шахаж байгаа. Нэр бүхий таван гишүүн өнгөрсөн долоо хоногт чуулганы үүдэнд суулт зарлаж, чуулган хуралдаагүй. Сайдаа ч томилж чадахгүй удлаа. МАН-ын хэрүүл төрийн үйл ажиллагааг гацаагаад байна шүү дээ?

-МАНАН хоёр толгойтой болчихлоо. Ард түмэнд хоёр МАНАН-гийн зовлон үүслээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн нэг залуухан МАНАН байна. Ардчилсан намын удирдлагууд, УИХ-ын даргаар толгойлуулсан бас нэг МАНАН байна. Энэ хоёр МАНАН хоёулаа ард түмэнд гай тарьж байгаа. Үнэндээ тэдэнд гурван сая монголчуудын эрх ашгаас илүү ЖДҮ, концесс, Оюу толгойд бараа шахах эрх ашиг нь чухал болжээ. Тэд энэ бялуугаа багадлаа гэж төрийн ажлыг анхаарах сөхөөгүй хөнөөлдөн тэмцэлдэж байгаа нь харамсалтай.

-Нэр бүхий гишүүд танхимын нөхдөө бүрэн эрхээсээ татгалзаж ЖДҮХС-гаас зээл авсан эсэхээ шалгуулахыг уриалсан. МАН-ын хагарал улам л гүн рүүгээ яваад байна уу даа?

-УИХ-ын гишүүд төрдөө тангараг өргөсөн хүмүүс. Тангараг гэдэг бол эрх дарх биш. Энэ бол хариуцлага, ёс зүй. Шуудхан хэлэхэд тэд шалгуулах гэж тангараг өргөсөн. Ард түмэн, сонгогч олныхоо итгэлийг авч УИХ-д гарч ирчихээд ЖДҮ-дээд байна шүү дээ. Тэд ард түмнээ төрд төлөөлөх үүргээ биелүүлэхгүй харин ч биднээр тэжээлгээд байгаагаа болих хэрэгтэй.

-Шинэ жил дөхлөө. МАН-аас зохион байгуулдаг “Алтан сарнай” гэж сүрхий наадам нь хүртэл болох эсэх нь бүрхэг байгаа бололтой. Удахгүй зуун жилийнхээ ойг тэмдэглэх энэ намын лидерүүд эвлэлдэхээсээ өнгөрөв бололтой гэж улс төрийн хүрээнийхэн ярьцгааж байна. Харин та юу гэж бодож байна?

-Би 2011 онд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн байхдаа “Алтан сарнай”-н эзэн болж байсан шүү дээ. Үүний дараагаар намайг МАН-д элсч 2012 оны сонгуульд нэр дэвших нь гэж хүртэл шуугьж байв. Гол нь МАН үзэл санааны нэгдэл байж чадахгүй боллоо. Тэд бүлэглэл, хувийн явцуу эрх ашиг, мөнгөний төлөөх нэгдэл болж хувирлаа. Ямар ч нурах байшин дотроосоо гэдэг шиг тэд өөрсдийнхөө төгсгөлийг хурдасгаж байна.

Ер нь МАНАН иргэний хөдөлгөөний зарим нэг хүмүүсийг бузарлаж байгаа. Бүх юмыг мөнгөөр шийдэх гэж оролдож байна.

-Та жагсаал цуглаан гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь хийж байсан хүн л дээ…

-Тэр үед бүх телевиз бидний эсрэг байлаа. Цөөхөн хэдэн сонин, хэвлэл онцгой дэмжиж байсныг нуугаад яахав. Цагдаа нь биднийг алчих гээд л. Шилбийг маань хавдтал өшиглөөд л. Энэ бол яг үнэнээсээ иргэний хөдөлгөөнүүдийн цуглаан байсан юм шүү. Гэтэл энэ МАНАН эрх жижиг хөдөлгөөнүүдийг бузарлаж дууслаа. Би энэ хоёр намын зөв шударга олон гишүүдийг хамруулж хэлээгүй. МАНАН гэдэг бол Ардын нам доторх луйварчин бүлэглэл, Ардчилсан намын луйварчин бүлэглэлтэй нийлж, Монгол орныг түйвээж идэж уудаг шударга бус байдлыг хэлж байна. Монгол оронд нар мандаж, сайхан шударга цаг үе ирэх боломж бүрдлээ. Эд нар өөрсдийнхөө янз бүрийн өвчний идээ бээрийг ил гаргаж байна. ЖДҮ туссан хүмүүс бүгд тодорчихлоо. Энэ ер нь эдгэрдэггүй өвчин. Шинэ гишүүд ихэнх нь ЖДҮ туссан байна лээ. Би үүнийг хараад УИХ-д олон жил суусан архаг ЖДҮ-чид нь шинэ ЖДҮ-чидээ яаж цэвэрхэн ЖДҮ-дэхийг зааж хэлээгүй байна даа гэж бодож байлаа. ЖДҮ бол цаад утгандаа хүмүүсийн мөрөөдлийн дээрэм гэсэн үг. Бизнес дөнгөж эхлүүлэх гэж байгаа хүмүүс мөрөөдлийнхөө төлөө хамаг байшин барилга, амь амьдралаа барьцаанд тавиад эрсдэлтэй алхам хийхээр зүтгэж байгаа. Олон улсын түвшинд ЖДҮ-ийн зээл алдагдалтай байдаг. ЖДҮ-ийн зээл гэдэг бол хөл дээрээ боссон MCS, АПУ гээд том том компаниудын дараагийн үеийг бэлдэхийн тулд Засгийн газраас татварын мөнгөөр санхүүжиж байгаа нийгмийн хөтөлбөр юм. Гэтэл үүнийг тогтсон том компаниуд бидний сонгуулиар сонгож гаргаж ирсэн тэр итгэлийг алдаж, хүмүүсийн мөрөөдлийг дээрэмдэнэ гэдэг бол аюултай гэмт хэрэг. Энэ ганц ЖДҮХС дээр биш, өшөө олон санд ч хамаатай.

-Та сая хуучцуул нь шинэ гишүүддээ ЖДҮ-дэхийг олигтой зааж өгөөгүй байна гэлээ. Тэгвэл таны үед их цэвэрхэн ЖДҮ-дэж байжээ?

-Би УИХ-ын гишүүн байхдаа Монголбанкны мөнгө хэвлэдэг олон луйврыг хэлэхэд Ардчилсан нам, Ардын намынхан хамтарч над руу дайрдаг байлаа шүү дээ. Мань мэт шиг эдгээр хүмүүстэй тэмцэгчид нь багасчихаар хоорондоо мундраагаа хутгаж байна л даа. Миний үед ЖДҮ-ээс том, том хэргүүд байсан. Дубайн гэрээ, Оюу толгойн гэрээ, Монголбанкны мөнгө хэвлэх том гэмт хэрэг гэх мэт. Ямар сайндаа Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа “Босоо Ганбааг хэвтүүлнэ ээ” гэж хэлж байсан. Одоо би босоо хэвээрээ л байна. Тэр маань харин хааччихав даа. Үндсэндээ хууль зөрчигч нартай тэмцэнэ гэдэг маш аюултай ажил. Харин эд нар гэдсэндээ хөлөө жийлцэж байгаа нь сайн цагийн эхлэл. Хоёр хуваагдчихаад байгаа МАНАН-гийн энэ үзэгдэл зул бөхөхийнхөө өмнө бадамлана гэдэг шиг л болж байна.

-Одоо тэдэнд ямар гарц байж болох вэ?

-Шударга байх, зөвшилцөлд хүрэх хамгийн чухал. Айн Рэнд “Ард түмэнтэйгээ зөвшилцөхгүйгээр зөвхөн эрх баригчид хоорондоо зөвшилцөх гэж оролдох юм бол фашизм болно” гэж хэлсэн байдаг даа. Манай фашизм дуусч байна гэсэн үг. Эрх баригчид хоорондоо зөвшилцөж чадахаа болилоо. Тендер дээрээ, ЖДҮ дээрээ, албан тушаал дээрээ ойлголцохоо болилоо. Монголд зөвшилцөл хэрэгтэй. Эд нар яагаад Оюу толгой, Эрдэнэтийн 49 хувь, Таван толгойг ярихаа больчихов. Жинхэнэдээ өөр өөрсдийнхөө жижигхэн эрх ашиг дээрээ асар ихээр үзэлцэж байна. Уг нь Монголынхоо нэг том эрх ашгийг бариад тэрэн дээрээ хоорондоо зөвшилцөж, нэгдэх ёстой. Үл ойлголцол гарах юм бол шинжээчдийн дүгнэлт гардаг. Энэ УИХ, Засгийн газар хоорондоо бие биеэ их зовоож байна. Дандаа хувь хүн ярьцгаах юм. Аугаа хүн үзэл санааг ярьдаг. Дунд хүмүүн үйл явдал, болсон явдлыг ярьдаг. Адгийн хүмүүн хүн ярьдаг. Би бол баялгийн эх оронч үзлийг байнга ярьсаар ирсэн. Харин эд нар хэтэрхий их хүний тухай ярьж байгаа нь асуудал үзэл санаан дээрээ төвлөрч чадахгүй байгаагийн шинж.

-Та түрүүн МАНАН-г устаасай гэсэн. Тэгээд хэнийг төрд сонгох юм бэ?

-Хоёр МАНАН-гийн оронд бидний ярьж байгаа үзэл санааг ард түмэн сонгооч ээ гэж хэлмээр байна. Хэн ч төрд гарсан бай ингэж яс булаалдсан ноход шиг уралдахгүй ээ. Бидний хуулинд ЖДҮ-дэх юм уу, Оюу толгой, Дубайн гэрээ шиг хийсэн зүйлийг шүүдэг шүүгчийг ард түмнээс сонгоё гэж байгаа юм. Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй байдаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар гурав гурваар нь тавьдаг. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг тойрсон мафийн бүлэглэлүүд, дархлагдсан хулгайч нар хүн алахаас бусдыг хийж болно гэсэн үг болчихож байгаа юм. Юун Оюу толгой, Таван толгой. Бүгдийг цөлмөж хулгай хийж болно. Тэдэнд хууль үйлчлэхгүй. Яагаад гэвэл хулгай хийх магадлалтай хүмүүс өөрсдийгөө шүүх хүмүүсийг томилоод байна гэсэн үг. Тэгвэл бидний ярьж байгаа үзэл санаагаар Цэцийн есөн гишүүнийг ард түмнээс сонгодог болъё гэж байгаа.

-Хачин, хачин хүмүүс сонгогдох юм биш үү?

-Тэгвэл Цэцийн гишүүдийг өнөөдөр хэн сонгож байгаа юм бэ. Банкны эзэд, шүүгч нарыг сонгож байна. Ерөнхий шүүгчийг Худалдаа хөгжлийн банк сонгосон гэдгийг бүгд мэдэж байгаа. Эрдэнэтийн 49 хувийг ард түмнээс булаагаад аваад өгсөн. Энэ тэнэг байдлыг зогсоохын тулд шүүгч нар ард түмнээсээ байгаач ээ. Энэ нь 1990 оноос өмнө байсан л зүйл шүү дээ. Хоёрдугаарт, уул уурхайн баялаг бол одоогийн Үндсэн хуулиар төрийн өмч. Тэгвэл бид ард түмний дундын өмч байлгах саналыг дэвшүүлж байгаа. Энэ үзэл санаа, Шинэ дээд хуулиа батлахад бид бүх цаг хүчээ зарцуулж байна.

-Хэнтий дэх УИХ-ын нөхөн сонгууль болох нь тодорхой болсон. Танай нам хэнийгээ нэр дэвшүүлэх вэ?

-МАХН-аас албан ёсоор хуралдаж, хэнийг дэвшүүлэхээ шийднэ.

-Нэг хэсэг тэнд танай намын даргыг гэр бариад , сонгуулийн штаб байгуулсан гээд л яригдаад байсан?

-Бид тэмцэлд үргэлж бэлэн байдаг. (инээв)

-Ингэхэд Хөдөлмөрийн үндэсний нам(ХҮН)-ын залуу “Улс төрийн туршлагагүй учраас намаа С.Ганбаатар гэдэг хүнд эзлүүлчихсэн” гэж ярьж байсан. Та энэ намыг байгуулаагүй юм уу?

-ХҮН-ын нэрийг би өгч, миний залуучууд байгуулсан гэдгийг Монгол даяар мэдэж байгаа шүү дээ. Боловсролтой сайхан залуус ч дэмжсэн. Би тэдэнд тамга гэрчилгээгээ хадган дээр тавиад өгч байсан. Тэрнээс юу гэж энэ намыг эзлэх билээ дээ. Дээр нь миний бие УИХ-ын гишүүн байхдаа жил болгоны Сант маралын судалгаагаар ард түмний хайр хүндэтгэлийг татсан нэг, заримдаа хоёр номерын улстөрч байлаа шүү дээ. Энэ их итгэл найдвар залуу хүнийг улс төрд ороход хэрэг болдог юм бол болоосой гэж бодсон. Гэтэл тэр залуус хурлын заалаар хангаж тусалж байсан хүмүүсээ хүртэл муугаар ярьж байна лээ. Би тэр Доржхандын ярилцлагыг үзсэн. Ерөнхийлөгчийн сонгуулиар тэд миний эсрэг мэдэгдэл гаргаж байсан. Тэр үед дуугүй л өнгөрсөн. Уг нь ХҮН-ыг анх үүсгэн байгуулсан хүн нь Ерөнхийлөгчид дэвшиж байхад тэд дэмждэггүй юм аа гэхэд дуугүй байх ёстой. Хоёрдугаарт, ХҮН-ын нэг залуу телевизээр ярилцлага өгнө лээ. Ер нь адгийн хүн л хүн ярьдаг юм шүү дээ. Хүний лааг үлээвэл өөрийнх нь лаа тодорч асдаг гэж бодож байгаа бол алдаа хийж байна даа гэж хэлмээр байна. Тэгээд ч хүн муу хэлж өөрийнхөө рейтингийг өсгөдөг улс төр хаана ч байдаггүй юм, энэ дэлхий дээр. Тухайн үедээ тэд хоёр тэрбум, түүнээс ч илүүгээр суудлаа зарна гэж хэсэг ярьсан. Үүнд нь би дургүйцсэн. Намайг АН, МАН сайд болооч гээд урьж байсан үе шүү дээ. Энэ болгоныг хойш тавиад жирийн залууст боломж өгөхөөр хичээж байсан. УИХ-ын суудлыг зарахыг би хэзээ ч зөвшөөрөхгүй гээд л бидний хооронд хагарал үүссэн дээ. Үүнээс өөрөөр би яримааргүй байна. ХҮН-ын залуучууддаа өндрөөс өндөр амжилт гаргахыг хүсч байна.

-Та бүхний санаачилсан Шинэ дээд хуулийн төсөл засаглалын ямар хэлбэрийг сонгож байгаа вэ?

-Бид Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өнөөдрийн Ерөнхий сайд шиг гүйцэтгэх эрх мэдэлтэй байх ёстой. Харин УИХ хууль тогтоох эрх мэдэлтэй байна. АИХ, УБХ гэж байсан шиг дээд, доод гээд хоёр танхимтай байхыг дэмжиж байгаа.

-Манай улсын онцлогт Ерөнхийлөгчийн засаглал тохиромжгүй гэдэг шүү дээ?

-Үүнийг бид дангаараа шийдэхгүй. Нийт ард иргэдээрээ асууж байгаа. Олон эрдэмтэдтэй ярилцаж байгаад ийм санал гаргаж ирсэн. Өнөөдөр сайд дарга нарыг шүүдэг шүүгч гэж байхгүй болсон. Сайд дарга нарын бүлэглэлийн халаасанд шүүгчид орсон байдлыг өөрчлөхгүй л юм бол манай орон өөр болохгүй. Засгийн газар өөрчлөгдөж байж улс орны хувь заяа өөрчлөгддөг гэсэн үг байдаг. Гэтэл манайд фракц бүлэглэлүүд нь өөрчлөгдөөд байдаг. Одоо банкууд, гадаадын том үндэстэн дамнасан уул уурхайн компани гэсэн хоёр бүлэглэл манай шийдвэр гаргагчдыг барьцаалсан. Манай УИХ, Засгийн газар ард түмнийх биш. Барьцаалагдсан УИХ, Засгийн газар болсон. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд хэн нэгэн мандан бадаръя гээгүй. Харин ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө л хийе гэж байна.

-Та улс төрийн хямралаас гарах арга зам бол зөвшилцөл гэж хэдэнтээ хэллээ. Ерөнхий сайд, УИХ-ын даргын төлөөний хүмүүс саяхан уулзаад зөвшилцөж чадаагүй байна лээ…

-Улстөрчид зөвшилцөхийн тулд асуудлаа мэргэжлийн хүмүүсээр нь дүгнэлт гаргуулах ёстой. УИХ-ын гишүүд бүгдээрээ уул уурхайн инженерүүд болчихдог. Эсвэл бүгдээрээ хоньчин, ямаачин болоод давхичихдаг. Одоо манай Засгийн газрын ордныг ЖДҮ-ийн ордон гэдэг болж. Дотор нь 45-ын гутал үйлдвэрлээд байгаа гэсэн. Энэ онигоогоо одоо зогсоох цаг нь болсон.

-ЖДҮ-дсэн гишүүд хууль батална гээд сууж байгаад ард түмэн бухимдалтай байгаа. Хэн ч улс төрд гарч ирсэн адилхан өөрийнхөө ашиг сонирхлыг л тэргүүнд тавина байх?

-ЖДҮ эдгэрдэггүй өвчин гэдгийг дахин хэлье. Туссан бол шууд тайрч хая. 2019 он юм уу, дараагийн сонгуулиар ЖДҮ өвчнөөсөө салах цаг болсон. Ямар ч эвдэрхий цаг өдөрт хоёр удаа зөв заадаг шүү дээ. Энэ утгаараа Монголын улс төрд ЖДҮ илэрнэ гэдэг сайны тэмдэг. Энэ илрэхгүй бол бүр ч бугших байсан.

Монголын улс төрд алдаа гарсан. Хууль шүүх байхгүй болох цагаар хүчирхийлэл ноёлдог. Зөвхөн хэн чанга дуугарсан. Хэн сайн чанга дуугарч, сошиалд бүүстэлсэн нь өнөөдөр ялах хэмжээнд очлоо. Эндээс фэйсбүүкийн эзэн Цукерберг л хожиж байгаа гэдгийг санах хэрэгтэй.