Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сарын 21-нд болох үйл явдал

08.00 цагт Улсын Ерөнхий прокурорын газрын гадна талбайд иргэдэд зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлж байгааг эсэргүүцэж иргэн Б.Батдэлгэр жагсаал зохион байгуулна.

10.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүний эрүүл мэндийн нийт зардлыг өвчний ангиллаар олон улсын аргачиллын дагуу тооцоолон гаргасан талаар мэдээлэл хийнэ. Утас: 88027947

09.00 цагт ХСИС-д “Хар тамхины гэмт явдал, шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88115446, 86003108

09.00 цагт Богд хааны ордон музейд Богд хааны түмэн өлзий гийсний 150 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан “Богд хаан 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт МУИС-ийн төв байан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Гавьяат хуульч, доктор Жаргалсайханы Энхсайханд МУИС-ийн Хүндэт доктор цол олгоно.

10.00 цагт Улаанбаатар чуулгын байранд Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын дунд зарласан болзолт уралдааны дүнг танилцуулна. Утас: 327968, 96334405

11.00 цагт “Туушин” зочид буудалд “Тархины харвалт ба зүрхний шигдээс төсөл”-ийн таван жилийн тайланг танилцуулна.

11.00 цагт ЭМЯ-нд Шинэ жилийн бэлэг, хоолны хордлого, томуу томуу төст өвчний талаар урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө. Утас: 99179899, 86885060

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Гутайн давааг Улсын тусгай хамгаалалтад авах талаар Хэнтий аймгийн Батширээт сумын иргэд, малчид мэдээлэл хийнэ.

12.30 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд “1:2 хөтөлбөр”ийн хүрээнд 120 сувилагч ажлын байраар хангасан талаар мэдээлэл хийнэ. Утас: 99179899, 86885060

14.00 цагт Хангарьд ордонд “Нийслэлийн шилдэг хүүхэд”, “Нийслэлийн хүүхдэд ээлтэй байгууллага” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 99736124 88013454

14.00 цагт Нийслэлийн гэр бүл хөгжлийн газрын хурлын танхимд “Монголын эрэгтэйчүүдийн боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн асуудал” хэлэлцүүлэг болно. Утас: 94701470, 99187024

14.00 цагт МУБИС-ийн зайны сургалтын төвд “Цахим хичээлийн бэлтгэл” практик сургалтын хаалтын арга хэмжээ болно. Утас: 99185270, 99282002

14.00 цагт Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд “ЖДҮ-ийн өнөөгийн байдал, хөгжлийн боломж” арга хэмжээ болно. Утас: 80128821

17.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд Оны шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулах “Энтрепренер-2018” ёслол болно. Утас: 325374

Categories
мэдээ цаг-үе

Б.Цогбаяр: Малчдын хүүхдүүдийн гуравны нэг нь дотуур байранд амьдардаг

Норвегийн тусламжийн байгууллагын төслийн зохицуулагч Б.Цогбаяртай ярилцлаа.


-“Хүүхэд хөгжил” төслийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Норвегийн тусламжийн байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл л дөө. Тус байгууллага 1994 онд төлөөлөгчийн газраа Монголд нээж байсан юм. 24 жилийн хугацаанд нийгэм, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт урт хугацааны төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. “Хүүхдийн хөгжил” төслийн хоёрдугаар шат 2018 онд хэрэгжээд дуусч байна. Нэгдүгээр шат нь зөвхөн Ховд аймагт хэрэгжсэн. Хөдөө сумын дотуур байрны хүүхдүүдийг сэтгэл зүйн хувьд илүү таатай орчинд амьдрахад тусалсан төсөл л дөө. Хоёрдугаар шат нь 2014 оноос Баян-Өлгий, Ховд аймагт хэрэгжсэн. Баян-Өлгий аймагт дотуур байртай 29 сургууль байдаг юм билээ. Харин Ховдод 17 сургууль байдаг. Төслийн багийн хамт олон энэ бүгдэд хүрч ажилласан. Хөдөөний багийн малчдын хүүхдэд хүрч ажилласан гэж ойлгож болно.

-Төсөл хэрэгжихээс өмнө дотуур байрны аж байдлыг танай төслийн багийнхан судалж үзсэн байх. Дотуур байранд хүүхдийн эрх олон талаар зөрчигддөг шүү дээ?

-Төслийн суурь судалгааг 2008 оноос хийсэн. Ингээд л баруун аймгуудад хүүхдийн, эрүүл мэндийн чиглэлийн төслүүдээ хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Тухайн үед эрүүл мэнд нийгмийн үзүүлэлтээрээ доогуур байсан л даа. Зургаан настай хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлж эхэлсэн үе шүү дээ. “Тэр нялх амьтан дотуур байранд байж чадах юм уу” гэсэн асуудал хөндөгдсөн. Дотуур байранд бага насны хүүхдийг амьдруулахын тулд материаллаг орчин гэхээс илүү сэтгэл зүй, хүмүүжил талаас нь дэмжиж өгөх хүн хэрэгтэй байсан. Багш нар нь мэргэжлийн бус бага насны хүүхэдтэй ажиллах чадвар багатай хүмүүс байсан. Зөв хандлагатай хүмүүс дутагдаж байсан гэсэн үг. Таван жилийн дараа харахад багш, ажилтан, сургуулийн удирдлагуудын хандлага өөрчлөгдсөн байсан. Дотуур байранд засвар үйлчилгээ хийдэггүй, төрөөс олгож буй жаахан төсөв нь хүрэлцээ муутай байсан л даа. Харин өнөөдөр Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, олон нутгийн хөгжлийн байгууллагуудаас төсөв татаж дотуур байранд зарцуулдаг болсон. Хандлага нь өөрчлөгдсөн байна шүү дээ. Үүний тулд бид дотуур байранд амьдарч буй хүүхдүүдээр орчинг нь үнэлүүлсэн. Энэ үнэлгээнд үндэслэж аль үзүүлэлтийг сайжруулах хэрэгтэйг сургуулийн удирдлагууд, сум орон нутгийнхан хамтарч төлөвлөгөөгөө боловсруулж сурсан.

-Гэр бүлийн хайр энхрийлэлд хүмүүжсэн хүүхэд, дотуур байранд хүмүүжсэн хүүхэд эрс тэс өөр байгаа нь ажиглагддаг. Дотуур байрыг боловсон шорон ч гэдэг?

-Нөгөө талаас нь харвал дотуур байранд өссөн хүүхэд бие дааж сурдаг. Нэг багшид оногдож буй хүүхдийн тоо маш их байгаа. Энэ нь өнөөх төсөв санхүүтэй холбоотой асуудал. Дотуур байранд хатуу чанга мөрддөг стандарттай байх хэрэгтэй юм шиг. Жишээ нь, 50 хүүхэд тутамд нэг багш байх ёстой, 51 болчихвол дахин нэг багш гаргаж өгдөг байх. Асрамжийн газартай адилтгах хандлага байдаг ч тийм түгээмэл биш. Дотуур байранд цөөн тооны хүн ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Дотуур байрны багш сурган хүмүүжүүлэгчдийг чадваржуулснаар хүүхдүүд дэмий сэлгүүцэх, гэрээ санах нь багасна гэсэн үг л дээ. Өөрийгөө хөгжүүлэх, чадваржуулахад цаг зарцуулж байгаа юм. Тэр боломжийг чадварлаг багш ажилчид гаргаж өгдөг болсон.

-Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд үүргээ биелүүлж анхаарал тавихгүй байх шиг?

-Дотуур байранд малчдын хүүхдүүдийн гуравны нэг нь л сууж байгаа. Үлдсэн нь нь хамаатан, ах дүүгийндээ байдаг. Эцэг эхчүүд дотуур байранд хүүхдээ авчирч орхиод л алга болчихдог асуудал бол төсөл эхэлж байхад ажиглагдсан зүйл. Үүнийг анзаарч эцэг эхийн оролцоог сайжруулах төсөл ажилласан. Эцэг эхийн нэг өдөр гэх үйл ажиллагааг зохион байгуулж хүүхдийнх нь амьдарч буй орчинтой танилцуулсан. Үүний үр дүнд эцэг эхчүүд оролцох шаардлагатайг ойлгосон л доо. Эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдсэн. Бид 2014-2015 оны хичээлийн жилд судалгаа хийж дотуур байранд амьдардаг хүүхдийн сурлагын дүнг гэртээ эцэг эхийн халамжид байдаг хүүхдийнхтэй харьцуулж үзсэн л дээ. Хөдөө орон нутгийн дотуур байранд амьдардаг хүүхдийн сурлагын дүн бусдаасаа доогуур гарсан. Харин Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн дотуур байрны хүүхдүүдийн голч дүн гэртээ суудаг хүүхдүүдийнхээс өндөр үзүүлэлттэй гарсан. Хөдөөгийн дотуур байр, төвийн дотуур байр хоёрын сурлагын үзүүлэлт өөр гарсан. Эндээс хүүхдийн сурлагад эцэг эхийн оролцоо чухал нь харагдсан. Хот газрын эцэг эхчүүд ажил амьдрал гээд хүүхдэд хангалттай цаг зав гаргадаггүй юм байна гэх дүгнэлтэд хүрсэн.

-Дотуур байранд ур чадвартай мэргэжлийн багш байсан ч эцэг эхийн хайрыг орлож чадахгүй болов уу. Дотуур байр гэх “шорон” байх хэрэг байна уу. Хүүхдийг 16 нас хүртэл асрах нь эцэг эхчүүдийн хүний үүрэг шүү дээ…?

-Үүрэг мөн. Зарим хариуцлагатай гэр бүл зохицуулалт хийдэг л дээ. Аав нь хөдөө малаа хараад, ээж нь сумын төвд хүүхдээ сахидаг ч юм уу. Гэхдээ өрх бүрт ийм боломж байхгүй. Тэр бүлгийн сурагчдад дотуур байр шаардлагатай. Гагцхүү дотуур байранд амьдрах нөхцөлийг нь л сайжруулаад өгөх хэрэгтэй. Багш, сурган хүмүүжүүлэгчид хүүхдийн хүмүүжил, боловсролд онцгой анхаарах шаардлагатай.

-Өнөөдөр дунд сургуулийн хүүхдийн дотуур байр ямар нэгэн хүчирхийлэлгүй, хүүхэд амьдрахад таатай болсон гэж ойлгож болох уу?

-Манай төсөл алслагдсан Баян-Өлгий, Ховд аймгийн сумдын дотуур байруудад хэрэгжсэн. Төсөл хэрэгжсэн сумдад багш нарын хандлага өөрчлөгдөж, хамтын ажиллагаа сайжирсан. Хамтын ажиллагаа сайжирснаар дотуур байранд үзүүлэх дэмжлэг туслалцаа илүү олон талт болж ирсэн л дээ. Төсөл дуусаад гарахад сургууль, дотуур байрны удирдлагууд илүү олон байгууллагатай хамтарч байраа илүү сайн сайхан болгох зам нь нээгдсэн. Бид материаллаг зүйлээр дэмжихээс сэтгэл зүй талаас нь дэмжихийг чухалчлан үзсэн. Энэ нь дотуур байрны хүүхдүүдэд илүү ач холбогдолтой байсан болохоор тэр шүү дээ. Дотуур байранд зургаан настай хүүхдүүдийн өрөө гээд тусдаа тохижуулаад өгсөн л дөө. Гэтэл тухайн хүүхэд тохижуулсан өрөөнөөс илүү тохь муутай ч ах эгчийнхээ өвөрт унтахыг хүсч байгаа юм. Хүүхдэд гоё ор, ширээ сандлаас илүү өөрийг нь гэсэн хүн хэрэгтэй нь эндээс харагдаж байгаа юм. Манай төслийн гол зорилго нь энэ байсан. Хүүхдийг гэх сэтгэлтэй хүмүүсээр л дотуур байрны орчинг “тохижуулж” өгсөн.


Categories
мэдээ нийгэм

Чөлөөт эх одтой, улаагчин гахай өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 21, Сугар гариг. Билгийн тооллын 14, Чөлөөт эх одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 8:39 цагт мандан, 17:03 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Монгол төрийн тэргүүнүүд ажлаа өгснийхөө маргааш ухаардаг нь гунигтай” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Монгол төрийн тэргүүнүүд ажлаа өгснийхөө маргааш ухаардаг нь гунигтай” хэмээн өгүүлжээ.

“Шалгаж байгаа хэргээр наймаалцах Ерөнхийлөгчид би бүр эхнээсээ хэлсэн” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Монголын Залуучуудын холбооноос тэргүүний “Бүтээлч” оюутнуудыг шалгаруулав” хэмээн “Өдрийн сурвалжлага” нүүрт өгүүлэв.

Зам, тээврийн сайд асан А.Гансүх: “АТГ, прокурорынхон намайг шалгаж байгаа хэргээр наймаалцах гэвэл битгий хүлээж аваарай” гэж Ерөнхийлөгчид би бүр эхнээсээ хэлсэн хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

УИХ-ын дарга М.Энхболд: “Шударга бусын хонгил”-ыг би байгуулаагүй. Асуудал байгаа бол шалгах л ёстой хэмээн “Улс төр” нүүрт ярив.

“Алтанбөмбөг” шагналын эзэн Н.Цэдэнбал: Тоглолт дунд солгой хөлд бөмбөг таарвал хаалга руу явуулах дуртай хэмээн “Спорт” нүүрт ярьжээ.

УИХ-ын гишүүн А.Бакей: Нефтийн хоолой дамжих хамгийн дөт зам манай баруун бүс гэж “Эдийн засаг” нүүрт ярьжээ.

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар: Хүүхдээ сонсохгүй байна гэдэг том харуусал болохыг л Шекспир “Ромео, Жульетта” жүжгээрээ харуулсан хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьжээ.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийг хийсэн ажлынх нь төлөө яллах бус зөв зарчмаар ёс зүй рүү нь хөтлөх хэрэгтэй хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьсан байна.

“Тэсийн голын хөвөөн дэх 1″А” ангийнхан” хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлэв.

“Монгол, БНСУ-ын эрдэмтэд хамтарч сурагчдын сурах бичиг гаргажээ” хэмээн “Цаг үе” нүүрт бичив.

анагаах ухааны магистр, ахлах зэргийн э м ч Г.Байгалмаа: Манайд тархины харвалтын өвчлөл, нас баралт 30 хувиар нэмэгдсэн хэмээн “Үйл явдал” нүүрт ярьжээ.

“АНУ Сириэс цэргээ гаргаж байгааг Пентагон нотоллоо” хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт бичжээ.

“Энэ өдөр” нүүрт “Хагацашгүй” номын тухай өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Боловсролын салбарынхан Ерөнхий сайдад албан бичиг хүргүүллээ

Боловсролын салбарын ажилтнууд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд цалингийн асуудлаа яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тухай албан бичиг илгээжээ.

Уг албан бичигт, “Боловсролын салбарын ажилтнууд энэ оны 9 дүгээр сард ажил хаялт зохион байгуулж улмаар цалин хөлс нэмэх асуудлаар нэмэлт хэлэлцээр болон боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын хэлэлцээрийн дагуу тохиролцоонд хүрсэн билээ. Гэвч санхүүжилт хариуцсан ажилтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж бүх аймаг, шинжлэх ухааны байгууллагуудад цалин нэмэгдүүлэх асуудал шийдэгдэхгүй байсаар шинэ онтой золгох гэж байна. МҮЭХ-ноос энэ асуудлаар Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, асуудал хариуцсан удирдлагуудад удаа дараа хандсан боловч хариуцах байгууллага, эзэнгүй орхигдуулж байгаа тул асуудлыг яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, зохих арга хэмжээг авахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүсч байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын салбарынхны цалинг нэмээгүй байна

МҮЭ болон шинжлэх ухааны салбарын ажилчид мэдээлэл хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт нэмэлт гэрээ оруулж, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалинг нэмэхээр болсон. Гэвч үүнээс хойш дөрвөн сар өнгөрсөн ч нэмэлт гэрээ хэрэгжихгүй байгаа аж. Тэдний ярьж буйгаар БСШУСЯ, Сангийн яам, ХНХЯ, Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны санал дүгнэлтийг үндэслэн зургаан зүйл бүхий нэмэлт хэлэлцээрийг байгуулсан байна. Тус хэлэлцээрийн нэгдүгээр заалтад 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эрдэм шинжилгээний ажилтнууд болон багш ажилчдын цалинг долоон хувиар нэмэхээр тусгажээ. Харин энэ хэлэлцээр өнөөдрийн байдлаар хэрэгжээгүй байгаа юм. Энэ нэмэгдлийг хөдөө орон нутгийн багш нар болон шинжлэх ухааны салбарынхан огт аваагүй гэдгийг Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан тодотгож хэлэв. Уг нь хийсэн хэлэлцээрээр шинжлэх ухааны салбарынханд энэ онд 270 сая төгрөгийн нэмэгдэл олгохоор болжээ. Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан “Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэх гэж дөрвөн байгууллагын дунд гуйж, шаардаж хөлөө эцтэл явлаа. Энэ Монголд ажил хийдэг хүн алга. Төр, засгийнхан хэрүүл тэмцэл хийхээс төрийн албан хаагчдын амьдралыг өөд нь татъя, хийсэн гэрээ хэлэлцээрээ хэрэгжүүлье гэдэгт огт санаа тавихгүй байна. Яриа хэлэлцээрээр шийдэх гэтэл яамд хоорондоо шидсээр он гарахад хэдхэн хоног үлдлээ. Ажлаа хийдэггүй хүмүүсээс болж Монголын төр сүйрч байна” гэв. Хэрвээ хэлэлцээр хэрэгжихгүй байгаа учраас шинжлэх ухааны салбарынхан өчигдрөөс яамны гадаа жагсаал хийж эхэлсэн. Жагсаал өнөөдөр үргэлжилж байгаа бөгөөд маргаашнаас Сангийн яам, ХНХЯ-ны гадаа суулт болон үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зөрчлийн оноо нь дууссан 2930 жолоочийн эрхийг хасчээ

“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-д заасны дагуу энэ оны эхний 11 сарын байдлаар нийт 187712 жолоочийн зөрчлийн оноо хасчээ. Үүнээс оноо дуусч эрх түдгэлзсэн 2930 жолооч бүртгэлтэй байна. Дээрх тооны жолооч эрхээ хасуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин нэмэгдсэн талаар ТЦА-наас мэдээлэв. Замын цагдаагийн алба хаагчдаас гудамж замд хяналт шалгалтаар ажиллах хугацаандаа жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор жолоочийн зөрчилд хуулийн дагуу хариуцлага оноож, зөрчлийн оноог 1-5 хүртэл хасч тооцож байгаа билээ. Зөрчлийн оноо дууссан жолооч нар журамд заасны дагуу хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамарч зөрчлийн 10 оноог сэргээх боломжтой аж. Зөрчлийн оноо сэргээх иргэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн онооны сургалтыг зохион байгуулах төрийн бус байгууллагуудад хандаж сургалтад суух юм. Түүнчлэн жолооч бүр өөрийн зөрчлийн онооны мэдээллийг service.police.gov.mn сайтаар дамжуулан жолоодох эрхийн үнэмлэхний дугаараар авах боломжтой.

Categories
мэдээ эдийн-засаг

Арван хувьцаат компанийн хувьцааны ханш өслөө

Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 319,688,338 төгрөгийн үнийн дүн бүхий 952,795 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Женко Тур Бюро” ХК (JTB+13.64%) болон “Бөхөг” ХК (BHG+11.11%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хөх Ган” ХК (HGN -3.61%) болон “Ард Даатгал” ХК (AIC -1.59%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр “TOP 20” индекс 0.03 хувиар буурч 20346.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,407,922,911,572.59 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Цэвэрт агаарт амраахыг Сангийн яам, ХЗДХЯ-наас боломжгүй гэжээ

Засгийн газраас жирэмсэн эхчүүд болон 0-5 хүртэлх насны хүүхдүүдийг сувилалд амраах талаар энэ баасан гаригт хэлэлцэнэ хэмээн мэдээлсэн. ХНХ-ийн сайд С.Чинзориг мэдээлэл хийхдээ, урьдчилсан байдлаар эхчүүд, хүүхдүүдийг ээлжээр тав хоног амраахад нийт 8 тэрбум төгрөг байх судалгаа гарсныг хэлсэн юм. Тэгвэл, Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг дөнгөж сая “Цэвэр агаарт 5 хонуулахад 8 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гараагүй. 18 ээлжээр 110 мянган эх, хүүхдийг хамруулах саналыг Утааны эсрэг ТББ-ууд болон зарим иргэдийн зүгээс тавьсан юм. Саналын дагуу Засгийн газраас судлаж үзэж буй. Маргааш ЗГ-ын ээлжит бус хурлаар боломжтой эсэхийг хэлэлцэнэ. Одоогоор Сангийн яам болон ХЗДХЯ-наас боломжгүй гэдэг санал ирсэн болно” хэмээн тайлбарлажээ.

Categories
мэдээ нийгэм

Шатахууны үнийг бууруулах даалгавар хүргүүлжээ

Энэ сарын 7-ны өдрөөс эхлэн АИ-92 бензиныг улсын хэмжээнд 100 төгрөгөөр бууруулсан. Сарын сүүлчээр гэхэд дахиад 100 төгрөгөөр бууруулна гэдгээ салбарын яам мэдэгдэж, Засгийн газраас цаашдаа шатахууны үнийг шат дараатайгаар буулгахаар болсон юм. Гэвч, зарим нэг импортлогчид үнээ хямдруулаагүй байна. Тиймээс иргэдээс ирсэн мэдээллийн дагуу МХЕГ-аас ШТС-уудад хяналт шалгалтыг явуулж, өргөн хэрэглээний бараа худалдаалагч аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнэ буурсантай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах албан даалгаврыг хүргүүлжээ.