Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад хяналт шалгалт хийж байна

“Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг 2018-2019 онд эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах хүрээнд ОБЕГ-аас “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын ажлын байрны гал түймрийн аюулгүй байдал”-д төлөвлөгөөт бус шалгалтыг эхлүүллээ. Тус шалгалтыг ОБЕГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нараас бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн зохион байгуулж, шалгалтад хамрагдсан байгууллагуудад гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл өгч илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан ажиллаж байна. Төлөвлөгөөт бус шалгалт нь хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Барилгын тухай, Эрчим хүчний тухай, хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгөх, тухайн байгууллагын барилга байгууламж болон үйлчлүүлэгч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулаха зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Шинэ жил-Эргүүл хяналт” арга хэмжээ үргэлжилж байна

Шинэ жилийн баярын өдрүүдээр нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Шинэ жил – Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээ эхлүүлээд байна.

Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдэд эргүүл ажиллуулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг аж ахуй нэгж байгууллага, зочид буудал, цахим тоглоомын газруудад хяналт шалгалтын ажлыг явуулж байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард нийт 3062 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг 601, хулгайлах гэмт хэрэг 1175, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг 7 байна.

Иймд иргэд та бүхэн аливаа гэмт хэрэгт өртөж , хохирохоос урьдчилан сэргийлж, гэмт хэрэг зөрчлийн талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өгнө үү.

Мөн Нийслэлийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх саналаа 1800-1102 дугаарын утсаар өгөх боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Эх, хүүхдийг тав хоног амраах саналыг Засгийн газар дэмжихгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт таван хоног амраах тухай асуудал хэлэлцэхээр товлоод байсан юм. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудаснаа “Эх хүүхдийг 5 хоног амраах тухай ТББ-аас ирүүлсэн саналыг Засгийн Газар дэмжихгүй. Өнөөдрийн хэлэлцэх асуудлуудаас хассан” хэмээн бичжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “элит” колони хэмээн өгүүлжээ

КОМИКС: ЗАНДАН ДАРГА МАН-ЫГ УДИРДСАН НЬ…


Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагуудын дэргэдэх амралт, сувилалын газруудтай танилцаарай

Зарим төрийн өмчит газрууд дэргэдээ өөрийн харъяа бүхий амралт сувилалын газруудтай байдаг. Ингээд ямар байгууллагууд дэргэдээ амралт сувилалын газартай болохыг танилцуулъя.

Төрийн өмчийн газруудад бүртгэлтэй Амралт, сувиллуудын мэдээлэл
Аймаг, Хот Харьяалагддаг байгууллага Амралт сувилалын нэр Үйл ажиллагаа Хаяг Ор багтаамж Өвөл ажилладаг эсэх Холбоо барих утас
1 Улаанбаатар ХЗДХЯ, Цагдаагийн ерөнхий газар “Сүүж-Уул” сэргээн засах сувилал Эмчилгээ сувилгаа Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо 30-50 хүн ажиллана 80252233
2 Улаанбаатар ХЗДХЯ, ШШГЕГ “Төр хур” амралт, сувилал Амралт (зундаа эмчилгээ сувилгаа хийдэг) БЗД дүүрэг, 11-р хороо 100 хүн ажиллана 99082408
3 Улаанбаатар ОБЕГ, Давтан сургалт, сэргээн заслын төв “Онцгой Жаргалант” сэргээн засах сувилал Сэргээн засах сувиллын тусламж үйлчилгээ Хан-Уул дүүрэг, 10-р хороо 60-70 хүн ажиллана 85864478
4 Улаанбаатар ИНЕГ “Жаргалант” амралт сувилал Сэргээн засах, эмчилгээ сувилгаа Хан-Уул дүүрэг, 10-р хороо 60-70 хүн ажиллана 99540929
5 Улаанбаатар “Багануур” компани “Багануур” сувилал Эмчилгээ сувилгаа Багануур дүүрэг 150-200 хүн ажиллана 99284045
6 Эрдэнэт “Эрдэнэт” үйлдвэр ХХК “Сэлэнгэ” амралтын газар Амралт Эрдэнэт хот, Хялганат тосгон 300 хүн ажиллана 95349055
7 Төв аймаг УБ Төмөр зам “Баянбуурал” амралтын газар Сэргээн засах, эмчилгээ сувилгаа Батсүмбэр сум 150 хүн ажиллана 95991959
8 Улаанбаатар БСШУСЯ, Анагаахын ШУҮИС-АУС “Эрхэс” сувилал Оюутны сургалт, дадлагын бааз, ЭМСА-ийн резидент, магистр докторын судалгааны бааз Сүхбаатар дүүрэг, 20-p хороо Сэлх 50 хүн ажиллахгүй 99296858
9 Төв аймаг БСШУСЯ, Анагаахын ШУҮИС-АУС “Баянчандмань” сувилал Сэргээн засах, эмчилгээ сувилгаа (ахмадуудад хөнгөлөлттэй) Төв аймаг, Баянчандмань сум 50 хүн ажиллахгүй 99034178
10 Хэнтий аймаг ЭМЯ, Арьсний өвчин судлалын үндэсний төв Аварга тосон дахь сувилал Эмчилгээ сувилгаа Дэлгэрхаан сумын 1-p баг ажиллахгүй 70135035
11 Улаанбаатар Гаалийн ерөнхий газар “Горхи” мэлхий хад Амралт Налайх, 6-р хороо Горхийн зүүн салаа 80 хүн ажиллахгүй 88080676
Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчит шилдэг аж ахуй нэгжүүд шалгарлаа

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2018 оны жилийн эцсийн байдлаар үйл ажиллагаа болон орлогын төлөвлөгөө, эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын шалгууруудаар үнэлж, ШИЛДЭГ-5 аж ахуй нэгжээ шалгаруулжээ.

Жил бүр тус газраас төрийн өмчит компани, байгууллага, аж ахуй нэгжүүдээ зорилтот түвшин, эдийн засгийн үзүүлэлтээр нь дүгнэж, “Шилдэг”-үүдээ шалгаруулдаг уламжлалтай бөгөөд ТӨБЗГ-т харьяалагддаг нийт 79 аж ахуй нэгж, хуулийн этгээдээс 2018 онд үр ашигтай ажиллаж, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хангалттай биелүүлж, их бүтээн байгуулалт хийсэн дараах аж ахуй нэгжүүдийг ШИЛДЭГ-ээр шалгаруулжээ.

1. Эрдэнэт үйлдвэр ХК

2. Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК

3. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ

4. Сэлэнгэ АЗЗА

5. Багануур цахилгаан түгээх сүлжээ

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар гал түймрийн аюулаас 893 хүний амь насыг авран хамгаалав

Улсын хэмжээнд он гарсаар эхний 12 сарын байдлаар нийт 3826 удаагийн объектын гал түймэр гарч, 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн 77 хүн нас барж, 47 хүн түлэгдэж гэмтэн, 289толгой мал хорогдож, 1755 гэр орон сууц шатжээ.

Дээрх гал түймрийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 893 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн онтой харьцуулахад гал түймрийн тоо 8.2 хувиар учирсан хохирлын хэмжээ 28,6 хувиар тус тус өссөн байна.

Нийслэл хотын хэмжээнд нийт 2567 удаагийн гал түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1259 удаагийн гал түймэр гарч, 12.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар:

2018 онд 20543 байгууллага, аж ахуйн нэгж, 144189 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 95203 зөрчил дутагдал илрүүлэн, 40219 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 5820 заавал биелүүлэх албан шаардлага, 6269 мэдэгдэл, 292 танилцуулга, 890 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 85 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 185.8 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 2647 удаа, дадлага 1841 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2720 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 556 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 814 удаа орж ажиллав.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 1059 гал 27.7 буюу хувь,

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 850 гал буюу 22.2 хувь,

Цахилгаанаас 687 гал буюу 17.9 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 421 гал буюу 11 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 226 гал буюу 5.9 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 216 гал буюу 5.6 хувь,

Бусад шалтгаанаас 187 гал буюу 4.8 хувь,

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 76 гал буюу 1.9 хувь

Гагнуур, паялник, бамбараас 31 гал буюу 0.8 хувь

Архидан согтуурснаас 21 гал буюу 0.54 хувь,

Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 15 гал буюу 0.39 хувь

Санаатай үйлдлээр 15 гал буюу 0.39 хувь,

Байгалийн үзэгдлээс 9 гал буюу 0.23 хувь,

Тэсрэлт дэлбэрэлт ослоос 5 гал буюу 0.1 хувь,

Технологийн горим зөрчсөнөөс 4 гал буюу 0.1 хувь,

Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.05 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ улс-төр

Дахиад хэлье, бүлэглэлүүд зөвшилцлийн ширээний ард сууцгаа

Монголын улс төр дэх бүлэглэл хоорондын энэ их дайн дажныг зөвшилцлөөр шийдэх ёстой гэж урьд нь бичсэн, одоо ч бичиж байна. Талууд хоорондоо зөвшилц гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Өнөөдөр Монголын төр засгийн толгойд ЖДҮХС-гийнхан, “60 тэрбум”-ынхан, дээр нь Ерөнхийлөгч орно. Энэ гурван бүлэглэлийг л хоорондоо зөвшилц, ойлголц, хэлэлцээрийн ширээний ард сууцгаа гэж байгаа юм. Ийм оролдлогыг эхнээсээ хийсэн бололтой юм. Энэ долоо хоногт хоёр бүлэглэлээс дөрөв, дөрвөн хүн уулзаж зөвшилцөхийг оролджээ. “60 тэрбум”-ын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Д.Оюунхорол, С.Бямбацогт, Ж.Эрдэнэбат нар. “ЖДҮ”-гийн бүлэглэлээс Ч.Улаан, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Х.Нямбаатар нар оролцсон байна. Хоёр талын нөхөд эв зүйгээ олох гэж гурван удаа уулзаж, зөвшилцөж, ойлголцох гээд чадаагүй гэнэ. Өчүүхэн төдий ч ахиц гаралгүй тарцгаажээ. Ингэх тусмаа Их хурлын чуулган гацаанд орж, төрийн бодлого эзэнгүйдэв. Ерөнхий сайдыг огцруулах эсэх чуулганыг эс тооцвол УИХ-гүй сар гаруй хугацаа өнгөрч байна.

Хоёр бүлэглэлийнхэн гурван удаа уулзаад бүтэлгүйтсэн энэ асуудалдаа одоо зөв дүгнэлт хийх хэрэгтэй. Уулзсан гишүүдийн чинь тоо нь цөөдөөд байна. Хоёр талаас дор хаяж арав, арван гишүүн оролцох хэрэгтэй. Тэгж байж бүлэглэлийн толгойлогчийн хараат байдал багасна. Дөрвөн хүнийг дуудаж уулзаад тулгалт хийх амархан. Арван гишүүнийг урдаа зогсоогоод тэг, ингэ гэх нь өөр шүү дээ. Тийм болохоор хоёр талаас доод тал нь арван гишүүн, дээд тал нь бүлэглэлийн бүх гишүүд зөвшилцлийн ширээний хоёр талд ярайтал сууж байгаад хэлэлцээр хийх юм. Хамгийн эхлээд эрх ашиг нийлж байгаа юман дээрээ зөвшилцөх хэрэгтэй. Бага ч болтугай ойлголцоод, зөвшилцөөд эхэлвэл ахиц гарч байгаа нь тэр. Аливаа зүйл багаас л эхэлдэг. Хамгийн эхэнд ойлголцож болох юу байна, МАН-аа ингээд устгах уу… гэдгээс эхэл л дээ. Устгалаа, тарааж сарниулж хаялаа гэхэд цаашаа яах юм. Бүгдэд маань хохиролтой биш үү… гээд ярь л даа. За тэгвэл намаа устгахгүй гэж хоёр тал тохирвол яахав. Тэгвэл ийм ийм эрх ашгууд дээрээ нэгдье, тэгээд ийм ийм ашиг хийнэ. Ингэхийн тулд энэ нь ингэнэ, тэр гишүүн нь тэгнэ гээд зөвшилцөл дээшээ ахих ёстой. Ер нь бол дэлхийн практикт энэ мэтээр, шат шатаар хэлэлцээрийг үргэлжлүүлдэг юм аа.

Хамгийн гол нь өнөөдрийн XXI зуунд, ардчилсан нийгэмд нэг бүлэглэл ганцаараа ялна гэсэн ойлголт байхгүй болсон. Хуучин бол нэг хаан гарч ирээд санал зөрөлдсөн болгоноо нухчин дараад ялдаг байлаа. Ойрхны түүх гэхэд Сталин байна, Мао байна. Өөртэй нь санал зөрөлдсөн болгоныхоо толгойг тасдаж ялсан. Монголд бол Х.Чойбалсангийн үед буудаж хороосон. Ю.Цэдэнбалын үед шоронд явуулж, цөллөгт байлгасан. Өнөөдрийн ардчилсан Монголын нийгэмд ингэж чадахгүй. Тийм боломж үнэхээр байхгүй. Тийм болохоор л хэлэлцээрийн ширээний ард бүлэглэлийн гишүүд бүгдээрээ сууж байгаад тохиролц, зөвшилц гээд байгаа юм.

Юугаа тохиролц гээд байгаа юм гэж та гайхаж байна уу? Юу юу авмаар байгаа юм, түүнийгээ шулуухан яриад, ойлголцоод цааш явчихаач гэсэн үг. Би тэр үйлдвэрийг авна, энэ ийм уурхайгаас хувь эзэмш, би тэр төсөлд нөлөөгөө тогтооно, чи тендер, концессийг хяналтдаа ав… гэхчлэн. Эд нарын хоорондын дайн ердөө л энэ шүү дээ. Үүнийг ойлгож ядах юм байхгүй. Шударга ёсыг цогцлоохын төлөө, Монголд диваажин бий болгохын төлөө эд нарыг тэмцээд байна гэж та бүхэн арай бодоогүй биздээ. Бодоод, итгээд яваа хүн байгаа бол хүүхдээрээ байна даа гэж хэлэхээс.

Аль нэг бүлэглэл нь ялж гарч ирээд уул уурхайг ард түмэнд хувьчилж үнэгүй өгөөд, бүх өр зээлийг чинь өмнөөс нь төлөөд, хамгийн баян 30 монгол иргэнийг бидний нүдэн дээр дүүжлээд, ресторанд оруулж австрали үхрийн махан стейкээр дайлаад … ингэнэ гэж бодоод байгаа юм уу. Монголчууд минь дээ, та бүхэн маань ийм гэнэн, романтик суртал ухуулгад автахааргүй хашир болсон. Ямар 1989 он байгаа биш. Тэгэхээр эд нар бол хөрөнгө л булаацалдаж хоорондоо тэмцэлдэж байгаа юм. Тэрнийгээ л хоорондоо тохирч аваад ард түмэн биднийг амар тайван байлгаад өгөөч. Нөгөө хонь бүрэн, чоно цатгалан гэгчээр шүү дээ.

Гэхдээ ийм бодолгүй нэгэн хэсэг байж байгаа. Ард түмэн бид тэгээд яах юм. Дээгүүрээ хуваагаад авчихлаа, яасан ханаж цаддаггүй юм. Бид фэйсбүүкээр дамжуулан шударга үнэний төлөө тэмцэж байгаа. Гэтэл эцэстээ ингэдэг байна шүү гээд орилолдоод, гомдоод сүйд болох байх. Үнэндээ томчуудын ингэж хувааж авах нь бидэнд ямар ч падгүй. Хүн төрөлхтний нийгэм ерөөсөө ийм л юм. Ямар ч улс оронд хэдхэн хүн л нийгмийг авч явдаг. Тэд л үйлдвэр, уурхай, банк санхүү, ерөөсөө нийгэм-эдийн засгийг зохион байгуулж, олон түмнийг авч явдаг юм. Хүний нийгэмд олон түмнээрээ хувааж авдаг юм гэж байхгүй. Олон түмнээрээ оролцдог ажил юу байдаг вэ гэвэл дайн байлдаанд л нийтээрээ хамрагддаг. Бурхан ингэж л хуваарилсан. Харин хөгжсөн улс оронд бол авсан эзэд нь тэр үйлдвэр, уурхайгаа сайн ажиллуулж хувьцаат болгодог. Хувьцаа нь өөрөө ард түмний оролцоог бий болгож нийгмээрээ урагшилдаг ийм л дэг жаяг байна.

Өнөөдөр шившигтэй байна л даа. Монголын төрийн толгойд очсон хэдэн хүн хоорондоо ойлголцохгүй зодолдоод, нэгнийхээ булайг дуудаад, нам төр гэсэн ойлголтыг доод түвшинд аваачиж шидээд. Үүний хор уршиг нь улс орноо улам л доройтуулж, гадна ертөнцөд муухай харагдуулж, ард түмнээ ядууруулан урагшаа явж өгсөнгүй. Энэ хэд юмаа булаалцалдаж байгаагаа нуухын тулд УИХ, Засгийн газар, элдэв иргэний хөдөлгөөн, нам эвсэл нэрийн дор жүжиг тавьцгааж байна. Бодит үнэн гэвэл эх орон, шударга ёсны төлөө гэдэг бүгд худлаа. Тийм болохоор дахиад хэлье, аль болох хурдан хоорондоо ойлголц, зөвшилц, эвтэйхэн хувааж авцгаа. Ингэх нь ард түмний эрх ашиг болчихоод байна. Энэ талаар эхнээсээ эдийн засагчид санал бодлоо илэрхийлээд эхэлчихсэн байна. УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл гэхэд “Засаглалын хямрал бодитой болсон үед өргөх бичиг үр дүн өгөхгүй. Үнэхээр хоёр тал асуудлыг шийдье гэвэл саналуудаа хоёр талаасаа зөвшилцөж, реформын жагсаалт гарга. Дундын зуучаар нэр хүндтэй хүмүүсийг тавь. Болохгүй байгаа бүх хуулиудаа өөрчил. Тэгээд хүнээ ярь. Ийм л гарц байна” гэж. Зөвшилцөхөөс өөр замгүй болсныг бүлэглэлүүд хүлээн зөвшөөрөх цаг нэгэнт болжээ. Харин зөвшилцөж чадахгүй энэ хэвээр цааш явбал тэгээд л намтайгаа, юутай хээтэйгээ сөнөж, улс төрийн тавцангаас 65-уулаа гутамшигтайгаар буух байх даа.

Categories
мэдээ цаг-үе

Р.Раш: Монголын улс төрд бугласан идээ бээр шахагдаж, цэвэрших ёстой

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Улс төрийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн асан Р.Раштай ярилцлаа.


-Ардын намын талцал төрийн үйл ажиллагааг гацааж байна. Та энэ намын гишүүний хувьд болж байгаа процессын талаар ямар бодолтой байна вэ. Үүнээс гарах гарц нь юу вэ?

-Би ч улс төрөөс хөндийрөөд нэлээд жилийн нүүрийг үзэж байна л даа. Гэхдээ МАН-ын гишүүн, төрийн албыг хашиж байсан хүн болохоор сэтгэл зовж л сууна. Энэ төрийн ажил дээгүүрээ гацаанд орлоо гэдэг бол яах аргагүй манай намын доторх хагарал, үг хэлээ олохгүй байгаа явдалтай холбоотой. Нэг нь гүрийгээд суугаад байдаг. Нөгөөх нь чи яв гээд дайраад байдаг. Ер нь Монголын улс төрд бугласан идээ бээр шахагдаж, цэвэрших ёстой. Энэ үзэгдэлд эртнээс дүгнэлт хийгээд засч арилгаад ирсэн бол арай ч ийм байдалд хүрэхгүй байсан биз.

-Яавал хоёр тийшээ харсан МАН-ын лидерүүд учраа олох вэ?

-Тэд харилцан ухаалаг буулт хийх ёстой л доо. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг дээ. Тэгээд ч заавал тэндээ шигдээд байна гээд гүрийгээд байх нь зөв юм уу. Үнэхээр ажлаа хийж чадахгүй байгаа юм бол улсынхаа ажлыг бодоод буулт хийх л ёстой шүү дээ. Бие биенийгээ загнаад хэрэггүй. Нам доторх цэц булаалдсан тэмцлийг намжаах гарц нь энэ. Бид 90-ээд оны үед ямар байлаа даа. Нийгмийн өөрчлөлтийг зөв механизмаар эвтэйхэн даван туулж чадсан шүү дээ. Тэр туршлагаа өнөөдөр эргэж хармаар байна. Манай намын түүхэнд ч “Би, чи, баруун, зүүн” гэсэн үзэл 20, 30-аад онд гарч л байсан. Тэр болгонд хурлаа хийгээд, зөв улсуудаа гаргаж ирээд асуудлыг шийдэж байсан түүх Монголын нийгэмд ч, манай намын түүхэнд ч байгаа.

-1990-ээд онд та АИХ-ын депутат байсан байх аа. Тэр үеийн механизмыг ашиглах ёстой гэхээр хоёр танхимтай парламент байгуулах ёстой гэсэн үг үү?

-Улсын бага хурлыг байгуулаад, тэр хооронд хоёр танхимтай парламент ажиллаж байсан шүү дээ. Тэр үед туршлагатай, үнэнч шударга, жинхэнэ эх орноо гэсэн сэтгэлтэй шилдэг хүмүүсийг гаргаж ирж байлаа. Өнөөдөр ийм маягаар ажиллах хэрэгтэй байна.

Тэрнээс цээжээ балбасан биш, харин Ц.Балхаажав, Г.Очирбат, Б.Даш- Ёндон, Жанцан, Пүрэвням, Я.Долгоржав зэрэг мундаг эрдэмтэд хуульчдыг түлхүүхэн гаргаж ирээд, шударга тал руугаа явдаг улсуудаар бүрдүүлээд ажиллах юм бол аятайхан бичиг баримт гарч, зөв голдирол руугаа орно л доо. Нам дотор түймэр авалцаж байхад УИХ-д байгаа манай намын ахмад, хашир нөхөд ажигласан байдалтай чимээгүй суугаад л байх юм. Наад залуучууд нь хоорондоо би чи гэлцээд, тар няр гээд л үзэлцээд байдаг. Дуугарч байгаа хүмүүс нь дандаа улс төр талаас нь яриад байх юм. Улсын бодлого ярьж буй хүн бараг алга.

-УИХ-ын гишүүд, төрийн эрх баригчид хуулиа мөрдөж ажиллах ёстой улсууд биш бил үү. Гэтэл хуулиар хамгаалалтад байгаа юм шиг л аашлах юм?

-Үндсэн хуулиа өөрчилнө гэж олон жил ярилаа шүү дээ. “Уг нь Үндсэн хуульдаа байгаа юм биш. Тэрийг хэрэгжүүлэх арга механизмдаа байна” гээд л Үндсэн хууль батлалцсан хүний хувьд хэлээд явдаг байлаа. Одоо иймэрхүү байдлаас харахад Үндсэн хуульдаа яалт ч үгүй өөрчлөлт хийхгүй бол болохгүй байна л даа. 90-ээд оны эхэн үеийн жишгээр тэрийг хоёр танхимтай парламент байгуулах замаар шийдэж болно. Бага хурлаа байгуулъя. Одоогийн УИХ-ыг больё гэвэл больчихъё л доо. Өнөөдөр шууд сонгууль явуулна гэхэд зовлон байлгүй яахав . Монгол орон ямар нөхцөлд ажиллаж амьдарцгааж байгаа билээ. Гэхдээ шаардлага байвал хийж л таарна л даа.

-Эрх баригчид маань нэг нэгнийхээ идэж, уусныг сөргүүлээд л илчлээд байна. Ийм бэлэн мэдээлэл дээр шүүх прокурорынхон яагаад хөдлөхгүй байна вэ?

-Нэгэнт ил болчихсон процессыг хууль хяналтын байгууллага цэгцлэх л ёстой л доо. Үндсэн хууль дээр Төрийн гурван өндөрлөг, шүүх засаглал гээд байдаг. Тэгтэл шүүх, прокурор, АТГ нь хараат байна. Нэгэнт Төрийн өндөрлөг л юм бол өндөрлөгийнхөө ажлыг л хиймээр байгаа юм. Аль нэгнийх нь талд орохгүйгээр шударга ажилламаар байна. Дээр нь эв нэгдлийг хангагч Ерөнхийлөгч маань чимээгүй маягтай суугаад байх юм. УИХ-ыг тараая гэсэн ерөнхий үг хэлсэн байх.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай гар нийлчихээд байгаа юм биш үү. Энэ ажлыг жинхэнэ зураглаж байгаа хүн л гэх юм байна шүү дээ?

-Улсууд тэгж яриад л байх юм. Цаагуураа яаж гар барилцсаныг нь харсан биш, мэдэхгүй юм даа.

-УИХ-ын даргыг ажлаа өгөхийг шахаж байгаа. Хэрэв Их хурал тарвал төрийн эргэлт болно биз дээ. Тэгээд ч дараагийн хүмүүс гарч ирээд өөрчлөгдөх үү?

-Ухаандаа одоогийн байгаагаасаа дээрдүүлнэ, олон жил үргэлжилсэн бохир юмнаасаа салъя гээд байгаа шүү дээ. Үүний цаана бас засгийн төлөөх өрсөлдөөн явж байгаа. Нэг нь Их хурлын дарга болчих санаатай хүн ч бий л биз. Зарим нь сайд болъё гээд цохиж явна. Ингэж болохгүй шүү дээ. Зөв бодлого л байх ёстой. Ер нь цаашид засаг нь парламентынхаа гадна баймаар байна. Манайх бол парламентын бүгд найрамдах улс байх нь гарцаагүй. Энэ бол улс орны язгуур эрх ашиг. Геополитиктой холбоотой.

-Нэг нэгнийгээ хэмлэж байгаа улс төрийн энэ нөхцөл байдлыг зарим хүн сайн цагийн эхлэл гэж бас хэлэх юм…

-Идээ бээр шахагдаж байна. Энэ утгаараа төр цэвэршинэ л дээ. Ашигт малтмалыг маань бүлэг эрх ашиг ухаж аваад гадагш нь гувчуулж, өнөөдөр ядуу ард түмэн ходоодоороо сонгууль хийдэг ийм л голдрил руу урсаад орчихсон. Үүнээс яаж гарах вэ гэдэгт эрдэмтэн мэргэд, ухаантай хүмүүсээ оролцуулсан яриа хэлэлцээний замд л орох хэрэгтэй байна. Өөрийнхөө эрх ашгийг урьд нь тавих биш, явцуу хэдэн хүний эрх ашгийг биш, явцуу бүлгийн эрх ашгийг биш, улс орны язгуур эрх ашгийг урдаа тавих ёстой.

Сүүлийн үед улс төр нэлээд бужигнаж ухаалаг сайхан ярианууд гарч байна. Энэ болгоныг шүүр шанагандаа тунгааж үзээд юм болгох хэрэгтэй байх даа. Монголчууд чинь баялаг түүхтэй, баян орон шүү дээ. Газар дороо ямар их баялагтай билээ. Бас ч гэж өнөөдөр ард түмэн амьдрах гээд үзээд байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх асуудал ярианаас цааш олигтой явж чадахгүй байна. Хачир дээрээ үндэсний үйлдвэр байгуулна, жижиг дунд үйлдвэр хөгжүүлнэ гээд байдаг мөртлөө түүнд зориулсан мөнгийг нь энэ хэдэн золигнууд хуваагаад идчихсэн байна. Тэд шившгээ дэлгэж байна. Тэгэхээр ард түмний уур хилэн буцлах нь аргагүй. Уг нь ухаалаг бодлогоор ажиллавал энэ нөхцөл байдлаас гарах гарцууд зөндөө бий. Юун түрүүнд мундаг дүгнэлт хийх хэрэгтэй байна. Мөн улс төрөөс төрийн бодлогыг яаж гаргаж ирэх вэ гэдэг ухаалаг гаргалгааг судалгааны үндсэн дээр хийх ёстой. Манайд мундаг эрдэмтэд олон байгааг дахин хэлье. Олон сайчууд байгаа. Даанч тэр ухаан гортигны гадна гарчихсан. Би намынхандаа хэлдэг юм. Улс орны хөгжилд түшиг тулгуур болох судалгаандаа энэ сайхан хүмүүсээ ашиглаж болдоггүй юм уу гэхээр “Тэгнэ ээ” л гэдэг. Тэгээд л таг.

-Сонирхолгүй байна л даа?

-Харин тийм. Явж, явж шинжлэх ухаанаас бодлого руу, бодлогоос практикт гэдэг шүү дээ. Гэтэл шинжлэх ухаан, судалгаагаа орхигдуулаад байгаа юм. Тэгээд л наана нь бодлогоо улс төрийн явцуу эрх ашгаар дүрсэлж ойлгоод яваад байдаг. УИХ-ын гишүүд чинь яг үнэндээ улс төрийн бодлоготнууд мөн юм уу. Зүгээр л улс төр хөөцөлдөгчид болчихоод байна. Жинхэнэ улстөрч гэдэг бол төрийн бодлоготон хүнийг л хэлнэ.

-МАН-ын бага хурлын шийдвэр ямар гарах бол гэж нийгэмд хүлээж байгаа. Гэтэл эд нар учраа олох янзгүй байх шиг. Хоёр тал нэг нэгдээ буулт хийж өгөхгүй бол цаашид ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Одоогийн байдлаар тааж хэлэхэд хэцүү л байна Хөдөө орон нутгаас ирсэн төлөөлөгчидөө сайн сонсох ёстой. Тэд амьдралыг бараг илүү мэднэ.

-Бага хурлын гишүүдийн ихэнх нь намын даргын хүмүүс юм уу даа?

-Намын бодлого анхан шатны үүрээс гарч, шат, шатаар ахиж гардаг. Гэтэл манай нам ийм байхаа больжээ. Их хурлын төлөөлөгчдийг сонголоо гэхэд үүрийн хурлаа ч гишүүддээ зарлахаа больж. Гэнэтхэн хэрэгтэй хэрэгтэй хүмүүстээ хэлээд л, төлөөлөгчөө явуулдаг болсон. Дээрээс захиалгаар тэр, тэрийг сонгоорой гээд л хуруугаараа заадаг. Нөгөө намын шинэчлэл энээ тэрээ ч яалаа. Наад үүрийн дарга нар нь ч тэр дохио зангаагаар ажилладаг. Ийм утсан хүүхэлдэй шиг байж болохгүй л дээ.

-Энэ янзаараа цааш үргэлжилбэл 100 жилийнхээ ойгоор гудамжинд гарах нь л дээ?

-Би дээхнэ үед намын Удирдах зөвлөлийн Ахмадын хорооны хурал дээр намын дарга У.Хүрэлсүхэд хандаж хэлж байснаа санаж байна. Дөмөгхөн ажиллахгүй бол Ардын хувьсгалын 100 жилийн ойг бид гудамжинд, нөгөө арваннэгдүгээр сарын 7-нд Улаан талбайд хэдэн өвөгчүүл СССР-ийн туг бариад явдаг шиг болохыг үгүйсгэх аргагүй шүү дээ.Би муу ёрлож байгаа юм биш шүү. Уг нь Монгол Улсын түүхэнд Ардын хувьсгал жинхэнэ том өөрчлөлтийг авчирсан. Саяхан талийгаач болсон Дамдин дарга надад хэлж байсан юм. “Раш аа бид та нарт цэцэглэн хөгжсөн Монгол орныг гардуулж өгсөн шүү. Та нар өнөөдөр юу болгох гээд байна вэ” гэсэн нь одоо толгойд бодогдох юм. Би тэр үед УИХ-д хуралд суудаг байлаа. Шударга гээд ярьж байгаа хүн ч хоёр талтай. Жинхэнэ шударга хүн ч байгаа. Зүгээр нэг кино жүжигчин ч бий. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Ард түмэн одоо жаахан ухаажиж байгаа байх гэж ойлгож байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч овоо мэдээлж байна. Үнэндээ бид өнөөдөр мөнгөгүйдээ ингэж яваа юм биш. Мөнгө бол байгаа. Мөнгөө шударгаар л хэрэглэх ёстой. Уг нь бид мөнгөний хойноос гүйх биш, мөнгө бидний хойноос явах ёстой юм. Өнөөдрийн банк санхүүгийн зах зээл дээр шударга бус л мөнгө эргэлдээд байна.

-МАН-д У.Хүрэлсүх гэдэг хүний дарангуйлал ноёллоо гэж Д.Хаянхярваа гишүүн бүлгийн даргаасаа огцорсны дараа мэдэгдэж байсан. Үнэхээр танай нам тэр хүний дарангуйлалд орчихов уу?

-Эд нар нэг нэгнийхээ дээр гарах гээд л юу ч хамаагүй хэлцгээх болжээ. Нөгөө парламентын соёл энэ тэр гэж алга. Нэг нэгийгээ муухай харагдуулах гээд л бие биеэ доромжлоод байна. Үүнийг улс төрийн соёл гэх юм уу. Бие биеэсээ улс төрийн хожоо олох гэсэн байдал ажиглагдаад байна шүү дээ.

Ардчилсан нам ч, манай нам ч иймэрхүү л яриад байна л даа. “Их хуралд нэрийг чинь дэвшүүлэхгүй шүү” гэх юм. Энэ юу гэсэн үг юм бэ. Заавал дэвших ёстой юм уу. Зарим нь болохоор заавал дэвшинэ гэж амьдралынхаа зорилго болгочихсон байдаг юм байна л даа. Тэгж баяжих нүх сүв, зөөлөн дэвсгэрээ эрээд байдаг юм болов уу даа. Тэнд байгаа ахмад гишүүддээ шүүмжлэлтэй хандаж байгаа юм. “Болж өгвөл дахиад нэг гарч ирэх юм сан. Дахиад сайд болчих юм сан” гээд л ажиглалтын байдлаар хандаад байх шиг.Уг нь тэд ийм үед манлайлах ёстой улс.

-Ард түмэн энэ хоёр намаас үнэхээр залхсан, бас урам нь ч хугарсан. Дараагийн улс төрийн хүчин гарч ирлээ гэхэд эд нараас дээр байж чадах болов уу?

-Манайд олон намууд байна. Бүгд л бас л амбицад хөтлөгдсөн маягтай. Энэ олон намаар ч яах юм. Намууд зөв голдрилд орж хөгжиж бэхжиж чадахгүй байна. Ардчилсан нам ч чадахгүй байна.

Бид чинь жижигхэн улс, үндэстэн шүү дээ. Юм л болбол тэр тийм, энэ ийм гаралтай гээд л гоочилдог. Өөр өөрсдийгөө ингэж чичлээд байгааг буруу л гэж бодож байна. Хоёр аугаа том гүрний дунд оршиж байгаа шүү дээ. Иймд үндэсний явцуу үзэл бол дэмий. Цэдэнбал гуай, Самбуу дарга нар мундаг бодлого явуулж байсан юм билээ. Яаж зохицуулах уу гээд тарчилж л байж л дээ. Тэгж байж Монгол Улсыг бидэнд үлдээсэн. Гэтэл өнөөдөр төрийн үйл ажиллагаа гацаж, хамгийн чухал яам нь сайдгүй л сууж байна шүү дээ. Хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайруу цагийн байдалд хөдөөгийн малчид яажшуухан байгааг мэдэж байна уу, ер нь. Ялангуяа манай говь руу цас ороогүй, хуурай. Малчид суганы булчирхайгаа цочиртол ховоодоод хэдэн малаа ундалж байна. Жаахан ургасныг нь оготно идээд дөхүүлж байх шиг… Улс амьтны яриаг чагнаж байхад ийм байна. Гэтэл эрх баригчид асуудалд бодитойгоор хандахгүй, ёстой дэвээд л байх юм. Хий цэцэрхсэн юм бидэнд хэрэггүй гэдэг нь харагдаж байна. Ард түмэн хичнээн хүнд байгаа ч ухаарч байгаа байх. Ирэх сонгуулиар сэхээрлийг өгөх байлгүй дээ.

-Саяхан УБТЗ-ын Хамтын хурал болсон дуулдсан. Үр дүн нь ямар болсон бэ?

-Тэгсээн. Асуудлуудаа ярьж шийдэцгээсэн юм билээ. Харин Төмөр замын ерөнхий хороонд Монголын талаас сонгогдсон гишүүдийн хувьд Ахмад төмөр замчин хүний хувьд сэтгэл гонсгор байгаа.

-Яагаад?

-Дахиад л манайхан юмыг зөвхөн улс төрийн өнцгөөс харж, мэргэжлийн хүчин зүйлийг огт харгалзаагүй. Гэтэл нөгөө тал маань жинхэнэ мэргэжлийн мундагчууд байна шүү дээ. Бид тэгэхлээр тэдэнтэй юм ярихад жолдолгүй яахав.


Categories
мэдээ цаг-үе

Таван ихэртэй нэг анги

Увс аймгийн Хяргас сумын Нэгдүгээр дунд сургуулийг 1994 онд төгссөн 8а ангийнхныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. 1986 онд нэгдүгээр ангид элсэн орсон тэд наймдугаар ангиа төгстлөө хамт суралцсан юм. Ардын боловсролын тэргүүний ажилтан, хөгжмийн багш Маамхүү гуайн шавь гэдгээрээ тэд одоо ч бахархдаг.

Дүрсгүй, хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан хэмээн өөрсдийгөө дурсана. Сургуулиа төгсөөд нэгэнтээ 24 жилийг ардаа үдсэн ч хоорондоо уулзалдахаараа эргээд л гэнэн томоогүй хүүхдүүд шиг болцгоодог. Энэ ангид хурдан морь унадаг хүүхэд олон байж. Цагаан сарын дараа янз бүрийн тахилга, овооны баяр их болдог боловч сурагчдаа хичээлд шамдуулах гэж багш нар нь уралдаанд оролцуулахаас татгалздаг байсан гэнэ.

Нэг удаа тэд ЗИЛ 130 машинтай Сүхтулга гэх нутгийн ахаасаа уралдаанд хүргэж өгөхийг гуйжээ. Тэд хичээл тарсны дараа сургуулийн гадаа байдаг модон жорлонгийн хажууд цүнхээ шороонд булаад тэвшин дээр нуугдан явж байхад нь ангийн багш нь харчихаад 69 машинаар хөөж явсан хөгтэй түүхийнхээ тухай ярьж байлаа. Ангийнхаа хаалганы дээр нурчихсан байсан шаврыг эвтэйхэн тогтоогоод багшийнхаа толгой дээр унагаж дүрсгүйтэж байснаа “Багш нартайгаа ойртон дотносож, найз нөхөд шиг байхыг хүссэн хүүхдийн томоогүй зан байж” хэмээн өдгөө Ататуркийн нэрэмжит улсын тэргүүний Тавдугаар сургуульд дүрслэх урлаг, зураг зүйн багшаар ажиллаж буй Ц.Бадамдорж ярилаа. Тэрээр “Ангийн маань хамгийн дүрсгүй хүүхдүүд багш мэргэжлээр ажиллаж байна. Жишээ нь би” хэмээн хошигнож байсан юм.

Улсын шалгалтдаа бэлдэх гэж билет боловсруулан уншдаг байсан үеэ тэд дурсацгаана. Хөвгүүд ер билет боловсруулна гэж байхгүй. Ангийн охид л 60 гаруй асуултын хариуг бичиж, тэмдэглээд хөвгүүддээ уншиж өгдөг байж. Голын хөвөөн дээр суугаад л шалгалтдаа бэлддэг байсан тэр үе одоо бодоход хамгийн жаргалтай.

Багш нарынхаа сургаал үгнүүдийг одоо ч амьдралдаа хэрэгжүүлж, даган мөрдөхийг хичээдэг гэдгээ дурдаж байлаа. Бид арван жилийн сурагч байхдаа багшдаа загнуулж, шийтгүүлсэн тухайгаа аав ээждээ хэлэхэд багшийнхаа үгэнд орж байхыг л сануулдаг байсан. Хичээлийн эрхлэгч Нямаа гуай багц түлхүүр халаасалж явдаг аж. Тэгээд л сургууль дотор үймүүлж, сахилгагүйтсэн хүүхдүүдийг өнөөх хүнд түлхүүрүүдээрээ нэг ороолгочихдог байсан гэнэ. “Өвдөнө гэж жигтэйхэн” хэмээн тэд хөхрөлдсөн юм. Бага ангийн багш Бадам, Дэдхүү, Тогтох болон дунд ангийн багш Маамхүү, Нямаа нарынхаа зааж сургасан бүхэнд талархдагаа дурсаж байлаа.

Ангийн багш Маамхүүгийн охин М.Уранбилэг, дүрслэх урлагийн багш Сүхээгийн хүү С.Бадрал нар энэ ангид суралцдаг байж. Багшийн хүүхэд гэж давуу эрх эдэлнэ гэж үгүй. Бусдынхаа адилаар л хичээл номондоо шамддаг байсан. Хичээл өдөр нэг цаг гээд тарчихдаг. Үдээс хойш секц, дугуйланд хамрагддаг урлаг, спортын авьяастай, нийгмийн идэвх сайтай хүүхдүүд байж. Сумын сургууль учраас бүгдийнх нь гэр хоорондоо ойрхон. Үдээс хойш дугуйлангаа тарж, гэртээ ирээд хамтдаа усанд явна. Хүүхдүүд л юм хойно оройдоо тоглож наадан, цаг өнгөрснийг ч анзаардаггүй байсан аж. Нэгэн орой С.Бадрал, Ч.Лхагвасүрэн, Ц.Бадамдорж гурав хайрын захиа зөөхөөр явж байгаад дүрслэх урлагийн багш Сүхээд баригдан, зэмлүүлж явснаа мартдаггүй гэнэ. Тухайн үед одоогийнх шиг олон янзын тоглоом гэж байгаагүй тул үзсэн киногоо дуурайн тоглодог байж. Индиантай кино их гардаг байсан болохоор толгойгоо даавуугаар ороож байгаад өд хатган индианчуудыг дуурайн хөөцөлдөж тоглодог байсан тухайгаа ярьж байлаа. Мөн цаасан хайрцгаар теннисийн цохиур хийж, өнөөхөөрөө хөнгөн цагаан дугуйруулж, холбосон гинжийг цохиж, нааддаг байсан нь тэр үеийн хүүхдүүдийн хамгийн их сонирхдог зүйл байжээ.

Энэ төгсөлтөөс гурван гэр бүл төрөн гарчээ. Сургуулиа төгсөөд хамгийн түрүүнд амьдралаа холбосон нь Эрдэнэ-Очир, Уранчимэг хоёр юм. Зургаан хүүхдийн аав ээж болсон тэд өдгөө нутагтаа аж төрж байна. Тэдний дараа Г.Энхбаяр, Б.Нарантуяа нар гэр бүл болсон ба нутагтаа мал аж ахуй эрхлэн, Мянгат малчин цол хүртэж, амжилт дүүрэн амьдарч байна. Харин сургуулиа төгссөнөөс хойш 16 жилийн дараа С.Бадрал, Эрдэнэтуяа нар айл өрх болон амьдралаа нэгтгэжээ. Олон хос төрөн гарснаас гадна эдний ангид Ц.Хайдав, Ц.Жалцав, Б.Нарантуяа, Б.Сарантуяа, Т.Эрдэнэтуяа, Т.Эрдэнэгэрэл зэрэг таван ихэр хүүхэд суралцаж байсан гээд бодохоор их сонин.

Төгсөгчид маань бүгд л эрхэлж байгаа ажил, мэргэжилдээ амжилт үзүүлэн эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар хичээн ажиллаж байна. Төгсөгч Ч.Лхагвасүрэн Говь-Алтай аймагт газар зүйн багшаар ажилладаг. Тэрээр өнгөрсөн жил өөрийн багын найз дүрслэх урлаг, зураг зүйн багш Ц.Бадамдоржийн хамтаар Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан юм. Багш хүний хөдөлмөрийг үнэлсэн эрхэм шагналаар энэ ангийн хоёр сайн найз нэг жил энгэрээ мялааснаа ихэд бэлгэшээнэ.

Хүүхэд ахуй цагаасаа өдгөө хүртэл нөхөрлөж, амьдралын найзаа ангиасаа олсон тэд хүний зан ааш гэж өөрчлөгддөггүй юм байна хэмээн ярьж байв. Нас нэмж, гадаад төрх байдал өөрчлөгдлөө ч хүний суурь ааш зан гэгч тэр л хэвэндээ байдгийг олон жилийн дараа бие биетэйгээ уулзахдаа мэдэрсэн тухайгаа дурслаа.

Тэд хорин жилийн ойгоо 2014 онд тэмдэглэсэн. Өөр өөрийн ажил, амьдралтай учраас байнга уулзалдах боломжгүй ч фэйсбүүкийн группээрээ дамжуулан өдөр бүр сонин хачинаа ярилцдаг байна. Хамгийн сүүлд өнгөрсөн жил Увс аймгийн төгсөгчдийн гар бөмбөгийн тэмцээнд оролцох үеэрээ цугласан тэд удахгүй болох шинэ жилийн баяраа 1996 оны Увс аймгийн нийт төгсөгчдийн хамтаар өнөр олуулаа тэмдэглэхээр төлөвлөөд байгаа гэнэ. 2024 онд ангийнхаа 30 жилийн ойг тэмдэглэх ба Хяргас сумын 100 жилийн ой ч энэ үеэр тохиох ажээ.

Э.МАРАЛМАА