Categories
мэдээ нийгэм

“Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна

Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 11.1. дэх хэсэгт “…өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн болон өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ахмад настныг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэх хөтөлбөрийг Засгийн газар баталж, хэрэгжүүлэх” гэж заасан байдаг.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрийн 3.3.22.1-т “…Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ хүрээнд ХНХЯ-наас “Ахмад наст­ныг тэтгэвэрт бэлт­гэх хөтөлбөр”-ийг хэрэг­жүүлж эхлээд байна. Хөтөл­бөрийн зорилго нь Ахмад настны тухай хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхдээ өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн, тэтгэвэр тогтоолгож байгаа ахмад настныг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэж, байгууллага хамт олныхоо дэмжлэгээр ажил хөдөлмөрийн идэвхтэй үеэс амьдралын дараагийн үедээ сэтгэл хангалуун шилжих боломжийг олгоход оршиж байгаа аж. ХНХЯ-ны Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийнхэн, энэ хөтөлбөрийг хэрэг­жүүлэх ажлын хэсгийн­хэн Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэхэд хэрэгцээт сургалтын модуль, араг зүйн удирдамжийг боловсруулж дуусгажээ.

Энэ сарын 5-наас сургалтууд нь эхэлсэн байна.

Хөтөлбөрийг амжилт­тай хэрэгжүүлэх гол хүчин зүйл нь хэрэгжүүлэгч, үр шимийг хүртэгчид буюу зорилтот бүлэг, хөтөлбөрт оролцогч бусад тал нэгдмэл ойлголт, хандлагатай байх явдал гэж ХНХЯ үзэж байгаа юм байна. Тиймээс Монгол Улсын хууль тогтоомж, төр, засгийн бодлого шийдвэр, олон улсын нийтлэг чиг хандлага болон түүнд гарч буй эерэг өөрчлөлтөөр оролцогч талууд мэдээлэл солилцох, зөвшилцөх, гарын авлага, арга зүйгээр хангах зэрэг арга хэмжээг байнга авах нь чухал. Орчин үеийн дэлхий нийтийн хандлага нь ахмад настныг нийгмийн идэвхгүй гишүүн, тэжээлгэгч гэсэн үзлээс татгалзаж, нас бол хүний хөдөлмөрлөх, сэтгэж бодох, бүтээх чадварын үзүүлэлт биш гэж үзэх боллоо. Энэ үзлийн үүднээс ажилтныг аль болох удаан хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулах, мэргэжил, мэдлэг, чадвар, ажил амьдралын арга туршлагыг нь өвлүүлж үлдээхийг эрмэлзэх болсныг, ажилтныг тэтгэврийн насанд хүрмэгц шууд тэтгэвэр тогтоолгохыг шаардах, ажлаас чөлөөлөх нь тухайн хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, амьдрал ахуйд сөрөг нөлөөтэйг сайн ойл­го­сон байх ёстой гэж байна.

Мөн тэтгэвэр тогтоолгож буй ахмад настан нь хүний эрхийг бусдын адил эдлэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Ахмад настны тухай хуулийн зурга­ду­гаар зүйлд заасан эр­хийг ажилтан ямар нэгэн хязгаарлалт, хориг­лолт­гүйгээр эдлэх эрхтэй. Үүнийг хөтөлбөрт орол­цогч бүх тал түүний дотор ажилтан, түүний гэр бүлийн гишүүд, мэдэж байх учиртай. Тиймээс тэдэнд зориулан хууль эрх зүйн сургалт зорион байгуулах, зөвлөгөө өгүүлэх шаардлагатай. Үүнээс гадна ажилт­ныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бүх үйл ажиллагаа талуудын оролцоонд түшиглэнэ. Тухайн ажилтны эдийн засгийн, нийгмийн, сэтгэл зүйн хэрэгцээг өөрөө хэнээс ч илүү мэдэх учраас бүх хэрэг­цээг тодорхойлохдоо ажилт­ныг, шаардлагатай бол гэр бүлийн гишүүдийг орол­цуулах хэрэгтэй. Зарим хүн хэл яриагаар өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх чадвартай байдаг бол зарим хүнд тийм чадвар дутмаг байдаг учир гэр бүлийн гишүүдийн оролцоотойгоор сайн төлөвлөгөө гаргах бо­ломж­той. Санал хүсэлтийг бичгээр авах нь ажилтан гэр бүлийн гишүүдтэйгээ зөвлөлдөж хэрэгцээгээ илүү сайн тодорхойлох боломж олгоно. Ажилтныг тэтгэвэрт бэлт­гэх төлөвлгөөний гол эзэн нь ажилтан өөрөө. Уг төлөвлөгөөнд тусгагдсан ажил түүний болон гэр бүл, хамт олных нь оролцоотой хийх учиртай гэсэн зарчмыг ХНХЯ, “Ах­мад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэг­жүүлж буй Ажлын хэс­гийнхэн барьж байгаа аж. ХНХЯ, Монголын ахмадын холбоотой хамт­ран төрийн захиргааны, төрийн үйлчилгээний болон төрийн өмчит үйлдвэрийн газар, эрүүлийг хамгаалах, урлаг, соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах, банк, санхүү, даатгал, цэрэг, цагдаа , худалдаа, нийтийн хоол, хувийн хэвшлийн 200 гаруй байгууллагын 1130 ажилтан, албан хаагчийг хамруулан судалгаа хийсэн байна. Судалгаанд оролцогс­дын асуултад хариулсан байдлаас үзвэл тэтгэвэрт гарахад сэтгэл зүйн хувьд 65.4 хувь нь “…Бэлтгэлтэй”, 34.6 хувь нь “…Бэлтгэлгүй” гэсэн бол 46.2 хувьд нь /522/ “…Тэтгэвэрт гарахад дассан ажил, хамт олонгүй болно, тогтмол орлогогүй болно” гэсэн эмзэглэл байна. Харин 38.3 хувь /436/ “…Эмзэглэх зүйлгүй”, 15.5 хувь нь “…Тэтгэвэртээ хурдан гармаар байна” гэж хариулсан байна. Тэтгэвэрт гарах шалтгаанаа тодорхойлсон 827 хүний 18.8 хувь нь “…Эрүүл мэндийн”, 7.8 хувь нь “…Хамт ажиллагсад тэтгэвэртээ гарахыг сануулдаг”, 26.6 хувь нь “…Цалин тэтгэврээ аваад үргэлжлүүлэн ажилламаар байна” гэсэн бол 50 гаруй хүн тэтгэвэртээ гараад шинэ мэргэжил эзэмшин байнгын орлоготой болох мэргэжлийн сонголт хийснээ хэлжээ.

“…Та тэтгэвэрт гарахдаа хэдэн төгрөгийн тэтгэвэр авах талаар тооцож үзсэн үү” гэсэн асуултад 70.9 хувь нь “Үзээгүй, Цагаа болохоор бодно, Чадахгүй” гэсэн байна.

“…Хэрэв та хөдөл­мөрийн дэвтрээ үрэгдүүл­сэн, ямар нэг зөрчилтэй бол уг дэвтэрт бичигдсэн ажилласан хугацаагаа яаж сэргээн тогтоолгохыг мэдэж байна уу” гэсэн асуултад 74.9 хувь нь “…Нийгмийн даатгалд хандана”, үлдэх хэсэг “…Мэдэхгүй” гэж хариулсан байна. “…Та тэтгэвэртээ гарах дөхөөд ирэхээр байгууллагынхаа зүгээс танд зориулан ямар үйл ажиллагаа явуулаасай гэж бодож байна вэ” гэсэн асуултад 22.6 хувь нь “…Олон жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг минь үнэлж төр, засгийн дээд шагналд тодорхойлж өгөөсэй” гэж хүсдэг байхад 51.4 хувь нь “…Ажиллаж буй байгууллагууд нь тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлж төр, засгийн дээд шагналд тодорхойлох, хөдөлмөр алдрыг нь тэмдэглэж дадлага, туршлагыг нь бус­дад танилцуулах ажил зохион байгуулдаг бол сайхан л байна” гэсэн бодолтой байдгаа илэрхийлжээ.

Судалгаанд хамраг­дагс­дын 51.5 хувь нь 1-6 жилийн тэтгэвэрт гарах ажилтан албан хаагч байгаа боловч 82.1 хувь нь “Ахмад настны хууль”-ийг судлаагүй гэдгээ хэлсэн байна. “…Энэ хуулийн талаар сонссон” гэж хариулсан байна.

Иймээс аж ахуйн нэгж байгууллага тэтгэвэрт гарах дөхөж буй ажилтнууддаа зориулан тэтгэвэрт гарахаас өмнө ахмад настны талаар гарсан хууль болон түүнтэй холбогдон гарсан тогтоол шийдвэрийг танилцуулах, сурталчлах төрөл бүрийн сургалтыг өргөн хүрээтэй зохион байгуулж байх шаардлагатай байгааг харуулж байна гэж ажлын хэсгийнхэн онцолсон.

“Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр”-ийг эхлээд зургаан сарын хугацаанд туршиж хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн анхны хамтарсан менежменттэй парк иргэдэд нээлттэй боллоо

Нийслэл хотын байгаль орчин, экосистемд чухал ач холбогдол бүхий ус, намаг, ой, ховор ургамал, амьтад бүхий 2071,5 га нутаг дэвсгэрийг “Сэлбэ голын эх” нэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 2012 онд орон нутгийн хамгаалалтад авсан. Энд нийслэл хотын “Хоймор” буюу хамгийн хойд цэг, Баруун Сэлбэ голын эх, эмчилгээний чанараараа олонд алдаршсан Борын рашаан зэрэг газрууд бий.

Уг нутгийг нийслэлийн Байгаль орчны газраас иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд залууст экологийн боловсрол олгох түшиц газар болгохоор төлөвлөн тохижилтын ажлыг 2018 оны 9-р сараас эхлүүлсэн бөгөөд нийслэлийн анхны хамтарсан менежменттэй орон нутгийн хамгаалалттай газар гэдгээрээ онцлог юм.

“Сэлбэ голын эх” ОНХГ нь бие даасан байгаль хамгаалагчтай, тусгай горимыг мөрддөг, тохижуулсан аяллын замтай, байгаль орчны төслүүдийг жишиг байдлаар хөгжүүлж буйгаараа аймаг, нийслэлийн хэмжээнд орон нутгийн хамгаалалтад авсан 1360 газраас ялгарч байгаа юм. 2018 онд нээлтээ хийж буй Цохиот хад, Борын рашаан чиглэлийн замыг МСМ групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижуулсан бол Улаанбаатар аялал жуулчлалын холбооны зүгээс олон улсын мэргэжилтнүүдийг урин ажиллуулж, тайлбар, танилцуулга, дэглэмийг боловсруулсан.

Энд байгалийн төлөв байдлыг хөндөхгүйгээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, гэрэл зураг авах, видео бичлэг хийх, явган болон ердийн хөсөгтэй аялал хийхийг зөвшөөрөх бол амьтан агнах, барих, галт зэвсэг, загасны уурга, хавх, урхи авч орох, эрхийн бичиггүйгээр байгалийн дагалт баялаг ашиглах, самар, жимс түүж бэлтгэх, 40децибеллээс чанга дуу чимээ гаргах, нэгдсэн хогийн цэгээс өөр газарт хог хаях, нэгдсэн ариун цэврийн байгууламжаас өөр газарт бие засах, тогтоосон зам, чиглэлээс өөр газраар явах, шинэ зам гаргах, моторт тээврийн хэрэгсэл ашиглах, түймрийн аюултай, байгаль цаг агаарын тааламжгүй нөхцөлд болон шөнө нэвтрэх, барилга байгууламж барих, газар ухах, ашигт малтмал хайх, мал аж ахуй эрхлэх, худаг гаргах, газар эзэмшүүлэх, ашиглуулах явдлыг бүрэн хориглох юм. Зэрлэг амьтад ихтэй учир аюулгүй байдлын зөвлөмжтэй нэг бүрчлэн танилцаж байж нэвтрэх гэх мэтчилэн аялагчдын үүрэг хариуцлагыг тодорхойлсон гэж уг төслийн санаачлагч, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нээлтийн үгэндээ онцлов.

Тус газрын онцлогуудаас дурдвал:

-Тухайн нутгийн байгалийн дагалт баялаг түймэрт өртсөн, хортонд идэгдсэн унанги мод, уулын чулууг ашиглан байгалийн өөрийн дүр төрхийг алдагдуулахгүй, зэрлэг амьтад дайжихгүй байх шаардлагыг харгалзан тохижилтыг хийсэн.

-Тухайн нутагт амьдардаг, гүйдлээр үзэгддэг ховор амьтан, ургамлын талаарх мэдээллийг энгийн тайлбартайгаар байрлуулсан.

-Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, битүүмжлэл бүхий ариун цэврийн байгууламжтай.

-Түймрийн аюул тохиолдсон үед усны машин нэвтрэх боломжийг хангаж, бусад үед бүх төрлийн моторт тээврийн хөдөлгөөнийг хориглосон.

-Автомашины зогсоолтой.

-Зуны улиралд танин мэдэхүйн зорилгоор 4 бүл зөгийг үржүүлж, энэ талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн.

-Зөвхөн дахин боловсруулах боломжтой хог цуглуулах савыг байрлуулж, цугларсан хогноос гарган авсан материалыг хамгаалалтад ашиглах гэрээг байгуулсан.

-Халтиргаатай, замын бартаатай хэсгүүдэд гүүр, хайрган хучилттай явган замуудыг гаргасан.

-Биотехникийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн зэрлэг амьтад ажиглах, амьтан хамгааллын ажилд биечлэн оролцох боломжийг бүрдүүлсэн.

-Орчны бохирдол, долгионы нөлөөгүй.

Манай улсын хэмжээнд нийт газар нутгийн 17.85 хувийг эзлэх 27.9 сая га талбай бүхий 102 газрыг улсын тусгай хамгаалалтад аваад байгаа бөгөөд эдгээрийн хамгаалалт, менежментийг улсын төсвөөс санхүүжүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа Хамгаалалтын захиргаад эрхлэн явуулдаг. Харин 16.3 сая га талбайг хамарсан 1361 орон нутгийн хамгаалалттай газрын менежментийг тухайн орон нутгийн байгаль орчны газар хариуцан хамгаалах чиг үүрэгтэй байдаг гэж нийслэлийн Байгаль орчныг газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Болд: Намын удирдлагыг өөрчилж, шинэчлэл бодит утгаараа хэрэгжих хүртэл АН-ын гишүүнээсээ татгалзаж байна

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Та Ардчилсан намаасаа гарч байгаа юм уу?

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын асуудал шийдэгдсэн. Үүнтэй холбоотой Ардчилсан нам шийдвэр гаргаагүй. Ерөнхийдөө АН Засгийн газар ажлаа хийхгүй байна гэсэн байр суурьтай байсан болохоос биш санал хураалтын талаар тодорхой гарсан шийдвэр байгаагүй. Улс төрийн зөвлөлийн зөвлөмж гарсан л гэж ярьж байгаа. Гэхдээ тэр хэр зэрэг хууль зүйн үйлчлэлтэй вэ гэдэг нь тусдаа асуудал. Дээрээс нь бүлгийн шийдвэр гарсан гэж байгаа. Тэр худлаа. Бүлгийн хурал наймаас дээш гишүүнтэй хуралдах ёстой. Түүний гурав нь ороогүй байхад бүлгийн шийдвэр гарахгүй. Мөн бид нарт хариуцлага онооно гэж байхгүй. Энэ нь АНын удирдлагад байгаа хэсэг бүлэг хүмүүсийн хувийн эрх ашиг байсан болж таарах гээд байгаа юм. Үүнийг бид эсэргүүцэж намын гишүүд, ард түмэн, сонгогчидтойгоо зөвлөж байж Засгийн газарт нэгдэх, 60 тэрбумын бүлэглэл түүнийг толгойлж байгаа Их хурлын даргатай хариуцлага тооцох асуудлын аль нь нэгдүгээрт вэ гэдэг дээр шийдвэр гаргасан. Угтаа бол парламентын ердийн л нэг санал хураалт шүү дээ. Түүн дээр үндэслэж бидний нэг гишүүнийг намаас хөөсөн. Энэ нь ардчилсан бус коммунист, фашист намд л байдаг зүйл. Тиймээс миний хувьд АН-ын бүлэг тэр бүлэглэлийн болоод намынхаа эрх ашиг, бодлогын эсрэг явахыг зөвшөөрөхгүй. Би энэ шийдвэрийг эсэргүүцэж бүлгээсээ гарсан. Энэ бол хуулийн дагуу юм. Ингээд бүлэг тарж байгаа. Гэтэл бүлгийн удирдлага энэ асуудлыг шүүх рүү явуулна гэж шийдэж байгаа юм. Шүүх энэ асуудлыг хэдий хугацаанд шийдэхийг та бүхэн мэднэ шүү дээ. Би өнгөрсөн жил арваннэгдүгээр сард ТЕГын дарга Б.Хурцад гүтгүүлсэн. Би жил гаруй хугацаанд шүүхээр явж байна. Энэ асуудал өнөөдрийг хүртэл шалгагддаггүй, тогтоогддоггүй. Зүгээр л бариад байдаг. Ингэж доромжилж байгаа байхгүй юу. Энэ асуудлаа шалгаж, тогтоогооч гэхээр “Бид шалгаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй” гэх зүйлийг л хэлдэг. Ямар нэгэн хугацаа байдаггүй юм уу гэхээр “Сонгууль харна аа” л гэж байгаа. Ийм л нөхцөл байдалтай байна.

Намайг бүлэгт байхгүй байхад миний орон тоогоор бүлэг гэж эрх мэдлийг ашиглах сонирхолтой байна.

Тиймдээ ч миний бүлгээс гарах өргөдлийг УИХ-ын даргад дамжуулахгүйгээр шүүхэд өгч, хугацааг нь сунгах улс төрийн тоглоом хийж байгаа юм байна л даа. Бүлэглэлийн шийдвэр ийм юм байна. Үүнийг би эсэргүүцэж байгаа. Миний хувьд намын болоод ард түмний, ардчиллын үнэт зүйлийн эсрэг ийм алхам хийж байгаа намын удирдлагыг өөрчилж, намын шинэчлэл бодит утгаараа хэрэгжих хүртэл АН-ын гишүүнээсээ татгалзаж байна. Нийт намын гишүүддээ намаа шинэчлэх энэ хөдөлгөөнд нэгдэж, АН-ын гишүүнээсээ гарч эд нарт ойлгуулаач гэж хэлэх байна. Жинхэнэ шинэчлэгдсэн намдаа бүгдээрээ эргэж ороод, 1990 оны ардчиллынхаа үнэт зүйл дээр дахин ард түмний итгэлийг хүлээсэн нам болж төрийн үүрэг хариуцлага үүрч, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх тэр сайхан цагийг ойртуулаасай гэж хүсч байгаа. Тийм болохоор энэ алхмыг маш ухамсартайгаар хийж байна.

-Намын гишүүнчлэлээс гарах хууль эрх зүйн зохицуулалт нь ямар байдаг юм бэ. Өөрийн хүсэлтээр шууд гарчихаж болдог уу?

-Хүн өөрөө шийдвэр гаргасан л бол тэр эцсийн шийдвэр. Гэтэл хүний гаргасан шийдвэрийг энэ тэнд хууль дүрэм зохиож бичиж, эсвэл зохиож тайлбарлачихаад мушгин гуйвуулаад байдаг тал бий. Х.Баянхмөнх аварга АН-аас сонгуульд нэр дэвшиж байлаа. Гэтэл “Х.Баянхмөнх аваргын уураг тархинд МАХН-ын гишүүнчлэл байна” гээд нэрийг нь татаж байсан. Тэр хүн өөрөө байсаар байхад шүү дээ. Энэ бол үнэхээр байж болохгүй зүйл. Үндсэн хуулинд заачихсан байгаа. Би өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх эрхтэй. “Энэ хүн гишүүн хэвээрээ байна” гээд худлаа цаас үйлдвэрлэж, дахин шүүхэд өгөөд хэдэн жилээр явах юм бодохгүй байлгүй дээ. Хүнийг хасах болохоороо шууд л хасчихдаг. Ж.Батзандан гэдэг гишүүн өнөөдөр АН-д байхгүй болчихсон. Тэд хүссэн учраас энэ. Хүсээгүй зүйлээ хууль эрх зүйн тоглоом хийгээд байлгаад байж болохгүй. Миний энэ шийдвэр эцсийнх.

-Та Ардчилсан намд анхнаас нь зүтгэсэн хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Энэ хэрээр ч уг нам таньд үр өгөөжөө өгсөөр ирсэн. Таны хувьд үлдсэн жаахан хугацаанд хүлээцтэй хандаад намаа бодъё, бүлгээ авч үлдье гэж бодсонгүй юу?

-Мэдээж тийм бодол төрөлгүй яахав. Эцсээ хүртэл явлаа шүү дээ. Миний энэ насан дээр 20, 30 настай юм шиг шийдвэр гаргана гэж байхгүй. Би хүссэнгүй. Нөгөө талын хүмүүсийн дураараа авирлаж, хуулийн байгууллагыг өөртэй үйлчлүүлж, үйлчилж байгаа бүлэглэлийнхээ сонирхлоор хандаж байгаа бүх зүйл миний эгдүүг хүргэж байна. Эргэлт буцалтгүй л энэ алхам руу оруулж байна.

Өнгөрсөн баасан гаригт болсон чуулганы хуралдаанаар байж болох бүх нүглүүд гарч ирлээ. Үүний цаана МАН, АН-ын хуваагдал байгаа бус Монголын нийгэм бүхэлдээ хувьсгалаа хийж байгаа юм байна гэж харсан. Монголыг барьцаалсан, ард түмнийг ангал руу түлхсэн аймшигтай том бүлэглэл нурж унаж байна. Үүнийг намууд болоод Их хурлын хуваагдал гэж харагдуулж байна л даа. Гэхдээ үүнийг хэн ч, яаж ч сөрөөд нэмэргүй юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. Нийт ард түмний эсрэг ямар ч нам, засаг, компани тогтдоггүй юм аа. Найдлага байхгүй. Энэ хүмүүст “Одоо нүглээ наминчлаад ард түмэнд хөгжих бололцоо, эрх мэдэл, өмчийг нь өг” гэж хэлмээр байна. Энэ хүмүүс сүүлийн 10, 20 жил Монголыг ноёрхчихсон. Түүнийх нь эсрэг жаахан л дуугарсан хүнийг дарладаг. Цаашдаа ч мөнхийн ийм байдалтай байна гэж боддог. Тэгж чадахгүй ээ. Чадахгүй гэдгийг нь ард түмэн харуулчихлаа.

-Та шударга бус байна гэдгийг нь мэдэж байсан юм бол өмнө нь яагаад тэмцэж болоогүй юм бэ?

-Би бүхий л салбарт ажиллаж байлаа. Энэ бүх салбарт ажиллаж байхдаа аль болох улс эх орныхоо төлөө л зүйл хийж ирсэн. Харин би тэр том тэмцлийн аль нэг талд орохыг хэзээ ч эрмэлзэж байгаагүй. Ойлголцол руу ойртуулахыг л хичээдэг байсан. Харин би энэ бүлэглэлийн эсрэг хүн болсноо Гадаад харилцааны сайд байх үедээ мэдсэн. Энэ үед янз бүрийн асуудлаар л намайг харлуулах гэж оролдож байлаа. Тэдгээр нь газар аваагүй учир эцэс сүүлд нь Гадаад харилцааны яамыг татан буулгасан юм. Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлдэг гурван яам бол Гадаад харилцааны яам, Батлан хамгаалахын яам, Сангийн яам юм. Гэсэн ч ГХЯ-ыг татан буулгаад Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны яам болгож, намайг чөлөөлсөн юм даа. Тэр хүмүүст садаа болж байгаагаа би ингэж ойлгосон. Түүний дараа бүх намуудын засаг гэж байгуулаад Дубайн гэрээг байгуулж, Эрдэнэтийг хувьчилсан. АСЕМ гэх олон улсын уулзалтыг олон зуун тэрбум төгрөгийн луйврын схем болгосон. Мэдээж би тийм зүйлүүдэд оролцохгүй. Тэр үеэс хойш бүрэн тогтолцооноосоо салсан. Тиймдээ ч миний УИХ-д нэр дэвших асуудалд маш их саад тотгор учирсан. Гишүүдийнхээ дэмжлэгээр л гарч ирсэн. Сонгуульд оролцож байх үедээ шахалт, дарамтад орсон. 70 хувьтай байсан миний рейтинг сонгуулийн үеэр 30 гаруйхан хувьтай болж байлаа. Тийм их луйвар, схемийг миний тойрог дээр ажиллуулсан. Үнэхээр тасархай байсан учраас л би унаагүй юм билээ. Энэ зүгээр л миний аз. Түүнээс бусадтай адилхан эд нарын махны машинд орох байсан байх. Миний хувьд энэ тогтолцоотой тэмцэх ёстой гэж өдрөөс өдөрт ухамсарлаж байна. Энэ тэмцэл рүү шахаж байна. Өөрсдөө ч арга хэмжээ авч байна. Надад энэ бүхнийг сөрж зарчим, үнэт зүйлийнхээ талд гарах нөхцөл байдлыг бүрдүүлж өгч байгаад нь би баяртай байна. Харин тэд өөрсдийнхөө хийдэг зүйлээр биднийг харлуулж байгаа. Энэ бол угаасаа коммунист арга. Үүнд ард түмэн хууртдаггүй юм. Тэд харин үүнийг бодож үзээгүй байх.

-АН-ын дарга та бүхнийг дарангуйлагчийг дэмжлээ гэж байсан л даа. Энэ тухайд?

-Яаж дарангуйлагч байж чадах юм бэ. Хоёр, гурван сарын дараа гэхэд энэ Ерөнхий сайд чинь огцорчих нь. Тэр том амлалтыг биелүүлж чадахгүй шүү дээ. Би огцруулахын төлөө явна. Одоо ч огцруулахын төлөө явж байгаа. Түүнээс наана бүлэглэлийг нь дараад авчихмаар байгаа юм. Бүлэглэлийн хүчирхэгжих хэрэгсэл нь Ерөнхий сайдын огцролт байж болохгүй байхгүй юу. Эхлээд 60 тэрбум, ЖДҮ-ийг шалгаж, баримтуудыг нь гаргах ёстой. Хатигийг хагалах бус гадна талаас нь тос түрхээд намжаачих гээд байна. Тэгж болохгүй. Хатигийг зад татах ёстой. Ер нь ийм ардчилсан тогтолцоонд яаж дарангуйлагч байх юм бэ. 2004 он хүртэл Н.Энхбаяр дарангуйлагч л байлаа шүү дээ. Гэсэн ч дараа нь оймс гозойгоо л биз дээ. Ц.Элбэгдорж найман жилийн турш дарангуйлагч л байлаа. Гэхдээ одоо өмнөх байр суурин дээрээ л байгаа. Энэ бол Үндсэн хуулийн гайхамшиг юм. Одоо Үндсэн хуулиас дордуулсан долоон өөрчлөлтөө л зайлуулчих юм бол Монголын улс төрийн тогтолцоо зөвхөн ард түмний хараат болно.

-Таныг “Богд” банкиндаа хөрөнгө татах, ипотекийн зээл олгох бичгийг Засгийн газраар гаргуулах нь гээд байгаа. Мөн “Богд” банкинд бонд гаргах бичиг Сангийн сайдын ширээн дээр байна гэдгийг ч Ж.Мөнхбат гишүүн хэлсэн. Энэ үнэн үү?

-Хамгийн нарийн зүйлүүд ч ил гараад байгаа. Гэтэл надад тийм их хэмжээний мөнгөний асуудал байхад энэ хүмүүс юу гэж худлаа яриад суухав дээ. Маргааш нь л гэхэд хуулийн байгууллага намайг дуудаж аваачаад алах биз. Хуулийн байгууллагууд миний эсрэг юу олох вэ гээд чичрээд зогсож байгаа шүү дээ. Шууд л хэлье надад ямар ч тийм асуудал байхгүй. Ж.Мөнхбат гишүүн маш ёс суртахуунгүй хүн. Өөр шигээ төсөөлж байгууллага, хувь хүний нэр хүндэд халдаж байна. Улс төрийн наймаа, зодооноо жирийн байгууллагад аваачиж нааж байна. Би тэр хүнийг үзэн ядаж байгаа. Түүнтэй би шүүхийн өмнө уулзаж, хэзээ нэг өдөр үнэн мөнөө тогтоолгох болно. Уучлал гуйлгах болно. ЖДҮ шиг баримт байвал гаргаж ирээд ярь л даа. Би тэр баримтыг нь хүлээж байя. Үнэхээр тийм баримт байгаа бол хариуг нь өгье л дөө. Байхгүй учраас худал таамаг ярьж байгаа юм.

Д.Муратыг яасан ч муухай хэлмэгдүүлж доромжлов. Улс төрийн золиос болгосон. Өөрийн намаас нь хүн тиймэрхүү хэрэгт холбогдонгуут Д.Муратыг оролцуулж, зориуд хэрэг зохиосон. Огт хийгээгүй зүйлийг нь хийсэн болгосон. Эцэст нь зүгээр маргалдсан гэж шүүхдэж байна лээ шүү дээ. Ингэж болох уу. Ж.Батзандангийн ах 10, 20 жилийн өмнө ч тэр ажлаа хийж л байсан. Ж.Батзанданг гудамжинд байхад тэр хүн том дарга л байсан. Намдаа нэр хүндтэй л хүн юм билээ. Ер нь хүн бие даагаад амьдралаа аваад явдаг ахтай, эгчтэй байж болохгүй юу.

-2020 оны сонгууль хаяанд ирчихлээ. Таны хувьд цаашдаа яахаар төлөвлөж байна вэ?

-Сонгууль яах вэ. Өнөөдөр дахиж хэзээ ч сонгууль болохгүй тогтолцоо руу явж байсан байна. Энэ аймшигтай тогтолцоо бүх намуудыг эзэлчихсэн. Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Сингапурт очиж 76 нэр дэвшигчээ хуваарилдаг. Эсрэг өрсөлдөгчөөө шоронд хийдэг. Ард түмэнд мөнгө тарааж хүчээр сонгуульд ялдаг. Эргээд тэд нарт төр нь 100 хувь үйлчилдэг” гээд ярилаа. Энэ том тогтолцоо анх удаа нам харгалзахгүйгээр задарч байна. Эхлээд намын зодоон мэт л байсан. Эцэстээ Монгол Улс хөгжих үү, сүйрэх үү гэдгийг шийдэх асуудал болсон. Тиймээс бид орж тэмцсэн юм. Түүнээс аль нэг нам, Ерөнхий сайд, хувь хүн, хүчтэй, хүчгүй, шүдтэй, шүдгүй нь огт хамаагүй. Үр хүүхдээ эх орондоо аз жаргалтай амьдруулахын төлөөх тэмцэл болохоос биш энэ араатнуудын сайн, мууг үзэх гэсэн зүйл огт байхгүй.


Categories
мэдээ эдийн-засаг

Нийслэлийн 2019 оны төсөв батлагдлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХХ хуралдаан өчигдөр болж нийслэлийн 2019 оны төсвийг хуулийн хугацаанд нь баталлаа. Хуралдаанаар ирэх онд нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 725.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 273.0 тэрбум төгрөг байхаар тусгаж, улсын төсөвт 289.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр баталсан байна.

Мөн хуралдаанаар “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Концессийн зүйлийн жагсаалт”-ыг баталлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дутсан юм илүүднэ

-ФЕЛЬЕТОН-

Бид үргэлж бусдаас илүү байсан. Хятадууд хүнээр олон боловч бид тэднээс олон малтай байсан. Оросууд биднээс хөгжлөөр илүү байхад манайхан хамаагүй олон тарвагатай байсан. Бид тэднээс дундаж наслалтаар богино байсан боловч идэж байгаа маханд нь шингэсэн эмийн ургамлаар үргэлж л илүү байсан. Манайхан үргэлж л урьтаж харж, түрүүлж ухаарч байсан.

Жишээ зөндөө. Шинэ жилээр мэндчилгээний ил захидал явуулснаас и-мэйл явуулсан нь хамаагүй хямд байгааг олоод хараадахжээ.Мэдээж түрүүлээд. Интернэтийг и-мэйлтэй нь бодож олсон америкчууд ч үүнийг олж харалгүй цаас үрсэн хэвээрээ байгааг бодоорой. Манайхан бодож олоод зогссонгүй тоо бодож, томьёо ашиглан шинэ жилээр мэндлэхээ багасгахад хичнээн төгрөг хэмнэхийг бодож олжээ. Харин хэмнэж олсон тэр их мөнгөөрөө яахыгаа нуусан байна. Цаас хэмнэснээр төгрөг хэмнэх тухай гайхамшигт санаагаа цаасан дээр гардаг сонинуудад төгрөг төлөн нийтлүүлж олонтойгоо хуваалцжээ.

Нэгэнт л хэмнэхийг хэмнэв, энэ ажлыг ингэс тэгсхийгээд орхимооргүй байна. Тухайлбал шинэ жилээр амаар мэндчилэх нь нарийн яривал биднийг эдийн засгийн алдагдалд оруулж байна. Бид зүгээр л мэндчилэхийн оронд “Шинэ жилийн мэнд хүргэе. Сайхан баярлаж байна уу” гэхчлэнгийн маш урт яриа дэлгэж хайран сайхан цэвэр цусны монгол авиаг дэмий үрдэг ээ. Ер нь бол “Шинэ жилийн мэнд хүргэе” гэдэг нь харь гаралтай мэндчилгээ бөгөөд Happy new year гэдэг гадагаад муу цустай үгийн орчуулга гэнэ. Энэ мэтийн харь гаралтай, цус холилдсон авианаас эх хэлнийхээ цусыг хамгаалах нь “Өгзөгөн дээрээ тэнгэрийн хөх тамгатай, паасууртан дээрээ АНУ-ын хар тамгатай” төрсөн монголчууд бидний үүрэг болоод байна. Ингээд зогсохгүй шинэ жилийн мэндчилгээ нь өвлийн хайруу хүйтэн үед таардаг учраас гарз хохирол нь давхар давхар харагдана.

Энэ урт мэндчилгээг нэг удаа хэлэхэд 30μ секунд калорын алдагдалд ордгийг тогтоожээ. Мөн мэндчилэх хугацаанд хүний ангайсан амаар 0,00009 нэгж дулаан алдагддаг ажээ. Нэг хүний өдөрт мэндчилгээнээс алдах дулаан шалихгүй мэт боловч нийлээд ирэхээрээ том тоо гардаг. Манай нийслэлийн сая орчим хүн бусдад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ амнаас гаргадаг халуун уур бүхий амьсгаагаа нөөж байгаад хотын утаатай тэмцэх сайхан боломж байна. Нийслэлийн бүх хүн түлээ түлш муутай 200 орчим айлын хаяагаар хошуугаа шургуулан “хүнтэй мэндэлж байна” гэж бодоод үлээхэд гэр нь дулаацаж, нүүрс, улмаар утаа хэмнэх боломж гарч байнаа. Мэндчилж буй хүн илүү урт амьсгаа авч , илүү хүчилтөрөгч хэрэглэдгийг авиалоги ба агаарлогичдын хамтарсан судалгаа тогтоожээ. Бид амьсгалахын хэрээр агаарын хүчилтөрөгчийг хороож хойч үеийнхээ хэрэглэх цэвэр агаарыг дутааж байдаг. Өнөөдөр ирээдүй, үр хойчоо боддог ухаалаг мэргэн ардууд агаараа цэврээр нь үлдээж, хойч үедээ хүчилтөрөгчийн арвин нөөц өвлүүлэхийн тулд амаа барин бүтэж үхэх санал дэвшүүлж эхэлснийг дашрамд дурдяа.

Үүнийг цааш гүнзгийрүүлэн квант механикаар тайлбарлаж болох боловч хойч үедээ илүү их үсгийн нөөц үлдээх зорилгоор яриагаа товчилъё.

Харин эндээс ургаад ер нь мэндчилэх нь хэрэгтэй юү, үгүй юу гэдэг асуудал ч гарч байгаа юм. “Сайн уу “ гэхээс “муу юу” гэхгүй, “сайн” гэж л хариулахаас “муу” гэж хариулахгүй. Ийм мэдээжийн юманд үнэт сайхан цэвэр монгол авиагаа гарздах хэрэг байна уу, үгүй юу? Харцаараа ойлголцоод л өнгөрч болно шүү дээ. Эндээс цаашилбал хайран сайхан цэвэр монгол харцыг ариг гамтай ашиглах, гадны элдэв талимаагаар бузардуулалгүй хойч үедээ өвлүүлэх цогц асуудал босох тул ингэсгээд орхиё.

Бидний ухаан цаашлахаараа аймаар болдог нэг тийм талтай. Ер нь гүнзгийрүүлэх тусам өөрөө ойлгож хүчрэхээ больдог нь монгол ухааны нэг онцлох давамгүй шинж гэж хэлж болно.

Манайхан сүүлийн үед урьд өмнөх их хаадынхаа хэлсэн үг, сайхан эшлэлийг олж нээх боллоо. Хөгжингүй орнуудын ухаан дутмаг эрдэмтэд бусдын хэлсэн үгийг бодоод олчихын оронд баримтаар олох гэж дэмий цаг алддаг. Тэр хэрээрээ манайхнаас хоцордгийг дашрамд дурдя. Саяхан манайхан Хүннүгийн хаан Түмэн Шанью өөрийн хүү Модун Шаньюд харвуулж үхэхдээ хэлсэн үгийг олжээ. Тэрээр үхэхийнхээ өмнө “Ээ ёо ёо” гэж хэлсэн байна. Д.Сүхбаатарын гарцаагүй хэлсэн үгнүүд дотор “Хөөе Янжмаа, цайгаа чана” гэсэн хэллэг хүндтэй байр эзэлдгийг бид мэднэ. Харин Чингэс хаан Бөртэ үжиндээ хэлсэн “Жаахан цаашихнаа хэвтээч” гэдэг афоризм ч түүнтэй эн зэрэгцдэг. Мөн Өндөр Гэгээн өвлийн дунд сард хэлсэн “Ээ тий тий аясан хүйтэн юм бэ”, Хабул хаан их найрын төгсгөлөөр айлдсан “Шээс хүрээд байна”, Наймдугаар Богдын амнаас гарсан “Ум мааний бадмихум” зэрэг үгүйсгэгдэшгүй эшлэлүүд манай түүхээр дүүрэн. Нэгэнт үгүйсгэгдэшгүй юмс нотлогдошгүй давуу чанартай. Нотлогдошгүй гэдэг нь нотлох шаардлагагүй гэсэн үг шүү дээ.

Иймэрхүү афоризмын тоонд Модун Шаньюгийн хэлсэн “Ирээдүйд энэ хавьд бий болох Монгол Улсад ашигт малтмалын хайгуулын лицензийг хэнд ч бүү өг” хэмээх алдарт үг багтана. Энэ үгийг бид цөм мэднэ. Бидний тэр бүр мэдэхгүй үг ч бас байна. Тухайлбал Модун Шанью “Аливаа үндсэн болон шороон ордын лицензийг консерциумуудад өгөхдөө үндэстэн дамнасан аудитор компанийн зөвлөгөөг өргөнөөр ашиглаж байхыг үрийн үрд санаж явагтун. Ингэхдээ ландшафтын моренуудыг чухалчлан харахыг зарлиглая” гэж өгүүлсэн нь саяхнаас тодорхой болсон байна. Мөн МЭӨ үед тодорч байсан Жижиг гэгээн Лувсанжалцан “Сар бүтэн хиртэх үеэр бараан зүсмийн эр шүдлэн ямааг колонийн аргаар хувилах нь амьдын хар нүгэл” хэмээн айлдсныг манай зоотехникчид санаж явууштай.

Тэрээр намрын дунд сарын 17-нд могой жилтэй эр хүн морь жилтэй эмтэйгээ ойртохдоо “траст” бэлгэвч хэрэглэхийг цээрлэж оронд нь “иннотекс” ашиглаарай гэж захисныг ч хүн ардадаа дуулгууштай. Түүнчлэн Амбагай цэцэн хааны гэрээслэлд байгаа “Дизель түлш орчныг илүү бохирдуулдаг тул октаны тоо өндөртэй бензин хэрэглэж заншихыг үр хойчдоо чухалчлан захья” хэмээх ирээдүйг тольдсон мөр бидний замыг гэрэлтүүлэх шиг болно. Ийм гайхамшигт нээлтүүд олон ч цаг хэмнэх үүднээс нэгийг дурдаад өндөрлөх минь. Татар аймгийнхан 1171 онд хийсэн нэгэн хурлын протколоос хэдэн мөр мэдэгджээ. Тэнд “Хонгор сумаас цианит авчирч Есүхэйд уулгах…” гэсэн байж. Манайхны сайхан ирээдүй ба гайхамшигт эшлэл бүхий түүхэнд атаархсан харийн нэгэн хүн “Та нар тийм ухаантай юм бол мөнгө чинь хаа байгаа юм бэ” гэж тэнэгтдэг байна. Тэд бас л биднээс хоцорч байна. Саяхан бид ухаан байхад мөнгө огт хэрэггүй болохыг нээчихээд байгаа билээ.

Бидэнд бусдаас илүү түүх байна. Бусдаас илүү ирээдүй байна. Хяслантай нь бусдаас илүү өнөөдөр л тааралдаж өгөхгүй зовоох юм.

2009.11.17

Categories
мэдээ спорт

Mas-wrestling-гийн ДАШТ-ээс Д.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ

Mas-wrestling-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Якутск хотноо болж, эмэгтэйчүүдийн 65 кг-д Монгол улсын тамирчин Төмөрбаатарын Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээнд 48 орны 200 гаруй тамирчин хүчээ сорин өрсөлдсөн байна. Нуруу болон гарын хүчээр өрсөлддөг уг төрлийн ДАШТ анх 2014 онд болсон бөгөөд анхны тэмцээнээс манай тамирчид хоёр хүрэл медаль авч байсан юм. Mas-wrestling нь Якут үндэсний спорт бөгөөд модон савааг харилцан таталцаж, дийлсэн нь ялдаг. Өнөөдөр дэлхийн 50 гаруй оронд хурдацтай хөгжиж байна. 2019 онд mas-wrestling-гийн өсвөр үеийн олон улсын тэмцээн манай улсад зохион байгуулахаар товложээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Ард түмнийг төлөөлж, сөрөг хүчний дуу хоолой болж байгаа бүлгийг тараах оролдлогыг санаатайгаар хийж болохгүй

Ардчилсан намын Үндсэний дүрмийн хороо даваа гаригт хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын гишүүнчлэлээс хасах, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрвөн жил хүртэлх хугацаагаар Төрийн сонгуульд нэр дэвших эрхийг хасах шийдвэр гаргасан билээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.


-Ерөнхий сайдыг огцруулах асуудалд танай намын бүлэг нэгдмэл байр сууринд хүрээгүй байсан юм уу. Үүнээс болж зарим гишүүн намаасаа хасагдаж, зарим нь бүлгээсээ гарна гэдгээ мэдэгдчихлээ?

-Засгийн газрыг огцруулах үйл явц гишүүдийн мөн чанарыг сайн таниуллаа. Ардчилсан нам Засгийн газрыг огцруулах шаардлагыг долоон удаа тавьсан. Энэхүү шаардлагад Ардчилсан намын бүлэг нэгдмэл байр суурьтай байсан гэдгийг би онцолж хэлмээр байна. ЖДҮХС-гаас зохион байгуулалттай, бүлэглэн хулгайлсан явдал нь гэмт хэргийн шинжтэй байгаа учраас манай намын бүлэг энэ Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдөр ч гэсэн энэ байр сууриндаа хэвээр байгаа. ЖДҮХС-тай холбоотой энэ гэмт үйлдлийг өөгшүүлэн хамгаалж болохгүй. Харамсалтай нь санал хураалтын үед манай гурван гишүүн эсрэг санал өгсөн.

-Л.Болд гишүүн бүлгээсээ гарах өргөдлөө танд бичсэн байна лээ. Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх бол. Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болох эрсдэл бий болчихож байгаа юм биш үү?

-Л.Болд гишүүн өчигдөр (уржигдар) надад бичиг хүргүүлсэн. Л.Болд АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Намын шийдвэрээр энэ үйлдэлд нь дөрөв хүртэлх жилээр улс төрийн хариуцлага оногдуулсан. Би үүнийг зөв гэж харж байгаа. Бүлгээс гарах хүсэлтийг нь хуулийн дагуу шийдэх ёстой. Гэтэл хуулийн заалттай нийцэхгүй байгаа юм. Тиймээс би Улсын дээд шүүхэд тайлбар явуулж байна. Ардчилсан намын суудалд сууж байгаа Л.Болд бол Ардчилсан намын гишүүн мөн. Тиймээс УИХ-ын хуулийн дагуу найман хүний суудалтай Ардчилсан намын бүлэг хэвээрээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Хуулийн зөрчилтэй ийм хүсэлтэд АН-ын бүлгийн даргын хувьд ямар ч бичиг, мэдэгдлийг УИХ-ын даргад өгөхгүй. Тийм үндэслэл байхгүй. Би хууль зөрчих эрхгүй.

-Л.Болд гишүүн намаасаа гарчихвал бүлэг тарах уу?

-Намаас чөлөөлөгдвөл ийм эрсдэл үүсч болно. Гишүүн нам бус болж, бүлгээс гарвал бид наймын тоонд хүрэхгүй байгаа учраас бүлэг тарна. Бүлэг тарахыг хэн нэгэн хүн амныхаа зоргоор шийддэг асуудал биш. Бүлэг тарах хуулийн заалттай. Хэрвээ улс төрийн нам татан буугдсан бол эсвэл бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан бол гэсэн хоёр заалтаар тарж болно. Түүнээс хэн нэгэн хүн бүлэг тар гэвэл тарчихдаг юм биш.

Ард түмэн АН-ыг сөрөг хүчин болгосон. Эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавь гэдэг үүрэг өгсөн. Бид энэ үүргээ хэрэгжүүлж байгаа. Л.Болд гишүүн парламентад олон удаа АН-ын нэрээр Их хурлын гишүүн болсон. Туршлагатай парламентач. Ард түмнийг төлөөлж, сөрөг хүчний дуу хоолой болж байгаа бүлгийг тараах оролдлогыг санаатайгаар хийж болохгүй гэдгийг Л.Болд гишүүнд хэлмээр байна. АН-ын суудал дээр сонгогдож орж ирээд бүлгээс гарна гэдэг тохиолдол анх удаа болж байгааг Л.Болд гишүүнд сануулж хэлье. Энэ бол ард түмний нам шүү. Сөрөг хүчин бүлэгтэй байж ард түмний дуу хоолой болж ажиллана гэдгийг санаж сэрэх ёстой.

-Гишүүдийн хэлж байгаагаар АН-ын удирдлагууд, тэр дундаа С.Эрдэнэ та хоёр МАНАН бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан гээд байгаа?

-60 тэрбумынхан, ЖДҮ-ийнхэн гэдэг нь үнэн гэдэгтээ АН санал зөрөхгүй байгаа. Эрэмбээрээ явсан зүйл дээр дөрөөлж, нэг хэсгийгээ гүтгэн доромжлоод, тэдэнтэй нийлсэн гэж ярьж болохгүй. Энэ УИХ болохгүй, хариуцлагагүй ажиллаж байна гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ УИХ 60 тэрбумаас бүрдсэн юм биш үү. Тиймээс тарах ёстой юм биш үү гэж би цаг үргэлж хэлж ирсэн. Энэ байр суурин дээрээ өнөөдөр ч байна. Засгийн газрын асуудал шийдэгдэж, нэг талдаа гарлаа. Гэхдээ бид ЖДҮХС-гийн асуудлыг дахин дахин тавина. Бас 60 тэрбумын асуудалд УИХ-ын дарга холбоотой бол байр суурь хэвээрээ хадгалагдана. Эргэлзэх хэрэг огт байхгүй. Бид М.Энхболдыг хамгаалсан байр суурийг огт илэрхийлээгүй.

Э.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

Боловсролын доктор Ц.Тамир: Хүүхдийн таргалалтыг бууруулах арга замыг тодорхойлох нь шийдвэрлэх асуудлуудын нэг болж байгаа

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн багш, боловсрол судлалын доктор Цэвээннамжилын Тамиртай ярилцлаа.


-Таны төгссөн сургуулиас яриагаа эхэлье. Багш мэргэжлийг яагаад сонгох болов?

-Би Архангай аймгийн Цэцэрлэг хотод 10 жилийн сургуулиа төгссөн. Долдугаар ангиасаа хөнгөн атлетик, сагсан бөмбөг, волейболын секцэнд явж эхэлсэн нь миний хувьд тамирчин болох улмаар биеийн тамир спорттой холбогдох эхлэлийг тавьж өгсөн. Тэгээд тамирчин болно гэж шийдсэн байсан учраас Биеийн тамирын дээд сургуульд бэлдэж байгаад шалгалт өгч тэнцсэн. Бид нарыг хүүхэд байхад Биеийн тамирын сургуульд орно гэдэг бол маш их өрсөлдөөнтэй байсан. Биеийн тамирын сургуульд орохын тулд бид нар маш их бэлддэг, одоог бодоход шалгуур нь үнэхээр өндөр, спортоор хамгийн шилдэг хүүхдүүд ордог байж дээ. Манай аймагт биеийн тамирын багшийн нэг хуваарь, сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн нэг хуваарь ирсэн бөгөөд 24 хүүхэд шалгалт өгч хоёр хуваарь дээр би ганцаараа тэнцээд багшаасаа аль хуваарийг авах вэ гэтэл багш маань “Чи мастер л болчихвол дасгалжуулагч хийж болно, багшийг бол заавал сургууль төгссөн хүн заадаг тиймээс чи Биеийн тамирын багшийнхаа хуваарийг аваа гэсэн. Тэгээд л энэ мэргэжлийг сонгосон.

-Хүндтэй багш нарынхаа тухай ярихгүй юу?

-Би их азтай хүн гэж өөрийгөө боддог. Яагаад гэвэл надад дандаа сайн багш нар таарсан… Биеийн тамирын хичээлд ч ордоггүй намайг энэ хүүхэд бол спортын л хүн болох ёстой хэмээн спортод уруу татаж, биеийн тамир спортын цагаан толгойг заасан хүн бол нэгдүгээр 10 жилийн багш Тогтохбаатар багш минь байлаа. Багш маань шавь нараа их хайрладаг, хүндэлж харьцдаг, ямар хүүхдэд ямар дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэйг маш сайн мэддэг, одоогийнхоор бол ЕБС-ийн сурагчдад бие бялдрын хөгжлийн суурийг маш сайн тавьж өгдөг, бие бялдрын хөгжлийн онол арга зүйг өндөр түвшинд эзэмшсэн мэргэжилтэн байжээ. Мөн волейболын спортын мастер Гансүх, Гаамаа нарын багш нарынхаа удирдлаган доор волейболын секцэнд явж аймаг, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд орж байлаа.

10 дугаар ангиа төгсөөд улсын шигшээ багийн дасгалжуулагч Оюунцэцэг багшийнхаа удирдлаган доор бөөрөнцөг түлхэлт, диск шидэлтээр хичээллэж эхэлсэн. Би багшийгаа их шударга, хүнлэг, ажилдаа сэтгэлээсээ ханддаг, шавь нараа ээж шиг нь хайрлаж, тэдэнд юу хэрэгтэй, тэдэнтэй хэдийд яаж харьцвал, бэлтгэл сургуулилт, амжилтад нь нөлөөлөх зэрэг сайн мэдэрч чаддаг, бие бялдрын онол арга зүйгээс гадна тамирчны сэтгэл зүйн болоод физиологи онцлогийг харгалзан арга зүйгээ өөрчилж чаддаг, жинхэнэ өндөр мэргэжлийн боловсон хүчин гэж дүгнэдэг.

-Таны хувьд улсын шигшээ багт тамирчнаар бэлтгэл сургуулилт хийж байсан гэдэг. Тэр тухай сонирхмоор байна л даа?

-Тийм ээ, 1990-1993 онд залуучуудын шигшээ багт бөөрөнцөг түлхэлтийн тамирчин байсан. Оюунаа багшийнхаа удирдлаган доор өвөлдөө спортын төв ордны Б заланд, зундаа төв цэнгэлдэхэд голдуу бэлтгэлээ хийнэ. Өглөө зарятканд гарна, өдөрт хоёр удаа бэлтгэл хийнэ. Заримдаа цугларалтад гарна. Махашири ах, Долгор эгч, Цэрэнпил эгч, Цэнд-Аюуш, Хүрэлпүрэв, Буянтогтох нартайгаа хамт бэлтгэл хийдэг байсан. Хүрэлпүрэвтэйгээ л их найз байсан хоёр хөдөөний хүүхэд бие биенээ их дэмжинэ, хоол олдвол хувааж иднэ.. гээд л их л олон юм болно доо Бэлтгэлийн хувьд гэвэл ихэнхдээ л хурд, хүч, технийкийн бэлтгэл хийнэ. Тамирчин хүн оюутан байна гэдэг их хэцүү. Тэмцээн, бэлтгэл гээд хичээлд суух боломж гарахгүй. Хичээлд суухгүй юм чинь дүн гарахгүй энэ тэр гээд их л юм болно доо.

-Өсвөр үеийн бөөрөнцөг түлхэлтийн рекорд амжилтыг 1991 онд шинэчлэн тогтоож байсан гэж сонссон юм байна. Өнөөг хүртэл таны тогтоосон амжилтыг эвдээгүй гэсэн. Бас л бахдам юм шүү.

-1991 оны идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх идэрчүүдийн рекорд амжилтыг эвдэж 11.20 см, дараагаар нь, Улан-Үдэ-ийн тэмцээнд дахиж нэг ахиулаад УАШТ-ээр 11.73 м болгосон. Бид нар яахав дээ. Социализмаар хүмүүжсэн хүүхдүүд, ид төлөвшдөг амжилт гаргадаг үед нь нийгэм солигдож, нийгмийн энэ өөрчлөлтийг өөр өөрийнхөөрөө л туулсан үеийнхэн. Нийгэм солигдоогүй тэр чигтээ тамирчнаараа явсан бол бидний дунд өндөр амжилт гаргах тамирчид их байсан. Өнөөг хүртэл энэ амжилт эвдэгдэхгүй байгаа нь сургалт, дасгалжуулалт, холбоод гээд энэ спортын түвшин манайд ямар байгаатай холбоотой байх гэж боддог.

-Багшийн ажил эрхэлсэн он жилүүдийнхээ тухай ярихгүй юу. Өөрийн өсч төрсөн нутаг Архангай аймгаас багшийн гараагаа эхэлсэн үү?

-Анх Архангайн багшийн сургуульд багшилж эхэлсэн. Архангайн багшийн сургуульд 12 жил, дараагаар нь энд ирж Багшийн сургуульд дөрвөн жил багшлаад, буцаж Архангайд очиж гурван жил багшлаад одоо эндээ багшилж байна даа.

-Тамир докторын нэг том судалгааны ажил бол Монголын залуу үеийг эрүүл чийрэг болгох, ерөөс энэ чиглэлээр олон ном товхимол, эрдэм шинжилгээний бүтээл гарган хичээж зүтгэсэн байх юм. Энэ тухай дэлгэрэнгүй асуумаар байна л даа?

-Өнөөдөр хүн төрөлхтний хөгжлийн явц хурдсаж, техник технологийн дэвшил амьдрал ахуйд гүнзгий нэвтэрч, хүний хөдөлмөрийг асар ихээр хөнгөвчлөх болсноор хөдөлгөөний хомсдол, түүнийг дагасан амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй биеийн өөхлөг эдийн хэмжээ ихсэх явдал хүмүүсийн дунд нэмэгдэж байгаа бөгөөд улмаар ихсэх хандлагатай болоод байна. Мөн эцэг эхчүүд болон багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийн оюун ухааны хөгжилд түлхүү анхаараад бие бялдрын хөгжлийг сайн анхаарахгүй байгаатай холбоотой ялангуяа ЕБС-ийн бага ангийн хүүхдүүдийн дунд таргалалттай хүүхдүүдийн тоо нэмэгдэж, жилээс жилд ихсэх хандлагатай байгаа нь сүүлийн жилүүдэд хийсэн судалгаанаас харагдаж байна. Мөн ДЭМБ-ын тодорхойлсноор биеийн жин нэмэгдэхийг “Жингийн илүүдэл”, харин биеийн өөхлөг эдийн хэмжээ нэмэгдэхийг “Таргалалт” гэж үзжээ. Иймээс хүүхдүүдийн бие бялдрын хөгжлийг олон талаас нь зөв тодорхойлж, хүүхэд бүрийн бие бялдрын хөгжлийн хэрэгцээ, онцлог, ялгаатай байдлыг харгалзан сургалт зохион байгуулах асуудлыг шийдвэрлэх явдал нь чухал болоод байгаа өнөө үед хүүхдийн бие бялдрын хөгжил, биеийн тамирын боловсролыг дэмжих нь зөвхөн биеийн тамирын багш нар хүүхдийн бие бялдрын хөгжлийг анхаараад зогсохгүй эцэг эх, сургууль багш нар ч бас хүүхдийн бие бялдрыг эрүүл чийрэг байлгахад анхаарч сургуулийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгасан байх нь зүй ёсны хэрэг болоод байна. Иймээс өөрийн судалгааны ажил ном бүтээлдээ бага ангийн хүүхдийн хөгжил, түүний дотор бие бялдрын хөгжлийг дэмжих тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна.

-Бага насны хүүхдийн биеийн өсөлт, хөгжлийн тухай та олон бүтээлдээ дурдсан байна. Сүүлийн үеийн хүүхдүүдийн өсөлт хөгжил ямар байгааг танаас асуумаар байх юм?

-Сүүлийн жилүүдэд ЕБС-ийн суралцагчдын дунд үүсч буй хөдөлгөөний хомсдолтой холбоотойгоор таргалалт ихэсч байгаа тэдний бие бялдрын хөгжилд нөлөөлж байна. Иймээс хүүхдийн биеийн бүрдлийг судлах, таргалалтыг бууруулах арга замыг тодорхойлох нь шийдвэрлэх асуудлуудын нэг болж байгаа учир хүүхдийн бие бялдрын хөгжлийг тодорхойлох шинэ арга зүй боловсруулах, тэдгээрийг хэрэглэх явдал чухал болжээ.

-“Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын биеийн бүрдлийн судалгаа” сэдвээр та докторын зэрэг хамгаалсан. Энэ сэдвээр судалдаг эрдэмтэд хэр байдаг бол. Эрдмийн зэрэг хамгаалсан сэдвийг тань асуумаар байна.

-Биеийн бүрдэл body com­position гэдэг нэр томьёогоор хүний биед агуулагдах өөхлөг болон өөхлөг бус эд, булчин, яс, ус, эрдэсийг бүхэлд нь багтаасан ойлголтыг илэрхийлдэг бөгөөд Body composition гэдэг нэр томьёог биеийн бүрдэл хэмээн орчуулан хэрэглэсэн бөгөөд бүтэц, бүрдэл гэсэн хоёр үгийн нэгийг сонгох шаардлага гарсан бөгөөд бүтэц гэдэг нь бүтээх буюу хөндлөнгийн оролцоотойгоор хийгдэн бүтэх үйл мэт утга гэж үзээд, харин бүрдэл гэдэг үгийг Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д бүрдэл-бүрэн төгс байдал, бүрдэл болов, бүрдэл болсонгүй гэж тайлбарласан байсан. Эдгээрээс хүний бие махбод нь хөндлөнгийн шууд оролцоогүйгээр өөрөө бүрэлдэн торниж төгс хэлбэрийг олдог тул бүрдэл гэдэг үг оновчтой хэмээн сонгож хэрэглэсэн юм.

Бид судалгааныхаа ажилдаа нийслэл, аймгийн төв, сумын 6-11 настай сурагчдын биеийн бүрдэл болох өөхлөг эд, булчин, ясны үзүүлэлтүүдийг 1 жилийн хугацаанд 3 удаагийн давтамжтайгаар дагаж судалсан бөгөөд, тэдгээр сурагчдаас өөхлөг эдийн хэмжээ ихтэй сурагчдын хөдөлгөөний чадварыг, өөхлөг эдийн хэмжээ хэвийн үзүүлэлтэй хүүхдүүдийн хөдөлгөөний чадваруудтай харьцуулан судалсан. Мөн өөхлөг эдийн хэмжээ нэмэгдэхэд сурагчдын биеийн тойргийн үзүүлэлт ямар хэмжээгээр нэмэгдэж байгаа хамаарлыг тогтоосон. Ингэснээр хүүхэд бүрийн биеийн бүрдэл, бие махбодын өсөлт, хөгжлийн ялгаатай байдалд үндэслэн тэдний онцлог, хэрэгцээнд нийцүүлэн биеийн тамирын сургалтын арга зүйг оновчтой сонгох, өдөр тутам хэрэглэх, дасгал хөдөлгөөн, хоол тэжээл, өдрийн дэглэм зэргийг уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар ХХААХҮ-ийн сайдыг томилно

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад нийт 25 асуудал багтжээ.

Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлт, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Мөн Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох, ЖДҮХС-тай холбоотой үүссэн асуудлыг шалгах Түр хороо байгуулахаас гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсох юм. Энэ долоо хоногийн хуралдаанд Ерөнхий сайд “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалт” сэдвээр мэдээлэл хийх бөгөөд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу түүний мэдээллийг Баасан гарагийн үдээс хойш буюу 15.00 цагт сонсох юм.

Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр болох үйл явдал

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Уур амьсгалын өөрчлөлт – Ойжуулалт, ой нөхөн сэргээлт” форум болно.

09.00 цагт МҮХАҮТ-д худалдаа эрхлэгчдийн “Их хүрээ” үндэсний чуулган эхэлнэ.Утас:77170777

09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний чадавхийг сайжруулах төсөл”-ийн хаалтын арга хэмжээ болно.

09.00 цагт МУИС-ийн Номын санд “Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган” болно.

09.00 цагт Барилгын Политехник коллеж, Эрчим хүчний хөгжлийн төвийн харъяа МСҮТ болон Техник, технологийн политехник коллежийн байранд “Монгол ур чадвар” тэмцээний шилдгүүдийг тодруулна. Утас: 99882848

09.00 цагт Төрийн ордонд Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн салбар дундын улсын зөвлөгөөн болно. Утас: 88059360

09.00 цагт НЗДТГ-т “Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний эгэх хариуцлагыг үнэлэх нь” төслийн хаалтын арга хэмжээ болно.

10.00 цагт Нээлттэй Нийгэм Форумд “Өсвөр үеийнхний дуу хоолой-2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааны тайланг танилцуулна.

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хороо тус салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулна. Утас: 98324298, 99277963

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Нэхүүл” нам бус залуусын хөдөлгөөнөөс ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Улаанбаатар чуулгын байранд тусгай хэрэгцээт боловсрол олгох байгууллагад суралцаж байгаа хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “БИД ТЭГШ ЭРХТЭЙ” гар зургийн уралдааны үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88013454, 80087018

14.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын худалдаа эрхлэгчдийн баярын цуглаан болно.

17.00 цагт МҮХАҮТ-д ISO 9001:2015 стандартын гэрчилгээ гардуулах ёслол болно. Утас: 99051096