Categories
мэдээ улс-төр

Алтны АМНАТ-ийг 2.5 хувиар тогтоосон хуулийн хэрэгжих хугацааг таван жилээр сунгана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд уурхайгаас олборлож худалдсан эсхүл ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс улсын төсөвт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) төлдөг. Өөрөөр хэлбэл, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан байгууллагууд АМНАТ төлдөггүй аж. Иймд ашигт хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг АМНАТ төлдөг байхаар хуулийн төсөлд тусган нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсныг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдлаа.

Тэрбээр, “УИХ-ын 2017 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банканд худалдсан алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна” гэсэн заалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгаа. Уг хууль 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2015 онд 15.1 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн болж өссөн байна. Тиймээс уг заалтыг дахин 5 жил хэрэгжүүлэх нь зөв хэмээн үзсэн” хэмээв.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Ж.Бат-Эрдэнэ гишүүн, “Алт бол ард түмний өмч. Энэ өмчийн үр ашгийг иргэдэд хүргэхийн тулд АМНАТ-ийг өндөр тогтоох ёстой” гэлээ.

Валютын ханш, шатахууны ханшийн өсөлтийг хязгаарлахад Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэх нь туйлын чухал юм. Нөгөөтэйгүүр Европын Холбооны Улс 2021 оноос хойш гарал үүсэл нь тодорхой бус алтыг худалдаж авахгүй гэсэн мэдэгдэл гаргажээ. Тиймээс АМНАТ-ийг үргэлжлүүлэн 2.5 хувиар тогтоож, Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлож буй алтны хэмжээ, борлуулалтад хяналт тавих хэрэгтэй гэдгийг УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа тайлбарлав.

Монголбанкинд тушааж буй алтны 60-70 хувийг жирийн иргэд тушаасан гэсэн үзүүлэлт байгааг Д.Тэрбишдагва гишүүн хэллээ. Тэрбээр, “Аж ахуйн нэгжүүд иргэдийн алтыг худалдаж авдаг. Үүнийхээ дараа Монголбанкинд жирийн иргэний дүрээр алтаа тушааж, татвараас зугатаж байна. Тиймээс АМНАТ-ийг хамгийн багадаа 5 хувиар тогтоох хэрэгтэй” гэлээ.

Ийнхүү үдийн завсарлагааны цаг болсон тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг 15.00 цагаас үргэлжлүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа

Related image

УИХ-ын үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа. Чуулганы хуралдаан завсарлахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн ч гишүүд байр сууриа илэрхийлж, үг хэлж дууссангүй. Үдээс хойших чуулганы хуралдаанаар хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Categories
мэдээ цаг-үе

У.Хүрэлсүхийн Засгийн газар зарим гишүүдийн багийг хууллаа

Засгийн газрыг огцруулах асуудал бөөн юм болсныг бүгд мэдэж байгаа. Байнгын хороон дээр унасан У.Хүрэлсүхийн танхим өнгөрсөн баасан гаригийн чуулганаар тогтож үлдлээ.Өглөөнөөс үдэш болтол хэлэлцсэн парламент ийм шийдвэр гаргасан ч энэ Засгийн газар нам дотроо огцорчихжээ гэдэг нь тод харагдаж байна. Чуулганд оролцсон 73 гишүүний 40-ийнх нь саналаар засаг үлдэж чадсан.Шуудхан хэлэхэд С.Жавхлан, Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарын санал Засгийн газрыг аварлаа.

Олон цаг үргэлжилсэн чуулганы хуралдаан дээр үг хэлж байгаа хүмүүсийг хараад байхад Ерөнхий сайдаасаа авахуулаад эрх ашгийнхаа төлөө үхэн хатан тэмцэлдэж,тулга тойрсон хов л ярьцаагаад байх юм. Тэднээс улс орны ирээдүйн хувь заяа, хөгжил дэвшилд хүрэх зам мөрийн талаар ухаалаг шийдлүүд олж сонссонгүй. Ядаж л хэдэн арван жил гацсан томоохон төслүүдээ урагшлуулахын төлөө яаж ажиллахаа яруу тодоор хэлээд сууж байх ёстой цаг үе биш бил үү. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар тодорхой зүйл ярьсангүй. Ямар сайндаа чуулганы хуралдааны төгсөлд түүний хэлсэн үгнээс “Ямар нэгэн бүлэглэлийн толгойлогчийг сонгох хурал болоод өнгөрчихөв үү дээ” гэсэн бодол төрөхөд хүрч байхав дээ. “Олигархуудтай хатуу тэмцэнэ. Аятайхан байхгүй байгаа нөхдөд ёс зүйн болон улс төрийн хариуцлага хүлээлгэнэ” гээд л загнаж зандраад байсан. У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайд, намын дарга байх нь амин чухал байх л даа. Тэгвэл ард түмэнд Ерөнхий сайд, намын дарга хэн байх нь огт падлийгүй. Цаашид улс оронд бодитой ажил хийж бүтээх, иргэдийн амьдралыг сайжруулахад бодлого хэрэгжүүлэх засаг төр л ус агаар мэт хэрэгтэй.

Засгийн газрыг огцруулахад анх 27 гишүүн гарын үсэг зурсан. Тэднийг АН-ын есөн гишүүн дэмжинэ гэдгээ ч мэдэгдээд байв. Энэ үед О.Баасанхүү, С.Жавхлан нарын санал эрдэнэ мэт үнэд орсон. Гарын үсэг зурсан нэрс дээр сөрөг хүчний ес нэмэгдээд 36 гишүүний санал засгийг унагахад хангалтгүй байсан болохоор тэд од болж байв. Манай хоёр гишүүн ч Байнгын хорооны хуралдаан дээр Засгийн газрыг огцруулна гэдэг байр сууриа илэрхийлээд авсан. Гэтэл эцсийн санал хураалт явагдахад С.Жавхлан өөрөөсөө,Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат намаасаа “урвалаа”. Энэ хэд нөгөө талд санал өгсөн бол У.Хүрэлсүхийн Засгийн газар уначих байлаа. Нийгэмд эдгээр гишүүдтэй холбоотой элдэв шуугиан ч дэгдэж байна. Сошиал ертөнцөд болон дам ярианы сэдвүүдийг хүмүүс хардах эрхийнхээ хүрээнд л таамаглацгааж байгаа байх. Үнэн мөнийг нь үнэхээр хараагүй болохоор хэлж мэдэхгүй л юм. Гэхдээ мэдээлэх үүргийнхээ дагуу заримаас нь дуулгая аа.

Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхлэнгүүт С.Жавхлан гишүүн бүхний анхаарлын төвд орсон нь яалт ч үгүй үнэн явдал. Фокус түүн рүү төвлөрч, санал нь ихэд үнэд орж байгаа шуугиан гараад байлаа шүү дээ. Тэрбээр өмнө нь засаг, төр огцор гэж хэдэнтээ цухалдаж байсан хүний нэг. Гэнэтхэн чуулган дээр “Засаг төр тогтвортой байх ёстой. Гуравдугаар ээлжийнхэн гэж өлсгөлөн цөөвөр чоно шиг нөхөд гарч ирнэ” гэж загнаад Ерөнхий сайдын талд зогсов. Өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах асуудал орж ирж байхад С.Жавхлан гишүүнтэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй нэг яриа гарч байсан. Огцрохоор яригдаж байсан сайдад хуучны удам дамжсан хөөрөг зарах санал тавьсан гэсэн домог бий. Тухайн үед Засгийн газрынх нь асуудал нэгэнт цаагуураа шийдэгдсэн байсан болохоор Ж.Эрдэнэбат тэр хөөрөгний “Үнийг нь дийлэхгүй юм байна” гээд аваагүй гэсэн дам яриагаар домог үргэлжилдэг.Ямар нүдээр харсан биш, итгээгүй л дээ. Гэтэл сая С.Жавхлан гишүүнийг өнөөх хөөргөө хэрэгтэй хүнд нь ханасан үнээрээ зарчихсан юм болов уу гэсэн таамгийг нийгмээрээ дэвшүүлж байна лээ. Үнэн, худлыг нь үнэхээр баталж чадахгүйгээс хойш яалтай билээ. Яагаад ийм яриа гарах болов гэвэл Баасанхүү гишүүнийг зураг зардаг,улс төр бужигнах тусам зураг нь үнэд ордог гээд л ярьдаг даа. Тийм болохоор энэ үйл явдал нэг их шинэ сонин юм биш л дээ.

Л.Болд гишүүний хувьд Засгийн газрын асуудалд бүлгийнхээ байр суурийг дэмжихгүй гэдгээ эртнээс л зарлаад байсан. Түүнийг бусад гишүүд нь “Богд” банкиндаа ипотекийн зээл авах нь гэж хардаж байхад “Өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгнө” гэсээр байгаад л өгөх шиг боллоо. Чуулганы хуралдааны үеэр ч Ж.Мөнхбат гишүүн хүртэл “Сангийн сайдын ширээн дээр АН-ын гишүүн Л.Болдын “Богд” банкинд бонд гаргаж өгнө, ипотекийн зээлийг дамжуулна” гэсэн бичиг байгаа” гээд цоллоод авна лээ.Л.Болд гишүүн энэ үгийг нь эрс үгүйсгэв. Дараа нь тэрбээр “Би 1990 оноос хойш тасралтгүй зүтгэсэн АН-ын анхны гишүүн. Ардчилсан хувьсгалд оролцож эрх чөлөөгөө олж авсан. Үүнийгээ хэнд ч өгөхгүй” гэж жиргээд авав. Ер нь ч Л.Болд гишүүн бизнес тааруу байгаа тухай, шударга бусын хонгил, цагдаа шүүхийн асуудал гээд байнга нь гонгинож явдаг хүн л дээ. Б.Хурцтай муудахдаа л энэ тухай ярьж эхэлсэн. Үүнээс хойш олон удаа ярьж байгаа. Хүн өөрийн үзэл бодлоо хамгаалдаг байхын тулд ардчилсан хувьсгалыг хийсэн нь үнэн. Гэхдээ манай ардчилсан хувьсгалыг хийсэн хүмүүс бүгд сахилга бат, багийн тоглолт гэдгийг орхигдуулсан нь энэ хүний хэлсэн үгнээс харагдаж байна. Тэр нь юу вэ гэвэл “Өөрт ашигтай бол юу ч хийж болдог” гэсэн мунхаглал манай ардчиллын хамгийн сүүдэртэй тал нь юм. Хүн бол эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусад хүмүүсийн эрх чөлөөг хөндөхгүй байх ёстой. Нам, аливаа институци сахилга бат, зарчимыг эрхэмлэх учиртай. Харамсалтай нь энэ бүхнийг умартаж, ардчилсан хувьсгал бий болсон нь хамгийн гунигтай.Дур, дураараа авирлаж, үл тоомсорлох явдлыг анархизм гэдэг биз дээ. Үүгээрээ Л.Болд гишүүнийг Засгийн газрыг авч үлдэхэд гарын үсэг зурсан гэж буруушаах гэсэнгүй. Гагцхүү намын сахилга баттай байгаач ээ. Тэгэхгүй бол Л.Болд гишүүн бүхий л үед өөрийнхөө хувийн ашиг сонирхлыг тэргүүнд бодож явж ирж дээ гэж харахаар байна. Сая намынхаа эсрэг ажилласан, өмнө Батлан хамгаалах яаманд байхад нь хүртэл гарсан хэрэг шуугиан зэрэг явдлуудаас дүнэхэд Л.Болд гишүүн чинь жаахан итгэл муутай, нэг тийм өөрт ашиг гарвал өрөөл яаж ч байсан үл тоодог байрын, сайн эцгийнхээ нэрийг худалдаж идээд дуусч байгаа хүн юм уу даа гэж бодогдохоор байна шүү.

Засгийн газрыг дэмжсэн санал өгсөн сөрөг хүчний өөр нэг гишүүн бол Ж.Батзандан. “Чуулганы танхимд Ж.Батзандан гишүүн даацтай үг хэллээ” гээд л дэмжигчдийнх нь нэрээр хаягласан цахим хаягнаас түгээж байна. Тэрбээр 60 тэрбум, оффшорчдын эсрэг тэмцэх ёстой гээд л цовхчоод байсан.

Гэтэл нийгэм даяар түүнийг У.Хүрэлсүхтэй ойр байдаг ахыгаа албан тушаал ахиулж, бас эмэгтэй дүүгээ өөд нь татахын тулд намынхаа эсрэг ажилласан хэмээн чичилж байна. Энэ бол зүгээр л хүмүүсийн хардлага. Ер нь хүн аливаа намд гишүүнээр элсэнэ гэдэг бол тэр намын бодлого, үзэл бодлыг нь дэмжиж байгаагийн илэрхийлэл байдаг. Нам олон мянган гишүүдээсээ цөөн хэдийг сонгож, итгээд УИХ-д нэр дэвшүүлдэг нь тухайн хүний карьерт маш том боломж олгодог. Гэтэл Ж.Батзандан гишүүн намаа үл тоож байгаа нь харагдаж байна. Уг нь намдаа ач бодохоор хүний нэг мөн дөө. Долдугаар сарын 1-ний үймээний дараагаар МАН-аас цаазын ялтай зүйл анги аваад АН-д гишүүн болж намын хамгаалалтад орж байсан гэдгийг бүгд мэднэ. Хүний баг хууларна гэдэг л энэ байх даа. Түүнийг намын нөхөд нь, ард түмэн, сонгогчид нь ямар хүн болохыг бэлхнээ харчихлаа. За тэгээд, У.Хүрэлсүхийг дэмжсэн нь хувь хүнийх нь сонголт байж дээ.

Сөрөг хүчний Д.Мурат гишүүн засгийг авч үлдэхэд саналаа нэмэрлэнэ гэдгийг хэн ч тооцоолоогүй. Мань эр ямар нэгэн барьцаанд орсон эсэхийг үнэндээ мэдэх юм алга. Уг нь садар самуунд холбогдсон гэх түүний хэрэг хаагдчихсан баймаар. Арга байхгүй У.Хүрэлсүхийн Засгийн газар цаашдаа ажиллах юм байна гэж бодсонд нь үнэмшинэ гэхээр гэнэн байна аа. Бас нэг гэнэн бодол ч байна. Чуулганы нэгдсэн хуралдаан “Байнгын хорооны шийдвэрийг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураасан. Тэгвэл энэ саналын томьёоллыг Д.Мурат гишүүн “Засгийн газрыг огцруулах байнгын хорооны саналыг дэмжье” гэсэн саналыг Засгийн газрыг дэмжих гэж байна. Тэгж ч ярихгүй шүү. Намынхаа бүлгийг дагаж эсрэг санал өгнө өө” гээд эсрэг дарсан гэсэн хошигнол хүртэл гарчээ. Товчхондоо “Муратын андуурал дээр У.Хүрэлсүхийн Засгийн газар торж үлдлээ” гэх онигоо дэгдлээ. Ийм цагаахан мэдээний хажуугаар “Д.Мурат намынхаа шийдвэрийг сөрж их хэмжээний мөнгө авчээ” гэх хэлэлцүүлэг сошиалд өрнөж байсан. Үүнийг хэн ч батлахгүй. Гэхдээ энэ гишүүн хэрэгт холбогдоход нь Д.Гантулга шиг жирийн иргэн болгочихоогүй намдаа талархах учиртай хүн баймаар.

У.Хүрэлсүхийн Засгийн газар олон ч хүний багийг хууллаа. Сайдын албан тушаалд бүрэлдэж байсан Ч.Улаан гишүүн эгээтэй л “зулбах” дөхлөө. Монголын төрд хамгийн олон удаа сонгогдож, сайдаар ажиллаж ирсэн хүн гээд л байнга шүүмжлэлд өртдөг. Тэгсэн хэрнээ сая сайд болохын төлөө ёстой ухаангүй зүтгэлээ. Ухаантай хүн бол “Залуус маань энэ ажлыг хийг дээ” гээд зайгаа тавьж өгөх биз. Энэ үед Ч.Улаан гишүүн маань “Ямар хийж үзээгүй ажил, хашиж үзээгүй алба биш дээ. Орчин цагийн залуусын тархинаас их үйл гарах байх” гээд сугарч үлдэж болохоор байлаа. Жинхэнэ монгол эр хүний жудаг гэж байдаг даа. Гэтэл турж үхэх гэж байгаа юм шиг л сайд руу зүтгээд байсан.

Ц.Цогзолмаа сайдын хувьд танхимаа огцруулахаар гарын үсэг зурсан гишүүний нэг. Тэрбээр байр суурин дээрээ айхавтар үнэнч байлаа. Цаашдын ажил алба,карьер нь хэцүүдэх байх даа. Хамгийн түрүүнд л Ерөнхий сайдын далайдаг сэлэм ч билүү, муна ч билүү тийм юмных нь бараг салхинд нь ширвэгдэхээр харагдаж байна. Ц.Цогзолмаагийн хувьд МАН-ын хотын фракцын хүн гэгддэг. Тэр утгаараа М.Энхболдын нөмөр нөөлөг дор явж, дүүргийн даргаар хүртэл ажиллаж байсныг цөм мэднэ.

Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан 27 гишүүнээс ганцхан Г.Мөнхцэцэг хуралдаанд оролцсонгүй. Солонгост томилолттой явж таарсан гэнэ лээ. Ер нь шийдвэрлэх үед зугтлаа, саналаа нөгөө талд худалдчихаж гэсэн жиг, жуг тэр өдөржин л Төрийн ордонд яригдсан. Мөн энэ өдрийн чуулганд ирээгүй хоёр дахь гишүүн нь Б.Батзориг. ЖДҮ-д холбогдож, прокурорт шалгагдаж байгаа тэрээр эргэж ирэх нь юу л бол. М.Энхболдтой насан туршдаа улс төрд зүтгэж яваа хүн бол амьдай Н.Энхболд. Танхимдаа үлдэхийн төлөө саналаа өгч байгаагаас нь харахад олон жил нөхөрлөсөн гэж харахад хэцүү л юм. Аргагүй л амь үнэнч, авгай худалч гэдэг нь үүн дээр тод гарч байна лээ дээ. Энэ нь ч буруу юм гэж юу байхав. Хүн ийм л байдаг хойно.

Засгийн газрыг огцруулах асуудал анх ЖДҮХС-гийн луйвраас үүдсэн. Тэрнээс 60 тэрбумынхан хорсч, занасандаа У.Хүрэлсүхийг ажлаа өг гэж шахаагүй. Тиймээс Ерөнхий сайд одоо эхний ээлжинд ЖДҮ-д холбогдсон сайд нартаа арга хэмжээ авч, тэдний оронд УИХ-ын гишүүн биш улсуудыг тавих хэрэгтэй байна. ЖДҮ-чдэдээ арга хэмжээ авсан ч цаашид засгийн хувьд заяа мөн л хэцүү байх болов уу. Б.Батзориг, Н.Цэрэнбат нарын сайд нар ЖДҮ-дсэн гэдэг нь ил болсон. Энэ гурвынхаа нэгийг нь явуулчихаад байгаа. Дээр нь Ц.Цогзолмаа, Д.Даваасүрэн, Д.Сарангэрэл нарын талаар асуудал хөндөгдөж буй. Эд нар огцорчихвол У.Хүрэлсүхтэй хамт танхимынх нь гишүүдийн бараг тэн хагас нь хоцрохоор байна. Дараагийн орж ирэх хүмүүс нь ажилтайгаа танилцаж жигдрэх гэсээр байтал зургаан сарын дараа Засгийн газрыг огцруулах асуудал дахиад тавигдахыг үгүйсгэхгүй. Тэр үед ёстой л сэвшээ салхи ширвэх төдийд унах байх даа. Асуудалтай сайд нараа явуулахгүй байя гэхээр Ерөнхий сайдын шударга үнэний дуу хоолой болсон имижид нь халтай болчих гээд байдаг. Ингээд харахаар тун ярвигтайхан Засгийн газар үлдлээ дээ.

Түүхт 100 жилийнхээ ойтой золгох гэж байгаа МАН хуваагдах уу, эс хуваагдах уу гэдэг салаа замын уулзвар дээр гацчихаад байна. Хэрэв М.Энхболдыгоо хөөнө гэвэл жинхэнэ утгаараа хагарал болох байх. Нарийн яривал УИХ-ын даргыг хүссэнээрээ аваад хаячихдаг ч юм биш. Хэн дуртай нь гарч ирээд парламентын тэргүүнийг огцруулчихвал төрийн эргэлт болно. Ийм эрсдэлээс сэлгийлсэн хуулийн хамгаалалт бий. УИХ-ын дарга өөрөө хүсэх юм бол өргөдлөө өгч, огцрохоос биш хэн дуртай нь аваад халчихдаг хялбархан суудал биш. Өнөөдөр Ерөнхий сайд маань хонзогносон аястай хандлагаасаа татгалзаж, ажил хийх тухай яримаар юм даа. Өвлийн хүйтэн орж, газар хөлдчихлөө. Нүүрс зогсоод, доллар өсчихлөө. Гэтэл нүүрс зогссоныг Хятадын ажил гэдэг. Долларын ханш нэмэгдэхээр бид хэвлэдэггүй гэнэ. Шатахуун өсөхөөр “Бид оролцохгүй, чи үнэ хямдруул. Яасан их идэж уудаг юм бэ” гээд импортлогчдыг зүхдэг. Тэгэхээр одоо яах вэ. Ард түмнийхээ төлөө юу хийх вэ. УИХ-ын чуулган дээр сандал ширээний хэрүүл биш, хийх ажлаа түмэн олондоо танилцуулж, хэлж өгөөч, Ерөнхий сайд аа.


Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн өвлийн бэлэн байдлыг шалгаж байна

Автотээврийн үндэсний төвөөс улс, хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгчдийн өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, Сонгинохайрхан болон Баянзүрх зорчигч тээврийн төвүүдэд ажиллалаа. Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 61 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал болон онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд зайлшгүй байх шаардлагатай тоноглол, хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Ийнхүү газар дээр нь шалгаж, гарч буй зөрчил дутагдлыг арилгуулахаас гадна тухайн тээврийн хэрэгсэл, жолооч нарын харьяалагдах аж ахуй нэгжүүдэд үүрэг чиглэл өгч, цаашид техникийн бэлэн байдлыг хангуулж, иргэд зорчигчдод сааталгүй үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг санууллаа.

Categories
мэдээ спорт

“Бөртэ чоно” наадам хойшилжээ

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Бөртэ чоно” наадам энэ сарын 14-нд болох байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас долоо хоногоор хойшилжээ.

16 дахь жилдээ болох наадамд шилдэг эрэгтэй, эмэгтэй болон залуу тамирчин, дасгалжуулагч, багийн спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. Сонирхуулахад өнгөрсөн жил “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Д.Сумьяа хүртэж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: УИХ-ын дарга УИХ-ыг удирдах ёс зүйн эрх байхгүй

Суулт зарласан дөрвөн гишүүн мэдэгдэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Үндсэн хуулийн өмнө хүлээсэн чиг үүргээ зөрчсөн, дуртай үедээ чуулганыг нээдэг, дургүй нь хүрэхээр чуулганыг хаяад зугтдаг, өөртэй нь холбоотой гэмт хэрэг 60 тэрбумын асуудалтай холбоотой сонсгол зохион байгуулна гэхээр 3-4 сараар дараад хэвтчихдэг. Өөртэй нь холбоотой болон Засгийн газартай холбоотой асуудал ороод ирэхээр бултаж алга болдог үзэгдэл олон удаа гарч байна. УИХ гэдэг төлөөллийн байгууллага Монгол Улсын 1.2 сая сонгогчийг төлөөлж гишүүд бид УИХ-д суудаг юм. УИХ-ын даргын хууль бус үйл ажиллагаа, Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа хэрээс хэтэрч байгаа учраас сонгогчдынхоо эрхийн төлөө бид тэмцэж байна. Хууль зөрчдөг, сонгогчдыг доромжилдог, дуртай үедээ УИХ-ын чуулганыг нээдэг хаадаг, өөрийнх нь асуудал орж ирэхээр бултдаг, зугтдаг ийм УИХ-ын дарга УИХ-ыг удирдах ёс зүйн эрх байхгүй гэж бид үзэж байна. Одоо УИХ-ын даргатай уулзалт хийхээр та бид хүлээж байна удахгүй орж ирэх байх гэж найдаж байна. Асуудлыг нь ярихаар одоо гадагшаа эмчилгээнд явна ч гэнэ үү янз бүрийн шалтаг хэлээд бултах гээд байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй ээ. Хамтдаа УИХ-ын даргатайгаа ил тод яръя. ажлаа саналаараа хүсэлтээрээ өөрөө өг. УИХ-ын дарга ажлаа хийж яадахгүй бол УИХ-ын дэд дарга орлоод гүйцэтгээд явах бүрэн боломжтой байгаа. Эрх зүйн гацаанд ороогүй. Зөвхөн Миеэгомбын Энхболд гэдэг хүн ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй байна. Хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээх шаардлагатай байна.

УИХ-ын дарга биднийг өрөөндөө дуудсан байна. Хэвлэлийнхэнтэй хамт

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголтыг ирэх оны эхний улиралд олгоно

Татварын ерөнхий газраас аж ахуй нэгж, байгууллагыг иргэнд НӨАТ-ын баримт олгох ажлыг эрчимжүүлж, сар бүр сугалаат азтан тодруулдаг. Гэхдээ НӨАТ-ын баримт бүртгүүлсэн л бол буцаан олголтоо жилд нэг удаа авах ёстой. 2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг 2019 оны эхний улиралд багтаан И-Баримт бүртгүүлсэн хүн бүрт олгох бэлтгэл ажлыг эхлүүлжээ.

Буцаан олголттой холбоотойгоор И-Баримт системд бүртгүүлсэн хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэл болон овог нэр, гар утас, регистрийн дугаар, и-мэйл хаяг, дансны дугаараа нягтлан шалгаж, баталгаажуулахыг холбогдох албанаас анхааруулжээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Гүнбилэг: УИХ-ын даргыг огцруулах нь хууль бус

УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 24.2 дээр УИХ-ын дарга, Дэд даргын хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно. УИХ-ын тухай хуулийн 10.1 УИХ-ын даргын бүрэн эрх дөрвөн жил байна. 10.2 дор дурдсан тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно.

Нэгдүгээрт: Нас барсан.

Хоёрдугаарт өөр ажилд шилжих болсон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан.

Гуравдугаарт хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа үргэжлүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүрэм гаргасныг УИХ хүлээн авсан.

Дөрөвдүгээрт: Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан.

Тавдугаарт гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдсан гэсэн таван тохиолдол байна. Монгол Улсын Үндсэн хуульд болон УИХ-ын тухай хуульд УИХ-ын даргын бүрэн эрхт хугацаа дөрвөн жил байна гэж заасан учир саяны дурдсан таван зүйлээс бусад тохиолдлоор УИХ-ын даргыг огцруулах нь хууль бус юм. Хэрвээ өөр байдлаар УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хуульд заасан таван зүйлээс бусад тохиолдлоор огцруулах нь УИХ болон бусад хуулийг зөрчиж байна гэсэн үг. Тэгэхээр төрийн эрх мэдлийг хууль бусаар авах авахаар завдахыг хориглох зэрэг олон заалтад холбогдоно. Мөн УИХ-ын тухай хуулийн 7.1.23 Хууль гишүүний ёс зүйг УИХ-ын гишүүн чанд баримтална гэж заасан. Тиймээс гишүүний ёс зүйг баримтлан УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад УИХ-ын гишүүд дэгээ сахин хуульд заасан үндэслэлийн дагуу хандаж, огцруулах асуудал байгаа бол хуульд заасан үндэслэлээ л ярих хэрэгтэй. Дээрх таван тохиолдлоос бусад нь төрийн үйл ажиллагаанд халдсан, Үндсэн хуульд халдсан буруу жишиг тогтооно.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг хүлээлгэн өгөв

Онцгой байдлын ерөнхий газар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, гамшгийн нөхцөл байдал, түүний талаарх үнэлэлт, дүгнэлтийг бодит байр сууринаас тодорхой баримтад тулгуурлан олон нийтийн оролцоог хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор анх удаа гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг гаргасан юм.

Энэхүү номыг өнөөдөр “ЖАЙКА” олон улсын байгууллагын төлөөлөгчид Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдсэн тус номонд гамшгаас хамгаалах хууль эрхзүйн орчин, шинэчлэл, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гадаад, дотоод хамтын ажиллагаа, галын аюулгүй байдал, улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний ажил болон гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дах төсөв, хөрөнгө оруулалтын талаарх танилцуулга зэргийг багтаасан байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн 850 орыг нэмэлтээр тавьж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна

Томуу, томуу, төст өвчний улирлын үед дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн хүүхдийн орны ачаалал аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл дээд хэмжээнд хүрдэг. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Төлөвлөгөө батлах тухай” 346 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын “Төлөвлөгөө батлах тухай” А/577 дугаар захирамжаар батлагдсан “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө”-г тус, тус хэрэгжүүлэн ажиллаж байна.

2017 онд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд 60 ортой, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг, 2018 онд Баянзүрх нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлгийг шинээр барьж, ашиглалтад оруулснаар амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн түвшин хэвийн үед нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орыг ажиллуулах болсон.

2018-2019 оны хувьд томуугийн улирлаар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн ор зохицуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд нөөц орон зайг ашиглаж нэмэгдүүлэх 354 ор, хүүхдийн оронд шилжүүлэх насанд хүрэгсдийн 496 ор бүхий нийт 850 орыг нэмэлтээр дэлгэхээр төлөвлөж, нийслэлийн хэмжээнд 1827 орон дээр тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон юм. Энэ дагуу томуугийн өвчлөлтэй холбоотойгоор хүүхдийн нэмэлт орыг үе шаттайгаар дэлгэн, арванхоёрдугаар сарын 04-ний байдлаар нийт 1311 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна.

Энэ сарын 05-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 64350 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2811 тохиолдол оношилогдсон буюу нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс өөрчлөлтгүй, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 41.6 хувийг 0-1 нас, 25.4 хувийг 2-4, 13.8 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж