Categories
мэдээ улс-төр

Ирэх оны төсөвт цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 672.6 тэрбум төгрөг суулгажээ

УИХ сонгуулийн өмнөх жилийн төсвийг баталлаа. Гэсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар хориг тавьж, ирэх онд тодотгол хийх замаар асуудлыг шийдэхээр боллоо. Ирэх онд халамжийн хөтөлбөрт 67 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаад байна. Мөн цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд ирэх онд 672.6 тэрбум төгрөг суулгажээ. 2019 онд нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэврийг зүүн бүсийн амьжиргааны доод түвшинтэй уялдуулж харин халамжийн тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр тооцож нийт 21.2 тэрбум төгрөгийг төсөвт тусгаад байна. Ингэснээр нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр,тэтгэмж авч буй нийт 134.9 мянган хүний орлого сар бүр нэмэгдэх аж. Түүнчлэн ирэх онд нийгмийн даатгалын сангаас 1,086.0 мянган хүн тэтгэвэр, тэтгэмж авахаар байгаа нь 2018 оноос 25.4 мянган даатгуулагчаар нэмэгдэхээр байна. Үүнээс тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тооны цэвэр өсөлт 23.1 мянгад хүрэх аж.

Халамжийн санг нэгдсэн удирдлагаар хангаж, үйлчилгээг цаг хугацаанд нь шуурхай хүргэхээр холбогдох албаныхан тооцоолжээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээнд жилд зарцуулж байгаа нийт хөрөнгийн 42 хувийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байна. Энэ нь орон нутгийн нийт зардалд хамгийн өндөр дүнг эзэлж улмаар орон нутгийн төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан оны эхний хагас жилд тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг санхүүжүүлэхэд орон нутагт хүндрэл учруулж байгаа аж. Түүнчлэн халамжийн зардалд зориулан улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгосон санхүүгийн дэмжлэгийг бусад зориулалт, арга хэмжээнд шилжүүлэн санхүүжүүлж, төсвийн сахилга батыг алдагдуулах тохиолдол цөөнгүй гарчээ. Дээрээс нь нийт хүүхдийн 80 хувьд сар бүр 20 мянган төгрөг олгохоор болсон. Мөн ирэх оноос хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй. Ингэснээр 912 мянган хүүхдэд 218 тэрбум төгрөг олгох тооцоог Сангийн яам хийжээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт 4.7 тэрбум төгрөг төсөвлөжээ

Засгийн газраас “Эрүүл шүд-эрүүл хүүхэд хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулах юм байна. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019 онд улсын төсөвт 4.7 тэрбум төгрөг төсөвлөжээ.


Categories
мэдээ нийгэм

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян өрнөж байна

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг. 2018 оны хувьд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хувь хүн бүрийн оролцоо, тэдний харилцаа, хандлага, үйлдэл чухал нөлөөтэй болохыг онцолж, “Эерэг болГоё. Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан доор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж, бэлтгэлийг хангаад байна. ЖҮХ, ЦЕГ-аас төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад тус аяныг тэмдэглэн өнгөрүүлэх удирдамж, гарын авлага, хамтран ажиллах чиглэлийг хүргүүлсэн. Энэ жилийн аян 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Засаг даргын тамгын газар, нутгийн захиргааны байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулж байгаагийн зэрэгцээ олон нийт рүү чиглэсэн мэдээлэл сурталчилгаа, контентуудыг үйлдвэрлэж, түгээж байгаагаараа онцлог болж байна.

Эх сурвалж: ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийг хөгжүүлэх шинэ санаа, технологийн хакатон уралдаан зарлав

Нийслэлийн нийт хүн амын тоо 2017 оны байдлаар 1,417,396 байсан бөгөөд үүнээс 15-34 насны 477,249 иргэд байгаа нь нийслэл хотод оршин суугаа хүн амын 33,6 хувийг эзэлж байна. Иймээс хотын соёл, хөгжил, тохижилтод залуучуудын идэвх, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, залуучууд манлайлсан ухаалаг хот болоход тэдний хувь нэмрийг татан оролцуулах, хэрэгжүүлж болохуйц шинэ санаа, шинэлэг шийдлийг дэмжих, бүтээлч хандлагад уриалах, сэдэлжүүлэх, нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдааныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон “Стартап Терминал” ХХК, “Үндэсний стартап фанд” ХХК хамтран зохион байгуулж байна. Тус уралдаан гурван үе шаттай зохион байгуулагдах бөгөөд оюутан сурагчид, стартап багууд, уралдаанд оролцох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Гагцхүү багийн гишүүд тэмцээн эхлэхээс дуусах хүртэл тэмцээний талбар дээр байх шаардлагатай юм.“Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдаан нь олон улсын зарчмаар хоёр хоног буюу 48 цаг зохион байгуулагдах бөгөөд хоёр дахь өдөр нь шаардлага хангасан багууд төслийн илтгэлээ танилцуулан шүүгчид цаашид хэрэгжих боломжтой төслийг шалгаруулан ялагчийг тодруулах болно. Баг тус бүр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тулгамдаж буй асуудалд шийдэл боловсруулан бизнес төлөвлөгөө гаргаж, төслөө танилцуулах ба тавигдах шаардлагын дагуу төслөө бэлэн болгоно. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Тус уралдаан нь Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй, ирээдүйд тулгамдаж болзошгүй асуудлуудыг шийдвэрлэхэд залуучуудын ур ухаан, авьяас чадвараа уралдуулан бүтээсэн шилдэг шийдэл, төслүүдийг шалгаруулах ба залуучуудад боломж нээж өгч байгаа юм. Мөн төслүүдийг цаашид ажил хэрэг болгон хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад дэмжлэг үзүүлэх болно. Хамгийн чухал нь “Ухаалаг Улаанбаатар” хотыг хөгжүүлэхэд залуучуудын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Нэгдүгээр байр 3 сая, Хоёрдугаар байр 2 сая, Гуравдугаар байр 1 сая төгрөгийн шагналтай бөгөөд “Стартап терминал” ХХК-аас 21 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний өртөгтэй дундын оффис, орчин нөхцөлөөр хангана. Мөн шилдгээр шалгарсан багийн төслийг зах зээлийн шаардлага хангаж байгаа тохиолдолд “Үндэсний Стартап фанд” ХХК 50 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт олгох юм. “Хакатон” гэж юу вэ? Хакатон нь тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд төрөл бүрийн мэргэжил, чадвартай хүмүүсээр үр дүнтэй багийг бүрдүүлэн, богино хугацаанд шинэ санааг хөгжүүлж, асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх нэг төрлийн уралдаант үйл ажиллагаа юм гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 7700-1981, 9712-5557 дугаарын утас, info@nsfund.mn хаягаар авч болно. Хэвлэлийн бага хурлын мэдээг энэхүү линкээс авна уу. https://www.facebook.com/www.unuudur.mn/

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын холбооны орнуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Европын Холбоо, түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суурин болон хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг хүлээн авч уулзав. Европын Холбооны орнуудын Элчин сайд нарыг төлөөлөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа үг хэлж, Европын Холбооны зүгээс хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд анхаарал хандуулан ажиллаж буйг тэмдэглэв. Европын Холбооны орнуудын Элчин сайд нар хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр болон 2017 оны 11 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Европын Холбоо, Монгол Улс хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хичээл зүтгэл гарган ажиллахыг Элчин сайд Траян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлав. Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын ил тод байдал, орчныг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэйг онцлоод, хоёр талын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд тууштай ажиллахыг хүслээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулж, Монгол Улсын аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хэрэгжүүлж буй бодлого, хийж буй ажлуудын хүрээнд санал бодлоо солилцов. Тухайлбал, Европын орнуудаас хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын нарийн мэргэжилтнүүдийг Монголд урьж ажиллуулах, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байдгаа илэрхийллээ. Түүнчлэн, ирэх онд тохиох Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг үр дүнтэй, бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүлээн авч уулзаж, нээлттэй ярилцлага өрнүүлсэнд нь талархал илэрхийлээд, уламжлал болон зохион байгуулагдаж буй уг уулзалт цаашид үргэлжилж, хоёр талын хамтын ажиллагаа бүхий л түвшинд бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг түлэгдлээс хамгаалах аян зарлав

Бага насны хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэхэд, эцэг, эх асран хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага, мэдлэг хандлагыг дээшлүүлэх нийгмийн анхаарлыг хандуулах зорилгоор “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлага-2” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Манай улсад түлэгдэл нь 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан болсоор байна. Хүүхдийн осол гэмтлийн өвчлөлийн 18,4 хувийг түлэгдэлт эзэлдэг. Түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь гэртээ түлэгдсэн байна. Тиймээс бага насны хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэхэд, эцэг, эх асран хүмүүжүүлэгчдийн анхаарлыг хандуулахад дээрх аяны зорилго оршиж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын IV зөвлөгөөн болж байна

zuwluguun

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос санаачилан хоёр жил тутамд зохион байгуулдаг “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын IV зөвлөгөөн” болж байна. Зөвлөгөөнд нийслэл, аймаг сумдын эмнэлгийн асрагч, үйлчлэгч, сумын эрүүл мэндийн төвийн галч зэрэг 300 гаруй ажилтан оролцож байгаа аж. Ажил үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлж тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэн шийдвэр гаргагчдад санал, шаардлага хүргүүлэх юм. Өмнөх зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж, санал шаардлагынхаа хэрэгжилтийг ч хэлэлцэж байна.

Тус зөвлөгөөнд оролцогчдоос өөрсдийн хөдөлмөрлөх эрх, тулгамдаж буй асуудлаар Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, ХНХЯ, Сангийн яаманд хандан хүргүүлэх санал зөвлөмж, баримт бичгийг хэлэлцэн баталж хүргүүлнэ. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах, цалин хөлсийг салбарын ангилал зэрэглэлд хамруулахын тулд тэднийг мэргэшүүлэх болон сум, сум тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн аргачлал батлах тухай 2015 оны Эрүүл мэнд, Сангийн сайдын хамтарсан тушаалд нэмэлт өөрчлөлт оруулж, сумын галч нарыг үндсэн ажилтан болгох зэрэг олончухал асуудлыг тусгах ажээ.

Categories
мэдээ спорт

ОХУ ирэх оны “Дэлхийн цом”-ын тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ өгчээ

ОХУ-ын бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили 2019 оны Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ ДБНХ (UWW)-нд өгчээ. Хэрэв ДБНХ Оросуудын хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд ирэх жилийн Дэлхийн цомын тэмцээнийг гуравдугаар сарын 15-18-нд Якутад зохион байгуулахаар төлөвлөжээ. Дэлхийн цомын тэмцээнд өмнөх ДАШТ-ий эхний найман байр эзэлсэн улс оролцдог уламжлалтай. Будапештийн ДАШТ-д ОХУ, АНУ, Гүрж, Куба, Япон, Иран, Монгол, Турк эхний найман байрыг эзэлж, ирэх жилийн Дэлхийн цомд өрсөлдөнө. Оросууд өмнө нь эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг дөрвөн удаа хүлээн авсан бөгөөд 2007 онд Красноярск, 2008 онд Владикавказ, 2010 онд Москва, 2011 онд Каспийскэд тус тус зохион байгуулж байв.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэж байна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны ирц бүрдэж, Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэж эхэллээ. 2019 оны төсвийн төслийг нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцуулав. Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд ирэх онд татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй, тогтвортой байлгах бодлогыг баримталжээ. Ингэхдээ төсвийн орлогын 83.4 хувь буюу 835.1 тэрбум төгрөгийг татварын, үлдсэнийг нь татварын бус орлогоос бүрдүүлэхээр тооцсон талаар Харин төсвийн зарлагыг боловсруулахдаа 33.4 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах олговорт, 73.4 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн үйлчилгээний эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн машин цагийн тариф болон сэлгэн суултын зардалд, 7.7 тэрбум төгрөгийг 2018 оны өр төлбөрт олгохоор тусгажээ. Мөн Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуйн үйлчилгээний зардалд 81.3, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 1.9, бичил зээлийг дэмжих санд 4.3 тэрбум төгрөг төсөвлөхөөр төлөвлөсөн байна.

Ирэх онд төсвийн 160.3 тэрбум төгрөгөөр хот байгуулалтын, 40.2 тэрбумаар авто замын, 26.3 тэрбумаар хот нийтийн аж ахуйн, 18.8 тэрбум төгрөгөөр нийгмийн, 4.7 тэрбум төгрөгаар нийтийн тээврийн, 8.3 тэрбум төгрөгөөр төрийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийх бөгөөд долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг байгаль орчны салбарт оруулахаар төлөвлөжээ. Зарим онцлох ажлуудаас дурдвал, цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор Их тойрууд 110 кВ-ын дамжуулах шугам, 220/110 кВ-ын дэд станцын төсөл хэрэгжүүлэх ажээ. Мөн шинээр цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийн гудамж талбай болон эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж, гэрэлтүүлэг, камержуулалтын цөөнгүй ажил хийхээр төсвийн төсөлд тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ-ын зарим газар, хэлтсийн дарга нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

Авлигатай тэмцэх газар 2019 оноос өмнө хэд хэдэн дуулиант хэргийг шүүхэд шилжүүлэхээр цаг сунган ажиллаж байгаа аж. Энэ сарын 27-ны өдөр МХЕГ-ын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Экспорт, импортын хэлтсийн дарга Т.Баярсайхан нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас тэдэнд холбогдох хэргийг мөрдөн шалгахад, 100 гаруй сая төгрөгийн хахуулийн үйлдэлтэй гэдэг нь тогтоогджээ. Мөн үзлэг нэгжлэгийн явцад 500 сая төгрөг бэлнээр хурааж авсан нь илэрчээ. Эл хэрэгт 25 хүнийг холбогдогч байж болзошгүй гэж тогтоосон байна. Түүнчлэн, Төрийн орон сууцны корпорацийн захирал асан А.Гантулга, Улаанбаатар хотын засаг дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр мөрдлөгийн ажлыг өрнүүлээд байгаа аж. Э.Бат-Үүл нь Хөгжлийн банкны хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм байна. Монгол Улсын Хөгжлийн банк нь 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр зургаан их наяд төгрөгийн зээл олгосон. Үүнээс улсын төсвийн орлогоос эргэн төлөгдөх гурван их наяд төгрөг болон Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн “Хөх цавын цемент”, “Байшин үйлдвэрлэх комбинат”, Хөтөлийн цементийн үйлдвэрийг өргөтгөх гэх мэт төслийг санхүүжүүлсэн хэргийг шалгаж шилжүүлсэн байна. Одоогоор Хөгжлийн банкнаас олгосон 400 гаруй санхүүжилтийг Авлигатай тэмцэх газар шалгаж, найман хэрэгт хэрэг үүсгэсэн бөгөөд хоёр нь шүүхээр шийтгэгдсэн бол дөрвөн хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа аж.

З.СУВД