Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлш гэр хороололд зарагдаж байна

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Таван толгой Түлш” компани сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна. Тус сайжруулсан шахмал түлшний гол түүхий эд нь 6100 илчлэг буюу ккалоритай Тавантолгойн ордын завсарын бүтээгдэхүүн буюу медлинг, холбогч бодис SB, sootpree холин, өндөгөн хэлбэртэй үйлдвэрлэж байгаа юм. Бүх төрлийн зууханд ашиглах боломжтой, хорт хавдар үүсгэгч бодисыг арилгасан, бүрэн шаталттай, өрхийн түлшний хэрэгцээг хоёр дахин багасгасан, агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулах зорилт бүхий сайжруулсан шахмал түлш гэр хорооллын айл өрхүүдэд зарагдаж эхэллээ.

Эхний ээлжинд агаарын бохирдол өндөр хувьтай гардаг хэсэг, хороонд зарагдаж байгаа бөгөөд 1 тонн, 600 кг, 25 шуудайтайгаас гадна задгайгаар гэсэн сонголттойгоор борлуулагдаж байна. Эхний хэрэглэгчид “Сайжруулсан шахмал түлш угааргүй, илч өндөртэй, дулаанаа удаан барьдаг, агаарын бохирдлыг бууруулсан бүтээгдэхүүн болжээ. Сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн хэсэг, хороонд агаарын бохирдол буурсан” хэмээн ярьж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Монголын мэс засалчдын анхдугаар чуулган боллоо

Мэс засалчдын нэгдсэн холбоо, грандмед эмнэлэг, мэргэжлийн нийгэмлэг холбоод хамтран зохион байгуулж буй Монголын мэс засалчдын анхдугаар чуулган Төрийн ордонд боллоо. Чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, хэлсэн үгэндээ.

Монгол Улсад 1928 онд “Огтлох эсгэх тасаг” нэртэйгээр байгуулагдсан ууган тасаг өдгөө 20 төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр салбарлан өндөр хөгжилтэй орны түвшинд хүрч, шинэ арга, техник, технологи, инноваци нэвтрүүлэн ажиллаж байгаа мэс засалчдаа бахархан тэмдэглэж байна. Энд хүрэлцэн ирсэн гадаадын мэргэжил нэгт нөхөд нь энэ талаар санал дүгнэлтээ хэлж туршлагаа хуваалцах нь дамжиггүй.“Алтан гартай эмч” хэмээх өргөмжлөлийн эзэн эн түрүүнд мэс засалчид байдаг билээ.Алтан үеийн ахмад эмч нарынхаа гаргасан жимийг улам бүр тодруулан, ажил үйлсээрээ манлайлсан мэс заслын салбарын хийж бүтээсэн үйлсийгМонголы төр засаг өндөр үнэлдэг. Өнөөдөр манай мэс засалчдаас Монгол улсын хөдөлмөрийн баатар 6, Монгол Улсын “Ардын эмч”11, Монгол Улсын “Хүний гавьяат эмч” 117 төржээ.

Түүнчлэн 80 мянган мэс засалчийг эгнээндээ нэгтгэсэн мэс засалчдын хамгийн том “American College of surgeons”-аас өнгөрсөн онд 70 гаруй орны шилдэг мэс засалчдаас 5 шилдэг мэс засалч тодруулсаны нэг нь Монгол улсын гавьяат эмч, ШУ-ны доктор О.Сэргэлэн эмч шалгарсан. Анагаахын ШУ-ны доктор Ж.Чинбүрэн Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүн болсон нь Монголын мэс заслын эмч нарын чадвар дэлхийтэй эн зэрэгцэж байгаагийн баталгаа болсныг илтгэнэ гэв. Эрүүл мэндийн статистикийн 2017 оны мэдээллээр Монгол Улсад 477 мэс заслын эмч, 207 520 гаруй иргэнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ. Эрүүл мэндийн үйлчилгээ нь тэгш, чанартай, хүртээмжтэй, санхүүгийн эрсдэлээс хамгаалагдсан, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас үе шаттай арга хэмжээ авч байна.Хэдийгээр мэс засалчдын маань ур чадвар дэлхийн түвшинд хүрсэн ажил хөдөлмөр нь хангалтгүй үнэлэгдэж байгаа нь бодит үнэн.Ажлын ачаалал, ур чадвар, үр дүн, ажилласан жил зэрэг ажлын байранд суурилсан цалин урамшууллын тогтолцоог бий болгох зорилгоор ЭМЯ, ХНХЯам,Салбарын үйлдвэрчний эвлэл хамтран ОУ-ын аргачлалын дагуу үнэлгээ хийлээ. Судалгааны дүнд үндэслэн эмнэлгийн мэргэжилтний цалинг ур чадвар, хариуцлага, ажлын ачаалал, хөдөлмөрийн нөхцөл гэсэн 4 хүчин зүйлийг харгалзан мэргэшлээр ялгаатай тогтоож эхлээд байна. Эхний ээлжинд сувилагчийн зэрэглэлийг 1-2 шатлал ахиулан, цалинг 20-30 хувиар өсгөлөө.Эмч, бусад ажилтнуудын зэрэглэлийг нэмэгдүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж байна. Түүнчлэн “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” ,“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” хөтөлбөрийг боловсруулж байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой санхүүгийн хүндрэлийг бууруулах, шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өндөр өртөгтэй 160 мэс заслын өвчний үед хэрэглэгдэх 484 төрлийн эмнэлгийн хэрэгслийн зардалд 2018 онд 34,2 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулж байна. Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээгтөр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжин үзүүлж байна.

Мэс заслын тусламж, үйлчилгээний чанарын салшгүй нэг хэсэг халдвар сэргийлэлт, хяналт байдаг. Энэ чиглэлд томоохон хөрөнгө оруулалт хийж байна. Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийнхүрээнд 19 эмнэлгийн нян судлалын лаборатори, 18 эмнэлгийн ариутгал үйлчилгээний тасгийн барилгад 2.1 сая ам долларын өртөгтэй засварын ажил, 20 эмнэлгийн нян судлалын лабораторт 3.2 сая ам.доллар, 19 эмнэлгийн ариутгал үйлчилгээний тасагт 5.6 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх ажил хийгдэж байна.


Монгол Улсын Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хууль 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шинэчлэн батлагдсанаар эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтыг шинэ түвшинд гаргалаа.

Донорын тухай хуулийн бас нэг чухал өөрчлөлт нь эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны санхүүжилтын тогтолцоог шинэчлэн улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, реципиентийн төлбөр зэргээс бүрдэхээр зохицуулсан. Хууль хэрэгжсэнээр 2018 онд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний зардалд улсын төсвөөс 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулж, эх орондоо эмчлүүлэх иргэдийн тоог нэмэгдүүлснээр нийт 168 хүнд бөөр, 60 хүнд элэг, 14 хүнд ясны чөмөг амжилттай шилжүүлэн суулгаад байна.

Үйлчлүүлэгчид хөнөөл багатай, эмчилгээний үр дүн өндөртэй, эдийн засгийн хэмнэлттэй, мэс заслын арга, технологиудыг нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулах, түүнчлэн 24 цагийн доторх мэс засал, гэмтэл, эх барих, мэдээгүйжүүлгийн тусламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлж, мэс засал, гэмтлийн тусламж үзүүлэх чадавхийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.Монгол Улсын мэс заслын яаралтай тусламжийн шинэчлэлийн хүрээнд 2018-2022 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд ялангуяа өрх, сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

Манай эмч нар мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага өсөн нэмэгдэж байгаатай маргах хүн үгүй. Харин энэхүү давуу талаа өвчтөн,үйлчлүүлэгчиддээ зөв сайхан харьцах хандлагаар улам баяжуулахыг та бүхэндээ уриалж байна.

Түүнчлэн мэргэжлийн нийгэмлэг холбоод олон улсын ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллаж, салбартаа олон талын хөрөнгө оруулалт хийдэг билээ. Мөн ёс зүйтэй чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарах,эмнэлзүйн заавар, стандартуудыг шинэчлэх үйл ажиллагаанд манлайлан оролцож, судалгаа, нотолгоонд үндэслэсэн бодлогын саналыг дэвшүүлж ажиллахыг мөн та бүхэндээ уриалахын зэрэгцээ бүх талаар дэмжихээ илэрхийлье.

Үгийнхээ төгсгөлд өргөн уудам нутгийн зах хязгаар хаана ч байсан эрдэнэт хүний амийг аварч, амьдрал,аз жаргал бэлэглэдэг эрхэм хүндэт мэс засалчид Та бүхэндээ Монгол улсын засгийн газар,хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв.

Categories
мэдээ нийгэм

Хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу 12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар цас орж, салхи 20-30 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Түүнчлэн хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна. Мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Цолмон: УИХ-ын дарга хэзээ ч ээлжит бус чуулган хуралдуулахгүй гэж хэлээгүй

Монгол Улсын Их хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын дарга М.Энхболдыг ээлжит бус чуулган хуралдуулаагүй хууль зөрчсөн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд өнөөдрийг хүртэл ярьж байна. УИХ-ын дарга хууль зөрчин шийдвэр гаргаад байна уу. Хуулиндаа юу гэж тусгасан байдаг юм бол?

-За, энэ талаар нэлээн дуугүй явсан даа. Одоо хариулт өгөх цаг нь болсон байх. Долдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргын өрөөний үүдэнд хэвлэлийн хурал хийсэн. Та бараг санаж байгаа байх. Сэтгүүлчид цугларсан байсан. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагаа өөрийн биеэр УИХ-ын даргад оруулж өгсөн юм билээ. Оюун-Эрдэнэ гишүүнийг өрөөнөөсөө гармагц УИХ-ын дарга намайг дуудуулсан. Намайг ороход УИХ-ын дарга “Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс ийм шаардлага ирлээ” гэсэн. Тухайн үед наадмын өмнөх өдөр байсан тул наадмын уур амьсгал орчихсон Төрийн ордон эль хульхан байлаа. Би шаардлагыг нь уншаад ээлжит бус чуулган зарлан хуралдуулах гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг тоолж үзэхэд 22 гишүүн байсан. Үндсэн хууль болон Улсын Их хурлын тухай хуульд ээлжит бус чуулган хуралдуулахын тулд 26 гишүүн гарын үсэг зурах шаардлагатай. Энэ албан бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байна” гэдгийг УИХ-ын даргад хэлсэн. УИХ-ын дарга тэр бичгээ өөрөө үзээд, гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг тоолсон. М.Энхболд дарга “Гишүүд алдчихдаг юм байх даа. Оюун-Эрдэнэ гишүүнтэй өөрөө нэг уулзаад энэ талаар нь хэлээрэй” гэсэн.

Маргааш ньби Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй утсаар ярьж байгаад уулзсан. Өрөөнд нь Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс гадна УИХ-ын гишүүн А.Сүхбат, Л.Энхболд нарын гишүүд байсан. “Оюун-Эрдэнэ гишүүн ээ, таны өгсөн албан бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байна. 26 гишүүн гарын үсэг зурснаар хуулийн шаардлага хангагдана. Яг энэ бичгээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулах боломжгүй” гэдгийг хэлсэн. Тухайн үед гурван гишүүн тойруулж үзсэн. Өөрт нь байгаа хувьтайгаа тулгаж үзээд байсан.Би “УИХ-ын гишүүн УИХ-ын даргатай харьцсан бичгийг өөрчлөх ёс зүй бидэнд байхгүй. Шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад хандаж шалгуулна биз дээ. Албан бичгийн үнэн зөвийг тогтооход их амархан” гэж хэлээд гарсан. Энэ бичиг одоо үндсэн эхээрээ УИХ-ын Тамгын газар хадгалагдаж байгаа.

Харин долдугаар сарын 19-ний өдөр УИХ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гишүүнд албан бичгээр ирүүлсэн бичиг нь 26 гишүүн гарын үсэг зурсан байх хуулийн шаардлага хангахгүй байна гэсэн албан бичгийг хүргүүлсэн.

-Ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэх байсан бил үү?

-Тийм. Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн зүгээс АТГ-ын даргыг томилсон шийдвэр нь хууль бус байна. Хүчингүй болгож өгнө үү гэдэг асуудлыг тавьсан. Энэ хүрээнд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу гэж УИХ-ын даргын зөвлөл хоёр удаа хуралдсан. Даргын зөвлөлийн хурлаар эрхлэх асуудал нь Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах тул холбогдох байнгын хороог нь хуралдуулах нь зүйтэй гэсэн юм. Тэр дагуу Хууль зүйн байнгын хороо хуралдах гэж хоёр удаа товлогдсон ч ирц нь хүрээгүй тул хуралдаж чадаагүй. УИХ-ын дарга хэзээ ч ээлжит бус чуулган хуралдуулахгүй гэж хэлээгүй.

-Уг нь 26 гишүүнээрээ гарын үсэг зуруулаад ороод ирсэн бол тухайн үед ч тэр, одоо ч тэр УИХ-ын дарга хууль зөрчлөө гэж удаа дараа мэдэгдэл хийх шаардлагагүй байжээ дээ. Хуульд нийцээгүй албан бичгээ зориуд мушгиж байна гэж ойлгож болох уу?

-Би улс төрийн зорилгоор яриад байгаа юм биш. Сонссон зүйлээ ч яриад байгаа юм биш. Энэ бүх үйл явдал яг миний нүдний өмнө болж өнгөрсөн. Өөрийнхөө нүдээр харж, биеэр оролцсон үйл явдлыг л ярьж байна. Энэ албан бичиг, үйл явдал нь хууль зүйн үр дагавартай зүйл шүү дээ. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хууль дэгийн асуудлаар УИХ-ын даргад зөвлөх үүрэгтэй. Энэ миний ажил үүргийн хувиарт байдаг зүйл. УИХ-ын даргын өрөөнд хэд хэдэн удаа орж уулзахдаа “Та 22 гишүүний гарын үсэгтэй бичгийг үндэслэж ээлжит бус чуулган зарлан хуралдуулбал Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн үйлдэл болно. 26 гишүүн гарын үсэг зурсан байсан бол асуудал байхгүй” гэдгийг хэлсэн. УИХ-ын даргын хувьд нэг талаас нь Тамгын газар нь ээлжит бус чуулган зарлах эрх танд байхгүй гээд, нөгөө талаас нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн “УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарласангүй хууль зөрчлөө” гээд л хагас жил боллоо.

-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулаагүй гээд Үндсэн хуулийн Цэцэд өгчихсөн байгаа. Цэцийн шийдвэр гараагүй санагдаж байна…

-Иргэдээлжит бус чуулган зарлан хуралдуулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан юм билээ. Цэцээс маргаан үүсгэх эсэх асуудал нь яригдаж байгаа. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрх бүхий байгууллага,Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гэж Үндсэн хуульд заасан байдаг. Тэр утгаараа УИХ, УИХ-ын Тамгын газар Үндсэн хуулийн Цэцэд маш хүндэтгэлтэй ханддаг. Энэ хугацаанд болсон үйл явдлын талаар тайлбар авсан. Нотлох баримтаар маш олон бичиг баримтыг татаж авсан. Асуудлыг нь шалгаж байгаа гэж бодож байна. Эцсийн шийдвэр гараагүй. Хэн гэсэн ч Цэцийн шийдвэр яаж гарахыг тааварлах аргагүй. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр хурдхан гарч уг асуудал эцэслэн шийдэгдээсэй билээ л гэж бодож байна.

-Цэц худалдагдсан УИХ-ын даргын талд орсон шийдвэр гаргасан гээд гишүүд мэдэгдэл хийгээд байсан?

-Битүрүүн хэлсэн, Цэцийн албан ёсны шийдвэр гараагүй байна. Тэндээс ямар шийдвэр гарахыг нь хэн ч мэдэхгүй. Ямар үндэслэлээр тийм мэдэгдэл хийснийг өөрсдөө л тайлбарлах байх. Үндсэн хуулийн Цэцийн шүүгч бие даасан, хараат бус байдлаар гагцхүү Үндсэн хуульд л захирагдаж ажиллах ёстой. Цэцийн гишүүн шийдвэрээ гаргаагүй байхад ингэнэ, тэгнэ гэж таамаглал дэвшүүлж ярих боломж байхгүй.

-Сүүлийн хэд хоногт байнгын хороо, чуулганы хуралдааны ирц бүрдэхгүйн улмаас төрийн ажил цалгардаж байна гэдэг шүүмжлэл гарч байна. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд байр суурийг тань сонирхмоор байна л даа?

-Төрийн албан хаагч тодорхой тоо, баримт дээр л тулгуурлаж ярих ёстой. Энэ удаагийн Их хурлыг өмнөх Их хурлуудтай харьцуулахад чуулганы хуралдаанд оролцох гишүүдийн идэвх, ирц оролцооэрс сайжирсан. Сүүлийн долоо хоногийн тухайд улс төрийн нөхцөл байдал ямар байгааг надаар хэлүүлэлтгүй та мэдэж байгаа. Цаг үеийн улс төрийн байдлаас болж гишүүд хуралдааныг орхиж гарах, хуралд оролцохгүй байх тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Энэ нь аль ч парламентад байдаг л зүйл. Гэхдээ Их хурлаар хугацаатай шийдэх ёстой асуудлуудыг гацааж огт шийдэхгүй орхигдуулж байгаа зүйл байхгүй. Чуулганы хуралдаан товлосон цагтаа хуралдаж улсын төсөв, мөнгөний бодлогоос эхлээд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт, Дэгийн тухай хуулиар хугацаа зааж орж ирсэн хуулиудыг хугацаанд нь хуулийн дагуу шийдвэрлээд л явж байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах санаачилга гарган Их хурлын даргад хүргүүлсэн. Парламентын зарим гишүүд Их хурал тарж, ард түмэндээ очиж дүнгээ тавиул гэдгийг ч яриад эхэллээ. Хууль зүйн хувьд тарах боломжтой юу. Тарлаа гэж бодоход дараагийн парламент бүрдэж шинэ гишүүд тангараг өргөх хүртэл одоогийн парламент үйл ажиллагаагаа явуулна биз дээ?

-Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдаад 26 жил болж байна. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн хамгийн эхэнд Монгол Улс бол тусгаар тогтносон, Бүгд найрамдах улс гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, бидний хамгийн үнэ цэнэтэй хоёр зүйлийг онцолж хэлсэн байгаа биз. Тусгаар тогтнол, нөгөөх нь ардчилсан сонгуулиар төрийн эрх барих байгууллагаа сонгодог төрийн хэлбэрийг л хэлээд байгаа юм.

Парламент сайн, муу ямар ч байж болно. Гэхдээ Монголын нийт ард түмнээс ардчилсан сонгуулиар нийт иргэдээ төлөөлөн гарч ирсэн хүмүүс лтөрийн эрхийг барьж байгаа гэсэн үг. Монгол Улсын Их хурал тарах хэмжээнд арай ч хүрэхгүй байлгүй дээ. Сайн байна, муу байна. Тарах уу, таръя гэж яриад шийдчихдэг ч асуудал биш.

Categories
мэдээ улс-төр

Ёс зүйн дэд хороо хуралдана

ИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 09.00 цагт Төрийн ордонд хуралдана.

Уг хуралдаанаар ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани их хэмжээний зээл авсан талаар иргэн, аж ахуйн нэгж, УИХ-ын гишүүдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэх юм. Мөн УИХ-ын 2016 оны сонгуулийн үед тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалын суудлыг үнэлэх замаар 60 тэрбум төгрөг босгохоор үгсэн хуйвалдсан бичлэгийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

МАН-ын 65 гишүүн парламентын засаглалын “хойдохыг унших уу”

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН 65 суудал авч үнэмлэхүй олонх болсон. Монголын засаг төрийн эрхийг дүүрэн атгасан. Ийм нэгдмэл цул улс төрийн хүчин дуулвал дуу нэг, дугтарвал хүч нэгийн жишээг үзүүлж одоо л нэг том төслүүдийг хөдөлгөж, олон улсад Монголын нэр хүндийг өргөх боломж бүрдлээ гэж ард түмэн үзсэн. Өө тэгсэн өнөө 65 нөхөр чинь юун Монголыг хөгжүүлэх, харин эсрэгээрээ Монголын парламент маань хямарч үзээгүйгээрээ хямарч байна. Ер нь Монголын парламентын засаглал тун эгзэгтэй үедээ ирлээ. Яагаад гэвэл ард түмэн УИХ гэсэн нэр сонсонгуут зүхдэг боллоо. Сүржигнэж байгаа юм биш, ард нийтээрээ ийнхүү парламентын засаглалаа зүхээд, тарахыг шаардаад, нэр бүхий тодорхой гишүүдийг заналхийлээд ирвэл ямар нэг үйлдэлд хүрнэ. Энэ бол сайн юм ерөөсөө биш.

Шулуухан хэлэхэд өнөөдөр олон түмний дийлэнх нь Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүчтэй хүний эрэлхийлэл, угтаа бол нэг хүний дарлалд орцгоох тухай ярьж эхлэв. Ганц хүчтэй удирдагчтай байхын сайны тухай амтай болгон ярьж, “Эцэг болон хайрлагдсан Чойбалсан” гэх алдарт дууг төв талбай дээр хоороороо дуулах шахуу юм болох нь. Үүнийг энэ парламентын 65 гишүүн нийгэмд бий болгов. Тулхтай, туршлагатай, 90 жилийн түүхтэй МАН энэ удаагийн сонгуульд хэтэрхий олон залуу хүнийг оруулж ирсэн нь ийнхүү урьд хожид парламентын түүхэнд байгаагүй хийрхэл, хэнээрхэл, цэцэрхэл, дэлхийд алдартай хүмүүсийн хэлсэн сайн үгсийн цуглуулгуудыг бий болгов. Энэ удаагийн парламент их улс төрд нас ямар чухлыг харуулж байна. Тэдний хийрхэл дэндлээ. Яг голоороо хоёр хуваагдчихаад үзэж тарсаар одоо хоёр дахь Ерөнхий сайдаа унагаж, их хуцвал Их хурлын даргаа авч хаях солиоролдоо оров. Оронд нь юу ярьж байна гэхээр “Манай нам лидергүй болчихлоо” гэж ярьцгааж байна. Тэгж яривал хамгийн олон лидертэй нам. Өөрийгөө өвгөн гэж цоллоод байгаа С.Баярыгаа авчирч тавихгүй юу. Тэгж яривал Миеэ яачихаад байгаа юм. Нямаагийн Энхболд Монголын улс төрийн ноён нуруу биш юм уу. Ийм нүжигнээн ихтэй цаг үед гялалзсан, тодорсон хүн гарч ирээд эмхэлж цэгцэлж байсан түүх байдаггүй юм. Алсын хараатай, аядуу тайван, бүх эрх ашгийг нэг огтлолцол дээр аваачдаг улс төрч л хэрэг болдог. Үүнийг дэлхийн улс орны практикаас харж болно.

Элдэв үг хэлж, шүүмжилж, парламентын засаглалыг зүхэж буй хүмүүс парламентын засаглалын үр шимээр л ийм эрх чөлөөг эдэлж байгаа гэдгээ огт ойлгохгүй байна. Ингэж өнөөдрийн Монголын төр засаг дахь бузар булайг уудалж, зах зухаас нь ард түмэндээ хүргэж чадаж байна гэдэг бол парламентын засаглалтай байгаагийн наад захын давуу тал гэдгийг олон хүн ойлгох ёстой.

Монгол Улс яагаад парламентын засаглалыг сонгосон талаар ерэн оны АИХ-ын депутат байсан хүмүүс одоо хэлдэг. Хоёр их гүрний дунд орших манайх шиг улс нэг хүний гарт төрийн эрх мэдлийг төвлөрүүлбэл аль нэг талынх нь хараат болох өндөр магадлалтай. Тийм замналаар явж ирсэн өчигдөрхөний түүх байна гэж. Тийм учраас олноороо хэлэлцэж төрийн хэргийн шийдвэрийг гаргаж байвал алдаа бага гарна гэж ерөнхийд нь үзсэн байдаг. Дээр нь элдэв хуйвалдаан нь илэрнэ, шийдвэр гаргах түвшний тэр олон хүнийг худалдан авахад хэцүү гэхчлэн хар бор олон л зүйлсийг ярилцацгааж байгаад парламентын засаглалыг сонгосноо ярьж байдаг юм.

Бас нэг олон нийтэд ярьдаггүй асуудлыг хэлэлцсэн байдаг юм. Тэр үеийн депутатуудын дийлэнх нь МАН-ын гишүүд байсан. Тэд ярилцахдаа хэрэв нэг хүн төрийн эрх мэдэх засаглалын тогтолцоог хийчихвэл бид хэзээ ч сонгуульд ялахгүй. Ардчиллынхнаас аль нэг нэр хүндтэй нь ялаад яваад байх юм байна. Тийм болохоор бид төрөөс шахагдах юм байна. Харин парламентын засаглалыг сонгочихвол бид ямарч байсан тойргоо тойгдоод олон хүн орж ирж төр барьж байх магадлалтай гэж ярилцацгаасан байдаг юм. Ерөнхийдөө бүдүүн хадуундуу ойлголтоор л тэдний ярьсан гол үзэл санааг бичээд байна. Ингээд бид парламент ёсыг сонгосон юм аа гэж ярьцгаадаг юм.

Үнэндээ парламентын засаглал шийдвэр гаргахдаа удаан байдаг ч бурууддаггүй. Үүний баталгаа бол өнөөдрийн бидний амьдрал. Хүмүүсийн амьдралын түвшин нийтээрээ дээшилсэнийг мэдэж байгаа. Саяхан л хувьдаа машинтай байна гэдэг зүүд байлаа. Тийм атал яагаад ард түмэн өнөөдөр уурлаад байгаа юм. Ганцхан л юм бий. Тэр нь манайх шиг баялагтай, манайхаас ч бага баялагтай орны иргэд баян амьдарч байхад бид ядуу байна гэсэн бухимдал. Үүний буруутан нь өнөөдрийн төр засаг болж харагдаад байна. Үнэн ч юм. Ийм парламенттай улс урагшаа ахих уу. Манайхыг сонирхож байдаг гадны хөрөнгө оруулагчид энэ бүгдийг мэдэхгүй суух уу… олон юм байна аа. Нийгмийн сэтгэл зүйн энэ их бухимдал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс нэг эвгүй мэдэгдэл хийсэн нь “Ганц хүний засаглал”-ыг бүр ч дэвэргэчихлээ л дээ. Ерөнхийлөгч: Өнөөдөр Монгол Улс муу, ядуу байгаа явдал нь нам даа ч бус, хүндээ ч бус, системийнхээ тогтолцоондоо байна аа гэж мэдэгдсэн нь нийгмийн эмзэг газрыг олоод хатгачихсан хэрэг болов. Энэ үг нийгэмд айхавтар нөлөөлж байна.

Бид тэртээ ерээд оны эхэнд Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон бол өнөөдөр наад зах нь станы орны ерөнхийлөгч нар шиг зөвхөн эргэн тойрныхон нь, ах дүүс нь, найз нөхөд нь хагартлаа баяждаг. Бусад нь хувхай хоосон гуйлгачингууд улс орноороо ядуу сууж байх байлаа. Энэ мэтээр ганц хүний гарт улс орон байвал ямар их гай барцад авчирдаг жишээ баримтыг үй олноор нь дурдаж болно. Үүнийг ард түмэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж ойлгож байна. Саяхан ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин телевизээр ярихдаа “Хоёр хөрш маань дэлхийтэй зодолдоод эхэллээ. Орос Европын холбооны хоригт орсон. Хятад худалдааны дайнд орчихсон. Ийм үед энэ хоёр илүү ойр байх ёстой. Гэвч дунд нь Монгол Улс байна. Дунд нь байгаа талбартаа Америкийн эрх ашгийг байлгах уу. Ийм үед ардчиллын хамгийн том ололт гурав дахь хөршийн бодлого хаана явна” гэсэн утгатай зүйлийг ярьсан. Ухаж бодвол маш том зүйлийг хэлээд байна.

Тийм болохоор бид яавч Ерөнхийлөгчийн засаглалтай байж болохгүй. Өнөөдөр Монгол Улсыг авч яваа МАН-ын 65 гишүүн хоорондоо хэрэлдээд орон гэрээ буулгах нь шиг байна. Шулуухандаа бол Монгол Улсыг нураах нь. Балчирууд чинь хоорондоо хэмлэлдээд эхэлсэн энэ цаг үед МАН-ын тулхтай, төрийн төлөө зүтгэж явсан хөх харчууд цуглаж ярих цаг болсон юм биш үү. Монголд өнөөдөр буй болоод байгаа улс төрийн зохиомол хямралыг танай намын УИХ-ын гишүүд хийгээд эхэллээ. Зохиомол хямрал зохиогчтой л байж таарна. Өөрсдөө жүжигчид нь болчихсон яваагаа танай намын 65-ын хүүхдүүд мэдэхгүй явна. Хийсэн мэхийг нь дагуулж өөрийн барилдаанаа хий гэсэн үг байдаг юм. Өөрсдийгөө том, шударга, мундаг улстөрчид болчихсон гэж МАН-ын 65-ын бүлгийн залуус бодож яваа байх. Гэтэл та нарыг дагуулж тонгороод байгааг мэдэх цаг нь болжээ. Эцсийн дүгнэлтээ хэлье, МАН-ын 65 гишүүний хоорондын ужиг, увайгүй зодоон энэ хэвээр үргэлжилбэл ард түмний дургүйцэл туйлдаа хүрч “Энэ муу 76 новшоор юугаа хийдэг юм. Ганц сайн Путинтэй болъё” гэснээр Монголын парламентын засаглалын “хойдохыг унших” юм байна. Тэгээд засаглалын дараагийн хувилбарыг сонгож таарна… Монголын улс төрийн зохиомол хямрал ийм л үр дүн рүү явж байна. Бас нэг аймаар замын зураглал харагдаж байна. Ирэх хаврын бэлтгэл гэж хэлж болох юм даа. Нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрэхэд гудамжинд эмх замбараагүй байдал үүсгэж Онц байдал зарлаж Үндсэн хуулийн үйлчлэлийг бүрэн зогсооно. Тэгээд Монгол Улсыг нэг удирдлагад оруулах замаар л цааш явчих вий дээ.

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийт 18 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлт, Нотариатын тухай, Ашигт малтмалын тухай, Эрүүл мэндийн тухай, Шуудангийн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн УИХ-ын нэр бүхий 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичгийг хэлэлцэнэ. Уг албан бичгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн хугацаа өнөөдөр дуусах юм. Түүнчлэн “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай, “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг батлах тухай, “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг батлах тухай,“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам”-ийг батлах тухай, ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах “Түр хороо байгуулах тухай”, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг судлах “Түр хороо байгуулах тухай” зэрэг тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Categories
мэдээ нийгэм

Арваннэгдүгээр сарын 30-нд болох үйл явдал

09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучлах “Career Expo” арга хэмжээ болно.

09.00 цагт “Туушин” зочид буудалд НИТХ-ын дарга С.Амарсайхан Европын холбооны 28 улсаас Монгол улсад суугаа Элчин сайд нартай уулзаж, Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг танилцуулна. Утас: 99110697, 99160007

09.00 цагт Хил хамгаалах ерөнхий газарт “Нийгмийн даатгал-Миний мэргэжил” ажил мэргэжлийн улсын уралдаан эхэлнэ. Утас:99070054

09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Аялал жуулчлалын судалгаа 2018” эрдэм шинжилгээний хурал болно

09.30 цагт Олон нийтийн төвд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “М.Энхболдын дарангуйллыг зогсооё” сэдвээр мэдээлэл хийнэ.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэнэ.

09.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Солонгосын хойг дахь энхийн үйл явц, түүний хэтийн төлөв болон Монгол, БНСУ-ын түншлэлийн харилцааг шат ахиулан хөгжүүлэх боломж” хэлэлцүүлэг болно. Утас: 91992490

10.00 цагт Монголбанкны “В” байранд “ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР- 2018” аяны үр дүн, онол практик хослуулсан сургалтын сертификат гардуулах ёслолын арга хэмжээ болно. Утас:99097030, 88118801

10.00 цагт “Централ Тауэр”-ын 17 давхарт Улаанбаатар хотын “Ногоон Хотын Хөгжлийн Төлөвлөгөө (НХХТ)” төслийн нээлт болно.

10.00 цагт “Туушин” зочид буудалд БНСУ-ын тусламжаар “Эрудит институт” ТББ-ын хэрэгжүүлэх “Ухаалаг хүлэмж байгуулах” төслийн нээлт болно. Утас:99062856, 88089428

10.30 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрэмжит оюутны тэтгэлэгт шалгарсан 40 оюутанд батламж гардуулах арга хэмжээ болно. Утас:80003580

10.00 цагт ХХААХҮЯ-нд “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаанжуулалт ба малчдын хөдөлмөр ахуйн нөхцөлийг сайжруулах асуудалд” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болно. Утас:80019000

11.00 цагт “Новотел” зочид буудалд “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем бүрэн нэвтрүүлэх” дэд төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

11.00 цагт ЭМЯ-нд “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарал хандуулах дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал болно. Утас997738008, 88008516

11.00 цагт Драгон төвд хөгжлийн бэрхшээлтэй 150 иргэний зангиагүй уулзалт болно. Утас: 99010499

11.00 цагт Улсын их дэлгүүрийн “Номин” супермаркетад ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн бирж” компаниас зохион байгуулж буй “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-ний хүрээнд эрүүл мэндийн шинжилгээтэй, гарал үүсэл нь тодорхой махны худалдааны нээлт болно. Утас: 99613084, 91790101

11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газын байрнаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн Олон улсын өдрийн хүрээнд “Танд баярлалаа” талархлалын цуваа хөдөлнө. Утас:99203731, 86662396, 96662396

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд НИТХ, ЦЕГ,, Тээврийн цагдаагийн албанаас “Хичээх өдөр” арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ. Утас:99186496, 93049999

11.40 цагт Богд хааны ордон музейд “МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ИХ ХАТАН” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99849000

13.30 цагт Ерөнхий боловсролын 67 дугаар сургуульд сурагчдыг зам тээврийн осол гэмтэл, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цүнхний цацруулагчтай уут бэлэглэх арга хэмжээ болно. Утас:99091516

17.00 цагт “Маршал” галерейд зураач С.Намуунцэцэг, Л.Золбоо, яруу найрагч Ц.Мөнхтулга нарын “Эс…” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88002938

17.30 цагт Мэдээлэл Технологийн Үндэсний Паркт “Гадаадад магистрт суралцахад бэлтгэх гарын авлага” номын нээлт болно. Утас: 99630298, 99109804

Хангарьд ордонд

10.00 цагт НИТХ-ын “Аз жаргалтай хороо” хуралдаж Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэнэ.

13.00 цагт НИТХ-ын Байгаль орчин ногоон хөгжлийн хороо хуралдаж Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэнэ.

16.00 цагт НИТХ-ын Нийгмийн бодлогын хороо хуралдаж Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунчимэг: Засгийн газраа цэвэрлэх талаар ярьсан бол тэсэж үлдэхэд нь хэрэгтэй

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш Д.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Улс төрд өрнөж буй үйл явдлыг судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ. МАН-ын талцал улам хурцдаж, төр эргүүлэх хэмжээнд очно гэсэн мессэж хүчтэй тархах боллоо. Улс төр энэ янзаараа үргэлжилбэл юунд хүргэх бол?

-Парламентын 65 суудал авчихаад ингэж төр барина гэдэг дэндүү хариуцлагагүй явдал. Олон нийтийн нэг хэсэг нь “Намын хямрал төрийн хямрал бүү болоосой, төр төвшин байг” гэсэн хандлагатай байгаа бол нөгөө талд “Харин ч зөв зүйл боллоо. ЖдҮХС-гийн асуудал улс төр дэх булхайг гаргаж ирлээ. Цаашид бие биенийхээ булхайг илчилбэл төр цэвэрлэгдэнэ” гэсэн хандлага давамгайлж байна л даа. Өнөөгийн нөхцөлд юунд хүрэхийг урьдчилан таахад амаргүй. Талцал хуваагдал нь ч, шударга ёсыг тогтоох гэсэн арга нь ч, намын хямралаа төрийн хямрал болгож байгаа нь ч, хэн нэгэндээ нэр цол өгч байгаа нь ч тогтолцоонд нөлөөлж байгаа. Эцсийн дүндээ төрийн ёс зүй, соёл, мэдлэг чадвар хангалтгүй байгааг л харуулж байна.

-Засгийн газрыг огцруулах асуудлыг тун удахгүй хэлэлцэнэ. Тэгвэл Ерөнхий сайд “Төрийн их цэвэрлэгээ эхэллээ” гэж мэдэгдсэнийг та юу гэж бодож байна?

-“Төрийн их цэвэрлэгээ” гэдэг арай л томдсон ойлголт байна. Харин Засгийн газраа цэвэрлэх талаар ярьсан бол тэсэж үлдэхэд нь хэрэгтэй.

-УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хүртэл 32 гишүүн бойкот зарласан. Тэд төрд төлөөлөх үүргээ ухамсарлахгүй, фракцынхаа эрх ашгийг тэргүүнд тавьж байгаа юм биш үү?

-Тэгэлгүй яахав. Парламентын бие даасан байдал, парламентын гишүүний намаас, намын даргаас хараат бус байж төрийн түшээ, түмний төлөөлөл байх нөхцөл боломж, үүргээ ухамсарласан байдал, эрх ашгийн эрэмбээ мэддэг төдийгүй мөрддөг эсэх олон нийтэд танигдаж байна.

-Ерөнхийлөгчийн хувьд үе үе огцом шийдвэр гаргаж байна. Эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Төрийн тэргүүн маань УИХ-ыг өөрөө тар гэж санал хүргүүлсэн. Бас ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Гэвч Ерөнхийлөгчийн гаргасан санал, тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг Их хурал шийддэг. Хэрэв хоригийг хүлээж авсан бол юу болох байсан бэ?

-Манай төрийн тэргүүний хувьд аль болох “ажил хийх” юм юманд оролцох гэхээс илүүтэй алдаа гаргахгүй байх гэдэг нэн чухал. Асуудлыг гаргаж тавихдаа ч зөв талаар нь зөв цагаа олж “долоо хэмжиж байж” дэвшүүлдэг байх нь чухал төдийгүй зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, төсөвт хориг тавихдаа яагаад “бүхэлд” нь хориг тавьсан юм, цаг хугацааны боломж, нөхцөл гээд гарч ирэх үр дагаврыг урьдчилан тооцоолсон байх шаардлагатай.

-Ерөнхийлөгч армиа, Ерөнхий сайд цагдаа, тагнуулын албаа захирдаг. Парламент нь төрийг барьж байгаа гэдэг. Засгийн газрын гишүүд парламентыг тараана гэж бархирч байна. Тэд одоогийн Үндсэн хуулиар УИХ-д суух эрхтэй. Ёстой нүд ирмэхийн зуур парламентыг байхгүй болгох аюултай. Нөхцөл байдал эвгүйтлээ гэхэд цагдаа нь Засгийн газраа, арми нь Ерөнхийлөгчөө хамгаална. Гэвч төрийг барьж байгаа парламентыг хамгаалах хамгаалалт гэж байдаг юм уу?

-Парламентыг Үндсэн хууль, иргэд сонгогчид, шударга ёс, төрт ёс хамгаална.

-Сөрөг хүчний хувьд Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаа. Ер нь Засгийн газрыг огцруулах асуудал ард түмэнд болоод эдийн засагт хохиролтой гэдгийг бүгд мэднэ. Тэгэхээр Ерөнхий сайдын хувьд зарим яригдаад байгаа сайдаа солиод танхимаа авч үлдсэн нь дээр үү?

-Засгийн газрыг огцруулж болно. Дараагийн Засгийн газар юугаараа дээрдэх вэ. Засгийн газрыг өөрчилж шинэчилснээс гарах эерэг, сөрөг үр дагаврыг хэн, хэрхэн тооцож үздэг вэ. Энэхүү үр дагавар зөвхөн эдийн засгийн үр ашгаар тооцоологдох уу гээд олон асуудлыг өөртөө агуулж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нэг Засгийн газар дунджаар 1.8 жилийн настай явж ирсэн. Иймд Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд “хуулиар” хамгаалах ёстой гэсэн хандлага давамгайлдаг. Засгийн газрыг тогтвортой ажиллах нөхцөлийг хуульд оруулж болно. Ингэх нь ч зүйтэй. Гэвч муу ажилласан ч хуулиар хамгаалагдан тогтвортой байхаар тусгачихвал өмнөхөөсөө ч дор байдал үүснэ.

-МАН-ын 100 жилийн ой дөхөж байна. Сонгуулийн хугацаа ч ойртлоо. Гэтэл энэ намын рейтинг уналаа. М.Энхболд, У.Хүрэлсүх нар намаа, улсаа бодоод эвлэрэх болов уу?

-Эвлэрлийн цэг нь эх орон, иргэд сонгогчдын итгэл найдвар байх буй за гэж найдаж байна. Алдаа оноотой ч түүнээсээ ангижрах сэтгэлийн тэнхээтэй, оюун ухааны чадамжтай бол зөв зам дээр эвлэрэх бүрэн боломжтой.

Харин амбиц, хоосон нэр алдар хөөж өөрсдийгөө хуурсан, эвлэрэх гэдэг зөвхөн муу муухайг нүд аньж эвлэрдэг гэж өрөөсгөлөөр хардаг бол энэ хоёр улстөрч хагараад зогсохгүй хагарлын үүдийг намдаа ч улс төрд ч нээж, хойч үедээ буруугаар үлгэрлэж, муугаар дурсагдах болно.

М.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Д.Баярхүү: Газрын тосны үнийн уналт түр зуурын үзэгдэл

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.


-Өнгөрсөн мягмар гаригт газрын тосны үнэ 7.6 хувиар буурсан. Ер нь 2018 он гарсаар нийт хэдэн хувиар буурсан бол. Буурч буй шалтгаан нь юу вэ?

-АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлого, үйл ажиллагаатай холбоотойгоор газрын тосны үнэ их савлагаатай байх шиг байна. Улс төрийн нарийн түвэгтэй үйл явц газрын тосны үнэд шууд нөлөөлж байна, байгалийн шалтгаан гэж байхгүй. Улс төрийн шалтгаан л бий. Үүнд голлох гурван шалтгааныг би нэрлэе. 1) Орос-Америкийн зөрчил үнэд шууд нөлөөлнө. Оросын экспортын гол бүтээгдэхүүний үнэ бууж байх нь Оросыг сулруулах гэсэн АНУ-ын бодлого нийцнэ. 2) Ираны эсрэг АНУ-ын тавьсан хориг хоёрдугаар шатандаа орж газрын тос болон байгалийн хийн эх сурвалж руу нь халдсан. 3) Саудын Арабын сэтгүүлчийн Стамбулд амийг нь хороосон. Үүний эсрэг Саудын Арабын эсрэг олон улсын хориг тавигдах тухай яригдаж нэр хүнд нь унасан. Энэ нь газрын тосны үнэ унахад нөлөөлж байгаа болов уу.

-Цаашид газрын тосны үнэ яах бол? Ямар төлөвтэй байна?

-Газрын тосны үнийг хэвийн хэмжээнд явуулахад Ираны гадаад бодлого гол нөлөөтэй. Иран бол газрын тосны том экспортлогч, геополитикийн онцгой байршилтай улс. Хэрэв Ираны эсрэг хориг цаашид улам гүнзгийрч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн тохиолдолд Персийн булангийн Ормузын хоолойг хаах магадлалтай. Эмиратыг тусгаар тогтнохоос нь өмнө Иран нь Ормузын хоолойд гурван арлыг нь Британиас шилжүүлж авсан. Ингэснээр энэ хоёр улс газар нутгийн байнгын маргаантай явж ирсэн. Ормузын хоолойгоор явж буй газрын тосны том танкеруудыг Иран энэ гурван арлаа ашиглан хянах бүрэн бололцоотой болсон гэсэн үг. Үүнийг Иран хэрэгжүүлбэл газрын тосны үнэ их хурдацтай өснө. Газрын тосны дараагийн шоок тохионо гэсэн үг л дээ. Хүн төрөлхтөн газрын тосны олон шоок үзсэн . Одоо зургаа дахь нь нүүрлэх гэж байх шиг. Өмнө нь ингэхэд ямар таван хямрал туулсан билээ. Үүнд 1) 1973 онд Араб-Израилийн дайнаар эхний хямрал дэгдэж, үр дүн нь доллар зээлжих тусгай эрхээр солигдож, “Их 7” буюу “G-7” үүссэн. Өөрөөр хэлбэл ам.доллар тэр үеэс шахагдаж эхэлжээ. 2) 1979 онд Ираны лалын хувьсгалаар дараагийн хямрал нөхцөлдөж, үр дүн нь Персийн булангаас өрнийнхөн шахагдан гарсан ба тэр байр сууриа эргүүлж авахаар өнөөг хүртэл үзэлцэн буй. 3) 1990-1991 оны Иракийн Кувейт дэх интервенц, Иракийн эсрэг дайн, үр дүн нь өрнийнхөн дахин Персийн булан руу орж ирсэн. Гэхдээ дутуу. 4) 2003 онд Иракийг чөлөөлж Саддамын дэглэмийг нурааснаас эхлээд эдүгээ хүртэл Персийн булан-Каспи-Кавказ-Төв Азийн гортиг дотор 4 дэх хямрал явж байна. Энэ хямрал хөвөрсөөр “Арабын хавар”-тай залгасан. ISIL гэж аюултай дайсныг төрүүлсэн, завсарт нь Иран хоригоо тавиулж дэлхийн зах зээлд гарч ирсэн. 5) 2014 онд Украины Крым сайн дураараа Оросын бүрэлдэхүүнд орж, Дорнод Украин салан тусгаарласнаа зарлаж, Украин-Оросын хооронд хямрал дэгдэн өнөөг хүрсэн ба Оросын эсрэг элдэв хориг тавигдаж, Оросын экспортын гол түүхий эд–нефтийн үнийг хэргээр унагаснаас хойш дөрвөн жил өнгөрөөд байна. Ираны эсрэг хориг одоо чангарсантай холбогдсон зургаа дахь хямрал нүүрлэх байх. Ямар ч гэсэн нефтийн олборлолтыг нэмэгдүүлж, тэгснээрээ үнийг нь унагах гэсэн Трампын бодлого хэрэгжих магадлалтай байлаа гэхэд Иран олборлолт ба экспортоо өсгөж эдийн засгаа авч гарах, эсвэл Ормузын хоолойг бойкотолж, нефтийн цочмог хямрал дэлхийг хүргэх хоёр замын нэгийг л сонгоно.Хэрэв Иран Ормузын хоолойг хаавал газрын тосны үнэ баррель нь 300 ам.долларт хүрнэ гэсэн тооцоог судлаачид ярьж байна. Одоогийн газрын тосны үнэ буурч байгаа нь түр зуурын үзэгдэл. Эргээд өсөх магадлал өндөр гэж ойлгож болно.

-Манайд нефть боловсруулах үйлдвэр яагаад барьдаггүй юм бэ? Энэ талаарх таны байр суурь ямар байгаа бол?

-Нефть боловсруулах үйлдвэр барих асуудал мэдээж чухал. Гэхдээ нефть л бол нефть гэж хандаж болохгүй. Нефть болгон адилгүй. Нефтэн доторх агууламж, хүхэр, химийн найрлага, нягтаршил, өтгөн шингэн гээд ихээхэн ялгаатай. Түүнээс шалтгаалж үйлдвэрлэгч ба хэрэглэгчдэд хэр тохирох эд вэ, цаашлаад зах зээл, үнэ ханш нь хэлбэлздэг гэхчлэн олон хүчин зүйл бий. Дэлхийд эталоны сортоор нь нефтийг гурван янз ангилна. 1) «Brent»; 2) West Texas Intermediate, 3) Dubai Crude гэж. Эхнийх нь Умард тэнгисээс олборлодог, Европ, Азид борлуулагддаг нефть. Brent гэх шошготой нефть. Хоёр дахь нь Техасын хөнгөн шингэн нефть гэж байна. АНУ-д борлогддог. Өнгөрсөн зуунд энэ нефть ганцаараа шахуу эталоны сортыг тодорхойлж байсан. Гурав дахь нь Дубайн түүхий газрын тос. Булангийн орнуудаас олборлодог газрын тосны үнийг тогтооход үүнийг баримталдаг, мөн л шингэн нефть. Дэлхийд нефть экспортолдог улс 46 байна. Бүгдийнх нь нефтийг шингэн ба өтгөн, олборлоход өртөг бага, хялбар, эсвэл өртөг өндөр, хүндрэлтэй гэдгээр ангилдаг. Дэлхийн эталоны сортод оросынх дангаараа ангилал болж ордоггүй. Оросынх нэг сортынх биш. Уралын хүнд холимог нефть, Сибирийн Ханты-Мансийскийн хөнгөн нефть, Сахалин 1 ба 2-ын “Сокол”, “Витязь”, Арктикийн АРКО гэх мэт 5 ч сорт байна. Түүний гурав нь “Брент”-ын стандарт үнээр тооцогддог. Хөнгөн ба хүнд (шингэн ба өтгөн) аль алиныг нь зэрэг олборлож борлуулдаг улс ч бий.

Монгол бол нефть экспортлогч улс биш учраас аль сортынх гэдгийг энд тодруулах гэхгүй. Мэргэжлийн хүмүүсийн ярихаар их өтгөн, хүнд нефть юм гэсэн. Шалтгаан нь ч тодорхой. Манай улсын байгаль цаг уурын нөхцөл хахир хатуу уур амьсгалтай. Газрын гүнд цэвдэг мөстлөг ихтэй. Их газрын хахир хатуу уур амьсгал, мөстлөгтэй хөрсөн доор байгаа нефть бол Персийн булангийн орнууд, Иранаас олборлож байгаа нефтиэс өөр л дөө. Асар их гүнээс авч байгаа учраас их өртгөөр гарч ирнэ. Цэвдэг ихтэй өвлийн хүйтэнд өнөөх нь ундраад байх уу гэдэг бас асуудалтай. Манайхан их хялбараар төсөөлөөд байгаа юм. Цооног зоочих л юм бол олгойдоод гараад ирэх ухааны юм санаад байдаг. Монголын нефть бол тэгж олгойддог нефть нь биш. Хэрэв нефтийн үйлдвэр байгууллаа гэхэд хоёр үйлдвэр зэрэг байгуулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд нь ярьдаг. Нэгдүгээрт, олборлох үйлдвэрээ барих шаардлагатай. Мөн шингэрүүлэх үйлдвэрээ байгуулна. Үүнээс үзэхэд хоёроос гурван шат дамжлагатай нь харагдаж байна.

-ОХУ болон БНХАУ-ын нефть дамжуулах хоолойг манай улсаар дайруулаад барьж болоогүй юм болов уу? Яагаад тойруулсан юм бол?

-Энэ мөн л геополитикийн тоглолтын асуудал л даа. Манай улс өөрөө дамжуулан өнгөрүүлэхэд бэлтгэгдэх хэрэгтэй л дээ. Сул сууж байгаад нефтийн хийн хоолой тавиулаад сул ашиг хүртэнэ гэж байхгүй шүү дээ. Монголын улс төр тогтвортой, хууль тогтоомж нь зөв, тууштай байх шаардлагатай. Манай иргэд үүнийг хүлээж авахад бэлтгэлтэй байх нь чухал. Шударга хөдөлмөрлөж мөнгө олдог байх нь чухал. Ингэж байж нефть дамжуулах хоолойг манайхаар дайруулж барихаас биш зүгээр байгалийн нөхцөл, газар зүйн өгөгдөл нь байна гээд шууд нефтийн хоолой тавигдана гэж байхгүй. Монголчуудын овсгоо самбаа, уриалгахан чанар, бизнесийн соёл тэр бүхэн холбоотой. Өөрөөр хэлбэл хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байх хэрэгтэй. Гадаад бодлого дээрээ олон хувирч болохгүй. Ялангуяа эдийн засгийн гадаад хамтын ажиллагаан дээрээ олон нүүрлэж, олон амлаж болохгүй. Гадаад харилцааны сахилгын асуудалтай холбоотой.

-Манай улс нүүрсээ тогтмол экспортолж чадахгүй байгаа. Энэ талаар таны бодол?

-БНХАУ ногоон эрчим хүч гэж том бодлого дэвшүүлээд явж байна. Намын XIX их хурал болон БХАТИХ-ын чуулганаараа дэвшүүлж экологийн цэвэр эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн зорилго тавьчихлаа шүү дээ. Иймээс түүхий нүүрснээс татгалзах чигтэй байх шиг байна. Түүхий нүүрсээр ажилладаг эрчим хүчний станцуудаа БНХАУ экологийн цэвэр үйлдвэр болгох гэж байна. Тэр утгаараа Монголын түүхий нүүрс урд зах зээлд борлохгүй байх магадлалтай. Энэ бол улс төрийн бодлого биш. Экологийн бодлого нь ийм болж хувирсан. Гадаадаас боловсруулсан юм уу, шингэрүүлсэн нүүрс авахаас биш, машинд ачаад шороотой хутгалдан очих нүүрс аваад байхгүй л болов уу.

-Импортолж байгаад гэнэт зогсоох нь хэр ёс зүйтэй үйлдэл гэж үзэж байна вэ?

-Монголчууд нүүрсээ шингэрүүлэх, нүүрсний үйлдвэрлэлээ боловсронгуй болгох, түүхий нүүрсээ угааж цэвэрлэх талаар огт ажил хийгээгүй. Үүнийгээ төлөвлөж ажил хэрэг болгох хэрэгтэй байсан шүү дээ. Энэ бидний өөрсдийн буруу. Хятадын буруу биш.

-Засгийн газраас БНХАУ болон ОХУ шиг гэрээ байгуулаад экспортлох боломж байдаг л байх?

-Манайд байгуулсан гэрээ хэлэлцээр багадаагүй. Улс төрийн гадаад харилцаа, таатай гадаад орчныг нь манай дипломат алба өндөр түвшинд хангаж ирсэн. Хангаж ажиллаж ч байна. Манайх БНХАУ болон ОХУ-тай нэн сайн харилцаатай. Нэгэнтэй нь бүр иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Нөгөөхтэй нь стратегийн түншлэлийн харилцаатай. Улс төрийн агуулгаараа нэн дотно түншүүд. Үүнийгээ эдийн засаг, бизнес хийдэг салбар нь дэмжиж явах учиртай юм. Энэ тал дээр дутагдалтай байна. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд улс төрийн гадаад харилцааг олон дахин давуулж биелүүлсэн. Харин худалдаа-эдийн засаг, бизнесийн харилцаан дээр ахиц дэвшил хангалттай харагдсангүй.