Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн ордны баруун уулзвараар Энхтайваны гүүр рүү эргэдэг боллоо

Өнөөдрөөс эхлэн Хүүхдийн ордны баруун уулзвараар зүүн гар тийш буюу Энхтайваны гүүр рүү эргэх боломжтой боллоо. Уг уулзварт замын тэмдэглэгээ хийж, гэрлэн дохио суурилуулжээ.

Ингэснээр Төв шуудангийн уулзвар, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний авто замуудын ачааллыг бууруулах юм.

Хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төв орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлтүүд оруулж байгаа. Тухайлбал,

  • Нэгдүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон.
  • ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож өөрчлөлт хийсэн билээ.
Categories
мэдээ нийгэм

Драгоны авто вокзалыг шилжүүлэх эсэхийг эцэслэн шийдээгүй гэв

Засгийн газрын хуралдаанаас Драгон төвийн урд байх орон нутгийн зорчигч тээврийн вокзалыг хоёрдугаар улиралд багтаан “Авто худалдааны цогцолбор”-т шилжүүлэх, судалж шийдвэрлэх, олон улсын тээвэр, логистикийн болон төмөр замын ачиж буулгах төвийг дээрх цогцолборт байгуулах талаар судалж танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгасан байдаг.

Энэ талаар АТҮТ-ээс тодрууллаа.

Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран “Олон улсын худалдаа логистикийн төв, шинэ авто вокзалын шавыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Авто худалдааны цогцолборт” тавилаа. Энэхүү төв нь олон улсын транзит тээвэрт чухал үүрэг гүйцэтгэхээс гадна олон улсын зорчигч тээврийн төвүүдийг төвлөрүүлэхэд чухал ач холбогдолтой.

Авто худалдааны төв дэх шинэ вокзал ашиглалтад орчихвол Драгоны авто вокзалыг шилжүүлж таарна. Гэхдээ шилжүүлэх, шилжүүлэхгүйг шийдээгүй байна. Хэрэв шилжүүлвэл орон нутгаас ирж байгаа иргэд Авто худалдааны төвөөс хот руу орж ирэх асуудал үүснэ. Тиймээс хамгийн гол нь Авто худалдааны төвөөс хотын төв рүү орох шуурхай тээврийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Логистикийн төвийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барих болохоор хот, яам хоёр ярилцаж байгаа. Эцсийн шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргана.

Засгийн газрын хуралдаанаар Драгон төвийг шилжүүлж болох эсэх асуудлыг судалж, танилцуулахыг ЗТХ-ийн сайдад үүрэг болгосон” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг хамтарсан баг тодорлоо

Нийслэлийн 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн туршлага, ур чадварыг нэмэгдүүлэх, улмаар хүүхэд, гэр бүлд хүрэх төрийн үйлчилгээг чанаржуулах, өргөжүүлэх зорилгоор жил бүр ур чадварын тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд 2018 онд тус ур чадварын тэмцээнийг 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 14:00 цагаас МХО-нд зохион байгууллаа.

Ур чадварын тэмцээнд нийслэлийн найман дүүргээс дүүргээ төлөөлж нэг нийт найман хамтарсан баг оролцлоо. Дүүргээ төлөөлж Нийслэлд өрсөлдөх хамтарсан багийг дүүргийн ГБХЗХХ-үүд шалгаруулан ирүүлсэн ба шилдэг хамтарсан багийг шалгаруулахдаа хуулийн, нийгмийн ажлын талаарх онол, практикийн асуултууд, болон танин мэдэхүйн болон сэтгэн бодох асуултуудыг асууж өрсөлдсөн юм.

Гурван үетэй зохион байгуулагдсан ур чадварын тэмцээнд Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны хамтарсан баг тэргүүлж, Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны хамтарсан баг удаалан, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны хамтарсан баг гуравдугаар байрт шалгарсан юм.

Тэмцээний үеэрхүүхэд, гэр бүлд төрийн үйлчилгээг үр дүнтэй үзүүлэн, мэргэжлийн ур чадвараараа бусдыг манлайлсан Нийслэлийн шилдэг нийгмийн ажилтанг тодруулсан бөгөөд энэ жилийн шилдэг нийгмийн ажилтнаар Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны хөгжлийн нийгмийн ажилтан Э.Одонтунгалаг шалгарсан. Мөн хүүхэд, гэр бүлд төрийн үйлчилгээг үзүүлэхэд оруулсан хувь нэмэр, идэвх зүтгэлийг нь үнэлэн шилдэг хэсгийн ахлагч есөн хүнийг шалгаруулж шагнаж урамшууллаа гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Аврах ажиллагааны олон улсын гэрчилгээтэй боллоо

Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдсан “Аврах ажиллагааны сургалт-2018” сургалтанд нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдаад ирлээ.

Тус аврах ажиллагааны сургалтанд нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн сургагч багш, дэслэгч У.Амарсайхан, Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Энхбат, Нийслэлийн аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Х.Ербагда, аврагч, ахлагч Т.Тамир нар оролцсон юм.

Алба хаагчид гамшиг, ослын үед нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, аврах ажиллагааны үеийн сэтгэл зүй, өндрөөс болон гал унтраах, аврах ажиллагаа зэрэг сургалт дадлагуудад 14 хоног амжилттай суралцан, аврах ажиллагааны олон улсын гэрчилгээтэй боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёрдогч хөрш ба түүний “Дайсан”-ууд (III)

Түрүүч нь №207(6050), 212(6055) дугаарт

Гуравдагч хөршийн эсрэг дайн (II)

1990 онд улс төрийн эрх чөлөөгөө олж авсан монголчууд гадаад бодлогодоо “гурав дахь” хөрш хэмээх ойлголт оруулсан нь учиртай. Энэ санаа гадаад ертөнцтэй чөлөөтэй харилцана гэдгээс ч давсан утгатай. Монголд Америк, Канад, Англи болон баруун европын хүчирхэг орнуудын эдийн засаг-улс төрийн сонирхлыг бий болгох зорилготой юм.

Манай хүчирхэг хоёрхон хөрш үгсээд юм уу, хүчний тэнцвэр алдагдсаныг ашиглан нөгөө нь Монголыг түрэмгийлж болно. Ийм хүнд үед Монголтой ханиндаа хохирч байх хань хэрэгтэй гэсэн санаа. Улмаар хамтдаа хохирохгүйн тулд Монголыг өмөөрч байх гурав дахь айл бий болгох гэсэн хоёргүй нэг санаа.

Энэ нь хоёр том сургамжаас эхтэй юм. Нэгдүгээрт, 1928 онд Монголоос хоёрдогч болон гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргасны дараа манай оронд Коминтерний бүрэн ноёрхол тогтсон. Монголд юу дуртайгаа хийхэд монголчуудаас өөр хохирох улс үндэстэн байхгүй болсон. Үүнийг манай сэхээтнүүд ойлгож байсан.

Хоёрдугаарт, жижигхээн Кувейт рүү 1990 онд Иракийн хүчирхэг арми довтлон агшин зуур эзэлсэн. Тэнд Америк болон бусад хүчирхэг орнуудын хөрөнгө мөнгө, эдийн засгаар дамжсан ашиг сонирхол нь ноцтой хөндөгдсөн. Иймээс АНУ тэргүүтэй барууны эвслийнхэн дор нь цэрэг цуглуулан Кувейтийг чөлөөлсөн билээ. Санаж байгаа бол, Кувейтийн Гадаад хэргийн сайд нь хилийн чанадад айлчлал хийж яваад харьж чадахгүй болчихсон. Гэхдээ барууныхан өөрийн хөрөнгөө хамгаалахын тулд Кувейтийг чөлөөлнө гэдэгт итгэлтэй байсан тэр сайд гадаадын төр засгийн зүтгэлтнүүдийг “Кувейтийг чөлөөлөгдмөгц найрсаг айлчлал хийгээрэй” хэмээн урьж залж явсан бөлгөө.

Болсон үйл явдлын өрнөл, цаашдын хувь заяаг гярхай ажигласан Монголын төр, гадаад бодлого боловсруулагчид (Гадаад хэргийн сайдаар Ц.Гомбосүрэн ажиллаж байв) Кувейтийг дэмжсэн мэдэгдэл гаргасан нь хоёр том ач холбогдолтой шийдвэр байв. Юуны өмнө 1921 оноос хойш Москвагаас асуулгүйгээр Улаанбаатарт гаргасан анхны шийдвэр байсан. Түүнчлэн энэ алхам улс төрийн эрх чөлөөт байдлаа сая олсон Монгол Улсыг гуравдагч орнууд өрөвдөх, өхөөрдөх, итгэх аль алинаар нь дэмжин сайшаах уур амьсгал бий болгожээ.

Ингээд шинэ ардчилсан Монгол Улсын гадаад бодлого боловсруулагчид: Нэгдүгээрт, 1928 онд гадныхныг хөөж явуулчихснаасаа болоод өмөөрөх хамгаалах хүнгүй ганцаараа үлдэж хохирсон алдаагаа давтахгүйн тулд, хоёрдугаарт хажуу хөршийн аль нэг нь ирээд түрэмгийллээ гэхэд 1990 оны Кувейтын жишгээр хамтдаа хохирох ханьтай байх гэж “Гурав дахь хөршийн бодлого” “тунхагласан юм.

Энгийн жишээ авъя л даа. Бид малчин удамтай улс. Хэрвээ танай хоттой хонийг хэн нэг хүн хамт маналцаад, чоно нохой ирвэл нийлж хөөгөөд эхэлбэл яасан байх вэ? Танайд хонио тавьсан байна, танай хот руу боохой өнгийвөл тэдний ч малыг идчих магадлалтай гэсэн үг.

Яг түүн шиг Монголд хөрөнгө нь байгаа, хөрөнгө оруулалт нь энд цэцэглэж байгаа тийм хүчирхэг орнууд манайд “хонь маллалцаж, хот руу өнгийсөн боохойтой тулалдах” үүрэг хүлээдэг.

Уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт гэж төр нь яриад, яагаад ч юм бэ Монголын төрд хэтэрхий нөлөөтэй болчихсон “төрийн бус”-ууд нь тэднийг хөөж гаргаад байгаагийн цаад учир ердөө энэ.

Заримдаа, уул уурхайд хөрөнгө оруулагч оруулагчдыг эртний булш хохироолоо гэж хөөдөг. Канадууд ийм шалтгаанаар Монголд ажиллах боломжгүй болсон. Уг нь тийм юм байхгүй, ашиглалтын талбай, хуучны булш энэ тэр хаа хамаагүй болохыг бичвэл хэтэрхий урт болчих гээд байна. Ер нь нарийн яривал, энэ газар нутаг өнөөгийн хүмүүс сайхан амьдрахад зориулагдсан юм уу, эсвэл аль дивангарт үхсэн улс тайван нойрсоход зориулагдсан юм уу гэдэг ч бас асуудал шүү. Гарзгүй олз гэж үгүй, иймээс аль болох “бага гарз, их олз” хувилбар луу л дөхүүлж ярина уу гэхээс ерөөсөө “гарзгүй олз, огтхон ч зарлагагүй ашиг” олно гэвэл гэмт хэргийн тал руу хэлбийнэ. Бизнэс хөрөнгө оруулалт дээр ч тэр.

Хэрвээ буруу ойлгоогүй бол, Канадын Сентерра гоулдын оронд Сингапурын хятадууд Бороогоулдыг авч байгаа юм уу даа. Булш бунхан харахаараа амиа тавьдаг хятадууд л байгаасай билээ дээ, тээ!

Монгол орны сайн сайхны төлөө үе үеийн хүмүүс өөртөө байгаа бүхнээ зольсоор л ирсэн. Жишээ нь Ю.Цэдэнбал байна. Түүнийг хамгийн их буруутгадаг нэгэн баримтыг би их өөрөөр хардаг. 1960-аад оны эхээр “Монголын умард хилийн ихээхэн газрыг орос хадамдаа найр тавин бэлэглэсэн” гэж буруутгах ч улс байдаг. Үнэн хэрэгтээ тэрээр, өөрийн төрж өссөн газрыг оролцуулан чамгүй газрыг Зөвлөлтөд өгч байж л БНМАУ-ын нутаг дэвсгэр, тусгаар тогтнолыг авч үлдсэн гэж хардаг юм шүү…за энэ ч яахав.

Хэдхэн хоногийн өмнө Канадын Сентерра гоулд компани “ард түмэн”-ий шаардлагаар Монголыг орхилоо. Ер нь бол Канадуудыг булшинд ойртсон ойртоогүй хөөж байгаа. Канадын Ханресорсыг шахан зайлуулсан ба сүүлчийн могикан болох Монгол-Канадын нэгэн пүүсийг Дорнодоос хөөх ажил амжилттай эхэлсэн байгаа. Бодвол, Сингапурт бүртгэлтэй ямар нэгэн хятад компани оронд нь ирэх буй заа.

Монголд ямар нэг зүйл тохиолдоход хамгаалах учиртай байсан “Канад хана” ийнхүү нурж байна. Одоо Монголд юу ч болж байсан дэлхийн хүчирхэг гүрэн Канадад падлийгүй болж эхэлж байна. Падлийгүй болоод зогсохгүй доромжлогдон хөөгдөж гарсан тул монголчуудад гомдож, яаж ч зовж байсан “хохь чинь, болж” гэж хэлэх ёс суртахууны эрхтэй үлдэж байна. Ураны хайгуулаас Арева-тай хамт хөөгдөж буй Францын ашиг сонирхол ч үүний жишээ.

Монголыг ганцаардуулах төлөвлөгөөний дараагийн болоод эцсийн бай нь Английн “Рио тинто”-гийн хөрөнгө оруулсан Оюу толгой.

Өнгөрөгч хавар Монгол Улсын хоёр Ерөнхий сайд, Сангийн сайд шоронд орсон. Зохих нөлөө бүхий “ард түмэн”-гүүд тэднийг “Америкт байшинтай юм шиг байна, оффшор бүст мөнгөтэй юм шиг байна” гэж хардан бариулсан. Одоо яригдаад байгаа ЖДҮ болоод түүнтэй төстэй сан идсэний хажууд бол ичмээр л дамшиг л даа, гэхдээ мэргэн ардуудад энэ ч юуны хамаа.

Харамсалтай нь хөндлөнгийн ажиглагчид, ялангуяа гурав дахь хөршийн хөрөнгө оруулагчид энэ процессыг тун өөрөөр харж байгаа. Учир нь С.Баяр, Ч.Сайханбилиг, С.Баярцогт нар Оюу толгой төслийг хөдөлгөсөн, төсөлд гарсан гацааг арилгах алхам хийсэн хүмүүс юм. Иймээс Хөрөнгө оруулагч нар Монголын засаг төр “Оюутолгойд гуравдагч хөршийг хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсээ баривчиллаа” гэж л дүгнэж байгаа. Тэднийхэн “Гадаадад мөнгө хадгалдаг байж магадгүй, юмыг яаж мэдэхэв тэр нь хулгайн мөнгө байж магадгүй” гэдэг монгол гаргалгааг тэд тоохгүй.

Үүнтэй зэрэгцээд, санаандгүй л тэгж таарсан байх л даа, уул уурхайн салбарын ахмад ажилтан Ч.Хурц хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан нь тэдний сэжиг, гаргалгаанд нэмэр болсон явдал болов. Ч.Хурц гуай нь хөдөлмөрчин, баатарчин байж болох ч Оюу толгой төслийг тууштай эсэргүүцэгчдийн бэлгэдэл болсон нэгэн. Шагналын зарлигт Оюу толгой, гуравдагч хөрш, барууны хөрөнгө оруулагчдын эсрэг тууштай тэмцэл гэхчлэнгийн үг үсэг огоот үгүй, зөвхөн түүний хөдөлмөрийн бахдам амжилтууд дурайж байгаа ч гэсэн Барууныхан өөрийн өнцгөөсөө л харна.

Гуравдагч хөршүүдийн хийсэн дүгнэлт нь Оюу толгой төсөл болон барууны хөрөнгө оруулагчдын эсрэг үйл ажиллагаа нь Монголын төрд дээд хэмжээгээр үнэлэгдэж байна гэсэн гаргалгаа. Манай нам ард түмний ямар ч “ардчилсан” тайлбарт тэд үнэмшихгүй.

Асар удахгүй “Монголын хөрсний гүний усыг барсан”, “Авлига өгсөн” “Монголыг мөлжих гэсэн” зэрэг шалтгаанаар зохих эрх мэдэл, нөлөө бүхий “ард түмэн”-гүүдийн шахалтаар Оюу толгой хөөгдөн гарах биз ээ.

Харин тэр цагт Монголд юу болсон, монголчууд юугаа амсаж, юугаа үүрнэ хэнд ч хамаагүй болно. Яг л 1928 онд үүссэн шиг тийм нөхцөл байдал. Хоёр том хөрш нь үгсэж, эсвэл хүчний баланс нь алдагдаж, аль нэг нь хүч түрлээ гэхэд цуг хохирох хамсаатангүй болсоор л байна. Энэ нөхцөл байдлыг мэдэрсэн, шууд болон дам эсэргүүцсэн зүтгэлтнүүдэд “ямар нэгэн юм” тохиолдсоор…

Нэг ийм төлөвлөгөө л хэрэгжээд байна даа. Монголын төрөөс ч хүчтэй, Монголын сэхээтнүүдээс ч ухаантай, тэгсэн атлаа монголчууд дээр тулгуурласан тийм ажиллагаа.

Гэхдээ…Яагаад энэ бүхэн биелэх ёстой гэж. Яагаад тэдний санаснаар болно гэж…Чамаас л хамаарах болчихоод байна.

2010.04.21

Categories
мэдээ нийгэм

Хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 710.9 сая тѳгрѳгийг улсын орлого болгоно

Өнгөрөгч сарын 12-ны өдөр Буянт-Ухаа “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудалд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн, БНХАУ-ын харьяат иргэний тээшээс их хэмжээний валют илэрсэн.

Тус иргэний тээшийг гаалийн бүсийн рентген аппаратаар шалгаж, 248.900 ам.доллар, 200.000 юань улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг тогтоожээ. Дээрх их хэмжээний валют нь монгол мөнгөөр тооцвол 710.9 сая төгрөг болох юм.

БНХАУ-ын иргэн тус их хэмжээний юаньд гаалийн мэдүүлэг бичээгүй, Гаалийн улсын байцаагчид энэ талаар мэдүүлээгүй, үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж, их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргажээ. Уг иргэнийг Монгол Улсад нийтээр дагаж мөрдөх хуулийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд тэрхүү 710.9 сая төгрөгийг хураан авч, улсын орлого болгох юм байна.

БНХАУ-ын иргэнийг тухайн их хэмжээний мөнгийг хэрхэн яаж оруулж ирсэн талаар болон юунд зориулах зорилготой байсныг тодруулахаар Гаалийн ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй юм. Хэргийг шалгаж дуусмагц дээрх мөнгийг улсын орлого болгох тухай албаныхан мэдээлэв.

Мѳн дээрх иргэнийг хууль бусаар оруулж ирсэн мөнгөнийх нь 15%-тай тэнцэх хэмжээний мөнгөөр торгохоор болжээ.

Түүнчлэн Гаалийн тухай хуулиар Монгол Улсын хилээр таван саяас дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгийг бэлнээр авч яваа зорчигч үүнийгээ Гаальд заавал мэдүүлэх үүрэг хүлээдэг. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд 15 хүртэл сая төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг зорчигч гаальд мэдүүлэх үүрэг хүлээдэг.

Зөрчлийн тухай хуулиар гаальд үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн, татгалзсан, худал мэдүүлсэн бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Categories
мэдээ улс-төр

Сүрьеэ өвчинтэй тэмцэх чиглэлээр бүс нутгийн хэмжээнд хамтарч ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн гишүүн О.Баасанхүү нар өчигдөр БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Кён Ман Ху тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг “Сүрьеэ өвчинтэй бид дотооддоо тэмцэж байгаа ч гадаад талдаа бүс нутгийн хэмжээнд хамтарч ажиллах байр суурь, санаачилгатай байдаг” хэмээн онцоллоо.

Тэрбээр мөн Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг Сүрьеэгийн эмнэлэг барих санхүүжилтийн эхний хэсгийг улсын төсөвт суулгахаар анхааран ажиллаж байгааг тэмдэглэхийн зэрэгцээ тус эмнэлгийг барих цаашдын санхүүжилт, эмнэлгийн үйл ажиллагааг өргөн хүрээнд явуулах чиглэлээр БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтарч ажиллах саналаа илэрхийлэв. Үүний тулд БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.

БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Кён Ман Ху “Юуны өмнө Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн идэвхтэй үйл ажиллагаанд талархалтай хандаж байна” гээд “Та бүхний тавьсан бүх хүсэлтийг хүлээн авч, хамтарч ажиллахад, дэмжлэг үзүүлэхэд бэлэн” хэмээн тэмдэглэв. Эхний шатанд Монгол Улсад сүрьеэгийн эмнэлэгтэй болоход дэмжлэг үзүүлж дэлхийд томоохонд тооцогдох БНСУ-ын сүрьеэгийн эмнэлгийн зураг төслийг үнэ төлбөргүй олгох боломжтойгоо илэрхийллээ.

Мөн сүрьеэгийн шинэ эмнэлгийн тоног төхөөрөмжийг “Сөүл прожект” төслийн хүрээнд олгох боломжтой төдийгүй БНСУ-д нэр хүндтэй эрдэмтэн Ким Хи Жин-ийг зөвлөхөөр ажиллуулах боломжтойг тэмдэглэлээ.

Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах санаачилгыг шууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагааны санамж бичгийг ойрын хугацаанд байгуулан, уг санамж бичигт 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хавсарган батлахад санал нэгдлээ.

Санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд бүс нутгийн хэмжээний уулзалт, хурал зохион байгуулах, эмч, эмнэлгийн ажилтнуудыг туршлага солилцуулах, Монгол Улсын ард ард иргэд, ялангуяа хүүхэд, залуучуудыг хамруулан сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулах, өвчний эрт илрүүлгийг анхан шатны эмнэлгүүдэд хийдэг болох, сүрьеэгийн шинэ эмнэлгийн барилга, тоног төхөөрөмжид материаллаг дэмжлэг үзүүлэх, сүрьеэтэй тэмцэх хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийхэд хамтарч ажиллах зэрэг ажлыг хийхээр тогтлоо.


БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэг нь 1952 онд байгуулагдсан бөгөөд олон жилийн туршлагатай тус нийгэмлэгт үйл ажиллагаагаа явуулахад нь Солонгосын Засгийн газраас хангалттай санхүүжилт төсөвлөж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалдаг гэдгийг ерөнхийлөгч Кён Ман Ху уулзалтын үеэр тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санаачилга гаргаж байгаа юм бол өөрөө ч гэсэн хугацаанаасаа өмнө огцрох ёстой

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-Ерөнхийлөгч УИХ-ыг тараах албан бичгийг өргөн барилаа. Хуулиараа 45 хоногийн дотор хэлэлцэхгүй бол Их хурал тарна биз дээ?

-Тийм ээ. Гэхдээ Их хурал тарж, улс төрийн тогтворгүй байдал үүссэнээр сайн зүйл авчирахгүй. Улс төрийн тогтворгүй байдлыг дагаад эдийн засгийн тогтворгүй байдал үүснэ. Эдийн засгийн тогтворгүй байдал нийтийн эмх замбараагүй байдал бий болгоно. Гадны улсуудын жишээ байна шүү дээ. Украиныг хар л даа, ямар болов. Бас Лив, Сири, Венесуэл зэрэг улс ямар болсныг дэлхий нийтээр мэдэж байгаа. Тиймээс эцсийн дүндээ цаанаа өгөөжтэй улс төрийн шийдвэр л гарах ёстой.

Үнэхээр манайх Үндсэн хуулийнхаа хамгийн том мухардал руугаа очиж байна. 76 тойргоос ард түмнээс сонгогдсон парламент, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч хоёр төсөв дээр зөрөлдөж эхэлж байгаа. Аль, аль нь ард түмэнд баахан амлалт өгчихсөн. Гэтэл аль ч улс төрийн хүчин амлалтаа бүрэн хэрэгжүүлэх санхүү төсвийн боломж байдаггүй. Бид 76 тойргоос сонгогдохдоо маш том амлалтуудыг өгч гарч ирсэн. Эргээд нөөцөө үзтэл баахан гадаад, дотоод өртэй. Мөрийн хөтөлбөрөө 100 хувь хэрэгжүүлэх боломж байдаггүй. Энэ хоёр институцтэй зэрэгцээд орон нутгийн түвшинд, аймаг, сум, дүүргийн Иргэдийн хуралд нэр дэвшсэн хүмүүс ч бас өчнөөн амлалтууд өгсөн. Ялгаагүй нэг тогооноос халбагадаж тойрог, тойрогтоо хэрэгжүүлэх болдог. Ингээд хаана, хаанаа зөрчилдөөнүүд үүсч байгаа. Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдохдоо маш их амлалт өгснийг мэдэж байгаа. Гэтэл Төрийн тэргүүн маань өөрийнхөө нөөцийг үзтэл дөрөвхөн тэрбум төгрөгийн нөөцтэй, 40 хүний аппараттай, институц болж хувирсан. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр маань бид хоёр хамтарч зүтгэнэ. Улс орны хөгжлийн төлөө явна гээд маш олон удаа уриалга гаргасан. Яг төсөв хэлэлцэхэд зөрчил тод илэрдэг. 76 тойрогт нэр дэвшсэн хүмүүс тойрог тойрогтоо юм хийж хэрэгжүүлье, ирээдүйн хөгжлийн төлөө зүтгэе гэхээр эцсийн дүндээ бүх юм төсвөөр дамжиж хөрөнгө мөнгөөр л шийдэгддэг. Энэ бол манай Үндсэн хуулийн хамгийн том гажиг. Үнэхээр Ерөнхийлөгч санаачилга гаргаад УИХ-ыг тараая гэж байгаа юм бол Ерөнхийлөгч ч гэсэн хугацаанаасаа өмнө огцрох ёстой.

-Яагаад?

-Улс төрийн тогтолцооны энэ гажгаа засахын тулд хэн нэгнийг өөр хүнээр сольсноороо асуудал шийдэгдэхгүй. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд дандаа 1.6 жилийн настай Засгийн газартай байсан. 1.6 жилийн настай төрийн бодлогууд явж ирсэн. Төрийн бодлогууд хэдий чинээ тогтвортой хэрэгжинэ, төдий чинээ эерэг үр дүнгүүд гардаг. Өнөөдөр ХБНГУ-ыг Ерөнхий сайд Ангела Меркель гэх эмэгтэй 2005 оноос хойш тасралтгүй удирдаж байна. Германы хүчирхэг эдийн засаг илүү хурдан өсч өндийж байгаа дэлхий дахинд ил байна. Бодлого тогтвортой байснаар эдийн засаг тогтвортой байж өсөлт гарна. Үүнийгээ дагаад иргэдийн амьдрал тогтвортой байна.

-УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар парламентыг тараадаг хуулийн заалт бий. Ингэхдээ гишүүд саналаа нээлттэй өгөх юм байна. Өөрсдийнхөө эсрэг кноп дарж чадах уу?

-Ерөнхийлөгч Их хурлыг тараах санал гаргаж байгаа нь Үндсэн хуулийн хүрээнд анхны тохиолдол болж байна. Ерөнхийлөгчийг огцруулах эрх нь хүртэл УИХ-д байгаа шүү дээ.

-Тэгвэл Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг өргөн барих уу?

-Заавал тийм улс төрийн тогтворгүй байдал үүсгээд яахав дээ. Харин Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, бүх нам улс төрийн том зөвшилцөл хийж, Үндсэн хуулийнхаа тогтолцооны реформыг хийх төсөлтэй болох ёстой. Тэгээд ард түмнээрээ төслөө хэлэлцүүлээд дэмжвэл он гараад бүгдээрээ тарчихъя л даа. Шинэ тоглоомын дүрмээрээ дараагийн засаг төр бий болог. Тэрнээс өнөөдөр Доржийг Дондогоор, энэ Их хурлыг өөр 76-аар солиод ямар ч өөрчлөлт гардаггүйг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа шүү дээ. Иймд Үндсэний зөвшилцөл хийхийг УИХ, Ерөннхийлөгч, Засгийн газар, улс төрийн намуудад уриалж байна.

-Зөвшилцөхгүй бол яах вэ?

-Нийтийн эмх замбараагүй байдал бий болно. Төр үгүй болно. Манай Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ мөн гэдэг. Тэгэхээр төрийн эрх барих дээд байгууллага байхгүй болохоор төр байхгүй болно гэсэн үг. Тэгвэл нийтийн эмх замбараагүй байдал бий болох вий гэхээс айж байна. Зөвшилцөл нэг л зүйл дээр очих ёстой. Цаашид монголчууд гурван саяулаа ямар дүрмээр явах вэ гэдгээ зөвшилцөж байгаад ард нийтээрээ асуулгачих ёстой.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлтэй холбогдуулан Төрийн тэргүүний институциэс Ерөнхийлөгчийн засаглалтай орон болох саналыг илэрхийлдэг. Сая Ерөнхийлөгч УИХ-ыг тараах албан бичиг өргөн барьсныг нь хүртэл нийгэм ингэж л харж байна. Ер нь манай улсын хувьд засаглалын ямар хэлбэр илүү тохиромжтой гэж үзэж байна вэ?

-Хоёр том гүрний дунд өргөн уудам нутаг дэвсгэртэй, эдийн засгийн нөөц ресурс багатай, байгалийн баялаг ихтэй манай улсыг нэг хүн удирдах аваас гадаад улс орнуудын дарамт шахалт, нөлөө асар их ирнэ. Хоёрдугаарт, холбооны засаглалттай улс орнууд ихэвчлэн ерөнхийлөгчийн засаглалтай байдаг. Аж ахуйн бүх асуудлуудыг мужууд нь шийдчихдэг. Холбооны улсын засгийн газар бол гадаад харилцаа холбооны муж улсууд дамнасан гэмт хэрэг, аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр л шийдвэр гаргадаг. Манайх шиг худаг, жорлон ухахаас эхлээд бүх асуудлыг шийддэг Засгийн газартай оронд Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зохимжгүй гэж би хувьдаа үздэг. Харин хоёр танхимтай сонгодог парламентын тогтолцоо тохиромжтой. Хоёр танхимтай парламентын засаглалтай болоод ирвэл гудамжны хэрүүл тэмцэл багасна. Яагаад гэвэл жижиг тойрогтой 76-хан суудалтай парламентад нийгэмд хамгийн их идэвхтэй байгаа хүмүүс тэр бүр орох боломж нь хаагдмал байдаг. Тиймээс Төрийн ордны гадна талд дахиад нэг сүүдрийн засгийн газар бий болчихоод байна. Зөв юмыг ч буруу гэнэ. Бурууг ч шүүмжилнэ. Үнэн мөн гэдэг зүйл олдохоо больчихоод байгаа юм. Магадгүй энэ гадаа байгаа хүмүүс парламентын хоёр танхимд орж ирснээрээ төрийн зовлон гэж юу байдгийг мэдэрнэ. Нөөц нь ямар байдаг, эрх мэдэл нь ямар байдаг юм гэх зэрэг олон асуудал байна. Харин доод танхим 150-200 хүний бүрэлдэхүүнтэй, тэндээс гарч байгаа саналыг дээд танхим нь шүүрддэг, дээд танхимын бүрэн эрхийн хугацаа нь хоёр жил тутам гуравны нэг нь сэлгэгдэж байдаг, төрийн үйл ажиллагааны бодлого залгамж чанараа хадгалсан тэр үндсэн тогтолцоо руу яваасай гэж бодож байгаа.

Ерөнхийлөгч ард түмэнд амлалт өгдөг, парламенттайгаа зөрчилддөг зарчмаар удаан тэсэхгүй. Ийм байвал эдийн засаг халаад дууслаа. Ерөнхийлөгч бол парламентаас сонгогддог. Төрт ёсны бэлгэдэл, төрийн баяр наадам цэнгүүнийг нээж, хааж үг хэлдэг, төрийн дээд одон медаль гардуулдаг, томилгоот албан тушаалтнуудыг ёсчилдог, нэг парламентаас нөгөө парламентад Засгийн газар солигдоход төрт ёсны манаачийн үүрэг гүйцэтгэдэг, бүх намын төлөөлөл пропорцианаль системээр доод танхимаа бүрдүүлдэг ийм сонгодог парламентын засаглал руу шилжих хэрэгтэй байна.


Categories
мэдээ улс-төр

Монгол, Балбын Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Балбын Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Катманду хотноо боллоо. Зөвлөлдөх уулзалтыг манай талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, балбын талаас тус улсын Гадаад хэргийн яамны Нарийн бичгийн дарга бөгөөд Зүүн Хойд Азийн газрын Ерөнхий захирал Г.П. Дхакал нар ахалж оролцов.

Талууд хоёр талын харилцааг бүх түвшинд идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлоод цаашид дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллахаар тохиров.

Монгол Улс Балба Улс шашин шүтлэг, өв соёлын хувьд ойр, нийтлэг үнэт зүйлсээр холбогддог зэрэг нь найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх хөрс суурь болж байгааг тэмдэглэж хөгжиж буй, далайд гарцгүй орнуудын хувьд хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа монголын тал илэрхийлэв.

Балбын тал худалдаа, улс төр, эдийн засаг, спорт, аялал жуулчлалын салбарт болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн хүрээнд хамтын ажиллагаагаа өрөгжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа нотлоод Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлж буй идэвхтэй гадаад бодлогынхоо хүрээнд цаашид ч санал солилцож, цаашид идэвхитэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тэмдэглэв.

Монгол, Балбын Гадаад харилцааны яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг 2020 онд Улаанбаатар хотноо хийхээр тогтов.

Categories
мэдээ улс-төр

Улсын бүртгэлийн багц хуулиуд өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг цахим сүлжээнд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн ой санамжийн нэгдмэл, аюулгүй байдлыг хангах, бүртгэлийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, нээлттэй, чирэгдэлгүй хүргэх зорилгоор хуулийг шинэчлэн найруулав.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ нь 5 бүлэг, 24 зүйлтэй, хуулийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Тус хуультай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий хууль хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Улсын бүртгэлийн багц хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол баталсан.

Хуулийн зорилт нь улсынбүртгэлийн ангиллыг тогтоох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагааны зарчим, төрөл, мэдээллийн нэгдсэн сан, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулна.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д дараах зарчмын шинжтэй шинэ зохицуулалтыг нэмж тусгалаа. Үүнд:

Хуулийн зарим ойлголт, нэр томьёог нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох, нарийвчлан тодорхойлох үүднээс хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг тусгайлан зүйл болгон орууллаа.

Иргэний цахим үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлэх, түүнийг ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор иргэний үнэмлэхийн санах ойд иргэний хувийн мэдээллийг тэмдэглэж болох бөгөөд түүнд тусгах мэдээллийн жагсаалтыг Засгийн газар батална.

Хуульд бүртгэлийг улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэл гэж ангилж, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс бүрдэхээр тусгалаа.

Бусад хуульд заасан бүртгэл нь төрөлжсөн бүртгэлд хамаарах бөгөөд төрөлжсөн бүртгэлийн жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгаж, хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэлийн зорилго, улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим нь төрөлжсөн бүртгэлийн үйл ажиллагаанд нэгэн адил үйлчлэхээр заасан. Мөн бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөхөд аюулгүй байдлыг хангасан, кодлогдсон технологийг ашиглах, өөр хоорондоо уялдаатай нэгдсэн арга зүйтэй байхаар хуульчлав.

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ. Бүртгэлийн зарим үйлчилгээг цахимаар үзүүлэх, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр олгох бөгөөд энэ нь эх нотлох баримт бичгийн нэгэн адил хүчинтэй байхаар хуульд тусгасан болно.

Цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, оруулах, сангийн хадгалалт, хамгаалалт, мэдээлэл, технологийн асуудал хариуцсан нэгжийн эрх, үүрэг, иргэн, хуулийн этгээдэд тус сангаас ашиглуулах мэдээллийн төрлийг тогтоох асуудлыг зохицуулж, дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн мэдээллийн санг хадгалуулах, төвөөр дамжуулан мэдээллийг бусад байгууллагатай солилцох боломжийг бүрдүүлсэн.

Хуулийн дагаж мөрдөх журмын хуулиар дундын мэдээллийн сан үүсгэх, мэдээлэл солилцохтой холбогдсон ажлыг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг Засгийн газар хариуцан зохион байгуулахаар зохицуулав.

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд нээлттэй, хаалттай, хязгаартайгаар өгөх бөгөөд хязгаартай өгөх мэдээллийг тухайн иргэний зөвшөөрлийн дагуу үнэ төлбөртэйгөөр, мөн хуулиар тусгайлан эрх олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтанд иргэний зөвшөөрөлгүйгээр үнэ төлбөргүй олгоно.

Улсын бүртгэлийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөхдөө хуульд заасан нээлттэй, хаалттай мэдээллээс бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан өгөх бөгөөд үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно.

Нотариатч үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэний хэргийн шүүх, арбитрт гомдол, нэхэмжлэл гаргах, хаягийн мэдээллийг авах зорилгоор Улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулан бүртгэлийн мэдээллийн санд нэвтрэх эрх авч болно.

Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтан, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнаас бүрдэнэ.

Хуульд зааснаар улсын бүртгэлийн байгууллагын улсын байцаагч, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нь эрх зүйч мэргэжилтэй, харин иргэний улсын бүртгэгчээр дээд боловсролтой иргэнийг ажиллуулна.

Улсын бүртгэлийн байгууллагын дарга дээрх улсын байцаагч, улсын бүртгэгчийг томилж, чөлөөлөх бөгөөд Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар улсын бүртгэгчийг 5 жилийн хугацаанд багтаан эрх зүйч мэргэжилтэй болгох зохицуулалтыг тусгасан.

Хууль батлагдсанаар улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг нарийвчлан зохицуулснаар мэдээллийн аюулгүй байдал сайжирч, иргэд шуурхай, чирэгдэлгүйгээр цахим үйлчилгээ авах боломж бүрдлээ.

Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг бэхжүүлэх, улсын байцаагчийн эрх, үүргийн суурь зохицуулалтыг оруулснаар улсын бүртгэлийн аливаа зөрчил, алдаа дутагдлаас сэргийлэх нөхцөл бүрдэж, хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирна.

Иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, нээлттэй, ил тод болгосноор иргэд цахим хэлбэрээр түргэн шуурхай, чирэгдэлгүйгээр мэдээлэл, лавлагаа, үйлчилгээ авах боломж бүрдэж, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, залилан, бусдын эд хөрөнгийг завших зэрэг гэмт хэрэг гарах, түүнээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.