Энэ оны гуравдугаар сараас эхлээд арваннэгдүгээр сарын 6-ны хооронд нийт есөн сарын хугацаанд нийслэлийн иргэдийн спортын VII их наадам зохион байгуулагдлаа.Уг наадам нь спортын найман төрлөөр таван үе шаттайгаар зохиогдсон юм. Тэгвэл энэхүү наадмын шигшээ тоглолт өнөөдөр “Буянт ухаа ” спорт ордонд болж нээлтээ хийлээ.
Шигшээ тэмцээнийг нээж Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа үг хэлэхдээ “Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд татан оролцуулах, тэдний идэвх сонирхлыг дэмжих зорилгоор Нийслэлийн иргэдийн спортын VII наадмыг амжилттай зохион байгуулж байна.Нийт есөн сарын хугацаанд зохиосон спортын наадмын шигшээ тэмцээний аваргууд тодрох торгон мөч ирлээ. Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчид болон иргэддээ спортын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе” хэмээв.
Спортын VII наадам нь “спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөг” гэсэн спортын найман төрлөөр зохиогджээ.Өнгөрсөн есөн сарын хугацаанд хэсэг , хороо, бүс, дүүргийн аваргуудыг тодруулсан байна. Харин өнөөдөр дээрх дөрвөн үе шатаас шалгарсан дүүргүүдийн дунд тав дахь шат буюу нийслэлийн аваргуудыг шалгаруулах гэж байна.
2018 оны Иргэдийн спортын VII наадмын хэсэг, хороо, бүс дүүргийн шатанд 4310 байгууллагын 90100 иргэн хамрагдсан байна. Эндээс шалгарсан нийслэлийн шигшээ тэмцээнд есөн дүүргийн 152 хорооноос шалгарсан шилдгийн шилдэг 108 багийн 1638 иргэн оролцож байгаа аж.
Энэхүү наадам нь Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос дэвшүүлсэн “Биеийн тамир, спорт ыг ал өрх иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир-Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” уриан доор явагдаж байна.
Энэ үеэрБаянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн П.Баярсайхан өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Биеийн тамир спортоор 1971 оноос хойш хичээллэж байгаа бөгөөд спортын Мастер цолтой аж.
-Ямар төрөлд оролцож байгаа вэ?
-Ахмадуудын хийн дасгал, Аэробек, волейболын тэмцээнд оролцож байгаадаа маш баяртай байна. Ахмадуудыг нас насны ангилалаар хувиарлаж тэмцээнд оролцуулж байгаа нь сайхан санагдаж байна. Манай хийн дасгалынхан нэгдүгээр байранд орсон, Аэробеийн төрлөөр гуравдугаар байранд орсон. Одоогоор волейболоор алтан медалын төлөө тоглох гээд байж байна
-Тэмцээнд хэд дэх жилдээ оролцож байгаа вэ?
-Анх удаагаа оролцож байна. Ер нь бол тэмцээн уралдаанд байнга оролцдог.
-Тэмцээндээ хэрхэн бэлдэж байсан бэ?
-Дүүрэг, хороод нь тэмцээнд оролцогчдоо хувиарлаж өгдөг. Дүүргийн хэсгийн ахлагч нар нь тэмцээнд оролцож байгаа иргэдээ цуглуулаад заал аваад , бэлтгэл хийх газар бэлдэж өгдөг байсан гэв.
Б.ОЮУНЖАРГАЛ