Categories
мэдээ улс-төр

ИНФОГРАФИК: Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төслийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн инфографик болон танилцуулгыг толилуулж байна.

ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Зээлийн хэлэлцээрийн хүрээнд барилга болон барилга нураалтын хатуу хог хаягдлыг зөв зохистойгоор булж устгах, дахин боловсруулах шийдлүүдийг нэвтрүүлэх, түүнчлэн хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф, удирдлагын зохицуулалтыг бий болгоход чиглэсэн “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгоно. Зээлийг 15 жилийн хугацаатай авч байгаа бөгөөд эхний 3 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн жилийн хүү LIBOR+1% бөгөөд энэ нь нэн хөнгөлттэй зээлийн ангилалд хамаарч байна.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 31-нд болох үйл явдал

08.00 цагт Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Монгол орны бэлчээрийн үндэсний хоёрдугаар чуулган эхэлнэ.

09.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Аялал жуулчлалын төлөвлөлт” сэдэвт НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын сургалт эхэлнэ. Утас:99043126

09.00 цагт “Корпорэйт” зочид буудалд “Зүүн Хойд Азийн Цахилгаан Эрчим Хүчний Нэгдсэн Сүлжээ Хамтын Ажиллагааны Форум” эхэлнэ. Утас:99127866

09.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Банкны салбарын эрсдэлийн удирдлагын зөвлөгөөн” болно. Утас:88118801

10.00 цагт АШУҮИС-д тус сургууль, Үндэсний дата төв хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт Засгийн газрын XI байранд “Таван толгойн ордын эдийн засгийн үр өгөөж ба хүний эрх” хэлэлцүүлэг болно. Утас:99082638, 88044293

10.00 цагт Тээврийн цагдаагийн албанаас өөрийн байрандаа “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна.

11.00 цагт Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байранд “Хөдөө аж ахуйн бирж”-ээс мал, махны форвард гэрээний арилжаа зохион байгуулна. Утас:91790101

12.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Индонез улсад болсон “Жакарта-Палембан-2018” Азийн 18 дугаар наадамд оролцсон Монголын баг тамирчдын тухай мэдээлэл болон Азийн наадамд 11 удаа хүч, ур чадвараа сорьсон үе үеийн тамирчдын түүхийг өгүүлсэн “Индонезийн тэнгэрт монголынхоо далбааг мандуулсан тамирчид” ном уншигчдын хүртээл болж байгаа талаар тус номын зохиогчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Пума” зочид буудалд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн өнөөгийн нөхцөл байдал” хэлэлцүүлэг болно.

12.00 цагт ЭМЯ-нд Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгааны үр дүнг танилцуулна. Утас:99179899, 86885060

14.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монголын хүний төлөө намаас Ерөнхийлөгчөөс УИХ-д хүргүүлсэн зөвшилцөх саналын талаар мэдэгдэл хийнэ.

Монголын хүүхдийн ордонд

11.00 цагт “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээ болно.

14.00 цагт Нийслэлийн 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэр бүлд хүрэх төрийн үйлчилгээг чанаржуулах, зорилго бүхий ур чадварын тэмцээн болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт өмгөөлөгч Г.Баасан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Иргэний нийгмийн байгууллагууд Хазара иргэдийн эрхийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Ардчиллын анхдагчид УИХ-ыг тарахыг шаардаж, мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Т.Нурмаажав: Сайн бүтээл хийх нь эх орондоо оруулж буй том хөрөнгө оруулалт болно

Дүрслэх урлагийн энэ оны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн саяхан гарч үүнээс шилдэг зургааг нь улсын сан хөмрөгт худалдаж авсан. Нийт 117 бүтээлээс Г.Одбаярын “Хүлэгү хаан”, Ц.Баттөрийн “Хар цас” , С.Болдбаатарын “Парисын бороотой намар”, П.Ганбатын “Эх”, Т.Нурмаажавын “Цагийн хүрдэн”, Т.Даваасамбуу “Тал нутгийн морьтон” уран баримал шалгарч улсын сан хөмрөгт хадгалагдсан юм.


Бид Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Т.Нурмаажавтай ярилцлаа. Тэрээр дэлхийн 10 орчим оронд уран бүтээлийн үзэсгэлэнд оролцсон авьяаслаг зураач юм.

-Монголд эмэгтэй зураачид хэр олон байдаг вэ. Хөгжлийн тухайд?

-Хөгжил өндөр шүү. Гэхдээ зураачдыг эрэгтэй, эмэгтэй гэж ялгах нь утгагүй л дээ. Эмэгтэй уран бүтээлчид дэвшилтэт алхмуудыг гаргаж байгаа. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх чадамжаараа бүтээлээ хийж өнгө аясыг илэрхийлсээр л байна. С.Төгс-Оюун, С.Саранцацрал, Булгантуяа, Болортүвшин гэх мэт мундаг зураачид олон. Эмэгтэй зураачдад ар гэр, нийгэмд хандсан ажил гээд уран бүтээлдээ зарцуулах цаг хомс байдаг ч уран бүтээлээ хийсээр л байдаг.

-Өнөө жил дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулж уран зургийн сан хөмрөгт авсан . таны “Цагийн хүрдэн” гэж бүтээл шилдгээр шалгарсан байсан?

-Жил болгон шилдэг бүтээл шалгаруулж улс авдаг. Үе үеийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлүүд Уран зургийн галерейд томоохон байр суурийг эзэлж байдаг л даа. Өмнө нь 2002 болон 2016 онуудад миний бүтээл шилдгээр шалгарч байсан.

-2018 он гарсаар та ямар уран бүтээл дээр ажиллав?

-Энэ жилийн тухайд үзэсгэлэнгүүддээ оролцоод л явж байна. Бие даасан томоохон үзэсгэлэнг энэ жил тавиагүй. Гэхдээ монгол зургийн төрлийн онцлогт тааруулж өөөрийн гэсэн онцлог, үзэл бодлоо тусгасан бүтээл хийхээр ажиллаж байна. Судалгаа хийгээд л явж байна

-Таны зурдаг чиглэл монгол зургийн төрөлд хамаарах ч өөр өвөрмөц өнгө төрхтэй байдаг юм билээ?

-Монгол уламжлалт чиг хандлага, онцгой хэллэгүүд болгоныг уран бүтээлдээ шингээж, зохиомж, илэрхийлэл, үзэл бодолдоо орчин үеийн чиг хандлагаар хандахыг хичээдэг. Ингэж байж л монгол зураг дэлхийд онцгой санагдана гэж боддог юм.

Т.Нурмаажав “Цаган хүрд“

-Монгол уран бүтээлчийн зургийг дэлхий үнэлж эхэлсэн. Олон улсад оролцож буй манай уран бүтээлчийн зургийг худалдаад авчихдаг болсон байна лээ?

-Дэлхийн хэмжээнд манайхны бүтээл онцгой, илүү байдаг гэж хэлж чадахгүй. Гэхдээ ямар ч улс орны урлаг нь тэр улсын оршин тогтнол байдаг учраас соёл урлагийг нь үргэлж сонирхдог. Монгол уран бүтээлчид олон улсад үнэлэгдэхүйц уран бүтээл хийх нь манай улсад том болно гэсэн үг. Өнөөдөр манай улс баялгаа гадагш нь зөөж байгаа. Харин дотогш нь оруулж буй нь урлагийнхан. Урлагийн мөн чанар нь энэ. Үүгээрээ тухайн улс орны дархлаа өндөр байдаг. Өнөөдөр Монгол Улсын урлаг руу хандах бодлого сул байснаас урлаг, элементүүд нь маань Өмнөд Монголынх л болоход ойрхон байна. Төрөөс бодлогоор дэмжиж, бид өөрсдөө ч шаргуу ажиллаж байж урлаг шат ахина.

-Олон шилдэг бүтээл байдаг. Жилд тун цөөн нь улсын сан хөмрөгт хадгалагддаг. Олон сайн бүтээл үнэ цэнэгүй үлддэг байх?

-Төсөвлөж буй мөнгө нь тэр юм даа. Гэхдээ өнөөдрийн ажиллаж буй урлагт сэтгэлтэй хүмүүс үүнийг жил бүр таслалгүй авч явж байгаа. Шилдэг уран бүтээлчдийн зургийг цуглуулж уран зургийн алтан сан хөмрөгийг баяжуулж байгаа нь сайшаалтай. Өөр талаас нь харвал бид дотроо ийм юм ярих биш. Өөрсдөө хамтарч шилдэг бүтээлүүдээр дэлхийд гарч өрсөлдөх нь үр дүнтэй.

-Уран зургийн сан хөмрөгт хадгалагдсан бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-2002 онд “Уйгур соёл 2” гэсэн бүтээл минь шалгарч байлаа. Үүнээс 14 жилийн дараа “Амар Амгалан” шалгарч сан хөмрөгт хадгалагдсан. Өнөө жил “Цагийн хүрдэн” бүтээл шалгарлаа. Энэ бүтээлийг боловсруулаад бүтээлээ дуусахад дөрвөн сарын хугацаа зарцуулсан. Тохиолдлоор морин хуурын тоглолт үзсэн маань өндөр сэтгэгдэл төрүүлж орой нь энэ бүтээлийн санаа төрж байсан даа. “Цагийн хүрдэн” бүтээлээ уламжлалт ардын урлагийн технологиудаас санаа авч модон хавтан дээр зурсан. Монгол хүний цаг хугацаа хэмжих арга ухаан бүхий 12 жилийг хүрдэн хэлбэрт оруулж, нөгөөтэйгүүр нар сар бүхий дугуй дүрсэнд баригдаж бүтээсэн. Мөн алт, мөнгө, эрдэнэс бүхий баялгийг гурвалжин уулсаар дүрсэлсэн. Цаад дүрсэнд ирээдүй, одоо, өнгөрсөн цагийн бэлгэдлийг хүн байгалиар томьёолж харуулсан. Хүн цаг хугацаан дахь өчүүхэн хэсэг гэдгийг “Цагийн хүрдэн” бүтээлээр илэрхийлэхийг хүссэн.

-Яруу найрагчийн тухайд бүтээлийн санаа гэнэт асгардаг гэнэ лээ. Онгод орно ч гэж ярьдаг. Зураачийн тухайд?

-Тийм гэж хэлж болно. Бүтээл хийхэд сэтгэлд бүтээгдээд явж байдаг. Үүнийгээ л буулгадаг.

Ц.Баттөр: “Хар цас” зургаараа утааны эсрэг өөрийн үЗэл БОдлОО илэрхийлсэн

Мөн “Хар цас” бүтээлээр оролцож шалгарсан СУИС-ийн уран зургийн багш, зураач Ц.Баттөртэй хөөрөлдсөн юм.

Ц.Баттөр “Хар цас“

-“Хар цас” зургийн голд байрлах эмэгтэй нь хатны дээл, гоёл чимэглэлтэй хэрнээ амны хаалт зүүсэн байдлаар дүрслэгджээ. Энэ нь юуг илэрхийлж байгаа юм бэ?

-Монголын хамгийн үнэт зүйл бол монгол хүн. Тэр үнэт зүйл утаанд хордож буйг зургаараа илэрхийлэхийг зорьсон. Эмэгтэй хүнээр дамжуулж энэ санаагаа илэрхийлсэн учир нь хойчийн залгамжийг бэлгэдсэн юм. Бидний хойч үе яаж ч амны хаалт зүүсэн утаанд хордож байгаа гэдгийг үүгээр дамжуулан илэрхийлсэн. Одоо амны хаалт л зүүхгүй бол хэцүү болчихсон. Харин хувцсаар нь эдийн соёлыг харуулсан. Бүсгүйн ерөнхий биеийн бүтцийг харвал гуа сайхан эмэгтэй. Гэтэл амны хаалт зүүсэн нь Монгол маань энэ янзаараа цаашид орших уу гэдгийг харуулсан. Эмэгтэйн цаад талд хүрээний хана хэрмийг дүрсэлсэн. Гол санаа нь ерөөсөө л утааны эсрэг өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

-Эмэгтэйн нүдний харцаар давхар өөр нэг санааг гаргаж ирж болоогүй юм уу. Нүдээ аньсан байдлыг тайлбарлавал?

-Нүдээ нээлттэй байлгавал бүх юм нээлттэй болчихно. Хаалттай байгаа нь нууцлаг, бясалгасан орон зайг үүсгэж байгаа юм.

-дээд зиндааны хатны хувцастай байхын оронд орчин цагийн хувцастайгаар дүрсэлж болоогүй юм уу?

-Бидний хуримтлуулж ирсэн түүх соёл маань устаж үгүй болох гээд байна шүү гэдгийг нийгэмд ойлгуулах гэж л тэр. Орчин цагийн хувцас, хэрэглэл чинь байдаг л зүйл. Хэзээ ч худалдаад авчихаж болно. Энэ хувцаснаас Монгол гэдэг зүйл маань харагдахгүй.

-Магадгүй 200 жилийн дараа хэн нэгэн энэ зургийг үзээд XXI зууныг өгүүлсэн гэж ойлгож чадах болов уу. Хувцас, эд хэрэглэлээр нь XVIII зууныг харуулсан гэж ойлгох юм биш үү?

-Би 2018 оныг олж харж чадна гэж бодож байна. XVIII зууны бодит хөрөг зурсан бол өөр хэрэг. Гэтэл энэ зурагт амны хаалт зүүчихсэн учраас хүн хараад шууд ойлгоно. Сэтгэдэг хүн бол ойлгочих л байх. Гэр хорооллын утааг шууд зурж болох л байсан. Гэхдээ тэр чинь фото зургаас ямар ч ялгаагүй шүү дээ.

-Зургийг сайн ажиглавал намрын өнгө аяс харагдаж байна. гэсэн хэдий ч цас орж байх юм. түүнээс гадна өтгөн цайвар утааг ч дүрсэлжээ…

-Цас ямар гоё цагаан билээ. Гэтэл тэр өнгө нь хар болчихсон. Энэ нь одоогийн нийгмийг л шүүмжилсэн хэлбэр л дээ. Сайн сайхан зүйлийг өгүүлсэн бол өнгөлөг, цагаан цасаар дүрслэх байлаа. Зургийн санааг намар орой цас орох үед олсон юм. Тиймээс яг тухайн цаг үеийг шингээсэн. Цагаан шөнө гадаа налайж, утаа үнэртсэн “Хар цас” орж байна.

О.ДАШНЯМ

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Б.Батболд: “Оюунлаг” дунд сургуулийнхан манай эзэмшлийн газарт хууль бусаар хүч түрэн халдсан

– БИД ЭЗЭМШЛИЙН ГАЗАРТАА 250-300 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИХААР ТӨЛӨВЛӨСӨН –

“Эм Жи Ти Эм Эл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батболдтой ярилцлаа.


-Баянзүрх дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хорооллын “Оюунлаг” дунд сургуулийн ойр орчимд шинэ зам барьж, нураасан маргаан өрнөөд байгаа. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу?

-Манай компани Нийслэлийн Засаг даргын 2015 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн А/180 тоот захирамжаар зөвшөөрөл нь олгогдсон Баянзүрх дүүргийн XV хороо (65 дугаар байрны зүүн талд) байрлах 136003/0456 18644310775991 нэгж талбарын дугаартай 958 метр квадрат газрыг эзэмшдэг.

Энэ сарын 14-ний өдөр газар дээрээ очтол “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын захиалгатай, “Оюунлаг” дунд сургуулийн хөрөнгө оруулалттай авто замын ажил” гэсэн самбар хадаж, авто зам, авто зогсоол барьж байсан. Бидний зүгээс тэр даруй Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын холбогдох удирдлагуудаас тус тус тодруулж өгөхийг хүссэн.

-Дээрх газруудаас ямар хариу өгсөн бэ?

-Тэд “Тус зам засварын ажлын талаар сайн мэдэхгүй байна. Төрийн эрх бүхий байгууллагуудаас ямар нэг захиалгагүй юм” гэсэн хариуг ирүүлсэн. Дараа нь “Оюунлаг” дунд сургуульд хандаж, энэ сарын 19-ний дотор манай газрыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргүүлсэн. Тухайн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд манай компани өөрийн эзэмшлийн талбайг чөлөөлж, түүнтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжлэх болно гэдгээ сургуулийн удирдлагуудад мэдэгдсэн. Гэтэл “Оюунлаг” дунд сургууль манай шаардлагыг хүлээж аваагүй. Харин нүүрэндээ маск зүүсэн гурван залуу манай компанийн харуулын ажилтны биед халдаж, гэмтэл учруулсан. Компани болон манай ажилтны зүгээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан юм. Уг асуудлыг одоо шалгаж байгаа. Манай компанийн хууль ёсны эзэмшлийн газар, бид хуулиар олгогдсон эрхээ л хамгаалж байна шүү дээ.

-Танай компанийн эзэмшлийн газарт яагаад гэнэт “оюунлаг” дунд сургуулийнхан хөрөнгө гаргаж зам барьсан юм бэ?

-“Оюунлаг” дунд сургууль зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг бодож, сургууль руугаа авто зам татаж байна. Үүний хажуугаар манай байгууллагын эрх хөндөгдөж буй. Бид газар дээр хэрэгжүүлэх төслийн талаарх судалгаа, төлөвлөгөө гэх зэргээр нэлээд зардал гаргасан. Манай компани дээрх газар дээр 250-300 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөж байгаа юм. Гэвч “Оюунлаг” дунд сургуулийнхан биднийг өөрсдийн өрсөлдөгчөө гэж харан манай эзэмшлийн газарт хууль бусаар хүч түрэн халдсан гэж үзэж байна.

Мөн “Оюунлаг” дунд сургууль өөрийн эрх ашгийг бодож, төрийн нэрийг барьж хууль бус үйлдэл гаргалаа. Дараа нь шүүхийн байгууллагаас үнэн зөв шийдвэр гаргасан ч буруугаа хүлээж чадахгүй байна.

-уг асуудлаар уих-ын гишүүн ж.энхбаяр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.батболдод шаардлага хүргүүлсэн байсан. хуулийн хүрээнд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой юм бэ?

-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн шаардлагыг мэдээллийн хэрэгслээс уншсан. Энэ асуудлыг Газрын тухай хууль, Зөрчлийн тухай хуульд тодорхой заасан байдаг. Бусдын эзэмшлийн газар дээр дур мэдэн барилга, байгууламж барих нь хууль бус үйлдэл. Үүнийг хэн ч харж, сонссон асуудал ойлгомжтой байна шүү дээ. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсвэл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэсэн байдаг. Мөн тус хуулийн 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан. Тиймээс “Оюунлаг” дунд сургуулийнхан төрийн холбогдох эрх бүхий байгууллагуудын нэрийг барьж, тэдний захиалгаар зам талбайн ажил гүйцэтгэж байгаа мэтээр иргэдийг төөрөгдөлд оруулсан. Ямар нэг хууль ёсны зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшлийн газарт халдсан байна.

-“Оюунлаг” дунд сургуулийн захирал д.батсайхан “иргэдийн чөлөөтэй зорчих талбайг өөрийн хөрөнгөөр бий болгосон” гэж хэлсэн. Зам засварын ажил хийгдэх гэж байгааг та бүхэнд мэдэгдсэн үү?

-“Оюунлаг” дунд сургууль нь хажуу талын орон сууцны орц гарцыг хаагаад хашаа барьсан. Улмаар тэндхийн оршин суугчид маш их гомдол гаргаж байгаа юм билээ. Тиймээс тус сургуулийн удирдлагуудад “Манай газрыг ашиглая” гэсэн бодол орж ирсэн бололтой. Үүнийгээ халхавчлах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагуудын нэрийг ашигласан байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, төрийн нэрийг баривал хэн ч юу ч ярихгүй гэсэн бодол төрсөн байх. Үнэхээр төрийн эрх бүхий байгууллагын захиалгаар бусдын эзэмшил газарт барилга, байгууламж, авто зам барих гэж байгаа бол Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу Газрын алба нь газар эзэмшигчтэй харилцан тохиролцож нөхөн олговор, эсвэл өөр газарт, өөр газраар солих арга хэмжээг авч ажилладаг. Гэтэл манай компанид мэдэгдсэн зүйл огт байхгүй байсан.

-Цаашид уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Манай компанийн зүгээс хоёр төрлийн арга хэмжээг авахаар ажиллаж байна. Нэгдүгээрт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын газарт хандана. “Оюунлаг” дунд сургуулийн зөрчлийг шалган шийдвэрлүүлэх ёстой. Хоёрдугаарт, хууль ёсны эзэмшлийн газар дээрх зөвшөөрөлгүй, хууль бусаар хийгдсэн зам, талбайг чөлөөлөхөд гарсан зардлыг нэхэмжилж, иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр ажиллана.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс, ямар шалтгаан, шаардлагаар, ямар ашиг сонирхлоор, ямар стандартын дагуу, ямар зөвшөөрлийг үндэслэн ийнхүү бусдын эзэмшлийн газарт зам тавьсныг тодруулахаар “Оюунлаг” дунд сургуулийн захирал Д.Батсайхантай уулзсан юм. Тэрээр “Уг асуудлаар би тайлбар өгөхгүй. Маргаан гараад байгааг нэг л сайн ойлгохгүй байна” гэв. Мөн Баянзүрх дүүргийн XV хорооны ажилтнууд тайлбар өгөхөөс татгалзаж байлаа.


Categories
мэдээ нийгэм

Найралт эх одтой, улаан бич өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 31, Буд гариг. Билгийн тооллын 22, Найралт эх одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 7:35 цагт мандан, 17:39 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

Categories
мэдээ цаг-үе

Алтайчууд

БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ

-МОНГОЛ ТҮҮХ ДӨРВӨН БОТЬ БҮТЭЭЛИЙН ХЭСГЭЭС-

Хүний түүхэнд хэл нэлээд хожуу буй болсон тул чухам хэл, түүний аль язгуур бүлэгт багтаж байгаагаас нь үндэстнүүдийн хоорондын угсаа гарвалыг тодорхойлж болдог. XIX зууны үед Урал-Алтайн язгуурын хэл хэмээн Европын Унгар, Финландаас эхлээд Японы арал хүртэл үндсэн оршин суугчдын хэлийг бүлэглэдэг байв. Сүүлийн үед угро-фин, алтай гэсэн хоёр язгуур бүлгийг тусад нь тоолох болсон ба япон, солонгос хэлийг алтай язгуурт багтаах эсэх дээр судлаачдын санал зөрдөг.

Алтай язгуурын хэлээр Сибирийн ихэнх үндсэн оршин суугчид болон Төв Азийн ихэнх хүмүүс ярьдаг ба хэлэлцэгсэдийн тоо 150 орчим сая хүн (солонгос, япон хэлийг тооцохгүйгээр) аж. Фонэтикийн хувьд маш их гийгүүлэгчтэй, эгшгээр хомс энэ овгийн хэлнүүд морфологийн хувьд тун түвэгтэй залгамал (agglu­tinaton) бүтцээрээ бусдаас эрс ялгагддаг. Алтай овгийн хэлийг үндсэнд нь гурван бүлэг болгодог нь: тунгус (tungus), монгол, түрэг (turkic) болой.

Тунгус овгийн хэлэнд солон, ород, үльч, эвэнк, манж зэрэг хэл багтах ба хэлэлцэгсэд нь өнөөгийн Хятадын зүүн хойд гурван муж болон Амар (Amur) мөрний сав газар, Солонгосын хойгийн хойд хэсгээр нутаглаж байв. Зөвхөн ХVI зуунаас энэ овгийн хэл сэргэлтэнд орж бичиг үсэгтэй болсон нь манж нар хүчирхэгжин нийт Хятадыг эзлэн захирсантай холбоотой. Үүнээс өмнө ХI зууны үед тунгус овгийн зүрчид нар хүчирхэгжиж байсан авч Хойд Xятадыг эзлэн эзэнт улс байгуулахдаа хүний олонх Хятадуудын соёлын бүрэн нөлөөнд байж, хэл нь онцгой үүрэг гүйцэтгэдэггүй байсан бололтой. Энэ овгийн хэл дотор хамгийн чухал нь болох манж хэл өдгөө бараг мөхжээ. Манж нар Хятадыг эзлэн Манж Чин династи байгуулж, хоёр зуу гаруй жил оршихдоо том үндэстэнд бүрнээ ууссан юм. ХХ зууны төгсгөл гэхэд манж хэлээр ярьдаг маш өндөр настай зуу хүрэхгүй хүн үлдсэн1 гэж Британника тольд өгүүлсэн байна. Гэвч өөрсдийгөө манж үндэстэн гэж тооцдог 10 сая орчим хүн гол төлөв Зүүн Хойд Хятадад амьдардаг. Тунгус овгийн арав гаруй хэлээр өдгөө ердөө 70 мянга хүрэхгүй хүн ярьдаг аж.

Түрэг овгийн хэлтнүүд нь өнөөгийн Баруун Монголоос Зүүн Өмнөд Европ хүртэл оршин суугчдыг хамардаг маш өргөн талбай хамарсан бүлэг юм. Хүннү нарын хэл түрэг овгийнх байсан гэж үзэх үзэл давамгайлдаг. Юутай ч IV зуунд Европыг түйвээж байсан Хүн нар түрэг бүлгийн хэлээр ярьдаг байжээ2. Түрэг хэлтнүүд түүхэнд асар том эзэнт гүрнүүдийг байгуулж байжээ. Үүнд Уйгар, Хиргис (Kirgiz), Оттоман Түрэг гэх мэт. Түрэгүүд монголчуудын шахалтаас болж хэдэн зуун жилээр баруун тийш түрэгдсээр өрнө тал нь Хар тэнгис хүрч суурьшсан байна. Өнөөгийн БНТүрэг улс, Монгол Улс хоёрын хооронд байгаа олон түрэг хэлтэн үндэстнүүдийг түрэгжсэн монголчууд уу, угаасаа түрэг юм уу гэдэг дээр хэл – угсаатан судлаачид нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байна. Өвөг түрэг хэл нь түрэг ба чуваш гэж хоёр хуваагдсан, өдгөө чуваш нь бүлэгтээ өнчин, бусад нь түрэг бүлэгтээ багтдаг гэж үздэг3.

Төв Азийн үе үеийн нүүдэлчдийн уугуул нутагт өнөөдөр монгол хэлтнүүд оршин сууж байна. Маш олон янз аялгатай энэ хэлийг овог дотроо ганцаараа бие даасан хэл гэж ихэнх судлаачид үздэг. XIII зуунд монгол хэлний зүүн аялга давамгайлж байж, учир нь нүүдэллэн явдаг хаад зүүн талдаа байрладаг байсан аж. Энэ үед буюу түүнээс арай эрт монгол бичгийн хэл үүссэн учир аяндаа зүүн аялга давамгайлах болжээ. ХХ зууныг хүртэл монголчууд олон аялгаар ярьдаг байсан боловч уйгараас авсан босоо бичигтээ захирагдан үндсэндээ нийтлэг нэг хэлтэй байлаа. 1930-аад оны үед СССР дэх Буриад Монголд хорь буриад аялгад захируулсан кирилл үсгийг, Халимагт халимаг-торгууд аялгад түшиглэсэн кирилл үсгийг нэвтрүүлснээр цоо шинэ салбар хэл үүсэх хандлага буй болжээ. Монгол Улс II дайны дараагаас халх аялгад түшиглэсэн кирилл үсэг нэвтрүүлснээр өөрөөсөө олон монголчуудтай Хятадын өвөрлөгч монголчуудаас мөн аажмаар ялгагдаж эхэлжээ.

Хэдийгээр өнөөдөр зонхилох эрдэмтэн энэ тунгус, монгол, түрэг гурван үндэстнийг нэг гарал үүсэлтэй гээд Алтайн язгуурын хэлэнд багтаадаг боловч зарим шинжээчид эдгээр овгийнхон маш эрт цагт тал талаас нүүдэллэн ирж хутгалдан амьдарч, ээлжлэн бие биенээ эзэрхэж байсан гээд эднийг хоорондоо хэлний болон гарлын ямар ч холбоогүй бие даасан үндэстэн гэж үздэг байна4. Чингис хааны өвөг дээдэс нь их далайг гатлан ирж Хэнтийн нуруунд суурьшсан тухай Монголын нууц товчоо-нд дурдсан байдаг нь дэмий нэг домог ч биш байж болох талтай.

Юутай ч гэсэн Төв Азийн нүүдэлчдийг дэлхийн хамгийн ууган үндэстний нэг гэдэг дээр эрдэмтэд, түүхчид эргэлздэггүй билээ. Хятадын сурвалж бичигт умрын ху хэмээн анх тэмдэглэгдэж байхдаа л тэд Хятадын эртний династиудыг үргэлжийн түгшүүрт байлгаж байв. Монголчууд хятад сурвалжид мэн-гу хэмээн бичигдэж байх үедээ л Тан династийг байн байн уулгалан довтолдог байж. Тэд өмнө нь Төв Азид ноёрхож асан түрэг болон тунгус угсаатны нэгдсэн төрт улсад хамаарч явжээ. Хүннү нар оршин тогтнох хугацаандаа ганц Хятадыг сүйтгээд зогссонгүй, IV зууны үед Баруун Европ хүртэл довтлон вандал, гот аймгийнхны хамтаар Ромын эзэнт улсыг унагасан гол “хэрэгтнээр” түүхэнд тодрон үлджээ.

Сүүлийн үед митохондрын ДНХ-аар дамжуулан хүний нүүдэл, үндэстэн угсаатны гарал, холбоог тогтоох болжээ. Одоогоос 40 мянган жилийн өмнө Африкаас гарч Синайн хойгоор дамжин дэлхийн өнцөг булан бүрт очин суурьшсан хомо сапиенс нь их нүүдэл хийхдээ ердөө арван мянгуулаа байсан5 гэдэг. Хятадын Фуданы Их сургуулийн доктор Ли Хуй ази гаралтай хүмүүсийн ДНХ-г судалж үзээд 30 мянга орчим жилийн өмнө монголоид хүмүүсийн өвөг дээдэс Зүүн Өмнөд Азид нүүдэллэн ирэхдээ генетикийн М89 кодын хэв шинжтэй байгаад генетик өөрчлөлт явагдаж М122 хэв шинжийг агуулах болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тэд цааш гурван салаа болон умар тийш нүүдэллэж, нэг хэсэг нь арван мянган жилийн хугацаанд М134 шинжийн генетик код агуулах болж, Шар мөрөн (Huang He or Yellow River) хавьд ирсэн аж. Нэг хэсэг нь Хятадын зүүн далайн эргийг даган хойш нүүсээр хорин мянга орчим жилийн өмнө одоогийн Манжуур хавьд ирж суурьшсан нь Алтай язгуурын хүмүүсийн өвөг дээдэс, өөрөөр хэлбэл хожмын солонгос, хүннү, түрэг, монгол, манж хүмүүсийн дээдэс ажээ6.

2010 онд Орос, Монгол, Хятадын хилийн ойролцоо Алтайн нуруун дахь Денисовын агуйгаас олдсон булшинд буй шарилын митохондрын ДНХ-г судалж үзэхэд 41 мянган жилийн өмнө амьдарч байсан уг хүн нь хомо неандертал, хомо сапиенсын эрлийз болох нь тогтоогдсон7. Хомо сапиенсуудын нүүдэл одоогийн төсөөлж байснаас хавьгүй өмнө, бүр 125 мянган жилийн тэртээгээс эхэлжээ гэсэн шинэ гаргалгаа эндээс буй болж байна. Юутай ч хүний нүүдэл анх хэзээ, хаашаа, хэрхэн явагдсан нь одоо ч оньсого хэвээр.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Алтайчууд” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхава гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Алтайчууд” хэмээх нийтлэлийг уншина уу.

Н.Баяртсайхан: Ирэх оноос төсвийн шинжтэй ипотекийн зээлийн санхүүжилтийг Засгийн газарт шилжүүлэх болзол тавьсан гэж “Улс төр” нүүрт ярив.

“Соёл урлаг” нүүрт Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Алтанжаргал: Анхны юм анхныхаараа байг гээд “Дөмөн хонгор аялгуу”-г ганцхан удаа тоглохоор шийдсэн гэжээ.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр: Хар тамхины улмаас иргэн хоолойгоо боож амиа хорлосон гэж “Цаг үе” нүүрт бичжээ.

“Улс төр” нүүрт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг: ЖДҮДС-гаас зээл авах процессыг шилэн болгочихсон болохоор ийн улстөржүүлэх нь их байна гэв.

Х.Ундрам: Дуртай зүйлээ хийж үзэгчдэд гоо зүйн таашаал өгч байгаадаа баярладаг гэж “Спорт” нүүр өгүүллээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санаачилга гаргаж байгаа юм бол өөрөө ч гэсэн хугацаанаасаа өмнө огцрох ёстой гэжээ.

Говь-Алтай аймгийн даргаас талийгаач хүүгийн амийг нэхье хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичлээ.

“Эдийн засаг” нүүрт МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн профессор, доктор Н.Энэбиш: Азийн супер сүлжээ ажил болвол Монгол Улс эрчим хүчний дэлхийн тоглогч болно хэмээв.

Монголын зохиолчдын эвлэлийнУдирдах зөвлөлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор, зохиолч Долгорын Цэнджав: Монголын их утга зохиолыг төр засаг маань дэмжээсэй хэмээн “Өд бэх” нүүрт ярилаа.

“Дэлхийн мэдээ” нүүрт Герман дахь Меркелийн үе дуусах нь гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхава гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ц.Амарболд Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүллээ

Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, МУСТА Ц.Амарболд БНХАУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын “А” зэрэглэлийн “Ningbo Music international central vocal competition-2018” уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр 17 орны 368 дуучинтай өрсөлдөж тэргүүлээд зогсохгүй, хятад дууг хамгийн сайн дуулсан “Шилдэг дуучин” номинацийн эзэн болсон байна.Ц.Амарболд нь 2017 онд ОХУ-ын Ардын жүжигчин Л.Л.Линховоиний нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын 12-р уралдааны III байр эзлэн, “Шилдэг басс” хоолойтой дуучнаар шалгарч, мөн ондоо Хөдөлмөрийн баатар, АЖ, Төрийн шагналт Д.Лувсаншаравын нэрэмжит уралдаанд II эзэлсэн зэрэг амжилтыг үзүүлж байжээ. Ийнхүү цагдаагийн “Сүлд” чуулгаас олон улсын “А” зэрэглэлийн уралдаанд оролцож тэргүүн байрын шагнал хүртсэн хоёр дахь дуучин төрж байна. 2011 онд М.И.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын XXIV уралдаанд “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлж, “Шилдэг баритон хоолойтой дуучин” шагналыг хүртэж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Шүүхэд санал хүсэлтээ цахимаар өгөх боломжтой боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудсаар шүүхийн мэдээлэл авч, санал хүсэлтээ өгөх боломжтой болсон талаар Хэнтий аймгийн шүүхийн тамгын газраас сэтгүүлчидтэй уулзах үеэрээ танилцууллаа.

Шүүхийн мэдээллийн технологийн хэлтэс “Монгол Улсын шүүхийн мэдээлэл” системийг боловсруулж, 2017 оны 11 дүгээр сараас нийт шүүхийн хэмжээнд нэвтрүүлсэн байна. Уг систем нь шүүхийн үүдэнд байрлах киоск төхөөрөмжөөр дамжуулан аль ч шүүхэд нэг загвараар Монгол Улсын шүүхүүдийн хаяг байршил, шүүх хуралдааны зар, шүүхийн танилцуулга, нэхэмжлэлийн загвар, шүүхийн ёс зүй, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй цэсээр мэдээлэл өгч, улсын тэмдэгтийн хураамжийн тооцоолох цэсээр тооцоолол хийж, санал асуулга цэсээр шүүхэд үнэлэлт өгч, санал хүсэлт цэсээр саналаа илгээх боломжтой юм. Системийг илүү өргөн хүрээнд ашиглахаар энэ сарын 19-ний өдрөөс эхлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй ажиллуулж эхэлсэн аж. Иймээс иргэд заавал шүүхийн байранд очихгүйгээр мэдээлэл авч, санал хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд илгээх боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл шүүхэд хандаж байгаа иргэд нэхэмжлэлээ гаргахын тулд өмгөөлөгчид мөнгө төлж загвар авах, шүүхэд өөрөө очиж асууж сураглах шаардлагагүйгээр www.judcouncil.mn сайтаас бэлэн загвар авах боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна

Ихэнх нутгаар өнөөдөр, маргааш өдөртөө дулаахан байх боловч, ирэх сарын 1-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа. Тус газрын мэдээлсэн 11 дүгээр сарын 1-5-н хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 1-нд нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.