Categories
мэдээ нийгэм

Тээврийн цагдаагийн албаны “Нээлттэй хаалганы өдөрлөг”-тэй

Тээврийн цагдаагийн албаны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр 10:00-15:00 цагийн хооронд тус албаны төв байранд явагдана. Энэхүү өдөрлөгийн үеэр Бүртгэл хяналтын төв, Автотээврийн үндэсний төвөөс иргэдэд үйлчилнэ.

Тээврийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого чиглэл, шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллүүдийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж буй юм.

Нээлттэй хаалганы өдрөөр тус албанд хэрэглэгддэг тээврийн хэрэгсэл, техник хэрэгсэл, хувцас хэрэглэлийн үзэсгэлэн гаргаж танилцуулах, ЦЕГ-ийн Бүртгэл хяналтын төвөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалт авах, гээгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан үнэмлэхний материал хүлээн авах, түр үнэмлэх гаргах, лавлагаа олгох, Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, бүртгэлийн талаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх, Албан журмын даатгагчдын холбооноос үзүүлдэг зарим үйлчилгээ үзүүлэх мөн бэлэн бус торгуулийн талаар лавлагаа мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаа явагдах юм.

Мөн уг арга хэмжээнд албаны харьяа газар, хэлтэс, нэгжүүд оролцох тул иргэдээс алба, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг хүлээн авах юм.

Нээлттэй хаалганы өдөрлөг Тээврийн цагдаагийн албаны төв байранд 11.00-15.00 цагийн хооронд болно.

Categories
мэдээ нийгэм

11 дүгээр сарын 8, 9-нд бүх нийтээрээ амрана

Засгийн газраас дөнгөж сая Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хоёр өдөр амрах тухай шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, 11 дүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болголоо.

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 8-нд /Пүрэв гараг/ тохиож байгаа. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай. Тиймээс 11 дүгээр сарын 9-ний Баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ.

Ингэснээр Баасан гарагийн амралтын өдрийг 11 дүгээр сарын 17-ны Бямба гарагт шилжүүлж, нөхөн ажиллахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын газарт нисэх төхөөрөмж хандивлалаа

Орон нутгийнхаа хүн ардын амь нас, өмч хөрөнгө, байгаль орчныг тохиолдож болзошгүй гамшиг, аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгөнөөс аймгийн Онцгой байдлын газарт нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) хүлээлгэн өглөө.

Ингэснээр нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг /дрон/ ашиглан гамшгийн нөхцөл байдал үүссэн үед эрэн хайх, аврах ажиллагаа болон газар орныг тандан судлах, зураг дүрсээр баримтжуулах зэрэг ажиллагаанд ашиглах боломжтой боллоо.

Түүнчлэн алба хаагчид түймрийн голомтыг түргэн хугацаанд илрүүлэх, талбайн хэмжээ болон салхины чиглэлийг тодорхойлоход ашиглах боломж бүрдэж байна гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн үзлэгт орох иргэд дөрвөн эмнэлгээс нэгийг сонгож үйлчлүүлнэ

ЭМД-ын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамрагдахын тулд иргэдхамгийн түрүүнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандах ёстой. Ингэснээр үзлэгт хамрагдах эрхээ нээлгэх код авах бөгөөд хувийн хэвшлийн Буянтай, Нүүдэлчин, Саран-Элит, Цээнэ гэсэн дөрвөн эмнэлгийн аль нэгийг нь сонгож үйлчлүүлэх юм.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн тухайд амбулаторитой давхцуулахгүйгээр албан ёсны орон тоо гаргаж үзлэгийг зохицуулах эмчийг бэлтгэжээ. Үзлэгт хамрагдаж байгаа иргэд заавал эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх ёстой ажээ.

Иргэдийг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулах энэ ажилд аймгийн эрүүл мэндийн даатгалын сангаас 220 сая төгрөг төсөвлөгджээ.

Дарханчууд та бүхэн энэхүү үзлэгтээ бүрэн хамрагдахыг уриалж байна. Үзлэг, оношилгооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн газраас авах боломжтой гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл хэвлэлийн хурлын мэдээлэв.

Тус шинжилгээнд хэрхэн ямар дараах дарааллаар оролцох аж.
1. Дархан Нэгдсэн эмнэлгийн сургалтын хаалгаар 4 давхарт очно.
Энд цахим программ дээр асуумж бөглөж, биеийн ерөнхий үзлэг хийлгэнэ.
2. Өөрийн насны ангиллаар 6 төрлийн багцаас болон багц дахь үзлэг шинжилгээг хийлгэх эмнэлэг, эмчээ сонгоно. Үүнд: Буянтай, Нүүдэлчин, Саран-Элит, Цээнэ эмнэлэг
3. Багц дахь үзлэгүүдээ хийлгэж дуусмагц, нэгдсэн эмнэлэгт буцаж очоод үзлэгийн бүртгэлээ хаалгана.
Дашрамд Нэгдсэн эмнэлэнгийн бүртгэлийн хэсэгт дээрхи 4 эмнэлгийн болон үзлэг хийх эмчийн нэрс, танилцуулга мэдээлэл бүрэн тавигдсан бөгөөд танд тодорхой зааварчилгаа өгнө.
Хувийн эмнэлэг тус бүрт цахим бүртгэл хийгдэж, таны үзлэгийн тухай мэдээллийг онлайн тэмдэглэл хөтлөн оруулж байна.

Монгол Улсын иргэдийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар ЭМД-ын сангаас санхүүжүүлэн Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд иргэдийг үнэ төлбөргүй хамруулахаар болсон аж.

Ингэхдээ иргэдийг 18-34, 35-45, 46-64 болон 65-аас дээш гэсэн үндсэн 4 насны ангиллаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.

18-34 насныхан биеийн ерөнхий үзлэг болон бэлгийн замын халдварт өвчний илрүүлэг, рентген зураг авахуулах бол 35-45 болон 46-64 насныхан мөн биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, өөх тосны солилцоо, цусанд сахар, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдрын илрүүлэг эрэгтэйчүүд түрүү булчирхайн үзлэг зэрэг 6 төрлийн үзлэг оношилгоонд хамрагдах боломжтой ажээ.

Харин 46-64 болон 65-аас дээш насны иргэдийн тухайд 2 төрлийн багц шинжилгээнээс сонголтоо хийх боломжтой бөгөөд 2 дугаар багцад ходоодны дуран болон нүдний үзлэг багтаж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр”

Өнөөдөр буюу Намрын адаг сарын шинийн 22-нд “Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” тохиож байна.

Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар Сүмжү-засүмжийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуу тивд залран ирсэн хэмээдэг. Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг, жилд тохиох дөрвөн их дүйчэн өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ.

Энэ хорвоод эрдэнэт хүмүүний төрөлд хүргэн элбэрэл хайраараа тэтгэн өсгөсөн ижий шиг ачтан хаа байх. Эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр.

Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан “Эцэг эхийн ачийг хариулах” судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг.

Categories
мэдээ улс-төр

Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Үүнд:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим дэд заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;
– Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА:

– 2019 оны төрийн мөнгөний бодлогын хэлэлцүүлгийн хүрээнд Монголбанктай хамтран “Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд” сэдэвт Эдийн засгийн байнгын хорооны ярилцлага 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд “Дархлаажуулалтын цахим бүртгэл”-ийг нэвтрүүлнэ

Дархлаажуулалтын цахим бүртгэл”-ийг улсын хэмжээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байна.

Улсын хэмжээнд хувь хүнд суурилсан дархлаажуулалтын цахим бүртгэлийг нэвтрүүлснээр хөдөлгөөнт хүн ам, вакцинаас хоцорч байгаа хүүхдийг эрт илрүүлэх, нотолгоонд суурилсан хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг олон талын үр дүнд хүрэх аж.

Энэ сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс бэлтгэл ажлын хүрээнд сургалт зохион байгуулж байна.

Сургалтад Нийслэлийн эрүүл мэндийн газар болон есөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, Амаржих газрын вакцинатор, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, вакцинатор нарыг хамруулж байна.

Сургалтаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Өргөө амаржих газарт суурин компьютер хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ цаг-үе

А.Ундраа: ЖДҮДС-гаас улс төрийн эрх мэдлээ ашиглан зээл авч, мөнгө хүүлсэн нь нотлогдвол хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас сайд, УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан нь тодорхой болсоор байна. Энэ нь хэр зохистой үйлдэл юм бэ?

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зарцуулалттай холбоотой асуудал дээр олон нийтийн шүүмжлэлтэй хандаж байгаатай санал нэг байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээл зориулалтын дагуу, зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байгаад санаа зовниж явдаг. Энэ нь ч саяын жишээнүүдээр харагдлаа. Улс төрийн эрх мэдлээ ашиглан давуу эрх үүсгэж, уг сангаас хувийн болон хамааралтай компанидаа их хэмжээний зээл авсан нь тогтоогдож, тэрхүү жилийн гурван хувийн хүүтэй зээлээ цааш нь сарын 2.5 хувь буюу жилийн 30 орчим хувийн хүүтэй банк бус санхүүгийн байгууллагад оруулан иргэдэд өндөр хүүтэйгээр зээлж, мөнгө хүүлсэн нь нотлогдох юм бол энэ үнэхээр ёс зүйн хувьд зохисгүй, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой үйлдэл гэж би харж байна. Яагаад ЖДҮДС-гаас зээл авч чадахгүй байгаа бизнесийнхнийгээ мөлжих маягаар явах ёстой гэж. Энэ бол хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл. Цаашлаад гэмт хэргийн шинж чанартай байж болзошгүй, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг. Мөнгө угаах гэмт хэргийн нэг төрөл гэж би харж байна. Үүнийг шалгаж үнэн мөнийг нь олж тогтоох ёстой.

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээл авна гэдэг маш хэцүү байдаг талаар иргэд хэлж байна. Иргэдэд хүртээмжтэй байлгахын тулд яах ёстой юм бэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн санг шаардлагатай, бизнесээ өргөжүүлэх хэрэгтэй байгаа бизнес эрхлэгчид авахад маш хэцүү.

Босгыг нь их өндөр тавьдаг. Тиймдээ ч жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээл зорилтот эзэндээ хүрч чадахгүй явсаар өнөөдрийн энэ байдалд хүрч байна л даа. Энэхүү сангийн хөрөнгийг зөв зохистой зарцуулахын тулд сонгон шалгаруулах процессийг нь ил тод болгох, менежмэнт, эргэн төлөлт болон хяналтыг нь сайжруулах нь чухал байна. Мөн бизнес эрхлэгчдийн чөлөөтэй, бие даасан оролцоог хяналтын системд нь хангах хэрэгтэй гэж харж байна. Тариалан эрхлэлт, ноос ноолуур, арьс ширний чиглэлийн хөтөлбөрүүдийг дэмждэг бусад сангуудын зарцуулалт зорилтот эзэндээ хүрч байгаа эсэх, шат дамжлага дамжих явцдаа алдаа дутагдал гаргаж байна уу гэдгийг эргэн харж хянах ёстой. ЖДҮДС гэлтгүй бусад сангуудын менежмэнтийг нь сайжруулж, зарцуулалтыг нь тодорхой болгоогүй цагт төсвийн үр ашиггүй зарцуулалт үргэлжлэх байх гэж бодож байна. Тиймээс УИХ одоо үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулаад бүх сангуудын зарцуулалт, зорьсон эзэндээ хүрч чадаж байгаа эсэх асуудлаар нарийн судалж үнэлэлт, дүгнэлт гаргах ёстой байх. Холбогдох байнгын хороодоос нь ажлын хэсэг байгуулагдаж энэ асуудлыг шалгаж, дүгнэж цэгнээсэй ч гэж хүсч байна. Энэ талаар УИХ-ын удирдлагууд төдийгүй холбогдох байнгын хороодод байр сууриа илэрхийлнэ.

-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тухай хууль УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байгаа. Уг хуулиар бичил бизнес эрхлэгчдэд сангаар, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд банкаар дамжуулж зээл өгөхөөр болж байгаа. Энэ нь хэр зөв шийдэл вэ?

-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хуулинд бичил бизнес эрхлэгч гэсэн шинэ төрлийг нэмсэн. Ажиллагсдын тоо болон жилийн орлоготой нь уялдуулж бичил, жижиг, дунд гэсэн гэсэн гурван төрлийн категори бий болгож байгаа нь зүйтэй. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг төрөөс дэмжиж байж ажлын байрыг олноор нь бий болгох бололцоо бүрдэнэ. Тиймдээ ч хуулийн төслийг ерөнхийд нь дэмжиж байгаа. Харин нэмж хүнд суртал бий болгохгүй байх асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, хуулийн төсөлд заавал бичил, жижиг, дунд, гэж бүртгүүлсэн компани л зээл авах бололцоотой болно гэж оруулж ирсэн. Нэгэнт татвар төлдөг бүртгэлтэй компани юм бол ажиллагсдын тоо, татварын орлогын хэмжээгээрээ бүртгэл нь шууд хийгдчихэж болно шүү дээ. Тийм байхад бас нэгэн бүртгэл, шинэ шат дамжлага, хүнд суртал бий болгочих вий гэсэн үүднээс энэ тухайд байр сууриа илэрхийлсэн. Мөн бизнесийг өргөжүүлэхийн тулд Хөрөнгө оруулалтыг сангийн тухай хууль хэлэлцэж байгаа. Зөвхөн банкны зээл авахаас гадна Хөрөнгө оруулалтын санг дэмжих, цаашлаад бизнесийнхээ хувьцааг зарах, арилжаалах, шинээр түнш нэмж оруулах эдгээр санхүүгийн олон механизмуудыг ашиглах бололцоо нээлттэй байх нь бизнес өргөжүүлэх ач холбогдолтой гэж харж байна.

-Ирэх оны улсын төсөв хэлэлцэгдэж байна. Хүмүүс төсвийн тухай янз бүрийн л байх суурьтай байгаа. Сөрөг хүчний зүгээс энэ чигээр батлагдвал Байнгын хороо болон УИХ-ын чуулганд оролцохгүй гэх мэдэгдлийг ч хийсэн. Таны хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Төсөв хэлэлцэж байх үед том зургаар харж, хөгжлийн бодлоготойгоо уялдуулж чадсан уу, үгүй гэдэг дээр сэтгэл зовж байгаа асуудлууд байна. 76 гишүүн болгон өөрийнхөө тойрогт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зайлшгүй хийх шаардлагатай ажлууд байгааг бүрэн дүүрэн ойлгож байна. Гэхдээ Монгол Улс маань хөгжлийн бодлогоо “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” гэж хуульчлан баталсан. Эдийн засгийн болон хүний хөгжил, байгаль орчин, тогтвортой хөгжлийн бусад зорилтуудтайгаа уялдаатайгаар бид заавал хийж хэрэгжүүлсэн байх ёстой алхмууд бий. Улс орны хувьд эрэмбэлэхдээ юуг түрүүлж хийх, юунд хүч, хөрөнгө хаях ёстой юм бэ гэдэг дээрээ нэгдсэн бодлого гаргаж чадсан уу гэдэгт тийм ч сэтгэл хангалуун биш байна. Монгол Улс маань 2019 онд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн талаар анхны үндэсний хэмжээний сайн дурын илтгэлийг НҮБ-д тавих болно. Бид энэ зорилт, зорилгоо хэрхэн хэрэгжүүлж байгаа талаараа тайлагнахдаа олон хэсэг хуваасан гэхээсээ илүүтэй томоохон хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлж ядуурдлыг дорвитой бууруулж чадсан уу, байгаль орчны доройтолтой тэмцсэн үү, институцийн хөгжил хэр зэрэг сайн байгаа вэ, ардчилал илүү бэхжсэн үү зэрэг асуултуудад бид хариу өгөхөд бэлэн байх шаардлагатай. Энэ төсөв яг тэр чиглэл рүү дорвитой алхам хийж чадахгүй гэж харагдаж байна.

-Та жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан экспо зохион байгуулах гэж байгаа гэсэн үү?

-Үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилгоор “Вансэмбэрүү экспо”-г санаачилж, гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Арваннэгдүгээр сарын 17-18 ны өдрүүдэд “MNB event hall”-д уг экспог зохион байгуулах юм. Уг үйл ажиллагааг жижиг, дунд төдийгүй томоохон үйлдвэрлэгчдийг дэмжих, экспортлоход хэрэгтэй мэдээллийг өгөх үүднээс зохион байгуулж ирсэн. Эхний экспод шалгарсан арьс шир үйлдвэрлэгчдийг Италь улсад аялуулж байлаа. Өнгөрсөн жил гоо, сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шалгарсан. Тэднийг Япон улс руу явуулсан. Харин энэ жилийн шилдгээр шалгарсан үйлдвэрлэгчдэд АНУ-д бизнес аялал хийх боломжийг олгоно. Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор хийж буй уг экспод оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй гэдгийг энд уламжилъя.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн хуримтлалын өдөр

Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга нь Италийн Милан хотноо 1924 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан Олон улсын Хадгаламжийн банкны нэгдүгээр чуулганы үеэр гарсан бөгөөд Италийн профессор Филиппо Равизза чуулганы сүүлийн өдөр 10 дугаар сарын 31-ний өдрийг “Олон улсын хуримтлалын өдөр” хэмээн зарлан тунхаглажээ. Мөнгөн хуримтлалын чуулган /The Thrift Congress/-ны шийдвэрт мөн “Мөнгө хуримтлуулах дэлхийн өдөр”-ийг дэлхий даяар мөнгөн хөрөнгөө хуримтлуулахад зориулах өдөр болгох нь зүйтэй гэж тусгасан байдаг. Мөнгөн хуримтлалыг идэвхижүүлэх энэ дэмжлэгт тулгуурлан хадгаламжийн банк сургуулиуд, сүм хийдүүд, урлаг, спорт, мэргэжлийн болон эмэгтэйчүүдийн холбоодтой хамтран ажиллаж байжээ.

“Мөнгө хуримтлуулах дэлхийн өдөр”-тэй болох санаа нь оргүй зүйлээс бий болоогүй юм. Амьжиргааны илүү өндөр түвшинд хүрэх, эдийн засгаа баталгаажуулахын тулд мөнгө хуримтлуулах санааг гаргасан хэд хэдэн жишээ баримт байдаг бөгөөд тухайлбал, Испанид мөнгө хуримтлуулах үндэсний өдрийг анх удаа 1921 онд тэмдэглэн өнгөрөөж байсан бол АНУ-д мөн адил тэмдэглэн өнгөрөөж байжээ. Бусад улс орны хувьд, тухайлбал Германы хувьд, 1923 онд Германы мөнгөний шинэчлэлээс үүдэн өөрсдийн хадгаламжаа алдаад байсан ард түмний олонхийн итгэл найдвар нь энэ үеэс эргэн сэргэсэн юм.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Дэлхийн хуримтлалын өдөр нь үргэлжилсээр байсан бөгөөд 1955-аас 1970 оны хооронд алдрын дээд цэгтээ хүрч байжээ. Үнэндээ тодорхой улс орнуудад бодит уламжлал болон тогтов. Тухайлбал, Австрид “Sparefroh” (Сэтгэл хангалуун хадгалагч”, бас “баяртайгаар хуримтлууллаа!” гэж болно.) гэж нэрлэгддэг “хуримтлалын сахиус” нь Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчийн талаар мэдээллээс хавь илүү түвшинд хүрч чаджээ. Түүгээр зогсохгүй түүний дараа гудамжийг мөн “Sparefroh” гэж нэрлэсэн юм. 1970-аад онд залуу хүмүүст зориулан гаргасан “Sparefroh-Journal” нэртэй боловсролын сэтгүүлийн хэвлэлтийн тоо 400,000 хувьд хүрч байжээ.

Өнөө үед олонхи иргэн нь банкинд өөрийн хуримтлалгүй хөгжиж буй улс орнуудад Дэлхийн хуримтлалын өдрийг зохион байгуулах талаар банкууд анхаарлаа хандуулж байна. Эдгээр улсын арилжааны банкууд нь тодорхой компанит ажил, санаачилга хэрэгжүүлдэг төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, амьдралын түвшин доогуур иргэний хадгаламжийн дансыг хоёр дахин нэмэгдүүлэн эзэмшүүлж, хуримтлалыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улсын банк санхүүгийн байгууллагууд нэгдэн “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аяны хаалтын үйл ажиллагааг өнөөдөр Монголын Хүүхдийн Ордонд, 11 дүгээр сарын 2-ны өдөр Дархан хотын Залуучууд театрт тэмдэглэхээр болжээ.

Уг арга хэмжээг ХБНГУ-ын Шпаркассэгийн Банкны Сангаас Монголбанк, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран зохион байгуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Богд хааны ордон музейн эзэмшил газрыг албадан чөлөөлжээ

Богд хааны ордон музейн газарт 1997 оноос хойш өнөөг хүртэл зөвшөөрөлгүй байрлаж байсан “Жи Эм Ти” ХХК-ийн бэлэг дурсгалын дэлгүүрийг Хан-Уул дүүргийн газрын албанаас шуурхай арга хэмжээ авч газар чөлөөлөх ажлыг өнөөдөр эхлүүлжээ. Богд хааны ордон музейн захиргаанаас тус бэлэг дурсгалын дэлгүүрийн газрыг чөлөөлүүлэхээр 2001 оноос хойш хөөцөлдөж ирсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрэлгүй өнөөг хүрсэн ажээ. Нийслэлийн зүгээс түүх, соёлын дурсгалт газар, түүний хамгаалалтын бүсийн бүрэн бүтэн байдалд онцгой анхаарал хандуулж зохих шийдвэр гаргаж, хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү бэлэг дурсгалын дэлгүүрийн газрыг албадан чөлөөлж буй арга хэмжээ юм байна.

Богд хааны ордон музейн эзэмшил газрыг албадан чөлөөлжээ

Богд хааны ордон музейн эзэмшил газрыг албадан чөлөөлжээ