Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Сармагчингуудын паян

Сармагчингийн сельфи

МАКАКИ

Японы макаки сармагчингууд рашаан усанд орохдоо нэгнийхээ нурууг маажиж өгч, навчаар нүүрэндээ маск тавина. Мөн нэгнийхээ нүүрэнд иллэг хийж өгч алжаалыг нь тайлна. Энэ бүхнийг харж зогссон жуулчид өхөөрдөм агшныг нь алдахгүй гэж зургийн аппаратаа бариад гэтэж байх хойгуур хадны цаана нуугдаж байсан ганц хоёр этгээд нь сэм ирээд жуулчдын цүнх, түрийвчийг хулгайлаад талийж өгнө. Сармагчингууд зоосон мөнгийг шигшиж дуугаргаж тоглоно. Жуулчид яахав “Эднүүс хөөрхийс зоосон мөнгөөр тоглож байгаа юм байна” гээд өхөөрдөөд л газарт хаясан цүнх, түрийвчээ дуугүй аваад явна. Жуулчдыг явангуут өнөө их алжаал массаж хийлгэж хэвтээд нүүрэндээ навчаар маск тавьж байсан “амрагчид” год үсрээд бөөнөөрөө тосгоны төв рүү жирийлгэнэ. Замд тааралдсан моддыг дамжиж, хашаан дээгүүр гүйлдээд цардмал замаар алхуулсаар амттан гаргадаг автомат машин дээр ирнэ. Зоосоо нэг нэгээр нь хийгээд хүссэн амттанаа кноп дараад л гаргаад ирнэ. Нэг удаа сармагчингууд автомат машинаар ийнхүү “үйлчлүүлж” зогсохыг харсан долоон настай хүүд нэг нь чийпс буюу шар төмс гаргаж ирж дайлсан байгаа юм. Автомат машинтай сайн харьцдаг, техник, компьютерийн “мэдлэг”-тэй болохоор нь ч тэгсэн юм уу, манай хойд хөршийн эрдэмтэн судлаачид макаки сармагчныг сансрын хөлөгт суулгаад 2030 оноос өмнө Ангараг дээр буулгахаар ажиллаж байгаа юм байна. Энэ зорилгоор хоёр сармагчныг сургасан нь маш амжилттай болж байгаа бөгөөд робот дотор суугаад хөдөлгөх, эргүүлэх, газраас хөөрөх үйлдлүүдийг товчлуураар удирдаж байгаа гэнэ. Түүгээр ч барахгүй компьютерийн зарим программын үйлдлийг хялбархан хийж чаддаг бөгөөд өөр хүнийг тэдгээр товчлуурууд дээрээ хүргэдэггүй аж.

ТОГ ТАСАЛСАН ХЭРЭГТЭН

Өнгөрсөн сарын 15-нд Улаанбаатар хот, зарим аймгуудад тог тасарсан. Гэтэл дараахан нь нэгэн хэрээ үүрээ засах гэж хошуундаа төмөр зууж яваад тогны эх үүсвэр дээр унагаж тог тасалсан гэх инээдтэй ч гэмээр яриа гараагүй билүү. Яг тэр үйл явдал Кени улсад болж байжээ. Гэхдээ хэргийн эзэн нь нэг муу жижигхээн сармагчин. Гитару дахь усан цахилгаан станцын трансформатор руу сармагчин унаж 180 мегаватт эрчим хүчний дутуу түгээлт үүсч Кени улс даяар дөрвөн цагийн турш гэрэл цахилгаангүй болжээ. Тог юунаас болж тасрав гэж инженерүүд судалж шинжлээд тог тасалдсан газарт очиход өнөөх хэргийн эзэн ингээд “хэргийн газар” дээрээ байж байсан гэнэ. Азаар сармагчин амьд байжээ.

САРМАГЧИНГУУД ЗУЛ САРААР ЮУ БЭЛГЭНД АВАХ ДУРТАЙ БОЛ?

Америкийн Флорида мужийн Локсахатчи хэмээх суурингийн нутаг дэвсгэрт орших “Lion Country Safari” нэртэй паркт амьдардаг шимпанзе сармагчингуудад Зул сарын баяраар Санта Клаус ирж бэлэг гардуулдаг уламжлалтай. Өвлийн өвгөнөөс бэлэг авангуутаа тээр дор нь задалж, идэхийг нь идэж, өмсч болохыг нь өөртөө барьж үзнэ. Зул сар дөхөхөөр сармагчингуудаас юу бэлгэнд авах вэ гээд асуух маягаар судалгаа явуулж тусгайлан бэлдсэн самбарт олон нэр төрлийн эд зүйлсийн зургийг байршуулжээ. Тэгтэл эм сармагчингууд нь хөхөвч рүү заагаад өөрсдийнхөө цээж рүү заажээ. Ингээд хүслийг нь биелүүлж Зул сараар өнөөх бэлгийг нь боож өгөхөд ихэд тааламжтайгаар хүлээж авчээ.

Таеквондоч сармагчин багшийгаа зодсон нь

ТАЕКВОНДОЧ САРМАГЧИН БАГШИЙГАА ЗОДСОН НЬ

Хятадын Хубэй мужийн бие хамгаалах урлагийн багш 42 настай Ло Вун “шавь” сармагчингууддаа зодуулсан явдал бий. Тэрээр гудамжинд сармагчинтай үзүүлбэр үзүүлэхийн тулд сармагчингуудыг сургаж, зодооны урлагаасаа харамгүй заажээ. Сургалтын явцад багш нь “шавь” нараа маш хатуу гараар зангидаж, өдөрт олон цагаар бэлтгэл хийлгэдэг байжээ. Тэгээд үзүүлбэр нь бэлэн болж гудамжинд олон хүний өмнө үзүүлбэрээ үзүүлэх болов. Ниши хотын худалдааны төвийн гадна талбайд тоглолтоо үзүүлж байтал багш нь санамсаргүйгээр халтирч унатал “шавь” нарынх нь нэг нь эзнээ яг л Брюс Лигийн өшиглөлтөөр тийрснийхээ дараа чих, хамраас нь зулгааж гарчээ. Балмагдсан багш нь “Надад өс хонзон санаж л явж дээ. Яах вэ гэртээ очоод хатуу шийтгэнэ” гэж. Өнөөх зодоонч “нөхөр” багшдаа хөтлүүлээд алхаж байхдаа үзэгчид рүү эрхий хуруугаа гозойлгоод нүдээ ирмэж байжээ. Орой нь таваг дүүрэн “таван салаа боов” идсэн нь ойлгомжтой, ойлгомжтой.

САРМАГЧИНГИЙН ВАНТУЛС ДАХЬ САРМАГЧНЫ ШОРОН

Хайнан арал руу манайхан их аялдаг. Аяллын маршрутын нэг хэсэг бол Сармагчингийн вант улс. Жуулчдын сонирхлыг татах, сармагчинтай холбоотой бүх юм энд бий. Сармагчингийн циркийн үзүүлбэр, тоглолт үзэж, ахуй амьдралтай нь танилцаж, хэрхэн аж төрдгийг нь дэргэдээс нь харна. Мөн тэдэнтэй зургаа татуулна. Гэхдээ сармагчин болгон хүнтэй зураг авахуулахгүй. Сургаж бэлдсэн сармагчингууд эзнийхээ дохиог чанд сахина. Та сармагчингуудтай зураг авахуулъя гээд суулаа. Тэгэхэд хоёр талаас чинь хаанаас ч юм сармагчин гарч ирээд мөрийг тань түшиж, хөлөө солбиж, шүдээ ярзайлган аальгүйтнэ. Тантай толгойгоо нийлүүлж элгэмсүү сэтгэгдэл төрүүлнэ. Энэ чинь яасан сайхан зантай амьтад вэ гэж бодож амжаагүй байхад л өнөөх зураг авахуулж байсан сармагчингууд чинь дэгдээд алга болно. Танд тэдэнтэй хамт зураг авахуулах хугацаа 10-аадхан секунд. Ийм үйлчилгээ авахад чамгүй үнэтэй. Сармагчингийн цирк бол хүмүүсийг хамгийн их инээлгэнэ. Унадаг дугуй, ямаа, морь гээд зүсэн зүйлийн юм унаж, давхилдаж эргэлдэнэ. Галаар ч наадаж чадна. Циркчид юу үзүүлдэг билээ. Тэр бүгдийг сургачихсан. Орон орны далбааг барьсан сармагчингууд талбайд гарч ирэхэд үзэгчид алга ташин баярлаж, өөр өөрсдийн орныхоо далбааг олж харж зургийг нь дарах гэж хичээнэ. Энэ үзүүлбэр бас хугацаатай. 30-аадхан секунд болов уу, үгүй юу өнөөх сармагчингууд барьж явсан далбаа сэлтээ шидэх нь шийдээд, чирэх нь чирээд утгыг нь алдуулна.

Энд сармагчингуудын унтаж амардаг байр, тоглож зугаалах орчин, хооллох газар гээд бүгд бий. Бас “Сармагчингийн шорон” бий. Байлгахаас өөр аргагүй болоод л сармагчинд зориулсан шорон босгосон нь мэдээж. Шорон гэсэн пайзтай нэг том камертай. Тэнд хүнд, хөнгөн, давтан бай ямар ч гэмт хэрэгтэнг бөөнөөр нь хорино. Сармагчингууд урт гартай учир ихэнх нь хулгайн хэргээр баривчлагдана. Зарим нь жуулчдаас туусан эдээ аваад мод дамжаад зугтана. Урт шилбүүр барьсан цагдаа нар ёстой байя аа гэтэл нь тэднийг ороолгоно. Шилбүүр, ташуурын “амтан” дор номхорсон сармагчингууд аав ээждээ зэмлүүлж, жавтгий хүртсэн хүүхэд шиг л нүд нь гүйлгэнээд тогтохгүй. Айсан нь нүднээ ил. Ингээд түүнийг Шүүхээр оруулж энэ хэргийг анх удаа үйлдсэн үү, юу хулгайлсан, зугтсан уу гээд бүгдийг цагдаа нараас асууж лавлаад шийдвэрээ гаргана. Хэрэг нь хөнгөн, хүндээсээ хамаарч 14-21 хоногийн “ял” авч камер руу чирүүлнэ. Камер дотор том жижиг, хөгшин залуу гээд элдэв сармагчингууд ялаа эдэлж, торны гаднах бүгдийг гунигтай нүдээр харна. Камерын үүдэнд хоёр хянагч байнга манаастай. “Гэмт этгээд”-үүд гэмшиж байгаа нь илт. Толгойгоо барьж, шанаагаа тулж, хумсаараа шал маажиж цагийг барах гэж хичээнэ. Сармагчингууд 3-4 удаа баривчилгаанд орж байж сая нэг номхрох тал руу орно.

МАЙ, МАЙ АВЦГАА!

Нэгэн сармагчин айлаас 10 мянган рупи хулгайлаад түүнийгээ гудмаар явж байсан хүмүүс рүү тэрбумтан шиг л “Май, май авцгаа” гэж цацсан хэрэг Энэтхэгт гарч байжээ. Айлын гэрийг “ухаад” боодолтой рупи олж аваад түүнийгээ ойр байх өндөр байшингийн дээвэр дээрээс нь ийнхүү цацжээ. Мөнгө тэнгэрээс хуйлран буухад хүмүүс бие биетэйгээ уралдан бөөн л хөл хөдөлгөөн болж. Шимла хотод ийм буяны мөнгө “тараалт” анх удаа болсон нь энэ биш. Өмнө нь бас нэг “өглөгч” сармагчин хүний гараас рупи шүүрч зугтаагаад тэрийгээ хотын хамгийн ачаалал, түгжрэл ихтэй зам дээр цацаж байжээ. Мөнгөн дэвсгэрт унаад ирэхээр машин тэрэгтэй, унадаг дугуйтай, явган явж байсан хүмүүс бужигналдан мөнгө булаацалдаж замын хөдөлгөөнийг таг зогсоосноос цагдаагийн ажилтнууд ирж зохицуулалт хийж хөдөлгөөнийг хэвийн болгосон бөгөөд “гэмт этгээд”-ийг хайсан боловч олон нийт сармагчингийн талд байсан учир эрэн хайх ажиллагааг зогсоож байжээ.

САРМАГЧИН БА ГӨЛӨГ

Нэгэн сармагчин моншоо алдаад сэтгэл гутралд ороод хоолноос хүртэл гарчээ. Түүнийг аврах гэж тосгоныхон хичээсэн ч өдөр ирэх тусам “нүднээс гарч” байлаа. Гэтэл гашуудал зовлондоо шаналж байсан сармагчин нэг гөлөг тэвэрчихсэн, өвөр дээрээ суулгаад илж байхыг тосгоны иргэд харжээ. Сармагчин гөлгийг өөрийн үр мэт хайрлаж сүү, жимсээр тэжээж, модноос мод руу дүүлэхдээ гөлгөө цээжиндээ наана. Гөлөг нь мах бараг идэж чадахгүй, “эх”-ийнхээ өгсөн сүү, жимс, жимсгэнээр л хооллож алхам ч түүнээсээ холддоггүй. Гөлөг рүү нь хүн амьтан дөхөхөд цааргалдаггүй ч бусад нохойг сармагчин нэг нүдээрээ ч үзэж чаддаггүй аж.

САРМАГЧИНГИЙН СЕЛЬФИ

Ан амьтдын гэрэл зурагчин Дэвид Слейтэр зураг авч явтал Наруто гэх нэртэй сармагчин аппаратыг нь авч зугтаад өөрийнхөө зургийг дарчихаж. Слейтэр сармагчингийн сельфиг олон нийтэд цацаж, гэрэл зургийн үзэсгэлэнгүүдэд өрсөлдүүлж овоо шагнал урамшуулал авч. Энэ явдал 2011 оны үед болсон. Тэгтэл амьтан хамгаалагч гэгдэх хэдэн нөхөд зурагчныг буруутган Нарутогийн зургийг ашиглаж олсон мөнгөнөөсөө нөхөн төлбөр өг. Бид амьтан хамгаалахад зарцуулна гэж бөөн шуугиан дэгдээж байлаа. Гэвч хууль зурагчны талд шийдвэр гаргаж энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Энэ сельфи бол дэлхийн хамгийн алдартай фото зурагнуудын нэг юм.

УЛААН БОЙТОГ

Сармагчингууд хулгай зэлгий, дээрэм, шүүрэлт хийсэн хэрэг тоймгүй. Тэрэн дунд азаарны гэмээр нэг үйл явдал бий. Ширэнгэд хайгуул, эрэл хийж явсан эрдэмтэн, хайгуулчдаас бүрдсэн багийнхан отгоо орхиод ажилдаа гарчээ. Буцаад ирэхэд нь отог нь “халдлага”-д өртөж, тогоо шанага, хөнжил гудас, багаж зэвсэг гээд бүхнийг нь орвонгоор нь эргүүлээд хаячихаж. Эд материалаа бүртгэвэл дутсан юм их, алга болсон зүйл ч олон. Бодвол зэрлэг омгийнхон л энүүгээр юм шиншилж дээ ухааны юм ярилцаад тэр явдлыг тоосонгүй. Тэгээд ажлаа үргэлжлүүлээд ширэнгээр алхаж байтал нэгэн хайгуулч нь гэрээсээ гарахдаа охиноо санаад байвал бойтгийг нь үнэрлэж байя гээд авч гарсан улаан бойтгон гутлыг нь нэг монш өмсчихсөн гүйж байна гэнэ. Ээж нь бололтой эх сармагчин нь шинэ, дажгүй даашинз углачихсан их зантай нь аргагүй дээгүүр хараад улаан бойтогт моншоо хөтөлчихсөн өнгөрөв гэнэ. Багийнхан отогт нь ямар “хүмүүс” ирснийг ингэж мэджээ.


Categories
мэдээ цаг-үе

Олимпоор овоглосон “Нэг ангийнхан”

Нэг ангийнхан” буландаа Монгол Улсын Төрийн дууллыг олимпийн медалийн тавцнаас тив дэлхийд сонсгож чадсан эрхэм тамирчдыг оролцуулж байна. Нэг танхимд хамтдаа сууж, эрдэм номын дуу сонссон удаагүйг нэг зорилгын төлөө зүтгэж, түүнийхээ үр шимийг хүртсэн зовлон, жаргал нэгтэй эдгээр эрхмүүд яахын аргагүй “Нэг анги”.

Одоогоос арван жилийн өмнө буюу 2008 онд олимпийн медальт тамирчид “Олимпийн медальтнуудын холбоо”-г байгуулсан түүхтэй. Өдгөө 25 тамирчин олимпийн 26 медалийг хүртсэн байдаг. Энэ тоо дөрвөн жилд нэг удаа нэмэгддэг билээ. Эдний ангийнхан Токиогийн олимпоор шинэ гишүүнээ өлгийдөн авна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Анх 1968 оны Мехикогийн олимпт Жигжидийн Мөнхбат, Чимидбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг нар медаль хүртсэнээр энэхүү “Нэг анги”-ийн түүх эхэлсэн юм. Тус ангийн 50 жилийн ой маргааш буюу аравдугаар сарын 20-ны өдөр тохиож байна. Эл өдөр Монголын тамирчид анхны олимпийн медалийг хүртсэн юм.

2008 онд “Олимпийн медальтнуудын холбоо” анги албан ёсоор байгуулагдаж, ангийн даргаар Жигжидийн Мөнхбатыг томилж байжээ. Энэ талаар олимпийн хүрэл медальт гавьяат тамирчин Н.Баярсайхан “Олимпийн медаль гэдэг маш их үнэ цэнээр олддог. Хагас зуун жил өнгөрч байхад олимпийн 26 медальтай л байна. Гэхдээ нөгөө талаасаа боломжийн тоо. Энэ холбоо байгуулагдсан шалтгаан нь олимпийн медальтай тамирчдынхаа эрх ашгийг нэгдсэн хэлбэрээр хамгаалах зүйтэй гэж үзсэнтэй холбоотой. Олимпийн хүрэл медальт Равдангийн Даваадалай ах анх холбоог санаачилсан юм. Бид үүнийг нь дэмжээд 2008 оны олимпийн өмнө энэ холбоог байгуулсан. Холбооны ерөнхийлөгчөөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт Ж.Мөнхбатыг томилж, нарийн бичгийн даргаар би ажиллаж эхэлсэн” хэмээн ярив. Мөн холбоо байгуулсан нь эх орондоо олимпизмыг сурталчилах, тамирчидаа олон нийтэд таниулах зорилготой хэмээлээ. Тэрбээр “Сүүлийн үеийн бага залуу хүүхдүүд олимпоос медаль хүртсэн ахмад тамирчдыг мэдэхгүй байх тохиолдол гардаг. Энэ үүднээс олимпийн тамирчдын таниулах үүргийг манай холбоо хүлээдэг. Мөн тамирчдынхаа нэрэмжит тэмцээнүүдийг зохион байгуулдаг” гэж ярилаа.

Тамирчид хоорондоо уулзахаараа жин хаясан талаараа хамгийн их ярьдаг гэнэ. Гадаад, дотоодод тэмцээнд явахдаа пакталж хөглөсөн, төөрч байсан гээд янз бүрийн юмаа ярьж нэгнээ цаашлуулдаг аж. Энэ дунд хөгтэй хэрнээ цаанаа нэгийг бодогдуулам явдлууд өчнөөн бий гэнэ. Тамирчид маань мэдээж бие биенийгээ хүндэлнэ. Хэдийгээр медальтнууд маань хоорондоо насны зөрүү ихтэй хэдий ч ангийн нөхөд шиг л байдаг ажээ. Таны тэр мэх чинь яадаг, ийдэг юм гээд уулзах бүртээ спортоо л ярьцгаадаг гэнэ. Жишээ нь, Монгол Улсын түүхэнд хамгийн анхны олимпийн медалийг хүртсэн Чимидбазарын Дамдиншарав гуай олон сонин зүйлс ярьдаг байна. Нэг удаа Дамдиншарав гуай олимт явсан үеийнхээ сониноос хуучилжээ. Тэрбээр “1968 оны олимпийн нээлтэд цэрэг алхаагаар алхсаныг хүн бүр мэдэж байгаа. Тэр алхаагаа спортын бэлтгэлийнхээ цагаас хороож өдөр бүр бэлдсэн юм. Тухайн үед хувцас хунар байхгүй. Сансар хорооллын орос дэлгүүрээс Биеийн тамир спортын хороо костьюм авч өгсөн юм. Тэгж л олимпт оролцож байлаа. Одоо эргээд харахаар бид заримдаа ичдэг юм”гэж олимпт оролцсон сониноо ярьж байжээ. Цэрэг алхаагаар алхсан нь социализмын үеийн чанга хатуу сахилга баттай холбоотой гэнэ.

Мөөеө аварга амьд сэрүүндээ “Тухайн үед Mon­golia гэж англиар бичдэггүй. Кириллээр Монгол гээд биччихдэг байсан. Тэгэхээр бусад орныхон “Энэ хаанахын улс вэ” гэж гайхдаг. “Монгол” гээд хариулахаар нөгөө хэд “Аан. Чингисийн Монгол” гээд таньдаг. Тэр үед Чингис гэдэг нэрийг цээрлэдэг, айдаг байсан үе. Гадныхан Чингис гэж хэлэхээр тамирчид айдаг байсан. Нууцхан дотроо Чингисийн Монгол гэсэнд нь баярладаг байлаа” гэж дүү нартаа ярьж байжээ. Үнэхээр тэр үед бүх юм хаалттай байж дээ. Гадны зарим тамирчид “Оросын Монгол уу, Хятадын Монгол уу” гэж Мөөеө аваргаас асууж л дээ. Тэгэхээр нь “Бид Чингисийн Монгол” уурлаж хариулсан талаараа Мөөеө аварга ярьж байжээ.

Социализмын үед эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэл, малчид, уурхайчдынхаа мөнгөөр гадагшаа явж байгаа гэдгээ ямагт санаж явдаг байснаа ахмад тамирчид хэлж байв. Энэ утгаараа мөнгө төгрөгөө ч хэмнэнэ. Гэвч заримдаа бүр хэтрүүлчихсэн юмс байдаг гэнэ. Харин одоо тамирчдын хөдөлмөрийг төр үнэлж, гадаад, дотоодын зардлыг даах болжээ. Тэд XX зуун, XXI зуун хоорондоо их ялгаатай гэж байв. Тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчдад мөнгөн урамшуулал олгох болсон манай “Нэг анги”-ийнхан талархаж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм. Тэмцээнд оролцохоор гадагшаа явахад хоолны мөнгөө хэмнэж, буудлын нэг орон дээр гурвуулаа унтаж явсан үе өдгөө ард хоцорчээ. Ард түмэн биднийг олимп, дэлхийн медальтай, улсаас мөнгө авдаг, гавьяа шагнал хүртсэн талаас нь сонирхдог. Түүнээс биш бид энэ медалийг авахын тулд ямар хүч хөдөлмөр гаргасан юм бэ гэдгийг мэддэггүй. Үүнийг спортын хүрээнийхэн л мэддэг хэмээн бидэнд ярилаа. Хүмүүсийн нүдэнд харагддаггүй өөр нэг зүйл нь том, жижиг улсын ялгаа аж. Тэдний ярьж буйгаар Оросын тамирчинг луйвардах, Монголын тамирчинг луйвардах хоёрт асар их ялгаа бий. Ийм олон бэрхшээлүүдийг даван туулаад Монгол Улсынхаа нэрийг дэлхийд мандуулаад, алтан соёмбот төрийн далбаа олимпийн тэнгэрт мандуулна гэдэг хэн хүний чадах зүйл биш гэцгээж байв. Олимпийн тэмцээнийг телевизээр дамжуулан дэлхий даяар түгээхэд гурван тэрбум хүн үздэг гэсэн судалгаа байдаг гэнэ. Ингээд үзэхээр медаль хүртлээ гэхэд төдий хэмжээний хүмүүст эх орныхоо нэрийг таниулж чаддаг байна. Энэ бол олимпийн медалийн үнэ цэнийг харуулсан нэг зүйл юм.

Нэг ангийн 25 олимпийн тамирчдын маань С.Ням-Очир, Н.Төгсцогт нар гадаадад ажиллаж, амьдарч байна. Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэж байгаа бол С.Ням-Очир АНУ-д дасгалжуулагч хийж байгаа гэнэ. Эдний ангийнхан үе үе уулзацгаана. Өчигдөр гэхэд л Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон спортын зөвлөгөөний үеэр “анги”-аараа уулзжээ. Энэ хүрээнд олимпийн анхын медаль хүртсэн дөрвөн тамирчинд Ерөнхийлөгч Х.Баттулга гарын бэлэг гардуулж, дурсгалын зоосон мөнгө гардуулжээ.

Энэ онд олимпоос медаль хүртсэний 50 жилийн ой тохиож буйг дээр дурдсан билээ. Ойг угтан Д.Сэрээтэр гуайг Төв аймгийнхан хүлээн авч, нэрэмжит тэмцээнийг нь зохион байгуулжээ. Мөн Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум Ч.Дамдиншарав гуайг нутгийн зөвлөл нь хүлээж авчээ. Түүнчлэн Арвайхээр хотын нэг гудамжийг Ч.Дамдиншарав гуайн нэрэмжит болгохоор төлөвлөжээ.

Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав ахмадууд маань өнөөг хүртэл хойчийн залгамжаа дасгалжуулж, долоо хоногт хоёр удаа Спортын төв ордон очиж бэлтгэл хийдэг аж. Ахмад тамирчин боллоо гээд спортоосоо холдолгүй. Спортынхоо бэлтгэлийн өрөөнд байсаар байгаад дуусна гэж боддог байна. Маш их хүч хөдөлмөр гаргаж жин хассан тамирчид байнгын дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай ажээ. Тэд хөгширч биш, хөшиж үхнэ гэдгийг хамгийн сайн ухамсарласан гэнэ. Энэ утгаараа цаг үргэлж бэлтгэл хийж, нийтийн биеийн тамираар хичээллэдэг гэдгийг тэдний ярианаас ойлгосон юм.

Тамирчид маань олонд ил гаргадаггүй ч гэсэн бусдад тусалж дэмжих сэтгэлээр харамгүй явдаг юм байна. Тэд спортынхондоо дэмжлэг үзүүлэхээс гадна тусламж гуйсан нэгнийг орхидоггүй гэнэ. Олимпийн медальт тамирчид олон нийтэд хүртээмжтэй үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Баярсайхан “Тамирчидыг төрөөс мөнгө авч идсэн, уусан улс байдаг гэж ард түмэн ойлгодог. Тийм биш үү гэдгийг хүмүүст ойлгуулахын тулд нийгэмд тустай ажил эхлүүлэхээр бид шийдсэн” гэж байв.

Олимпийн медаль хүртсэн ангийнхны тав нь тэнгэрийн оронд заларсан. Энэ үед ангийн нөхөд нь Ж.Даваажав, Д.Оюунболд, Т.Артаг, Ц.Дамдин, Ж.Мөнхбат нарынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж байсан юм. Эдгээр бурхан болоочдын төрсөн нутаг усанд нь хөшөө дурсгалыг нь сүндэрлүүлэх ажлыг тус ангийнхан эхлүүлсэн байна. Сэлэнгэ аймгийн харьяат Д.Оюунболд агсны хөшөөг босгох санаачилгыг нутгийн зон олон дэмжиж, тус аймгийн төв Сүхбаатар суманд дурсгалын хөшөөг сүндэрлүүлжээ. Увс аймагт Т.Артагийн хөшөөг барих саналыг хүргүүлээд байгаа гэнэ. Ямар ч байсан энэ сардаа багтаан Т.Артаг агсны хөшөөг барих төлөвлөгөөтэй байгаа аж. Ирэх жил Ж.Даваажав агсны хөшөөг барихаар болжээ.

Эдний ангид Үндэсний түүхийн музейд өөрсдийнхөө үзвэрийг байрлуулах хэсэг гаргаж өгчээ. Ирэх жилээс тус музейд олимпоос медаль хүртсэн тамирчдын түүхэн үзвэрүүд байрших гэнэ.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

ОХУ буцалтгүй тусламжаар мазаалай баавгайг судлах санал тавьжээ

БНХАУ манай улстай хамтран төсөл хэрэгжүүлж мазаалай баавгайн амьдрах орчны менежмент, экологийн чанарын үнэлгээ, хүнсний ургамлын популяцын судалгаа болон биологийн олон янз байдлын мониторингийн судалгаа хийж байна. Энэхүү төсөл нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа бөгөөд төслийн нийт өртөг нь 11.63 сая юан юм. Төслийн хүрээнд Монголын Их говийн тусгай хамгаалалттай газарт техникийн болон мэргэжлийн хүмүүст газар дээрх сургалт зохион байгуулах, БНХАУ-д хоёр удаагийн сургалт зохион байгуулах, төсөлд шаардлагатай тоног төхөөрөмж, материалаар хангах, төслийн хэрэгжилтийн хугацаанд мазаалай баавгайн тэжээлд зориулан жилд 20 тонн улаанбуудайн үр олгох зэрэг ажил хийгдэнэ. Дархан цаазат мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр ийнхүү БНХАУ-тай хамтран ажиллаж байгаагаас гадна ОХУ мөн энэ чиглэлд хамтран ажиллах санал тавьжээ. Тодруулбал, ОХУ-ын Шинжлэх ухааны академи энэхүү саналаа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлжээ. Манай тал саналыг нь хүлээж авсан тохиолдолд 3-5 жилийн хугацаанд буцалтгүй тусламжаар төсөл хэрэгжүүлж судалгаа хийх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Дуламсүрэн: Төв банк гадаадын хөрөнгө оруулагчдын валютын гүйлгээг өөр дээрээ байршуулна, хянана гэвэл бас л нэг дарамт болно

МУИС-ийн профессор Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.


-УИХ-аар Валютын зохицуулалтын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Энэ хуульд хорь гаруй жилийн дараа гар хүрч байгаа гэж төсөл санаачлагчид тодотгож байна. Судлаачийн хувьд хуулийн төсөлтэй танилцав уу?

-Валютын зах зээл бол хувирамтгай, түргэн хугацаанд өөрчлөгддөг, үр дагавар нь хүнд тусдаг. Энэ зах зээлийг хамгийн шударга явуулах, хууль бус ажиллагаанаас гадуур, элдэв заль мэхнэээс ангид байлгах гэсэн чиглэлийн заалтууд зонхилж байна. Ер нь бол зөв. Хэрэв валютын зах зээл эмх замбараагүй явбал ханш хэтэрхий хэлбэлзэхэд хүрнэ. Ханшийг тодорхой нэг субьектийн зүгээс өсгөе гэвэл тэнд тоглолт хийчихэж болдог.

Жишээлбэл, ханшийг тогтоон барьж байгаад өөртөө ашигтайгаар ашиглаж болдог эмзэг зүйл л дээ. УИХ-аар хэлэлцэж байгаа Валютын зохицуулалтын тухай хууль нь ийм байдал гаргахгүй байх талаасаа эрх бүхий байгууллагууд нь зохицуулалт хийх заалтууд оржээ.

-Тухайлбал?

-“Төв банкнаас ямар зүйлийг зохицуулах уу, Санхүүгийн зохицуулах хорооноос юу юуг зохицуулж, хэвийн ажиллагааг нь хангаж өгөх үү. Засгийн газар валютын зах зээлд ямар зохицуулалттай байж чадах уу” гээд энэ бүхнийг журамлаж өгөх заалтууд орсон байна. Валютын зах зээлийг эмх цэгцтэй явуулахгүй бол эдийн засагт маш их сөрөг үр дагавартай. Иргэдэд хүндрэлтэй, ийм зүйл болж байх учраас валютын зах зээлийн зохицуулалт маш чухал.

-Валютын зохицуулалтын тухай хоёр тусдаа хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан. Нэг нь Ерөнхийлөгчийн зүгээс. Нөгөөх нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн барьсан төсөл байгаа. Эдгээр субьектээс оруулж ирсэн төсөл нь “Стратегийн ач холбогдол бүхий орд газрыг ашиглаж буй гадаадын хуулийн этгээдийн валютын гүйлгээг Монгол Улс хяналтандаа байлгаж, Төв өөр дээрээ байршуулна” гэсэн заалтууд орж байгаа юм билээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Гадаадын хөрөнгө оруулагчид буюу эдийн засгийн харьяат бус этгээдээс манай орд газруудад оруулж байгаа хөрөнгө оруулалтын орлого болох валютын үйл ажиллагаа нь Монголын банкуудаар явагдаж байгаагүй. Өөрөөр хэлбэл, валютын тооцоо нь бүхэлдээ гадаадын банкаар хийгддэг гэсэн үг. Нэгэнт Монголын нутаг дэвсгэр дээр ажиллаж байгаа бол манай банкуудаар валютын гүйлгээ нь явагдаж байх учиртай. Гэтэл судлаачийн хувьд хүлээж байсан энэ зүйлийг Валютын зохицуулалтын тухай хуульд доголдолтой тусгажээ.

Төв банк гадаадын хөрөнгө оруулагчдын валютын гүйлгээг өөр дээрээ байршуулна, хянана гэдэг бол асуудлыг хүндрүүлж байгаа. Энэ бол хэтэрхий хязгаарлалт хийсэн заалт болж байгаа юм. Болохгүй л дээ. Гадны хөрөнгө оруулагчдад бас л нэг дарамт болно. Нэгэнт манай нутаг дэвсгэр дээр хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж байгаа бол валютын арилжаа тухайн улсынхаа банкаар явагдана. Тэрийг арилжааны банкинд дансаа нээгээд л явуулж байх ёстой биз дээ. Тэнд ороод ирсэн валютын орлого нь монгол төгрөгт шилжигдээд, гадаад валют манайд байршаад л, нөгөөдүүл нь үйл ажиллагааныхаа зарчмын дагуу монгол төгрөгөөр валютаа солиод явах юм.

-Гадаадын хөрөнгө оруулагчдын орлого, валютын гүйлгээг Монгол Улс хяналтдаа байлгаж, Төв банк хянадаг болно гэхээр хөрөнгө оруулагчид үргэнэ биз дээ?

-Гадаадын хөрөнгө оруулагчид өөрсдөө орлого, валютынхаа гүйлгээг хүнд харуулах сонирхолгүй. Монголын банкуудаар оруулчих юм бол бүх үйл ажиллагаа нь ил болчихно гэдэг. Тиймээс Монгол Улс хяналтадаа байлгана, Төв банк хянана гэж хэлэх нь буруу. Харин “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх стратегийн ордод хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалт явуулж байгаа гадаадын хуулийн этгээдийн валютын гүйлгээ нь харьяатын банкаар явах ёстой” гэж хэлэх байсан юм. Энэ бол олон улсын хэмжээнд байдаг л жирийн үзэгдэл. Гэтэл хуулийн төсөлд “Төв банк хяналтандаа байлгана” гэж өгүүлбэр нь буруу илэрхийлэгдээд байгаа учраас гадны хөрөнгө оруулагчдыг үргээнэ. Жишээлбэл, Оюу толгойн бүх валютын арилжаа гадаадын банкаар явдаг шүү дээ.

-Тэгэхээр энэ хуулийн төсөлд тусгаж байгаагаар бол тэр валютын гүйлгээг нь татаж ирж Төв банк хянана гэж ойлгогдохоор байна…

-Тийм. Хэн Төв банкинд хянуулах гээд явж байх юм бэ. Харин эдийн засгийн харьяатын банкаар явна гэхэд л болно.

-Манай улс валютын ханшийг барьж дийлэхээ больсон. Ам.доллар гэхэд 2500 гарчихлаа. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Валютын зохицуулалтын тухай хууль муу байгаатай холбож болох уу. Шинэ хууль гарснаар валютын ханшийг тогтвортой барьж чадах уу?

-Валютын зах зээл дээрх үнийн энэ хэт хэлбэлзэл нь манай санхүүгийн зах зээл дээрх эмх замбараагүй үйл ажиллагааны нэг илрэл юм. Маш нарийн цэгцтэй, шударга явагдах ёстой тэр үйл ажиллагаа учир дутагдалтай байгааг харуулж байна л даа. Энэ хуулийн төсөлд “Тодорхой субьектийн зүгээс ханшийг хэт өсгөх, эсвэл огт өсгөхгүй байх сонирхлоор хандаж болохгүй. Ийм үйлдлийг хийж болохгүй” гэх зэргээр заагаад өгчээ. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулинд ч ийм зохицуулалтууд бий.

Валютын ханшийн эрэлт нийлүүлэлт нь эдийн засгийнхаа гүйлгээг л дагаж байх ёстой. Ер нь валютын ханшийг тогтоон барих үйл ажиллагаа бол эдийн засгийнхаа төлөв байдал, өсч өндийж байгаа хурдацтай шууд холбоотой. Тэгэхээр манай эдийн засаг 6-8 хувийн өсөлттэй буюу ирээдүйд тийм болно гээд төлөвлөөд байгаа энэ өсөлт бол жинхэнэ бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон өсөлт биш. Энэ өсөлт нь одоо уул уурхайн салбаруудын өсөлтөөр л үүсч байгаа. Тэгэхээр манай эдийн засгийн тулгуур өрөөсгөл, доголдолтой, эмзэг, хэврэг байгаа гэсэн үг. Иймд олон тулгууртай эдийн засагтай болох талаар манай эрх баригчид ажиллах хэрэгтэй байна. Ядаж уул уурхайтайгаа тэнцэж очих хэмжээний ганц салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээ иж бүрэн боловсруулаад өргөн хэрэгцээний бараа, бүтээгдэхүүн болгоод дотоод, гадаадын зах зээлд гаргаж байх ёстой. Эндээс экспортын орлого нэмэгдэнэ. Дотооддоо хүмүүсийн хэрэглэж байгаа өргөн хэрэглээний өсөлтөөс шалтгаалаад импортын бараа буурах эдийн засагт туйлын тааламжтай нөхцөл бүрдэх үндэстэй юм. Ингэж чадвал импортын барааг наад зах нь 50 хувь бууруулах бүрэн боломж байгаа. Өнөөдөр цөөн тоогоор үйлдвэрлж байгаа манай бараа бүтээгдэхүүн гадаадын энэ их үйлдвэржсэн бараанд ялагдаад байна. Иймд массаар үйлдвэрлэж чаддаг том үйлдвэрийн тухай мөрөөдөх ёстой. Тэгэхгүй бол уул уурхайгаас арай хийж орж ирсэн хэдэн валютаа эргүүлээд импортын бараанд өгчихөөд байна шүү дээ. Тэрийгээ тогтоон барих чадвар байхгүй учраас урсаад л гараад байна. Орчин цагт эмнэлгийн бараа гэж их хэмжээний валют урссан ажил болоод байсан. Харин дотооддоо хэдэн сайн эмнэлэг бий болсноор зах зухаасаа гайгүй шинж тэмдэг илэрч байна. Бас боловсролоор их хэмжээний мөнгө урсч байгаа. Үүнийг хумьж чадахгүй юм бол Боловсролын яам гэж төрийн захиргааны төв байгууллага ажиллах шаардлага байхгүй. Үүнийг нь цэгцэлж чадахгүй юм бол сайд байгаад яах юм бэ. Тэгэхээр цэгцлэх арга зам нь бол дотоодын боловсролын системээ сайжруулах. Гадныхныг шууд хуулах биш, хамгийн оновчтойг нь авч нутагшуулах ёстой.

-Валютын ханш чангараад монгол төгрөг үнэгүйдээд байна. Төгрөгийг чангаруулах ямар арга байж болох вэ?

-Валютын ханшийг хоёрхон зүйл тэнцүүлээд байгаа. Ам.долларын ханш унавал төгрөгийн ханш чангарна. Ам.долларын ханшийг сулруулах арга зам бол бүх гүйлгээг төгрөгөөр хийхийг шаардаж байна. Энэ нь нөгөө талдаа долларынхаа нөөцийг бүрдүүлэхэд хувь оруулах, дотоодын зах зээл дээрх төгрөгийнхөө ханшийг тогтвортой барихад тус дэм үзүүлэх үйл ажиллагаа. Хоёрдугаарт, төгрөгийн ханшийг чангаруулахад эдийн засгаа хөгжүүлэх асуудал чухал. Гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж оруулж ирэх ёстой. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт эмх замбараагүй явж ирсэн нь биеэ даасан эдийн засгийг бүрдүүлэх, тэнд валютын үйл ажиллагааг зөв явуулахад сөрөг үр дагавар болж байна. Энэ байдал төгрөгийн ханшийг системтэйгээр тогтоон барих буюу өсгөхөд сөрөг нөлөө үзүүлээд байгаа юм. УИХ-д өргөн баригдсан Валютын зохицуулалтын тухай хуулинд монгол төгрөгийг чангаруулахад ач холбогдолтой гэсэн байгаагаас биш нарийн заалт байхгүй. Төгрөгийн ханшийг эхлээд тогтворжуулах, дараа нь чангаруулах шаардлагатай. Энэ нь эдийн засагт орж ирж байгаа валютынхаа хэмжээнээс хамаарна. Эдийн засагт орж ирсэн мөнгө нь урсаад гарчихдаггүй, тогтдог системийг хөрөнгө оруулалт, бүтээн босголт бий болгодог. Тэгэхгүйгээр гаднаас зээл авч, төсөл хэрэгжүүлээд л байдаг боловч эргээд жижиг, сажиг зардлаар гаргаад байвал эдийн засагт валют байршихгүй.

-Төв банк 650 сая ам.долларын интервенци хийнэ гэсэн. Үр дүн байна уу?

-Валютын ханш буурахгүй л байгаа шүү дээ. Ер нь интервенци гэдэг бол хамгийн үнэтэй, маш богино хугацаанд үр дүнгээ өгдөг ийм л санхүүгийн арга хэрэгсэл. Үнэ цэнэтэй гэдэг нь арайхийж олж авсан ам.долларынхаа нөөцнөөс зах зээлд нийлүүлж байгаа. Богино хугацаанд үр дүнгээ өгнө гэдэг маань ханшийг богинохон хугацаанд тогтоон барьж болзошгүй, дахиад тэр ханшийг алдах эрсдэл өндөртэй. Эдийн засагт дахин дахин интервенци хийх арга төдийлөн байхгүй л дээ. Гол арга нь бүтээн байгуулалт хийж эдийн засгаа босгох арга бий. Тэгэхгүй болохоор валютын хомсдолд ороод л олон хүн орлоготой байж чадахгүй байна. Гадаад болон дотоод валютын хооронд баланс тогтож чадахгүй байгаа учраас ханшаа алдаад байдаг. Гадаад эдийн засгийн хэрэгцээний шаардлага илүү өсөхөөр төгрөгийн ханш унаад байна. Гадаад, дотоод эдийн засгийн үйл ажиллагаа зөв баланстай, төгрөг валютын хооронд зөв харилцаа, тэнцвэрт байдал тогтоод явбал ханш алдахгүй байх бүрэн бололцоотой.


Categories
мэдээ нийгэм

“Монтел” орчмын явган хүний замыг чөлөөлж байна

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй “Явган хүний зам” аян амжилттай үргэлжилж байна.
Нийслэлийн газрын албанаас Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жигжиджавын гудамж, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн эзэмшил барилга буюу “Монтел”-ийн урд байрлах явган хүний зам талбайд баригдсан зөвшөөрөлгүй өргөтгөлүүдийг буулгаж, газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлжээ. Энэ хавьд гар утас худалдан борлуулдаг хэсгүүд олон болж, зөвшөөрөлгүйгээр өргөтгөл хийсэн нь олон. Тэд бүгд нийтийн эзэмшлийн зам талбайд саад учруулж, явган хүний зорчих хэсгийг хаасан байгаа учраас ийнхүү чөлөөлж байна.


Categories
мэдээ нийгэм

Б.Буяндэлгэрт залилуулсан иргэд цагдаагийн байгууллагад хандана уу

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид энэ оны нэгдүгээр сараас эхлэн есдүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд бусдыг 150 удаагийн үйлдлээр залилан мэхэлж, 40 орчим сая төгрөгийн хохирол учруулсан Батболдын Буяндэлгэр нарын этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгаж байна.

Тухайн гэмт этгээдүүдэд залилуулсан иргэдээс 16 иргэн нь цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан, бусад 130 орчим иргэн нь цагдаагийн байгууллагад хандаагүй байна. Иймээс хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу. Та бүхэн цагдаагийн ахмад Б.Батдэлгэр /91114303/, ахлах дэслэгч Ц.Бат-Эрдэнэ /90060360/ нартай холбогдохыг цагдаагийн байгууллага хүсч байна.

Categories
мэдээ нийгэм

Амиа алдсан загвар өмсөгчийн талаар шүүхийн шинжилгээний хариу гартал цуурахгүй байхыг хүсэв

“Mongolia’s next top model” /MNTM/ нэвтрүүлгийн оролцогч, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар амиа алдсан талаар мэдээлсэн билээ.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай, удирдлагын төвийн утсанд аравдугаар сарын 24-ний шөнө ийм харамсалтай хэрэг бүртгэгдсэн. Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ өндөр барилгаас доош унасан байдалтай олдсон талаар анхны дуудлага ирсэн байдаг. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй амиа хорлосон гэх дүгнэлтийг гаргасан. Гэхдээ ар гэрийнхэн болон найз нөхөд нь гадны нөлөөтэй амиа алдсан гэх мэдээллийг гаргаад байгаа юм. Уг хэрэг явдал Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах “К H Apartment” хотхонд гарсан бөгөөд түүнийг 11 давхраас түлхэж унагасан уу, эсвэл амиа хорлосон уу гэдгийг шүүхийн шинжилгээний дүгнэлтээр гарах бөгөөд тэр болтол янз бүрийн ташаа мэдээлэл тараахгүй байхыг ар гэрийнхэн нь хүсчээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт 21 хоногийн дараа гарах юм байна

Categories
мэдээ цаг-үе

Ч.Мангалжалав: Инженерийн сэтгэхүй улс орныг хөгжилд хөтөлдөг

Эрчим хүчний сургуулийн захирал доктор, профессор Чимэдийн Мангалжавтай ярилцлаа.


-Багш гэх эрхэм мэргэжлийг та хэрхэн эзэмшиж байв. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Одоогоос 38 жилийн өмнө Монгол Улсын их сургуулийн Эрчим Хүчний Факультетийн Дулааны Инженерийн ангийг дүүргэж байлаа. Тухайн үед сурлагаар тэргүүлдэг онц төгссөн оюутнуудыг сургуульдаа багшаар авч үлддэг байсан л даа. Багш болох нь нэр төрийн хэрэг байлаа шүү дээ. Шилдэг залуучууд л дээд сургуульд үлддэг байсан даа. Улс төрийн нэрт зүтгэлтэн Д.Лүндээжанцан надтай хамт онц дүнтэй төгсөж байлаа. Нөгөөх маань хуулийн анги төгссөн болохоор саарал ордонд төрийн түшээ болж үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн.

-Оюутны ширээнээс дөнгөж салаад багшлах амархан биш байх. Анхны шавь нарынхаа талаар ярихгүй юу?

-Амар биш л дээ. Надаас ах шавь нар ч олон байсан. Би 3100 орчим оюутанд хичээл зааж байсан даа. Эд маань мэргэжилдээ эзэн болж Эрчим хүч, хөнгөн ба хүнсний үйлдвэрийн салбарт 18 аймаг, гурван хотод ажиллаж байна. Түлш эрчим хүчний дэд сайд асан Т.Энхтайван, “ТЭЦ-2”-ын дарга Бямбаахүү нар миний ангид суралцаж төгссөн. Энэ хоёр маань хичээнгүй сахилга баттай, аливаад хариуцлагатай ханддаг байсан шүү. Дээрээс нь нийгмийн идэвх өндөртэй. Тийм л учраас улс орныг хөгжүүлэх чухал объектуудын хариуцлагатай удирдлагыг авч ажиллаж байна даа.

-Инженер гэдэг өндөр хариуцлагатай ажил мэргэжил шүү дээ. Ямар арга барилаар шавь нараа бэлтгэдэг вэ?

-Эхний ээлжинд оюутнууддаа бүтээлч сэтгэлгээ суулгах тал дээр анхаарч ажилладаг. Шавь нартаа аливаа зүйлийг бүтээхийн тулд үргэлж эрэл хайгуул хийхийг шаардана. Заавал ном уншуулаад суулгаад байх нь гол биш. Оюутнуудад чөлөөтэй сэтгэх чадварыг суулгах хэрэгтэй. Ийм чадварыг эзэмшиж байж л хүн цаашаагаа хөгжиж дэвжинэ шүү дээ. Энэ миний ажлын арга барил юм даа.

-Эрчим хүчний сургууль хэзээ байгуулагдсан бэ. Энэ салбарт олон боловсон хүчин бэлтгэж гаргасан байх?

-Энэ сургууль 1959 онд байгуулагдсан. Энэ цагаас хойш 10 мянга гаруй инженер техникийн ажилтнуудыг улс орондоо бэлтгэж өгчээ. Удахгүй 2020 онд 60 жилийн ой болно. Энэ хугацаанд эрчим эрчим хүчний үйлдвэр, газруудын үндсэн боловсон хүчинүүдийг боловсруулжээ. Сүүлийн үед энэ мэргэжлийн боловсон хүчинүүдийг илүү чанаржуулж байна. 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж БНХАУ-ын эрчим хүчний сургуультай хамтарч дулаан цахилгааны мэргэжилтэн бэлтгэж хос мэргэжилтэй залуучуудыг ажлын байранд гаргаж байгаа. Хойшоо Москвагийн Эрчим хүчний сургуультай хамтарч 1+1 гэсэн магистрын хөтөлбөрийг бэлтгэж байна. Үндэсний боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх тал дээр үргэлж анхаарч ажиллаж байгаа. Энэ сургуулийн нийт багш нартаа удахгүй тохиох 60 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Инженер хүн ямар байх ёстой вэ?

-Мэдээж дээд зэргийн бүтээлч сэтгэлгээтэй байх шаардлагатай. Үргэлж эрэл хайгуул хийж улс оронд дутагдаж байгаа зүйлсийг нөхөж харж байх хэрэгтэй.

-Улс орныг инженерүүд хөгжилд хөтөлдөг шүү дээ?

-Дэлхий нийтийн түүхэн хөгжлийг ажиглахад улс орны бүтээн байгуулалтыг инженерүүд хийж гүйцэтгэсэн байдаг. Тэд л улс орны хөгжлийг тодорхойлж байсан. Онгоц, усан онгоц, зам тээвэр гээд бүхий л салбарын шинэчлэл инженерийн сэтгэхүйгээр бүтсэн. Үүнээс үзэхэд инженерийн сэтгэхүй улс орныг хөгжилд хөтөлдөг нь харагдаж байна. Энэ бол түүхэн шалгуур л даа. Өнөөдөр ч инженерийн бүтээн байгуулалтаар улс орны хөгжил эрэмбэлэгдэж байна.

-Инженерийн мэргэжлийг эзэмшихээр төлөвлөөд суралцаж буй олон сурагчид байгаа. Тэдэнд юу зөвлөх вэ?

-Инженер болохоор төлөвлөж байгаа бол суурь мэдлэг сайн байх ёстой. Үзэгдлийн мөн чанар, хими, физикийн суурь шинжлэх ухаан гэсэн үг л дээ. Шилдэг инженер бэлтгэхэд дунд сургуулийн багш нар чухал үүрэгтэй. Суурь ухаантай, практикт хэрэглэх чадвартай болсон хүүхэд сайн инженер болно шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний салбар хурдацтай хөгжиж байна. Энэ төрлийн мэргэжилтнүүдийг та бүхэн бэлтгэж байгаа байх?

-Сэргээгдэх эрчим хүч бол дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад өнөөдөр эрчим хүчний шинэ эх үүсвэр, шинэ нөөц гэдэг хэлбэрээр их яригдаж байгаа. Ийм ч учраас манай хамт олон энэ төрлийн мэргэжилтнүүдийг бэлтгэж ажлын байранд гаргаж байгаа. Монгол Улс гурван баялагтай байдаг. Газрын хөрсөн доор эрдэнэс, газар дээр малаар баялаг. Дээрээ цэлмэг тэнгэр, нар, салхины баялаг нөөцтөй. Нар, салхины эрчим хүчийг бид зөв ашиглаж чадвал гадагшаа экспортод явуулж ажиллах боломжтой. Европ болон Зүүн Азийн бүсийн эрчим хүчний сүлжээнд түгээж болно. Мэдээж эхний ээлжинд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасны дараа яригдах асуудал шүү дээ. Цэвэр эрчим хүчээ экспортод гаргаж эдийн засгаа тогтворжуулах хялбар зам байгаа. Үүнийг санал болгож буй олон орон байгаа ч төрийн бодлогоос шалтгаалж хязгаарлалт орж ирээд байгаа.

-Сэргээгдэх эрчим хүчний тухай манайд яригдаад удаагүй байгаа. Энэ төрлийн мэргэжлээр суралцах сонирхолтой оюутнууд хэр олон байх юм?

-Эрчим хүчний шинэ үүсвэр гэдэг утгаараа орчин үеийн залуус энэ чиглэлээр суралцах сонирхолтой болсон. Энэ төрлийн оюутнуудыг дадлага хийх полигоныг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хэрлэн голын хөвөөнд нээсэн. Мөн энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг илүү дадлагажуулахаар БНХАУ-ын Эрчим хүчний сургуультай хамтарч ажиллаж байна. БНХАУ-ын дээд боловсролын дипломтой, мөн ШУТИС-ийн дипломтой төгсөнө. Хойд Хятадын Эрчим хүчний сургууль нь дэлхийд алдартай томоохон институтын нэг л дээ.

-Энэ төрлийн мэргэжилтэн төгсөөд гарахад ажлын байр дутагдалтай байдаг?

-Өнөөдөр манайд дутмаг байгаа боловч дэлхий ертөнц инженерийн глобальчлалд орж байгаа өнөө үед олон улсад гарч ажиллах боломж бүрэн бий. Жишээ нь, Япон нарны цахилгаан станцуудыг олноор байгуулж байгаа. Японы талаас бидэнд “1000 инженерийг бэлтгээд өг. Бакалаврын дипломтой л байхад болно. Бид туршлагажуулаад авна” гэж байгаа юм. Энэ мэтчилэн ажлын байр олон бий.

-Монгол инженерийн оюун ухааныг олон улс өндрөөр үнэлж байна гэсэн үг үү?

-Монгол оюун ухааныг үнэлдэг шүү. Ямар ч нөхцөлд амархан дасан зохицож, юуг ч хурдан эзэмшиж чаддаг нь монгол хүний чадвар юм даа. Үүнийг нь олон улсад өндрөөр үнэлж, монгол инженерийг ажилд авах сонирхолтой байдаг.

-Чадварлаг инженерүүдээ гадагш нь алдаад байх шиг?

-Ажлын байр хомс байгаа учраас мэргэжилтнүүдээ олон улсад ажиллуулаад, сүүлийн үеийн шинэ техниктэй ажиллаж сурч байх нь бидэнд хэрэгтэй. Эргээд биднийг хөгжүүлэхэд мундаг мэргэжилтнүүд бэлтгэгдэж байна гэсэн үг шүү дээ.

-Монголын сэргээгдэх эрчим хүчний ирээдүйг та хэрхэн харж байна?

-Нар, салхины эрчим хүч хөгжих боломжтой. Монгол шиг хүн ам цөөн, уужим газар нутагтай оронд сэргээгдэх эрчим хүч хамгийн их хэрэгтэй. Тархай бутархай бэлчээрийн аж ахуйтай нутаг оронд эрчим хүч нь дагаж явах хэрэгтэй. Тэр нь сэргээгдэх эрчим хүч л дээ.


Categories
мэдээ улс-төр

Манай улсад 59 төслийн нэгж ажиллаж байна

Төсвийн тухай хууль болон Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгж байгуулж ажиллуулдаг. Одоогийн байдлаар манай улс гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн хүрээнд нийт 59 төсөл хэрэгжүүлэгч нэгж байгуулан ажиллаж байна. Эдгээр нэгжээс 53 нь гадаад зээл, тусламжийн эх үүсвэрээс санхүүждэг бол зургаа нь улсын төсвөөс санхүүждэг төсөл хэрэгжүүлдэг ажээ. Төслийн нэгжүүд нийтдээ 468 төслийн ажилтантай бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааны зардалд жилд дунджаар 24 орчим тэрбум төгрөг зарцуулдаг гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн малчин 53 настай Ө энэ сарын 25-нд цасан шуурганаар 300 толгой бог мал тууж яваад сураггүй алга болжээ. Ар гэрийнхэн нь тухайн өдрийн 21:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт хандаж нийт долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Өчигдөр шөнө 03.00 цагт Баянбулаг багийн Ганцын даваа гэдэг газраас малчин Ө-г малтайгаа эсэн мэнд байхад нь олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн аж.