Categories
мэдээ спорт

Ахмад бөхчүүд Македоны дэвжээнээс арван медаль хүртжээ

Чөлөөт бөхийн 2018 оны ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд Македоны нийслэл Скопье хотод болж өндөрлөлөө. Тамирчид “А” 35-40 нас, “В” 41-45 нас, “С” 46-50 нас, “D” 51-55 нас, “E” 56-60 нас гэсэн ангилалд өрсөлдсөн байна.

Манай улсаас нийт 20 тамирчин оролцсоноос нэг алт, гурван мөнгө, зургаан хүрэл, нийт арван медаль хүртсэн амжилт үзүүлсэн аж. Сүүлийн өдөр “А” ангиллын зургаан жингийн барилдаан болоход 78 кг-ын жинд Б.Лхагвадорж мөнгө, 88 кг-ын жинд Б.Содномпил, 130 кг-д Б.Сүхбаатар нар хүрэл медаль хүртсэн байна.

“СКОПЬЕ”-ГЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД:

Алтан медаль:

1. Буяндэлгэрийн Болд – “E” ангиллын 100 кг

Мөнгөн медаль:

1. Шурагийн Баянмөнх – “В” ангиллын 130 кг

2. Хаянхирваагийн Нямдорж -“C” ангиллын 70 кг

3. Буянтөрийн Лхагвадорж – “А” ангиллын 78 кг

Хүрэл медаль:

1. Буяндэлгэрийн Бат – “E” ангиллын 88 кг

2. Цэвээнжавын Дуламсүрэн – “E” ангиллын 100 кг

3. Доржготовын Ганбат – “В” ангиллын 78 кг

4. Гэндэндоржийн Баатарсүрэн – “С” ангиллын 62 кг

5. Баатарын Содномпил – “А” ангиллын 88 кг

6. Батмөнхийн Сүхбаатар – “А” ангиллын 130 кг

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс сургууль, цэцэрлэгийн орчинд гар утас ашиглахыг хориглосон шийдвэр хэрэгжиж эхэлнэ

Есдүгээр сарын 05-ны Засгийн газрын хуралдаанаар сургуулийн орчинд гар утас хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Тус шийдвэр өнөөдрөөс буюу аравдугаар сарын 01-нээс эхэлж хэрэгжиж эхлэх юм.

Тодруулбал, Засгийн газраас тогтоол гаргаж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг хязгаарлахаар заасан.

Энэ нь хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой авч буй арга хэмжээ юм.

Монгол Улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернет, 99.7 хувь нь гар утас хэрэглэдэг байна. БСШУСЯ, Дэлхий банктай хамтран 2017 онд явуулсан судалгаанаас үзвэл хот, хөдөө, орон нутгаас сонгогдсон 14 ерөнхий боловсролын сургуулийн 8-17 насны 1,278 сурагчаас 71.8 хувь нь өөрийн гар утастай аж. Тэдний 54.6 хувь нь цахим орчинд аялах боломжтой ухаалаг гар утас хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.

Түүнчлэн нийслэл дэх нийт сурагчдын 96.9 хувь нь цахим хаягтай бол хөдөөгийн сурагчдын 93 хувь нь цахим хаягаа тогтмол хэрэглэдэг байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: Эрх мэдэл горилсон, тулга тойрсон хэрүүл тэмцлээ орхиж, тогтолцооны реформыг зоригтойгоор эхлүүлэх хэрэгтэй байна

Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв. Төрийн тэргүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм Улсын Их Хурлын гишүүд ээ,

УИХ-ын дарга аа,

Ерөнхий сайд аа

Хүндэт зочид оо,

Монголчууд аа, нийт ард иргэд ээ.

Улсын Их Хурлын сонгуулийн мөчлөг яг талдаа орж, Та бүхний иргэд, сонгогчдод амласан амлалт, мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудын тал нь ч болтугай биелсэн байх учиртай цаг үед УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлж байна.

УИХ-ын танхим бол хоосон ярьж, цэц булаалдах бус бодит ажил өрнөж, шийдлүүд гаргадаг, тэр нь нийт улс орны ажил, амьдралд нөлөөгөө үзүүлдэг индэр байх учиртай. Харамсалтай нь, энэ танхимд хэлсэн үг, эндээс гарсан шийдвэрүүд амьдрал дээр хэрэгждэггүй, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хариуцлагагүй, идэвх санаачилгагүй байдал ноёлсноос ард иргэдийн итгэл алдарсан байдалтай 28 жил явж ирлээ. Маш их шүүмжлэл, асар олон санал санаачилга гарч байгаа ч хэрэгждэггүй буюу хэрэгжих үндэсгүй байгаа, төрийн албаны болон хуулийн байгууллагын завхрал, албан тушаалтны хэрэг илэрсэн ч хуулийн хариуцлагаас мултарч байгаа, баялагтай орон мөртлөө баялгийн эзэд ядуу байгаа зэргийн шалтгаан, уг үндэс нь явж явж нэг зүйл дээр тулж иржээ. Монгол Улс системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болж байна. 1992 оноос хойш бүрэлдсэн улс төр, засаглалын тогтолцоо маань Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа үндсэндээ бүрмөсөн алджээ.

Хүмүүстээ биш, намдаа биш тогтолцоонд бүх асуудал байна. Ямар ч сайн хүн, нам байлаа гээд хариуцлагагүй, уялдаагүй, эзэнгүй тогтолцооны золиос болж, асуудлууд хуримтлагдсаар, нийгэм бухимдсаар байх тийм нөхцөл бат тогтжээ. Үүнийг нотлох гэхдээ олон тоо, баримт дурдаж болох ч илүүц гэж үзлээ. Ганцхан жишээ дурдахад, хоёр жилийн өмнөөс илчлэгдэж, яригдаж эхэлсэн “60 тэрбумын” гэх тодотголтой хэргийг эцэслэх талаар УИХ-ын чуулганыг завсарлуулахгүйгээр хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналыг би гаргасан. Дараа нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх нөхцөл байдал үүссэнийг сануулж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах санал хүргүүлсэн. Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхи нь бас шаардсан, Ерөнхийлөгч санал гаргасан зэрэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон тохиолдолд Улсын Их Хурлын дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх ёстой. Гэтэл үүргээ биелүүлсэнгүй. Хууль тогтоох дээд байгууллага нь баталсан хуулиа үл тоомсорлох болсон нь эрх зүйн хямралын нэгэн тод, бодит жишээ.

Бид нийтээрээ засаглалын тогтолцооны мухардал, хямралыг гэтлэн давах шийдлийг олж, нийгмээрээ зорилгоо шинээр тодорхойлохгүй юм бол цаашдаа ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Манай одоогийн тогтолцооны чадвар, боломж нэгэнт бүрмөсөн шавхагджээ.

Би Ерөнхийлөгч болсноосоо хойш маш олон улстөрч, улс төр судлалын эрдэмтэдтэй уулзаж, энэ асуудлыг нухацтай авч үзсэний дүнд тогтолцооны хямралыг гэтлэх санал, шийдлүүдийг Эрхэм гишүүд та бүхэнд болон Монголын сонгогчид, нийт ард түмэнд толилуулахаар шийдлээ.

Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй юм байна. Зүйрлэбэл, бидний хамтран босгосон өрх гэрийн минь суурь, тулгуур баганад алдаа гарч, нурах эрсдэл үүсчихээд байхад бид нурааж, шинээр суурь цутгах, бат бөх тулгуур хийхийн оронд ганц нэг нэмэлт бэхэлгээ хийх, эрсдэл арилсан мэт сэтгэгдэл төрүүлэх гэж өнгөц засвар, будаг түрхэх төдий байдлаар өнөөг хүртэл аргалж иржээ. Одоо аргалж, хуурч хүчрэхгүй хэмжээнд хямрал тулж иржээ. Өрх гэр маань хэдийнээ хазайж эхэлсэн байна.

Хардах, яаран дүгнэхийн оронд та бүгдийг хүлээцтэй хандаж, асуудлыг эрүүл ухаанаар шүүн хэлэлцээсэй хэмээн хүсэж байна. Асуудлын гол нь нийгэмд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх чадвартай, нийгмийг удирдах, зохицуулах үүргээ хангалттай биелүүлдэг, тэр хэрээр ард түмэн нь ажилтай орлоготой, эрүүл, боловсролтой, амьдралдаа сэтгэл хангалуун, жаргалтай байх төрийг зохион байгуулах, эмхлэх, ажиллуулах тогтвортой тогтолцоотой болоход л оршиж байгаа.

Монголын төр хариуцлагын хямралд бүрэн өртсөн байна. Дэлхийн банк, бусад байгууллагуудын тодорхойлолтоор “Хариуцлага гэдэг нь шийдвэр гаргагчдаас асуудалд хариу өгөх, шийдвэр гаргах чадвар юм”. Иргэдээс “энэ болохгүй байна” гээд гомдол гарахад төрийн зүгээс хариу өгөх, шийдэл олох чадварыг хариуцлага гэдэг. Гэтэл хариуцлагатай байж, нийгмийн тогтолцоог авч явах ёстой парламент, Засгийн газар зэрэг институци нь өөрсдөө хариуцлагын хямралд орчихоод байгаа нь тодорхой боллоо. Эдийн засаг сайнгүй ядуурал, орлогын тэгш бус байдал газар авсан нь Засаглал муу байгаагийн илэрхий шинж тэмдэг юм.

2018 оны 9 дүгээр сарын 26-29-нд хийгдсэн улс төрийн барометрийн судалгаагаар 10 онооны үнэлгээнээс иргэдийн УИХ-д итгэх итгэл 3.3 хувь, Засгийн газарт үзүүлэх итгэл 4.5 хувь (МЕС) байна. Ард түмний төр засагтаа итгэх итгэл үндсэндээ алга болжээ. Төрийн институцүүд дундаж болон дунджаас доогуур үнэлгээтэй байна гэдэг нь итгэлцлийн хямрал эрсдэлт нөхцөлд байгааг зааж байгаа үзүүлэлт.

Нийгмийн бүх давхарга, улс төрийн бүлэглэл, судлаачдын хүрсэн ойлголт, нэгдсэн цэг нь засаглалын тогтолцоогоо Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан хийх эрс шинэчлэл болоод байна. Үүнийг Үндсэн хуулиар л хийнэ.

УИХ-ын Тамгын газрын судалгаа шинжилгээний хэлтсээс 2015 онд эрхлэн гаргасан МОНГОЛ УЛСТАЙ ИЖИЛ ТӨСТЭЙ ЗАРИМ ОРНЫ ЗАСАГЛАЛЫН БОЛОН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО, СОНГУУЛИЙН ХЭЛБЭРИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ товхимолд дурдсанаас үзэхэд 1992 оны Үндсэн хуулиараа монголчууд бид түгээмэл бус засаглалын тогтолцоо буюу дэлхийн 196 орноос Болгар, Финланд, Серби, Монтенегро зэрэг 4 оронд л байдаг хагас парламент-хагас ерөнхийлөгчийн холимог засаглалыг авсан нь хөгжлийн мухардалд хүргэснийг одоо харж, мэдэж байна. Ардчилсан шинэ Үндсэн хууль нийгмийн нэг тогтолцооноос нөгөө шинэ тогтолцоо руу хийх шилжилтийг зохицуулахад чухал механизм болжээ. Одоо хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан шинэчлэх ёстой болж байна. Шинэ Үндсэн хууль, түүнийг батлагсдад “баярлалаа” гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирлээ.

Эрхэм гишүүд ээ,

Та бид хамтран тогтоолцоогоо бүхэлд нь хамарсан реформ-эрс шинэчлэл хийхгүй л бол сонгуулиар амласан амлалт чинь хэзээ ч биелэхгүй, эдийн засагт ямар ч нааштай өөрчлөлт гарахгүй, Монголын төр үхээнц, хариуцлагагүй, нүсэр, үрэлгэн, төрийн алба нь намын хавсарга алба хэвээр үлдэх болно. Нэн яаралтай реформ хийхгүй л юм бол байгалийн баялагт хэт цөөнх хяналтаа тогтоосоор, баялгаас олох орлого ард түмэнд хүртээлгүйгээр гадагш урссаар л байх болно.

Тийм учраас би улс орныхоо ирээдүйн төлөө, хөгжил цэцэглэлтэд хүрсэн хүчирхэг Монгол Улсыг бий болгохын төлөө улс төрийн намууд, эрдэмтэд судлаачид, иргэд сонгогчидтойгоо хамтран бүх нийтээрээ эрүүл ухаанаар шүүн хэлэлцэх замаар тогтолцооны реформ хийе хэмээн уриалж байна.

Юны өмнө нийгмийн өнөөгийн болон ирээдүйн зорилт, хэрэгцээг бүрэн тусгасан шинэ Үндсэн Хуулийг бүх ард түмний идэвхтэй хэлэлцүүлэг, оролцоотойгоор батлан гаргая. Та бидний шийдвэрлэх ёстой хамгийн чухал асуудал энэ болоод байна.

Шинэ Үндсэн хууль маань:

  • Монголын улс төр, эдийн засаг, баялгийн хуваарилалтад эрх мэдлээ бат тогтоосон хэт цөөнхийн бүлэглэлийн монополь эрх мэдлийг задалж, засаглал эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой, нийгмийн шаардлага, хүлээлтэд нийцсэн, ардчилсан, ил тод, тэнцвэртэй, харилцан хяналттай шударга тогтолцоо болгон өөрчлөх ёстой.
  • Байгалийн болон нийгмийн баялгийн ашиглалт, хуваарилалтыг ил тод, шударга болгон, бүх нийтийн хяналтад оруулах, хариуцлагатай нь давхар уях тогтолцоог бүрдүүлэх ёстой.
  • Үндэсний эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж, үндэсний ашиг сонирхолд харш олон улсын гэрээ, хэлэлцээр хийх явдлыг эгнэгт таслан зогсоож, хариуцлага хүлээлгэх заалтуудыг оруулж өгөх ёстой.
  • Шүүх, хууль, хүчний байгууллагыг өөрчлөн зохион байгуулж, эрх мэдэлтэнд бус иргэддээ үйлчилдэг, хуулиа чандлан биелүүлдэг, хариуцлага нь тодорхой, шүүх эрх мэдлийг зохистойгоор эдэлдэг болгон өөрчлөх ёстой.
  • Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэн гаргаж, эдийн засаг нийгмийн амьдрал дахь төр ба намын оролцоо, ажлын заагийг тодорхой болгон, улс төржилт, улс төрийн намын бодлогоос төрийг ангид байлгах нөхцөл бүрдүүлэх ёстой.
  • Монголын нийгмийн жинхэнэ эзэд нь ард түмэн байж, эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох, ажилтай орлоготой байх нөхцөлийг нь төр ханган биелүүлэх үүргийг хоосон тунхаглах бус бодитоор хэрэгжүүлэх арга замыг тодорхой заасан, хариуцлагын механизмыг тусгасан байх ёстой.

Аливаа шинэчлэл реформ нь төр засаг, иргэдийн харилцан ойлголцол дэмжлэгтэйгээр явагдвал илүү амьд, илүү бодит шаардлагад нийцсэн болдог ажээ. Манайхтай төстэй системийн хямралд өртөж, мухардмал байдалд ороод байсан Гүрж улсад 2004-2012 онд реформыг төр засаг, ард түмэн нь ойлголцон эрчтэй хийснээр нийгэм, эдийн засгийн дорвитой өсөлтөд хүрч чадсан байна. Төрийн шинэчлэл юуны түрүүнд иргэдэд өгөөжөө өгдөг. 2003 онд Гүржийн ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 970 ам.доллар байсан бол 2012 онд 4130 ам.доллар болж дөрөв дахин өсчээ. Авлигын үзүүлэлтээр дэлхийн улсууд дотор 136 дугаар байранд жагсаж байсан Гүрж улс 2012 он гэхэд зуун байраар урагшилж, 35-д орж ирсэн байна. Бизнес эрхлэхэд таатай нөхцөлөөр 100-д бичигдэж байсан ч реформын дараа эхний 8-д бичигдэх хүртлээ сайжирчээ. Бизнес эрхлэлт бол иргэдийн тогтвортой амьжиргааг дээшлүүлэх гол үзүүлэлт юм. Гадаадын жуулчдын тоо 1249 хувиар өссөн байгаа нь мөн гайхалтай жишээ. Жуулчны тоо нь тухай улсын хөгжил, сайн засаглалтай шууд хамааралтай байдаг нь тогтоогдсон зүйл шүү дээ. Эрсдэлтэй, хөгжил муутай улсад зочлох хүсэлтэй хүний тоо эрс бага байдаг зүй тогтол бий. Гүржийн реформын хамгийн чухал нь хуулийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэл 5 хувь хүртэл унаж шалдаа буусан байсан нь 70 хувь хүрч эрс дээшилсэн бөгөөд одоо энэ түвшингээс доош орохгүй байгаа нь зөв тогтолцоо засаглалыг зөв залдгийг илтгэх нэгэн үзүүлэлт болжээ.

Би улс төрчид, ард түмэндээ хандан уриалж байна. Улс төрийн тогтолцоогоо оновчтой, цэгцтэй, ил тод, иргэдэд өгөөжтэй болгон өөрчлөх хариуцлагатай бөгөөд гарцаагүй хийгдэх ёстой энэ үйлст нэгдэхийг бүгд эвлэлдэн нэгдэхийг та бүхнээс хүсье. Реформоос хожих тал нь ард түмэн, хохирох нь төрийн эрх мэдлийг ашиглаж баяжсан олигархи цөөнх байх болно. Бусдын хийж чадсаныг бид чадах ёстой. Хөгжлийн явцад гарч буй өөрчлөлтийг тусгаж, шинэчлэлтийг хурдтай хийж чадсан нийгмүүд л хөгжил дэвшилд хүрдэг. Нийгмийн сорилт, шалгарлыг даван туулсан бусад ард түмний жишээнээс бид бүтээлчээр суралцах ёстой.

Эрх мэдэл горилсон, тулга тойрсон хэрүүл тэмцлээ орхиж, тогтолцооны реформыг зоригтойгоор нэн даруй эхлүүлэх нь Монгол Улсын, Монголын ард түмний язгуур эрх ашигт бүрэн нийцнэ.

Үндэсний эв нэгдлийг хангах үүргийг Үндсэн Хуулиар хүлээсэн албан тушаалтны хувьд Ерөнхийлөгч миний бие цэгц шударга төр байгуулах улс төрийн реформыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж байна. Учир нь Монголын ард түмний эв нэгдлийг шударга төр, хэрэгждэг хууль, ард түмний элбэг баян амьдрал л урт удаан хугацаанд ханган биелүүлж чадна.

Монголчууд бид хамтдаа өөрчлөлт, дэвшил хийж чадна. Гагцхүү үүнд нэгдэх, хамтрах л чухал юмаа.

Эрхэм гишүүд ээ, эрс шинэчлэлд бэлтгэгтүн, Үндсэн хуулиа ард түмний хүсэл зорилгод нийцүүлэн өөрчилж, тэднээр хэлэлцүүлэн дэмжүүлэгтүн. Үүнийг эс хийвээс түүхэн хариуцлагаас зугтаасан хэрэг болно. Тогтолцооны эрс шинэчлэлд намынхаа болон бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс хандваас үндэсний эрх ашгаас урвасантай дүйцэх хэмжээний гэмт хэрэг, нүгэл болох болно. Цаг үе бидэнд эрс шинэчлэлийг бас тулгаж байна. Үүнийг ард түмний өмнө хүлээх түүхэн хариуцлага хэмээн хүлээн авагтун.

Анхаарал тавьсанд баярлалаа. Амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс хөгжин бадрах болтугай” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн болов

Өнөөдөр “ДЦС-4” ТӨХК дээр эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх талаар харилцан туршлага солилцох зорилготой “Шинэ техник, технологи-үр ашиг” сэдэвт эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн боллоо.

Энэхүү уулзалт зөвлөгөөнийг Эрчим хүчний зохицуулах хороо, “ДЦС-4” ТӨХК, “Клин Энержи” ХХК, “Эвридей ферм” ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Эрчим хүчний яам, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо, ШУТИС-ийн ЭХС болон Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 18 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, 200 орчим хүн оролцсон байна.

Зөвлөгөөний үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Монгол Улс цахилгаан эрчим хүчнийхээ 88 хувийг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангаж байна. Энэ онд шинээр нийт 95 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний таван станц шинээр ашиглалтад орохоор бүтээн байгуулалтын ажил хийж байна. Гэвч эх үүсвэрийн чадлын дутагдал байсаар байна. Мөн дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын зогсолт, саатлууд өмнөх онуудаас нэмэгдэж байна. Үүнийг арилгахын тулд боловсон хүчний бодлогоо сайжруулах, инженер техникийн ажилтнуудыг давтан сургах, техник технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна.

Жил бүр өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах үүрэг бидэнд ногдож байдаг. Энэхүү үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулахын тулд бид энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна” хэмээн ярьж байлаа.

Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, эх үүсвэрийн талаар мэдээлэл өглөө.

Г.Энхтайван “Монгол Улсын Засгийн газраас 2016-2020 онд Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгож дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилгоор “Дулааны Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл”, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын №1-4 турбингенераторын шинэчлэл” төслүүдийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр, “Тавантолгойн цахилгаан станц”, “Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөл” төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн механизмаар хэрэгжүүлэхээр Засгийн газрын зохих шийдвэрүүд гарсан.

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар нэмэгдүүлэх”, “Улаанбаатар – Мандалговийн 330 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих”, Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр, “Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвүүдэд дулааны эх үүсвэр, дулааны шугам барих” төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр Засгийн газрын түвшинд шийдвэрлэсэн. Ойрын дунд хугацаанд Тавантолгойн, Багануурын дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, системийн горим тохируулах Эгийн голын усан цахилгаан станцыг барьж ашиглахаар төлөвлөж байна” хэмээн мэдээллээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн Тусгай элч, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын байгууллагуудын Үндэсний зохицуулагч З.Батжаргал “Нүүрстөрөгчийн арилжаа, зохицуулалтын боломж, эрх зүйн орчны талаар танилцуулга хийсэн юм. Тэрээр “Хүлэмжийн хийг бууруулах замаар Олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах, нүүрсээр ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх боломжтой гэдгийг онцолж байлаа.

Жил бүр цахилгаан болон дулааны эрчим хүчний хэрэглээ 5-8 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд 2018 оны эхний хагас жилийн байдлаар 3.3 тэрбум кВт.ц цахилгаан, 4.6 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн, импортоор 114.2 сая кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч, нийтдээ 483.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цахилгаан эрчим хүчний хэрэглээ 10.5 хувиар, дулааны эрчим хүчний хэрэглээ 3.6 хувиар нэмэгджээ.

Тиймээс “ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” сэдэвт эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөнд оролцогчид өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, эрчим хүчний үйлдвэрүүдийн дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хуримтлуурын систем суурилуулах, шинэ техник технологи нэвтрүүлэх талаар ярилцсан юм.

Энэхүү зөвлөгөөнөөс эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах бөгөөд, зөвлөмжийг эрчим хүч үйлдвэрлэгчид мөрдөж ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн ирүүлсэн бичлэг, зургаар жолооч нарт хариуцлага тооцно

Өнөөдрөөс иргэдийн ирүүлсэн бичлэг, зураг мэдээллээр жолоочид хариуцлага тооцож эхэлнэ. Тодруулбал, явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан, урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр хариуцлага тооцож, торгууль оноох хууль эрхзүйн орчин бүрджээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран иргэдийн мэдээллийг хүлээн авах програм хангамжийг хийж дууссан байна.

Иргэд өөрийн гар утсаар мэдээллийг баталгаажуулж, сервер рүү илгээснээр дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох нөхцөл бүрдэх ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн албан хаагчийг одоохондоо эхнэр авахыг нь л зөвшөөрч байгаа

Монгол Улсад хамгийн хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс бол төрийн албан хаагчид байна. Тэд үйл хөдлөл, үзэл бодол, итгэл үнэмшилдээ маш олон хориг тавиулсан байдаг. Төрийн албан хаагч хүн өмч хөрөнгөтэй байж болохгүй, шашин шүтэж болохгүй, аль нэг нам эвслийн гишүүн байж болохгүй, сонгуулийн үйл ажиллагаанд оролцож болохгүй. Хүн загнаж, уурлаж бухимдаж, хүнд суртал гаргаж болохгүй, архи ууж болохгүй, архины шил ч хадгалж болохгүй. Тэр ч бүү хэл интернэт орчинд чөлөөтэй орж болохгүй. Сүүлдээ автомашин унахыг нь хүртэл хориглох гэж байна. Улаанбаатар хотын Их тойруугийн бүс дэх 286 төрийн байгууллагын 29 мянга орчим алба хаагчдын бараг тал нь хувийн машинтай гэнэ. Тэднийг ажил албандаа машинаа унахыг нь ч бас болиулна гэсэн саналууд гарах боллоо. Яваандаа төрийн албан хаагчдыг эхнэр авч, нөхөрт гарахыг хориглох нь л дээ. Энэ бүх хандлага төрийн албан хаагчийг ширээний ард суудаг робот мэт үздэг болсонтой л холбоотой.

Сүүлийн жилүүдэд “Төрийн албан хаагчийг бөхийлгөж, түмэн олныг гэдийлгэнэ” гэж байнга ярьдаг болсон. Улстөрчдийн нийгэмд таалагдах гэж уриа лоозон болгож хэрэглэдэг энэ үг ард түмнийг төрийн албан хаагчдад улам дургүй болгож байгаа. Тэр хэрээр төрийн албаны нэр хүнд ч унасан. Үүний нэг тод жишээ бол иргэд даргад өргөдөл биш хутга барьж ордог болсон тухай өмнө “Өдрийн сонин” хөндөн бичиж байсан. Хэн дуртай нь төрөө гутаан доромжилж, элдэвлэж, гоочилдог боллоо. Ард түмэндээ дорд үзэгдэхгүйн тулд төр маань хүчирхэг байх ёстой. Хүчирхэг төрийн хөдөлгүүр нь төрийн албан хаагчид. Иймд Монгол Улсын төрийн албан хаагчид мэдлэг чадвараараа өрсөлдөж өөрийгөө хөгжүүлдэг, тэр хэрээрээ дэвшиж томордог байх ёстой. Төрийн албанд ерөнхий боловсролын сургуулиасаа авахуулаад гадаад, дотоодын их, дээд сургуулийг онц сайн дүнтэй дүүргэсэн, бас шилдэг залуусыг шилж, шалгаруулж авдаг болмоор байна. Төрийн албаны анхан шатны нэгжээс ажлын гараагаа эхэлж ахиж дээшилсээр төрийн эрх барих дээд байгууллагыг удирддаг УИХ-ын гишүүн, сайд болох тэр бүх гарцыг нээж өгвөл Монголын төрд шилдэг охид, хөвгүүд ажиллах болно. Хуучин цагт аль ч төрийн үед залуусын мэдлэг, ур чадварыг нарийн шүүлтүүрээр шигшиж төрийн албан хаагч хэмээх нэр хүндтэй, эрхэм албанд томилдог байв. Энэ шалгуурыг өнөө цагт дахин сэргээх хэрэгтэй байна. Монголын нийгэмд хийж бүтээсэн ажлаараа танигдсан амжилттай яваа улстөрчид, бизнесмэнүүдийг хар л даа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэхэд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт машинист, дараа нь “Улаан- Од” сонины сурвалжлагчаар, “МCS”-ийн Ж.Оджаргал Эрчим хүчний удирдах газарт Автоматикийн инженер, Сү.Батболд Эдийн засгийн гадаад харилцааны хангамжийн яаманд мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлж байсан. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаас эхлээд дүүрэг, нийслэлийн дарга, намын даргын албыг хашиж байлаа. Мөн хашир улстөрч Р.Гончигдорж МУИС-ийн багш, ШУА-ийн математикийн хүрээлэнгээс ажлын гараагаа эхлүүлж амжилтын эзэн болсон. М.Энхсайхан Гадаад худалдааны яамны эдийн засагч, эрдэм шинжилгээний ажилтан, МАК-ийг үүсгэн байгуулагч Б.Нямтайшир НАХЯ-ны аюулаас хамгаалах газарт мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн байдаг. Тэд бүгд л улсын ажил хийж явсан хүмүүс. Тухайн цаг үедээ төрийн албыг хариуцлагатай хашиж байсных нь үр дүн өнөөдрийн амжилтаас нь харагдаж байгаа юм. Харин одоо бол төрийн албыг зорьж ирэгсдийг урьд, урьдных шиг шигшиж, шилж, сонгохгүй байгаа. Дээрээс нь тэдний бүх зүйлийг хориглочихоор хамгийн өөдгүй, унхиагүй, цүнх баригч нараар төрийн алба дүүрчихээд байгаа юм. Жишээлбэл, төрийн албан хаагч нь намын гишүүн байхыг хориглодог. Уг нь өөрийнхөө намыг чөлөөтэй дэмждэг, эсвэл өөр намын бодлого шийдвэртэй санал нэг байгаа бол тэрийг нь чөдөрлөх биш чөлөөтэй явуулдаг, гар нийлэн ажилладаг баймаар. Мөн намын харьяалал харгалзахгүйгээр өөрийн дэмжиж байгаа нэр дэвшигч, гишүүний сонгуульд оролцох, зохион байгуулах ажлуудыг нь зөшөөрчих хэрэгтэй.

Ер нь бол Монгол Улсын шилдгүүдийн гарч ирэх зам төрийн алба байх ёстой. Ингэж байж Монгол Улсын төр цэвэршинэ. Ингэж байж Монголын төрд шилдэг охид, хөвгүүд орж ажиллана. Ингэж байж зам зуурын бөх, бизнесмэн, төрийн албаны ямар ч дөргүй дуучин төрийг хялбарчилж орж ирдгээ болино.

Монгол төрийн бодлого шийдвэр төрийн албан хаагчдыг дэвшиж, дээшилж, өргөжин тэлж, томордог болгох зам мөрийг зурах хэрэгтэй байна.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт эхлэв

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын цахим институттэй хамтран зохион байгуулж байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох “ХАБЭА-18” сургалт эхэллээ.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан 30 орчим алба хаагч хамрагдаж байна.

Сургалтыг Монголын цахим институтийн сургагч багш нар удирдан явуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, удирдлагын тогтолцоо, шаардлага, баримт бичиг боловсруулах сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх юм.

Мөн гамшиг ослын үед ажиллах алба хаагчдын болон тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангах чиглэлээр сургалтыг зохион байгуулна.

Тус сургалт энэ сарын 05-ныг хүртэл үргэлжилж, сургалтанд хамрагдсан алба хаагчдад сертификат гардуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит барилдаан улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ий хүрэл, Олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит барилдаан өчигдөр түүний төрж өссөн Төв аймгийн Эрдэнэсант суманд болж өндөрлөв.

Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 32 бөх хүч сорьсноос Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, Улсын харцага Б.Бат-Өлзий тав даван түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харъяат, Улсын начин Б.Чимэдвандан дөрөв даван үзүүрлэв.

Их шөвөгт Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат, аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр, Төв аймгийн Баянчандмань сумын харъяат, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр нар тус тус шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Объектын гал түймэр өмнөх онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна

Он гарсаар эхний есдүгээр сарын байдлаар объектын гал түймэр нийт 2742 удаа гарч, 13.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 53 хүн нас барж, 31 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1262 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 693 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 33.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 5.2 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40 хувиар өссөн байна.

Нийслэл хотод нийт 1787 удаагийн гал түймэр гарч, 3.5 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 955 удаагийн гал түймэр гарч, 10.4 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар:

Энэ хугацаанд 15812 байгууллага, аж ахуйн нэгж, 89031 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 76757 зөрчил дутагдал илрүүлэн, 32933 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 4407 заавал биелүүлэх албан шаардлага, 5459 мэдэгдэл, 231 танилцуулга, 712 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 79 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 149.3 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 1972 удаа, дадлага 1509 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2336 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 730 гал буюу 26.6 хувь,

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 577 гал буюу 21.04 хувь,

Цахилгаанаас 504 гал буюу 18.3 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 286 гал буюу 10.4 хувь,

Бусад шалтгаанаас 177 гал буюу 6.4 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 167 гал буюу 6.09 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 162 гал буюу 5.7 хувь,

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 56 гал буюу 2.04 хувь

Гагнуур, паялник, бамбараас 27 гал буюу 1.03 хувь

Архидан согтуурснаас 18 гал буюу 0.5 хувь,

Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 14 гал буюу 0.5 хувь

Санаатай үйлдлээр 11 гал буюу 0.4 хувь,

Байгалийн үзэгдлээс 5 гал буюу 0.18 хувь,

Тэсрэлт дэлбэрэлт ослоос 4 гал буюу 0.14 хувь,

Технологийн горим зөрчсөнөөс 2 гал буюу 0.07 хувь,

Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.07 хувийг эзэлж байна.

Онцгой байдлын ерөнхий газар

Categories
мэдээ улс-төр

Улсын их хурлын чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын 2018 оны намрын чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганаар “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл”, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл”, “Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” зэрэг багц хуулийг хэлэлцэх юм. Чуулганыг нээж УИХ-ын дарга Энхболд үг хэлэв. Дараа нь Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрбээр “УИХ-ын сонгуулийн мөчлөг талдаа орсон. Ард иргэдэд өгсөн амлалт, мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудын тал нь биелэлээ олсон байх учиртай. УИХ-ын танхим бол хоосон ярьж, цэц булаалдах газар биш. Харин бодит ажил ярилцах түүнийгээ биелүүлэх газар. Тэр нь нийт ард түмний ажил амьдралд биелэлээ олдог байх учиртай” хэмээн санууллаа.

Энэ удаагийн чуулганаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

1.Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл

2.Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл

3.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл

4.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл

5.Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

6.Аж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

7.Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

8.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

9.Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл

10.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

11.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

12.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл

13.УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл

14.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл

15.Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл

16.Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

17.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

18.Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

19.Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл

20.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

21.Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

22.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл

23.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

24.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

25.бусад асуудлыг хэлэлцэх юм.