Categories
мэдээ нийгэм

Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, 29-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна.

Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс анх удаа Fespo үзэсгэлэнд зочин орноор оролцохоор боллоо

Монгол Улсыг 2019 оны нэг дүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Цюрих хотноо болох олон улсын аялал жуулчлалын “FESPO” үзэсгэлэнд анх удаа зочин орноор оролцуулах болсноо зохион байгуулагч тал өнөөдөр мэдэгджээ.

Энэ талаар ШХУ-ын www.travelnews.ch аялал жуулчлалын мэдээний цахим хуудаст “Монгол Улс 2019 онд зочин орноор оролцох болсон нь FESPO-гийн хувьд сайхан мэдээ боллоо” гэх мэдээ 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гарчээ. “Сүүлийн арван жилийн хугацаанд Ази тивээс зочин орон оролцоогүй бөгөөд Монголыг зочин орноор оролцуулснаар Чингис Хааны эзэнт гүрний тухай илүү ихийг мэдэхийг олзуурхаж, тэсэн ядан хүлээж байна гэж тус үзэсгэлэнг зохион байгуулагч Стефан Амстад хэллээ” гэж мэдэгджээ. Түүнчлэн, “Монголчууд дэлхийн талыг эзэлж байсан түүхтэй. Нүүдэлчид хүн, байгалийн амин холбоог үе дамжуулан үлдээж, хөөмий, уртын дуугаараа амьдралын гүн ухаан, ард түмний онцлогийг илэрхийлж ирсэн” хэмээн онцолсон байна.

Цюрих хотноо зохиогддог Швейцарийн аялал жуулчлалын хамгийн том “FESPO” үзэсгэлэнд 600 гаруй оролцогч оролцож, 63000 хүн үзэж сонирхдог аж. Швейцар, Өмнөд Герман, Хойд Итали, Австри зэрэг зах зээлийг хамардаг тул бүс нутагтаа томоохонд тооцогддог үзэсгэлэн юм. 2017 онд Коста Рика, 2018 онд Румын Улс зочин орноор оролцож байжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан эхэллээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XYIII хуралдаан эхэллээ. Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 213-ны өдрийн “Улаанбаатар хотын авто замын хөдлөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцуулж байна. Мөн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаархи мэдээллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд танилцуулна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар яг одоо хуралдаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа тул энэ өдрийн хуралдааныг Шадар сайд Ө.Энхтүвшин удирдаж байгаа юм.

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөрт багтаан Засгийн газар ирэх оны төсвийн хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлэх хуультай. Төсвийн төслийг хугацаанд нь багтааж, УИХ-д өргөн мэдүүлэхийн тулд өнөөдөр Засгийн газрын хуралдааныг зарлаж, 2019 оны төсвийн төслийг хэлэлцэх шаардлагатай болсон байна.

Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр 15.00 цагт 2019 оны төсвийн хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэх болжээ. Дараа нь хэвлэлийнхэнд мэдээлэл хийх аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Өнөөгийн Монгол” олон улсын гэрэл зурагчдын төсөл хэрэгжинэ

Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран “Өнөөдрийн Монгол” төслийг аравдугаар сарын 8-15-ны хооронд хэрэгжүүлэх гэж байна.

Энэхүү төслийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдаар дамжуулан энэ цагийн Монгол орныг олон улсад сурталчилан таниулах, гадны хэвлэл мэдээллийн архив дахь Монгол Улсын тухай гэрэл зургийг шинэчлэх, өргөжүүлэх, эерэгээр харуулах гэж зохион байгуулагчид нь мэдээллээ.

Тус арга хэмжээнд ОХУ-аас “Итас Тасс”, “Риа Новости”, БНХАУ-аас “Xinhua”, Японоос “Kyodo News”, БНСУ-аас “Korean central”, Германаас “DW”, Монголын хэвлэлийн гэрэл зурагчид оролцох бөгөөд Улаанбаатар-Дархан-Уул-Орхон-Өмнөговь аймгийн чиглэлд танилцах аялал хийж, зураг авах аж.

Ингээд аяллын гэрэл зургуудаараа 10 дугаар сарын 14-нд Уран зургийн галлерейд “Өнөөгийн Монгол” тайлант үзэсгэлэн гаргах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар хэлэлцүүлэг хийлээ

Нийслэл дүүргийн хэмжээнд “Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд явагдсан үйл ажиллагааг танилцуулах хэлэлцүүлэг Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдийн төвийн байранд явагдлаа. Энэхүү ажиллагаанд НИТХ- ын дарга С. Амарсайхан, хурлын ажлын албаны дарга Б.Батбямба, НИТХ-н тэргүүлэгч, Д.Мөнхжаргал, НИХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, М.Эрдэнэтуяа, Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр, НЗДТГ-НБХ, НХГБГ-ын дарга, нэгжийн удирдлагууд оролцож хүүхдийн байдлын талаар сонсож ялангуяа төрөөс зайлшгүй анхаарах шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүдийн асуудлыг онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэл болон дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн дарга нар ажлаа тайлагнахын зэрэгцээ Гэр бүлийн хувилбарт үйлчилгээний стандартад шилжин орсон шинэлэг загварын бүтээлч ажлыг хамт олноороо санаачлан хэрэгжүүлж эхэлж байгаа тухайгаа Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэн танилцуулж хүүхдүүдийн сурч амьдарч байгаа өрөө тасалгааг оролцогчдод үзүүлж санал сэтгэгдлийг сонслоо.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн үеийн анагаах ухааны чиглэлээр харилцан туршлага солилцов

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэлзүйчдийн гамшгийн аюул, ослын үед нэрвэгдэгчдэд эмнэлгийн анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, алба хаагчдад эрүүл мэндийн боловсрол олгох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг дээшлүүлэх зорилгоор “Гамшгийн үеийн эмнэлгийн яаралтай тусламж” сэдэвт сургалтыг энэ сарын 24-27-ны өдрүүдэд Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгууллаа.

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улс дахь Франц Улсын Элчин сайдын яам, тус улсын Гамшгийн анагаах ухааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын 30 гаруй эмч-сэтгэлзүйч хамрагдсан юм.

Сургалтыг Франц Улсын Гамшгийн анагаах ухааны нийгэмлэгийн сургагч багш нар удирдан явуулсан бөгөөд орон нутгаас алслагдсан гамшгийн үед эмнэлгийн яаралтай тусламжийг хэрхэн үзүүлэх, хүнд гэмтлийн үеийн эмнэлгийн үзлэг,үйлчилгээний онцлог, гамшгийн үеийн анагаах ухааны чиглэлээр олон улсын эмч нарын мэдлэг, туршлагаас хуваалцлаа.

Мөн гамшгийн үед нэрвэгдэгсдийн эмзэг байдал, сэтгэл санааны хямралыг тайлах, гамшгийн голомтод эмч нар шийдвэр гаргах, шийдвэрийн схем бүдүүвчийг боловсруулж, харилцан туршлагаа солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, БНХАУ хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан багийн анхдугаар уулзалт болов

Монгол Улс, БНХАУ-ын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хоёр талын хамтарсан судалгааны багийн анхдугаар уулзалт 2018 оны 9 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болов.

Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг, БНХАУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцааны газрын дэд захирал Лян Хун нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцов.

Уулзалтын үеэр талууд өөрийн улсын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж буй туршлагын талаар мэдээлэл хийж, хоёр талын хамтарсан судалгааны ажлын ерөнхий хүрээний талаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд “Монгол Улс, БНХАУ-ын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын даалгавар” болон хамтарсан судалгааны багийн анхдугаар уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зурав.

Categories
мэдээ нийгэм

Төвийн бүсийн наадамд Орхон аймгийн сэтгүүлчид тэргүүллээ

МСНЭ-ийн санаачилгаар орон нутагт бүсчилсэн хэлбэрээр хэрэгжүүлж байгаа “Эгшиглэнт үзэг-2018” төвийн бүсийн урлаг, спортын наадам Хөвсгөл аймгийн Мөрөн хотод боллоо. Аймгийн ЗДТГ, Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан наадамд Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн 80 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд урлаг спортоор өрсөлдсөнөөс Орхон аймгийн баг тэргүүлж шилжин явах цомын эзэд болов.

Урлагийн наадамд сэтгүүлчид мэндчилгээ, хамтлагийн дуу, уран уншлага, гоцлол дуу, язгуур урлаг, харилцаа дуу, хамтлагийн бүжиг долоон төрлөөр, спортын наадамд гар бөмбөг, шатар, сагсан бөмбөг, ширээний теннис зэрэг төрлөөр өрсөлджээ.

Хоёр жилд нэг удаа болох урлаг спортын наадам өрсөлдөөнтэй, сонирхолтой боллоо. Идэвхтэй оролцсон сэтгүүлч, уран бүтээлчиддээ болон хамтран зохион байгуулсан Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын хамт олонд талархал илэрхийлье” гэж Хөвсгөл аймаг дахь МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга Д.Гангаа хэлэв.

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерресийг Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлолоо

Ерөнхийлөгч Доналд Трамп:

-Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол орны соёл, уламжлалын талаар сохирхож асуув.

Дэд ерөнхийлөгч Маик Пэнс:

-Монгол Улсын зэвсэгт хүчин Афганистанд Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болсонд байртай байна.

-Хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын маш өргөн боломж байна.

-Флоренс хар салхины уршгаар орон гэргүй болсон, хохирол амссан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс эд материалын туслалцаа үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна.

Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео:

-Монголын зэвсэгт хүчин Афганистанд гүйцэтгэж буй албыг үргэлжлүүлэх тухай танай шийдвэрт талархал илэрхийлье.

-Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай танай улсын дэмжлэгт талархаж байна.

-Монголд Америкийн бизнесүүд хөрөнгө оруулах сонирхол их байгаа. Ил тод, тогтвортой байдал чухал.

Сенатын танхимын гишүүн Дан Салливан :

-Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг дэмжиж байгаа. Би энэ хуулийн төслийг Сенатад танилцуулагдахад нь бүрэн дэмжинэ.

Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким:

-Монгол Улсад эдийн засгийн олон эерэг үр дагаварууд гарч байгаад баяртай байна. Гадаад, дотоод хөрөнгө оруулалт өссөн, экспорт нэмэгдэж байгаад баяртай байна.

-Улс төрийн хувьд дарамт их байх ч та бүхэн эдийн засгийн реформууд, өөрчлөлт шинэчлэлтийн бодлогуудыг амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна.

ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард:

-Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттэй хэрэгжүүлэхэд Та бүхний идэвх чармайлт мэдээж их нөлөөлсөн.

– Үр дүн нь бид бүгдийн хамтын амжилт юм. Эдийн засгийн уналтыг авч гарч чадсандаа баяртай байна.

– Монгол Улс өрийн хэмжээгээ бууруулахад ихээхэн амжилт олж байгаад талархал илэрхийлье. Эдийн засгийг тогтворжуулах нь эдийн засгийг солонгоруулах, монголчуудын амьжиргааг дээшлүүлэхэд чухал гэдэгт бид санал нэгдлээ. Та бүхэнд амжилт хүсье.