Categories
мэдээ нийгэм

Гурван байршлын 4.37 га газрыг 573 сая төгрөгөөр худалдлаа

Өнөөдөр Төр захиргааны Хангарди ордны хурлын зааланд Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа болов. Тус дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай зэрэг таван дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, аж ахуй, орон сууц, амины орон сууц, аялал жуулчлал, зочид буудлын зориулалтаар 27 байршлын 87.8 га газрыг дуудлагаар худалдахаар зарлагдсанаас гурван байршлын 4.37 га газрыг худалдлаа. Дуудлага худалдаагаар:

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд амины орон сууцны хотхон барих зориулалттай 2.23 га газрыг иргэн н.Мөнхбат 258,064,901 сая төгрөгөөр,

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд конторын барилгын зориулалттай 1.14 га газрыг иргэн н.Болорцэцэг 147,573,728 сая төгрөгөөр,

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу үйлчилгээний зориулалттай 1 га газрыг иргэн н.Болорцэцэг 168,228,702 сая төгрөгөөр тус тус худалдан авав.

Харин Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн гэр хорооллын урд талд орон сууцны зориулалттай 4 га газрыг худалдаж авах санал ирсэн боловч оролцогчид дуудлага худалдааны анхны үнийг өсгөөгүй учраас цуцлагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай” хуулийн төслийг өргөн барилаа.

Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -5.4 хувь байхаар тооцсон байна. Ирэх онд Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Засгийн газар Хүний хөгжил сангаас дамжин ирсэн 1 их наяд 71.9 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж, улмаар Ирээдүйн өв санд 2019 онд 553.1 тэрбум төгрөг, цаашид жил бүр 1.0 их наяд гаруй төгрөгийг хуримтлуулахаар тооцжээ. Ингэснээр Монгол Улс анх удаа байгалийн баялгийн орлогоосоо хуримтлал үүсгэж, ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилтыг эхлүүлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ

Энэ сарын 26-ны өдөр Захиргааны Хэргийн Давж Заалдах Шатны Шүүх хурал болж, Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй, тэргүүн биш гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбогдуулан МҮБХ-ноос албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Categories
мэдээ улс-төр

“Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нарын зэрэг гишүүд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулсныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд 2018 оны 2-р сард нэмэлт, өөрчлөлт оруулахад “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хууль дагаж өөрчлөгдсөн бөгөөд тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон байна.

Энэхүү өөрчлөлт нь тус салбарт ажиллаж байгаад цэргийн тэтгэврээ 2019 оноос тогтоолгож байгаа алба хаагчдад хохиролтой байгаа аж. Тухайлбал, ахлагчийн тэтгэвэр 1 сард 30704-33512 төгрөгөөр, офицерийн тэтгэвэр 48787-70081 төгрөгөөр, ахлах офицерийн тэтгэвэр 12834-35831 төгрөгөөр тус тус буурахаар болсон байна. Дээрх өөрчлөлт нь эдгээр албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Төсөлд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д гэж”, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр тусгажээ

Categories
мэдээ нийгэм

Цаг агаартай холбоотойгоор ургац хураалт хойшилж болзошгүй

2018 онд улсын хэмжээнд 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтыг тавдугаар сарын 5-28-ны хооронд зохион байгуулсан. Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажилд 13 аймгийн 86 сумын 1265 аж ахуйн нэгж, иргэний 365.2 мянган га улаанбуудайн талбай хамрагдаж, нийт тариалсан талбайн 74.3 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй авсан юм.

Энэ жилийн хувьд тавдугаар сар бүхэлдээ хур тундас багатай, 6 дугаар сар гарсаар Хөвсгөл, Булган, Увс, Төв, Архангай, Өвөрхангай аймгийн зарим бүс нутгаар хур тунадас орж, таримлын өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлсөн бол тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар долдугаар сарын 5-ныг хүртэл гандуу байсан.

2018 оны ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм. Энэ нь улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц үзүүлэлт.

Намрын ургац хураалтаас өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дархан-Уул аймгийн ургамал, газар тариалангийн хүрээлэнтэй хамтран ургац хураалтын технологийн зөвлөмжийг боловсруулж, тариаланчид, тариалан бүхий аж ахуйн нэгжид хүргүүлсэн. Мөн Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өдөр тутам цаг агаарын мэдээ хүлээн авч, орон нутагт сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүрд хүргүүлж байгаа юм.

Есдүгээр сарын 25-ны байдлаар 26 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 51.5 мянган га-гаас 73.9 мянган тонн үр тариа, 8.9 мянган га-гаас 116.9 мянган тонн төмс, 5.5 мянган га-гаас 61.6 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Ингэснээр үр тарианы хураалт 15.1 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 66.2-68.9 хувийн явцтай, ургац хураалтын ажил жигдэрсэн гэж Ургацын штабаас мэдээллээ.

Есдүгээр сарын дундуур орсон хур тунадас, нойтон цас, ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсэх төлөвтэй байгаагаас шалтгаалан ургац хураалтын ажил тодорхой хугацаагаар хойшилж болзошгүй бөгөөд үр тариа налсан байдалтай байна. Энэ үед комбайндаа нэмэлтээр иш өргөгч суурилуулах, нэг талаас нь сөргүүлж хураах зэрэг налсан тариаг хурааж авах хэд хэдэн арга бий.

Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг орон нутгийн удирдлагуудад чиглэл өгөөд байна. Аймаг бүрт гарсан Ургацын штаб ургац хураалтын явцын талаар Улсын ургацын комисст мэдээ хүргүүлж байгааг хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр түгээж, ургацаа богино хугацаанд хураан авахаар шуурхай ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариалан эрхлэгчдэд шатахуун, иш өргөгч, үтрэмийн техник тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа бөгөөд тус санд үтрэм дээр чийгтэй буудайг яаралтай татан авч, хатаах, стандартын шаардлага хангуулах зориулалттай элеватор 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Хөтөл дэх салбарт үр тариа хатаалгын тоног төхөөрөмжийг шинээр оруулж ирсэн. Тиймээс ургацыг аль болох богино хугацаанд хаягдал багатай хурааж авах техникийн боломж бүрдсэн гэж хэлж болно хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Гадаад Улсад суралцах хүсэлтэй оюутан залууст зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор 2019-2020 оны хичээлийн жилд зарлагдсан Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хүргэж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого хэрэгжүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөв, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Ирэх оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9,676.5 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувь, нийт зарлагыг 11,589.8 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 32.8 хувь байхаар тооцсон байна. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,913.3 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний -5.4 хувь байх юм. Засгийн газар 2016 онд 1.2 хувь, 2017 онд 5.3, энэ оны эхний хагас жилд 6.3 хувьтай байгаа эдийн засгийн өсөлтийг ирэх онд найман хувьд хүргэж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрдэнэтийн 49 хувийнхныг хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй болжээ

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг монголчууд 2016 онд худалдаж авсан билээ. Өөрөөр хэлбэл Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн Оросын эзэмшиж байсан хувийг Монголд аваад ирсэн. Үүний дараа луйвардаж авсан байна гэж бөөн хэл ам, хэрүүл шуугиан, улс төр болов. Сүүлдээ УИХ-аар хэлэлцээд 49 хувийг төр авах ёстой гэсэн 23 дугаар тогтоол гарлаа. Угаас байсан 51 хувь дээрээ “Монгол Зэс”-ийнхний мөнгөө төлж, ОХУ-аас авчирсан 49 хувийг нэмж, төрийн зуун хувийн мэдлийнх болгохоор шийдвэр гарсан. Ингээд Төлөөлөн удирдах зөвлөл сонголоо. Гэтэл 49 хувийнхан буюу “Монгол зэс”-ийнхэн хувийн өмч булаалаа гээд шүүхэд хандчихав. Ингэж шат шатны шүүхээр явсаар Дээд шүүх өнгөрсөн лхагва гаригт шийдвэрээ гаргажээ. Дээд шүүхийн шийдвэрээс өмнө энэ асуудлыг хэлэлцэж, 49 хувийн талд шийдвэр гарсан гээд Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах тухай ч яригдаж байлаа.

Дээд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж, зарим шийдвэрийг гаргасан байна гэж үзжээ. Нэг ёсондоо Эрдэнэтийн 49 хувь бол хувийн өмч гэдгийг энэ шийдвэр хүлээн зөвшөөрчихлөө. 49 хувийнхан улсын Дээд шүүхийн шийдвэрийг дагахгүй өөр хэний шийдвэрийг дагахав. УИХ, Засгийн газар ч бай Дээд шүүхийн шийдвэрийг л дагах ёстой.

Тэгээд ч Эрдэнэт төрд 100 хувь ирсэн зурвас үед Арбитрийн шүүхэд Монголын төр ялагдаад 112 сая ам.долларын хэрэгт орчихсон сууж байгаа. Төр аж ахуй эрхэлж байгаа царай нь энэ. Хэвлэл, олон нийтийн сүлжээгээр өрөнд оруулсан “Жаст”-аар тэр 112 сая.ам долларыг төлүүлнэ гэж дээр дооргүй том, том ярьж байна. Сард 1.3-1.4 сая ам.доллар хүүнд төлөхөөр нэмэгдэж байна гэж эх сурвалж хэлж байгаа. “Жаст”-ын Ш.Батхүүгээс одоо юу авах юм. Стандартаас авсан мөнгөөрөө юм хийх гэж үзсэн. Тэр Хадгаламж банкнаас эхлээд капитал ихтэй байсан. Үүнээсээ чамгүй ашиг олох боломжтой. Гэтэл Ш.Батхүүгүүгийн хамгийн том бизнес болсон Хадгаламж банкийг хурааж авах шийдвэрийг төр гаргасан. Хамгийн сонирхолтой нь ганцхан өдрийн дотор эрх хүлээн авагч томилоод банкийг нь лацадчихсан. Гэхдээ энэ процесс хуулийн дагуу явсан гэхэд маш эргэлзээтэй. Тэр том банкийг хаачихаад “Хадгаламж” банкаас хамаагүй бага “Төрийн” нэртэй банкинд шилжүүлсэн. Энэ нь өөрөө тэр хүний төлбөрийн чадварыг үндсэнд нь зогсоочихож байгаа юм. Ерөөсөө Батхүүгийн зээл авах үндсэн шалтгаан нь энэ. Ингээд Эрдэнэттэй зууралдсан. Өнөөх хуурамч гарын үсэг энэ тэрээ хийж будлиан хутгасан л даа. Баахан хүний өмнөөс хуурамч гарын үсэг зурж, Стандарт банкнаас зээл авснаа өөрөө хүлээдэг. Харин МАН Хадгаламжийг дампууруулж, дараа нь Төрийн банк болгочихсон хэрнээ одоо Төрийн банкийг хувьчлах жагсаалтад оруулчихсан байх жишээтэй.

Ингэж банкийг нь дампууруулж, хуйвалдаад хамаг мөнгийг нь авчихаад одоо юу ч үгүй үлдсэн хоосон хүнийг шоронд хориод юу авах юм. Тэр хүнд одоо “сахар”л байна. Жирийн хүний бие дэх сахарын хэмжээнээс дөрвөөс тав дахин их байгаагаас болж бие нь муудсанаас өөр байгаа юм түүнд алга. Ш.Батхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эрдэнэтийн өрийг би төлье. Гэхдээ Хадгаламж банкны мөнгийг минь гаргаад өгчих” гэж л хэлдэг. Тэр авсан, энэ авсан, тэрнээс авна гэж тодорхой нэр хэлж чадахгүй түнтгэнээд л байгаа болохоос угтаа луйвардсан эзэд нь тодорхой.

Эрдэнэтийн 49 хувийг нь эздэд нь өгвөл таарна. Ядаж Стандарт банкны өрөөс төлөлцөх биз. Тэр мөнгө хаана хэнд очсоныг зарлаж олж авах байлгүй. Эрдэнэт үйлдвэр сонгуулиар ялсан намын өмч юм шиг явж ирсэн. Ялсан намын хүн толгойтой болгон хэрэгтэй, хэрэггүй бараа шахдаг. Эрдэнэтийн ажилчид бүү хэл улсаараа хэрэглээд барахааргүй их бэлгэвч хүртэл шахчихсаныг бид мэдсэн шүү дээ. Ядаж 49 хувийнхан өөрсдийнхөө хувийг авчихвал тэр шахаа гээч нь зогсоно. Анх 49 хувийг “Монголын Зэс” корпораци авч байх үед л шахаа зогсох нь мэдрэгдэж эхэлсэн. Хэн гэдэг улстөрч, ямар барааг зах зээлийн үнээс хэр өндөр өртгөөр Эрдэнэтэд шахаж байсан мэдээлэл эхнээсээ ил болж олныг алмайрууллаа даа. МАН-ын тодорхой улстөрчдийн эсэргүүцлийн дараа энэ асуудал эргээд намжсан. Уг нь 49 хувийнхныг Эрдэнэтэд хөл тавьснаар үйлдвэр өмнөхөөсөө огцом ашигтай ажиллаж эхэлсэн шүү. Ажилчдынхаа цалинг гучин хувиар нэмсэн. Хувийн компанийн менежмэнт орж ирээд өнгө аяс өөр болж эхэлмэгц өнөөх шахааны улстөрчид айж эхлэв. “Монгол Зэс”-ийнхэн эзэмшсэн хувийнхаа хэрээр нээлттэй ажиллах боломж нь хэвээр байсан бол өдийд улстөрчдийн булхай бүр ч ил тод болж, Монголын эдийн засагт том нөлөөтэй Эрдэнэт тэр чигтээ шилэн болох байсан. Өмнө нь Эрдэнэт үйлдвэр жилд ганц удаа нээлттэй тендер явуулдаг байсан бол 2017 онд нээлттэй тендер 500-г зарласан байна лээ. 49 хувийнхан орж ирснээр ийм болов. Эрдэнэт рүү шахдаг шахаа шахагдаж байгаагийн том илрэл.

49 хувийг авахдаа хуйвалдаж, луйвардаж авсан гэж элдвээр хэлээд хоёр жил боллоо. Тэр яаж авсан тухай энд ярих гэсэнгүй. Авснаас хойших процесс юу болж байгааг өгүүлж байна. Яаж ч бодсон эзэнтэй болж байна. Муу сайн ч гэсэн гаднаас тэд аваад ирж. Эргэж нялцганахгүй 49 хувийг нь өгвөл олон зүйл голдрилдоо орох бололтой. Эрдэнэтийн энэ үймээний нийтэд өгч байгаа гол сургамж нь ямар аргаар яаж авсан нь хамаагүй, хувийн өмчийг төр хурааж авах эрх байхгүйг баталлаа. УИХ, Засгийн газар аль нь ч бай хувийн өмчид халдаж болохгүй, тогтоол, шийдвэр юу ч гаргаад нэмэргүйг Дээд шүүх сая харууллаа. 49 хувийг өмчийн эздэд буцааж өгөхгүй луу унжвал Стандарт банкны өрнөөс эхлээд хүү нэмэгдээд явах, цаашлаад гадаад зах зээл хэцүү байгаа үед зэсийн үнэ дэлхийн зах зээлд унаад байхад эдийн засгаа бодсон ч тэр даруйхан шилжүүлж, эздэд өгсөн нь дээр юм байна. Шүүхийн процесс ерөнхийдөө өндөрлөлөө. Одоо төр, 49 хувийнхантай ширээний ард сууж ойлголцож, авах ёстой хувийг нь өгч халуун чихийг нь эздэд нь атгуулаад л өгчих. Өөр гарц үлдээгүйг Дээд шүүхийн шийдвэр хэлээд өглөө. 49 хувийнхныг хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй болжээ.

Categories
мэдээ нийгэм

Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцох шинэчилсэн журам

МҮБХ-ны тэргүүлэгчид 2018 оны есдүгээр сарын 25-нд хуралдсан ээлжит хурлаараа допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд хариуцлага тооцох, допингоос сэргийлэх, допингтой холбоотой бусад зөрчлүүдийг хэрхэн арилгах талаар дахин хэлэлцэж “Монгол үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бус үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн баталлаа. Нэмэлт өөрчлөлтөөр:

Допинг хэрэглэсэн нь тогтоогдоод шийтгэл оноосон байхад барилдсан тохиолдолд уг бөхийн шийтгэлийг хугацааг хамгийн сүүлд барилдсан хугацаанаас эхлэн дахин тооцно.
Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийг барилдуулсан аймаг, сумын наадмыг хүчингүйд тооцож, тухайн наадамд цол авсан бөхчүүдийг эрэмбэнд оруулахгүй.
Шинжилгээ өгөхөөс татгалзсан тохиолдолд Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу допинг хэрэглэсэнд тооцож, улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг мөн 2 жилээр хасна.

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчид хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1. а) Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн 2018 оны амжилтын эрэмбийг хуучин эрэмбэлж ирсэн журмаараа эрэмбэлэх бөгөөд 2019 оны наадмаас хойш аймгийн цолтой бөхчүүдийн улсын наадамд 3, 4 давсан амжилтыг тооцохгүй байхаар шийдвэрлэлээ. 2018 оноос өмнө цол авсан бөхчүүд хуучин эрэмбээрээ эрэмбэлэгдэн барилдана.
б/ Эрэмбэ зөрчиж оноолт хийсэн Завхан, Дархан-Уул, Хөвсгөл, допинг хэрэглэж эрх нь түдгэлзсэн бөхчүүдийг барилдуулсан Налайх, Говь-Алтай, Говь-Сүмбэр, аймгийн баяр наадмын албан ёсны мэдээллээ МҮБХ-нд ирүүлээгүй Баянхонгор, Хэнтий аймгуудын 2018 оны наадмаар шөвгөрсөн бөхчүүдийг АЦЦБөхчүүдийн эрэмбэнд оруулахгүй, өөрөөр хэлбэл хуучин цол эрэмбээр нь барилдуулна.

2. БСШУСЯам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, МҮОХ-ны дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд авсан явцын шинжилгээнд 2018 оны нэгдүгээр сарын 28-ний өдөр хамрагдсан а.а Т.Пүрэвсүрэн, 2018 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хамрагдсан а.х.а Д.Цэвэлсодном нараас хориотой бодис илэрсэн тул Биеийн тамир спортын тухай Монгол улсын хуулийн 21.1, “Монгол үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бус үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам”-ын 4.1 дүгээр заалтыг тус тус үндэслэн Т.Пүрэвсүрэнгийн улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг 2018 оны 06-р сарын 04-нөөс 2020 оны 06-р сарын 04 хүртэл, Д.Цэвэлсодномын улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг 2018 оны зургаадугаар сарын 28-наас 2020 оны зургаадугаар сарын 28 хүртэл тус тус 2 жилээр хасах шийдвэр гаргалаа.

3. Нэр бүхий бөхчүүдээс ирсэн Говь-Алтай аймгийн 2014 оны баяр наадам, Багануур дүүргийн 2015 оны баяр наадмыг хүчинтэйд тооцуулах хүсэлтийг хэлэлцээд дээрх аймаг, дүүргийн 2014, 2015 оны наадмууд Баяр наадмын тухай болон бусад хэд хэдэн хуулиудтай зөрчилдөж байгаа учир тухайн наадамд барилдаж шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг дээшлүүлэх боломжгүй гэж шийдвэрлэлээ.

4. Дэвжээдийн багш, дасгалжуулагч, бөхчүүдийн төлөөлөл “Бөхийн барилдааныг тасалдуулахгүй байх, барилдааны хуваарь, сахилга бат, жудгийн талаар” тодорхой санал дэвшүүлснийг хэлэлцээд Тэргүүлэгчид аймаг цэргийн цолтой бөхчүүдтэй 2018 оны аравдугаар сарын эхний 10 хоногт уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонсохоор товлолоо.

Categories
мэдээ спорт

Харумафүжи Д.Бямбадорж ням гаригт зодог тайлна

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол есдүгээр сарын 30-нд буюу энэ ням гаригт болно.

Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь их аварга цол хүртсэн юм.

Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон аж.

Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгснээсээ хойш Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж, “Шинэ Монгол – 2” сургуулийг Яармагт барьж байгуулан энэ есдүгээр сарын 1-нд нээсэн. Мөн тэрбээр зураг зурах авъяастай бөгөөд үүнийгээ хөгжүүлэн Японд уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан ажээ.