Categories
мэдээ нийгэм

Засаг дарга ажлыг эрчимжүүлж, дуусгах үүрэг чиглэл өгөв

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ Сайнцагаан сумын Залуус хорооллын гаднах дулаан, цэвэр бохир усны шугам, холбоо, цахилгаан шугам сүлжээний ажлын явцтай танилцлаа.

Дээрх ажлыг улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгийн өртгөөр Улаанбаатар хотын “Б-Софт” ХХК гүйцэтгэж буй бөгөөд 2018 онд 500,0 сая төгрөгийн ажил хийжээ. Ахжлын явц 65 хувьтай.

Өнгөрөгч долдугаар сарын сүүлчээр эхэлсэн дэд бүтцийн ажилтай холбогдуулж Залуус хорооллоос урагш буй айл өрхүүдийн иргэдийн явах замыг хааснаар айл өрхүүд хүүхдээ хүргэж өгөхдөө тойрч гардаг болоод хоёр сар гаруй болж байгаа аж.

Харин Засаг дарга сэрүүний улирал эхэлж байгаа тул ажлыг эрчимжүүлж есдүгээр сарын 28-ны дотор Залуус хорооллын дундах замыг хэвийн байдалд оруулах, иргэдйн зорчих эрхийг хангах, ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаар холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө. Инженерийн шугам сүлжээний ажил 10 сардаа багтаж дуусах ёстой аж.

Categories
мэдээ нийгэм

“Цахим мөнгө’’-ий анхны албан ёсны зөвшөөрлийг олгов

Монголбанк Монгол Улсын мөнгөн тэмдэгт – төгрөгтэй адилтгах үнэ цэнэ бүхий бэлэн бус төлбөрийн хэрэгслээр тооцогдох Candy “Цахим мөнгө гаргах” тусгай зөвшөөрлийн гэрчилгээг “Мобифинанс” ББСБ-д өнөөдөр албан ёсоор гардууллаа.

Тус арга хэмжээнд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар нар оролцож, “Мобиком” Корпорацийн Ерөнхий Захирал Тацуяа Хамадад “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ”-г гардуулсан юм.

Монголбанк нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.10 дугаар зүйл, “Цахим мөнгөний журам”-ын 6.2 дугаар заалтыг үндэслэн цахим мөнгө гаргах зөвшөөрлийг тус байгууллагад олгосон бөгөөд дээрх хууль, журмын хүрээнд хяналт тавьж ажиллана.

“Candy” нь анх зөвхөн Мобикомын хэрэглэгчдэд зориулагдан бүтээгдсэн урамшуулал олгох лояалти хөтөлбөр байсан бол өдгөө Монгол орон даяар аль ч операторын хэрэглэгч ашиглах боломжтой цахим мөнгө болж байгаа бөгөөд Үндэсний төлбөрийн системд Монголбанкаар баталгаажсан цоо шинэ төлбөрийн хэрэгсэл болж байна.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчдад шагнал гардууллаа

Өнөөдөр Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны долдугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд орж үүрэг гүйцэтгэсэн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Энхийг сахиулах үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгээд ирсэн 18 алба хаагчийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдэг, Хүндэт жуух бичиг, Дотоодын цэргийн алдар медалиар шагнасныг гардуулав.

Мөн алба хаагчид үүрэг гүйцэтгэх үедээ хэрэглэж байсан хувцас, хэрэгсэл зэргээсээ Цагдаагийн музейд гардуулж өгсөн юм. Үйл ажиллагааны төгсгөлд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа алба хаагчдад баяр хүргээд, энхийг дэмжих ажиллагаанаас сурч мэдсэн зүйлээ бусад алба хаагчдаа хүргэж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.

enhiig sahuilagch

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XYIII хуралдаан эхэллээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XYIII хуралдаан эхэллээ. Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 213-ны өдрийн “Улаанбаатар хотын авто замын хөдлөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцуулж байна. Мөн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаархи мэдээллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд танилцууулна.

Categories
мэдээ цаг-үе

Эрдэнэтийн захирал Х.Бадамсүрэнгийн жилийн орлого, үл хөдлөх хөрөнгө яагаад нэмэгдчихэв?

Х.Бадамсүрэн Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байгаад 2016 оны арваннэгдүгээр сарын 23-нд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилогдсон байдаг.

Түүний АТГ-т УУХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байхдаа, дараа нь Эрдэнэт үйлдвэрийн захирал болсон үеийн хөрөнгө орлого нэлээд өөрчлөлттэй гарчээ.

Х.Бадамсүрэн УУХҮ-ийн дэд сайд байхдаа жилд 64 сая төгрөг олдог байжээ. Харин Эрдэнэт үйлдвэрийн захирал болоод жилд 132 348 110 төгрөг олдог болсон байна. Харин гэр бүлийнх нь орлого 169 400 000 төгрөг байснаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал болсноос нь хойш 78 066 110 төгрөг болж буурсан байна.

Харин УУХҮ-ийн дэд сайд байхдаа гурван орон сууцтай, нэг үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилгатай, авто зогсоол өвөлжөө хаваржаа естэй байсан, тэр нь 2 720 000 000 төгрөгөөр үнэлэгддэг байжээ. Эрдэнэт үйлдвэрийн захирал болсноос нь хойш энэ нь өсч таван орон сууц, гурван үйлдвэр үйлчилгээний барилга, таван авто зогсоол, өвөлжөө хаваржаатай болсон байна. Эдгээрийнх нь үнэ 2 750 000 000 төгрөг болж өсчээ.

УУХҮ-ийн дэд сайд байхдаа “LEXUS-470”, “Mercedes Benz- S320” гэсэн 75 сая төгрөгийн хоёр машинтай байсан бол Эрдэнэт үйлдвэрийн захирал болоод 35 сая төгрөгийн үнэтэй “Mercedes Benz- S320” машинтайгаа үлдсэн байна.

Малын хувьд дэд сайд байхдаа 250 адуу, 40 үхэр, таван тэмээ, 50 хонь, 60 ямаа, хурдан удмын 50 адуутай, түүнийгээ 635 сая төгрөгөөр үнэлсэн байсан. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн захирал болсноос нь хойш ямаа нь 20-оор хорогдож, үхэр нь зургаагаар өссөн ч үнэлгээ нь 356 сая төгрөг болж буурсан байна.

Тэрбээр 3.0 га, 280 мкв, 582 мкв, өмчлөх 200 мкв, 700 мкв газруудтай. Эдгээр нь 70 сая төгрөгөөр үнэлэгддэг байснаа Эрдэнэт үйлдвэрийн захирал болсноос нь хойш 60 сая болж буурчээ. Түүнд байдаг үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлүүд 340 саяын үнэтэй. Тэр нь харин “хөдлөөгүй” байна.

Дэд сайд байхдаа дансандаа 19 566 660 төгрөтэй байсан бол Эрдэнэт үйлдвэрийн захирал болоод 65 120 730 төгрөтэй болсон байна.

Нэг хүнээс 90 сая төгрөг авах ёстой юм байна. Түүнийгээ Эрдэнэт үйлдвэрийн захирал болоод ч авч чадаагүй гэж АТГ-т мэдүүлжээ.

Харин дэд сайд байхдаа ХААН банкнаас 15 сая төгрөгийн зээл авсан гэж байсан бол Эрдэнэт үйлдвэрийн захирал болоод Голомт банк, иргэн Ж.Рэнцэн-Амгалан нараас 147 сая төгрөг зээлсэн байна.

Х.Бадамсүрэн “Тун-Эрдэнэ фарма” ХХК-ийг 100 хувь, “Замбатив” ХХК-ийн 50 хувь, “Замбативийн шим” ХХК-ийн 95 хувь, “Баянцогт шим” хоршооны 20 хувь, “Монголжонш нэгтгэл” ХХК-ийн есөн хувийг тус тус эзэмшдэг байв. Тэдгээрийн дүрмийн сан нь 281 623 000 төгрөг байжээ. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн захирал болоод “Монголжонш нэгтгэл” ХХК-ийнхаа хувийг “алга болгож”, оронд нь “Таван толгой” ХК-ийн хувьцаатай болсон байна. Ингэсний дараа нийт үнэлгээ нь ч 273 623 000 төгрөг болж буурчээ.

Мөн тэрээр өөрийнхөө нэр дээр патент нэгийг, эрх нэгийг эзэмшдэг юм байна.

Эндээс харвал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн захирал болсноос нь хойш жилийн дараа өгсөн мэдүүлэгт өөрийнх нь орлого, үл хөдлөх хөрөнгө нь нэмэгдсэн байна.

Ингэх үндэслэл байж ч магадгүй юм. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн өмнөх захирлууд урамшуулал нэрээр үйлдвэрийн санхүүгээс хэдэн зуун саяар нь “хусдаг” байсан мэдээлэл бий. Тиймээс энэ уламжлал одоо ч хэвээрээ биш байгаа даа гэсэн хардлага байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Ази, Европын Парламентын Түншлэлийн (АСЕП) 10 дугаар уулзалтад оролцов

Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд болсон Ази, Европын Парламентын Түншлэлийн (АСЕП) 10 дугаар уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэ удаагийн Ази, Европын Парламентын Түншлэлийн 10 дугаар уулзалт нь “Цаг уурын өөрчлөлт болон байгаль орчинд тулгамдсан асуудлууд” сэдвийн дор явагдаж эдгээр тулгамдаж буй асуудал нь дэлхий нийт болон олон талт хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцсэн юм.

Европын Парламентын төв байранд анх удаагаа зохион байгуулж буй уг уулзалтын нээлтийн арга хэмжээнд, АСЕП-ын 9 дүгээр уулзалтыг хүлээн авч зохион байгуулсан улсаа төлөөлж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болж буй өөрчлөлтүүдийг шийдвэрлэхэд АСЕМ-ын ач холбогдол нэмэгдэж байгааг тэмдэглэж, үүнд олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх механизмуудын нэг болох АСЕП-ын уулзалт нэн чухал үүрэгтэй болж байгааг онцлов.


Уулзалтын үеэр Европын Парламентаас АСЕП-ын уулзалтыг 2016 онд хүлээн авч амжилттай зохион байгуулсан Монгол Улсад АСЕМ-ын түнш орнуудын зүгээс онцгойлон талархал илэрхийллээ. Энэ удаагийн АСЕП-ын уулзаланд оролцогчид цаг уурын өөрчлөлт болон байгаль орчинд тулгамдаж буй асуудлууд нь дэлхий дахины тогтвортой хөгжил, эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлж эхэлснийг онцолж эдгээр асуудлуудыг гагцхүү хамтын хүчээр шийдвэрлэх бодит шаардлага үүсээд байгаа, энэхүү зорилгод хүрэхийн тулд Ази, Европын орнуудын хооронд уялдаа холбоог өргөжүүлэн хөгжүүлж, бэхжүүлэх нь чухал үүрэгтэй болохыг цохон тэмдэглэв.

Хоёр өдрийн турш болсон уулзалтын туршид Ази болон Европын парламентчид цаг уур, хүрээлэн буй орчны өөрчлөлт дэлхий дахины тогтвортой хөгжил, эдийн засаг, шилжилт хөдөлгөөн, аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгааг хэлэлцэж, уулзалтын төгсгөлийн баримт бичиг болох Хамтарсан тунхаглалыг батлан гаргав. Энэхүү тунхаглалыг ирэх 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Брюссель хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын Дээд түвшний арванхоёрдугаар уулзалтад танилцуулах юм.

Уулзалт Европын Парламентын Ерөнхийлөгч А.Таянигийн ивээл дор зохион байгуулагдаж, Австрали, Австри, Бангладеш, Бельги, Бруней, Болгар, БНХАУ, Хорват, Кипр, Чех, Финланд, ХБНГУ, Грек, Унгар, Энэтхэг, Итали, Казахстан, Мальта, Норвег, Пакистан, Филиппин, Польш, Румын, ОХУ, Сингапур, Словени, БНСУ, Испани, Швед, Тайланд, Их Британи, Вьетнам зэрэг АСЕМ-ын түнш орнуудаас нийт 260 гаруй төлөөлөл оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчдынхаа хүүхдүүдэд өвлийн хувцас хэрэглэл гардууллаа

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран ажилдаа амжилт гаргасан болон өрх толгойлсон, олон хүүхэдтэй алба хаагчдынхаа хүүхдүүдэд өвлийн хувцас хэрэглэл гардуулан өглөө.

Тус арга хэмжээнд 48 алба хаагчийн 3-12 насны 60 гаруй хүүхдийг хамрууллаа гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд 720 тэрбум төгрөг төсөвлөсөн

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны улсын төсвийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Үүний дараагаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:

-Засгийн газар Монгол Улсын 2019 оны улсын төсөв, Иргэдийн төсвийн төслийг боловсруулан УИХ-д хуулийн хугацаанд боловсруулж өргөн барилаа. Монгол Улсын төсвийн онцлогуудыг хэлье. Ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9.7 их наяд төгрөгөөр, зарлагы 11,6 их наяд төгрөгөөр төсөвлөн оруулж ирж байна. Засгийн газрын өр ДНБ-өр 55 хувьтай байна. Монгол шиг газрын баялаг ихтэй улс баялгаас олох орлогоо ирээдүй хойч үедээ үлдээхээр хуримтлуулна 553 тэрбум төгрөгөөр хуримтлуулна. Норвегийн сан, Аляскийн сан гэж байдаг. Жилдээ нэмж олсон орлогоороо санхүүжүүлдэг. Энэ бол 2019 оны төсвийн нэг онцлог. Монгол Улс газрын баялгаа хуримтлуулах жил болно.

Төсвийн зардлыг бид жигд, тэгш хуримтлуулна. Зарим жилд ижил төстэй аймгуудын зардал өөр өөр байдаг байсан. Тэгвэл үүнийг ижилсүүлнэ.

2019 оны урсгал зардал дээр бид 2018 оны түвшинд барина. Бодлогын өөрчлөлт гарсан. Цалин, тэтгэвэр, халамжийг нэмэхээр 720 тэрбум төгрөгийг төсөвлөж оруулж ирсэн.

Эрүүл мэндийн даатгалын санг тэтгэврийн даатгалын сангаас хэрэгжүүлээд явж байгаа. Үүнийг салгасан. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоон дотор цахимжуулж, иргэн мэдээллээ авч, төлбөр тооцоогоо харж, үр дүнг нь үздэг болгоно. Эрүүл мэндийн байгууллагууд бие дааж эхэлнэ. Туршилтын журмаар Хавдар судлалын төв, Улсын клининкийн II эмнэлэг гэсэн хоёр эмнэлгийг гаргана. Орон нутаг өөрсдөө орлогоо нэмэх, зарцуулах эрхийг нь нээж өгч байна. Ингэснээр орон нутгийн бие даасан байдал нэмэгдэнэ.

Орон нутгийн хөгжлийн санд 189 тэрбум төгрөг төсөвлөлөө. Аймаг бүрт 8-10 тэрбум төгрөгийг нэмж тусгаж байгаа гэсэн үг. Аймаг бүрт олон сургууль, цэцэрлэг баригдахад тоног, төхөөрөмж авах хэрэгтэй байна.

Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийг нэлээд нэмэгдүүлнэ. Улаанбаатар хотын цэвэр усан хангамжийг нэмэгдүүлэх, саарал усыг хэрэглэх хүрээнд 350 сая ам.долларын санамж бичгийн гэрээнд гарын үсэг зурсан. Нефть боловсруулах үйлдвэр барих, Дарханы зам, Налайхын зам, эмнэлэг барих зэрэг ажил гадаадын зээл тусламжаар хэрэгжээд явна.

2019 онд улсын төсвөөр 1.366 их наяд төгрөгийн ажил хэрэгжинэ. 116 сургууль, 143 цэцэрлэг, 62 эмнэлэг барихаар байгаа.

2019 оны төсөвт мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор 41 тэрбум төгрөг тусгасан. Ингэснээр боловсон хүчний харьцааг тэнцвэржүүлэх боломжийг нээж өгч байна.Ингээд 2019 оны улсын төсвийг Засгийн газар боловсруулан өргөн барилаа. Хуулийн хугацаанд шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна хэмээлээ. Сангийн сайд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Хүүхдийн мөнгийг хэдэн хувьд олгохоор төсөлд тусгасан бол?

Цалингийн нэгдсэн системийг бий болгоно. Хүүхдийн мөнгийг төсөв дээр 80 хувиар тооцоод явсан. НХХЯ хүүхдийн мөнгийг авахыг хүссэн хүүхдийн тоогоор санхүүжилтээ авна гэсэн. Тооцоо судалгаа нь дуусч байгаа гэж үзэж байна.

-Ипотекийн зээлийг хаанаас олгох вэ?

-Ипотекийн зээл олголт Монголбанк дээр хэвээрээ үлдэнэ.

-Утааг бууруулах арга хэмжээ хэрхэн хэрэгжих вэ?

Утааг бууруулахад нийтдээ 200 орчим тэрбум төгрөг тавигдсан. Үүнээс 45 тэрбум төгрөгийг гэр хороолол руу дулааны шугам тавихад чиглэсэн.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулав

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, 29-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна.

Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалахад эцэг, эхийн оролцоо чухал

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж, шинэ санал санаачлагуудыг гарган ажиллаж байгаа билээ. Тухайлбал дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат дүүргийн эцэг эхчүүдийн дунд зохион байгуулагдсан ‘’Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо’’ сэдэвт зөвлөгөөнд оролцож ‘’Өсвөр үеийн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх’’ нь сэдвээр илтгэл тавьсан байна. Тус зөвөлгөөнд дүүргийн 300 орчим эцэг, эхийн төлөөлөл оролцсон бөгөөд тэрээр эцэг эхчүүдэд хандан замын хөдөлгөөний дүрмийг хүүхэд багачууддаа зааж, зөвлөж, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу үлгэрлэн оролцож, хүүхдийн оролцоог дэмжиж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриалсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.