Categories
мэдээ нийгэм

Багануур-Замын-Үүдийн шинэ чиглэлд автобус явдаг боллоо

Багануур дүүргээс Замын-Үүд чиглэлд өчигдрөөс зорчигч тээврийн том оврын автобус үйлчилж эхэллээ. Сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногийн баасан гарагт 18:00 цагаас “Хэрлэн” худалдааны төвийн зогсоолоос хөдөлж, ням гарагийн 18:00 цагт Замын-Үүдээс Багануур чиглэлд буцах маршруттай юм байна.

Нэг талын зардал 39000 төгрөг бөгөөд зорчигчийн амь насны даатгал 600 төгрөг байх ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

XVII зууны монголчуудын хувь заяа Манж, Оросын хоорондох Нэрчүүгийн гэрээгээр шийдэгдсэн

ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор С.Чулуун XVII зууны Монголын гадаад ертөнц: “Орос, Манжийн харилцаанд” сэдвээр нээлттэй лекц уншлаа. Түүний лекцийг тоймлон хүргэе.

Оросын архив, Бээжингийн хааны нэгдүгээр архив, Тайванийн архив, Польшийн архивуудад XVII зууны Монгол орны талаарх эх сурвалжууд байдаг ажээ. Профессор С.Чулуун Оросоос Монголоор дайраад Бээжинд очсон элч нарын зам, эсвэл Орос, Манжийн хоорондын харилцааны түүхэн газруудад өөрийн биеэр судалгаа хийжээ. Энэ судалгаагаар Нэрчүүгийн гэрээг хийх болсон шалтгаан, чухам яагаад Орос, Манж хоёр Нэрчүүг сонгох болсныг дүгнэжээ. Мөн энэ хүрээнд Монгол эзэнт гүрний дараахь Орос-Монголын харилцаа, Оросыг монголчууд юу гэж ойлгодог байсан, хотын бодлого нүүдэлчид хоёрын тулгарал, Оросын дорно зүгт хаяа дэрлэх монголчуудын асуудал зэргийг авч үзжээ.

Оросын элч нар Монголын нутгаар зорчихдоо хөтөлсөн өдрийн тэмдэглэл өнөөг хүртэл архивт хадгалагдан үлджээ. Тэмдэглэлд газар усны байрлал, нааш цааш явсан зам тодорхой тусгагдсан байдаг аж.

1681 онд Хотгойдын Лувсанренчинд Оросын хаанаас “Манайд дагаар ор” гэсэн жуух бичиг явуулжээ. Жуух бичгийг хүргэж ирэхэд Лувсанренчин Засагт ханыхантай зөрчилдөөд зугтаагаад явчихсан байж. Оросын элч нар жуух бичиг өгөх хүнээ олж чадаагүй учраас гэдрэг буцсан гэдэг. Тэрхүү жуух бичиг Оросын архивт өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Энэ жуух нь цор ганц бөгөөд үүнтэй ижил утга бүхий жуух бичгийг Монгол руу удаа дараа илгээж байсан гэдгийг С.Чулуун онцоллоо. Харин монголчуудын нүүдэлчин соёлын улбаанаас эдгээр баримтууд устаж үгүй болсон аж.

Эзэнт гүрний дараа Оростой ямар харилцаатай байсан нь судлаачдын анхаарлыг татдаг. XIII зуунд Оросыг эзлэн түрэмгийлж байсан учраас тэд биднийг сайн мэддэг байсан гэсэн таамаг бий. Гэтэл XVI зууны сүүл, XVII зууны эхэн үед Оросуудын хувьд Монгол бараг мартагдсан гэдгийг С.Чулуун хэллээ.

Оросуудын анх 1610-аад оны үед монголчуудыг эх орондоо дуудсан захидал илгээсэн тухай мэдээлэл бий. Гэтэл энэ захидалд “Бидний өвөг дээдэс 60 жилийн өмнөөс танай улстай холбогдохыг хичээлээ” гэж бичсэн байдаг аж. Тэгэхээр 1550-иад оны үеэс эхлэн Орос Монголын харилцаа эхлэлтэй гэж болно.

ОРОСЫН ХААНЫГ МОНГОЛЧУУД ЦАГААН ХААН ГЭДЭГ БАЙЖЭЭ

Цагаан хаан гэдэг нэр нь өрнөдөд Алтан ордны улсын үеэс үүссэн гэдэг. Гэтэл Лувсанданзангийн “Алтан товч”-д “Цагаадайны үрс Оросын Цагаан хаан болов” гэж тэмдэглэсэн байдаг. 1635 онд Хотхойдын Он-Эрдэнэ ноёноос Оросын хаанд захидалдаа Цагаан хаан танаа гэж эхлээд, өөрийгөө Алтан хан гэж бичжээ. Цагаан хаан нэрийг судалж үзэхэд хэд хэдэн баримт гарч ирсэн ажээ. Судлаачдын нэг хэсэг нь Алтан ордны улсаас улбаалан өнгө бэлгэдлийн дагуу цагаан гэж нэрлэсэн гэдэг. Харин нөгөө хэсэг нь Түрэгүүдийн нэрээс улбаатай гэж дүгнэжээ. Хамгийн гол нь монголчууд Цагаан хаан гэж оросуудыг нэрлэхээс гадна 1630-аад оноос Агуу хаан, Их эзэн гэсэн томьёонуудыг Оросын хаанд өгсөн байдаг. 1646 онд Баатар Цагаан хан гэсэн нэр гарч ирсэн.Тэгэхээр энэ үеэс оросуудыг хүчирхэг, өөрсдөөсөө тодорхой хэмжээний илүү хүмүүс гэж монголчууд ойлгодог байж.

Оросын хот тосгоны бодлогыг өнөөг хүртэл судлаачид шинэ газрыг колоничлолын зарчимаар өөрийн болгох арга гэдэг байсан. Гэхдээ оросууд гацаа, тосгоноо өөрийн эзэмшил гэхээсээ илүү албан татвар авах, тэрийгээ төвтэйгөө холбох гол сүлжээ болгон ашиглаж байжээ. Монголоос очсон элч нарт Орос өөрийнхөө хэн бэ гэдгийг харуулах нэг боломж нь гацаа, тосгон байсан. Монголчуудаас хот тосгонд орсон нэг ч элч байхгүй. Монголын элч очихоос өмнө Оросын хаан тосгон руугаа захиа илгээдэг байж. Тэр захианд ядуу гуйлгачин байсан ч өнгөтэй өөдтэй хувцасаа өмсөөд, хүрз, зээтүү бариад зогсож бай гэж үүрэгдсэн байдаг ажээ. Тэд хааныхаа зарлигийн дагуу Монголын элч нарыг угтан авахад элч нар “Үүдэнд нь байгаа хүмүүс ийм байхад цаад талын улс бол аюултай юм байна” гэсэн ойлголттой буцдаг байж. Дээрээс нь нэг ч элчийг хот руу оруулалгүй хотын захад жижиг сууцанд суулгаад, хэнтэй ч уулзуулахгүй хянадаг байжээ. Тэгээд элч нар дээр хотын захирагч, дарга нар ирж уулзахдаа улс орныхоо сүр хүчийн тухай ярьж “Манай хотод асар их буу зэвсэг, хүчтэй цэргүүд байна” гэдэг. Нөгөө Монголын элч нар эргэж ирээд ноёндоо “Орос чинь их аюултай газар байна. Жигтэйхэн их буу, галт зэвсэгтэй, олон хүнтэй юм байна гэж өгүүлдэг” аж. Гэтэл Оросын нэг хот хамгийн дээд талдаа 2000 хүнтэй байсан. Харин монгол ноёд хамгийн багадаа 10-20 мянган цэрэгтэй. Ямар ч айх аюулгүй хэрнээ сэтгэл зүйн хувьд Оросоо айдаг болсон нь ийм учиртай.

Оросын талаас Монголын асуудлыг шийддэг Элчийн захиргаа гэж байсан. Элчийн захиргааны бодлого үйл ажиллагааг гол хэрэгжүүлэгч нь Байгал нуурын чиглэлийн асуудлыг хариуцах захиргаа, Шинжаанаар дамжин Бээжин хүрэх замын асуудлыг хариудаг захиргаа, Томскийн захиргаа юм. Эдгээр нь очсон бүх элч, харилцааг зохион байгуулах үүрэгтэй. Ингэхдээ монголчуудыг хооронд нь өрсөлдүүлэх зарчимыг баримталж байжээ.1621 онд Шодой багш, Хархөх хан нар хоёр биетэйгээ дайтахаар болж аль аль нь туслалцаа гуйхаар тус бүртээ элч илгээсэн нь Оросын хааны ордоны гадаа бие биетэйгээ таарч байж. Үүнээс үзэхэд монголчууд Оросын талд бие биенээсээ уралдаж мэдээлэл хүргэх болж, оросууд монголчууд өөрсдөө мэдээлэл өгдөг юм байна гэдгийг маш сайн мэдсэн.

ОРОСУУД ХЯТАД РУУ ЯВАХ ЗАМЫН ХАМГИЙН АШИГТАЙ ХУВИЛБАРЫГ XVII ЗУУНЫ ТУРШИД ХАЙСАН

Оросын хаадын элч нар монгол ноёдоор төр нийлэх тангараг өргүүлж, дараа нь дагаар орох жуух бичиг хүргүүлдэг байж. Ноёд төр нийлэх тангараг өргөдөг атлаа дагаар орох жуух бичигт татгалздаг ажээ. Энэ нь төр нийлэх гэдгийг монгол ноёд холбоотон улс болж буй хэрэг хэмээн ойлгодог бол оросуудын хувьд дагаар орох гэсэн утгыг илэрхийлдэг байсан. Дагаар орох асуудалд монголчууд заль хэрэглэсэн байж болзошгүй гэдэг. Эхэлж ирсэн элчийг монголчууд маш сайхан хүлээж авна. Дараа нь жуух бичигтэй ирж буй элч нарыг хөөнө, царайгаа харуулахгүй, хүлээж авахгүй эсвэл буцах замд нь дээрэмдэх асуудал үүсгэдэг байж. Энэ нь монголчуудын дунд бие даасан статустай байх төрийн бодлого нь хэвээр үлдсэн байсны нотолгоо юм. Оросын элч нарын гол зорилго нь монгол ноёдуудыг ам алдуулах буюу тангараг өргүүлэх байж. Дараа нь Хятадтай харилцаа тогтоох. Ерөөсөө оросуудын хувьд дорно зүг рүү чиглэсэн нэг бодлого нь Монгол гэхээсээ илүү баян тансаг Хятадыг мөрөөдөж байсан. Үүний тулд Монголын газар нутгийг гатлахаас өөр ямар ч аргагүй. Тэгэхээр монголчуудын байр суурь газар зүйн хүчин зүйлээс хамаарч байжээ.

Тувагийн нутгаас Монголыг дамжаад шууд Бээжинд очих, Шинжааныг дамжаад Бээжинд хүрэх, Байгал нуурын сав, Сэлэнгийг дагаж Бээжинд очих замыг хайж байсан. 1606-1686 он хүртэл зөвхөн энэ гурван замыг л оросууд бодсон.Үүнээс оросууд Манж Чин улстай харьцах хамгийн сайн зам бол Байгал, Сэлэнгийн зам гэж дүгнэсэн. Энэ нь дөтөөс гадна хамгийн аюулгүй зам байсан. Ганц аюул байсан нь Түшээт ханыхан буюу Өндөр гэгээнийхэн. Оросуудын хувьд Түшээт хан, Өндөр гэгээнийг зайлуулах шаардлага тулгарсан. Энэ үед дотоодын зөрчилөөс үүсэн гарсан Галдан бошигтын асуудал оросуудын энэ хүслийг гүйцээх ганц боломж болжээ. Өндөр гэгээн Занабазарыг хүмүүс 1691 онд Манжид дагаар орсон гэж үздэг. Тухайн үед Занабазар Орос руу тусламж хүсэн дөрвөн удаа элч илгээсэн. Дөрвүүлэнд нь оросууд Сэлэнгийн сав газрыг чөлөөлж өгөөгүй, Байгал нуураас тосгоноо аваагүй, зугтаж гарсан монголчуудыг буцааж өгөлгүй итгэл эвдсэн.Ингээд 1691 онд Занабазарт өөр гарц байгаагүй учраас Манжийг түшсэн. Үгүй бол хэдэн монголчууд хоорондоо алалцаж дуусах байсан.

ЗАНАБАЗАРЫН МОНГОЛ ҮГИЙГ КИРИЛЛ ҮСГЭЭР БИЧСЭН ЗАХИДАЛ ОЛДЖЭЭ

Занабазарын шавилан сууж байсан Сарьдагийн хийдийн малтлагаас түүний Орос, Европ, Энэтхэг, Мин улстай харилцаж байсан бүх материалууд олджээ. Түүнчлэн Сарьдагийн хийд 1688 онд шатсан нь тогтоогдсон байна. Үүгээр хийдийг Галдан шатаасан гэдэг нь нотлогджээ. Өөрөөр хэлбэл, Галдан бошигт, Өндөр гэгээн Занабазарын хооронд ямар ч дайн болоогүй гэсэн үг. Харин Занабазар Ойрадын сүр хүчийн нөлөөгөөр бүх юмаа аваад зугтаачихсан гэдгийг малтлага судалгаагаар тогтсоосон байна. Малтлага судалгаагаар Өндөр гэгээн Занабазарыг уран барималч, уран зураач, шавар урлаач, мөн дипломат харилцааг үүсгэж байсныг тогтоосон. Түүний өөрийгөө зурсан хөргийг ч мөн малтлагын үед олжээ.

1688 онд Орос руу илгээсэн Занабазарын кирилл үсгээр монгол үгийг бичсэн захиа байдаг ажээ. Ингэхдээ Шарын шашныг баригч Бошигт хаан бичвэй гэсэн байдаг.Энэ захидалд “Би Өндөр гэгээнийг Хэрлэн голд аваачлаа. Одоо та нар тусла” гэж оросуудад хэлсэн байдаг. Энэ үед Нэрчүүгийн гэрээ хийхээр Орос, Манж хоёр тохирчихсон байсан учраас Занабазарт туслах шаардлага оросуудад байгаагүй. Оросууд захианы хариуд “Сэлэнгийн сав газар цэвэрлэгдсэн. Харин чи өөрөө зайлах ёстой” гэжээ.

XVII ЗУУНД МОНГОЛ ХЭЛ ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ ХЭЛ БАЙЖЭЭ

Гэхдээ Орос, Манж, Монгол гурвыг холбож байгаа бас нэг зүйл нь худалдааны зам. Энэ харилцааг эхлүүлэхэд монголчууд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн. Хэрвээ монголчууд байгаагүй бол Европ, Ази хоёр уулзах ямар ч боломжгүй. Тэр үед монгол хэл бол дипломат хэл байсан. Манжууд монгол хэлээр Оросын хаантай харьцдаг. Оросын хаан Манж руу монгол хэлээр захиа бичдэг. Эсвэл монголчууд Манж нарт орчуулга хийх маягаар харилцдаг байжээ.

Мөн энэ үеийн Орос, Манжийн харилцааны гол зохицуулагчийн үүргийг монгол ноёд гүйцэтгэсэн. Гэхдээ Монголын ноёд энэ дундаас аль ашигтай хувилбарыг хайж байсан. Гэвч Манжийн хүчирхэг Энх-Амгалан хаан, нөгөө талд нь Оросын Петр хаан гарч ирснээр байдал өөрчлөгдсөн. Эдгээр хоёр хаан хоёулаа маш тодорхой бодлого явуулж эхэлсэн бөгөөд энэ үед монголчууд өөрийн эзэн хаангүй байсан нь сул талыг бий болгосон. Эдгээр асуудлаас болоод 1680-аад оноос Монгол ноёд байр сууриа алдаж эхэлсэн. Ингээд Монголын гадаад ертөнц XVII зуунаар бүрэн хаагдаж, монголчуудын талаарх бодлогоо Манж, Орос хоёр бүтэн зууны турш боловсруулж, Монголоос туршлагажиж, тэрхүү бодлогын хөрсөө тавьж эхэлсэн түүхтэй. Өнөөдөр Оросын Монголын талаар явуулж буй бодлого, Хятадын бодлого ч тэр XVII зуунд сууриа тавьсан гэж болно. XVII зуунд болсон бүх үйл явдал бүгдээрээ агуулгын хувьд одоо үеийн Орос, Хятадын бодлоготой тун төстэй гэдгийг эрдэмтэд хэлдэг.

НЭРЧҮҮГИЙН ГЭРЭЭ ҮНДСЭНДЭЭ ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУДЫН ХУВЬ ТАВИЛАНГ БҮРЭН ШИЙДСЭН

Өндөр гэгээнийг явуулаад Сэлэнгийн сав газар аюулгүй болонгуут Нэрчүүгийн сав газрыг Оросууд сонгож Манжтай гэрээлэхээр тохиролцсон. Нэрчүүг судлаачид Манж, Оросын уулзах хамгийн ойр боломжтой газар гэж үздэг. Гэтэл яг бодит байдал дээрээ тийм биш. Тэртээ 1648 оноос эхлэн Оросын хаан Монгол дахь мөнгөний ордыг хайх болжээ. Энэ нь нэг удаа Цэцэн ханаас Оросын хаанд мөнгөн аяга бэлэглэж, түүнийг хүргэсэн элч мөнгөний орд байдаг талаараа өгүүлснээс улбаатай гэдэг. Оросуудын 1648 оноос хойш мөрөөдсөн мөнгөний орд Нэрчүүгийн гэрээ байгуулсан газраас Оросын тал руу нэг км-ийн зайтай. Тэр орд нь Мөнгөөчий, Алтаачий гэдэг хоёр голын Мөнгөөчий голын сав дээр байсан. Үүнийг өнөөдрийг хүртэл судлаачид ерөөсөө анзаараагүй. Нэрчүүгийн гэрээгээр оросууд стратегийн хамгийн гол газраа өөрийн болгож чадсан. Ингээд Нэрчүүгийн гэрээгээр алдагдаж таслагдсан мөнгөний ордыг 11 жилийн дараа ашиглалтад оруулан олборлож эхэлсэн. Ингээд 1818 он хүртэл 110 гаруй жил Оросын мөнгөний бүх хэрэгцээг тэндээс олборлосон. Тэгэхээр оросууд газар нутаг биш, байгалийн баялаг, худалдааны замын төлөө дорно зүгт хандсан хэрэг. 1911 оны тусгаар тогтнолын дараа оросууд манайхаас ганц зүйл шаардсан. Тэр нь худалдааны эрх юм. Уул уурхай ашиглах эрхээ өг тэгээд л болоо. Та нарын тусгаар тогтнолын асуудал сонин биш гэсэн байдаг. Тиймээс ч манайхыг тусгаар тогтнолын автономит эрхтэй болгоод Бээжинд өгчихсөн. Энэ бодлого 300 жилийн өмнө уг сууриа тавьсан гэдгийг дээрх явдал гэрчилнэ. Мөнгөний орд нь одоогийн Оросын Нерчинск хот юм.

Оросууд Нэрчүү гэрээний зарчмыг дараа дараагийн Манжуудтай хийх гэрээндээ хатуу баримталсан. Хиагтын, Буурын гэрээ зэрэгт Нэрчүүгийн гэрээ суурь нь болж байсан.

1681 оноос эхлэн оросууд монголчуудтай элч солилцоод ямар ч нэмэргүй хэмээн шууд цаадах улстай нь харилцъя гэсэн зарчимыг баримтлах болсон. Ингээд монголчуудын үүрэг хумигдаж эхэлсэн. 1685 оноос хойш гурван жил бэлдэж байгаад Нэрчүүд гэрээ хийжээ. Нэрчүүгийн гэрээ монголчуудын хувь тавиланг шийдсэн. Оросуудад монголчуудтай холбоотой асуудал үүслээ гэхэд шууд Манжийн хаантай хэлэлцэнэ гэж гэрээнд заажээ. Нөгөө талаасаа харахад Нэрчүүд гэрээ байгуулагдсанаар монголчуудын газар нутгийн зааг эрх зүйн хувьд баталгаажсан гэж үзэж болно. Энэ гэрээнээс улбаалж явсаар одоогийн байгаа газар нутгийн хил хязгаар тогтоогдсон юм.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ спорт

Өсвөрийн аврагчид тодров

Говь-Алтай аймгийн Улаан загалмай хороо, Онцгой байдлын газар, “Дэлхийн зөн Монгол ОУБ”-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран есдүгээр сарын 28-нд аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч -2018” тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд нийт найман багийн 56 гишүүн оролцоход нэгдүгээр байрт Есөнбулаг сумын хоёрдугаар сургуулийн “Сонор” баг шалгарч шилжин явах цом алтан медаль, өргөмжлөл мөнгөн шагналын эзэд болсон бол удаах байрыг Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн “Сүлд” баг, Халиун сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Сонор” баг тус тус хүртэв.

Тэмцээний зорилго нь дээрх гурван байгууллагын хамтын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг таниулж мэдүүлэх, хүүхдэд болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг аврах анхан шатны мэдлэг дадлага олгох, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог хангах, тэдэнд аюулгүй амьдрах мэдлэг олгох, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй хүмүүжил олгох хамтын ажиллагааг хангахад чиглэгджээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үг


“Хүн бүрт хамаатай Нэгдсэн Үндэстний байгууллагыг бий болгох нь: Энх тайван, эрх тэгш, тогтвортой нийгмийн төлөөх дэлхий нийтийн манлайлал ба хамтын хариуцлага

Чуулганы дарга аа,

Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Эрхэм Хатагтай, ноёд оо,

Хүндэт төлөөлөгчид өө,

Юуны өмнө Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы даргаар гишүүн орнуудын дэмжлэгийг авч сонгогдсон хатагтай Гарсес танд чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Таныг энэхүү хариуцлагатай, чухал үүрэг даалгавраа гүйцэтгэхэд манай төлөөлөгчид бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг чармайн ажиллах болно.

Чуулганы дарга аа,

Өнөөдөр бид хавтгай, глобалчлагдсан, харилцан хамаарал бүхий дэлхий дээр амьдарч байна. Бидний амьдрал улам бүр цахимжиж, технологийн дэвшил амьдралын хэв маягийг тодорхойлж эхэллээ. Нэг талаас дэлхий ертөнц ийнхүү хөгжиж байгаа хэдий ч зөрчил тэмцэл, өлсгөлөн ядуурал, тэгш бус байдал зэрэг олон асуудал, зовлон бэрхшээл бидэнд тулгарсаар байна.

Тиймээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын үйл ажиллагааг хүн бүрт хүргэх, илүү тогтвортой, амар амгалан, эрх тэгш дэлхий ертөнцийг бий болгох талаар хэлэлцэж буй энэ удаагийн Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувиар оролцож байгаадаа таатай байна.

НҮБ өнгөрсөн 73 жилийн хугацаанд даян дэлхийн ойлголцол, шудрага ёс, энхийн төлөөх үйлсээрээ гишүүн орон бүртээ хүрч чадсан. Цаашид тус байгууллага Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд дэлхийн хүн бүрт бодлого, үйл ажиллагаагаа хүргэх зорилго тавьсан нь цаг үеэ олсон, НҮБ-ын суурь зарчимд нийцсэн хандлага гэж Монгол Улс үзэж байна.

Хөгжил цэцэглэлтийн гадна хэнийг ч үл орхихын төлөө ажиллах бидний хамтын үйлсийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррec өөрийн шинэчлэлийн бодлогоороо манлайлж байгаад Монгол Улс талархалтай байна.

Ялангуяа НҮБ-ын энх тайван, аюулгүй байдлын бүтцийн шинэчлэлийн хүрээнд урьдчилан сэргийлэх болон эвлэрүүлэн зуучлах чадавхийг нэмэгдүүлэх, энхийг сахиулах ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, хөгжлийн системийн шинэчлэлийн хүрээнд уялдаа холбоо, үр дүн, хариуцлага, ил тод байдлыг дээшлүүлэх талаар гаргаж буй бүтээлч санаачлага, үйл ажиллагааг сайшаан дэмжиж байна.

Чуулганы дарга аа,

Өнгөрсөн 2017 онд дэлхий дахины цэрэг зэвсгийн зардал 1.7 их наяд ам.долларт хүрсэн нь өмнөх оноос өссөн төдийгүй хүйтэн дайн дууссанаас хойших хамгийн өндөр дүн болохыг Стокгольмын Энх тайвны судалгааны хүрээлэнгээсгаргасан судалгаанд дурджээ.

Дэлхий дахинд зэвсэглэлээр хөөцөлдөх явдал буурахгүй, зарим бүс нутагт зөрчил тэмцэл гүнзгийрч, тогтворгүй байдлыг өдөөх, ялангуяа зэвсэгт мөргөлдөөнд техник, технологийн үсрэнгүй дэвшлийг ашиглаж байгаа нь байдлыг улам аюултай болгожбайна.

Монгол Улс аливаа зөрчил тэмцлийг хүчээр бус, тайван замаар, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх ёстой гэсэн зарчмын байр суурийг үргэлж баримталж ирсэн билээ.

Бид Монголчуудын харилцаа, сэтгэлгээний соёл, шашин шүтлэг нэвт шингэсэн энхийг эрхэмлэх үзэл санаандаа тулгуурлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган болон бусад хурал, зөвлөгөөнд оролцохдоо энх тайван, аюулгүй байдлын төлөөх бусад улс орнуудын санал санаачлага, үйл ажиллагааг тууштай дэмжиж, энэ байгууллагын хариуцлагатай гишүүн орон байхыг ямагт чармайж ирсэн.

Тэртээ 1978 оноос жил бүрийн 10 дугаар сарын 24-30-нд дэлхий дахинаа тэмдэглэж ирсэн “Зэвсэг хураах долоо хоног”, 1984 онд баталсан “Улс түмний энх тайван орших эрхийн тухай тунхаглал” тогтоолуудыг санаачилж, 1992 оноос нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн тунхаглаж, эл статусаа баталгаажуулсаар ирсэн нь бүс нутаг болон даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалд бидний оруулсан хувь нэмрийн нэгээхэн хэсэг билээ.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж монголчууд хэлцдэг. Монголчууд бид энх тайван, амар амгалан байдал үгүйлэгдэж, гамшиг зовлон тохиолдсон улс орон, ард түмэнд ямагт туслахыг эрмэлздэг.

Бид Солонгосын дайны үеэр БНАСАУ-ын өнчирч үлдсэн зуу зуун хүүхдийг авч, өсгөж өндийлгөж байсан бол сүүлийн хэдэн арван жилийн турш байгалийн гамшиг, террорист халдлагад өртсөн улс орнуудад өөрсдийн боломж, нөөцийн хэрээр тусалж, бүс нутгийн зарим улсад хөгжлийн тусламж үзүүлж, ардчилсан шилжилтийн туршлага, сургамжаа хуваалцаж ирсэн.

Энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэж буй, дэлхийн энх тайван, аюулгүй байдалд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монголын цэргийн албан хаагчид 2002 оноос, цэргийн багууд 2006 оноос хойш үүрэг гүйцэтгэж байна. Өдгөө монголын энхийг сахиулагчид дэлхийн хамтын нийгэмлэгээс “гуйвшгүй, төвшин, чадвартай” гэсэн үнэлгээ авсанд бид бахархалтай байдаг.

НҮБ-д цэрэг хандивлагч эхний 30 улсын нэг, хүн амдаа харьцуулсан энхийг сахиулагчдын тоогоороо түүнээс ч илүү эрэмбэтэй Монгол Улс цаашид ч энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоогоо нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргын “Энхийг сахиулахын төлөөх үйл ажиллагаа” санаачилгыг сайшаан дэмжиж байна.

Чуулганы дарга аа,

Монгол Улсын аюулгүй байдал, хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой Зүүн Хойд Азийн асуудал нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг яах аргагүй мөн.

Энэ жил болж өнгөрсөн хоёр Солонгосын болон бусад дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээний үйл явцыг Монгол Улс туйлын анхааралтай ажиглан сайшааж, Зүүн Хойд Азид итгэлцэл, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд нааштай өөрчлөлтүүд гарна хэмээн итгэж байна. Бид үйл явцыг зөвхөн ажиглаад зогсохгүй үүнд өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьж байна.

Монгол Улс 1980-аад оноос Зүүн Хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг тууштай дэвшүүлж ирсэн. 2014 оноос Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг жил бүр зохион байгуулж ирлээ.

Өдгөө бага хурлын нэр хүнд өсөж, яриа хэлцлийн цар хүрээ өргөжин бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны боломж зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, дэд бүсийн бүх улсын оролцоог хангасан, албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотой нээлттэй механизм болон төлөвшиж байна.

Нөгөө талаас Ази тив нь дэлхийн хамгийн гамшигт өртөмтгий бүсийн нэг юм. Бид болзошгүй гамшгийн аюулд өртөх эмзэг байдлаа арилгах, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж идэвхтэй хамтран ажилладаг.

Энэ хүрээнд бид Зүүн Хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах платформыг Монгол Улсад байгуулах санаачлагыг дэвшүүлж үүнийгээ “Улаанбаатарын яриа, хэлэлцээ” олон улсын удаа дараагийн бага хурлууд, мөн энэ оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын үеэр тус тус хэлэлцүүлснийг бүс нутгийн орнууд дэмжин хүлээж авч бодит ажил болгохын төлөө хамтран ажиллаж байна.

Саахалт айлын санаа нэг, айл хүний амь нэг гэж монголчууд хэлдэг. Монгол Улс хоёр хөрштэйгээ харилцаагаа стратегийн түвшинд хөгжүүлэх, тэдний зүгээс бүс нутгийн хэмжээнд гаргасан санаачилгыг анхааралтай ажиглаж, идэвхтэй оролцох байр суурь баримталдаг.

Манай улс “Бүс ба зам” санаачилгыг дэмжсэн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, мөн “Бүс ба зам” санаачилгад хамрагдаж буй улс орнуудын залуу диломат, судлаачдын бүтээлийг дэмжих зорилго бүхий “Энх тайван, дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөөх шагнал”-ыг бий болгох санаачлагыг тус тус дэвшүүлсэн.

Чуулганы дарга аа,

Өнөөдөр дэлхий дээрх цөөнгүй тооны зэвсэгт мөргөлдөөн, зөрчил тэмцэл, алан хядах ажиллагааны гол шалтгаан нь иргэншил, шашин хоорондын зөрчил байгаатай хэн ч маргахгүй биз ээ.

Монгол бол хэдэн мянган жилийн түүхэндээ шашны болоод үндэстэн хоорондын дайн гаргаж байгаагүй цөөн улсын нэг юм. Тэртээ 812 жилийн өмнө байгуулагдсан Их Монгол улсад хуулийг бүхнээс дээр тавьж, шүтэж бишрэх эрх чөлөөг хөхиүлэн дэмждэг, христ, лал, күнз, буддын сургаалтнууд тэгш эрхтэй, үзэл сурталын дайнгүй зэрэгцэн оршдог байжээ.

Өөрөөр хэлбэл, Монголын эзэнт гүрэн нь бүх шашныг хүлцэх, хүндлэх асар том бүс нутаг байсан нь өнөөгийн ертөнцөд маш сургамжтай юм.

Хожмоо XX зууны “хүйтэн дайн”-ы үед ч монголчууд 1969 онд анх байгуулагдсан Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын хүрээнддаян дэлхийд энх тайвныг тогтооход олон улсын бурхны шашинтнуудын дуу хоолойг нэгтгэхийн төлөө, үзэл суртлын талцал хуваагдлын эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж тодорхой үр дүнд хүрч байсан юм.

Эдүгээ Азийн Буддистуудын энх тайвны бага хурал шиг яриа хэлэлцээний механизмын орон зай үгүйлэгдэж байна.

Тиймээс бид НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөлд зөвлөх статустай Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын үйл ажиллагааг бүс нутаг болон олон улсын түвшинд дахин идэвхжүүлэх, Зүүн Хойд Ази болон Төв Азийг холбож буй улсын хувьд Шашны эрх чөлөөний чуулганыг ирэх онд өөрийн эх орондоо зохион байгуулах санал, санаачилга гаргаж буйгаа НҮБ-ын индэр дээрээс мэдэгдэж байна.

Бидний санал, санаачилга өнөө цагийн энх тайвны соёл, бусдын шашныг хүлцэх, шашин шүтлэгийн эрх чөлөөний хөгжлийн шинэ өрнөлд бодит хувь нэмэр оруулна хэмээн итгэж байна.

Чуулганы дарга аа,

Манай улс бол үндэсний түвшний Тогтвортой хөгжлийн зорилтуудыг түүчээлж баталсан орны нэг юм. 2016 оны 2 дугаар сард баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д Монгол Улс 2030 он гэхэд ардчилсан засаглалаа бэхжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг ханган, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн юм.

Бид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг үндэсний хөгжлийн бусад бодлого, баримт бичгүүдтэй уялдуулж, богино, дунд хугацааны төлөвлөгөө, хөтөлбөрт хуваан үе шаттай хэрэгжүүлж эхлээд байна.

Түүнчлэн хөгжлийн санхүүжилтыг баталгаажуулахын тулд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх, олон талыг хамарсан ажлын хэсгийн судалгаанд үндэслэн Тогтвортой хөгжлийн зорилтуудын үндэсний түвшний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлон батлах чиглэлээр ажиллаж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн орлого давж биеллээ.

Гэвч Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай, түүхий эдийн үнэ ханшийн өөрчлөлтөд мэдрэмтгий тул эдийн засгийн өсөлт урт хугацаанд тогтвортой бус, хэлбэлзэл ихтэй байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг тогтворгүй болгох, түүхий эдийн үнэ ханш буурсан жилүүдэд хөрөнгө оруулалт буурах зэрэг бодит эрсдэлүүдийг бий болгож байна.

Эдийн засгийн өсөлт хүмүүсийн амьдралд шууд тусгалаа олохгүй байгаа нь манай Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэг сорилт юм.

Тухайлбал, эдийн засгийн өсөлтийн дүнд ажилгүйдэл бага зэрэг буусан авч ядуурал буурахгүй байна. Тиймээс Засгийн газрын хөтөлбөрүүд, салбарын төлөвлөлт зэрэгт баян, ядуугийн ялгааг багасгах, ядуурлыг бууруулахтай холбоотой зорилтуудыг заавал тусгах, төр – хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, орлого багатай өрхүүдийг цахим бүртгэл, судалгаанд бүрэн хамруулахыг зорьж байна. [Мөн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах салбар дундын үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага гарч байна.

Чуулганы дарга аа,

Энэ жил хүний эрхийн түүхэн дэх хамгийн чухал баримт бичиг болох Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож байна.

Манай улс эл тунхаглалын үзэл санаан доор хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр их хүчин чармайлт гаргаж амжилтад хүрсэн ба сүүлийн жилүүдэд жендэрийн тэгш байдлыг хангах, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хүний наймаа болон мансууруулах бодисын аюултай тэмцэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих зэрэг асуудалд онцгой ач холбогдол өгч ирлээ.

Монгол Улс 2016-2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж, хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл хангалуун байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн бүр эрх, эрх чөлөөг бүрэн эдэлж болохуйц нийгмийн болон олон улсын дэг журамд аж төрөх эрхтэйг заасан байдаг. Дүрвэгч, шилжин суурьшигчдын асуудлаарх 2016 оны Нью-Йоркын тунхаглалын мөрөөр гишүүн орнууд шилжин суурьшигчдын асуудлыг хоёр жилийн турш нухацтай хэлэлцсэн.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсан түүхт 70 жилийн ойн өдөр Марракеш хотноо батлагдах гэж буй Аюулгүй, дэг журамтай, хэвийн шилжин суурьшигчдын асуудлаарх дэлхий нийтийн гэрээ нь шилжин суурьшигчдын эрхийн хамгаалалд ахиц дэвшил авчрах чухал баримт бичиг болно гэж бид итгэж байна.

Дэлхий дээрхшилжин суурьшигчдын тоо сүүлийн хориод жилд эрс нэмэгдсэн ба энэ байдал цөөн хүн амтай, Зүүн Хойд Азийн өндөрлөг газарт оршдог манай улсыг ч тойрч гараагүй.

Ажилгүйдэл, ядуурал зэрэг шалтгаанаар дотоод, гадаадын шилжин суурьшилт нэмэгдэж байна.

Манай улсын хувьд 1990-ээд оноос хойш хөдөө, орон нутгаас хот, сууринг чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэж, 2017 оны байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 45 хувь нь оршин сууж, хүн амын цэвэр өсөлт 22.3 хувьд хүрлээ.

Нийслэл хотод ядуурал, ажилгүйдэл, эрүүл мэндийн үйлчилгээ, сургууль цэцэрлэгийн хүртээмж, агаарын бохирдол зэрэг нийгмийн асуудлууд бусад газраас илүү хуримтлагдаад байна.

Монгол Улсын иргэдийн боловсролын түвшин харьцангуй өндөр бөгөөд 2018 оны улсын төсвийн хоёрдахь том багц нь боловсролын салбарын төсөв байгаа нь төр засгаас хүний хөгжилд байнга тэргүүлэх ач холбогдол өгч ирсний илрэл юм.

Гэвч сургуулийн хүртээмж, чанар нь хүн амын өсөлт, хотжилтын хурд, орчин үеийн боловсролын жишиг, стандартыг тэр бүр гүйцэхгүй байна.

Хөдөөгийн хүн амын нягтрал буурч, сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлт улам бүр багасч байхад, хотод байдал эсрэгээрээ байна. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод иргэдтэй хийсэн уулзалт дээр нэгэн иргэн өвөл Цельсийн хасах 20-25 хэмийн хүйтэнд 10 гаруйхан настай хүүхэд нь үдшийн 9 цагт гуравдугаар ээлжид орсон хичээлээ таран, сургуулийн автобус байхгүй учир харанхуй гудамжаар гэр рүүгээ явган алхаж ирдэг тухай ярьж байсныг би сэтгэл эмзэглэн санаж явдаг.

Нийслэлд цэцэрлэг хүрэлцэхгүй, захын дүүргийн олон сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, өрхийн эмнэлгийн ачаалал хэтэрч, агаарын бохирдол хүний эрүүл мэндэдсөргөөр нөлөөлж, улсын хэмжээний нийт ажилгүй иргэдийн гуравны нэгээс илүү хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа зэрэг олон асуудлыг Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд 2030 он гэхэд үе шаттайгаар шийдвэрлэх ажлыг Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байна.

Түүнчлэн манай улсын нийт хөдөлмөрийн насны иргэдийн 5 орчим хувь нь гадаад улсуудад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэдний эрүүл мэнд, нийгмийн даатгал, давхар иргэншил зэрэг асуудлыг цогцоор шийдвэрлэх, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал бидний өмнө тулгамдаж байна.

Чуулганы дарга аа,

Энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн асуудлын зэрэгцээ өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа бас нэг том сорилт асуудал бол уур амьсгалын өөрчлөлт билээ.

Парисын гэрээг дэлхийн 179 орон соёрхон батлаад байна. Гэвч хэрэгжилт хангалтгүй, улс орнуудын хамтын үүрэг хариуцлага сул хэвээр байна. Иймд энэ асуудлыг хянан хэлэлцэх Дээд хэмжээний уулзалтыг 2019 оны 9 дүгээр сард зохион байгуулах Ерөнхий нарийн бичгийн даргын саналыг бид цагаа олсон арга хэмжээ гэж талархан дэмжиж байна.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар нь дэлхийн бүх улс үндэстнүүд, түүний дотор нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд илүү хурц мэдрэгдэж эхлээд байна.

Үүнтэй уялдуулан Монгол Улсын санаачилга, манлайллаар Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв нь өнгөрсөн тавдугаар сард албан ёсны нээлтээ хийснийг цохон дурдахыг хүсч байна.

Далайд гарцгүй хөгжиж буй 32 орныг төлөөлсөн анхны Засгийн газар хоорондын байгууллага болох Олон улсын судалгааны төв нь эдгээр орны нийтлэг бэрхшээл, эрх ашиг, байр суурийг хамгаалах, олон улсын худалдаанаас хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг бүхий бодлогын судалгаа, эрдэм шинжилгээ, төслийн ажлуудыг гүйцэтгэх бөгөөд та бүхнийг энэхүү төвийн үйл ажиллагааг дэмжиж, бидэнтэй урьдын адил хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлтэй хөдөө аж ахуй, уул уурхайгаас ихээхэн хамааралтай эдийн засаг бүхий манай улсад газар хөдлөлт, цөлжилт, хөрсний доройтол, ой хээрийн түймэр зэрэг үзэгдлийн хамрах хүрээ, давтамж, түүний сөрөг үр дагавар нэмэгдэж байна.

НҮБ-ын Уур амьсгалын долоо хоногийн арга хэмжээний хүрээнд уур амьсгалын ийм өөрчлөлт Монгол Улсад хэрхэн нөлөөлж буйг, бусдад бас яаж нөлөөлж болохыг сэрэмжлүүлсэн “Цэнхэр алт” баримтат киноны нээлтийг зохион байгуулж байгааг та бүхэнд энэ дашрамд сонордуулахыг хүсч байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө

Дэлхийн улс үндэстнүүд бүгдээрээ нэг итгэлцэл дор нэгдмэл байж, одоо болон ирээдүйн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгож, хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдал, эрх чөлөө, тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтээрээ хамтдаа хүчин зүтгэхийг НҮБ-ын эрхэм индэр дээрээс уриалж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Ойгоороо “Алтан гадас” одон хүртлээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит улсын тэргүүний ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг тус сургуулийг 1984 онд төгссөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга З.Энхболд гардуулж баяр хүргэлээ.

Тэртээ 1938 оны дөрөвдүгээр сарын 15-нд 20 сурагч, хоёр багштай “Ардын сайн дурын тэнхим” нэртэй байгуулагдаж байсан Сүхбаатар сумын ууган нэгдүгээр бүрэн дунд сургууль 80 жилийн түүхийг бичиж ойн арга хэмжээг ёслол төгөлдөр тэмдэглэв.

Ардын журамт цэргийн хурандаа, Ардын их хурлын Тэргүүлэгчдийн дарга Гончигийн Бумцэндийн нэрээр овоглож, улсдаа тэргүүний сургуулиар шалгарсан амжилттай тус сургууль өнгөрсөн 80 жилийн түүхэнд 8300 гаруй төгсөгчийг эрдэм мэдлэгийн их аянд хөтөлж, амжилттай төгсгөжээ.

Мөн сургуулийн ойн баярт зориулж тус сургуулиар овоглодог үе үеийн төгсөгчид, багш, ажилтнуудад баяр хүргэж аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн бие төлөөлөгч Ж.Санжжав нар үг хэлэв.

Мөн сургуулийн 80 жилийн ойн баярын хурлаар тус сургуулийн ахмад болон үе үеийн багш, ажилчид хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж төрийн одон, медаль болон салбарын яамны, аймгийн “Хүндэт тэмдэг”, “Хүндэт өргөмжлөл”, Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнууллаа.

Categories
мэдээ нийгэм

Иргэд ногоон байгууламж, гар бөмбөгийн талбай байгууллаа

Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн иргэд өнгөрсөн жил хогийн цэгээ цэвэрлэж сагсны талбай байгуулж байсан бол энэ удаа Соёлын төвийн дэргэдэх талбайдаа ногоон байгууламж, гар бөмбөгийн талбай байгууллаа. Мөн төв замаас 20 дугаар сургууль хүрэх явган хүний замыг засч хүүхэд, багачууд явахад саадгүй болгожээ.

Дээрх ажлыг Эрдэнэ багийн Засаг даргын санаачилгаар “Хөршийн холбоо”-ны иргэд хамтран зохион байгуулсан бөгөөд бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийг аймаг болон сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, аж ахуйн нэгжийн хандив тусламжаар санхүүжүүлсэн байна. “Хөршийн холбоо”-ны 50 ахлагч амралтын өдрөөрөө Жаргалант суманд ногоо хураалтад оролцож олсон мөнгөө дээрх бүтээн байгуулалтад зарцуулахын зэрэгцээ хорт хавдартай нэгэн иргэнд хандивлажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Учрал: Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэхэд төрийн бодлого хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.


-Цахим бодлогын түр хороо “Unfriend” аянд идэвхтэй оролцлоо. Цаашид ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа вэ?

-Цахим бодлогын түр хороо энэ намрын чуулганаас эхлээд ажлуудаа идэвхжүүлж ажиллана. Өнгөрсөн хугацаанд бид төлөвлөгөөн дээрээ илүү их анхаарч ажиллалаа. Мөн олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалж ажиллах талаар хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгээс тодорхой зөвлөмжийг гаргасан. Зөвлөмжийг төрийн гурван өндөрлөгт хүргүүллээ. Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллах уу, УИХ-ын зүгээс хэрхэн ажиллах вэ гэдэг дээр тодорхой зөвлөмжүүдийг хүргэсэн. Олон нийтийн сүлжээнд хүнийг гүтгэх, доромжлох, хүүхдийн эрхэд халдах асуудлууд их гарч байна. Цахим гэмт хэргийн гаралт сүүлийн нэг жил нэг дахин өссөн үзүүлэлт гарсан. Үүнийг зөвхөн технологийн аргаар эсвэл хуулиар шийдэж чадахгүй. Нийгмийг соён гэгээрүүлэх ажлуудыг хийх нь илүү чухал гэж үзэж байгаа. Тэр утгаараа бид Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан “Unfriend” хөдөлгөөнийг бодит утгаар нь дэмжлээ. Энэ хөдөлгөөний тусламжтайгаар олон санал зөвлөмжүүдийг УИХ-д хүргүүлсэн. Мөн айл бүрт цахим зохистой хэрэглээг нэвтрүүлж, энэ талаар бие даасан хичээлийг ЕБС-уудад оруулах аяныг өрнүүлэх бодолтой байгаа. УИХ-ын дэргэд байгуулагдсан Цахим бодлогын түр хорооноос цаашдаа цахим орчинд хүний эрхийг хамгаалах, салбар байгууллагуудын үүргийг тодорхойлсон хуулийн төслийн судалгааг хийгээд бүрэн дууссан. Уг хуулийг намрын чуулганаар хэлэлцүүлэх бодолтой байгаа.

-Цахим бодлогын түр хорооноос салбарын мэргэжилтнүүдтэй хамтран Төрийн цахим шилжилтийг хийхэд чиглэсэн ажлын хэсэг байгуулжээ. Цахим шилжилтийг хийснээр ямар бодит үр дүн гарах вэ?

-Бид Цахим гарын үсгийн тухай хуулийг 2015 онд баталсан. Гэхдээ цахим гарын үсгээр төрийн үйлчилгээ авч байгаа тохиолдол алга байна. Өнөөдөр ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагааг нотариатаар батлуулахгүй бол хүчингүйд тооцдог.

Нэг ёсондоо төр өөртөө байгаа мэдээллийг иргэдээсээ заавал нэхдэг хэлбэр лүү шилжжээ. Энэ асуудлыг бид анхаарч ач холбогдол өгч ажиллах ёстой юм байна. Өнгөрсөн хугацаанд 800 гаруй тэрбум төгрөгийн программ хангамж төрийн байгууллагуудаар хэрэгжсэн гэсэн тоо бий. 800 гаруй тэрбум төгрөг зарчихаад ямар үр дүнд хүрсэн юм бэ гэдгийг бид харах ёстой. Энэ мөнгөнөөс хэдэн төгрөг хэмнэсэн юм. Төрийн албыг яаж цомхотгосон, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, хурдан шуурхай болгож чадсан юм уу гэдгийг хэмжих үзэх ёстой. 800 тэрбум төгрөгийн ихэнх хэсэг нь гадаадын зээл тусламж. Буцаад л төлөгдөх ёстой мөнгө шүү дээ.

Монголчууд өөрсдөө программ хангамжийн чиглэлээр сайн ажилладаг болсон. Манай программистууд ямар ч захиалга өгсөн дэлхийн программистуудтай адилхан хэмжээнд хийж чаддаг болжээ. Адилхан мэргэшиж, боловсорсон байна. Гэтэл бид монголчуудаараа хийлгэхгүй гадаадын компаниудаас зээл тусламж авах байдлаар ажиллаж байгаа нь тун харамсалтай. Энэ бодит тоог гаргахын тулд Цахим бодлогын түр хорооны иргэд ажлын хэсгийг байгууллаа. Тухайн ажлын хэсгээрээ дамжуулаад бид төрийн байгууллагууд дээр очиж шалгалт хийнэ. Хөрөнгийн бирж дээр Англиас авсан “Software” чинь хэрэг болж байгаа юм уу, боловсролын салбарт хэрэглэж байгаа программ хангамжууд хэрэгтэй байна уу, үгүй юу гэдэг дээр үнэлэлт хийж дүгнэлт гаргах юм. Дүгнэлтийнхээ дагуу УИХ дээр мэдээлэл хийнэ. Цаашид юунд анхаарч ажиллах вэ гэдэг нь тодорхой болсны дараа УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөх тогтоол батлуулна. Тогтоолынхоо дагуу Засгийн газар дэргэдээ Цахим бодлогын асуудлыг хариуцсан тусгай хороог байгуулж, үүнд ач холбогдол өгч ажиллаасай гэж бодож байгаа.

Бид тухайн салбартаа мэргэшсэн, салбараа мэддэг хүмүүс нь зовлон жаргалаа ярих ёстой гэж үзсэн. Тэр утгаараа лхагва гаригт Цахим бодлогын түр хороо Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Бид Төрийн цахим шилжилтийг бодитой болгох ажлын хэсэгт тус холбооны гишүүдийг оролцуулж, орон тооны бус маягаар зөвлөл байгуулан гишүүдийнх нь дуу хоолойг сонсъё гэж шийдсэн.

-Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх ажлын хэсэг мөн байгуулагдсан. Бид энэ хувьсгалд бэлэн байна уу?

-Манай улс Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх төрийн нэгдсэн бодлого гаргах хэрэгтэй байна. Дэлхийн ихэнх орнууд Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх бодлогоо гаргачихлаа. Одоо бид яаж бэлтгэх ёстой вэ гэдгээ ярих цаг хэдийнэ болсон. Нэг ёсондоо хөдөлмөрийн зэх зээл боловсролын салбар хоёрын хооронд уялдаа байхгүйгээсээ болоод залуучууд ажлын байргүй байна. Хөдөлмөрийн салбар дахь эрэлтийнхээ дагуу тодорхой квот тогтоох хэрэгтэй. Харин боловсролын яам ирсэн квотоо сургуулиуддаа зөв хуваарилж чадах юм бол залуус ажилтай болно. Аж үйлдвэрийн IV хувьсгал ингэж их яригдаж байгаа гол учир нь боловсрол, хөдөлмөрийн салбартай холбоотой юм. Яагаад гэхээр хүний хийдэг зүйлийг робот хийж, хиймэл оюун ухаан асуудлыг шийддэг болчихлоо. Тиймдээ ч Германд шинжлэх ухааны байгууллагынхаа судалгааны чиглэлийг зөвхөн Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэхэд чиглүүлчихсэн. Үүнд боловсрол, хөдөлмөрийн салбар хамгийн мэдрэмтгий байна. Иймээс нэн тэргүүнд хөдөлмөр, боловсролын салбар ямар бодлого барьж ажиллах юм бэ гэдгийг анхааран, ач холбогдол өгч, төрөөс баримтлах бодлогоо гаргая л гэж байгаа юм. Хуульчийн мэргэжил дээр ярья л даа. Гэмт хэргийн зүйчлэлийг робот автомотаар программ бичээд хийчихэж чадна. Харин тухайн зүйл ангийг бариад шүүх хурал дээр мэтгэлцээнд орох чадвар нь хуульчдад илүү их хэрэгтэй болж байгаа юм. Бүх салбарт энэ хувьсгал мэдрэгдэж эхэлнэ.

-Манай ШУА-аас Аж үйлдвэрийн IV хувьсгалд хэр анхаарч ажиллаж байгаа бол?

– Шинжлэх ухааны академи Бага чуулганаараа Аж үйлдвэрийн IV хувьсгал салбар бүр дээр хэрхэн явагдах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй байгаа талаар хуралдсан. Бага чуулганаас гарсан албан ёсны дүгнэлтээ төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Би ШУА-ын Бага чуулганы Техник технологийн салбарын гишүүн. Тиймдээ ч энэ салбарынхаа хуралдаануудад оролцож, ШУА-ын эрдэмтдийнхээ тусламжтайгаар Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэхэд анхаарч ажиллаж байна. Засгийн газар ч бодлогоо барьж ажиллах нь зүйтэй. Өнгөрсөн зуунд нэг л зүйлийг чаддаг хүн хэрэгтэй байсан бол одоо бүх зүйлийг оролддог, авьяаслаг хүнийг хайж байна. Хятад боловсролын салбартаа 1000 авьяаслаг хүний бэлтгэхээр дэлхийн өнцөг булан бүрт сургаж байна. Авьяаслаг хүн гэдэг нь хөрвөх чадвартай хүн юм.

Цахим бодлогын түр хороо Монголд байгуулагдсан нь маш сайн дэвшил болсон гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Дэлхийн улс орнуудын УИХ-д цахим бодлогын асуудал хариуцсан байнгын хороо ажилладаг. Дижитал шилжилт л гэж байгаа юм л даа. Дижитал гэдэг нь тоон гэсэн л үг. Тоон үзүүлэлтээр ярьдаг засаглалыг л ухаалаг засаглал гэж байгаа. Ажлын байр хэдэн ширхэгээр, хүний цалин яг хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ гэж хэмжиж явдаг. Тиймээс бид дижитал засаглалыг бий болгохын тулд дээрх чиглэлүүдийг анхаарч ажиллахаар зорьж байна. Намрын чуулганаар эхний ажлуудаа хийхээр төлөвлөж байна.

-Намрын чуулган ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх болов уу. Ямар өөрчлөлтүүд тусгагдах бол?

-Үндсэн хуулийг хэлэлцэх шаардлагатай л гэж үзэж байгаа. Зөвлөлдөх санал асуулга, судалгаанууд сайн хийгдчихсэн. Яг энэ цаг үе бол хамгийн зохистой цаг үе л гэж бодож байна. Ингэж байж Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот тосгоны тухай хуулиуд араас нь явна. Үндсэн хуулийг бид өөрчлөхгүйгээр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирж чадахгүй ээ. Энэ асуудал дээр онгойлон анхаарч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Намрын чуулганд ямар хуулийн төслүүд өргөн барихаар зэхэж байгаа вэ?

-Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль Засгийн газраас дэмжсэн санал авсан учир өргөн барих болно. Уг хууль батлагдан гарснаар гурваас дээш төрийн бус байгууллага нийлж байж мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулах боломжтой болох юм. Оюуны өмчийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийг өргөн барина. Мөн Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиудыг УИХ-аар хэлэлцэнэ. Энэ хуулиудад санал шүүмжээ өгч, батлуулж гаргах нь Цахим бодлогын түр хорооны гол ажил.

-Нийслэлийн МАН өнгөрсөн долоо хоногт хуралдаж, шинэ даргаараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг сонгосон. Таны хувьд орон тооны бус дэд даргаар сонгогдсон. Ер нь энэ удаагийн хурлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-МАН-д эрүүл үзэгдэл байна. Хүмүүс өөрсдөө нэр дэвшээд гишүүд сонголтоо хийлээ. Заавал бодлоготой, энэ хүн л дарга байх ёстой гэсэн юм байхгүй шүү дээ. Хоёр хүн өрсөлдөж ялж, ялагдсан л дүр зураг харагдаж байна. Мөн гурван хүний саналаар ялсан нь уг намд дотоод ардчилал байгааг харуулж байгаа байх. Гишүүд ч Нийслэлийн МАН-ын хороонд шинэчлэл хийхийг хүсэж байгаа нь ч хурлаас харагдаж байсан.

-Манай улс Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудлаар Лондонгийн Арбитрийн шүүхэд ялагдсан. Энэ өрийг хэн төлөх ёстой гэж та үзэж байгаа вэ?

-Монголын Засгийн газар энэ өрийг төлөх боломж байхгүй. Тухайн үед ажиллаж байсан, асуудалд холбогдоод байгаа, Африкт очиж баталгаа гаргачихсан нөхдүүдийг шалгах хэрэгтэй. Улсын мөнгө гэдэг чинь бидний л мөнгө шүү дээ. Иргэн болгон өдөр тутам татвар төлж байгаа. Энэ татварын мөнгийг ард түмний өмнөөс аваад хэн нэгэн буруутай этгээдүүдийн төлбөрт тушаана гэж байхгүй. Тэр их мөнгөтэй төгрөгтэй, оффшор данстай хүмүүс мөнгөө авчраад энэ төлбөрөө төлнө биз.

-Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгууль Цэцийн шийдвэртэй холбоотойгоор хойшлоод байгаа. Сонгуулийн ерөнхий хорооноос ч бэлтгэл ажлыг зогсоосон гэдгээ мэдэгдсэн. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-аар гарч байгаа эрх зүйн акт дээр ямар ч иргэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргах эрхтэй. УИХ-ын тогтоолыг Цэц их суудлын хуралдаанаараа хуралдаад шийдсэн л бол УИХ үүнийг хүлээж авах эсэхээс үл хамааран Цэцийн их суудлын хуралдааны тогтоолыг зөвшөөрдөг. УИХ-ын зүгээс юу ч хийж чадахгүй гэсэн үг шүү дээ. Нэг л боломж бий. УИХ зүйл заалт дээрээ л өөрчлөлт хийнэ. Нөхөн сонгуультай холбоотой асуудлыг УИХ хүлээж аваагүй тохиолдолд их суудал руу явна. УИХ дунд суудлын тогтоолыг хүлээгээд авчих юм бол шууд л хүчин төгөлдөр болно. Нэг ёсондоо нөхөн сонгуультай холбоотой УИХ-ын тогтоол хүчингүй болно гэсэн үг. Энэ асуудлыг намрын чуулганаар хэлэлцэнэ. Гэхдээ СЕХ сонгуулийн бэлтгэл ажлаа зогсоох ёсгүй. Цэцийн дунд суудлын шийдвэр эцсийн шийдвэр биш шүү дээ. СЕХ бэлтгэл ажлаа хийж л байх ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Р.Асай: Хөхний хорт хавдрыг эхний шатанд илрүүлбэл 100 хувь эдгэрэх боломжтой

Монголын хөхний дүрслэл оношилгооны нийгэмлэг, АШУИС, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран анх удаа “Хөхний эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээ” сэдвээр форум зохион байгууллаа. Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Л.Сарангэрэл, Монголын хөхний дүрслэл оношилгооны нийгэмлэгийн тэргүүн Л.Төгсжаргал, Монгол Улсын гавьяат эмч Р.Асай нар хүрэлцэн ирж, эмч мэргэжилтнүүдэд хөхний оношилгооны чиглэлээр тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Манай улсад жилд дунджаар 250 орчим хүнд хөхний хорт хавдар илэрдэг байна. Харамсалтай нь жил ирэх тусам энэ тоо улам нэмэгдсээр байгаа ажээ. Үүнд хэт эрт жирэмслэх, сарын тэмдэг эрт ирэх, цөөн төрөх, хөхөөрөө хооллохоос татгалзах мөн сүүлийн үед ихсэх хандлагатай эмэгтэйчүүдийн архи тамхины хэрэглээ ч сөргөөр нөлөөлдөг гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Энэ үеэр Монгол Улсын гавьяат эмч, профессор Р.Асайтай ярилцлаа.


-Форумын зорилго, ач холбогдлын талаар ярилцлагаа эхлүүлье?

-Энэ форумын гол зорилго нь эмч нарт хөхний эмгэгүүд, түүн дотор хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх сүүлийн үеийн технологийн боломжуудыг танилцууллаа. Форумд Японы Доккио анагаах ухааны их сургуулийн профессор Эцүо Такада тэргүүтэй мэргэжлийн профессор, докторууд хүрэлцэн ирсэн. Эдгээр эрдэмтэд илтгэл тавихаас гадна хөхний хорт хавдраас хэрхэн шинжилгээ авах, эхо аппаратыг хэрхэн ашиглах зэрэг практик сургалт зохион байгуулна. Урьд нь хөхний эмгэгийн талаар Олон улсын форум болж байгаагүй. Учир нь манай улс дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хөхний хавдрын тохиолдол бага байсан. Гэвч сүүлийн 10-15 жилийн хугацаанд эрс нэмэгдсэн. Энэ нь эмч мэргэжилтнүүдийн санаа зовоосон асуудал болоод байна. Монгол Улсад элэг, уушги, ходоод, улаан хоолой, умайн хүзүүн хавдар хүн амын дунд хамгийн их тархсан. Өвчлөлийн тоогоороо улсын хэмжээнд хөхний хорт хавдар зургадугаарт бичигдэх болсон.

-Яагаад сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд хөхний хавдраар өвчлөгсөд нэмэгдэх болов?

-Энэ бол олон шалтгаантай. Тухайлбал, бидний амьдралын орчин өөрчлөгдсөн. Нийгмийн хөгжлийг дагаад хоол хүнс, хувцас, агаар, хүрээлэн буй орчин гээд олон зүйлс өөрчлөгдөж байна. Мөн үр хөндөлт ихэссэн. Эмэгтэй хүний хөх сүү гаргаж, хүүхэд тэжээх шат руу боловсорч байх үед дундаас нь тасалчихаар хөхөнд өөрчлөлт ордог. Үүнээс болж янз бүрийн бэрсүү, эмгэгүүд бий болдог. Энэ бол нэг шалтгаан. Үр хөндүүлсэн бүх эмэгтэйчүүд хавдартай болно гэсэн үг биш шүү. Бас таргалалтаас үүссэн тохиолдлууд ч бий. Эмэгтэйчүүдийн насжилт өндөрсөж, хожуу гэрлэх болсон нь хавдар үүсэх өөр нэгэн шалтгаан юм. Жирэмслэлтээс хамгаалах гармоны эм уух, спираль тавиулах, жирэмслэлтийн эсрэг тариа тариулах нь хөхөнд сөргөөр нөлөөлдөг. Эдгээр шалтгаануудаас хөхний хавдар үүсдэг гэж эрдэмтэд үзэж байна. Жилд 200 гаруй хөхний хорт хавдар тогтоогддог. Үүнээс 70-75 хувь нь хожуу илэрдэг. Заримдаа 80 хувь нь. Тэгэхээр хожуу илэрсэн тохиолдолд 1-2 жил амьдрах боломжтой. Тиймээс энэ өвчнийг эрт илрүүлэх нь хамгийн чухал. Эрт илрүүлсэн өвчтөнүүд тав болон түүнээс дээш жил амьдардаг.

-Эрт илрүүлээд эмчилгээнд хамрагдлаа гэхэд бүрэн эдгэрэх боломж бий юу?

-Эхний шатанд илрүүлсэн эмэгтэйчүүдийг манайд 100 хувь эмчилж байгаа. Өөрөөр хэлбэл, маш их хөгжсөн. Сүүлийн 10 жилд ХСҮТ шинэ тоног төхөөрөмж, залуу боловсон хүчнээр хангагдаж, баруун Европын түвшинд эмчилгээ хийж байгаа. Хамгийн гол нь мэс заслаар хавдрыг авч, дараа нь хосолсон химийн эмчилгээ хийдэг. Энэ эмчилгээний үр дүн маш сайн байгаа. Зарим тохиолдолд гурав, дөрөвдүгээр үеийн хавдарт химийн туяа эмчилгээ хийснээр тухайн өвчтөний амьдрах хугацааг тодорхой хэмжээнд уртасгах болсон.

-Зөвхөн эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусдаггүй. Зарим тохиолдолд эрчүүд тусах явдал гардаг. манайд ийм тохиолдол гарч байв уу?

-Би ХСҮТ-д 1982 оноос өнөөг хүртэл ажилласан. Энэ хугацаанд хөхний хавдартай гурван эрэгтэй эмчлүүлсэн. Эрэгтэйчүүд хөхний хавдар тусах нь маш ховор тохиолддог.

-Хүмүүс хөхний хавдартай болсноо удаан хугацаанд мэдэхгүй явснаар хүндэрч ирдэг. Тэгвэл яаж эрт илрүүлэх вэ?

-Хожуу оношлох гэдэг чинь шалтгаантай. Хөхний хавдрыг эрт илрүүлэх боломжтой гэж үздэг. Тухайн хүн өөрийнхөө хөхийг барьж, эсвэл харж өвчилсөн эсэхийг мэдэж болно. Яагаад ингэж орой оношлогдоод байна вэ гэхээр суурин газраас хол амьдардаг хүмүүс их байдаг. Хүмүүст өөрчлөлт явагдаж байгаа нь мэдэгдсэн ч хөхний хорт хавдар эхэн үедээ өвдөхгүй. Тиймээс тоохгүй явсаар байгаад хавдар томроод задраад ирэхээр эмнэлэгт ханддаг. Мөн иргэд элдэв домын аргад итгэдэг. Хөх хавдаж томроход зэс тавина, янз бүрийн зураг зурах зэргээр домнодог. Энэ нь хөхний хорт хавдар хожуу илэрч байгаагийн нэг шалтгаан юм. Эмэгтэйчүүдийн эмч үзлэг хийхдээ заавал хөхийг шалгаж байх ёстой. Мөн мэс заслын эмч ч үзлэг хийхдээ тухайн хүний хөхийг давхар шалгах хэрэгтэй. Энэ бол эрт илрүүлэх, оношлоход тустай. Хөх нь өвдөөгүй ч шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Үүнээс сэжигтэй тохиолдлуудад нарийн шинжилгээ хийх замаар эрт илрүүлэх боломжтой. Үүнд маш их хөрөнгө, цаг хугацаа шаардагдах учраас манайд энэ төрлийн үндэсний хэмжээний шинжилгээг хийж эхлээгүй байна.

-Эмчилгээ, оношилгооноос илүү урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй арга байдаг. Эмэгтэйчүүд маань өөрсдийгөө энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?

-Эмэгтэй хүн бол сарын тэмдэг ирсний дараа хөхөө тодорхой нэг өдөр үзэж байх ёстой. Эрдэмтэд эмэгтэй хүн эмчээс илүү өөрийнхөө хөхийг мэддэг гэдэг. Өөрийнхөө хөхийг байнга шалгаж сурсан хүн багахан өөрчлөлт гарахад л мэддэг. Ингэж дадаагүй улсууд хожуу үед хавдартай болсноо илрүүлдэг. Эмэгтэйчүүд, эхчүүдэд хандаж хэлэхэд өөрийнхөө хөхийг шалгаж хэвших хэрэгтэй. Хөхний толгойноос шингэн зүйл гарч байна уу, толинд хараад энд тэнд улайж уу, товгор юм байна уу гэдгийг шалгаж, шаардлагатай бол эмчид хандаж байх нь чухал. Хөхөнд гарсан бэрсүү, товгор болгоныг хорт хавдар гэж ойлгож болохгүй. 70 хувь нь хоргүй байдаг. Тиймээс айж сандрах хэрэггүй. Харин яаралтай эмчид хандаж оношлуулах нь зүйтэй.

-Хөхний хавдрын эсрэг вакцин байдаг уу?

-Хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцин гэж байдаг. Гэхдээ манайд хөхний хорт хавдраасурьдчилан сэргийлэх вакцин орж ирээгүй. Түрүүн миний хэлсэн хүчин зүйлүүдээс сэргийлснээр хавдраас зайлсхийж болно. Гэхдээ яагаад ч хавдраас зайлсхийж болохгүй тохиолдлууд бий. Хоол хүнсээ тохируулах, хүүхдээ хөхөөр хооллох, урагаа хөндүүлэхгүй байх, биеэ чийрэгжүүлэх зэргээр хавдраас урьдчилан сэргийлж болно. Гэвч удамшлын генээс шалтгаалсан хөхний хорт хавдраас яагаад ч сэргийлж чадахгүй.

-Хэдий насны эмэгтэйчүүдэд хавдар илэрдэг вэ?

-40-өөс дээш насныханд. Хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл нь насжилт. Нас өндөр болох тусам хорт хавдартай байх магадлал өндөр. Залуу эмэгтэйчүүд хавдартай байх нь харьцангуй ховор байдаг.

-Хүүхдээ хөхөөрөө хооллох нь ээж болон нярайд ямар ач холбогдолтой вэ?

-Эхийн сүү бол ямар ч нэмэгдэл тэжээлээр орлуулашгүй. Эх хүнд ч гэсэн хүүхдээ бүрэн хөхүүлэх нь өвчлөлөөс сэргийлэх арга болдог. Наад зах нь хүүхдээ хөхүүлэхгүй байснаар сүв бөглөрч идээлдэг тал бий. Юм гэдэг дандаа хэмжээтэй. Хүүхдээ хоёр, гурван нас хүртэл хөхүүлэхгүй байх нь сөрөг нөлөөтэй гэдгийг энэ дашрамд хэлье.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Г.Арсланхуяг: Өсвөр насны хүүхдүүдийг хаалттай группт элсүүлэн нүцгэн зураг, хувийн мэдээллийг нь авч сүрдүүлсэн, дарамталсан хэргүүд шалгагдаж байна

-НИЙТ СУРАГЧДЫН 94 ХУВЬ НЬ ФЭЙСБҮҮК АШИГЛАЖ, ЭЦЭГ, ЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ТЕХНОЛОГИЙН БОЛОН СОШИАЛ ХЭРЭГЛЭЭНИЙ МЭДЛЭГТЭЙ ГЭСЭН СУДАЛГАА ГАРСАН БАЙДАГ-

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Арсланхуягтай ярилцлаа.


-Манай улс Фэйсбүүк хэрэглээгээрээ Азид нэгт, дэлхийд аравт орсон үзүүлэлт гарсан. Үүнийг дагаад сошиал орчноос үүдэлтэй гэмт хэргийн гаралт ихэсч байгаа юу?

-Иргэдийн сошиал хэрэглээн дээр тулгуурлан гарч буй гэмт хэргийг шинэ эриний технологи дээр суурилсан гэмт хэрэг гэж харж болохоор байна. Дэлхий нийтэд энэ нь хүчээ авч, асар хурдтай тархаж байгаа юм. Фэйсбүүк компаний мэдээллээр манай улсын иргэдийн фэйсбүүк хэрэглээний сарын дундаж үзүүлэлт Азидаа нэгт буюу дунджаар 2.1 сая хүн тогтмол хэрэглэдэг, харин цахим аюулгүй байдлыг хангах тал дээр эсрэгээрээ эрсдэлтэй орны тоонд багтсан байсан. Манай улсад өнгөрсөн онд цахим орчноос үүдэлтэй 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол энэ оны эхний зургаан сарын байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг огцом өссөн. Энэ тоо зөвхөн цагдаагийн байгууллагад албан ёсоор бүртгэгдэж, шалгагдсан тоо баримт гэдгийг анхаарах хэрэгтэй. Албан бусаар үүнээс ч их байхыг үгүйсгэхгүй.

-“Unfriend хөдөлгөөн”-ий онцлог юу вэ?

-Сошиал хэрэглэгчдэдээ эрх зүйн болон интернэт хэрэглээний мэдлэг олгох, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хандлагыг нь нэмэгдүүлэх, хариуцлагатай хэрэглээг бий болгох зорилготой. Мөн учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран нэг сарын хугацаатай “Unfriend хөдөлгөөн” нэгдсэн арга хэмжээг улс орон даяар зохион явуулж байна. “Unfriend хөдөлгөөн”-ий хувьд өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан хэд хэдэн арга хэмжээнээс ялгаатай нь иргэдээс шууд хамаарах асуудал бий. нэг ёсондоо иргэн-гэр бүлийн гишүүд рүү чиглэсэн арга хэмжээ юм. Иргэдээс шууд хамааралтай гэж тодотгохын учир нь “Unfriend хөдөлгөөн”-ийг ойлгож, дэмжсэнээр иргэд таван минутын дотор өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хамгаалах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тодруулбал, иргэд таван минутын дотор фэйсбүүкийнхээ найзын жагсаалтаасаа танихгүй, мэдэхгүй, нэр нүүрээ нууцласан этгээдүүдийг хасах, хувийн оруулсан мэдээллээ эргэн нэг хянах, үр хүүхэд, гэр бүлийн мэдээллээ устгах, сошиал аппликейшний тохиргоогоо хувийн мэдээллээ хамгаалах горимд тааруулах зэрэг энгийн алхмуудаар цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн үг. Уг алхмуудыг хийснээр урьдчилан сэргийлэх үр дүн тэр даруй гарна. Өөрөөр хэлбэл, та болон таны гэр бүлийн гишүүд хэн нэгэн халдагч этгээдээс хувийн мэдээллээ хамгаалах, тэдэнтэй холбогдохгүй, харьцахгүй байх боломж бүрдэж байгаа юм.

-Манай улсад насанд хүрээгүй хүний 91 хувь нь цахим орчинд хувийн мэдээллээ алддаг гэсэн статистик бий?

-Үүнийг 91 хувь гэж нарийн тодорхойлох боломжгүй. ер нь цахим орчинд иргэд мэдээллээ алдах олон эрсдэлтэй замууд бий. гэсэн хэдий ч тэдгээрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах боломжтой олон янзын тохиргоонууд ч сошиал платформууд дээр байдаг. Үүнийг хувь хүн өөрөө сайтар эзэмших шаардлагатай. Дэлхийн банк, боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны хамтарсан судалгаагаар нийт сурагчдын 94 хувь нь фэйсбүүк ашиглаж, эцэг, эхээсээ илүү технологийн болон сошиал хэрэглээний мэдлэгтэй гэсэн судалгаа гарсан байна лээ. тиймээс эцэг, эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдүүдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих, сошиал платформуудын тохиргоог эзэмших, тэднийг зөв хэрэглээнд сургаж, ухуулан таниулах нь чухал болоод байна.

-Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд олон арга хэмжээг зохион байгуулсан. Ер нь урьдчилан сэргийлэх талын ажлууд идэвхтэй хийгдсэн гэж хэлж болно. Үр дүн нь ямар байгаа юм бэ?

-Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас эхлэн нийт 18 аянг зохион байгуулсан. Эдгээр аяны үндсэн зорилго нь гэмт хэрэг зөрчлийг гарсны дараа цагдаагийн байгууллага ажиллахаас илүүтэй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд иргэд олон нийтийн анхаарлыг хандуулах нь зүйтэй гэж үзсэн. Аян, арга хэмжээ бүр үр дүнгээ өгч тухайн гэмт хэргийн гаралт, илрүүлэлтэд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж байгаа. олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацааг зарцуулан нэг ч болов иргэнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадах нь бидний үр дүн, эрхэм үүрэг юм.

-Цахим орчинд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна вэ?

-Манай улсад бүртгэгдсэн гэмт хэргүүдийг төрлөөр нь авч үзвэл бусдыг гүтгэх, залилан мэхлэх, садар самуун агууламжтай мэдээллийг олон нийтэд тараах, бага насны хүүхдийг садар самуун, хүчирхийлэлд уруу татах, бусдын хувийн мэдээллийг ашиглан ямар нэг үйлдэл хийлгэхээр заналхийлэх зэрэг орж байна. тэр дундаа эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ зураг, мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавих, хаягийг нь “tag” хийх зэргээр санамсаргүйгээр гэмт хэргийн хохирогч болгож байгаа гэсэн үг.

Тухайн иргэний сошиал дахь найзууд нь хүүхдийг нь онилох, хувийн мэдээллийг нь цуглуулах, хүүхэд рүү нь өөр нэр, зураг ашиглан шууд харилцаа тогтоох үйлдлүүд ихээр үйлдэгдсэн. Хүний хувийн нууцад илт халдсан байдаг. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдийн сошиал орон зайд гэр бүлийнхээ мэдээллийг оруулахгүй байх, бусдад өгөөш болж болох аливаа мэдээллийг оруулахгүй байхыг анхааруулъя.

-Цахим гэмт хэрэгт хэдээс хэдэн насныхан түлхүү холбогдож байгаа вэ?

-Сүүлийн үед хүүхэд, өсвөр насныхны дунд цахим хэрэглээ өндөр байгаатай холбоотой насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэгт хохирох тохиолдлууд нэмэгдсэн. Өсвөр насны хүүхдүүд өөрсдийн сонирхлын дагуу олон төрлийн хаалттай группийг фэйсбүүк орчинд үүсгэж, мэдээлэл солилцдог, бусдын үүсгэсэн зүй бус агуулгатай группүүдэд нэгдэн орж байгаа нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлөх боллоо. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өсвөр насны хүүхдүүдийг хаалттай группт элсүүлэн нүцгэн зураг, хувийн мэдээллийг нь авах, буцаагаад түүнээр нь сүрдүүлэн, дарамталсан хэд хэдэн хэргүүд шалгагдаж байна. Иймээс садар самуун, хүчирхийллийг сурталчилсан олон хаяг, пэйж, группүүдыг цэгцэлж хаах, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллага Фэйсбүүк компанитай албан ёсоор хамтран ажиллахаар болсон.

-Цахим гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн дагуу ямар хариуцлага оногдуулж байгаа вэ?

-Ямар төрлийн гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, ямар хор уршиг учруулсан гэдгээс шалтгаалж хариуцлагыг харилцан адилгүй оногдуулдаг. тухайлбал, цахим орчинд бусдыг гүтгэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар аж ахуйн нэгж байгууллагыг хорин сая, хувь хүнийг хоёр сая төгрөгөөр торгох арга хэмжээ авч байгаа. Харин бусдыг залилах, заналхийлэх, садар самуун үйлдэлд уруу татах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтаар эрүүгийн хариуцлага оногдуулдаг.

-“Unfriend хөдөлгөөн” нэгдсэн арга хэмжээ хэзээ дуусах вэ. Энэ хүрээнд өөр ямар ажлуудыг зохион явуулж байна?

-Уг арга хэмжээ нь энэ сарыг дуустал үргэлжилнэ. Бид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлсон зорилтод видео, контентуудыг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон нийтийн цахим сүлжээгээр өргөнөөр явуулж байгаа. Мөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны олон ажлыг сургалт, хэлэлцүүлэг, уралдаан тэмцээний хэлбэрээр төлөвлөгөөний дагуу явуулсаар байна. Онцолж хэлмээр ажил бол “Хар жагсаалт” нэртэй фэйсбүүк групп. тус группийг иргэд, олон нийтийн дэмжлэгтэй бий болгож, садар самуун сурталчилсан хуудас, групп, статусыг устгах ажлыг зохион явуулж буй. “Unfriend хөдөлгөөн” хугацааны хувьд дууссан ч дээрх “Хар жагсаалт” групп маань тогтмол ажиллаж, сошиал орчин дахь зүй бус үйлдэлтэй тэмцсээр байх болно. Дашрамд дурдахад “Unfriend хөдөлгөөн”-ийг дэмжин ажиллаж байгаа Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын дэргэдэх цахим бодлогын хороо, Монголын сурагчдын холбоо, Монголын оюутны холбоо, гэр бүл, хөгжлийн газар, нийслэлийн боловсролын газар, нүб-ын Хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, А.баттулга сан зэрэг төрийн болон төрийн бус олон байгууллагуудад талархсанаа илэрхийлье.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Ганболд: 933 хуульчид холбогдох 791 гомдол ирсэн

Монголын Хуульчдын холбооноос “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх зүй, түүний баталгаа “Өнгөрсөн-Одоо-Ирээдүй” сэдэвт симпозиумыг өмгөөллийн байгууллага үүссэний 90 жилийн ойн хүрээнд зохиолоо. Энэхүү үйл ажиллагаанд нийт 300 гаруй өмгөөлөгчид оролцсон бөгөөд голлох илтгэлийг Төрийн хууль цаазын шадар зөвлөх, хуульч Г.Эрдэнэбат “Эрүүгийн процесс дахь өмгөөлөгчийн эрх зүйн байдал” сэдвээр тавьсан юм. Харин панелистаар МУИС-ийн дэд профессор О.Мөнхсайхан, өмгөөлөгч Л.Нинжбат, өмгөөлөгч Д.Одонтунгалаг нар оролцлоо. Энэ үеэр Л.Нинжбат Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь яллах болон өмгөөлөх талуудын тэгш эрхийн асуудлаар өмгөөлөгчидтэй санал сэтгэгдлээ солилцож байв. Тэрбээр “Өмгөөлөгч хүн мэргэжлийнхээ мөн чанарыг нарийн ойлгох хэрэгтэй. Хэргийг ялгаж, ангилан “Энэ хэрэг дээр ажиллахгүй, өмгөөлөхгүй” гэх нь мэргэжлийнхээ нарийн учрыг ойлгоогүй байгаагийн илрэл. Мөн Шүүх хуралдаанд өмгөөлөгч, прокурор хоёр тэгш эрхтэй оролцох ёстой. Хэрвээ прокурор, мөрдөгч хоёр хэргийн тухай баримт олсон бол түүнийгээ өмгөөлөгчид танилцуулах хэрэгтэй. Юуг нь нуудаг юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс бусад баримтыг өмгөөлөгчид танилцуулдаггүй. Прокурорын цуглуулсан баримтын 99.99 хувь нь яллах талын нотлох баримтууд байдаг. Гэтэл цагаатгах талын баримтыг ч бас цуглуулах ёстой гэж хуульд тусгасан байдаг шүү дээ. Өмгөөлөгчийн эрхийг прокурорынхтой тэнцвэржүүлэхгүй бол үйлчлүүлэгчдийн эрх ашиг хохирсоор байх болно” хэмээв.

Монголын өмгөөлөгчдийн холбооны тамгын газрын дарга Ц.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.


-Өмгөөлөгчдийн дунд симпозиум боллоо. Үүгээр ямар асуудлыг шийдэхийг зорьж байна?

-Шүүхээр шийдвэрлэгддэг иргэн, эрүүгийн болон захиргааны хэргийн процессын үйл ажиллагаанд өмгөөлөгчид оролцдог. Энэ үед мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад тэдэнд тулгамддаг асуудлуудыг өнөөдөр хэлэлцэхийн зэрэгцээ өмгөөлөгчийн эрх зүйн орчныг сайжруулах, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь хамгаалахын тулд ажиллаж, судалгаа явуулсан. Иймд өнөөдөр өмгөөлөгчдийнхөө төлөөлөл болсон 300 гаруй хүнийг хүлээн авч, санал, сэтгэгдлийг нь сонсож, бодит байдал дээр тэдэнд ямар асуудал үүсээд байгааг сонслоо. Манай байгууллагад бүртгэлтэй 2226 өмгөөлөгч байдаг. Тэд юунаас болоод ёс зүйн доголдол үүсгээд байгааг мэдэхийг зорьсон юм.

-Тэдэнд гол төлөв ямар саад бэрхшээл тулгарч байгаа юм бол?

-Шүүх тахимд шүүгч, прокурор, өмгөөлөгч гэсэн гурван субьект оролцдог. Өмгөөлөгч нь шүүх эрх мэдлийн хүрээнд үйлчлүүлэгчдийнхээ хууль ёсны эрхийг хамгаалах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм. Прокурор нь төрийн яллагчийн зүгээс оролцдог бол шүүгч нь прокурор, өмгөөлөгчдийн дундаас өөрийн шийдвэрээ гаргадаг. Энэ тохиолдолд өмгөөлөгчид ямар асуудал үүсдэг вэ гэхээр мэдээж хэрэг хоёр талаасаа үйлчлүүлэгчдээ хамгаалахын тулд шүүх хуралд нотлох баримт хэрэглэх шаардлага гардаг. Энэ үед нь тэдэнд хэргийн явцтай танилцуулаагүй гэх хүндрэл үүсдэг. Мөн өмгөөлөгч нь үйлчлүүлэгчтэйгээ уулзаж, тайлбар мэдүүлэг, санал, хүсэлт авах эрхтэй байдаг ч үүнийг нь нээж өгдөггүй. Энэ нь өмгөөлөгчид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учруулдаг. Хэлэлцүүлгийн үеэр нэгэн өмгөөлөгч гурван сар үйлчлүүлэгчтэйгээ уулзаж чадалгүй явсан жишээгээ ярьсан. Үүнээс гадна тодорхой хэргүүд дээр ажиллаж байхад нь утсыг нь чагнах, өөрийг нь тагнах асуудал гардаг. Бас нотлох баримтыг төрийн зарим байгууллагуудаас гаргаж өгдөггүй. Уг нь тэд хэргийн үйл явцад тус болох зорилгоор хамтран ажиллах ёстой байдаг юм. Эдгээрээс гадна шүүхэд ялагдсан талын иргэд өмгөөлөгч хэрэг дээрээ дутуу ажилласны улмаас ялагдлаа гэх гомдлыг гардаг. Үнэндээ гаднын нөлөөнөөс болоод хэргийн явц удаашрах тохиолдол байдаг. Энэ үед иргэд өмгөөлөгч хөлсөө авчихаад хэрэг дээрээ ажиллахгүй байна гэж иргэд буруу боддог. Одоогоор нэг өмгөөлөгч дээр нэгээс хоёр гомдол санал ирсэн байна.

-Утсыг нь тагнадаг гэлээ. Ингэж болдог юм уу?

-Энэ үйлдэл нь өөрөө хууль зөрчиж байгаа асуудал л даа. Одоогоор нотлогдсон зүйл байхгүй. Гэхдээ зарим тохиолдолд том гэлтгүй жижиг хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгчид хүртэл иймэрхүү айдас тулгардаг. Утсаар ярьж байхад нь гэнэт утас нь тасалдах, шаржигнах, өөр шугамаар дуугарах зэрэг шинжүүд илэрсэн байдаг. Магадгүй ингэж нууцаар чагначихаад үүнийгээ нөгөө талд ашиглаж байхыг үгүйсгэхгүй.

-Сүүлийн үед өмгөөлөгчдийн ёс зүй алдагдаж, худалдагдсан өмгөөлөгчид ихэслээ гэж ярих болсон. Үнэхээр өнөө цагт өмгөөлөгчдийн ёс зүй алдагдаад худалдагдчихаад байгаа юм уу?

-Шүүгч, прокурор, өмгөөлөгч нар мэргэжлийн хариуцлагын гэх нэг дүрмэнд захирагддаг. Өмгөөлөгч нь шүүх танхимд орж ирсэн цагаасаа эхлээд л үлгэр жишээ байх ёстой. Мөн үйлчлүүлэгчийнхээ эрх ашиг, сонирхлыг хамгаалж байгаа тул хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгэхгүй шүүх хуралдаа хоцорч, дэг зөрчин үйлчлүүлэгчтэйгээ байгуулсан гэрээний дагуу үйлчилгээгээ үзүүлэхгүй байх зэрэг зөрчил үүсгээд байвал үүнийг ёс зүйтэй нь холбож болно. Мөн зарим өмгөөлөгчид “Би энэ хэргийг өмгөөлж чадна” гэж гэрээгээ хийж, мөнгийг нь авчихаад хохироодог, зарим нь үйлчлүүлэгчээсээ мөнгө салгах зорилгоор зориудаар хэргийг удаашруулах, шүүх хуралд албаар оролцохгүй байх асуудал гардаг. Албаар гэмээр иймэрхүү ёс зүйн зөрчлийг Монголын хуульчдын холбоон дээр өмгөөлөгчийн ёс зүйн асуудлаар хороо хуралдан өмгөөлөгчийн эрхийг цуцлах, сануулга өгөх арга хэмжээ авагддаг.

-Одоогоор хичнээн өмгөөлөгчийн өмгөөлөх эрхийг цуцлаад байна вэ ?

-2014-2017 оны хооронд 933 хуульчид холбогдох 791 гомдол ирсэн. Үүн дээр хянан шалгах үйл ажиллагаа явуулж 40 гаруй хувьд нь буюу 450 орчимд нь маргаан үүсгэсэн. Харин 45.1 хувийг нь маргаангүй гэж шийдвэрлэсэн бол 14.8 хувийг нь харьяаллын дагуу зохих байгууллагуудад шилжүүлсэн.

-Г.Батбаяр өмгөөлөгчид өмгөөлөх эрхийг нь түдгэлзүүлэх тухай гомдол ирсэн гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?

-Энэ ташаа мэдээлэл тархсан байна лээ. Одоогоор манай байгууллага дээр энэ хүнтэй холбоотой гомдол санал нэг ч удаа бүртгэгдээгүй байна.

-“Би хүчин хийсэн хүнийг хэзээ ч өмгөөлдөггүй” гэж нэг өмгөөлөгч орон даяар цацагддаг телевизийн нэвтрүүлгээр ярьсан байсан. Өмгөөлөгчид ер нь хүнийг ингэж гадуурхах, хийсэн хэргээр нь ялгаварлах эрх байдаг юм уу. Хүний эрхийг хамгаалах үүрэгтэй хүмүүс биз дээ?

-Өмгөөллийн үйл ажиллагаа нь өөрөө сайн дурынх шүү дээ. Үйлчлүүлэгчтэйгээ гэрээ байгуулж, хоёр талаас тохиролцсоны үндсэн дээр өөрийн мэдлэг, ур чадвараа ашиглан эрх хамгааллын үйл ажиллагааг үзүүлдэг. Тухайн хүн үнэхээр энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэггүй бол яах ч аргагүй. Үүнийг зохицуулсан дүрэм журам ч гэж байдаггүй. Гэхдээ өмгөөлөгч нь бусдын эрх ашгийг хамгаалах хуульчийн тангаргийг өргөсөн байдаг. Тиймээс ямар ч төрлийн хэрэг үйлдсэн бай хүний эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн гэсэн үг. Тэгэхээр хамгааллын ажиллагаа үзүүлэх л ёстой.

-Ямар тохиолдолд өмгөөлөгчийн эрхийг цуцалдаг юм бэ?

-Өмгөөлөгч нь өөрөө мэргэжлийн ажиллагааны дүрэмд зааснаар гэрээгээр биелүүлэх ёстой үүргээ орхигдуулсан бол түүний өмгөөллийн эрхийг цуцалдаг. Мөн мөнгө авч залилах, согтуугаар шүүх хуралд оролцсон, шүүх хурлыг хаяж гарсан зэрэг ёс зүйн алдаа гаргасан бол адилхан арга хэмжээ авдаг. Үүнээс гадна үйлчлүүлэгчээ илт худал мэдээллээр хангаж, гэрээнд заасны дагуу ажиллахгүй байх зэрэг олон асуудал хөндөгдөнө л дөө.

-Тухайн өмгөөлөгч хэрэг дээрээ дутуу ажилласны улмаас шүүх хуралд ялагдал хүлээх тохиолдол байдаг. Ер нь мэдлэггүйгээсээ болоод ялагдал хүлээж буй ур чадваргүй өмгөөлөгчдөд ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Хариуцлага тооцоход хэцүү асуудлын нэг нь энэ. Тухайн өмгөөлөгчийн мэргэжлийн ур чадвараас хамаарах тул хүндрэлтэй. Өмгөөлүүлж байгаа иргэн өөрөө өмгөөлөгчөө сонгож “Би энэ хүнээр өмгөөлүүлмээр байна” гэж тохиролцсоны үндсэн дээр үүсэж буй асуудал л даа. Харилцан тохиролцсоноор шүүх хуралд оролцож ялагдах тохиолдол зөндөө байдаг. Тэр бүрт нь эрхийг нь цуцлаад байвал болохгүй. Харин өмгөөлөгчийн санаатай гаргаж байгаа ёс зүйн алдаа буюу хэрэг дээрээ ажиллахгүй байх, төлөөлөгчтэйгөө уулзахгүй зэрэгт хариуцлага тооцож болно.

-Өмгөөлөгч худалдагдаж, хоёр талд ажилласнаас болоод тухайн хариуцаж авсан хэрэгтээ албаар ялагдал хүлээх тохиолдол хэр их гардаг вэ?

-Яг ийм тохиолдолтой холбоотой батлагдсан гомдол одоогоор ирээгүй байна. Харин шүүхийн шийдвэр гарсны дараа хохирсон тал манайд хандан гомдол мэдүүлэх нь их байдаг. Шүүгч нөгөө талд орчихлоо, өмгөөлөгч дутуу ажиллалаа гэхчлэн асуудал үүсгэдэг.

-Олны танил нэр нөлөө бүхий хүмүүсийн хэргийг өмгөөлөх хүсэлтэй хүмүүс их байдаг хэрнээ энгийн иргэний асуудлыг шийдвэрлэж өгөхийн төлөө явдаг өмгөөлөгчид ховор байдаг гэдэг. Хэнийг өмгөөлөх, хэнийг өмгөөлөхгүй байх нь тухайн мэргэжилтний эрх байх л даа, гэхдээ энгийн иргэд хохироод байгаа юм биш үү?

-Яг энэ процессыг зохицуулсан үйл ажиллагаа байдаг. Төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, манайхаас өмгөөлөгч томилж өгдөг. Нөгөө талдаа олон нийтэд танигдсан хүмүүсийг өмгөөлөхөд хошуурдаг асуудал нь өрөөсгөл ойлголт байх. Мэдээж хэрэгт холбогдсон эсвэл хохирогч болсон хүн өөрийнхөө эрхийг хамгаалуулах гэж байгаа тул чадварлаг өмгөөлөгч хөлслөхийг бодно шүү дээ. Үүнийг нь олон нийт буруу ойлгох хандлага ажиглагддаг. Түүнээс биш нөлөө бүхий эрхэмүүдийн хэргийг уралдаж авч өмгөөлдөг асуудал байхгүй. Хохирогч тал хуулийн дагуу өмгөөлөл авах бүрэн эрхтэй. Нөгөө хүн нь гэрээний дагуу үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалахаар ажиллах ёстой. Гол нь тухайн хүн хэргийг өмгөөлж байхдаа хуулийн дагуу ажиллагаа явуулах ёстой.

З.МӨНХСУВД