Categories
мэдээ нийгэм

Ургац хураалт хойшилж болзошгүй

Энэ онд улсын хэмжээнд 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтыг тавдугаар сарын 5-28-ны хооронд зохион байгуулсан. Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажилд 13 аймгийн 86 сумын 1265 аж ахуйн нэгж, иргэний 365.2 мянган га улаанбуудайн талбай хамрагдаж, нийт тариалсан талбайн 74.3 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй авсан юм.

Энэ жилийн хувьд тавдугаар сар бүхэлдээ хур тундас багатай, зургадугаар сар гарсаар Хөвсгөл, Булган, Увс, Төв, Архангай, Өвөрхангай аймгийн зарим бүс нутгаар хур тунадас орж, таримлын өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлсөн бол тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар долдугаар сарын 5-ныг хүртэл гандуу байсан.

2018 оны ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм. Энэ нь улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц үзүүлэлт.

Намрын ургац хураалтаас өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дархан-Уул аймгийн ургамал, газар тариалангийн хүрээлэнтэй хамтран ургац хураалтын технологийн зөвлөмжийг боловсруулж, тариаланчид, тариалан бүхий аж ахуйн нэгжид хүргүүлсэн. Мөн Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өдөр тутам цаг агаарын мэдээ хүлээн авч, орон нутагт сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүрд хүргүүлж байгаа юм.

Есдүгээр сарын 25-ны байдлаар 26 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 51.5 мянган га-гаас 73.9 мянган тонн үр тариа, 8.9 мянган га-гаас 116.9 мянган тонн төмс, 5.5 мянган га-гаас 61.6 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Ингэснээр үр тарианы хураалт 15.1 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 66.2-68.9 хувийн явцтай, ургац хураалтын ажил жигдэрсэн гэж Ургацын штабаас мэдээллээ.

Есдүгээр сарын дундуур орсон хур тунадас, нойтон цас, ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсэх төлөвтэй байгаагаас шалтгаалан ургац хураалтын ажил тодорхой хугацаагаар хойшилж болзошгүй бөгөөд үр тариа налсан байдалтай байна. Энэ үед комбайндаа нэмэлтээр иш өргөгч суурилуулах, нэг талаас нь сөргүүлж хураах зэрэг налсан тариаг хурааж авах хэд хэдэн арга бий.

Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг орон нутгийн удирдлагуудад чиглэл өгөөд байна. Аймаг бүрт гарсан Ургацын штаб ургац хураалтын явцын талаар Улсын ургацын комисст мэдээ хүргүүлж байгааг хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр түгээж, ургацаа богино хугацаанд хураан авахаар шуурхай ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариалан эрхлэгчдэд шатахуун, иш өргөгч, үтрэмийн техник тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа бөгөөд тус санд үтрэм дээр чийгтэй буудайг яаралтай татан авч, хатаах, стандартын шаардлага хангуулах зориулалттай элеватор 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Хөтөл дэх салбарт үр тариа хатаалгын тоног төхөөрөмжийг шинээр оруулж ирсэн. Тиймээс ургацыг аль болох богино хугацаанд хаягдал багатай хурааж авах техникийн боломж бүрдсэн гэж хэлж болно хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛД-ЗАЛУУСЫН ОРОЛЦОО” сургалт, арга хэмжээ зохион байгуулагдана

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газараас “Гэр бүлийн боловсрол олгох, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд залуучуудад ойлголт мэдлэг өгөх, мэдээллээр хангах, гэр бүлийн хөгжлийг дэмжихэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх” арга хэмжээг Шинжлэх Ухаан технологийн Их сургуультай хамтран зохион байгуулж байна.

Арга хэмжээний үеэр гэр бүлийн боловсрол, гэр бүлийн хүчирхийллийн асуудлуудаар ойлголт, мэдлэг, мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулж, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэг, зөвөлгөө, хямдралтай үсчиний үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ, танин мэдэхүйн “Аха” тэмцээн зохион байгуулах зэрэг хөтөлбөрийн дагуу есдүгээр сарын 25-28,-ны өдрүүдэд 18:30-21:30 цагт ШУТИС-ын харьяа оюутны 1,3,4,7-р байранд зохион байгуулж байна.

Сургалт арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг НХГБХГ-ын мэргэжилтэн Н.Хөхөө /99187024/-өөс авна уу гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээлэв.

ШУТИС-ын харьяа оюутны 1,3,4,7-р байрнуудын хаяг байршил:

  • Есдүгээр сарын 25-ны өдөр: ШУТИС Механик инженер тээврийн сургууль, оюутны 5-р байр /ХУД хуучин цагаан хаалганы хойд талд Соёл вэйлнус центрийн өөдөөс харсан байр/
  • Есдүгээр сарын 26-ны өдөр ШУТИС Мэдээлэл холбоо технологийн сургууль, оюутны 4-р байр, /Баянзүрх дүүргийн эмнэлэгийн ард/
  • Есдүгээр сарын 27-ны өдөр ШУТИС Бизнес удирдлагын хүмүнлэгийн сургууль, оюутны 3-р байр, /Сансарын аюулгүйн тойргын ард КТМС/
  • Есдүгээр сарын 28-ны өдөр ШУТИС Үйлдвэр, технологийн сургууль, оюутны 1-р байр, /Дашчойлон хийдийн зүүн талд/
Categories
мэдээ нийгэм

Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт өндөрлөв

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг энэ сарын 10-25-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа.

Сургалтыг хөтөлбөрийн дагуу орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох, хичээлүүдээр онол, дадлагын ур чадвар эзэмшиж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлжилтийг хангаж есдүгээр сарын 25-ны өдөр төгсөгчдөд гэрчилгээ гардуулах ажиллагаа боллоо.

Төгсөлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицерууд оролцлоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжаны “Улсын газрын тосны сан”-гийн үйл ажиллагаатай танилцлаа

Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын бие даасан баялгийн сан болох Улсын газрын тосны сан (СОФАЗ)-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

1999 онд байгуулагдсан Азербайжаны Улсын газрын тосны сан нь нефть, байгалийн хийн салбараас олсон орлогыг төвлөрүүлж, ирээдүйд үр ашигтайгаар зарцуулах зохицуулалтыг хийх үндсэн үүрэгтэй юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг сангийн Гүйцэтгэх захирал Шахмар Мовсумов хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

Ноён Шахмар Мовсумовын танилцуулснаар сан нь байгалийн баялгаас олсон орлогыг уг санд төвлөрүүлж, зарцуулалтыг ил тод байлгадаг байна. Мөн тэрбээр “…Монгол Улс асар их байгалийн баялагтай учраас энэ төрлийн сан байгуулах зайлшгүй шаардлагатай…” хэмээн зөвлөөд үйл ажиллагааныхаа туршлагыг хуваалцах бүрэн боломжтой гэсэн юм.

Мөн тус улс “Зууны” гэж нэрлэгдэх гэрээг амжилттай хийснээр байгалийн баялаг олборлогч болоод хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа цэвэр ашгаас 25 хувийн, Засгийн газар 75 хувийн орлого авдаг тогтолцоог бүрдүүлжээ.

Сангийн талаар товч танилцуулбал:

Энэ сангийн хөрөнгө 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 37.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Сангийн орлогын эх үүсвэр:

– Азербайжаны нефть, газрын тосны борлуулалтын орлого (Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу)

– Нэмэгдэл орлого /Бонус/ (Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу)

– Жил бүрийн ногдол ашиг (Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу)

– Хөрөнгө оруулагчдаас авах байгалийн хийн олборлолт явуулсны газрын төлбөр

– Газрын тос болон байгалийн хийн тээвэрлэлтээс олсон орлого

– Сангийн хөрөнгийг зарж борлуулсантай холбоотой олсон орлого

– Хандив

– Хуулийн дагуу төвлөрсөн бусад орлого

Санхүүжүүлж буй төслүүд:

– Баку-Тбилис-Жейхан чиглэлийн газрын тосны хоолойн төслийн Азербайжаны талын хувийг эзэмшигч, гүйцэтгэгч /төсөл хэрэгжсэн/

– Армен, Азербайжаны мөргөлдөөний улмаас эх орноосоо дүрвэсэн хүмүүст нийгмийн дэмжлэг үзүүлэх, тэднийг орон сууцаар хангах

– Огуз-Кабала-Баку чиглэлийн усны шугамын төслийг барих /төсөл хэрэгжсэн/

– Самур-Абшероны усжуулалтын системийг шинэчлэх

– Баку-Тбилис-Карс чиглэлийн төмөр замын төслийг санхүүжүүлэх

– Азербайжаны оюутан, залуусыг гадаадад боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх, энэ төрлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх

– Турк дэх газрын тосны STAR төслийн Азербайжанд ногдох хувийг санхүүжүүлэх

– Өмнөд хийн корридор (South Gas Corridor)-ын бүтээн байгуулалтын төслийн Азербайжанд ногдох хувийг санхүүжүүлэх

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын эрчим хүчний нөөц

БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ


Монгол Улс нь өнөө болтол эрчим хүчний дутагдалтай, нийт хэрэгцээнийхээ бараг гуравны нэгийг Оросоос импортолдог орон юм. Төвийн эрчим хүчний системд нэг гегаватт хэрэглээ байдаг боловч ялангуяа өвлийн цагт нэмэлт эрчим хүч хэрэгтэй учир оросоос 250 мегаваттыг нэмж авдаг. Монголын баруун бүс бараг тэр чигээрээ Оросын импортоос хамааралтай. Хэд хэдэн жижиг усан цахилгаан станцыг эс тооцвол ийм төрлийн эрчим хүчний үүсвэр байхгүй. Байгал нуур руу урсаж, нийт урсацынх нь бараг 70 хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барьж дотоодын хэрэгцээгээ хангах төсөл олон удаа яригдаж, хоёр удаа төсөл хэрэгжүүлэх шахсан боловч ялангуяа Оросын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгаран зогссон юм. Одоо Хятадын 800 сая долларын зээлээр гурав дахь удаагаа барихаар зэхэж байгаа боловч оросууд эсэргүүцэн үүнийг ЮНЕСКО-д гомдол мэдүүлээд байгаа.

Нүүрсний шинэ станц барих төсөл яригдсан төдийгүй төслийн хэмжээнд ажил нь эхэлсэн боловч үүнд АНУ-ын компаниуд засгийн газрынхаа хоригоос болоод эхнээсээ оролцохоос татгалзсан ба тендерт ялсан Францын компани саяхан мөн л Засгийн газрынх нь хориг гарсантай холбогдуулан ажлаа орхин нутаг буцлаа. Сэргээгдэх эрчим хүчний хувьд дөнгөж эхлэлийн төдий байна. Гадаадын зарим компани, олон улсын байгууллагын дэмжлэгээр салхины эрчим хүч ашиглах төсөл хэрэгжиж эхэлсэн боловч үнийн асуудлаас болоод зогсчихоод байгаа. Учир нь одоо болтол Монголд эрчим хүний үнэ чөлөөлөгдөөгүй, улсын хатуу хяналтад байдаг. Атомын цахилгаан станцын тухайд бол юутай ч өнөөдөртэй зүүдлэх ч хэрэггүй. Монголчуудын дунд цөмийн эрчим хүчний тухай ойлголт ядмагаас болоод нийтээр сургаар нь айдаг нийгмийн сэтгэхүйтэй. Уг нь Монгол нь ураны баялаг нөөцтэй боловч зөвхөн хайгуул хийсний төлөө нийтийн дунд янз бүрийн эсэргүүцэл гардаг ба үүнийг нь далимдуудан гадаад гүрний зүгээс рекетчидийг санхүүжүүлж, зохион байгуулж байгаа юм.

Гэвч нөгөө талаас Монголын нийт 750 мянган өрхийн нэг хүрэхгүй хувь нь эрчим хүчний эх үүсвэргүй байна. Малчид болон жижиг суурин газрын иргэд нарны болон салхины эрчим хүчээр зурагт, хөргөгч, гэрэлтүүлэг зэргээ хангаж байгаа.

Угтаа зөв бодлого баримталбал Монгол нь эрчим хүчний асар их нөөцтэй. Төв Азийн усны хагалбар нь Монголын умарт хэсэгт буй. Гэтэл усны тохируулга хийж байх ёстой цэвдэг дэлхийн дулаарлаас болоод сүүлийн хорь гаруй жилд жар гаруй хувь нь хайлсан гэсэн тооцоо гарч байна. Энэ нь алсдаа Монголын умарт хэсэг ч цөлжих магадлалтайг харуулж байгаа юм. Иймээс Хөвсгөл нуур, Байгал нуурыг холбосон сав газар олон тооны хиймэл нуур үүсгэвэл энэ аюулыг ихээхэн багасгана гэж мэргэжилтнүүд хэлдэг. Хэрэв олон хиймэл нуур үүсгэвэл үүнийг дагаад усан цахилгаан станцууд барих бололцоотой.

Монголын говь нь сархины нөөцөөр дэлхийд тэргүүлдэг бол нийт Монгол оронд нартай өдөр бараг 300 хоног байдаг учир нарны эх үүсвэрээр Сахараас дутахгүй газар билээ. Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний технологид хувьсгалт өөрчлөлт гарч байна. Салхины сэнс нь хүн ихтэй төвлөрсөн газар тохиромжгүй байдаг бол Монголын асар уудам эзгүй газар нь өнөөгийн Калифорни, Өвөр Монголоос дутахгүй олон салхин сэнс байрлуулах бололцоотой. Түүнээс гадна тогтмол гүйдлийг хувьсах гүйдэлд хувиргаад эргүүлж дахин хувиргах технологид амжилт гарсныг үндэслэн эрчим хүчийг алс холд дамжуулах бололцоо буй боллоо. Энэ бүхнийг ашиглаж чадах юм бол Монгол нь ойрын ирээдүйд эрчим хүчний асар том экспортлогч орон болж болох бололцоотой юм аа.

Монголд гаднаас хөрөнгө оруулж дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бас нэг гарц байна. Ажиллах хүч нь салхи, нар. Дэлхийд салхины гурван том урсгал байдгийн нэг нь Монголын говиор дайрдаг. Технологийн дэвшлийн буянгаар ганц салхин сэнс 8 мегаватт эрчим хүч гаргадаг бололцоо буй боллоо. Гэтэл аймгийн төв дундажаар 4 мега хэрэглэдэг. Монголоор дайрч буй салхи 8 терраватт, нар нь 5 терраватт эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой гэнэ. Өнөөгийн Хятад улсын хэрэглээ үүнтэй харьцуулахад ердөө нэг терраватт шүү дээ. Хувьсах гүйдлийг тогтмол гүйдэлд шилжүүлээд хэдэн мянган км газар эрчим хүчийг алдагдалгүй зөөвөрлөдөг технологи техник нэгэнт буй болчихлоо. Сэргээгдэх эрчим хүч, ялангуяа салхин сэнсийг зэргэлдээ Өвөр Монголд маш ихээр хөгжүүлэн хэдэн арван мянган салхин сэнс зоочихсон байгааг хэн хүнгүй биеэр харсан биз. Монголд энэ төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй гадны олон компани саналаа илэрхийлсэн. Улаанбаатараас 50 км-ийн урдхан талд анхны туршилт эхэлсэн боловч эрчим хүчний үнэ чөлөөлөгдөөгүйгээс болоод зогсолтын байдалд орчихоод байна. Энэ төслийг АНУ, Япон, Солонгосын компаниуд ихэд сонирхон хөрөнгө оруулахад бэлэн байгаа боловч Монголын төрийн хүнд суртал, хий хардалт, түшмэдийн рэкэт, дарамтаас болоод урагшлахгүй байгаа юм. Хүнээр юмаа эхлүүлээд булааж авдаг, сүрдүүлдэг, хөөж гаргадаг тогтолцоо амьд байсаар ахул хэн ч бидэнтэй хамтрахгүй.

Занараас хямд түлш гаргадаг нээлт саяхан буй болж шуугиулсаар өдгөө эрчим хүчний дэлхийн төв нь Ойрхи Дорнод биш Хойт Америк боллоо. Давхрагын метаныг цуглуулан ашиглах шинэ технологи буй боллоо. Монгол тийм их занартай биш боловч байгаа нь хүхрийн маш бага хольцтойгоороо анхаарал татаж байна. Давхаргын хийн хэмжээ Хятадынхаас 500 дахин их байгаа нь урьдчилсан тооцоогоор ил болсон. Ийм ололтыг хагас дутуу сонссон төрийн түшмэд, хувийн компаниуд, орон нутгийн эрх баригчид нөөцтэй газрыг өөртөө жооролчихоод хайгуул ч хийлгэхгүй авлига хахууль нэхэн рэкэтэлсээр хэдэн жилийг барлаа. Тухайн газрын тодорхой ашигт малтмалыг хайх, ашиглах гэрээ хийсэн бол бусад ашигт малтмал нь өөр журмаар давхар лицензээр өөр хүнд эрх олгогдон шийдэгддэг олон улсын жишгийг дагасан хууль байдгүйгээс болоод тодорхой газрын лиценз эзэмшигч дээш доошоо хэдэн км-т байгаа бүх агаар болон газрын хэвлийн эзэн сууж феодолждог ёс нэгэнт хэвшжээ. Монгол Улсын нийт ард түмний мэдэлд гэх байгалийн баялагийг орон нутаг бүрэн эзэгнэн мэдэх эрхтэй гэсэн ойлголтоос болоод рэкэтчид хонь ямаанаасаа олон боллоо. Нийт ард түмний мэдлийнх мөн боловч захиран зарцуулах эрх нь зөвхөн Засгийн газарт байдаг, харин тэндээс буй болсон ашгаас орон нутаг илүү хүртэх эрхийг хуулиар зохицуулдаг хэнд ч ойлгомжтой дүрэм журамд яаралтай шилжмээр.

2015.12.14

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 25-нд Нью-Йорк хотноо эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн хуралдаанд оролцож байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес нээлтийн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн өмнө тулгамдсан асуудлын нэг хэвээр байгааr тэмдэглээд үүний эсрэг чиглэсэн дорвитой арга хэмжээг авах шаардлагатай гэв. Технологийн хурдацтай хөгжил, дэвшил нь шинэ сорилтыг түүний дотор хөдөлмөрийн зах зээлд орохоор бэлтгэгдэж буй залуучуудын ажлын байрыг орлох, ингэснээр ажилгүйдлийг бий болгож, нийгмийн эмзэг бүлэг, эмэгтэйчүүдэд нөлөөлж буйг онцлов. Мөн цагаачлал, дүрвэгсдийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, цахим аюулгүй байдлыг хангах, цахим хувьсгал нь бүх нийтэд хүртээмжтэй байх ёстойг тэмдэглэв.

НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы дарга Мария Фернанда Эспиноса Гарсес хэлэхдээ хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, цагаачлалын асуудлаарх дэлхийн гэрээг хэрэгжүүлэх, ажлын байрыг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах, Парисын гэрээг хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бүрэн хангах, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл, ЕА-н ажлыг эрчимжүүлэх, залуучуудыг зэвсэгт мөргөлдөөнд оролцохоос урьдчилан сэргийлэх гэсэн 7 чиглэлд өөрийн анхаарлыг хандуулахаа илэрхийлэв.

НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 150 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцох юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн 9 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанд үг хэлж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулж, олон улсын харилцааны асуудлаар манай улсын байр суурийг илэрхийлнэ.

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх цагаан ордны урилгаар АНУ-д хийж буй албан ёсны айчлалын хүрээнд МССаас олгож буй буцалтгүй тусламж болох 350сая ам.долларын гэрээд гарын үсэг зурж улаанбаатрын цэвэр усны асуудлыг хагас зуун жилээр шиийдэж өгөхөөр болсон билээ. Мөн тэрээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенстэй цагаан ордонд уулзаж хоёр орны хамтын ажиллагааг өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжүүлснээ зарласан юм.

Түүний айлчлал Вашингтон хотоос явж Нью-Йорк хотноо эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэхийн өмнө буюу энэ 9 дүгээр сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга” (Global call to action on the World Drug Problem) сэдэвт өндөр түвшний арга хэмжээнд оролцов. Арга хэмжээний үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзаж, энэхүү уриалгад Монгол Улс нэгдэж буйгаа илэрхийлэв юм.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааны талаар харилцан санал солилов аж.

“Хар тамхитай тэмцэх дэлхийн уриалга” нь хар тамхинаас үүдэн гарч буй аюул заналтай тэмцэх олон улсын хүч чармайлт, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрчимжүүлэхэд оршдог юм.

Энэхүү уриалгыг АНУ-тай хамтран Коломб, Аргентин, АНЭУ, Перу, Мали, Зааны ясан эрэг, Малайз, Сингапур, Доминикан, Болгар, Япон, Саудын Араб, БНСУ, Морокко, Румын, Тайланд, Энэтхэг, ИБУИНВУ, Эстони, Итали, ОХУ, БНХАУ, Афганистан, Эквадорын Гвиней, Коста Рика, Гватемал, Кени, Иордан Улс гаргаж байгаа бөгөөд 130 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд энэ арга хэмжээний үеэр уриалгад нэгдсэн билээ.

АНУ-ын энэхүү санаачлагыг НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антонио Гутеррес дэмжиж буйгаа арга хэмжээний үеэр илэрхийлсэн.

Өнөөдөр (өчигдөр) буюу 9 дүгээр сарын 25нд НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид нээлтийн хуралдаанд оролцож байна.

Мөн өдөр Норвеги, Болгар, БНХАУ, ОХУ, Герман, Молдов, Бутан, Швед, Австрали зэрэг улсын төлөөлөгчдийн тэргүүн нар үг хэлэх аж.


Categories
мэдээ цаг-үе

СнЗ-ийн референт Р.Гонгор: Цэдэнбал дарга “Намын дарга аа, хуралд очиж амжихгүй нь ээ” гээд надаас чөлөө хүсдэг байлаа

Социалист нийгмийн үед Сайд нарын зөвлөлийн референт, Улсын хангамжийн хорооны орлогч дарга, Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд шинжээчээр ажиллаж явсан Р.Гонгортой уулзаж ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр Ю.Цэдэнбалыг хойд хөршид гэрийн хорионд байх үед Монголоос ЗХУд суух ЭСЯнд ажиллаж байсан юм.


-Хуучин нийгэмд та төрийн өндөр албан тушаалаас гадна улс төрийн алба хашиж байжээ. Тэр цаг үед ийм өндөр албан тушаалд томилогдоно гэдэг бол их л чанга шалгууртай байсан нь мэдээж. Та ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байв. Хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ тухай дурсахгүй юу?

-Миний хувь заяа юм уу даа. Би дандаа нөмөртэй, түшигтэй, хүмүүсийн дэргэд ажиллаж байсан. Улсад 40 гаруй жил ажиллахдаа 15 жилийг нь армид зориулсан. Арван зургаан настайдаа цэргийн албанд мордож билээ. Цэргээс халагдаад ЗХУ-д Эдийн засгийн их сургуульд очиж суралцсан юм. Төгсч ирээд Улсын төлөвлөгөөний комисс, Хангамжийн хороо, Сайд нарын зөвлөл зэрэг газруудад ажиллаж байв. Сайд нарын зөвллөийн нэгдүгээр орлогч дарга Рагчаа, Улсын төлөвлөгөөний комиссын дарга Ренцэн гэдэг хоёр хүний дэргэд 25 жил ажилласан. Үнэхээр сайхан хүмүүс байсан сан. Дараа нь Гадаад явдлын яаманд Дүгэрсүрэн, Гомбосүрэн нарын удирдлага дор ажиллаж байлаа. Ингээд 1984-1989 онд Москва дахь ЭСЯ-нд ажиллаж байгаад 1990 онд ажлаа дуусгаж, тэтгэвэртээ гарсан. Төрдөө ийм л албан тушаал хашиж байсан хүн дээ.

Харин улс төрийн албан тушаал гэвэл, Сайд нарын зөвлөлийн дэргэдэх намын үүрийн дарга байсан хүн шүү дээ, би.

-Сайд нарын зөвлөлийн дарга нарыг захирна биз дээ?

-Тийм ээ. Бал дарга хүртэл намайг “Намын дарга аа” гэнэ. Намын үүрийн хуралд ирж амжихгүй бол утсаар “Би маргааш ийм ажилтай байна. Надад нэг чөлөө өгөхгүй юу” гэж ярьдаг байлаа.

-Та Сайд нарын зөвлөлийн референтээр хэдэн онд ажиллаж байсан юм бэ?

-1962 онд би сайд нарын зөвлөлд референтээр ажиллаж байлаа. Энэ үед цэргийн албыг шинээр эмхлэн зохион байгуулж байсан байгаа юм. Нэг өдөр над дээр армийн улс төрийн газрын дарга байсан Равдан генерал орж ирээд “Чи одоо ахмад дайчин хүн байна. Эргэж армидаа очно оо. Чамайг эвлэлийн 12 дугаар их хуралд армийн байгууллагаас сонгочихлоо. Тэгээд чи армийн эвлэлийн байгууллагыг удирдах болно” гэлээ. Би ч “За” гэсэн. Тэгээд Ю.Цэдэнбал дарга тэр армийн эвлэлийн бага хурлаас их хурлын төлөөлөгчид сонгогдсон байв. Дараагаар нь “За одоо бүгд хурлын гишүүн болгож төв хорооны бүрэлдэхүүнд авна даа” гэж Бал дарга хэлдэг юм байна.Тэгэхээр нь “Би яаж мэдэхэв. Та манай дарга Рагчаатай генералтай ярь даа” гэхэд Рагчаа дарга “Бид сургуульд таван жил сургаж авчихаад дөнгөж нэг жил ажиллуулж байхад, өгөхгүй” гэсэн гэдэг. Ингээд эвлэлийн их хуралд төлөөлөгчөөр сонгогдож, Ю.Цэдэнбал даргатай хамт оролцох завшаан тохиож байсан юм.

Зүүн гар талаас эхнийх нь Р.Гонгор. 1986 оны гуравдугаар сарын 17. ЗХУ дахь Монголын Элчин сайдын яам. Цэргийн баярыг угтсан хүлээн авалтын үеэр. Элчин сайд Ц.Гүрбадам, генерал Д.Самдан, Төв хорооны хэлтсийн эрхлэгч Дагвадорж, Цэргийн атташе Р.Гүнчин-Иш нарын хамт

-Таныг хойд хөршид ЭСЯ-ндаа ажиллаж байх хугацаа Ю.Цэдэнбал даргыг гэрийн хорионд орсон он жилүүдтэй давхцаж байжээ. Тухайн үед та тэнд яг ямар албан тушаал хашдаг байв?

-Би Бал даргыг огцрохоос нь өмнө ЭСЯ-нд томилогдож, зөвлөхөөр ажиллаж байсан. Тэгэхэд Гүрбадам Элчин сайд байлаа. Тухайн үед Ю.Цэдэнбал даргыг гэрийн хорионд байлгахдаа хүн хартай уулзуулдаггүй байв.

-Ю.Цэдэнбал даргыг Орос руу амраана гэж аваачаад гэрийн хорионд оруулчихсан гэдэг шүү дээ. Тэр үед Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Рагчаа нарын хүмүүс Ю.Цэдэнбалыг огцруулахаар ЭСЯ-нд очиж сэм хуйвалдсан гэсэн яриа байдаг. Та тэр үйл явдлыг мэдэх үү?

-Тэдний очихыг мэдэхгүй. Сүүлд бол дуулсан. Бал даргатай л холбоотой байсан бололтой.

-Та Ю.Цэдэнбал даргатай уулздаг байсан уу?

-Уулазалгүй яахав. Бал даргын хоёр бие хамгаалагчаас гадна Нанзад гээд гурван хүнтэй би холбоотой байдаг байлаа. Мөн Бал даргын тогоочийг нь, гэрийн үйлчлэгчийг нь би томилдог байв. Филатова гуай байсхийгээд л тогооч, үйлчлэгчээ халчихлаа л гэнэ. Тэгээд намайг өөр хүн олоод ир гэдэг байсан юм. Би ч өөр хүн олоод өгнө. Бас болоогүй Гадаад яамны дипломат корпусынхантай маргалдана. Үйлчлэгч нар даргыг бол шүтнэ. “Ёстой юу өгснийг идэж, өмсч байдаг, хүний мөрөөр сайн хүн” гээд л ам сайтай. Харин Филатова “Тийм ч юм хийсэнгүй, ийм ч юм хийсэнгүй” гээд л үйлчлэгч, тогооч нараа халчихдаг байсан юм.

Ю.Цэдэнбал даргатай уулзахад “Чи хэн билээ” гээд л асууна. “Би Гонгор байна аа” гэхээр “Аан, Рэнцэнпилжээгийн Гонгор уу даа” гэж билээ. Тэгээд бид хоёр Бал даргын бага, залуу насны тухай их хуучилдаг байсан. Дарга хийдэд шавилах гэж байсан тухайгаа, залуудаа хамт ажиллаж байсан хүмүүсийн талаар их ярина аа.

-Тухайн үед түүний ухаан санаа ямар байсан бэ?

-Анх очихдоо ухаан санаа нь эрүүл саруул байсан. Яваандаа жаахан балартдаг болсон доо.

Армийн их хурлын төлөөлөгчид. 1962 он. Р.Гонгор Ю.Цэдэнбал даргын баруун талд зогсож байна

-Бал даргыг хордуулсан академич, эмч Б.А.Чазов түүн дээр хэдийнээс очиж эхэлсэн юм бол?

-Дарга Монголоос гарахаасаа өмнө долдугаар сард Дархан бил үү, Төв аймгийн ч бил үү соёлын өдөрлөгийн үеэр хоёр, гурван хүнд гавьяат жүжигчин цол хүртээсэн юм. Уг нь Бал дарга хойно яаруу оччихоод буцах гэсэн байдаг. “Халх голын 40 жилийн ойд оролцоно. Их ажилтай. Яаруу яваа, түргэн буцна” гэсэн бодолтой хүн байсан. Гэтэл “Эхлээд та шинжилгээ хийлгээдэх” гээд эмнэлэгт аваачаад шууд тариа хийчихсэн.

-Эхнэр нь мэдээгүй юм уу?

-Яаж мэдэх вэ дээ. Тусгай эмнэлэг рүү барагтай хүн орохгүй. Тийшээ ороход нь тусгайлан хүн дагуулж яваад л үйлчилдэг байсан. Тэгээд тэднийг авч явж эмчтэй нь уулзуулаад л явдаг байсан. Чазов тэр үед хэдийнэ даалгавар авчихсан байсан юм билээ.

-Нанзад гуайн дурьдатгалд “Ю.Цэдэнбал дарга Элчин сайд Ц.Гүрбадамаас миний паспортыг олоод ир. Би нутаг явмаар байна” гэдэг байсан тухай өгүүлдэг. Танаас паспортоо асууж байв уу?

-Би жилдээ 2-3 удаа Бал даргатай уулзаж байлаа. Хааяа өөрөө ЭСЯ-нд хүрээд ирнэ. Тэгэхэд Гүрбадам сайд зугтаачихдаг байв. “Цаана чинь дарга ирж байна. Намайг байхгүй гэж хэл. Чи очоод уулз” гээд л даргаас айгаад ум хумгүй зугтаана гээч. Бал даргатай уулзахаар “Гонгор оо миний паспорт хаана байна вэ. Би нэг харимаар байна. Нутаг буцмаар байна. Гүрбадам хаана байна” гээд л асууна. “Гүрбадам дарга гадуур ажилтай явсан. Танд паспорт чинь байхгүй юм уу” гэхээр “Байхгүй ээ. Хэдийнэ аваад явчихсан. Хэнд байгаа юм бол. Надад нэг олоод өгөх арга байна уу” гэдэг байв. Ингэж ирэхдээ Бал дарга ЭСЯ дээр Нанзад гуайтай хамт орж ирээд аяга цай уучихаад явдаг байсан юм.

-Өөрөө огцорсноо хэзээ мэдсэн юм бэ?

-Рагчаа дарга, Моломжамц дарга хоёрыг очоод явахад л мэдсэн байх. Хэдийнэ огцруулж, гэрийн хорионд оруулсан ч гэсэн цалин, хангамжийг нь тасалдуулдаггүй байв. Миний хувьд даргын хоол унд, гэр орны аж ахуйн асуудлыг хариуцдаг байсан даа. Би даргатай уулзаад “Юу хэрэгтэй байна, хоол унд нь ямар байна” гээд анхаарал тавина. Хэдэн төгрөгийн цалинг нь өгөхөөр тогтмол Нанзад гуай аваачиж өгдөг байсан.

-Хоёр хүүхэд нь эргэж, тойрч очиж байсан уу?

-Владислав Эдийн засгийн харилцан туслах зөвлөлд ажиллаж байсан. Аав ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Харин Зориг бол эхнэр хүүхэдтэйгээ тусдаа байдаг байлаа. Бал даргын хоёр хүүхэд нэг нэгээрээ аав, ээжийгээ дуурайчихсан гээд л бид ярьдаг байж билээ. Влад олон түмэнтэй ойр, илэн далангүй, яг л аавыгаа дуурайсан хүү байв. Харамсалтай нь хожим гэртээ усанд орж байгаад нас барсан гэж яригддаг. Зориг бол ээжийгээ дуурайсан, зөрүүд, зожиг нэгэн байсан.

-Ю.Цэдэнбал гуайн өмч, цолыг хурааж, намаас хөөснийг ер нь хэзээ мэдсэн бэ?

-Тэрийг бол намайг энд ирсэнээс хойш засаг төр хувираад П.Очирбат Ерөнхийлөгч болсноос хойш мэдсэн. Дарга бол авдаг цалингийнхаа тоог мэдэхгүй. Цалинг нь санхүүгийн дарга Гунгаа гуай өгнө. Нарийн бичгийн дарга нь татварыг төлүүлчихээд Филатовад өгөөд явуулчихна. Харин авгай бол тэр хүүхдийн фондоосоо цалинждаг байсан. Өөр юм орлогын эх үүсвэр байгаагүй.

Даргыг гэрийн хорионд оруулж, цол, өмчийг нь хурааж авахад Дотоод явдлын яамныхан орон байрыг нь хариуцаж байсан. Тэр байр нь асар том номын сантай байсан. Би өмнө тэднийд очиж байсан болохоор сайн мэднэ. Гадаадын улс орнуудын өгсөн бэлэг дурсгал нэг өрөөнд өлгөөстэй байдаг байлаа. “Эдгээр бэлэг дурсгалын зүйл бол миний өмч биш, төрийнх” гээд хадгалдаг байсан. Тэгээд хойно очоод гэрийн хорионд орсноос нь хойш Дотоод явдлын яамныхан тэр их бэлэг дурсгал, номыг нь хураагаад авчихсан. Одон медиалууд нь ч хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон доо. Хүний мөн чанар, шунал гэж муухай шүү.

-ЗХУ-д Бал даргыг нас барахад хэсэг хүн “Тэнд нь оршуулчихъя” гэсэн яриа Улс төрийн товчоонд өрнөсөн гэх юм билээ. Тухайн үед Ш.Жадамбаа генерал “Нам даргаа гадаадад оршуулах гэж байгаа бол арми нь маршалаа Монголдоо авчирна гээд аваад ирсэн” гэдэг?

-Тэр үнэн. Жадамбаа нэлээд зоригтой, өндөр боловсролтой мундаг хүн байсан юм шүү. Монгол, Оросын сургуулиудыг алтан медиалтай төгсч байсан. Сайхан зантай, сайн хүн байсан.

-Ю.Цэдэнбал даргад эхнэр нь их зааж, удирддаг байсан гэдэг байх аа?

-Үнэндээ дарга ч зарим зүйлийг мартана. Санахгүй байх тохиолдол байна. Тийм үед нь Филатова гуай сануулж хэлдэг байсан байх. Бас хүн амьтны тухай хэлүүлнэ. Манай Филатова ч яггүй шүү дээ. Бид олон улсын пионерийн зусланг бариулж байлаа. Байсхийгээд л дуудна даа. Цэргийн хурандаа Бямбаа барилгыг бариулж, Бавуу генерал ерөнхийд нь командалж байсан. Ингээд л барилгын явц муутай байна дууд гээд л Филатова үүрэгдэнэ. Тэгэхэд Бал дарга надад “Авгай зуслангийн браилга дээр очсон явж байх шиг байна. Чи оч доо. Юу гэж хэлэх нь үү, Ямар юм дутаж байна вэ. Яах нь уу” гэдэг. Очихоор Филатова гуай “Цементийн чанар муу байна. Барилга нурвал яах юм бэ. Яагаад тааруу маркийн цемент нийлүүлэв. Бавуу чи яагаад энэ ажлыг удаашруулаад байна. Наад мөрөн дээрх чинь хүнддээд байна уу. Хөнгөрүүлж болно шүү. Энэ барилгыг би ямар үхэхдээ аваад явах юм биш. Монголын хүүхдийн төлөө л хийж байгаа ажил” гээд л хангинаж өгнө шүү дээ. Энэ бол тухайн үед ажил хийлгэхийн тулд ташуурддаг зөв арга. Би түүнд бишгүй л загнуулж байсан. “Тэр суман дээр хүүхдийн цэцэрлэгийн ажил зогслоо. Цементийнхээ маркийг өндөр болго, арматур төмрийнхөө чанарыг сайжруул” гээд дуудаж ирээд л үүрэгдэнэ дээ. Филатова хааяа томилгоон дээр бас гар бие оролцдог байсан. Томилох хүнийхээ нэрийг Ю.Цэдэнбал даргын халаасанд нь бичээд хийчихнэ. Дарга халаасаа ухаад авгайнхаа бичсэнийг харна шүү дээ.

-Филатова гуай ааш гаргасаар байгаад нутаг буцсан юм уу?

-Сүүлийн хэдэн жил тэрээр даруухан байсан. Нэг удаа тэр Бал даргыг гэрээс нь хөөгөөд Төрийн ордонд хонуулсан байдаг юм. Энэ тухай мэдээ Ж.Самбуу даргын чихэнд очсон. Тэгэхэд хэр баргийн үг дуугараад байдаггүй, тун бодолтой хөдөлдөг Ж.Самбуу дарга шууд Оросын ЭСЯ-нд очоод “Бид болох чинээгээрээ байлаа. Энэ хүн чинь манай хүнийг гэрээс нь хөөж явуулсан байна. Одоо та бүхэн энэ хүнээ буцааж ав даа” гэж хэлсэн байдаг. Тэгэнгүүт Оросын Элчингээс шуурхай арга хэмжээ авсан боололтой маргаашаас нь Филатова номхорсон.

Тэрээр Монголын урлаг, хүүхэд хоёрын төлөө бол дайчин нэгэн байсан даа. Дэмжихийг нь дэмжээд, халахыг нь халаад л. Уртнасан бол Филатовагийн баруун гар нь. “Ажа мама” гээд л сүйд болно. 1974 онд Брежнев манай улсад айлчилж ирэхэд Фелатова гуай ганцаарчилж уулзаад Хүүхдийн пионерийн ордон, Хуримын ордон, Найрамдал зусланг буцалтгүй тусламжаар бариулж авсан. Бас гурав, дөрөвдүгээр хорооллын цэнхэр байшингуудыг Брежневийн бэлгийн байшин гэдэг. Улс тунхагласны ойгоор Брежнев чинь 18 аймгийн зургаанд нь эмнэлэг, эмч нарын байртай, зургаад нь арван жилийн сургууль багш нарын байртай нь барьж өгсөн. Бас Дархан Улаанбаатарын байшин үйлдвэрлэх комбинат, угсармал байруудыг бэлэглэж байсан.

Үргэлжлэл бий…

Categories
мэдээ цаг-үе

Жагваралын Бүрэнбэх: Дуурийн театрын тайзнаа өдгөө “Ардын жүжигчин” хэмээн зарлуулах хүн надаас өөр байхгүй байна

Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий удирдаач, Монгол Улсын ардын жүжигчин Жагваралын Бүрэнбэхтэй ярилцлаа.


-Ардын жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртсэнээсээ хойш та манай сонинд ярилцлага өгөөгүй. Урлагийн хамгийн өндөр шагналыг хүртэхдээ чухам юу бодов. Он жилүүдээ эргэн нэг харж, амжилт бүтээлээ тунгаасан нь мэдээж?

-Аливаа шагнал урамшуулал нэг талдаа сайхан боловч нөгөө талдаа нэхэл хатуутай. Их том үүрэг ачаа, хариуцлага ирдгээрээ баярлахаас илүүтэй хийж бүтээхийн хүслэнд автдаг байна. Ер нь тэгээд энэ том шагналын өмнө өөрийгөө голдог л юм байна. Бүх хүн тэгдэг байх л даа. Би чинь Дуурийн театрын ерөнхий удирдаачаар 40 гаруй жил ажиллаж байгаа хүн. Нас сүүдэр хэдийнэ тэтгэврийн хэмжээнд хүрчээ. Театраасаа гардаг юм уу даа, залуучууддаа зайгаа тавьж өгье гэж бодож байлаа. Авгай хүүхэд маань Америкт байдаг. Тэр хэдээсээ хол байна гэдэг амаргүй. Ийм л бодолтой байж байтал энэ их том хүндэтгэл ирдэг юм байна. Ардын цолтон болчихоод “Одоо боллоо, Америк орж авгай хүүхдүүд дээрээ очъё” гээд хаяад явчихтай нь биш. Дахиад хэдэн жил байж санасан бодсон бүхнээ гүйцээхийн төлөө зүтгэнэ. Өртэй үлдсэн хүн өөр яах билээ. Монголын дуурийн энэ агуу том театрт өнөөдөр “Ардын жүжигчин” гээд зарлуулах хүн надаас өөр байхгүй байна. Балетын Ганбаатар гэж багш бий. Гэхдээ тэр хүн тайзан дээр гарахгүй. Тэгэхээр ганц шагналыг нь авчихаад зугтчихаж болохгүй байгаа минь ийм учиртай. Өөрийн тань асууж байгаачлан өнгөрөгч он жилүүдээ эргэж харлаа. Монголын урлагт тавь гаруйхан жил зүтгэхдээ бас ч гэж юм хийжээ. Дөч, тавь шахам үндэсний болоод сонгодог дуурь, гуч шахам балет, за тэгээд симфонийн концертуудыг хэлээд барахгүй. Улсын баяр наадам, төрийн хүндэтгэлийн концерт гээд явж өгнө. Гадны орнууд, ялангуяа Оросын том театруудад дэлхийн сонгодгуудтай эн зэрэгцээд алдарт дууриудыг удирдаж байлаа. Франц, Солонгос, Хятад гээд олон оронд симфони оркестроо тоглуулжээ.

-“Монголын урлагт тавь гаруйхан жил…” гэж хэлж байна. Таны хувьд анх Драмын театрын босгыг алхсан хүн. Тэр ч утгаараа “Нийслэл хүү”-гийн дүрээр дэлгэцэнд ч, ард олны сэтгэлд ч мөнхөрч үлдсэн?

-Жаран гурван онд Улсын драмын театрт жүжигчнээр орж их урлагт хөл тавьсан. Намайг Драмын театрын босгоор алхахад жинхэнэ алтан үеийнхэн гэдэг чинь угтаж авсан юм. Эрдэнэбатын Оюун, Ламзавын Ванган, Сангижавын Гэндэн нарын найруулагч нартай, Цагааны Цэгмид, Нямын Цэгмид, Чимидийн Долгорсүрэн, Дэндэвийн Чимид-Осор, Түдэвийн Цэвээнжав, Дашзэвэгийн Ичинхорлоо, Хандсүрэн, Дугарсанжаа, цоохор Мижиддорж, улаан малгайт Лувсанжамц, Буучийн Жигмэддорж гээд урлагийн бурхадтай зургаан жил хамт байсан. Эдгээр бурхдаас Цагааны Цэгмид, Цэвээнжав гуай хоёр бүр онцгой хүмүүс байсан даа. Дошгин хар Нямсүрэн бид хоёр нэг тушаалаар дагалдан жүжигчнээр орж байсан. Нямсүрэн Налайхын Соёлын ордонд жүжигчин байсан, намайг бодвол туршлагатай. Би бол шууд хөдөөнөөс ирсэн нөхөр. Тэгэхэд хамгийн залуу нь Цээнямбуу байлаа. “Өглөө” кинонд Сэлэм Тогмидын эхнэр болж тоглодог жүжигчин шүү дээ. “Алтан өргөө”-гийн Сүмбээ буюу жүжигчин Зоригийн эхнэр байсан. Миний бие жүжигчнээс гадна төгөлдөр хуур тоглоно. Намдаг гуайн “Шинэ байшинд” жүжгийн гол дүр хөгжмийн зохиолчийн дүрийг Амбаа буюу ардын жүжигчин Дамбын Дамдинсүрэн гуай бүтээж байсан. Амбаа төгөлдөр хуур дарна. Гэхдээ төгөлдөр хуур нь дуугарахгүй. Цаана нь би түүнийг тоглож байгаа юм.

-“Нийслэл хүү”-д тоглуулах саналыг анх Лодойдамба гуай гаргасан гэдэг?

-Миний амьдралд Лодойдамба гуай, Долгорсүрэн гуай хоёр их үүрэг гүйцэтгэсэн юм. Ямар азаар ч юм бэ дээ, надад Лодой гуайн “Гарын таван хуруу” жүжигт Долгорсүрэн гуай тэргүүтэй өнөө алтан үеийнхэнтэй чинь тоглох хувь олдож билээ. Би ядам хуруу нь болсон. Тэрхүү жүжгийг Лодой гуай өөрөө ирж үзээд, орой нь жүжигт тоглосон уран бүтээлчдийг гэртээ урилаа. Очлоо, гоё ганган гэж жигтэйхэн, сүрдмээр л айл байна. Гадаадад сурч буй охид нь ирчихэж. Төрөл бүрийн хоол хийгээд л. Тэднийд анх янз янзын жимс жимсгэнэ идэж үзэж билээ. Амтат бялуу гэдгийг тэднийд л идсэн. Лодойдамба гуай тийм энгийн хүн юм уу, эс бөгөөс тэр орой тэгж баярласан уу, бүү мэд. Бөөн хөөр байсан. Пянз тоглуулаад твист бүжиглэж байлаа шүү дээ. Биднийг босч бүжиглэ гэж уриад. Охидтойгоо бүжиглээд байсан. Одоо энэ гавьяат Насанбат энэ хэд гадаадаас ирчихсэн байсан байх. “Гарын таван хуруу” жүжигт тийнхүү тоглосон нь надад “Нийслэл хүү” киноны гол дүрийг бүтээх завшаан олгосон. “Нийслэл хүү”-ийн дүрд намайг тоглуул гэж уран бүтээлчдийн багт санал болгосон хүн нь Лодойдамба гуай яах аргагүй мөн юм.

-“Нийслэл хүү”-дээ тоглох гэж дуудагдахдаа нэлээд олон аваргад “өшиглүүлсэн” түүхтэй санагдана?

-Ардын жүжигчин Цэрэндэжидийн Гантөмөр, Лоолийн Жамсранжав, “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрээр олны сэтгэлд хоногшсон жар, далаад оны сайхан залуучуудын нэг Дашдаваа гээд аваргуудад өшиглүүлэхгүй юу /инээв/. Тэр чинь ийм юм болсон байхгүй юу. “Ирж яваа цаг”-гийн Багаяа буюу гавьяат жүжигчин Лувсанбалдангийн Лувсан гуайн 50 насны ойн найр 40 мянгатын гэрт нь боллоо. Тэгтэл кино үйлдвэрийнхэн ирээд намайг дуудуулжээ. Би хаалганаас бүр хол буланд суучихсан. Наагуур нь миний хэлээд байгаа архагууд суучихсан. Гарах гэхээр тэд чинь “хуц”, ширээн доогуур мөлхөхгүй юу гэж дээрэлхээд хөдөлнө гэж байхгүй. Тэгээд л найрааны ширээний доогуур мөлхсөн дөө. Араас нь өнөө хэд чинь ээлж дараалан амбаардаж байгаа юм. Ингэж нэг юм гараад иртэл Жамсран найруулагч тэргүүтэй “Нийслэл хүү” киноны уран бүтээлчид тосч авсан. Лодойдамба гуайн хэлснээр намайг “Нийслэл хүү”-дээ тоглуулах гэж эрэл сурал болж очсон нь тэр. Сонин болгож хэлэхэд, “Нийслэл хүү”-гийн шагнал гээд 3800 төгрөг өгсөн юм. Далаад оны гурван мянга найман зуун төгрөг бол ямархан хэмжээний мөнгө байх нь тодорхой. Тийм их мөнгө авна чинээ санаагүй би дан костьюмтай гүйгээд оччихлоо. Өнөө мөнгө маань дан нэгтийн дэвсгэрт гэж байгаа. Нэгтийн зуун дэвсгэрт нэг боодол гэж бодохоор дөчөөд боодол болж байгаа. Костюмны халаасанд гурав, дөрөвхөн ороод түнтийчихнэ. Тэгээд хир даагь болсон бааданд боолгож аваад гарч билээ. Уран бүтээлчиддээ ялангуяа найруулагч, зураглаач нартаа нэг нэг шил юмны мөнгө өгөх нь хууль. Мөн Дамдинбазар гуай, Дагийранз гуай гээд кино үйлдвэрийн лут амьтдад бас нэг нэг шил юмны мөнгө өгөөд баадан дүүрэн мөнгөтэй гэртээ харьж байсан даа.

-“Алтан шар зам”-ын Зундуйн Батсүх, “Хавар ирлээ шүү, хүүхнүүдээ”-гийн Жамбалын Шараа гээд хөгжмийн мастеруудтай та нэг ангид суралцсан байдаг?

-Жаран есөн онд багшийн дээдэд хөгжмийн зохиолч удирдлаачийн анги нээгдсэн. Оюун багшдаа хөгжмийн чиглэлээр явна гэдгээ хэллээ. “Би бол зоотехникч болох байсан хүн. Урлагийнханд юм орчуулсаар байгаад сүүлдээ найруулагч болдог юм байна” гэж Оюун багш өөрийгөө хэлээд надад зөвшөөрөл өгч байсан. Гончигсумлаа гуай, Чулуун багш хоёрт Оюун гуай хэлсэн байлгүй. Би удирдаачийн ангийг нь сонгосон юм. Монголын төрөөс бодлогоор арван гурван хөгжмийн зохиолч, арван гурван удирдаачийг дээд мэргэжил эзэмшүүлсэн нь манай ангийнхан. Ихэнх нь аймгийн театр чуулгын дарга нар байлаа. Ангийн дарга гэхэд л “Ганган байгалийг тольдоосон” буюу “Хамгийн дундаас онцгой”-г бичсэн Доржсүрэн гэж гавьяат хүн байсан гээд бодохгүй юу. Дорнод аймгийн хүн шүү дээ. Тэгээд өнөө “Алтан шар зам”-ын Зундуйн Батсүх, нэрт хөгжмийн зохиолч Жамбалын Шараа гээд дан гавьяатууд. Намайг яг суралцаж байх үед “Нийслэл хүү” дөнгөж гарчихсан, хүүхдүүд байтугай багш нар сонирхоод. Эргээд санахад дурсамжтай сайхан байдаг. Монголын хөгжмийн урлагт тодорхой алхмыг хийсэн түүхэн гэж хэлж болох энэ ангиас анхны ардын жүжигчин төрлөө. Гавьяатаар эхэлсэн анги ардын цолтонтой боллоо. Мөн хөгжим судлаач доктор Энэбиш, удирдаачаар төгссөн Юндэнбат гээд эрдэмтэд байна. Ийм л ангийг анх төгссөнөөрөө бахархдаг.

-Таны багш бол алдарт Жамьяны Чулуун. Багшийнхаа тухай дурсахгүй юу?

-Миний бие цагаан сар болгоноор багшийнхаа гэрт очиж золгодог. Должин гэж хөгшин нь сэрүүн тунгалаг бий. Багш маань өөрийн хүү Чинбатыг хойш нь сургуульд явуулаад өөрийнхөө оронд тавихгүй яагаад миний хойноос үхэн хатан хөөцөлдөөд байсан юм бол доо гэж би үргэлж боддог. Миний бие Жамсранжав удирдаачаар “Кармен” дуурийн оршлыг заалгаж байж шалгалт өгөөд Чулуун багш дээр дөрвөн жил сурсан хүн. Ингээд далан гурван онд сургуулиа төгсөөд бүгд хуваариа аваад байтал минийх гардаггүй шүү. Би бол амьхандаа Дуурийн театрт багшийнхаа дэргэд очно гэж баярлаад байгаа. Тэгтэл “Танай багшийн саналаар Ленинградын консерваторийг шалгалтгүйгээр, улсын зардлаар явахаар боллоо” гэдэг юм. Дөрвөн жил оюутан байсан би дахиад сурахаар болж байгаа нь тэр. Багш таван зуун төгрөг өвөртлүүлээд “сайн яваарай” хэмээн гаргаж өгч билээ. Тэрхүү алдарт сургуульд өөрийн хүү Чинбатыг явуулах боломж багшид бүрэн байсан. Гэвч тэгээгүй, зарчимч шударга зан нь нөлөөлж амин хувиа бодолгүй, их урлагийн цаашдын зам мөрийг бодсон байх л даа. Ингээд бодохоор багшийгаа машид хүндэтгэдэг. Далан зургаан онд намайг хойно сурч байхад Москвад соёлын өдрүүдээр Чулуун багш, Намсрайжав гуай хоёр очиж байлаа. Алдарт Большой театрт багшдаа зааж зааварлаад зогсч байсан түүх бий. Багш бол гадаадын том оркестрт дохиж байгаагүй хүн шүү дээ. Зургаан жил сураад 1979 онд ирлээ. Яамны хуваариар театртаа ирсэн.

-Багштайгаа театрт удаан ажилласан уу?

-Таван жил хамт ажилласны дараа багш “Одоо чи театрыг аваад явахаар болсон” гэж хэлээд Филармони руу явж байсан. Тэр үед Намсрайжав гуай өнгөрөөд филармони хүнгүй болчихсон үе юм. Хоёр дээд сургууль төгссөн хосгүй амьтан ёстой юу юм бэ гэсэн байдалтай ханхалзан орж ирээд “Учиртай гурав”-аасаа эхлээд л тархи руугаа нүдүүлж байгаа юм. Наян нэгэн онд хоёр жил орчим болоод байхдаа “Севилийн үсчин” дуурийг тоглуулах үүрэг хүлээснээ мартдаггүй. Жаамаа удирдаач гадагшаа яваад би буусан хэрэг. Зууны манлай алдарт Пүрэвдорж гуай, алдарт Авхийн Хавлааш, Доржийн Банди, Ж.Цэцэгээ гээд дуулж байсан үе. Гуравхан хоногт бүтэн дуурийг сурч тоглуулна гэдэг амаргүй. Оркестортой нийлэх болтол болдоггүй дээ. Пүүжээгээс эхлээд “За энэ ч бүтэхгүй нь ээ” гэсэн хандлага гаргалаа. Сүүлдээ бүр больё гээд өнөө хэд чинь тайзнаас буух гэтэл үзэгчийн суудлаас “Пүрэвдорж оо суу, эхнээсээ дахиад хий. Та нарын төлөө удирдаач байнга сургуулилт хийж заадаг, шаардлагатай үед удирдаачаа та нар авч явж хүмүүжүүлэх ёстой. Өнөөдөр ийм байвч маргааш хэрэгтэй хүн” гээд тасхийдэг юм. Багшийн тэр үгэнд алдарт Пүрэвдорж, Хавлааш бүгд нам болсон. Ийн мунгинан байж би гэдэг хүн удирдаж байсан. Их л хэцүү тоглож байсан санагддаг. Багшдаа загнуулахгүй шавь гэж байдаггүй шиг удирдаачдаа захирагдахгүй ямар чиг ардын жүжигчин, төрийн шагналтан гэж байдаггүй. Дуучдын тэр өндөр цол хэргэм, нэр төр удирдаач бидэнд огтхон ч хамаагүй. Тэд бол тухайн тайзнаа миний удирдлагаар л дуулна. Би яаж дуулмаар байна түүгээрээ Цэвэгжавын Пүрэвдорж, Дэмбэрэлийн Жаргалсайхан, Хорлоогийн Уртнасан тэргүүт аваргуудыг өмнөө дуулуулж байсан. Чайковскийг би өөрийнхөөрөө л гаргана. Үүнд удирдаачийн эрхэм чанар байдаг. Удирдаач гэдэг бол шаардлага өндөртэй хатуу хүмүүс л дээ. Наян нэгэн онд тэгж “Севилийн үсчин” дуурьт хөглөж байсан би түүнээс хойш дөчин жилд дөрвөн ч үеийг удирдсан байна. Эхнийх нь Пүүжээ, Жаргалсайхан гээд аваргууд, дараа нь Дашпэлжээ нарын үе тэгээд Түвшинтөгс, Эрдэнэбатын үе. Одоо Амартүвшин, Эрдэнэтуяагийн үе байна.

-Тэр жил таныг гавьяат болоход Архангайнхан ч хүлээж аваад, Өвөрхангайнхан ч угтаж аваад байсан санагдах юм?

-Аргагүй шүү дээ, би чинь хоёр нутагтан юм чинь. Албан ёсны намтар Архангайн Хашаатаар явдаг. Гэхдээ Өвөрхангайн Хархоринд долдугаар анги төгссөн. Тавин зургаан онд Архангайн Лүн сум татан буугдаад Хархорины сангийн аж ахуй байгуулагдсан. Эхэн үедээ Архангайн сангийн аж ахуй байсан юм. Хоёр жилийн дараа Өвөрхангайн сум болсон. Хоёр мянга зургаан онд гавьяат болоход Архангайнхан “Тамирын хурд” наадам дээрээ хүлээж авлаа. Тэрхүү наадмаас дөнгөж ирээд байж байтал Жанцанноров утасдаж байна. Өөрийг чинь Өвөрхангайнхан урьж байна аа гээд. “Би сая Архангайд уригдсан” гэж үнэнээ хэлэхэд “Ямар хамаатай юм. Бүхэл бүтэн аймаг манай хүн гээд урьж байхад очих ёстой” гэлээ. Ингээд дөрвөн хүний нэрэмжит наадмыг Өвөрхангайд зохион байгуулсан. Цэрэнтогтох аваргын хөдөлмөрийн баатар, Лүндээжанцан бид хоёрын гавьяат, Сумъяазарын аварга цолны мялаалгыг хамт хийсэн. Манай Ойдов чинь Хархориноороо явдаг. Ойдовын аав Зэвэг гуай манайхан айл аймаг улс. Зэвэг гуай морь сайхан уургалдаг, бяртай хүн байсныг би муухан мэднэ. Ойдовыг дэлхийн аварга болоод ирэхэд нь Өвөрхангайнхан эмээл хазаартай морьтой угтаж байсан түүхтэй. Тэгэхээр Ойдов Өвөрхангайгаар овоглож явалгүй яахав. Гавьяат болоход минь тэгж хүндэтгэсэн ард түмэн намайг дахиад урих байх гэж найдаад байгаа.

-“Бүрэнбэх удирдаач “Турандот” дуурийг өөрийн тайзнаа тавьж удирдсанаар дэлхийн хэмжээний бяр сууж гэдгээ харууллаа” хэмээн Дагвын Лувсаншарав гуай нэгэнтээ хэлж байсан. Та энэ чиглэлээр хэд хэдэн ном бичсэн?

-Ардын цолоо аваад Америк орсон. Алдарт Маяами хотод далайн эрэг дээр хүүхдүүд маань аваачиж амраалаа. Мөн Чикагогийн алдарт театрт уригдаж дэлхийн нэрт удирдаачийн 100 жилийн ойн тоглолтыг үзэж сонирхлоо. Сайхан юм аа. Америкт хоёр сар болохдоо монголчуудтайгаа уулзлаа. Батжаргал гэж Москвад доктор хамгаалсан, манай хөгжим бүжгийн сургуульд багш байсан хүн байна. Мөн Банзрагч гэж Намсрайжав гуайн шавь Филармонийн хөгжимчин байна. Тэдэнтэй их урлагийн талаар санал бодлоо хуваалцаж явлаа. Ардын жүжигчин хэмээх энэ том алдрыг үлдэж буй насныхаа үүрэг ачаагаар хариулахын төлөө ах нь зүтгэнэ ээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэбаяр: Пянзыг маш анхааралтай төвлөрч сонсох ёстой

Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “World music” галерейн захирал Б.Эрдэнэбаяртай ярилцлаа. Тус галерей нь Монголд анх удаа дэлхийн дуу хөгжмийн түүх болоод өв соёлыг дэлгэрүүлэх, шүтэн бишрэгч, цуглуулагч болон хүүхэд залуучуудын оюуны боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор байгуулагджээ.


-Танайд зарах пянз байгаа юу?

-Одоогоор зарах пянз байхгүй.

-Шилэн хоргонд буй Монголын анхны пянзнууд нүдэнд тусч байна шүү?

-1933 онд цогцоороо 10 пянз гарсан юм.

-Арвуулаа байгаа юу?

-Арвуулаа байгаа.

-Пянзны музей, галерей байгуулна гэхээр яалт ч үгүй нөр их хөдөлмөр, олон жилийн эрэл хайгуул, асар их зүтгэл, сэтгэл орсон ажил байх нь дамжиггүй?

-Манай галерейн үзмэр хоёр хүний цуглуулгаас бүрдсэн байхгүй юу.

-Хэн, хэн бэ?

-Д.Батбилэг гэж Орхон аймгийн зураач, цуглуулагч хүн. Тэр хүн Англид арав гаруй жил амьдрах хугацаандаа энд байгаа гадаадын пянзнуудыг бүгдийг нь цуглуулж ирсэн. Гадаадын пянзыг цуглуулахдаа захын нэг дэлгүүрт ороод дурын нэг пянзаа аваад байгаагүй. Тухайн үедээ хит болж байсан хамтлагуудын Чартад хамгийн олон хоног тэргүүлсэн бэст пянзных нь серийн дугаараар нь хөөгөөд эх хувийг нь хайсан байгаа юм.

-Энэ галерейн пянзнууд тэгээд тэр чигээрээ эх хувь нь байх нь ээ?

-Дандаа эх хувь нь. 1963, 1990, 1987 оны хэвлэлт гэвэл яг тэр оны хэвлэлтээрээ. Тэр оргиналь хувиудыг хуучны зах, дэлгүүрүүд болон хуучин эд юмсын худалдаа энд тэнд гэнэт зарлагдахад тэнд нь очиж эрж хайж олж авсан үзмэрүүд юм.

-Нөгөө хүн нь хэн билээ?

-Цуглуулагч С.Түвдэндорж гэж хүн бий. Тэр хүн Монгол талын пянзнуудыг цуглуулсан. Бас арван хэдэн жилийн турш цуглуулсан пянзнууд нь. Цуглуулгаа арвижуулахын тулд айл, албан байгууллага гээд яваагүй, очоогүй газар байхгүй. 1933 оны пянзыг цуглуулахын тулд Орос руу явж нэг, хоёрхон ширхэгийг олж ирсэн юм билээ.

-Ганцхан пянзны төлөө шүү дээ, тийм ээ?

-Тийм. Тэгж явсан гэсэн.

-Тэгвэл хамгийн их эрэл хайгуул болж, ихээхэн цаг хугацаа зарцуулж олсон пянз гэвэл?

-Бүх пянзыг олоход хэцүү. 1934 оны найман пянз, 1933 оны арван пянз бий. Эд нар чинь бүгдээрээ байж байж маш их үнэтэй болно. 1933 оны пянз энд тэнд хүмүүст ганц нэгээр л байдаг. Түүнээс биш ингэж бөөнөөр нь цуглуулсан нь үгүй. Ингэж цуглуулна гэдэг боломжгүй л юм билээ.

-Пянз яг ямар гайхамшигтай болоод хүмүүс ингэж цаг зав, эд хөрөнгөө зарцуулан байж цуглуулаад байдаг юм бэ. Дуугаралтад нь хамаг нууц нь байна уу. Шалтгаан нь?

-Дижитал болоод аналог дуугаралтад ялгаа гэж байна л даа. Дижитал дуугаралт бол хуурцаг буюу кассетаар эхэлсэн. Дараа нь компакт диск, MP3 гарч ирсэн. Пянзыг бидний үеийнхэн бол шидэж тоглож, дугуйгаа чимэглэдэг байсан шүү дээ. Бидний үеэс л пянзны соёл тасарчихсан байхгүй юу. Яагаад вэ гэвэл манайх хамгийн сүүлд 1984 онд пянз хэвлэсэн юм билээ. Дараа нь Төрийн соёрхолт Б.Шарав гуайн II симфони Орост 1988 онд бичигдсэн. Тэр пянз нь манай галерейд байна (Уг пянзыг заав.сурв). Хамгийн сүүлд энэ пянз Монголд орж ирээд үүнээс хойш манай пянзны хөгжил зогсчихсон юм. Кассет ч хүч түрээд ороод ирсэн л дээ. Дижитал дуугаралтыг бид их сонсч байна. Цэвэр сонсогддог, чихэвчээр дуу сонсоцгоодог. Дижитал гэдэг чинь цифр. Бид цифр сонсоод яваад байдгаа мэддэггүй юм байна. Пянз гэдэг юм чинь дижиталыг бодвол байгаа бүх шумыг тэр чигээр нь, байгаагаар нь буулгаж авдаг.

-Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн пянзанд бичүүлсэн “Гоолингоо” дууг хүмүүс санаж байгаа байх.

…Зүүдээ нойрны минь дотроосоо

Зүрхний минь Гоолингоо нь ээ

Үзэгдээд л байх юм аа гэж эхэлдэг шүү дээ. Дуулж байхад дэргэдэх хүмүүсийн яриа, элдэв шум шуугьж орж ирдэг?

-Дижитал гэдэг юм чинь өөрөө компьютер гэсэн үг шүү дээ. Тийм болохоор амьд хүний хоолойноос гарч байгаа давтамж, хэлбэлзэл, шилжилтүүдийг бүтэн бичиж авч чаддаггүй юм байна л даа. Яагаад вэ гэвэл компьютер шүү дээ. Тэгээд алдаатай бичээд байдаг. Өөрөөр хэлбэл мэдээлэл алдагдаад байна гэсэн үг. Тэгж алдагдаад байгааг бидний чих ч мэдэхгүй. Гэтэл пянз тэр чигт нь буулгаж авдаг учир сонсохоор илүү баялаг, дуучны дуу хоолойг цэвэр сонсоод байдаг юм. Тэгээд л хүмүүс пянзыг тухайн дуучин хүнтэй нь холбож өгдөг гэж яриад байдаг нь тэр юм. Хүмүүс яагаад пянзыг эргэн сонирхох болов гэхээр бид сүүлийн хорь гаруй жил сошиал гэж их явлаа. Одоо олон юм буцаж эргэж байна. Органик бүтээгдэхүүн хэрэглэх болж хүн бүр йогоор хичээллэж зөв амьдрах гээд л тэмүүлэх болж байна. Үүний нэг давалгаа нь амьд хөгжим, пянз сонсох гэсэн тэмүүлэл яваад байгаа юм.

-Ийм галерей нээгдсэнийг дуулаад холоос зорьж ирж байгаа хүн байна уу?

-Нэг хүн ирсэн. Тэр хүнээс “Манай галерейн мэдээллийг хаанаас авав” гэтэл “Дархан хотоос ирлээ” гэж байгаа байхгүй юу. Нээлтэд оролцох гээд зориод ирсэн байсан. Манайх нээлтээ хийгээд хоёр л хонож байна.

-Үзмэрүүдийнхээ тоог ойролцоогоор хэлж болох уу?

-Нийт үзмэрийн сан гэвэл зөвхөн пянзаар ярихад 3000 байна. Гэхдээ энд дэлгэн тавьчихсан байгаа үзмэрүүд нийт үзмэрийн 40 хувь нь. Д.Батбилэг, С.Түвдэндорж гэж хоёр хүний цуглуулгыг аваад миний бие хоёр найзтайгаа хамтраад энэ галерейг бий болгоод ажиллуулж байна. Цуглуулагч цуглуулгаа гэртээ л хадгалдаг. Өөрөө хардаг. Найзуудаа дуудаж ирж хамт сонсоно. Үхмэл хөрөнгө шиг л байдаг. Харин тэр бүгдийг дэлгээд галерей болгох ёстой.

-Пянз худалдаж аваад сонсохоос урьтаж пянзны соёлоос суралцсан байх ёстой болов уу. Бие даасан том соёл биз дээ?

-Пянз гэдэг чинь зүгээр нэг юм руу шургуулчихдаг эд биш. Хүн өөрөө хүрдэг, дуугаа өөрөө тавьдаг. Энэ болгоноос хүн өөрөө таашаал, мэдрэмж авдаг. Сонсохдоо маш анхааралтай төвлөрч сонсох ёстой. Энэ бүхнийг залуучууд ойлгох хэрэгтэй. Нэг үеэ бодвол пянзыг залуучууд сонирхдог болоод ирж байна. Тийм болохоор пянзны дэлгүүрүүд ч шинээр нээгдээд, лоунж хүртэл байх жишээний. Зөвхөн пянзны ая тавьдаг жааз кафе ч нээгдчихсэн байна. Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр ах биднийг их дэмжиж, сошиалаар ихэд уриалж байна. Энэ галерейн гадаадын пянзнуудыг цуглуулсан Д.Батбилэг гэдэг хүн чинь миний аав л даа. Аав минь 2012 онд Монголд ирсэн юм. Ирсэн даруйдаа Соёлын төв өргөөний галерейд том үзэсгэлэн гаргасан. Тэр үед 800 гаруй метр квадрат талбайг бид битүү пянзаар дүүргэж байсан юм. Энэ нь тухайн үед пянз гэдэг юмны тухай байхгүй болчихсон байсан ойлголтыг цочоосон гэж хэлж болно. Тэр үеэс л С.Цогтбаяр ах аавтай уулзаад ерөөсөө пянзны соёлыг сэргээе гэж ярилцсан. Энэ бүхэн ерөөсөө тэндээс л эхлэлтэй юм. Танд пянз сонсгоё, “Хэнтийн өндөр ууланд”(Пянз тоглуулав.сурв).

-Танай галерейд зочлохыг хүсч байгаа хүмүүст хаягаа зааж өгвөл?

-МУБИС-иас урагшаа явдаг Буянгийн зам гэж бий, хүмүүсийн мэддэгээр. Энэ замын доод үзүүрт байрлах “Юнион бюлдинг” оффисын Б блокийн тавдугаар давхарт манай галерей бий. Бидэнтэй 94202419, 95001612 гэсэн хоёр утсаар холбогдож болно.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Их хурлын гишүүн болоод эвдрээгүй сэтгүүлч, сайд болоод сагсалздагийн учир юу вэ

Охин юм зайлуул мууг нь дуудаад яахав гэж бодох нь бодож л байна. Гэхдээ хэлэхгүй гээд яах вэ дээ, золиг. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сэтгүүл зүйн салбараас гаралтай хүн. Улс төрд орж тун удалгүй УИХ-ын гишүүн байсан У.Хүрэлсүхийн оронд жагсаалтын эрэмбээр орж ирсэн юм. Сэтгүүлчээс УИХ-ын гишүүн болсон учраас сэтгүүлчид түүнд маш их талтай, барагтай бол хир халдаадаггүй. Тэгэхээс ч өөр аргагүй. Өмнөх УИХ-ын үед сэтгүүл зүйд үнэхээр нөмөр нөөлөг болсон. Урьдах УИХ гэж тэр чигээрээ сэтгүүл зүй рүү дайрсан, заналхийлсэн дөрвөн жил байлаа. Тэр үед хэвлэл мэдээллийн талд үнэхээр нэг бат цайз болж, авч гарсан хүн бол Д.Сарангэрэл гишүүн. Манай салбарын хүн их улс төрд байх нь ямар хэрэгтэйг бид мэдэж билээ. Одоо хоёр дахиа сонгогдсон төрийн түшээ боллоо. Туршлагатай парламентач боллоо. Салбарын охины карьер үүгээр ч зогсохгүй дээшээ явж Эрүүл Мэндийн сайд, Засгийн газрын гишүүн боллоо. Уг хүнийх нь натур ааш зан сайтай, эвлэгхэн, сэтгүүл зүйн боловсрол нь басчиг өндөр / Ростовын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн/, сэтгүүлчийн мэргэжлийн зовлонг мэддэг, энэ тогоонд чамгүй чанагдсан ийм л хүн. Ер нь их зөв талдаа.

Гэтэл юу болсон юм, сэтгүүлч гишүүн маань сайд болоод айхавтар эвдэрч байгаа харагдах юм. Албан тушаал, хүч чадалдаа их эрдэж, бардаж байна. Гишүүн байхдаа ямар энгийн байлаа. Тэр үе, одоо үе хоёр газар тэнгэр шиг ялгаатай болжээ. Сайдын ажил гэдэг бол эрх мэдэл, хөрөнгө мөнгө хоёр дээр очдог албан тушаал. Бүх хүн түүнээс асууна. Вакумд сайхан оруулна. Албан тушаал, эрх мэдэл, мөнгө хүнийг эвддэг гэж ярьдаг. Гэхдээ энэ үг зөвхөн монголчуудын дунд байдаг яриа байх аа. Хөгжсөн орнууд, хөгжиж буй манайх улс орнуудын мөнгөний сургаалиудад “Мөнгө, эрх мэдэл хүнийг эвддэггүй, харин мөнгө тэр хүний ямар зан араншинтай байсныг илчилдэг юм” гэж бичсэн байдаг. Гишүүн байхдаа зүв зүгээр байсан хүн сайд болоод сагсалзах болсны учир шалтгааныг энэ үгнээс ч хаймаар юм шиг. Сайдыг ингээд бичихээр хэний захиалга вэ гээд эрж хайдаг өвчин улс төрийн хүрээнд бий болчихсон. Тэгж эрж хайдгуудад хэлье. Үхсэн баасны чинь хэн нэгний захиалгаар бичиж суух. Тэгж суудаг завтай хүн өдөр тутмын сонины редакцид хаана нь байдаг юм. Тэр сошиал, нийгмийн сүлжээнд нь л байдаг юм байгаа биз.

Цааш нь үргэлжлүүлье. Өөрөө сэтгүүлч байхдаа асуудаг байсан асуултыг нь түүнээс асууна. Тэр бүхэнд сайдын байр сууринаас хандаж сагсалздаг болсон чинь Д.Сарангэрэл гишүүнийг бусад муу нэртэй улстөрчдөөсөө ялгарахгүй болгочихож байгаад харамсч байна. УИХ-ын гишүүн байхдаа бүх хуульд, гаргаж буй шийдвэрүүдэд сэтгүүлч бидний адил байр сууринаас ханддаг байсанд нь талархалтай хандаж ирсэн. Гэтэл одоо түүний хэлсэн ярьсныг, хэрхэн аяглаж байгааг эргээд харъя. АТГ-аас Эрүүл мэндийн сайдыг хууль зөрчиж, хүүгийнхээ найзыг ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар тавьсныг мэдээлсэн. Тэр нь жолооч байсан залуу гэх. Үүнд Д.Сарангэрэл гишүүн албан ёсны байр сууринаас хариулт өгөх ёстой. Төрийн түшээд тийм байхыг сэтгүүлчид, сэтгүүлч байхдаа та ч бас тэгж шаардаж байсан. Гэтэл “Ардын хүүхдийг ажилд авч болдоггүй юм уу” хэмээн сагсалзсан нь хэрүүлч авгайн дүр төрх. Үүгээр ч зогсохгүй Их хурлын чуулганы танхимд гишүүн маань айхавтар хийрхсэн үг хэллээ. Сайдаар очоод харьяа газрынхаа 12 байгууллагын захирал, эрхлэгч нарыг халж, сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн хүмүүсийг шууд томилон хууль зөрчсөн гэх үйлдлийнх нь үеийнх юм шиг байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяаг ажлаас халсан дуулианы үеэр сайд их л төв түвшин, буурь суурьтай харагдсан бол эмэгтэй улстөрчдийн нэр хүндийг өндөрт өргөх байлаа. Учир нь тэр Б.Нарантуяа гэдэг нь Г.Өсөхбаяр аваргын гэргий байсан учраас нийгэм их сонирхжээ. Ийм үед сэтгүүлчийн мэдрэмжээ хааш нь гээчихэв, Д.Сарангэрэл гишүүн. Чуулганы танхимын гадна явсан хүн чинь гүйж орж ирээд, “Мөнхбат сая юу гэлээ гэнэ ээ, би хэлье…” гэж ирээд “Наад Нарантуяаг чинь заавал хална, одоо гарч очоод тушаалыг нь гаргана…” гэхчлэн атаач жөтөөч авгайн өнгө аястай хэлсэн нь лав л энэ удаагийн Их хурал дахь эмэгтэй гишүүдийн нэр хүндийг “Өвөл болохоор хүйтэн болдог”-оос дутуугүй унагалаа. Ажлаас хална гэдэг хуулиар зохицуулагддаг зүйл. Шүүх шийддэг. Хүний ажил амьдралыг шууд шийддэг эрх мэдэл хатан хаанд л байдаг байх. Зүгээр л даруухнаар, тэр зөөлөн дуугаараа “Хуулийн хүрээнд шийдэгдсэн” гээд худлаа ч болтугай хэлчихгүй. “Ухаантай юм шиг бай, ухаантай болоход чинь тусална” гэдэг үгийг санаж явмаар хүн юм байна. Ингэж таны өмнөөс бухимдахын учир нь нэгдүгээрт сэтгүүлч, хоёрдугаарт улс төрд учраа олох гээд явж буй хэдэн эмэгтэйчүүдийн нэрийг айхавтар хугалж буйд юм. Нэг эмэгтэйн алдаа нийтэд чинь тусна. Бид УИХ-д эмэгтэйчүүд олноор гарч, хатан ухаан гаргаж, уран бэрийн нүүдэл хийнэ хэмээн квот хүртэл гаргаж өгсөн. Хүмүүсийн урам хугарах нь байна шүү дээ. Таны давилуун аашнаас болж эмэгтэй хүн төрд гаргах дэмий, сэтгүүлч төрд гаргах нь дэмий юм байна гэж ард түмэн бодох вий гэж санаа зовж байна. “Хал нь гаднаа, хайр нь дотроо” гэдэг шиг бид хэлэхгүй бол өөр хэн хэлэх билээ, эрхэм сайдад.

“Алтан загасны эмгэн” шиг гэж хэлбэл арай муухай, хатуудна байх. Үүнээс багавтар зүйрлүүлэх юм юу билээ гэж бодлоо. Ерөөсөө “Мөнгөн загасны эмгэн” гэж зүйрлэмээр санагдлаа. Алтан биш, Мөнгөн загасны эмгэн шүү. Хоёр огт өөр ойлголт. Эмэгтэй хүн эвдрэх муухай харагддаг юм. Эрчүүд бол угаасаа эвдэрдэг. Энэ нь дасал болсон зүйл. Эрчүүд сайд, гишүүн байтугай нэг муу хурган дарга болоод эвдэрч хэмхэрч эхэлдэг.Тэд бол тэнэгийн туйл гэдгийг бид нар мэднэ. Тийм болохоор тэдэнтэй юу ярихав.

Д.Сарангэрэл гишүүн маань сошиалаар болон нийгэмд салбарынх нь талаар юуг шүүмжилж байна, түүний эсрэг л мэдэгдэл, мэдээлэл хийгээд ярих юм. УИХ-ын гишүүн Билэгтийн Хавдрын эмнэлгийг улсад авна ч гэх шиг, гэнэт юу болов гэмээр “эмнэлгийн ажилтнуудын цалинг ихээр нэмсэн, диваажинд хүрчихсэн” гэх шахуу юм ярина. Ямар шаардлага байгаа юм бэ. Юунд адгаад байдаг юм бэ. Намуухан бай л даа, ухаалаг харагд. “Боловсорсон тариа бөхийдөг” юм. Та өөрөө сэтгүүлч ч юм даа, тийм болохоор амар байдаг байлгүй, орой бүхэн л гурван телевизээр ярих юм. Өдөр юу шуугьсан байна, түүний эсрэг л үзэж тарж байгаа харагдах юм. Энэ бүхэн чинь, ер нь сайд болсноос хойших хандлагуудад сэтгүүлч нөхөд чинь сэтгэл дундуур байна.

Олон жил сэтгүүлч хийсэн хүн нийгэм дэх хамгийн жижиг зовлонгоос хамгийн том жаргалыг хүртэл харж, тэр дундуур туучиж ирсэн байдаг. Тийм мэдрэмжийг хар багаасаа авсан, мэргэжлийн сэтгүүлч хүн төрийн эрх мэдэлд очоод ингэж хувирч өөрчлөгдөхийг харлаа. Муухай юм байна. Тэгэхээр төр засагт буй хүмүүсийн хэнд нь ч итгэх билээ.