Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УЛААНБААТАР: ХXI зууны өргөн айлсалт

НЭГ. ХОТЫН МОНГОЛ ҮЕР

Нийслэл хотод үер болж байна. Дэлхий даяараа л үер болж байгаа л даа ер нь. Гэхдээ л гадаадынхаас ялгаатай монгол үер болж байна. Дашрамд дурдахад бид өөрсдийгөө бусад үндэстэнтэй харьцуулахад хамаагүй элит шинжтэй гэдэгт үнэмшдэг. Элит мэлит нь бүү мэд, гэхдээ л ондоо гэдэг нь илэрхий байна.

Саяхан нэг хүн Монголчууд дэлхийг эзэлж явсан гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчдад сануулах хэрэгтэй гэсэн ярилцлага өгчээ. Гадаадынхан тэрнийг нь сонсоод яах ёстой юм бол? Аятайхан байхгүй бол манай улсыг очоод эзлэх вий гэж айх учиртай юм болов уу? Үүх түүхээрээ бахархалгүй л яахав, гэхдээ настай хүн залуучуудын дунд орчихоод Бага залуудаа ийм ч бяртай, тийм ч чанга гар явлаа гэхэд хөөрхий дөө зайлуул, хэн гуайн нас ч дээр гарч дээ гэсэн шүү л юм бодогддог доо. Ухаандаа Францын ерөнхийлөгч гадны хүнтэй яриа хэлцээ хийхийн өмнө …Наполеон франц хүн байсан, Москваг хүртэл галдан шатааж чадсан зэргийг юуны өмнө танд сануулчихъя гэх юм бол юу гээч болохыг төсөөл дөө. Ганцхан яриа хэлцээ, үер ус ч биш, дэлхий даяараа тодорхой байдаг ойлголт хэллэг хүртэл монгол дээр ирэхээр л өөр болоод байх юм. Захын жишээ. Лидер гэдэг үг цаанаа оройлогч, манлайлагч гэсэн утгатай. Монголд ороод ирэхээрээ ямар ч лидер хаанаас нь ч харсан толгойлогч л болчихоод байх жишээтэй.

Байгалийн гэнэтийн жолоодлогогүй их ус, түүнээс үүдсэн гай гамшгийг заадаг үер усны аюул их сонин монголжиж байна. Монгол биш газруудад үер усыг урьдчилан таамагласан бол хүн амьтнаа нүүлгэн шилжүүлнэ. Ингэж чадаагүй автсан бол сэргээн босгоно, хаалт хамгаалалт хийнэ. Хамгаалах боломжгүй гэж үзвэл нүүнэ. Ямарч байсан өмнө тохиолдсон аюул яг тэр далайцаараа дахиад дайрахад хохирохооргүй болгохоор зүтгэнэ.

Манайд арай өөр зохиомжоор үйл явдал өрнөнө. Эхлээд дөрвөн цагийн эргэлтэд дураараа нүүж явсан хөдөөгийн айлууд хотшихоор шийдэн нүүж ирнэ. Тэдний ихэнх нь хаанаасаа ч харсан үер уруйн зам дээр бууж, хашаа байшингаа хатгана. Хотын захиргааны зүгээс тэднийг хөөж тууж, үер усны аюулд өртөж болзошгүйг сануулна. Тэд урдаас нь хүний эрх, эрх чөлөө ярин ажил хайж байсан элдэв тэмцэгчдэд хандана. Ялангуяа сонгуулийн үеэр энэ үзэгдэл ихэснэ. Учир нь тэд саналаараа барьцаалан сонгуульд нэр дэвшигчдээрээ зөвшөөрөл авахуулах, авахуулахгүй юм аа гэхэд өгнө гэж амлуулаад авна. Удалгүй үнэхээр ч үер болно. Айлууд өртөж гэр орноо усанд авахуулна. Хотын зүгээс тэднийг албадан нүүлгэнэ. Тэд шөнөөр буцан ирж хуучин буурин дээрээ оронгоо шовойлгоод дараагийн үерийг хүлээнэ… Өнөө үзэсгэлэн гоо царайг чинь дахин дахин харахыг хүснэм гэдэг яруу найргийн мөр шиг…

Эндээс хоёр янзын гайхшрал гарч байна. Нэг бол монгол хүн үер усанд дуртай, өнөө экстрим спортын хорхойтнууд гэлээ гэдэг шиг үерлэн хөлбөрөх усан дундаас эд хөрөнгө гэр бүлээ амь тэмцэн байж аврах нь бөөн кайф байдаг ч юм уу гэмээр. Эс бөгөөс дарга нарын заасан газарт буухгүй, тэднээс тэс зөрж байхыг л эрх чөлөө гэж үзэн эрхэмлэдэг ч юмуу гэмээр.

ХОЁР. НУТГАА МЭДЭХ-ИЙН БАХАРХАЛ БА ХЯСАЛ

Ийм нэг заншил байдаг. Эр хүн хосны түрүү идвэл нутгаа мэдэхээ больдог гэж. Нутгаа мэднэ гэдэг нь хаашаа нүүж, хаана нутаглахаа мэднэ гэсэн үг биш. Мань хүний хүсэл зориг эрх мэдлээс үл хамаараад хүйтрэхээр өвөлжөөндөө, урин дулаанд зусландаа буух нь тодорхой. Ингээд ирэхээр өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангаа дамжин эргэлдэхдээ яг хаана буухаа л өөрийн хүсэл зоригоор шийдэж болно. Голын баруун эрэгт ханаа шийрлэх үү, зүүн дэнжид буух уу, эсвэл уулынхаа баруун хормойд зусах уу гэдэг дээр нүүдэлчин хүн өөрийн үзэмжээр сонголт хийх боломжтой. Тэр сонголтыг монголчууд нутгаа мэдэх гэж нэрлэн дээдэлдэг. Монгол эр хүн дуртай дэнж дээрээ гэрээ бариад, хань ижил нь өрхнийхөө оосрыг татаж байхыг хараад эрх чөлөө аз жаргалыг мэдэрдэг. Монгол эр хүн өөрийнх нь гэр барьсан газар бусдынхаас төдийгүй, өмнөх бууриудаасаа ондоо байхыг хараад өөрийгөө эрх чөлөөт бодгаль хэмээн мэдэрдэг. Иргэншсэн ертөнцийн хувь хүний бүх эрх, эрх чөлөөг энэ жаахан боломж л бүрэн нөхнө. Нүүдэлчин хүн дуртай жалгандаа гараа барих эрхтэй байх юм сонгох сонгогдох эрхтэй байгаа нь тэр, үзэл бодлоо илэрхийлж болж байгаа нь тэр.

Чухам энэ эрх чөлөөг нь хөндөөгүй учраас 1930-аад оны харгислал, шашин шүтлэгийн доромжлолыг давж чадсан юм. Чухам энэ эрх чөлөөнд нь гар хүрээгүй учраас мал хөрөнгийг нь булаан нийгэмчлэхийг, улс төрийн хувьд дарангуйлан захирсан дэглэмийг нүүдэлчин ардууд тоолгүй тэсэн гарсан юм. Хотон дахь мал нь улсын өмч болсон ч, шүтэх бишрэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй байлаа ч гэсэн дуртай жалгандаа оронгоо шовойлгох эрх нь үлдсэн юм чинь болоод л байжээ. Дуртай жалгандаа буух эрх байж л байвал улс орныг нь Энх-Амгалан хаан зална уу, Сталин жолоодно уу, нэг их сонин биш.

Ингээд харахад Тал нутгийн баатар-ууд хэмээх нүүдэлч монголчууд эрх чөлөөнд биш, эрх мэдэлд биш, чөлөөт байдалд үнэн голоосоо дуртай ажгуу. Тийм ч учраас л 10.000 төгрөг өгсөн нэр дэвшигчид бодох санах юмгүйгээр саналаа өгч орхидог хүн бишгүй таардаг. Харин чамд 10.000 төгрөг өгье, чи миний заасан газарт гэрээ барь гэвэл үг сүггүй заамдаад авна. Дураараа нүүж чадахгүй ч гэсэн дуртай газраа ханаа дугуйлах эрх мэдэлтэй байхад л нүүдэлчин хүн жаргалтай амьдардаг юм байна. Талын нүүдэлчдээс энэ эрх чөлөө-г нь манжийн эрхшээл, социалист дэглэм, ямар ч харгислал дарангуйлал булаан авч чадсангүй. Учир нь нүүж л байвал байж л байх эрх чөлөө ажээ.

Улаанбаатар хотод нүүгээд ирж байгаа айл хэдийгээр малаа зараад машин тэрэг авчихсан байлаа ч гэсэн нүүдэлч сэтгэхүйтэйгээ ирнэ. Гэтэл хотшил иргэншил гээч зүйл л манжийн хаанаас эхлээд мангаа Сталин хүртэл нүүдэлч ардаас булааж чадаагүй нандин эрх чөлөө буюу хүссэн газраа гэрээ барих эрхийг нь хөнджээ. Хөндөхөөр барахгүй шууд эсэргүүцэн өөрийн дүрэм журмаа тулгадаг. Хотын удирдлага нүүдэлчин ардад гэрээ барих газрыг нь нарийвчлан заах гэж оролдож байгаа нь тэдний хувьд хамгийн нандин, үеэс үед дамжсан эрх чөлөөг нь үгүйсгэсэн хэрэг явдал болж байгаа юм. Ийм учраас л шилжин ирэгсэд их төлөв зөвшөөрөөгүй газар бууж, зөвшөөрөхгүй байх тусам нь тэндээ сууж байгаа юм. Тэдний сонгох сонгогдох эрхийг нь 10 жил эдлүүлэхгүй байхад хааяа нэг ажлаа олж ядсан сурвалжлагч тааралдвал гомдол гаргачихаад тэсээд л байна. Сонгосон буурин дээрээс нь хүчээр нүүлгээд өөр газар буулгахыг ганц хоног ч тэсэхэд бэрх. Тийм учраас л үерийн дараа нүүлгэдэг, маргааш нь буцаад тэндээ буудаг сценари үргэлжлээд байдаг юм аа. Дээр нь иймэрхүү дэл сул газар хаана байна вэ гэхээр зөвхөн үер усны зам учраас айл буугаагүй хэсэгт үлдсэн нь илүү их аюул дагуулах болсон хэрэг.

Нөгөө талаас нүүдэлчин хүмүүс аливаа бэрхшээлийг нүүх, зугтан зайлах аргаар шийддэг уламжлалтай. 1932 онд хувьсгалт хүчирхийллийг эсэргүүцсэн бослого гарахаас өмнө ардууд хил даван дүрвэж эхэлсэн байдаг. Хил хаасны хойно сая бослого дэгджээ. Ийм учраас ардчилал, хүний эрх чөлөө энэ тэрийг нэг их үгүйлдэггүй явсан хэрэг. Ноёнтойгоо муудвал заргалдах, солихын оронд зугтаж нүүгээд л өөр сайн ноёны албат болчихно. Тунгалаг тамир романы Эрдэнэ үүний сонгодог жишээ. Тэр Засагт ханы муу ноён-тойгоо муудалцаад сайн баян Итгэлийнд зарагдана. Гэтэл Итгэлт итгэл алдаж авгайг нь оролдсон тул муудалцаад түүнийг цагаантнаар солих боловч цагаантан нь таалагдахаа больмогч улаантантай нийлнэ. Улаантнуудтайгаа муудалцдаг. Гэхдээ тэр үеийн дэглэмийн утга зохиолын хяналтаас болоод Эрдэнээг шарын талд оруулан бичих боломжгүй байжээ. Энэ нь урвалт шарвалт биш нэгэн сайхан монгол эр хүн нөхөрлөлийн ертөнцөд дуртай газраа бууж гэрээ бариад л эрх дураараа нүүгээд яваа хэрэг. Халх-Ойрадын их чуулган болоход үндэстнээ нэгтгэж, их гүрнээ сэргээхээс илүүтэйгээр оргодол албатуудаа хэрхэн солилцож, зохицуулахыг ярьсан байдаг юм. Ийм болохоор шинэхэн хотшиж буй нүүдэлчин ард үер болох шинжтэй бол гэрээ тэрүүхэндээ зөөгөөд буучих юм шиг санаад байгаа юм. Буусан газраа насан туршдаа суурьшаад, магадгүй үр ач нь ч төвхнөн сууна гэж санахгүй, ердөө л цаг агаарын байдлаас хамаараад удаж төдөлгүй орхиод нүүх хаваржаа, намаржааны дайтай л санаж байгаа.

ГУРАВ. ШИНЭ ЦАГИЙН ӨРГӨН АЙЛСАЛТ

Хот айл, хот хоёр өөрийн гэсэн дүрэмтэй, дүрэм нь зөрүүтэй. Тийм учраас хот гэдэг тодорхойлолт их ээдрээтэй. ХХ зууны дунд үеэс сая суурьшин хотшиж ирсэн Улаанбаатарчууд 1966 онд анхны томоохон сорилттой учирчээ. 1959 онд ардуудын малыг нийгэмчлэн хураасны дараа тэд хот руу нүүж нийслэлийн хүн ам бараг хоёр зуу хүртэл хувиар өсч байсан гэдэг.

Чухам энэ үед 1966 оны үер гэгдэх гамшиг тохиолдсон байна. Тухайн үеийн засаг захиргаа хот гэхээсээ илүү, зүгээр л нүүдэлчдийн хүрээ цугларалт болсон Улаанбаатарыг хотшуулах нөр ажил эхлүүлжээ. Ингэхдээ нэгэнт нүүгээд ирчихсэн хэсгийг нь орон даяар өрнүүлсэн Соёлын довтолгоо хэмээх операцийн хүрээнд хотшуулах, нөгөө талаас хөдөөнөөс нэмж ирэн хотыг хөдөөшүүлэх замыг боломжоороо хаах арга хэмжээг авчээ. Их үерийн дараагаар Туул голын дагуу барьсан далан бол монголчууд иргэншлийн үрээр бий болсон хамтын эрх ашгийн төлөө хамтдаа хийсэн анхны томоохон бүтээн байгуулалт байв.

Ийнхүү хөдөөгөөс ирэх шилжилт хөдөлгөөнийг хааж, нэгэнт цугларсан хүмүүсээ хотшуулах арга хэмжээ авсны үр дүнд чамгүй ололтод хүрсэн юм. Тэр үед хөдөөнөөс хотод шилжин ирэх нь одоогийн Америкийн виз авахаас хамаагүй хэцүү байсан. Хулгайгаар сэм хотод шингэх гэсэн айлуудыг гэнэтийн шалгалтаар илрүүлээд нутаг руу нь яг л одоо Солонгост харлаж байгаад баригдаад ачигдан ирдэг шиг буцааж аваачдаг байсан. Өнөөгийн Солонгос, АНУ-д мянга мянган монгол хүн харлан амьдраад болж байсан бол тэр үеийн Улаанбаатарт харлах боломж үндсэндээ 0-тэй тэнцүү байсан. Цагдаа, ба төрийн захиргааны ил хяналтаас гадна таван хүн тутмын нэг нь хамрагдсан дотоод яамны мэдээлэгчид матдаг байсан цаг. Айлуудыг дүн шөнөөр шалган гадны хүн хонуулж байгаа эсэхийг шалгах нь ердийн үзэгдэл. Хүчлэх, гэгээрүүлэх хосолсон иймэрхүү арга хэмжээний үр дүнд Улаанбаатар хэр хэмжээндээ сүрхий хотшин, иргэн нь ч, хот нь ч өөрийн өнгө төрхөө олон алдаж байлаа.

Гэтэл 1990-ээд оны ардчилсан хувьсгалаар Монголын иргэд оршин суух газраа сонгох эрхтэй болголоо. Мянга мянган айл хот руу нүүлээ. Ингээд арай ядан хотшиж байсан Улаанбаатарын ерөнхий шинж 1960-аад оны төрхөндөө эргээд ойртов. Гурван зуу илүү жил нүүсэн түүхтэй гэгддэг энэ хот ХIX зууны босгон дээр айлсан буусан нүүдэлчдийн шинжээ санагалзах болов. Энэ жил чухал ойгоо тэмдэглэж буй манай хотыг ямархан ирээдүй тосно вэ? 1960 аад оных шиг захиргааны арга хэмжээгээр цэгцлэхэд амаргүй. Оршин суух газраа сонгох ба дуртай газраа хашаа хатган суухын хооронд жаахан ялгаа бий л дээ. Гэвч энэ жаахан ялгааны цаана нүүдэлчид ба иргэншил гэдэг хоёр өөр амьдралын хэвшил байдаг билээ.

ДӨРӨВ. ХОТЫН НҮҮДЭЛЧИД

Ахуй амьдрал, ажил төрлөөрөө бүрэн хотжисон боловч бидний сэтгэл зүрх минь нүүдэлчин төрхөөрөө… Дуртай газраа гэрээ барих хүсэл мөрөөдөл минь зүс байдлаа хувирган сэтгэл зүрхийг эзэмдсээр. Гэрээ дуртай газраа барих эрмэлзэл маань өөрийн гэсэн саналтай байх эрмэлзлээр солигдлоо. Ийнхүү бид улс үндэстнийхээ санал бодлын ертөнцөд зөвхөн өөрийн гэсэн санаа бодлын гэр юугаа, бусдаас ондоо буурин дээрээ барихаар тэмцдэг болов. Иргэншсэн ертөнцөд байдаг хамтын, нийтлэг эрх ашгийн төлөө гэдэг ойлголтыг энэ эрмэлзэл илэрхий дарангуйлж байна.

Бид госчоомтой нүүдэлчид хэвээрээ байгаа гэсэн үг. Оюу толгойгоос эхлээд, Таван толгойг хүртэл олон асуудлууд гарч, байнгын санал зөрөлдөөний цаад учир энд л байгаа. Оюу толгойдоо ч, 34 хувьдаа ч, 68 хувийн татвартаа ч байгаа юм биш. Улс орноо суга хөгжүүлэх, эсвэл хорлож хаях, бүр цаашлаад Хятадын гарт өгөх гээд ч байгаа юм биш. Санал бодлын ертөнцөд өөрийн гэрээ, өөрийн хүссэн жалгандаа шовойлгоод, түүнийгээ харж цээж тэнүүн амьсгалах гэсэн нүүдэлчин эрийн хязгааргүй амбиц л байгаа юм. Ингээд бодохоор заримдаа Даваан цаана байгаа гэж далан жил ярьсан боловч бараа нь харагдахгүй байсаар унтарсан коммунизм санаанд орох бөлгөө.

Гэхдээ аз дайрахыг хэн байг гэхэв дээ. Зуун зууны турш алга болсонд тооцогдож байсан тусгаар тогтнолын маань голомт нэг өглөө унгасаад дүрэлзэж л байсан юм чинь. Дараа дараачийн ойнуудынхаа аль нэгэнд иргэншсэн иргэнтэй Улаанбаатар цогцолчихсон ч байх юм бил үү?

2009.11.17

Categories
мэдээ улс-төр

Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооныхонтой уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдтэй өчигдөр уулзлаа.

Уулзалтад Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирсэн юм.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаас “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Улсын Их Хурлын бүтэцд 26 гишүүнтэй түр хороог байгуулсан талаар дурьдаад энэхүү түр хороо нь салбарын мэргэжлийн байгууллагуудыг нэгтгэсэн холбоотой нягт хамтран ажиллаж, мэргэшсэн хүмүүсийн үгийг сонсон, ажил хэрэг болгоход анхаарах зорилгоор чөлөөт уулзалт зохион байгуулж байгааг тэмдэглэв.

Тэрбээр мөн Цахим бодлогын түр хорооны ажлын төлөвлөгөөний төслийг гаргасан бөгөөд түр хороогоор хэлэлцэж батлахаасаа өмнө уг төсөлдөө салбарын мэргэжлийн холбооны саналыг тусгах зорилготой байгаагаа илэрхийллээ.

Цахим бодлогын түр хороо нь,

Төрийн албанд хэрэглэж буй болон шинээр нэвтрүүлэхээр төлөвлөсөн программ хангамж, түүний үр ашиг, аюулгүй байдал, уялдаа холбоог, мөн өмнө нь хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, үр ашгийн тал дээр хяналт шалгалт, үнэлгээ хийх,

Үнэлгээнд үндэслэн Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх хүрээнд төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай зөвлөмж боловсруулах,

Төрийн албаны цахим шилжилттэй хобоотойгоор холбогдох хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, орчин үеийн чиг хандлагатай нийцүүлэх санал боловсруулах,

Олон нийтийн сүлжээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зэргээр хийх ажлын төлөвлөгөөний төслөө гаргасан байна.

Төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг мэргэжлийн түвшинд, шуурхай, уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэх зорилгоор Мэдээллийн технологийн аюулгүй байдал, Блокчейн технологи, Төрийн албаны цахим шилжилт, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх, Олон нийтийн сүлжээний зохистой хэрэглээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэсэн чиглэлүүдээр ажлын хэсэг байгуулж, ажлын хэсэгт салбарын мэргэжлийн хүмүүсийг оруулж ажиллуулна гэдгээ Цахим бодлогын түр хорооны дарга хэлсэн.

Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ц.Чулуунзагд мэргэжлийн туслалцаа болон дэмжлэгийг бүх талаар үзүүлж ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлэв.

Мөн энэхүү уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ оролцож, байр сууриа илэрхийллээ.

Төгсгөлд нь уулзалтад оролцогчид мэдээлэл технологийн салбарын бодлогын талаар болон Цахим бодлогын түр хорооны ажлын төлөвлөгөөний төсөлд тусгаж болох саналууд гаргаснаар уулзалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Л.Энхболд: Өмнөговийн ард түмэн хэн нэгэн хулгайчийн өмнөөс хариуцлага хүлээж болохгүй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.


-Та бараг жил тойруулан нүүрсний хулгайн талаар ярьсан. Үүний араас идэвхтэй хөөцөлдөж байгаа хүн нь та. Засгийн газраас ажлын хэсэг гарч ажиллаад дүгнэлтээ гаргасан л даа. Энэ талаар та ч мэдээлэл хийж байсан. Хууль хяналтын байгууллагаас ямар нэгэн шийдвэр гаргасан болов уу?

-Монголын гурван сая иргэний хувьцаа эзэмшдэг Эрдэнэс Таван толгойн нүүрсний талбайгаас тодорхой хэмжээний нүүрс алдагдсан гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд оччихсон. Тэр утгаараа энэ асуудлыг хөндөж тавьсан. Миний хувьд хоёр зарчмын байр суурийг барьж байгаа.

Нэгдүгээрт, Монголын ард түмний өмчийг хэдэн хүн хуйвалдаж аваад буруу замаар явуулчихсан юм биш биз. Хоёрдугаарт нь нэг ноцтой гэрээ байдаг юм. Эрдэнэс Таван толгойн гүйцэтгэх захирал Д.Ариунболд, орон нутгийн Таван толгойн гүйцэтгэх захирал Р.Сэддорж гэж хоёр хүн хамтран ажиллах гэрээ байгуулаад тусгай лицензтэй талбайгаас хэтрүүлэн авсан нүүрсийг нүүрсээр нь төлнө гээд нэг заалт оруулчихсан. Энэ гэрээг харахаар тусгай лицензтэй талбайгаас олборлосон нүүрсээ эргэн төлөх юм шиг боловч нөгөө талаас нь хязгаар байхгүй болчихож байгаа юм. Тэр тусгай зөвшөөрөлтэй талбайгаас авсан нүүрсэнд орон нутгийн Таван толгой хариуцлага хүлээх ёстой юу гэдгийг нягтлах шаардлагатай. Нягтлаад үзэхээр орон нутгийн Таван толгой нүүрс авсан ямар ч санхүүгийн баримт байдаггүй.

Үүнээс үзэхэд тэр гэрээ нь хэн нэгэн хулгайчийг халхавчилсан гэрээ байна гэдэг ноцтой зүйл харагдаад байгаа л даа. Монголын ард түмний хувьцаа эзэмшдэг өмчөөс нэг ч төгрөгийн нүүрс алга болох учиргүй. Тэр тусмаа Өмнөговийн ард түмэн хэн нэгэн хулгайчийн өмнөөс хариуцлага хүлээж болохгүй. Тиймээс л би энэ нүүрсний араас хөөцөлдөж, учир начирыг нь олчих гээд яваад байгаа юм.

Засгийн газрын ажлын хэсэг дүгнэлтээ Засгийн газарт танилцуулж, тэмдэглэл гаргасан. Үүнийг хэвлэлийнхэн бүгд мэдэж байгаа. Дөнгөж өчигдөрхөн (уржигдар) аймгийн өмчийн эзэд маань хэвлэлийн бага хурал зарласан. Орон нутгийн Таван толгойн 51 хувийг нь Өмнөговийн ард түмэн эзэмшдэг. Ард түмнийг төлөөлдөг нь ИТХ байдаг тул аймгийн ИТХ-ын дарга өмчөө хамгаалж мэдээлэл хийсэн байна лээ. Өмчийг нь хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нөхдүүд гарын үсэг зураад 60 тэрбум төгрөгийн өрөнд оруулчихсан. Тиймээс иргэдийн төлөөлөл болсон ИТХ-ынхан нь дуугарахаас өөр арга байхгүй. Тойргоос сонгогдсон гишүүний хувьд би ч гэсэн дуугарах ёстой юм.

Аймгийн ИТХ-ын даргын ярьж байгаагаас үзэхэд аймгаас захиалга өгөөд аудитаар шалгуулсан юм билээ. Тэнд аудит, энд Засгийн газрын 10 гаруй агентлаг орсон шалгалт явуулсан. Шалгалтаар маш олон зөрчил илэрсэн нөхцөл байдал тодорхой болж байгаа.

-Хууль хяналтын байгууллагын зүгээс танд ямар нэгэн тайлбар ирүүлээгүй юу?

-Хууль хяналтын байгууллагаас ямар нэгэн мэдээлэл аваагүй байна. Сангийн яамнаас тодруулахад Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа юм билээ. Тэр утгаар нь хуулийнхан ажлаа хийж байгаа болов уу гэж бодож байгаа. Удахгүй намрын чуулган эхэлнэ. Чуулган эхлэхээр эдгээр асуудлын араас явж, хууль хяналтын байгууллагынхантай уулзана. Засгийн газраас гаргасан тэмдэглэлийн дагуу холбогдох яамдууд тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг өгсөн гэж ойлгож байна.

-Нүүрсийг нүүрсээр төлнө гэхээр чинь бартер шахуу юм л болох гээд байна уу. Яагаад нүүрсийг нүүрсээр төлнө гэж. Нүүрс чинь дотроо сайн муу гэсэн ангилалтай биз дээ. Эргэн төлөлт огт хийгдээгүй байгаа юу?

-Төлөгдөх ямар ч үндэслэлгүй. Учир нь хэн авсан нь тодорхойгүй. Харамсалтай нь Таван толгой компанийг төлөөлөөд зурчихсан байгаа нь харамсалтай байхгүй юу. Түүнээс биш Р.Сэддорж өөрөө төлнө гээд гарын үсэг зурчихсан бол өөр хэрэг. Гэтэл иргэн Сэддорж биш Таван толгой төлнө гээд гарын үсэг зурчихсан нь асуудлын гол болчихоод байна. Нөгөө талдаа нүүрсний хязгаар, ангиллын хязгаар байхгүй байна гэдэг чинь Эрдэнэс Таван толгойгоос сайн чанарын нүүрс авчихаад муу чанартай нүүрс нийлүүлээд байгаа ч юм бил үү. Үүнийг хэн мэдэх юм. Энэ нь араасаа ээдрээтэй олон зүйлсийг дагуулах учраас тус гэрээг хүчингүй болгоод хяналтын байгууллагуудын гаргаж ирсэн дүгнэлт дээр хэн авсан тогтоогдох ёстой. Тэгвэл Эрдэнэс Таван толгой мөнгөө авах уу, нүүрсээр нь олж авах юм уу гэдэг нь тэдний асуудал. Холбогдож болзошгүй хүн нь хэн бэ гэвэл Таван толгойн нутаг дэвсгэрээр дамжаад авсан учир дамжихад нь боломжийг олгосон хүн хэн бэ гэдэг л асуудал. Өнөөдрийн дүр зургаар харахад боломжийг олгосон хүн нь гэрээ байгуулсан хүн байх магадлал маш өндөр. Миний хувьд хаалгач тийм зориг гаргахгүй гэж бодож байгаа. Тиймээс эрх бүхий албан тушаалтан оролцсон байж болзошгүй.

Таны асуусанчлан хоёр компани хоорондоо нүүрс солилцоод байдаг хоёр төрийн компани байж болохгүй. 70 ам.долларын нүүрсийг 10 ам.доллараар солиод байвал 60 ам.долларыг нь тэд халааслаад байна гэсэн үг биз дээ. Овоолсон шороо босгочихоод нөгөө нүүрс нь энэ байна гээд суугаад байна гэсэн үг. Ийм бизнес хоёр удирдлагын түвшинд байж болохгүй. Үүнийг нь хөндлөнгийн аудит оруулж, уул уурхайнхан нь шинжлээд хоёр компани төлбөр барагдуулах гэрээ байгуулж болно. Хамгийн гол нь тийм үндэслэлтэй акт байхгүй байхад нь гэрээ байгуулсан нь өөрөө асуудал болоод байна. Гэрээ маш их хардлага дагуулж байгаа болохоор хурдан л цуцлаасай. Тэр ч утгаараа аймгийн ИТХ-ын дарга “Болохгүй бол шүүхийн байгууллагад хандаж гэрээг цуцлуулна” гэдэг зүйл ярьж байна лээ.

-Яахав, ингээд дахин гэрээ байгуулаад нүүрсээрээ төлнө үү, байна уу нэг талдаа шийдэгдлээ гэж бодъё. Гэхдээ 60 тэрбум төгрөгийн нүүрсний асуудал гэдэг бага тоо биш. Анхнаасаа хууль бус зүйл хийсэн хүмүүст хариуцлага тооцох уу?

-Гэрээнд оролцсон хоёр талын захирлууд, хуулийн хэлтсийнхэнтэйгээ гэрээг цуцлаад дахин гэрээ байгуулах ёстой. Нөгөө талаас дээд шатны байгууллагууд нь үүрэг өгч гэрээг цуцлуулах хэрэгтэй. Хоёр талын Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаад гэрээг хүчингүй болгоно. Эсвэл шүүхээр явна. Үүнийг төлөх үндэслэл байхгүй гэдэг нь нотлогдчихлоо шүү дээ. Таван толгойд мөнгө нь орсон баримт байхгүй. Тиймээс эзэн холбогдогчийг нь өөр газраас олох ёстой болчихлоо. Эрдэнэс Таван толгой өмчөө олж авах үндсэн үүрэгтэй. Тэд чадахгүй бол хууль хяналтынхан нь ажлаа хийгээд “Энэ нөхөр авсан байна ш дээ” гэж гаргаж ирээд өгөх ёстой. Тэр нь тогтоогдвол төлбөрөө төлнө гэсэн үг.

-Урд хөрш рүү баахан хоосон машин гарсан гээд байгаа. Гэхдээ хоосон машинууд юугаа хийж урд хөрш рүү явсан байх вэ гэдэг хардлага бий. Асуудал үүнд байна уу?

-Би хууль хяналтынханд итгэл муутай байгаа. Яагаад гэхээр 2013 онд хилээр 3758 машин бүрдүүлэлтгүй, 378 мянган тонн нүүрс бүрдүүлэлтгүй гараад явчихсан байгаа юм. Үүнийг шалгаж тогтоосон ч прокурор дээр хэрэгсэхгүй болгочихсон. Хэрэгсэхгүй болголгүй цааш нь ажлыг нь гүйцэтгүүлсэн бол дахин 300 гаруй мянган тонн нүүрсний асуудал гарахгүй байсан. Ингээд аргалаад байж болдог юм гэдэг процесс явахаараа эдийн засагтаа ч сөрөг нөлөөтэй. Хил хамгаалах ерөнхий газар 849 мянган машин, Гаалийн ерөнхий газар 814 мянган машин хилээр гарсан гээд байгаа. Зөрүү нь 35 мянган машин байгаа биз. Тавхан машинтай жолооч 440 удаа хоосон хилээр гарна гэдэг нь юу гэсэн үг вэ гээд бодохгүй юу. Амьдрал дээр ийм юм байхгүй. Ямар бензин, яасан илүүдээ гарсан зардлаар энэ машинууд хил хооронд явсан байж болох вэ. Утгагүй байгаа биз. Энэ бүгдийг эцэслэхгүй бол хэдэн сая тонн нүүрс гарсан нь бүү мэд. 35 мянган машины нэг машин нь 80 тонн ачаатай гарлаа гэхэд 2.8 сая тонн нүүрс гарсан байгаа биз. Үүнийгээ өнөөдрийн ханш болох 70 ам.доллараар үржүүлээд үз дээ. 500 орчим тэрбум төгрөг байгаа биз. Ийм хэмжээний мөнгийг алдаад явах уу л гэдэг асуудал байгаа юм.

-Таныг Таван толгойн ТУЗ-д байсан. Ашиг сонирхлын зөрчилтэй гээд сөрөг зүйлс маш их харагдах болж. Та үнэхээр тэнд байсан юм уу?

-Нүүрсний араас хөөцөлдөж эхлээд над руу маш их сөрөг дайралтууд ирэх бослон. Миний эсрэг зогсож байгаа хүмүүс маш их мөнгөтэй. 1998 онд би ТУЗ-ын гишүүн байсан. Миний хувьд 49 хувь дотор нь 10 гаруй хувийг нь эзэмшдэг байлаа. Найз нөхдийн журмаар нөхөр “Ажнай” Д.Бат-Эрдэнийн брокерийн пүүс нааш цааш нь болгочихсон л доо. Тэр үед Ажнай корпораци руу шилжсэн үү, хэн нэгэн рүү шилжсэн үү тэгээд явчихсан. Тухайн үед тэднийг маш сайн таньдаг байсан учраас тоолгүй өнгөрсөн. Өнөөдөр намайг Их хурлын гишүүн болохоор надтай холбох гээд байгаа болохоос миний ашиг сонирхол юу ч байхгүй. Өмнөговийн аль ч уурхайгаас ганц кг ч нүүрс авдаггүй. Би Өмнөговийн иргэддээ би уул уурхайд ямар нэгэн оролцоо байхгүй. Өмнөговь аймаг маш өндөр төсөвтэй өөрсдийгөө болгоод явдаг учраас маш их тендер зарлагддаг. Гэсэн ч би нэг ч тендерт оролцохгүй гэдгээ хэлсэн. Мөн Өмнөговьд ямар нэгэн бизнес эрхлэхгүй гэдгээ нутгийнхаа иргэдэд амласан юм. Энэ байр суурь минь хэвээрээ байгаа.

-Таван толгойд мөнгө орсон тайлан тооцоо олдохгүй үерт урссан гэж мэдэгдсэн гэл үү?

-Таван толгой транс, орон нутгийн Таван толгой хоёрын хоорондох 17 тэрбум төгрөгийг тооцоо хооронд гээд хаачихсан байна лээ. Тооцоо хооронд гэдэг нь ямар үндэслэлээр юм бэ. Бараа бүтээгдэхүүн өгсөн үү, яасан юм тэрийг нь шалгуулаа гэсэн чинь “Үерт урсчихсаан” гэсэн юм билээ. Нэг аж ахуйн нэгж Монголын төрийг ингээд шоолоод сууж байж болохгүй л дээ. Үерт явсан юм бол хэдэн оны ямар гээч үерт урсчихсан юм бэ. Тэд цаг хожиж байгаа, бусдыг мунхруулах гэсэн тактик л гэж харж байгаа.

Ажнай Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн холион бантан хутгачихлаа гээд танай аймгийн ИТХ-ын дарга хэлж байна лээ…

-ИТХ-ын дарга ийм өнгө аястай зүйл ярьсан. Нөгөө талдаа Таван толгой транс компани “Ажнай” корпорацийн захирал Д.Бат-Эрдэнийн 70 хувийг нь эзэмшдэг компани тул яалт ч үгүй холбогдоод байгаа юм. Тэр компани 390 мянган тонн нүүрснийхээ эх сурвалжийг тогтоох ёстой.

-Намрын чуулган эхлэх боллоо. Мэдээж 2019 оны улсын төсвийг хэлэлцэж таарна. Мөн Хэнтий аймгийн нөхөн сонгуультай холбоотой Цэцийн шийдвэрийг хэлэлцэх байх. Өөр хэлэлцэх нэн шаардлагатай ямар хуулийн төсөл байна вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэнэ. Энэ удаагийн намрын чуулганаар нэн шаардлагатай гэсэн олон асуудлаа шийдээсэй гэж бодож байна. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авах, үгүйгээ шийднэ. УИХ-ын гишүүд гуравны хоёроороо хүлээж авбал хуралдаад товоо зарлаад явах байх. Хүлээж авахгүй гэвэл Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэнэ. Хэнтий аймгийн сонгогчид төлөөлөлгүй байгаа учраас энэ асуудлыг хурдан шийдэх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтөө яаралтай хийгээд Улс төрийн намуудын тухай хуулиа яаралтай өөрчлөхгүй бол авлигын сүлжээ, хэл ам дагуулсан зүйлс арилахгүй. Ядаж л санхүүжилт нь шилэн болно. Улстөржилт хаана хаанаа хэрээс хэтэрсэн. Орон нутагт болж өгвөл намгүй болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол 1000 гаруй хүнтэй сум 20 намд хуваагдаад алингаа алдаж байна. Цаашид анхан шатны удирдлагын тогтолцоог яаж шинэчлэх ёстой юм, намуудын төлөөллөөрөө сонгодог байх юм уу, ард түмнээсээ сонгоод даргаа тавьчихдаг байх юм уу. Эсвэл намгүйгээр баахан бие даагчид нэр дэвшээд хурлаа байгуулах уу гэдгийг шийдэх ёстой. Мэдээж үүнийг дагаад Сонгуулийн тухай хууль орж ирэх байх.

-Багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаяж, жагсаал хийлээ. Манай эдийн засаг цалин нэмэх боломжтой юу. Эдийн засаг өсч байна гэх юм?

-Эдийн засаг 6.8 хувиар өслөө. Гэсэн ч сэтгэл ханамжийг бий болготол цалин, тэтгэмжийг нэмэх хараахан болоогүй. Энэ оны төгсгөлд 800 гаруй тэрбум төгрөгийн бондын өрийг төлөх ёстой. Гэх мэтчилэн өр их байгаа. Ямар ч байсан өндөр хүүний дарамт багассан. Зээлийг зээлээр солиод хугацааны хувьд уужуухан болсон байх. Нөгөө талаасаа ОУВС-гийнхан жаахан нааштай хандаж эхэлсэн. Цалин нэмүүлэхгүй гэж байсан бол багш, соёлын үйлчилгээ, сувилагч асрагч ч гэдэг юмуу тодорхой хүмүүсийн цалин нэмэгдлээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянга байхаар тогтоочихлоо. Оны төгсгөлд төсвийн орлого гайгүй давж биелэх шинжтэй байна. Одоо эдийн засгаа солонгоруулах ажилд яаравчлан орох ёстой. Дан ганц уул уурхайгаас хараат явж болохгүй.

-Бензиний үнэ он гарсаар 4-5 удаа нэмэгдчихлээ. Ам.долларын ханш 2540 төгрөг болчих юм. Иргэдийн орлого нэмэгдэхгүй байхад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Ямар зохицуулалт шаардлагатай вэ?

-Мөнгөний бодлого барьж байгаа Монголбанк ямар байр суурьтай байгааг мэдэхгүй. Тойргоороо ажиллаж байгаад хэдхэн хоногийн өмнө ирлээ. Ам.долларын ханш хурдацтай өсч, төгрөгийн худалдан авах чадвар суларч байна. Валютын нөөц ямар байна, интервенц хийх боломж байна уу гэдгийг олон талаас нь судалж байгаа байх. Бензиний хувьд Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэсэн. Бензиний үнийг барихгүй гэсэн төлөвлөгөөтэй байгаа болов уу. Учир нь Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж таарна. Ингэхээр хэдэн импортлогч нарт татаас өгсөөр байх болно. Татаас өгдөг эдийн засгаас салъя гэчихсэн байгаа. Нефть импортлогчид алдагдалтай ажиллаж байхыг үгүйсгэхгүй. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад УИХ-ын гишүүдэд тараах байх. Тойрогтоо ажиллаж байхад иргэдийн зүгээс хамгийн их ярьж байгаа зүйл нь бензин шатахууны үнийн нэмэгдэл л байсан. Тиймээс үнийг хязгаарлах тал дээр ажлын хэсэг ямар нэгэн дүгнэлт гаргаж ирэх байлгүй дээ. Үүн дээр нь дүгнэлт хийж ирэх оны төсвөө хэлэлцэхгүй бол болохгүй.


Categories
мэдээ цаг-үе

Б.Ангирмаа: Би нандин байх дуртай

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаагийн Сэтгэл догдлуулсан орой тоглолт энэ сарын 28, 29-нд Corporate Con­cert Hall-д 19 цагаас болно. ХХ зууны Манлай хамтлаг Соёл-Эрдэнэ-ийн өрөөнд тоглолтынхоо бэлтгэлийг хийж байхад нь түүнтэй уулзаж ярилцлаа.


-Таныг ард түмэн анх дуучин гэдгээр тань хүлээж авсан?

-Би дуучин гэхээсээ илүү дуу зохиох дуртай. Тэр нь надад арай ойрхон байдаг. Яагаад вэ гэвэл зохиосон дуундаа аз жаргалтай байдаг. Эргээд сонсох гоё. Миний зохиосон дууг дуучид дуулаад амьдруулаад, тэрийг нь эргээд сонсоход аз жаргалтай болдог байхгүй юу. Тэгэхээр би дуу зохиохдоо илүү дуртай.

-Анхны зохиосон дуу тань?

-Анхны дуу гэхээр нэг дор олон дуу зохиочихдог байсан юм. Нэг өдөр 2-3 дуу зохиодог байлаа.

-Хэдэн настайдаа тэр вэ?

-1982 онд гэхээр 14 настайдаа дуу зохиож байсан.

-Энэ удаагийн тоглолт хэд дэх нь юм бэ?

-1994 онд “Намайг Ангирмаа гэдэг” тоглолтоо хийж байсан, 1995 онд “Вавилон мөрний эрэг дээр” тоглолтыг поп Дива нартайгаа хамтарч хийж байлаа. Дараа нь 2000 онд “Ах, дүү ая зохиогч” гэж тоглолтоо тавьсан. Тэгээд л тэрнээс хойш тоглолт хийгээгүй явсаар энэ жил, 2018 онд тоглолт хийж байна шүү дээ. Энэ хооронд нэг ч тоглолт хийсэнгүй.

Намайг Ангирмаа гэдэг тоглолтоос л улбаалж таныг дуучин гэж хүлээж аваад байж шүү. Тэр тоглолт дээр та жинсэн хүрэмтэй, гитар барьж

…Намайг Ангирмаа гэдэг

Ангираа гэж дуудаж болно… гэж дуулсныг тод санаж байна?

-(Инээв). Тийм үү.

-Тэр тоглолтоос хойш та алга болчихсон байсан чинь…

-Би арын фронтод продюсерын ажил хийж эхэлсэн. Продюсерын ажил хийх нь надад сайхан байдаг, гоё байдаг. Би дуртай. Дуу зохиож, продюсероор ажиллах нь надад тааламжтай байдаг юм. Төдийлөн тайзан дээр гарч дуулах дуртай биш.

-Таны хоолойны өнгө зөөлхөн, аргадсан. Эмэгтэй хүний л хоолой ийм байх болов уу гэмээр шүү?

-За яах вэ, би тийм ч айхавтар дуучин хүн биш шүү дээ. Мэргэжлийн дуучдын хажууд дуу зохиодог хүн байхгүй юу. Зохиосон дуугаа өөрийнхөө хоолойнд эвтэйхэн тааруулаад дуулчихдаг. Өөрийнхөө хоолойнд таарах дуу зохиох нь бий. Тэр дуугаа өөрийнхөө хэмжээнд л дуулдаг. Миний хоолой үнэхээрийн зөөлөн сонсогддог л доо. Би өөрийнхөө хоолойг сонсохоор хэтэрхий уянгалаг, зөөлөн байдаг.

-Таны гаднаасаа харагдах байдал тань ширүүн дориун, баргийн хүнтэй юм дуугардаггүй гэмээр сэтгэгдэл төрүүлдэг. Гэтэл танаас тийм зөөлөн дуу хоолой, өнгө аяс гарч байна гэхээр гадаад байдал тань хуурамч байх. Дуу хоолой бол дотоод сэтгэлийн илэрхийлэл. Тийм учраас таныг их уян зөөлөн эмэгтэй гэж бодож байна?

-Тийм шүү дээ. Би маш их эмэгтэйлэг. Маш зөөлөн. Нандин байх дуртай. Уян зөөлөн талын хүн. Яагаад вэ гэвэл надаас гарч байгаа дотоод мөн чанар минь тэр дуунуудаар илэрхийлэгдээд байгаа шүү дээ. Миний дуунууд намуухан, уянгын. Дууны үг нь хүртэл нэг л тийм мөрөөдөмтгий, романтик ч гэмээр байдаг. Энэ бүхэн л өөрөө Ангирмаа даа. Миний уран бүтээлүүд намайг хэн бэ, Ангирмаа гэж хэн бэ гэдгийг илэрхийлдэг. Мөн “Киви” хамтлаг байна. “Киви” хамтлагийнханд эмэгтэйлэг, сайхан, нандин байхыг би зааж өгсөн.

-Хөвсгөр цагаан цас нь хаялан орж

Хөндий тал нь цайран цэлийнэ

Хөдөө нутгийн хөгшнийгөө санан

Хөгжим болсоор сэтгэл хөдөлнө… Тал нутаг гэх энэ дуу тэр чигээрээ уянга.

-Энэ дууг бага насандаа зохиосон. Миний аавын эгч байдаг юм. Ангиа гээд хүн бий. Тэр хүн хөдөөнөөс, Архангай аймгаас манайд ирлээ. Хотод, байшинд сайхан амраад буцах боллоо. Тэр хүнийг би үдэж гаргаад цонхоор харж зогсохдоо нүдэндээ нулимс цийлэгнүүлж билээ. Аавын минь эгч намхаан хүн. Авга эгчийгээ буцаж байгааг нь хараад уйллаа. Ангиадаа бид их хайртай. Тэр богинохон хугацаанд бид их дассан байсан. Тэгээд л цонхоор харж зогсч уйлж байгаад төгөлдөр хуураа онгойлгоод л энэ дуугаа зохиосон юм даа. Ингэж л сэтгэлээс гарч байгаа байхгүй юу.

-Монголд продюсер гэдэг мэргэжлийг үйл хэрэг болгож, бодит болгосон хүн нь та. Таныг Киви хамтлагийн гурван охиныг айхавтар захирч байна, эрхэнд нь халдаж байна, хэзээ хүнтэй сууж, хүүхэд гаргахыг нь хүртэл гэрээгээр заачихсан гээд их л сөрөг дүрээр хүлээж авсан шүү, нэг хэсэг?

-Энэ бол ажил. Хоёрдугаарт, уран бүтээл. Бүтээлч байх хэрэгтэй. Бид олон зүйлийг хийх ёстой. Тийм учраас гал тогоогоо сонгох уу, олны танил болох уу гэдэг асуулт тавигдсан. Түүнийгээ дагаад хатуу гэрээ хийсэн. Таны хэлээд байгаа чинь зөв. Би тэгж гэрээ хийсэн. Энэ бол ажил. Харин амин хувьдаа бол бид сайхан эгч дүүс, багш шавь нар. Сайхан найз, андууд. Ажил дээрээ бол яг л шаардлагын дагуу, зарчмын дагуу ажилладаг ийм хамтлаг. Тэгээд ингэж сайн гэрээ хийж, ингэж сайн ажилласны үндсэн дээр амжилтын үндэс гарч ирсэн. Амжилтын үндэс гэж юу юм бэ. Амжилтын үндэс гэж хөдөлмөрлөхийг л хэлж байгаа шүү дээ. Сайн ч хөдөлмөрлөсөн. Тэгээд бас хүмүүсийн ярьдгаар од боллоо шүү дээ. Ингэж гэрээ хийж, ингэж ажилласан нь буруудаагүй. Харин сайн, зөв болсон. Бид дөрөв итгэлцэл дээр байдаг. Бид дөрөв бие биенээ мэдэрдэг, ойлгодог. Би гурван охиноо хүндэлдэг, гурван охин маань намайг маш их хүндэлдэг. Одоо хүртэл бид үргэлж хамтдаа байж байдаг.

Манай гурав намайг эмээ болчихсон гэдэг юм (инээв). Ука хүүхдээ төрүүлээд “Багш аа, та эмээ болчихсон шүү” гэж билээ. Би хөөрхөн ач, зээ нартайгаа сайхан байдаг юм.

Сэтгэл догдлуулсан орой тоглолтынхоо талаар яривал?

-Энэ тоглолт бол миний 50 насны ойтой уялдаж байгаа. Агуулга нь энэ байгаа юм. 50 насны ойн баярын цэнгүүн ч гэж хэлж болно.

-Таны зохиосон дууг дуулсан гэхээсээ дуулаагүй дуучныг нь нэрлэвэл цөөн байх болов уу?

-Миний дууг дуулаагүй улсууд байлгүй яахав. Би голдуу эмэгтэй дуучидтайгаа хамтарч ажилладаг. Миний дуунуудыг эмэгтэй дуучид түлхүү дуулдаг юм. Залуу үеийнхэнтэйгээ бас их хамтарч ажилладаг. Миний дуунуудыг сэргээж энд тэнд мэр сэр дуулдаг бололтой юм билээ.

-Ахтайгаа нэг салбарт хамтдаа зүтгэж, бүхий л зүйлээ зориулж хоёулаа амжилттай явна гэдэг бас ховор завшаан шүү. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион таныг өдий зэрэгтэй явахад хамгийн их дэмжиж тусалсан хүн байлгүй?

-Миний уран бүтээл, ажил, амьдралд их нөлөөтэй. Нөлөөлж ирсэн, одоо ч нөлөөлдөг нөлөө бүхий хүн. Заавар зөвлөгөө өгдөг, загнадаг хурцалдаг, дэмждэг. Би ахыгаа хүндэлж хайрлаж явдаг. Их эмээдэг. Тавь хүрчихсэн мөртлөө л ахаасаа айна. Миний уран бүтээлд санаа тавьдаг. Анхнаасаа л намайг дэмжиж ирсэн л дээ. Одоо ч ах, дүү ая зохиогч гээд нэгнээ дэмжээд л явдаг.

Бид хоёрыг ийм мэргэжилтэй болоход гэр бүл хамгийн их нөлөөлсөн. Миний эцэг эх, ах эгч нар, найз нөхөд, орчин тойрон нөлөөлсөн. Би хотын охин. Хотын төвийн унаган охин. Ямар дуу сонсох, ямар дуу дуулах, ямар стиль барих тэр болгон бүгд нөлөөлсөн.

-Хөгжмийн чиглэлийн хүмүүс өдөржингөө хөгжим дуу хуурын дунд байж байгаад орой нь гэртээ очоод дахин хөгжим сонсч алжаалаа тайлдаг гэж ярьдаг. Хөгжим таны нэг хэсэг болчихсон уу?

-Би байнга хөгжим сонсоод явдаг хүн биш л дээ. Залуу байхад их сонсдог байлаа. Одоо бол багассан. Харин энд тэндээс мэдээлэл авч алжаалаа тайлж суудаг болсон. Юм уншдаг. Их юм уншдаг. Чимээгүй орчинд ганцаараа байх дуртай. Тэгж би алжаалаа тайлдаг. Эрт нойрсож, эрт сэрдэг.

-Өнгөрсөн хугацаанд та хичнээн дуу зохиосон бол оо. Урын сангаа уудалж тоолж үзсэн үү?

-100 гаруй дуу байдаг юм шиг байгаа юм. Би ерөөсөө тоолж үзээгүй. Тоолох гээд суудаг юм, тэгээд л больчихдог. Би өөрөө мартчихсан дуунууд бас байдаг. “Би энэ дууг зохиож байсан билүү” гэж өөрөөсөө асуух үе байна. Эртээд “Гала” хамтлагийн Ану тааралдсан. Би “Гала” хамтлагт хоёр дуу өгсөн байдаг юм байна. Ямар хайрын өвлийн өглөө гэнэ үү, тийм нэг нэртэй дуу. Тэр дууг бол би огт санахгүй байгаа байхгүй юу. Ийм санахгүй байгаа, мартагдсан дуунууд их байдаг юм билээ. Тэгээд л би дуунуудаа тоолж байснаа больчихдог.

-Энд тэнд явж байхад таны дуунууд эгшиглэхээр ямар мэдрэмж төрдөг вэ?

-Би өөрийн дууг сонсохоос өрөөлийн дууг сонсох сонирхолтой. Өөрийнхөө дуунаас мэдээж сайхан мэдрэмж авдаг л даа. Бусад хөгжмийн зохиолч, уран бүтээлчид ч тэгдэг л байх даа. Хааяа дэлгүүр хоршоогоор, гадуур явахаар манай Укагийн дуу явж л байдаг юм. Тэгэхээр нь би дотроо их баярладаг юм. Хөөрхий, миний шавийн дуу явж байна гээд баярладаг. Бас телевизээр клип нь явахаар баярлана. Надад хийсэн юмаа үзүүлнэ, шалгуулна.

-Та тоглолт дээрээ дуулах уу?

-Дуулна.

-1990-ээд онд дуулж байсан дуунуудаа бүгдийг нь дуулах уу?

-Тэгнэ.

-Гитартайгаа…

-Одоо тэгж тоглолтынхоо тухай дэлгээд яах вэ. Очоод үзэхгүй юу.


Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хүн амын ундын усны чанар, аюулгүй байдлын талаар хэлэлцлээ

Нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдлын талаар салбар дундын хэлэлцүүлгийг МХЕГ-аас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт холбогдох яамд, УСУГ, НЗАА, ОСНААУГ, СӨХ болон Мэргэжлийн хяналтын чиглэл хариуцсан улсын байцаагчид оролцон тулгамдаж буй асуудлуудаа хөндөн ярилцлаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас төвлөрсөн ус хангамжийн чанар, аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийхэд ерөнхий хатуулаг, эрдсийн хэмжээ стандартаас хэтрээгүй, нянгийн бохирдлын түвшин өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлттэй гарчээ. Хяналт шинжилгээний явцад ус хангамжийн эх үүсвэрүүдийн энгийн хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн зөрчил нийтлэг илэрчээ. Ундны усан дахь төмрийн агууламж төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус, хэрэглэгчид хүрч байгаа усанд стандартын шаардлага хангаж байгаа хэдий ч орон сууцны оршин суугчдаас зэвтэй ус ирж байгаа тухай гомдол, мэдээлэл Мэргэжлийн хяналтын байгууллага, УСУГ-т ирж байгаа нь түгээх шугамын материалын чанар, насжилт, бохирдолтой холбоотой аж. Хэлэлцүүлгээс гарсан саналыг холбогдох яам, газруудад хүргүүлэхээр болов.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгойн коксжих нүүрсийг гуравдагч зах зээл рүү экспортлоход ОХУ-тай хамтарна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ОХУ-дажлын айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин, “Роснефть” компаний гүйцэтгэх захирал И.И.Сечин нартай хоёр талын уулзалт хийсэн юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин нар уулзалтын үеэр хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцож, Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх арга хэмжээний талаар ярилцлаа.

Үүний дараа сайд Д.Сумъяабазар “Роснефть” компанийн гүйцэтгэх захирал И.И.Сечинтэй уулзав. Уулзалтын үеэр газрын тос боловсруулах үйлдвэрлэл, газрын тос дамжуулах хоолой, хайгуулын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар хөндөн ярилцаж, хоёр талын хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулсан юм.

Мөн айлчлалын хүрээнд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид Хар тэнгисийн Тамань далайн боомт дахь “Таманы нурмаг ачааны терминаль” төслийн талбайд зочилж, газрын тосны агуулах, ачилт, овоолгын станцууд, туузан дамнуургын барилга угсралтын ажилтай танилцав. Энэхүү боомтоор Тавантолгойн коксжих нүүрсийг боловсруулан, гуравдагч зах зээл рүү экспортлоход хамтран ажиллахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 27-нд болох үйл явдал

08.30 цагт Тусгаар тогтнолын ордонд БОАЖЯ-наас Дэлхийн аялал жуулчлалын өдөрт зориулсан семинар зохион байгуулна.

09.00 цагт “Holiday” зочид буудалд “Олон улсын хөдөлмөрийн эв санааны нэгдэл” төвийн “Mongolia labour forum-2018” ээлжит хуралдаан болно. Утас: 99091674, 86114818

09.00 цагт “The Corporate Hotel & Convention Centre”-т “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийн хүрээнд төрөлт болон нас баралтыг цахимаар бүртгэх системийн нээлт болно. Утас:99179899, 86885060

09.00 цагт “ДЦС-4”-ийн байранд “Шинэ техник, технологи-Үр ашиг” сэдэвт эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн болно. Утас:99115624

10.00 цагт Төрийн ордонд “1000 багшийн дурсамж уулзалт” болно. Утас:88111046

10.00 цагт Төрийн ордонд “Усны хөгжил дэвшил ба Сайн засаглал” хэлэлцүүлэг болно.

10.20 цагт Монголбанкны байранд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк болон Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Интститут хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

11.00 цагт “Пума империал” зочид буудалд МСНЭ-ээс “Сэтгүүлч ордон”-ы шав тавих ёслол болно. Утас:99736725

11.30 цагт БХБЯ-нд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Утас:88010867, 99089255

11.40 цагт Дархан аварга Жигжидийн Мөнхбатын үүсгэн байгуулсан “Их шавь” дэвжээ, спорт сургалтын төвийн шинэ байрны нээлт болно. Утас:88885858

14.00 цагт Улсын дээд шүүх УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатартай холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ. Утас:86114818

Categories
мэдээ цаг-үе

Г.Бум-Эрдэнэ: Боловсролын хөгжлийн шинэ гарцыг хэрэгжүүлнэ

Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одонт Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэтэй ярилцлаа.


-Аливаа улс орны ирээдүй ард түмнийхээ боловсролтой холбоотой байдаг. Та багш хэмээх эрхэм сайхан мэргэжлийг эзэмшсэн дурсамжаасаа хуваалцаач?

-Миний аав Х.Гэндэнжамц, ээж Д.Цэрэндулам хоёр Монгол Улсдаа алдартай нэртэй математикч, геометрийн багш хүмүүс байсан. Аав маань МУИС-д багшаас эхлээд математикийн тэнхимийн эрхлэгчээр 46 жил ажилласан. Ээж маань Улсын Багшийн дээд сургуулийн багш, эмэгтэй цөөн математикчдын нэг. Одоо Монголын математикийн бараг бүх багш аавын, эсвэл ээжийн шавь нар байдаг. 1960- 1980-аад оны ерөнхий боловсролын геометрийн сурах бичгүүд Гэндэнжамц гэсэн автортойгоор хэвлэгддэг байлаа. Би өөрөө МУИС-ийн математикийн ангийг дүүргэсэн математикч хүн. Миний гэргий их сургуулийн нэг ангийг цугтаа төгссөн матетматикч хүн бол манай охин Нэгдүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн ангийг төгссөн. Би 1975-1985 оны хооронд Нэгдүгээр сургуулийг төгссөн. Манай ээж энэ сургуулийг эмэгтэйчүүдийн 10 жил байхад нь сурч төгсөөд, багшийн ажлын гараагаа Нэгдүгээр сургуулиасаа эхэлсэн. Мөн 1963 онд Нэгдүгээр сургууль математикийн гүнзгийрүүлсэн сургууль болох үед манай аав эхлэлийг нь тавилцсан хүмүүсийн нэг. Ийм болохоор багш мэргэжил, Нэгдүгээр сургуультай холбоотой олон сайхан дурсамж надад байдаг. Монгол Улсын гавьяат Багш Д.Гомбосүрэн, З.Цэрэннадмид нарын удирдсан агуу сайхан багш нарынхаа гараар орж, суралцсан азтай хүмүүсийн нэг нь би юм. Энэ сургуульдаа 2002-2007 онд сургалтын менежер буюу хичээлийн эрхлэгчээр ажилласан бол өнгөрсөн 2017 оноос эхлэн сургуулийнхаа захирлаар ажиллаж байна. Нэг түүхийг ярихад зах зээлийн нийгэмд шилжихэд геометрийн сурах бичиг хэвлэгдэн гарахгүй болчихлоо гээд аав, ээж маань 1997-2000 онд дөрвөн жил дарааллан 7-10 дугаар ангийн сурах бичиг, сурагчийн дэвтэр, багшийн заах аргын зөвлөмжөөс бүрдсэн сургалтын цогц хэрэглэгдэхүүнийг бичиж гаргасан. Тэтгэвэртээ суусан байсан аав, ээж маань намайг энэ ажилд татан оролцуулж хамдаа бичих болсон нь миний хувьд амьдралын минь маш том сургуулийн нэг болсон. Математик, геометрийн багшийн асар арвин их туршлага, математикийн судлагдахууны бүтэн цогц мэдлэгийг аав, ээжээсээ өвлөн авах завшаан надад таарсан. Бүхий л ажил, амьдралдаа хандах арга барил, монгол ухааныг тэрхүү алтан сургаалиас олж авсан даа.

-Нэгдүгээр сургуулийн түүхтэй холбоотой дурсамжаас хуваалцаач?

-Би сургуулиа мөс зүсэгч хөлөг онгоцтой зүйрлэх дуртай. Гэгээрлийн яам байгуулагдаагүй байхад 1923 онд анхны дунд сургууль болон Нэгдүгээр сургууль маань байгуулагдсан. Үүсэн байгуулагдсан цагаасаа оюуны боловсролыг ямар зүг чигт явуулах гол үндсэн замыг заасан Түүхэн үүргээ ч гүйцэтгэж ирсэн. Сургууль маань байгуулагдсан цагаасаа л хамгийн сайн багш, баг хамт олноор бүрдэж, шилдэг охид хөвгүүд суралцаж ирсэн өнө их түүхтэй. Үндсэндээ 1990 он хүртэл ахмад багш нар маань түүхэн үүргээ маш сайн гүйцэтгэж иржээ. 1990 оноос хойш лаборатори “цол чимэг”-ийг нь улсаас хураан авч, ердийн ерөнхий боловсролын сургуультай адилхан болгосон нь яавч зүйтэй алхам болоогүй гэж харагддаг. Боловсролын салбарт туршиж хэрэгжүүлэх, нэвтрүүлэхэд алдаа оноог урьдчилан харах зайлшгүй шаардлага байдаг. Энэ салбарт нэг сургууль урагшаа мөс зүсч зам жимийг тавьдаг болохоос биш бүгдээрээ зэрэг очоод хана мөргөдөг биш юм байна. Манай улсын боловсролын салбар сүүлийн 20 гаруй жил олон ч туршилтад орж энэ салбар маань элгээрээ үндсэндээ хэвтчихлээ. Бодлогууд ч алдагдчихлаа. Өнөөдөр боловсролд итгэх итгэл ард түмний дунд алдарчихсан байгаа нь үнэн. Ер нь дөрвөн жилийн цикльтэй төрд тогтвортой боловсролын бодлого алдагддаг юм байна. Монгол хүний боловсрол ямар байна вэ гэдгээ эргээд харахаас аргагүй болжээ. Боловсролын салбарт нэгдүгээр сургууль түүхэн үүргээ дахиад гүйцэтгэх үүрэг хариуцлага бидний өмнө одоо ирсэн гэдгийг хатуу ойлгож байгаа. Монгол хүний оюуны дархлаа алдагдахад тусгаар тогтносон бие даасан улс гэгдэхэд хүнд болдог. Бидэнд нэгэнт бодитойгоор ийм аюул нүүрлэж, орших уу эс орших уу гэсэн торгон зааг дээр байгаа үед эх орныхоо дуудлагаар Нэгдүгээр сургууль боловсролын салбарт манлайлах түүхэн үүргээ биелүүлэх шаардлагатай байна.

-Үүний тулд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Өнгөрснөөс ирээдүйг одоо бүтээх гэсэн монгол ухаан бидэнд бий шүү дээ. Манай сургууль энэ жил 96 дахь хичээлийн жилээ эхэлж байна. Нэгэн зууны төгсгөл, ирэх зуунд хөгжих хөгжлийг тодорхойлох сургууль хөгжүүлэх таван жилийн стратеги төлөвлөгөөгөө гаргалаа. Үүнд бидний өвөг дээдсийн амьдралынхаа туршид хуримтлуулсан монгол оюуны өв болох ухааныг гол жанжин чиг шугамаа болгох юм. Яагаад вэ гэвэл монгол оюуны өв, оюуны дархлааг сэрээж чадсанаар бид дэлхийн хөгжлийн хурдыг амархан гүйцнэ. Бид өвөг дээдсээсээ хүчирхэг оюуны их өв соёлтой байж өнөөдөр ийм дорой байдалтай байж болохгүй. Өнгөрсөн түүхэнд манжийн дарлалд орох, Оросын заавар чигээр явж байхдаа оюуны гайхамшигт өвийг мартаж холдсон харамсалтай түүх бидэнд бий. Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд болгон орж суралцдаг учраас яг энэ үед нь монгол ухааныг хүн байхын мөн чанарыг сууриар тавьж өгөх хэрэгтэй байгаа юм. Энэ суурин дээр академик сургалтаа явуулах нь зүйтэй гэж харж байгаа. Гавьяат багш Д.Гомбосүрэн багш маань 38 жилийн турш Нэгдүгээр сургуулийн захирлаар ажиллахдаа багш, боловсон хүчнээ сонгож шилж авдаг байсан. Боловсон хүчнээ багш болгох, сургах, сайн аав, ээж байх, хүн байх ухааныг Гомбосүрэн, Цэрэннадмид хоёр багш маань тавьж өгч, сургууль гэж ямар байгууллага байх бүтэц, монгол загварыг 1960-1990 оны хугацаанд жинхэнэ бий болгож байсан аж. Тухайн үед ахмад туршлагатай багш нараа сургуулиуд руу явуулж туршлага түгээдэг байсан. Бид таван жилийн зорилгоо дараахь байдлаар тодорхойлж байна.

-Хүүхэд бүр мэдвэл зохихуйн мэдлэгийг ухан ойлгож, мэдэрч, өөртөө шингээн сэрсэн, сав шим ертөнцийн болоод танин мэдэхүй, шинжлэх ухааны суурь мэдлэгээр өөрийгөө хүчжүүлсэн, ирээдүйн зорилгоо бүрэн тодорхойлж түүнд хүрэх эрдэм мэдлэг, зан төлөв, ухамсар, оюуныг өөрийн болгож чадсан Дэлхийн монгол хүн болгон хөгжүүлэн төлөвшүүлэх

-Сургуулиа монгол оюуны өв ухааны сургуулийн хөтөлбөртэй, олон улсын хөтөлбөрийн сургалттай, шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн сургалтын хэв шинжтэй, ухамсарт суурилсан боловсролын суурьтай болгох.

Манай улс нийслэл, дүүрэг, 22 аймаг 330 сумандаа ерөнхий боловсролын сургуультай. Бид монгол ухаан дээр суурилсан академик боловсрол олгох үндсэн технологийг боловсруулахдаа таван жилийн дотор орон нутгийн 19 сургуультай хамтарч ажиллана. Улмаар энэ төсөл амжилттай хэрэгжвэл бусад ерөнхий боловсролын сургуулиуддаа түгээн дэлгэрүүлэх болно.

Энэ зорилгын хүрээнд таван үндсэн зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Зорилт 1: “Монгол ухаан” сургуулийн төсөл-Монгол оюуны өв ухааныг сургах хөтөлбөр боловсруулах.

Зорилт 2: Багшийн хөгжил-Өөрөө үлгэрлэх учраас багшийн хөгжлийн бодлоготой байна.

Зорилт 3: Гадаад гүүр-Сургуулийн гадаад харилцааг хөгжүүлж, сурагчид ахлах ангидаа орохдоо мэргэжлээ сонгосон байна.

Зорилт 4: Шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг хэв шинжтэй болох-Хичээлийн 3 дугаар байр энэ жилээс баригдаж байна. Сургалт явуулах багш, сургалтын хэрэглэгдэхүүнээ бэлдэнэ.

Зорилт 5: Ухамсарт суурилсан боловсрол-Сурагчид тархиныхаа чадамжийг бүрэн ашиглаж чаддаг болно. Одоо манай сургууль хичээлийн шинэ байраа барьж байна.

Дээрх таван зорилтыг хэрэгжүүлснээр манай улсын боловсролын хөгжлийн нэгэн шинэ гарц нээгдэнэ.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Давхар иргэншлийг зөвшөөрөхгүй бол хоёр аймгийн хэмжээний иргэнээ алдана

Гадаадад аж төрдөг монголчуудын чуулга уулзалт болж байна. Харьд амьдарч буй элэг нэгтнүүд маань санаа зовоосон асуудлуудаа чуулж суугаад ярьцгаалаа. Эх хэл, өв соёлоосоо алсарч байна гэх зовнил нь тод анзаарагдсан. Хэзээнээс ярьсаар ирсэн сэдэв л дээ. Тойрч суугаад ярьсан дараагийн том асуудал нь давхар иргэншил. Өмнөхтэй ялгаагүй, эртнээс ярьж, хэлж, ултөржүүлж, мэтгэлцэж, маргасаар өнөөдөртэй золгосон хуучин сэдэв. Монголын 200 гаруй мянган иргэн гадаадад амьдардаг гэсэн статистик бий. Гурван сая монголчуудын 15 хувь нь гэсэн үг. Цөөхөн хүн амтай үндэстний хувьд онцолж тодотгохоор том хэсэг. Бүр тодруулбал Монголын төр давхар иргэншлийг шийдэж өгөхгүй бол хоёр аймгийнхаа дайны иргэдийг алдана. Насны эцэст нутгаа гээд тэмүүлээд ирнэ энэ тэр гэсэн яриа мэр сэр дуулддаг л даа. Гэхдээ харамсалтай нь тийм юм болохгүй. Тэд эргэж ирэхгүй. Тэгэхээр амьдран суугаа улс орнууд нь зөвшөөрч л байвал давхар иргэншил өгчих хэрэгтэй. Тэгж байж л бид гадагшаа зорьсон элэг нэгтнүүдээ аргамжиж чадна. Хэрвээ ийм шийдвэр гарвал Азийн жижигхэн Монголд дэлхийд гарах нэг том үүд нээгдэнэ. Давхар иргэншлийг зөвшөөрдөггүй төрийнхөө шийдвэрээс болж гадны улсад данслагдсан олон монгол дунд дэлхийн хүн болчихсон гялалзаж яваа мундагууд өчнөөн бий.

Монголчуудын гадагш чиглэсэн нүүдэл бүр эртний улбаатай. Өнө холын түүхийн шарлаж хуучирсан хуудсыг эргүүлээд харахаар Монголын тал хээрээс харьд одсон монголчууд лав эргэж ирсэн түүхгүй. Хүннү, Сүннүгийн үе гэж хэтрүүлээд яахав. Монголын нутаг дээр амьдарч байсан нь үнэн ч яг монголчууд мөн эсэх нь бүдэг талдаа. Дэлхийн хэмжээний гүрэн байгуулсан эртний тэр улсууд яг монголчууд мөн эсэхийг мэдэхгүй учраас түүхийн хүрдийг мэдэмхийрч урагшлуулаад яахав. Багцаа, баталгаатайгаар нь Их Монгол Улсаар жишээ авъя. Чингис хаан хөвгүүддээ нутаг хувааж өгөхдөө ууган хүү Зүчидээ Эрчис мөрнөөс баруун тийш, Хорейзмоос хойш монгол цэргийн морин туурай хүрсэн газрыг өгсөн байдаг. Зүчи Урал мөрнөөс зүүн тийш Кипчакийн тал нутгийн зүүн хэсэг Амур, СырДаръяа мөрний доод урсгалын Хорейзмийн нутгийг эзэмшсэн бол хүү нь бүр цаашилж эзлээд явж өгсөн. Тэгэхээр хамгийн анх гадаадад “харласан” эртний монгол гэвэл Зүчи болж таарах гээд байна. Зүчийн араас гадагш явсан олон монгол дэлхийгээр тархан суурьшсан. Хэн нь ч эргэж ирээгүй. Монголоо гэсэн сэтгэлтэй ч цагийн эрхээр ирэх боломжгүйд хүрсэн, өнөө ч эх нутгаа санасан сэтгэлээ дуугаар илэрхийлж суудаг энэ тэр гээд өчнөөн яриа хөөрөө хөвөрдөг. Гэхдээ хатуу ширүүн уур амьсгалтай, нүүдэлчин аж ахуйтай талын зэлүүд Монголоос таатай дулаан цаг агаартай, соёлжсон суурьшсан улсад очсон хэн ч нутгаа зорихыг төвдөхгүй нь бодитой үнэн. Өдгөө Америкт амьдардаг монголчууд эх нутгаа санаж бэтгэрч яваа. Гэхдээ сурч, боловсорч, ажиллаж амьдрахад таатай орчин тэднийг уяж байгаа нь бас үнэн. Энэ мэтээр дурдвал Монголоос гараад нутагтаа буцаагүй монголчуудын түүх барагдахгүй. Дахиад хэлэхэд Их Монголоос Иран, Ирак гээд дэлхийгээр тарсан монголчууд нутагтаа ирээгүй. Өнөөдөр дэлхийн олон улсад суурьшин амьдарч буй монголчууд ч эргэж ирэхгүй. Бүр тодруулж хэлбэл гадаадад амьдарч байгаа 200 мянган иргэнээ үүрд алдах эрсдэл ирчихээд байна. Тэднийг алдахгүйгээр аргамжъя гэвэл давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Дэлхийн 33 улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөг. Австрали, Барбадос, Бельги, Бангладеш, Канад, Кипр, АНУ, Их Британи, Швейцарь, Румын, Өмнөд Солонгос, Өмнөд Африк, Египет, Ирак, Итали, Израиль, Ирланд, Унгар, Швед, Серби, Армен, Ливан, Мальт, Испани, Тонга, Филипин, Румын, Сьерра Леон, Шри Ланк, Пакистан зэрэг улсууд давхар иргэншлийг зөвшөөрч байна. Португаль, Туркийн хувьд харилцан адилгүй заалтаар давхар иргэншил олгодог юм билээ. Хүн олонтой улсын эдийн засаг том эргэлттэй байдаг, тэр хэрээрээ тэлж хөгждөг. Ийм шалтгаанаар дэлхийн улс орнууд давхар иргэншилд толгой дохидог. Давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөг өөр нэг шалтгаан нь гадны сайн боловсон хүчнийг татах. Бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийвэл иргэнээ болохыг зөвшөөрдөг Австри, Кипр, СантКиттс, алдартай дуучин, оддыг иргэнээ болгодог Австри, Испани гэж ирээд харвал улс орон бүр өөр өөрийн эрх ашиг сонирхлын үүднээс давхар иргэншилд ханддаг. Ойрын жишээ гэвэл хойд хөршийн төрийн тэргүүн татварын дарамтаас зугатсан Францын жүжигчин Жерар Депарьдед иргэншил олгож л байсан. Даяарчлагдаж, хавтгайрсан дэлхийд энэ тийм гайхаад байх үзэгдэл биш. Европын орнуудын иргэд бүхэл бүтэн тивийн хорь хол давсан улсаар ямар ч визгүй зорчдог болсон өнөө цагт давхар иргэншил гэдэг гайхахаар, айхаар асуудал хэтээсээ биш. Дайн дажин, элдэв үймээн самуунгүй хэр нь хүн амынх нь 15 хувь гараад явчихсан улсын хувьд “Үндэсний аюулгүй байдал” гэж хөмсгөө зангидаж шанаагаа тулаад суумааргүй байгаа юм.

Социализмын үед л дэлхийн орнууд руу чиглэсэн иргэдийн урсгалыг хэсэг зуур барьсан байх. Тэр жилүүдийг алгасаад харвал Монголын түүхэнд иргэд нь гадагшлах үзэгдэл байсаар ирсэн нь бодитой үнэн. Зүчийн үеийг бодвол энэ цагийн өнгө тэс өөр болсон. Түрүүн хэлсэнчлэн бөөрөнхий дэлхий хавтгай болчихлоо. Бид нэг улс нь нөгөөгүйгээрээ орших аргагүй болсон ертөнцөд амьдраад удаж байна.

Хуучин нийгмийн хөшиг хаагдсан 1989 оноос хойш өнөөдрийг хүртэл монголчууд гадагшилсаар байгаа. Цаашид ч энэ цуваа тасрахгүй. Өнөөдөр хоёр аймгийн хэмжээний хүн гадаадад ажиллаж амьдарч байгаа бол маргааш гурав, дөрвөн аймагтай тэнцэхүйц хүнээ бид алдаж мэднэ. Тийм магадлал маш өндөр. Зах зээл эхэлснээс хойш хил давсан залуусын үр хүүхэд өдгөө нас, бие гүйцэцгээж байна. Амьдарч буй улс орнууд нь “Нэг бол манай иргэн бол, эсвэл эх орон руугаа марш” гэж шахаад эхэлчихсэн. Харь улсын иргэн болохгүй бол өчнөөн жил амьдарч дассан орчноосоо хөөгдөхөөс өөр гарц дэлхийн улс орнуудаар тархсан монголчуудад байхгүй. Мэдээж хэн ч дассан газар, таатай тухтай орчин, өндөр хөгжилтэй нийгмээс татгалзахыг хүсэхгүй. Унасан газрынхаа иргэн нь болохыг илүүд үзнэ. Хэрвээ Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрчихвөл ийм шахаанд орсон олон залуус эх орондоо данстай байх сонголтыг хийх нь гарцаагүй.

Нийгэм солигдсоноос хойш гадагш гарсан монголчуудын үр хүүхдүүд яг хийж бүтээх насандаа ирчихсэн тухай сая хөндлөө. Америкт төрсөн Бат ээж, аавыгаа дагаж эх нутагтаа ирдэг учраас “Би монгол хүн” гэсэн бүдэг ч гэлээ төсөөлөл бодолтой амьдарч яваа. Монгол Улсынх нь төрөөс давхар иргэншилд толгой дохивол эх орондоо чөлөөтэй ирж буцаад амьдрах хүсэл Батад мэдээж бий. Тэгж гэмээнэ Батын хүүхдэд “Би монгол хүн” гэсэн бодол нь өвлөгдөнө. Хэрвээ Монголын төр давхар иргэншил дээр өнөөдрийн байр сууриа өөрчлөхгүй бол Батын хүүд лав өөрийгөө монгол гэж мэдрэх орон зай, боломж, сэтгэл зүрх, ер юу ч үлдэхгүй. Америкийн иргэн болоод аж төрнө.

Дэлхийн улс орнуудад амьдарч байгаа 200 мянга, ирэх жилүүдэд хэд ч болж өсч мэдэх монголчуудын ирээдүй ийм л болно. Тийм учраас хавтгай дэлхийд амьдарч байгаагаа ухаж нэг бодоод цаг алдалгүйгээр давхар иргэншилд толгой дохьё. Казахуудад давхар иргэншил өгөх нь гэх мэт элдэв айдас, эргэлзээ дуулдаж л байдаг. Өг л дөө, тэглээ бид юу алдана гэж. Дэлхийгээр нэг тарсан 200 мянган Монголоо Улсынхаа нэр дээр дансалчихвал харин авах зүйл маань хэмжишгүй том. Давхар иргэншлийг зөвшөөрсөн шийдлийн цаана бидний төсөөлөмгүй их өгөөж бий.


Categories
мэдээ нийгэм

Шийдэм одтой, хар нохой өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 27, Бархасбадь гариг. Билгийн тооллын 17, Шийдэм одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 6:46 цагт мандан, 18:38 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашнямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.