Categories
мэдээ цаг-үе

Ж.Барамсай агсны гэргий Р.Оюун: Нохдоо Барамсай, Байды гэж нэрлэсний хариу захиаг эзэнд нь явуулсан

Г.ЖАМЬЯН (МУСГЗ)


Монголын хошин шог зохиолын нэрт төлөөлөгч зохиолч, сэтгүүлч Жаргалын Барамсай агсны гэргий Р.Оюунтай ярилцаж байна. “Гавьяа” найрууллаас болж улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 20 сэтгүүлчийн нэг нь Ж.Барамсай юм.


-Барамсайнхаа тухай эргэж дурсмаар санагдлаа. Хоёул яриагаа нэлээд дээрээс, Архангай аймгийн арван жилийн сургууль хавиас эхэлвэл ямар байна?

Тэгье л дээ. Манайх чинь Архангай аймгийн Хангай сумын уугуул. Аав минь Архангайд багшилж байгаад хотод шилжсэн. Улсын багшийн дээд сургуульд насаараа багшилсан, монгол хэл судлалын профессор хүн байлаа. Намайг аравдугаар анги төгсөхөөр Багшийн дээдийн монгол хэл, уран зохиолын ангид хуваарилсан чинь Барамсайтай нэг ангид таарчихдаг байгаа. Намрын тариа хураалтад яваад л танилцчихсан. 1970 онд Багшийн дээдийн оюутан бид хоёр анхны гал голомтоо асааж байлаа даа.

-Өнөөх “Хонгорзул” хамтлагийнхны үе байнаа даа?

Тийм ээ. Уран зохиол хошин шог оролддог, хэсэг залуус тэнд суралцаж байсан. Талийгаач маань арван жилээсээ эхлээд шог хошин зохиол бичиж, ангидаа бол нэлээн бүтээлтэй хүнд тооцогдож байсан үе. Тэгээд хошин шог зохиолынхоо түүврийг “Хэцүү урилга” нэртэй хэвлэлд бэлтгээд, хэвлэж эхлэх гэж байтал нэг нь матаж “харш үзэл сурталтан байна” гэснээр хэвлэхийг хориглоод, дардасуудыг нь устгачихсан юм. Энэ тухайгаа зохиолч Д.Намдаг гуайд хэлсэн чинь ихэд харамсаад, анх тутам байгуулж байгаа “Хонгорзул” хамтлагтаа бүртгээд, зохиол бүтээлийг нь дэмжээд явсан.

-Энэ хамтлаг ямар бүрэлдэхүүнтэй байсан юм бол?

-Улсын багшийн дээд сургууль, Драмын театрыг түшиглэсэн, хошин шогийн авьяастай залуусаар бүрдэж байсан байх. Зохиолчдоос Ш.Гүрбазар, Б.Лхагвасүрэн, Ц. Доржготов, Ш.Цэнд–Аюуш жүжигчдээс Дорлигжав, Латиф, Жарантав, Цэвээнравдан, Мааяа… гэхчлэн хүмүүс байсан. Д.Намдаг гуай, Монгол Улсад хошин шогийн театр зайлшгүй хэрэгтэй гээд түүнийхээ үндэс суурийг тавьж байсан гэдэг юм. Талийгаач маань энэ бүрэлдэхүүнд багтаад их урамшиж бүтээл туурвилдаа ч махардаг байсан. Анхны охиноо ч “Хонгорзул” гэж нэрлэсэн. Миний охин одоо хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байна.

-Барамсай маань сургуулиа төгсгөөд хаана ажилласан бэ?

-Бид хоёрыг сургууль төгсмөгц Архангай аймгийн төвийн арван жилийн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар хуваарилсан. Тэнд ч удсангүй дээ. Нөхөр маань ажиллахын зэрэгцээ зохиолоо их шаргуу бичиж байсан. Хошин шог зохиолоороо бол олон түмэнд танигдаж байсан л даа. Тэгээд Хэвлэл утга зохиол хянах газар (главлет)-т Намдаг багшийнхаа тус дэмжлэгтэйгээр ажиллах болсон. Ердөө жилийн дараа манайх хотын айл болсон доо.

-Миний хувьд Ж.Барамсай зохиолчтой энэ л үеэс танил болж, таалал төгстөл нь хамт ажиллаж байсан. Миний бичсэн “Гавьяа” найрууллын хэрэгт холбогдсон тухай нь тодруулах уу?

-Талийгаач маань главлетэд ажилд ороод, сонин хэвлэлд бичиж байгаа зүйлийг уншиж хянадаг байсан юм билээ. Хариуцсан сонин нь “Залуучуудын үнэн”, “Улаанбаатарын мэдээ”. 1978 оны үед байх аа, нэг өдөр ажлаасаа ирээд Г.Жамьян, М.Шийрэв хоёрын бичсэн “Гавьяа” найрууллыг уншаад хэвлүүлчихлээ. Их сонин сайхан материал байна гэж олзуурхан ярьж байсан. Тэгсэн чинь жилийн дараа “Өнөөх найрууллаасаа болж байцаагдаж байна. Нэг л юм болох нь шиг байна” гээд их уруу дорой явах болсон.

-Бидний хорин сэтгүүлчийг бүгдийг байцааж байсан үе л дээ. Юу ярьдаг байв?

-Ажилчдын автобусыг дайраад шатаачихсан машин нь Оросын цэргийн машин байж гэнэ. Баларсаан баларсан. Монгол-Оросын найрамдалд ан цав суулгасан. Эсэргүү найрууллыг хяналтгүй гаргасан гээд л загнаад байна. Лав л ажлаас хална гэнэ. Шоронд ч орж магадгүй юм шиг байна…гээд нэг л сэтгэлийн тамтай болчихсон. Байсхийгээд л байцаагдаад ирлээ л гэдэг байсан даа.

-Тэгээд биднийг бүгдийг шийтгэсэн шүү дээ. Намайг толгойлогч болгосон. Намын хянан шалгах хороо намаас хөөж, ажлаас халаад прокурорын мэдэлд шилжүүлсэн. “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч Ж.Дашдондог, “Улаанбаатарын мэдээ”сонины эрхлэгч Г.Дугар, Хотын намын хорооны хэлтсийн эрхлэгч Д.Мандшир нарыг намаас хөөхийг сануулан донгодож ажлаас халан, нутаг зааж ажиллуулсан. Бусад 16 хүнд, Намын төв хорооны тогтоол ёсоор салбар салбараар нь арга хэмжээ авсан. Ж.Барамсайд ямар арга хэмжээ авлаа?

-Нөхрийг маань Монгол Зөвлөлтийн найрамдалд ан цав суулгасан, харш үзэлтэн гэж их байцаасаан. Тэгээд нэг л өдөр ажлаас нь халчихсан. Улаанбаатар хотын намын хорооны товчоогоор оруулаад, МАХН-аас хөөхийг сануулан донгодсон, Хэвлэл утга зохиол хянах газрын намын үүрийн бүх гишүүдийн хурлын тогтоолыг батлаад, намын шийтгэлтэй ажилгүй хүн болгосон доо.

-Улаанбаатар хотын намын хорооны товчоо тогтоолдоо юу гэж заасныг санаж байна уу?

-Саналгүй яахав. Ж.Барамсай нь улс төрийн талаар манай нийгэмд харш үзэл санаа бүхий “Гавьяа” найрууллыг “Залуучуудын үнэн” сонины 1978 оны тав дугаар сарын 12-ны өдрийн 54 дэх дугаарт нийтлүүлэхээр зөвшөөрөл олгон, улс төрийн сонор сэрэмж, ажлын хариуцлага алдаж, намын сахилга бат зөрчсөн… гэж байгаа юм. Тэгээд Б.Алтангэрэл, Д.Бямбаа, Ц.Доржготов, Р.Жамц, Ж.Жуваа, С.Мөнхжаргал, С.Пүрэв, Ө.Хоролдаваа нарын есөн хүн гарын үсэг зурсан тогтоол бий. Ажилгүй болсон хүн ч яахав дээ, Шаргаморьтод зуслангийн амбаар барингаа зохиолоо л бичиж байсан. Нэг юм биччихээд аваад явна, хэвлэлүүд “эсэргүүний бүтээл битгий хэвлэ” гэсэн гээд их л уруу дорой явдаг байсан даа.

-Ингээд яалаа? Эргэж ажилд нь авсан уу?

-Нэлээд хэл үг болж, ам өчгийг нь авсны дараа Хэвлэл утга зохиол хянах газартаа цалинг нь бууруулаад туслах төлөөлөгчөөр авч ажиллуулсан. Их ч удаагүй Радиогийн соёл урлагийн редакцид Х.Наранжаргал маань авч ажиллуулсан. Энд хоёр гурван жил ажиллаад л “Тоншуул”-ын хүн болсон доо.

-“Тоншуул” сэтгүүлд шог хошин зохиол бүтээлээ ёстой урсгасан даа. Төр, нийгмийн болохгүй бүтэхгүй зүйлийг их ч шүүмжилсэн. Өнөөх алдарт “Шоронгоос өшөө авагч байдаг юм биш биз” өгүүллээсээ эхлээд хурц дайчин сэдвүүдийг Барамсай л дэвшүүлж тавьж байсан шиг санагдах юм?

-Тэгсээн. Их ч бичсэн, их ч эсэргүүцэлтэй тулгарч байсан байх. Ер нь байнгын дарамтад байсан даа. Манайх тэр үед 3 дугаар хороололд байсан. Гэрийн утас байнга чагнана. Орой үдшээр хэдэн цонхыг маань ээлжээр хагална. Утсаар “Цагаан морин жилд, цагаан даавуунд ороогоод, цагаан даваанд аваачиж хаяна шүү” гэж заналхийлнэ.Троллейбусаар явж байхад нь хоёр залуу хоолойг нь боож золтой л алчихаагүй. Өрөөнд нь орж ирээд гарынх нь хуруунуудыг хутгаар цавчсан тохиолдол ч бий. Ядаад, цагдаад гуйж байж хамгаалалтад орсон л доо.

-Өнөөх нохойгоо нэрлэдэг чинь мөн л энэ үед бил үү?

-Тийм л дээ. Талийгаач маань шоглож бичээд, шог зураач Байды зургийг нь зурдаг байсан.Шүүмжлэгдсэн хүмүүс их хорсож, дургүйцэж байсан юм билээ. Увс аймгийн нэг айл хоёр нохойгоо нэгийг Барамсай, нөгөөг нь Байды гэж нэрлэсэн байсан л даа. Талийгаач маань тэр айлынханд хариу захиа бичиж явуулсан. “Нохойгоо шог зохиолч, шог зураач болгож сургаарай. Манай сэтгүүлд бүтээлээс нь ирүүлээрэй. Уран бүтээлийн их амжилт хүсье” гэсэн л дээ.

-Барамсайд маань шүүмжлүүлсэн цөөн хэдэн хүн ингэж гутааж доромжилж байсан боловч Монголын ард түмэн хайрлаж хүндэлж байсан. Тэгээд ч Монголын анхны парламентад сонгогдоо биз дээ?

-Миний нөхөр Монголын ардчилсан хувьсгалыг анхнаас нь дэмжсэн хүний нэг. Тэгээд ч 1990 онд Эрдэнэтийн ард түмэн итгэл найдвар хүлээлгэн Ардын их хуралд Ц.Элбэгдорж,Ж.Барамсай хоёрыг сонгосон. Монгол Улсын анхны ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан гавьяатай гэж бодож явдаг юм даа. Төр түшилцэж явсан хүмүүсээ ч, тэгээд л мартах юм шив дээ.

-1980-аад оны сүүлч 1990-ээд оны эх бол Ж.Барамсайн уран бүтээлийн оргил үе байсан. Энэ тухай жаахан тайлбарлах уу?

-1986 онд өнөөх хориотой байсан “Хэцүү урилга” номоо хэвлүүлээд бүтээлүүд нь ар араасаа цуварсан. “Санал гомдлын дэвтэр”, “Тоглоом шоглоом”, “Хар гар” гэхчлэн номууд нь хэвлэгдсэн. Нэг зүйлийг сонирхуулахад “Хэцүү урилга” номынхоо шагналын мөнгийг аваад ДСНК–д явж байтал нь нутгийн нэг хүн таарсан байгаа юм. Хоёул тэнд хооллож жаахан балгасан юм билээ. Гэртээ ирээд үзсэн чинь номынх нь мөнгө алга болсон байж билээ. Манай хүн чинь цагаахан, их итгэмтгий, хэнтэй л бол хэнтэй ууж иднэ, наргиж дарвина. Түүнийг нь ашигладаг хүмүүс байсан л даа.

-Ж.Барамсай маань сүүлд “Улаанбаатар” сонинд надтай хамт ажиллаж байсан. Бид хоёрын хувьд “хам хэрэгтэн” гээд их ч дотно байсан даа. Нэг л өглөө муу мэдээ ирсэн. Таалал төгсчихлөө гэж. Энэ тухай тодруулах уу?

-Зүв зүгээр л байсан. 1997 оны тавдугаар сарын 14-нд нэг үл таних хүнтэй гэртээ ирсэн байгаа юм. Хоёул архи үнэртүүлчихсэн. Тэгэхдээ ч согтоогүй. Манай охин Хонгорзул гэртээ ганцаараа байж. Аав нь нөгөө хүнтэй ажлынхаа өрөөнд хэсэг ярилцаж сууснаа нөгөө хүн нь яваад өгч. Тэгэхэд талийгаач маань охиндоо “Миний эртний танил, нийгмийн аюулаас хамгаалахын ажилтан” гэж ярьж байсан гэдэг. Нэлээд удсаны дараа нөгөө хүн, тэр үед гарч байсан хамгийн жижиг шилтэй архи барьсаар орж ирээд аавынх нь өрөөнд арваад минут болсноо гараад явчихсан байна. Яг явахдаа Хонгорзулын алгыг үзээд “Их зовлон үзэх юм байна. Гарз ихтэй байна” гэчихээд гарсан гэдэг. Охин бага байсан, юу мэдэхэв дээ. Гайхаад л хоцорсон гэсэн. Үүнээс хойш нэг цаг хэртэй болоод л талийгаачийн бие нь муудан огиулж бөөлжиж, хамаг бие нь өвдөж байгаа бололтой дагжиж чичрээд хачин болчихсон юм билээ. Би ирээд санд мэнд цэргийн төв эмнэлэгт аваачсан чинь нүднийх нь хар алга болчихоод, бөөрний дутагдалд орсон байна гээд тариа хийсэн. Өвчин ер намдаагүй, үгээ солиод, мэдрэл нь тавгүй байсан. Латиф, Цэвээнравдан хоёрыг л дуудаад байсан. Тэгээд л шөнө 01 цагийн үед амьсгал хураасан даа.

-Тэр хамтдаа архи уусан хүнийг нь олсон уу. Ер нь цагдаа хуулийнханд мэдэгдэж шалгуулсан уу?

-Тухайн үед тийм ухаан байсангүй. Тэгээд ч нөгөө хүний сураг гаралгүй өнгөрсөн дөө. Талийгаач маань тэр хүний авчирсан архинаас нэг хундага л уусан байсан. Хордлого тайлах эмчилгээний эмч л “Их л сонин тохиолдол боллоо. Зүрх нь зогсчихоод байхад тархи нь ажиллаад, юм яриад байлаа” гэж байсан сан.

-Хайран хүн өнгөрөөд 21 жил боллоо. Та нар минь талийгаачийн улс төрийн хилс хэргийг цагаатгуулах, нэр төрийг нь сэргээлгэх талаар юу хийв дээ?

Юу ч хийж чадсангүй. Би чинь учраа олохгүй байсаар л таарлаа. Харин хүмүүс хэлээд, бид ч “ухаан ороод” одоо л цагаатгуулах, нэр төрийг нь сэргээлгэх талаар бичиг баримт бүрдүүлэн хөөцөлдөж байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд эхэлж хандах юм билээ гэснээр бид хоёрын яриа өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

APPLE шинэ загварын “iPhone” гар утсаа танилцуулна

Есдүгээр сарын 12-нд Apple компани шинэ загварын IPhone гар утсаа олон нийтэд танилцуулахаар болжээ.

Танилцуулах арга хэмжээ нь Калифорни мужийн Купертино дахь Apple-ийн шинэ байгууламжид болох юм байна.

Улаанбаатарын цагаар есдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цагт эхэлнэ.

Apple комдани гурван шинэ гар утасны загварыг танилцуулна. Үүнд:

  • 6.5 инчийн “Oled” дэлгэцтэй загвар
  • iPhone X загварыг сайжруулсан 5.8 инчийн “Oled” дэлгэцтэй “S” төрлийн загвар
  • 6.1 инчийн LCD дэлгэцтэй загвар /илүү хямд/

Тус арга хэмжээнд “Apple watch”, шинэчилсэн “iPad Pro” болон “AirPods”-ийн дараагийн загварыг танилцуулах магадлалтай байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хот хоорондын зорчигч тээврийн үнэ 300-9500 төгрөгөөр нэмэгджээ

Хот, хоорондын тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооноос удаа дараа санал, шаардлага ирүүлсний дагуу эдийн засгийн тооцоо судалгааг хийж, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн үнэ, тарифт 9 дүгээр сарын 1-нээс эхлэн өөрчлөлт оруулж, зохицуулалт хийхээр болжээ.

Зам, тээврийн сайдын 2013 оны “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” 162 дугаар тушаалаар хот хоорондын зорчигч тээврийн 1 хүн.км-ийн жишиг тарифыг том болон дунд оврын автобусанд 45-55 төгрөг, бага оврын тээврийн хэрэгсэлд 55-65 төгрөг байхаар баталсан байдаг. Батлагдсан жишиг тарифтаа хүрдэггүй болон жишиг тарифтаа хүрсэн ч шатахууны үнийн өсөлтөөс алдагдалтай ажиллаж буйг хот, хоорондын тээвэр эрхэлдэг 40 орчим аж ахуйн нэгж үнэ нэмэх асуудлаар удаа дараа шаардлага тавьж иржээ.

Тухайлбал, хамгийн ойр чиглэл болох Төв аймгийн Зуунмод хүртэл 300 төгрөгөөр, хамгийн хол чиглэл буюу Ховд аймгийн Булган сум 9500 төгрөгөөр нэмэгдэх тооцоо судалгааг гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын салбар бизнесийнхний хэтэвчээ түнтийлгэх талбар биш

Шинэ хичээлийн жилийн нээлт өнөөдөр тохиож, эрдмийн их өргөө инээдээр бялхаж, алдрай бяцхан хүүхдүүд анги танхимаа дүүргэх гэж байна. Боловсролын салбарын хувьд хичээл эхлүүлэх бүх бэлтгэлээ бүрэн хангаад байгаа билээ. Энэ ч утгаараа “2018-2019 оны Хичээлийн шинэ жил” улзалтыг өнөөдөр Хүүхдийн ордонд зохион байгууллаа. Тодруулбал, нийслэлд байх ерөнхий боловсролын сургуулиудын бүх захирал энэхүү уулзалтад ирсэн бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон боловсролын газрынхан оролцсон юм.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын цалин хөлсийг хичээлийн шинэ жилээс эхлэн нэмэгдүүлж, урамшуулал хэлбэрээр олгох 300 мянган төгрөг төсөвт суусан болохыг салбарын сайд онцолж байлаа. Мөн хүүхдийн сурах орчин, чанарт сургууль онцгой анхааран ажиллах ёстой гэдгийг хэлсэн. Түүнчлэн сургууль бүр есдүгээр сардаа багтаан боловсролын салбарт дутагдаж, үгүйлэгдэж буй зүйл, цаашид авах арга хэмжээ, эцэг эхчүүдтэй хамтран ажиллах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэхийг даалгав. Ингэснээр намрын чуулганаар өргөн баригдах Боловсролын багц хуульд тулгарч буй зүйлээ хуульчилж, зөв чигт алхах боломж бүрдэх ажээ.

Салбарын сайд Ц.Цогзолмаа “Салбарт тулгарч байгаа томоохон асуудлаа хамтдаа ярьж, зөвшилцөн хэрхэн яаж бэрхшээлээс гарах арга замаа олох нь чухал. Өнгөрсөн хугацаанд явж ирсэн буруу бүхнийг өнөөдрөөс засах ёстой. Миний хувьд салбар хариуцсан цагаасаа л боловсролын салбарыг бизнес, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх газар гэж боддог нөхөдтэй тэмцэхэд зориулж байна. Барилга, засварын тендер авчихаад ажлаа эхлүүлэхгүй, цаг хугацаанд нь ашиглалтад өгөхгүй байгаа компанитай тэмцэнэ. Үүний цаана ирээдүйн боловсон хүчин бэлтгэх ажил цалгардаж байна. Магадгүй компаниудтай тэмцсэнээр би хар хэрээ мэт харагдах нь гарцаагүй. Гэхдээ эх орны ирээдүй болсон хүүхэд, залуусыг чадварлаг боловсон хүчин, бүтээн байгуулагч болгох ажилд тээг, садаа бологчидтой, салбарыг бизнес хэмээн боддог тэр хэсэгтэй хэзээ ч гар барьж чадахгүй. Боловсролын салбар бизнес, мөнгө олох талбар биш гэдгийг хатуу анхааруулах байна. Та бүхэн ч гэсэн үүнтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Үүнээс гадна Боловсролын багц хууль намрын чуулганаар өргөн баригдахаас өмнө сургууль бүр хэлэлцүүлэг өрнүүлж, хуульд юуг хэрхэн тусгаж, алдаагаа засах боломжтой вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай байна. Учир нь, эрдэмтэн багш, захирлууд та бүхний санал хамгийн чухал шүү” гэж онцоллоо.

Хүрэлцэн ирсэн захирлууд ч тулгамдсан асуудлаа шийдэж, гарц гаргалгааг тус бүрдээ эрэлхийлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэгдсэн юм. Мөн салбарыг бизнесийн нүдээр хардаг, ашиг хонжоо хайгчидтай тууштай тэмцэхээ илэрхийллээ. Ерөнхийдөө Боловсролын салбар нь бизнесийнхний хэтэвчээ түнтийлгэх талбар биш гэдгийг хатуу анхааруулсан нь цаашид хийх томоохон ажлын нэг, ирээдүйг цогцлоох тэр хэсгийн эрх ашгийг хамгаалах хамгийн том зүйл болж байна.

Ийнхүү сургууль бүр ирэх сард багтаан багш, эцэг, эхийн дунд томоохон хэлэлцүүлэг зохион байгуулж, өргөн баригдах хуульд ямар асуудлаа хэрхэн тусгахаа тодорхойлох л үлдэж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Categories
мэдээ нийгэм

Багш нар ажил хаяна гэдгээ дахин мэдэгдлээ

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зөвшилцлийн үр дүнд ирэх сарын 3-наас ажил хаях асуудлыг түр хойшлуулж, асуудлыг ээлж дараатай авч үзэхээр болсон хэмээн мэдээлсэн бол дөнгөж сая Багш нарын үйлдвэрчний байгууллагаас есдүгээр сарын 3-нд хичээл хаялт зарлана хэмээн мэдэгдлээ.

Тэд ярихдаа,”Багш нарын үйлдвэрчний байгууллагаас багш нарт урамшуулал хэлбэрээр 56.3 тэрбум төгрөг олгох, төсөвт тодотгол хийж ирэх сарын 1-нээс цалинг 15 хувиар нэмэх, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цалинг 50 хувиар нэмэх зэрэг шаардлага тавьсныг та бүхэн мэдэж байгаа.

Гэвч дорвитой шийдэлд хүрээгүй учраас бид есдүгээр сарын 3-наас ажил хаялт зарлахаар боллоо. Одоогийн байдлаар Шинжлэх ухааны 16 хүрээлэн 26 цэцэрлэг, 70 орчим сургууль ажил хаялтад нэгдэхээр мэдэгдээд байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Сэргэлэн сумын ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Сэргэлэн сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцов. Мэдээллийг удахгүй дэлгэрэнгүйгээр хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сард цахилгаан хязгаарлах хуваарь

Ирэх есдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцуулж байна. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай. Хэрэв өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно гэж УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замыг шинэчлэн, өргөтгөнө

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэрийг гаргалаа. Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замын эвдрэл гэмтэл ихэсч, зорчих хөдөлгөөн саарснаар түгжрэл байнга үүсч иргэдийг бухимдуулах болсон. Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх төсөл удахгүй эхлэх ч хотын зүгээс энэхүү замыг яаралтай засч сайжруулах шийдвэрийг гаргалаа.

Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км автозамыг засах ажлын хүрээнд Богд уулын арын замын нийлэх уулзварыг мөн өргөтгөх юм. Ингэснээр зорчих урсгал нэмэгдэж, автомашины түгжрэл багасах аж. Мөн засварын ажлын хүрээнд Баянзүрхийн товчоог буулгаж, зам засварын ажил дуустал замын хураамж авахгүйгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм. Ингэснээр автомашины хөдөлгөөний эрчим нэмэгдэх аж. Замыг засварлахдаа автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, зам хаахгүйгээр түр зам хийх замаар шийдвэрлэхийг хотын дарга холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож, ажлыг яаралтай эхлүүлэхийг даалгасан юм.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг богино хугацаанд зохион байгуулахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт үүрэг болгосон.

Өнөөдөр хотын удирдлагууд газар дээр нь очиж, газаар чөлөөлөлт хийгдэх хэсэг, замын трас зэрэгтэй танилцав гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт боомтод үүссэн дараалал багасжээ

Гашуунсухайт боомтод үүссэн дараалал багасаж байгаа гэдгийг “Гашуунсухайт авто зам” ХХК мэдээллээ. Пүрэв гарагийн байдлаар боомт дээр “Шалган 3”-аас хойш нүүрс ачсан автомашины цувааны урт 46 км болсон байна. Үүнээс гадна пүрэв гарагт Гашуунсухайт-Ганцмод боомтоор нийт 1026 автомашин нүүрс тээвэрлэн гарсан нь өмнөх өдрүүдийнхээс нэмэгджээ. Харин нүүрсний тээвэр хийж байгаа компаниудыг төлөөлж “Монгол тээвэр нэгдэл” компани хил дээр үүссэн дараалал зарим тохиолдолд 140 км хүрсэн талаар мэдээлсэн юм. 2018 он гарснаас хойш 4-6 дугаар сард Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар 850-950 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн талаар боомтын захиргаа мэдээлж байна. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн зургаадугаар сард тогтоол гаргаж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн уртын тээврийг эхлүүлсэн юм. Ингэснээр Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт, Тавантолгой-Гашуунсухайт гэсэн маршрутаар нүүрс тээвэрлэж байна. Энэ нь нүүрсний автомашинуудын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн гэж “Монгол тээвэр нэгдэл” ХХК онцоллоо. Мөн хил дээр үүссэн дараалал нь БНХАУ-ын талын нүүрсний татан авалтаас шууд хамаарч байгаа гэдгийг талууд онцолж байна

Categories
мэдээ нийгэм

Г.Наранцэцэг Азийн наадмын аварга боллоо

Индонез улсын нийслэл Жакарта хотноо болох Азийн наадамд самбо бөхийн төрөл шинээр нэмэгдсэн билээ. Төв Азийн таван улс болон Монголчууд сайн барилдах энэ төрөл өчигдөр эхэллээ.

Өчигдөр эмэгтэй 48 кг-д Б.Ойдовчимэд, Г.Наранцэцэг нарын 4 бөх барилдсанаас нэг алт, 2 мөнгөн медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Ойдовчимэд, Г.Наранцэцэг нар барилдсанаас бүх өрсөлдөгчөө ялж хоорондоо аваргын Алтан медалийн төлөө барилдав.

Энэхүү барилдаанд Ганбаатарын Наранцэцэг ялалт байгуулж Азийн наадмын аварга боллоо.