Categories
мэдээ нийгэм

Дэлхийн шатрын олимпиадад оролцох тамирчдад төрийн далбаа гардуулж, амжилт хүслээ

Дэлхийн шатрын 43 дугаар олимпиад энэ сарын 23-нд Гүрж Улсын Батуми хотноо эхлэх гэж байна. Хоёр жилд нэг удаа болдог энэхүү тэмцээнд Дэлхийн шатрын холбооны гишүүн 188 орны шатарчид оролцох ажээ. Манай баг тамирчид олимпиадад оролцох бэлтгэлээ Их тэнгэр цогцолборт хийж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар өнөөдөр баг, тамирчидтай уулзаж амжилт хүслээ. Мөн тэрбээр,

-Манай шатарчид дэлхийд чансаагаараа сайн байгаа. Өнгөтэй, хийморьтой яваа. Монгол Улс шатрын 10 их мастер буюу дэлхийн 10 аваргатай байгаа нь үүний нотолгоо. Тамирчид та бүхэн оюун ухааны олимп гэгддэг Дэлхийн шатрын олимпиаддаа амжилттай оролцож, чансаагаа ахиулж, төрийн далбаагаа мандуулаад ирээрэй гэж ерөөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт бороотой

Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 23-28 градус, говийн бүс нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-17 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 98 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ нийгэм

Чанга, булчинлаг гартай болгох хялбар дасгал

Чанга булчинлаг гар эмэгтэй хүнийг эрүүл өөртөө итгэлтэй харагдахад тусалдаг. Унжсан сул арьс хүнийг хамгийн хөгшин харагдуулдаг зүйлийн нэг юм. Зөвхөн залуу гэлтгүй бүх насны хүмүүс биеэ сайхан авч явах бүрэн боломжтой юм. Залуу сайхан харагдаж өөртөө итгэлтэй хүссэн хувцсаа өмсөж алхаарай бүсгүйчүүдээ

1.

Хэрхэн хийх талаар:
Босоогоороо зогс. Нуруугаа шулуун, өвдөгнөө хагас нугалж гартаа хүндрүүлэгч хэрэглэнэ. Гараа цээжний түвшинд хүртэл дээшлүүлж, буулгана. Уг дасгалыг 30 удаа давтан хийгээрэй.

2.

Хэрхэн хийх талаар:
Энэ дасгалын хувьд та сандал, буйдан эсвэл вандан сандал хэрэглэж болно. Ард байрлах тогтвортой гадаргуу дээр гараа тавьна. 90 градусын өнцгөөр өвдөг дээрээ нугална. Дараа нь сууж босно. Уг дасгалыг 30 удаа давтан хийгээрэй.

3.

Хэрхэн хийх талаар:
Гараа сандал дээр, мөрний хэмжээтэй салган байрлуулна. Хөлийг нь шулуун байлгаж, хэвлийгээ чангал. Бие махбодоо шулуун байлгахыг хичээ. Гар дээр сунайж буй дасгалыг гүйцэтгээрэй. Уг дасгалыг 30 удаа давтан хийгээрэй.

4.

Хэрхэн хийх талаар:
Гараа сунган, алгаараа хананд тулна. Хөлдөө мөрний хэмжээний зайтай байна. Хөлийнхөө хуруун дээр зогс. Ханан дээрээс өөрийгөө түлхээд буцаж ойртуулж дасгалаа хийгээрэй. Уг дасгалыг 30 удаа давтан хийгээрэй.

5.

Хэрхэн хийх талаар:
Шалны дэвсгэр дээр хэвт. Хөлөө ардаа ачин сунай. Уг дасгалыг 30 удаа давтан хийгээрэй.
6.
Хэрхэн хийх талаар:
Нэг хөлийг урд талд, нөгөө нь ард талд байрлуулна. Боксын дасгал юм. Өвдөгнөө бага зэрэг нугална. Нэг гараа сунгаж байхад нөгөө гараа татна. Гар, хөлийн байрлалыг дахин өөрчил. Хэрвээ дасгал хөдөлгөөн хэтэрхий энгийн мэт санагдвал сүүдрийн боксын оролдлого хийхдээ гараараа жижиг туухай барих. Уг дасгалыг 30 удаа давтан хийгээрэй.
Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн Урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй дугуйлангуудад бүртгэнэ

Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй дугуйлангуудад энэ сард сурагчдыг бүртгэх юм. Хүүхдүүдийг уран зураг, уран бичлэг, сүрлэн наамал, сүлжмэл, хувцас дизайн, автомашин, онгоцны загвар зохион бүтээх зэрэг 10 гаруй дугуйланд есдүгээр сарын 3-14-ний өдрүүдэд бүртгэх бөгөөд сонирхсон асуултаа дараах дугаараас тодруулах боломжтой юм байна.

Нэг дугуйланд 60 орчим хүүхэд бүртгэх бөгөөд нэг ээлжиндээ 15-20 хүүхэд хамрагддаг аж. Бүртгүүлэхдээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, нэг хувь цээж зураг шаардагдана.

Categories
мэдээ спорт

Манай баг тамирчид медалийн тоогоор 17-д бичигдэж байна

Индонез улсын Жакарта болон Палембан хотноо зохион байгуулж буй Азийн XYIII спортын наадмын 15 дахь өдрийн 13 цагийн /орон нутгийн цагаар/ байдлаар БНХАУ-ын баг 122 алт, 86 мөнгө, 62 хүрэл, нийт 270 медальтай тэргүүн байр эзэлж байна.

Харин Япон улсын баг тамирчид 70 алт, 50 мөнгө, 73 хүрэл, нийт 193 медальтай удаалж байгаа бол БНСУ 44 алт, 54 мөнгө, 65 хүрэл нийт 163 медальтай гуравдугаар байр эзэлж байна.

Энэхүү наадмыг зохион байгуулагч Индонез улсын баг тамирчид 30 алт, 24 мөнгө, 41 хүрэл, нийт 95 медальтай дөрөвдүгээр байр эзэлж байгаа бол Иран, Тайвань, Узбекстан, Энэтхэг, Казахстан, БНАСАУ –ын баг тамирчид эхний 10-т багтаж байна.

Монгол Улсын баг тамирчдын хувьд 4 алт, 8 мөнгө, 10 хүрэл, нийт 22 медальтай 17 дугаар байрт бичигдэж байна.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар Азийн наадмын аварга боллоо

Жакарта хотын Кемаеоран /Kemayoran/ дүүргийн “Жакарта Интернациональ Экспо”-гийн С танхимд /Hall C/ болж буй боксын тэмцээний аваргын алтан медалийн төлөөх шигшээ тулаан Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-дОУХМ Эрдэнэбатын Цэндбаатар, Узбекстаны тамирчин, 2016 оны дэлхийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт Абдурасулов Шункор-той тоглож3:2-оор хожиж Азийн наадмын алтан медаль хүртлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Хүрэлбаатар: ОУВС-тай цалин, тэтгэврийг цаашид инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ гэдэг дээр тохиролцсон

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Засгийн газар нефтийн онцгой албан татварыг тэглэсэн. Гэсэн ч сүүлийн үед шатахуун импортлогчид үндэслэлгүйгээр хэд хэдэн удаа бензин, дизель түлшний үнээ нэмчихлээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ч гэсэн үндэслэлгүй нэмсэн гэдгийг хэлээд байгаа. Сангийн яаман дээр харин шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор ажлын хэсэг гарч судалж байгаа гэсэн. Ямар шалтгааны улмаас шатахууны үнэ нэмэгдсэн юм бэ?

-Олон улсын түүхий эдийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнийг судалж байна. Цаашдын хандлага ямар байх вэ, ямар хүчин зүйлсийн нөлөөлөл байна вэ гэдгийг судалж байгаа. Сангийн яамны зүгээс ирээдүйд газрын тосны үнэ өсвөл зах зээлийн ямар арга хэргэслээр үнийг тогтворжуулж болох вэ гэдгийг судалж байгаа юм. “Hedge” гэж арга бий. Үнэ гайгүй байхад “hedge” хийчихвэл улс орон даяар үнэ өсөхгүй байдаг тийм арга л даа. Энэ аргыг бид нэлээд сайн судалж үзэж байна. Татварын тухайд Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглэсэн.

-Одоо тэгэхээр татаас өгнө гэж ойлгох уу. Яг яана гэсэн үг юм бэ. Он гараад ОХУ-д нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа учраас манайд ч гэсэн нэмэгдэнэ гээд байгаа?

-Та дөрвөн сарын дараа болох үйл явдлыг асууж байна. Үүнийг бид судалж байгаа. Нефть импортолж байгаа компаниудад татаас олгохгүй. Ам.долларын ханш 2000 төгрөгт хүрсэн байхад 1400 төгрөгөөр бодож нефть импортолдог компанид өгдөг, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хийдэг. Тэр нь эцэстээ валютын нөөцийг шавхаад дууссан буруу бодлого өнгөрсөн жилүүдэд явж ирсэн. Энэ асуудал дахин давтагдахгүй. Харин зах зээл дээр “hedge” хийхээс эхлээд олон арга байдаг.

-“Hedge” гэдэг нь яг ямар арга хэрэгсэл юм бэ?

-Үнийг өнөөгийн байгаа түвшинд тогтворжуулдаг. Түүнээс гарах эрсдлийг дунд нь тодорхой нэг хөрөнгө оруулагч үүрдэг. Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд байнга хэлбэлздэг. Улс төрийн мэдрэмж шаардсан зүйл гэж ойлгож болно. Бидэнд буучихвал яах вэ гэдэг ганц л эрсдэл бий. Энэ цаг үед цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж, бензиний хэрэглээ буурах хандлагатай болчихсон. Тиймээс нефтийн бүтээгдэхүүний үнэ тогтворгүй байгаад байна. Өнөөдөр нефтийн бүтээгдэхүүний ханшийн савлагаа зах зээл биш, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж байгаа л даа.

-Улс төрийн нөхцөл байдал гэдэг нь…

-Тодорхой орнуудад тавьсан хориг, хоёр орны хоорондын асуудал, геополитиктой холбоотой байдаг ч юмуу иймэрхүү зүйлс нөлөөлөхөөс биш ерөнхийдөө бензиний үнэд нөлөөлөх хандлага нь тодорхой болчихсон. Техник, технологийн хандлага нь газрын тосны үнэ буухад нөлөөтэй ч улс гүрнүүдийн хоорондох нөхцөл байдлаас шалтгаалж үнэ өөрчлөгдөөд байгаа.

-Татвар тэглэснээс хойш нэмэгдсэн шатахууны үнэ цаашид буух боломжтой юу?

-Энэ бүгдийг судалж байна. Газрын тосны компаниудын зардлын бүтцийг асуудал хариуцсан яам нь судалж байгаа байлгүй. Манайх санхүүгийн арга системийг нь судалж байгаа юм.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгдүгээр сарын нэгнээс нэмнэ гэчихлээ. Төрийн албан хаагч тэр дундаа багш, эмч нарын цалин есдүгээр сард нэмэгдэнэ гээд Засгийн газар мэдээлэл хийсний дараа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихлээ. Инфляцид хэр нөлөөлөх бол. Сургаар нь үнэ нэмдэг хандлага байна, манайд. Дараа нь албан ёсоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цалин нэмэгдэхээр дахин нэмэгдэнэ шүү дээ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цалинг нэмээгүй байгаа шүү дээ. Цалин есдүгээр сарын нэгнээс нэмэгдээд явна. Үнэ нэмэгдэж байгаа асуудлыг нарийн судлах ёстой. Монголбанкныхан тооцоогоо хийгээд оны төгсгөлд долоо руу бууна гээд хэвлэлийнхэнд мэдээлсэн байна лээ. Мэргэжлийн байгууллагын мэдэгдэлд би итгэж байгаа.

-ОУВС хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон цалин нэмэхийг дэмжих үү. Тэдэнтэй тохиролцоонд хүрсэн гэж ойлгох уу?

-Сая ирсэн ОУВС-гийн ажлын хэсгийнхэнтэй бид ярилцаад цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ гэдэг дээр тохиролцсон. 2012-2013 онд цалин, тэтгэвэр нэмээгүй. 2014 онд нэг удаа нэмчихээд түүнээс хойш нэмэлгүй явсаар 2018 онд урамшуулал олгосон байх жишээтэй. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр цалин, тэтгэвэр нэмэхгүй гээд орхичихоод байхад нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байдаг байхгүй юу. Үүнтэй нь зэрэгцээд хэсэг бүлэг хүмүүс гарч ирээд улс төр хийдэг. Тиймээс тэднийг улс төр хийх нөхцөлгүй болгохын тулд инфляцийн түвшинтэй уялдуулаад цалин, тэтгэврийг нэмээд байвал энэ асуудал үүсэхгүй. Өөрөөр хэлбэл ханшийн уналт явагдаж байхад цалин, тэтгэврийг хатуу барьчихаар цаана нь асуудал хуримтлагддаг тул цаашид инфляцийн түвшинтэй уялдуулаад нэмж байя гэдэг дээр бид харилцан ойлголцсон.

Төр өөрөө инфляцийн түвшинтэй уялдуулж төрийн албан хаагчид гэлтгүй цалин авч байгаа хүмүүсийн цалин, орлого, амьжиргаанд нь нөлөөлдөг үнийн өсөлтийг сайтар ажиглаж үүнтэй уялдуулаад инфляцийн түвшингээс хэтрүүлэхгүй нэмэгдүүлээд явах нь зөв.

-Ирэх онд цалин, тэтгэвэр нэмэх үү?

-ОУВС-тай ярилцаад инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмнэ гээд тохиролцоонд хүрсэн талаар дээр хэлсэн. Цаашид инфляцийн түвшинтэй уялдуулан цалин тэтгэвэр нэмэгдээд явах учиртай.

-Цалин, тэтгэвэр нэмнэ гэхээр чихэнд наалдацтай сайхан л сонсогдож байна. Гэхдээ манай эдийн засгийн нөхцөл байдал энэ ачааг даах уу. Ард түмэнд таалагдах гэж байна гээд гаднаас зээл авчих юм биш биз л гэж хардаад байгаа юм?

-Зөв л дөө. Зээл авалгүй бид цалин, тэтгэврээ нэмэгдүүлэх учиртай. Зарим хүн нүүрс, зэсийн үнэ өндөр байгаа учраас одоо ийм болсон мэт ярьдаг. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эдийн засаг мэдэхгүй хүмүүс л ийм зүйл ярьж байгаа. Өнгөрсөн хугацаанд хамгийн гол нь Засгийн газар мөнгөтэй хэрнээ арилжааны банкуудад байршуулчихаад өндөр хүүтэй авч байсан шүү дээ. Тэгэхээр арилжааны банкууд Засгийн газарт өөрийн болон Засгийн газрын өөрийнх нь мөнгийг өгчихнө. Эргүүлээд тэд хүү аваад сууж байдаг байсан. Үүнийг зогсоочихсон. Тэгэхээр өөрт байгаа мөнгөөрөө иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгохоос өөр аргагүй болчихож байгаа юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд зээл авна гэдэг нь эргээд эдийн засгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт руу явна аа л гэсэн үг. Ингэж иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж байна. Эдийн засгийн өсөлт одоо 6.3 хувьтай байгаа. Оны эцэст найм орчим хувийн өсөлт гарах байх.

Нэг аюул бий. Эдийн засаг идэвхжээд эхлэхээр халалт явагддаг. Эдийн засгийн өсөлт өндөр гарчихаар үл хөдлөх хөрөнгийн үнэ хэд дахин нэмэгдсэн гашуун туршлага байгаа шүү дээ. Засгийн газрын зүгээс эдийн засгийн халалтыг буулгах, эдийн засагт халалт үүсэхгүй байх тал дээр анхаарах учиртай. Эдийн засаг өсөлттэй хэрнээ үнийн өсөлт тэнд явагдахгүй байх тал дээр Засгийн газар анхаарах шаардлагатай. Үүнийгээ бид давхар бодож байгаа.

-Хүүхдийн мөнгө асуудалтай байна. Нийт хүүхдийн 80 хувьд нь олгоно гэсэн. Гэтэл үлдсэн 20 хувьд нь ажилгүй хүмүүсийн хүүхдүүд хүртэл байна гэх юм. Нэг айлын хоёр хүүхдийн нэг нь хүүхдийн мөнгө аваад нөгөөх нь авахгүй байна гээд байгаа. Засгийн газар дээр ярьсан уу?

-Хүүхдийн мөнгийг нэг талд нь гаргаад цэгцлээд явах УИХ-ын тогтоол шийдвэр гарчихсан. Хүүхдийн мөнгө авъя гэсэн хүсэлт гаргаж буй хүн бүрт хүүхдийн мөнгө олгоё гэсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас судалгаа хийгээд явж байгаа.

-Өнгөрөгч долдугаар сард Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор Арбитрийн шүүхийн шийдвэр манай талд хохиролтой гарсан талаар гишүүд ярьж байна. Засгийн газар үүнийг судалж байгаа юу?

-Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал яригдаад Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсэгт нь миний бие багтсан. Өнөөдөр (өчигдөр) анхны хуралдаа орчихоод байж байна.

-Арбитрийн шийдвэр яг юу гэж гарсан юм бэ. Үнэхээр тийм хохиролтой шийдвэр гарчихсан юм уу. 100 сая ам.долларыг Монголын Засгийн газар төлөх юм уу?

-Тэрийг нь мэдэхгүй. Өнөөдөр (өчигдөр) ажлын хэсэг хуралдаад Эрдэнэт үйлдвэрээс тэр материалыг нь өгөх хүсэлт тавиад явж байна. Эхний ээлжинд ирсэн материалыг нь судалж үзээд энэ асуултад чинь дараа хариулт өгье.

-Эрдэнэтийн энэ асуудлаар давж заалдах боломж байгаа юу?

-Эхлээд материалтай танилцаадахъя. Тааж ярих утгагүй.

-Засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгчтэй холбон яригддаг “Майдар” төслийг хэрэгжүүлэхийг дэмжлээ. Ерөнхий сайд Ерөнхийлөгчид өрөө төллөө гэдэг зүйл яриад байна. Та харин өөрийн цахим хуудаснаа өөр зүйл бичсэн байсан?

-Тийм шүүмжлэлүүд байна лээ. Засгийн газрын хуралдаан дээр “Майдар” төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн тал дээр баталгаа гаргасан, Засгийн газрын баталгаа гаргаж өгөх тухай, Засгийн газар зээл авах тухай ямар нэгэн асуудал яригдаагүй. Яригдах ч учиргүй. Учир нь “Майдар” төслийг хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлнэ. Тэд өөрсдөө хөрөнгөө гаргаад хэрэгжүүлэх учиртай.

Харин Засгийн газрын хуралдаанд Х.Баделхан сайд нэг асуудал оруулсан. Газрын тухай хуулиар үндэсний хэмжээний бүтээн байгуулалтад зориулагдсан газрыг Засгийн газрын тусгай хэрэгцээнд авна гэдэг заалт байдаг. “Майдар” төсөл үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын төсөл юм гэдэг Ерөнхийлөгчийн зарлиг бий. Тэр дагуу Засгийн газар Газрын тухай хуульд нийцүүлэн шийдвэрээ гаргасан. Манайхан шинэ нисэх буудал баригдана гээд яригдаад эхлэнгүүт тэр хавьд нь газрыг замбараагүй олгочихдог. Иймэрхүү асуудлуудыг цэгцлээд явах учиртай.

-Нэг хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Өнөө л цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ хангамжийн талаарх гомдол саналууд байсаар байна. Ерөнхий сайд нэг ч хүүхэд гэртээ цоожлогдохгүй, нэг ч сургууль гурван ээлжээр хичээллэхгүй гээд 127 цэцэрлэг, 93 сургуулийг Засгийн газар энэ онд барина гэж ам бардам мэдэгдсэн. Начир дээрээ 3-4 сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орж байна. Засгийн газрын ам, ажил хоёрын зөрүү их байгаа юм биш үү?

-Бид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Манайд барилга барьдаг хугацаа богино. Ямар нэгэн хөрөнгө оруулалт зайлшгүй хоёр жилийн хугацаанд хийгддэг. Цэцэрлэг, сургуулийн барилгыг хоёр жилийн хугацаанд барьдаг. Таны асуусан энэ бүх ажлыг 2018 онд эхлүүлсэн. 2019 оны есдүгээр сарын нэгэн гэхэд хийгдээд дууссан байх учиртай. Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд БСШУС-ын яаманд маш тодорхой үүрэг өгсөн.

-Сүүлийн үед Засгийн газрын гишүүдтэй холбоотой АТГ-ын мэдээлэл, янз бүрийн дайралтууд гарч байна. Нэг кабинетийн гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа бол?

-Би ч гэсэн байнга дайруулж байдаг хүн л дээ. Ийм л замаар явах учиртай юм байлгүй. Янз бүрийн зүйл гарч ирсэн бол шалгадаг газар нь шалгаад явах учиртай. Энэ бүхнээс гадуур амьдаръя гэвэл эрдмийн ажил хийгээд явж болно. Хүнд янз бүрийн сонголт бий. Нэгэнт улс төрд орж ирээд явж байгаа бол сайн, муугаар хэлэгдээд явж таарна. Түүн дээрээ тайлбараа зөв өгөөд явах учиртай. Дуудсан өдөр нь очиж олон юм гоншигоноод байлгүй тайлбар мэдүүлгээ өгөөд яв л даа. Энд тэнд очиж худлаа сенсацилж мэдээлэл хийх шаардлагагүй.


Categories
мэдээ цаг-үе

Монголын бүтээгдэхүүнүүд Японы зах зээлд сав баглаагаараа гологддог гэв

Япон, Монголын хооронд байгуулагдсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу дотоодоос 9300 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох боломж нээгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Японы зах зээлд бага татвартайгаар бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бидний өмнө нээгдсэн ч үүнийг ашигласан компани одоогоор бараг алга. Нэгэнт нээгдчихээд байгаа боломжийг ашиглаж, бараа бүтээгдэхүүнээ Япон улсад экспортлох зорилготой аж ахуйн нэгж, байгууллагуудад өчигдөр мэдээлэл өгөв. Мэдээлэл өгсөн байгууллага нь Экспорт олон улсын худалдааны төв болон Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийнхөн. Тэдний зохион байгуулсан “Япон улсын зах зээлд амжилттай нэвтрэх нь” сургалтад бизнесийнхэн идэвхтэй оролцов.

Экспорт олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Д.Оюунбилэг “9300 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Японы зах зээл рүү тарифын хөнгөлөлттэйгөөр нэвтрүүлэх боломжтой. Энэ хэлэлцээр батлагдаад хоёр жилийн хугацаа өнгөрч байгаа ч аж ахуйн нэгжүүд хангалттай үр шимийг нь хүртэж чадалгүй өнөөг хүрлээ.

Энэ зах зээл рүү манай орны бүх бүтээгдэхүүн гарах боломжтой. Бидэнд түүхий эд, нөөц баялаг хангалттай байна. Харин Японд үйлдвэрлэлийн техник, технологи, шилдэг хүний нөөц бий. Хоёр орны бизнес эрхлэгчид хамтран нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн Монголдоо үйлдвэрлэж чадах юм бол Японы зах зээл рүү гарах бүрэн боломжтой. Одоогоор бид ихэвчлэн түүхий эд экспортолж байна. Үүний оронд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эх орондоо баялаг хүртээхийн тулд япончуудтай хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Япон хүмүүсийн хувьд цаг хугацаа, итгэлцэл маш чухал. Энэ тал дээр манайхан алдаад байдаг. Тэд бидэн шиг аливаад сэтгэлийн хөөрлөөр ханддаггүй. Үнэхээр хамтарч ажиллах боломжтой юу гэдгээ хамгийн доод тал нь гурван жилийн хугацаанд ул суурьтай судалдаг. Дараа нь цаашид урт хугацаанд хамтран ажиллах түншлэлийн гэрээгээ байгуулдаг. Ганцхан бид л ашиг олох гээд байгаа юм биш. Нөгөө талын хүмүүс ч ашигтай байх хэрэгтэй” хэмээн ярьсан юм.

Зах зээл, хэрэглэгчийнхээ онцлогийг судлаагүй, хэнд юуг үйлдвэрлэж, зарах гэж байгаагаа тооцоолоогүйгээр үйлдвэрлэл явуулдаг. Жишээ нь, Монголд хэрэглэдэг зузаан ноолууран цамц Японы уур амьсгалд арай халууддаг байна. Япон хүний биеийн хэмжээ манайхаас жижиг байдаг гэдгийг мэддэггүй нь бас алдаа болдог аж. Түүнээс манай түүхий эд харьцангуй чанартай, хольц багатай гэдгээрээ давуу талтайг хэмээн семинарын үеэр онцолж байлаа.

Экспорт олон улсын худалдааны төвийн Япон улс дахь суурин төлөөлөгч П.Цэрэнпунцаг энэхүү сургалтыг удирдан явуулсан юм. Тэрбээр “Гадны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлэхэд экспорт хийх орныхоо компанитай бүх талын хамтран ажиллах гэрээ байгуулах, тухайн улсад өөрсдийн компаний төлөөлөгчийн газрыг байгуулах, тухайн улсад тогтвортой үйл ажиллагаа явуулах мэргэжлийн компанид даатгах гэсэн аргуудын аль нэгийг хэрэглэхэд болно. Одоогоор манайхаас Японд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй компани байхгүй, эдийн засгийн боломж нөхцөл ч бага байгаа. Тиймээс түнштэйгээ гэрээ байгуулахдаа амжилттай борлуулалт хийхэд анхаарах шаардлагатай” хэмээн бизнес эрхлэгчдэд зөвлөсөн юм.

Аль ч улсад бизнес түншийнхээ талаар сайтар мэдэж байж гэрээ байгуулдаг. Ингэхдээ харилцагч түншийнхээ талаар “Гурван-С” судалгааг заавал хийдэг юм. “Capacity” харилцагчийнхаа чадамж, туршлагыг судлах хэрэгтэй. Мөн “character” буюу зан төлөв тухайн компанийн алсын хараа, зорилгыг судлах нь чухал. Үүнээс гадна “capi­tal” ба хөрөнгийн чадавх, нөөцийг талаар судалгаанууд багтах ёстой. Япон улс дотооддоо үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагууддаа өөрсдийн мэдээллээ вэб сайтдаа байршуулж, ил тодоор мэдээлэх шаардлага тавьдаг учир бидэнд дээрх гурван судалгааг хийхэд төдийлөн хүндрэл үүсэхгүй. Тухайн компанийнхаа вэб хуудсанд зочилоод бүх мэдээлэлтэй нь танилцах боломжтой. Харин Японы талаас манай компаниудыг судлахад хүндрэлтэй байдаг учраас ямар нэгэн судалгааны байгууллагад ханддаг тал бий” гэж ярив.

Япончууд гадаад үзэмж, сав баглаанд дээд зэргээр анхаардаг аж. Үхрийн тэжээл экспортоллоо гэхэд ямар шуудайнд хийх вэ гэдгээс эхлээд анхаарах хэрэгтэй гэж П.Цэрэнпунцаг зөвлөв. Япончууд өдрийн хоол гэхэд л маш гоё цэцэг хуараар чимэглэсэн саванд хийж зардаг сэтгэлгээ, хандлагын онцлогтой. Япон хүн сонсохоос бусад бүх зүйлд онцгой анхаарч, бүх зүйлээс таатай мэдрэмж авахыг хичээдэг онцлогтой гэнэ. Боох, баглах гэдэг нь Японы худалдаа, аж ахуйн хувьд маш том соёл юм байна. Хятадаас онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан аваад сав баглаа, боодол нь муухай байна гэсэн шалтгаанаар буцааж байсан олон тохиолдол гарчээ. Амазон, Алибаба зэрэг онлайн худалдааны салбарууд Япон руу бүтээгдэхүүн гаргахдаа хэрэглэгчдээс сав баглаа нь таалагдсан эсэх талаар байнга судалгаа авдаг аж. “Монгол компаниудын хувьд сав баглаагаа сайжруулахад нэлээд өртөг гарч магадгүй. Гэхдээ үнэхээр Японд бараагаа зарах хүсэлтэй бол бүтээгдэхүүнийхээ гадаад үзэмжинд онцгой анхаарахаас өөр аргагүй. Дээрээс нь зах зээлийн өрсөлдөөн маш өндөр байна. Хятад, Америк, Австрали, Тайланд зэрэг техник, технологи өндөр хөгжсөн орнууд Япон руу экспорт хийдэг. Тэгвэл бид эднээс юугаараа давуу талтай вэ гэдгээ судалж мэдэх хэрэгтэй. Мөн япончууд хямд үнээр сайн чанарын бүтээгдэхүүн аваад хэвшчихсэн муу талтай. 100 иений үнэтэй халуун сав, иж бүрэн сав суулга, 20 литрийн багтаамжтай будааны сав гээд олон бараа зарагддаг. Энэ 100 иен нь монголоор 2200 төгрөг. Гэхдээ нэг хэрэглээд хэвшчихсэн бол тэрийгээ больдоггүй” гэж П.Цэрэнпунцаг ярив.

Энэ үеэр Экспортыг дэмжих төслийн Бизнес хөгжлийн шинжээч О.Батхишиг төлсийнхөө талаар танилцуулахдаа “Экспортыг дэмжих төсөл хэрэгжээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 100 гаруй аж ахуйн нэгжээс санхүүгийн дэмжлэг авах хүсэлт хүлээн авсан. Үүнээс тал хувьд нь санхүүгийн дэмжлэг үзүүлээд байна. Сүүлийн хоёр жилд уул уурхайн салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулсан экспорт хийх сонирхолтой ямар ч компани манайхаас санхүүжилт авах бүрэн боломжтой. Төслөөс тавьсан шалгуурыг бүрэн давсан тохиолдолд хамгийн дээд тал нь 100 мянган ам.доллар хүртэлх санхүүгийн буцалтгүй тусламж олгож байна. Цаашид дөрвөн жилийн хугацаанд энэхүү төсөл маань үргэжилнэ” гэлээ.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

2033 онд Ангарагийн хүн амыг 20 байхаар тооцоолжээ

Хүмүүс Ангараг дээр ийм гэр шиг сууцанд амьдарна

Ангараг гаригийн хувьд хүн амьдарч байсан ул мөртэй төстэй зүйлс дуранд буудаг ч албан ёсоор тэнд амьдрал байгааг нотлоогүй. Уг гаригийн агаар мандал сийрэг, хуурай учир хамгийн их судлагдсан хөрст гариг. Огторгуйн дурангаар харахад Ангарагийн гадарга дээр суваг, шуудуу мэт зүйлүүд харагддаг бөгөөд тэдгээр нь хоорондоо ойр орших өрх цар, уул нуруу, хэзээ нэг цагт байсан голын сайр, ан цав хагархай гэж үздэг. Эрдэмтэд олон жилийн өмнөөс Ангараг дээр амьдрал бий, ус байсны мөр нь үлдсэн, мөс бий гэж үзсээр ирсэн. Ангараг гаригийн гадаргыг судалсан сансрын хоёр аппарат тэнд зөвхөн ус байгаа үед л үүсдэг минералуудыг илрүүлсэн эрдэмтдийн таамаглалыг нотолсон. Дөрвөн тэрбум жилийн өмнө Ангарагийн өмнөд хэсэгт нь цаг уур зөөлөн, дулаан байж. Ангарагаас ирсэн “ALH 84001” нэртэй солирыг судалсны эцэст тэнд чулуужсан бактер байгааг олж тогтоосон. Энэ бүхнээс улбаалж Ангараг (монголчууд Улаан нүдэн гариг хэмээдэг.) буюу Марс дээр амьдрал байгаа гэдэгт итгэж, Ангараг руу аялах, нисэх, тэнд суурьших оролдлого, төлөвлөгөөнүүд хүчтэй цухалзаж, эцэст нь “Mars One” төсөл хэрэгжихээр болоод байгаа билээ. Уг төсөлд хамрагдаж Ангараг гариг руу нисэх хүсэлтэй олон сая хүн байдгаас 200 гаруй мянган хүнийг бүртгэж эхний ээлжинд захиалга өгсөн 1058 хүний нэрсийг зарласан нь тухайн үедээ шуугиан дэгдээж байсан. Уг жагсаалтад монгол хүний нэр байгаа тухай мэдээлэл ч чих дэлсээд авсан. Гэвч одоогоор эхний ээлжийн 1058 хүн дотор монгол хүн багтаагүй бололтой. Гэхдээ дараагийн ээлжинд багтсан байх магадлалтай юм. Эхний ээлжинд Ангараг руу нисэх 1058 хүний 586 нь эрэгтэй, 472 нь эмэгтэй бөгөөд эдгээр хүмүүсийн 33 хувь нь бакалавр, 15 хувь нь магистр, найман хувь нь доктор, гурван хувь нь анагаах ухааны доктор, нэг хувь нь хууль зүйн докторын зэрэгтэй хүмүүс юм байна. Дэлхийн 120 улсын иргэд хүсэлтээ өгснөөс дийлэнх нь АНУ-ын иргэд байгаа аж.

“Mars One” нь Ангарагийн анхны оршин суугчдыг суурьшуулах зорилготой багахан хэмжээний төсөл байсан ч хэдхэн жилийн дотор хүчээ авч хүн төрөлхтнийг хамарсан төсөл болоод байна. Эхний ээлжийн 1058 хүнийг 50, 50-иар нь ярилцлагад оруулж, бие болоод сэтгэл зүйн олон удаагийн шалгалтаар сорьж хоёр жилийн давтамжтайгаар дөрөв дөрвөөр нь нэг баг болгон Марс руу илгээнэ. 2022 он гэхэд хүн амьдрахад шаардлагатай ус, хүчилтөрөгч зэрэг шаардлагатай бүхнийг бэлдсэн байх юм байна. Ингээд тэр жилийнхээ есдүгээр сарын 14-нд хамгийн анхны дөрвөн оршин суугч Ангараг руу нисэх бөгөөд энэ үйл явцыг дэлхий нийтээр 24 цагийн турш интернэтээр шууд дамжуулах гэнэ. Жилийн дараа анхны оршин суугчид нь Ангараг дээр хөл тавьж амьдрах сууцаа байрлуулсныхаа дараа шинэ гаригаа судалцгаах аж. 2025 онд дараагийн дөрвөн хүн Ангараг дээр бууна. Хоёр жилийн давтамжтайгаар дөрвөн хүнтэй баг газардсаар 2033 он гэхэд Ангарагийн хүн ам 20 байхаар нарийн тооцоо гаргажээ.

Саран дээр хөл тавьсан, сансрын нисэгч Базз Олдрин Ангарагийг эзлэх төлөвлөгөөг хамгийн ихээр дэмждэг алдартан. Тэрээр өнгөрсөн жилийн зургадугаар сард Монголд ирэхдээ “Тавин жилийн дараа Ангараг гариг дээр ямар ч байсан 50 тооны нөхөр алба хаагаад байж байх болов уу. Тэнд хүн төрөлхтөн насан туршдаа амьдарна гэж очихгүй байх. Гэхдээ дэлхийн лидер улсууд ямар ч байсан саран дээр байнгын хөвөгч хиймэл дагуулуудтай болчих байх гэж бодож байна. Сар бол амьдраад байх газар биш. Гаригуудын орбит дээр байгаа хиймэл дагуулууд тухайн гаригийнхаа эргэлтээс энерги авч байдаг. Тэрний дагуу сарыг хурдан тойроод сарны энергийг өөртөө шингээгээд сарны орбитоос эргэж байсан хурдаараа салаад цаашаагаа Ангараг руу нисэхийг гравитациар чавхдуулах гэж нэрлээд байгаа. Ийм нэг онол байгаад байна. Нарны хэт ягаан туяанаас хамгаалах боломжтой. Гэхдээ Ангараг дээр өөр ямар төрлийн радиациуд байгааг бид мэдэхгүй. Ангараг дээр байдаг нимгэн атмосфер нь бас хамгаалах байлгүй. 200 жилийн өмнө бидний элэнц, хуланц өвөг дээдсийн маань дундаж наслалт нь бидний одоогийн үеэс доогуур байсан. Ангараг руу явбал тэр хавьцаа л наслах байх даа” гэж ярьж байсныг сансар судлалыг сонирхогчид санаж байгаа байх.

Яг үнэндээ Ангараг гариг руу аялах нь өөрийнхөө насыг богиносгож, сайн дураар эрт үхэхийг хүсч байгаа гэдгийг зарим ажиглагчид хэлдэг. Ангараг руу нэг жилийн хугацаанд аялахад сансрын нисэгч асар их хэмжээний цацраг туяанд өртөнө. Тэнд газардсанаас хойноо температурын асар их зөрүүнд дасах шаардлага тулгарна. Өдөртөө 20 хэм дулаан бол өвлийн шөнө нь хасах 125 хэм хүрч хүйтэрнэ. Энэ бүхэнд тусгай технологийн хувцас, хамгаалалтын тоноглол л тусална уу гэхээс өөрийн биеийн халуунаар асуудлыг зохицуулна гэж байхгүй. Өдөр нь хүний биеэс ялгарсан дулааныг шингээж хадгалаад шөнө нь эргэж биеийг нь дулаацуулдаг технологийг хэдийнэ зохион бүтээчихээд байгаа юм. Дараагийн нэг чухал асуудал бол Ангарагийн оршин суугчдын хоол хүнс. Эндээс мал мах аваачих нь зардал их учир тэнд очсон хүмүүс хүлэмж байгуулж ногоо ургуулах нь хамгийн зөв шийдэл гэгдээд байгаа ч хөрс нь шим тэжээлгүй учир суулгац нь 12-18 өдрийн дотор үхэх аюултай гэнэ. Тиймээс эрдэмтэд Канадын хойд хэсэгт Ангараг гаригийн уур амьсгалыг дуурайлган тусгай орчинд туршилт явуулж Марс дээр улаан лооль, лууван зэргийг ургуулж болох боломжтойг тогтоожээ. Гэхдээ ногоо тарьснаар хүчилтөрөгч дутагдаж, гал гарах эрсдэл нэмэгдэх учир үүнээс сэргийлсэн аргуудыг мөн туршиж байгаа юм байна.


Categories
мэдээ нийгэм

21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоно

Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

“Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг газруудад хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж, 21 наснаас доош хүн согтууруулах ундаа худалдан борлуулсан, түүгээр үйлчилсэн газруудад хуулийн дагуу хариуцлага тооцож албан мэдэгдэл шаардлага өгч, тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хүргүүлж шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллана.