Categories
мэдээ спорт

Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан тоглолтууд Монголд болж байна

2019 онд БНСУ-д зохиогдох Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна. Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд өнөөдөр эхлэх тоглолтууд энэ сарын 07-ныг дуустал үргэлжилнэ. Тэмцээнд Макао, Гуам, Умард Марианы арлуудын шигшээ багууд зочин багаар оролцож байна. Урьдчилсан тоглолтын хуваарийг танилцуулбал,

Эрэгтэй шигшээ баг

09 дүгээр сарын 02-нд 17:00 цагаас Монгол – Макао

09 дүгээр сарын 04-нд 17:00 цагаас Монгол – Умард Марианы арлууд

09 дүгээр сарын 06-нд 17:00 цагаас Монгол – Гуам

Эмэгтэй шигшээ баг

09 дүгээр сарын 03-нд 17:00 цагаас Монгол – Умард Марианы арлууд

09 дүгээр сарын 05-нд 17:00 цагаас Монгол – Гуам

09 дүгээр сарын 07-нд 17:00 цагаас Монгол – Макао гэсэн хуваарийн дагуу тоглолтууд болно.

Хэсэг тэргүүлсэн цорын ганц баг хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болох бөгөөд хоёрдугаар шатны тэмцээн ирэх арваннэгдүгээр сард Тайваньд зохион байгуулагдах юм байна. Энэ шатанд Тайвань, Хонгконг, БНАСАУ-ын багууд тоглоно. манай Үндэсний шигшээ багийн хувьд аравдугаар сард ОУХБХ-ны өдрүүдээр хоёр нөхөрсөг тоглолт хийх хуваарь батлагджээ. “Талын хөх чононууд” аравдугаар сарын 12-ны өдөр Сингапуртай, 16-нд Лаостай тус тус зочилж тоглоно. Тэгвэл он гараад ирэх оны хоёрдугаар сард МХБХ, Катарын Хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Катарт очиж бэлтгэл сургуулилт хийх юм байна.

Одоогоор үндэсний шигшээ багт нийт 28 эрэгтэй тоглогч, эмэгтэй 30 тоглогч дуудагдаад байгаа бөгөөд Зүүн Азийн тэмцээний дүрмээр эдгээрээс эрэгтэй, эмэгтэй тус бүр 18 тоглогч эхний шатны тоглолтуудын мэдүүлэгт багтана.

Энэ есдүгээр сард Монголын эмэгтэйчүүдийн шигшээ Зүүн Азийн АШТ-ээс гадна, 16 хүртэлх насны шигшээ Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд хүч үзэх бол 11-р сард 19 хүртэлх насны охидын шигшээ Ливан улсад мөн Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд оролцоно. Тэгвэл 2017 оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин Г.Цолмон болон түүний багийн нөхөд болох С.Удвал, Э.Энхмаргад нар дээрх гурван насны шигшээ багийн өмнөөс Азийн гурван тэмцээнд оролцохоор дуудагдаад байгаа ажээ.

Categories
гадаад мэдээ

“Бүс ба Зам” санаачилгаас монголчууд бодит ашиг хүртэнэ гэв

Хятад улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сарын 23-25-ны өдөр албан ёсны айлчлал хийсэн билээ.
Энэхүү айлчлалтай холбогдуулан Хятадын ГХЯ-ны Хэвлэлийн хурлын үеэр нэгэн сэтгүүлчийн асуусан “Ван И сайд Монгол улсад айлчлах үеэр тус улсын Төр засгийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Эдгээр уулзалтын үеэр Монгол улсын Төр засгийн удирдлагууд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжиж буй төслүүд дээр хамтран ажиллах тал дээр хүчин чармайлт гаргах болно хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Үүнтэй холбоотой мэдээллийг өрнө үү? гэсэн асуултад Хятадын ГХЯ-ны албан ёсны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан хариулахдаа “Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад Харилцааны сайд Ван И Монгол улсад албан ёсны айлчлал хийх үеэр Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргад бараалхаж, ГХ-ны сайдтай албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн Монгол улсын Ерөнхий сайдад бараалхаж, Монгол улсын баруун таван аймгийн холбогдох удирдлагуудтай уулзалт хийсэн”.
Дээрх уулзалтуудад Монголын талын удирдлагуудын зүгээс Монгол улсын “Хөгжлийн зам” санаачилгыг Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулах ажлыг ахиулах сонирхолтой байгаагаа удаа дараа илэрхийлж байсан. Мөн Хятадын талтай дэд бүтэц, цахилгаан эрчим хүч зэрэг салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, Монгол-Хятад-Орос гурван улсын эдийн засгийн коридорын ажлыг түргэвчлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Ван И сайдын зүгээс Хятад, Монгол улсууд хамтран “Бүс ба Зам” санаачилгыг урагшлуулах нь нэгд, Монгол улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг түргэтгэх, тус улсын хөгжлийн саад тотгорыг арилгах, хоёрт, ард түмний амьдралыг сайжруулахад илүү анхаарал хандуулах боломжийг олгох, Монголын ард түмэн бүгдээрээ “Бүс ба Зам” санаачилгаас бодит ашиг хүртэх, гуравт, байгаль орчныг хамгаалах, Монголын талтай хамтран “Ногоон торгоны зам”-ыг бүтээн байгуулах, дөрөвт, Монгол улсын нөөц баялагийн давуу талыг эргэлтэд оруулах, Монгол улсын хөгжлийг солонгоруулж, тус улсын өөрийн тогтвортой хөгжлийг хангах чадварыг дээшлүүлэх зэрэг ашиг тустай.
Хятад, Монгол улс бол уул усаар холбогдсон найрамдалт хөрш орнууд. Монгол улс “Бүс ба Зам”-ын заяагдмал түнш орон. Монгол улс хамгийн түрүүнд тус санаачилгыг дэмжсэн орнуудын нэг. Бид Хятад, Монгол улс хамтран “Бүс ба Зам” санаачилгыг урагшлуулж, хоёр орны хамтын ажиллагаанд шинэ боломж, шинэ үүд хаалга нээж, хоёр орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж, бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд тус дэм болно хэмээн итгэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн гэр хорооллын 10 га газрыг дахин төлөвлөлтөд хамруулна

Хан-Уул дүүргийн V хорооны иргэдээс авсан судалгаагаар Яармагийн 21 дүгээр гудамжны айл өрхүүд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох 1-9 дүгээр гудамжны айл өрхүүд дахин төлөвлөлтөд хамрагдаж барилгажуулах хүсэлтийг гаргасан байна. Тус судалгаанд 229 айл, өрх хамрагдснаас 184 нэгж талбар буюу 80,3 хувь нь гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах хүсэлтэй байгаа илэрхийлжээ.

Иймд эдгээр иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж, НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн Хан-Уул дүүргийн V хороо, Яармаг орчмын нутаг дэвсгэрт 10.55 га газарт гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Канад улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд төслийн хэрэгжилттэй танилцлаа

Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Залуучуудын хөгжлийн төв Канад санд төсөл бичиж 410 гаруй байгууллагаас шалгарч амжилттай дэмжигдсэн билээ.

Канад сангийн санхүүжилттэй “Сургалт нөлөөллийн ажлаар дамжуулан өсвөр үе, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, хандлага зан үйлийг өөрчлөх нь” төслийн хүрээнд “Өсвөр үе залуучуудад эрүүл мэндийн зөвлөгөө өгөх танхим”-ыг тохижуулж өнгөрсөн лхагва гаригт нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав. Танхимын нээлтийн үеэр Канад улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Спрул гэргийн хамт айлчлан ирж төслийн хэрэгжилттэй танилцаж төслийн эхний шат болох “Бидний оролцоо-Ирээдүйн хөгжилд” сургалтад хамрагдаж эрүүл мэндийн сургагч багшаар бэлтгэгдсэн 35 сурагчдад сертипикат гардуулав. Ноён Спрул танхимын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ төслийг амжилттай хэрэгжүүлж буй Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хамт олонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ сургагч багш нарын цаашдын сургалт нөлөөллийн ажилд нь амжилт хүсэж, төслийн хэрэгжилтэд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсэн билээ. Ийнхүү “Сургалт нөлөөллийн ажлаар дамжуулан өсвөр үе, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, хандлага зан үйлийг өөрчлөх нь” төсөл маш амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд цаашид сургагч багш нараар дамжуулан дүүргийн 2000 сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт нөлөөллийн ажил зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж дүүргийн ГБХЗХХ-ээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчид Ц.Дамдинсүрэнгийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Аймгийн Засаг даргын 2017 оны 05 сарын 02-ны өдрийн А/202 тоот захирамжаар Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн намтар түүх, зохиол бүтээлтэй танилцуулах өдөрлөгийг жил бүрийн 09 сарын 01-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулахаар захирамжилсан. Үүний дагуу 2017 оны 09 сарын 01-ний өдөр Хэрлэн сумын ерөнхий боловсролын 6 дугаар ангийн 28 бүлгийн 800 гаруй сурагч, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ерөнхий боловсролын 1 дүгээр ангийн 1272 сурагч, 6 дугаар сард аймгийн ерөнхий боловсролын 18 сургуулийн 12 дугаар ангийн 1087 сурагч хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн бол өнөөдөр 31 бүлгийн 896 сурагч хүндэтгэл үзүүллээ. Сурагчдад Ц.Дамдинсүрэнгийн намтар уран бүтээлийг суртачлан таниулах 40 минутын хичээл зохион байгуулснаар түүний зохиол бүтээл, эх хэл соёлоороо бахархах үзлийг багаас нь төлөвшүүлэхэд чиглэгдэж, Ц.Дамдинсүрэн “Монгол нутаг” шүлгийг хөшөөний дэргэд бүрэн эхээр нь уншсан нь нутаг орныхоо алдартнуудаар бахархах, тэдний уран бүтээлээс унших, сурахад хувь нэмрээ оруулсан. Ингэснээр сурагчдад эх орон, нутаг усныхаа ирээдүйн сайн сайхны төлөө их зүйлийг хичээнгүйлэн суралцах нь чухал болох сэдэл, тэмүүллийг өгч, нутаг орныхоо уран бүтээлчийн зохиол бүтээл, алдар гавьяагаар бахархах үзэл төлөвшүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн улмаас 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Өмнөговь аймагт долдугаар сард их хэмжээний бороо орж үер ус гамшгийн хэмжээнд хүрсэн. Байгалийн нөхцөл байдлын улмаас аймгийн хэмжээнд 3.5 тэрбум төгрөгийн хохирол учиржээ.

Хохирлыг барагдуулах засвар тохижилтын ажлыг яаралтай хийх нэн шаардлагатай сургууль, цэцэрлэгийн бодит байдалтай аймгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүс биечлэн танилцаж Онцгой комиссын хурлаар хэлэлцсэн байна.

Хурлаар цэцэрлэг болон сургуулийн дотуур байрны засвар, хөрсний бохирдлыг цэвэрлэх зэрэг ажлуудыг хийхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

ЮНЕСКО-ийн холбоот сургуулийн батламжийг гардуулав

Нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургууль ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээнд албан ёсоор нэгдсэнтэй холбогдуулан 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Холбоот сургуулиудын сүлжээний гишүүнчлэлийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа 9 дүгээр сарын 01-ний өдөр болов. Уг арга хэмжээнд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын зөвлөх Энхтуяа, тус комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга тэргүүтэй төлөөлөгчид оролцож батламж гардуулав.“ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээ” төсөл нь 1953 онд эхэлсэн бөгөөд эдүгээ 182 улсын 11,500 гаруй Холбоот сургууль энэхүү сүлжээнд нэгдэж олон улсын харилцан ойлголцол, энх тайван, соёл хоорондын яриа хэлэлцээр, тогтвортой хөгжил болон чанартай боловсролыг хөхиүлэн дэмжих үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү сүлжээ нь ЮНЕСКО-ийн үнэт зүйлс, үндсэн зорилтуудыг сургуулиудын зохион байгуулалт, хичээл, төсөл хөтөлбөрт тусгах замаар “хүүхэд, залуучуудын оюун ухаанд энх тайвны сэдлийг суулгах”-ыг зорьдог билээ.
Монгол Улс уг сүлжээнд 1983 онд нэгдэн орсон бөгөөд түүнээс хойш 24-р сургууль, 31-р сургууль, 45-р сургууль, Монгени цогцолбор, Нийслэлийн ирээдүй цогцолбор 2-р сургууль, Нийслэлийн 2 дугаар сургууль, Улаанбаатар эрдэм оюудээд сургууль, Өвөрхангай аймгийн Хужиртын 1-р сургууль, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 1-р арван жил, Өвөрхангай аймгийн Хархорины 2-р сургууль, Дорнодын Хэрлэн сумын 1 дүгээр сургууль, Увс аймгийн Улаангом хотын 1-р сургууль гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2018 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн 6-р сургууль уг сүлжээнд албан ёсоор нэгдэн орсноор нийт 13 гишүүнтэй болж байна.

Categories
мэдээ нийгэм

Багш нарын ажил хаялтад 70 гаруй сургууль, 26 цэцэрлэг нэгдэнэ гэв

Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялт зарлахаар болсноо мэдэгдлээ. Тэд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлтээр тусгасан асуудлуудын хэрэгжилтийг шаардаж, ийнхүү ажил хаях гэж байгаа аж.

Тус салбарынхан төсөвт тусгагдсан 56.6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 9 дүгээр сард багтаан олгох, улсын төсөвт тодотгол хийх замаар багш, ажилтнуудын үндсэн цалинг энэ сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэх, ажил хаялтын үеийн үүрэг хариуцлагыг ажил олгогчид хүлээж, цалин хөлсийг бүрэн олгохыг шаардаж, энэ сарын 03-наас эхэлж хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар болсон гэжээ.

Ажил хаялтад ерөнхий боловсролын 70 гаруй сургууль, 26 орчим хүүхдийн цэцэрлэг ҮЭ-ийн гишүүд орон даяар нэгдэнэ гэж Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг сэтгүүлчдэд мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэнхэр дуулгатан-албан хаагчдаа үдэж өглөө

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын 8 дугаар ээлжийн багт үүрэг гүйцэтгэх цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” цогцолборт боллоо.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 30 алба хаагч энхийг сахиулах ажиллагааны өмнөх сургалтад хамрагдаж багийнхныхаа хамт ажиллагааны газар орныг зориход бэлэн болжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж алба хаагчдад хандан “Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын Энхийг сахиулах ажиллагаа /UNMISS/-нд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдынхаа халааг авч, Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын 8 дугаар ээлжийн багт орж, цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөл болон явж байгаа та бүхэн бие биедээ тустай, нэг баг хамт олон болж, баг бүрэлдэхүүнийхээ дунд зохион байгуулсан уралдаан тэмцээн, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцож, албаа сайн хаахыг хүсэхийн ялдамд улс, эх орон, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж энхийн манаанд хүч хөдөлмөрөө дайчлан ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн юм.

НХЖХОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, ОНАБХГ-ын дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг нарын албаны хүмүүс оролцлоо.

Цагдаагийн байгууллагаас 2006 оноос хойш Сьерра Леон, Ирак, Чад, Афганистан, 2012 оноос БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны 7 удаагийн ээлжинд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 330 орчим цэнхэр дуулгатан алба хаагч дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оролцож Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэж иржээ.

Categories
мэдээ нийгэм

Орой бүр үлгэр уншиж өгөх нь зөв хүмүүжилтэй болгодог

Аав, ээжүүд та бүхэн хүүхэддээ хэр их үлгэр уншиж өгдөг вэ? Ойлгохгүй насан дээрээ байсан ч ой хүрээгүй байхаас нь эхэлж, орой бүр үлгэр уншиж өгч байх нь эерэг зөв хүмүүжлийг сууриас нь тавьж буй хэрэг юм. Үлгэрийнхээ тухай ярилцаж, санаа оноогоо солилцож, энэ хэрээр оюун ухаан тэлнэ. Энэ мэтчилэн үлгэр сонсч өссөн хүүхдийн хүмүүжил бусад хүүхдийнхээс илүү гэдгийг судлаачид тогтоосон нь ч бий.

Монголчууд эрт дээр үеэс хүүхдээ үлгэрээр дамжуулан эр зоригтой, үнэнч шударга, ажилч хөдөлмөрч болгож хүмүүжүүлэхийг зорьдог. Хүүхдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх нэг арга нь үлгэр гэж үздэг. Ихэнх хүүхдийн мөрөөдөл үлгэрт гардаг ханхүү, гүнж болох хүсэл сонирхлоор эхэлдэг шүү дээ. Үлгэр нь хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлэх хүмүүжил, танин мэдэхүйн олон ач холбогдолтой юм. Тухайлбал:

# Үлгэрээр дамжуулан байгаль нийгмийн үзэгдэл, хүмүүсийн харилцаа, сүсэг бишрэл, төр улс, араатан амьтан, хүний зан чанар, ажил хөдөлмөр, зан заншил, амьдралын дадал гээд аливаа зүйлийн учир зүй, ёс дэгтэй танилцаж болно.

# Хүүхэд үлгэрээр дамжин баатар шиг эр зоригтой, цэцэн бүсгүй шиг үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй болохыг мөрөөдөх нь тэдний хувьд анхны зорилго болох бөгөөд өөрөө өөрийгөө таних алхам нээгдэнэ.

# Үлгэрийг ээж аав, найз нөхөдтэйгээ хамт уншиж, үлгэрт гарч буй үйл явдал, харилцан яриаг ойлгосноор аливааг танин мэдэх, сэтгэх, төсөөлөн бодох чадвар нь хөгждөг.

# Үлгэрт гарах муу сайн зүйлийг ялгаж, өөртөө тусгаж авснаар аливаа үйлдлийн эцэст сайн сайхан болно гэдэгт итгэж өөдрөг үзэлтэй, уужим сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй болно.

# Хүүхэд багаасаа үлгэр сонсох нь анхааралтай, тэвчээртэй болгох ач холбогдолтой төдийгүй ойлгон тогтоох, цээжлэх чадварыг хөгжүүлнэ.

# Мөн үлгэрийн баатартай өөрийгөө харьцуулах, түүнээс үлгэр дуурайл авах нь хүүхдэд төлөвшсөн бодол, цэгцтэй яриаг бий болгох ба өөрийн гэсэн үзлээр бие даан шийдвэр гаргах, бүтээлч хандлагыг нэмэгдүүлнэ.

# Ардчилсан, шударга ёс суртахууныг үлгэрээр дамжуулан төлөвшүүлж болно. Мөн аливааг шүүмжлэх сэтгэлгээ бий болно.

# Амьтны болон аж байдлын үлгэр нь бага насны хүүхдэд, шидэт үлгэр, баатарлаг үлгэр нь дунд ангийн хүүхдэд, хошин үлгэр нь ахлах ангийн сурагчдад тус тус тохиромжтой.