Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсын эдийн засгийн сэргэлт цаашид үргэлжилнэ

Монгол улсын эдийн засаг 2018 оны эхний хагаст өмнөх оны өсөлтийг ахиулж 6.3 хувийн өндөр өсөлттэй гарсан нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт тэлсэн, өрхийн зээл олголт нэмэгдсэнээс хэрэглээ өссөн зэрэгтэй холбоотой.

Жил тутмын Азийн хөгжлийн төлөв 2018 тайлангийхаа шинэчилсэн дугаарт АХБ Монгол улсын эдийн засгийг 2018 онд 6.4 хувь, 2019 онд 6.1 хувиар өснө хэмээн таамаглалаа. 4 дүгээр сарын тайландаа 2018 онд 3.8 хувь, 2019 онд 4.3 хувь байхаар таамаглаж байсан өсөлт ийнхүү нэмэгдэхэд нүүрсний экспортын өсөлт, хүлээлтийг давсан иргэдийн хэрэглээ голлон нөлөөлжээ. Уул уурхайн хөрөнгө оруулалт цаашид үргэлжлэх хэдий ч өсөлт нь саарснаар 2019 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлт яльгүй буурах ажээ.

“Эдийн засгийн гүйцэтгэл 2018 онд хүлээлтийг давлаа” гэж АХБ-ны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлээд “Өрхийн зээл олголт эрс нэмэгдсэнээс иргэдийн бодит хэрэглээ таамгийг давсан. Уул уурхайн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт чухал үүргийг гүйцэтгэсэн хэвээр байгаагийн зэрэгцээ нүүрсний гадаад эрэлт эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг сайжрахад хүчтэй нөлөөлж, төсвийн орлогыг нэмэгдүүлсэн. Эдийн засаг зарим хүчин зүйлсд мэдрэг хэвээр байх тул Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх, ингэснээр эдийн засгийн шаардлагатай дархлааг бүрдүүлэн, тус улсад хэрэгжиж буй макроэдийн засгийн зөв зүйтэй бодлогууд цаашид ч үргэлжлэн хэрэгжих тухай ойлголтыг зах зээлд өгөх нь чухал хэмээн үзэж байна. Уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй байлгах, эдийн засгийг төрөлжүүлж бүтээмжийг өндөрсгөх таатай нөхцлийг бүрдүүлэхэд тус бодлогууд нь нэн чухал үүргийг гүйцэтгэх болно” хэмээн онцлов.

Эдийн засгийн өсөлтийн гол сурвалж болсоор байгаа хөрөнгө оруулалт нь ДНБ-ий 12.6 хувийг бүрдүүлж байгаа бол өрхийн зээл эрс өссөнтэй холбоотойгоор хэрэглээ нь ДНБ-ний 3.9 хувийг бүрдүүлжээ. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа эрчимжиж импорт өссөн нь нийт импортын өсөлт нийт экспортын өсөлтөөс давж цэвэр экспортын ДНБ-д эзлэх хувийн жин 10.3 хувиар буурахад нөлөөлөв. Нийлүүлэлтийн хувьд, уул уурхайн салбарын сэргэлт, үйлдвэрлэлийн тэлэлт ДНБ-ий өсөлтийн хувь хэмжээг 2.1 нэгж хувиар нэмэгдүүлсэн бол үйлчилгээ 3.7 нэгж хувийн өсөлтийг бий болгов. Зарим газар гантай байснаас малын тоо толгой хорогдсон тул хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн жин 0.5 нэгж хувь болон буурсан байна.

Төсвийн зарлагаас үлэмж давсан орлогын нөлөөгөөр оны эхний хагаст нэгдсэн төсвийн тэнцэл ДНБ-ний 2.8 хувьтай тэнцэх ашигтай гарав. Импорт 32.7 хувиар буюу экспортын 15.7 хувийн өсөлтөөс илүү эрчимтэй өссөнөөр урсгал дансны алдагдал оны эхний хагаст ДНБ-ний 10.7 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч нэмэгдэв. Оны эхний 8 сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1.5 хувиар суларсан ч худалдааны жингээр тооцсон болон инфляцын тохиргоо хийсэн дүнгийн аль алинаар нь худалдааны гол түншүүдийн мөнгөн тэмдэгтийн эсрэг чангарсан байна.

Инфляцын түвшин 2018 оны эхний хагасын байдлаар 6.5 хувиар өсөөд байгааг зарим газар тохиосон ган, махны экспортын өсөлт зэргээр тайлбарлахын зэрэгцээ нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт мөн нөлөөлсөн хэмээн үзэж байна. 2016 оны ханшийн уналтын нөлөө суларч буйг, мөн түлшний үнийг тогтвортжуулах зорилгоор Засгийн газар түлшний онцгой татварыг цуцалсны араас нэмэлт арга хэмжээ авч болзошгүй байгааг харгалзан 2018 оны инфляцын таамгийг доошлуулан тодотгов. Хүлээлтийг давсан эдийн засгийн өсөлтийн нөлөөгөөр импорт өсөх, уул уурхайн салбарын аж ахуйн нэгж байгууллагууд ихэнх ашгаа буцаан хөрөнгө оруулах ч нилээдгүйг гадагш шилжүүлэх зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2018 оны урсгал дансны алдагдал нэмэгдэх таамгийг дэвшүүлж байна.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог. 2017 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа нийт 32.2 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлснээс 11.9 тэрбумыг хамтарсан санхүүжилтээр олгожээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Пүрэвбаатарын гомдлыг Дээд шүүх хэлэлцэнэ

Өнөөдөр 14:00 цагаас Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд УБТЗ-ын нэхэмжлэлтэй Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ.

Энэ оны 04-р сарын 11-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал болж, түүний эзэмшиж байгаа 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хуасыг УБТЗ-ын мэдэлд буцаан олгох шийдвэр гарсан юм. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Л.Пүрэвбаатар нь Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байна. Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулж эзэмшиж байгааг “”УБТЗ” ХНН хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд ханджээ.

Categories
гадаад мэдээ

100 жилийн өмнө сүйрсэн хөлгийг олжээ

БНХАУ-ын Ляонин мужийн Жуанхэ хотын ойролцоогоос 100 жилийн өмнө живсэн цэргийн хөлөг онгоцыг олсон талаар “CNN” агентлаг уламжлав.

“Уг хөлөг онгоц 1894-1895 оны хооронд Хятад-Японы дайны үед живсэн” хэмээн БНХАУ-ын Үндэсний соёлын өвийн захиргаа мэдэгдлээ.

Археологичид хоёр сарын өмнө тус хөлгийг илрүүлж, гарал үүслийг нь тогтоохоор өнгөрсөн хугацаанд ажилласан байна.

Хөлгийн их бие усан дор 12 метрийн гүнд байсан ба “Жин”, “Юань” гэх хоёр бичээсийг археологичид олсон аж. “Жинюань” хөлөг дотроос шаазан ваар, аяга, арьсан эдлэл болон зэвсэг зэрэг 500 гаруй эд зүйлсийг олжээ.

Шинжээчид “Энэ бол дэлхийн тэнгисийн цэргийн түүхийг судлахад ихээхэн ач холбогдолтой түүхийн өв юм” гэж мэдэгдлээ.

Германд үйлдвэрлэсэн тус хөлгийг 1880 оны сүүлээр Хятадын усан флотын эзэмшлийнх болжээ. Хөлөг 1894 оны есдүгээр сарын 17-нд Японы дайралтад өртөж, сүйрсэн түүхтэй. Тухайн үед хөлөгт байсан 270 хүний долоо нь АМЬД үлдсэн гэдэг.

Categories
мэдээ нийгэм

Ө.Дүүрэнбаяр ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын хошой мөнгөн медальт ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр “Баку-2018” ДАШТ-ий хамгийн хүнд жин буюу +100 кг-д барилдаж хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний өрсөлдөгч болох Венесуэлийн Педро Пинедаг өчих мэхээр цэвэр ялсан бөгөөд 1/8 шигшээд Кубын Энди Грандаг голлож дайран вазари үнэлгээ авч, улмаар даралтад оруулж цэвэр ялсан. Ө.Дүүрэнбаяр В хэсгийн аваргын төлөө “Рио-2016” олимпийн мөнгөн медальт, 2017 оны Дэлхийн аварга Японы Хисаёши Харасаватай хүч үзэн үүрэх мэхээр /иппон үнэлгээ/ цэвэр ялж хагас шигшээд шалгарсан.

Улмаар мөнгөн медалийн төлөө ОУХМ Ө.Дүүрэнбаяр Гүржийн бөх Г.Тушишвилитэй барилдан ялагдсанаар Дэлхийн аваргын хүрэл медальтан болж, хүнд жинд хүрэл медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдочоор тодорлоо. Өнгөрсөн 2017 онд олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр ДАШТ-ий +100 кг-д хүрэл медаль хүртсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Намрын дунд сарын шинийн 17ны билэгт сайн өдөр

Жилд 2 удаа тохиодог “Балжинням, Дашням” давхацсан билэгт сайн өдөр намрын дунд сарын билгийн тооллын 17, аргын тооллын есдүгээр сарын 27-ний пүрэв гарагт тохиож байна.

Өлзий дэмбэрэлтэй энэ сайн өдөр хийсэн буян бум, живаа болон арвиждаг гэдэг.

Монгол түмэн эрт дээр үеэсээ төгс гэгээрлийн уг шалтгаан болсон буян номын үйлэнд бие, хэл, сэтгэлээ зориулж, нүгэл хилэнцийн үйлийг санан санан хорьж, боомтилдог уламжлалтай.

Мөн энэ өдөр олон хос гэрлэлтээ батлуулж, хуримаа хийдэг билээ. Намрын улирал хурим найрын сар байдаг. Тэр дундаа энэ өдрийг сонгож хуримаа хийх нь элбэг. Тиймээс ч Гэрлэх ёслолын ордон гал голомтоо бадрааж буй хосуудын хөлд дарагддаг юм.

Жил жилийн энэ өдөр Гэрлэх ёслолын ордонд 100 орчим хос гэрлэлтээ батлуулдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Увс аймагт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Увс аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг өнөөдөр эхэллээ. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг явуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангахаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн нараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймгийн 10 суманд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулах юм.

Үзлэг шалгалтаар сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллах юм.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр баталсан А/290 дугаар тушаалын дагуу зохион байгуулагдаж байгаа тус бэлэн байдлын үзлэг 10 дугаар сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ. Мөн Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Завхан аймгийн 12 суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулаад байна.

Categories
мэдээ спорт

Дэлхийн шатрын спортыг манай тамирчид тэргүүлж явна

Дэлхийн шатрын 43 дугаар олимпиад Гүржийн Батуми хотод болж байна. Тэмцээн гурван өрөг явагдаад байгаа бөгөөд тэмцээний чансаанд 17 дугаарт эрэмбэлэгдсэн Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Армен, БНХАУ-ын хамт гурван хожилтойгоор олимпиадад оролцогч нийт улсуудыг тэргүүлж явна. Манай багийн бүрэлдэхүүнд /ОУШХ-ны цахим хуудсанд эмэгтэй тамирчдын цолыг эрэгтэйчүүдийн ангиллаар бичжээ/ ОУМ Б.Мөнгөнтуул, ОУМ Т.Батчимэг, ОУМ Д.Номин-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн ОУШХМ Т.Мөнхзул, ОУШХМ Д.Янжиндулам нар тоглож байгаа бөгөөд чансааны 91 дүгээрт эрэмбэтэй Шри Ланкаг 4:0, Босни Герцоговиныг /63/ 3:1, Беларусийг /36/ 2.5:1.5-аар буулгаж авсан юм. Хувь тамирчдаас эрэгтэйчүүдийн ОУМ Д.Номин-Эрдэнэ хоёр өргөөс хоёр, ОУШХМ Т.Мөнхзул гурван өргөөс гурван хожил авч, 100 хувийн амжилттай явна. ОУМ Б.Мөнгөнтуул хоёр өргөөс 1.5, ОУХМ Д.Янжиндулам гурван өргөөс 1.5, ОУМ Т.Батчимэг хоёр өргөөс 1.5 оноотой явна.

ИМ Б.Хатанбаатар ахлагчтай ИМ Ц.Батчулуун, ОУМ С.Билгүүн, ОУМ Н.Баттулга, ОУМ Г.Мөнхгал, ОУШХМ У.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй, чансаагаа 46 дугаарт эрэмбэлэгдсэн манай эрэгтэй баг гурван өргийн дараах байдлаар нэг хожил, нэг хожигдол, нэг тэнцээтэй 86 дугаар байрт явна.

Чансааны 136 дугаарт эрэмбэтэй Эфиопыг 4:0-ээр хожиж, 33 дугаарт эрэмбэтэй Кубатай 2:2-оор тэнцэж, чансааны 14-т эрэмбэтэй Гүржийн нэгдүгээр багт 1:3-аар дийлджээ.

ОУМ Г.Мөнхгал, Н.Баттулга нар гурван тоглолтод бүгдэд нь оролцсон байна. Манай шатарчдаас хамгийн өндөр оноог ОУМ Г.Мөнхгал аваад байгаа бөгөөд тэрээр гурван өргөөс 2.5 оноотой явна. ИМ Ц.Батчулуун хоёр өргөөс нэг, ОУМ С.Билгүүн хоёр өргөөс 0.5, ОУМ Н.Баттулга гурван өргөөс 1.5, ОУШХМ У.Насанжаргал хоёр өргөөс 1.5 оноотой явна.

Өнөөдөр манай эрэгтэй баг чансааны 119-д эрэмбэлэгдсэн Малавитай, эмэгтэй баг 28 дугаарт эрэмбэтэй Ирантай тоглох бөгөөд тоглолт орон нутгийн цагаар 15.00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр зөвлөмж боловсрууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын сахилга, ёс зүй, цэргийн албыг төлөвшүүлэн зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор “Сахилгын зөвлөгөөн”-ийг нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгууллаа.

Тус зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Захиргааны удирдлагын газрын Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар нар оролцож, нийслэлийн хүрээний Онцгой байдлын хэлтсүүдийн Гал түймэр унтраах, аврах ангиудад албаны бэлтгэл, бэлэн байдлын шалгалтыг зохион байгуулсантай холбогдуулан ОБЕГ-ын даргын өгсөн үүрэг, тушаалыг танилцуулсан юм.

Зөвлөгөөнөөр НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж “НОБГ-ын дунд хугацааны стратеги төлөвлөгөө”, дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо “Сахилга, хариуцлагыг сайжруулах ажлын хүрээнд хийгдсэн ажил, үнэлгээ дүгнэлт, цаашид авах арга хэмжээ”, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баттулга “2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг шалгасан ажлын дүгнэлтээр хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийн талаар болон Зөрчлйин тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Захиргааны ерөнхий хуулиудын хэрэгжилтийн талаар тус тус мэдээлэл хийлээ.

Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд бие бүрэлдэхүүний сахилга, хариуцлага, ёс зүйг сайжруулах чиглэлээр хийсэн ажлаа тайлагнасан юм.

Сахилгын зөвлөгөөнд нийслэлийн Онцгой байдлын хэлтсийн 250 гаруй алба хаагч хамрагдаж, цаашид албаны болон цэргийн дүрмийн хэрэгжилт, алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр зөвлөмж боловсрууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт 2-12 насны хүүхдүүд хамрагдана

Сүүлийн үед хүүхэд, өсвөр насныхны дунд шүдний өвчлөл тулгамдсан асуудал болоод байна. Улсын хэмжээнд шүд цоорох өвчний тархалт 5-6 настай хүүхдийн дунд 94, 12 настай хүүхдийн дунд 84 хувьтай байна. Шүдний цоорол нь чих, хамар, хоолойн үрэвсэл, эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлийн шууд болон хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлийн дам шалтгаан болдгийг эрдэмтэн судлаач, “эмч, мэргэжилтнүүд анхааруулдаг.

Тиймээс Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулж “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ хөтөлбөр нь 2019-2023 онд хэрэгжих бөгөөд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалт болон цоорлыг эрчмийг бууруулах зорилготой ажээ.

Хөтөлбөрийн хүрээнд шүд цоорох өвчнийг тууштай бууруулахад чиглэсэн шүд, амны хөндийн тусламж үйлчилгээг сайжруулах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлд төлөвшүүлэх, 2-12 насны хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.

НЭГ ХҮҮХЭД 144-240 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭДЭГ

Шүд, амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээний өртөг өндөр, эмчилгээний цаг хугацаа урт учир шүдний эрүүлжүүлэлт хангалтгүй байх шалтгаан болдог. Судалгаагаар нэг хүүхдийн найман шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд улсын эмнэлэгт 144 мянга, хувийн эмнэлэгт 240 мянган төгрөг зарцуулж 8-24 удаа үзүүлэх шаардлага гардаг.

Тэгвэл өнгөрсөн наймдугаар сарын 15-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг 2018-2022 онд 37 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ санхүүжилтийг улсын төсөв болон гадаадын зээл тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, бусад эх үүсвэрээс хангана гэжээ.

Өнөөдөр улсын хэмжээнд 725,600 гаруй 2-12 насны хүүхэд байгаа ажээ. Мөн саяхан НИТХ, Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын сургуулийн өмнөх, сургуулийн насны хүүхдийн амны хөндийн өвчлөлийн талаарх судалгаа”-ны дүнг АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн хүүхдийн тэнхимийн эрхлэгч Г.Оюунцэцэг танилцуулсан байна.

Судалгааг Улаанбаатар хотын есөн дүүргийн 1,190 хүүхдийн дунд явуулахад 86 хувь нь шүд цоорох өвчтэй, шүд цөөрөх өвчний эрчим нь 6.2 буюу ДЭМБ-ын шалгуураар үнэлэхэд өндөр төвшинд гарсан байна. Мөн 44 нь шүд, эрүү нүүрний гажигтай гэж гарчээ.

“ЭРҮҮЛ ШҮД ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

Өнгөрсөн наймдугаар сарын 15-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд“ үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Энэ хөтөлбөр нь ирээдүйд үүсэх эрсдэлээс хамгаалсан маш чухал үндэсний хөтөлбөр гэж Засгийн газар үзлээ. Өнөөдөр 18 нас хүртэлх хүүхдүүдийн 84-96 хувь шүд цоорох өвчтэй байна. Эдгээр хүүхдийн дунд бүрэн шүдтэй хүүхдийн эзлэх хувь хэмжээ 67.5 хувьтай байна.

Шүд цоорох өвчин нь чих, хамар хоолойн үрэвсэлт, өвчлөлтүүд улмаар амь насанд аюултай өвчлөлийн суурь болж байгааг эмч мэргэжилтнүүд тогтоосон. Өнөөдөр нөхцөл байдал ийм ноцтой байгаа учир Засгийн газар 2019 оноос эхлэн таван жилийн хугацаатай хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгт багтаан хэрэгжүүлж 2-42 насны хүүхдүүдээ эрүүлжүүлэх ажлыг хийнэ.

Хөтөлбөрт 2-12 насны 725 мянган хүүхэд хамрагдана. Үүний үр дүнд 2022 он гэхэд бага насны хүүхдүүдээ шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. Амны хөндийн эрүүл ахуйг сахих зан үйлийг ард иргэддээ төлөвшүүлэх, сургалт сурталчилгааны ажил гол байр суурь эзэлнэ. Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүд шүдээ угаадаг байх, амны хөндийн эрүүл ахуйг сахих орчныг бүрдүүлж ажиллана. Мөн хүний нөөц, тоног төхөөрөмж, эмнэлгийн боломжуудыг бүрдүүлэх дөрвөн үндсэн хэсгээс бүрдсэн 17 чухал ажлыг хийнэ“ гэлээ.

ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ ИЖИЛ ҮНЭЭР ҮЙЛЧИЛНЭ

Эрүүл мэндийн статистик мэдээллээр улсын хэмжээнд 1049 шүдний эмч ажиллаж байгаагаас 77 хувь буюу 817 нь хувийн эмнэлэгт ажиллаж байгаа ажээ. Тиймээс төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 2-16 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн даатгалаар төлбөргүй болон хөнгөлөлттэй ижил үнээр үйлчлүүлэх боломжийг нэвтрүүлэхээр зохион байгуулалттай арга хэмжээг авч ажиллах юм байна.

Мөн өрх, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд төрөлжсөн тасаг байгуулж, тоног төхөөрөмжөөр хангаж, шүдний эмч нарын орон тоог шинээр бий болгох ажээ.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн талаар эмч, мэргэжилтнүүд ямар бодолтой байгаа талаар сонирхсон юм.

“МӨНГӨН ДЕНТ” ШҮДНИЙ ЭМНЭЛГИЙН ЭМЧ Ц.МӨНГӨНЗУЛ: ӨГӨӨЖТЭЙ ХӨТӨЛБӨР ГЭЖ БОДОЖ БАЙНА

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм байна. Үүнийг үр өгөөжтэй хөтөлбөр гэж бодож байна. Яагаад гэвэл хүүхдүүд эдийн засгийн хувьд ээж ааваас хамааралтай, өөрсдөө сонголт хийж чадахгүй. Тиймээс эрүүл мэндийн даатгалаар хүүхдүүдийнхээ амны хөндийг эхнээс нь эрүүлжүүлээд явбал үр дүнтэй хөтөлбөр болно гэж эмчийн хувьд найдаж байна.

СҮХБААТАР АЙМГИЙН “ЦАГААН АЛТ” ШҮДНИЙ ЭМНЭЛГИЙН ЭМЧ М.МӨНХТУЛГА: ХУВИЙН ЭМНЭЛГҮҮДИЙГ ОРОЛЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Улсын хэмжээнд шүдний өвчлөл их байгаа болохоор зөвхөн улсын эмнэлэг дангаараа ажиллаад дийлэхгүй. Хувийн олон эмнэлэг байгаа болохоор оролцуулах хэрэгтэй. Бага насны хүүхдүүдийн нэг шүд цоорлоо гэхэд бусад шүдэндээ халддаг. Үүнд бүрэн эрүүлжүүлэлт хийхэд 100-200 мянган төгрөгийн төсөв байхад болно гэж үзэж байна.

Монголд урьдчилан сэргийлэлтийг сайн хийх хэрэгтэй. Ялангуяа. сургуулийн эмч, цэцэрлэгийн багш нар хүүхдэдээ шүд угаах, шүдний цоорлыг илрүүлэх ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр хүний шүдийг эрүүлжүүлэхээс илүүтэйгээр тухайн хүнд халдвар тараахгүй байх нь чухал байна хэмээн ярьж байлаа.

Categories
гадаад мэдээ

Стивен Сигал Оросын алс дорнодын мужийн захирагч болох хүсэлтэй гэжээ

Холливүүдийн тулаант киноны од Стивен Сигал Оросын алс дорнодын Владивосток хотод болж буй кино наадамд оролцож байгаа юм.

Түүнээс сэтгүүлчид Приморский мужийн захирагч болох хүсэлтэй эсэхийг асуухад Сигал “Би ерөнхийлөгч Владимир Путины сонирхлыг төлөөлдөг хүн тул дуртайя захирагчийн албан тушаалыг хаших болно” гэж хариулжээ.

Тэрээр өөрийн өвөг дээдсийг Оросын алс дорнодоос гаралтай тул Приморский мужийн талаар ихийг мэдэх, түүнийг хөгжүүлэхийн төлөө ажиллах сонорхолтой гэсэн байна.

Сигал бас ОХУ-ын гадаад хэргийн яам түүнийг Японтой харилцах тусгай элчээр томилсон тул Москва, Токиогийн хооронд дипломат харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэжээ.

Гэхдээ дараа нь Сигалын төлөөлөгч Анар Рейбанд нэрт жүжигчнийг ярихдаа зарим талаар хошигнож байсан, мужийн захирагч болох хүчтэй сонирхол түүнд байхгүй гэж залруулсан байна.

Стивен Сигал 2016 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын иргэн болж байсан юм. Сүүлд болсон орон нутгийн сонгуулиар Приморский мужийн захирагчийн сонгууль будлиантаж, хойшилсон нь Сигалаас ийм асуулт асуухад хүргэсэн бололтой.

Сонгуулийн эхний шатны дүнгээр эрх баригч Нэгдсэн Орос намын нэр дэвшигч буюу одоогийн захирагч, сөрөг хүчин Либерал Ардчилсан Намын нэр дэвшигч нар шалгарсан юм.

Харин өнгөрсөн Ням гарагт болсон хоёр дахь шатны санал хураалтаар тэд бараг ижил тооны санал авсан боловч сонгууль маргаантай болсон гэдэг үндэслэлээр Сонгуулийн Хороо үр дүнг хүчингүй болгожээ.

Сонгуулийн хуулиар дахин санал хураалт арванхоёрдугаар сарын 16-наас өмнө зохион байгуулагдах юм.