Categories
мэдээ нийгэм

Ц.Цогзолмаа: Эрдэм мэдлэгийн мөр хөөсөн хүний амьдралын зам нь гэрэлтэй байдаг

Хүүхэд залуусыг эрдмийн далайд аялуулж, оюуны цар хүрээг нь тэлэх, боловсролын үйл ажиллагаа эрхлэх сургууль хэмээх их өргөөнүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байна. Өнгөрөгч бямба гарагт ерөнхий боловсролын сургуулиуд нээлтээ хийсэн бол өнөөдөр их дээд сургуулиуд шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ.

Монгол Улсын хөдөө аж ахуйн мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэдэг 60 жилийн баялаг түүхтэй ХААИС-ын хичээлийн шинэ жилийн нээлтэнд УИХ-ын дарга М.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа болон албаны хүмүүс оролцсон юм.

Тэртээ 60 жилийн өмнө байгуулагдсан тус сургууль өдгөө өргөжин тэлж гурав дөрвөн судалгаа шинжилгээний хүрээлэн, салбар сургууль сүндэрлүүлж, арав гаруй мянган оюутныг ирээдүйд чадварлаг боловсон хүчин болгон бэлтгэх мэргэшсэн эрдэмьтэн мэргэдтэй том өрх айл болжээ. Өнөөдрийг хүртэл 30 гаруй мянган мэргэшсэн эрдэмтэн доктор, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэн гаргасан нь улс орны эдийн засагт ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа аж.

УИХ-ын дарга М.Энхболд “Хөдөө аж ахуйн салбар бол үндэсний брэндийг бүтээгч салбарын нэг бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг бий болгодог чухал хэсэг. Өнөөдөр эрдэмтэн доктор, багш нарын бэлтгэн гаргасан тэр л хүмүүс салбарыг удирдан чиглүүлж явна. Ирээдүйд салбар удирдах, авч явах хүмүүс ч өнөөдрөөс эхлэн бэлтгэгдэж байгаа. Та бүхний улс орондоо төдийгүй тив дэлхийн хэмжээнд гаргасан долоон бүтээлийн тав нь салбарын шинжлэх ухааны үндэс суурь болсон. Монгол Улсын Засгийн газраас их дээд сургуулиудын чанарыг сайжруулах жил болгон зарласан билээ. Төр засгаас дэвшүүлсэн энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.

Үүний дараа Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа “Хичээлийн шинэ жил нээх энэ өдрийг гэр бүлийн баяр гэж боддог. Яагаад гэвэл айл өрх бүр хүү, охиноо эрдмийн аянд мордуулдаг билээ. Нэгэн жарныг үдэж, түүхт ойгоо тэмдэглэж байгаа ХААИС-д элсэн орж, ирээдүйгээ зурж байгаа оюутан залуусын хувьд нэр төрийн хэрэг юм. Сургуулийн удирдлага Төр засгаас гаргасан шийдвэр тогтоолыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж, мөрдлөг болгоно гэдэгт итгэлтэй байна. Монгол ард түмний хамгийн их хүсч байгаа зүйлийн нэг бол дээд боловсролын чанар сайжирч, дэлхийн жишигт хүрээсэй гэдэг зүйл. Мөн дөрвөн жил сурсан, мэргэжил эзэмшсэн хүмүүс тухайн салбартаа ажиллаасай, ажлын байртай болоосой гэж хүсдэг. Тиймээс чанартай боловсролын ард ажил олгогч нар танай суралцагчдаас мэргэжилтнүүдээ авъя гэсэн хүсэл эрмэлзлэлтэй болгох тийм л орчинг бий болгохоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам анхааран ажиллаж байна. Гадаадын их, дээд сургуулиудад хийсэн судалгаагаар тухайн сургуулийн төгсөгч нь нэг жилийн дотор мэргэжлээрээ ажилд орсон эсэхээс хамааран сургалтын чанарт үнэлэлт өгдөг жишиг тогтжээ. Иймд сургалтын чанарт маш их анхааран ажиллах ёстой болжээ. Хөдөө аж ахуйн салбар бол улс орныг хэзээд тэтгэж, эдийн засгийг тогтвортой байлган, иргэдийг хоол ундтай байх асуудлыг шийдсээр ирсэн. Тиймээс энэ салбарт орчин үеийн техникийн дэвшлийг нэвтрүүлж, малчны хөдөлмөрөө хөнгөвчлөн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ иргэдийнхээ хэрэгцээг хангаж, хүнийхээ эрүүл мэндэд анхаарсан хүнс болон эм бэлдмэлээр хангадаг болгох нь та бүхний ажил байх болно. Цаашид импортын бүтээгдэхүүн рүү хошуурахгүйгээр үндэснийхээ брэндийг хэрэглэдэг тийм л улс орон болгоход гол зорилго оршино” гэж онцоллоо.

Энэ жил Засгийн газраас нэгэн том шийдвэрийг гаргасан нь сургалтын төлбөр, оюутны хөгжлийг дэмжих зээл юм байна. Өмнө нь, батлан даагч, банкны баталгаа гээд олон асуудлыг шийдсэн нэгэн л үүнд хамрагддаг байсан билээ. Тэгвэл дээрх шийдвэр гарснаар сурах эрмэлзлэлтэй оюутан бүр хамрагдах боломж нээгдэж, сургууль бүрт шууд олгож эхэлжээ. Нийтдээ 75 тэрбум төгрөг тусгагдсан байна. Эргэн төлөх нөхцөл ч хөнгөн бөгөөд ажлын байранд гарсан цагаасаа эхлэн 5-10 жилийн дотор төлөх боломжит нөхцөлтэй гэдгийг сурах эрмэлзлэлээр жигүүр хийсэн оюутан залууст дуулгалаа.

Эрдэм мэдлэгийн мөр хөөсөн ямар ч хүний өмнө амьдрал нь гэрэл гэгээтэй байдаг гэдгийг эрдмийн их өргөөний эзэд болсон оюутнуудад хэлж, эх орноо хөгжилд хөтлөхийг ерөөлөө.

Categories
мэдээ эдийн-засаг

“Улаанбаатар Түншлэл-2018” олон улсын үзэсгэлэн худалдаа болно

Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдгээрт хамтын ажиллагааны талбар бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар Түншлэл-2018” 43 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 6-9-нд “Мишээл экспо” төвд болно.

МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэнгийн энэ жилийн онцлог нь оролцогч аж ахуйн нэгж, сонирхсон үйлчлүүлэгч бүрт банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх компаниуд үнэ төлбөргүй бизнесийн зөвлөгөө өгч, B2B уулзалтуудыг зохион байгуулж буйд оршиж байна..

Үзэсгэлэнд хүнс, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн 80 гаруй аж ахуйн нэгж, компани оролцох бөгөөд ноос ноолуур, арьс ширэн эдлэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, шинэ техник, технологи, гар урлал, бэлэг дурсгал, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж, уул уурхайн ханган нийлүүлэлт, мэдээллийн технологи, техник хэрэгсэл болон үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүний шинэлэг төрлүүдийг дэлгэн танилцуулах юм. Мөн Тайванийн 10 гаруй аж ахуйн нэгж оролцож, эмнэлгийн болон цахилгаан тоног төхөөрөмж, хүнс, гоо сайхан, жижиг, дунд үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжөө танилцуулна. Мөн үеэр оролцогч аж ахуйн нэгжүүд хямдрал, урамшуулал, сугалаат худалдаа явуулах юм.

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг зохион байгуулагчдын зүгээс 15 номинацаар шалгаруулна. Эдгээр нь Онцлох шинэ хүнсний бүтээгдэхүүн, Онцлох экспортын бүтээгдэхүүн, Шилдэг импортын бүтээгдэхүүн, Импортыг орлох онцлох хүнсний бүтээгдэхүүн, Дэвшилтэт технологи ноу хау нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, Дэлхийд өрсөлдөхүйц монгол брэнд, Олон улсын стандарт хэрэгжүүлэгч, Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, Grand Prix гэх мэт номинац байна.

“Улаанбаатарын Түншлэл-2018” үзэсгэлэнг зохион байгуулснаар ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих, сүүлийн үеийн техник технологийг олон нийтэд танилцуулах, чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, олон улсын стандарт бүхий оновчтой импортыг нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 70109090, 90091979

Categories
баннер нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-1

banner1

Categories
мэдээ эдийн-засаг

​Уул уурхайн экспорт, импортын зөрүү эерэг гарчээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Уул уурхайн салбарын эхний долдугаар сарын мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Хэвлэлийн бага хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон яамны газар хэлтсийн дарга нар оролцов.

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

1. Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2018 оны эхний 7 сарын байдлаар 26.3 сая тн нүүрс, 764.4 мян.тн зэсийн баяжмал, 9.2 тн алт, 3.1 мян.тн молибдений баяжмал, 1.7 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 40.6 мян.тн хайлуур жоншны баяжмал, 46.8 мян.тн цайрын баяжмал, 3.9 сая баррель газрын тос, 8.4 мян.тн катодын зэс үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 9.7 (1.3%) мян.тн, алт 236.9 (2.6%) кг, хайлуур жоншны баяжмал 11.7 (40.5%) мян.тн, цайрын баяжмал 0.8 (1.7%) мян.тн-оор тус тус өссөн байна. Харин нүүрс 1.1 (3.8%) сая тн, молибдены баяжмал 159.4 (4.9%) тн, төмрийн хүдрийн баяжмал 34.3 (2.0%) мян.тн, газрын тос 473.7 (10.7%) мян.бар, катодын зэс 324.4 (3.7%) тн-оор тус тус буурсан байна.

2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

2018 оны эхний 7 сарын байдлаар 8.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (24.6%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 6.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (23.9%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 753.8 (53.8%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 334.5 (11.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.1%-ийг эзэлж байна.

3. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

2018 оны эхний 7 сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 10.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.8 (22.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 7.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (24.1%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 2.3 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 482.9 (26.7%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 4.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 756.1 (23.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны эхний 7 сарын байдлаар 7.1 их наяд төгрөг буюу 70.7%, уул уурхай, олборлох аж үйлдвэр 6.0 их наяд төгрөг буюу 59.6%-ийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

4. Гадаад худалдаа

2018 оны эхний долоон сарын байдлаар Гадаад худалдааны нийт бараа эргэлт 7,382.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,525.3 (26.0%) сая ам.доллараар өссөн байна. Экспорт, импортоос давамгайлсан буюу экспорт, импортын зөрүү 851.0 сая ам.доллараар эерэг гарсан байна.

Categories
мэдээ улс-төр

Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченког хүлээн авч уулзав

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченког хүсэлтийнх нь дагуу наймдугаар сарын 29-ний өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол, Оросын сайн хөршийн найрсаг харилцаа, түүний дотор бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой болохыг талууд тэмдэглэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Амбан захирагч С.Г.Левченко 2018 оны зургадугаар сард Улаанбаатар хотноо болох “Монгол, Оросын санаачилга 2018” нэгдсэн арга хэмжээнд оролцон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэр өөрийн санал болгосон “Орос, Монгол, Хятад”-ыг холбох байгалийн хий, газрын тосны хоолой барих төслийг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахад бэлэн буйгаа дахин илэрхийлэв.
Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улс, Эрхүү мужийн хооронд транзит тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг онцлов.

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал удахгүй ашиглалтад орно

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал, хэзээ мөдгүй ашиглалтад ороход бэлэн болж байна. Өөрөөр хэлбэл, Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалтын ажил шувтрах шатандаа ороод байна. Нисэх буудал ашиглалтад өгөх хугацаа ойртож байгаа, мөн нэмэлт барилгын ажлуудыг хүлээлгэн өгөх хугацаа дууссантай холбогдуулан ЗТХ-ийн дэд сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг анх 2008 оноос судалж, улмаар 2012 оноос Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр төслийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн 28.8, нэмэлт 36.9 тэрбум иенийн хөрөнгө оруулалт, Монгол Улсын Засгийн газрын 13.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр бүтээн байгуулалт өрнөж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Mitsubishi & Chiyoda” хамтарсан түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр “Samsung C&T” , “MCS Property” компани ажиллаж байгаа юм.

Дэд сайдын онцлон анхаарч үүрэг чиглэл өгсөн 3-н асуудлын нэг нь монголын талаас хариуцаж буй нэмэлт гурван барилгын асуудал юм. Энэ нь Захиргааны барилга /96,9/, Ачаа шуудан тээврийн үйлчилгээний барилга /89,4/, Аэродромын засвар үйлчилгээний барилга /92,4/-ын явц удаашралтай, нэмж сунгасан гэрээгээр 2018 оны наймдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр тусгагдсан бөгөөд газар дээр нь танилцахад 89-96 хувьтай байна.

Төсөл хэрэгжүүлэгч “Ви Эйч энд Би” ХХК-ийн зүгээс материалын үнэ өссөн, үлдэгдэл мөнгө орж ирээгүйгээс саатсан гэдэг хариултыг энэ үеэр өгсөн бөгөөд Дэд сайд “Ашиглалтад оруулах хугацаа, үнийн саналыг танайх өөрсдөө боловсруулж оруулж ирсэний дагуу батласан. Тиймээс дахин сунгана гэдэг байж боломгүй асуудал юм. Цаашид богино хугацаанд барилгыг ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгөхөд ажлаа чиглүүлэхийг үүрэг болголоо.

Мөн энэ үеэр шинэ нисэх буудлыг 11 сард хүлээлгэн өгөхтэй холбогдуулан бусад бэлтгэл ажилтай танилцаж аюулгүй байдал, техникийн болон бусад нөхцлийг бүрэн хангах, бэлтгэл ажлуудыг нэг бүрчлэн шалгах, ойрын үед шийдэх асуудлуудыг багцлан танилцуулах, ангарын асуудлыг шийдэх, УБ-Чингис хаан нисэх буудлын 32 км авто замын хучилтыг аравдугаар сарын 1-нд дуусгаж барилгын ажлыг аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх үүрэг чиглэлийг ЗТХЯ-ны АЗБХЗГ, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс, ИНЕГ-ын удирдлагууд, Төсөл хэрэгжүүлэх нэгж, Ашиглалтын өмнөх захиргаа болон бусад холбогдох албан тушаалтнуудад тус тус өглөө.

Шинэ нисэх онгоцны буудал хоёр талаас бууж хөөрөх боломжтой

Нисэх буудлын давуу тал нь хоёр талаас бууж хөөрөх боломжтой

Шинэ нисэх буудлын үндсэн барилгын хувьд байгалийн гэрлийг ашиглах зорилгоор шилэн хийц түлхүү оруулсан шинэлэг шийдэл, зорчигчдод ойлгомжтой тэмдэг тэмдэглэгээ, нэвтрүүлэх чадвар бүхий олон гарц зэрэг нь олон улсын жишигт нийцсэн барилга болсныг албаны хүмүүс сайшаалаа.

Хөшигийн хөндийн онгоцны буудлын нисэхийн зурвас нь 3.6 км урт, дөрвөн метр өргөн бөгөөд 38 см зузаантай. Хамгийн том давуу тал нь хоёр талаас бууж, хөөрөх боломжтой. Нисэх буудал зургаан хүзүүвчтэй, нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай, цагт 1500 зорчигч хүлээн авах хүчин чадалтай .

Н.Энхбат: Нисэхийн хөндийн барилгын ажил үндсэндээ дууссан

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны төслийн нэгжийн захирал Н.Энхбат “Хөшигийн хөндийн барилга, байгууламжийн ажил үндсэндээ дуусч байна. Эхнээсээ туршилтын нислэг амжилттай явагдаж байна. Яг одоогоор Монгол Улсын төсвийн хөрөнгөөр гурван барилга баригдаж байна. Мөн зээлээс үлдэж байгаа хөрөнгөөр барилга барьж байна. Бусад барилгын ажил дууссан, улсын комисс хүлээж авсан. Цаашид нислэгийг хэзээ эхлүүлэх вэ гэдэг бэлтгэл ажил явагдаж байна. Харин шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад ороход тэнд ажиллах хүч буюу үйл ажиллагааг нь явуулах хүмүүс нь албан ёсоор томилогдоогүй байна. Энэ хүмүүс томилогдсоны дараа нисэх буудлыг хэзээ ашиглалтад оруулахаа шийднэ. Энд яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй” хэмээн энэ үеэр ярилаа.

Цэвэрлэх байгууламжаас гадна гурван дэд цахилгаан станц барьжээ

Хөшигийн хөндийд тус бүр нь 14 мВт-ын хүчин чадалтай гурван зуух бүхий дэд цахилгаан станцыг барьжээ. Энэ нь 70-100 мянган хүн ам бүхий хот сууринг дулаанаар бүрэн хангах хэмжээний гэсэн үг. Хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх байгууламжийг ч барьжээ. Эрчим хүчээ Налайх болон Сонгины эх үүсвэрээр хангаж байгаа бөгөөд 16 мВт-ын хоёр трансформатор тэнд байна. Түүнчлэн тус бүр нь 2000 шоо метр бүхий багтаамжтай шатахуун хадгалах дөрвөн танк байгуулжээ. Өөрөөр хэлбэл, агаарын гурван хөлгийг нэгэн зэрэг сумлах боломжтой юм байна. Нийт 1277 ам метр талбай бүхий 43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөн удирдлагын цамхаг сүндэрлэжээ.

Х.Оргил-Эрдэнэ: Нисэх буудал ашиглалтад орохоор хурдны замын хөдөлгөөнийг нээнэ

Шинэ нисэх онгоцны буудал хоёр талаас бууж хөөрөх боломжтой

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд түшиглэн Монгол Улсын анхны хурдны замын ажил эд явагдаж байна. Улаанбаатар хотыг шинэ нисэх онгоцын буудалтай холбох 32.2 км хурдны замын ажлын явц үргэлжилж байна. Энэ зам хоёр урсгал, зургаан эгнээтэй байх юм. Хэдийгээр 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч зорчих хэсгийг энэ оны эцэст ашиглалтад оруулж, харин тэмдэг, тэмдэглэгээ, тохижилтыг ирэх онд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм байна. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Оргил-Эрдэнэ “Нийт 140 сая ам.долларын өртгөөр 32 км замыг барьж байна. Одоогоор 75 хувьтай явна. Ирэх арваннэгдүгээр сард нисэх буудал ашиглалтад орохоор хөдөлгөөнийг нээнэ. Гэрээгээрээ ирэх оны дөрөвдүгээр сард хүлээлгэж өгөх ёстой. Бага зэргийн тэмдэг, тэмдэглэгээний ажил хийгдэх байх. Харин үндсэн замын хөдөлгөөнийг 11 сарын 1 гэхэд нээнэ” хэмээн онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, багш, сонсогч оюутнуудад эрдмийн баярын мэнд хүргэлээ.

Төрөөс боловсролын хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо төрийн өмчийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангаж, дээд боловсролд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлж, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх асуудлыг зорилт болгосон. Шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгож, үр дүнд суурилсан санхүүжилтийн системийг нэвтрүүлж, мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр заасан. Боловсролын шинэчлэлийн хүрээнд дээд боловсролын тогтолцоо, агуулга, стандартыг байнга шинэчлэн сайжруулж, олон улсад өрсөлдөх чадвартай, олон улсын тэргүүний жишигт нийцсэн их, дээд сургуулиудыг бий болгосны үндсэн дээр улс орны хөгжилд шаардлагатай хүний нөөц, мэдлэг технологийг тасралтгүй нийлүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү өндөр зорилтуудыг ханган биелүүлэхийн тулд Хууль сахиулахын их сургуулийн багш, сонсогч, оюутан, ажилтан бүр шинэ нөхцөл байдал, шинэ зорилтоо ухамсарлан сэтгэлгээ, үйл ажиллагаандаа өөрчлөлт хийж, эрдмийн нэгдмэл хамт олон болон төлөвшиж, ихээхэн хүчин чармайлт гарган хөдөлмөрлөх ёстойг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэлээ.

2018-2019 оны хичээлийн жилд тус их сургуулийн бакалаврын сургалтад 400 гаруй сонсогч, оюутан, Хууль сахиулахын Удирдлагын академид 60 гаруй, магистр, доктрын сургалтад 100 гаруй алба хаагч элсэн суралцана. Энэ хичээлийн жилд тус их сургууль өөрийн харъяа ахлах сургуулийг нээж, анхны элсэгчдээ бүртгэж, хичээлийн шинэ жилийн нээлтээ хамтатган хийлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар дараа нь Удирдлагын академийн хичээлийн жилийн нээлтэд оролцож үг хэлэхдээ тус академи нь үндэсний удирдах ажилтан, манлайлагчдыг бэлтгэхэд чухал үүрэгтэй гэдгийг тэмдэглээд Монгол Улсын Засгийн газраас гурван тулгуурт хөгжлийн бодлого батлан хэрэгжүүлж байна. Нэг гол тулгуур нь төрийн алба, засаглалын шинэчлэл юм. Энэ хүрээнд төрийн албаны хууль шинэчлэгдэн, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байна.

Удирдлагын академид төрийн албан хаагчдыг давтан сургаж, мэргэшүүлэх салбар сургууль байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Засаглалын шинэчлэл, төрийн албыг бэхжүүлэх, чадавхижуулахад Удирдлагын академийн гүйцэтгэх үүрэг их гэдгийг онцолж байлаа.

Мөн нийгмийн хөгжлийн шаардлагаас үүдэн Удирдлагын академи нь орчин цагийн удирдахуйн онол арга зүй практикийг эзэмшүүлдэг, түгээн дэлгэрүүлдэг үндэсний хэмжээний төдийгүй олон улсын шаардлагад нийцсэн практик соёлыг түгээн дэлгэрүүлдэг, үйл ажиллагаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт судалгаа эрдэм шинжилгээний байгууллага болон хөгжих учиртай гэж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Якутад чөлөөт бөхийн шилдгүүд хүч үзнэ

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркин агсаны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 5-8-нд ОХУ-ын Саха хотын «Триумф» ордонд болно. Нэрт дасгалжуулагчийн 90 насны ойд зориулж буй 11 дэх удаагийн тэмцээний шагналын санг Якутын чөлөөт бөхийн холбоо нийт 180 мянган ам.доллар (алт 7000, мөнгө 5000, хүрэл 3000) болгож өсгөсөн. Энэ нь өдгөө болж буй чөлөөт бөхийн тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болж байгаа юм. Тиймээс дэлхийн шилдэг хүчтэнүүд Якутын дэвжээнд олноор зодоглохоор болоод байна.

Манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга Г.Мандахнаран, Э.Бэхбаяр тэргүүтэй Будапештийн ДАШТ-д оролцох бөхчүүд зодоглох юм. Түүнчлэн эзэн орноос олимп, дэлхийн аварга Сослан Рамонов, Европын гурван удаагийн аварга Анзор Уришев, Европын анхдугаар наадмын аварга Алескандр Богомоев, Европын аварга Анзор Болтукаев, Артур Найфанов, Иранаас “Рио-2016” олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Франк Чамизо, Иранаас ДАШТ-ий хошой алт, хүрэл медальт Реза Яздани, олимпийн мөнгө, хүрэл медальт Комейл Гасеми, Армениас 2013 оны дэлхийн аварга Давид Сафарян, Туркээс олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Селим Яшар (Калой Кортоев), Европын гурван удаагийн аварга Чингисхан Эрдоган (Опан Сат), Узбекистанаас олимп, ДАШТ-ий медальт Ихтиор Наврузов, Японоос “Рио-2016” олимпийн наадмын дэд аварга Рей Хигүчи, Унгараас олимп, ДАШТ-ий хүрэл медальт Габор Хатош, Беларусиас “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Ибрагим Саидов, ДАШТ-ий хүрэл медальт Владислав Андреев, Азербайжанаас ДАШТ-ий хүрэл медальт Ахмеднаби Гварзатилов, Энэтхэгээс Азийн аварга Сандип Томар тэргүүтэй олон шилдгүүд Якутын дэвжээнд зодоглох нь.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Шинэ төрлийн нисдэг дрон

Технологийн шинэ дэвшилтэд бүтээлүүд хурдацтай хөгжсөөр байна. Эдгээрээс нисгэгчгүйгээр нисэх чадвартай төхөөрөмж буюу дрон улам боловсронгуй, ашиглахад хялбар болсон нь анхаарал татаж байгаа юм. Энэ удаад шинэ төрлийн нисдэг дроны талаар онцоллоо. Энэ бол дан ганц агаарт хөөрч нислэг үйлдэх чадвартайгаас гадна усны гүнд ч шумбах боломжтой “SPRY” нэртэй дрон юм.

SPRY стартапынхан усан спортоор хичээллэх хүсэл сонирхолтой охид залууст зориулан энэ шинэ төрлийн дроныг бүтээсэн. Агаарт нисгэнгээ залгуулаад усанд ч шумбуулах боломжтой болгосноор зугаацах хэлбэрийн өөр шинэ мэдрэмжийг бий болгожээ. Нисдэг дрон нь ус нэвтэрч ажиллагаагүй болно гэх айх айдасгүй байна гэдэг мэдээж сайхан. Усны нам гүн дор агаарын даралт тэсвэрлэх боломжтой ус нэвтрүүлэхээс хамгаалсан хайрцагтай. Дрон нисгэгч өөрийнхөө харах өнцгийг дурын объектоос харж болно. Мэдээж энэ дрон өөртөө дүрс бичлэгийн камертай. Камер нь 4к/30fps үзүүлэлт бүхий 12 мегапиксел нягтшилтай. Дүрсээ SD санах ойн картад ачаалж дамжуулна. Удирдлагын хувьд Wi-Fi холболтыг ашигласан. Агаарт ч, усны гүнд ч хийж байгаа дүрсээ шууд дрон нисэгчийн удирдлагын хяналтын төхөөрөмжид илгээнэ. Spry дрон 70 км цагийн хурдтай нислэг үйлдэх чадвартай.

Нэг удаагийн дүүрэн цэнэгээрээ 17 минут тасралтгүй ажилладаг. Хэд хэдэн давуу талуудтай болсон талаар үйлдвэрлэгч талаас онцолсон. Жишээ нь, дрон нисэгч эзэн дээрээ хаанаас ч гэсэн автоматаар өөрөө нисэж хүрч очих, эргэн тойрныхоо орчныг бүхэлд нь бие даан бичиж авах гэх мэт.

Үнийн хувьд Spry стартапын хөрөнгө оруулагчдын талаас өгсөн мэдээллээр бол 729 ам.доллар гэжээ. Гэхдээ энэ үнэ нь дахиад 200 ам.доллараар нэмэгдэж магадгүй хэмээн мэдээлсэн. Хүссэн захиалагчид тус дроныг энэ оны сүүлээр гэхэд гар дээрээ хүлээж авах боломжтой. Далайн эргийн амралтын газар, нуур цөөрөм, голын усанд сэлэх, зугаацах хүсэл сонирхолтой залууст илүү тохирсон төхөөрөмж. Магадгүй судалгааны зориулалтаар ашиглахыг үгүй гэх газаргүй шүү дээ.


Categories
мэдээ спорт

Спорт авиралтын тамирчид Азийн наадамд анхдагч байж чадлаа

Монголын Уулчдын Үндэсний Холбоо /МУҮХ/-ны багийн тамирчид Азийн ХYIII спортын наадмын Спорт авиралтын төрөлд анх удаа амжилттай оролцоод ирлээ. Спорт авиралтын төрөл нь Азийн наадмын хөтөлбөрт анх удаагаа багтаж байгаа бөгөөд Токиогийн 2020 оны зуны Олимпийн төрөлд албан ёсоор шинээр орсон юм. Манай улсын Спорт авиралтын тамирчид анх удаагаа дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уг наадамд оролцсон нь спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж багийн бүрэлдэхүүнд Б.Эрдэнэчимэг (Багийн ахлагч, МУҮХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга), Н.Хэрлэн (ОУХМ Говь-Алтай аймгийн Тонхил сум, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн тамирчин), Б.Ариунбаяр (Спорт авиралтын I зэрэгтэй, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн тамирчин, МУБИС-ийн БТС-ийн оюутан) Н.Анужин (УРСА спорт бэлтгэлийн төвийн тамирчин), ОБЕГ-ын Аврах тусгай ангийн аврагч нар хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдлөө. Тэднийг эх орондоо ирээд байхад нь уулзаж ярилцлаа.


-Юуны өмнө Азийн XVIII наадмын Спорт авиралтын төрөлд амжилттай оролцсонд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Энэ удаа Монголын тамирчид анх удаагаа спорт авиралтын төрөлд оролцлоо. Анхдагч байна гэдэг спортын салбарт амаргүй даваа. Ялангуяа өндөр уулын оргилд авиралт хийх үед тэргүүнд яваа тамирчин нь цас хагалж, зам гаргаж явдаг. Энэ жимийг нээсэн нь тамирчдын хувьд нэр төрийн хэрэг байх. Та бүхэн тэмцээнд оролцсон сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?

Б.Эрдэнэцэцэг: -Энэ удаагийн наадамд МУҮХ баг бүрдүүлж амжилттай оролцоод ирлээ. Сэтгэгдэл их өндөр байна. Азийн наадамд Спорт авиралтын төрөлд анх удаа орж байна. Ганцаарчилсан хурд, багийн хурд, холимог /хурд,техник,боулдринг/ гэсэн үндсэн гурван төрлүүдээр нийт 16 орны 70 гаруй тамирчид өрсөлдлөө. Бид баг тамирчдадаа системтэй, шаргуу бэлтгэл хийх боломж бүрдүүлж өгч чадвал дараа дараагийн тэмцээнд ялангуяа Токио 2020 оны Олимпт амжилттай оролцох боломж байна гэж дүгнэлээ.

Н.Хэрлэн: -Баярлалаа.Танд болон танай сонины хамт олонд багийн хамт олны өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе. Аль ч спортод анхдагч байна гэдэг нэг талаасаа хамгийн хэцүү, нөгөө талаасаа тамирчин хүнд ховор тохиох аз гэж багш маань хэлдэг. Энэ удаагийн Азийн наадмын шинэ төрөлд зам гаргаж анхдагч болж багаар оролцсондоо их баяртай байна. Тэмцээний хувьд зохион байгуулалт өндөр сайхан болж өндөрлөлөө.

Б.Ариунбаяр: -Энэ том тэмцээнд оролцох бололцоо олгосон, дасгалжуулсан, тусалж дэмжсэн бүх хүмүүст болон хайртай аав, ээждээ баярласнаа илэрхийлье. Манай баг холимог төрлөөр өрсөлдсөн бөгөөд 19, 20, 23 дугаар байрт жагссан. Медаль болон шагналт байрт орж чадаагүй ч харамсахааргүй их туршлага хуримтлуулсан үр өгөөжтэй тэмцээн боллоо.

Н.Анужин: -Баярлалаа.Азийн XVIII наадамд оролцох болсон тухайгаа анх сонсоод маш их баярласан. Энэ бол миний хувьд алдаж болохгүй том боломж байлаа. Олон улсын тэмцээний анхны гараагаа энэ удаагийн том наадмаар эхлүүллээ. Сэтгэгдэл өндөр байна.

-Тэмцээнд оролцсон бусад орны тамирчдын түвшин ямар байв. Ер нь спорт авиралтаар Азийн тамирчид дэлхийд тэргүүлдэг гэсэн?

Б.Эрдэнэцэцэг: -Япон, БНСУ, БНХАУ болон эзэн орны тамирчид жигд сайн, Индонезийн тамирчид хурдны төрөлд үнэхээр сайн бэлтгэж сүүлийн жилүүдэд маш хүчтэй өрсөлдөгч болсон байна. Наадмын үеэр хэд хэдэн орны дасгалжуулагч нартай танилцаж ажил хэргийн уулзалтууд хийж туршлага судаллаа. МУҮХ-ны багийн хувьд системтэй бэлтгэвэл амжилтаа богино хугацаанд ахиулж чадах юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн.

Н.Хэрлэн: -Тийм ээ. Япон, Солонгос, Хятад, Иран зэрэг орнууд Азид төдийгүй дэлхийд эхний тавдугаарт жагсдаг багууд. Топ ангилал руу Индонез улс хүчтэй түрэн орж ирлээ.

Б.Ариунбаяр: -Бусад орны тамирчид сайн байсан. Азийнхан Спорт авиралтын төрлөөр дэлхийд тэргүүлдэг гэдэг нь харагдсан.

Н.Анужин: -Азийн тамирчид Спорт авиралтаар монополь гэж болохоор байсан. Манай улсад хөгжөөд удаагүй, бусад орны тамирчдын түвшинд хүрэх хараахан болоогүй байгаа мэт санагдсан ч хичээгээд зоривол өрсөлдөхүйц хэмжээнд хүрч чадна.

-Саяын Азийн тоглолтод манай тамирчид медальт болон шагналт байрт ороогүй ч тамирчдын хувьд бага гэлтгүй үр дүн гарсан байх?

Б.Эрдэнэцэцэг: -Нэг, хоёрхон жилийн өмнө олон улсын тэмцээнд манай улсын тамирчид авиралтын замын дунд хүрээд буух, 54 секундэд замаа дуусгадаг байсан бол энэ наадамд 13 секундын амжилт үзүүлсэн нь бидний хувьд амжилт гэж үзэж байгаа. Мөн тамирчид өөр өөрийн онцлог болон давуу талд тохирсон төрлийг сонгож дагнан бэлтгэлээ базаах нь чухал гэдгийг ойлгосон.

Н.Хэрлэн: -Бидний хувьд энэ удаа туршлага судлах, ур чадвараа дээшлүүлэх нь гол байлаа. Манай улсын хувьд хөгжиж эхэлж байгаа төрөл юм.

Б.Ариунбаяр: -Маш олон зүйлийг мэдэж авлаа. Жишээ нь, бусад тамирчдын бие халаалт болон авиралтын дараа булчин суллах, авиралтын техник, хувцас хэрэгслээ хэрхэн зохицуулж өмсөх, тэмцээний дүрэм журамд орсон өөрчлөлт гэх мэт. Дэлхийд тэргүүлдэг мундаг тамирчидтай өрсөлдөж, дэргэдээс нь харж урам зориг орж, энэ спортын гайхамшгийг улам ихээр мэдэрлээ.

Н.Анужин: -Баг тамирчдын оролцоо тэмцээнд үзүүлсэн амжилт зэргээс хэн нь ямар дасгал сургуулилтад цаашдаа илүү анхаарч бэлтгэл хийвэл зүгээр вэ гэдэг нь харагдсан.

-Ер нь гадаадад зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээнд оролцох нь амжилтаа ахиулах, өндөр зэрэглэлийн гадаадын тамирчдын туршлага, бэлтгэл сургуулилтаас суралцах гээд олон талын ач холбогдолтой. Гэвч санхүүгийн асуудлаас болж гадаадын уралдаан тэмцээнд манай тамирчид тэр бүр тогтмол оролцож чаддаггүй. Та нарын хувьд санхүүжилтээ хаанаас олж шийдвэрлэж байна вэ?

Б.Эрдэнэцэцэг: -Тийм ээ, аль болох олон уралдаан тэмцээнд тамирчид оролцох тусам амжилт ахина. Бас байнгын бэлтгэл маш чухал. Санхүүжилт бол тамирчин хүн бүрт тулгардаг том асуудал. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас энэ удаагийн Азийн наадамд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Ихэнх гадаад тэмцээн, хамтарсан бэлтгэлд спорт клубүүд болон тамирчид хувиасаа зардлаа гаргадаг.

Н.Хэрлэн: -Б.Ариунбаяр бид хоёрын хувьд бидний харьяалагддаг “Сутайн бор” клуб тэмцээн, бэлтгэлийн зардлыг бүрэн хариуцдаг. МУҮХ дэмжлэг үзүүлдэг болохоор хүндрэл гардаггүй. Энэ завшааныг ашиглаад өөрийн клуб болон МУҮХ-ны хамт олондоо баярлаж явдгаа илэрхийлье.

Б.Ариунбаяр: -Миний хувьд дотоод болон гадаад тэмцээнд оролцоход санхүүгийн ямар ч асуудалгүй оролцдог. “Сутайн бор” клубээс бүрэн дааж хариуцдаг. Энэ бол маш том дэмжлэг. Манай клуб тамирчдаа зөвхөн санхүүгээр бус дасгалжуулалт, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг. Тиймээс би энэ клубийн гишүүн болж энэ сайхан хамт олноор хүрээлүүлж байдагтаа өөрийгөө их азтай гэж боддог.

Н.Анужин: -Миний хувьд тэмцээнд оролцох зардлыг хувиасаа өөрөө гаргасан. МУҮХ-ноос мөн санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Энэ дашрамд олон улсын тэмцээний гараагаа эхлүүлэхэд минь тусалж дэмжсэн МУҮХ-ны хамт олондоо маш их баярлалаа.

-Төр засгаас спортын салбарт дэмжлэг үзүүлдэг хэдий ч зарим спортын төрөл хаягдаад байх шиг. Тухайлбал, спорт авиралтын төрлийг нэрлэмээр санагддаг. Энэ төрлийг цаашид Монголдоо хөгжүүлэхэд юун дээр анхаарвал зохилтой вэ?

Б.Эрдэнэцэцэг: -Спортын аль ч төрөлд ялангуяа манайх шиг хөгжлийн эхэн үед төрийн дэмжлэг хэрэгтэй байдаг.Спорт авиралт бол маш сонирхолтой төрөл учраас хичээллэдэг хүүхэд, залуучуудын тоо түргэн хурдацтай нэмэгдэж байна. Тийм болохоор төр засгийн зүгээс хэдий бага боловч дэмжин ажилладаг. Зөвхөн спортын амжилт гэлтгүй залуу үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх давхар ач холбогдолтой.

Н.Хэрлэн: -Манай спортын хувьд материаллаг бааз их нөлөөлдөг учраас богино хугацаанд амжилт гаргана гэдэг хүнд байдаг. Учир нь зориулалтын стандарт ханан дээр уралддаг болохоор ийм ханагүй бэлтгэл хийгээд амжилт гаргах боломжгүй. Сая Азийн наадмын техникийн бэлтгэлийг БНХАУ-д арав хоног хийсэн. Бидэнтэй зэрэгцэж хэдэн жилийн турш өндөр системтэй бэлтгэл зориулалтын ханан дээр хийж байгаад ирсэн тамирчид гараанд гарч ирж өрсөлдөхөд ямар үр дүн гарч болохыг та бүхэн гадарлаж байгаа болов уу. Гэхдээ бид гар хумхиж суухыг хүсдэггүй. Жишээ нь, хүчний бэлтгэлээ Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны Ерөнхий дасгалжуулагч ОУХМ Ц.Хосбаяр багшийн удирдлага дор базааж хананы бэлтгэлийн ачааллыг нөхөх гэж зүтгэдэг. Гэсэн ч “ханагүй” хийсэн бэлтгэлээ ханатай холбож ажиллах туршлага, мэдлэг яалт ч үгүй дутагдаж байна. Төр засаг материаллаг баазаар хангаад өгвөл манай тамирчид тив, дэлхийд өрсөлдөх бүрэн боломжтой гэдгийг Мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс харж болно. Бид стандарт ханан дээр ОХУ-д хоёр жил бэлтгэл хийж тэмцээнд оролцоод Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс энэ жил анхны мөнгө, хүрэл медалиуд авчирсан.

Н.Анужин: -Тийм шүү.Стандарт бүрэн ханатай болчихвол дэлхийн түвшинд өрсөлдөх боломжтой.

-Токиод 2020 онд болох зуны Олимпийн тоглолтод спорт авиралтын төрлийг анх удаа оруулахаар болсон. Олимпт оролцох бэлтгэл сургуулилт хэр явагдаж байна, ямар бэрхшээл байна вэ ?

Б.Эрдэнэцэцэг: -Олимпийн наадамд шинээр нэмэгдсэн төрөл юм. Хамгийн том бэрхшээл бол стандарт хана. Одоогоор манай тамирчид БНХАУ, ОХУ-ын Спорт авиралтын холбоодын хамтын ажиллагааны хүрээнд жилд 1-2 удаа 7-10 хоногийн хугацаатай хамтарсан бэлтгэл хийдэг. Зарим клубүүд өөрсдийн нөөц боломжоо ашиглан гадаадад илүү олон давтамжтай нэмж хамтарсан бэлтгэл хийж эхэллээ. Манай холбоо стандартад нийцсэн авиралтын хана барьж байгуулах талаар ажиллаж байна.

Н.Хэрлэн: -Өндөр ач холбогдол өгч одооноос бэлтгэл сургуулилтандаа анхаарч байна. Хамгийн том бэрхшээл гэвэл стандарт хана,мөн мэргэжлийн багш, дасгалжуулагч их дутагддаг. Зүйрлэж хэлбэл, хэрвээ би буудлагын тамирчин байлаа гэж бодоход буу байхгүй яаж бэлтгэл хийх билээ.Үүнтэй агаар нэг үүний дараагаар мэргэжлийн багш дасгалжуулагч аль ч спортод амжилтын түлхүүр нь байдаг шүү дээ.

Б.Ариунбаяр: -Спорт авиралт Олимпийн төрөл болсонд баяртай байдаг. Гэхдээ одоогоор Монголд Спорт авиралтын улсын шигшээ баг хараахан байгуулагдаагүй, тамирчдаа сонгоод Олимпт бэлтгэх орчин нөхцөл бүрдээгүй зэрэг бэрхшээл олон бий. Дотоодын тэмцээн, бэлтгэл хийдэг хана стандартын бус, намхан, цөөхөн барьцтай байдаг тул олон улсын тэмцээнд оролцохын тулд заавал гадаадад бэлтгэл хийх шаардлага гардаг. Шигшээ багтай болох нь чухал. Ингэснээр тамирчдын дунд илүү өрсөлдөөн үүсч, ур чадвар эрс сайжирна гэж боддог.

Н.Анужин: -Санал нэг байна. Говь-Алтай аймгийн Тонхил суманд удахгүй стандарт хана баригдана гэсэн сайхан мэдээ бий. Хэрвээ энэ хана ашиглалтад орчихвол бэлтгэл хийхэд мөнгө санхүү төдийгүй цаг хугацаа ихээр хэмнэнэ. Бид сэтгэл маш ихэд догдолж хүлээж байгаа.

-Спорт авиралтыг Монголд хөгжүүлэхэд юу хэрэгтэй гэж боддог вэ?

Б.Эрдэнэцэцэг: -Өмнө дурдсан дээр нэмж хэлэхэд монгол хүний бие бялдрын онцлогт тохирсон бэлтгэлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, материаллаг баазаар дэмжих нь хамгийн чухал.Ийм бэлтгэлийн хөтөлбөрт багтах элементүүдийн эрэл хайгуулыг бид байнга хийж байдаг.

Б.Ариунбаяр:-Юуны түрүүнд хурд, техник, боулдрингийн төрлүүдээр стандартад нийцсэн тус тусын ханатай болох хэрэгтэй байна.

Н.Анужин: -Мэдээж олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцож байж л өөрийн түвшингээ мэдэж бас ахиулж чадна.

-Азийн наадмын Спорт авиралтын тэмцээн хурд, боулдринг, техник гэсэн холимог төрлөөр зохиогдлоо. Өмнө нь манай улсын тамирчид гол анхаарлаа хурдны төрөлд хандуулж ирсэн. Ямар ялгаа мэдрэгдсэн бэ?

Б.Эрдэнэцэцэг: -Тийм ээ. Манай улсын Спорт авиралтын тамирчид Хурдны төрөлд илүү төвлөрч бэлтгэл сургуулилт хийж ирсэн уламжлалтай юм. Харин холимог буюу гурван төрлөөр анх удаа өрсөлдлөө.Холимог төрлийг бид их сонирхож байгаа.Токио 2020 Олимпт оролцох нэг төрөл гэж боддог. Энэ наадамд оролцсон манай хоёр тамирчин Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны Ерөнхий дасгалжуулагч, ОУХМ Ц.Хосбаяр багшийн удирдлага дор бэлтгэл хийсэн нь ихээхэн үр дүнтэй байлаа. Энэ завшааныг ашиглан Ц.Хосбаяр багшдаа Монголын нийт уулчид,тамирчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Н.Хэрлэн: -Энэ удаа бид холимог буюу гурван өөр төрлөөр дараалан уралдлаа.Зөвхөн хурдтай авирах бус дээр нь тэсвэр, мэдрэмж, ур чадвар гээд олон зүйлийг зэрэг шаарддагаараа онцлог байлаа. Бүгдийг сайн сурахад урт хугацааны системтэй бэлтгэл шаардагдана.

Б.Ариунбаяр: -Холимог төрлөөр уралдахын тулд их удаан хугацаанд хөдөлмөрлөнө.Хурдны төрлөөр дагнасан тамирчин зөвхөн хурд хийхэд анхаарах бол холимог төрөлд өрсөлдсөнөөр анхаарлаа гурван тийш хандуулж,үргэлж гурван бэлтгэл хийнэ гэсэн үг.

-Гурван төрлөөс аль нь хамгийн хэцүү санагдсан бэ. Яагаад?

Н.Хэрлэн: -Бүгд хүнд хамгийн хүнд нь Боулдринг байсан. Тархины сэтгэмж, хурд, тэсрэлт болон тэвчээр,тэнцвэрээ хадгалах, орон зайн баримжаа гээд олон зүйлийг тооцож шийдвэр гаргадаг төрөл юм.

Б.Ариунбаяр: -Надад хурдны төрөл илүү хэцүү санагдсан. Хурдны тамирчид их хүчтэй,тэсрэлттэй байх хэрэгтэй. Миний хувьд тэсвэр илүү хөгжсөн учраас тэгж санагдсан байх. Мөн сэтгэл зүй сайтай байх хэрэгтэй. Хурдны төрөлд сэтгэл зүй сул, сандрал ихтэйгээс өндөр зэрэглэлийн тамирчид барьцаа алдаж уралдааны замаас унах, гарааны дохионоос түрүүлж хасагдах тохиолдлууд олон гарч байсан.

Н.Анужин: -Миний хувьд Боулдринг илүү хэцүү байсан.

-Азийн орнуудын бусад тамирчдаас Монголын тамирчид юугаар дутуу байна, мөн юугаар илүүрхэж байна вэ?

Нэрлэн: -Дутуу зүйл гэвэл хурд,техникийн хувьд ихээхэн зөрүүтэй байгаа нь мэдрэгдсэн. Давуу тал гэвэл бидэнд мэргэжлийн багш дасгалжуулагч нарын зааж зааварласан зүйлийг гүйцэтгэхэд бэрхшээл харьцангуй бага учрах юм байна гэж бодогдсон. Азийн наадмын өмнө БНХАУ-д тэндхийн болон БНСУ-ын дасгалжуулагч нартай бэлтгэл хийхэд миний хурдны үзүүлэлт тооцоолж байснаас хурдан сайжирсан.

Б.Ариунбаяр: -Манай баг бусад орны тамирчдаас ур чадвар, техник,бэлтгэлжилтээр сул байсан хэдий ч сэтгэл зүй сайтай юм байна гэж санагдсан.

Н.Анужин: -Юуны түрүүнд хүчний дасгал сургуулилт их нэмж хийх хэрэгтэй санагдсан.

-Ийм том тэмцээнд тухайн тамирчин оролцоход хувийн бэлтгэлийг хэрхэн хангадаг вэ. Тухайлбал Азийн зарим орны тамирчдын дасгалжуулалт, бэлтгэл, хооллолт гээд тусгайлан ихэд анхаардаг гэсэн. Энэ талаар тамирчдын хувьд ямар бодолтой явдаг вэ?

Н.Хэрлэн: -Бидний хувьд байгаа боломжоо дайчлаад бэлтгэл хийдэг.Гадны өрсөлдөгчдийн хувьд Спорт авиралтын төрөл тус бүр дээр өөр өөр багштай тэдэнтэйгээ удаан хугацааны турш өндөр төвшний бэлтгэл хийдэг. Тэд их хөрөнгө мөнгө зарцуулж байна.Сая эзэн орон Индонезийн баг тамирчид л гэхэд сүүлийн хоёр жил дэлхийн топ амжилт гаргадаг орнуудад бүтэн багаараа бэлтгэл хийсэн.Дэлхийн хэмжээний нэг ч тэмцээнийг алгасалгүй оролцсон. Үр дүнд нь тэд сая өндөр амжилт үзүүлсэн. Алт,мөнгөн медалиуд хүртсэн байх жишээтэй. Тамирчдын бие халаалт, сэтгэл зүй,авиралт,сунгалт гээд бүх төрлийн дасгалжуулагч нар нь тус тусын чиглэлээр ажилладаг юм билээ.Тамирчин бүрт тааруулсан хооллолт, амралт, витаминжуулалттай.

Б.Ариунбаяр: -Бид том тэмцээнд оролцож байгаа учир жилийн турш бэлтгэлээ базааж,авиралтын багаж хэрэгсэл,хувцас зэрэг хувийн бэлтгэлээ сайтар хангаж оролцдог. Спорт авиралт өндөр хөгжсөн орнуудын тамирчид,багш дасгалжуулагч нар бүгд тамирчны эрүүл мэндэд ихээхэн анхаарал хандуулдаг нь ажиглагдаж байсан.Жишээ нь, Японы нэг тамирчны ард эмч, массажист, хувийн дасгалжуулагч, бичээч, зураглаач зэрэг бүхэл бүтэн баг ажиллаж байв.

Н.Анужин: -Тэмцээн дээр бэлтгэлээс дутуугүй сэтгэл зүй маш чухал гэж боддог.

-Уулын спортын уламжлалт төрөлд багтдаг спорт гэж ойлгодог. Энэ талаар тодруулж өгөхгүй юу?

Н.Хэрлэн: -Өндөр уулын авиралтын техникүүд ашигладаг,салбарлаж бие даан түргэн хурдацтай хөгжиж Олимпийн төрөл болсон.Олон улсын уулчдын холбоо/UIAA/-ноос Олон улсын спорт авиралтын холбоо/IFSC/ өрх тусгаарлаж байгуулагдсан түүхтэй юм билээ.Тэгэхээр тусдаа бие даасан төрөл гэх нь зөв болов уу.

Г.БАЯРЦЭЦЭГ