Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 04-нд болох үйл явдал

9.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Coal Mongolia” чуулга уулзалт-үзэсгэлэн эхэлнэ.

09.00 цагт Туушин зочид буудалд Монгол Улсад айлчлал хийж буй ОХУ-ын хоккейн холбооны ерөнхийлөгч Владислав Третьяк мэдээлэл хийнэ. Утас:80003580

09.40 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд “Мандал даатгал” компанийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлт болно. Утас:95953141

10.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд эрүүл мэндийн салбар дахь сул ажлын байрны мэдээллийг сурталчилах арга хэмжээ болно.

10.00 цагт ЭМЯ-нд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр”-т хамрагдсан 140 төлөөлөгчтэй уулзана. Утас: 99179899, 86885060

10.00 цагт Засгийн газрын XI байранд“Нийгэм дэх хүчирхийлэл:Эмэгтэйчүүдийн эрх” онол, практикийн бага хурал болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Төв аймгийн Заамар сумын иргэд “Эко алтан Заамар” компанийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. Утас: 91911692, 99817128

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Монголын соёлын ажилтны хөгжлийн эрин холбоо”-ноос Соёлын төвийн ажилтануудын их хурал зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд цагдаа нарын хууль бус үйл ажиллагааны талаар Баянзүрх дүүргийн иргэд мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Тэнгис” кино театрт “Монголын нууц товчоо түгээмэл эх” төслийн хүрээнд бүтээсэн “Монголын Нууц Товчоо” киноны нээлт болно.

Categories
мэдээ цаг-үе

Сэлэнгэ, Дархан, Улаанбаатарын зам эдийн засгийг сэргээхэд чухал үүрэгтэй

Сүүлийн үеийн их бороо Монголын томоохон асуудал болж хувирлаа. Авто зам уурссан тухай мэдээ тасраагүй байхад төмөр зам урссан тухай мэдээ олон нийтэд түгэв. Үүнд Засгийн газар онцгой ач холбогдол өгч, өөрийн эрх мэдлийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарыг шуурхай томиллоо. Шинэхэн сайд ч өөрийн хэрээр итгэл даахыг хичээж байгаа бололтой. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд сүүлийн үед иргэдийн шүүмжлэлд өртөөд байгаа Улаанбаатар-Дархан-Сэлэнгийн авто зам дээр Авто замын хөгжлийн төвийн дарга Р.Будтай хамт ажиллаа. Энэ нь Зам, тээврийн сайдын ажлаа авсны дараахь анхны орон нутгийн томилолт гэнэ. Хөдөөгийн сайдад их бороо гэдэг нь сайн бол Замын сайдад их бороо нь суудлыг нь булаах аюул дагуулна. Манайхан Дархан-Улаанбаатарын замыг хүн хөнөөдөг, мөнгө идсэн зам гэж ярьдаг. Үнэхээр тийм эсэхийг шалгаад тогтоочихсон баримт өнөөг хүртэл байдаггүй юм байна. Харин шинэ дэд сайд Л.Халтар үүнд эцсийн хариу өгөх зорилгоор газар дээр нь үзэхээр шийдсэн бололтой юм. Түүний шалгасан зам бол Монголын хүнсний хангамжийн маш чухал бүсийг дотоодын хамгийн том зах зээл болох нийслэлтэй холбодог зам. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засагт хамгийн том төмөр замын дараа орох авто зам. Мэргэжлийн хүний хувьд тэрээр юунаас эхлэхээ мэдэж байгаа аж. Гэхдээ дэд сайд маань зөвхөн асуудал үүсгэсэн авто зам дээр ажиллаагүй. Тухайн бүс нутгаар дайран өнгөрч байгаа улсын чанартай авто замын засвар арчлалтын ажлын явц, ургацын замын нөхцөл байдал, төмөр замын өртөөний үйл ажиллагаатай танилцах, орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийх, холбогдох үүрэг даалгавар өгөх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр ажилласан юм. Зам тээврийн осол гардаг 26 цэг байдгаас есөн цэгт хамгийн олон давтамжтай гэж судалгааны дүн гарчээ. Судалгааны дүнгээр бидний нэрлэж заншсанаар 52-ын даваа, 60 даваа, Шавартайн голын гүүр, Тахилтын даваа, Нарийн хөндий, Цайдмын хөндий, Хустайн даваа гэсэн цэгүүдэд хамгийн их осол гардаг юм байна. Шалтгаан нь өгсүүр даваатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал огцом эргэлттэй бөгөөд манайхан хурд хэтрүүлдгээс болдог аж. Өнгөрсөн долоо хоногоос Зам тээврийн хөгжлийн төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран хурд хэмжигчийг нэмж байршуулах, авто замын хөдөлгөөнт эргүүлийг тус хэсэгт ажиллуулах шийдвэр гаргасан гэнэ. Үүнтэй холбоотой шийдвэрийн биелэлт, хэрэгжүүлэх ажлын талаар ЗТХТ, Тээврийн цагдаагийн газар, тус чиглэлийн замын цагдаагийн удирдлагуудтай энэ үеэр уулзаж санал солилцож үүрэг чиглэл өгчээ. Гэхдээ энэ шийдвэрийг хэрэгжүүлэх төсөв мөнгө байхгүй. Одоогийн байдлаар замын эргүүл гэсэн нэртэй хүмүүсийг тарчигхан төсвөөр ажиллуулж байгаа юм байна

Тэр нь “Хөдөлгөөнт эргүүл” гэсэн өхөөрдөм нэртэй. Тэр замын дагуу амьдардаг иргэдэд тулгуурлана. Тэд зам дээр хурд хэтрүүлэх, техникийн бүрэн бүтэн байдал, согтуугаар жолоо барих, шинээр үүссэн замын гэмтлийг цаг тухайд нь мэдээлэх, замын тэмдэглэгээг хулгайлах зэрэг асуудалтай тэмцэнэ. Гэхдээ энэ асуудлыг албан ёсны болгох журам боловсруулахыг Буд даргад газар дээр нь үүрэг болгов.

Авто осол үүсэх бас гол шалтгаан бол техникийн бүрэн бус байдал. Энэ асуудалд дэд сайд багагүй анхаарал хандуулж байгаа нь ажиглагдсан. Авто замын цагдаагийнханы мэдээллээр бол өмнө нь замын цагдаагийн хэсгийн дэргэд авто засварын газар ажиллаж байсан юм байна. Цагдаагийнхан техникийн бүрэн бус автомашины жолоочид арга хэмжээ авахаас илүүтэйгээр аюулгүй байдлаа хангах зөвлөгөө өгдөг байсан гэнэ. Ингэснээр жолооч нар цагдаагийн шалгалтын хэсгийн ойр байгаа засварын газраас шаардлагатай сэлбэгийг авч, цааш амар тайван байдлаар аяллаа үргэлжлүүлнэ. Гэтэл нөгөө л монгол араншингаар “Цагдаагийнхан өөрсдийн бизнесээ зам дагуу шалгалтын цэгээр хийж байна” гэсэн хийрхлээс болж зам дагуу ажиллаж байсан засварын газар хаагджээ. Цагдаагийнхан ч үүнээс болж засварын газрыг хаасан гэнэ. Инээдтэй нь нөгөө шүүмжлээд байсан иргэд тухайн бүсэд засварын газар нээсэнгүй. Ингэснээр ослын тоо нэмэгдсэн үү гэхээс буураагүй нь лавтай. Цагдаагийнхан өмнөх зарчмаар хэнээс хамааралгүй засварын газар нээх санал тавьсан ч улстөрч дэд сайд болгоомжтойгоор “Жолооч нараас судалгаа авах хэрэгтэй” гэсэн болгоомжтой хариулт өгөв.

Үнэн хэрэгтээ цагдаагийн шалгалтын хэсгийн дэргэд байгуулагдсан засварын газрын түүх зүрх зүсмээр сонсогдсон. Нэгэн залуугийн төрөл төрөгсөд энэ замд осолд орж амиа алдсан юм байна. Тухайн үед машинд ямар нэгэн гэмтэл гарсан бөгөөд ойр хавьд ямарч засварын газар байхгүй тул хүрэх газраа гэмтэлтэй машинаар зүтгэсээр яваад амиа алдсан аж. Тэр залуу цагдаагийнхантай ямар ч холбоогүй. Дээр нь зам зуурын шаардлагатай сэлбэгийг ашиг олохгүйгээр жолооч нарт зардаг нь олны анхаарлыг татдаг аж. Цагдаагийнхан энэ тухай дэд сайдад хичээнгүйлэн учирлаж байсан ч юу ч хийдэггүй бай бүхнийг шүүмжлэгчдээс болгоомжилсон дэд сайд зориг орсон бололтой “Ажиллаад үз” гэх нь сонсогдов.

Цааш томилолтын багийнхан Сэлэнгэ аймгийг зорив. Аймгийн хил дээр Сэлэнгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ИТХ-ын төлөөлөгчид хүлээж авав. Тэдний энэ том хүндэтгэл ердөө ганц шалтгаантай. Тэр нь замаа сайжруулах. Сэлэнгийнхэн үеийн үед хэнээс ч гуйхгүй амьдарч ирсэн уламжлалтай. Социализмын үед Сэлэнгийнхэн гоё хүнсээр бялхаж байсан газар байхгүй. Тэд гахай, тахиа, талх тариа, загас, ногоо гээд тухайн үеийн Улс төрийн товчооныхноос илүү их тансаг зоогтой байсан хүмүүс. Өнөөдөр ч тэд ямар нэгэн юмаар гачигдаагүй гэнэ. Гэхдээ замын дэд сайдыг хүндэтгэлтэйгээр хүлээн авах шалтгаан нь авто зам. Тэд төрөөс хүсч байгаа зүйл нь чанартай зам. Тэдэнд Ерөнхий сайдаас илүүтэйгээр замын сайд чухал. Сэлэнгийнхэн социализмын үед зах зээлд орсон.

Тэдэнд зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн бэлэн. Тэдний зөгийн балаас эхлээд утсан загас, буриад талх чанар, үнээр дэлхийд өрсөлдөх чадвартай. Тус аймаг монгол гурилын 50 хувь, хүнсний ногооны 60 хувийг хангах чадвартай. Энэ нь манай эдийн засгийн 30 шахам хувьд дам нөлөө үзүүлнэ. Энэ нь нийслэлийн дараа орох эдийн засгийн бүс гэсэн үг. Гэтэл энэ том эдийн засгийн чадавхыг ашиглах, цаашдаа томруулахад муу зам саад болж байгаа аж. Ийм учраас л сэлэнгэчүүд замын сайдад “пялдагадсан” бололтой юм. Шинэ сайд ч энэ бол Сэлэнгэ, Улаанбаатарын зам биш, эдийн засгийг эрүүлжүүлэх зам гэж харсан бололтой “Удахгүй та нар сайн замтай болно. Сэлэнгэ, Дархан, Улаанбаатарын зам эдийн засгийг сэргээхэд чухал үүрэгтэй” гэснээр анхны томилолтоо дуусгав.


Categories
мэдээ цаг-үе

Эртний Вавилонд зөвхөн эрчүүд хумсаа буддаг байжээ

5000 жилийн өмнө вавилончууд хумсаа ингэж буддаг байжээ

Бидний нэрлэж заншсанаар хумсны лак буюу хумсны будаг нь эртний үүсэлтэй. МЭӨ 3200 онд эртний Вавилонд зөвхөн эрчүүд нь хумсаа буддаг байж. Вавилоны цэргүүд дайн тулааны өмнө хумсаа хар, ногоон өнгөөр буддаг байсан нь дайсандаа сүр хүчээ харуулж, зоригийг нь мохоодог хэмээн итгэдэг байсантай холбоотой. Тэгэхээр хумсны лакны эх үндэс, анхны зорилго нь дайснаа үргээх, айлгах байж шүү. Дайн байлдаанд мордохын өмнө хуяг дуулгаа бэлдэж, илд, чинжаалаа ирлэдэг шиг хумсаа будах нь тулааны өмнөх нэг чухал зан үйл болж үлджээ. Археологичид вавилон цэргүүдийн булшнаас хумс заслын элдэв багаж бүхий хайрцаг хэд хэдэн удаа олсон нь энэ бүхнийг нотолсон байна. Харин МЭӨ 3000 онд эртний Хятадад хумсны лак бага хэмжээний цехийн хэмжээнд үйлдвэрлэгдэн ихэс дээдэс, язгууртнуудын хэрэглээнд нийлүүлэгддэг байж. Хятадын язгууртнууд ихэвчлэн алтлаг, мөнгөлөг өнгийн будгаар хумсаа буддаг байсан бөгөөд гол найрлагад нь зөгийн лав, өндөгний цагаан, цардуул, хүнсний ногооноос гаргаж авсан будагч бодис ордог байж. Дараа нь улс төр, эрх мэдэл, албан тушаалын тэмцлээс үүдэж улаан, хар өнгөөр хумсаа буддаг болжээ.

Харин эртний Египтэд доод давхаргынхан бүдэг цайвар өнгөөр хумсаа буддаг бол язгууртнууд нь улаан, улаан хүрэн өнгөөр хумсаа будаж ургамлаас гаргаж авсан будгаар хенна зуруулдаг байжээ. Клеопатра хатан хаан хумсаа цусан улаан өнгөөр будаж бусдаас ялгардаг байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Ингэхээр хумсны лак гэдэг зүйл хүн төрөлхтний хувьд эртний гоёо, хэрэгцээ байжээ гэдэг нь дээрх баримтуудаас харагдаж байна. Занданшуулсан Фараоны хумсан дээр хенна зурсан байдаг нь хумс заслын урлагийн үүсэл болдог. Африк, энэтхэгт эмэгтэйчүүд мөн хеннагаар хурууныхаа үзүүрийг чимэглэдэг байсан нь үүнтэй ижил утгатай гэж үздэг.

Дэлхийн хамгийн үнэтэй хумсны будаг “Azature”

1920-иод оноос өнөөдөр хүмүүсийн хэрэглэж буй хумсны будагны найрлага эхэлжээ. Дэлхийн I дайны үед АНУ-д шинэ технологиор үйлдвэрлэсэн хумсны будаг маш их эрэлт үүсгэж дэгжин гэлтгүй бүхий л эмэгтэйчүүд уг будгийг таашаажээ. 1916 онд автомашины будагнаас санаа авч хумсны өнгөгүй будгийг анх гаргаж авсан бол 1932 онд “Revlon” компани өнгөтэй будагнуудыг зах зээлд нийлүүлжээ. Эмийн сан, их дэлгүүрүүдэд тусгай тамсагт “Revlon”-ий хумсны будаг байршиж, богино хугацаанд асар их орлогыг тус компани олжээ. Дэлхийн II дайны үед ч тус компанийн үйлдвэрлэл зогсоогүй, үйл ажиллагаа нь хэвийн явж байжээ. Ингэхээр хумсны будаг гэдэг бүсгүйчүүдийн хувьд ямар чухал хэрэгцээ вэ гэдэг нь харагдаж байна. Тэр их айдас хүйдэс, үхэл хагацал, өвчин зовлон, өлсгөлөн, ядуу тарчиг байдал дунд эмэгтэйчүүд хумсаа будсаар байжээ гэхээр гайхалтай биш гэж үү. Дэлхий дээр хумсны будагны олон мянган үйлдвэрлэгч бий. Үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Азатюр дотроо очир эрдэнийн найрлагатай хар өнгийн хумсны будаг зохиосон нь дэлхий хамгийн үнэтэй хумсны будаг гэгддэг. “Azature Black Diamond King” нэртэй уг лак нь дотроо 247 каратын очир эрдэнэтэй. Үнэ нь 250 мянган ам.доллар. Харин уг бүтээгдэхүүний жирийн хувилбар та 25 ам.доллараар худалдан авах боломжтой.

Эртний хятад язгууртан бүсгүй

Дэлхийн алдартнуудын хувьд гоо сайхны бүтээгдэхүүнүүд дундаас хамгийн их анхаарлаа хандуулдаг нь хумсны лак гэнэ. Учир нь улаан хивсний ёслол, алдартай ток шоуны үеэр үзэгчид, шүтэн бишрэгчидтэйгээ уулзахад гар барих, гараараа даллах зэргээр гарын хөдөлгөөн их оролцдог учир хумсны гоо сайхандаа хөрөнгө мөнгө их зардаг. Зарим алдартнууд хумс болоод гарынхаа арьсны элдэв асуудлыг далдлах гэж бээлий өмсдөг байсан нь 1980-аад оны сүүлчээс моданоос гарсан. Тийм ч утгаар алдартнуудын зайлшгүй хэрэгцээ нь хумсны будаг юм. Жишээ нь, Их Британийн хатан хаан II Элизабет “Essie Ballet Slippers” хумсны будгийг хэрэглэдэг. Цайвар ягаан, тоорын бүдэг өнгөтэйг нь хатан хаан сонгодог бөгөөд энэ өнгө нь хумсыг будаагүй мэт харагдуулдаг. Нөгөөтэйгүүр хумсанд тэжээл өгч, эрүүл харагдуулдаг онцлогтой юм байна. Алдартнууд нэг удаа хумсны салонд очоод дунджаар 2000 ам.доллар зарцуулах нь хэвийн үзэгдэлд тооцогддог.

Вавилоны дайчин

хид бүсгүйчүүд хумсаа байнга будахаас түвэгшээж гелэн хумс, гелэн будгийг илүүтэй сонгох болсон. Энэ нь цаг завыг хэмнэх ашиг тустай боловч хүний эрүүл мэндэд асар хортойг мэргэжлийн эмч нар зөвлөдөг.

Харин түүний оронд хумсны будаг нь илүү найдвартай бөгөөд эрсдэл бага. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хумсны лакны химийн хүчтэй найрлагуудаас аль болох татгалзаж, сөрөг нөлөөллийг нь багасгасан, хумсанд тэжээл өгч хамгаалж, ургалтыг нь дэмждэг эмчилгээний зориулалттай будгийг санал болгодог болсон.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Хийн хоолой гэх хий хоосон зэрэглээнээс болж Америк авгаа гомдоох хэрэг байна уу?” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Хийн хоолой гэх хий хоосон зэрэглээнээс болж Америк авгаа гомдоох хэрэг байна уу? ” хэмээх нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт УИХ-ын дарга М.Энхболд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов хэмээв.

Монголын шүүх дампуурсан нь 39 удаа хойшилсон Ноён уулын шүүх хурлаас харагдаж байна гэж “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Улс төр” нүүрт Д.Шүрхүү: БНХАУ эртнээс манай орны баруун бүс нутгийг ихээхэн сонирхож ирсэн гэв.

“Эмч” нүүрт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг: Удаан хугацаанд депресстэй явах нь амиа хорлолтын гол шалтгаан болдог хэмээжээ.

“Эдийн засаг” нүүрт Монголын бизнесийн зөвлөлийн үйл ажиллагаа хариуцсан захирал П.Чимэдням: Эрдэс баялгийн салбар дэлхийд гарах боломжтойг харуулах гэж “Дисковер Монголиа”-г зохион байгуулж байна гэжээ.

“Ном унших уу, кино үзэх үү” гэж “Танин мэдэхүй” нүүрт өгүүллээ.

АНУ-д дахин халдлага гарлаа хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ.

“Дуулианы эргэн тойронд” нүүрт Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг П.Орхонд допинг өгч хорлосон гэх яриа ямар учраас гарах болов гэлээ.

“Өөрөөс нь” нүүрт Боловсрол соёл , шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын хүрээлэнгийн захирал, боловсрол судлалын доктор П.Лхагвасүрэн: Боловсролын брэндлэг чанарт анхаарлаа хандуулах хэрэгтэй гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Барилга дээр ажиллаж байсан хоёр эмэгтэй амиа хорлохыг завджээ

16 давхар барилга дээрээс хоёр эмэгтэй үсэрч амиа хорлох гэж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ.

Тодруулбал, 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 хороонд баригдаж буй “Буман” компанийн барилгын 16 давхар дээрээс Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд оршин суух хаягтай эмэгтэй 31 настай “А”, эмэгтэй 34 настай “Л” нар үсрэх гэж байжээ. Тэд “Барилга дээр 2018 оны гуравдугаар сараас эхлэн ажилласан боловч нэг ч удаа цалин өгсөнгүй” гэх шалтгаанаар амиа хорлох гэж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн барилгын захиалагч нь “Буман” компани бөгөөд тухайн амиа хорлохыг завдсан хоёр эмэгтэй ажилтан нь гүйцэтгэгч компанийн ажилчид аж. Гүйцэтгэгч компани нь захиалагчаас мөнгөө авчихаад ажлаа дуусгаагүй бас ажилчдынхаа цалинг олгоогүй гэнэ.

Categories
мэдээ спорт

“Ногоон бэрс” шатрын клуб нээлтээ хийлээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгт “Ногоон бэрс” шатрын клубыг тохижуулж өгчээ.

Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах энэхүү цэцэрлэг нь 280-500 хүүхдийн багтаамжтай улсын хэмжээнд хамгийн том цэцэрлэг юм.
“Ногоон бэрс” шатрын клубыг нээх арга хэмжээнд Монголын шатрын холбооны удирдлагууд, цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.
“Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлэхдээ “Улс орны хөгжил иргэдийн боловсролтой шууд хамааралтай. Боловсролтой иргэнийг төлөвшүүлэхэд цэцэрлэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ч өнөөдөр бяцхан үрсийнхээ ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийж, шатрын клубыг нээж өглөө. Одоогоор “Ногоон бэрс” клубээ гурван цэцэрлэг, нэг сургуульд нээсэн. Багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд их талархаж хүлээж авч байгаад баяртай байна. Цаашдаа ч олон сургууль, цэцэрлэгт шатрын клуб нээх төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг шатрын спортыг дэмжиж, иргэдийн хүртээл болгох зорилгоор “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэн Баянзүрх дүүргийн 1700 өрхийг шатаржуулаад байна. Жил бүрийн хавар, намрын улиралд өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалаар “Ногоон бэрс” шатрын тэмцээнийг зохион байгуулдаг юм.

Categories
мэдээ нийгэм

Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замыг шинэчлэнэ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэрийг гаргалаа. Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замын эвдрэл гэмтэл ихэсч, зорчих хөдөлгөөн саарснаар түгжрэл байнга үүсч иргэдийг бухимдуулах болсон. Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх төсөл удахгүй эхлэх ч хотын зүгээс энэхүү замыг яаралтай засч сайжруулах шийдвэрийг гаргасан байна.

Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км автозамыг засах ажлын хүрээнд Богд уулын арын замын нийлэх уулзварыг мөн өргөтгөх юм. Ингэснээр зорчих урсгал нэмэгдэж, автомашины түгжрэл багасах аж. Мөн засварын ажлын хүрээнд Баянзүрхийн товчоог буулгаж, зам засварын ажил дуустал замын хураамж авахгүйгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм. Ингэснээр автомашины хөдөлгөөний эрчим нэмэгдэх аж. Замыг засварлахдаа автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, зам хаахгүйгээр түр зам хийх замаар шийдвэрлэхийг хотын дарга холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож, ажлыг яаралтай эхлүүлэхийг даалгасан юм.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг богино хугацаанд зохион байгуулахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт үүрэг болгосон.

Өнөөдөр хотын удирдлагууд газар дээр нь очиж, газаар чөлөөлөлт хийгдэх хэсэг, замын трас зэрэгтэй танилцжээ.

Categories
мэдээ спорт

“Талын хөх чононууд” талбай дээрээ эхний хожлоо авлаа

Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ баг нутагтаа болж буй “Зүүн Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээн”-ий эхний тоглолтоо өчигдөр Макаогийн эсрэг хийж 4:1-ээр хожлоо.

Манай шигшээ багийн залуус талбай дээрээ илүү тоглолтыг үзүүлсээр эхний үеийн 39’ дэх минутад С.Ганхуягийн гоолоор тэргүүлээд эхэлсэн. Хагас хамгаалагч М.Төгөлдөрийн алсын зайнаас цохисон цохилтыг эсрэг багийн хаалгач хаасан ч ойж гарч ирсэн бөмбөгийг С.Ганхуяг нэмж гоол оруулсан.

Нэгдүгээр үеийн цаг дуусах мөчтэй зэрэгцэн Ж.Сүндорж шууд чөлөөт цохилтоос хаалганы баруун дээд буланд гоолыг оруулсанаар манай шигшээ хоёр гоолын илүүтэй болж ирэв. Гэсэн ч хоёр гоол оруулаад тайвширч болохгүйг Макаогийн залуус анхааруулж 49 дэх минутад тоог 2:1 болгон ойртууллаа.

Тоглолтын үр дүн эргэж болзошгүй эгзэгтэй мөчид, 71’ дэх минутад сэлгээгээр орж ирсэн Б.Балжинням ердөө гурван минутын дараа хувийн ур чадвараар гоол оруулж, манай баг дахин хоёр гоолын илүүтэй болов. Шигшээ багийн туршлагатай довтлогч Н.Наранболд 82’ дахь минутад мөргөж гоол оруулсан нь тоглолтын эцсийн цэг байлаа.

“Талын хөх чононууд” Макаогийн хаалгаруу чиглэсэн 23 цохилт гүйцэтгэж дөрвөн гоол оруулсан бол эсрэг баг нэг цохиж, нэг гоол оруулсан байна. 90 минутын турш үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж гайхалтай тоглолт үзүүлсэн Монголын шигшээ багийн залуус тэмцээний хоёр дахь тоглолтоо энэ сарын 04-ний 17:00 цагаас Умард Марианы Арлуудын эсрэг тоглоно.

Categories
мэдээ нийгэм

Чихрийн шижингийн шалтгаант нүдний хүндрэлийн талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн яамнаас Монголын нүдний эмч нарын нийгэмлэг, Монголын диабетийн холбоотой хамтран “Чихрийн шижингийн шалтгаант нүдний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, харааны гажгийн эрт илрүүлэлт, харааны шилний тусламж, үйлчилгээний талаар туршлага солилцох олон улсын уулзалт”-ыг зохион байгууллаа.

Уулзалтад Эрүүл мэндийн яамны нүд, дотор судлалын мэргэжлийн салбар зөвлөл, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн диабетийн холбоо, Монголын нүдний эмч нарын нийгэмлэг, Монголын диабетийн холбоо, АШУҮИС, Орбис ОУ-ын байгууллага, БНХАУ-ын Сохорлоос сэргийлэх “He eye” байгууллага, Хараа зүйн ОУ-ын байгууллагын төлөөлөл оролцон, бодлого, тогтолцоо, үйл ажиллагааныхаа талаарх туршлага, мэдээлэл солилцлоо.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Төв аймгийн Баяндэлгэр сумын үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын чихрийн шижингийн шалтгаант нүдний хүндрэлийн үеийн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэлт, тогтолцоог боловсронгуй болгох, харааны гажгийн эрт илрүүлэлт, харааны шилний тусламж, үйлчилгээг сайжруулахад цаашид хамтран ажиллах чиглэлийг тогтоох зорилгоор Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн удирдлагуудтай зөвлөлдөх зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

Г.Адъяа: Багш нар ажил хаялтаа үргэлжлүүлнэ

Өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын ажил хаялтын талаар хэвлэлийн хурал хийлээ.

Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаГ. Адъяагаас тодрууллаа.

-Багш нарын ажил хаялт тогтсон хязгаарыг даваад байгаа юм биш үү. Ажил хаялтаас болж хүүхдийн эрх ашиг зөрчигдсөөр байх уу?

-Хөдөлмөрийн хуулийн 10 бүлгээр тийм хязгаарт ажил хаяна гэдгийг хуулиар зохицуулаагүй. Олон улсын хуулиар ч мөн адил. Ямар үед ажил хаялтанд хүрч болох вэ гэдгийг хөдөлмөрийн хуулийн 119-р зүйлд зааж өгсөн байдаг. Ажил хаялт эхлэх мэдэгдэл авсан ажил олгогч нар нийгмийн амгалан тайван байдал, хүүхдийн аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг авсан байх ёстой. Яагаад гэвэл ажил хаялтанд нэгдэнэ гэдгээ хуулийн хугацаанд мэдэгдчихээр хэрэглэгчийн хооронд ямар нөхцөл байдал үүсэхээс сэргийлж чадна.

-Нийслэлийн хэмжээнд нийт хэдэн сургууль, цэцэрлэг ажил хаясан бэ?
-Нийслэлийн хэмжээний 114 ерөнхий боловсролын сургуулиас 86 сургууль, 192 цэцэрлэгээс 89 цэцэрлэг, Шинжлэх ухааны академийн 12 хүрээлэнгээс 12 хүрээлэн ажил хаяна гэдгээ албан ёсоор сургууль цэцэрлэг,шинжлэх ухааны академи салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоогоор дамжуулж бидэнд мэдэгдсэн.

-Ямар тохиролцоонд хүрсний дараа ажил хаялт зогсох вэ?

– Цалин хөлсийг нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт удаа дараа хүргүүлсэн. Энэ хүрээнд найман хувийн нэмэлт үүсгэх шийдвэрийг хэлэлцээрээс гадуур гаргасан. Салбарын хэмжээнд ярилцаад ямар шаардлагыг багш нар гарган түүнийг үйлвэрчний эвлэл төлөөлж оролцоно. Урьдчилсан байдлаар багш нар цалингаа 15 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг боловсролын яаманд хүргүүлсэн. Энэ шаардлагыг хүлээж авах хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ.

Одоогоор инфляцийн түвшин 40 гаруй хувиар өссөн. Гэтэл багш нарын цалинг найман хувиар нэмэх болсон нь тус салбарынхныг ажил хаялтын хэлбэр рүү шууд түлхэн оруулж байна. Хэрвээ жил бүхэн инфляцийн хувь хэмжээг харгалзаад цалин хөлсийг нэмэгдүүлдэг байсан бол ийм өндөр хэмжээний хуримтлал үүсэхгүй байх байсан.

-Цалингаа олигтойхон нэмбэл чанартай хичээл заана гэж багш нар ярьж байна. Тэгвэл одоо чанаргүй боловсрол олгоод байгаа юмуу?
-Боловсролын салбарыг тэргүүлэх салбар байлгахын тулд багш нарын цалинг зохистой түвшинд шийдэж өгөх ёстой. Чанаргүй боловсрол олгож байж цалин ярилаа гэж биднийг шүүмжилж байна. Чанартай боловсрол байхгүй байхад одоогийн цалинтайгаа байж л байг гэж хэлж болохгүй. Боловсролын сайдын хэлж байгаагаар гудамжаар дүүрэн багшийн сургууль төгссөн хүн байна гэх юм. Энэ бол харин ч эсрэгээрээ чанарыг нь улам доошлуулж буй хэрэг.

Харин ажиллаж байгаа багш нараа улам сайжруулаад цалин хөлсийг нь нэмэгдүүлэх ёстой.

-Орон нутгаас хэдэн сургууль ажил хаялтанд нэгдсэн бэ?

-Энэ чиглэлээр хоёр ажлын хэсэг ажиллаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй өгнө.

Б.ОЮУНЖАРГАЛ