Categories
мэдээ нийгэм

Автобусны жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зааж байна

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтэс хамтран Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нарт сургалт хийж байна.

Жолооч нарт замын хөдөлгөөнд аюулгүй хэрхэн зөв оролцох, зөрчил гаргасан тохиолдолд камерын тусламжтай хэрхэн хянаж торгуулийн арга хэмжээ авдаг. Мөн замын хөдөлгөөний хэт ачаалал ямар шалтгаануудаас болж үүсдэг талаар ойлголт өгч байгаа аж. Нийтийн тээврийн жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй гэсэн шүүмжлэлд байнга өртдөг билээ.

Categories
мэдээ нийгэм

Отор нүүдэл хийх талаар зөвлөмж, анхааруулга хүргүүллээ

Аймаг дундын отрын бүс нутгуудад мал өвөлжүүлэх, отор нүүдлийн зорилгоор мал дамжин өнгөрүүлэх туурын замыг тогтоох чиглэлээр Мал эмнэлгийн ерөнхий газраас зөвлөмжийг хүргүүлсэн юм. Уг зөвлөмжийн дагуу гоц халдварт өвчин гараагүй тайван эрүүл аймаг, бүс нутгаас отрын бүс нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн хийх тохиолдолд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас малчид, мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад анхааруулж байна. Үүнд;

  • Мал өвөлжих, отор нүүдэл хийх аймаг, бүс нутгийг урьдчилан тогтоож холбогдох аймгуудын удирдлага, мэргэжлийн байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлэх;
  • Шилжилт хөдөлгөөн хийлгэж буй эхний цэгийн харьяалах Засаг дарга (аймаг, сум) шилжин очих эцсийн цэгийн харьяалах Засаг дарга (аймаг, сум)-тай харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх
  • Отрын бүс нутагт мал өвөлжиж харьяалах орон нутаг руугаа нүүдэл хийх үедээ мал хорогдсон тохиолдолд сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх зардлыг хариуцах эзнийг харилцан тохиролцож буй аймгуудын Засаг дарга нарын гэрээнд тодорхой зааж өгөх;
  • Тухайн орон нутгийн гэрээт мал эмнэлгийн нэгж нь отор нүүдэл хийхээр төлөвлөж буй өрхийн мал сүрэгт эмнэлзүйн шинж тэмдгийн үзлэг, тандалт хийж, халдварт өвчний холбогдолгүй болохыг баталгаажуулж, тодорхойлолт олгосон байх;
  • Нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийж буй өрхийг малын гоц халдварт шүлхий, бог малын мялзан өвчин гарч, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж буй аймаг, сумдын нутгаар дамжин өнгөрүүлэхгүй байх маршрутыг урьдчилан тогтоож өгөх;
  • Шүлхий өвчин гарч, вакцинжуулалтад хамрагдаж байсан аймгийн отрын бүс нутагт мал өвөлжүүлж, оторлуулах тохиолдолд нүүдэл хийн очиж буй тухайн өрхийн мал сүрэгт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуултад хамрагдсан, дархлааны үргэлжлэх хугацаанд байгаа эсэхийг харьяалах сумын мал эмнэлгийн байгууллагаар тодорхойлолт гаргуулсан байх;
  • Бог малын мялзан өвчин гарч, вакцинжуулалтад хамрагдаж байсан аймгийн отрын бүс нутагт мал өвөлжүүлж, оторлуулах тохиолдолд нүүдэл хийн очиж буй тухайн өрхийн мал сүрэгт бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуултад хамрагдсан, дархлааны үргэлжлэх хугацаанд байгаа эсэхийг харьяалах сумын мал эмнэлгийн байгууллагаар тодорхойлолт гаргуулсан байх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана уу.
Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга М.Энхболд гурван сургуулийн “Эрдмийн баяр”-ын нээлтэд оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын дунд сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Төв аймаг дахь МСҮТ-ийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт, “Эрдмийн баяр”-ын арга хэмжээнд оролцлоо.

Батсүмбэр сум 7000 шахам иргэнтэй, Монгол Улсын томоохон сумдын нэг. 12 жилийн сургалттай дунд сургуульд 1000 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд энэ жил нэгдүгээр ангид 158 хүүхэд элсэж байна.

Сургуулийн захирал А.Эрдэнэбат 2018 онд тус сургуулийг төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтад үзүүлсэн дүн өсөж, аймагтаа хоёрдугаар байр эзэлснийг онцлов. Түүнчлэн энэ жил хичээлийн “Б” байрны өргөтгөлийг бүрэн хийж, УИХ-ын дарга М.Энхболдын дэмжлэгээр 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 160 хүүхдийн дотуур байрны шинэ барилгын ажил эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга М.Энхболд эрдэм боловсролтой зөв иргэн төлөвшүүлэх үйлстээ хичээн шамдаж, эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахыг багш сурган хүмүүжүүлэгчдэд захиж, сурлага, урлаг, спортын өндөр амжилт үзүүлж, эх орныхоо жинхэнэ эзэн нь болж өсөж хүмүүжихийг багачуудад ерөөв. Тэрбээр тус сургуульд 5.8 сая төгрөгийн, цэцэрлэгт 600 мянган төгрөгийн сургалт, хүмүүжлийн ажлын тоног төхөөрөмж өгөх Батламж гардууллаа.

ХААИС энэ жил 60 дахь хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

Анх малын эмч, зоотехникч, агрономич гэсэн 3 мэргэжлээр хөдөө аж ахуйн салбарын дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байсан тус сургууль өдгөө 5 бүрэлдэхүүн сургууль, 4 хүрээлэн, үйлдвэрлэлийн нэгжүүдтэй, 1000 гаруй багш, эрдэм шинжилгээний ажилтан, 10.000 гаруй оюутантай, дотооддоо төдийгүй олон улсад нэр хүндтэй томоохон их сургууль болжээ.

Тус сургуулийн 5 сургуулийн 2 нь олон улсад магадлан итгэмжлэгдэж, дэлхийн их, дээд сургуулийн чансаанд эзлэх байраа сүүлийн 4 жилийн дотор 6000 орчим байраар урагшлуулж, Монгол Улсын их, дээд сургуулийн багш нарын цалингийн дунджаас тус сургуулийнх хамгийн өндөр хэмжээнд хүрээд байгааг нээлтийн үеэр ХААИС-ийн ректор, доктор, профессор Т.Хэрүүга тэмдэглэлээ.

Тус сургууль БСШУСЯ-наас дэвшүүлж буй зорилго зорилттой уялдуулан энэ хичээлийн жилийг “Оюутны хөгжил-чанарын шинэчлэлийн жил” болгон зарлаж, “Оюутны хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр хэллээ.

Нээлтийн арга хэмжээнд оролцсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дээд боловсролын чанарыг сайжруулж, төгссөн оюутан нь эзэмшсэн мэргэжлээрээ богино хугацаанд ажилд зуучлагддаг, төгсөгч бүр ажлын байртай байх энгийн хэрнээ тодорхой, хамгийн эрхэм зорилтыг хангахын төлөө та бид ажиллах ёстой гээд, оюутны хөгжлийг дэмжих зээлийг сургуулиар нь дамжуулан олгох болсон, хүссэн оюутан зээлд хамрагдах боломж бүрдсэн баяртай мэдээг оюутнуудад дуулгав.

УИХ-ын дарга М.Энхболд эх орондоо үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйлсэд ХААИС-ийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа онцлоод, ДНБ-ий 20 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг хөдөө аж ахуйн салбарыг өндөр мэдлэгтэй, хөдөлмөрийн зах зээлийн болон ажил олгогчийн эрэлт хэрэгцээг хангасан шилдэг мэргэжилтнээр хангах үйлстээ их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Тэрбээр дараа нь Төв аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд зочиллоо. Гучин ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус сургууль өнгөрсөн хугацаанд 10.000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргажээ. Энэ хичээлийн жилд тус сургуульд 11 мэргэжлээр 230 шахам оюутан суралцах аж. МСҮТ-ийн захирал Б.Жаргалмаа сургалтын орчныг сайжруулж, суралцагчдын бүтээлч идэвхийг өрнүүлэх, сургалт дадлагын чанарыг эрхэмлэж, улмаар Политехник коллеж болох зорилттой байгаагаа энэ үеэр дуулгалаа.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсад МСҮТ-ийн үндэс суурь 1923 оноос тавигдаж, чухамхүү энэ үеэс мэргэжилтэй ажилчдыг өөртөө бэлтгэж эхэлсэн бөгөөд энэ салбарын сургалтын байгууллагыг төгссөн олон зуун мянган мэргэжилтэн эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, алдар гавьяагаа дуурсгаснаар бахархаж явдгаа илэрхийлэв.

Тэрбээр чанарын шаардлага хангасан өндөр мэргэшлийн мэргэжилтэн бэлтгэх, орон нутгийн эрэлт хэрэгцээ, хөгжлийн чиг хандлагад мэргэжил, сургалтын үйл ажиллагаагаа уялдуулах нь чухал байгааг тэмдэглээд багш, оюутнуудад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэв.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд УИХ-аас энэ онд батлан гаргасан “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль” хэрэгжиж эхэлсэн анхны хичээлийн жил тохиож байгааг очсон газар бүртээ онцолж, энэ хуулийг ягштал хэрэгжүүлэн, багш нарын цалин хөлс, нийгмийн асуудлыг сайжруулах, тэдний мэргэжил боловсролоо дээшлүүлэх, хөгжих боломжийг бүрдүүлэхэд бүх шатны төр, засгийн байгууллага онцгой анхаарах ёстойг тэмдэглэж байлаа.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

“Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт” эрдэм шинжилгээний бага хуралд оюутан, судлаачдыг оролцохыг урьж байна

Хүнсний аюулгүй байдлыг хангах нь салбарын төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, мөн судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ажлын уялдаа, хувийн хэвшлийн санаачилга, идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал асуудал юм. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан “Хүнсний аюулгүй байдал” ЭШБХ-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн А-51 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн.

Бага хурлыг зохион байгуулснаар:

  • Хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг зохих ёсоор үнэлэх;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх;
  • Төрийн захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх;
  • Хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон нийтэд сурталчлан таниулах;
  • Хүнсний салбарын боловсон хүчнийг бодлогын түвшинд бэлтгэх, салбар дундын уялдааг хангах зэрэг олон талын ач холбогдолтой.

“Хүнсний аюулгүй байдал-2017” ЭШБХ-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын Хүнсчдийн холбоотой хамтран 2017 оны 10 дугаар сарын 16-нд зохион байгуулсан. Хуралд Хөдөө аж ахуйн их сургууль, түүний харьяа хүрээлэнгүүд, Дархан дахь салбар сургууль, Шинжлэх Ухааны Академийн Хими, хими технологийн хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, мөн Дорноговь аймаг дахь салбар, “Идэр” их сургууль, Хүнсний технологийн дээд сургуулийн төлөөлөл болсон нийт 33 оюутан, судлаач илтгэлээ ирүүлж оролцсон юм. Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

“Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт-2018” эрдэм шинжилгээний бага хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоотой хамтран 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09.00-17.00 цагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд зохион байгуулах тул тус хуралд оюутан, судлаачдыг оролцохыг урьж байна. Хуралд ирүүлэх илтгэлийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цагаас өмнө batbaatar@mofa.gov.mnцахим хаягаар ирүүлнэ үү. Утас: 51-261962.

Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага, илтгэлийн хураангуй, бичлэгийн стандарт

Бага хуралд ирүүлэх илтгэлд дараах ерөнхий шаардлага тавигдана:

  • Судалгаа нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, тодорхой онол, арга зүйд үндэслэсэн байх;
  • Практик ач холбогдолтой байх;
  • Нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай;
  • Судалгаа, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн байх.

Бага хурлын илтгэлийн хураангуй дараах бүтэцтэй байна:

  • Илтгэлийн нэр;
  • Илтгэгчийн нэр;
  • Удирдагчийн нэр;
  • Үндэслэл;
  • Зорилго;
  • Зорилт;
  • Судалгааны арга зүй;
  • Үр дүн;
  • Дүгнэлт;
  • Түлхүүр үг.

Бага хурлын илтгэлийн бичлэгт дараах стандарт шаардлага тавигдана:

  • Илтгэл нь А4 хэмжээтэй 3-4 нүүрэнд багтсан байна;
  • Илтгэлийг зөвхөн “Unicode” ашиглан “Arial” фонт дээр 12pt үсгийн өндрийг сонгон бичсэн байна;
  • Илтгэлийг А4 цаасан дээр хуудасны дээд, доод талаас 2 см, зүүн талаас 3 см, баруун талаас 1.5 см зайг үлдээж бичнэ /header, footer, footnote ашиглахгүй/;
  • Мөр хоорондын зай 1.15 sp байна;
  • Илтгэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр байна.

Шагналын сан

Судлаач:

  • Тэргүүн байр: Сайдын батламж, 1 сая төгрөг.
  • Дэд байр: Өргөмжлөл, 500 мянган төгрөг.
  • Тусгай байр: Өргөмжлөл, 200 мянган төгрөг.

Оюутан:

  • Тэргүүн байр: Сайдын батламж, 300 мянган төгрөг.
  • Дэд байр: Өргөмжлөл, 200 мянган төгрөг.
  • Тусгай байр: Өргөмжлөл, 100 мянган төгрөг.

Монголын Хүнсчдийн холбооны нэрэмжит шагнал.

Шалгаруулалтыг холбогдох төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Эхний найман сарын байдлаар 68,7 тн хүүхдийн тоглоом импортолжээ

МХЕГ-аас хүүхдийн тоглоом импортлогч болон улсын байцаагчдад “Импортын хүүхдийн тоглоомын эрүүл ахуйн хяналт, анхаарах асуудал” сэдвээр өнөөдөр сургалт зохион байгууллаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас импортоор орж ирж буй хүүхдийн тоглоомд холбогдох хууль, журам, стандартын дагуу хяналт шалгалтыг хийдэг бөгөөд бичиг баримтын шалгалт, биет үзлэг хийж лабораторийн шинжилгээнд хамруулдаг. 2017 онд нийт 10 улсаас 39 ААН, 27 иргэн 182,7 тн тоглоом оруулж ирсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар 31 ААН 68,7 тн хүүхдийн тоглоом импортлоод байна.

“Төрийн хяналт-Иргэн таны төлөө” аяны хүрээнд зохиогдож буй уг сургалт нь хүүхдийн тоглоомийн эрх зүйн орчин, аюулгүй байдал, хяналт шалгалтын талаар импортлогчдод мэдээлэл өгч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохиогдож байгаа юм.

Хяналт шалгалтаар илэрч буй зөрчлийн талаар тоглоом ипмортлогч аж ахуйн нэгжүүдэд танилцуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

113 дугаар сургууль даацаасаа гурав дахин их сурагчтайгаар хичээлийн шинэ жилээ эхлүүллээ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ жилийн хичээлийн шинэ жилийн нээлт бямба гаригт таарлаа. Бид хичээлийн шинэ жилийн нээлтийг сурвалжлахаар 113 дугаар сургуулийг зорьж очлоо. Баянгол дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт 2009 онд байгуулагдсан сургууль юм байна. Амралтын өдөр таарсан учраас нэгдүгээр ангийнхан 30 минут хичээллээд тарцгаана гэсэн зар түгсэн байлаа. Хэдий хичээл нь ороогүй ч гэлээ ахлах, дунд ангийн сурагчид ч хичээлийн эхний өдөр сургуульдаа ирцгээжээ. Зуны гурван сар хол байсан болохоор анги ангиараа тойрч зогсоод инээд хөөр болцгоосон хүүхдүүд хаа сайгүй. Сургуулийн захирал Д.Намгар хичээлийн шинэ жилийг нээн үг хэлсний дараа сурагчдын урлагийн номерууд үргэлжлэв. Урлагийн тоглолтын дараа төрийн дуулал эгшиглэснээр нэгдүгээр ангийн шинэхэн сурагчид багшдаа хөтлүүлсээр сургуулийн үүдээр орлоо.

Энэ жил 113 дугаар сургуульд 280 хүүхэд нэгдүгээр ангид элсчээ. Нэгдүгээр ангийн зургаан бүлгийн нэг ангид 4550 хүүхэд сурч байгаа аж. Бид “1а” ангийг даган ангид нь орлоо. Сургууль руугаа орохдоо ээждээ хоргодон эргэн харсаар явсан Г.Мишээл охин ангидаа оронгуутаа уйлж гарлаа. Багшдаа өгөх гэж авчирсан цэцгээ тас тэвэрчихээд “Ээж минь хааччихав аа. Ээжийг маань аваад ир” гэж арав гаруй минут уйлсан охиныг багш нь аргадаж байж дуугүй болгов. Эдний ангийн багшийг Ч.Цэцэнбилэг гэдэг аж. Сандлынхаа учрыг ч олохгүй зургаан настангуудыг сандалд нь суулгахаас Ц.Цэцэнбилэг багшийн ажил эхэллээ. Г.Мишээл шиг ээж, аавыгаа нэхсэн нулимстай нүдтэй нөхөд арав гаруй байна. Ном сурах гэж ирсэнээ ч анзаарах завгүй гүйлдэн харайлдаж, инээж хөхөрсөн хүүхдүүд ч харагдав. Цэцэрлэгээс ялгаагүй шуугьсан, уйлсан, инээсэн, хөгжилдсөн “1а” ангиас гарахад сургуулийн коридороор дүүрэн аав, ээжүүд. Нэгдүгээр анги бүрийн хаалганы гадаа хүүхдүүдээ ярьсан аав, ээжүүд зогсч байв. Тэд нэг нэгээрээ ангийн хаалгаар шагайж, хүүхдээ хайна. Гучин минутын хичээл дуусч ээж, аавууд анги руу орлоо. Уйлж байсан Г.Мишээл шинэ найз, нөхөдтэй болж бусадтайгаа тоглон инээж байв.

“1а” ангийн багш Ч.Цэцэнбилэг 23 дахь жилдээ багшилж байгаа гэнэ. Тэрбээр өнгөрсөн жил Боловсролын тэргүүний ажилтнаар шалгарчээ. Ч.Цэцэнбилэг “Нэг ангийн 30 сурагчдад бүгдэд нь анхаарч, нэг бүрчлэн тулж ажиллаж чадна. Харин 45 сурагчид бүгдэд нь анхаарахад хэцүү. Гэхдээ аль болох бүгдэд нь хүрч ажиллахыг хичээдэг. Зургаан настай хүүхдүүд юмыг маш хурдан тогтоодог онцлогтой. Энэ насан дээр нь сурах арга барил, уншиж, бичих чадварыг бүрэн эзэмшүүлбэл арванхоёрдугаар ангиа төгстлөө сайн сурах суурь нь болдог. Зургаан настай хүүхдийг сургалтаараа байнга чиглүүлж байх ёстой. Би гурав дахь удаагаа зургаан настнуудыг хүлээн авч байна. Зургаан настай хүүхдүүдийн бие даасан байдал муудаж ирэх боллоо. Цэцэрлэгт хүмүүжээгүй хүүхдүүдийн сурах, юманд анхаарах чадвар арай дутуу байдаг. Тиймээс хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах хэрэгтэй” хэмээн ярьсан юм. “1а” ангид 42 хүүхдийн ширээ, сандал байгаа учраас зарим сурагчид гурвуулаа суухаас өөр аргагүй байлаа.

Д.Намгар: ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХЭД ХОЛ ГЭРТЭЙ ХҮҮХДЭД ХҮНДРЭЛ УЧИРДАГ

Сургуулийн захирал Д.Намгараас зарим зүйлийг тодруулсан юм.

-Нэг ангид 45-50 хүүхэд суралцаж байгаа нь анзаарагдлаа?

-Манайх 640 хүүхэд суралцах зориулалттай барилгатай боловч 1700 гаруй сурагчидтайгаар 20182019 оны хичээлийн жилийг эхлүүлж байна. Өнгөрсөн хичээлийн жилд 77 хүүхдийг төгсгөсөн бол энэ жил 280 хүүхдийг нэгдүгээр ангид хүлээж авсан. Гурав дахин их хүүхдийн хүчин чадлаар ажиллаж байгаа учраас нэг ангид 4550 хүүхэд сурдаг. Гурван ээлжээр хичээллэхгүйн тулд өнгөрсөн жил зургаан ангийн сурагчдыг бусад бүлэг рүү тараасан. Баянгол дүүргийн IX, X, XXI, XXII хорооны хүүхдүүд манай сургуульд суралцдаг. Нийт сурагчдын 93 хувь захын гэр хорооллын хүүхдүүд юм. Холоос хичээлдээ ирдэг хүүхдүүд зөндөө. XXI хороо гэхэд Баянхошуутай залгаа оршдог. Гурван ээлжээр хичээллэвэл орой 20 цагт тарах учраас хол гэртээ сурагчдад хүндрэлтэй. Эдгээр хүнд нөхцөлүүдийг тооцон үзэж ангид сурах хүүхдийн тоог нэмэгдүүлж, бүлгийн тоог цөөлөх бодлогыг баримтлан ажиллаж байна.

-Сургуулийн даац хэтэрч, олон хүүхэд суралцдаг юм байна. тэгвэл сурагчдын аюулгүй орчинг хэрхэн хангаж байна вэ. Сургуулийн эргэн тойрныг ажихад өгсүүр зам ихтэй юм байна?

-Сургуулийн байршлаас болж сурагчдын аюулгүй байдал их хөндөгддөг. Хашааны баруун тал авто замтай залгаа. Уг зам нь өгсүүр учраас өвөл халтиргаа үүсч, хүүхдүүд унаж бэртэх аюултай байдаг. Тиймээс бид өнгөрсөн өвөл замаа сайжруулах төслийг хэрэгжүүлсэн. Ийнхүү замд шинээр таван тэмдэглэгээ хийлгэж, халтиргаа үүсэхээс сэргийлсэн наалтыг байршуулсан. Мөн сургуулийн эргэн тойронд орших жалганд аюулаас хамгаалсан хашлага хийх дутуу байна. Манай сургуулийн дээвэр муу учир жил бүр борооны ус гоождог. Харин өнгөрсөн жил дээврийн засварыг хийж гүйцэтгэсэн учир ус гоожихгүй болсон.

-Энэ жил үүдний хүлээлгийн өрөө ашиглалтад орсон гэж сонслоо. Ямар зориулалтаар гаргаж байгаа өрөө вэ?

-Манай сургууль нийт 1200 гаруй бага ангийн сурагчтай. Бага насны хүүхдийг гараас гарт хүргэж өгөх учиртай. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд хүргэж өгөх, авах үед ачаалал нэмэгддэг. Тиймээс эцэг эхчүүдэд зориулсан 102 кв метр зайтай хүлээлгийн танхим барьсан. Хүлээлгийн өрөөний санхүүжилтийг 90 багш, 1000 сурагчдын урлагийн тоглолт хийж, хандив цуглуулж бүрдүүлсэн. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нэг давхарт нэгдүгээр анги, хоёр давхарт хоёр, гуравдугаар анги, гурван давхарт дөрөв, тавдугаар ангийг хичээллүүлдэг. Бага ангийн 28, дунд, ахлах ангийн 18 бүлэгтэй. 23 анги танхим байгаа учраас хоёр ээлжээр хичээллэж байгаа. Одоо ч манай сургуульд шилжин суралцах хүсэлтэй хүүхдүүд ирсээр байна. Ийм хүнд нөхцөлтэй байгаа үед нэг ангид сурах хүүхдийн тоог ихэсгэхээс өөр аргагүй. Ангийн ширээ, сандал хүрдэггүй учраас гурван хүүхэд нэг ширээнд суух энгийн үзэгдэл болсон. Дараа дараагийн жилд хороодод бага сургууль баригдах байх гэж итгэн хүлээж байна.

-Энэ жилээс эхлэн дунд сургуулийн цайны газрыг тухайн сургуулийн захирал сонгон шалгаруулах болсон гэсэн. хийжүүлсэн удаа гэх мэт хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнс зарахыг хорьсон. танай цайны газар эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсэн дээр хэр анхаарч байна вэ?

-Манайд одоо үйл ажиллагаа явуулж байгаа цайны газрыг дөрвөн жилийн өмнө Өмчийн харилцааны газраас сонгон шалгаруулсан. Өнөөг хүртэл ямар нэгэн сурагч хоолонд хордсон тохиолдол гараагүй байна. Цайны газрыг ШУТИСийн нийтийн хоолны анги төгссөн мэргэжлийн хүмүүс ажиллуулдаг учир эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан хоол ундаагаар үйлчилж чаддаг. Тиймээс цайны газрыг солих шаардлагагүй гэж үзсэн. Цайны газрын заал жижиг учир сурагчид ангидаа үдийн цайндаа ордог.

113 ДУГААР СУРГУУЛИЙН БАГШ НАР АЖИЛ ХАЯХГҮЙ ГЭВ

Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлээс өнгөрсөн бямба гаригт хэвлэлийн бага хурал хийн ажил хаях болсноо мэдэгдсэн юм. Тэд салбарын яамны холбогдох албаныхантай уулзсан ч цалин хөлс нэмэгдүүлэх талаар зөвшилцөлд хүрч чадаагүй учраас ийнхүү ажил хаяхаар болсон ажээ. Тус холбооны дарга Ж.Батзориг “Засгийн газар ард иргэдэд багш нар цалинг нь 30 хүртэл хувиар нэмээд байхад ажил хаялт хийх гэж байна гэсэн буруу ойлголтыг өгч байна. Есдүгээр сарын 3ны өдрөөс эхлэн нийслэлийн 70 сургууль, 90 орчим цэцэрлэгийн хичээл орохгүй. Шинжлэх ухааны байгууллагууд 100 хувь ажил хаялтад оролцоно. Хөдөлмөрийн тухай хуульд ажил хаялтыг хийхээр бол тав хоногийн өмнө сургуулийн захиргаанд мэдэгдлээ өгөх ёстой. Мэдэгдлээ өгсөн сургуулиуд есдүгээр сарын 3-наас эхлэн ажил хаяна” гэдгээ мэдэгдсэн юм. Харин салбарын сайд Үйлдвэрчний эвлэлтэй тохиролцсон багш нар ажил хаяхгүй гэж байв. Бидний сурвалжлага хийсэн 113 дугаар сургуулийн багш нар ажил хаяхгүй гэж байв. 44 дүгээр сургуулийн багш нар ч ажил хаяхгүйгээр шийджээ. Нийслэлийн хоёрдугаар сургуулийн хувьд ч маргааш хичээллэх гэнэ. Гэхдээ энэ сургуулийн хувьд багш нар нь ажил хаях, хаяхгүй дээр хоёр хуваагдсан гэх мэдээлэл ч дуулдсан юм. Зарим сургуулийн багш нар хичээл орохгүй гэх мессэжийг эцэг, эхчүүд рүү явуулж буй тухай мэдээлэл өнгөрсөн хоёр өдөр хөвөрлөө.

Ц.ЦОГЗОЛМАА: ЦААШИД БАРИГДАХ ХОРООЛОЛ БҮРТ ИЙМ ЖИШИГ, СТАНДАРТТАЙ СУРГУУЛЬ БАРИУЛАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА

Салбарын сайд Ц.Цогзолмаа Яармагт байрлах “Шинэ Монгол Харумафүжи”, нийслэлийн 141 болон Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуулийн нээлтэд тус тус оролцсон юм. 20182019 шинэ хичээлийн оны жилд Ерөнхий боловсролын 814 сургууль сурагч, хүүхдүүдээ хүлээн авахаар болсон билээ. Нийтдээ 597.2 мянган сурагч суралцах юм.

Нарны хороололд байрлах 114 дүгээр сургууль шинээр үүд хаалгаа нээж, сурагчдаа хүлээн авлаа. Тус сургууль нь нийт 960 хүүхдийн хүчин чадалтай жишиг сургууль юм. Энэ үеэр сайд Ц.Цогзолмаа “Мэдлэгтэй, зөв төлөвшилтэй иргэн болгон хүмүүжүүлэх нь Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа боловсролын салбарын эрхэм зорилго юм. Энэхүү сургуулийг улсын болгох шийдвэрийг Засгийн газар, БСШУСЯ гаргаснаас гадна лаборатори сургууль болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр сурагчдын хичээлийн ачаалал нэмэгдэх ч гадаад хэл, мэдээллийн технологийн өргөн мэдлэгтэй болох орчин бүрдэж байгаа. Энэхүү сургууль нь хороолол дунд баригдаж байгаа жишиг болохуйц, чанарын өндөр стандарттай сургууль юм. Цаашид баригдах хороолол бүрт ийм жишиг, стандарттай сургууль бариулахын төлөө ажиллана” гэж байлаа.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд импортлох тухай зөвлөмж

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран дүүргийн хэмжээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид дүүргийн 13 дугаар хороо Офицероос Баянзүрхийн товчоо, Хонхор чиглэлд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт үзлэг хийж, хяналт тавьж ажиллаж байгаа юм. Мөн зөрчилтэй жолооч нарт сануулах арга хэмжээ авч, замын хөдөлгөөнд зөв боловсон оролцохыг уриаллаа.

Түүнчлэн дүүргийн Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн сурагчдад Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулсан брошурыг үзүүлж, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хятад, Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд эхэллээ

Хятад, Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг “Хятад орныг танин мэдэх” гэсэн уриатайгаар хоёр улсын Элчин сайдын яамд, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран, дэмжиж зохион байгуулах юм. Уг арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын соёлтой танилцах, хоёр талын найрамдлыг зузаатгахад чиглэж байгаа ажээ.
Тав хоногийн турш үргэлжлэх соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд үзэсгэлэн, уран сайхны тоглолт, кино өдөрлөг, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношлогоо, тэмцээн уралдаан зэрэг өргөн цар хүрээг хамарсан гурван хэсгээс бүрдэх 11 цогц арга хэмжээг зохион байгуулах юм байна. БНХАУ-ын соёлын өдрүүд Монгол Улсад жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа соёлын өдрүүдийг аялал жуулчлалтай хослуулж хийж байгаагаараа онцлогтой гэдгийг албаныхан онцлов.
“Хятад орныг танин мэдэх” – Хятад, Өвөр монголын соёл аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд нийслэлийн кино театруудад Хятадын орчин үеийн шилдэг уран сайхны 10 киног үзэгчдийн хүртээл болгох юм байна. Мөн Сычуаний “Цагаан могойн домог” жүжгийг тайзнаа тавих аж. Түүнчлэн есдүгээр сарын 6, 7-нд Өвөрмонголын ХААИС болон Монгол Улсын ХААИС хамтарч экологийн соёл иргэншлийн тухай лекц, “Байгаль дэлхийгээ хамгаалъя: Хятадын Өвөрмонголын цөлжилтөөс сэргийлж зассан практик” үзэсгэлэн, ШУТИС Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургууль хамтарч технологийн инноваци сэдэвт лекц үзэсгэлэнг ту тус зохион байгуулах юм байна.
Соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд хоёр улсын эмч нар үнэ төлбөргүй оношлогоо хийж, ном хэвлэл, аялал жуулчлалын танилцуулга, их, дээд сургуулиуд хоорондын солилцоо, спортын тэмцээн, хэвлэл мэдээллийн солилцоо зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаад 200 гаруй хуудас дүгнэлтийг бэлэн болгосон

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэг зуны турш ажиллалаа. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд танаас асуухад гэрээг шалгаж дууссан уу. Дүгнэлт гарсан болов уу. Уг нь зургадугаар сард дуусна гэж байсан даа?

-УИХ-ын чуулган завсарлана гэдэг гишүүдийн хувьд амарна гэсэн үг биш л дээ. Чуулганы хуралдаан завсарлаж байх хугацаанд ч гэсэн улс орны өмнө тулгамдсан асуудлуудын талаар ямар арга хэмжээ авах талаар бодож, хийх зүйлсээ төлөвлөж байх хэрэгтэй. “Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт гарсан. Нийтдээ 200 гаруй хуудас материал бэлэн болсон. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр албан ёсоор бэлэн болж УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдэд нууцын зэрэглэлтэй тараасан. Есдүгээр сарын 25-ны дотор санал, дүгнэлтийг нь аваад албан ёсны дүгнэлтийг нэгтгэж гаргах учиртай.

Ажлын дэд хэсэгт орж ажилласан хүмүүсийн саналыг аваад урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан гэж ойлгож болно. Дараа нь ажлын хэсгийн гишүүд цуглаж байгаад УИХ, Эдийн засгийн байнгын хороогоор оруулахад бэлэн болгох ёстой юм. Дан ганц Эдийн засгийн байнгын хороо гэлтгүй Хууль зүйн байнгын хороогоор орох зайлшгүй шаардлага бий.

-Яг ямархуу дүгнэлт гарсан юм бол. Олны анхаарлыг яах аргагүй татаж байгаа шүү дээ?

-Ямар ч байсан нууцын зэрэглэлтэйгээр ажлын хэсгийн гишүүддээ өгсөн. Яамдын таван Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын дэд хэсгүүдийн дүгнэлт дээр тулгуурлан эхний дүгнэлт гарсан. Гэхдээ ажлын дэд хэсгүүдийн санал, дүгнэлт дээр зүйл заалтын хүрээнд дутуу зүйлс бий. Би Төрийн нарийн бичгийн дарга нарт наймдугаар сарын тавны дотор дүгнэлтүүдээ тодорхой болгож явуул гэдэг албан бичиг хүргүүлсэн. Одоо болтол хариу ирэхгүй байна. Тиймээс өнгөрөгч пүрэв гаригт дахин албан бичиг явуулсан. Ажлын дэд хэсгүүдийн дүгнэлт тодорхой сайн байвал бидний гаргах дүгнэлт ч гэсэн тэр хэрээрээ тодорхой болох учиртай. Ажлын дэд хэсгүүд ойрын хугацаанд дүгнэлтүүдээ чамбайруулаад өгөх байх.

-Тэгэхээр намрын чуулганаар асуудал хэлэлцэгдэж таарах нь, тийм үү?

-Намрын чуулганаар хэлэлцэнэ. Гэхдээ зургадугаар сард урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан байсан. Оюу толгойн орд газар дээр нь очиж ажиллахаас эхлээд нэлээд цаг хугацаа шаардсан зүйлс байлаа. Зуны дэлгэр цагт хүмүүс амраад явчихдаг ч бид нухацтай сайтар судалж үзье гээд нэлээд суулаа. Есдүгээр сарын 25-ны дотор гишүүдээс санал ирчихвэл байнгын хороогоор оруулах ажил хийгдэнэ.

-Дүгнэлт гэхээр яг ямархуу утгатай зүйлс гарч байгаа бол. Манайхан санал, дүгнэлт гаргана гэчихээд шүүхийн шийдвэр шиг хэн нэгнийг ялласан зүйл гаргаж ирээд түүгээрээ улс төр хийдэг тал бий..?

-Ажлын дэд хэсгүүд, судлаач, ТББ-уудын байр суурийг тусгасан. УИХ-ын гишүүдэд нууцын зэрэглэлтэй тараагдсан тул тэд өөрсдийн дүгнэлтээ гаргасны дараа эцэслээд ийм байна гэж ярихгүй бол урьдчилсан байдлаар ийм байлаа гэж ярьж болохгүй. Д.Тэрбишдагва гэж хувь гишүүний дүгнэлт гэж байхгүй. Ажлын хэсгийн нийт гишүүдийн дүгнэлт гэж байх учиртай л даа. Гишүүд дүгнэлтээ гаргаж дуусаагүй байхад урьдчилан тоочиж болохгүй.

-Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох ёстой байлаа. Гэвч Үндсэн хуулийн Цэцээс нөхөн сонгуулийг хойшлуулсан. Ирэх оны зургадугаар сард нөхөн сонгууль явуулна гэх баталгаа байна уу. Олон хүний амнаас сонсоход МАН ямар нэгэн шалтаг гаргаад 2020 он хүртэл нөхөн сонгууль явуулахгүй гэх юм. Хэнтий аймгийн иргэдийг парламентад төлөөлөлгүй тийм удаан явуулж болох уу?

-Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд өөрсдийн төлөөллийг Их хуралд илгээсэн. Гэвч нөгөө гишүүн нь өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн тул Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт зайлшгүй нөхөн сонгууль явуулах шаардлагатай. Хэнтийн иргэдийг Их хурал хоёр жил парламентад төлөөлөлгүй суулгах нь бүү хэл хоёр өдөр ч ийм байдлаар хохироож болохгүй.

Уг нь хэл ам, маргаангүйгээр эртхэн шиг нөхөн сонгуулийг явуулах ёстой. Төрд төлөөлөлгүй тойрог байна гэдэг ёс зүйгүй үйлдэл. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг Их хурал юу гэж үзэх юм бүү мэд. Намрын чуулган эхлэхээр л сайтар ярилцах байх.

-Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй гэвэл яах вэ?

-Ардчиллын зарчмаар олонхын шийдвэрээ дагана. Тэр үед өөрийн байр суурийг тодорхой илэрхийлнэ гэсэн бодолтой байгаа.

-МАН-ын дарга нөхөн сонгуулиас айгаад 2020 он хүртэл 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахгүй гээд байгаа юм биш үү. Тэр утгаараа Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлчихсөн гэх юм?

-“Шударга бусын төлөө би амиа алдахаас айхгүй” гэж ярьдаг хүн нөхөн сонгуулиас айхгүй байлгүй дээ. Хардлага хүн бүрт байж болно. Хардлагаар асуудлыг харлуулж дүгнэж болохгүй л дээ. МАН-аас нэр дэвшигч унах нь ойлгомжтой гэж ярих юм. Харьцангуй ойлголт гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд, МАН-ын дарга, өмнө нь тэндээс сонгогдож байсан хүн нөхөн сонгуульд нэр дэвших ёстой. Нэр дэвшээд ялах ёстой. Нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх талаар албан ёсоор яригдаагүй байгаа. Намын бага хурлаас Удирдах зөвлөлд хэнийг нэр дэвшүүлэх талаар чиглэл өгнө.

-Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг он гаргаад 320 мянга болгоно, энэ сараас эхлээд багш, эмч нарын цалин нэмэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд эхэллээ. Заавал зарлан тунхаглах шаардлага байдаг юм уу. Үүнийг нь дагаад үнэ нэмэгддэг гашуун туршлага бий болчихлоо?

-Засгийн газар байнга л зарлах юм байна шүү дээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх нь гарцаагүй зөв гэж боддог хүн. Гэхдээ монгол хүмүүстээ ойлгуулаад хэн юу хийж чадаж байна, хэн орлоготой байна, хэн хэдэн ажлын байр бий болгосныг онцгойлон анхаарах ёстой. Түүнээс гадна дотноос зээл авдаг ч юм уу, жаахан юм олчихоод цацаад байх биш бүтээн байгуулалтад зарцуулж ажлын байр бий болго л доо. Монгол Улс 27 тэрбум ам.долларын гадаад өртэй байна. Хуучин бид Орост өртэй байсан гээд сайн муу хэлдэг л байлаа шүү дээ. Гэхдээ бид социализмын үед энэ хэмжээнд хүрэхгүй зээлээр аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүхэл бүтэн хэд хэдэн хорооллыг бий болгож чадсан. Ардчиллын үед авсан зээлээр бид юу бүтээв. Өөрсдөө баялаг бүтээгээд олчихсон юм шиг гаднаас өндөр хүүтэй авсан зээлээ тараадаг буруу жишиг тогтсон.

Цалин хөлсийг нэмэх нь чухал. Ингэлээ гээд ажлын байр хичнээн бий болов гэдгийг тооцох ёстой. Ажлын байр нэмэгдвэл иргэдийн орлого нэмэгдэж, улсын татвар ч дагаад өснө. Ард түмэндээ хайртай гээд олсон хэдэн төгрөгөө цацаад байж болно. Гэхдээ бид нүцгэн үнэнтэйгээ тулгарах ёстой. Тэгэхгүйгээр ард түмэндээ хайртай болж жүжиглээд гадаад өрөө нэмээд байх нь буруу. Нам эвсэл дамжсан эдийн засгийн бүлэглэл нэмэгдээд байж болохгүй. Цаашлаад биднийг ядуу байлгах сонирхол хэнд байна вэ гэдгийг ч бодох хэрэгтэй. Лав л надад байхгүй.

Ажлын байр нэмэг-дүүлэхгүй, байгаа баялгийг нь гадагш нь тавьж туучихаад олсон мөнгөө оффшор дансанд нуугаад байж болохгүй. Зорилтот бүлэгтээ халамжаа өг. Засгийн газар мундаг ажиллаж байна гээд ярьж байгаа. Дүүрэг дээрээ очоод харахад ажлын байр хэдээр нэмэгдэв, иргэдийн орлого яаж өсөв гэхээр сайн ажиллаж байгаа зүйл харагддаггүй. “Цэцэрлэгийн хүрэлцээ сайн болно. Нэг ч хүүхэд гэртээ цоожлогдохгүй, нэг ч сургууль гурван ээлжээр хичээллэхгүй” гэж том амлаад байсан яав. Одоо хүртэл тендер нь зарлагдаагүй сургууль, цэцэрлэг маш их байна.

-Анзаарч байхад зуны турш О.Баасанхүү гишүүн та хоёр л Төрийн ордонд суулаа. Тойргоороо явж амжсан уу. Хэд хоногийн өмнө тантай таарахад “Зуны хийж бүтээх сар богино. Тиймээс энэ хугацааг ашиглаад ажиллах ёстой” гэж байсан?

-Бид улс орныхоо язгуур эрх ашиг, хөгжлийг бодож л байгаа юм бол хамгийн бүтээгч цагтаа ажиллаж байх ёстой. Монгол Улс цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Тиймээс зуны дэлгэр цагт амрах нь бодит үнэн. Гэхдээ сургууль, соёлоос эхлээд ажил амралтаа зохицуулахгүй бол зуны турш манайхан амарчих юм. Зургадугаар сарын 20-ноос есдүгээр сарын нэгэн хүртэл амралтын байдалтай болчихдог. Өвөл нь хүйтний дээр асар их утаатай болчихдог тул бүтээмж багатай байдаг.

Зун ажиллаж болохгүй, амарч болно гээд хэн хэлчихсэн юм. Тэгэхээр ажил, амралтыг зохицуулж улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж ихийг хиймээр байна. УИХ-ын гишүүд зуны цагт тойргийнхоо иргэдтэй уулзах ёстой. Бусад цагт нь ажлаа хиймээр байгаа юм. Хүнд ам, ажлын нэгдэл гэж байх хэрэгтэй. Зуны цагийг ашиглаад ажиллах ёстой гэж ярьдаг байж өөрөө амраад алга болчихож болохгүй. Хүмүүс “Танаас өөр хүн Төрийн ордонд алга. Ямар их ажилладаг юм бэ” гэж асууж байсан. Хүмүүс ажил хаяж эсэргүүцлээ зарладаг бол би ажил хийж эсэргүүцлээ зарлаж байгаа юм. Зун энд тэнд болж байгаа наадмууд дээр очиж микрофон барьж үг хэлээд яваад байх шаардлагагүй юм шүү дээ, манай гишүүд. Ажил, амралтаа зохицуулах нь зөв. Зуны дэлгэр цагт нуруугаа тэнийлгэж байна гээд яваад байж болохгүй. Ялангуяа хэдэн мянган хүнийг төлөөлж Их хуралд сууж байгаа гишүүд тодорхой хугацаанд нуруугаа тэнийлгэхээс биш, нуруу нь байнга тэнэгэр яваад байж болохгүй л дээ. Оюу толгойн гэрээ, “Ажилсаг Монгол” хөтөлбөр дээрээ нэлээд сууж ажилласаар байна. “Ажилсаг Монгол” хөтөлбөр дээр ажлын дэд хэсэг байгуулагдаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг ахлан ажиллаж байгаа. Мөн “Зааг” номоо хятад, орос, герман хэл дээр гаргахаар ажиллаж байгаа.

-Их хурлын гишүүдээсээ эхлээд ингэж үлгэрлэхгүй бол төрийн байгууллага зуны цагт үнэндээ амралтын байдалтай байдаг. Өөрчлөлтийг гишүүд өөрсдөөсөө эхлэх ёстой санагддаг?

-“Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй” гэдэг үнэн. УИХ-ын гишүүд өөрсдөө манлайлах ёстой, Төрийн ордон 24 цаг гэрэлтэй байх ёстой. Гишүүд цагтаа цугларч байх хэрэгтэй. Хуучин есөн цагт цугладаг байсныг 10 цаг болгосон. Гэсэн ч гишүүд хоцордог байсан нь олон удаа шахаж шаардсаны дүнд одоо арай гайгүй болж байна. Гэхдээ “Их хурал цагтаа эхэлдэг боллоо” гээд гайхуулаад байх юм биш. Гишүүд хийх ёстой ажлаа л хийж байгаа хэрэг. Жирийн иргэд цагтаа ажилдаа ирдэгтэй адил байх ёстой юм. УИХ, Засгийн газрын гишүүд манлайлах цаг болсон. Төрийн байгууллагын хүнд суртал хэрээс хэтэрсэн. Хариуцлага, сахилга бат гэдэг зүйл дунд шатны албан тушаалтнуудад алга боллоо. Олны нүдэн дээр ил байдаг болохоор хэдэн Их хурлын гишүүдээ л боорлох юм. Төрийн албанд туршлагагүй хүн төрд ажилладгийг болих хэрэгтэй. Сайд, дарга солигдонгуут бөөн бөөнөөр нь халж сольдог замбараагүй, байдал газар авлаа. Үнэхээр хэрээс хэтэрлээ.

Төрийн яаманд хүн амины хэрэг гарлаа шүү дээ. Ийм зүйл дэлхий дээр байдаг юм уу. Хариуцлагагүй байдал хаа сайгүй бий болчихлоо. Яам тамгын газраар очихоор дарга нар нь хүлээж авч уулздаггүй, доод шатных нь хүмүүс заавал юм нэхдэг гажиг тогтолцоо бий болсон.

-Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нөгөө газрын даргынхаа амийг бүрэлгэлээ. Таны байр суурийг сонирхъё. Төрийн ёс зүйг яаж бэхжүүлэх ёстой юм бол?

-Өнөөдөр яг болж байгаа салбар гэж байна уу. Алийг нь болж байна гэх вэ. Энэ салбарын ажил л сайн явж байна гээд хэлчих боломж алга, үнэндээ. Сахилга хариуцлага, дэг журмын асуудал үнэхээр тулгамдчихлаа. Хүүхдийг багаас нь ёс зүйтэй болгож өсгөхгүй бол сүүлд нь засч залруулна гэдэг хэцүү. Ёс зүйтэй хүн хариуцлагатай байдаг.

Зам, тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар хариуцлагаа хүлээгээд ажлаа өгч байгаа нь ёс зүйн тал дээр том алхам хийлээ гэж бодож байна. Ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өгч байгаа нь зөв ч гэсэн томилгооны тал дээр анхаарах хэрэгтэй байгаа юм. Монголын эрдэмтэд судлаачид, туршлага, мэдлэгтэй хүмүүсээр төрийн албыг бэхжүүлэх хэрэгтэй. Төрийн албанд ч ямар ч туршлагагүй, таван үсэг холбоод үг биччихэж чадахгүй хүмүүс их болсон. Аль нэг нам, хүнээс хамааралгүйгээр шалгалт аваад чадварлаг, ёс зүйтэй хүмүүс нь төрд ажиллах ёстой. Хэд хэдэн ийм зоригтой алхам хийх цаг нь болчихлоо.