Монгол Улсын Засгийн газрын 147 дугаар тогтоолын дагуу шинжлэх ухаан, технологийн салбарын шилдэг бүтээлд 100 сая төгрөгийн шагнал хүртээх болсон билээ. Уг тогтоол гарснаас хойш нийт таван эрдэмтэн шилдэг бүтээлээрээ 100 төгрөгийн шагнал хүртээд байгаа юм. Эдгээр таван эрдэмтэн маргааш буюу есдүгээр сарын 05-нд “100 саяас хязгааргүй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Ерөнхий сайдын нэрэмжит 100 сая төгрөгийн шагналыг 2008 онд академич С.Төмөрбат, 2012 онд академич Х.Намсрай, 2013 онд инженер Н.Нацагням, 2015 онд эрдэмтэн Д.Дэмбэрэлнямба, 2016 онд академич Д.Батсүрэн нар хүртсэн юм.
Month: September 2018
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл Урлагийн газар, “Их талын жазз” ТББ-ууд хамтран Жазз хөгжмийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Их талын жазз” олон улсын XII их наадмыг зохион байгуулах гэж байна. Олон улсын наадам энэ сарын 7-ны өдөр 20.00 цагаас “Гэрэлт гудамж”-нд болох аж. Тус арга хэмжээний үеэр Монгол, Япон Улсын жазз хамтлаг, дуучид мэргэжлийн жазз хөгжмийг эгшиглүүлнэ.
XX зууны эхээр АНУ-д үүсч байсан жазз хөгжмийн урсгалыг 50 гаруй жилийн тэртээ манай улсын орчин үеийн эстрад урлагийг үндэслэгчдийн нэг “Баянмонгол” чуулга бидэнтэй анх танилцуулж байсан түүхтэй.
Сэтгэл сэргэм тансаг хөг аялгуу, хөнгөн хэмнэл, ямар ч хөгжмийн урсгалтай хорших уян хатан байдлаар нь жаззыг дэлхийн хөгжим гэлцдэг. Жинхэнэ амьд тоглолтоор торгон мэдрэмжийг төрүүлдэг энэхүү хөгжим тропикал, бест, латин, чөлөөт, жааз рок, жааз реп гэх мэтчилэн 20 гаруй төрөлтэй байдаг.
Үзэгч сонсогч та бүхнийг “Их талын жазз” олон улсын наадмыг зорин ирж жазз хөгжмийн гайхамшгийг мэдрэхийг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.
“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” Олон Улсын чуулган төрийн ордонд эхэллээ. Чуулганд Нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ ОУ-ын гишүүн улс орнуудын төлөөлөгчид болон яамдын төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар, зарим ТББ-ын ажилтан оролцож байна. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) ОУ-ын байгууллага хамтран зохион байгуулж байна. Улс орнууд өөрийн оронд хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн сайн засаглалын туршлагаа харилцан хуваалцах боломж олгоход энэхүү чуулганы зорилго болоод ач холбогдол оршиж байгаа юм.
Чуулганаар Азийн 11 улсын 22 байгууллага сайн засаглал болон шууд ардчилалын чухал бүрэлдэхүүн хэсэг болох иргэдийн оролцоо ба нийгмийн хариуцлага, сонгуульд тавих иргэдийн хяналт, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх нь зэрэг олон сэдвийн хүрээнд өөрсдийн туулсан замнал, алдаа оноо, туршлагаасаа хуваалцана. Мөн нутгийн удирдлагын болон бусад чиглэлээр нэвтрүүлж буй өөрсдийн сайн туршлагаасаа манай орны зургаан байгууллага хуралд оролцогчдод танилцуулга хийх юм. Түүнчлэн нийслэлийн дүүргүүд, аймгийн төвүүдэд хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хийгдсэн ажлын жишээ болох Төв аймгийн Зуунмод хот, нийслэлийн Дүнжингарав төвд тус тус ажиллаж байгаа “Нэг цэгийн үйлчилгээ”-ний үйл ажиллагааг хурлын төлөөлөгчдөд биечлэн танилцуулах юм. Монгол Улс гишүүнээр элсэн орсон энэхүү “Нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ”-нд өдгөө Азийн 12 орны 125 байгууллага нэгдсэн байна.
Гурван өдөр үргэлжлэх энэхүү чуулганыг нээж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэе.
“Ноёд, хадагтай нараа та бүхний өнөөдрийн амар амгаланг айлтгая. Нарлаг Монгол оронд хүрэлцэн ирсэн Нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) олон улсын байгууллагын гишүүн улсууд болон байгууллагуудын эрхэм хүндэт төлөөлөгч Та бүхнийг намрын сайхан налгар өдрүүдэд манай улсад тавтай зочлохыг хүсэж байна. Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) олон улсын байгууллагатай хамтран “Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь тус байгууллагын гишүүн байгууллагын хувьд ЛОГИН-оос зохион байгуулсан арга хэмжээнүүдэд тогтмол оролцож ирсэн бөгөөд манай байгууллагаас тавьсан санал, хүсэлтийг шийдвэрлэн ажиллаж байгаад бид талархаж байгаагаа илэрхийлж байна. Энэ удаагийн чуулганд Азийн 11 улсын 22 байгууллага өөрийн туршлагыг танилцуулахаас гадна ЛОГИН байгуулагатай хамтран ажилладаг Монголын 4 байгууллага өөрийн туршлагаасаа хуваалцана.
Чуулганд төрийн байгууллагуудаас гадна ЛОГИН-ы гишүүн төрийн бус байгууллагууд, нутгийн удирдлагын чиглэлээр ажилладаг ассицаци холбоод, сургалтын болон судалгааны байгууллагууд оролцож байна. Үүсгэн байгууллагдсаныхаа 5 жилийн ойг тохиолдуулан манай улсад зохион байгуулж байгаа энэхүү чуулганаар гишүүн улс орон, байгууллагууддаа туршлага солилцох боломжийг олгон, сайн засаглал болон шууд ардчилалын чухал бүрэлдэхүүн хэсэг болох иргэдийн оролцоо ба нийгмийн хариуцлага, сонгуульд тавих иргэдийн хяналт, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх зэрэг олон сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийх болно. Мөн манай нутгийн удирдлагын байгууллагаас иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх талаар хэрэгжүүлж байгаа зарим ажлаас Та бүхэнд танилцуулах аяллыг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Тус чуулган нь Азийн улс орнуудад засаглалыг сайжруулахад үүсч байгаа хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, асуудлыг шийдвэрлэсэн сайн туршлага, алдаа онооноос суралцахад бид бүхэнд чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм. Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийн хөгжлийн хандлага болон хөрш орнуудын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү бодлогын зорилго нь шударга ёс, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн тогтолцоог бэхжүүлж, үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогоор эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж, иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулахад оршиж байгаа юм.
“Нэгдсэн нэг бодлого нэг улс” зорилго бүхий Монгол Улсын 3 тулгуурт бодлого нь:
1. Засаглалын реформ
2. Эдийн засгийн реформ
3. Нийгмийн реформ /Монгол хүн/ гэсэн гурван тулгуур зорилтыг хэрэгжүүлнэ.
Үндсэн хуулийн хүрээнд засаглалын реформ хийх замаар “Бодлогын тогтвортой байдал”, “Төрийн институцийн тогтвортой байдал”, “Ёс зүйтэй, шударга, ил тод төрийн алба”-ыг төлөвшүүлнэ. Ингэснээр хуулийг дээдлэх зарчим, шударга ёсыг эрхэмлэсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглалыг бэхжүүлэх суурь харилцаа бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Төрийн алба нь тогтвортой нэгдсэн бодлогоор эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж иргэн бүрийн орлогыг нэмэгдүүлэн, иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулахын төлөө ажиллах зарчмыг мөрдлөгө болгоно.
Засаглалын реформын хүрээнд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн 2019 оноос мөрдөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хуулийг шинэчлэн хэрэгжүүлснээр тогтвортой, чадвартай төрийн албыг бэхжүүлэх, иргэдээ сонсдог, иргэдтэй хамтран шийдвэр гаргадаг, тэдэнд хүндэтгэлтэй хандан үйлчилдэг төрийн үйлчилгээг бий болгоно. Өнөөдрийн Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх асуудлаар зохион байгуулж байгаа чуулганы зорилго нь манай Засгийн газрын зорилготой нийцэж байгаа юм. Оролцогч улсууд тус чуулганаас өөрсдийн үйл ажиллагаандаа ажил хэрэг болгох үнэтэй туршлагыг хуваалцана гэдэгт итгэл дүүрэн байна.Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, улс орон бүр ард иргэдээ аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн сайн засаглалыг бэхжүүлэн хөгжүүлэхийн ерөөлийг дэвшүүлье” гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өнгөрсөн долоодугаар сараас эхлэн Нийслэлийн хэмжээнд үргэлжлэн орсон хүчтэй, аадар борооны улмаас дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эхээс Ганц худаг руу өгсөх зам эвдэрч зорчих орчин хязгаарлагдмал болсон.
Иймд өнгөрсөн наймдугаар сараас Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам засварын ажлыг эхлүүлж 1.1 км авто замын засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү зам нь үерийн усны далангийн байгууламжтай хийгдсэн аж.
Тус зам засварын гүйцэтгэлийн явцтай дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт танилцаж, заавар зөвлөгөөг өгч ажиллав хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Рио де Жанейро хот дахь Үндэсний түүхийн музейд гарсан галыг бүрэн унтраажээ. Харамсалтай нь музейн олдворууд бүгд шатаж үрэгдсэн байна. Хүн төрөлхтөн, тэр дундаа латин америкчуудын түүх, соёлыг илтгэсэн 20 сая гаруй олдвор ийнхүү үнс боллоо. 1818 онд байгуулагдан тус музейд 11 500 жилийн настай, хүн төрөлхтөний анхны эх гэгддэг Луйзагийн гавлын яс, 5.36 тонн жинтэй дэлхийн хамгийн том солир гэхчилэн онцгой содон олдворууд ч байсан юм.
Сүүлийн 20 жилд Бразилийн Үндэсний музейд галын аюулгүй байдлын системийг нь шинэчлээгүй гэсэн асуудал ч яригдаж байгаа юм.Бразилийн Засгийн газраас тус музейн төсвийг 2013 оноос эхлэн жил тутамд бууруулж байсан асуудал ч сөхөгдөж эхэлжээ.
Бразилын түүхчид, соёл судлаачид, шинжлэх ухааны салбарынхны 200 жилийн хөдөлмөр, үнэлж барашгүй түүхэн их өв, шинжлэх ухааны судлагдахуунуудаа алдлаа.
Хятад улсаас Африкийн орнуудад олгох санхүүжилтийн хэмжээг нийт 60 тэрбум ам.доллар болгож өсгөлөө гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин даваа гарагт Бээжин хотноо болсон Хятад-Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр мэдэгдсэн байна.
“Энэхүү санхүүжилтийг засгийн газрын тусламж болон хөрөнгө оруулалт, түүнчлэн санхүүгийн байгууллагууд, компаниудын санхүүжүүлэлт зэрэг хэлбэрээр олгох болно” гэдгийг Хятадын төрийн тэргүүн дурдлаа.
Үүнээс 15 тэрбум ам.долларыг буцалтгүй тусламж, хүүгүй зээл болон хөнгөлөлттэй зээл хэлбэрээр, 20 тэрбум ам.долларыг зээлийн шугамаар олгох бол 10 тэрбум ам.долларыг хөгжлийг санхүүжүүлэх тусгай санд, 5 тэрбум ам.долларыг Африкийн импортыг санхүүжүүлэх тусгай санд тус тус олгох ажээ. Мөн Хятадын компаниуд ирэх гурван жилийн хугацаанд Африкийн орнуудад хамгийн багаар тооцоход 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх аж.
БНХАУ 2015 онд Африкийн орнуудад 60 тэрбум долларын тусламж олгохоо амлаж байсан бөгөөд энэхүү санхүүжилт олгогдсон гэж Си Жиньпин нэмж хэллээ.
Бүгд Найрамдах Чех Улсын тусламжтайгаар өвлийн спортын ордон байгуулах талаар өнгөрсөн онд санал тавьжээ. Тодруулбал, Прага хотноо өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын VII хуралдаанаар Монголын талаас тавьсан санал юм. Тухайн үед Чехийн тал дээрх асуудлыг судлан үзэж, эргээд хариу өгөхөөр болсон байна.
Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын орлогч Олдржих Заяычек уулзах үеэр өвлийн спортын ордон байгуулж өгөх талаар мэдэгджээ. Тус улсын зүгээс техник эдийн засгийн үндэслэлийг хийж, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэж өгөхөө дуулгасан байна.
Энэ үеэр БСШУС-ны сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газрын зүгээс тавьсан хүсэлтийг нааштайгаар шийдэхээр болж, элчин сайд захидал илгээсэнд талархал илэрхийлмээр байна. Иргэдийн маань хүсэн хүлээж байсан нэгэн асуудал биеллээ олох нь. Хоёр орны хамтын ажиллагаа ч цаашдаа үргэлжилж, өргөжин гэдэгт итгэлтэй байгаа” гэжээ.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгт “Ногоон бэрс” шатрын клубын нээлтэд оролцов. Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах 146 дугаар цэцэрлэг 500 хүүхдийн багтаамжтай бөгөөд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хамгийн том сургуулийн өмнөх боловсролын байгууллага юм. Тус цэцэрлэгийн “Ногоон бэрс” шатрын клубыг нээх арга хэмжээнд Монголын шатрын холбооны удирдлагууд, цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.
Дундговь аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургууль тус сумын уугуул Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаагийн нэрэмжит боллоо.
Тус сургуулийн яруу найрагчийн нэрэмжит болгох ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд яруу найрагчийн гэр бүл үр хүүхдүүдээс гадна Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Д.Цэнджав, Дундговь аймгийн зохиолчдын эвлэлийн дарга Мөнхтөр нарын хүмүүс оролцжээ.
Нээлтийн ёслолд яруу найрагч Д.Нямаагийн Төрийн шагнал хүртсэн бүтээл болох “Шөнийн талд адуу янцгаана” шүлгийг уншсан байна.
Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа өвчлөл нь шүд цоорох өвчин юм. Ихэвчлэн бага насны хүүхдүүдийг хамрах болсон уг өвчнөөс хэрхэн сэргийлж, шүдэнд ээлтэй хүнсний бүтээгдэхүүнийг яаж сонгох талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг сонирхоорой.
Хүүхдийн шүд цоорох өвчин нь олон зүйлээс шалтгаалж үүсдэг. Хамгийн гол шалтгаан нь хоол хүнсний буруу хэрэглээ юм. Бидний эргэн тойронд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хувьд нь төрөл бүрийн хийжүүлсэн ундаа, чихэрлэг жүүс, хатуу болон зөөлөн чихэр, шоколад зэрэг элдэв амттан багтдаг гэхэд хилсдэхгүй. Харин эдгээр амтат ундаа, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэснээр шүдний цоорол өвчнийг үүсгэх нөхцөл байдлыг бий болгоно.
Иймээс хүүхдийн шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол хүнсний хэрэглээгээ зөв зохицуулах, хянах нь чухал нөлөөтэй байдаг аж. Тухайлбал, тогтсон дэглэмийн дагуу өдөрт гурван удаа хооллох нь шүд цоорох өвчнөөс хоолоор сэргийлэх алхам болдог байна. Үүнд:
- Шүд цоорох өвчинд өртөх эрсдэл үүсгэх байдлаараа тэнцвэржсэн хоол хүнсийг түлхүү хэрэглэх /жимс, ногоо, буудай г.м/
- Шүд цоорох өвчинд өртөх эрсдлийг бууруулахын тулд чихэрлэг хоол хүнсийг цоорол үүсгэдэггүй бусад хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх
- Сахар агуулсан амттаныг үндсэн хоолноос гадна хоол хоорондын зайд хэрэглэх нь шүд цоорох өвчнийг ихэсгэдэг тул хоол хоорондын зайд амттан хэрэглэх давтамжийг бууруулах
- Шүдэнд наалдамхай, бөөгнөрч хуримтлагдах шинжтэй хоол хүнс нь шүд цоорох өвчнийг нэмэгдүүлдэг тул эдгээр бүтээгдэхүүнээс татгалзах, наалдсан тохиолдолд даруй цэвэрлэж байх
- Паалангийн эргэн эрдэсжих үйл явцыг дэмжихийн тулд хоол хоорондын зайд шүлсний ялгарах хурдыг сайжруулах зорилгоор сахаргүй бохь зажлах, шүлс ихээр ялгаруулдаг исгэлэн амттай хүнс хэрэглэх
- Унтах үед шүлсний ялгарах хэмжээ багасдаг тул орондоо орохын өмнө амттан болон чихэрлэг ундаа, жүүснээс татгалзах
- Бага насны хүүхдийг унтах үед сүү, жүүс болон бусад сахар агуулсан шингэн зүйлийг угжаар өгөхгүй байх,
- Ээжүүд аль болох шөнө хүүхдээ хөхүүлж унтуулахгүй байх. Хүүхэд унтаж байхдаа хөхсөн сүүгээ цааш гүйцэд залгилгүй, амандаа удаан байлгаснаас болж чихэрлэг сүү хуримтлагдан, шүд цоорох шалтгаан болдог.
ШҮДЭНД ЭЭЛТЭЙ ХООЛНЫ ЖОР
Монголчууд бид цагаан идээгээ хэрэглэснээр шүд танан цагаан өнгөтэй, элдэв өвчлөлгүй, хатуу бат бэх байдаг гэдгийг мэддэг боловч хангалттай хэмжээнд хэрэглэдэггүй. Иймээс ээж нартаа зориулан цагаан идээгээр хүүхэддээ хэрхэн хоол бэлтгэж өгөх талаар зөвлөж байна.
БЯСЛАГТАЙ ХУУРГА
- Мах- 180 гр
- Бяслаг- 25 гр
- Төмс- 200 гр
- Шар лууван- 15 гр
- Бөөрөнхий сонгино- 20 гр
- Ногоон сонгино- 6 гр
- Гурил- 5 гр
- Тос- 15 гр
- Шөл- 50 гр
- Хоолны гарц- 250 гр
Бэлдэх заавар:
Төмсийг хавтгай дөрвөлжин хэрчиж шарна. Лууван, сонгиныг хярж тосонд хуурч дээр нь чанаад нимгэн хавтгай хэрчсэн мах нэмж хуурна. Дараа нь шөлөөр зутагнасан гурил, амт оруулагч /давс/ зэргийг нэмж 3-4 минут битүү жигнэж болгоно. Бяслагийг хавтгай дөрвөлжин хэрчээд бэлэн болсон хуурганд хийж болгоно.