Хичээлийн эхний өдөр нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 346 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгав. Бүртгэгдсэн нийт ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 10 хүн хөнгөн, хүндэвтэр гэмтэж бэртсэнээс 4 нь бага насны хүүхэд байв.
Хүүхэд өртсөн зам тээврийн ослын судалгаанаас үзэхэд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцсон бөгөөд 3 хүүхэд гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан бол 1 нь насанд хүрээгүй эгчийн хамт хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.
Тухайлбал ХУД-ийн нутаг Наадамчдын зам Буянт ухаа-2 хорооллын урд замд T.Pruis маркийн автомашины жолооч явган зорчигч 3 настай У-г мөргөж гэмтээсэн бөгөөд У нь тухайн үед 9 настай эгчийн хамт замын хөдөлгөөнд оролцож байсан.
ЧД-т “Чингэлтэйн эцсийн зам”-д марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашин явган зорчигч 30-35 насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн газраас шалгаж байна. Дээрх ослын шалтгаан нөхцлөөс үзэхэд эцэг эх асран хамгаалагчид хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж өөрсдөө замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байх, 10 хүртлэх насны хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч нар сургууль орчим болон гэр, орон сууцны хорооллын дундах замаар зорчихдоо хурдаа сааруулах зайлшгүй шаардлагатайг анхааруулав.