Categories
мэдээ нийгэм

Буудлагын ДАШТ-ээс манай тамирчид мөнгөн медаль хүртлээ

БНСУ-д буудлага спортын ДАШТ болж байна. Энэ тэмцээний хийн гар бууны залуучуудын багийн ангилалд Х.Уртнасан, П.Түмэнхүслэн, А.Буяндэлгэр нар мөнгөн медаль хүртжээ.

Тус тэмцээнд 14 орны баг тамирчид өрсөлдсөн бөгөөд алтан медөлийг тэмцээн зохион байгуулагч орон авсан бол хүрэл медалийг ОХУ-ийн буучид хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн “Ховд” голоос хүний цогцос олджээ

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Буга багийн “Шар нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 30 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ “Ховд” голын арал дээр хүний цогцос байна гэсэн дуудлага09.04-ний өдрийн 18:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн онцгой абйдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 9 алба хаагч, нийт 13 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 30 км замыг туулан 19:30 цагт очиж, /нэр, хаяг тодорхойгүй/ цогцсыг 1 цаг 50 минут ажиллан голоос гарган авчээ.

Цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

“Мэргэжлийн Аврагч-2018” тэмцээн болж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах “Мэргэжлийн Аврагч-2018” тэмцээн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Тахилт дахь сургалтын талбайд өнөөдөр эхэллээ.

Тэмцээнд нийслэлийн Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах ангиудын нийт 15 багийн 120 гаруй тамирчид оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм

Тэмцээн өнөөдөр байрзүйн цэг олох, тоостой буюу утаажсан өрөөнөөс нэрвэгдэгсдийг гаргах, алдагдсан химийн хорт бодисыг аюулгүй болгох, буухиа гүйлт, өндөр барилга байгууламжаас нэрвэгдэгсдийг буулгах, нуранги доороос нэрвэгсэгдийг гаргах, аврагчийн цогцолбор дасгал гэсэн төрлүүдээр явагдах юм.

Харин маргааш усанд нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, буухиа сэлэлт, усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагаа зэрэг төрлүүдээр үргэлжлэн шилдгүүдээ шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын тоо 8,7 хувиар буурчээ

Монгол улсын хэмжээнд нийт 2938 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 148 хүн амь насаа алдаж, 47 хүн гэмтэж бэртэн 1416.6 мянган толгой мал хорогдож, 16,8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:

Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 17016 хүн, 3372 автомашин ажиллаж, 687 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 30.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 9,9 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 6-аар , гэмтэж бэртсэн хүний тоо 11-ээр тус тус буурсан.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 156-аар буурч, аварсан эд хөрөнгө 15.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

2018 оны эхний 8 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн онтой харьцуулвал:

МОНГОЛ УЛСАД 2018 ОНЫ ЭХНИЙ 8 САРД ТОХИОЛДСОН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НЭГДСЭН МЭДЭЭ

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хүн, мал, амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/720 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Баянзүрх, Багахангай, Налайх, Багануур, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн авто замын постуудад холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран 24 цагийн хяналт шалгалт явуулж байна.

Түүнчлэн нийслэлийн ногоон бүс, мал бүхий хороодод хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байгаа юм.

Хяналт, шалгалт ирэх 10 дугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ.

Иймд иргэн та сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээллэх, тарвага агнах, мах түүхий эдтэй харьцахаас цээрлэх зэргээр гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Аналог системийг бүрэн халж, дижитал системд шилжинэ

ОХУ-ын телевизүүд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аналог системийг бүрэн халж, дижитал системд шилжихээр болжээ. Тус улсын Тоон технологийн хөгжил, олон нийтийн харилцаа холбооны яамнаас энэ талаар мэдээлсэн байна.

Шийдвэр нэгэнт гарч, бэлтгэл хангагдсан тул одоо иргэд шинэ телевиз худалдаж авах, эс бөгөөс шилжүүлэгч төхөөрөмжтэй болох хоёр сонголттой үлдэж байгаа аж. Технологийн дэвшил ийнхүү иргэдийн халааснаас мөнгө гаргаж байгаа боловч өмнө нь зөвхөн мөнгө төлж үздэг байсан зарим сувгийг үнэ төлбөргүй, илүү өндөр чанартайгаар хүлээн авах боломжийг олгож байгаа талаар яамны орлогч сайд Алексей Волин мэдэгдсэн байна.

ОХУ-д одоогийн байдлаар нийт үзэгчдийн 10 хувь нь л телевизийн өргөн нэвтрүүлгийг аналог системээр хүлээж авч байгаа тул бүрэн шилжилт хийхэд хүндрэл гарахгүй гэж тооцож байгаа юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Орон нутгийн иргэдийн хадгаламж илүү өсчээ

Иргэдийн нийт хадгаламжийн хэмжээг 2016 оны долдугаар сартай харьцуулахад улсын хэмжээнд дөрвөн их наяд төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, 5.4 их наяд байсан иргэдийн хадгаламж 9.6 их наяд болж өссөн байна. Ялангуяа орон нутгийн иргэдийн хадгаламж илүү өсчээ. Үүнийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдсэнтэй холбоотой гэж эдийн засагчид тайлбарласан байна.

Categories
мэдээ нийгэм

Хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүллээ

МХЕГ-ын даргын баталсан 01/11 тоот урьдчилан сэргийлэх удирдамжтай шалгалтын хүрээнд ЕБС-иудын орчинд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, ТҮЦ-үүдээр хяналт шалгалт хийхэд хаана, хэзээ хэн үйлдвэрлсэн нь тодорхойгүй хавчуургатай талх, ороомог, пирошки мөн хүнсэнд хэрэглэх хугацаа нь дууссан кисель, хлава, БНХАУ-д үйлдвэрлэсэн хаяг шошгын зөрчилтэй төрөл бүрийн чихэр, сироп зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байсан зөрчил илэрлээ.

Иймд хаяг шошгын зөрчилтэй хаана, хэзээ хэн үйлдвэрлэсэн тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөөсөнцөрийн үйлдвэрт гал гарав

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд хөөсөнцөрийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу есдүгээр сарын 04-ний өдрийн 20:24 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай дөрвөн км замыг туулан 20:36 цагт очсон байна. Тэднийг очход 18х40 метрийн хэмжээтэй үйлдвэрийн дээвэр, хана, тоног төхөөрөмж, 18м3 хөөсөнцөр шатаж гал дэлгэрсэн байжээ.

Иймд нэмэлтээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашин, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 12 алба хаагч, гурван автомашин, нийт 28 алба хаагч, долоон техник хэрэгсэлтэйгээр 55 минут ажиллаж унтраасан байна.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ руу гаргах махны экспортоо нэмэх асуудлаар хэлэлцэнэ

Манай улс 2016 оны аравдугаар сараас БНХАУ руу албан ёсоор мах экспортолж эхэлсэн. Тус улсын Гадаад хэргийн сайд Ван Игийн саяхан манай улсад хийсэн айлчлалын үеэр махны экспортыг нэмэгдүүлэхээр ярилцсан юм. Үүний дагуу манай улсын төлөөлөгчид энэ сарын 16-нд БНХАУ-д ажиллаж уг асуудлаар хэлэлцээ хийж эцэслэн тохиролцохоор төлөвлөжээ. Урьдчилан тохиролцсоны дагуу Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгаас баруун бүсийн боомтуудаар БНХАУ руу мах экспортлох юм байна.

Манай улс 2016 онд БНХАУ руу 12 мянган тонн мах экспортолж байсан бол өнгөрсөн онд 27 мянган тонн мах экспортолжээ.