Categories
мэдээ нийгэм

“90 минутыг эрүүл мэнддээ зориулцгаая” цэвэрлэгээ эхэллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар-3” аяны хүрээнд өнөөдөр 11:00 цагаас “90 минутыг эрүүл мэнддээ зориулцгаая” уриатай шарилж лууль цэвэрлэх бүх нийтийн цэвэрлэгээг эхлүүлэв.

Аж ахуйн нэгж, байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн хашаан доторх болон хашааны гадна орчны нийтийн эзэмшлийн зам талбайд ургасан шарилж, луулийг цэвэрлэж байна.

Мөн нийслэлийн Хот тохижилтын газар, дүүргүүдийн Тохижилт, үйлчилгээний компанийн зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн ажилчид Чингэлтэй дүүрэгт Тасганы овоо болон хоёр талын үерийн хамгаалалтын далан, Сонгинохайрхан дүүрэгт 1-р хорооллын арын үерийн хамгаалалтын далан, Хан-Уул дүүрэгт Наадамчдын зам буюу Яармагийн зам дагуу, Баянгол дүүрэгт 3-р нэгдсэн эмнэлгийн хойд талаас зүүн тийш Баруун 4 зам хүртэл үерийн хамгаалалтын далан, Баянзүрх дүүрэгт Арслантай гүүрнээс урагш Сэлбэ гол дагуу, Сүхбаатар дүүрэгт 7 буудал, Ногоон нуурын үерийн хамгаалалтын далан, 100 айлын гүүрнээс урагш Арслантай гүүр хүртэл Сэлбэ голын эрэг дагуу цэвэрлэгээний ажлыг өрнүүлж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг хоёр үе шаттай зарласан бөгөөд нэгдүгээр үе шатыг зургадугаар сарын 29, 30-ны өдөр зохион байгуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хорт хавдраас сэргийлэх зөвлөгөө

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс гаргасан хавдраас сэргийлэх энгийн алхамуудын талаар зөвлөмжийг хүргэж байна.

1. Тамхинаас татгалзах

Тамхинаас татгалзах эсвэл тамхи татахаа болихоор шийдвэрлэх нь таны өөрийн эррүл мэндийнхээ төлөө хийж байгаа хамгийн ёухал шийдвэрүүдийн нэг юм.

Та өөрөө тамхи татдаггүй ч гэсэн тамхи татдаг хүмүүсийн ойр орчимд байх нь уушигны хорт хавдараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг аж.

2. Эрүүл хоол хүнс хэрэглэх

Тослог ихтэй, хуурсан, шарсан, давсалсан хүнсийг хязгаарлаж ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх нь чухал. Өдөрт тав эсвэл түүнээс дээш олон төрлийн жимс, хүнсний ногоо идэх нь эрүүл мэндэд ашигтай байна.

3. Идэвхитэй хөдөлгөөнтэй байж, хэвийн жингээ хадгалах

Өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, биеийн тамираар хичээллэх, хурдан алхах зэргээр идэвхитэй хөдөлгөөн хийх нь хорт хавдрын эрсдлийг бууруулна.

4. Дархлаажуулалтанд хамрагдах

Хепатит В вирус нь элэгний хорт хавдар үүсэх эрсдийг бий болгодог. Нярай хүүхэд бүрийг амаржих газарт байхад нь элэгний В вирусын халдварын эсрэг вазцинжуулалтанд хамруулах хэрэгтэй.

Мөн хүний папиллома вирус /HPV/ нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг бэлгийн халдварладаг вирус юм. HPV вирусээс болж үүсдэг хорт хавдраас сэргийлэх вакцин байдаг. үүнд 10-14 насны охидыг хамруулснаар ируудүйд умайн хүзүүний хорт хавдраас тэднийг хамгаална.

5. Эрсдэлтэй байдал гаргахаас зайлсхийх

HPV вирус нь умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан болдог бөгөөд олон бнлгийн хавьтагчтай байвал төдий хэмжээгээр HPV вирусын халдвар авах магадлалтай.

Түүнчлэн хепатит В ба С вирусын шалтгаант элэгний архаг үрэвслүүд нь элэгний хорт хавдартай болох эрсдлийг нэмэгдүүлдэг. В ба С вирусын халдвар нь уг вирусын халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орох эсвэл халдвартай хүн хэрэглэсэн ариутгаагүй бгаж, зүү тариураар дамжин халдварладаг.

6. Өөрийгөө нарнаас хамгаалах

Хэт нарны ягаан туяаны тусах оргил цаг нь 10:00-16:00 цагийн хооронд байдаг. Энэ хугацаанд нарнаас аль болох зайлсхийж өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

7. Үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын Байгалийн их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын Байгалийн их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлааБСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Орос-Монголын байгалийн нөөц, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын бодлогын хамтын ажиллагааны төвийн захирал Татьяна Леонидовна Музычуктай өнөөдөр уулзлаа. Уулзалтад БСШУСЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ууганбаяр, Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Ж.Болор нар байлцлаа.

Оросын талын хүсэлтээр зохион байгуулсан энэхүү уулзалтаар талууд хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын Байгалийн улсын их сургуулийн харьяа Орос-Монголын байгалийн нөөц, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын бодлогын хамтын ажиллагааны төвийн захирал болон бусад албаны хүмүүстэй биечлэн уулзаж, Монгол-Оросын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох завшаан тохиож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

ОХУ-тай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, ОХУ-ын Засгийн газраас дээрх салбаруудын салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж ирснийг сайд онцоллоо. Түүнчлэн Байгалийн улсын их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгааг цохон тэмдэглэв.

ОХУ-ын Байгалийн улсын их сургуулийн харьяа Орос-Монголын байгалийн нөөц, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын бодлогын хамтын ажиллагааны төв нь БСШУСЯ-тай соёл, байгаль орчин, эдийн засаг, худалдаа, тээвэр, ложистикийн сэдвээр хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, залуучуудыг эх оронч сэтгэлгээгээр хүмүүжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Уг төвөөс хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд энэ оны есдүгээр сард “Боловсрол”, “Орос-Монголын хамтарсан кино төсөл”, “Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн арга хэмжээ” дугуй ширээний уулзалт зохион байгуулах, цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлэх саналаа БСШУС-ын сайдад уламжилсан юм. Эдгээр арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахыг дэмжиж байгаагаа БСШУС-ын сайд илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчин монгол 2018” наадмын албан ёсны нээлт өнөөдөр болно

ЗурагМонгол түмний өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, спортыг хөгжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин Монгол 2018” наадмын албан ёсны нээлт өнөөдөр Хүй долоон худагт 11.00 цагт болно.

Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж буй энэхүү наадмын үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын YI их наадам” болох юм.
“Соёлын биет бус өвийн их наадам”-ын хүрээнд Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд, Гар урлал, Язгуур урлаг, Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан болон Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам гэсэн таван үндсэн сэдвээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан авъяастнууд өрсөлдөнө. Харин “Үндэсний спортын YI их наадам”-ын хүүрээнд орин поло, үндэсний бөх, сур, буриад, урианхай сур, ширээний шагай, уран уургач, бугуйлч шалгаруулах тэмцээн, эмнэг булгиулах, жороо морины уралдаан, тэмээ, бүргэдийн баяр, сарлагийн уралдаан зэргийг зохион байгуулж шилдгүүдийг тодруулна.
Categories
мэдээ цаг-үе

Адуутай, сульхиртай, Их Монгол элстэй Хөхморьт


Адуун сүрэг

Гурван аймгийн залгаа, гурван их ай савын уулзвар, гурван их усны хаяа Их Монголын элсний ар, өвөр хормой, Завхан гол, Хүйсийн говь дагасан Таван гүний уудам нутагт оршдог сум бол Говь-Алтай аймгийн Хөхморьт сум.

Говь- Алтай аймгийн Хөхморьт сумын гурван “брэнд”-ийг Монгол даяар андахгүй. Онцолж дурдах учиртай нэгэн гайхамшиг нь Их Монголын элс. Хөхморьтынхон Их Монгол элсээ дээдэлсээр ирсэн юм. Алтан хараацайн даль шүргэх төдийд л эмсийчихдэг элсэн манхадын хурц ирмэг бүр харц булаахаар өвөрмөц тогтоцтой. Дэлхийн аль ч улсын уран барилгач эргүүлж үл нөхөх уран тогтоц энд л оршдог. Урлаач салхины бүтээсэн гайхамшиг гэж л энэ байх гэж дуу алдмаар орчныг харсан хэнд ч бишрэл төрнө. Энэ их элсэнд ургадаг хоёр ургамал мөн л сумын маань брэнд. Хөхморьтын суль, сульхир гэхээр мэдэхгүй хүн үгүй дээ. Хөхморьтынхон суль, сулхираа намрын намарт түүж хүнсэндээ хэрэглэсээр өдгөөг хүрсэн юм. Хүнсний ч, эмчилгээ сувилгааны ч ач холбогдол ихтэй энэ хоёр амуугаараа сум маань тойрсон аймаг сумандаа, бүр нийслэлд ч алдраа түгээсээр байна. Энэ онцлогуудаа тодруулж, тордож сумаа аялал жуулчлал, элсний спортын өлгий болгох боломж бидэнд бий.

Хөхморьтыг адуугүйгээр төсөөлөх аргагүй. Нутгийн адуун сүрэг маань сүүлийн жилүүдэд түм, түмээр тоологдож, хурдан хүлгүүд нь улс, аймаг, сум, бүсийн уралдаануудын түрүү, айраг хүртэж сум орон нутгийнхаа нэр алдрыг дуурсгаж явна. Бүр тодруулж хэлбэл Говь- Алтай аймгийн Хөхморьт сумын адуун сүрэг маань сүүлийн хоёр жил дараалан түмээр тоологдлоо. Сумаас маань анх удаа Монгол Улсын алдарт уяач цолыг нутгийн унаган хүү Т.Ганзориг хүртлээ. Чихэнд сонсголонтой сайхан мэдээ. Эдгээр баярт үйл явдлуудыг тохиолдуулан энэ оны наймдугаар сарын 08-11-ний өдрүүдэд Хөхморьт сумын “Түмэн адууны баяр”, “Монгол Улсын алдарт уяач Т.Ганзоригийн цолны мялаалга наадам”-аа нутгийн зон олонтойгоо нар хур тэгширсэн дэлгэр зуны сайхан өдрүүдэд сумын ИТХ, Засаг дарга, Тамгын газар, Улаанбаатар хот дахь Хөхморьт сумын нутгийн зөвлөл, Морь-Галуут уяачдын галаас хамтран санаачлан зохион байгуулж ёслол төгөлдөр тэмдэглэхээр бэлтгэл ажлуудаа зохион байгуулж байна.

Адуу маллах, өсгөн үржүүлэх, сааль сүүг нь бэлдэх, эмнэг хангал сургаж хүлгийн шандсыг сорих зэрэг адуу тойрсон их өв соёлоо төдийгөөс өдий хүртэл уламжилж ирсэн нь манай сумын үнэ цэнэ билээ. Хөхморьт сумын адуун сүрэг нь нутгийн монгол адууны угшилтай. Монголын их элс, Завхан гол, Хөхморьтын адуу Хүйсийн говийн ай сав дагасан бэлчээр нутгийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, бие дунд зэрэг, махлагдуу, уналгын чадвар сайн, цээж болон хөлийн бяд сайтай зэрэг чанаруудаараа бусад аймаг сумдын адуун сүргээс онцгой.

Монголын их элс, Завхан голын сав газар, Хүйсийн говийн байгаль, цаг уур тун өвөрмөц. Өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрнэ, зун нь хэт их хална. Хөх морьтын адуу ийм уур амьсгалд, элсэрхэг зөөлөн хөрстэй нутагт зохицсон урт өтгөн дэл сүүлтэй, том далбагар туурайтай. Манай нутгийн хурдан морьдыг түрүүлж, айрагдахаар “элсний майзагууд” хэцүү шүү гэцгээдэг нь ийм учиртай.

Алдарт уяач Гонгор асны хурдан шарга морины хөшөө.

Зургуудыг Ш.Ооёо

Хөхморьтын нэг брэнд нь адуу болсон түүхийг сонирхуулъя. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын хөдөө аж ахуйн өвөрмөц нэртэй нэгдэл байлаа. Нэгдлийн маань нэр “35 жил”. Нэгдлийн захиргааны зүгээс 1968 оноос нутгийн адуунд анхаарч эхэлж. Өөр дотор нь шилэн сонголт явуулж шилмэл адуунаас шинээр азарга тавьжээ. Үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэстэйгээр эрчимтэй явуулсан гэдэг юм. Тухайн үед хөдөө аж ахуйн нэгдэл гэдэг аж ахуй бүрэн утгаараа хөгжиж эхэлж байсан цаг л даа.

“35 жил“ нэгдлийнхэн нэгдлийнхээ сүрэгт шинээр азарга тавихдаа сонгож шилэх гэж нэлээд юм болдог байж. Нэгдлийн гишүүдийн амины адуунаас үржил, бие бялдар сайтай гүүнээс гарсан үр төлийг судалж шүдлэн, хязаалан наснаас нь нэгдэлдээ худалдан авч азарга тавьж байсан гэдэг. Сүргийн чанараа ингэж сайжруулсан нь өнөөдөр ч Хөхморьтын адууг брэнд болгож байна. Наад захын жишээ гэхэд л Улсын хошой аварга малчин, адуучин Б.Гомбын суурийн ”дааяа халтар” азарга, Сангийн далай бригадын адуучин Б.Сандуйжавын суурийн “дэлгүй хээр” гэх мэт бие цогцос сайтай шилмэл азаргуудыг сайжруулагчаар ашиглаж үр төлийг нь удамшуулж байжээ. Аймгийн аварга малчин, алдарт уяач Р.Номбол 1963 оноос өөрийн болон зэргэлдээ сум аймгийн баяр наадамд олон хурдан хүлэг уяж уралдуулан айрагдуулж “Алдарт уяач” цол хүртсэн юм. Р.Номбол 1999 онд 210 адуу, 85 унага тоолуулж адуугаараа аймгаасаа шалгаран IV байр эзэлж байжээ.

Нутгийн адууныхаа үүлдэрлэг байдлыг сайжруулж цус сэлбэх аргыг хэрэглэж, Завхан аймгийн Дөрвөлжин сумаас азарган үрээ худалдан авч адуучдын суурьт хүлээлгэн өгч байв. Энэ ажлыг тухайн үед сум нэгдлийн даргаар ажиллаж байсан Г.Гончигсүрэн, Д.Лхагвасүрэн нар биечлэн зохион байгуулж ихээхэн үүрэг гүйцэтгэж байжээ. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын “35 жил” нэгдлийг ажил үйлсээрээ манлайлан улс орон даяар нэр алдраа цуурайтуулж, адуун сүргийнхээ хишиг буяныг дээдэлж явсан ахмад ажилтан Я.Мягмарсүрэн, ерөнхий мал зүйч, ЗДТГ-ын дарга асан Л.Жалба, малын эмч, сумын ИТХ-ын дарга асан Ц.Төмөрт, мал зүйч В.Даваадорж, С.Жигмэд, Х.Нацагдорж, малын эмч Н.Бямбацогт, Н.Даржаабуу нарын ахмад ажилтнуудаараа ирээдүй хойч үеийн залуус бид бахархаж явдаг.

Адуун сүргийнхээ хөдөлмөрийн үр шимээр мандаж, нутаг орныхоо бахархал болж ирсэн адуучдын нэг бол Монгол Улсын хошой аварга малчин, адуучин Базарын Гомбо. Манай сумын адуун сүргийн үржил, ашиг шим, үүлдэрлэг байдалтай танилцаж, Б.Гомбо аваргын ажлын туршлагыг нэвтрүүлэх ажил Говь-Алтай аймгийн хөдөө аж ахуйн нэгдлүүдийн дунд өрнөж байсан бахархам түүх бий. Говь-Алтай аймгийн адуучдын зөвлөгөөн 1988 онд болсон юм. Тэр үерээ зохион байгуулсан уралдаан, тэмцээнд манай сумын адуучин залуус эр зориг, авхаалж самбаагаар тэргүүлэн, хурдан морьдоороо түрүүлж айрагдан адууны хийморь тогтсон, хурдны өлгий нутаг гэдгээ батлан харуулсан юм.

Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд хурдаараа гайхагдаж, улс аймаг, сум, бүсийн наадмаас айраг түрүү хүртэж алдар цолоо дуудуулж явсан олон сайхан хурдан буян байжээ. 1950-иад оны үед “дуран хээр” (өрөөсөн нэг нүд нь сохор) гэдэг хурдан морь байлаа. Энэ хурдан морийг шар Гүржав гэдэг хүн уяж сойдог байсан гэдэг. Хожим нь Гүржав бэлтгэлийн мал тууж Улаанбаатар хот явахдаа хээр морио аваад явж. Тэгээд хотод суурьшихаар болж хээр морио улсын наадамд уралдуулахаар сойжээ. Хээр морь үсэргээ наадамд гойд сайн хурдалж байсан тул атаархуу, хар муу санаат хүмүүс баяр наадмын үед шөрмөсийг нь огтолж хорлосон гунигт түүх байдаг юм. Манай Хөхморьтоос 1970, 1980-аад оны үед аймаг болон тойргийн сумдад түрүүлж, айрагдсан нэртэй хурдан хүлгүүд олон байлаа. Д.Даваагийн том толгойт хээр, Н.Хуушааны хээр, Г.Дагвын хээр, М.Гонгорын шарга, Ё.Ширнэнгийн халтар, Г.Самбуугийн хүрэн гээд яривал нэлээд урт жагсаалт гарна. Энэ хурдан ажнайнууд 1950-1980 онуудад нутгийнхаа нэр алдрыг дуурсгаснаар “Хөхморьтын морьд хурдтай” гэсэн яриа гарч байлаа. Тэдгээрийн дунд Нямсүрэнгийн бор, Шаравын их, бага хоёр цэнхэр, Баасангийн гурван хул, Ё.Ширнэнгийн хүрэн, А.Арцадын хүрэн, Д.Жадамбаагийн хул, саарал, З.Содномдоржийн бор, хул морьд, Д.Аюурзанын саарал, Д.Самданхүүгийн жаахан халтар, Д.Гүндсамбын хул соёолон, хээр хязаалан, хүрэн халзан морьд, Д.Лхасүрэнгийн борлог, Д.Пушкагийн хээр, Дэндэвийн цагаан, Д.Шагдарын хүрэн, У.Цамбын хонгор, Г.Бадарчийн улаан бор, З.Баасандоржийн халтар, Б.Хүүхэний хүрэн халзан, М.Энхтөрийн “шодон хэмээх” халтар морь зэрэг олон сайхан зартай хурдан хүлгүүд тогтмол хурдалж сум нутгийнхаа бахархал болж байв.

Хөхморьт сумын “35 жил” нэгдлийн адуун сүргийг 1960-аад оноос хойш 1992 он хүртэл маллаж байсан адуучдын бүрэлдэхүүнийг сурвалжлан үзвэл “35 жил” нэгдлийн анхны адуучдаар Сангийн далай бригадад Рэнжавын Өндөг, Минжүүрийн Гонгор нар ажиллаж байжээ.

Мөн нэгдэлжих хөдөлгөөний үед тус сумд Баян-Оргил, Хүйсийн говь зэрэг нэгдэл байгуулагдахад адуун сүрэг маллаж байсан адуучдын түүх ч балраагүй байна. Цоохор нуур бригадад Жадамбын Доржсүрэн, Магнайн Давааням, Базарын Гомбо /Улсын хошой аварга малчин/, Рэнцэндоржийн Аюуш, Намсрайн Намжилдорж, Рэнцэндоржийн Жадамбаа, Завхан гол бригадад Дарьсүрэнгийн Бадарч/БНМАУ-ын эмнэг сургалтын анхны спортын мастер/, Дамиранжавын Дашзэвгэ, Дамиранжавын Гончиг, Доржбүрэхмийн Гүнсэндорж, Омбоо Гунгаа, Дамиранжавын Лхасүрэн, Жанчивын Хүүхэнхүү, Вангаагийн Нарангэрэл, Шаравын Санжжав, Шаравын Омбодорж, Шагдарын Норолхоо, Гүнсэндоржийн Бадарч, Дэмчигийн Батчулуун, Дашзэвэгийн Пушка, Бадарчийн Бизъяа, Санжжавын Даваажав, Сангийн далай бригадад Гүнчинбурам, Минжүүрийн Гонгор, Бэгзийн Сандуйжав, Гүнчингийн Дагваа, Нямжавын Сумъяа, Авидын Түмээ, Дагвасүрэнгийн Гүндсамбуу/ МХЗЭ-ийн XIV их хурлын төлөөлөгч/, Дэндэвийн Бямба, Дүйнхэржавын Баатар, Хүйсийн говь бригадад Данзангийн Жадамбаа (АИХ-ын депутат асан, Улсын аварга малчин), Наянбуугийн Түдэв, Минжүүр (мийеэ панз хэмээн нутгийнхан нэрлэдэг байсан) нарын ахмад үеийнхэн ажиллаж байжээ.

Батчулууны Бямбаа, Гомбын Пүрэвнорсон, Чогжирсүрэнгийн Лувсан, Зулын Баянмөнх, Хүүхэнхүүгийн Довчинсүрэн, Анандын Гайтав, Лхасүрэнгийн Агваан, Дашнямын Нарангэрэл, Загдсүрэнгийн Дамдинсүрэн, Сандуйжавын Аварзэд нарын олон арван адуучид үе залгамжлан “35 жил” нэгдлийн адуун сүргийг адуулан маллаж байв. Тэд бага балчир, залуу наснаасаа адуунд л хорхойсч, хүлгийн дэлэн дээр, адууны салхин дунд явахыг хүсч, адуугаар амьсгалж амьдарсан монгол эрс билээ.

Монголын Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөл /МБТСЭ-ийн төв зөвлөл/ 1966 оноос эхлэн эмнэг хангал сургасан залууст БНМАУ-ын “Спортын мастер” цол олгож байхаар шийдсэн нь адуунд дуртай залууст урам өгсөн юм. Уралдаанд түрүүлээд ийм том цолтой болох нь залуусын хувьд том боломж байсан хэрэг л дээ. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ”35 жил” нэгдлийн зөвлөл, сумын БТСЭ-ийн үүрээс энэ болзлыг биелүүлэх гэж 1967 оноос эмнэг хангал сургагч, малчин залуучуудын анхдугаар зөвлөгөөн хийж байжээ. Манай орны нийт малчин залуучуудад эмнэг хангал сургаж ердийн хөсөгт өргөн хэрэглэхийг уриалж “эмнэг хангалгүй сум нэгдэл” болох талаар үүрэг авчээ.

Нэгдлийн зөвлөл, БТСЭ-ийн үүр уг ажлыг зохион байгуулахдаа болзолт уралдаан зарласан байна. Энэхүү болзолт уралдаан нь эмнэг сургагчдын хүрээг өргөтгөн тэндний материаллаг сонирхлыг татаж чадахуйц чухал арга хэмжээ болсон байна. Эмнэг хангал сургах ажилд өөрсдийн санаачилга хүсэлтийн дагуу бүртгэн авч 28-44 малчин гишүүдийн бүрэлдэхүүнтэй эмнэг сургагчдын секцийг мал аж ауйн бригад бүрт байгуулан ажиллуулжээ.

Энэ секцийн ажил тогтмолжсоноор эмнэг сургагч залуучуудын тоо нэмэгдэж ажлын арга барил, зохион байгуулалт улам сайжирч тэргүүний гишүүд залуучууд олноор төрөн гарчээ. Завхан гол бригадын секцийн ахлагч Д.Бадарч эмнэг сургалтаар анх удаа “БНМАУ-ын спортын мастер” цол авч, секцийн гишүүн Ц.Шагж, В.Жүгдэр, Ц.Шар, З.Содномдорж нарын зэрэг гишүүд жил тутам 20-92 эмнэг сургаж аймаг, сумын хөдөлмөрийн аваргууд болж тэд МХЗЭ-ийн Төв хорооны “Алтан медаль”-иар шагнагдаж, улмаар В.Жүгдэр, З.Содномдорж, Д.Гүндсамба нар МХЗЭ-ийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцож байжээ.

Эмнэг тэмээ, адууг уналга, эдэлгээ, саалинд сургах ажлыг цааш нь үргэлжлүүлэн нэгдлийн гишүүдийг манлайлан Сангийн далай бригадын малчин Д.Аюурзана малч ухаан, өөрийн хичээл зүтгэлийн дагуу “эмнэг сургалтын спортын мастер”-ийн болзлыг биелүүлэхэд удаа дараа амжилттай оролцож, улмаар “35 жил” нэгдлээсээ шагнал авчээ. Мөн Ц.Шар, Ц.Шагж, Г.Уртнасан, Б.Доржпалам нарын олон залуус эмнэг хангал сургалтын болзлыг биелүүлж, аймаг сумынхаа хөдөдмөрийн аваргаар шалгарч байжээ.

Эмнэг тэмээ, адууг сургаж уналгаа эдэлгээнд оруулах ажил өргөн далайцтай өрнөж эвлэлийн гишүүд залуучуудын санаачилгаар Цоохор нуур бригадад “Залуучууд гавшгайч бригад” байгуулагдаж Цоохорын голын давсны ордоос давс хужир бэлтгэх ажлыг дагнан хариуцаж, улсын хэмжээнд бригадаараа амлалт үүрэг авч 1989 он хүртэл тус бригадын ажилсаг залуучууд гүйцэтгэж байлаа.

Адууныхаа соёлын дархлааг нутаг усандаа нандигнан хадгалан уламжилж, чухамхүү тэргүүний адуучид, манлай уяачид хэмээх алдрыг нутаг нугийнхаа олон түмэн, сум нэгдлийнхээ удирдах байгууллагаас удаа дараа соёрхон хүртсэн олон алдар хүндтэй үе үеийн хүмүүсийн нөр их хөдөлмөр, бүтээл дундаршгүй билээ.

Адууны сүлд хийморь улам дэлгэрэн бадарч, морин эрдэнийн хишиг үеийн үед, үрийн үрд далай мэт арвин байхыг бэлгэдэн ерөөе.

В.Даваадорж Л.Жалба

Г.Даржаа

Categories
мэдээ цаг-үе

Зохиолч, ном хоёрыг зоргоор нь хаямааргүй сэн

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад зохиолч Хоролын Зандраабайдий

Зүүн гар талаас С.Эрдэнэ, Ц.Гайтав, Д.Содномдорж, Б.Явуухулан, Л.Түдэв нар.

1960-аад оны эхэн үе.

Саявтархан би, яруу найрагч Чойндонгийн Содномдоржтой санаандгүй таарлаа. Угийн сэргэлэн цовоо хүн, унжгардуу явах шиг санагдсанд гайхасхийгээд, хүний ёсоор ажил алба, биеийн байдлыг нь асууж уран бүтээлийг нь сонирхов.

-Зохиол бичиж байгаа юу. Дууны шүлгийг ч хийж байх нь мэдээж. Амжилт их үү гэж асуув.

-Тэтгэвэрт сууснаас хойш зүгээр байсангүй. Харин дууны шүлгийг бичихээ больсоон. Урам алга гэхээр нь гайхаад,

-Яаж байгаа нь тэр вэ? гэж эргэлзэнгүй асуув. Тэрбээр шал дургүй нь хүрсэн маягтай болоод,

-Бичээд ердөө ашиггүй болсоон. Шүлэг, ая, дуучин цөмөөрөө л бусдын мэдэлд орчих юм. Бид шүлэг бичээд очиход хөгжмийн зохиолч гурван сая төгрөг авч байж ая хийх юм гэнээ. Үүнийг би яаж дийлэх вэ гэхэд нь, буруу дуулав гэж бодоод,

-Яана гэнэ ээ. Шүлэгт ая хийгээд тийм их юм авдаг болсон уу гэсэнд мань эр,

-Хөгжмийн холбоо тийм журам тогтоосон юм уу. Хөгжмийн зохиолч дураараа загнаж байгаа юм уу, алийг нь мэдэхгүй. Ингэж л биднийг хорлож байна гэж гутрангүй өнгөөр дуугарав.

Ингэж хэлэх түүнд их шаналгаатай байх шиг санагдлаа. Энэ нь аргагүй юм. Содномдорж, бол бүтээлээрээ нэрд гарсан хүн. “Хайрын цэнхэр нулимс”, “Тэнгэрт ойрхон Сутай”, “Дурлал болгон амьдрал биш” зэрэг нийтийн хүртээл болсон олон дууны шүлэг бичиж “Цэнгэл чи бидэн хоёр”, “Энхрий хорвоо”, “Уянгын түрлэг” зэрэг уншигчдын талархал хүлээсэн ном бүтээсэн найрагч болохоор жигүүрээ тасл уулсан шиг л болж яваа юм байна гэж бодогдлоо. Би найрагч биш болохоор дууны шүлгийг доошлуулж, аялгуугаа дээшлүүлснийг мэдэхгүй явжээ. Эндээс улбаалж бид хоёр, хуучны сайныг дурсаж, шинийн мууг өөчлөхөд хүрэв. Би яахав, урьдын танил хөгжмийн зохиолчдоо дурсав.

Өнгөрсөн зууны тавь жараад онд яруу найрагч, хөгжмийн зохиолч нар найрсаг харилцаатай байж бие биедээ туслан дуу төдийгүй дуурь бүтээж байсныг тэр үеийнхэн мэднэ. Ч.Чимид, Б.Дамдинсүрэн хоёр, Ж.Бадраа, Г.Бирваа хоёр, Л.Дагвадорж, Л.Мөрдорж хоёр, Д.Пүрэвдорж Д.Лувсаншарав хоёр, Б.Бааст, С.Гончигсумлаа хоёр, Д.Намдаг, С.Бүтэд хоёр хамтран ажиллаж байсныг бүтээл нь гэрчилнэ. Жараад оны дуунууд гэдэг цагийг эзэлсэн бүтээл бий болсон нь зохиолч, хөгжмийн зохиолч хоёрын нөхөрсөг хамтын ажиллагааны үр дүн болж, түүхэнд үлджээ. Тэр үед хөгжмийн зохиолч, яруу найрагчаас мөнгө нэхэж байсангүй. Харин авьяас, хөдөлмөр хоёрыг нэхэж байсан нь мэдээж. Дууны шүлгийг зохиолчдын хороо баталж, аяыг хөгжмийн холбоо хэлэлцдэг байлаа. Энэ үед үнэхээр санан дурсмаар юм их байсан. Өнөө үед зарим нэгний өөчлөн мэдэмхийрхэж, бусдын толгой эргүүлдэг шиг хянаж цагдаж байсан юм биш, Үг аяыг улам сайжруулж сайн бүтээл болгох үүднээс мэргэжлийн хүмүүс нягталж, хэлэлцдэг байсан билээ. Тэр үед хэвлэлийн хяналт нам, төрд байсан болохоос уран бүтээлийн байгууллагад байгаагүй. Зөвхөн мэргэжлийн зөвлөгөө туслалцаа л байсан юм. Энэ нь зохиолч бусад уран бүтээлчдэд тустай байлаа. Ийм нөхөрсөг сэтгэлийн мэргэжлийн зөвлөгөө ямарч үед баймаар юм гэж намайг хэлэхэд Содномдорж маань,

-Зах зээлд орохоор урьдын бүх юм хэрэггүй. Цөмийг шинээр эхэлнэ гэж боддог хүн байна. Тэгж тэнэгтэж болохгүй гээд сэдвээсээ халимаар болсноо, шүлэг дуу руугаа эргэв. Тэгтэл би хадуурч орхижээ.

Энэ хүмүүс чинь зах зээлийн өрсөлдөөнийг биенээ хорлох, бусдыг дарлах, эрх мэдэлгүй эгэл хүмүүсийг мөлжих гэхчлэн арай буруу ойлгосон юм биш биз ээ. Хүн ер нь төрөл арилжаагүй цагт биедээ тусалж биенээ хайрлах ёстой юм байна аа гэсэнд,

-За тэр, хүн хүнээ хайрлах монгол ёс алга болсон гэв.

Энэ зуур надад манай зохиолчид шиг хөөрхийлэлтэй, арчаагүй хүмүүс байхгүй санагдав.

-Манай зохиолчид гэж… хүн ч анзаарахгүй, өөрөө ч мэддэггүй маш их хохирч байгаа өрөвдөлтэй улс алга аа. Зах зээлд оруут бодсон юм ч байхгүй. Ганц нэгэн нь хөдлөх гээд бүтээгүй. Тун арчаагүй. Уг нь бол Үндсэн хуулинд, зохицуулалттай зах зээлд орно гээд заачихсан боловч манай МЗЭ шиг олон гишүүнтэй, өвөрмөц ажилтай газрыг яаж зах зээлд оруулах байсан юм бол. Чи юу гэж боддог вэ?

-Түүнийг тэгэх, ингэх байсан гэж мэдэмхийрхэх юм алга. Гэхдээ манайд хэн дуртай хүн дураараа байгуулсан зөвлөл, холбоо, нэгдэл зөндөө байна. МЗЭ зохиолын төрлөөр үндэсний төвүүдтэй байна. Яруу найргийн, хүүрнэл зохиолын, хүүхдийн гээд арваад юм байдаг. Гэтэл түүний хажуугаар эмэгтэй зохиолчдын, хүүхдийн зохиолчдын, зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн холбоо, төв нэгдэл гээд байгуулчихсан байна. Энэ хэнд хэрэгтэй юм бэ? Нийтэд үү, эсвэл нэг хүнд үү? Хийсэн ажил нь мэдэгддэггүй ийм юмнууд ядаж байхад яршиг л байна. Нэгэнт байгаагаа дээш татахгүй байж.

-Эндээс санаа авахад, овжин хүмүүс зах зээлд орсон, хяналтгүй болсныг далимдуулаад манай сайн уламжлалыг үгүй хийж, өөртөө ашигтай юм л хайж байна гэж хэлж болох нь ээ. Энэ буруу юу, зөв үү?

-Хүн ер нь гагцхүү хар амиа бодох нь манайд явц муутай санагддаг. Энэ бол миний бодол. Тэгэхдээ л эх орон, ард түмнийхээ шалгарсан сайн уламжлалыг устгаж болохгүй.

-Сэдвээсээ халиад яахав. дууны шүлэг дээрээ л жаахан тогтъё. Энэ хүмүүс ер нь яасан их бичиж байна аа. Энэ чинь бас ямар вэ?

-Үнэн. Их бичиж байна. Бас муу бичиж байна. Дээр үед Чойжилын Чимид “Бидэнд муу бичихээс бусад бүх эрх чөлөө бий” гэж хэлсэн юм билээ. Одоо бол зарим хүн муу бичихийг ч эрх чөлөө гэж боддог байх. Ингэж болохгүй. Энэ чинь муу бичиж болдог юм байна гэж бусдад бодуулна. Зарим нь толгой холбочихвол шүлэг боллоо гэж бодно. Тийм юмаа дуу болго гэж хөгжмийн зохиолчид, мөнгөтэй хамт өгч байна. Баячуул юу дуртайгаа бичээд, мөнгөөр цохиж байна. Ая хийдэг хүмүүсийн толгой эргээд мөнгө л боддог болсон. Ер нь мөнгө бодож хийсэн юм, олигтой болдоггүй нь амьдрал дээр тодорхой харагдаж байна. Сайн юм хийвэл яах вэ, болно. Гэтэл олонх дууны үгийг сонсоход утга учиргүй, уран хөдөлгөөнгүй шүлгэнцэр байх бөгөөд ийм юманд яаж ая хийдэг байна аа гэж гайхмаар байдаг. Гэтэл цаана нь өөр эрх ашиг байдаг болохоор үг гол биш гэдэг ойлгомжтой. Энэ муу уршиг дууны шүлгийн эрчийг сулруулсан төдийгүй найрагчийг мөлжигдөгч болоход хүргэжээ.

Найрагч шүлгээ ая зохиогчид зүгээр өгнө. Тэр ая хийгээд зохиогчоос мөнгө авна. Нэгэнт ая хийсэн учир дууны бичлэгт оруулна. Түүний үнийг найрагч төлнө. Дуучин дуулах бол түүнд мөнгө өгнө. Ингээд найрагч зохиогч биш, сайнаар хэлбэл өглөгийн эзэн, саараар хэлбэл мөлжигдөгч болдог юм байна. Ер нь дуу нийтэд түгээд амжилт оллоо гэхэд, зохиолчид шимтгэл авах мэтийн ашиг ирэхгүй. Харин бас нэгэн нь дуу сурталчилж байгаа нэрээр гадаадад худалдчихдаг болсоон. Арга самбаа их байнаа.

Бид хоёрын яриа ингэсгээд зогссон боловч миний бодол цааш үргэлжлэв. Бид тохиолдлоор таараад ийн ярилцсан нь, өнөөгийн үнэнийг хэлж байгаа болохоос бусдыг ад үзэж муучилсан юм биш ээ. Тэр дундаа миний хувьд бол хоёр талтай бодож байна. Ямарч гэсэн Хөгжмийн зохиолчдын холбоо, ажиллаж байгааг үгүйсгэх аргагүй. Тэд хөгжмийн зохиолчдоо анхаарч тусалж байна. Тэднийг дагаад дуучин бас бэлчээрт гарч, хоолондоо хүрч байна. Гэтэл манай МЗЭ шиг түүхтэй, нэр алдартай газрууд ямар ажил хийж байна аа. Тэд зохиолчдоо хэр зэрэг хамгаалж, хайрлаж, дэмжиж байнаа гэсэн асуулт хариу нэхэж байгаа нь нийтэд тодорхой байна. Ер нь зохиолчийн нэр хүнд ихэд доошилж байх шиг байна. Энэ юутай холбоотой вэ. Бичсэн номтойгоо юү, байгаа байдалтайгаа юү. Ер нь зохиолч, зохиогчийг тоохоо байх нь ээ. Тэгтэл зохиогчгүй бүтээл гэж байхгүй дээ. Наад зах нь концертын урилга, театрын зарлал ч зохиогчтой. Бидний энд яриад байгаа дууны шүлгийг шаардлага хангахуйцаар ёсоор нь хийх юм бол авьяас чадвар, ур ухаан шаарддаг нарийн төвөгтэй хэцүү хөдөлмөр юм. Сайн үг, сайн ая хоёр зохицож байж сайхан дуу бүтнэ. Тэр урт насална. Гэтэл үүнийг тоож байгаа хүн олон байна уу.

Зохиолчийн нь бичсэн бүтээлийг бусад мэргэжлийнхэн ашиглаад байхад гишүүнчлэлтэй газар нь нүдээ аниад байж болох уу. Радио, телевизийнхэн, зохиолчийн бүтээлийг өдөр шөнөгүй хэрэглэж, зохиолчоор өдий төдий юм яриулчихаад ажиг ч үгүй, зах зээл яриад сууж байдаг. Манайхаас бусад орны хэвлэл мэдээлэл, уран бүтээлийн байгууллагууд хүний бичсэн, ярьсан уран зохиол, яриа хөөрөөнийг тэр дор нь үнэлдэг. Энэ чинь хөдөлмөр учраас тэр юм. Өнөөгийн зах зээлийн үед байтугай социализмын үед ч тийм байсан бөгөөд энэ нь уг газрын нэр төр, уран бүтээлийн эвлэл холбоод, зохиолчийн болон байгууллагын эрх ашгийн үүднээс бусад газруудтай хуулийн хүрээнд нарийн харилцаа тогтоомоор байна. Эдүгээ бол эвлэл холбоод урьдын сайн нэр, хүндэтгэлээ алдаад их ярьж, бага юм хийдэг болсон гэж хүмүүс хэлж байна. Үнэн үү?

Манай амьдрал түргэн өөрчлөгдөж, хүмүүс ч амархан хувирч, хүний дор орохгүйн тулд амь нь тэмцэж байх шиг байна. Ард түмний нэг хэсэг маань үнэхээр ядарч байна. Хүний хувь заяа хариуцаж байгаа хүмүүс амарлингуй байх аргагүй болж байна. Монголын соёл урлаг утга зохиол зарим талаар доройтож, өгөөжтэй сайн ном, дуу, бүжиг, жүжиг, уран зураг бүтээхгүй байна гэсэн шүүмжлэлийг шударга үнэн зүйл гэж үзүүштэй байна. Энэ бүхнийг ярихаар холбогдох хүмүүс нь зах зээл рүү түлхдэг. Энэ бол үнэний хувьтайгаас гадна манай хөдөлмөрийн зохион байгуулалттай шууд холбоотой санагдана. Манайх хоёр гүрний дунд мөнхөд оршсоор ирсэн мөртөө өнгөрсөн жилүүдэд өөрийн хөдөлмөрийн зохион байгууллалтыг тогтоож чадаагүй шигээ зах зээлд ороод бас л бусдыг аялдан дагасаар гучаад жилийг хэл амтай шиг өнгөрөөж байна. Манай улс шинэ үндсэн хуулиндаа зохицуулалттай зах зээлд орно гэж тунхаглахдаа Монголын зохиолчдын эвлэл мэтийн өвөрмөц онцлогтой газрыг яаж зохицуулна гэж бодсон юм бол. Энэ хугацаанд байдлыг мэдээд яана гэж санаж байгаа бол. Төрийн бус байгууллага гэдэгт хамруулаад орхисон нь өдөр дутам шинэчлэгдэн байгаа бодит амьдралын өөрчлөлтийг гүйцэхгүй байна. Эдүгээ бол МЗЭ хуулинд зааснаар улсын ямар ч дэмжлэггүй үлгэн салган яваа билээ. Тэднийг ном бүтээдэг гол ажилтайг бүгдээр мэдэж байгаа. Номыг яаж бүтээдэг, яаж хэвлүүлдэг, яаж борлуулдаг, уншигчид нь ямар хэмжээнд байгааг төр засаг мэдэж л байгаа. Наад захын жишээ авахад, уран зургийг хараад, хөгжмийг сонсоод гадна дотны ямар ч хүн ойлгоно. Үүнд хэл шаардагдахгүй. Гэтэл монгол номыг тэгэж болохгүй. Ерөөсөө Монголын үнэн түүх ард түмний амьдралыг монгол зохиолч л төрөлх хэлээрээ үндэсний бичгээрээ бүтээж чадна. Монгол амьдрал өвөрмөц, монгол хэл маш баялаг. Тиймээс ч монгол зохиолын төгс сайн орчуулга хаана ч байхгүй гэж манай орчуулагч эрдэмтэд нотолдог. Одоо үед манай ойр зэргэлдээ улсууд үндэснийхээ утга зохиолыг хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг болсоор байгаа нь бидэнд дохио! Ойрхоны жишээ авъя. Казах улсын ерөнхийлөгч Н.Назарбаев, Соёл, урлаг, утга зохиолд онцгой анхаардгийг өнгөрсөн зуунаас эхлээд хэвлэлүүд тодорхой мэдээлсэн билээ. Тэдний утга зохиол их гүрний нөлөөнд үндэсний шинжээ алдаж байсан гэдэг юм. Түүнийг засах нэг арга болгож, төрөлх хэлээ сайн хадгалсан манай казах зохиолчдыг татсан нь ойлгомжтой. Ерөнхийлөгч давын өмнө Зохиолчдын хорооны байрыг тавин жилийн хугацаагаар эзэмшүүлж зардлыг нь улс даахын хамт төрөлх хэлээрээ сайн зохиол бүтээхийг шаардсан байна. Манайхаас очсон казах зохиолчдын уран бүтээл сэргээд жилд нэг ном бүтээчихээд зохих шагналаа ерөнхийлөгчийн сангаас аваад амьдарч байна.

Утга зохиол, урлаг улс үндэстэнд амин чухал зүйл гэдгийг харуулахын хамт эртнээс түүхэн харилцаатай монголчуудад их сургамжтай, тусгаж авууштай зүйл юм. Ерөөсөө ийм маягийн зохицуулалт шаардлагатай нь мэдээж. Наад зах нь МЗЭ бол хуучин үед зохиолын шимтгэлийн хуримтлалаар өөрийн байртай болоод түүнийгээ хэрэглэж байгаа нь ч төрийн зохицуулалтад анхаарагдах ёстой гэж бодно. Үгүйдээ л, утга зохиолын санд хуримтлал оруулсан зохиолчдын номыг хэвлэж өгч болно. Эдүгээ гишүүдээс татвар авдаг. Эргээд тэдэнд туслахгүй юм бол яах гэж авч байгаа хэрэг вэ? Энэ мэтээр зохицуулах юм зөндөө байгаа, санаачилга дутаж байх шиг. Зохиолчдоо зохион байгуулбал дэлхийд нэрээ гаргах найдвар байна. Энэ дашрамд санал болгоход Ерөнхийлэгч Х.Баттулга Та, хүч тамирын спортыг үлэмж анхаардаг шигээ оюун ухааны түлхүүр уран зохиолын төлөө халамж тавьж хайрлаач! Ерэн жилийн ойгоо тэмдэглэх гэж ядаж байгаа МЗЭ-ийг санаандаа авч “Монголын нууц товчоог” бараадан яваа эртний түүхт утга зохиолын залгамж халаа шинэ уран зохиолоо эрчимтэй хөгжүүлэхэд төрийн зохицуулалт хийж, туслаач хэмээн хүсч байна аа. Зохиолч, ном хоёрыг зөнгөөр нь хаямааргүй байна!

Categories
мэдээ соёл-урлаг

“Нүүдэлчин Монгол” наадмын өнөөдрийн хөтөлбөр

Монгол түмний өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, спортыг хөгжүүлэх зорилгоор Хүй долоон худагт болж буй “Нүүдэлчин Монгол 2018” өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийг аврах эрчим хүчний технологийн шинэ шийдлүүд

үн төрөлхтөн жилд 26 тэрбум тонн нүүрсхүчлийн хий үйлдвэрлэдэг. Амьдрахын тулд эрчим хүч хэрэгтэй, эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нүүрс хүчлийн хий ялгаруулахаас өөр арга байхгүй. Ядууст тусалж, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээхийн төлөө буяны ажилд гар татдаггүй Билл Гейтсийн том мөрөөдөл нь нүүрс хүчлийн хэмжээг тэг болгох. Өөрөөр хэлбэл эрчим хүчний цоо шинэ технологи, эх үүсвэр гаргаж ирэх нь түүний зорилго. Тэр хэдэн жилийн өмнө “Шинээр гарч ирж байгаа сэргээгдэх болон цөмийн эрчим хүчнээс бусад одоо ашиглагдах бүх арга нүүрсхүчлийн хий гаргана. Тиймээс, дэлхийн түвшинд бидний хийж чадах зүйл бол шинэ систем бий болгох юм. Бидэнд эрчим хүчний гайхамшиг хэрэгтэй” гэсэн үг унагаж байв. Түүний эзэмшдэг “Терра повер”-ын зүгээс ураны багахан хэсэг буюу нэг хувийн U-235 изотопын оронд 99 хувийг нь эзлэх U-238-ыг шатаая гэсэн санаа гаргаад буй. Дэлхийн тэрбумтан энэ солиотой санаагаа боломжтой болохыг супер компьютерийн тусламжтайгаар нотолчихсон. Хэрвээ түүний санаа ажил болвол хүн төрөлхтөн ураны хаягдал гэсэн толгойны өвчнөөсөө тун ашигтайгаар сална. Нүүрсхүчлийн хийгээ арилгасан шигээ эрчим хүчээ шийдэж ураны хаягдлаасаа салчихна гэсэн үг. Билл Гейтс “Шатдаг хэсгийг нь шатаачихсан 99 хувийн хаягдлыг ядуурсан уран гэдэг. Энэ зүйл АНУ-ын эрчим хүчийг хэдэн зуун жил хангах болно. Хямд процессоор далайн усыг шүүх төдийхнөөр дэлхийг үлдсэн бүх хугацаанд нь хангаж чадах түлштэй болж чадна” гэж итгэлтэй дуугарсан удаатай. Тэр мөнгөө заран “тэг рүү” хүрэхээр тэмүүлж яваа шалтгаанаа “Хэрвээ бид энэ хүслийг сонгохгүй бол алсын болон ойрын эрмэлзлэлт хүмүүсийн ялгарал, АНУ ба Хятадын, ядуу болон хөгжилтэй орнуудын хоорондын хуваагдал аймшигтай болно” хэмээн тайлбарласан юм. Билл Гейтсийн мөрөөдлийг цааш нь ухвал төсөөллөөс хэтийдсэн том ажил, төлөвлөгөө гарч ирэх байх. Юутай ч түүний нүүрсхүчлийн хийг тэг болгох тэмүүлэл ажил болно гэдгийг дэлхийн учир мэдэх улс толгой дохин хүлээж авч байгаа. Гуч, дөчин жилийн дараа ажил болно гэсэн таамаг хугацаа ч дуулддаг. Энэ удаа Билл Гейтсийн тэмүүлээд буй цөмийн эрчим хүчний дараагийн гайхамшгийг биш нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй сэргээгдэх эрчим хүчний онцлох технологиудаас багцлан хүргэхээр бэлдлээ.

САНСАРТ БАЙГУУЛАХ НАРНЫ СТАНЦ

Дэлхийд нэг цаг гучхан минутанд ирж буй нарны энерги хүн төрөлхтний бүтэн жилийн энергийн хэрэглээг хангана гэсэн сонирхолтой статистик байдаг. XII зуунд нарнаас ирсэн цацрагийг төвлөрүүлэн үүссэн эрчим хүчээр нь явдаг машин зохион бүтээсэн, 1913 онд Америкийн зохион бүтээгч Франк Шуман ус татах насос ажиллуулах зориулалттай анхны нарны дулааны цахилгаан үүсгүүрийг Египетэд барьсан, АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жимми Картер цагаан ордын дээвэр дээр ус халаагч нарны коллектор суурилуулах шийдвэр гаргаж нарнаас эрчим хүч гаргаж авах технологийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж ирээд яривал төдийгөөс өдий хүртэл хүн төрөлхтөн нарнаас эрчим хүч гаргаж авах оролдлогыг хийсээр иржээ.

Нарнаас ялгарч буй дулааныг ашиглан эрчим хүч гаргаж авах технологи сайжирсаар байна.Хүн төрөлхтний хэрэглэж буй нарны зайн хавтанг өнгөрсөн зууны наяад оноос хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн түүхтэй. Нарны хамгийн том эрчим хүчний үйлдвэрүүд АНУ-Морокко, Испани гэх мэт улсуудад ажилладаг. Нарны дулааныг ашиглаж эрчим хүч гаргасан олон янзын арга, технологи бий. Сонирхуулж хэлэхэд нэлээд хэдэн жилийн өмнө Непалийн 18 настай залуу хүний үсийг ашиглаж нарны цахилгаан үүсгүүрийн хавтан зохион бүтээж байж. Тэр бүтээсэн хавтанаа 23 фунтээр үнэлсэн нь тухайн үед зах зээл дэх нарны хавтангийн үнээс дөрөв дахин хямд байсан гэдэг. Непалийн залуу хүү “Дэйли мэйл”-д ярилцлага өгөхдөө “Үс бол нарны эрчим хүч хураах хавтангийн дамжуулагч болж чадна. Сэргээгдэх эрчим хүчний салбарт шинэ хувьсал авчрах зүйл гэдэгт эргэлзэх хэрэггүй. Үс нарны хавтангийн силиконыг орлож чадна. Ингэснээр нарны хавтангийн үнэ хямдрах боломжтой. Эхлээд гэрээ, дараа нь тосгоноо гэрэлтэй болгоно. Тэгээд дэлхийн тухай бодно доо” хэмээн ярьж байжээ. Хүн төрөлхтөн энэ мэтээр нарны гэрлийг ашиглаж эрчим хүч гаргаж авах технологийг илүү хямд болгохоор шаргуу ажиллаж байна. За тэгээд нарны эрчим хүч цуглуулдаг шил, хуйлагдаж хураагддаг нарны хальсан хураагууртай зөөврийн утас цэнэглэгч гэх мэт жижиг хэрнээ содон сонин шийдлүүд өчнөөн дуулддаг. Нарны энергийн хавтанг чиглүүлэгч роботууд ч анхаарал татаж буй. Бага оврын роботуудаар нарны энерги хүлээн авагч хавтангуудыг нарны тусгалын дагуу чиглүүлэх боломжтой тухай яриад эхэлчихсэн. Өнөөдрийн тухайд хавтан бүрийг мотороор чиглүүлдэг юм. Хэрвээ роботуудыг амжилттай туршвал нарны энергийг ашиглан эрчим хүч гаргаж авах ажил илүү хялбар, зардал багатай болох юм.

Нарны эрчим хүч ашиглалт технологио дагаж өөрчлөгдсөөр байгаа. Америкт гэхэд л орон сууцны дээвэр дээрх нарны фото цахилгаан үүсгүүрийн технологийг өргөн ашигладаг. Харин бизнесийнхэн зардлаа бууруулахын тулд нарны зай хураагуураас эрчим хүч үйлдвэрлэж байна. Эрчим хүч үйлдвэрлэгчид төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон хэрэглэгчдийг эрчим хүчээр хангахын тулд нарны эрчим хүчний том станцуудыг байгуулж буй. Нарны энергийн ашиглах технологийн хувьд нарны фото цахилгаан үүсгүүр, төвлөрүүлэгчтэй нарны дулааны үүсгүүр гэсэн хоёр янз байдаг. Манай улсын тухайд нарны фото цахилгаан үүсгүүрийн технологийг малчид өргөн хэрэглэдэг. Бүр энгийнээр тайлбарлавал нарны хавтан гээд ойлгочихож болно. Хоёр дахь технологийг нарны эрчим хүчний станцууд ашигладаг. Нарны цацрагийг ойлгогч толинуудын тусламжтайгаар хүлээн авагч нэг цэгт төвлөрүүлэн өндөр температур гарган авснаар эрчим хүч үйлдвэрлэдэг юм. Манай улс нарны цацрагийн нөөцөөрөө дэлхийн улсуудын дунд хэсэгт жагсдаг ч цэлмэг өдөр олонтой учраас нарны фото цахилгаан үүсгүүр, нарны дулааны цахилгаан үүсгүүрийн чиглэлээр ажиллах боломжтой.

Ирээдүйд ашиглана гэж яригдаж буй бас нэг сонирхолтой шийдэл бий. Тэр нь сансарт суурилагдсан нарны цахилгаан станц. Энгийнээр хэлбэр сансарт байрлуулсан нарны эрчим хүч цуглуулагчаас энергийг богино долгион болгон дэлхий рүү дамжуулах арга. Дэлхий дээр нарны эрчим хүч цуглуулснаар хавьгүй өгөөжтэй арга хэмээн яригдаж байна. Дэлхийд нарны эрчим хүч ирэхдээ агаар мандлын олон давхаргад өөрчлөгдөн сулардаг учраас ашиг өгөөж нь их гээд байгаа аж. Сансарт суурилагдсан нарны станцын туршилт 2025 онд хийгдэж, судалгаа 2027 оноос эрчимжиж 2028 оноос хэрэглээнд гарах боломжтой гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэлээр хөвөрч байна.

ДАВАЛГАА, ТҮРЛЭГИЙГ Ч АШИГЛАЖ БУЙ УСНЫ ЭРЧИМ ХҮЧ

Дэлхийн улс орнууд усны урсгалыг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэсээр байна. Усны энергийг эрчим хүчний зориулалтаар XIX зууны сүүлээс ашиглаж эхэлжээ. Дэлхийн бүх голын усны эрчим хүчний потенциал 190000ТВтц/жилээр хэмжигддэг аж. Хүн төрөлхтөн энэ чадлын есхөн хувийг ашигладаг гэсэн статистик байна. Усан цахилгаан станцыг үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ, барилга байгууламжийнх нь овор хэмжээнээс хамаарч том оврын, бага оврын, микро, усан цэнэгт, далайн гэж тав ангилдаг юм байна. Манай улсад бага, дунд оврын усан цахилгаан станцууд ажилладаг. Дөргөн, Тайширын станцууд дунд оврын станцдаа багтана. Хамгийн их буюу 10200-22500 MW эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий усан цахилгаан станцууд БНХАУ, Бразил, Португал, Венесуэлд ажиллаж байна. Дэлхийн усан цахилгаан станцыг Хятадын Гурван хавцлын усан цахилгаан станц тэргүүлдэг. Уг станц 22500 МВт хүчин чадалтай. Үүний дараа жагсч буй станцуудын хүчин чадал 14000 МВт, 10235 МВт, 8370 МВт-аар яригдаж буй. Тодруулж хэлбэл Гурван хавцлын усан цахилгаан станц бусдаасаа хол тасархай хүчин чадалтай гэсэн үг.

Далайн усан цахилгаан станцын хувьд далайн давалгаа түрлэг, дулаан, давсны нөөцөөс эрчим хүч гаргаж авах шинэ технологиуд нээгдсээр байгаа аж. Хөвөгч хэлбэрийн усан цахилгаан станц ч гэж бий. Ийм станц боомт барих, цементэн суурь цутгах гэх мэт нэмэлт зардалгүйгээр ажиллуулах боломжтойгоороо давуу талтай гэнэ. Далайн гүнээс аргамжаатай эрчим хүч үүсгүүрүүдээр дамжуулан далайн түрлэгийн хөдөлгөөнийг ашиглаж эрчим хүч гаргаж авах технологийг байгаль орчинд хор хөнөөл багатай гэж онцолж байгаа юм. Түрлэгийн энергийн хамгийн том станц бол Францын хойд нутагт орших “La Rance”. Их Британид найман газарт ийм станц ажилладаг. Сайн судалж, нарийн төлөвлөж чадвао оргил ачаалалд ажиллах боломжтой гэж мэргэжилтнүүд онцолдог. Давалгааны энергийн ашиглах технологи ч сонирхолтой, хэрэгтэй шийдэл болж чаджээ. Энгийнээр зүйрлэвэл далайн гадаргуу дээр үүсч байгаа давалгааг ашиглан эрчим хүч гаргаж авахыг хэлээд байгаа юм. АНУ, Англи, Швед, Испани, Португал, Израиль, Грек зэрэг орнуудад энэ технологийг ашиглаж байна. Далайн үргэлжилсэн давалгааг цахилгаан эрчим хүчрүү хувиргах арга дээр тулгуурласан уг технологи нэлээд ирээдүйтэйд тооцогдож буй. Учир нь нар, салхины технологиудын дэргэд илүү бага талбай эзлэх боловч ижил хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх боломжтой технологи юм.

ТЭЭРМЭЭС АВАРГА ТУРБИН ХҮРТЭЛХ 4000 ЖИЛ

Анхны салхины тээрмийг 4000 жилийн өмнө ашигласан гэхээр хүн төрөлхтөн их эртнээс салхины энергийг ашиглаж эхэлжээ. Англи манай эриний өмнөх 900-гаад оны дундас салхины энергийг ашиглаж байж. Францад XI зуунаас ашигласан баримт бий. Хүн төрөлхтөн түүхийнхээ эхэнд салхины энергийг гүний ус татах насос, салхин тээрэм зэрэгт ашиглаж байжээ. Харин дараахнаас нь далбаат усан онгоцонд ашигласан түүхтэй. Өнгөрсөн зууны далаад оны газрын тосны үнийн хямралаас хойш өөр төрлийн эрчим хүчний эх үүсвэр хайх ажил эрчимжсэн юм. Орчин цагийн салхин турбинууд энэ эрлийн дүнд гарч иржээ. Зөв газар байрлуулж ашиглаж буй салхин турбинууд өдгөө уламжлалт дулааны цахилгаан станцуудтай өрсөлдөхүйц хэмжээнд очоод байна.

Салхины эрчим хүч ашиглалтыг хуурай газрын болон далайн парк гэж хоёр ангилдаг аж. Гэхдээ далайн салхин турбин бүх салхин эрчим хүчний төхөөрөмжийн 1.9-хөн хувийг эзэлдэг. Ирээдүйд ч ийм харьцаатай байна гэсэн таамаглал дуулддаг. 2035 он хүртэл баригдах салхин турбины 80 хувь нь хуурай газарт баригдана гэсэн төлөвлөгөө бий. БНХАУ, Энэтхэг, АНУ, Румын, Англи зэрэг улсад 539-6000 MW хүртэл хүчин чадалтай салхины эрчим хүчний үйлдвэрүүд ажиллаж байна.

Салхин турбины цамхаг өндөр байх тусам илүү их эрчим хүч үйлдвэрлэх боломжтой аж. Ийм шалтгаанаар салхин турбинууд илүү өндөр, илүү том хэмжээтэй болж байна. Гэхдээ гангаар хийвэл илүү өртөгтэй гэсэн тооцоо бий. Зуун метрийн өндөртэй дэлхийн хамгийн анхны модон салхин турбин цамхагийг Герман “Хановерд” компани барьж байгуулсан юм. Энэ цамхаг 1000 орчим айл өрхийн цахилгааныг хангаж чадахаар хүчин чадалтай.

Манай улсын хувьд “Салхит” салхин станц Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллаж төвийн бүсийн эрчим хүчний хэрэглэгчдэд цахилгаан нийлүүлж байна. Хоёр дахь салхин цахилгаан станц нь Өмнөговийн “Цэций” юм.

Categories
мэдээ нийгэм

Илүү урт наслахыг хүсвэл өөрт тохирсон биеийн жинтэй байх хэрэгтэй

Илүү урт удаан насалж, эрүүл амьдрахын тулд дор хаяж тамхи татахгүй байх, согтууруулах ундаа, алкоголийн төрлийн зүйл бага хэрэглэх мөн байнгын дасгал хөдөлгөөнтэй байх нь танд эрүүл амьдрахад туслах болно гэдгийг та бүхэн олонтаа сонсож байсан байх.

Тэгвэл бидний тэр бүр тоож, анзаардаггүй байсан дадал, зуршлууд нь хүний дундаж наслалтад хамгийн ихээр нөлөөлдөг болохыг эрдэмтэд батлаад байна.

  1. Эрүүл зөв хооллох
  2. Байнгын дасгал хөдөлгөөнтэй байх
  3. Өөрт тохирсон биеийн жинг хадгалах
  4. Согтууруулах ундаа, алкоголийн төрлийн зүйл маш бага хэмжээгээр хэрэглэх
  5. Огт тамхи татахгүй байх гэх эдгээр таван дадлыг та бүхэн яг одоо амьдралдаа хэвшил болгохыг зөвлөж байна.

Харвардын Т.Х Чаны Эрүүл Мэндийн Сургуулиас дээрх таван зуршлыг насанд хүрсэн хүн дадал болгон хэвшүүлэхэд эрэгтэй хүний дундаж наслалтыг 12 жилээр харин эмэгтэй хүний дундаж наслалтыг 14 жилээр тус тус уртасгадгийг судалгаагаар баталжээ.

Судалгааны багийнхан нийт 78,865 эмэгтэй, 44,354 эрэгтэйчүүдийн 27-34 жилийн туршид цугларсан мэдээлэлд дүгнэлт хийж асуултын хариуг гаргаж ирсэн юм. Дээр дурдсан таван дадлыг 50 нас хүртэл дадал болгоогүй хүмүүсийн дундаж наслалтыг хэмжихэд эрэгтэйчүүдэд 25.5 жил, эмэгтэйчүүдэд 29 орчим илүү амьдрах жил үлдсэн байжээ. Харин таван дадлыг 50 нас хүртлээ мөрдлөг болгож эрүүл амьдралын хэв маягтай амьдарсан хүмүүсийн хувьд эрэгтэйчүүдэд 37.6 жил, эмэгтэйчүүдэд 43.1 жил илүү амьдрах жил тус тус үлдсэн нь ялгааг харуулж байгаа юм.

АНУ-ын хувьд хөгжингүй улс орнуудаас дундаж наслалтаараа доогуур жагсдаг ба нийт иргэдийн дундаж наслалт нь 79.3 байдаг байна. Энэхүү судалгааны гол зорилго нь АНУ-ын иргэдийн дундаж наслалтыг дээшлүүлэх арга замыг хайж, урт наслахад саад болж буй шалтгааныг олж мэдэхэд оршжээ.

Тэгвэл дэлхийн хамгийн өндөр дундаж наслалттай улсуудаас хамгийн эхэнд Монако 89.4 нас, Япон 85.3 нас, Сингапур 85.2 наслалттайгаар эхний байрт жагсдаг байна.

Бидний эрүүл мэнд, бие, сэтгэл санаанд амьдарч буй орчин, агаарын бохирдол, тоосжилт, зэрлэг ургамал, нийгэм гээд гадны хүчин зүйлээс сөргөөр нөлөөлөх зүйлс маш их тул бид өөрсдөө үүнээс сэргийлж, зөв амьдралын дадал зуршилтай болж, өөрийн биеийг хайрлаж, хямгадах хэрэгтэйг судлаачид хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Оросын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын асуудлаар санал солилцов

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Орос-Монголын байгалийн нөөц, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын бодлогын хамтын ажиллагааны төвийн захирал Татьяна Леонидовна Музычуктай өнөөдөр уулзлаа.

Оросын талын хүсэлтээр зохион байгуулсан энэхүү уулзалтаар талууд хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын Байгалийн улсын их сургуулийн харьяа Орос-Монголын байгалийн нөөц, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын бодлогын хамтын ажиллагааны төвийн захирал болон бусад албаны хүмүүстэй биечлэн уулзаж, Монгол-Оросын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох завшаан тохиож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
ОХУ-тай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, ОХУ-ын Засгийн газраас дээрх салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж ирснийг сайд онцоллоо. Түүнчлэн Байгалийн улсын их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгааг цохон тэмдэглэв.
ОХУ-ын Байгалийн улсын их сургуулийн харьяа Орос-Монголын байгалийн нөөц, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын бодлогын хамтын ажиллагааны төв нь БСШУСЯ-тай соёл, байгаль орчин, эдийн засаг, худалдаа, тээвэр, ложистикийн сэдвээр хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, залуучуудыг эх оронч сэтгэлгээгээр хүмүүжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Уг төвөөс хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны 09 дүгээр сард “Боловсрол”, “Орос-Монголын хамтарсан кино төсөл”, “Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн арга хэмжээ” дугуй ширээний уулзалт зохион байгуулах, цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлэх саналаа БСШУС-ын сайдад уламжилсан юм. Эдгээр арга хэмжээг хамтран зохион байгуулахыг дэмжиж байгаагаа БСШУС-ын сайд илэрхийллээ.

Уулзалтад БСШУСЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ууганбаяр, Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Ж.Болор нар байлцав.