Дуучин С.Наран, Б.Баярцэцэг нарын хамтарсан “Together” тоглолт энэ сарын 17-ны үдэш болно. Энэ үеэр хөгжмийн ертөнцийн “хар ба цагаан”-ыг мэдэрч болох аж. “White Rock Center”-т болох дуэт тоглолтын талаар Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баярцэцэгтэй ярилцлаа.
-Дуучин С.Нарантай хамтарсан тоглолт хийхээр болжээ. Тоглолтынхоо онцлогоос сонирхуулаач?
-Би ганцаарчилсан уран бүтээл хийдэг. 2009 оноос хойш монгол, орос хэл дээрх тоглолтыг олон жил дараалан хийж байсан. Энэ хугацаанд дуэт тоглолт хийнэ гэж бодож байгаагүй юм билээ. Анх продюсер Н.Халиун ах С.Наран эгчтэй хамтарсан тоглолт хийх үү гэж санал тавьсан. Үүнд нь маш их баярласан. С.Наран эгчийн нэг л дууг нь сонсоход дуучин хүн ямар байх ёстой талаар маш олон зүйлийг олж харж, суралцаж болдог. Залуу уран бүтээлчийн хувьд энэ хүнтэй хамтарч тоглолт хийх гэж байгаадаа баяртай байна. Бас үүний зэрэгцээ нэлээд айдастай байгаа.
-Яагаад?
-Хэдийгээр Н.Халиун ах, С.Наран эгч бид гурав ах дүүгийн харилцаатай байдаг ч маш хүчтэй хоолой хажуугаас ороод ирэхээр миний хоолой гологдож, зохицохгүй байх вий гэсэн айдас төрөөд л тэр. Гэхдээ Н.Халиун ах зориудаар тэс өөр хоёр өнгийг сонгосон. Дуучин хэмээх ерөн-хий нэршил дор адилтгах боломжгүй хар, цагаан өнгө шиг хоёр хүн хоршин дуулахаар болгосон. Тиймээс энэ тоглолт маш сонирхолтой болно байх. Ойрын өдрүүдэд бэлтгэл хийгээд завгүй байгаа ч сэтгэл дотроо тоглолтын өдөр хурдхан шиг болоосой гэж хүлээж байгаа. С.Наран эгчийн гал цогонд намайг хэрхэн уусаж, өөрчлөгдөхийг тоглолтоос харж болно.
–“Together” тоглолтын арын ажил буюу тайзны хөгжим, дуугаралт, тайз засалт зэрэг бүх зүйлийг Японоос мэргэжлийн баг хамт олон ирж, дэлхийн стандартад нийцсэн шийдлүүдийг ашиглахаар ажиллаж байгаа. Энэ нь үзэгчдэд гоё санагдах байх. Мөн саяхан нээгдсэн “White rock center”-т болох хамгийн анхны том хэмжээний тоглолт нь энэ болж байна. Тоглолтод хамтрах хүмүүстэй С.Наран эгч бид хоёрын хэн хэн нь удаан ажилласан болохоор нэг нэгнээ харцаараа ойлголцож чадахаар. Тиймээс маш халуухан, тэсрэлт үүсгэсэн үдэш байх болно.
-Ямар уран бүтээлүүд тэнд эгшиглэх бол?
-Өнөөдрийг хүртэл бие даасан зургаан цомог гаргасан байна. Ирэх есдүгээр сард долоо дахь цомог маань гарна. Эдгээр цомгуудад багтсан онцлох дуунуудаасаа оруулж байгаа. Хүмүүст хүлээлт үүсгэсэн болов уу гэж бодсон дуунуудаасаа оруулахыг бодсон. Жишээ нь, “Шүрэн бугуйвч” дууны шинэчилсэн хувилбар дуулагдана. Мөн “Дурласан цас”, “Чамайг мартаагүй” цомогт орсон 23-25 дуугаа дуулна. Эдгээрийн заримыг нь С.Наран эгчтэй хамтарч дуулна. Ирсэн хүмүүс зөвхөн Нарангийн эсвэл Баярцэцгийн биш, урлагийн ертөнц дэх хоёр өөр хүний хоолойг нэг дороос сонсох нь илүү сонирхолтой байх. Бас бие биенийхээ дууг сольж дуулна.
-Дуучин С.Нарангийн ямар дууг нь сонгож дуулахаар болсон бэ?
-Наран эгчийн дуунуудын ихэнх нь маш хэцүү юм байна лээ. Гэхдээ хамгийн дуртай “Happy women” дууг сонгон дуулахаар болсон. Наран эгч ч гэсэн миний дуунуудаас сонгохдоо “Хүүе үүнийг чинь яаж дуулах юм бэ” гээд л гайхаад байсан. Арай ч миний “Шүрэн бугуйвч”-ийн дууг сонгож аваагүй ээ. (инээв)
-Хэдэн удаа тоглох вэ?
-Энэ сарын 17-нд “White rock center”-т ганцхан удаа тоглогдоно.
-Та урлагт хөл тавьж байсан үеэ дурсаач?
-Миний элэнц өвөө Богд Жавзандамба хутагтад дуулж өгдөг, хааны дууч байсан. Би тэр хүний үргэлжлэл, үр удам нь юм л даа. Тиймдээ ч багаасаа урлагт хайртай, дуртай хүүхэд байсан. Арван жилээ төгсчихөөд СУИС-д орно гэхэд ээж, аав хоёр дурамжхан байсан. “Үнэхээр дуртай юм бол яах вэ гомдлын мөр шалгалт өгүүлье. Тэнцвэл орно. Тэнцэхгүй бол нягтлан болно шүү” гэсэн болзолтойгоор намайг хот руу явуулж байсан. Харамсалтай нь би СУИС-д тэнцэж чадаагүй. Тэгээд санхүүгийн мэргэжлээр сурч, төгсчихөөд эргээд СУИС-руу орж дахин сурсан.
-Санхүүгийн чиглэлээр сурч байхдаа СУИС-аар их эргэлддэг байсан гэсэн үү?
-Заримдаа хичээлээ тасалчихаад л дуулаачийн ангийн үүдийг онгойлгоод гам уншиж байгаа хүүхдүүдийг чагнаж, би энэ дотор байх ёстой байсан юм гэж их харамсаж, уйлж зогсдог байсан. Гэхдээ их сонин. Тэр сургуулийн босгыг алхаад орчихсоны дараа өмнө нь байсан мэрийлт, хичээл зүтгэл тэр чигтээ алга болчихсон. Угаасаа аль хэдийнэ орчихсон юм чинь гэсэн бодолтой байсан байх. Яг тэр үед “Болор” хамтлаг намайг вакалист дуучнаар авсан. Эндээс урлагийн замд хөл тавьж, бие даасан уран бүтээл хийсэн. 2000 онд хамгийн анх “Өлгийн дууны бүүвэй” хэмээх уран бүтээлээ хийж байлаа. Харин анхны тоглолтоо 2009 онд “Би чинийх” нэртэйгээр хийсэн. Мөн орос дууны тоглолтоо давхар хийж байлаа.
-Уран бүтээл хийхэд гэр бүлийн зүгээс дэмжлэг хэр үзүүлдэг байв?
-Дуучин болоод 15 жил болоход ээжийн амнаас “Миний охин үнэхээр зөв шийдвэр гаргасан байна” гэсэн үг унаж байгаагүй. Арга ч үгүй байх. Тэр хугацаанд миний тоглолтыг ээж нэг ч удаа үзэж байгаагүй юм чинь. Харин гурван жилийн өмнө 2015 онд болсон эх орны дайны сэдэвтэй орос дууны тоглолтыг ээж анх удаагаа үзсэн. Ээж орос дуунуудад их дуртай. Тэр үед ОХУ болон Казахстан улсын Элчин сайд тоглолт үзэхээр ирчихсэн байсан юм. Тоглолт дууссаны дараа ээж “Миний охины амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтын нэг нь дуучин болох байжээ” гэж хэлээд намайг үнсэж байсан. Ээжийнхээ хувьд би гурван жилийн өмнө л дуучин болсон. Одоо ч тэр тоглолтыг ярьдаг. Энэ удаагийн тоглолтыг ирж үзнэ гэсэн.
-Та гэр бүлийнхээ талаар яриач?
-Би дөрвөн настай нэг охинтой. Миний хувийн амьдрал бусадтай адилхан. Зовж, уйлдаг, инээж, баярладаг. Хүнд гайхуулаад байх илүү зүйлгүй болохоор энгийн л амьдрахыг хүсдэг.
-Удахгүй сургуульд орох нь ээ охин тань. Ер нь хүүхдийнхээ хүмүүжилд хэр анхаарч байна?
-Одоо үед хүүхдийг таван настайд нь сургуульд оруулдаг болсон байна лээ. Гэхдээ дараа жил сургуульд оруулах эсэхээ сайн мэдэхгүй л байна. Өөрийнх нь оюуны потенциал хэр байхаас л шалтгаална даа. Дөрвөн настай гэхэд зарим зүйлсийг үеэр таслан уншиж, бичиж байгаа. Бас гадаад хэлээр ойр зуурын юмыг нэрлэж ярьдаг.
-Орчин үеийн хүүхдүүд их сийрэг ухаантай болсон гэж олон хүмүүс хэлэх болсон?
-Яг тийм. Одоо үеийн хүүхдүүд утас оролдож байгаад л хүссэн хүүхэлдэй нэвтрүүлгээ интернэтээс өөрсдөө олоод үзчихдэг болсон. Юмыг амархан ойлгож, сурч, хүлээж авдаг болсон байна лээ. Хүүхдүүд орчин үеийн техник, технологитой ингэж амархан холбогдоод, ойлгоод байгаагийн учрыг шашны талаас нь нэг ламаас асууж байсан юм. “Одоо төрж байгаа хүүхдүүд урьд насандаа яг адилхан ахуйд амьдарч байсан болохоор тэдний хувьд шинэлэг зүйл биш гэсэн үг” гэж хэлж байлаа. Бодоод байхад энэ нь үнэн ч юм шиг.
-Та ярихдаа орос үг их хэрэглэх юм аа. Орос сургуульд сурч байсан юм уу?
-Би чинь Сэлэнгийн хүүхэд шүү дээ. Тэнд төрж, өсч хүн болсон. Жаахан байхад Сэлэнгэд орос хүмүүс их байлаа. Хөршүүдийн ихэнх нь оросууд байсан болохоор орос жаалуудтай найзалдаг байсан юм. Орос хэлийг орчноосоо л сурчихсан шүү дээ. Түүнээс биш хэл суръя гэж тусгайлан цаг зав гаргаж байгаагүй.
-Дуучин С.Наран таван хэл дээр дуулж байсан. Та бас Оросын хуучны дуунуудыг сэргээж дуулахаас гадна, шинэ уран бүтээлээ ч мөн орос, англи, итали хэл дээр дуулдаг. Тэгэхээр тоглолтын үеэр гадаад дууны хамтарсан үзүүлбэр тоглогдох уу?
-Бид хоёрын адил тал нь өөр хэлээр уран бүтээлээ дуулдаг байгаа. Тийм болохоор тоглолтын үеэр тус тусдаа гадаад дуунуудаасаа дуулна. Харин хамтарч дуулах талаар бодож байгаа. Үүнийг нууцалъя.
-Та өөрийн сонголтоосоо уйдах үе байдаг уу. Уран бүтээлдээ хувьсал хийх талаар бодож байна уу?
-Интернэт хэрэглээний шуурганд өртсөн хүмүүс өөрсдийн уран бүтээлчдийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “одод”-той харьцуулаад байдаг. Хүмүүс дэлхийн чиг хандлагыг биднээс шаардаад байгаа учраас хүссэн хүсээгүй тэр чиглэл рүү явахаас өөр арга байхгүй. Тун удахгүй миний дуулах стилийг тэр чигт нь эвдсэн цомог гарах гэж байгаа. Энэ сарын 17-ноос шинэ клипүүд цацагдаж эхэлнэ.
Хүмүүст Баярцэцэг гэдэг хүнийг тэс өөр өнцгөөс харуулах болно. Бас хүсээд байгаа дэлхийн чиг хандлагыг нь тусгасан уран бүтээлүүдийг ч хийсэн. Гэхдээ хөгжмийн урсгал яаж ч хувирч, урлагийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөх нь огтхон ч хамаагүй. Гол нь уран бүтээлчдийн хийж байгаа бүхэн зүрх сэтгэлээс нь урсан гарч, үг бүхэн нь үнэ цэнэтэй байх ёстой. Урлагийн хамгийн чухал нандин зүйл нь угаасаа зүрх сэтгэл л байдаг. Өөр юу ч биш. Өнгөн талаас харагдаж байгаа бусад зүйлсийг яаж л бол яаж өөрчилж болно. Тийм ч учраас би өөртөө дуучны карьераа дуусан дуустлаа хүмүүст дандаа амьд дуу хоолойгоор уран бүтээлээ хүргэнэ гэж хэлдэг.
-Дэлхийн уран бүтээлчидтэй эн зэрэгцэхэд дутагдах зүйл байна уу?
-Манай уран бүтээлчид чадварын хувьд гологдох юмгүй. Саяхныг хүртэл Монголын урлагийн ертөнцөд шинэ зүйлийн анхны алхмыг хийж, урлагт тод гэрлийг асааж өгөх зүйл л дутагдаад байсан. Тэр зүйл саяхнаас сэдэрч, урлагийн замд тод гэрэл тусч эхэлсэн. Үүний тод жишээ нь Укааг гэж боддог. Харин одоо ямар ч салбарт монголчуудыг юу ч зогсоож чадахгүй байх болов уу. Цаг хугацааг хүлээх л үлдээд байна.
З.МӨНХСУВД