Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зөвшөөрөлгүй эм худалдаалж байсныг илрүүлжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ сарын 15-аас ирэх сарын 15 хүртэл “Төрийн хяналт иргэн таны төлөө” гэсэн аяныг эхлүүлжээ. Энэ аяныг хүрээнд ард иргэдийн эрх зөрчигдсөн гомдол, саналыг хүлээж авч байгаа аж. Иргэний гомдлын дагуу зөвшөөрөлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалсныг илрүүлсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НМХГ-ын дарга Д.Цэнд-Аюуш “Манай фэйсбүүк хуудсанд иргэн Батцэцэгээс гомдол ирсний дагуу шалгахад Жин Чен Хай ХХК, Аполло ХХК-иуд эмийн сүлжээ бүтээгдэхүүнийг сурталчилж, гишүүн элсүүлж, импортлох зөвшөөрөлгүй зарж борлуулсан зөрчил гарсан. Компанид үзлэг шалгалт хийн 11 төрлийн 155 хайрцаг эмийг хурааж, торгуулийн арга хэмжээ авсан. Эдгээрэм Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Энэхүү эмүүдийг шинжилгээнд оруулна. Хүмүүс хувь хүнээс баталгаагүй эмийн бүтээгдэхүүн авч эрүүл мэндээ хохироохгүй байхыг анхааруулж байна” гэв.

Улсны байцаагч Д.Оюунбилэг “Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдэхийн тулд тухайн бүтээгдэхүүн заавал Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр бүртгэгдэх ёстой. Үүнийг hos.mn апплекейшнээр шалгах болно. Мөн чанарын баталгаатай импортлогч аж ахуй нэгжүүдээсхудалдаж авч байх хэрэгтэй гэж ард иргэддээ зөвлөе. Мөн тусгай зөвшөөрөлгүй орж ирсэн эм худалдан авсан иргэд дахин гомдол гарган хэрэг үүсгэж хохирлоо барагдуулж болно” гэлээ.

БНХАУ-ын иргэн Ли Лянхуй захиралтай Аполло ХХК-ыг зөрчлийн хуулийн 6.6 зүйлийн 5 дугаар заалтын дагуу 500.000 төгрөгөөр торгожээ. Харин Жин Чен Хай ХХК-ийг гурван сая төгрөгөөр торгосон байна. Мөн эмэгтэйчүүдийн гель, түрүү булчирхайн гель, эрүүлжүүлэн чадавхжуулах бэлдмэл, үе мөчний хосолсон бэлдмэл, нүдний болор угаагч, цус цэвэрлүүлэг кансул, витамины комплекс, эмчилгээний наалт, кальци, усан зүү гэсэн нэр төрлийн 7.798.000 төгрөгийн эмийн бүтээгдэхүүнийг хураан авчээ.

Манай улс дөрвөн боомтоор эм болон эмийн хэрэгсэл оруулахын зөвшөөрдөг аж. Харин иргэн хувийнхэрэгцээндээ хэрэглэнэ хэмээн оруулаад гар дээрээс худалддаг байна. Хувь хүнээс баталгаагүй эм худалдаж авахгүй байхыг анхаарууллаа.



С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нар хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.

Шинжлэх ухааны байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид Улаанбаатар хотын хөгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах зэрэг олон талын ач холбогдолтой. Хамтын ажиллагааны хүрээнд ШУА нь нийслэлийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, хөгжүүлэх хөрөнгө оруулалтын том төслүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого боловсруулахад хамтран оролцох, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах ажилд судалгаа шинжилгээнд түшиглэсэн арга зүйн зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх зэрэг олон талаар хамтран ажиллах юм.

Харин нийслэл хотын зүгээс хотын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ эрдэмтэн судлаачдын оролцох нөхцөлийг хангах, хотын хөгжлийн асуудлаар сургалт семинар зохион байгуулна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Нийгмийн хөгжлийн түвшинд бидэнд нэг алдагдаж байгаа зүйл бол аливаа нэг үйл ажиллагааг явуулахдаа судалгаа шинжилгээнд үндэслэн шинжлэх ухааны үндэслэлтэй тоо баримтад үндэслэн үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Шилжилтийн үеийн нийгэмд болон харьцангуй тогтворжсон өнөө үед ч адил хаягдаж гээгдсэн зүйл бол хүн бүр онолч, өөрсдийн бодлоор асуудлыг шийдвэрлэх гэж оролддог болсон. Ялангуяа шийдвэр гаргахдаа шинжлэх ухаан, онолд үндэслэхгүй байх явдал их гарсан. Энэ бүх үйл ажиллагаа явсаар бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа хөндлөнгийн нөлөөнд автах байдал ажиглагдаж байна. Энэ байдлыг засаж залруулахын тулд бид судалгаа шинжилгээний байгууллагатай хамтарч ажиллах ёстой” гэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд судалгааны үр дүнд эдийн засгийн эргэлтэд оруулах, сайн түншлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газартай хамтран Инноваци, хөгжлийн төвд оюуны өмч, технологи дамжуулах, арилжих дэд бүтцийг байгуулах хөгжүүлэх мөн хотын нутаг дэвсгэрийн хөрсний бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийн арчилгааны асуудлыг сайжруулах, бохирдсон хөрсийг нөхөн сэргээх арга зүй зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах юм.

ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Өнөөдөр ШУА-ны академийн хувьд түүхэн үйл явдал болж байна. Бид нийслэл хоттой хамтран ажилласнаар хөгжлийн бодлого боловсруулах, тулгамдсан асуудлын гарцыг олоход шинжлэх ухаанчаар хандах боломжтой болж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод талархал илэрхийлмээр байна. Учир нь төрийн бодлого боловсруулдаг жишгээс өөрөөр хандаж хотыг хөгжүүлэх бодлого дээр ажиллах гэж буй талархаж байна” гэж хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэргээн босголтын ажил бүрэн хийгдэж дууслаа

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Төмөр замын Айраг-Цомог өртөөний хоорондын замд гарсан ослын хор уршгийг арилгах сэргээн босголтын ажил 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 18 минутад бүрэн хийгдэж дууслаа.

Сэргээн босголтын ажилд оролцож байгалийн гамшгийн улмаас үүссэн хор хохирлыг богино хугацаанд арилгаж, галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээн,төмөр замын тээврийн үйл ажиллагааг хэвийн болгоход тусалсан Монгол Улсын Засгийн газрын харъяа ЗТХЯ, БХЯ, ЭМЯ, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Дорноговь, Говьсүмбэр аймгийн ЗДТГ, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын ЗДТГ, эдгээр аймаг орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнууд, “Монголын төмөр зам” ТӨХК, “Эсто” ХХК, “Шивээ овоо” ХХК, “БТЕГ” ХХК, “Мөнх наран” ХХК, “Чингисийн хар алт” ХХК, “Френдшип Ресоурсес” ХХК, ОХУ-ын төмөр замчид, УБТЗ-ын нийт төмөр замчид, хувь хүмүүс, үнэн зөв бодит мэдээлэл хүргэсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгэл зүрхээрээ хамт байсан бүх хүмүүст гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

“Улаанбаатар төмөр зам” ХНН

Categories
мэдээ нийгэм

Ирэх сард БНСУ-ын соёлын өдрүүд болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа.Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, НАЖГ-ын орлогч дарга Ц.Энхтүвшин, БНСУ-ын ЭСЯ-ны Консул Шин Сан Хюн, Солонгосын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Чой Сон Кю нар байлцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уулзалтын үеэр “Монгол Улс, БНСУ-тай эртнээс гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаа. Тухайлбал БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн төслүүд, Койкагийн буцалтгүй тусламж гэх мэт олон төслүүдээр дамжуулан шаардлагатай туслалцааг ухаалаг боловсрол, улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, эмчилгээ оношилгооны төв байгуулах, Зүүн хойд Азийн цөлжилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг нийгмийн салбар руу чиглэсэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжих болсныг дурдахад таатай байна.

Удахгүй жил бүр зохион байгуулагддаг “Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээ болох гэж байгаа талаар сонссон. Хоёр улсын иргэд хоорондын соёлын харилцаа, харилцан ойлголцлын нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотын зүгээс зохих ёсны бүхий л дэмжлэгийг үзүүлэн, хамтран ажиллах болно.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас 47 мянган иргэн Солонгост оршин сууж байна. Үүнээс 5000 гаруй нь оюутан залуус. Харин Монгол Улсад ирэх Солонгос иргэдийн жуулчлал эрс нэмэгдсэн. 2016 онтой харьцуулахад аялагчдын тоо 20 хувиар өссөн. Энэ нь хоёр орны хоорондын харилцаа өндөр түвшинд байгааг илтгэж байна.

Боловсролын салбарт сурагчид англи хэлнээс гадна солонгос хэлийг маш сонирхон суралцаж байна. Солонгос хэлийг сурч байгаа оюутан, залуус болон Солонгос Улсын соёл, урлагийг сонирхох иргэдийн тоо ийн нэмэгдэж байгаа нь манай хоёр орны иргэд хоорондын харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлж байна” хэмээн хоёр орны хамтын ажиллагаа, харилцаа холбооны талаар дурдсан юм.

БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам “Миний бие Элчин сайдын ажлаа аваад гурван сар болж байна. Өмнө нь 19 жилийн өмнө Монгол ирж байсан. БНСУ-ын Гадаад харилцааны яаманд Монгол Улс, Солонгос Улсын харилцаа, хамтын ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Монгол Улсын талаар мэдлэгтэй. Хоёр улсын хамтын ажиллагаа харилцаа олон талаар өргөжин дэвших боломж бий” хэмээгээд ирэх сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Сөүлийн нэрэмжит гудамжинд БНСУ-ын соёлын өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ үеэр Солонгосын урлаг, соёлын олон алдартай дуучид, жүжигчид ирэх болно. Та бүхэн үүнийг дэжиж, оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлов.

Уулзалтын төгсгөлд хотын дарга “Эрхэм Элчин сайд таныг цаашид ч Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд дэмжлэг үзүүлэн, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэв мөн Соёлын өдрүүдэд боломжит бүхий л хэлбэрээр дэмжин ажиллаж, оролцох болно гэдгээ хэлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Махны экспортын хэмжээ 2,8 дахин нэмэгджээ

УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т: “Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ”, Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д: “Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болох” зорилт тавьсан. Мөн Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, махны экспортыг нэмэгдүүлж, 2020 он гэхэд жилд 100 мянган тоннд хүргэхийг зорьж байна. Тэгвэл эдгээр бодлого, зорилт, арга хэмжээний үр дүнд махны экспортын хэмжээ нэмэгдэж байгаа талаар таатай мэдээллийг хүргэе.

Манай улс 2017-2018 онд 27,9 мян.тонн үхрийн мах, 43,6 мян.тонн адууны мах экспортлохоор тогтоож, хонь, ямааны маханд экспортын хэмжээ, хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 2018 оны эхний зургаан сарын байдлаар 9557.6 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 8868.5 тонн адууны мах, 775.6 тонн хонины болон ямааны мах, 620 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 20320.1 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 44,9 сая ам.доллар буюу 110,6 тэрбум төгрөгийн орлого олсон болохыг Гаалийн ерөнхий газраас мэдээлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2,8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Экспортын хэмжээ нэмэгдсэн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулж, махны төрөл тус бүрээр авч үзвэл, 2018 оны 6 дугаар сарын байдлаар адууны махны экспорт 1.5 дахин их, хонины болон ямааны мах 4.3 дахин их, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 8.1 дахин их тус тус нэмэгджээ. Одоогийн байдлаар мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 30 гаруй аж ахуйн нэгж байгаа бөгөөд сүүлийн үед дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх төлөвтэй байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хаан галерейд “CODE 1” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

ААН Галерей энэ оны ээлжит үзэсгэлэн болох уран бүтээлч Б.Болормаагийн “CODE 1” уран бүтээлийн үзэсгэлэнг 08-р сарын 09-ний өдрөөс эхлэн та бүхэнд толилуулж байна.

Зураач Б.Болормаа нь 2014 онд Бельгид “Gros Art” үзэсгэлэн, 2016 онд Тайваньд “Her presence in colours” үзэсгэлэн болон Солонгос улсад олон улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэнд оролцож, хилийн чанадад Монголын уран зургийн дээжийг толилуулж байсан авьяаслаг уран бүтээлч билээ. Мөн эх орондоо өөрийн бие даасан “Далд”, “Хотын төрх 1”, “Хотын төрх 2”, “Минимал Арт” зэрэг үзэсгэлэнг олон нийтэд хүргэж байсан юм.

Хүн бүр төсөөлөн бодох чадвартай хэдий ч гагцхүү уран бүтээлч хүнд тэрхүү төсөөллийг дүрслэн буулгах авьяас билэг заяасан байдаг билээ. Орчлон ертөнцийн олон төрлийн өнгө будаг, хэлбэр дүрсийг өөрийн төсөөллөөр харж, дүрслэгдэхүүнээр илэрхийлэн буулгадаг нь зураач хүний онцлог юм. Тэгвэл уран бүтээлч Б.Болормаа нь “CODE 1” үзэсгэлэнгээрээ ямарваа нэгэн хэлбэр дүрст баригдалгүй, байгалийн далд хүч, хүмүүн бидний оршихуйн цаг хугацаа, ертөнцийн шүтэн барилдлага, эгэл байдал зэргийг гурван хэмжээст дүрс, өнгө будгийн зохиомжоор хослуулан харуулахыг зорьжээ.

Амралтын болон ажлын өдөр гэр бүл найз нөхдийн хамт хотын өмнө зүгт орших Наадам центрт зочлонгоо ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд саатан 8-р сарын 30-ний өдрийг дуустал үргэлжлэх зураач Б.Болормаагийн “CODE 1” үзэсгэлэнг үзэж, оюуны таашаал авахыг урьж байна. Эрхэм та бүхэн ажлын өдрүүдэд 10:00-19:00, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд ХААН Галерейд гарч буй үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэх боломжтойг дуулгая.


Categories
мэдээ нийгэм

Манай улсын тамирчид бахдам амжилт үзүүллээ

Энэ оны наймдугаар сарын 10-15-ны хооронд БНСУ-ын нийслэл Сөүл хотод Дэлхийн таеквондо холбооны анхны Ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч доктор, профессор, ОУОХ-ны дэд тэргүүн асан Kим Ун Ён багшийн нэрэмжит “KIMUNYONG CUP” олон улсын G1 ангиллын тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү олимпын оноо олгодог тэмцээнд 56 орны 3300 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Манай улсаас “Тулга” клуб, “Цахилгаан нударга” клуб, “Кёнхи” клуб, Эрдэнэт хотын “Хурд” клуб, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Монголын таеквондо хөгжлийн төв”, Монгол Улсын “Пара таеквондогийн холбооны тамирчид оролцож хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Герхард Валерсийг хүлээн авч уулзав

ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн Ерөнхий нарийн бичгийн орлогч бөгөөд Олон улсын хамтын ажиллагааны төв газрын дарга Др.Герхард Валерс Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Конрад Аденауэр сан нь 1993 оноос эхлэн Монгол Улсад өөрийн суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж байгаа цорын ганц улс төрийн сан бөгөөд энэ жил хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байгаа юм. Энэ хүрээнд ноён Др.Герхард Валерс Монгол Улсад ажлын айлчлал хийж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан юм.

Др.Герхард Валерс уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хүлээн авч уулзаж байгаад талархаад, өнгөрсөн 25 жилийн хугацаанд олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хамтран хэрэгжүүлж, Монгол Улсын ардчиллын үйл явцыг дэмжиж ирсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Конрад Аденауэр сан нь Монгол Улсад өрнөсөн ардчиллын өөрчлөлт шинэчлэлийг эхнээс нь дэмжиж ирснийг онцлоод, улс төрийн намууд болон бусад байгууллагуудтай хамтран ажиллахдаа залуу боловсон хүчинг бэлтгэхэд хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд сүүлийн жилүүдэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар нь гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаа талаар ярилаа.

Др.Герхард Валерс Конрад Аденауэр сан нь Монгол Улстай ямар ч салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлж, өнгөрсөн хугацаанд Монгол Улсад өрнөж байсан ардчиллын өөрчлөлт, шинэчлэлийг дэмжиж ирсэн бол одоо Монгол Улсаас суралцах зүйл их болсон гэдгийг цохон тэмдэглэв. Мөн талууд улс төр, эдийн засгийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Др.Герхард Валерст болон түүгээр дамжуулан сангийн нийт хамт олонд Монгол Улстай хамтран ажиллаж ирсний 25 жилийн ойн мэнд хүргэж, ажлын амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиадыг тэргүүлсэн сурагчид Сингапурыг зорилоо

Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарын санаачилга, дэмжлэгээр “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадыг Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын долоон сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд өнгөрсөн тавдугаар сард зохион явуулсан билээ. Энэхүү олимпиадыг эрхэм гишүүн уламжлал болгон гуравдахь жилдээ зохион байгуулсан юм. Монголын ирээдүй болсон залуусыг өндөр мэдлэг боловсролтой болгохыг зорьсон тус олимпиадын эхний гурван байрт шалгарсан 76-р сургуулийн сурагч М.Сүхбат, 104-р сургуулийн сурагч Ц.Цэвээнравдан, 105-р сургуулийн сурагч Б.Сарнай нар өнөөдөр Д.Сумъяабазар гишүүний 100 хувийн тэтгэлгээр суралцахаар Сингапур улсыг зорилоо.

Тэд Сингапур улсад суралцах хугацаандаа хэлний түвшингээ ахиулахын зэрэгцээ тухайн орны соёл, ёс заншилтай давхар танилцаж, олон орны найз нөхөдтэй болох өргөн боломж нээгдэж буй юм. “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадад энэ жил 67, 74, 76, 104, 105, 121, 124-р сургуулийн 12 дугаар ангийн 700 орчим сурагчид оролцсон байна. Хоёр шаттай зохион байгуулсан тус олимпиадад оролцож, бусдыгаа тэргүүлсэн 21 сурагчийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар шагнаж урамшуулсан.

Хүүхэд залуусын англи хэл сурах, ЭЕШ-ыг амжилттай өгөх үйл явцыг дэмжих, улмаар улсын болон олон улсын төвшинд өрсөлдөхүйц боловсролтой залуусыг бэлтгэх зорилготой тус олимпиадыг цаашид ч жил бүр зохион байгуулна. Жил ирэх бүр өрсөлдөөн ихтэй болж, оролцогчдын мэдлэг чадвар улам бүр нэмэгдэж байгааг олимпиадын зохион байгуулагч гишүүн онцолж байв.

Categories
мэдээ нийгэм

Өөх шатаах таван хүнс

1. Авакода

Энэ жимс нь омега-9 хүчлийг агуулдаг. Чидун жимс, чидун жимсний тостой адил агууламжтай. Иймээс өөхийг шатааж энерги болгон бодисын солилцоог нэмэгдүүлнэ.

2. Коконат буюу наргил модны самар

Элэг болон бусад эрхтний өөх тосны түвшинг бууруулах чадалтай. Мөн цатгалан мэдрэмж төрүүлдэг. Наргил модны самрын тос бамбай булчирхайг дэмждэг. Мөн кокосны сүү хэрэглэсэн ч болно. .

3. Нимбэг

Нимбэг нь биеийг тэр дундаа элгийг хоргүйжүүлэх шилдэг хүнс юм. Хоолны өмнө нимбэгтэй ус ууж заншвал сайн. Цусан дахь өөх тосыг саармагжуулж хэрэггүй бодисыг гаргана.

4. Улаан жүрж

Энэ жимс нь гайхалтай жин бууруулагч гэж тодорхойлогддог. 12 долоо хоногийн турш хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдэд хоолны өмнө тал шинэхэн улаан жүрж өгөхөд дөрвөн долоо хоногийн дараагаас дөрвөн кг, туршилтын эцэст нийт долоон кг турсан байна.

5. Улаан лооль

С амин дэмээр баялаг лооль карнитин хэмээх амин хүчлийг агуулдаг. Судлаачдын дүгнэлтээр карнитин өөх шатаах явцыг 32 хувиар өсгөдөг.