Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Хуульчдын холбоотой хамтран 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн байранд зохион байгуулна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулан ажилладаг. Тэгвэл энэ удаагийн өдөрлөгийг наймдугаар сарын 22-ны өдөр буюу лхагва гаригт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар /Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил/-ын байранд 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.
Month: August 2018
Өчигдөр орой 20 цагийн үед Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн ‘’Хуурай-Ам’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 15 км-т/ тээврийн хэрэгслийн осол болжээ. Тодруулбал Баян-Өндөр сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан Орхон аймгийн харьяат иргэн Б-гийн эзэмшлийн “Ланд 80” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Ш-ийн эзэмшлийн “ЭйчАрВэ” загварын таван зорчигчтой суудлын автомашинтай мөргөлджээ. Эл ослын улмаас тус аймгийн харьяат иргэн П /51 настай, эрэгтэй/ автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг онцгойгийнхон аварч, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Жэй Си Дэко Монголиа компанитай байгуулсан гэрээ түүний өөрчлөлт, санамж бичгийн хүрээнд 2018 онд 50 автобусны буудлыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулахаар болжээ. Тохилжилтын ажлын хүрээнд 50 автобусны буудалд саравч, мэдээллийн самбар, сандал, зориулалтын хогийн сав, автобусны чиглэлийн машрут байрлуулах юм байна. Тохижилтын ажлыг ирэх долдугаар сараас эхэлж, есдүгээр сард бүрэн дуусгахаар төлөвлөж байна.
2018 онд тохижилт хийх автобусны буудал:
Ар согоот (баруун)
Салхит (баруун)
Зунжин худалдааны төв (зүүн)
5 буудал (баруун)
5 буудал (зүүн)
17-р сургууль (зүүн)
17-р сургууль (баруун)
32 тойрог (баруун)
32 тойрог (зүүн)
Ногоон нуурын буудал (зүүн)
Ногоон нуурын буудал (баруун)
Их наран 1 (урд)
65-р дэлгүүр (урд)
65-р дэлгүүр (хойд)
Толгойт 1 (урд)
Толгойт 1 (хойд)
Гэмтлийн эмнэлэг (хойд)
Гэмтлийн эмнэлэг (урд)
Кёкүшю цамхаг (баруун)
Эм импекс (хойд)
Их засаг их сургууль (хойд)
КТМС (хойд)
КТМС (урд)
Сөүл хотхон (хойд)
Нисэхийн дэнж (урд)
Нисэхийн дэнж (хойд)
Англи сургууль (урд)
Англи сургууль (хойд)
ИНЕГ (хойд)
ИНЕГ (урд)
Буянт ухаа 1 (урд)
118-р сургууль (урд)
118-р сургууль (урд)
Шинэ яармаг (зүүн)
Буянт ухаа 2 (баруун)
Сансарын ШТС (зойд)
Сансарын үйлчилгээний төв (зүүн)
Хүч бөөний төв /Таксийн зогсоол/ (хойд)
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн (урд)
Ардын эрх / Үндэсний шуудан (урд)
СБД-ийн эмнэлэг (хойд)
Таван богд (хойд)
Богд ар хороолол (баруун)
Богд ар хороолол (зүүн)
Эм Ай Ю дээд сургууль (баруун)
Чулуун овоо (хойд)
Хууль сахиулахын их сургууль (урд)
Жигүүр гранд (хойд)
Хурд хороолол (урд)
Орчлон сургууль (хойд)
Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллага, судлаачдын үүрэг оролцоог танилцуулж байна. Малын генетик нөөцийн тухай хууль нь мал болон ашиг шимийг нь ашигладаг тэжээвэр амьтны генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Малын генетик нөөцийг малын үүлдэрлэг байдлыг батжуулан сайжруулах, ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, бүс нутгийн онцлогт дасан зохицсон малын шинэ үүлдэр, омог бий болгох, малын эрсдэл даах чадавхийг бататган бэхжүүлэх, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх зэрэг зориулалтаар ашиглана. Генетик нөөцийг судлан хөгжүүлэх эрх бүхий этгээд нь хүрээлэн, төв лаборатори, туршилт, үйлдвэрлэл-үйлчилгээний бааз, эрдэм шинжилгээний байгууллага, энэ чиглэлийн дээд сургууль, технолги дамжуулалт хариуцсан нэгж, гарааны компани, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч зэрэг болно. Тиймээс энэ удаад Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх тэр дундаа малын генетик нөөцийг ашиглах, судлан хөгжүүлэхэд мэргэжлийн байгууллагын үүргийн талаар зохицуулалтыг хүргэж байна.
Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын үүрэг:
– Харьяалах нутаг дэвсгэрт мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын генетик нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, сайжруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, сурталчлах, тайлагнах;
– Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хувийн хэвшлийн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, хөтөлбөрийг баталгаажуулах, ажил, үйлчилгээ эрхлэх итгэмжлэлийг холбогдох журмын дагуу шаталсан хэлбэртэйгээр олгох, бүртгэх, сүрэгт явуулах үржүүлгийн хөтөлбөрийн чиглэл, түвшинг тогтоох, баталгаажуулах;
– Орон нутгийн удирдлага, сум дүүргийн хөдөө аж ахуйн тасаг, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийг мэргэжлийн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөмж өгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;
– Малын бүртгэл болон малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийн бүртгэл, малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд төрөөс олгох мөнгөн урамшуулалтай холбоотой мэдээллийг үндэсний мэдээллийн нэгдсэн санд оруулах;
– Үржлийн малд үзлэг, ангилалт хийх, цөм сүрэг бүрдүүлэх, баталгаажуулах, гойд ашиг шимт мал сонгон шалгаруулах, борлуулах, солилцох ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
– Үүлдэр, омгийн малд явуулж байгаа үржүүлгийн ажлын явц, үр дүнд хянан магадлагаа хийлгэж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
– Нутаг дэвсгэрийн хэмжээнд цөм сүргээс жишигт тэнцсэн өсвөр малыг үржилд бойжуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
– Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
– Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийн бүртгэлийг ажлын 5 өдөрт багтаан магадалж, хариуг албан бичгээр мэдэгдэх, үйл ажиллагаанд нь технологийн хяналт тавих.
Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн үүрэг:
– Сум, дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын генетик нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, сайжруулах, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, сурталчлах, тайлагнах;
– Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээнд малыг тогтоосон хугацаанд бүрэн хамруулах;
– Мэргэжлийн ажил, үйлчилгээний нэгжийг итгэмжлэх тодорхойлолтыг гаргах, Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтэд хяналт тавих;
– Мал сүргийн оновчтой бүтэц, зохистой харьцаа, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироонд хяналт тавих;
– Хээлтүүлэгч малыг удам зүйнд үнэлгээнд оруулах, бүртгэл хөтлөх;
– Малчин өрхийн гэрчилгээ, баталгааны тамга, мэргэжлийн үнэмлэхийн захиалгыг авч, холбогдох гатны байгууллагад хүргүүлэх, журмын дагуу олгох;
– Малыг ялган тэмдэглэх хувийн дугаарын захиалгыг өгөх, малыг ялган тэмдэглэх, ээмэгжүүлэх ажлыг мал үржүүлэг, технологийн нэгжтэй хамтран гүйцэтгэх, холбогдох журмын дагуу мэдээллийн нэгдсэн санд оруулах, баяжуулах, мэдээлэх, тайлагнах;
– Малын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлж, бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэлийн байгууллагад хүргүүлэх;
– Малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологи мөрдүүлэх;
– Генетик нөөцийг хамгаалах, түүнтэй холбоотой судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
– Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийг сургах, дадлагажуулах арга хэмжээ зохион байгуулах, мэдээллээр хангах, малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг баримтжуулан бүртгэх, түгээн дэлгэрүүлэх;
– Мэргэжлийн ажил, үйлчилгээний нэгжтэй хамтран үржлийн малын үзэсгэлэн худалдаа, гойд ашиг шимт мал сонгон шалгаруулах ажлыг жил бүр зохион байгуулах;
– Малын удам гарваль, ашиг шимийн талаар тодорхойлолт гаргах, түүнд үндэслэн гэрчилгээ олгох,
– Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд чанарын үзлэг, шинжилгээ хийх, зохион байгуулах гэх мэт
Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийн үүрэг:
Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх итгэмжлэл, зэрэг дэв бүхий мал зүйчтэй, стандартын шаардлага хангасан байр, тоног төхөөрөмж бүхий хуулийн этгээд, мал зүйч мэргэжилтэн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж байгуулж, үйл ажиллагааны чиглэлд тохирсон хөтөлбөрөө аймаг, нийслэлийн ХХААГ-ын Мал үржлийн албаар баталгаажуулснаар мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг эрхлэх эрхтэй болно.
– Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх;
– Малд үзлэг, ангилалт хийх;
– Малын удам гарвалийг тодорхойлох;
– Малын ашиг шимийн гарц, чанарыг тодорхойлох;
– Үр төлийн шинж чанарыг үнэлэх;
– Удам зүйн үнэлгээ хийх;
– Үржил, селекцийн ажлын үр дүнг хянан баталгаажуулах;
– Үржүүлгийн хөтөлбөр боловсруулах;
– Сайжруулагч малыг үржилд тохируулан сонгох;
– Цөм сүрэг бүрдүүлэх;
– Малд зохиомол хээлтүүлэг хийх;
– Гойд ашиг шимт мал шалгаруулах;
– Үржлийн малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах;
– Малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологийн чиглэлээр малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зааварчилгаа, зөвлөгөө өгөх;
Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ эрхлэх итгэмжлэлийг аймаг, нийслэлийн ХХААГ-ын Мал үржлийн алба, мэргэжлийн зэрэг, дэвийг генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгож, бүртгэнэ.
Мал үржүүлгийн ажилд олгох итгэмжлэл нь сүрэгт явуулах үржүүлгийн хөтөлбөрийн чиглэл, түвшнээс хамаарч шаталсан хэлбэртэй байна.
Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж нь тухайн сум, дүүргийн Засаг дарга, үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулж, дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:
– Мал үржлийн ажлын стратегид нийцүүлэн үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийн стандарт, технологийг мөрдөж ажиллах;
– Үүлдэр, омгоос цөм сүрэг бүрдүүлэх;
– Өсвөр малыг үржилд шилж сонгох, ялган суурилах, үржлийн нас хүртэл бойжуулах, борлуулах;
– Технологийн зохистой хугацаанд үржлийн малд үзлэг, ангилалт, тохируулан сонголт хийх, бүртгэх;
– Бог малын, шаардлагатай тохиолдолд бод малын хээлтүүлэгчийг сүргээс тусгаарлан маллах, хяналтад авч бүртгэх, түрээсийн гэрээгээр ашиглуулах;
– Малын нөхөн үйлдвэрлэлийг зохицуулах, биотехнологийн ололт, биотехникийн аргыг нэвтрүүлэх;
– Зохиомол хээлтүүлгийн үйлчилгээ эрхлэх;
– Малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологийг мөрдүүлэх;
– Малын төрөл хоорондын харьцаа, сүргийн зохистой бүтцийн талаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
– Малын генетик нөөцийн ашиглалтын асуудлаар санал боловсруулах, эрх бүхий байгууллага, этгээдээр шийдвэр гаргуулах, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
– Малын удам гарваль, үүлдэрлэг байдал, ашиг шимийг тодорхойлох, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг арга зүйн удирдлагаар хангах;
– Аймаг, нийслэлийн ХХААГ-ын Мал үржлийн албаны зөвшөөрөлгүйгээр малд үржил, селекцийн ажлыг явуулах, малын үүлдэрлэг байдлыг алдагдуулах үйл ажиллагаанд хяналт тавих, эрх бүхий байгууллагад мэдээлэх;
– Үржүүлгийн бүтээгдэхүүн болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд чанарын үзлэг, шинжилгээ хийж бүртгэх, тодорхойлолт гаргах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа эсэх талаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах ажил, үйлчилгээний нэгж нь аймгийн ХХААГ-ын Мал үржлийн албанд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
– Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
– Итгэмжлэлийн хуулбар
– Үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ үзүүлэх хүрээ, нэр төрөл, зорилго, чиглэлээ тодорхойлсон бизнес төлөвлөгөө
– Харьяа дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн дүгнэлт
БНХАУ-ын Эрээн хотноо 2018 оны 8 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд болж буй “Монгол, Орос, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт–2018” болон үзэсгэлэн худалдаанд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төр засаг, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.
8 дугаар сарын 18-ны өдөр болсон чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг нар үг хэлэв. “ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй хоёр болон гурван талын хамтын ажиллагаанд монголын тал өндөр ач холбогдол өгч ирсэн”-ийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав онцлон тэмдэглэж, Эрээн хотод зохиогддог “Монгол, Орос, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт” нь гурван улсын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд зохих түлхэц үзүүлж буйг тэмдэглэв.
Чуулга уулзалтын хүрээнд болж буй үзэсгэлэн худалдаанд манай 70 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан худалдаалж байна. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаатай танилцах үеэрээ манай улсаас оролцож буй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсов.
Улсын Онцгой Комиссын ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан үер, усны нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаатай танилцлаа.
Тус аймгийн нутгаар долдугаар сарын 19-ний өдөр орсон усархаг аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай-Булган чиглэлийн “Хангайн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн харьяа 27 тулгуур багана унаж, Архангай, Баянхонгор, Булган, Дундговь Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгийн нийт 65 сумын цахилгаан тасарсан. Сэргээн засварлах ажиллагааг “Цахилгаан түгээх үндэсний сүлжээ” ТӨХК, түүний салбар, нэгжийн 90 гаруй хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, хэвийн ажиллагаанд оруулсан.
Мөн аймгийн Уянга сумын нутагт буусан үерийн улмаас 12 айлын 504 бог мал хорогдсон бол Тарагт сумын нутагт үерийн улмаас гурван айлын гэр урсаж, зургаан айлын 600 гаруй толгой мал хорогджээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 5818 га талбайд улаан буудай тариалснаас 5358 га талбайгаас урьдчилсан байдлаар 1468,3 тн ногоон тэжээл, 3464,2 тн төмс, 1854,9 тн хүнсний ногоо хурааж авах тооцоо гарчээ.
Харин зун гантай байсан Баянгол, Сант,Төгрөг, Гучин-Ус, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан, Богд сумдад өвөлжилт хүндрэх эрсдэл үүсэж болзошгүй байгаа урчаас аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах нэгдсэн төлөвлөгөө гарган, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна хэмээн мэдээллээ.
Мөн үерийн улмаас эвдэрсэн Арвайхээр сумын замын хөвөө, шуудууг 42,6 сая төгрөгөөр, Бүрд сумын Хөөврийн гүүр орчмын эвдэрсэн замыг 54,6 сая төгрөгөөр засварласан байна. Цаашид зам засварын ажил хийхэд 164 сая төгрөг шаардлагатай байгаа гэдгийг Улсын Онцгой комиссын ажлын хэсэгт танилцууллаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин, орон нутгийн эрчим хүчний үйлдвэр, нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өвлийн бэлтгэлийг хангуулж, нүүрс, түлшийг бэлтгүүлэх, шаардлагатай аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, орон сууцны цэвэр бохир ус, дулааны шугам хоолой, авто замын засвар үйлчилгээг хугацаанд нь хийж дуусгах, нутаг дэвсгэрийнхээ зуншлага, намаржилтын байдалтай уялдуулан отор нүүдэл хийх байршил, маршрут болон төв суурин газраас алслагдсан өрхийн судалгаа гаргах, сум дундын болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газруудад отроор өвөлжүүлэх асуудлыг зохион байгуулах үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Энэ оны төсөвт 39 байршилд сургууль, цэцэрлэг барих хөрөнгө батлагдаж, газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай байна.
Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар цэцэрлэгийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гражуудыг дүүргийн Засаг даргын захирамжаар буулгаж, газрыг бүрэн чөлөөллөө. Энэ газарт тус цэцэрлэгийн өргөтгөлийг барих юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо 8 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Хятад, Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ээлжит чуулга уулзалт боллоо. Тус хотод 10 дахь удаагаа зохион байгуулагдсан энэ арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төрийн төлөөлөгчид, мөн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн 130 компанийн төлөөлөл оролцож, чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд бараа бүтээгдэхүүнээ сурталчиллаа. Чуулга уулзалтад ОХУ-ын 6 бүс нутгийн 38 компани, аж ахуйн нэгж, БНХАУ-ын 800 компани оролцож, нийт дүнгээрээ 1.3 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл хийгдлээ.
Хөрш 3 орны бизнес эрхлэгчдийн форумд Монгол Улсын Шадар сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятад, Монгол, Оросын Засгийн газрын хоорондын комиссуудын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин мэндчилгээ ирүүлснийг Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн Эрээн хотын Засгийн ордны орлогч дарга Гөү Пинванд гардууллаа.
Чуулга уулзалтын хүрээнд Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн асуудлаар тусгайлсан дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, Монгол Улсын Шадар сайдын чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Ганболд хоёр орны хилийн дагуу хамтарсан бүс байгуулах талаарх Монголын талын байр суурь, хийгдэж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. 2014 оноос хоёр орны төрийн тэргүүн нарын түвшинд эхлэн яригдсан Замын-Үүд, Эрээнийг түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахтай холбоотой үйл явц сүүлийн үед нэлээд эрчимжиж, Монгол Улсын Засгийн газар хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн Монголын талын саналыг саяхны хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, БНХАУ-ын талтай албан ёсны хэлэлцээ эхлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад зөвшөөрсөн шийдвэр гаргасныг тэрбээр дугуй ширээний оролцогчдод дуулгалаа.
Энэ үеэр Эрээн хотын Ардын засгийн газрын ордон, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны хооронд хамтын ажиллагааны бүсийн асуудлаар хүрсэн тохиролцоог эрчимжүүлэх тухай баримт бичигт тус хотын орлогч дарга Гөү Пинван, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан нар гарын үсэг зурав гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.
Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, улмаар 80 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цалингийн доод хэмжээг 320 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн байна. Цалингийн доод хэмжээ одоо 240 мянган төгрөг байгаа юм.
Түүнчлэн 2020 онд цалингийн доод хэмжээг нэмэх асуудлыг дахих ярих аж. Энэ талаар өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 15.00 цагаас мэдээлэл хийнэ.
“Changsheng” компанийн үйлдвэрлэсэн чанаргүй галзуугийн вакцинтай холбоотой хэрэгт шалгагдаж буй төрийн түшмэдийг хатуу шийтгэхийг БНХАУ-ын дарга Си Жинпинь шаардсан байна. Тэрбээр ХКН-ын ТХ-ны Улс төрийн товчооны байнгын хорооны хуралдаанд оролцож үг хэлэхдээ ийм шаардлага тавьжээ.
Нийгмийн тогтвортой байдал, ард олны ашиг сонирхлын үүднээс болсон явдлын талаарх нөхцөл байдлыг нэн даруй тодруулж, буруутай этгээдүүдийг хатуу шийтгэхийг Ши Жинпинь шаардлаа.
“Чайна Дэйли” сонинд бичсэнийг үзвэл, дээрх хэрэгт холбогдуулан одоогийн байдлаар 40 гаруй төрийн түшмэдийг хариуцлагад татжээ. Тэдний дотор Жилинь мужийн дэд дарга Зин Юйхуэй болон өндөр албан тушаалын 5 хүнийг үүрэгт ажлаас нь огцруулж, мөрдөн шалгаж байгаа аж.
Энэ зун Хятадад чанаргүй үйлдвэрлэсэн галзуугийн вакцинтай холбоотой дуулиан шуугиан дэгдсэн нь олон нийтийн бухимдлыг ихээхэн хүргэсэн юм. Одоогийн байдлаар, үйлдвэрлэгч компанийн удирдлага дахь бүх хүнийг баривчлаад байгаагийн сацуу 200 сая юанийн /30 сая ам.доллар/ бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татсан нь тус компани цаашид оршин тогтнох эсэхийг эргэлзээтэй болгож байна.
Чанаргүй вакцинаар тариулсан хүүхдүүдэд дахин вакцин хийхийг эмч нарт даалгажээ. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд эм болон хүнсний аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн дуулиан дэгдэж байсан тухай Global Times сонинд бичсэн байна.