Categories
мэдээ спорт

Н.Золбоо Тажикистаны бөх Фаркод Анакуловыг цэвэр яллаа

Жакарта-2018” Азийн зуны спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан эхэллээ. Манай бөхчүүдийн барилдааныг салхийг эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, Монголын багийн тугч, ОУХМ Н.Золбоо хагаллаа. Тэрбээр 1/8 шигшээ барилдаанд 2015 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Тажикистаны Фаркод Анакуловыг оноогоор цэвэр (10:0) яллаа. Н.Золбоо шөвгийн наймд “Лондон-2012” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Узбекистаны гүрж легионер Давид Мозманашвилитэй барилдана.

Categories
мэдээ нийгэм

Азийн наадамд монголчууд аравт эрэмбэлэгдлээ

Азийн спортын наадам “Жакарта-Палембанг 2018” наймдугаар сарын 18-нд нээлтээ хийсэн. Наадам эхэлснээс хойш Монгол Улсын баг тамирчид чөлөөт бөх, буудлага, усан сэлэлт, туялзуур сэлэм, сагсан бөмбөг, теннис болон буудлагын төрлүүдэд оролцоод байна.

Чөлөөт бөхийн 57 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт Э.Бэхбаяр алтан медаль, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн хүрэл медаль тус тус хүртсэн.

Ази тивийн 45 орны 10 мянга гаруй тамирчин, спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөж буй тус наадамд Монгол Улс медалийн жагсаалтын аравдугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Медалийн жагсаалтыг 9 алт, 5 мөнгө, 4 хүрэл медальтайгаар Хятадын баг тамирчид тэргүүлж байгаа бөгөөд тэдний араас Япон, БНСУ-ын тамирчид амжилтаараа удаалж явна.

Categories
мэдээ нийгэм

Баталгаатай замаар зорчихыг анхааруулж байна

Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна.

Он гарсаар улсын хэмжээнд 17 аймгийн 42 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 63 удаагийн усны осол тохиолдож, 74 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 55 нь насанд хүрэгсэд, 19 нь хүүхэд байгаа юм.

Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн голд иргэн Д /13 настай, эрэгтэй/ ороод живсэн тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тус сумын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээс Баянтүмэн сумын “Улаан-Эрэг” хүртэл нийт 32 км-т “Хэрлэн” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун,төв,говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Орон гэргүй болсон 37 өрхөд гэр олголоо

Архангай аймгийн Өндөр-Улаан суманд өнгөрсөн долдугаар сарын 25-нд орсон аадар бороо, мөндрийн улмаас тус сумын 82 айл гэр оронгүй болсон.

Гэр оронгүй болсон 37 өрхөд Архангай аймаг дахь “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас гэр олголоо.

Тусламжийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хүмүүнлэгийн болон Онцгой байдлын асуудал хариуцсан Үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж нар гардуулсан өгсөн юм.

Мөн энэ үеэр сумын ард, иргэдэд болзошгүй гамшиг ослоос өөрийгөө болоод бусдыг авран хамгаалах мэдлэг, дадлага олгох эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч бичиг баримт үйлдсэн цагдаагийн албан хаагчид ял оноожээ

Өнгөрсөн тавдугаар сард Налайх дүүргийн цагдаагийн алба хаагч нотлох баримт хуурамчаар үйлдсэн хэргээр шалгагдсан бөгөөд саяхан уг хэрэг шүүхээр шийдэгдэж, нэг жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял оноосон байна.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй Б нь Налайх дүүргийн Цагдаагийн газар ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа хоёр хэргийн нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, “Хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ. Тэр эрүүгийн 201701080…, 201501080… дугаартай хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох С.Э-ийг сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, гадагш явж болохгүй тухай баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, Г.Б-г 2017 оны хоёрдугаар сард хохирогчоор дахин байцаасан тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдсэн байжээ. Б нь даргаа эзгүйд Мөрдөн байцаах тасгийнхаа тамгыг ашиглаж, дээрх хэргийг үйлдсэн нь гурван шатны шүүхийн явцад тогтоогдсон байна. Түүнд ийнхүү холбогдох хэргийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцээд, түүнд нэг жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял оноожээ.

Categories
мэдээ нийгэм

Мазаалай хамгаалах төслийг албан ёсоор эхлүүллээ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн солилцох захидалд үндэслэн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан. Энэхүү төсөл нь 2018 оноос 3 жилийн хугацаатай Монгол Улсын Говийн их дархан цаазат газрын А хэсэг (ГИДЦГ-А)-т хэрэгжинэ.

Хятадын талаас тус төслийн хэрэгжүүлэгчээр БНХАУ-ын Ойн академийн Ойн экологийн орчныг хамгаалах хүрээлэнг томиллоо.

Төслийн үйл ажиллагааг эхлүүлэхээр БНХАУ-ын Ойн академийн Ойн экологийн орчныг хамгаалах хүрээлэнгийн 7 судлаач 2018 оны 8 дугаар 13-наас 2018 оны 9 дүгээр сарын 28-ныг дуустал Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших Говийн их дархан газрын А хэсэгт байрлан хээрийн судалгаа хийх юм.

Тус төслийн монголын талын удирдагч Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тус төслийн хятадын талын судлаач, эрдэмтдийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад МУИС, Биологийн хүрээлэн, Мазаалай сангийн мазаалай баавгайн судлаач, эрдэмтэд оролцож төслийн хүрээнд хийгдэх судалгааны ажлын талаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Улсын аварга Н.Батсуурийн цолны наадамд Улсын заан Н.Жаргалбаяр түрүүлжээ

Өнөө жилийн Улсын баяр наадамд 512 бөхөөс ес даван түрүүлж “Улсын аварга” цол хүртсэн Увс аймгийн Ховд сумын харъяат ОБЕГ-ын “Аврагч” СХ, Сүхбаатар аймгийн ОБГ, “Увс нуур” дэвжээ, “Химон констракшн” ХХК-ийн бөх МУ-ын аварга Намсрайжавын Батсуурийн аварга цолны мялаалга наадам өчигдөр Увс аймгийн төв Улаангом хотноо болж өндөрлөлөө.

Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын харцага Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий нараар магнайлуулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөх хүч сорин барилдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат ШШГЕГ-ын ” Сүлд” Спорт хороо, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Увс нуур” дэвжээ “Блю драгон” ХХК-ийн бөх МУ-ын заан Н.Жаргалбаяр долоо даван түрүүлж, Увс аймгийн Давст сумын харъяат БХЯ-ны “Алдар” СХ, ЗХ-ний 350-р анги ТЭЦ-4 ТӨХК, “Увс нуур” дэвжээ “Гацуурт” группийн бөх МУ-ын арслан П.Бүрэнтөгс зургаа даван үзүүрлэлээ.

Их шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харъяат, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Увс нуур галын бөх МУ-ын гарьд Ө.Бат-Орших, Увс аймгийн Тэс сумын харъяат, ШШГЕГ-ын “Сүлд” СХ, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, “Увс нуур” галын бөх МУ-ын харцага Т.Баасанхүү нар шалгарлаа.

Түрүү бөхийг “Дэл буйр” ХХК-ийн дэд захирал Б.Төртогтох лам Батсуурь нар таван сая төгрөгөөр шагнасан бол үзүүр бөхийг “Үүрэг нуурын богоч” ХХК мотоциклоор шагналаа.

Мөн Өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас Цогцолбор хоёрдугаар сургуулийн бөх М.Гантогтох түрүүлж Цогцолбор хоёрдугаар сургуулийн бөх Б.Энхманлай үзүүрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Багш нарын ажлын үр дүнд суурилан урамшуулал олгоно

УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын өргөн мэдүүлсэн Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг УИХ- чуулганы 2018 оны зургадугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль 7 бүлэг, 18 зүйлтэй бөгөөд энэ хуулийн зорилт нь багш бэлтгэх, багшийн хөгжил, оролцоог дэмжих, ёс зүй, нэр хүнд, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг батлан гаргаснаар:

1.Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, оролцоог хангах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулсан бие даасан эрх зүйн орчинтой болсноор багш өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, сургууль бүр багшийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар сургалтын чанарт ахиц гарах боломж бүрдэж байна.

2.Багшийн мэдлэг, боловсрол, хандлага, ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй байна.
3.Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсролын сургалтын нийт хувьсах зардлын хоёр хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зардлыг зарцуулна.
4.Багш мэргэжлээр дээд боловсрол олгох их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт 6 сарын хугацаатай дадлагажигч багшаар ажиллах агуулгыг багтаана. Дадлагажигч хөдөө орон нутагт ажиллавал тэтгэлэг олгож болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
5.Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай болсноор багш хүүхэд бүрт хүрч ажиллах боломж нээгдэнэ.
6.Багшид ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
7.Засгийн газар багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг 5 жил тутамд баталж, багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлнэ.
8.Багшийг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хөнгөлттэй нөхцөлтэйгээр хамруулах хөтөлбөрийг барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт хийж байна

Нийслэлийн Тээврийн газрын даргын удирдамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалт өнөөдрөөс эхэлж байна.
Хамтарсан шалгалтын хүрээнд нийтийн тээврийн хяналтын ажилчид, шалгагч нар энэ сарын 20-ны өдрөөс эхлэн 31-ний өдрийг дуустал хуваарийн дагуу Энх тайвны өргөн чөлөө, Таван шарын буудлаас Зүүн дөрвөн замын буудал хүртэл нийт 32 тээврийн хэрэгслийн зогсоолд шалгалт хийнэ. Тэд иргэдэд хууль сурталчлах, зөвлөмж бүхий санамж, зорчигчдод зориулсан товхимол тарааж, бэлэн мөнгөөр зорчих явдлыг таслан зогсоож, зорчигчийн үүргийг танилцуулан ажиллахын зэрэгцээ буудлуудад шугам дундын шалгалт хийж ажиллана. Хамтарсан шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах мэдээлэл сурталчилгаа хийх, зөвлөмж материал тараах, судалгаа хийх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулахад оршиж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн цахим бүртгэлд 76898 хүүхэд хамрагдаад байна

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилэх юм. Одоогийн байдлаар нийт 76898 хүүхэд цахимаар бүртгэлд хамрагдаад байгаа аж. Харин зарим нэг цэцэрлэгүүд элсэлт авах хүүхдийн тооноосоо хэтэрчихсэн байгаа юм. Элсэлтийн үйл ажиллагаа энэ сарын 24-ний 09:00 цагаас санамсаргүй түүврийн аргаар цахим системээр зохион байгуулна. Мэдээллийн дүнг эцэг, эхчүүдэд бүртгүүлсэн гар утасны дугаарт нь мессежээр мэдэгдэх аж. Үүнээс гадна цахим системийн шалгах цэс рүү тухайн өдрийн 10 цагаас эхлэн нэвтэрч хүүхдийнхээ бүртгэлийн дугаараар шалгаж, тэнцсэн эсэхийг нь мэдэх боломжтой юм.Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамрагдсан эсэхийг мэдэхийн тулд заавал харьяа цэцэрлэг дээр нь очих шаардлагагүй.