Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 22-нд болох үйл явдал

09.00 цагт “Хил дамжин халдварладаг мал, амьтны халдварт өвчний хяналт” сэдэвт Ази-Номхон далайн орнуудын бүсийн зөвлөгөөн “Корпорэйт Конвеншн Центер”-ийн 5 давхарын “Улаанбаатар” хурлын танхимд болно. Арга хэмжээг Монголын талаас Мал эмнэлгийн ерөнхий газар зохион байгуулж байгаа бүсийн зөвлөгөөнөөр 20 гаруй орны малын эмнэлгийн салбарын мэргэжилтэн, малын эмч нар нэг дор цуглаж тулгамдсан асуудал, гарц гаргалгаагаа ярилцана. Холбогдох утас: 9306-9999

09.00 цагт “Агаарын чанар, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, цэвэр түлш-үр ашигтай түлшний хэрэглээ” сэдэвт семинар ШУА-ийн 303 тоотод болно. Холбоо барих утас: 98119897

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

10.00 цагт Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд ХХААХҮЯ, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж буй “Пакистанд ноос бэлтгэл, үйлдвэрлэлийг сайжруулсан туршлагыг Монголд нэвтрүүлэх боломж” олон улсын сургалт ХХААХҮЯ-нд болно.

10.00 цагт 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 325044, 327968, 96334405

Төв аймгийн Заамар сумын малчид Ашигт малтмал, газрын тосны газрын гадаа жагсаж, шаардлага хүргүүлнэ. Холбогдох утас: 99817128.

15.00 цагт “Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний VIII форум”, Олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт МУИС-ийн шинэ номын сангийн 302 тоотод болно. Холбоо барих утас: 99115624

15.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “БНСУ руу гурван сарын групп аялалд бүртгэж байна” гэсэн зараар Д.Саран гэх хүнд залилуулсан талаар хохирогч иргэд мэдээлэл хийнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нийтлэлч Баабар “Халх голын тулалдаан” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Ерөнхийлөгч Х.Баттулга байгалийн гамшгийн үед үлгэр жишээ ажилласан иргэдэд Төрийн одон медаль гардууллаа” хэмээн нийтэлжээ.

“Улс төр” нүүрт “О.Баасанхүү: Хэнтийчүүд Н.Энхбаярыг сонгоно, тэнд ялна гээд хэн хэлчихсэн юм” хэмэн ярьжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрнээс Баабарын “Халах голын тулалдаан ” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Хүмүүс” нүүрт “Сүхбаатарын “эсэргүү санаат” хэмээн бичжээ.

“УИХ-ын дарга М.Энхболд Л.Оюун-Эрдэнэд буулт хийв үү” хэмээснийг “Улс төр” нүүрнээс хүлээн авна уу.

“Баримт, үйл явдал” нүүрт “З.Баянсэлэнгийг 9.7 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ” гэв.

“Азийн наадмаас П.Орхон алт, Ш.Түмэнцэцэг мөнгөн медаль хүртлээ” хэмээн “Спорт” нүүрэнд нийтэлжээ.

“Урлан” нүүрт “Б.Одмэргэн: Судалгаа минь ийм амжилттай болно гэж төсөөлөөгүй” гэж өгүүлжээ.

“Хэлэх эрхийн индэр” нүүрнээс иргэдийн үзэл бодлыг уншиж болох нь.

“Дэлхийн мэдээ” нүүрт “Д.Трамп Ким Жөн Унтай дахин уулзалт товлох боломжтой гэв” хэмээжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараа суншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн

салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд хүүхдийн цэцэрлэг баригдана

ХСИС дээр ажилласны дараа ажлын хэсэг ҮБХИС дээр ажиллаа. Үүний дараа ҮБХИС-ийн ажил байдалтай танилцсан юм. Тус сургуулийн хувьд энэ оны долдугаар сард элсэлтээ авч дууссан бөгөөд нийслэл болон Дархан-Уул, Орхон, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ аймаг, Багануур дүүрэгт цахим хэлбэрээр бүртгэл явуулжээ. Элсэн орогчид цэргийн бэлтгэл хийх хээрийн ангид суралцаж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхлэх үед ирэх юм байна. Оюутан, сонсогчдыг хүлээн авах хичээлийн байрууд тохилог, суралцах орчин нь бүрдсэн гэлээ. Мөн өвөлжилтийн бэлтгэлээ ч сайтар хангажээ.

ҮБХИС-ийн хувьд 10 жилийн сургалтаас авахуулаад докторын сургалт явуулдаг улсдаа цор ганц гэж хэлж болох батлан хамгаалах чиглэлийн сургууль юм. Тус сургуулийн хашаанд байрлах “Тэмүүжин өрлөг” дунд сургууль нь арван жилийн боловсрол олгодог. Тус сургуулийг төгсөгчдөөс тодорхой тооны сурагчдыг дөрвөн жилийн сургалттай их сургуулийн ангидаа элсүүлэн авдгийг захирал П.Жаргалан хэллээ. Мөн тус сургууль 2030 он хүртэлх Хөгжлийн стратегийн замаа зураглаж, олон улсын зэрэглэлд нийцсэн сургалттай, боловсон хүчний чадавхитай болох зорилго тавьсан байна. Өнөөдрийн байдлаар 10 гаруй оронтой гадаад харилцаа тогтоож, хамтын ажиллагаатай болсноор суралцагчдаа солилцох, гадаадад багш нараа чадавхижуулж мэдлэг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа нь сайшаалтай аж.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Та бүхний хийж байгаа ажилд талархал илэрхийлж байна. Хэдий цэргийн сургууль ч гэлээ дээд боловсрол олгодог учир заавал стандарт хангах ёстой. Та бүхэн ч үүнийг сайн хангаж яваа. Залуус цэрэгт явахгүй зугтах болсон энэ цагт “Оюутан цэрэг” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж байгаа нь сайшаалтай хэрэг. Үүнийг хэрэгжүүлснээр залуучууд маань эх орноо хайрлах, хамгаалах, бие хүн болон төлөвших том алхам болж чадлаа” гэж онцолсон юм. Үүнээс гадна зөвхөн онолд суурилсан хичээлээс зайлсхийж практик голлосон арга барил хэрэгжүүлж байгаа нь ажлын хэсгийнхэнд их таашаагдлаа.

Тус сургуулийн багш нарын зүгээс салбарын сайдад хүүхдийн цэцэрлэг шийдэж өгөхийг хэлж, хэрвээ хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэл газрын асуудлыг сургуулийн хэрэгцээний тойрогт гаргаж болно гэсний дагуу сайд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн төсөв хөрөнгийг дараа жилийн төсөвт суулгаж өгөхөөр боллоо. Энэ нь, багш нарын нийгмийн асуудлыг шийдэж буй нэг томоохон алхам юм.

Үүнээс гадна салбарын сайд сургуулиудын удирдлага багш нар сонсогч, оюутнуудтайгаа хамтран ямар нэгэн төсөл хэрэгжүүлж, гарааны компани байгуулан ажиллавал дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийт 46 оюутанд 62 сая төгрөгийн боловсролын тэтгэлэг олголоо

Кристина Ноблийн Хүүхдийн Сан (КНХС) “Боловсролын Тэтгэлэг Олгох Хөтөлбөр”- өөрөө дамжуулан хүүхэд, залуучуудад мэргэжлийн болон дээд боловсрол эзэмших боломжийг 17 дахь жилдээ олгож байна.

2018-2019 оны хичээлийн жилд тэтгэлэг олгох хүүхэд, залуучуудыг сурах чин эрмэлзэл, идэвх санаачилга, суралцах чадвар, ар гэрийн боломж зэрэг шалгууруудаар хоёр үе шаттай сонгон шалгаруулалт зохион байгуулж, нийт 46 хүүхэд, залуучуудад 50-100 хувийн сургалтын тэтгэлэг олголоо.

Өнөөдөр 11:00 цагт КНХС сангийн үйл ажиллагааны нэг хэсэг болох “Нархан” асрамжийн газрын Урлагийн танхимд Тэтгэлгийн батламж гардуулах ёслолыг зохион байгуулав. Тус асрамжийн газарт зохион байгуулсан нь шинэ оюутнуудаа сангийн үйл ажиллагаа, зорилго, зорилттой илүү танилцуулах зорилготой юм. Батламж гардуулах ёслолд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын мэргэжилтэн Т.Оюунчимэг “Оюутнуудын хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах боломж”-ийн талаар мэдээлэл өглөө.

Мөн төгсөгчдийн төлөөлөл н.Ёндонжамц “Амжилттай суралцахын нууц” сэдвээр өөрийн туршлагаасаа хуваалцав. КНХС нь Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн Газар, Нийслэлийн Залуучууд хөгжлийн газартай хамтран ажилладаг бөгөөд нийслэлийн 9 дүүрэг болон Булган, Орхон аймгийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүдийг хөтөлбөртөө хамруулдаг.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2001 оноос хойш 600 орчим сая төгрөгийн тэтгэлгийг нийт 659 оюутан залуус хүртэж их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг амжилттай дүүргэж мэргэжил, боловсролтой болсон байна.

Энэхүү хөтөлбөрөөрөө тус сангийн үйл ажиллагаанд хамрагдаж буй дунд сургуулиа төгсөөд цаашид үргэлжлүүлэн сурах хүсэлтэй боловч санхүүгийн боломжгүй, төлбөргүйгээс сургуулиасаа гарахад хүрсэн хүүхдүүдийг дэмжих, ар гэрийг нь санхүүгийн ачааллаас хөнгөвчилж, боловсролтой зөв хүнийг бий болгох, тэднийг нийгэмд хувь нэмрээ оруулахад нь бодитой туслалцаа үзүүлэх нь бидний үндсэн зорилго юм гэж Кристина Ноблийн Хүүхдийн Сангаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт хүүхдүүд тарвасны хордлогонд орсон тохиолдол гараагүй гэв

Өнөөдөр олон нийтийн сүлжээнд “Ховд аймагт хүүхдүүд тарвасанд хордож эмнэлэгт хүргэгдсэн байна” гэх мэдээлэл тарсан. Улмаар иргэд зарах тарвасаа томруулж, улаан өнгөтэй болгохын тулд химийн бордоо ашигласан гэсэн ажээ.

Тус мэдээллийн дагуу бид Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвөөс тодрууллаа. Тэдний өгсөн мэдээллээр, “Ор үндэсгүй ташаа мэдээлэл гарсан байна. Тарвас идсэний улмаас өвчилж, эмнэлэгт хандсан тохиолдол нэг ч бүртгэгдээгүй” гэв. Түүнчлэн ЭМЯ-наас “Худлаа ташаа мэдээлэл. Тийм зүйл болоогүй гэдгийг Ховд аймгийн эрүүл мэндийн байгууллагаас асууж тодруулсан” гэлээ.

Дашрамд дуулгахад, БНХАУ-д хадгалалтын горим алдагдсан тарвас жимснээс хордсон тохиолдол гарч байсныг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байжээ. Иргэд халуун нөхцөлд, хадгалалтын горим сахиагүй ил задгайгаар худалдаалж байгаа тарвас болон жимс, жимсгэнийг худалдан авах, зүссэн тарвасыг хөргөгчинд гурав хоногоос илүүгээр хадгалснаар хордох магадлал өндөрсдөгийг анхааруулдаг юм.

Categories
мэдээ нийгэм

Гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт боллоо

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав энэ сарын 17-19-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод зохион байгуулагдсан 10 дахь удаагийн “Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт”-д оролцов.

Энэ удаагийн чуулга уулзалт нь “Нэг бүс-Нэг зам” санаачлагын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтыг урагшлуулах, нээлттэй хөгжлийн орон зайг өргөжүүлэн тэлэх нь” уриан дор болсон юм.
Чуулганы нээлтийн ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав үг хэллээ. Тэрбээр, Монгол, Хятад, Орос гурван улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө Хятадын тал хүчин чармайлт гаргаж, энэхүү чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулж ирсэнд талархал илэрхийлж, гурван талын хэлэлцэн тохиролцсон зарим асуудлууд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлэв. Мөн гурван улсын Төрийн тэргүүн нар Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг тохирч, нэн тэргүүнд хэрэгжүүлэх 32 төслийн жагсаалтыг баталсан тухай дурьдаад, энэ хүрээнд хил дамнасан төмөр зам, авто замын сүлжээг бий болгох, дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, монголын экспортын бараа, түүний дотор мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх, тарифын бус хориг саадыг арилгах зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэрэгжүүлэхээр тусгасан тухай хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Түүнчлэн энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэнгийн арга хэмжээ нь гурван улсын хил залгаа аймаг, хотууд, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргах, олон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд шинэ боломж, шинэ зах зээл, шинэ түншлэл бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв.
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав уг чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Монгол, Хятад, Оросын бүс нутгийн хоорондын Захиргааны болон худалдаа, аж үйлдвэрийн салбарын дээд хэмжээний уулзалт”, “Монгол, Хятад, Оросын онцлогт аж үйлдвэрийн хамтын ажиллагааны форум”, “Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын хамтын ажиллагааны форум”-д тус тус оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрийн ажил үргэлжилж байна

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил үргэлжилж байна. Уг төслийг Хятадын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн онд шинэ гүүрийн 77 дам нурууг угсарч, Богд уулын арын замаас Яармагийн гүүртэй холбогдох цутгалтын ажлыг хийж дуусгасан байна.

R рампын дагуу байрлах жаазан гүүрийн хойд хэсгийн шал, бетон цутгагдсан. Ханын арматурын хэлхээс зангидах ажил хийгдэж байна. Хуучин гүүрийн засварлах ажилтай холбогдуулан дам нуруу хоорондын завсрын бетон буулгах ажил, мөн Богд уулын арын замаас Яармагийн гүүртэй холбох D рампын гүүрийн дам нуруу угсрах ажлууд тус тус хийгджээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн албан хаагчдыг “Шудрага журам” медалиар шагналаа

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэр “Айраг” өртөөний орчимд энэ сарын 12-ны үүрээр осолдсон “Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн 286 дугаар галт тэргэнд үүрэг гүйцэтгэж явахдаа төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр багтаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан цагдаагийн алба хаагчдыг /2018.08.21/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар шагналаа.

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Айраг сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ч.Ганзориг

Галт тэргэнд үүрэг гүйцэтгэж явсан Төмөр зам дахь Цагдаагийн газрын тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч М.Тулга, цагдаагийн дэд ахлагч П.Золбаяр нарыг “Шударга журам” медалиар шагнасан юм. Мөн албан үүргээ амжилттай гүйцэтгэсэн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Айраг сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ч.Ганзоригт Цэргийн хүндэт медаль гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 320 мянга гаруй бог малыг угаалгад хамруулаад байна

Монгол Улсын Засгийн газраас мал, амьтны халдварт, гоц халдварт, шимэгчтэх өвчнөөс нэн тэргүүнд урьдчилан сэргийлэх бодлого баримталж байна. Тиймээс дархлаажуулалт, боловсруулалт, угаалга, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх уламжлалт аргыг сэргээн хэрэгжүүлж байна.

21 аймаг, нийслэлээс ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд 100,4 мянган бод мал, 324,1 мянган бог малыг угаалгад хамруулаад байна. Өнгөрөгч сард ихэнх нутгийг хамарсан усархаг аадар бороо үргэлжлэн орсны улмаас мал угаалгын ажил удааширч байгаа талтай. Гэхдээ ирэх 9 сардаа багтаан мал угаалгын ажлыг дуусгахаар төлөвлөж, нийт бог малын 30 хувийг угаалгад хамруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлыг эрчимжүүлэх, чанаржуулах үүднээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийт 225 мал угаалгын зөөврийн төхөөрөмжийг орон нутгуудад хуваарилах ажлыг эхлүүлээд байна.

2017 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын нийт мал сүргийн 0,5 хувь буюу 362 мянган мал шимэгчтэх өвчнөөр өвчилжээ. 30 гаруй нэрийн шимэгчтэх өвчин байдгаас малын арьсыг гэмтээж, өвчлүүлдэг 4-5 төрлийн өвчин бий. Хөх ширх, шар ширх, шалз, хачиг зэрэг шимэгчлэгч нь малыг давжааруулж, биеийн эсэргүүцлийг сулруулан, эрсдэл даах чадварыг бууруулж, улмаар түүхий эдийн гарц, чанарт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол хамрагдаж байх нь мал, амьтан өмчлөгч таны нэн тэргүүний үүрэг. Улс орон даяар явагдаж буй мал угаалгын ажилд идэвх, санаачилгатай оролцохыг малчин түмэндээ хандан уриалж байна.

Малаа угаалгад хамруулах, хэвтэр бууцаа ариутгуулахын тулд малчин та эхлээд сум, багийн засаг захиргаанд өөрөө хандах эсвэл тогтоосон хугацаанд малаа бэлэн байлгаж, малын эмчийн зааварчилгааны дагуу малаа угаалгана. Дашрамд хэлэхэд, мал угаалгын үйлчилгээний хөлсийг малчин, мал бүхий этгээд хариуцах юм. Ийнхүү малаа жилд нэг удаа, халдварт болон халдварт бус өвчний үед жилд хоёр удаа зайлшгүй угаалгаснаар мал тарга тэвээргээ бүрэн авч, малын арьсны гэмтэл багасч, арьс шир, ноос ноолуур, махны чанар, гарц дээшлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Categories
мэдээ нийгэм

“Сэтгүүлч” дээд сургуулийг “Сити” их сургуультай нэгтгэжээ

БСШУС-ын сайдын 507 тоот тушаалаар Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургуулийг “СИТИ” их сургуультай нэгтгэв.

“СИТИ” Их сургууль нь 1998 онд байгуулагдсан бөгөөд 2005, 2010 онд Монгол улсын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр анхан шатны болон ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэж, 2012 онд БСШУЯ-д аттестатчилагдсан юм. Тус их сургууль нь Бизнесийн сургууль, Урлагийн сургууль, Гоо сайхны сургууль, Архитектур-Дизайны сургууль, Хүмүүнлэгийн сургууль, Хууль зүйн сургууль гэсэн үндсэн 7 сургуультай Монголын дээд боловсролын салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй төрийн бус өмчийн нэр хүндтэй сургууль. Тус сургууль нь бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг салбартаа тэргүүлэгч доктор, профессорууд удирдан, дэлхийн стандартад нийцсэн сургалтын арга барилаар оюутанд мэдлэг олгож байгаа бөгөөд олон улсын нэр хүндтэй сургуулиудтай үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаагаараа онцлог ажээ.

“Сэтгүүлч” дээд сургууль нь хэвлэл мэдээллийн салбарт 2004 оноос хойш 14 дэх жилдээ бакалаврын төвшинд үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд сэтгүүл зүйн дагнасан сургалттай цорын ганц сургууль гэдгээрээ сэтгүүл зүйн салбарт онцлог сургууль. “Сэтгүүлч” дээд сургуулиас төрөн гарсан цөөнгүй боловсон хүчин өнөөгийн хэвлэл, мэдээллийн салбарт амжилттай ажиллаж, дөрөв дэх засаглалыг бэхжүүлэхэд гар бие оролцож байна.

“СИТИ” их сургууль “Сэтгүүлч” дээд сургуулийг нэгтгэснээр цаашид “Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны сургууль” болон сургалтын үйл ажиллагаа нь өргөжиж байгаа аж.