Categories
мэдээ нийгэм

Ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

Хүн мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс Мал аж ахуй эрхлэх хориглосон бүсээс нүүсэн айл, өрхийн хашаа саравчийг буулгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж эхэллээ.

Тухайлбал өнгөрсөн сард Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаар тогтоол, Нийслэлиийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/578 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан 83 өрхийн 3.594 малыг зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлсэн билээ.

Categories
мэдээ цаг-үе

Ардын жүжигчин Б.Зангад: Хүн ханиа олж авна гэдэг их хэцүү дээ

Түрүүч нь №162(6005) дугаарт

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангадтай ярилцлаа.


-Ноён нуруутай, нэг л замаар тууштай явахад хэцүү юу?

-Хүн чанар гэдэг аугаа чанар юм даа, базарваань минь. Ямар ч үед ноён нуруугаа алдахгүй байна гэдэг аугаа. Заримдаа хугараагүй ноён нуруу гэж ярих юм байна шүү дээ. Тэгж хэлүүлж байгаа хүн их ноён нуруутай, хаана ч аливааг зохицуулаад гэгээлэг замаар яваад байдаг гэдэг сайхан юм даа. Түүнээс биш хоёр талд шарваад энд тэнд очиж сайн царайлаад байх нь ноён нуруу биш. Хүн чанарын талаар бид хөгшин, залуугүй бүгд цаг ямагт бодож явах хэрэгтэй байгаа юм. Юм болгонд л хүн өтөлсөн хойноо л ухаантай байдаг юм гэж сэтгэж бас болохгүй. Аль залуугаараа сэтгэл, оюуны асар их тэнхээтэй хүмүүс байна шүү дээ. Харин тэдэнтэй оюунаа уралдуулж л харилцан бие биенээсээ суралцаж л байх хэрэгтэй. За энэ ная гарчихсан хөгшин л ноён нуруутай үг хэлнэ дээ гэж ойлгоод байдаг нь өрөөсгөл. Сайхан ноён нуруутай залуу үеийнхэн байна. Юмыг ухааруулж сэтгэж бодож чаддаг. Хийж чаддаг, ярьж чаддаг, хүнд ойлгуулж чаддаг. Улс орноо хөгжүүлье, улс орноо аваад явъя гээд болохгүй байгаа юмнуудыг хөндлөнгөөс нь хараад ухаан суучихсан, хөндлөнгийн ухаалаг залуус ч бас байна. Харин би нэг юмтай санал нэгддэггүй. Ажилгүй хүн их байна, ажилгүйчүүдийн тоо нэмэгдээд байна гээд байдаг. Манайд ажилгүй хүн байх ямар ч үндэслэл байхгүй. Ажил бол манайд бий. Харин манайхан ажилдаа өөрсдөө тэнцэхгүй байна. Мэргэжилдээ тэнцэхгүй. Тэгээд л ажилгүйчүүдийн арми гэж яриад байдаг болохоос биш, ажил голохгүй бол манайд ажил шиг их юм алга. Хаана ч ажил байна.

-Хань ижил, найз нөхөд гээд ойр тойрны хүмүүсийн жинхэнэ чанар зовлон тохиоход л танигддаг. Түүнээс биш жирийн үед хүнийг танихад бэрх бололтой. Тийм үү?

-Хүн ханиа олж авна гэдэг их хэцүү дээ. Сонголт хийнэ гэдэг царайны сайхныг биш, сэтгэлийн сайхныг олж авч чадсан нь жаргадаг. Царайны сайхнаар цай сүлэхгүй. Дээр үеийнхэн үр хүүхдээ сайн хүнтэй ханилуулах, сайн хүнийг босго алхуулахдаа их судалдаг байж. Одоогийн залуус долоо хоноод л сууж байна ч гэх шиг. Танилцаад долоо хоноод суугаад дахиад долоо хоногийн дараа хуримаа хийж байна ч гэх шиг. Энэ бол шохоорхол л байх даа. Жинхэнэ ханийг олоход хэцүү шүү. Ханилж байж л ханиа танина. Бие биедээ үнэнч, тэр олон жилийн амьдралыг туулж өнгөрөөсөн 70, 80 жилийн амьдралыг харахад их л аугаа харагддаг юм даа. Тэр амьдралд тэр хоёр дандаа жаргаж байгаагүй шүү дээ. Зовж байсан, ядарч байсан, зүдэрч байсан, юмаар дутаж байсан, дандаа хангалуун сэхүүн амьдарч байгаагүй шүү дээ. Хоолгүй хонож байсан удаа ч бий. Хэдэн хүүхдээ хооллохын тулд өөрсдөө хоол дутуу идэж, дутуу нойртой явж ирсэн байж таараа. Олон хүүхэдтэй айлын амьдралыг харахад ээж нь тогоондоо хоол хийлээ, сорыг нь хөгшиндөө хийж өгөөд үлдсэнийг нь хүүхдүүддээ хуваагаад хамгийн сүүлд шавхрууг нь ээж иддэг юм. Тийм ээ.

-Тэгдэг.

-Тэгэхээр өрөвдмөөр байгаа биз. Шавхруу идчихээд “Ээж нь цадлаа” гэдэг. Үнэндээ тэр ээж хоол идэж чадаагүй байдаг. Идээгүй байгаа. Үнэрт нь л цадаж байгаа биз, тэр. Өөр юу идэх юм. Тэгэхээр хань гэдэг хүний нэг насанд олдох заяаны түшиг тулгуур, багана.

-Тэвчээртэй, тэвчсэн хүн ханьтай үлддэг гэж хүмүүс ярих юм. Хүнтэй амьдрахын тулд тэр их зүйлийг заавал тэвчих ёстой юу. Одоо бол тэвчиж өөрийгөө дарлуулснаас салсан нь дээр гэдэг үгийг их хэлдэг болцгоожээ?

-Бас бодох л үг. Бие биенээ өөлөөд байвал өө гарна шүү дээ. Аль нэг дутагдал байгаа, тэрийг нь тэвчиж өнгөрөөх хэрэгтэй. Сэтгэлийн тэнхээ, тэвчээртэй, дуугарах юман дээрээ дуугардаг. Дуугарахгүй юмаа сэтгэлдээ тээж хадгалж чаддаг байх ёстой. Сэтгэлийн тэнхээтэй л байх хэрэгтэй, хүн. Сэтгэлийн тэнхээтэй хүн аз жаргалтай амьдарч чадна. Хүнд хэлэх үг гэж байна, хэлэхгүй үг ч гэж байна. Хүний хэлсэн болгоныг хүнд дамжуулдаг тоть шиг байж болохгүй. Хүний муу хэлсэн үгийг тэр хүнд нь хэлж болохгүй. Чамайг тэр муулаад байна лээ гэж ирж хэлж байгаа хүн муу хүн. Дайсан чинь чиний хажууд л амьдарна шүү дээ. Дайсан өөрсөд дотроос минь л гардаг. Хамгийн ойрын хүмүүс дунд л дайснууд байдаг.

Одооны залуусыг хараад байхад эхнэр, нөхөр хоёр бие биетэйгээ их барьцана. Энэ хийгээгүй байхад би юу гэж хийх юм, адилхан л хийнэ ээ хө гэх. Хүнд босоод нэг аяга цай аягалаад өгсөнөөрөө тэр хүн боол болж байгаа юм биш шүү дээ. Гэрийн эзнээ ороод ирэхээр нь гадуур хувцсыг тайлж аваад өлгүүрт өлгөж, хүрч ирэхээр нь сандал дээр суулгачихаад нэг цай хийгээд өгөхөд тэр айлын зарц, боол болчихгүй. Гаднаас орж ирээд пиджакаа өлгүүлээд цайг нь аваад ууж байгаа гэрийн эзэн “Энэ надад ингэж үйлчлэх ёстой” гэдэг сэтгэхүйтэй байж бас болохгүй.

-Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээгээд нэрд гарсны дараа насны эцэст тэтгэвэрт сууна. Тэр үед буюу нэрд гарсны дараахь амьдрал яг ямар байдаг вэ. Мандсаны дараа буулт гэж нэг юм бий?

-Хүнийг сайн явахад ах дүү, төрөл садан, найз нөхөд их байна. Хүнийг сайн явахад нөхөр олон ч муу явахад ховорддог. Алга болчихдог. Сайн нэрийг олж авахын тулд бүх юм өөрөөс нь л шалтгаална. Түүнээс биш хөндлөнгийн ямар нэгэн юм юу ч болдоггүй юм. Дандаа л хуушуур, банш, бууз идээд л, 48-ын чихэр идээд л хэвтээд байснаараа дэвжихгүй. Хүн хөдөлмөрлөж, ухаанаа зарснаар дэвжинэ. Ааш зан нь адасга шиг байвал хүн ойртохгүй. Их авьяастай хүмүүс ааштай байдаг гэж ярьдаг. Би тэр үгтэй ёстой санал нийлдэггүй. Хүн хүний төрөлхийн араншин л байх. Түүнээс биш их авьяастан ааштай байдаг гэдгийг би дотроо хүлээн зөвшөөрдөггүй юм. Тэр хүний угийн, төрөхийн л төрх нь л байхгүй юу даа. Түүнээс биш их авьяас нь багтахаа байж сагасандаа тэгж муухай аашлаад байдаг юм биш. Их авьяастай хэрнээ даруу зантай хүн гэвэл алийг тэр гэхэв дээ. Л.Мөрдорж гуай яг тийм хүн байсан шүү дээ. Асар их авьяастай, байгалиас заяасан авьяастай. Хэнтэй ч хамаагүй сайхан харьцаж найзалж нөхөрлөнө. Төмөр замд оччихсон тэнд байдаг нөхөдтэй наргиад л сууж байдаг. Нөгөөдүүл нь түүнийг алдартай хүн гэж таних ч үгүй. Өөрөө дарга цэрэг гэж дээшээ доошоо гүйгээд байхгүй. Дуугүй л байна. Уран бүтээл хийсэн ч чимээгүй. Хөөе би ийм нэг юм хийчихлээ, алив дуул гэхгүй. Өөрийн эрхгүй тийм их авьяастай хүнийг чинь хүмүүс дагадаг байхгүй юу. Та ямар дуу хийв. Таны тэр дууг дуулмаар байна гэвэл тэр дуугаа хэнд ч хамаагүй шууд өгчихдөг. Өөрийнхөө дууг барьж аваад “Энийг нэг дуулаад өгөөч” гэж хүн хайгаад байхгүй. Байгаа, байхгүй хоёр нь мэдэгдэхгүй хэрнээ асар их авьяастай. Тийм улсууд байдаг. Түүнээс биш их авьяасыг дагаж муухай ааш байдаг гэж бодож болохгүй. Их авьяастнуудыг өөр араншинтай, огцом ааштай байдаг гэж ярьж болохгүй. Тэр бол шал худлаа. Хүн хүнээрээ л явдаг байлаа шүү дээ.

-Хүнд урам өгч чаддаг, туулж буй зовлонг нь өөрийнх юм шиг мэдрээд цагийг нь, цэгийг нь олж сэхээрэл өгч чаддаг сайхан хүмүүс бас байна аа, байна?

-Хүн бүхний түлхүүр өөр өөр байдаг байхгүй юу. Хүний цоожийг онгойлгоод сэтгэлд нь нэвтэрнэ гэдэг чинь эрдэнэсийн сан нээж байгаа гэсэн үг л дээ. Шинжлэх ухаанд нээлт хийлээ л гэсэн үг. Хүний сэтгэлийг онгойлгоно гэдэг том зүйл. Сэтгэлийг нь нээсэн хүнийхээ хаашаа яаж гишгэхийг нь хүртэл мэддэг болчихдог.

Үүний нөгөө талд бодож санаж байгаагүй дотны улсууд л хүнийг цохилтод оруулдаг. Итгэл даадаггүй тийм улсууд л санаандгүй хэцүү байдалд оруулдаг. Хүний амьдралд тийм зүйл тохиолдоно шүү дээ. Итгэж хэлсэн зүйлийг нөгөө хүнд буруугаар ойлгуулдаг ч юм уу. Итгэл өгөөд байхад итгэл даадаггүй улсууд байдаг.

-Урлагийн амьдралаа архинаас болж алдсан олон хүн бий. “Хүмүүс дайлж цайлсаар байгаад архинд оруулчихсан юм” гэж бусад руу бурууг нь чихдэг. Архинд орох уу, үгүй юу гэдэг чинь эцэстээ тухайн хүнээсээ л хамаарна биз дээ. Тэр их дайллага цайллага, архидалтаас сугарч гарч ирнэ гэдэг бас том ухаан байлгүй?

-Би чинь залуу байлаа шүү дээ. Хорин хэдэн насандаа ид дуулж явлаа. 20, 21 настай. “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” гэдэг шиг л би ард түмний нижигнэсэн алга ташилт, их хайрын дор явсан. Гараад ирэхэд машаан нь бэлэн. Машаанд суулгаад л аваад явна. Цэнхэр шилтэй архи бэлэн л байлаа ш дээ. Би тэр архинаас уугаагүй ш дээ. Би угаасаа амьдралдаа архи уугаагүй. Тоглолт тарахтай зэрэг л “Манайхаар нэг ороод гараарай” гэнэ. Ороход идээ будаа, хоол унд, мах шөл, архи дарс дэлгээтэй. Тэр айлын хамгийн хүндтэй суудалд сууна. Архи хундагалаад өгөхтэй зэрэг нь баярлалаа гэж хэлээд л уруулаа хүргээд тавина. Ууна иднэ гэдэг чинь хүнээсээ л шалтгаална ш дээ. Өөрөөс нь л шалтгаална. Түүнээс биш уухгүй гэвэл хүний ам руу цутгадаггүй юм шүү. Гагцхүү ухаан зарж тэдэнд ойлгуулах л хэрэгтэй байдаг юм. “Би архи уухаар хоолой минь алга болчихдог юм аа”, “Нарийн хоолой гэдэг чинь бүр хэцүү байдаг юм шүү дээ” гээд л энгийн үедээ сайхан яриад ойлгуулчих. Архи ууж байгаа үед нь ууж байгаа юм шиг хажууд нь сууж тэвчиж чаддаг байх хэрэгтэй. Өөрөө уухгүй мөртлөө тэднийг ууж байхад нь архийг нь аягалж өгдөг ч юм уу, сайхан үг хэлээд баярлуулж ганц нэг дуу аялж өгдөг ч юм уу. “Уухгүй” гэж уур амьсгалыг нь эвдэхгүйгээс гадна нөгөө улсууд чинь эргээд яах юм билээ. Хэрүүл шуугиан, зодоон цохион элдэв юм болно. Ер нь амьдрал дээр ч бай, ажил дээр ч бай “Би нийгмийн дунд явж байгаа. Би уран бүтээлч хүн. Би архи ууж агсам согтуу тавьж нийгмийг бусниулбал Монголын урлагийн нэр хүнд алдагдаж үгүй болно. Монголын урлагийнхан л гэж ярина уу гэхээс биш, Зангад гэж ярихгүй” гэж боддог. Би угаасаа, залуугаасаа архи уугаагүй. Ууж сураагүй. Архи уудаггүй хүн нөхөд цөөтэй болчихдог юм (Инээв). Нөхдөөсөө би хөндийрч байгаа юм байна шүү гээд эргээд ууж болохгүй. Найз нь архи уухгүй болохоор нөхөд нь хэсэг хугацааны дараа тэрийг нь мэдрээд эргээд ойртоод ирдэг юм. Тэр болтол ухааруулах хэрэгтэй. Ямарваа юмыг дандаа гэгээлэг, өнгөлөг талаас нь харах хэрэгтэй. Энэ архичин юм ш дээ, энэ ийм тийм гэж буруу бүхнийг нь хараад байж болохгүй. Тэгэхийнхээ оронд дандаа магт. Тэгж тэр хүнд урам хайрлавал тэр урмын хариу нь чамд дороо хүрч ирдэг. Эргэж урмаар орж ирдэг юм.


Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 27-нд болох үйл явдал

09.30-10.00 цагт Багшийн хөгжлийн ордонд “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо” зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд төр, олон нийт, эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн 220 гаруй төлөөлөгч оролцож “Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол-2018” улсын II зөвлөгөөний зөвлөмжийг хэрэгжүүлэх, хүүхдийг сургаж, хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд сургууль, гэр бүлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхэд бүрт төрийн үйлчилгээг жигд хүргэх талаар хэлэлцэнэ. Багшийн хөгжлийн ордон, 2 давхарт. Утас: 8811-10466.
11.00 цагт Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан БСШУСЯ-аас өргөтгөсөн хэвлэлийн хурал хийнэ. Хуралд салбарын сайд, бүх газрын дарга нар, харьяа байгууллагуудын удирдлагууд оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч олон нийт, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна. Хаана: БСШУСЯ-ны 401 тоот. Утас: 8811-1046
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө бууруулах боломжгүй гэсэн хариу өгсөнтэй холбогдуулан Монголын Их дээд сургуулийн оюутны байгууллагууд нэгдэн мэдээлэл хийнэ. Холбоо барих утас 9526-9666 Ардчилсан оюутны холбоо.
11:00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн 1 давхрын галерейд Монгол Улсын хүний гавьяат эмч, анхны мэс засалч, академич Вандан-Ишийн ИЧИНХОРЛОО агсны цээж баримал босгох хүндэтгэлийн арга хэмжээ болно. Арга хэмжээнд:
• ХЗДХЯ
• ЭМЯ, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
• Үе үеийн мэс заслын шилдэг эмч нар
• Хүндэт зочид
Холбогдох утас: 9908-0259, 9913-4001.

11.30 цагт ШӨХТГ-аас Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот Хурлын танхимд “Хэвлэлийн хурал” хийнэ. Хэвлэлийн хурлаар агентлагийн цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулах болно. Та бүхэн хүрэлцэн ирж мэдээ сурвалжлага бэлтгэн хамтран ажиллана уу.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
Утас: 51266155, 70001285, 99923589
14.00 цагт 30 жилийн дараа анх удаа тусгай хэрэгцээт мэргэжлийн багш нарыг төрийн бодлого, дэмжлэгээр ОХУ-д сургаж эхэлж байгаа бөгөөд маргааш эхний 10 оюутан Эрхүү хотыг зорино. Оюутнуудыг үдэж өгөх ёслол Төмөр замын вокзалд болон. Утас: 8811-1046.

Categories
мэдээ цаг-үе

П.Мягмардорж: Туркийн иргэнийг хулгайлах гэж оролдсон нь Эрдоганы дэглэмийн хүрээнд хийгдсэн тусгай ажиллагаа юм

Туркийн иргэнийг хулгайлах оролдлого энэ сарын эхээр манай улсад болсон. Энэ хэрэгтэй холбоотойгоор улс төрийн нам, эвсэл, улстөрчид, иргэд янз бүрийн байр суурь илэрхийлсээр буй. Одоогийн байдлаар Турк улсын нөхцөл байдал ямар байгаа, дээрх хэргийн учир шалтгааныг судлаачид юу гэж дүгнэж байгаа талаар ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн ахлах багш, судлаач П.Мягмардоржтой ярилцлаа.


-Туркийн нөхцөл байдал одоогоор ямар байгаа бол. Саяны болсон хэргийг та юу гэж харж байгаа вэ?

-Өнгөрсөн жил Турк улсад төрийн эргэлт гарах шахсан. Үүний гол зорилго бол Реджеп Тайип Эрдоганы дэглэмийг авч үлдэх байсан. Тэрээр өнгөрсөн зун болсон ерөнхийлөгчийн сонгуулиар ерөнхийлөгчийн засаглалыг Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад баталгаажуулчихсан. Ерөнхийдөө Турк улс авторитари дэглэмтэй болчихлоо. Мэдээж Туркт Р.Т.Эрдоганы үйл ажиллагааг дэмждэггүй улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд олон бий. Гэхдээ Курт энд бол ямар ч хамаагүй, тусдаа асуудал. Тэгэхээр манай улс дахь турк сургуулийн захирлыг хулгайлсан үйл явдал бол Р.Т. Эрдоган өөрийнхөө дэглэмийг л авч үлдэх гэсэн бодлогын хүрээнд хийгдсэн тусгай ажиллагаа гэж харж байгаа. Энд нэг зүйл хэлье. Миний ойлгож байгаагаар уг ажиллагааг манай Гадаад хэргийн яам мэдээгүй болов уу. Өөрөөр хэлбэл Монгол, Турк улсын Гадаад харилцааны яам энэ үйл явдлын талаар шууд зөвшилцөл хийгээгүй гэсэн үг. Энэ хэргийн дараа Туркийн Гадаад харилцааны сайдыг манай улсын Гадаад харилцааны сайд хүлээн авч уулзсан. Үүнээс манай Гадаад харилцааны яам дээрх хэрэгтэй холбоотой ямар ч мэдээлэл байгаагүй гэдэг нь харагдсан. Тэгэхээр Турк болоод манай талын тусгай албаныхны зохион байгуулсан ажил. Нөгөөтэйгүүр аливаа нэгэн улсын улс төрийн дэглэмийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа, явуулсан байх магадлалтай гэх үндэслэлээр хүн хулгайлах гэмт хэрэг дэлхийд олон гардаг. Манайхан ч ялгаагүй. Одоогоос 15 жилийн өмнө Монголын тагнуулынхан Францын хөдөөгийн нэг хотод очоод танил хүүхнээр нь Д.Энхбатыг дуудуулж авчран цохиж унагаад хулгайлчихсан. Ингээд түүнийг хэд хэдэн улсын хил гааль дамжуулан Монголд авчраад С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгасан байдаг шүү дээ. Үүнтэй адил улс төрийн зорилгоор хүн хулгайлах үйл явдал дэлхий дээр их гардаг. Тусгай албадууд баримт, нотолгоон дээр үндэслэж гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Тийм байх магадлалтай гэдэг үндэслэлээр гүйцэтгэх ажиллагаа тэр бүр явуулдаггүй. Тэгэхээр энэ хэрэгт Туркийн хүчний байгууллага, тусгай алба оролцсон гэдэг нь ойлгомжтой.

-Монгол, Туркийн хооронд гүйцэтгэх ажиллагаа явуулах нь олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн үйлдэл болох уу. Энэ хэргээс болоод олон улс дахь Монгол Улсын нэр хүнд ямар болсон бол?

-Манай улс ардчилсан орон. Тэр утгаараа олон улсын гэрээ, конвенциар хүний эрхийг баталгаажуулсан байдаг. Иймд манай улсын нутаг дэвсгэрээс гаднын тусгай албаныхан хүн хулгайлсан бол олон улсын гэрээ, конвенцийг зөрчиж байна л гэсэн үг. Гэхдээ тусгай албадуудын хоорондын нууцын зэрэглэлтэй зүйл байж магадгүй. Тэр хүрээндээ л хийгдэж байгаа ажиллагаа юм болов уу гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр дээрх хэргээс болоод Монгол Улсын нэр хүнд олон улсын түвшинд айхавтар унасан, эсвэл сэргэсэн зүйл огт байхгүй.

Тэртээ тэргүй иймэрхүү ажиллагаа дэлхийн бусад улс орнуудад олон хийгддэг. Гэхдээ улс төрийн орогнол хүсчихсэн хүн гэдэг өөр асуудал. Өөрөөр хэлбэл аливаа нэгэн улс улс төрийн орогнол хүссэн хүнийг хамгаална гэдгээ шууд хэлдэг. Ийм нөхцөлд орогносон этгээдийг нөгөө улс гүйцэтгэх ажиллагаа явуулж авахыг оролдвол оршин суулгаж буй улс хамгаалдаг. Энэ утгаараа хулгайлагдсан Турк захирал манай улсад улс төрийн орогнолоор байгаагүй. Хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэн. Тиймээс хулгайлсан үйл явдал бол хүний эрхийг зөрчсөн үзэгдэл гэж олон улс үнэлж байгаа юм. Харин нэр хүндийн тухайд айхавтар унаж, сэргэсэн зүйл ажиглагдаагүй.

-Манай улсад Туркийн нисэх онгоц буусантай зэрэгцээд хүн хулгайлах үйл явдал болсон. Албаныхан онгоц буусныг Турк захирал хулгайлсан үйл явдалтай хамаагүй, түлшээ цэнэглээд буцсан гэж тайлбарлаад буй. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Монголын талын хүчний алба, тусгай албадын зөвшөөрөлгүйгээр Туркийн онгоц буух боломжгүй. Тэгэхээр Монгол, Туркийн тусгай албадын нууц хэлэлцээгээр ч гэх үү, ямар нэгэн зөвшилцлийн хүрээнд л хийгдсэн ажил байх. Бүхэл бүтэн гаднын хоёр ч онгоц буугаад, буцаад хөөрөхөд манай тагнуулынхан мэдэхгүй байна гэж байхгүй. Манай агаарын орон зай сул, хяналтгүй байна гэж байхгүй шүү дээ. Монгол Улсын дээгүүр гаднын тусгай үүргийн онгоц нисээд өнгөрч байвал өөр. Харин тэр онгоц манай улсад газардаж, тодорхой хугацааны дараа хөөрсөн. Зүгээр шатахуун, түлшээ цэнэглээд хөөрсөн гэдэг шалтгаан хангалтгүй санагдаж байна. Тиймээс энэ бүгдээс юу харагдаж байна вэ гэхээр энэ хэргийг хоёр улсын тусгай албадууд гүйцэтгэх ажиллагаа хийсэн нь тодорхой болж байгаа юм. Засгийн газраас энэ асуудлаар дорвитой тайлбар өгөөгүй гэж зарим хүмүүс шүүмжлээд байгаа. Энэ нь манай Засгийн газар Тагнуулын албатай ямар нэгэн байдлаар зөвшилцсөн л гэж харагдахаар байгаа юм.

-Энэ хэргээс болж Турк, Монгол Улсын хоорондын харилцаанд ямар нэгэн сэв суух уу?

-Турк бол том гүрэн. Натогийн хоёр дахь ч том цэргийн баазтай, Бага Ази дотроо нэлээд нөлөө бүхий улс шүү дээ. Манай улсын хувьд эдийн засгийн тодорхой түвшинд Туркаас хамааралтай болчихсон байгаа. Монгол Улсын гурав дахь хөршийн хэмжээнд олон үйл ажиллагаанд хамтарч ажилладаг. Тухайлбал, агаарын болоод бусад тээврийн салбарт бид Турктай идэвхтэй хамтран ажилладаг. Монголчууд Туркаар дамжиж Европ руу гарч байна. Туркийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил манайд олон хийгдэж байгаа. Ийм үед монголчууд Туркийн эсрэг үгүй гэж дуугарах боломжгүй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл Туркийн тусгай албаныхан танай улсад ийм ажиллагаа явуулах гэсэн юм, ийм ийм нотлох баримтууд байна гээд гүйцэтгэх ажиллагаа явуулахад бид эсэргүүцэж чадахгүй. Тиймээс Туркийн тал ажиллаа хийсэн учраас манай улстай харилцах харилцаанд ямар нэгэн сэв тогтоогүй байх. Нөгөөтэйгүүр энэ хэргийг Вейсел Акчайн эхнэр нь мэдэж олон нийтэд мэдээлээгүй бол бид юу ч мэдэхгүй өнгөрөх л байсан. Түүний эхнэр олон нийтэд мэдээлснээр тус сургуулийн удирдлагууд дуугарч, нийгэм даяар хүн хулгайллаа гэх мэдээллийг цацсан. Тийм болохоор холбогдох яам, албаныхан уг хэрэгт оролцохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Саяны үйл явдлаас нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Энэ бол гадаад харилцааны асуудал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл. Дэлхийн улс орнуудын хүчний байгууллага, тусгай алба, дипломат байгууллагууд хоорондоо нягт холбоотой ажилладаг. Манайхан ч гэсэн ийм нягт холбоотой ажиллаж байгаа байх. Тэр утгаараа Р.Т.Эрдоган ардчилсан биш бид ардчилсан гэдэг өнцгөөр асуудалд хандаж болохгүй. Р.Т.Эрдоган бол чанга нөхөр шүү дээ. Тиймээс манай Аюулгүй байдлын зөвлөл, тусгай албадууд нэгдэж цаашид Туркаас ирэх дарамт шахалтыг бодлоготойгоор, дипломатч байдлаар нэгдсэн байр сууринаас хандах нь зөв.

-Яагаад Турк сургуулиудын удирдлагуудыг хулгайлаад байна вэ. Үүний цаад учрыг та судлаач хүний хувьд юу гэж дүгнэж байна?

-Турк сургуулиудын санхүүжилт Фетулла Гулленээс орж ирдэг нь тодорхой болсон. Баруунд Ф.Гулленийн сургуулийг санхүүгийн пирамед гэж хардаг. Эдгээр сургуулиудаасаа мөнгө босгож, сан бүрдүүлж, түүгээрээ одоогийн эрх барьж буй Р.Т.Эрдоганы Засгийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгодог. Туркийн Засгийн газрын албан ёсны байр суурь бол улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй Ф.Гулленийн санхүүжилттэй Турк сургуулиудыг хаах л байгаа. Манай улсын хувьд ч байр суурь тодорхой болгосон. Турк сургуулиудыг манай улсын Боловсролын яам мэдэлдээ авах асуудлыг ярьж байгаа. Зарим нэг сургуулийг авчихсан. Энэ асуудлыг нөгөө талаас нь харвал Турк удирдлагатай сургуулиудыг Монгол Улсад байлгахгүй гэдэг санаа гарч ирж байгаа юм. Манай улсад л Турк сургууль байдаг юм биш. Бусад оронд олон бий. Турк сургуулиудын шийдвэр, үйл ажиллагааг бид анхааралтай ажиглаж байх хэрэгтэй юм. Эдгээр Турк сургуулиудыг Р.Т.Эрдоганы Засгийн газар Ф.Гуллентэй холбоотой гэж хардаг. Түүний Засгийн газрыг Ф.Гулленийн санхүүжилттэй гэх Турк сургуулиуд эсэргүүцдэг болохоор л саяных шиг хүн хулгайлах хэрэг олон гараад байгаа юм. Ф.Гулленийн санхүүжилтийг таслахгүй бол Р.Т. Эрдоганы Засгийн эсрэг Турк сургуулиуд идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар л байна. Тиймээс л Р.Т.Эрдоган дэглэмээ авч үлдэхийн тулд иймэрхүү гүйцэтгэх ажиллагаануудыг олон явуулж байгаа юм. Аливаа улс төрийн тэмцэл соён гэгээрүүлэх, парламентын, зэвсэгт гэх мэт янз бүрийн замаар явдаг. Тэрний адил Ф.Гуллен Р.Т.Эрдоганы дэглэмийн эсрэг Турк сургуулиудаар дамжуулж, соён гэгээрүүлэх шугамаар улс төрийн тэмцлийг идэвхтэй явуулж байгаа юм. Ф.Гуллен нь одоо Америкт байгаа. Туркийн одоогийн Засгийн газраас Ф.Гулленийг өгчих гэдэг хүсэлтийг Америкийн талд тавьдаг. Гэвч Америк хүний эрх, ардчилал гэж яриад өгөхгүй байгаагаас болж сүүлийн үед Турк, Америкийн харилцаа хөндий хүйтэн болсон. Ийм цаг үед манай улс ч гадаад бодлогынхоо хувьд нэгдмэл нэг байр суурьтайгаар асуудалд хандах ёстой.

-Туркийн иргэнийг хулгайлсан асуудалд манай улсын улс төрийн нам эвсэл, улстөрчид өөр өөрийн байр суурьтай хандаж байна. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл чанарыг алдагдуулах аюултай юу?

-Өнөө цагт олон улсын харилцаа буюу гадаад ертөнц хурдацтай өөрчлөгдөж байна. Бид дотроо дээр дооргүй хэрэлдчихээд гадааддаа өөр өөр байр суурь илэрхийлээд яваад байж болохгүй. Аюулгүй байдал, гадаад бодлогын хувьд монголчууд нэг л байр сууртай байх ёстой. Хэрэв нэгдмэл гадаад бодлоготой байхгүй бол Монгол Улсын аюулгүй байдал хэврэгшиж, цаашлаад тусгаар тогтнолын асуудал яригдаж эхлэх эрсдэлтэй. Манай улсын аюулгүй байдлын 20 дугаар зууны тусгаар тогтнолын баталгаа болж байсан хойд хөрш суларч байна. Хүчний тэнцвэр өмнө тал руу эргэж байна. Гадаад нөхцөл байдал ийм хурдацтай өөрчлөгдөж байхад бид нэгдмэл бодлоготой байхгүй бол аюултай. Саяны Турк иргэнийг хулгайлсан асуудлаас л бид үүнийг ойлгож, жижиг гэлтгүй асуудалд нэгдмэл байр суурьтай байдгаа гаднын улс орнуудад харуулах учиртай юм. Тэгж байж улс, үндэстнийхээ аюулгүй байдлыг бэхжүүлнэ. Цаашид манай улсад гаднаас нөлөөлөх дарамт шахалт, бодлого, үйл ажиллагаа олон хийгдэнэ. Тэр болгонд дотроо хэрүүл хийж, худлаа улстөржүүлээд байвал Монгол Улсын нэр хүнд олон улсын түвшинд жинхэнэ утгаараа унаж эхэлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнийн говийн цахилгаан станцыг хувийн амбицаар биш, улсын эрх ашиг гэж хармаар байна

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Оюу толгой цахилгаан станцаа өөр дээрээ барья гээд 2012 оны долдугаар сард таван жилийн хугацаатай зөвшөөрлөө манай яамнаас авчихсан. Энэ хугацаанд юу хийж байсан юм бэ. 2017 онд зөвшөөрлийн хугацаа нь дуусчихсан. Монголын төрөөр тоглодгоо болих хэрэгтэй. Өмнийн говийг эрчим хүчээр хангахад хамтран ажиллах гэрээ байгуулахаасаа өмнө тэд юу ч хийгээгүй. 2014 онд Таван толгой дээрээ хамтаръя гэчихээд мөн л юу ч хийгээгүй. Дээрээс нь цахилгаан станц барина гэдэг үүргээ хууль бусаар түдгэлзүүлсэн байсан. Тийм учраас Засгийн газар энэ гэрээг цуцалсан. Ер нь бол “Рио тинто” компани буюу “Оюу толгой” төсөлд гурван чиглэлээр эрчим хүч барих тухай заалт гэрээнд бий. Өөр дээрээ барьж болно, Монгол Улсаас эсвэл гурав дахь этгээдээс авч болно. Гурав дахь этгээдээс авч болно гэдэг нь Таван толгойн асуудал юм. Хэрэв хамтраад явсан бол өнөөдөр барьчих байсан” гэж мэдэгдэв. Монголын засаг “Рио”-д цахилгаан станцаа өөрсдөө баривал барь гэсэн эрх, зөвшөөрлийг анхнаас нь өгөөд, элдэв оролцоогоо хумиад өнөөдрийг хүрсэн бол сайдын мэдэгдлийг толгой дохиж сонсохоос аргагүй. Харамсалтай нь бодит амьдрал дээр огт өөр үйл явдлууд өрнөсөн нь цагаан цаасан дээр хараар бичигдээд үлдсэн учраас сайдын мэдэгдэлд тайлбар зүүхгүй өнгөрч болшгүй нь. Ц.Даваасүрэн сайд Оюу толгойд ясны дургүй цөөхөн улстөрчийн тэргүүн эгнээнд бичигддэг. Монгол Улсын эдийн засагт том нөлөө үзүүлдэг төсөлд энэ хандлагаараа хандаад суугаа анзаарагддаг. Төрийг төлөөлсөн сайд хүн ултай үг унагадаг байх учиртай. Тэр дундаа улсынх нь хөгжилд жин дарахаар нөлөөлдөг төсөлд улстөрийн ашиг хонжоо, хувийн жижиг амбицаар хөнгөн гоомой хандах нь бүр ч хориотой зүйл.

Уул уурхайн том төслүүдээ хөдөлгөхийн тулд өмнийн говьд цахилгаан станц барих шаардлага бий. Гарцаагүй барих учиртайг нь тэртээ 2000 оны эхээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн банк хамтарсан дүгнэлт гаргахдаа онцгойлоод хэлчихсэн. Харамсалтай нь эрчим хүчний дэд бүтэцдээ анхаарахгүй бол том төсөл яриад нэмэргүй шүү гэсэн сануулгыг нь бид чихнийхээ хажуугаар өнгөрөөсөөр өнөөдрийг хүрээд байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд анх эрчим хүчний эх үүсвэрийг Оюу толгой төслийн барилга байгууламжийг барьж дуусгах, ордыг ашиглалтад оруулж эхлэх үе буюу дөрвөн жилийн дотор БНХАУ-аас хангах боломжтой, үүнээс хойших хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч хэрэглэхээр тохиролцож байсан юм. Бүр тодруулж хэлбэл үйлдвэрлэл эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Оюу толгой гурван эх үүсвэрийн аль нэгээс эрчим хүч авах тохиролцоог хоёр тал хийж байв. Эхнийх нь эх үүсвэр Оюу толгой өөрөө нүүрсний цахилгаан станц барьж эрчим хүчнийхээ хэрэгцээг нөхөх хувилбар байсан бол хоёр дахь эх үүсвэр нь гуравдагч этгээдийн барьсан нүүрсний цахилгаан станцаас эрчим хүч авах хувилбар байв. Харин гурав дахь нь Монгол Улсын цахилгаан эрчим хүчний эх үүсвэр гэсэн хувилбар байсныг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харж болно. Энэ бол 2009 оны сүүлээр тодорхой болсон үйл явдал.

2012 оны долдугаар сард Монгол Улсын Засгийн газар Дулаан цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг Оюу толгойд өгч байв. Тэр үеэс Таван толгойгоо хөгжүүлье, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, төмөр замтай нь цогцоор нь хөгжүүлье гэсэн хувилбар засгийн хэмжээнд эрчимтэй яригдаж эхэлсэн юм. Бүр 450 МВт хүчин чадал бүхий нүүрсний цахилгаан станц барина гэсэн тоо баримттай мэдээлэл цацагдаж, 2013 онд Таван толгойн цахилгаан станцыг барих төслийг нэгж байгуулагдсан түүхтэй. Өөрөөр хэлбэл Оюу толгой өөрсдөө цахилгаан станц барихгүй, Таван толгойн хүрээнд баригдах цахилгаан станцаас эрчим хүчээ авч хэрэглэх тохироо тухайн үед хийгдэж байв. Төслийн нэгж 2013 оны долдугаар сард дэлхийн 25 компанид урилга-захидал явуулж арваас нь хариу авч байлаа. Хариу өгсөн арван компаниас Солонгос, Францын хамтарсан “Posco Energy & GDF Suez Energy Asia” консорциум, Солонгосын “Daewoo Engineering & Con­struction”, Японы “Marubeni” корпораци, Японы “Kansai Electric Power” гэсэн дөрвөн компанийг сонгож техникийн даалгавар өгсөн удаатай. Гэвч аль нь ажил болоогүйг өнөөгийн өндөрлөгөөс харж болно.

Сүүлд 2014 онд ч өмнөд бүсийн эрчим хүчийг шийдэх ажил Таван толгойн цахилгаан станцыг дэмжүүлэх хүрээнд хийгдсэн юм. Тухайн үед Таван толгойн цахилгаан станц төслийг талууд дэмжиж хамтран ажиллах яриа хөөрөө оны өмнө хөвөрснийг мөн л хэвлэлийн хуудаснаас харж болно. Таван толгой төслийн хүрээнд цахилгаан станц барина гэсэн яриа хөврөх зуур 2015 онд Парисийн гэрээний асуудал дэлхийн хэмжээнд яригдсан билээ. Энэ дуулианы үеэр “Posco Energy”, сүүлд нэрээ өөрчилсөн “GDF Suez Energy Asia” Таван толгойн цахилгаан станцын төслөөс гарахаа мэдэгдсэн.

Хоёр жилийн өмнө буюу 2016 онд Таван толгой цахилгаан станцын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол Шангри-Ла зочид буудалд болж байв. Тухайн үед хэвлэлүүд “Монгол Улсын Засгийн газрын харьяа төслийн нэгжээс зохион байгуулсан сонгон шалгаруулалтын үр дүнд төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы Марубени корпораци, дотоодын хөрөнгө оруулагчаар М-Си-Эс компани тус тус шалгарч, төслийг хэрэгжүүлэгч Таван толгой цахилгаан станц компани байгуулагджээ. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар үндсэн худалдан авагч болох Оюу толгой ХХК-тай Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах, төслийг санхүүжүүлэгч олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хэлэлцээр хийх зэрэг томоохон ажлын эхлэл тавигдаж байгаа аж. Уг төслийг Монгол Улсын хамгийн том донор орон Япон Улсын Марубени корпораци, Монгол Улсын М-Си-Эс компанитай хамтран хэрэгжүүлэхээр болж хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байгаа нь түүхэн ач холбогдолтой үйл явдал юм. Японы Марубени корпораци нь бүтээн байгуулалтын энэхүү мега төсөлд хөрөнгө оруулахаар болж байгаа нь хоёр улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнг баталгаажуулах эхний том үйл явдал болж буй. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, энэхүү төсөл Засгийн газраас ямар нэг баталгаа, барьцаа шаардахгүй, хувийн хэвшил бүх эрсдлээ өөрөө дааж, тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийж байгаагаараа онцлогтой гэдгийг ч дурдав” хэмээн мэдээлж байлаа. Таван толгой төслийн хүрээнд өмнийн говийн цахилгаан станцыг барих тухай яриа засгийн төвшинд өрнөх үеэр Оюу толгойн “дөрвөн жилийн тоолуур” түр хугацаанд зогссоныг онцлох учиртай.

Гэвч тунаж үлдээд байсан “Марубени” ч өнгөрсөн онд төслөөс гарсан юм. Бусад талуудын тухайд сонирхох боломжгүй, сонирхсон тохиолдолд өндөр баталгаа нэхэж буй. Улс төр, эдийн засгийн бүх эрсдлийг “Рио”-гоор даалгаад орж ирвэл ирнэ, үгүй бол чадахгүй гэсэн байр суурь илэрхийлж байна. Одоогоор Монгол Улсын Засгийн газар “Оюу толгой” компанитай 2014 оны наймдугаар сард байгуулсан Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээгээ цуцлаад байгаа ч “Оюу толгой” компанийн зүгээс цахилгаан станц барих талд анхаарсаар байх болно хэмээж буй. Сүүлийн мэдээ гэвэл Оюу толгойн зүгээс Хятадын гурван ч компанид ТЭЗҮ боловсруулах асуудлаар хандаад байна. “Рио” хандсан компаниудынхаа нэгийг шалгаруулна, үлдсэн хоёр компанийнх нь ТЭЗҮ боловсруулсан зардлыг буцааж олгоно гэсэн шийдвэр гаргаад байгаа юм билээ. Тэгэхээр Эрчим хүчний сайдын яриад яваа шиг даварсан дүр зураг харагдахгүй л байгаа юм даа.


Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Дур зоргоороо үнээ нэмдэг шатахуун импортлогчдод хяналт тавьдаг газар байдаг уу” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрнээс “Дур зоргоороо үнээ
нэмдэг шатахуун
импортлогчдод хяналт
тавьдаг газар байдаг уу” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Монгол угсаатны зүйн арван мянган цуглуулгатай
гэр музейн эзэн О.Маш-Эрдэнийнх хэмээн “Танайд өнжье” нүүрт өгүүлсэн байна.

“Улс төр” нүүрт Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч С.Батболд: Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг холбосон хөгжлийн алтан гурвалжин бий болгоно хэмээн ярьсан байна.

MIBG компанийн
гүйцэтгэх захирал, эдийн
засагч А.Билгүүн: Олон улсын хөрөнгө
оруулагчдын итгэл шинэ зах зээлд
алдраад эхэлсэн нь манай улсад
сөргөөр нөлөөлөх хандлагатай хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьжээ.

100 гаруй тэрбум төгрөгийн хохирол
учруулсан “Стамфорд” гэх сүлжээний гэмт
хэргийг цагдаа нар шалгаж байна хэмээн “Баримт үйл явдал” нүүрт өгүүлжээ.

А.Мөнгөншагай:
Эх хүн хүүхдээ
бүүвэйлж,
хайрлаж өсгөдөг
учир бурхны мөн
чанартай байдаг хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьсан байна.

“UB food festival” энэ сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн. Энэ талаар “Өдрийн сурвалжлага” нүүрээс “Улаанбаатарын нэрийн хоолоор утсан өвчүү,
хөмүүлтэй шөл шалгарлаа” хэмээснийг хүлээн авч үзээрэй.

“Өдрийн сонин”-ы “Томилолт” нүүрээс “Эрээн-Замын-Үүдийн эдийн
засгийн хамтын ажиллагааны бүс”
байгуулах ажлыг эрчимжүүлнэ хэмээснийг хүлээн авч уншаарай.

Монголын тамирчид
Азийн наадмаас
10 медаль хүртээд байна хэмээн “Спорт” нүүрт өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы “Өөрөөс нь” нүүрт Х.Тунгалагмаа: Дэлхийн татварын
мэргэшсэн гурван том
холбооны ерөнхийлөгч ирж,
“Улаанбаатарын тунхаг” бичигт
гарын үсэг зурна хэмээн ярьжээ.

Нэрт сенатч
Жон Маккейн
82 насандаа
таалал төгслөө хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029, 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ
Categories
мэдээ нийгэм

Хотын захирагчийг АТГ-т шалгуулахаар өглөө

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд “Макс” группын эзэн Д.Ганбаатарын газрын төлбөрөө төлөөгүйгээс эзэмших эрх нь цуцлагдсан 70 га газрыг буцаан олгохдоо авлига авсан байж болзошгүй баримтуудыг өнөөдөр хуульч Г.Нацагдорж АТГ-т шалгуулахаар өглөө.

Хотын даргыг шалгуулах үндэслэлийг “Хуучин улсын наадмын хурдан морины барианы газар байсан Яармагийн урд дэнжид морин тойруулга байгуулах зорилгоор 2000 онд 70 га газрыг Д.Ганбаатар авсан байдаг. Гэтэл олон жил төлбөр төлөөгүйн улмаас уг газрын зөвшөөрлийг 2015 онд цуцалсан байгаа юм. Харин Су.Батболдын 2018 оны А/726 тоот тушаалаар ХУД-ийн тавдугаар хороо, Яармагт байрлалтай дээрх 70 га газрын 54,1 га-г “Макс” Ганбаа-д ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр дахин олгосон байна.

Үлдсэн 15 га газраас 2,2 га газрыг өөрийн шадар туслах Э.Анарын нэр дээр, мөн 2,2 га-г Б.Оюун-Эрдэнэд олгосон байна. Эдгээр газар олголтуудыг нэг тушаалаар л шийдчихсэн нь авлига авсан байж болзошгүй гэх хардлага дагуулж байгаа юм. Э.Анар нь нийслэлийн засаг даргын шадар туслахаар ажилладаг, 25 настай төрийн албан хаагч. Түүнд Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд 2,2 га газар чухам ямар зориулалтаар хэрхэн авсныг мэдээлэх хэрэгтэй” гэж тайлбарласан юм.

Categories
мэдээ нийгэм

“Тээврийн цагдаагийн алба”-ыг байгуулав

Хууль зүй, дотоод хэргийн сайдын шинэчлэн баталсан зохион байгуулалтын бүтцийн шийдвэрийг үндэслэн цагдаагийн байгууллага дотооддоо зарим өөрчлөлтийг хийсэн байна. ЦЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар Замын цагдаагийн алба, төмөр зам, иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн газар, хэлтсийг харьяалан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Тээврийн цагдаагийн алба”-ыг байгуулжээ.

Түүнчлэн цагдаагийн байгууллагын хэмжээнд мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, цугларсан мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийх, лавлагаа гаргах, байгууллагын техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлого боловсруулах, харилцаа, холбооны найдвартай хэвийн ажиллагааг хангах, иргэдээс утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, эрэн сурвалжлах, зарлан мэдээлэх, эрх бүхий байгууллага, албан тушаалтныг мэдээллээр шуурхай хангах чиг үүрэг бүхий “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба”-ыг батлагдсан төсөв, одоо байгаа орон тоондоо багтаан байгуулсан аж.

Дээрх албадыг байгуулснаар Монгол Улсын тээврийн салбарын цагдаагийн байгууллагад хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилт болон тээврийн салбарт гарч буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажиллагаанд ахиц гарахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг судлах судалгаа, мэдээлэл, дүн шинжилгээний ажлын чанарт ахиц гарч, зарим нэгжийн үйл ажиллагааны давхардал арилж, шуурхай байдал дээшлэх эерэг үр дүн гарах юм байна.

2

Categories
мэдээ спорт

Б.Эрхбаяр хүрэл медалийн төлөө барилдна

Азийн XYIII зуны спортын наадмын ес дэх өдөр Монголын баг тамирчдаас жиү жицүгийн барилдааны төрөлд эрэгтэйчүүдийн 77 кг-д барилдсан ОУХМ Батхуягийн Эрхбаяр хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Тэрбээр эхний тойрогтоо Узбекстаны тамирчин Отамуродов Улугбэг 4:2-оор ялсан бол дараагийн тойрогт Бахрейны тамирчин Алгосаби Нижадыг 0:100-гаар цэвэр хожлоо.

Харин гуравдугаар тойрогт АНЭУ-ын тамирчин Алхаммади Саоудыг 0:2-оор хожиж хагас шигшээд Казахстаны бөх Израилов Русланд 0:6-гаар ялагдаж, орон нутгийн цагаар 16 цагт хүрлийн төлөө барилдахаар болов.

Categories
мэдээ спорт

“Робокон-2018” тэмцээн болж байна

БНСВУ-ын Нинг Бинг хотноо олон улсын роботын “Робокон-2018” тэмцээн болж байна. Ази, Номхон далайн 17 орны 18 баг оролцож буй олон улсын роботын тэмцээний эхний шатанд Монголын баг Индонезийн багийг 49х0 онооны харьцаагаар илт давуу яллаа.

“Робокон-2018” тэмцээний үндэсний ялагчаар ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Б.Нямбаяр багштай “Эрчим-1” баг шалгарч тус тэмцээнд оролцож байгаа юм. Манай баг дараагийн тоглолтоо Японы багтай хийнэ.