Categories
мэдээ нийгэм

Хотын удирдлагууд ТҮЦ эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар, төвийн зургаан дүүргийн удирдлагууд “Монголын худалдаачдын холбоо”, “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” болон бусад холбоод, ТББ-ын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Худалдаачдын зүгээс бизнес эрхлэх эрхзүйн орчинг бий болгож, бодлогын түвшинд дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн баталгаагаар хангахыг хүсч, нийслэл болон төвийн зургаан дүүргийн удирдлагуудад хандаад байсан юм. НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “Нийтийн эзэмшлийн зам талбайд үйлчилгээ явуулах, ил задгай худалдаа эрхлэх, эмх замбараагүй байдал үүсгэхийг хуулиар хориглосон байдаг. Энэ бол өнөөдөр гэнэт гараад ирсэн асуудал биш. Олон жил яригдаж байгаа. Өмнө нь нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх журам гарсан нь одоогийн олон хуультай харшилж зохицуулалт хийхэд хүндрэл үүсээд байгаа.

Энэ журмыг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Ингэхийн тулд бид худалдаа эрхлэгчдийн саналыг журмын төсөлдөө тусгаж НИТХ-д өргөн барихаар болсон. Худалдаа эрхлэгчдээс саналыг нь аваад нийтлэг үйлчилгээ эрхлэх журмын төслөө НИТХ-д өргөн барьсан боловч дахин өөр холбоод гарч ирээд саналаа тусгуулахыг хүссэн юм. Нэгэнт өргөн барьсан журмын төсөл дээр дахин санал авах нь хуулийн дагуу боломжгүй зүйл. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ойрын хугацаанд дахин санал авах ажлыг зохион байгуулах тухай НИТХ-ын ажлын албанд хүсэлт гаргасан. Үүний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эцсийн байдлаар дахин санал авах боломжийг олгож өгнө гэсэн байр суурьтай байна” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжийг нийслэл, дүүргийн ямар нэгэн албан тушаалтан буруу, зөв гэж ярих эрх байхгүй. Тийм учраас үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчдад хүндэтгэлтэй хандах нь зүйтэй. Бид цаашдаа худалдаа, үйлчилгээ, хэрхэн, ямар журмаар зохицуулахыг хэлэлцэхээр өнөөдөр уулзаж байна. Ойрын хугацаанд хоёр шатны хэлэлцүүлэг зохион байгуулна. Үүнд ТББ болон холбоод албан ёсоор саналаа өгч тусгуулах хэрэгтэй. Дүүргүүдийн газар нутаг, онцлогоос шалтгаалаад өөр өөр нөхцөл байдал үүсч байгаа учраас дүүрэг дээр зохион байгуулагдах хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох хэрэгтэй. Мөн нийтлэг журамд тусгах саналаа тусгах хэрэгтэй” гэв.

Хоёр шатны хэлэлцүүлгийг дүүргүүд дээр явуулах юм байна. Эндээс ирсэн саналуудыг нэгтгээд нэгдсэн хэлэлцүүлгийг нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулахаар болов. Хуралдааны төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр энд ирсэн болон ирж амжаагүй бүх төрийн бус байгууллагууд, холбоод бүгд нэгдээд журманд оруулах санал дээр онцгой анхаарч, эцсийн нэгдсэн нэг саналаа оруулж ирэхийг худалдаа эрхлэгчдэд хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн албан тушаалтныг ХЗХ-ны сонгуульт албан тушаалд сонгохгүй

ХЗХ-ны сонгуульд гишүүн болон гүйцэтгэх захирал, ажилтан нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан байх үүрэгтэй.

Нийтийн албан тушаалтан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллах үүрэгтэй ба мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх, аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглосон хоригийг мөрдөнө.

Монгол Улсын Их Хурлын Хууль Зүйн Байнгын Хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор баталсан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалт”-ын 1.4-т заасны дагуу нийтийн албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах тул Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаардаг.

Дээр дурдсан хориглолтоос гадна ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил үүргийг гүйцэтгэж болох бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д зааснаас бусад ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болно гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ХУД-ийн 11, 15-р хорооны цахилгаангүй болсон байруудад шуурхай бригад ажиллаж байна

Нийслэлийн онцгой комиссын даргын тyшаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр ахлаж байна.

Тус ажлын хэсэг Хан Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны хөрсний усанд автаж цахилгаангүй болсон 14 орон сууцны СӨХ, Орон сууцны конторын төлөөллийг оролцуулан хуралдаж Улаанбаатар хотын Захирагчийн харъяа ОСНААУГ-ын 90 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бригадыг дээрх байруудад хуваарилж, энэ амралтын өдрүүдээр айлуудыг эрчим хүчээр хангахын тулд мэргэжлийн, техникийн, санхүүгийн шаардлагатай арга хэмжээ авч газар дээр нь ажиллаж эхэллээ.

Энэ ажилд УБЦТС ХК, Баруун түгээх төв, НОБГ, ХУД-ийн ЗДТГ зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой боллоо

Говийн 5-р ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа суу билэгтний жанч халсны 150 жилийн ойг 2006 онд НҮБ-ийн дэргэдэх ЮНЕСКО-оос дэлхий нийтээр хүндэтгэн тэмдэглэж өнгөрүүлэх шийдвэр гарсан байдаг. Энэ жил Соён гэгээрүүлэгч, Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойн баяр наадмыг 2018 оны 07 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд Дорноговь аймагт тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манжийн Тэнгэрийн тэтгэсний хааны 1794 онд буулгасан зарлигаар Говийн Ноён хутагтын дараах дүрийг тодруулахыг хориглосон тул Наваан аграмба цоржийн хойд дүр хэмээн Ү Ноён хутагтыг тодруулсан байдаг. V Ноён хутагт Лувсанданзанравжаа 1803 онд Зүүн Сөнөдийн Дулдуйт хэмээх Өлзийтийн гэр бүлд Халхын Түшээт хан аймгийн Мэргэн засгийн хошууны нутагт лагшин мэндэлжээ. Ноён хутагт Лувсанданзанравжаа Монголын бурхны шашны их зүтгэлтэн төдийгүй гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, хэл шинжээч, эмч, газар шинжээч, зураач, багш зэрэг олон салбар ухаанд гарамгай нэгэн байв. Тэрбээр Өвөр баясгалант Хамрын хийд, Цагаан толгойн хийд, Дэмчигийн хийд, Улаан сахиусны хийд зэрэг олон сүм хийдийг байгуулжээ.

Дорноговьчууд говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг угтан Оюуны бүтээл туурвих, соён гэгээрүүлэх, Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр зохион байгуулагдаж Хутагтын гурван шүтээнийг дүрсэлсэн үзүүлбэр, Ноён гэгээний бага, залуу насыг харуулсан зохиомжит найруулгаар үзэгчдэд хүрсэн нь нэн сонирхолтой байлаа. Ойн арга хэмжээнд Дорноговь аймагтай найрсаг харилцаатай БНХАУ, ОХУ, Япон, Солонгос зэрэг улсын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байна.

Соён гэгээрүүлэгч Говийн V ноён хутагт Данзанравжаагийн ойг тохиолдуулан Дорноговь аймгийн нийт 22884 өрх тус бүрд хутагтын дүрийг бэлэг болгон өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

​Дэлхийн нэртэй сургуулийн эрдэмтэд Монгол залууст лекц уншина

Хувцас загвараар төдийгүй сэтгэлгээний хэв маягаар өөрийгөө илэрхийлэгч залуусын жил бүр хүлээдэг уламжлалт Free market academy 2018 эрчимжүүлсэн сургалт наймдугаар сарын 3-7-ны өдрүүдэд Gobi Deluxe амралтад болох гэж байна.

Эдийн засгийн сэтгэлгээний түүх, үндсэн суурь зарчим, чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд, эдийн засгийн болон улс төрийн эрх чөлөө, мөнгө, ёс суртахуун, дэлхийн эдийн засгийн тулаан зэрэг сэдвээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачид урилгаар ирж лекц уншдаг нь FREE MARKET ACADEMY сургалтын үр нөлөө, нэр хүндийг тодорхойлдог. Энэ жилийн сургалтад олон улсын нэрт эдийн засагч, философич, Хонолулу дахь Хавайн Их Сургуулийн Эдийн засаг, бизнесийн төвийн захирал Кэн Скүүлэнд, TFT Events-н үүсгэн байгуулагч, Актон институтийн Ази, номхон далайн бүсийг хариуцсан гадаад харилцааны захирал Ли Скүүлэнд, Эдийн засгийн ухааныдоктор, Francisco Marroquín их сургуулийн зочин профессор Кристофэр Линг нар хичээлийг удирдан явуулж, мэдлэг мэдээллээ хуваалцах юм.

Түүнчлэн эдийн засгийн суурь зарчим, онолын сэтгэлгээний талаар мэдлэгээ тэлээд зогсохгүй тэдгээрийг өөртөө шингээх явцдаа өөрийгөө болон хүрээлэн буй ертөнц, хүмүүс, хувьсан өөрчлөгдөх асуудлуудыг хэвшмэл бус шинэ өнцгөөс харах ёадварт суралцдаг. Эцсийн дүндээ тэрхүү чадвараа өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх сэдэл, дадалд сургах нь сургалтын нэг зорилго гэж зохион байгуулагчид үзэж байна.

Төсөв, татвар болон түүгээр дамжуулан хэрэгжүүлдэг орлогын дахин хуваарилалтын бодлого гэж юу болох гэх зэрэг олон асуудлаар дээрх багш нараас лекц сонсч, эдийн засгийн бодлогод дүн шинжилгээ хийх чадварт суралцана. Хотын хөл хөдөлгөөн, дуу чимээ, завгүй ажлаасаа түр чөлөө авч, гадаадын их, дээд сургуулийн магистрийн хөтөлбөрт л сонсч болох үнэтэй хичээлүүдийг дөрөв хоногт эрчимжүүлсэн байдлаар эх орондоо авах боломжийг “Торгоны зам сан”, “Мизес Монгол” ТББ-ууд хамтран олгож байгаа юм. Эдгээр байгууллага нь Монголын эдийн засагт нөлөөлөх шийдвэр гаргах төвшний улстөрч, эдийн засагч, бизнес эрхлэгчид хамтран ажиллах, эдийн засаг дахь бэрхшээлүүдийг тодорхойлж түүнээс гарах арга зам, шийдлийг хамтдаа эрж хайх санаачилга, бололцоог дэмжихийг эрмэлздэг байна. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.freemarket.mn/free-market-academy, мөн https://www.facebook.com/events/522829784800905/ хаягаас авах боломжтой юм байна.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

​Д.Чойжамц хамбын нарийн бичгийг яллагдагчаар татжээ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамцын нарийн бичгийн дарга, лам Б.Бүрнээд холбогдох эрүүгийн хэргийг хянасан Баянгол дүүргийн прокурор шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Б.Бүрнээ нь 2017 оны наймдугаар сард Их Хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийн биед халдан зодож танхайрсан хэргээр холбогдох байгууллагууд шалгаж байсан юм. Тухайн үед “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын тусгай хөтөлбөр авах, өгөх асуудлаас үүдэн тэдний хооронд маргаан гарсан талаар Их Хүрээ хийдийн зүгээс хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл хийж байв. Тэгвэл шүүхийн шатанд жил тойрсны эцэст ийм шийдвэр гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Шашин шүтэх эрх чөлөөг дэмжих асуудлаарх сайд нар хуралдлаа

Шашин шүтэх эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын олон улсын анхдугаар бага хурал АНУ-ын Вашингтон хотноо 2018 оны 7 дугаар сарын 26-нд болов. Хурлыг нээж АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар үг хэлэв. Хурлаар дэлхий дахинд өрнөж буй шашин шүтэх эрх чөлөө, тулгараад буй бэрхшээл, шашны урсгал, бүлгүүдийн эсрэг ялгаварлан гадуурхахыг таслан зогсоох, шашин шүтэх эрх чөлөөг хүндэтгэх явдлыг дэмжих болон цаашид авах арга замыг тодорхойлох асуудлыг хэлэлцэв.

Бага хурлын үеэр хэлсэн үгэндээ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэхүү хурал нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байгааг онцлоод, өнөөдөр дэлхий дахинд олон мөргөлдөөн гарч байгаагийн ихэнх нь шашин болоод шашны урсгалуудын ялгаатай байдлаас үүдэж байгаа бөгөөд мөргөлдөөнийг таслан зогсоох, ирээдүйд сэргийлэхэд шашны урсгалуудын ялгаа, шашны ойлголтын талаар судлах, танин мэдүүлэх, мэдлэг олгохын чухлыг тэмдэглэв. Тэрээр мөн хурлыг санаачлан зохион байгуулж буй америкийн талд баяр хүргэв.

Түүнчлэн Монголчууд эрт дээр үеэс олон шашинд адил тэгш хандаж, сүсэг бишрэл, шашин шүтлэгийн эрх чөлөөг хүндэтгэж ирсэн, өнөөдөр ч ардчилсан Монгол оронд шашин шүтлэгийн эрх чөлөө нь суурь үнэт зйлсийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд үнэмлэхүй түвшинд хүрсэн тухай танилцуулав. Шашин шүтэх эрх чөлөөг дээдэлж буй сайн туршлагыг судлах, судалгааны ажил хийх, мөн шашин шүтэх эрх чөлөөний асуудлаар сэдэвчилсэн эсвэл бүс нутгийн хурал зохион байгуулах саналыг Д.Цогтбаатар сайд дэвшүүлэв.

Шашин шүтэх эрх чөлөөг дэмжих асуудлаарх Сайд нарын Олон улсын анхдугаар бага хуралд Казахстан, Тайланд, Унгар, Монтенегро, Серби зэрэг улсын Гадаад хэргийн сайд, Олон улсын байгуулагуудын төлөөлөл, Олон улсын иргэний нийгмийн байгууллага болон шашны тэргүүн нар оролцов.

Categories
мэдээ спорт

Триатлоны УАШТ амжилттай болж өндөрлөлөө

Олимпийн хөтөлбөр дэх сонирхолтой үзүүштэй төрлийн нэг-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Өгийнуурт 7-р сарын 27-29-нд амжилттай явагдлаа. Тэмцээний элит, өсвөр үе, мини, сонирхогчид, багийн буухиа ангилалд нийтдээ 220 тамирчин оролцсоноор урьд өмнө байгаагүй өнөр бүрэлдэхүүнтэй тэмцээн болсон юм. Байгаль цаг уурын янз бүрийн (бороо, салхи, хурц нартай) нөхцөлд тэмцээн болж, тамирчдын тэсвэр хатуужлыг ихээр сорив. Тэмцээнийг Р.Мөнхтөр захиралтай “HIGHBRIDGE” компани ивээн тэтгэсэн байна.

Эрэгтэй элитийн уралдаанд 24 тамирчин өрсөлдсөнөөс “Виста” клубийн 16 настай тамирчин Ганбаатарын Амарсанаа 1 цаг 00,50 секундын амжилтаар хол тасархай түрүүлэв. Удаах байрт туршлагатай мастер Ч.Гансүх (Орхон аймгийн Хангарьд, 34 настай) 1 цаг 06 минут 27 секундаар, дэд мастер М.Төрболд (Орхон-Хангарьд) 1 цаг 08 минут 38 секундаар шалгарлаа. Эмэгтэй элитийн уралдаан бороотой, хүйтэн нөхцөлд өрсөлдөөнтэй болж, Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн залуу тамирчид эхний хоёр байрыг эзлэв.

500 метрийн сэлэлт-15 км дугуй-5 км гүйлтээс бүрдсэн замыг 15 настай Бат-оршихын Энхжин 1 цаг 19 минут 34 секундэд туулж аваргалсан бол 14 настай Ойдовмөнхийн Эрдэнэзул 1 цаг 20 минут 21 секундээр удаалжээ. 30 настай Эрдэнэбатын Уянга (Ironman клуб) 1 цаг 20 минут 53 секундийн амжилтаар хүрэл медалийн эзэн болж, Монгол Улсын спортын дэд мастерийн болзол хангалаа.

Багийн буухиа уралдаанд Орхон аймгийн “Хангарьд-1” (багийн бүрэлдэхүүнд М.Төрболд, Э.Сүрэнням, Ч.Гансүх) түрүүлж, “Хангарьд-2”, “Dream team” медальт байрт шалгарсан. Триатлоны УАШТ-д оролцсон тамирчдын дунд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа охиныхоо хамт, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хөвгүүдийнхээ хамт, цанын спортын ОУХМ Г.Ганбаатар болон бусад нэр хүндтэй хүмүүс байв. Байгууллага хамт олноороо оролцох явдал маш ихээр нэмэгдсэн харагдав.

Categories
мэдээ нийгэм

​Энэ онд 1562 айлын түрээсийн орон сууц барина

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 20 мянган түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилт тавьсан. Энэ ажлын хүрээнд энэ ондоо багтаад 1562 орчим айлын орон сууц барьж ашиглалтад оруулахаар салбарын яам ажиллаж байгаа аж.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Улаанбаатар хотод эхлүүлсэн 972 айлын, дөрвөн аймгийн /Хөвсгөл, Орхон, Дундговь, Говь-Алтай/ төвд эхлүүлсэн 590 айлын орон сууцны төслүүдийг гүйцээж ашиглалтад оруулах юм байна. Уг ажлыг Барилга хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпораци хамтран Хөгжлийн банкны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байгаа юм.

Түрээсийн орон сууц хөтөлбөр зорилтот бүлэг буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эх нийгмийн эмзэг бүлгүүдэд чиглэсэн. Энэ нь судалгаагаар эрэлт ихтэй байх нэг нөхцөл болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Үерт урссан 1700 толгой бог малыг хайж байна

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Ховил” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойт зүгт 75 км-т/ Малчин Э-ын 1700 толгой бог мал үерт урссан тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 28-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу 9 алба хаагч, 1 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 6 хүн, 3 автомашинтай, нийт 15 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр тухайн өдрийн 13:05 цагт очиж, 4 цаг 35 минут ажиллаж, 1000 орчим малыг олж, 100 гаруй бог мал хорогджээ. Үлдсэн малыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.