Categories
мэдээ нийгэм

Булган, Дундговь, Төв аймгуудын 12 сум цахилгаантай боллоо

Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ 07 дугаар сарын 19-ний өдрийн 16:12-16:25 цагт орсон усархаг бороо, хүчтэй салхины улмаас Булган аймгийн чиглэлийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдад 35 кВ-ын 20 тулгуур багана, урьдчилсан байдлаар нийт 27 цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унасан.

Үүний улмаас Архангай аймгийн 14, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 6, Дундговь аймгийн 2, Өвөрхангай аймгийн 16, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4, нийт 7 аймгийн 65 сум цахилгаангүй болсон тухай мэдээлийг ОБЕГ-т ирүүлсэн.

Мэдээллийн дагуу Хангайн бүсийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн харъяа Улаанбаатар, Архангай, Баянхонгор, Орхон, Өвөрхангай аймаг, Хархорин сумаас нийт засварын 6 бригадын 68 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, одоогийн байдлаар Булган, Дундговь, Төв аймгуудын 12 сумын цахилгааныг өгч, хэвийн ажиллагаанд оруулаад байна. Харин одоогоор дөрвөн аймгийн 53 сум цахилгаангүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл далайн их тахилгыг хийнэ

Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдээс зуны адаг сарын шинийн 13-ны лусын буулттай, рашааны барилдлагатай өдөр буюу энэ сарын 25-нд Хөвсгөл далайн их тахилгыг хийх гэж байна. Их тахилгад Мөрөнгийн хүрээний 40 орчим лам хувраг хүрэлцэн ирж лусын номнуудыг уншиж, сэржим өргөж даллага авах ба тахилгад ирсэн иргэдийн хүссэн номыг газар дээр нь уншиж Далай ээждээ хүндэтгэл үзүүлэн хамтдаа залбирах аж. “Сүүлийн жилүүдэд Хөвсгөл далайд лам хуврагууд сан тавьж ном уншиж байсан боловч энэ жилийн хувьд эрт дээр үеийн Хөвсгөл далайг тахьдаг байсан хуучны дэг ёсыг сэргээж анх удаа их тахилга үйлдэхээрээ онцлог” гэдгийг Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдийн Ловон лам М.Мөнхбат хэлж байна.

Иргэд сүсэгтэн олон их тахилгад хүрэлцэн ирснээр цэнгэг тунгалаг, ариун тансагаараа хойчийн үедээ өвлөгдөн ирсэн байгаль дэлхийн ариун дагшин бүтээл Хөвсгөл далайгаасаа эрч хүч авч буянаа аривжуулан номын дуунд даган баясах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Зарим шүдний эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал хүргүүлжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтыг газраас БГД-т үйл ажиллагаа явуулж буй нийт 89 шүдний эмнэлгээс 45 эмнэлэгт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар мэргэжлийн хяналтыхан хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь дууссан, шалгалтанд ороод тэнцээгүй, улмаар эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээ үйлчилгээ явуулж байсан нэг их эмчид холбогдох хуулийн заалтаар 300,000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, албан даалгавар хүргүүлжээ.

Мөн шалгалтын явцад хаяг байршилдаа байхгүй, үйл ажиллагаа явуулаагүй, хяналт шалгалтанд хамрагдаагүй, үйл ажиллагаа нь хангалтгүй байсан зэрэг нийт 10 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг НЭМГ-т хүргүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол улсаас Pумын улсад суух элчин сайд Д.Батсайхан итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Румын Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батсайхан Румын Улсын Ерөнхийлөгч Клаус Йоханнист 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Д.Батсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгч К.Йоханннис-т уламжилж, Монгол, Румыны уламжлалт найрсаг харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх тухайлбал, худалдаа эдийн засаг, боловсрол, хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч К.Йоханнис илэрхийлээд Элчин сайдад ажлын амжилт хүсэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн айл өрхүүдийн бохирыг халдваргүйжүүлэх ажлыг МХЕГ-т үүрэг болголоо

Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал болон үүнтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, нийслэлийн Онцгой комиссын үер ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай хэсгийн дарга, хурандаа Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа.

Нийслэл хотод үерийн улмаас гудамж зам талбай, гэр хорооллын айл өрхүүдийн ариун цэвэр /жорлон/-ийн бохир хальж орчныг бохирдол үүссэн эсэхийг шалгаж, эрүүл ахуйн ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг Мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг болголоо. Мөн авто замын доогуурх ус нэвтрүүлэх гаргалгаа, хоолойг шалгах, шаардлагатай авто замуудад ус нэвтрүүлэх шугам хоолой шинээр байрлуулах ажлыг зохион байгуулах, нийслэлийн нутаг дэвсгэрийн үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй айл өрхийн судалгааг гаргаж дүүргүүдэд хүргүүлэн нүүлгэх ажлыг зохион байгуулах, үерийн улмаас авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хуримтлагдсан лаг шавар, хогийг бүрэн цэвэрлэж орчны бохирдлыг арилгах, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд хандсан анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг өргөн хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд сурталчлан хүргэх зэрэг үүргийг холбогдох газрын дарга нарт үүрэг болголоо. Мөн дүүргийн Засаг дарга нарт 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Онцгой комиссын хуралдаанд өгсөн үүргийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрийн үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй бүх айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх” төслийн санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурав

Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэлтийн төсөлд зориулж 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрт Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирлын орлогч Ганим Сулейман Аль-Ганиман нар 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурав.

Энэхүү төслийн хүрээнд Өндөрхаан нисэх онгоцны буудлын зорчигчдын танхимыг бүрэн тохижуулах, агаарын хяналтын цамхаг байгуулах, онгоцны буудлын хашааг шинэчлэх, онгоц газардах талбайд гэрэлтүүлгийн систем суурилуулах, агаарын удирдлага, харилцаа холбоо, рентген тоног төхөөрөмж суурилуулах болон зорчигчдын үйлчилгээ, ачаа, тээш тээвэрлэлтийн хэрэгслийг нийлүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөрт багтааж дуусгахаар төлөвлөж байна.

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас Монгол Улсын дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг байнга олгож ирсэн бөгөөд хамгийн сүүлд Монгол Улсын Түлэнхийн төв эмнэлгийн барилгын төсөлд тус сангаас 8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох хэлэлцээрт 2017 оны 5 дугаар сард гарын үсэг зурсан болно.

Categories
мэдээ нийгэм

Усархаг бороо, хүчтэй салхины улмаас 8 аймгийн 75 суманд цахилгаан тасраад байна

Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ 07 дугаар сарын 19-ний өдрийн 16:12-16:25 цагт орсон усархаг бороо, хүчтэй салхины улмаас Булган аймгийн чиглэлийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдад 35 кВ-ын 20 тулгуур багана, урьдчилсан байдлаар нийт 27 цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унасан.

Үүний улмаас Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Төв аймгийн 4 сум, Булган аймгийн 6 сум, Дундговь аймгийн 2 сум, Завхан аймгийн 1 сум, Хөвсгөл аймгийн 3 сум, нийт 8 аймгийн 75 суманд цахилгаан тасарсан мэдээллийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компаниас Онцгой байдлын ерөнхий газарт ирүүллээ.

Хор уршгийг арилгахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум 8 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Нэмэлтээр Орхон аймгаас 22 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр гараад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
их-уншсан туслах-ангилал

​Энэ зун Засгийн газар амрах эрхгүй болж үлдлээ

Төрийн эрх баригч Монгол ардын нам талцаж, хоёр хуваагдсан тухай яриа хэвлэлээр яваад удлаа. УИХ-д суудалтай 65 гишүүн нь албан бусаар “33”, “32”-ын бүлгээрээ хуралддаг болсон тухай нэг хэсэг шуугьсан. Харин Д.Гантулга гишүүн огцорсноор дээрх тооны харьцаа тэнцүү болсон билээ. Сүүлийн үед Засгийн газрын зүгээс 60 тэрбумын асуудлыг хөндөж, УИХ-ын даргыг шахаж байгаа гэх юм. Нэгэнт дарагдсан энэ хэргийг У.Хүрэлсүхийн тал дахин сөхөж байгаа бол М.Энхболдын фракцынхан “Засгийн газрыг огцруулахаар 20-иод гишүүн гарын үсэг зурсан” гэж хариу цохилт хийж байна. Дээрээс нь хотын намын хорооны даргын суудлын төлөө Ц.Сандуйгаас хойш бас алалцсаар байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хотын намын хороог авахаар үзэлцэж буй нөлөөтэй өрсөлдөгч. У.Хүрэлсүхийг огцруулъя гэвэл Их хурлын даргын 32-ын бүлэг сөрөг хүчний есөн гишүүнтэй нийлээд дор нь тонгорч дөнгөнө. Тийм болохоор М.Энхболдын бэхжүүлсэн хотын фракц руу У.Хүрэлсүх шаргуу довтлох боллоо. Хэдийгээр хотын дарга С.Батболдын хувьд Ерөнхий сайдтай нэг үеийнхэн, ихэд ойлголцож, гар нийлэн хамтарч ажиллаж байгаа гэгддэг ч улс төрд урьдны нөхөрлөл огт хамаагүй байдгийн тод жишээ энэ юм. Монголын улс төр нэг иймэрхүү бужигнаантай байна. МАН-ын гишүүдийн амбиц, хорсол төрийн гурван том албан тушаалыг ганхуулж мэдэхээр болов. Засгийн газар, УИХ-ын дарга, хотын даргыг огцруулна гэсэн яриа байна. Ер нь иймэрхүү мэдээлэл оргүй хоосноос гардаггүй. Хөшигний ард үйл явдал өрнөж байгаа болохоор л явган яриа газар авч буй биз. Гэхдээ улс төрийн ууган хүчин МАН бол арай өөр байх ёстой. Намын дотоод асуудал нь улс орны амьдрал, эдийн засагт тушаа болох учиргүйг мэддэг гэж үздэг. Тэгвэл бусад намууд тэр дундаа АН эрх барьж байхдаа ийм хэрүүл тэмцэлтэй гарсан бол юу ч хийхгүй байсан. Дэмий л УИХ нь Засгийн газраа унагаах гэж шүүмжилнэ. Засгийн газар нь Их хурлаа огцруулна гэж шүлсээ үсчүүлэн бархиралдана. Бие биетэйгээ барьцалдаж, шантаажилсаар байгаад чуулганаа хаагаад явна. АН-ын засаглаж байсан он жилүүдийн туршлага ч тэр, улс төрийн хүрээнийхэн, судлаачид ч ингэж үзэж байгаа юм. Тэгвэл улс төрийн ууган хүчин болон МАН олон жил төр барьсан туршлага, ард түмний өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж Таван толгойгоо хөдөлгөчихөөд чуулганаа хаалаа. Энэ намаас ард түмэн үүнийг л хүлээж байв. Тийм болохоор л тэдэнд итгэл хүлээлгэн төрд өөрсдийгөө төлөөлүүлэхээр сонгож, ялуулсан. Сая бас орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН ялалт байгууллаа. Ингээд харахаар МАН-д итгэх ард түмний итгэл найдвар арай ч тасарчихаагүй байна. УИХ хаврын чуулганы төгсгөлд гурван том ажлыг баталлаа. Энэ бол эдийн засаг хөдөлж эхлэх асар том дохио юм. Эхнийх нь мэдээж Эрдэнэс Таван толгойн 30 хүртэлх хувьд нь дотоодын болоод гадаадын хөрөнгийн бирж дээр IPO гаргах. Хоёр дахь том шийдвэр нь иргэний агаарын тээврийн салбарыг либералчлах эхлэл тавигдсан. Сөүл, Бээжингийн чиглэлд нэг авиа компани монополь байх давуу эрх олгосон УИХ-ын хуучин тогтоолын шийдвэрийг цуцалсан. Ингэснээр энэ чиглэлд хоёр дахь компани орж ирэх зам нээгдэв. Чөлөөт өрсөлдөөн бий болсноор тийзийн үнэ хямдарч, нислэгийн тоо олширно гэсэн сайн тооцоолол бий. Дээр нь гадаадын жуулчдын урсгал нэмэгдэж, тэр хэрээр манайд валют орж ирнэ. Цаашлаад МИАТ-ийн 49 хувийг хувьчилснаар менежмэнт нь сайжирч, Монголын агаарын тээврийн салбар бүрэн утгаараа либералчлагдаж хөгжих юм. Их хурлын гаргасан гурав дахь том шийдвэр бол “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт орууллаа. Энэ тогтоолд Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг тусгасан юм. Тодруулбал, төмрийн хүдэр, нүүрсний болон бусад эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх чухал ач холбогдолтой ажил болно. Ямартаа ч УИХ-аас эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх хууль, тогтоолууд баталчихлаа. Одоо хэрэгжүүлэх л үлдлээ. Тиймээс Засгийн газарт том хариуцлага ногдож байна. Наадмын уур амьсгал орсон зун цагт Засгийн газар амрах ч эрхгүй гэсэн үг. “Зун бол амралт зугаалга биш. Ажлын цаг” гэж дэлхийн тэрбумтан Билл Гэйтс хэлсэн байдаг. Түүний амжилтад хүрсэн гол түлхүүр бол ерөөсөө зуны цагийг үр бүтээлтэй ашигласан явдал. Мань эр тэр тухайгаа “Бүх хүн зун амарчихаад байхад би ажилласан учраас ийм амжилттай яваа” гэж хэлсэн нь ч бий. Тиймээс Засгийн газар энэ үед тогтвортой эрчтэй ажиллах хэрэгтэй. Аливаа бодлого шийдвэр хөрөнгө мөнгөгүй бол урагшлахгүй. Тиймээс Засгийн газар мөнгө босгохын тулд бүхий л бололцоо, гарцыг эрэлхийлж ажиллах нь мэдээжийн асуудал. Эхний ээлжинд энэ зун шинэ төмөр замынхаа ажлыг барьж авмаар байна. Намар гэхэд Таван толгойн IPO гаргах бэлтгэлээ бүрэн хангасан байх ёстой. Туршлагатай, мэргэшсэн хүмүүсийг татан оролцуулж, тэдний зөвлөгөө зааврыг ч судалж, зөв менежмэнттэй хөдлөх гарц шийдлээ олох нь хамгийн чухал. Энэ зун хамгийн их хариуцлагатай ажиллах даалгавар У.Хүрэлсүхийн нуруун дээр буув. Иймд нам бүлэглэлийнхээ эрх ашгийг хойш тавиад улс орныхоо эдийн засгийг өөд нь татахад хамаг анхаарал, ур чадвараа дайчлан хурдтай ажилламаар байна. Тэгээд ч ард түмэн Засгийн газарт итгэж эхэлж байгаа үед урмыг нь хугалчихгүйг хичээх ёстой. Засаг төр бол ард түмний аманд орж байгаа хоолыг ажлаар нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн. Хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлж, ард иргэдээ ажлын байраар хангаж, ядуурлаа бууруулж, дундаж давхаргыг хөгжүүлэх амин сүнс нь зөвхөн зөв бодлого. Тиймээс үүргээ ухамсарлаж, найр наадам хэсч назгайрах эрхгүй улсууд бол Засгийн газар юм шүү.

Categories
мэдээ нийгэм

Долдугаар сарын 20-нд болох үйл явдал

08.40 цагт Их Британийн Гадаад Хэрэг Хамтын Нөхөрлөлийн Яамны Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Сайд Марк Фийлд “Монголын хөрөнгийн бирж”-ийн үйл ажиллагаатай танилцана.

10.00 цагт ХНХЯ-нд харааны бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах анхны кофе шопын нээлт болно.

11.00 цагт БОАЖЯ-наас өөрийн байрандаа Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Их Британийн “what3words” буюу Гурван үгт хаягжилтын системтэй хамтран ажиллах болсон талаар мэдээлэл хийнэ. Утас:99153766, 91699989

11.00 цагт Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, НМХГ, Нийслэлийн Газрын албаны ажлын хэсэг үерийн улмаас эвдрэл үүссэн Монелийн уулзвараас Дарь эх хүртэлх Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн автозамын нөхцөл байдалтай танилцана. Утас: 99945858

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд СУИС, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран “Монголчуудын соёлын ертөнц: Үнэт соёл, өв, урлаг” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Улаанбаатар төв вокзал дээр Монгол улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтан Сүхбаатар-Улаанбаатар-Замын Үүдийн хооронд аялж байгаа галт тэргийг угтан авч үдэн гаргах ёслолын арга хэмжээ болно.Утас: 99091674, 99085420

14.00 цагт УДБЭТ-т Монгол улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн баярын хурал болно.

15.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд БНХАУ-ын ӨМОЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЬЯ” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Categories
мэдээ цаг-үе

​Ц.Туваан: Монголын төрийн бодлого, төрийн ажил тасралтгүй явж байх ёстой

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай ярилцлаа.

-Ардчилсан намаас төрийн байгууллагуудыг хариуцлагатай ажиллахыг шаардсан шаардлагыг тавьжээ. Тухайлбал, үер ослын гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авахыг шаардсан байна…?

-Энэ жил Монгол орон даяар зуншлага гандуухан эхэлсэн. Энэ долдугаар сар гарснаас хойш нийт нутгаар бороо орж, ган тайлагдаж, сайхан зун болох төлөвтэй байна. Энэ долдугаар сард Баян-Өлгий, Төв аймгийн сумдууд, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад үер усны гамшгийн асуудал үүсч байна. Хур бороо орж, үер ус болох нь байгалийн үзэгдэл хэдий ч хариуцсан яам, тамгын газрууд, онцгой газрынхан урьдчилан сэргийлж бэлэн байдалд ажиллах ёстой. Одоо цаг агаарын мэдээлэл бол хуучных шиг баримжаагаар биш, яг тодорхой гарч байгаа. Цаг агаарын урьдчилсан мэдээлэл дээр тулгуурлаж урьдчилсан арга хэмжээ авч, хүн хүч, техникийн бэлтгэлтэй байх ёстой. Нэгэнт “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр үер ус осол болж иргэд байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй шууд нүүр тулгарсан хойно асуудлыг хэрхэх вэ гэдэг байдлаар асуудлыг шийдвэрлэж болохгүй юм. Ялангуяа Онцгой байдлыг хариуцсан Шадар сайдын түвшинд энэ асуудлыг анхаарч ажиллаач ээ гэсэн шаардлагыг АН-аас хүргүүлж байна. Ер нь үнэнийг хэлэхэд зуны гурван сарын турш монголчуудтай ажил хэрэг ярина гэдэг бүтэхгүй хэцүү асуудал болдог гэж гадныхан ярьдаг. Төрийн ажил цаг үргэлж явагдах ёстой. Гэтэл зуны улирал, наадам гэхээр ажилдаа салан задгай хандаж, татсан хаалга болгон нь хаалттай байж болохгүй ээ. Ингэж ажиллах эрх төрийн байгууллагад байхгүй. Одоо бодит байдал дээр захын яам тамгын газраар яваад үзэхэд бүх өрөө цоожтой, бүгд хөдөө орон нутаг руу амрахаар явсан байдалтай байна. Монголын төрийн бодлого, төрийн ажил тасралтгүй явж байх ёстой гэдэг утгаар уриалга шаардлагыг хүргүүлж байгаа юм.

-Ээлжит бус чуулган зарлагдах тухай яригдаж эхэллээ. Уг ээлжит чуулганаар төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр худалдах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа. Та бүхэн үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ээлжит бус чуулган болох эсэх нь хуулийн дагуу шийдэгдэх ёстой. УИХ-ын 26 гишүүн буюу гуравны нэгээс дээш хувь нь шаардлага хүргүүлсэн тохиолдолд ээлжит бус чуулган хуралдана гэсэн хуулийн заалттай. Энэ заалтаараа хуралдах байх гэж бодож байна.

Үүн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулган хуралдах ёстой гэсэн байр сууриа УИХ-ын даргад хүргүүлсэн байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор шүүх, хууль, авлигатай тэмцэх зэрэг хуулийн байгууллагуудаас зарим нэг тайлбарыг хүргэсэн. Гэсэн хэдий ч иргэдийн дунд яг энэ хэрэгтэй холбоотойгоор ямар шийдвэр гарав гэдэг дээр нэгдсэн ойлголтод хүрээгүй. Тиймээс чухамдаа 60 тэрбум төгрөгийн хэрэг дээр яг ямар асуудал байгаа гэдгийг эцсийн байдлаар цэг тавьж, нэг мөр шийдвэрлэж, нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Нэгэнт ард түмэнд эргэлзээ үүсч, энэ хэргийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр хүлээлт үүссэн тохиолдолд эцсийн шийдвэрийг гаргах ёстой.

-Хаврын чуулган хаагдахын өмнө Таван толгой төсөл дээр IPO хийх шийдвэрийг гаргасан. Энэ УИХ-ын чуулганы хуралдаанаар өмч хувьчлалыг явуулах, МИАТ-ийн салбарт либералчлалыг явуулах зэрэг хэд хэдэн томоохон асуудлыг шийдвэрлэсэн. Үүнд АН-ын зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Энэ УИХ-ын чуулганы хуралдаанаас гаргаж буй шийдвэрийг харж байхад чуулганы эхэн үед хэлэлцэх асуудлын дарааллыг баталж, цагийн хуваарийг гаргасан байсан. Харамсалтай нь энэ хуваарьт багтсан томоохон асуудлууд чуулганаар хэлэлцэгдэхгүй өнгөрсөн. Ялангуяа Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль гэх мэт үндсэн чухал асуудлуудыг хэлэлцэлгүй орхиж, өөр хоорондоо хэрүүлийн байдлаар буюу харьцангуй ач холбогдолгүй асуудлыг хэлэлцсээр чуулганыг өндөрлүүллээ. Улс орны эрх ашиг, томоохон бүтээн байгуулалт, ард иргэдийн амьдрал амьжиргаанд шууд нөлөөлөхүйц, есөн төрлийн татварыг буцааж тэглэх, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд анхаарал тавих, инфляцийг бууруулах гэх мэт асуудлыг харьцангуй бага анхаарч хэлэлцлээ. Нэгэнт ээлжит бус чуулган зарлаж байгаа бол зөвхөн 60 тэрбум төгрөгийн тухай асуудлыг хэлэлцэх бус ард түмний амьжиргаа, нуруун дээр ирсэн ачааллыг бууруулах тухай асуудлыг хэлэлцээсэй гэсэн бодолтой байна. Ардчилсан нам ард түмний сонголтыг хүндэтгэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг дорвитойхон ажил хийгээсэй гэж итгэл тавьж хүлээж байсан. Тэгтэл МАН-ынхан дотроо засгаа унагааж, шинэ Засгийн газар байгуулагдсан хэдий ч ард түмнийхээ амьдралд нэмэр болохуйц шийдвэрийг гаргах болов уу гэсэн хүлээлт бас л талаар болж байна. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжил, ард түмний амьдралд нэмэр болохуйц дорвитойхон томоохон төсөл хөтөлбөр, ажлуудаа урагшлуулахад анхаарсангүй. Өнөөдөр Монголын уул уурхайн томоохон төсөл хөтөлбөр болох Таван толгой төслийг урагшаа хөдөлгөөнд оруулах, хөдөлгөх нь зөв ч нийт ард түмэн, иргэддээ хүртэх оногдох хувь дээр нааштай шийдвэрийг гаргасангүй. “Эрдэнэс Таван толгой” компанийн 49 хувийг ард түмэндээ олгоё гэдэг саналыг анх Ардчилсан намын зүгээс гаргахад хүлээн зөвшөөрөх боломжгүйд хүрч дараа нь 34 хувь дээр тохиролцсон ч чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр энэхүү саналыг олонхоороо түрий барьж унагаж байх жишээтэй.

-Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд асуухад Монгол орон даяар бүсийн чуулганаа хийж байна. Чуулганы гол ач холбогдлыг хэлэхгүй юу?

-Энэ долдугаар сарын 20-23-ны хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Ардчилсан намын төвийн бүсийн ээлжит чуулган болох гэж байна. Энэ чуулганд Төв, Өвөрхангай, Архангай, Дархан-Уул аймгууд, Нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн зургаан нэгж, Үндэсний бодлогын хороо, УИХ-ын гишүүд нийтдээ 800 гаруй хүн оролцоно. Бүсийн чуулган нь манай намын хувьд хэдийнэ уламжлал болж хэрэгжиж буй ажлын нэг. Өмнө нь зүүн бүсийн чуулганыг Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт, говийн бүсийг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт чуулж байсан. Энэ жил Баян-Өлгийн Толбо нуурын нутагт баруун бүсийн чуулганаа хийсэн. Одоо дараагийн чуулганаа хийхээр төлөвлөж байна. Ингэж Монгол орон даяар чуулган зохион байгуулж байгаа нь намын гишүүд бүртэйгээ уулзаж, бүс нутгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж юун дээр анхаарч ажиллах вэ гэдгээ анхаарч байгаа юм. Энэ 2018 оныг Ардчилсан намаас анхан, дунд шатны намын гишүүдээ идэвхжүүлэх, чадавхжуулах жил болгон зарласан. Энэ хүрээнд “Монголоо сонсъё” аяныг улс орон даяар зохион байгуулсан.

-Аливаа нам шинэчлэгдэж бодлого, мөрийн хөтөлбөрөө сайжруулахын хэрээр эргээд улс орны хөгжилд ахиц гарах боломжтой. Өнөөдөр улс төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллах боловсон хүчний чадвар, чадамжаас шалтгаалж төрийн албаны нэр хүнд улам л муудсаар байна. Намын шинэчлэлийн хүрээнд энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ардчилсан намд ард түмэн муу дүн тавьсан. Тиймээс АН өвдөг шороодож босч ирээд, хувцсаа гөвөөд ард түмэн Ардчилсан намаас шинэчлэлийг хүсч байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. АН шинэчлэлийн ажлаа явуулаад нэг жил долоон сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд юуны өмнө намын дотоод бүтцийг шинэчлэх ажлыг хийсэн. Намын даргаасаа эхлээд бүх шатны сонгуульт албан тушаалд ажиллах хүмүүсийг намын анхан шатны нэгжээсээ буюу нийт намын намын гишүүдээсээ асууж томилдог болсон. Намын шинэчлэлийн гол зорилго бол зөвхөн намын шийдвэр гаргах түвшний буюу дээд хэсэгтээ шинэчлэгдэх биш, анхан шатнаасаа эхлээд бүх гишүүдийг хариуцлагажуулж, идэвхтэй ажиллах зорилго тавьж ажиллаж байгаа. Аливаа нам үзэл баримтлалаа тодорхой болгож улмаар улс орны хэмжээнд улсаа хөгжүүлэхэд ямар бодлого баримтлах вэ гэдэг дээр бодлого, мөрийн хөтөлбөр гаргадаг. Ингэхдээ цаасан дээр хоосон бичсэн сайхан үгтэй уриа лоозон биш, яг бодит байдал дээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн гарцыг тодорхойлсон бодлогыг гаргах ёстой. Тиймээс “Монголоо сонсъё” аяныг зохион байгуулж, яг хөрсөн дээр тулгамдсан шийдвэрлэх ямар асуудал буйг сонсч, шийдвэрлэх гарцыг хайхын тулд хөдөө орон нутаг, нийслэл дүүрэн, хороодоор явж уулзалт зохион байгуулж иргэдийнхээ үгийг сонсч яваад ирлээ. Энэ бүх санал сэтгэгдэл дүгнэлтийг нэгтгэж гаргана. “Монголоо сонсъё” аяныг дахин өргөжүүлж нийт Монгол орон даяараа иргэдийнхээ үгийг дахин сонсч явах шаардлагатай юм байна гэдэг дүгнэлтэд хүрч байгаа. Улс орны хөгжлийг урагш татаж явах намууд шинэчлэгдэж улмаар яг бодит байдлыг мэдрэх, улс орны хөгжлийг урагш явуулахын тулд бодлогын бичиг баримтаа амьдрал нийцсэн, хөгжлийг тодорхойлсон бодитоор гаргаж явах нь зүйтэй. Тиймээс АН шинэчлэлийнхээ хүрээнд Монгол орон даяар иргэдийнхээ үгийг сонсч, тухайн бүс нутаг, аймаг, сум, дүүрэг, хороодод тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна.