Categories
мэдээ нийгэм

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандан гомдол хүргүүлэв

Зураг

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүд 2018 оны долдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод хандаж гаргасан шаардлагын агуулгатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандан гомдол хүргүүллээ.
Авлигатай тэмцэх газар хэрэг гомдлыг дангаараа бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөгөөр эрүүгийн хэргийг замхруулдаг, дарагдуулдаг мэтээр гүтгэн олон нийтэд мэдээлэх, УИХ-аас томилогддог албан тушаалтныг огцруулах, түүнийг томилсон УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргах нэрээр улс төрийн дарамт, шахалт үзүүлэн, ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргаж байгаа тул Авлигатай тэмцэх газар ийнхүү гомдол гаргалаа.
Авлигатай тэмцэх газар дур мэдэн аливаа эрүүгийн хэрэг, гомдол мэдээллийг дарагдуулах, замхруулах хууль эрх зүйн ямар ч боломжгүй бөгөөд Үндсэн хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л үйл ажиллагаа прокурорын байнгын хяналт дор явагдаж, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон аливаа шийдвэр гаргах эрх прокурор, шүүхэд хадгалагддаг. Хуульд зааснаас бусад ямар ч үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулах, чөлөөлөх эрх УИХ-ын гишүүн төдийгүй бусад хэн нэгэн этгээдэд олгогдоогүй тул дээр дурдсан үндэслэл нь хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас гаргасан гомдолд дурджээ.
Мөн дээрх үйлдлээрээ УИХ-ын гишүүн төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээр өргөсөн тангаргаа зөрчин, улс төрийн сонирхлоор асуудалд хандаж, олон нийтийн шударга, үнэн зөв мэдээллээр хангагдах эрх зөрчигдөж байгаа тул Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий УИХ-ын гишүүдийн хууль зөрчсөн үйлдлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандлаа.
Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Багабандийг Ерөнхийлөгч байхад нь алтан бүсийг нь шалгуулаагүй байж одоо олон юм донгосох хэрэггүй

Цахим бороохойгоор хэнийг ч хамаагүй балбаж, юу ч хамаагүй донгосдог нөхдөд Багабандийн алтан бүс энэ жилийн наадмын өгөөш нь боллоо. Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчийн хар нүдний шилтэй, алтан бүстэй хар машинаас бууж байгаа зураг хаа сайгүй цацагдаж амтай бүхэн шавайгаа ханатал зүхэж, элдэв хоёроор доромжлон санаа нь амрав бололтой. “Гадныхны гар хөл болсон новш, Оюу толгойн мөнгийг ганцаараа идэж байгаа…” гээд л авч өгсөн. Сошиалаар зүхэж байгаа нөхдийн бичвэрийг харахад Багабанди гэдэг хүн Монголын хөрөнгийг бараг тэр чигээр нь залгисан адгийн амьтан юм байна гэж ойлгогдохоор. Ганц ч гэгээтэй мэдээ байхгүй, тэр чигтээ атаа хорсол, үзэн ядалт хөвөрч байна.

Ингэхэд Багабанди алтан ч байна уу, мөнгөн ч байна уу, ямар нэгэн бүс төрийнхөө наадмаар зүүх эрхгүй, төр түмэнд тийм айхтар гай тарьсан хүн үү. Цахим ертөнцийн “мэргэдэд” ад үзэгдэж, есөн шидээрээ доромжлуулж байгаа Багабанди ардчилсан чөлөөт нийгэмд парламентын засаглал бэхжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан, 1992-1996 онд УИХ-ын даргаар ажилласан эрхэм. Мөн 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өндөр дээд албыг найман жилийн туршид нэр төртэй гүйцэтгэж ирсэн Монгол төрийн тэргүүн юм. “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавьяа зүтгэл”-ийг нь үнэлж Монгол Улсын тэргүүн зэргийн одон-Чингис хаан одонгоор 2011 онд Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойгоор түүнийг шагнаж байсан. Гэтэл өнөө жилийн наадмаар бүсэлсэн бүснээсээ болж төр гэдгийг ч мэдэхгүй, тухайн хүнийхээ байгуулсан гавьяа, туулж ирсэн түүхэн замналыг нь мэдэхгүй захын нөхдөд ингээд боорлуулж байна гэдэг харамсалтай.

Ард түмэн тийм л айхавтар юм бол Багабандийг Ерөнхийлөгч байхад нь, энэхүү улс орны эзэн ноён байхад нь алтан бүс төдийгүй хөрөнгө мөнгө, идсэн уусныг нь шалгуулж, хуулийн дагуу үнэн мөнийг нь илчлэхгүй яасан юм бэ. Нийгэм даяараа шуугиад байгаа алтан бүсийг Ерөнхийлөгч байхдаа бүсэлж байсан юм билээ. Тэр үеийн зураг хөрөг нь гэрчилж байна. Харин одоо бол бүхний зүхээд байгаа Багабанди дарга сайд биш, Их хурлын гишүүн биш. Бусдын адил энгийн нэг иргэн. Далан нас руу дөхөж яваа өвгөн. Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн л байх. Цалин нь гэж шуугьдаг 40 мянган ам.доллар нь л олны атаа хорслыг төрүүлдэг шиг байгаа юм. Тэгэхээр хууль санаачлагч төрийн түшээ биш, эгэл жирийн иргэн түүнийг элдэв дээдээр боорлох нь хэр зохистой бол. Эзэн хаан байхад нь, энэ улсын ноён байхад нь хардаж сэрдээд байгаа, улс орны цөлмөөд дуусчихсан мэтээр яриад байгаа зүйлээ шалгуулах хэрэгтэй байсан юм. Төрийн тэргүүнээ шалгуулдаг, үнэхээр авлига хээл хахууль авсан байна уу, улсын хөрөнгийг хувьдаа завшсан байна уу, эрх мэдэл албан тушаалаа буруугаар ашигласан байна уу гэдгийг тогтоодог жишиг олон улсад бий.

Хамгийн сүүлийн жишээ дурдахад, Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-г төрийн нууц задруулсан, авлига хээл хахууль авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг 18 зүйл ангиар буруутгаж нийт 24 жилийн ял оноон, 17 сая ам.долларын мөнгөн торгууль оногдуулсныг бид мэднэ. Эхлээд тэр Солонгосын шүүхээс 30 жилийн ял сонсч байсан. Ингэж дэлхийн улс орнууд буруутай ерөнхийлөгчөө албан тушаалаас нь огцруулаад ял оноодог. Харин манайд төрийн тэргүүний албанаас буусных нь дараа, ямар ч эрх мэдэлгүй эгэл жирийн иргэн болсных нь дараа муу муухайг нь үзэж, шоронд хорьж тамлан зовоодог. Түүний бэлээхэн жишээ Н.Энхбаяр байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэмээх Монгол төрийн бүх өндөр албан тушаалыг хашсан түүнийг хэрхэн яаж доромжилж, шавар шавхайтай хутгасан билээ.

Төрийн тэргүүн байсан хүний хоёр хөлийг нь гозолзуулаад чирээд явсан цагаас хойших үйл явдлыг анзаарахад монголчуудын төрөө дээдлэх ёсыг зориудаар гутаан доромжилсон мэт харагддаг. “Монголын ард түмэн төр гээд сүйд болоод байдаг бил үү. Та бүхний дээдлээд байдаг төр чинь энэ, хөөрхий чааваас даа” гэж хөлийн уланд гишгэгдсэн ноорхой цаас шиг хэн нэгэн өширхөн дэвслээд, тохуурхаад ч байгаа юм шиг. Ер нь тэгээд хүний шүтдэг шүтээн, эрхэмлэн нандигнадаг зүйлийг нь доромжилно гэдэг маш хорлонтой хийгээд муу үр дагавартай байдаг. Илтээр гутаан доромжилсны үр дүнд хүмүүсийн дээдлэх шүтээн нь эрхэмсэг чанараа алдаж, хувхайрсан мод шиг үнэгүйдэн хэнд ч хэрэггүй болж хувирах нь бий. Хүн гээч амьтан сүслэн дээдлэх шүтээнгүй, өөрийн гэх итгэл үнэмшилгүй болсон цагт адгуус араатан адил зэрэглэгшиж эхэлдэг. Энэ бол хүний амьдралын үнэн юм.

Дэлхийн улс орнууд буруутай ерөнхийлөгчөө албан тушаалаас нь огцруулаад ял оноодог. Харин манайд төрийн тэргүүний албанаас буусных нь дараа, ямар ч эрх мэдэлгүй эгэл жирийн иргэн болсных нь дараа муу муухайг нь үзэж, шоронд хорьж тамлан зовоодог. Түүний бэлээхэн жишээ Н.Энхбаяр байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэмээх Монгол төрийн бүх өндөр албан тушаалыг хашсан түүнийг хэрхэн яаж доромжилж, шавар шавхайтай хутгасан билээ.

Энэ байдал Н.Энхбаяр дээр ч, Н.Багабанди, П.Очирбат гээд төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүд дээр ил тод ажиглагдах болсон. П.Очирбат гуайн хамарны зургийг томоор татаж аваад “ховдгийн гай” гээд цахимаар баахан явуулах нь анхны Ерөнхийлөгчөө зориудаар гутааж байгаа хэрэг. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг ард түмэн хийгээд гадны оронд Монголын төр л гэж хүлээн авна. Тиймээс төрийн тэргүүн байсан хүмүүсийг гутаан доромжлох нь эрхэм дээд төр засгаа гутаан доромжилж байгаатай ижил юм. Одоо бол Ц.Элбэгдорж гэж хүнийг нийтээрээ үзэхгүй жигшиж байна. “Түүнийг цаазлах хэрэгтэй” гэж амтай бүхэн орилж байна. Хамгийн гол нь Ерөнхийлөгч байхад нь, албан үүргээ гүйцэтгэж байхад нь хариуцлага нэхэх хэрэгтэй байсан юм. Одоо мянга орилоод нэмэргүй, зүгээр л хий хоосон шүлс болоод үсэрч байгаа биз дээ.

Дэлхийн улс орнууд төр засгаа ямар эрхэм нандин хэмээн дээдэлдэг билээ. Тэр ч чанараараа тухайн улс гүрнүүдийн төрийн дархлаа бат бэх, ганхашгүй оршиж байдаг. Бусад орны төрийн тэргүүнүүд бүгд бурхан шиг хүмүүс байхгүй нь мэдээж. Алдаа оноотой л байж байдаг. Харин олон мянган жил явж ирсэн төрийн дархлаагаа бодож ард түмэн нь алдаа оноог нь дэнслэн эрхэмлэх нь бий.

Манайд бол төрийн эрхэм чанарыг зориудаар үнэгүйдүүлэх, Монгол төрийг удирдаж ирсэн, ард түмэндээ төр шиг хүндлэгдсэн хүмүүсийн гутаан доромжлох, олон түмэнд шившигтэй байдлаар харагдуулах, нийгмээр нь үзэн ядуулах ийм үйл явц тасралтгүй явж байгаа нь харамсалтай. Энэ бол Монгол төрийг цаашид ямар ч үнэ цэнэгүй болгох гэсэн бодлого ч юм шиг. Үүний нэг баталгаа нь Н.Багабандийн алтан бүс. Уг шалтгаан нь бүсэндээ ч биш юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож Монголын төрийг арав шахам жил тасралтгүй удирдсан хүнийг ард түмнээр нь үзэн ядуулахад гол учир нь байна. Цахим ертөнцийн давалгаанд бодолтой, бодлоготой хандах цаг ирснийг уг үйл явц гэрчилж өглөө.

Д.БАТБОЛД

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 11 байршилд борооны ус зайлуулах шугамын ажил хийнэ

Нийслэл хотын хэмжээнд далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ 180 гаруй км байдаг бөгөөд авто замын гадаргуугийн усыг 2000 орчим шүүрт худгаар дамжуулан авч зайлуулдаг. Энэ оны тухайд 11 байршилд шинээр буюу шинэчлэн замын борооны ус зайлуулах шугамын ажлыг хийж байгаа аж. Сүүлийн байдлаар усны гудамж, “И-Март” худалдааны төвийн уулзвар-Токиогийн гудамж, Ганц худгийн авто зам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам, Энхтайваны гүүрний зүүн талын төмөр зам доогуурх нүхэн гарц зэрэг газруудад ус зайлуулах шугамын ажил үргэлжлүүлэн хийж байна.

Жил бүр борооны ус зайлуулах далд шугам сүлжээ шүүрт болон үзлэгийн худгуудад цэвэрлэгээ, урсгал засвар, нөхөн сэргээлтийн ажил хийгддэг боловч зарим иргэн, аж ахуйн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан эвдрэл үүсдэг. Үүнд, Аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй холболт хийж, худгийн ачааллыг нэмэгдүүлдэг, шүүрт худаг руу замын шороо болон хог хийж битүүрүүлэх, дур мэдэн барилга байгууламж барих зэргээс шалтгаалж борооны ус зайлуулах шугам сүлжээ хэвийн ажиллах боломжоо алддаг юм. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, зам талбайн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг албаныхан анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

“Нээлттэй засгийн түншлэлийн V дээд хэмжээний чуулга” уулзалт боллоо

Зураг

Гүрж Улсын Тбилиси хотноо 2018 оны долдугаар сарын 17-19-ний өдрүүдэд “Нээлттэй засгийн түншлэлийн V дээд хэмжээний чуулга” уулзалт болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн удирдах зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар оролцлоо.
Чуулга уулзалтыг нээж Олон Улсын НЗТ-ийн гүйцэтгэх захирал ноён Санжай Прадхан үг хэлсэн юм. Тэрээр үгэндээ Монгол Улсын сайн туршлагыг онцолж “100 орон иргэдийн оролцоог дэмжиж байна. Тиймээс, иргэдийн дуу хоолой, иргэдийн оролцоо нь төрийн бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулж төр, иргэдэд харилцан ашигтай сайн туршлагуудыг бие биенээсээ суралцах, шинэлэг санаачилгыг хэрэгжүүлж урам хайрлах нь чухал юм. Жишээ нь: Монголын нэгэн хөдөө суурин газарт Иргэний оролцоот төсвийн тусламжтайгаар төсвийн зардлаа 10хувиар бууруулжээ” гэсэн юм.
Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар дараах уулзалт, хэлэлцээрийг хийв.
Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгын Гүйцэтгэх захирал ноён Эдди Ричтэй уулзаж Олборлох салбарын ил тод байдал, ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил тод болгох талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гаргасан амжилтууд болон ашиг хүртэгч эздийг ил тод болгох “Замын Зураг 2020” төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар ярилцлаа. Түүнчлэн Монгол Улсын ОҮИТБ-ын ажлын албаны үйл ажиллагааг цаашид санхүүжүүлэх талаар хүсэлт тавьсны дагуу ноён Эдди Рич боломжит санхүүжилтийн талаар судлан хариу өгөхөөр тохиров.
-Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Монгол Улсын Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгын Нарийн бичгийн дарга Л.Энх-Амгалангийн хамт ОҮИТБ – Бенефицарь өмчлөгч төв ази, кавказын бүсийн уулзалтад оролцож жинхэнэ ашиг хүртэгчдийг ил тод болгох талаар Засгийн газар идэвхитэй ажиллаж байгаа, энэ зорилгыг хэрэгжүүлэхэд хэд хэдэн хууль, эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулах, түүнчлэн шинэ хуулийн төсөл боловсруулж байгаа тухай мэдээллэв.
Гүрж Улсын ерөнхий сайд асан Ника Гилауритай, Эстон Улсын төрийн захиргааны сайд Жанек Магги нартай уулзаж, тус улсуудын цахим засаглалын тэргүүн туршлагуудтай танилцаж төрийн үйл ажиллагаанд шинэлэг технлогийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар хүртээмж, төрийн ил тод шударга байдлыг нэмэгдүүлэх, авилгыг устгах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.Мөн Монгол Улсын сайд Г.Занданшатар 10 cард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Зөвлөлдөх Ардчилалын олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож тэргүүн туршлагаа хуваалцахыг хүсч байгаагаа илэрхийлж, түүний урилгыг Ника Гилаури баяртайгаар талархан хүлээн авч хуралд оролцохоор тохиров.
“Ази-Номхон далайн бүс нутагт төрийн үйлчилгээг шинэчлэх нь- чанар хүртээмжийг нэмэгдүүлэх шинэлэг санаачилгууд” панел хэлэлцүүлэгт оролцлоо. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх санаачилга, Төрийн албан хаагчийн хариуцлага, төрийн цахим шинэтгэлийн талаар гаргасан амжилт, авч хэрэгжүүлж буй алхамуудын талаар болон төр, иргэний нийгмийн идэвхитэй түншлэл, хамтын оролцооны талаар ярилцлаа.
Нээлттэй Засгийн түншлэлийн дэд захирал ноён Паул Массентай 2 талт уулзалтад оролцож, Монгол Улс “Нээлттэй засгийн түншлэл”-ийн гишүүн орны хувьд нээлттэй засаглалыг бэхжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа зорилт, арга хэмжээ, “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III”-ний төслийг танилцуулав. Ноён Паул Массен Монгол Улс НЗТ-ийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, бүс нутагтаа төдийгүй олон улсад манлайлан оролцодгыг сайшаав. Мөн, Ирэх 11 дүгээр сард Бүгд Найрамлах Солонгос Улсад зохион байгуулагдах Азийн бүсийн манлайлагч нарын уулзалт, 2019 оны хавар Канад Улсад зохион байгуулагдах VI дугаар дээд хэмжээний уулзалтад оролцохыг урилаа.
Дээд хэмжээний уулзалтын үеэр Бүгд Найрамдах Филлипин Улсын Засгийн газрын Төсөв, бодлого төлөвлөлтийн сайд ноён Бенжамин Диокнотой2 талт уулзалтад оролцож ирэх саруудад харилцан туршлага судлах аялал зохион байгуулахаар тохиролцов.
Чуулга уулзалтанд 70 гаруй гишүүн орнуудыг төлөөлөн Засгийн газрын тэргүүн, иргэний нийгмийн байгууллага, олон улсын хөгжлийн түнш байгууллагын төлөөлөл бүхий 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцож, иргэний нийгмийн оролцоо, авлигатай тэмцэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах сорилтын хүрээнд харилцан туршлага солилцлоо.
“Нээлттэй засгийн түншлэл” нь иргэд, олон нийтийн оролцоог хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, авилгаас ангид байх, засаглалын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэн засаглалыг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан сайн дурын олон талт байгууллага юм. “Нээлттэй засгийн түншлэл”-ийг Бразил, Индонез, Мексик, Норвеги, Филиппин, Өмнөд Африк, Их Британи, АНУ зэрэг улс орнууд санаачлан 2011 онд анх үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 75 орон гишүүнээр элссэн байна.
Categories
мэдээ нийгэм

Долдугаар сарын 24-нд болох үйл явдал

Зураг

МУЗН-ийн Хүүхдийн зусланд “Зүүн Азийн хүүхдүүдийн зуслан цугларалт” эхэлнэ.
07.30 цагт БОАЖЯ-ны гадна талбайд “Монгол үндэстний хүний эрх, иргэдийн хяналтын хороо” ТББ-аас цуглаан зохион байгуулна.
11.00 цагт “Оюу толгой” компанийн байранд иргэний нийгмийн хөдөлгөөнүүд “Оюутолгой компани”-иас дахин өр үүсгэхгүй байх баталгаа гаргуулах болсон талаар мэдээлэл хийнэ. Утас: 99191388, 88117157

11.00 цагт Үндэсний төв номын санд ахмад настнууд өөрсдийн урласан 200 гаруй номын баринтгийг хандивлана. Утас: 9600 1811

Categories
мэдээ цаг-үе

​Б.Баттөмөр: Манай улс өөрийн онцлогтоо тохирсон хөгжлийн бодлого, төрийн зохицуулалттай загвараар хөгжинө

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

-УИХ-аас Таван толгойг хөдөлгөх шийдвэр гаргасан. “Эрдэнэс Таван толгой”-н 30 хүртэлх хувийн хувьцааг дотоод гадаадын зах зээлд гаргах асуудалд та ямар бодолтой байна вэ?

-“Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг дотоод, гадаадын зах зээлд худалдах, бэлтгэлийг хангах тухай тогтоол гэж ойлгох хэрэгтэй. Манай зарим хүмүүсийн яриад байгаа шиг “Эрдэнэс Таван толгой” компанийн 30 хувийг тавиад туучхаж байгаа юм биш. Дотоод, гадаадын зах зээл дээр 30 хүртэлх хувийн хувьцаа гаргаж болох талаар тооцоо, судалгаа хийж, энэ ондоо багтааж УИХ-д танилцуулах үүрэг Засгийн газарт өгөгдсөн. Ашигтай бол хувьцаа гаргана. Ашиггүй гэж үзвэл өөр санхүүгийн арга хэрэгслүүдийг ашиглах боломжуудыг хамтад нь судалж үзэх хэрэгтэй.

-Санхүүгийн өөр арга хэрэгслүүдийг ашиглана гэдгээ тодруулахгүй юу. IPO хийхэд 1.5-2.0 тэрбум ам.доллар орж ирнэ гэсэн тооцоо танилцуулсан гэл үү?

-Дэлхийн санхүүгийн зах зээл дээр газрын баялагт суурилсан компаниудын хувьцаа амжилттай арилжаалагддаг боловч, баялгийн эзэд болох тухайн улс, ард түмэнд тийм ч үр ашигтай байдаггүй гэсэн судалгаа бий. Мэдлэг, биет бус хүчирхэг бизнесийн загвартай орчин үеийн компаниудын хувьцаа үнэ цэнтэй, өндөр үнэлгээтэй байна. Тухайлбал, Али Баба, Oracle, Facebook, Amozon, AIR BNB, Uber гэх мэт. АНУ ын Catle компани Невада муж дэлхийд хамгийн томд орох цахилгаан автомашины зай хураагуур үйлдвэрлэх үйлдвэрийг барьж байгуулахад 1.3 тэрбум доллар зарцуулж, компанийхаа арван хувийн хувьцааг 20 тэрбум ам.доллароор үнэлж байна. Энэ компанийн нийт үнэлгээ нь 200 тэрбум ам.доллар гэсэн тооцоо гарчээ. Яагаад оруулсан хөрөнгөнөөсөө зуу дахин ихээр үнэлэгдэж байгаагийн учир нь үйлдвэрлэх бүтээгдэхүүн нь орчин үед их эрэлттэй, ирээдүйтэй болохоор тэр. 2040 он гэхэд дэлхийн автомашины 50 хувь нь цахилгаанд шилжих учраас энэ чиглэлийн бизнес ашигтай гэж үзэж үнэлгээ нь өндөр тогтсон байна. Манай “Эрдэнэс Таван толгой” компани 7.3 тэрбум тн нүүрсний нөөцтэй орд эзэмшдэг. Үүнээс 4.9 тэрбум нь коксжих нүүрс гэж байгаа. Ийм том баялагийн 30 хувь нь 1.5-2.0 тэрбум ам.доллароор үнэлэгдэхгүй байлгүй дээ. Хэрэв тэгж худалдвал дэлхийд бид тэнэгээ зарлаж, хөгжлийн тухай ярих ч хэрэггүй болно. Газар доорх баялагийн үнэ тэг гэдэгтэй санал нийлэхгүй. Гадаад зах зээл дээр нүүрсний үнэ төрөл, чанараасаа хамаарч нэг тн нь 100-200 ам.доллорын үнэтэй байна. Нэг тн нүүрснээс олох ашгийг 10 ам.доллар гээд бодоход нийт орд 73 тэрбум доллор. Үүний 30 хувь нь 21.9 тэрбум ам.доллар болно.

Том баялаг дээр суурилж үйл ажиллагаа явуулах компани урт хугацаанд бага хүүтэй эх үүсвэр, бонд гарган санхүүжилтээ босгож ажиллах нь том эрх ашигт нийцэж, эцсийн үр дүн нь сайн байх магадлал өндөр. Нөгөө нэг арга нь удирдлагын менежментийг сайжруулж, Монголын төрөөс бодлогоор дэмжиж,үр ашгийг нь дээшлүүлэх замаар өөрөө өөртөө хөрөнгө оруулах нь компанийн үнэлгээг өсгөж, үр ашиг сайжрах боломж бүрдэнэ. Таван толгой компани 2017 онд тулгамдсан өрөө төлөөд 700-гаад тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаас харахад ирээдүй нь их өөдрөг байгаа юм. Нөгөө талаар зам тээвэр, гээд дэд бүтэц хөгжөөгүй, түүхий нүүрсэнд нэмүү өртөг шингээх үйлдвэрлэл хөгжөөгүй байгаа нь үнэлгээнд сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр байгаа юм.

-IPO хийх замаар Таван толгойн тодорхой хувийг нь авчих санаатай бизнесийн бүлэглэл байгаа гэж ярих юм. Энэ талаар та дуулав уу?

-Надад яг тийм мэдээлэл алга. Гэхдээ авчих санаатай хүмүүс байдаг байж магадгүй л юм. Нэг хүн, нэг хэсэг хүн, нэг хоёр бизнесийн бүлэглэлд томдоно л доо. Яагаад гэвэл дэлхийд бүртгэлтэй маш том орд. Монгол Улсыг 200 жил тэжээнэ гэсэн тооцоо байдаг.

Монголчууд бид өнгөрсөн 30 гаруй жилд хонхортоо, бие биетэйгээ байлдаж амьдарч байна. Төрд өмч, төрийн зохицуулалт хэрэггүй, зах зээл зохицуулдаг гэдэг либерал загвараар тархиа угаалгаж, одоо ч угаалгасаар байна. Монголчууд бидний сэтгэлгээ жижиг, бүтээлч биш, хоорондоо их дайтдаг учир дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж ажиллаж, амьдарч чадахгүй л явцгааж байна. Хийж бүтээснээ нурааж, зарим нь төрөө тонож амьдарч байгаа нь үнэн. Одоо зарим нь хонхроосоо гарч дэлхийд байг гэхэд тив, бүс нутаг, хөршүүдийнхээ зах зээлд ажиллах хэрэгтэй. Уг нь том том боддог, хийдэг, ярьдаг хүмүүс байх л юм. Харамсалтай нь Монголдоо төрийнхөө үлдсэн хэд рүү л дайраад байх юм. Зөвхөн Монголдоо биш Монголоосоо гарч сэтгэж ажиллавал ард түмэн түүнийг дэмжиж, түүнд туслахад бэлэн байх даа.

-Таван толгойн IPO хийх тооцоо, судалгаа, бэлтгэлийн явцыг заавал УИХ д танилцуулах уу?

-Гарч байгаа УИХ-ын тогтоолд заавал танилцуулах заалт орсон. Танилцуулсны дараа IPO хийх эцсийн шийдвэрийг УИХ гаргана гэж ойлгож байгаа.

-Таван толгойн 30 хувьд IPO хийхтэй холбогдуулан “Эрдэнэс Монгол” компанийн 49-өөс доошгүй хувийг ард иргэдэд хувьчлах асуудлыг МАН ын бүлэг яагаад дэмжсэнгүй вэ?

-Засгийн газар зөвхөн “Эрдэнэс Таван толгой”-н асуудлыг оруулж ирсэн.

Гэтэл АН-ын нөхдүүд “Эрдэнэс Монгол”-ын асуудлыг давхар оруулаад яриад байгаа юм. Энэ нь хэлэлцэж байгаа Таван толгойн 30 хувиас 10 дахин том асуудал. Ийм том асуудлыг тооцоо судалгаа муутай,сэтгэлийн хөөрлөөр, эсвэл улс төрийн оноо авах зорилгоор шийдэх гэж оролдвол алдаа гарна. Бид улс орны цаашдын хөгжил, амин чухал асуудлуудыг долоо хэмжиж нэг огтол гэдэг зарчмаар явах естой. “Эрдэнэс Монгол”- д “Эрдэнэс таван толгой”, “Эрдэнэс Оюу толгой”, “Багануур”, “Шивээ овоо” компаниуд, “Эрдэнэт УБҮ”ХК, “Мон атом” гээд Монголыг авч явж байгаа, цаашид авч явах 10 орчим компани бүгд багтсан байдаг. “Эрдэнэс Монгол”-ын хувьд тодорхой тооцоо, судалгаа, дэс дараалалтай хувьчлал, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх нь зүйтэй. Бодлогогүй хувьчлалын горыг бид хангалттай амссан. Одоо бид хувьчлал дээр дахиж алдах эрхгүй. Ардчилсан нам ард түмэндээ их хайртай учраас өгөх гээд МАН хайргүй учраас татгалзаад байгаа асуудал огт байхгүй гэдгийг хэлье. Ард түмний нэрийг барьж тэдэнд өгнө гээд өгсөн дүр үзүүлээд, эцэст хэдхэн хүн хураагаад авчихдаг схем одоо хуучирчээ. Зарим улс төрийн хүчин, улстөрчид, ард түмэндээ хайр зарлаад эхлэхээр цаана нь заавал далд санаа явж байдаг нь туршлагаар нотлогдчихсон зүйл. 1990-ээд оны эхэнд ард иргэдээ өмчтэй болгоно гээд тухайн үед байсан бүх төрийн өмчийг үнэлээд цэнхэр, ягаан тасалбар болгоод тараасан. Үр дүн нь баялгийн 92 хувь нь хүн амын тав хүрэхгүй хувьд оногдож, гурван монгол хүний хоёр нь ядуу тарчиг, эдийн засгийн эрх чөлөөгүй амьдарч байна. Сайн хувьцаа гэж бас нэг хөтөлбөр бий. Төрөөс иргэддээ олгосон арилжаалахгүй хувьцааг сонгуулийн өмнө үнэгүйдүүлээд хэсэг хүмүүс цуглуулсан. Яс ярих юм бол баялгийг засаглаж байгаа тав хүрэхгүй хувиас бусад монголчууд эрх чөлөөгүй амьдарч байгаа нь үнэн. Энэ бол алдаатай бодлого, алдаатай хувьчлалын үр дүнг илтгэж буй тоо. Бүгдийг хувьчлаад, төр татвар аваад хөгждөг гэсэн тархи угаасан неолиберал онол, бодлогоос татгалзах хэрэгтэй. Монгол Улс өөрийн онцлогт тохирсон төрийн бодлого,төрийн зохицуулалттай загвараар хөгжинө.

-Засгийн газраас 2018-2020 онд төрийн өмчийг хувьчлах чиглэлийг УИХ-д оруулж ирсэн нь нэлээд маргаан дагуулж байгаа. Энэ асуудлыг АН завсарлага авч намрын чуулган хүртэл хойшлуулсан. Таны хувьд Төрийн банкийг хувьчлах асуудал дээр эсрэг байр суурьтай байсан. Уг нь өмч хувьчлалыг ард түмэндээ хүртээмжтэй хэлбэрээр шударга хувьчилж чадвал иргэд маань ч хөрөнгөтэй болно. Тухайн банкны үйл ажиллагаа нь ч сайжирна биз дээ?

-Төр өөрт хэрэггүй, ашиггүй, өмчөөсөө салж сонирхсон этгээдэд өгч тухайн ажлыг хийлгэх нь зөв зүйтэй. Харин ашигтайг хувьчлал нэрээр аваад улс эх орныхоо эрх ашгийг хохироож, хөгжлийг хойш татаж хорлоод байх нь зүйд нийцэхгүй. Энэ утгаар Төрийн банкны хувьчлалыг эсэргүүцсэн. Төрийн банк асар том бүтэц, түүнийг дагасан том зардлыг санхүүжүүлж байгаа мөртлөө 2017 оны тайлангаар 12.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Урьд нь 76 захирал ажиллаж байсан бол одоо 40 захирал ажилладаг гэж байгаа. Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийж дөрвөн захиралтай болгож, үр ашиггүй зардлыг бууруулж болохгүй байгааг ойлгохгүй байгаа. Төрийн банкийг хувьчилж, төсөвт 70 тэрбум төгрөг орохоор тооцсонтой санал нийлэхгүй. Бидний хийсэн судалгаагаар дэлхийн 70 гаруй оронд төрийн, төрийн өмчийн оролцоотой банкууд ажиллаж байна. Төрийн банкийг тухайн үед байгуулсан шийдвэр зөв байсан. Одоо хувьчлах гэж байгааг буруу гэж харж байна. Монголын төр, төрийн банкаараа дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр бодлогууд дотор Эдийн засгаа олон тулгууртай болгож солонгоруулах, ипотекийн зээлийн хүүг бууруулж, иргэддээ ээлтэй болгох, жижиг дунд үйлдвэрүүдийг бага хүүтэй, урт хугацаатай зээлээр дэмжих, шинжлэх ухаан, технологийн ололт, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлж бүтээмжээ дээшлүүлэх, Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг бодлогоор хөгжүүлэх, импорт орлосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих гээд маш олон асуудлууд орно. Төрд банк хэрэггүй болсон үед нь хувьчилж болно. Одоо төрд банк хэрэгтэй байна. Монголын өмч хувьчлал ордны нэг өрөөнд болдог гэсэн яриа байдаг. Энэ утгаараа авах эзэд нь тодорчихсон байж магадгүй. Монгол Улсад том эрх ашиг,түүнийг баримталж ажилладаг хүмүүс цөөрсөн байна. Монгол улс, Монголын ард түмний эрх ашиг бол том эрх ашиг. Хувь хүмүүс,бүлэглэлүүдийн эрх ашгийг,жижиг эрх ашиг гэдэг. Ардчилал зах зээлд шилжсэн 30 гаруй жилд том эрх ашиг нь жижиг эрх ашгийнхаа өмнө байнга жижгэрч ирлээ. Энэ бол манай хөгжлийн ухралт, мухардал, доройтлын гол шалтгаан нь гэдэгт эргэлзэх хэрэггүй. Энэ утгаар эсрэг саналтай байгаа юм.

-Та том, жижиг эрх ашгийн тухай ярилаа. Юу шалтгаалаад байна вэ?

-Монголчууд бүгдээрээ биш ээ. Төрийн өндөр албан тушаалд хүрсэн хүмүүс бусдын нөлөөнд автах нь их болжээ. Үүнийг улс төрийн шинжлэх ухаанд “Улс төрийн авлига” гэдэг. Улс төрийн авлига маш аюултай. Энэ нь төрийн шийдвэрт нөлөөлөх замаар өөртөө ашиг хийхийг хэлж байгаа юм. Цаашаа их даамжирвал мафижсан тогтолцоо руу орох зам чөлөөтэй болж байна гэсэн үг. Төр засгийн шийдвэрээр дамждаг авлига улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлдэг. Манай өндөр албан тушаал хашиж байсан зарим хүмүүс бусдын нөлөөнд орсон баримт, үйлдэл байж л байдаг. Өнөөдөр Монголд мөнгөтэй гэх хүмүүсийн хууль бус хүсэлтэд үгүй гэж хэлж чаддаг, улс, эх орон, иргэдийнхээ эрх ашгийг түрүүнд нь тавьдаг тийм удирдагчид, тийм баг хэрэгтэй байна. Ийм тохиолдолд Монгол Улсыг хөгжүүлэх, иргэдийн амьдралыг өөд татаж, ядуурлаас гаргах нь тийм ч хүнд асуудал биш.

-Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль батлагдсан. Татвар төлөгчдийн мөнгөөр банкуудын өөрийн хөрөнгийг нөхөх зорилготой хууль баталлаа гэсэн хардлага нийгэмд байна л даа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Улс төр нь бохир бол нийгмээ бохирдуулж, төр засгийн гаргаж буй шийдвэрт иргэд нь үл итгэх шинж ажиглагддаг.Үүнийг засахад их цаг хугацаа шаардагдана.Банкны тогтвортой байдлыг хангах хуулийг хардах хэрэггүй гэдгийг хэлье. Монгол Улс өнгөрсөн З0 жилд бодлогын алдаа гаргаж, эдийн засаг нь банкнаас 95-аас илүү хувийн хамааралтай гаж тогтолцоог бий болгочихож. Банкны бусад салбаруудыг хөгжүүлж чадсангүй. Иймээс хүссэн хүсээгүй нэг хэсэгтээ байгаа банкны салбараа дэмжихээс өөр арга алга. Энэ хууль батлагдсанаар банкны салбарт үүсэж болох эрсдэлийг багасгаж, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, эдийн засгаа цаашид тогтвортой авч явах ач холбогдолтой хууль батлагдлаа гэж талархаж хүлээж авах ёстой. Хууль батлагдаад мөрдөгдөж эхлээгүй байтал нөгөө хоёр банк өөрийн хөрөнгөө 124.0 тэрбум төгрөгөөр нэмж байгаа мэдээлэл байна. Энэ бол сайн үр дүн. Банкны эздэд ашиггүй, хадгаламж эзэмшигчид болон улс орны хөгжилд ашигтай хууль гарсан. Тодруулбал, олон улсад байдаг стандарт хууль. Монгол Улс 2016 оноос ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын эрх зүйн шинэчлэлийг хийх үүргийг бид хүлээсэн. Үүргээ биелүүлж, эрх зүйн шинэчлэл амжилттай хийгдэж дуусах шатандаа орж байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан түүний баг банкны эрх зүйн шинэчлэл, улс орны эдийн засгийг эрүүлжүүлэх , зохистой харьцааг сэргээж тогтоох чиглэлд сайн ажиллаж байгаа. Банкны бус салбарууд болох Хөрөнгийн зах, даатгал, ББСБ, ХЗХ гэх мэт салбаруудын шинэчлэлийг эрчимтэй хийх шаардлага үүсэж байна.

-Зээлийн хүүг бууруулах тухай зарим гишүүдийн санал байнгын хороон дээр дэмжигдээгүй ч УИХ-аар дэмжигдэж хэлэлцэхээр болсон шүү дээ. Та нэлээд тууштай дэмжиж байх шиг байсан. Зээлийн хүүг бууруулах ямар боломжууд байгаа вэ?

-Энэ бол маш том асуудал тул товч хариулъя. Зээлийн хүүг бууруулна гээд босго тогтоогоод өгчихөөр буурчихдаг асуудал биш. Зээлийн хүүг бууруулахдаа, захиргаа, эдийн засгийн аргыг хослуулан төрийн зохицуулалтыг зөв хийж ажиллаж үр дүнд хүрнэ. Эдийн засгийн аргад нь макро эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүлж, мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулж, банкуудын эрсдэл даах чадвар, засаглалыг сайжруулах замаар үр ашгийг нэмэгдүүлэх асуудлууд орно. Үүнд: инфляцийг зорилтот түвшинд хадгалах, ханшийн огцом хэлбэлзлийг гаргахгүй байх, мөнгө, төсөв, засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн бодлогын үр ашгийг нэмэгдүүлэх, хоорондын уялдааг хангах, банкны бус салбаруудыг хөгжүүлэх, банкуудыг олон нийтийн болгож өөрийн хөрөнгө, чадавхыг нэмэгдүүлэх гээд олон асуудлууд бий. Нөгөө талдаа зээлийн дээд хязгаарыг маш сайн тооцсоны үндсэн дээр уян хатан тогтоож, турших захиргааны арга байж болно. Зээлийн хүү өндөр байхыг хэн ч хүсэхгүй. Арилжааны банкууд ч хүсэхгүй байгаа. Олгож байгаа зээлийн хүү өндөр байх нь банкны чанаргүй зээлийн хэмжээг ихэсгэж, өрсөлдөх чадварт нь муугаар нөлөөлдөг. Иймээс хаана, хаанаа зээлийн хүүг бууруулах шаардлага байна. Монголд зээлийн хүү яагаад өндөр байгаа нь төрийн зохицуулалтыг тухай бүр хийж байгаагүй, хадгаламжийг уралдаж өндөр хүүтэй авсан, банкны засаглал муугаас зардал өндөр, банкууд олон нийтийн болоогүй, банкны тухай хуулийн хэрэгжилт муу, түүнд тавих хяналт сул, энэ чиглэлийн бодлого эзэнгүй хаягдсантай холбоотой. Нөгөө талаар инфляци өндөр, ханш тогтворгүй, уналттай, эдийн засгийн өсөлт хүртээмжгүй явж ирсэнтэй холбоотой. Манай улсын хувьд зээлийн хүү, ханш, банкуудын үйл ажиллагаа нь зах зээлийнхээ зарчмаар явах нь зөв байх. Гэхдээ банкуудад төрийн хяналт, эрсдэл тооцож холбогдох арга хэмжээг тухайн бүр авч байх төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.

-Ипотекийн зээлийг өргөжүүлэх, ард иргэдэд ээлтэй шударга болгох тал дээр ямар ажил хийх ёстой вэ?

-Орон сууцны зах зээл бол эдийн засгийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Орон сууцны зах зээл дээр алдаатай бодлого явуулснаас 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямрал үүссэн гэдэг. Монголын ипотек дэлхийн нийтлэг загвартай нийцэж байгаа нь үнэн боловч зээлийн хүү нь найман хувь байгаа нь авч байгаа иргэддээ дэндүү ээлгүй шударга биш байгаа юм. 20 жилийн хугацаатай зээл авахад авсан зээлийнхээ хүүг 160 хувь буюу 1.6 дахин өсгөж төлж байгааг мөлжлөг гэж үзэж болох талтай. Төгрөгийн ханш байнга уналттай, инфляцийн зорилтот түвшин найман хувь, эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байгаа өнөө үед дотоод эх үүсвэрээс гаргах санхүүжилт үүнээс бага хүүтэй байх боломж муутай. Иймээс орон сууцны хоёрдогч захыг хөгжүүлэх, олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас бага хүүтэй, урт хугацаатай зээл авч ипотекийн хөтөлбөрийг дагнаж санхүүжүүлж, иргэддээ ээлтэй болгох шаардлагатай.

-Ипотекийн зээлд хамрагдах иргэдээ багцалж чадвараар нь төрөлжүүлж шийдэх, дагуул хот байгуулах чиглэлээр юу хийж болох вэ?

-Өнгөрсөн жилүүдэд 4.2 их наяд төгрөгөөр 80 мянган өрх ипотекийн зээлд хамрагдсан тоо байдаг. Өнөөдөр ипотекийн зээлд хамруулах шаардлагатай 350-400 мянган өрх байна. Хамрагдах хүсэлтээ гаргасан өрх 120 мянга байдаг. Өрхийн орлогоор аваад үзэхээр хүсэлт гаргасан иргэдийн 10.6 хувь нь ипотекийн шаардлага хангадаг тооцоо байдаг.

Энэ нь иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэлд их ажил хийх шаардлага байгааг харуулж байгаа тоо. Хүсэлт гаргасан иргэдийн дунд явуулсан судалгаагаар 80 хувь нь 40-60 метр квадрат байр авах, нэг метр квадрат үнэ нь 1.2 саяас хэтрэхгүй байх санал гаргажээ. Энэ нь хямд өртөгтэй, талбайн хэмжээ бага орон сууцыг хот болон хотын захад дагуул хот хэлбэрээр байгуулж, тэнд нь ажлын байр, нийтийн тээвэр, төрийн үйлчилгээг хамтад нь шийдэж, татварын хөнгөлөлт гэхчлэн төрийн ухаалаг зохицуулалтыг хийж чадвал олон асуудлыг бөөнд нь шийдэх боломж байгаа юм.

-Орон сууны үнийг хямдруулах ямар боломжууд байгаа бол. Татварын хөнгөлөлтийг яаж шийдэх талаар тодруулна уу?

-Орон сууц барих газрын үнийг тэг болгохоос эхэлнэ. Дараа нь тэнд, ойролцоо цэгт дулаан, цахилгаан, цэвэр, бохир усыг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж хүргэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төсвийн датаци олгох замаар. Ингэсэн тохиолдолд нэг метр квадратын үнэ 1.2 саяас доош байх боломжтой. Ипотекийг хямд өртөгтэй,бага талбайтай орон сууцанд орж буй хүмүүст түлхүү оруулах бодлого барихад болохгүй зүйлгүй.

-Хөгжлийн загвар, төрийн зохицуулалт гэдэг асуудлууд таны ярианд их олон гарч байна л даа. Ингэхэд манайх хөгжлийн ямар загвартай улс вэ. Төрийн зохицуулалт гэж байна уу?

-Энэ сэдвүүд өөрөө маш том бие даасан асуудал. Товчхондоо хөгжлийн загвар гэдэг нь тухайн орны геополитик буюу орон зайн зарчим, онцлог, хөгжлийн түвшин, дэлхийн болон бүс нутгийн зах зээлийн онцлог, чиглэл, хандлагад тохируулж улс орныхоо эдийн засаг, нийгэм гэх мэт салбаруудаа урт, дунд, богино хугацаанд төлөвлөж, түүнийхээ гүйцэтгэлд үнэлэлт, дүгнэлт өгч алдааг засаж хөгжих замаа зөв тодорхойлох ёстой. Манайд урт, дунд богино хугацааны төлөвлөлт байдаг боловч, түүний хэрэгжилт, үр дүнд шинжилгээ хийж, алдаа дутагдалдаа үнэлэлт өгч, хөгжлийн уян хатан бодлого гаргаж хэрэгжүүлдэггүй алдаа байгаа юм. Бидэнд ямар нэгэн “…изм” хэрэггүй. Өөрийн онцлогт тохирсон хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг хангах хүчтэй механизм хэрэгтэй.Адам Смиттийн үл үзэгдэгч гар хуучирсан. Төр оролцож хэрэггүй, зах зээлийн зарчмаараа хөгжинө гэдэг зах зээлийн стандарт үг, онол одоо байхгүй. Монголын төр өнгөрсөн 30 жилд төр оролцохгүй, зах зээлийн зарчмаар гэдэг стандарт ярьсаар улс орноо хөгжлийн мухардалд орууллаа. Төрийн зохицуулалтыг эдийн засагт захиргааны болон эдийн засгийн аргаар хэрэгжүүлдэг. Монголын эдийн засаг оновчтой төрийн зохицуулалтгүй явж ирсэн тул хуримтлал бага, үрэлгэн, алдаагаа засаж яваагүйгээс асар их бэрхшээлтэй асуудлууд хуримтлагдсан байгаа нь нууц биш ээ. Хийж буй зохицуулалт нь тооцоо судалгаа муутай, жижиг, амиа аргацаасан, өнөө маргаашийг өнгөрөөсөн цогц бодлогогүй учраас үр дүнд хүрэхгүй байна гэж дүгнэж байгаа. Зохицуулалттай эдийн засаг хүчтэй байдаг. Хамгийн ойрын жишээ гэвэл хоёр хөршөөс харж болно.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

​Ц.Оюунгэрэл: Үерт автдаг газарт өтгөн, шингэн ялгадсыг тусгай саванд бордоошуулагч жорлон тохиромжтой

“Нутгийн шийдэл” ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Үргэлжлэн орсон борооны улмаас гэр хорооллын жорлон хальж, гудамжаар өтгөн, шингэн нь хөвлөө. Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлж, ариутгал хийх тухай ярьцгааж байна. Ийм байдалд дахин орохоос сэргийлж, жорлонгийн технологио шинэчлэх шаардлагатай биш үү?

-Яг одоогийн нөхцөлд хамгийн түрүүнд ариутгал хэрэгтэй. Үерийн дараа халдварт өвчний аюул гарч ирнэ. Энэ бол гамшгийн дараа хийх ажил. Үер ганц удаагийнх биш. Жилийн жилд болж байгаа. Гэтэл жил бүр авах ёстой арга хэмжээг авахгүй байна л гэсэн үг. Улаанбаатар олон голын сав газар. Голын голдирол руу үерийн ус оруулах боломжтой. Дахин дахин үерт автаад байна гэдэг суваг, шуудуугаа сайн татаагүй байна гэсэн үг. Үерийн далан үүргээ гүйцэтгэхгүй байгаа хэрэг. Энэ бүхэн мөнгөө шаардлагатай зүйлдээ зарцуулж чадахгүй байгааг харуулж байна. Мөнгөө чухал зүйлдээ зарцуулж чадаагүйн төлбөрийг бид төлж байна. Үерт автсан газрууд төвлөрсөн системд холбогдсон байсан ч цооногууд нь дүүрчих байсан. Үер орчихвол бүх технологийг гацаадаг. Манайх далайн түвшнээс дээш өргөгдсөн газар. Үерийн менежментийг хийх бүрэн боломжтой. Далайн эргийн хотуудад тэр их усыг хашаад, зургаан сарын турш ордог борооноос хамгаалж байхад бид зургаа хоногийн борооноос хамгаалж чадахгүй байна. Өнөөдөр засаглалын гамшиг нүүрлээд байна. Халдварт өвчний үүр болоход бэлэн сууж байна.

-Нэг дүүргийн Засаг дарга жиргэсэн байна лээ. Үерийн далан дээр байшин барьчихсан, хогоор дүүрчихсэн гэж халаглажээ. Яагаад бид яг үерт автах үедээ үерийн даландаа санаа тавьдаг юм бэ. Өмнө нь далангаа цэвэрлэж, барилгыг нүүлгэж яагаад болоогүй юм бол?

-Иргэдтэйгээ чухал асуудлаа ярилцахгүй байна. Жорлонгийн, үерийн, галын аюулын талаар ярилцдаггүй. Түргэн тусламж шаардлагатай үед гудамж зам чөлөөтэй байх ёстой шүү гэж ярьдаггүй. Иргэдийг хуурах юм л ярьдаг. Хүүхэд бүрийн сургалтын төлбөрийг даах ёстой, айл болгоныг мөнгөтэй болгоно, нүүрсийг чинь үнэгүй өгнө гэж ярьдаг. Ард түмэнтэйгээ амьдралд нь тулгарсан асуудлаар, алсын хараатай сэдвээр ярьдаггүй. Хэрэв бид иргэдтэйгээ яриад, хотыг төлөвлөхдөө иргэдээ оролцуулсан бол өнөөдрийн олон асуудал шийдэгдэх байсан. Иргэд хотыг төлөвлөхөд оролцдог

байсан бол үерийн даландаа заавал газар гаргана. Иргэдээ оролцуулж хотоо төлөвлөдөг, иргэдийнхээ оролцоотойгоор төсвөө зарцуулдаг, иргэдийнхээ оролцоотойгоор технологийн шинэчлэл хийдэг байж зөв зүйлд хөрөнгө оруулдаг болно. Улс төрчид хууран мэхлэх сэтгэлгээгээр хэтэрхий удаан явлаа. Улстөрчдийг худлаа ярихыг нь болиулмаар байна. Үнэнээ ярьдаг болмоор байна. Намайг “Жорлонгоо өөрчилье” гээд ярихаар яагаад муухай нэртэй ном хийчихсэн юм бэ, яагаад жорлон яриад байгаа юм бэ гэж хүмүүс хэлдэг байсан. Үнэн юмыг үнэнээр нь хэлээд байхаар одоо бол жорлон гэдэг үгээр нь ярьж байж л жорлонгоо өөрчлөх юм байна, бид нар яагаад үнэнээс зугтаадаг юм бол гэх болсон. Байгаа юмыг үнэнээр нь ярьж байж хөгжинө. Сонгуулиас сонгууль хүртэл яаж дараагийн гоё яриаг гаргаж ирэх вэ гээд уран хууралт зохиогоод байвал байгаль биднээс хариугаа аваад л байна. Хүнийг чухал асуудлаас яаж хөндийрүүлэх вэ гэдэгт л ухаан зараад байна. Хоолойд тулчихсан өдөр тутмын чухал асуудал байхад өөр сенсаци гаргаж ирдэг. Боловсролыг үнэгүй болгоно, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болгоно гэх мэтээр Монгол Улсын төсөв хэзээ ч даахгүй юм ярьдаг. Ингэж худлаа ярихаа болиод байгаа жаахан мөнгөө зөв зүйлд зарцуулбал Монгол босоод ирнэ.

-Иргэдийн оролцоотой төсөв хийнэ, хот төлөвлөнө гэхээр мэргэжлийн бус хүмүүс чадахгүй, буруу шийдвэр гаргана гэх хандлага байдаг. Гэхдээ “Жорлонгоо өөрчилье” сургалтад оролцож байгаа иргэд жорлонгийн технологи сонгохдоо нутгийн хөрсний онцлог, өөрсдийн төлбөрийн чадвар, бололцоогоо зөв тооцоод сонголт хийж байгаа харагддаг?

-Үерт автаад байгаа Баянзүрх, Чингэлтэй дүүргийнхэн манай сургалтад суусан. 17 төрлийн жорлонгийн технологи танилцуулаад, та нар ямар нутагт, ямар дэд бүтэц, үйлчилгээтэй билээ, цаг агаар хөрсөндөө тохируулаад сонго гэдэг. Үерт автдаг нутгийнхан бид нарт нүхэн жорлон тохирохгүй юм байна. Ус ороод дүүрчих юм байна. Төмөр савтай хуурайшуулагч жорлон тохирох юм байна, газар ухахгүйгээр байрлуулдаг шидэт хайрцагтай жорлон буюу септик танк тохирох юм байна гэсэн. Буруу сонголт ерөөсөө биш. Орон нутгийн иргэд хамгийн зөв, төлбөрийн чадвартаа нийцсэн сонголтыг хийдэг. Төр иргэдээс асуухгүйгээр мөнгө цутгасан сонголт хийдэг. Үер ус ордог газруудад эхний ээлжинд үерийн далан хэрэгтэй. Үерийн далан эрсдэлд орж магадгүй гэсэн нөхцөлд жорлонгоо зөв сонгох хэрэгтэй.

Мөнгөө буруу үрэхгүйн тулд иргэд зөв шийдвэр гаргадаг. “За би нэг сая 500 мянган төгрөгт багтаагаад жорлонгоо өөрчилье дөө” гэвэл санхүүжилт хэрэгтэй. Бид тэр санхүүжилтийг олох гээд ажилласан. Капитрон банк эхний санхүүжилтийг гаргасан юм. Бид дээр нь нэмж зээлийн санхүүжилт босгохоор jorlon.org гээд вэб сайт нээж ажиллуулж байна.

-“Жорлонгоо өөрчилье” сургалтын үеэр анзаарч байхад иргэд ийм жорлонтой болно гээд сонголт хийчихээр санхүүжилт байхгүй, жорлонд зээл олгодог газар байхгүй гэсэн асуудал яригддаг л даа. Капитроноос өөр банк жорлонгийн зээл олгох сонирхол илэрхийлсэн үү?

-Одоогоор “Капитрон” банк зээл олгохоор ажлаа эхэлсэн. Манай асуудлыг сонирхоод харилцан бие биеэ судлаад явж байгаа газрууд бий. Капитрон дээр байгаа эко жорлонгийн зээлийн санг нэмэгдүүлэхийн тулд Нутгийн шийдэл ТББ бас хөрөнгө босгох компанит ажил хийж байна. Энэ ажлаа олон улсад нээлттэй эхлүүлсэн. Вэб сайтаа нээгээд 24 цагийн дотор эхний захиа авсан. “Банк руу явж гадаад руу мөнгө шилжүүлэх хэцүү байдаг юм. Та нар онлайнаар мөнгөө авдаг болооч” гэсэн байна лээ. Гэтэл Монгол Улс гадаадын хандивлагч иргэдээс онлайн банкаар дамжуулаад pay pal болон бусад онлайн платформ ашиглаад мөнгө авч чаддаггүй юм байна. Яагаад гэхээр биднийг улсаараа санхүүгийн хариуцлагагүй гэж үздэг. Цахим мөнгөний нууцлалыг хадгалах чадваргүй гэсэн саарал жагсаалтад байдаг юм байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс банкны нууцлалыг хадгалах чадваргүй байгаа учраас онлайн үйлчилгээгээр Монгол руу мөнгө оруулахгүй гэсэн хаалт байна. Манайх руу банкаар мөнгө шилжүүлээч гэж гуйхаар орчин үеийн гадаадын хандивлагч иргэд онлайнаар л хандивлана. Тийм учраас та бүхэн онлайн хандив авдаг гадаадын түнштэй болох хэрэгтэй байна гэж зөвлөсөн. Одоо бид Монголын жорлонг өөрчлөхийн тулд бидэнтэй нийлж хөрөнгө босгож өгөх гадаадын түншлэгч хайж эхэлсэн.

-Жорлонгоо өөрчлөхөд зориулж, олон улсын байгууллагуудаас тусламж дэмжлэг авах боломж хэр байдаг вэ?

-Засгийн газар жорлон барина гээд Азийн хөгжлийн банкнаас 2 сая доллар билүү авчихсан явж байгаа шүү дээ. Түүгээрээ ямар жорлон бариад байгааг мэдэхгүй. Хөвсгөлд АХБ-наас авсан мөнгөөр барьсан жорлонгууд бүгд цоожтой байна гээд энэ зунжингаа шүүмжлүүлж байгаа. Хүмүүс намайг бариулсан гэж бодоод, над руу дайраад байдаг юм.

Хэн бариад, хэн түгжээд орхичихсон юм гээд судлаад үзсэн чинь АХБ-ны мөнгөөр төр барьсан юм билээ. Нэг бүр нь зургаан сая төгрөгийн үнэтэй жорлон бариад, яаж хэрэглэх, арчлах, ямар менежмент хийх талаар иргэддээ сурталчлаагүй орхисон. Энэ зунжингаа би жуулчдад яриа хийж байгаа. Ганцхан жуулчдын групп тэр жорлонг ашигласан байна лээ. Ихэнх нь цоожтой байсан гэж хариулсан бол нэг л группийнхэн “Хөвсгөлийн жорлонг ашигласан. Гоё жорлон байна лээ” гэсэн. Үнэтэй аялал хийж байгаа жуулчдад хааяа нэг онгойлгож өгдөг юм болов уу. Энэ жорлонгийн шинэчлэлт биш л дээ.

Жорлонгийн технологийг хүмүүст танилцуулж, жорлонгоо өөрчлөхөд бүгдээрээ оролцох ёстойг ойлгуулахаар төсөл хэрэгжүүлсэн. Энэ төсөл маань богино хугацаанд хүмүүсийн анхаарлыг татлаа. Хойтон энэ сэдвээрээ дахиад төсөл хөөцөлдье гэж бодож байна. Нийтийн жорлонгийн менежментэд анхаарахаар төлөвлөж байна. Айлууд сайн жорлон бариад, хашаан дотроо арчлаад байж чадна. Нийтийн жорлон гэхээр менежмент нь ч алга, жорлон нь ч алга, цэвэрлэгээ, үйлчилгээ нь ч алга.

Жорлонгоо өөрчилье гэвэл ямар элементүүд зайлшгүй өөрчлөгдөх ёстойг бид https://www.jorlon.org/ дээр тайлбарласан. Энэ бол жорлонгоо өөрчлөх, хөрөнгө босгоход зориулсан нээлттэй вэб сайт.

-Танай багийнхан Улаанбаатараас гадна бүх аймагт “Жорлонгоо өөрчилье” сургалт хийсэн. Энэ бүхний дараа шаардлага хангасан жорлонтой болсон айл хэр олон бол?

-“Жорлонгоо өөрчилье” гэж фэйсбүүк групп бий. Одоо 7000 гишүүнтэй болсон. Энд жорлонгоо өөрчилсөн хүмүүс мэдээллээ оруулдаг юм. Хөвсгөлийн Мөрөнд хийгдсэн жорлон хамгийн их шэйрлэгдсэн. Наадмын үеэр “FIMO green”-ий тусгай саванд бордоошуулагч эко жорлон хамгийн олон хүнд таалагдсан. Хүмүүсийн хийсэн жорлонгийн талаар гишүүд саналаа бичдэг. Бид есдүгээр сард уралдаан зарлана. Аравдугаар сар гэхэд манай “Нутгийн шийдэл” ТББ-д олон жорлонгийн тайлан ирэх байх. Олон байгууллага, иргэд биднийг хийж байгаа бүтээлтэйгээ ирж танилцахыг урьдаг. Өтгөн, лагийг шатаах машин бүтээж байгаа инженер биднийг урьсан.

Үертэй газарт “FIMO green”-ий өтгөн, шингэн ялгадсыг тусгай саванд ялгаж хураан авдаг бордоошуулагч жорлон тохиромжтой юм билээ. Жондоо гээд компанийнхан Орост хийдэг жорлонг Монголд үйлдвэрлэж байгаа. Ультрасоник компанийнхан бас хийж байгаа ажлаа танилцуулсан. Бактери үржүүлдэг септик танк хийсэн юм билээ. Атморийнхон бүтээгдэхүүнээ жорлонгоо сайжруулах шаардлагад нийцүүлж, септик танкныхаа үнийг хямдруулсан байна. Гэхдээ шинээр зохион бүтээж байгаа зүйлсийг тэр бүр хүмүүс худалдан авч чадахгүй. Иргэдийн төлбөрийн чадварт нийцүүлж, өнөөдрийн шийдлийг бас санал болгож байгаа. Хүмүүс арван жилийн дараа мөнгөтэй болохоороо жорлонгоо өөрчилнө гэвэл их хохирол амсана. Өнөөдөр тохирох энгийн технологиудыг сурталчилж байгаа. Зөвхөн жорлонгийн тавцан үйлдвэрлэж байгаа компани ч байна. “Био ундарга” компани амьд бактери үйлдвэрлээд, айлуудын жорлонг ариутгаж байна. Улаанбаатар ариутгал компанийнхан хямд үнээр үйлчилгээ үзүүлдэг. Хүмүүс жорлонгоо өөрчлөх гээд тал талд сэтгэж байна.

-Жорлонгоо өөрчлөхөд төрөөс ямар дэмжлэг үзүүлж чадах вэ, жорлонгийн үйлчилгээ үзүүлж байгаа компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх боломж байдаг уу?

-Дэлхийгээр дүүрэн жорлонгийн хувьсгал өрнөж байна. Жорлонгийн суултуурууд, бордоошуулагч танкууд, энд тэндгүй бүтээгдэж байна. Түүнийг бид шинээр бүтээж, стандартжуулах гээд хугацаа алдаж байхаар олон хүний асуудлыг шийдье гэвэл наад зах нь энэ төрлийн гаалийн татварыг байхгүй болгочих. Бүх өрхийг дэд бүтцэд холбох мөнгө байхгүй. Эхний ээлжинд газар ухахгүйгээр байрлуулж болох маш сайн ажиллагаатай хуурай жорлонгууд аваад ир. Энэ технологийн хуурай жорлонгийн гаалийн татварыг тэглэлээ гэхэд Баянзүрх, Баян-Өлгийн бүх айл ус ордоггүй, сайжруулсан жорлонтой болно. Энэ олон төрлийн жорлонг Монголд нутагшуулаад, иргэдийнхээ хэрэгцээнд таарсан жорлонгоор хангая гэвэл нэгдсэн бодлого шаардлагатай. Ерөнхий сайдын удирдлага зайлшгүй хэрэгтэй. Одоо манай хуулиудад өрөвдөлтэй заалтууд бий. Эмнэлгийн жорлонгийн стандартыг ЭМЯ гаргана. Боловсролын байгууллагын жорлонгийн стандартыг Боловсролын яам гаргана. Аялал жуулчлалын байгууллагуудын жорлонгийн стандартыг Байгаль орчны яам гаргана гэдэг. Ийм байдлаар яаж жорлонгоо өөрчилж дуусах вэ. Айлуудынхаа жорлонг яах юм. Малчдаа яах юм, эзэн байхгүй. Энэ нь нэгтгэж зангидсан ариун цэврийн бодлого байхгүйтэй холбоотой. Улаанбаатарт ирээдүйд учирч болох аюулыг Өмнөд Африкийн Cape Town гэдэг хотоос харж байх учиртай. Энэ хот Улаанбаатартай маш төстэй. Өндөрлөг газарт байрладаг, гүний усаар ундаалдаг. Нуур цөөрөм байхгүй. Cape Town энэ жил усгүй болоод, бүх иргэдээ жорлондоо ус татахыг хориглосон. Усаа картаар олгодог болсон. Бүгд хуурай жорлонд шилжиж байна. Яаж хотоо хурдхан хуурай жорлонгоор хангах асуудал яригдаж байна. Тэгэхэд манайх адилхан усны нөөц нь багасч байгаа ч бүх айлыг орон сууцанд оруулж, ус татдаг жорлонтой болгох бодлого төр нь барьдаг. Өнөөдөр яаж хуурай жорлонд шилжих тухай яривал дээрх хотынхон шиг байдалд орох аюулаас аврагдах юм. Европ даяараа хуурай жорлонд шилжиж байна. Би дэлхийн хуурай жорлонгийн их хуралд явах гэж байгаа. Сарын дараа Финляндад илтгэл тавих юм.


Categories
мэдээ нийгэм

​Ч.Чимэдбат: Бага насны хүүхдүүд аав ээж, ах эгчийнхээ буруугаас болж амиа алдаж байна

Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.

-Сүүлийн үед зам тээврийн ноцтой ослын улмаас бага насны хүүхдүүд амиа алдах тохиолдол их гарах боллоо. Өнгөрсөн жил гэхэд хичнээн хүүхэд амиа алдсан бэ?

-Өнгөрсөн оны байдлаар зам тээврийн ослоос шалтгаалж 1058 хүүхэд гэмтсэн. Үүнээс 55 хүүхэд ослын улмаас амь насаа алджээ. Эдгээрээс 47 хүүхэд орон нутгийн замд буруу тээвэрлэгдсэнээс болж, амь насаа алдсан юм. Нэг ёсондоо бага насны хүүхэд хайртай дотны аав ээж, ах эгчийнхээ хажууд явж байгаад томчуудын буруутай үйлдлийн улмаас амь насаараа хохирох болсон.

-Ноцтой зам тээврийн осол юунаас болж гараад байгаа юм бэ?

-Тухайн жолоочийн сахилгагүй, хариуцлагагүй, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм журам биелүүлдэггүйтэй холбоотой. Зарим жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлдэг. Эцэг эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулдаг нь ч нөлөөлдөг. Хамгаалах бүс, хамгаалах хэрэгсэл зүүлгэдэггүйгээс шалтгаалах нь бий. Ийм шалтгаануудаас болж хүүхэд амь насаараа хохирсон харамсалтай хэргүүд гарч байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн ослоос шалтгаалж 400 гаруй хүүхэд гэмтэж, 13 хүүхэд амь насаа алджээ.

-Энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлж, ажиллаж байна вэ?

-Орон нутгийн замд Замын цагдаагийн албанаас зөөврийн хурд хэмжигч ажиллуулж, тээврийн хэрэгслийн хурданд хяналт тавьж байна. Алслагдсан зуслангийн замд хяналт шалгалт хийж байгаа. Нийслэлд “Хөдөлгөөн зохицуулалт-хяналт арга хэмжээ”-ний хүрээнд бүлгийн эргүүлийг гаргасан. Тодорхой цэгүүдийг дэг журамтай болголоо. Орон нутгийн замд “Хөдөлгөөний соёл” аяныг ирэх аравдугаар сарын нэгэн хүртэл зохион байгуулж байна. Иргэд орон нутгийн замд мотоцикльтойгоор замын хөдөлгөөнд оролцдог. Ингэхдээ тэд айраг болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бага насны хүүхдийг хамгаалалтын малгайгүй, давхралдсан байдлаар авч явдаг. Тэгж яваад онхолдож, хүүхдийн амь насыг нь хохироох тохиолдол их гарах болсон.

Цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч олон төрлийн нөлөөллийн сургалт, сэрэмжлүүлэг гэх зэрэг ажлыг зохион явуулдаг. Гэвч эцэг эх, асран хамгаалагчид замын хөдөлгөөнд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй явуулж байна. Хариуцлагагүй эцэг эхчүүд осол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм. Ингэхгүй бол зам тээврийн осол цагдаагийн албан хаагчдын санасан хэмжээнд хүртэл буурч өгөхгүй байгаа юм.

-Хүүхдийг буруу тээвэрлэж явсан жолоочид ямар хариуцлага оногдуулж байна?

-Хүүхдээ буруу тээвэрлэдэг, хурд хэтрүүлсэн, анхаарал болгоомжгүй соёлгүй замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын эрхийг нь хассан. Өмнө нь бид тэдэнд олон удаа сануулсан. Одоо шаардлагатай арга хэмжээг дорвитой авч ажиллахаас өөр аргагүй. Тухайлбал, замын цагдаа нараас иргэд нэг удаа сануулаад өнгөрчих гэж их гуйдаг. Заримдаа сануулж, сэрэмжлүүлээд ч үр дүн гарахгүй байна. Тухайн автомашиныг зогсооход иргэд цагдаагийн нүдийг хуурдаг. Хүүхдийнхээ дээгүүр нь бүс тохчихсон байдаг. Өөрөөр хэлбэл, стандартын дагуу бүс зүүлгээгүй байдаг юм. Жолооч өөрөө бүсээ зүүгээд хэвшил болчихлоо. Одооноос хажууд суугаа хайртай дотнын хүн, үр хүүхдэдээ зүүлгэх хэрэгтэй. Мөн хүүхдийг автомашинд тээвэрлэж явахдаа дураар нь орхиж, идэх юм өгч, тоглуулж, цонхоор гар хөлийг гаргаж явах тохиолдол ч бий. Иймээс бид цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалт байхгүй газар бүрт хүрч ажиллана. Замын цагдаагийн алба хаагчид энэ зун ээлжийн амралтгүй ажиллах төлөвлөгөө гарсан.

Ямар зөрчил гаргасан бэ гэдгээс хамаарч өөр өөр торгууль оногдуулдаг. Тодруулбал, хамгаалах бүс зүүж хөдөлгөөнд оролцоогүй иргэнээс зөрчлийн нэг оноо хасч, хорин мянган төгрөгөөр торгуулна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэж автомашин жолоодвол 400 мянган төгрөгөөр торгодог. Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулбал 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байгаа. Мөн бид бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байнга ажилладаг. Хүүхдийн амь нас хөнөөсөн хүнийг хэрхэн шийтгэх вэ гэдгийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар, шүүхээр шийдвэрлэдэг.

-Одоогийн байдлаар Замын цагдаагийн албанд ямар гэмт хэрэг их бүртгэгдсэн бэ?

-Зуны улирал болж байна. Тиймээс аялал зугаалга, гол усны ойролцоо иргэд их очдог. Сургуулийн аюултай зам, орчин гэж байдаг байсан бол одоо аюултай эцэг эх гэж гарч ирэх болжээ. Арваас доош насны хүүхдүүд метр 30-40 сантиметр байдаг. Гэтэл сүүлийн үеийн тээврийн хэрэгсэл метр 50-60 сантиметр болсон. Ингэхээр бага насны хүүхэд харгалзах хүнгүй зам дээр явж байхад харагдахгүй тохиолдол их гардаг. Эцэг эхчүүдийн хараа хяналтгүйгээс хүүхэд гэнэт замын урдуур гүйхэд хэдхэн хормын дотор аймшигт осол гарна. Эсвэл эцэг эх, асран хамгаалагчид дөрөв, таван насны хүүхдийг долоо, найман настай хүүхдэдээ найдаж, гэрийн ойролцоо дэлгүүр болон ямар нэг газар руу гүйлгэдэг. Үүний улмаас хүүхэд хариуцлагагүй жолоочийн золиос болж, амь насаа алддаг.

Мөн сүүлийн үед тээврийн хэрэгслийн доторх тээш хадгалах хэсгийг шалгадаг болсон. Ихэнхдээ автомашинд ямар нэг хууль бус зүйл хадгалах, авч явах, хулгайн эд зүйлээ нуух хэрэг гарч байна. Мөн автомашины үндсэн дугаараа солих зэрэг зөрчил гардаг. Иймээс хяналт шалгалтыг улам эрчимжүүлнэ. Орон нутгийн замд тээврийн хэрэгслийн жолоочид Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклын сэлбэгийг оруулж ирдэг. Гэр бүлийн хоёр хүн байхад нэг нь мотоциклийн дугуй, гадна биеийнх нь хэсгийг, нөгөө нь жижиг, нарийн техник хэрэгслийг нууж авч явдаг.

-Осол гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Бага насны хүүхэд осолд өртсөн, хүний амь нас хохирсон ноцтой ослуудын хүрээнд харьяа дүүрэг орон нутгуудад албан бичгийг хугацаатай хүргүүлдэг. Дахин гэмт хэрэг, осол гаргахгүй байх зэргийг анхааруулдаг гэсэн үг. Тиймээс иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдийг автомашинд авч явахдаа заавал бүсийг нь зүүлгэж, цонхыг нь хаах зэргээр, зөв үлгэр дуурайл үзүүлэх нь чухал юм.

Categories
мэдээ цаг-үе

​О.Анужин: Балетгүйгээр би өөрийгөө төсөөлдөггүй

УДБЭТ-ын гоцлол бүжигчин О.Анужинтай ярилцлаа. Үндэсний баяр наадмын өдрүүдэд энгэрээ цоолсон алдартнуудаас хамгийн залуухан гавьяат гэдгээрээ ялгарсан балетчин бүсгүй БНСУ-д 11 дэх удаагаа зохион байгуулагдсан “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртээд ирсэн юм. Тус тэмцээнд 14 орны 200 гаруй бүжигчин, 12 орны шүүгч оролцжээ. Тэрээр эх орондоо ирсэнийхээ дараахан Монгол Улсын гавьяат жүжигчин гэх нэр хүндтэй шагналыг хүртсэн билээ.

-Гавьяат жүжигчин болсонд баяр хүргэе. Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан залуу балетчинаа ид хийж бүтээх насанд нь урамшуулсан нь сайхан жишиг боллоо… ?

-Баярлалаа. Төрийн ордноос шагнал хүртээд гарч ирэхэд ээж надаас “Ямар байна?” гэж асуусан юм. Ээжийнхээ асуултад “Сайн мэдэхгүй байна аа” л гэж хариулсан. Гавьяат болоод төрсөн сэтгэгдлээ үгээр зүйрлэж хэлж чадахгүй байна аа (инээв). Баярлах мэдрэмжтэй зэрэгцээд асар их үүрэг хариуцлага ирлээ гэсэн ухаарал, бодол төрж байна. Миний хувьд залуу насандаа ихийг амжуулах сан гэж бодож зүтгэж яваа залуусын нэг. Театр намайг “Найман жил ажиллаж, балетуудад гоцлоод, тэмцээнүүдэд оролцож, улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргаад ирсэн хүнийг урамшуулъя. Хэдий залуу ч гэсэн хийж байгаа үед нь үнэлж шагная” гээд энэ шагналд дэвшүүлсэн байсан. Анх сонсоод үнэхээр их баярласан, урамшсан. Маш олон залуус над руу мессэж бичиж байгаа. Хийж бүтээх ид үедээ үнэлүүлэх боломжтойг харууллаа, чи бидний төлөөлөл шүү гэх мэт сайхан үгтэй мессэжүүдээс нь урам аваад сайхан байна. Урмын сайхан үгсээс гадна “Ийм том шагнал хүртсэн болохоор хариуцлага ихтэй шүү дүү минь” гэх мэт үнэтэй зөвлөгөө сургамжууд ч сонсч байна.

-Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэх болсноо мэдэх мөчийн сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцаач?

-Нэлээд хэдэн хоногийн өмнө хэлж бэлдэх хугацаа өгдөг байх гэж бодож байсан чинь яг өмнөх өдөр нь залгаж хэлдэг юм билээ. Манай эгч хуримаа хийх гэж байгаа юм. Эгчтэйгээ хуримын бэлтгэл хийгээд E-Mart дэлгүүрийн зургаан давхарт явж байтал утас дуугараад, “Сайн байна уу. Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна. Танд баяр хүргэе, та Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулж байгаа юм байна. Өглөө 11.00 цагт бэлэн байгаарай” гэж хэлсэн. Би яг тэр агшинд шоконд орчихсон. За гэх үү, баярлалаа гэх үү гэдгээ мэдэхээ байчихдаг юм билээ. Тэгээд бүр дараа нь талархлаа илэрхийлсэн. Утсаа тавиад л ээж, аав руугаа залгатал манай хоёр ёстой бөөн баяр болсон доо. За тэгээд юу өмсөж зүүх вэ, ах дүү нартаа хэлэх билүү, яах билээ гээд бөөн сандрал болсон. Маш их сандардаг юм билээ. Гэрээр дүүрэн цэцэг. “Яана аа, хэтэрхий олон гоё цэцэг үнэртээд байна аа, цонхоо онгойлгоё” гээд инээд хөөр болохын сайхныг зүйрлэх юм биш. “Амьдралдаа анх удаа л ийм их цэцэг харж үзлээ” гэж хэлээд инээмсэглэсэн аавын царай одоо ч сэтгэлд тод харагдаж байна. Миний амьдралын хамгийн гоё мөчүүдийн нэг байсан. Хамгийн түрүүнд аав, ээждээ л баярласнаа илэрхийлмээр байна. Надад тусалж дэмжсэн маш олон хүн байгаа. Энэ шагнал бол маш олон хүний хүч хөдөлмөр, зүрх сэтгэл, хайр.

-Анужинг гавьяат болгоход хамгийн том нөлөө үзүүлсэн багш нар нь хэн бэ гэж олон хүн сонирхож байгаа байх…?

-Мэдээж тайзан дээр бүжиглэж байгаа минь багш нарын минь ач тус. Хэдийгээр сургуулиа төгсөөд театрын бүжигчин болсон ч гэлээ надад сурах зүйл маш их байна. Тэр бүгдэд тусалдаг багш нартаа талархаж байна. Анхны багш маань гэвэл Т.Туул, Д.Дашлхагва. Театрт ирээд О.Ганбаатар, Ч.Батгэрэл гэсэн сайхан багш нартай ажиллаж байгаадаа баярлаж явдаг.

-Аав, ээж чинь урлагийн улс уу?

– Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Аав, ээж минь урлагт хайртай хүмүүс. Би эхээс хоёулаа. Ах маань гэр бүлтэй болоод тусдаа гарсан. Би гэдэг хүн ээж, аавдаа эрхлээд л байж байдаг. Айлын бага гээд намайг их эрхлүүлнэ ээ. Миний аав, ээж Дуурийн театрт ирж тоглолт үзэх их дуртай. Оюутан байхад аав маань намайг байнга ирж авдаг байсан.Шөнө хэдэн цаг ч байсан хамаагүй бэлтгэл дээр ирээд авдаг сайхан ааваараа бахархдаг. Аав, ээж намайг гол дүрд тоглох бүрт, шинэ дүр бүтээх болгонд ирж үздэг. Тайзан дээр гараад олон үзэгчийн дундаас ээж, аавыгаа олж харах мөчид хамгийн их урам зориг ордог. Намайг балетад дурлуулсан хүн бол миний ээж. Би багадаа Плехановын нэрэмжит орос сургуульд сурдаг байсан юм. Сургууль маань урлагийн хамтлагтай. Хамтлагтаа бүжиглэдэг байлаа. Манай ангийн охины ээж театрт балетын бүжигчин байсан юм. Гоё гэж жигтэйхэн эгч. Ээждээ нэг удаа “Сувдаагийн ээж шиг балетын бүжигчин болмоор байна” гэсэн чинь “Чадна гэж бодож байгаа бол өөрөө л мэд” гэдэг юм байна. Тэгээд л удалгүй ээж, бид хоёр Хөгжим бүжгийн коллежид шалгуулахаар очоод тэнцчихсэн. Тухайн үед би есөн настай жаахан охин байсан юм. Хүн дуртай зүйлээ хийхээрээ цаг хугацааг мартдаг юм билээ. Би Хөгжим бүжгийн сургуульд долоон жил суралцаж, балетын урлагийн гайхамшгийг мэдэрлээ. Гэртээ харихгүй сургууль дээр өнжих үе их байлаа.

-Эрхэмсэг, гоо гэдгийг бүсгүйчүүдэд, эргэн тойрондоо мэдрүүлж байдаг хүмүүс бол балетын жүжигчид. Тэгвэл та нарын хувьд эрхэмсэг, гоё, гоог юунаас олж хардаг юм бэ?

-Хүн бүрийн хувьд энэ ойлголт өөр байх. Өөрийн дотоод ертөнцөөсөө гоо сайхныг олж хардаг. Бас миний хувьд ээжээсээ гоё сайхныг мэдэрдэг. Миний ээж жирийн л нэг эмэгтэй. Маш ухаалаг, эрч хүчтэй эмэгтэй. Бас надад миний доторх хүнийг сэрээж, нээж өгдөг гайхалтай багш нар бий. Байгаль дэлхий тэр чигээрээ гоо сайхан шүү дээ. Хүн бүрт, амьд ба амьд бус бүх зүйлд гоо сайхан бий. Үүнийг олж харж байна уу, үгүй юу гэдэг асуудал л бий.

-Балетын гайхамшиг нь юундаа байдаг вэ, бүжигчин мэргэжил танд юу өгсөн бэ?

-Бүжигчин мэргэжлийг эзэмшсэнээр гоо сайхны мэдрэмжтэй болдог. Театрыг зорьж ирсэн олон арван хүний нүд, сэтгэлийг баясгаж байгаа болохоор балет илүү тансаг урлаг л даа. Бүх урлаг гайхалтай. Гэхдээ тэдний дундаас сонгомол нь балет.

-Хоолны дэглэм барих, байнга бэлтгэл хийж хөлс гардаг учраас амин дэмийн дутагдалд орох эрсдэлтэй гээд их хэцүү мэргэжил шиг санагддаг…?

-Тийм шүү. Гадаад байдлаас гадна маш зөв хооллох ёстой. Бэлтгэлийн дундуур идэх юм бол хөдөлж чадахгүй болно. Миний биед юу дутагдаж байна гэдгийг байнга анзаарч байхгүй бол байнгын хөдөлгөөн хийж байгаа бидний хувьд асуудал гарч ирэх магадлалтай. Кальци дутагдсанаа мэдэхгүй үсрээд хөлөө хугалдаг, биеийн аль нэг зүйл нь болохгүй үед шөрмөс татдаг гээд олон асуудал гарна. Намайг байнга торддог хүмүүс бол аав, ээж хоёр минь. Тэмцээний үеэр бол яалт ч үгүй хоолоо маш их хэмжээгээр хасдаг. Шингэн шөлөөр л хооллодог юм.

-Шантрах үе гарч байсан уу?

-Заримдаа зугтмаар л санагдчихдаг. Гэхдээ хэзээ ч юмыг тэгж орхиж болохгүй. Иймээс анхнаасаа л бүх зүйлдээ анхаарах хэрэгтэй. Шантрах үе зөндөө гарна. “Ээж ээ би болилоо” гээд уйлж суусан ч үе бий. Тэгээд л унтаад босож ирээд мартчихдаг.Балетгүйгээр, бүжиггүйгээр би өөрийгөө төсөөлдөггүй. Балетын урлаг өөрөө их хатуу. Бэртэл гэмтэл маш хэцүү. Мөр тохой, шагай, гар гээд юугаа ч гэмтээх аюултай. Баруун өвдөгнийхөө чагтан яс хугарчихсан бороолж байхад эмнэлэг дээр очоод мэдсэн тохиолдол бий.

-“Хар хун” кинон дээр гол дүрийнх нь балетчин бүсгүй хөлөө цус шүүртэл бүжиглэж харагддаг. Балетчид гэмтсэн ч бүжиглэхээс аргагүй байдгийг тэндээс мэдэрсэн шүү…?

-Хөл хавдсан тохиолдолд бүжиглэх бол асуудал биш. Гэвч хайртай хүмүүс маань үргэлж дэргэд минь зогсож байдаг учраас хүчтэй байж чаддаг. Балет хүнийг маш их хатуужилтай болгодог. Манайд надаас аймаар гэмтэж, бэртэж байсан хүмүүс ч бий. Гэхдээ л бид жүжгээ дуусгах үүрэг хүлээсэн хүмүүс. Үзэгчид урлагийн сайхныг харж гоо зүйн мэдрэмж авч, сэтгэл дүүрэн театраас гарч явахыг харах жаргал шүү.

-“Хар хун” киног үзээд балетчид сэтгэлийн асар хаттай, сэтгэхүйн хувьд хүчтэй улс юм гэсэн бодол төрсөн. Тэр кинонд дүрсэлсэн балетчиний хөшигний цаадах амьдрал танд ойрхон санагдсан уу?

-“Хар хун” бол сэтгэхүйн кино. Нэг дүрд тоглохын төлөө тэгж галзуурч, төсөөлнө гэдэг гайхалтай. Өөрийгөө өрсөлдөгчөөр сэтгэж, өөрийгөө хар, цагаанаар харж байж дүр бүтээж байгаа тухай маш тод гардаг. Бүтэн жүжгийн ард гарна гэдэг яг түүн шиг л юм болдог. Ялангуяа “Хунт нуур”, “Жизель” дээр. “Жизель” маш их зөрчилдөөнтэй. Амьд хүн яаж сүнс болох вэ дээ. Гэхдээ яг сүнс болсон юм шиг, дотроо өөрийгөө үхсэн хүн мэт мэдэрч байж л дүрээ гаргаж чадна. Тэгж гаргахын тулд маш их ажиллах хэрэг гардаг. Бүжигчин хүн дүрээ тэгж гаргахын тулд хөдөлгөөнөөс гадна мэдрэмж, төсөөлөл нь хүчирхэг байх ёстой.

-Урлагийн хүмүүст чөлөөт цаг их ховор байдаг юм шиг санагддаг. Чөлөөт цаг гарсан үед юу хийдэг вэ?

-Бэлтгэл, сургуулилалт гээд маш их ажилтай байдаг. Дуурийн театрынхаа ажлыг өглөө нь хийнэ. Үдээс хойш бэлтгэлдээ ордог. Бэлтгэл оройн 11 цагаас наашгүй. Тэгээд л ядарсан хүн ч гэртээ харьдаг. Чөлөөт цаг гарвал гэр бүл, найзуудтайгаа байхыг хүсдэг. Мөн кино үзэх, зураг зурах дуртай.

-Монголын балетын урлаг ямар түвшинд байгаа гэж бодож байна?

-Миний бодлоор дэлхийн хөгжилтэй эн тэнцүү яваа гэж боддог. Мэдээж Европт бол 200, 300 жилийн туршид балетын урлаг хөгжиж байгаа. Манай улсад балетын урлаг үүсээд 50 жил болж байгаа гэдгээрээ хөгжлийн түвшин ярихад түвэгтэй. Бид хоцролгүйгээр илүү гарч ажиллахын төлөө л хичээж суралцаж байна.

-Балетаар хичээллэх гэж буй хүүхдүүдэд зөвлөгөө өгөөч гэвэл юуг онцлох вэ?

-Хэрэв энэ урлагийг сонгоод, цаашид үүгээр амьдарна гэж бодож байгаа бол зүтгэсэн зүйлийнхээ эцсийг үзэх хэрэгтэй. Ер нь ганц балет ч гэлтгүй, хүн болж төрөөд хэрэв дуртай юмаа чи олсон бол заавал түүнийхээ эцсийг үзэж, цаана нь гарч байгаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл танд боломж байна. Танд хүсэл байна, та залуу байна, эрч хүчтэй байна. Амьдрал маш баялаг. Амьдралын хамгийн сайхан гэрэл гэгээтэй зүйлийг олж хардаг байгаасай. Хамгийн муухай үед ч гэсэн гоёыг олж хардаг байх хэрэгтэй. Хүн мэдээж дандаа сайн байж чадахгүй. Гэхдээ энэ бүхнийг зорилгоо болгож хичээдэг байгаасай гэж хүсдэг. Балет бол үнэхээр гайхамшигтай, маш гоё урлаг. Энэ урлагаар хичээллээд хэн ч, хэзээ ч “би харамсаж байна” гэж хэлэхгүй гэж бодож байна. Энэ урлаг танд хамгийн сайхан бүхнийг харуулна. Таныг илүү хүчтэй, дур булаам болгоно. Тайз гэдэг гайхалтай зүйл. Тайзан дээр гарч энэ урлагийг бусад хүмүүст түгээнэ гэдэг хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг. Хийсэн зүйлийнхээ эцсийг заавал үзэж байгаарай гэж л зөвлөмөөр байна.

-Шанхайд болох олон улсын балетын тэмцээнд явах гэж байгаа гэл үү?

– Шанхайд болох балетын олон улсын тэмцээн рүү энэ сарын сарын 25-нд явна. Тэр тэмцээнийхээ бэлтгэлд ороод явж байна даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д Хавдрын аппаратыг гурван жил ашигласан бол олон мянган хүн аврагдах байлаа хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Хавдрын аппаратыг
гурван жил ашигласан
бол олон мянган хүн
аврагдах байлаа” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Улс төр” нүүрт Ц.Цэнгэл: Байгаль орчин сүйтгэдэг танхай балмад
улсуудад төрийн төмөр нүүр үзүүлэх ёстой хэмээн ярьжээ.

Иргэдийн худалдан авах чадвар
инфляцид “идүүлж” байна хэмээн “Эдийн засаг” нүүрт өгүүлжээ.

Н.Сүрэнчулуун: Эмч гэдэг их
хүндэтгэлтэй бусдад сайхан
харагддаг, буянтай мэргэжил хэмээн “Эмч’ нүүрт ярьжээ.

Авлигатай тэмцэх газар УИХ-ын төрийн
байгуулалтын байнгын хороонд
гомдол гаргалаа хэмээн “Баримт үйл явдал’ нүүрт өгүүлжээ.

Ц.Оюунгэрэл: Үерт автдаг газарт өтгөн, шингэн ялгадсыг
тусгай саванд бордоошуулагч жорлон тохиромжтой хэмээн “Нийгэм” нүүрт өгүүлсэн байна.

Цэцэрлэгийн 2-5 насны хүүхдийг
маргааш цахимаар бүртгэж эхэлнэ хэмээн “Цаг үе” нүүрт өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах ликээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ