Categories
гадаад мэдээ

Xүний нүүрний цахим мэдээллийн сан байгуулах болсноо мэдэгдлээ

Хятад улс нийгмийн даатгалын дэвтрийг хэрэглээнээс гаргаж оронд нь хүний нүүрний цахим мэдээллийн сан байгуулах болсноо мэдэгдлээ. Одоогоор Гуандун, Гуанши, Жэжян зэрэг хотод энэ төсөл хэрэгжиж эхлээд байгаа гэнэ. Карт, утас, хурууны хээ уншуулан төлбөр тооцоо хийх нь иргэдийн амьдралын хэвшил болсон энэ цагт нүүр уншуулах технологи нэвтэрч эхэлж байгаа нь хүмүүсийн цаг мөнгийг хэмнэх ч сайн талтай ч цаашдын үр дагавар нь хэрхэхийг одоогоор таамаглах боломжгүй юм.

Тус төхөөрөмж нь хүний нүүрийг уншиж, мэдээллийг сервер лүү явуулснаар тухайн объектыг ялган таньдаг бөгөөд энэ үйлдэл нь бараг л нүд ирмэхийн зуур үйлдэгдэж, тухайн хүн өөр тийшээ харж, эсвэл толгойгоо бөхийлгөн яаруу сандруу орж гарч байхад таних боломжтой гэнэ.

Энэ нь өдгөө технологийн хувьд шинэчлэгдсээр хүний нүүр, хацар, ам, нүдний эргэн тойрны 30 мянга гаруй онцлог шинжээр тухайн хүнийг таньдаг, ихэр хоёрыг ч ялгаж чаддаг болоод байна. Тэр байтугай хүний хөдөлгөөнийг ч ялгаж таньдаг аж. Энэхүү нүүр уншуулах төхөөрөмжийн тусламжтайгаар цагдаагийн ажилтнууд 35 мянган хүний дундаас гэмт хэрэгтнийг ч олж чадсан байна. Энэ бол нүүр уншуулах аппаратын хэрэглээний бодит жишээ юм.

Бас нэгэн супермаркет нь үйлчлүүлэгчийн зүс царай, үйл хөдлөлөөс хэн болохыг нь тогтоогоод зогсохгүй таны сонирхож буй бараа бүтээгдэхүүнийг автоматаар мэдрэх зорилгоор тус төхөөрөмжийг хэрэглэж байна. Үйлчлүүлэгч сонгосон бүтээгдэхүүнээ худалдан аваад дэлгэцэд царайгаа харуулахад л хангалттай гэнэ. Та карт, утасны бар кодоо уншуулах шаардлагагүй. Харин ч тооцоолох дэлгэц рүү инээмсэглэх тутам таны авсан барааны үнэ хямдарна. Инээмсэглэлийг тань үнэлнэ гэсэн үг юм.

Мөн үйлчлүүлэгчийн зүс царай, үйл хөдлөлөөр нь тухайн барааг худалдан авах эсэхийг мэдрэх чадвартай аж

Categories
мэдээ нийгэм

Хөдлөх эд хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх байгууллагатай танилцлаа

Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн дэмжлэгтэйгээр 2018 оны долдугаар сарын 02-04-ний өдрүүдэд Лаос улсад зохион байгуулагдсан хөдлөх эд хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажил хэргийн уулзалтад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ө.Өнөрлхам, мэргэжилтэн Г.Мөнхтамга, Мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн Д.Бадамханд нар оролцлоо.

Уг уулзалтын хүрээнд Лаос Улсын Сангийн яамны Улсын хөрөнгийг удирдах газар, түүний харьяа Хөдлөх эд хөрөнгийн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн нэгж, бүртгэлийн системийн хэрэглэгч банкны төлөөлөл болох “BCEL” банк, “LS HORIZON” хуулийн фирмийн төлөөлөлтэй уулзаж, хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэл болон хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл солилцож, харилцан туршлага судлав.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль 2015 онд батлагдсанаар хөдлөх эд хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэж эхэлжээ.

Лаос улс нь хөдлөх эд хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх харилцааг хөгжүүлэх, тогтворжуулах ажлын хүрээнд сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг ашиглах, бүртгэлийн цахим системийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, албан хаагчдын мэдлэг, чадварыг сайжруулах, хямд зардлаар хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэх, систем хэрэглэгчдэд шаардлагатай мэдээллийг хүргэх, сургалт сурталчилгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа талаар танилцуулав.

Дээрх уулзалтад оролцсон албан хаагчид 07 дугаар сарын 24-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар болон Мэдээллийн технологийн газрын албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулж, Лаос улсын хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ажиллагаа, бүртгэлийн цахим системийн талаар мэдээлэл хүргэж, хэрэгжүүлэх боломжтой туршлагын талаар санал солилцлоо.

Цаашид дотоод болон гадаад сургалт, уулзалтын талаарх мэдээллийг байгууллагын салбар, нэгжийн албан хаагчиддаа хүргэхэд анхаарч ажиллахаар болов

Categories
мэдээ нийгэм

Оросоос Монголд өндөг экспортолно

ОХУ-ын Красноярск мужийн шувуу үржүүлгийн “Заря” компани 2018 онд тахианы 37 сая ширхэг өндгийг Монголд экспортлохоор төлөвлөжээ. Тодруулбал, тус мужийн Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллээр үүнээс зургаан сая 30 мянгыг нь нийлүүлээд байгаа бөгөөд энэ сард тус байгууллага 907,2 мянган ширхэг өндгийг хянаж, шалгаад Монголд нийлүүлэх зөвшөөрөл олгосон байна. Красноярск муж нь тахианы өндөгнөөс гадна улаан буудайг манай оронд нийлүүлдэг аж.

Дашрамд дуулгахад, Өндөг, шувуу, гахайн мах үйлдвэрлэгчид гахай, тахианы тэжээлийг гаднаас авахад гаалийн татвар өндөр, импортын бүтээгдэхүүний үнэ хямд тул хэрэглэгчид дотоодын бүтээгдэхүүнээс илүү гаднаас оруулж ирж буй өндөг, махыг илүүтэй авч хэрэглэдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэллээ

Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэллээ. Үндсэн ажлаасаа гадна давхар ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь тухайн үед мөрдөгдөж буй шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд илүү төлөгдсөн шимтгэлийг буцаан олгодог байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, даатгуулагчийн шимтгэл төлсөн тооцооны хуудас, өгөгдлийн сангийн мэдээлэлд тулгуурлан илүү төлсөн шимтгэлээ буцаан авах эрх бүхий даатгуулагчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг гаргасан байна. Энэ жилийн тухайд давхардсан тоогоор 28407 даатгуулагчид 2.3 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.

Даатгуулагч нь илүү төлсөн шимтгэлээ авахын тулд үндсэн ажлынхаа харьяа нийгмийн даатгалын хэлтэст хандах бөгөөд ингэхдээ баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр, үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэр, иргэний үнэмлэх, даатгуулагчийн нэр дээр нээсэн банкны харилцах дансны тодорхойлолт зэргийг бүрдүүлнэ.

Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн хүсэлтийг хүлээн авч, илүү төлсөн шимтгэлийн тооцооллыг хийсний дараа банкин дахь харилцах данс руу нь шилжүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Онцгой байдлын газрын ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт ажиллав

Үер усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, мэргэжлийн ангиуд болон албан хаагчдын бэлтгэл, бэлэн байдлын үзлэг шалгалтыг хийх Нийслэлийн Онцгой байдлын газрын ажлын хэсэг өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Б.Мягмардоржийн ахалсан тус ажлын хэсэг дүүргийн хэмжээнд цагийн байдал зарлаж мэргэжлийн ангийн албан хаагчид болон үерийн үед шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалган, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг яаж зохион байгуулж байгаа болон хэрхэн хүний гоц халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлж байгаад шалгалт хийж үнэлэлт, дүгнэлт өгсөн юм.

Цагийн байдлын дагуу дүүргийн Онцгой комисс хуралдаж үер усны аюул, ослын үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх 10 техник хэрэгсэл, мэргэжлийн ангийн 80 албан хаагчийг ажлын хэсгийн заасан хугацаанд бэлэн байлгасан юм. Түүнчлэн айл өрхийн хашаанд тогтсон усыг соруулах 4 мотопомп, эмнэлэгийн тусламж үзүүлэх 3 автомашин, ариутгал халдваргүйжүүлэлт хийх мэргэжлийн байгууллагууд болон бусад эмч, мэргэжлийн албан хаагчдыг цаг тухайд нь бэлэн байлгаснаар ‘’Бүрэн хангалттай’’ үнэлэгдлээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гарал үүслийн гэрчилгээгүй жимс нэвтрүүлэх гэж байжээ

Монголын улсын иргэн ОХУ-ын автозамын боомт Хиагтаар 140 килограмм алим, тарвасыг Монгол руу нэвтрүүлэх гэж байгаад саатуулагджээ. Автомашины тээшинд тээвэрлэж явсан уг жимс гарал үүслийн гэрчилгээгүй байсан тул хураан авч ОХУ-ын холбогдох газарт нь буцаан шилжүүлсэн байна. Зөрчил гаргасан Монголын иргэнд захиргааны хариуцлага хүлээлгэх аж.

Монгол улсаас ОХУ руу мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, амьд амьтдыг тээвэрлэх, зөөвөрлөхийг өнгөрөгч оны нэгдүгээр сарын 12-ноос эхлэн түр хориглоод байгааг Эрхүү муж, Буриадын БНУ-ын Мэргэжлийн хяналтын газар анхааруулж байгаа. Хойд хөрш рүү аялж байгаа иргэд хориглосон бүтээгдэхүүнийг хил нэвтрүүлэх гэсэн үйлдлийг удаа дараа гаргаж байгааг анхааруулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Сүхбаатар дүүргийн таван хорооны иргэд үерийн голомтод байна

Сүхбаатар дүүргийн онцгой комисс үер ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсгийнхэн үерт автсан 20, 18, 9-р хорооны газарт очиж нөхцөл байдалтай танилцан, авах арга хэмжээ болон борооны үерийн уснаасхамгаалах далан шуудууг шалгалаа. Сүхбаатар дүүргийн 20, 18, 9-р хороонд оршин суугчид үерийн голомтод амьдарч байна. Долдугаар сард орсон аадар бороонд эдгээр айлууд үерт автаж гарч ороход хэцүү байдалд оржээ. Онцгой байдлын тусламж хүссэн ч зарим айлуудад туслах боломжгүй байдаг гэв. Олон жилийн турш амьдарсан газар ньлаг шавар ихтэй, ус соруулах машин орох боломжгүй, газрын хөрс нь эвдэрч сүйтсэн, намаг ихтэй газарт оршин суусантай холбоотой байна.

Долдугаар сарын 20-ны өдрийн 09 цагаас 23-ны 09 цаг хүртэл хугацаанд Онцгой байдлын хэлтэст 61 дуудлага ирсэн байна. Үүнээс 18 дуудлагад Онцгой байдлын 65 албан хаагч хойшлуулшгүй арга хэмжээ авсан. Тухайлбал, есдүгээр хорооны “Алтайн 18” гудамжны 61 айлын хашаа байшин, дөрвөн гудамж усанд автсан байсныг Ус сувгийн удирдах газраас таван машин нэмэлтээр ажиллуулж, усыг соруулж 61 удаагийн зөөвөрлөлт хийжээ. Харин Онцгой байдал ажиллах боломжгүй бохирын машин шаардлагатайайл өрхүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна.

Сүхбаатар дүүргийн үерийн усны гамшигт ихээр өртдөг 20-р хороонд очиж үерийн ус чухам хаанаас орж ирснийг, зөв гольдрогтой байгаа эсэхийг харж судлахаар тус хорооны Хадатын ам хэмээх газарт очив.

Энд нийт 30 айл үерийн голомтод амьдарч байна. Тус газарт нийт 405 айл зөвшөөрөлтэй газар амьдардаг бол 255 айл зөвшөөрөлгүй оршин сууж байгааг СБД-ийн Засаг дарга Х. Болормаа хэлж байв.

Зөвшөөрөл авахгүйгээр оршин суусан айлууд үерийн ус зайлуулах хоолой, суваг шуудуу, усны гольдрогийн замыг хаасан байв. Энэ нөхцөл байдлаас болж үерийн ус зайлуулах хоолойноос гарах ус чиглэлээ өөрчлөнхальж урсах, бусад айл руу урсан орох зэрэг асуудлууд гарчээ.

20-р хороонд байрлах хоёр айл үерийн ус зайлуулах хоолойны урд хэсэгт хашаа байшин барьсан байлаа. Үерийн ус хоолойноос урсан ирэхдээ цементэн хашаанд цохигдон чиглэлээ өөрчлөн ойр хавийн айл руу урсаж усанд автуулжээ.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х. Болормаа ярихдаа “Зөвшөөрөлгүй газар ус зайлуулах хоолойн аман дээр буусан ганц хоёр айлаас болжзуслангийн 37 айл үерийн усанд автсан. Энэ мэтчилэн 255 айл зөвшөөрөлгүй оршин сууж байгаа. Эдгээр иргэдтэй уулзаж зөвшилцөд хүрэх, нийслэлийн хөрөнгө оруулалтанд тусгахаар ажиллаж байна. 2018 он гарсаар шар усны үерт турба тавих, далан шуудуу гаргахад 40 сая төгрөг зарцуулсан. Үерийн усны асуудал 2015 оноос хойш яригдаж эрчимтэй тэмцэж ирсэн.

Бид энэ нөхцөл байдлыг газар дээр нь биечлэн ирж танилцаад шинээр далан шуудуу, ус зайлуулах хоолой шаардлагатайхөрөнгийн төсөвийг ирэх оны төсөвт тусгахаар ажиллаж байна гэв”.

Сүхбаатар дүүргийн 9-р хорооны иргэн Б. Налжирмаа “СБД-ийн есдүгээр хороондамьдраад арван жил болж байна. Энэ хугацаанд дандаа айлын хашаа түрээсэлж амьдарч байсан. Амьдарч байгаа хашаа маань саяны борооноор усанд автаад амьдрах боломжгүй болж, таньдаг хүмүүсийн тусламж аваад гэрээ нүүлгэсэн.Өвдөгөөр татсан борооны усыг 20 тонны машинаар 14 удаа, зургаан тонны машинаар 12 удаа соруулахад хэвээрээ л байна. Өөрөө асуудлаа шийдэхийн тулд нэг сарынхаа бүх цалинг зарцуулсан. Онцгой байдалд дуудлага өгөхөдус зайлуулах ямарч боломжгүй байсан. Учир нь эндэхийн хөрс нь усархаг,олон жил болсон учраасхурсан усыг шингээх чадваргүй хөрстэй. Эндэхийн айлууд газраа зараад, барилгын компанитай гэрээ байгуулаад явъя гэсэн хүсэл байгаа боловчорж ирэх компани байдаггүй. Орж ирсэн компанитайгаа үнэ хөлсөө тохирдоггүй зэрэг асуудлууд их гардаг” гэв.

Олон жил усархаг хөрстэй байсан учир хөрс нь эвдэрч, сүйтсэн намгархаг газартай байв. Бүх айлуудыг борооны уснаас хамгаалж усыг нь соруулах боломжгүй тул иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой байж, зөв газраа зөвшөөрлийнхөө дагуу оршин суух хэрэгтэйг Онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа Т. Мөнхдорж хэлэв.

Тус дүүргийн 18-р хорооны иргэн үерийн ус зайлуулах зам шуудуу гаргаж байлаа.

Мөн намгархаг, усархаг хөрстэй газруудыг эзэд нь хөдөө орон нутгаас шилжин ирж буй айл өрх, хувь хүмүүст түрээслэдэг байна. Энэ нь бороо, үер зэрэг байгалийн гамшиг тохиолдсон үед эрүүл мэнд, эдийн засгаараа хохироход хүргэдэг байдал ажиглагдаж байгааг холбогдох албаныхан хэлж байв.

СБД-ийн 20, 18, 17, 15-р хороод зуслангийн бүс газар учраас нүүх боломжгүй. Иймд дахин төлөвлөлт хийхгүй ажээ.

Үерийн голомтод байрлах хорооны ус зайлуулах хоолой, суваг шуудууг шалгах явцад хоолойны хүчин чадал дутсан, хоолойг томруулах шаардлагатай хэд хэдэн газар байв. Үүнийг дахин засаж янзлаад нэмж шуудуу ухаад борооны үерийн усыг гол руу чиглүүлж урсгах зэргээр шийдвэрлэж ажиллах тухайгаа Т. Мөнхдорж хэлэв.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Маргааш БНХАУ-ын 400 гаруй жуулчид манай улсад ирнэ

Монгол, Орос, Хятад улсын хоорондын “Цайны зам” хөтөлбөрийн хүрээнд маргааш Улаанбаатарт 400 жуулчин ирэх юм. Эхний ээлжийн 400 жуулчныг дагалдан БНХАУ-ын улсын аялал жуулчлалын компанийн удирдлагууд болон 20 орчим телевиз, сонин, сайтын сурвалжлагч нар ирэх аж. Эхний аялал амжилттай зохион байгуулагдсан тохиолдолд цаашид жилийн дөрвөн улирлын турш сар бүр 400 жуулчин нийслэлээр аялах юм байна.

Хятадын жуулчид 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн аялал жуулчлалын газрын албаны хүмүүстэй уулзаж, дурсгалын зураг авахуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газрын дэд сайд Цинь Ижиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газрын дэд сайд Цинь Ижид хандан, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаад нь талархал илэрхийлэв. Тэрбээр, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газрыг 2018 оны 4 дүгээр сард шинээр эмхлэн байгуулсан явдалд баяр хүргээд, мал аж ахуй, хүнс, газар тариалан, жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарын өнөөгийн байдал, баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар танилцууллаа.

Уулзалтад Монголын талыг төлөөлж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг нар оролцсон юм. БНХАУ-ын талаас, Хятадын гэрчилгээ, магадлан итгэмжлэлийн удирдлагын газрын дэд дарга Лиу Вейжүн, Хэмжилзүйн газрын дэд дарга Дү Юүэжүн, Гадаад хамтын ажиллагааны газрын дэд дарга Ма Вэншиү нарын албаны хүмүүс байлцав.

БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газрын дэд сайд Цинь Ижи

БНХАУ-ын Зах зээлийн хяналтын газар (State Administration for Market Regulation) нь гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийг бүртгэж, итгэмжлэл-баталгаажуулалт олгох, аж үйлдвэр, хүнсний бараа бүтээгдэхүүний чанарын хяналт, Монополын эсрэг зохицуулалтыг хэрэгжүүлдэг Засгийн газрын тохируулагч агентлаг. Тус газрын Дэд сайд Цинь Ижи 2018 оны 7 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа айлчилж байна.

Айлчлалын хүрээнд хүнсний болон мах үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд БНХАУ руу бүтээгдэхүүнээ экспортлох эрх олгох, стандарчилал, хэмжилзүй, итгэмжлэл-баталгаажуулалт зэрэг чиглэлээр санал солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж эрэлхийлж байгаа юм. Мөн талууд 2018 оны 4 дүгээр сард Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан бөгөөд уг санамж бичгийн дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө өнөөдөр харилцан тохиролцохоор уулзаж байгаа нь энэ.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле

Энэ ч үүднээс Дэд сайд Ж.Сауле хамтарч ажиллах тодорхой саналуудаа илэрхийлэв. Тухайлбал, хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, БНХАУ руу зөвхөн адууны мах экспортлоод зогсохгүй үхэр, хонь, ямааны махны экспортлох хүсэлтэй байгаа тул түр хоригийг цуцлахыг хүссэн. Мөн Монгол Улсаас БНХАУ-д буудайн гурил, хөх тарианы гурил экспортлох саналыг холбогдох газарт уламжилж өгөх, Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн асуудал хариуцсан газартай Дэд сайдын түвшний ажлын хэсгийн уулзалтыг ойрын хугацаанд хийх хүсэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн хивэг үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хянан магадлагаа хийх, хүнсний аюулгүй байдал хангасан бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх тал дээр хамтарч ажиллах санал тавилаа.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат: “Монгол Улсын нийт ажиллах хүчний 72 хувь ажиллаж, ДНБ-ий 17,3 хувийг үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэр хөгжиж байж, улс орны хөгжинө. Энэ ч утгаараа жижиг, дунд үйлдвэрийг санхүүгээр дэмжих зорилгоор 2009 онд Монгол Улсын Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байгуулан ажиллаж байна. Тус сан улсын төсөв, Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүждэг боловч батлагдсан төсөв нь хүрэлцдэггүйгээс олон аж ахуйн нэгжийн төслийг дэмжих боломжгүй байдаг” гэв. Тиймээс тэрбээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулахыг хүслээ.

Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл мал эмнэлгийн салбарын үйлчилгээг шинэ шатанд гаргахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, малын эмч бэлтгэх, мэргэшүүлэх тал дээр хамтарч ажиллах хэрэгтэй байгааг нэмж хэллээ.

ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулалтаар дэмжих, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, ЖДҮ-ийн зориулалттай тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээс, бусад санхүүгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломж олгох, бизнес эрхлэгчдэд зориулсан богино, дунд, урт хугацааны сургалтад хамруулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэргээр өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэд хэдэн санал тавьсан.

БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газрын дэд сайд Цинь Ижи эдгээр тодорхой саналыг хамтран ажиллах төлөвлөгөөндөө тусгах боломжтой эсэхийг сайтар судлан үзээд, ойрын хугацаанд хариу өгөн, зарим саналыг холбогдох газарт нь уламжлах болно гэдгээ мэдэгдлээ.

Categories
гадаад мэдээ

Японы “Аум Синрикё” шашны бүлгийн гишүүдийг цаазалжээ

Японы Хууль зүйн сайд Ёко Камикава хэвлэлийн бага хурлын үеэр “Аум Синрикё” шашны бүлгийн үлдсэн зургаан гишүүнийг цаазаар авсан талаар мэдээлжээ. Тэрбээр “Нэг буюу хэд хэдэн гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон Сатору Хасимото, Тору Тоёда, Кэнъити Хиросэ, Ясуо Хаяси, Масоато Ёкояма, Кадзуаки Окадзаки нарт оноосон цаазаар авах ялыг өнөөдөр гүйцэтгэлээ” хэмээгээд олон хүний амь хохирч, олон хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, нас барагсдын хамаатан садны айдас, зовлон, шаналлыг төсөөлшгүй. Бид сайтар судалж, гэмт этгээдүүдийн гэм буруутайг тогтоосны үндсэн дээр цаазаар авах ялыг гүйцэтгэлээ” хэмээн хэлсэн байна.

Долдугаар сарын 6-ны өдөр Японы Хууль зүйн яамны сайд тэрбээр Сёко Асахара нэрээрээ алдартай “Аум Синрикё” бүлгийг үндэслэгч Тизуо Мацумото тэргүүтэй 13 гишүүнийг цаазалсан тухай зарласан байна. Өнгөрсөн баасан гаригт цаазаар авахуулсан тус бүлгийн зургаан гишүүн бүгд зарин хий үйлдвэрлэх, химийн зэвсэг боловсруулах үйл ажиллагаа, мөн зэвсгийн наймаанд оролцжээ.

“Аум Синрикё” шашны бүлэг нь 1987 онд байгуулагдсан, Япон улсад хоёр удаа хорт хийн томоохон халдлага үйлдэж байсан аж. Тухайлбал, 1995 онд Токио хотын метронд зарин хий цацсаны улмаас 13 хүн амь үрэгдэж, 6500 хүн бэртэж байжээ.