Categories
мэдээ нийгэм

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Архангай аймгийн Өгий нуурын эрэгт эхэлнэ. Тус тэмцээн нь Монгол оронд шинээр хөгжиж байгаа триатлоны спортыг олон нийтэд сурталчлах, “Жакарта Палембанг-2018” Азийн зуны спортын 18-р наадамд оролцох шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй мэргэжлийн тамирчид болон 18-аас дээш насны сонирхогчдын ангиллаар болно. Мөн энэ жилийн тэмцээнд шинэ төрөл нэмэгдсэн нь мини триатлон буюу бага насны хүүхдүүдийн тэмцээн юм. Аваргууд ирэх ням гарагт тодорно.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бүртгэл үргэлжилж байна

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулж байгаа билээ. Цэцэрлэгийн цахим бүртгэл эхлээд эхний өдөр 31354, хоёр дахь өдөр 7386 хүүхэд бүртгүүлээд байна.

“Цахим бүртгэл” бүртгэл долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ.

Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэг сургуулийн өмнөх насны 114225 хүүхэд хамрагдах төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймгаас Баян-Өлгий рүү тусламж илгээв

Орхон аймгийн иргэн Б.Давааням, н.Гүнжжалам, Роза Нуртаев нар өөрсдийн санаачилгаар нэгдэн Баян-Өлгий аймгийн үерт өртсөн айл өрхүүдэд туслах хандивын ажлыг өрнүүллээ.

Тус хандивын ажилд сайн дураараа нэгдэж мөнгө болоод эд материалын тусламж үзүүлсэн 15 иргэнээс гадна “Хангайн бүс” худалдааны төвийн хамт олон идэвхтэй оролцож, хүнд хэцүү цаг үед нэгэндээ туслах сайхан сэтгэлийг гаргасан юм. Нийт 38 хүнээс мөнгө болон эд материал, хувцас хэрэглэл, аяга таваг цуглуулж, бүрдсэн тусламжийн бараагаа Орхон аймгийн Улаан Загалмайн хороогоор дамжуулан Баян-Өлгийчүүдэд хүргүүлэхээр болжээ.

Эргэн сануулахад энэ сарын 14-18 ны өдрүүдэд орсон аадар борооны улмаас уулын ус бууж үерт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын долоон багаас нийтдээ 929 айл, 4500 гаруй иргэн өртөж 300 орчим өрх орон гэргүй болоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Булган аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадам эхэллээ

Аймгийн удирдлагууд баяр наадмаа долдугаар сарын 27-29-нд аймаг байгуулагдсаныхаа 80 жилийн ойтой хамтатган тэмдэглэх санал гаргасныг Засгийн газрын хуралдаанаараа дэмжсэн юм. Ийнхүү анхдагчдын өлгий нутаг болох Булган аймгийн 80 жилийн ойн баяр өнөөдөр өргөн эхэллээ. Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмын нээлтийг УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Монгол Улсын төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж, нийт 1000 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Хашлага мөргөн замын зорчих хэсгээс гарчээ

Өнөөдөр 08.00 цагийн орчим Замын хөдөлгөөний удирдлагын төвийн телекамерт бичигдсэнээр Нисэх – Яармагийн чиглэлийн замаар хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж халтиргаатай замд гулган, хашлагыг мөргөснөөр замын зорчих хэсгээс гарч зогсжээ.

Иймд жолооч нарыг үзэгдэх орчин хязгаарлагдсан болон халтиргаа гулгаа үүссэн нөхцөлд дүрмийн дагуу аюулгүй байдлаа хангаж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна. Мөн ойрын өдрүүдэд усархаг, дуу цахилгаантай, аадар бороо ихээр орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас сэргийлээрэй!

Categories
мэдээ нийгэм

Цалингийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон нэмэгдүүлнэ

ОУВС-аас манай улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тав дахь шатны үнэлгээг хийх Ажлын хэсэг ажиллаж буй. Тус ажлын хэсгийнхэнтэй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй албаныхантай уулзаж, төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр нэмэх талаар ярилцсан.

Тэгвэл 2018 оны IV улиралд төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр хэлэлцсэн байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “ХНХЯ-ны зүгээс цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулахаас гадна ачаалал, ур чадварт тулгуурлан нэмэх бодлого барьж байгаа юм байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо цалингийн доод хэмжээг тогтоох асуудлаар ойрын хугацаанд шийдэлд хүрэх байх. Манай яамны зүгээс ирэх оны нэгдүгээр сараас цалингийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон нэмэх саналтай байгаа. Үүнд инфляци, ДНБ-ий өсөлт, үнэ гээд олон зүйл нөлөөлөх тул бид хэлэлцээд ямар ч байсан ирэх оны төсвийг УИХ-д өргөн барихаас өмнө шийднэ” гэлээ.

Эрүүл мэндийн салбарт судалгаа хийхэд сувилагч, тэр дундаа мэс засал, сэхээн амьдруулах тасгийн сувилагч хамгийн их ачаалалтай байдаг бол боловсрлын салбарын хувьд бага ангийн багш нар ур чадвар ихээр шаарддаг, хамгийн ачаалалтай болох нь харагджээ. Тиймээс ХНХЯ уг судалгаанд тулгуурлан цалингийн шатлалыг өөрчлөх саналтай байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

​Үхрийн мах 10520 төгрөгийн үнэтэй байна

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.3, үхрийн цул махны үнэ 0.1 хувиар буурсан харин ямааны ястай махны үнэ 6.0 хувь, адууны ястай махны үнэ 9.6 хувиар тус тус өссөн бол үхрийн ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

Ажиглалтаар хонины ястай махны үнэ 2.4 хувь, үхрийн ястай махны үнэ 6.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.2 хувь, адууны ястай махны үнэ 3.4 хувиар буурсан бол ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

Мөн хонины /ястай/ мах нэг килограмм нь дунджаар 7340 төгрөг, үхрийн /ястай/ мах 8730 төгрөг, үхрийн цул мах 10520 төгрөг, адууны /ястай/ мах 6880 төгрөг, ямааны /ястай/ мах 5500 төгрөгийн үнэтэй байв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Д.Сарангэрэл: Манай улсын хүн амын 10 хувь нь элэгний архаг халдвартай

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага элэгний вируст хепатитын халдварын тархалтыг бууруулж, устгах нөр их ажлыг дэлхий дахинаа өрнүүлж байгаа билээ. Монгол Улс энэ төрлийн вирусийн тархалт өндөртэй орнуудын нэг хэдий ч уг өвчний эсрэг тэмцлээрээ үлгэрлэж байгаа. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын Засгийн газартай хамтран 2018 оны “Дэлхийн хепатиттын өдөр”-ийн албан ёсны арга хэмжээг “Хепатитыг илрүүлье, эмчилье” уриан дор анх удаа манай оронд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ийн ХДХВ, ДОХ-ын газрын дарга ба Хепатитын дэлхийн хөтөлбөрийн дарга Готфрид Хирншол, Дэлхийн хепатитын холбооны ерөнхийлөгч Майкл Нинбург болон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр “Дэлхий дахинд B, C вируст хепатитын архаг халдвартай 325 сая хүн байгаа. Мөн жилд дунджаар 1.3 сая хүн энэ төрлийн өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас харамсалтайгаар нас барж байна. Архаг халдвартай нийт хүн амын дөнгөж 20 хүрэхгүй хувь нь эмнэлгийн оношилгоо, эмчилгээнд хамрагдаж байгаа нь харамсалтай. Үүнээс үүдэн элэгний гаралтай өвчлөлөөр оношилгоо, үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 80 хувь нь хожуу шатандаа буюу хавдар, хатууралд хүртэл нь явсан байдаг” гэж ДЭМБ-ын Хепатитын дэлхийн хөтөлбөрийн дарга Готфрид Хирншол хэлсэн.

Манай улс гурван сая гаруй иргэнтэй ч хүн амын 10 хувь нь энэ төрлийн өвчлөлд нэрвэгдсэн, архаг халдвартай тул дэлхийд элэгний хавдрын өвчлөлөөрөө хамгийн өндөрт тооцогддог. ДЭМБ-аас энэ удаагийн арга хэмжээгээ манай улсад хийх болсон нь өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөртэй холбоотой аж.

Хүн амын дундах энэ төрлийн өвчлөлийг бууруулахын тулд Засгийн газраас “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Энэ хугацаанд, C вирусээр үүсгэгдсэн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, тархалтыг хязгаарлаж, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилт тавьжээ.

Энэ хөтөлбөрийн үр дүнгийн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодрууллаа.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай орныг яагаад онцлох болов?

-Дэлхийн хүн амын нас баралтын голлох шалтгааныг элэгний хепатитын вирус бүрдүүлж байна. Энэ вирустэй тэмцэж, дуу хоолойгоо нэгтгэж, дэлхийн улс орнуудын шийдвэр гаргах түвшиний удирдлагуудын анхаарлыг төвлөрүүлэх зорилготойгоор ДЭМБ жил бүр эл өдрийн тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг энэ удаа Монгол Улсад тэмдэглэхээр сонгоод байна. Учир нь 2030 он гэхэд энэ төрлийн өвчлөлийн улмаас үүссэн нас баралтыг тэглэхээр 194 орон тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхээр болсон. Үүнийг манай улс мөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Засгийн газраас “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд нэг жилийн дотор 350 мянган хүнийг эрт илрүүлгийн шинжилгээ, эмчилгээнд хамруулж амжилттай хэрэгжүүлсэн. Мөн бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах олон улсын зорилтыг хэрэгжүүлэхэд эмнэлгүүдийн даатгалын санхүүжилтийг үр дүнтэй ашиглаж, өвчнийг илрүүлэх, эмчлүүлэхэд гаргасан дэвшлийг ДЭМБ-аас онцлон үзсэн. Ингэхдээ Монгол Улсыг бусад орнуудад байхгүй эрүүл мэндийн загвар, зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна гэсэн үүднээс “Дэлхийн хепатитын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.

“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн эхний шатны үр дүнгийн талаар тодруулахгүй юу?

-Манай Засгийн газар 2016-2020 оны мөрийн хөтөлбөртөө “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг тусган хэрэгжүүлж байгаа. Эхний үе шат нь 2017 оны тавдугаар сараас 2018 оны тавдугаар сарын хооронд хэрэгжсэн. Бид энэ хүрээнд 40-65 насны иргэдээ хамруулсан. Улсын хэмжээнд дээрх насны 750 мянган хүмүүс бий. Эдгээрээс 350 мянга иргэн эрт илрүүлэгт хамрагдсанаас 310 мянга нь элэгний C вирустэй. Харин 2188 иргэд элэгний В вирустэй хэмээн оношлогдсон. Өвчлөлтэй хүмүүсийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 60-100 хувийн эмийн хөнгөлөлт үзүүлж, эмчилж байгаа. Эмчилгээний үр дүн 75 хувьтай байна. Энэ нь ДЭМБ Монгол Улсад анхаарлаа хандуулах нэг үндэслэл болсон.

-С вирусыг бүрэн устгах эмэнд ямар хөнгөлөлт үзүүлж байна. Ер нь хүмүүс энэ төрлийн вирусийг устдаггүй гэсэн ойлголттой байдаг?

-Илрүүлэг шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь гаргаж байгаа. Тэгэхээр нэгдүгээр шатанд 20 гаруй тэрбумыг илрүүлэг шинжилгээ, эмийн хөнгөлөлтөд зарцуулахаар даатгалын сангаас гаргасан. Харин энэ онд 30-аад тэрбум төгрөгийг энэ төрлийн үйлчилгээнд зарцуулахаар төсөвлөсөн. В вирусийг бүрэн устгах эмийн тухайд, манай улсад энэ төрлийн таван эм худалдаалагдаж байгаа. Үүнд 60 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Мөн С вирусийг устгах таван төрлийн эм байгаагаас хүмүүсийн сайн мэдэж буй нь “Харвони” эм юм. Уг эм хайрцаг тутамдаа 210 төгрөгөөр хөнгөлөгдсөн. Өөрөөр хэлбэл нэг курс тутамд иргэдэд 630 мянган төгрөгийн урамшуулал үзүүлдэг гэсэн үг. Харин D вирусийн эсрэг вакцины, эмчлэх эм бэлдмэл дэлхий нийтэд хараахан гараагүй.

-Нэгэнт өвчилсөн хүнийг хөнгөлөлттэйгөөр эмчилж байгаа бол шинээр төрсөн эсвэл энэ төрлийн халдваргүй хүмүүст урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч байна?

-Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 1614 хүн энэ төрлийн өвчлөлийн шалтгаанаар нас барсан. Энэ тоо дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлттэй байгаа учраас тулгамдсан асуудалтай нийтээрээ тэмцэх нь чухал. Тиймээс нярайн 95 хувийг төрсний дараах 24 цагийн дотор хепатитын В вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах зорилт тавьсан. Үүнийг 97.8 хувь болгон давуулан биелүүлсэн. Мөн энэ төрлийн вакцинд 40-65 насныхан болон залуу үеийнхэн ч хамрагдсан байгаа.

-Хоёр дахь шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ямар зорилт дэвшүүлж байна вэ?

-Хоёр дахь шатны эрт илрүүлэг шинжилгээнд нийтдээ 1.8 сая хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнд, 15-39 насны болон 65-аас дээш насны иргэдийг хамруулахаар болоод байна. Үүнээс гадна, 40-65 насны нэгдүгээр шатнаас үлдсэн иргэдээ үргэлжлүүлэн хамруулж, 2020 он гэхэд элэгний C вирусийн тархалтыг бууруулах, шинэ халдварыг таслан зогсоох зорилготой ажиллаж байна. Мөн саяхан энэ төрлийн өвчлөлийн асуудлаар дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалт болсон. Энэ үеэр эл өвчлөлтэй тэмцэж буй дэлхийн манлайлагч орноор Монгол Улсыг нэрлэж байсан.

-Төв талбайд элэгний хепатитын үнэ төлбөргүй оношилгоо, шинжилгээ хийгдэнэ. Үүнд ямар насны иргэд хэрхэн хамрагдах юм бол?

-Сүхбаатарын талбайд өнөөдөр “Дэлхийн хепатитын өдөр”-ийн нээлт болно. Энэ үеэр 2000 мянган хүнд вирусийн илрүүлэг шинжилгээ хийнэ. Үйл ажиллагаа ариутгал, халдваргүйжүүлэлтийн шаардлага бүрэн хангагдсан нөхцөлд гүйцэтгэнэ. Энэ хүрээнд эрүүл мэндийн даатгалаа төлдөггүй, түүнд хамрагддаггүй зорилтот бүлгийн иргэдийг оношилгоо, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах болно.

-Монголд ганц байгаа хавдрын эмнэлэг гурван сая гаруй хүнд 30-хан ортойгоор үйлчилгээ үзүүлж, ачааллаа дийлэхээ больсон. Энэ тухай эрүүл мэндийн салбарыг хариуцсан хүний хувьд ямар бодолтой байна вэ?

-Манай улсын хэмжээнд “Хавдар судлалын үндэсний төв” гэсэн цор ганц эмнэлэгтэй. Хавдар судлалын үндэсний төв байгуулагдаад 20 гаруй жил боллоо. 2010 оноос тус эмнэлгийг өргөтгөхөөр гурван блокийн барилгын ажил эхэлж, бүтэн найман жилийн дараа буюу өнгөрсөн хавар барилгыг хүлээлгэн өгсөн. Энэ нь чанарын шаардлага хангаагүй, хана нь цуурсан, дээврээс нь дусаал гоождог зэрэг олон асуудлыг араасаа дагуулсан. Тиймээс энэ төрлийн эмчилгээ, оношилгоог ард иргэддээ хүссэн хэмжээнд нь хүртэл үзүүлэх боломжгүй. Иймд иргэд хавдрын эмчилгээ, хагалгаанд орох гэж нэг сар гаруй хугацаанд хүлээж байна. Бид дэлхийн стандартад нийцсэн шинэ эмнэлэгтэй болох хэрэгтэй. Энэ төрлийн саналыг ч УИХ-д өргөн барина.

З.СУВД

Categories
мэдээ нийгэм

Өндөр-Улаан, Чулуут сумдын цахилгааныг хэвийн ажиллагаанд орууллаа

Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар долдугаар сарын 25-ны өдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт тав, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан.

Дээрх гэмтлийн улмаас Архангай аймгийн зургаа, Хөвсгөл аймгийн гурав, Завхан аймгийн нэг, нийт гурван аймгийн 10 сум цахилгаангүй болсон байна. Гэмтлийг сэргээн засварлахаар Эрдэнэт, Булган “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Архангай аймгийн Жаргалант, Өвөрхангай, Хархорин сумын нийт гурван бригадын 50 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 35 кВ-ын 16 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамыг босгон, 0,4 кВ-ын 22 ширхэг модон тулгууруудыг сэргээн засварлаж, Архангай аймгийн Өндөр-Улаан, Чулуут сумдын цахилгааныг хэвийн ажиллагаанд оруулжээ.

Одоогоор гурван аймгийн долоон сумын цахилгааныг холбохоор ажиллаж байна. Мөн Архангай аймгийн Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллага, сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 381 хүн, 10 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллан, 33 айл өрх, гурван аж ахуйн нэгж, байгууллагын хохирлын үнэлгээг гарган, 95 айлын хашааг босгож, 45 айлын байшингийн дээвэр болон таван айлын гэрийг засварлаад байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Гурилын үнэ буурчээ

Савласан дээдийн дээд гурилын үнэ 1.6 хувь, савласан дээд гурилын үнэ 0.9 хувиар өссөн бол задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.7 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 1.0 хувиар буурсан байна.

Гурилын үнийг ажиглахад савласан 2-р зэргийн гурилын үнэ 1.1 хувиар буурсан байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ ажиглалтаар цагаан будааны үнэ 2.5 хувиар буурсан бол, элсэн чихрийн үнэ 2.7 хувиар өсчээ.