Categories
мэдээ нийгэм

Машин ачилтын дөрвөн компанийн үйл ажиллагааг зогсоожээ​​​​​​​

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэн, түр саатуулах хашаа ажиллуулж буй 15 байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж эхэлжээ. Одоогийн байдлаар 4 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

Тус байгууллагууд Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалаар батлагдсан Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны “Нийслэлд тээврийн хэрэглийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай” 33/35 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/601 захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

Иргэдээс ирсэн гомдол саналыг шийдвэрлэсэн байдал, санхүүгийн тайлан, машин ачилтын бүртгэл хөтлөлтийг шалгах, үнэлэлт дүгнэлт өгөх, эсрдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг арилгуулах зорилготой уг ажлын хэсгийг Нийслэлийн Авто замын газрын орлогч дарга Б.Индра ахалж байна.

Ажлын хэсгийн гишүүдээр Нийслэлийн Онцгой байдлын газрын байцаагч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, Нийслэлийн Татварын газрын улсын байцаагч, Замын Цагдаагийн албаны мэргэжилтэн, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан хамтарсан хяналт шалгалт хийх чиг үүрэгтэй ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Цаатангуудад олгох мөнгөн тэтгэмжийн журмыг шинэчилнэ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тайгад амьдардаг цаатан хүүхэд болон насанд хүрсэн иргэнд сар бүр мөнгөн тэтгэмж олгох журмыг шинэчлэн батлахаар болов.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар цаатан иргэдэд тэтгэмж олгож эхэлсэн.Цаатан иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулах зорилгоор 2013 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгох журмыг мөрдөж буй юм. 2016 оны байдлаар 378 иргэнд 556.8 сая төгрөгийн тэтгэмжийг олгосон байна.

Одоо Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгад 84 өрхийн 478 цаатан иргэн амьдарч байна.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймагт сонгуулийн хороо байгууллаа

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж сонгуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа.

Тухайлбал, хуралдаанаар 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр болсон аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явагдах УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль, мөн өдөр болох аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Б.Баасандорж нарын мэдээллийг сонсов.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Түүнд, сонгуульд бэлтгэх ажил болон сургалт, сурталчилгаа, сонгогчдын боловсрол, сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэлийг хангахтай холбоотой нийт 50 орчим асуудлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Хуралдаанаас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой ажлын цаг хугацааны хуваарийг нарийвчлан гаргалаа.
Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулах Хэнтий аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Энэ тухай СЕХ-ны тогтоолд, тус тойрогт хамаарах сумдын сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуульд заасны дагуу байгуулж ажиллуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгасан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Ц.Цэрэнболд карпатын ууланд “тулалдана”

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд тоглож байна. “Kinorob Cinema Day” кино компани Украины төрийн кино нэгтгэлтэй хамтран “Дүүлэн нисэх шонхор” хэмээх адал явдалт киноны зураг авалтад оржээ. Нийт 110 минут үргэлжлэх энэ киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулжээ. Кинонд “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган нараас гадна Монголын жүжигчин Ц.Цэрэнболд тоглож байгаа юм. Тэрээр “Аав” киногоороо олны танил болсон билээ.

Киноны үйл явдал 1241 онд өрнөдөг. Тухайлбал, Монголын эзэн хаан баруун зүгт аян дайнд мордож, замд тааралдсан болгоныг сүйтгэнэ. Их цэрэг Карпатын уулсыг даваад түр буудаллана. Шөнө нь нутгийн анчин Беркутээр удирдуулсан хэсэг анчин Монголын цэргийн хуаранд нууцаар нэвтэрч, олзны хүмүүсийг сулладаг аж. Уур нь хүрсэн хаан тэр нутгийг үнсэн товрог болгох зарлиг буулгана. Олзонд шунаж урвасан нэгэн эр монголчуудад уулын нууц жимийг зааж өгснөөр нутгийнхан хүнд байдалд орно. Энэ үед Беркутээр удирдуулсан хэсэг анчин монголчуудын эсрэг тэмцэхээр босдог тухай кинонд өгүүлдэг ажээ.

Кино зураг авалтыг Карпатын ууланд зургадугаар сараас есдүгээр сар хүртэл хийх аж. Мөн “Дүүлэн нисэх шонхор” киноны нээлт 2019 онд Украинд болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Хөхүүрийн айраг” наадам болно

Монголын уламжлалт исэг цагаан идээ /айраг/-ний соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг, наадамчин олон, гадаадын аялагч, жуулчдад сурталчилан таниулах зорилгоор “Хөхүүрийн айраг” наадмыг “Хүй долоон худаг”-т долдугаар сарын 11,12-нд зохион байгуулна. Энэхүү наадамын хүрээнд “Сайхан айраг”, “Шилдэг хөхүүр”, “Шилдэг гэр” шалгаруулж, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм.

Шалгаруулалтад оролцох байгууллага, иргэд тус бүр нэгээс доошгүй хөхүүрт исгэсэн айрагтай ирэх ба оролцогч нь хөхүүрт айраг исгэж, хэрэглэдэг арга ухаанаараа нутаг усандаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, уламжлалт арга ухаанаа үр хүүхэд, нутаг усныхан, залуучуудад өвлөн уламжлуулсан байдал зэргийг харгалзан үзнэ.

Оролцогчдын гэр нь өнгө үзэмж сайтай, дотроо бүрэн тавилгатай, тохижуулсан байх ба өөрийн өв соёл, уламжлалыг харуулсан айрагны хөхүүр, бүлүүр, борви, хул, модон хувин, хөхүүрийн хараа, хөхүүрийн өлгүүр гэх мэт соёлын өвд багтах эд хэрэгслүүдээс бүрдэхээс гадна гэрээ хаягжуулсан байна. Мөн гэртээ хөхүүрийн айрагтай холбоотой язгуур урлаг, зан үйлийн үзүүлбэр, уламжлалт дэг ёсыг өвлөн уламжилсан байдал, тухайн нутгийн найрын дэг ёсны дагуу айрагны тухай ерөөл, магтаал, түрлэг оруулан дуулж буй байдал, мөн айргаар дайлах соёл, ёсолгоо, хувцаслалт, айраг исгэх, бүлэх зэргийг шалгаруулалтад анхаарч үзнэ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговьд уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэж, 100 мянган төгрөгөөр даатгаж байна

Өмнөговь аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болно. Тус аймаг 87 жилийн ойн баяр наадмаараа эрлийз, хязаалан, шүдлэн, азарга, соёолон, даага, их насны морьдын уралдаан зохион байгуулах юм. Өнөөдөр эрлийз болон шүдлэн насны морьдын уралдаан болж байна.

Үүнтэй холбогдуулан тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хурдан морины уралдаанч хүүхдийг хурууны хээгээр цахим бүртгэлийн системд бүртгэх ажлыг зохион байгуулж байна.

Мөн энэ жилээс хурдан морины уралдаанч хүүхдүүдийг гэнэтийн ослын даатгалд нэг жилийн хугацаатай 100 мянган төгрөгөөр даатгуулах ажлыг эхлүүлж байгаа юм. Ингэснээр хурдан морины уралдаанч хүүхэд гэнэтийн осол, гэмтэлд өртсөн тохиолдолд 20 сая хүртэлх нөхөн олговор авах боломжтой болж байгаа юм.

Одоогийн байдлаар уяачид уралдаанч хүүхдээ 100 мянган төгрөгөөр гэнэтийн ослын даатгалд даатгуулахыг зөвшөөрч байгаа бөгөөд ямар нэгэн зөрчил, дутагдал гараагүй талаар тус аймгийн ГБХЗХГ-аас мэдээллээ.

Уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, гарч болзошгүй эрсдэлээс хамгаалж гэнэтийн ослын даатгалд хамруулж байгаа Өмнөговь аймгийн нийт уяачиддаа талархал илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм

Шүлхийтэй холбоотойгоор Архангай, Өвөрхангай аймагт “Шуурхай бүлэг” ажиллаж байна

Архангай аймгийн Өгийнуур, Хотонт, Хашаат, Өлзийт, Цэнхэр, Батцэнгэл, Төвшрүүлэх суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдсонтой холбогдуулан “Шуурхай бүлэг” Архангай, Өвөрхангай аймагт ажиллаж байна.

Архангай аймгийн Өгийнуур сумаас 2018 оны 05 дугаар сард Төвшрүүлэх, Хашаат, Цэнхэр сумдад малын шилжилт хөдөлгөөн, хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр халдвар тархаж улмаар Хашаат, Цэнхэр сумдаас отор нүүдлээр Батцэнгэл, Өлзийт сумдад тус тус халдвар тархсан байна. Өнөөдрийн байдлаар дээрх 7 сумдаас Өгийнуур, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Цэнхэр, Хашаат зэрэг 6 сумдад мал амьтны гоц халдварт өвчин хяналтанд орсон, Өгийнуур сумын хорио цээрийн дэглэм 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр цуцлагдана.

Өнөөдрийн байдлаар Батцэнгэл суманд хонь-129, ямаа-2 нийт 131 мал өвчилсөн, Өлзийт суманд 11 үхэр өвчилж устгасан, Хашаат суманд хонь-7, ямаа-1 нийт-8 мал өвчилсөн, Цэнхэр суманд хонь-80, ямаа-62 нийт-142 мал өвчилсөн, Төвшрүүлэх суманд 105 үхэр өвчилж 89 үхэр эдгэж бэлчээрт гаргасан /үлдсэн16 үхрийг тусгаарласан байна. Хотонт сумын өвчлөл хяналтанд орсон боловч малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин Төвшрүүлэх сумтай хил залгаа заагт 2018 оны 06-р сарын 30-ны өдөр сэжигтэй дуудлага ирүүлсэн, зохион байгуулахаар МЭЕГ-ийн МЭХ-ийн дарга Б.Цолмон ажиллаж байна.

Вакцинжуулалтыг хамгаалалтын бүс үүсгэн Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Могод, Өвөрхангай аймгийн Хархорин, Бүрд, Бат-Өлзий, Хужирт сумдад эхлүүлээд байна. Хамгаалалтын бүс нь хилийн зааг нутгаас 20-30 км-ийн зайд татахаар төлөвлөөд байна. Өнөөдрийн байдлаар Булган аймагт 150,0 мянга, Өвөрхангай аймагт 72,5 мянга, Архангай аймагт 200,0 мянган тунг хувиарлан 920,0 орчим мянган малд тарьж хамгаалалт үүсгэхээр вакцинжуулж байна. Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн МЭА-нд 75,0 мянган тун вакцины үлдэгдэлтэй байна. Мөн Архангай аймгийн 6 сумыг бүрэн хаасан, 1 сумыг шууд нэвтрүүлэн өнгөрөөхөөр маршрутыг тогтоогоод байна. Өгийнуур суманд хяналтын постонд 35 албан хаагч 7 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Голомтын болон сэжигтэй бүсийн 120 хот айлын 53800 м3талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн.2018 оны 06 дугаар сарын 06-ний өдөр шүлхий өвчний сүүлийн шинж тэмдэг илэрсэн.

Голомтын бүсийн малд үзлэг хийх, вакцинжуулах, цагдаагийн хамт өрхийн иргэдийн судалгааг гаргаж голомтоос гарахгүй байх, хөдөлгөөн хориглох нотломжийг үйлдээд байна. Хашаат суманд одоогоор 9 хяналтын постонд 45 албан хаагч, 15 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.Тус сумын 145 өрхийн 126421 толгой малыг вакцинжуулсан. Голомтын болон сэжигтэй бүсийн 13791 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн. 2018 оны 07-р сарын 01-ний өдрөөс хойш мал өвчилсан тухай дуудлага ирээгүй, нэмж мал өвчлөөгүй байна. Төвшрүүлэх суманд 12 хяналтын постонд 83 албан хаагч 22 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. 2018 оны 06-р сарын 07-ний өдрөөс сумын хэмжээнд вакцинжуулалт нийт 135000 мянган тун вакцин олгогдсоноос 2018 оны 07 сарын 01-ний байдлаар үхэр 7273, хонь 61898, ямаа 44265, нийт 303 өрхийн 113436 толгой малд134941 мянган тун вакциныг хийсэн.

Голомтын болон сэжигтэй бүсийн 29200 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийж 33500 малд угаалга хийсэн байна. 2018 оны 06-р сарын 08-ний өдрөөс хойш нэмж мал өвчилсан тухай дуудлага ирээгүй байна.

Цэнхэр суманд хяналтын 9 постонд нийт 117 албан хаагч 33 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. 2018 оны 06-р сарын 25-ны өдрөөс хойш мал өвчилсан тухай дуудлага ирээгүй, нэмж мал өвчлөөгүй байна. Батцэнгэл суманд Хяналтын 3 постонд47 албан хаагч, 8 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. 2018 оны 06 дугаар сарын 22-ний шүлхий өвчний сүүлийн шинж тэмдэг илэрсэн. Голомтын болон сэжигтэй бүсийн 37 өрхийн 3415 малыг угаалгад хамруулж 47562 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн. 2018 оны 06-р сарын 22-ний өдрөөс хойш нэмж мал өвчилсан тухай дуудлага ирээгүй байна. Өлзийт суманд Хяналтын 5 пост, ариутгалын 1 цэг 22 албан хаагч, 2 техник хэрэгсэлажиллаж байна. Өвчилсөн 11 үхрийг устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. 2018 оны 06-р сарын 30-ний өдрөөс хойш мал өвчилсан тухай дуудлага ирээгүй, нэмж мал өвчлөөгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” -рүү автобус үнэгүй үйлчилнэ

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн 3 чиглэлд 5 автобус, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус буюу нийт 638 автобус үйлчилгээнд ажиллана.

  • 7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 11 чиглэлийн 88 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 19 чиглэлийн 136 автобус үйлчилнэ.
  • “Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 3 автобус 10 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
  • 7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.
  • “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын 3 түр зогсоолоос таксийн үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 10 аж ахуйн нэгжийн 569 такси иргэдэд хүргэнэ. Үүнд:
  • “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол;
  • “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТанхимын арын зогсоол;
  • “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө , KH apartment баруун талын зогсоол.
  • Баяр наадмын өдрүүд буюу 7-р сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний богино эргэлтээр үйлчлэх чиглэлүүд

Чиглэл

Тээврийн хэрэгслийн тоо

Хүлээлгийн хугацаа

1 “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” 5 4 мин
2 “Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн” 3 10 мин
3 Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн-Мишээл экспо 20 3 мин

Рейлбусын үйлчлэх цагийн хуваарь

Баярын өдрүүдэд наадамчдад зориулж нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүдэд Нийслэлийн тээврийн газраас 5 төрлийн тусгай зөвшөөрөл олгоно. Үүнд:

Таксийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Шар өнгөтэй байна.

“Дүнжингарав -Төв цэнгэлдэх-Мишээл экспо төв”, “Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Бор өнгөтэй байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал буюу Чингисийн өргөн чөлөө, 120 мянгат, хойд тал буюу Махатма Ганди, урд тал буюу Нийслэлийн гудамжаар дайран өнгөрөх чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Улаан өнгөтэй байна.

Дүнжингарав худалдааны төв болон Мишээл экспо төв орох чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Ногоон өнгөтэй байна.

Хүй 7 худаг чиглэлийн богино эргэлтийн үйлчилгээнд ажиллах нийтийн тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл ХӨХ өнгөтэй байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Наадамд зодоглох бөхчүүдийг энэ сарын 8-наас бүртгэнэ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадамд уламжлал ёсоор хүчит 512 бөх барилдана.

Наадмын зүлэг ногоон дэвжээн дээр барилдах бөхчүүдийг 2018 оны долдугаар сарын 09, 10-ны өдрүүдэд 09-18 цагийн хооронд Спортын төв ордонд бүртгэнэ.

Улсын наадамд барилдах гэнэтийн ослын даатгалд даатгуулсан 18-аас дээш насны бөхчүүд цолны үнэмлэх, 2 хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм.

Мөн өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах хөвгүүдийг долдугаар сарын 8, 9-ны өдрүүдэд 09-17 цагийн хооронд Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ.

Барилдаанд 2002.01.01 – 2004.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд барилдах бөгөөд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, 2 хувь цээж зураг, зодог шуудгаа тус тус авч очихыг Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд Ө.Энхтүвшин: Азийн бүс нутагт бид чамлахааргүй амжилтад хүрсэн

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын тэргүүн хатагтай Мами Мизутори нарын удирдан явуулж буй Ази,Номхон далайн бүс нутгийн улс төрийн өндөр түвшний манлайлагчдын уулзалтаарАзийн сайд нарын бага хурал үргэлжилж байна.

Энэхүү уулзалтаар бүс нутгийн гамшгийн эрсдэлийн удирдлага, зохион байгуулалтын өнөөгийн байдал, ололт амжилт, цаашдын үйл ажиллагааны хэрэгжилтийг удирдан чиглүүлэхэд тулгарч буй хүндрэлийг даван туулах зөвлөмжийг болон гамшгийн эрсдэлийг бууруулахад оруулах хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж байна.

Азийн манлайлагчдын уулзалтыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нээж хэлсэн үгэндээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлын өндөр дээд арга хэмжээний нэг болох Азийн манлайлагчдын хуралдаанаас гарсан улс төрийн шийдвэр нь бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний гол шийдэл, чиг хандлагыг тодорхойлдог. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүс нутгийн 2016-2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн дүгнэлтээс харахад бид чамлахааргүй амжилтад хүрсэн байна. Тухайлбал, улс орнууд “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх стратеги, төлөвлөгөөгөө батлан, үндэсний хөгжлийн бодлоготойгоо уялдуулан хэрэгжүүлж байна. Мөн гамшгийн хохирлын мэдээллийг цуглуулах, боловсруулах гамшгийн шуурхай удирдлага, зохицуулалтын төвүүдийг шинээр байгуулж байна. Бүс нутгийн шинжтэй олон хөтөлбөрт гамшгийн эрсдэлийг тооцсон хөрөнгө оруулалтыг хийж, дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах бүс нутгийн механизм байгуулагдаж, олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийн удирдлага, эрсдэлийн мэдээлэлдсуурилсан даатгалын механизмыг бодитой бий болгож чаджээ” гэж тэмдэглэлээ.

Азийн манлайлагчдын уулзалтад Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал, гамшгийн аюулыг бууруулах дэлхийн бага хурал, гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформыг (чуулганыг) өмнө нь зохион байгуулсан болон зохион байгуулах улс орны сайд, төлөөлөгчдийн тэргүүнүүд оролцож байна. Энэхүү уулзалт нь тус бүс нутгийн улс төрийн манлайллын өндөр түвшний форум бөгөөд бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах цаашдын бодлого чиглэлийг тодорхойлох юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.