Categories
мэдээ нийгэм

Азийн сайд нарын хурлын үр дүн, “Улаанбаатарын тунхаглал”-ыг тоймлон мэдээлэв

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын хаалтын хуралдааны дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизүтори, Австрали улсын Сенатын гишүүн, Олон улсын хөгжил, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кончетта Фиэрравантигийн хамт сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал зарлалаа.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг батлагдсанаас хойш хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө” гэсэн дүгнэлтээр Шадар сайд мэдэгдлээ эхлэв.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Монгол Улсад анх удаа зохион байгуулсан энэхүү хуралд Ази номхон далайн бүс нутгийн 48 улс орны сайд, дэд сайд, парламентын гишүүд, төрийн болон төрийн бус байгуллага, олон улсын байгууллага, их дээд сургууль, судалгаа, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшлийн салбарын нийт 3000 орчим төлөөлөгч оролцсон. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үндсэн 5 хуралдаанаас гадна техникийн 6, сэдэвчилсэн 8, салбар 55 хуралдаан болж, бүс нутгийн болон үндэсний түвшинд Гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, дэлхийн тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр батлагдан гарсан бодлого, хөтөлбөрүүдийн уялдаа холбоо, улс орнуудын гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, техник технологийн хэрэглээ, нийгмийн хамгаалал, жендер, салбар дундын оролцоо зэрэг олон сэдвийн хүрээнд хуралд оролцогч бүс нутгийн улс орнууд олсон ололт, амжилт, туршлага, сургамжаа хуваалцсаныг Шадар сайд дурдлаа.

Монгол Улсын Засгийн газраас хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг чухалчлан үзэж, “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдвээр 2 хуралдааныг удирдан зохион байгуулж, бусад улс орны тэргүүн туршлага, тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцсон юм.

Энэхүү бага хурлаар 2016 онд БНЭУ-ын Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлаас батлан гаргасан Сэндайн үйл ажиллагааны хүрээг Азийн бүс нутагт 2016-2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж дүгнэн, 2018-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Сэндайн үйл ажиллагааны зорилгыг бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэхийн тулд улс орнуудын Засгийн газар, оролцогч талуудын санал, зөвлөмж дээр үндэслэн боловсруулсан энэхүү төлөвлөгөөний агуулга нь Сэндайн үйл ажиллагааны тэргүүлэх 4 чиглэл тус бүрийн хүрээнд бүс нутгийн, үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн түншлэл, Засгийн газар хоорондын байгууллага, холбогдох талууд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлсон.

Мөн хурлаар Гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”-ыг батлан гаргасан бөгөөд Шадар сайд Ө.Энхтүвшин үндсэн агуулгыг:

· 2020 он гэхэд бүх улс орнууд гамшгийн эрсдлэийг бууруулах стратеги, төлөвлөгөөг батлах, зорилтуудаа шинэчлэх

· Хот суурин газрыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн, эрсдэлийг тооцсон хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтаар дамжуулж, хотуудын гамшигт тэсвэртэй хөгжих чадвахыг бий болгох

· Орон нутгийн Засаг захиргааны байгууллагуудын гамшгийн эрсдэлийн санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх

· Уламжлалт мэдлэг, туршлага, шинжлэх ухаан, технологийн цогц байдлыг хангах, газар зүйн байрлал, үндэсний болон орон нутгийн онцлогтой гамшгийг даван туулах чадавхыг бий болгох

· Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийг эрт зарлан мэдээлэх, урьдчилан сэргийлэх, бүс нутгийн болон хил дамнасан гамшгийн эрсдэлийн хяналтыг явуулах хүний нөөц, институтын чадавхыг бий болгохыг уриалж байгаа юм хэмээн тоймлон хэллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нээлттэй засгийн түншлэлийн ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг авч эхэллээ

Нээлттэй засгийн түншлэлийн 2018-2020 оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-ний төслийг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэд, иргэний нийгмын байгууллагын төлөөлөлтэй хамтран хэлэлцэж, тэдний саналыг авч эхэллээ.

“Үндэсний төлөвлөгөө II”-ийг Засгийн газрын 2016-2020 оны хөтөлбөртэй уялдуулж, боловсрол, эрүүл мэндийн салбарт нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, уул уурхайн болон улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах, хэвлэл мэдээллийн улс төрийн нөлөөнөөс хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр боловсруулж баталсан юм.

Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх, уул уурхайн ил тод байдал, НӨАТ-ын цахим систем, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр зэрэг зорилтын хэрэгжилт сайн байна. Гэвч сонгууль зэргээс шалтгаалан зарим зорилт тааруу хэрэгжсэн, төр, хувийн хэвшлийн түншлэл тодорхой хэмжээгээр суларсан, талуудын оролцоо дутмаг байсан гэсэн дүгнэлт гарчээ. Иймээс “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III”-ийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэхдээ үүнд анхаарахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн дэд дарга У.Бямбасүрэн тэмдэглэв.

Улаанбаатар зочид буудалд болсон энэ удаагийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг Нээлттэй засгийн түншлэлийн Ажлын алба, төлөвлөгөөний төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг, Иргэний нийгмийн байгууллагуудын форум хамтран зохион байгууллаа.

“Нээлттэй засгийн түншлэл” нь 2011 онд байгуулагдсан бөгөөд 96 улсын Засгийн газар болон орон нутгийн захиргаа нэгдэн ороод байна. Манай улс 2013 онд гишүүнээр элсэн төрийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой, инновацийг дэмжсэн, эрүүл, аюулгүй нийгмийг бүрдүүлэхэд чиглэсэн байх зарчмыг хэвшүүлэх зорилт тавин ажиллаж байна Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ө.Энхтүвшин Гамшгийн эрсдэлийг бууруулах хурлын хаалтын хуралдаанд үг хэллээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хаалтын хуралдаанд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг дор товчлон хүргэж байна.

Шадар сайд “Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” Та бидний хамтын хүчин чармайлтаар амжилттай болж ийнхүү өндөрлөж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайн хөтөлбөрийг батлан гаргаснаас хойш Ази, Номхон далайн бүс нутагт хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү хурал нь Сэндайн хөтөлбөрийн эхний хоёр жилийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдаж буй олон асуудлаар зөвлөлдөж, цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр олон санал зөвлөмжийг гаргасан чухал арга хэмжээ боллоо.

“Мянган удаа сонсохоор нэг удаа үз” гэдэг Монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Энэхүү хурлаар манай улсын яам, агентлаг, орон нутгийн удирдлага, төр захиргааны болон иргэний нийгмийн байгуулага, хувийн хэвшил, ард иргэд гамшгийн эрсдэлийг ойлгох, эрсдлийг бууруулахад салбар дундын түншлэл хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хот суурин газрын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх талаар өргөн мэдлэгтэй болсон гэдэгт би итгэл төгс байна.

Энэхүү хуралд Европ, Африк, Америк зэрэг тивийн улс орнуудаас олон оролцогч хүрэлцэн ирсэн нь гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал бүс нутгийн хил хязгаарыг давсан, нэг улс орон, нэг бүс нутгийн шийдэх асуудал биш болсоныг нотлон харуулж байна. Мөн Номхон далайн дэд бүсийн улс орнуудын төлөөлөл өргөнөөр оролцож, тэр дундаа Азийн манлайлагчдын уулзалтад Номхон далайн дэд бүсийн төлөөллийг албан ёсоор урьж оролцуулснаар бид манай бүс нутгийг бүхэлд нь хамруулсан хэлэлцүүлгийг өрнүүлж ажиллалаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд аливаа улс орны Засгийн газар дангаараа бус, харин холбогдох бүх талуудын түншлэл, хамтын ажиллагаанд суурилан, салбар хоорондын уялдааг улам бэхжүүлэн гамшгийн бэлэн байдлыг дээшлүүлэх шийдлүүдийг хэрэгжүүлж, бүс нутгийн, цаашлаад дэлхийн бүх улс орон хүчин чармайлтаа нэгтгэн ажиллах нэн шаардлагатай болсоныг олон илтгэлч, оролцогч нар онцлон тэмдэглэлээ.

Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд чухалчлах хариуцлага бидэнд ирсэн байна. Үүний тулд бид гамшиг болохоос өмнө дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдлыг хангахад чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх, гамшгийн хор уршгийг багасгах боломжийг бүрдүүлэх, ард иргэддээ тайван аж амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх аюулгүй орчныг бий болгож, улс орныхоо тогтвортой хөгжлийг ханган бодит алхамууд хийж чадах юм.

Монгол Улс гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоонд шилжиж байгаа энэ цаг үед далайд гарцгүй бусад орнуудтай гамшигтай тэмцэх үйл ажиллагаан дахь ижил төстэй болон ялгаатай байгаа асуудлаар мэдээлэл, туршлага солилцох, хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Энэ оны 5 дугаар сард Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааны газартай хамтран Улаанбаатар хотноо Далайд гарцгүй, буурай хөгжилтэй орнуудын олон улсын судалгааны төвийг албан ёсоор нээж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн билээ. Уг судалгааны төвийг түшиглэн бидэнд манай бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр нотолгоо, тооцоонд суурилсан нарийвчилсан судалгаа хийх, үр дүнг нь бодлого боловсруулахад ашиглах өргөн боломжууд нээлттэй байгааг онцлон тэмдэглэмээр байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр та бүхний дэвшүүлсэн санал, зөвлөмжийг “Улаанбаатарын тунхаглал”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүсийн 2018-2020 оны төлөвлөгөө”-нд тусгасан тухай бид бүхэнд нэгдсэн дүгнэлтийн хуралдааны үеэр тодорхой танилцууллаа. Одоо энэхүү хоёр баримт бичигт тусгагдсан бодлогын арга хэмжээнүүдийг улс орон бүр бодит ажил хэрэг болгож, бүх нийтийг хамруулан хэрэгжүүлэхийг зорьж ажиллахыг та бүхэнд уриалж байна .

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 3 дугаар бага хурлыг 2020 онд зохион байгуулах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээсэн Австрали Улсын Засгийн газар, ард иргэдэд баяр хүргэе” хэмээв. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид аливаа ажил үйлсийг шинээр эхлүүлэхээс өмнө амжилтыг бэлгэдэж буянт малын дөрвөн шагай орхидог уламжлалтай билээ” гээд Авсрали Улсын Сенатын гишүүн, Олон улсын хөгжил, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд хатагтай Кончетта Фиэрраванти Вэлсийг индэрт урьсан юм. “Энэ бөмбөрцөг дотор дөрвөн шагай байгаа. Одоо та энэ бөмбөрцгийг эргүүлээд Австрали Улсад зохион байгуулах Азийн сайд нарын бага хурал амжилттай болохыг бэлгэдэн шагайгаа орхино уу” хэмээв. Австралийн сайдын орхисон шагай Авсрали Улсад буухиалах хурал төгс сайн болно гэж буусанд Шадар сайд баяр хүргэж, амжилт хүслээ.

Ингээд Шадар сайд Ө.Энхтүвшин үгийнхээ төгсгөлд 2015 онд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Азийн сайд нарын бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах санал тавьж, хамтран зохион байгуулахаар гурван жилийн хугацаанд манай Засгийн газартай нягт уялдаатай, итгэлцэл дүүрэн түншлэлийн зарчмаар ажиллаж ирсэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын нийт хамт олонд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд, энэхүү хуралд хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон улс орнуудын Засгийн газрын төлөөлөгчид, олон улсын, бүс нутгийн, үндэсний болон орон нутгийн төрийн, иргэний нийгмийн, хувийн хэвшлийн болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллага болон бүх сонирхогч талуудын төлөөлөлд, Азийн сайд нарын бага хурлыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулахад бүх нөөц боломж, хүн хүчээ дайчилан ажилласан төрийн бүх байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагынханд, хурлын бэлтгэлийг бүрэн ханган ажилласан Онцгой байдлын ерөнхий газрын генерал, офицер, албан хаагч, нийт бүрэлдэхүүнд, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн 250 сайн дурынханд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан хөтөлийн дунд сунгаанд азарганууд хурдан байна

Тав хоногийн дараа Ардын хувьсгалын 97 жилийн үндэсний их байр наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар эхэлнэ. Хүй долоон худаг, Цагаан хөтөл дэнжид улсын манлай уяач Б.Мөнхтөр, олон түмнээ “дааган” Цэндээ нэрээр алдаршсан улсын манлай уяач Ц.Цэнд-Аюуш, аймгийн алдарт уяач М.Батбаяр, Б.Ерөөлт нарын гал айлсч гарчээ. Энэ галд улсын алдарт уяач Б.Мөнхтөрийн Ембүү буурал, аймгийн алдарт уяач Б.Ерөөлтийн халзан, аймгийн алдарт уяач З.Батбаярын “бор халзан” зэрэг төрийн довонд танигдсан хурдан хүлгүүд сойгдож байна.

Яваад очтол цагаан цамцтай хижээл насны эрэгтэй гэрийн хаяанд сууж байхтай таарлаа. Шижирээ уяач өнөө жил Б.Мөнхтөр манлайгийн хурдан хүлгүүдийн уяа сойлгыг тааруулж байгаа ажээ. Мэнд мэдэлцээд гэр рүү орвол уяачид өөр хоорондоо халуун яриа өрнүүлж байх аж. Хэрэгт дурлаж сонсвол уржигдар явагдсан хязаалан насны дунд сунгааны талаар ярилцаж байгаа бололтой. “Батбаяр ах хул хязаалангаа өнгөнд гарахад нь татаад суулгаж байна лээ. Уяа нь дутуу байгаа юм уу даа. Цэндээ ахын бор ч араас гараад сүрхий нэхэж уралдаж байдаг шүү. Газрын холдоо бол ч давхиж л байдаг их нас болох байх шүү. Өнгөрсөн жилийнхийг бодвол хөлийн тавилт нь сайжирсан байна лээ” гэж өвгөн уяач хуучлав. Тэндээс өөр нэг нь “Эрлийзийн дунд насанд бол манай Батбаярын бор халзан үрээ өнөө жил ахиад өнгөнд явна даа. Өнгөрсөн жил өнгөлж гараад гүйцэгдэлгүй түрүүлнэ лээ. Ер нь гараа сайтай адуу юм даа” гэв. Гэрийн зүүн орон дээгүүр сууж байсан морины хүүхдүүд ч чимээгүй суусангүй. Уралдааны зам бартаатай байна лээ. Миний хажууд зуузай холбож явсан хүрэн үрээ оготнын нүхэнд гишгээд хөлөө хугалчихсан” гэж байлаа. Гандуухан байсан ч ойрын өдрүүдэд хурмаст тэнгэр хураа хайрлаж, байгаль өнгөө засжээ. Айлссан галуудаас цаашлаад цагаан хөтөлийн хойд дэнж рүү хүлгийн жолоо заллаа. Очтол улсын их баяр наадмын том сорил дунд сунгааны их насны уралдаан болж байх юм.

Газар газраас цугларсан шилэгдмэл 100 гаруй их насны хурдан хүлэг гарааны зурхайгаас хөдөлжээ. Цагаан хөтлийн хойд дэнжид явагдсан уралдааны эхэнд л бусдаасаа гооногор, хүүхэдгүй хүрэн морь саахалтын зайтай гараад зугтаачихав. Ард нь хоёр бор морь зуузай холбоод л гараад ирлээ. Энэ нь өнгөрсөн онд Говь-Алтай аймгийн наадмын түрүү Баасандоржийн бөгтөр бор морь энэ ажээ. Энэ хүлэг өнөө жил Хүй мандлын дэнжид тун дээгүүр уралдана гэж олон ч уяач хэлж байна лээ. Бор морины архан талд нь тавиухан давхилтай буурал морь гарч ирсэн нь улсын алдарт уяач Б.Мөнхтөрийн Ембүү буурал ажээ. Толгойны морьдоос жаахан арагш суугаад арын морьдыг ажиглавал аймгийн алдарт уяаач Лувсанбалдангийн хонгор, Гантөмөрийн хүрэн зэрэг цуутай хүлгүүд давхиж байв. Харин Батчулууны Ерөөлтийн халзан морь харагдсангүй. Сураг сонсвол азаргатай хамтад нь сунгахаар төлөвлөсөн бололтой. Эргээд бариа руу очвол өнөөх гооногор хүрэн түрүүлжээ. “Эрлийз адууг сунгаанд тавиад уяа эвдлээ” гэж халаглах хүмүүс цөөнгүй байв. Арын хэдийнх нь байр нь өөрчлөгдөөгүй бололтой. Говь-Алтайн Баасандоржийн бөгтөр бор аман хүзүүдэж, Мөнхтөрийн Ембүү буурал айрагдсан байна.

Удсан ч гүй азарганы уралдаан барианы зурхайгаас эргэлээ. Цагаан хөтөлийн сунгааны азарганууд хурдан байлаа. Манлай уяач Д.Баяраагийн зээрд, Хэнгэрэгийн Цогтсайханы бор, Алтанбулаг сумын Батхүүгийн бор зэрэг азарганууд үзүүрийн уралдаан хийсэн юм. Энд дүү хээр, Мөнгөншагайгийн халтар зэрэг алдартай ажнайнууд харагдсангүй.

Монгол Улсын Тод манлай уяач Дамбадаржаагийн Онон наадмын сунгаагаа Дорнод аймагт хийжээ. Энэ галд тод манлайн хээр морь гүйцэгдэхээргүй хурдан байгаа сурагтай.

Монгол Улсын тод манлай уяач Түвдэнгийн Батцоож тэргүүтэй хэсэг уяачид Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд бага сунгаагаа хийсэн байна. Эдний уяанд өнгөрсөн жилийн баяр наадмын шүдлэн насанд аман хүзүүдсэн Завхан аймгийн Цагаанчулуут сумын уяач Балдоржийн Баярдоржийн хээр үрээ өнгөнд байгаа гэнэ.

Монгол Улсын алдарт уяаач Ганбаатарын Буянтонгтох, манлай уяач Сумъяасүрэнгийн Ганбаатар тэргүүтэй уяачид Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Их-Уулын талд сунгаж байна. Энэ уяанд Шаравын Мөнгөншагайгийн хурдан хүрэн морь сойгдож байгаа сурагтай. Энэ хүлэг “Их хурд” уралдаанд түрүүлж, “Зүүн бүсийн хурд”-д 2016, 2017 онуудад дараалж түрүүлж байсан юм. Бүсийн наадмуудад хурдалж байсан хүрэн морь өнгөрсөн улсын их баяр наадамд зургаад хурдалж байсан юм. О.Мөнхзоригийн хурдан хул Гүрбазарын Бат-Эрдэнэ уяж хурдлуулж байгаа гэнэ.

Мөн Төв аймгийн Баянцагаан суманд Тод манлай уяач Д.Даваахүү Төв аймгийн Баянцагаан сумандаа сунгаагаа хийжээ. Энэ уяанд алдарт Наран хонгор азарга хурдан байна. Төв аймгийн Алтан булаг сумын уяач Тагарваагийн Эрдэнэбулганы буурал азарга өнгөнд байна. Энэ хурдан азарга “Дүнжингарав 2017” уралдааны азарганы уралдаанд аман хүзүүдэж байсан юм. Мөн Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Самдангийн Дамбажавын хээр азарга,цавьдар азаргууд хурдан байгаа гэнэ. Хээр, цавьдар азаргууд “Дүнжингарав 2017” уралдааны айргийн гурав болон дөрөвт хурдалсан юм.

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын уяанд зээрд морь нь өнгөтэй байна. Энэ хүлэг 2015 онд соёолон насандаа Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд түрүүлж байсан юм. Мөн Ламын Гэгээний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж байжээ.

Наадам хаяанд ирж айлссан энэ өдрүүдэд морьдын галын өнгийг шинжихэд ийм байна.Их сунгаа энэ амралтын өдрүүдэд явагдах юм гэнэ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батнасан: Хөгжье л гэж бодож байгаа бол том төслүүдээ хөдөлгөх нь зөв

УИХ-ын гишүүн О.Батнасантай ярилцлаа.


-“Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Үүнийг хэр зөв шийдэл гэж харж байна вэ?

-Монгол Улс хөгжье л гэж бодож байгаа бол том төслүүдээ хөдөлгөх нь зөв. Тавантолгой төслийн тухайд оптик гэрээ хийгдэх байх. Дээрээс нь олон улсын зах зээлд IPO гаргана. Оптик гэрээ нь урьдчилан зарах нөхцөл л дөө. Миний хувьд дэмжиж байгаа. Энэ төслийг хөдөлгөснөөр бид чадан ядан сэргэж байгаа эдийн засгийг сайжруулах боломж бүрдэнэ гэж харж байна.

Дээрээс нь нэмээд хэлэ-хэд Засгийн газар сайн ажиллаж байна. Нефтийн үйлдвэр бариулахаар шавыг нь тавьсан. Мөн улсын төсвийн 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг хангах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгуулах том төсөл хэрэгжих гэж байна. Энэ мэтчилэн зам, дэд бүтэц, эрчим хүчээ сайжруулах нь хөгжлийн нэг гарц юм.

-Таны санаачилсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганаар баталлаа. Эрүүгийн хуульд ямар өөрчлөлтийг тусгасан бэ?

-Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан. Нийгэмд тулгамдсан асууд-луудыг шийдэхийн тулд хуулийн зарим зүйл заалтыг өөрчилж, хассан. 2015 оны Эрүүгийн хуульд зөрчилтэй асуудлууд байсан. Түүний нэг нь өсвөр насны хүүхдийн хийсэн гэмт хэрэгт нь оноож байгаа ялын асуудал. Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэг бол өсвөр насны хүүхдэд тусгайлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйл заалтыг оруулж өгсөн байдаг. Жишээлбэл, 14 буюу түүнээс дээш настай хүүхдүүд ихэвчлэн хулгайн хэрэгт ордог. Хулгайг орон байр, тусгайлан хамгаалсан хамгаалтыг нэвтэрч үйлдээд байгаа. Энэ тохиолдолд өсвөр насны хүүхэд Эрүүгийн хуульд зааснаар 2-8 жилийн ял авах юм.

14-16 насны хүүхэд буюу өсвөр насныхныг Хүүхдийн эрхийн олон улсын конвенци, фактуудад “Насанд хүрэх гэж байгаа үе шат” гэж заасан байдаг. Манайхны хэлдгээр шилжилтийн насны хүүхдүүд юм. Хүүхдийн гэнэн, томоогүй байдлаасаа болоод хийж байгаа үйлдлээ ухамсарладаггүй, хувь хүнд учруулж байгаа хор уршгаа ойлгодоггүй. Үүнээс болоод гэмт хэрэгтэн болж, хуулийн дагуу ял хүлээдэг. Оноохоос ч өөр арга байхгүй. Гэхдээ ял оноохоосоо урьтаж гэмт үйлдлийг нь ухамсарлуулах, хүмүүжлийн чанартай арга хэмжээ авах ялын төрлүүд бий. Бусдын орон байр, хамгаалалтын бүс рүү нэвтэрснээс нь үүдэж 2-8 жилийн ял онооно гэдэг бол тухайн хүүхдийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа. Эрхзүйн байдлыг ингэж дордуулж болохгүй. Хүмүүнлэг нийгмийг цогцлоохын төлөө ажиллаж байгаа ийм нийгэмд ялын хатуу бодлого байх нь зохимжгүй гэж үзсэн. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар бид гурав хамтран уг хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн өөрчлөлт батлагдсанаар гэмт хэрэгт холбогдсон болон ял шийтгүүлээд байгаа өсвөр насны хүүхдийг зөвхөн хорих бус хөнгөн ял оногдуулж болохоор болж байгаа. Хуулийн өөрчлөлт өнөөдрөөс (өчигдөр) эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Хүн амины болон хүчингийн гэмт хэрэг, гэмт бүлэглэлийн захиалгаар, хар тамхитай холбоотой хэрэг хийсэн хүүхдүүд энэ хуулиар ял завших нь гэсэн болгоомжлол нийгэмд байна. Гэхдээ тийм ойлголт байхгүй. Энэ хуулийн төслийг өргөн барихдаа бид Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, ерөнхий ангийн ойлголтуудыг эвдээгүй гэж ойлгож байгаа. Ерөнхийдөө Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар өсвөр насны хүүхдийн эрх зүйн байдал сайжрах юм.

-“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр болсон. Өмч хувьчлалын тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-1996 оны өмч хувьчлалын сургамжийг давтахгүй байх нь чухал. Төрийн өмчийг хувьч-лахдаа хамгийн гол нь төрд ашигтай байна уу, үгүй юу гэдгийг нь харах хэрэгтэй. Төрд ашиггүй ажилладаг, татаас авдаг, улс орны эдийн засаг буюу төсөвт хүндрэл учруулдаг аж ахуй нэгжүүдийн хувьчилсан нь дээр гэж бодож байна. Төр бол бизнес хийдэг байгууллага биш. Хууль зүйн орчныг бүрдүүлж өгөх ёстой, бодлого гаргадаг л байгууллага. Нийгмийн хүрээнд анхаарал татаад буй өмч хувьчлалууд байна л даа. Түүний нэг нь Төрийн банк. Тэгэхээр ямар салбарыг хувийн хэвшил бие даан хөгжүүлж, үйл ажиллагааг нь эрхлээд аваад явчих боломжтой вэ гэдгийг нь харах нь зүйтэй. Банкны салбар хувийн хэвшилд сайн ажиллаж байгаа л гэж бодож байна. Арилжааны банкны 88 орчим хувь нь хадгаламж эзэмшигчдийн мөнгө, 10-12 хувь нь өөрийнх нь үндсэн хөрөнгө байдаг. Хадгаламж эзэмшүүлж байгаа хүмүүсийн мөнгөн хөрөнгийг зээл хэлбэрээр олгодог ийм л үйл ажиллагаа явуулдаг. Харин арилжааны банк үл хөдлөх хөрөнгийн зах зээл, үнэт цаасны зах зээлд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргэлдүүлж болдоггүй хуультай юм. Үүнийг Хөрөнгө оруулалтын банк нь хийгээд явах чигтэй. Үүн дээр нэмж хэлэхэд одоо Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг УИХ яаралтай батлах хэрэгтэй. Банкны салбарын хууль эрх зүй чамлахааргүй тогтворжиж байгаа гэж үзэж болно. Эцэст нь хэлэхэд Төрийн банкийг хувьчилах нь зүйтэй л гэж үзэж байна.

Хувьчлал өөрөө үнэ цэнэтэй байх учиртай. Захиалгат хувьчлал байж болохгүй гэдэгт санал нэгтэй байгаа. Төрийн банкны зах зээлийн үнэ цэнэ, үнэлгээгээр хувьчлах ёстой. Үнэхээр үнэд хүрдэггүй, үнийн дээд хязгаар нь тэд гэсэн бодит бус үнэлгээ тавьчихсан байх юм бол энэ хувьчлал хэрэггүй. Ер нь бол бизнес эрхлэгчдийн хийж чадаж байгаа ажлыг төр хийх ямар ч шаардлага байхгүй.

-Монополь зах зээлийг хувьчлах нь эрсдэлтэй учир МИАТ-ийг хувьчлахдаа болгоомжтой хандах нь зүйтэй талаар мэргэжлийнхэн хэлж байна?

-Иргэний нисэхийн салбарыг либералчилна гэж ярьж байгаа. Либералчлал бол байх хэрэгтэй. Үнэхээр гадаад зах зээлтэйгээ харьцдаг, улс орнууд руу ажил, амралтаар явах зорчигчдын тоо ихэссэн. Нийгэм, улс орон минь хөгжиж байгаа энэ үед заавал монополь салбар байх нь зөв үү гэдэг нь асуудал л даа. МИАТ-ийн 48 хувийг эхний ээлжинд хувьчилна гэж байна. Тийзний үнэ, маркетинг, үйлчилгээ, катеринг зэргийг сайжруулах хэрэгтэй. Дэлхий дээр тэргүүлж байгаа авиа компаниуд хэр сонирхох эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ер нь бол “Korean air”, “Air Chi­na”, “Turkish airlines” компаниуд орж ирээд бидний 48 хувийг сонирхож байвал болж байгаа хэрэг. Ямартаа ч тийзний үнэ, уян хатан байх нөхцөл, хурдан шуурхай байдал, зорчигчдын аюулгүй байдлыг сайтар хангаж, чамбай ажиллах компани аваасай, үнэ цэнэтэй хувьчлал байгаасай гэж бодож байна.

-Өмч хувьчлалын эзэд хэдийнэ тодорчихсон гэх яриа сөрөг хүчний зарим гишүүдээс гарсан. Ер нь хэрхэн хувьчилбал зөв зүйтэй, иргэдэд хүртээмжтэй байх юм бэ?

-Хувьчлалыг нээлттэй хийх хэрэгтэй. Хэрвээ үнэ цэнэд хүрэхгүй, боломжгүй байгаа бол заавал хувьчлал хийх шаардлагагүй шүү дээ. Өмч хувьчлалын эзэд нь тодорчихсон гэдгийг сайн хэлж мэдэхгүй юм. Надад л дуулсан юм алга.

-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багагүй маргаан дагуулсан. Энэ тухайд?

-Манай улс 2004 онд Захиргааны ерөнхий хуультай болсон юм. 2005 оноос эхлэн Захиргааны хэргийн шүүхтэй болсон. Захиргааны хэргийн шүүх Засгийн газар, түүний байгууллага албан тушаалтанд гарсан актуудыг хянах үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрын тогтоол захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэсэн заалт бий. Засгийн газраас аймгийн Засаг даргыг томилсон томилгоо нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэх юм бол ҮХЦ-ээр шийдэгдэнэ. Маргааш нь ҮХЦ-ээр шийдэгдэнэ гэж байхад Ерөнхий сайд захирамж гаргаад томилгоог хүчингүй болгож байсан тохиолдлууд байдаг. Энэ нь дээр хэлсэнчлэн Засгийн газар өөрийнхөө гаргасан тогтоол захирамжийг хуульд нийцээгүй байна гэж үзвэл хүчингүй болгож байгаа хэрэг. Энэ хүрээнд асуудлыг шийднэ гэдэг томъёолол яваад байна уу гэж би харж байна. Түүнээс Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах, Захиргааны шүүхээр захиргааны байгууллага албан тушаалтнуудтай холбоотой гарсан гомдлыг авч хэлэлцэхгүй гэвэл тийм ч таатай зүйл биш. Бид хуульт ёстой, эрх зүйт төрд амьдарч байгаа хүмүүс шүү дээ.

-Энэ удаагийн ээлжит чуулганыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Хаврын чуулганаар цөөнгүй асуудлыг нэгдсэн чуулганы хуралдааны эрх мэдлийн хүрээндээ хэлэлцээд, өндөрлөлөө. Нийгэмд анхаарал татаж байгаа Үндсэн хууль, Улстөрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан ч хэлэлцэж амжсангүй. Намрын чуулганаар орж ирнэ байх. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, гаргаж байгаа тушаал шийдвэрүүд хэр хэмжээнд уялдаж байна, хэрэгжилт нь ямар байгаа, төрийн эрх мэдлийн хуваарилалтын үндсэн зарчим нь хангагдаж байна уу, үгүй юу гэдэг асуудлууд бий.

Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг нухацтай хэлэлцэх нь зүйтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг улс орон даяар багагүй хийсэн. “Олны санаа оломгүй далай” гэгчээр үнэтэй санаанууд гарсан байх. Яг одоо бол УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд тийм ч бэлтгэлтэй биш байгаа болов уу гэж бодож байна. 1992 онд нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжсэн он цаг. 20 гаруй жилийн хугацаанд хэрэгжиж байгаа Үндсэн хуульд маань ямар алдаа оноо байна гэдгийг сайтар нягталж үзэх шаардлагатай. Намрын чуулганаар аажуу, тайвуу ярилцаж, байж гар хүрэх нь зүйтэй.


Categories
мэдээ цаг-үе

Хуурамч мэдээ, тролл

“Улаан талбай дээр мотоцикл үнэгүй тарааж байна” гэсэн мэдээ социализмын үед гарч гэнэ. Одоо бол хуурамч мэдээ гэх биз. Гэхдээ Зөвлөлт засгийн үед гарсан онигоо ёсоор бол үнэхээр тийм юм болохын хувьд бол болсон гэх. Гагцхүү багаахан хэдэн алдаа байсан нь нэгд, Улаан талбай биш Невийн өргөн чөлөө, хоёрт, мотоцикл биш унадаг дугуй, гуравт, тараах биш хурааж авч байсан юм гэдэг.

Ийм “багаахан” алдаа бүхий хуурамч мэдээ өдгөө харин үзэл суртлын асар том дайн болтлоо өргөжжээ. Дайн гэхийн учир нь ОХУ-ын хувьд ийм мэдээ бэлтгэдэг бүхэл бүтэн армитай болсон байна. Оросуудын “веб-бригады” гэдэг ийм армийг дэлхий даяар “Оросын троллууд” хэмээн нэрийднэ. Нэгэнт дайны хэмжээнд хүрсэн учраас улс орнууд хуурамч мэдээлэл, харь орны үзэл сурталд үл автах, сөрөг тэмцэх стратеги боловсруулан, тусгай алба үүсгэн ажиллаж эхэлжээ.

ТҮҮХ

Ийм арми, интернэтэд хуурамч мэдээ бэлддэг тусгай ажилчид байдаг тухай хамгийн анх 2003 онд Оросын сэтгүүлч Анна Полянская, Андрей Кривов, Иван Ломако нар нийтлэлдээ бичжээ. Сэтгүүлч Анна Полянская нь ОХУ-ын улс төрийн нэрт зүтгэлтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч Галина Старовойтовагийн туслахаар ажиллаж байсан хүн. Галина гишүүн ялангуяа Орос дахь цөөнх үндэстний эрхийн төлөө тэмцдэг байжээ. Харамсалтай нь түүнийг 1998 онд, Санкт Петербург дэх гэрт нь буудан хороосон, хэргийн эзнийг өнөөг хүртэл олоогүй буй. Гурван сэтгүүлчийн судалж үзсэнээр 2000 оны үед Оросын интернэт ертөнцөд маш жигтэй өөрчлөлт гэнэт буй болжээ. Оросын интернэт Рунетийн орчинд 1998-1999 оны үед нийт бичлэг, бичээчдийн 70 орчим хувь нь ардчилсан, либерал үзлийг дэмждэг байж. Гэтэл, ердөө ганцхан жилийн дотор буюу 2000 он гарсаар гэнэтхэн интэрнэт орчин дахь бичлэг, сэтгэгдлүүдийн 70 хувь нь ардчилал, либерализмын эсрэг агуулгатай болсныг сэтгүүлчид сэжиглэн, эрэн сурвалжилснаар Оросын тусгай албаныхны зохион байгуулсан тусгай, баг, ажилтнууд ийм зүйл хийж байгааг анх мэдээлсэн байна.

2012 онд Анонимус хэмээх хак бүлэглэлийн Орос дахь салбарынхан Наши-Оросын залуучуудын холбооны даргын цахим шуудан руу нэвтрэн, бүх мэдээллийг нь авч чаджээ. Наши гэдэг нь хуучны Комсомолын маягаар ажилладаг, Оросын төрийг дэмждэг залуусын байгууллага юм. Тус холбооны дарга Якеменко ажилтнууддаа бичсэн захидалдаа вэб-бригад буюу троллуудын бичсэн бичлэг бүрийг хэрхэн үнэлэх, яаж шагнасан зэргээ нэн нарийн бичсэн байсан нь ил болжээ. Нэг сэтгэгдлийг 85 рубль буюу тухайн үеийн ханшаар бол гурван ам.доллараар үнэлсэн байв. Жишээлбэл, “Лева Савва (I Pad-аар шагнагдсан) энэ сард 651 сэтгэгдэл бичиж 44 хэлэлцүүлэг өрнүүлсэн-50 мянган рубль, Миша Кудрявцев (I Pad-аар шагнагдсан) 366 сэтгэгдэл-48 мянган рубль. Регина Кирютина 150 сэтгэгдэл-18 мянган рубль. Ажлын норм долоо хоногт 60 сэтгэгдэл, зургаан хэлэлцүүлэг, нэг сэтгэгдлийг 85 рубль, хэлэлцүүлгийг 200 рублиэр үнэлнэ” хэмээн бичжээ. (Коммерсант сэтгүүл, Анастасия Каримовагийн нийтлэлээс)

АМЬД ТРОЛЛЫН ТҮҮХ

Тролл гэдэг нь угтаа Скандинавын домог үлгэрт гардаг агуй, ууланд бүлээрээ суудаг хүн төрхтэй, аймшигт муухай царайтай амьтдын нэр юм. Өдгөө цагт тусгай байранд сууж, Оросын төр засгийн бодлогоор бусад улсын эсрэг үзэл суртал түгээгч хүмүүсийг ийн нэрийдэх болжээ. Эхэндээ дунджаас илүү цалинтай, тооцоолуурын ард суух ажил гэхээр маш сайхан санал мэт бодогдох боловч он удаан жил жижиг өрөөнд хашигдаад ирэхээр “зомби” мэт болж эхэлдэг хэмээн хамгийн анх элссэн 25 троллын нэг Алексей өдгөө хуучилж байна. “Одоо бол хэн хамаагүй, бөөнөөр нь ажилд авдаг болсон, анх интернэтээр хуурамч мэдээ бичих ажил бол цалин өндөр, тусгай шалгууртай байлаа” хэмээнэ. Шалгуур буюу анхны даалгавар нь Аллен Даллесын тухай нийтлэл бичих байж. Аллен Даллес нь хүйтэн дайны үед АНУ-ын Тагнуулын Төв Газрын даргаар ажиллаж байсан хүн юм. Ингээд сайн бичиж ажилд орсноор хүн бүр Live­Journal хэмээх онлайн сэтгүүл зүйн алдартай платформ дээр гурван өөр нэрээр хаяг үүсгэх даалгавар авсан байна. Нэг нь мэргэжлийн түвшний, маш сайн блог байх ёстой, нөгөө хоёр нь жирийн иргэн мэт байна. Ингээд 12 цагаар ээлжлэн 24 цагийн турш ажиллаж эхэлжээ. Ямар сэдвээр бичихийг цаанаас нь өгнө. Үүнд “ерөнхийлөгч Путин, ерөнхийлөгч Обама, хоёр ерөнхийлөгчийг хамтад нь харьцуулах, Украин, Оросын Батлан хамгаалах яамны гавьяа, алдар нэр, сүр хүч, Сирийн дайн, Оросын сөрөг хүчний нэр хүндийг унагах, Америк эбола вирусийг тарааж буй нь” гэх мэт.

Зарим үед зарим сэдвийг нэн онцолно. Жишээ нь, Сириэс химийн зэвсгийг гаргах ажиллагааг Оросын хараан дор явуулж байх үед энэ сэдвээр өдөрт 6-7 мэдээлэл бичих ёстой байжээ. Алексей цаанаас зохиосон тоог хараад “Сириэс нийт химийн зэвсгийн 30 хувийг устгалаа”, маргааш нь “Өнөөдөр нийт 32 хувийг устгалаа” гэх мэтчилэн бичдэг байв. Дотооддоо хүмүүст ойлгуулах хамгийн чухал хоёр сэдэв нь, нэгд, Навальныйг харлуулах, хоёрт, Крымийг Орос эзэлснийг зөв болгон үзүүлэх.

Харин англи хэлтэй троллуудыг тусад нь байлгадаг ажээ. Тэд нийтийн сүлжээнд хэдэн зуун хуурамч хаяг нээснээ сайрхан ярьдаг байсан аж. Англи хэлтнүүдийн бай нь барууны сонгогчид. Бүтэн хоёр жил жижиг өрөөнд хэдэн арван хүнтэй хамт ийм ажил хийсэн Алексей 2015 оны дунд үед ажлаасаа гарахаар шийджээ. Өдгөө тэрбээр Санкт Петербургт тавилгын бизнес эрхэлж байна. Тэрбээр боловсролтой хүний хувьд юу хийж байгаагаа, хуурамч мэдээ тарааж байгаагаа ойлгож байсан, мөнгө олох арга л гэж үзэж байснаа тайлбарлан яриад “Харин бусад олон хүний хувьд нөгөө хүний тархи угаах ажилдаа өөрсдөө итгээд, бичиж буй мэдээгээ спортын багийн чийрлийдэр хэмээх бүжигчин дэмжигчид адил ухаангүй сохроор шүтэж эхэлдэг” гэсэн юм. (Алексейн Нью-Йорк Таймс-д өгсөн ярилцлагаас)

ЖИЖИГ УЛСУУДАД ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ?

Энэ бол ялангуяа ОХУ-ыг тойрсон жижиг улсуудын хувьд зүгээр нэг фэйсбүүкийн маргаан төдий биш, улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм.

“Балтын төмөр хатагтай” хочоороо алдаршсан Литвийн ерөнхийлөгч Далиа Грибаускайтэ “Орос манай руу аль хэдийн довтолсон. Энэ бол хамгийн аюултай дайн буюу мэдээллийн дайн” хэмээн ил тод мэдэгдсэн билээ. Уншигч та санаж байгаа бол Далиа Грибаускайтэг Монгол Улсын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авсан хэмээх хуурамч мэдээг орос хэлээр гаргасан, үүнд манайхан ихэд уурсаж, Литва улсыг болон ерөнхийлөгчийг нь нийтийн сүлжээгээр эрчимтэй муулсан билээ. Хожим энэ мэдээлэл худал болохыг хоёр улсын Гадаад яам албан ёсоор мэдээлсэн боловч нийтийн сүлжээн дэх олон хүний хувьд Литвийн талаарх таагүй сэтгэгдэлтэй үлдсэн нь бол дамжиггүй юм. Энэ бол хуурамч мэдээлэл, троллын дайны ганц л жишээ.

Эстоний эх оронч залуус мэдээллийн энэ дайнд оролцож, троллын эсрэг бүлэглэл буй болгожээ. “Тэд тролл юм бол бид элф” хэмээн Кремлийн интернэт сурталчилгааны эсрэг бүлгэм үүсгэсэн Миндаугас ярьж байна. Элф гэдэг нь тролл шиг домгийн амьтан, гэхдээ ихэвчлэн хүнд тустай үйл хийдэг гэдэг. Анх тэд хорь гучуулаа нийлж, Оросын талаас шуурга мэт дамжуулж буй Европыг, НАТО-г, мэдээж АНУ-ыг Эстонийн ард түмнээр үзэн ядуулах гэсэн дайралт довтолгоо бүрийг хаанаас ирж байгааг тогтоон, няцаалт өгч эхэлжээ. Удалгүй эх орныхоо суртал үзлийг хамгаалах гэсэн залуус тэдэн дээр нэмэгдсэн байна. Миндаугас гэвч Эстонд ямар ч асуудал байхгүй гэдэг муйхар үзэлтэн биш. Тэрбээр “Эстонд нийгмийн асуудал бий бий. Гэхдээ гол нь Оросын талаас тэр бүх асуудлыг барууныхны албаар тавьж буй зүйл, манай улсын удирдагчдыг барууны хүүхэлдэй, гар хөл. Оростой нэгдвэл сайн сайхан болно гэсэн маш аюултай сурталчилгаа ирээд буй учраас бид хамгаалан тэмцэж байгаа юм” хэмээн ярьжээ. Хамгийн аюултай нь нөгөө талын троллууд цалинтай, 24 цагаар, бүтэн армиар довтолж байгаа бол Эстонийн Ай Ти мэддэг, эх оронч залуус тэр бүгдийн эсрэг өөрсдийн сайн дураар үзэлцэж байна. Гэхдээ бас чиг тэдний зүтгэлийг бас үнэлж байгаа ажээ. Ригад хуралдсан НАТО-гийн чуулган дээр Литвийн зэвсэгт хүчнээс XXI зууны дайн мэдээллийн чиглэлээр, их өөр болсныг тэмдэглээд энэ дайнд Элф хэмээх бүлэглэлийн залуус чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолсон байна.

БИД ЯЛАГДАЖ ЭХЭЛСЭН

Манай Монгол Улсын хувьд мэдээллийн энэ дайныг хэр нухацтай авч үзэж буйг мэдэхгүй юм. Фэйсбүүк, жиргээгээр троллуудын эсрэг зоригтой дуугардаг, ард олныг үнэн бодитой мэдээллээр сэнхрүүлэхийг хичээдэг цөөхөн хүн бий. Эстоний залуус шиг бүлэглэл болоод тэмцэж арай ч чадахгүй байгаа бололтой. Үүнд зөвхөн улс төр, эдийн засаг, гадаад хэлний мэдлэгээс гадна мэдээллийн технологи, тооцоолуурын чадвар маш чухал. Ямар ч байсан сүүлийн таван жилд энэ дайнд Монгол Улс ялагдаж эхлээд байгаа дүр зураг харагдаж байна. Учир нь маш олон хүн гурав дахь хөршийн бодлогоос татгалзаж, хоёр, тэр ч бүү хэл ганц хөршийн бодлогод уриалж, хаа холын улс гүрнийг манайх руу довтолж байгаа мэтээр үнэхээр итгэсэн болох нь тов тодорхой болжээ. Худлыг мянга давтахад үнэн болдог гэдэг энэ ажээ. Нэгэнт ийм бэлэн угаагдсан тархитай байхад ямар ч улсаас ямар ч үйл ажиллагаа явуулахад бэлэн хөрс болох нь дамжиггүй.

НИЙТЛЭЛИЙГ БИЧИЖ БАЙХ ҮЕД

Энэхүү нийтлэлийг бичиж байх цаг мөчид хуурамч мэдээллийн сонгодог жишээ манай нийтийн сүлжээгээр тарж байлаа. Хуурамч мэдээг зохиохдоо тухайн улс, ард олон, боловсрол мэдлэгт нь тулгуурлан өөр өөр хувилбараар зохиомжилдог ажээ. Өмнө Оросын ард түмэнд зориулж Эбола хэмээх вирусийг АНУ дэлхий даяар цацсан хэмээх мэдээллийг энд тэнд бичих ёстой болсон тухайгаа экс тролл Алексей ярьсан буй. Тэгвэл манай хувьд хүүхдэд Д витамин уулгаж байгаа төслийг “Америкийн дэлхийн хүн амыг багасгах туршилт” гэсэн хуурамч мэдээ фэйсбүүкээр гарч эхэлсэн, олон хүн итгэж, үнэн сэтгэлээсээ үзэн ядаж байна.

“ӨДРИЙН СОНИН”-Ы АНУ ДАХЬ ТУСГАЙ СУРВАЛЖЛАГЧ М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт

Уухай хадаах урианхай сур харваагаар Монгол наадам эхэллээ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр Сурын талбайд урианхай сурын харваагаар эхэллээ. Ийнхүү нар хур, хүч бяр, оноо цэц, хурд шандас дагуулсан их баяр наадам эхэлж байна. Жил бүрийн наадмын салхийг хагалж, эхний сумыг тавьдаг урианхай сур харвааны талаар товчхон өгүүлсү.

Нэгэн домогт өгүүлснээр эрт цагт Урианхайчууд нь ой тайгаас гарч тал нутагт байлдах болсонд эсрэг талын дайсан дов толгодын хойноос гэнэт харван урианхайчуудад ихээхэн хохирол амсуулсанд уур омгоо барьж ядан мориныхоо хэрэгслийг бөөрөнхийлөн хүний толгойгоор төсөөлөн өмнө талд нь дов толгодыг дүрслэн саалт хийж харвах болсноор урианхай сур харваа үүссэн гэдэг.

Урианхай сурын харваа нь наадмаар харвах зуны сур харваа, өвөл цагаан сараар голын мөсөн дээр харвах “Мөсний сур харваа” гэсэн хоёр төрөлтэй. Түүний онцлог нь Монголдоо хамгийн том нумыг хэрэглэдэг бөгөөд хамгийн чанартай харвалтыг үзүүлэх үүднээс өрөөтэй сурыг зөвхөн онох бус, оногдсон сур нь цаана байрлах мөр гарган өндөрлөсөн шороон нурууг давж үсэрсэн байх шаардлагатай байдаг аж.

Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум сумыг шүтэн дээдэлж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн аж. Мөн эр хүний наадам гэдэг утгаар нь эмэгтэй хүн сур харвахыг өнөөг хүртэл хориглож иржээ. Урианхай сурын өөр нэг онцлог нь баг болж тоглодог. Нэг баг хэдэн ч хүнтэй байж болдог гэнэ. Багийнхан хамгийн ахмад болоод сайн харвадаг хүнээ магнай, дараагийн хүнээ бахлуур, сур баригч гэж нэрлэдэг. Наадаж эхлэхийнхээ өмнө өрсөлдөгч багтаа “Манай баг танайхыг тэдэн сураар илүү хожно” гэж хэлнэ. Түүнчлэн тийм хугацаанд хожно гэж хугацаа зааж өгдөг. Бас заавал бооцоотой тоглодог байжээ.


Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн 79 орон ХХВ-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын үндэсний товлолдоо оруулаад байна

Манай улсад эмэгтэйчүүдийн дундах хавдрын өвчлөлөөр умайн хүзүүний хорт хавдар хоёрдугаарт орж байна. Энэ өвчнөөр өвчилж байгаа эмэгтэйчүүдийн 50 хувь нь хавдрын хожуу үед оношлогдож байгаа нь эрсдэл их байгааг харуулна. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх HPV буюу хүний хөхөнцөр вирус (ХХВ)-ийн эсрэг вакцин дэлхий нийтэд гарсан ч манайд байдаггүй тул охид, эмэгтэйчүүд гадны улс орон руу явж энэхүү вакцинд хамрагддаг болжээ. Умайн хүзүүний хорт хавдар хэмээх аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэх ХХВийн эсрэг вакцины тухай Хавдрын үндэсний зөвлөл ТББын гүйцэтгэх захирал, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхантай ярилцлаа.


-Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцины тухай мэдээллийг хүргэхгүй юу?

-Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь HPV буюу хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин гэж олон улсад үзэж байна. Ямар үе шаттайгаар хэрэгжүүлэх нь тухайн улсын Үндэсний дархлаажуулалтын хорооны шийдэх асуудал байдаг. Хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг дэлхийн олон орон хийж байна. Зарим оронд өсвөр насны охид төдийгүй хөвгүүдэд хэрэглэж байгаа. Энэ вакцины тухай ярихаас өмнө умайн хүзүүний хорт хавдар ямар вирусээс үүсгэгддэг тухай ярья. Умайн хүзүүний хорт хавдар нь Хүний хөхөнцөр вирус (ХХВ) гэдэг вирусээр үүсгэгдсэн байдаг. 100 гаруй хэв шинжийн ХХВ байдаг боловч үүн дотроос 16 болон 18 дугаар хэв шинж нь умайн хүзүүний хавдрын 70 хувийг үүсгэх шалтгаан болдог. Энэ вирус нь зөвхөн эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар үүсгэхээс гадна, бэлэг эрхтний, үтрээний, эрэгтэйчүүдэд шодойн, залгиур хоолойн, хошногоны амсрын хавдрыг үүсгээд зогсохгүй хүүхдэд хүртэл амьсгалын замын дахьдаг папилломатоз гэдэг өвчний шалтгаан болдог. Бэлгийн замаар дамжин халдварладаг энэхүү вирусээс сэргийлэх хамгийн гол арга нь ХХВ-ийн эсрэг вакцин гэж үздэг. Зах зээл дээр гурван төрлийн ХХВ-ийн эсрэг вакцин бий болсон, хоёр цэнт буюу 16, 18 дугаар хэв шинжээс хамгаалдаг церварикс, дөрвөн цэнт буюу 16, 18, 6 болон 11 дүгээр хэв шинжээс хамгаалдаг гардасил, хамгийн сүүлийн үед шинээр гарсан есөн цэнт буюу 6, 11, 16, 18, 31, 33, 45, 52 болон 58 дугаар хэв шинжээс хамгаалдаг гардасил зэрэг юм.

-ХХВ вакциныг ямар улс орнуудад хийж байна вэ. Дэлхийн улс орнуудад ямар үе шаттайгаар хийдэг юм бол?

-ХХВ-ийн эсрэг вакциныг өнөөдрийн байдлаар дэлхийн 79 орон дархлаажуулалтын үндэсний товлолдоо оруулан 9-14 насны охидод хийж эхэлсэн. Харин Австрали, АНУ, Канад зэрэг орнууд эрэгтэйчүүдээ хамгаалах зорилгоор хөвгүүддээ бас энэ вакциныг хийдэг болсон. Австрали улс 2007 оноос эхлэн энэхүү вакциныг үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн бөгөөд түүнээс хойш 2012 онд үр дүнг үнэлэхэд ХХВ-ийн тархалт 28.7 хувиас 6.7 хувь, харин 2014 оны судалгаагаар 1.6 хувь болж буурсан судалгаанууд байдаг. Манай улс ДЭМБ-ын Номхон Далайн баруун бүсэд хамрагддаг бөгөөд манай бүсийн 13 орон буюу 48 хувь нь энэ вакциныг үндэсний товлолдоо оруулсан байгаа. Бусад орнууд үндэсний хэмжээнд хийж эхлээгүй ч, загвар, туршилт маягаар нэвтрүүлээд эхэлсэн. Манай бүсийн орнуудаас Малайз, Филиппин, Фижи улсууд амжилттай хэрэгжүүлсэн гэж үздэг. Хамгийн сүүлд Өмнөд Солонгос 2016 онд энэ вакциныг товлолдоо оруулсан байна. Харин энэ вакцин манай улсад орж ирээгүй тул манай монгол эмэгтэйчүүд гадаад улс орнууд руу явж хийлгэж байна. Вакцинд хамрагдах насыг 9-14 насанд буюу бэлгийн харилцаанд орохоос өмнө хийлгэвэл үр дүн өндөртэй гэж үздэг. 30 наснаас дээш хийлгэж болох ч үр дүнгийн хувьд 14 наснаас өмнө хийлгэх нь вакцины үр дүнг улам сайн бататган гэж үздэг.

-Ямар үнэ өртөгтэйгөөр хийгдэж байна вэ?

-Дэлхийн улс орнуудаас хамааран HPV вакцины үнэ харилцан адилгүй байдаг. Тухайлбал, Австралид нэг тун нь 120 ам. долларын үнэтэй байгаа бол Азийн орнуудад бол үүнээс арай хямд өртөгтэй, 60 ам. доллар байх жишээтэй. Нэг хүн нийт хоёр удаа буюу хоёр тун хийлгэдэг. Зургаан сараас нэг жилийн хугацаанд хоёр тун вакцин хийлгэнэ.

-Энэ вакциныг манай улсад өмнө нь хэрэглэж байсан уу. Ямар үр дүн гарч байсан бол?

-Уг вакциныг 2012 онд АНУ-ын дэмжлэгтэй хэрэгжсэн Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн хүрээнд Сэлэнгэ, Өмнөгөвь аймаг, Баянгол, Багануур дүүрэгт 12-15 насны 10 мянга гаруй охидод хийсэн. Харамсалтай нь вакцины талаар буруу ташаа мэдээлэл цацагдсанаас болж энэхүү хөтөлбөр зогссон. Бусад оронд вакцины үр дүнг үнэлэх судалгааг тогтмол хийдэг. Иймд манай байгууллагаас Монголд хийгдсэн уг вакцинжуулалтын эрт үеийн үр дүнг үнэлэх зорилготой Австралийн Засгийн газарт бичсэн төсөл шалгарч Австралийн Мурдокийн хүүхдийн судалгааны төвтэй хамтран судалгааг гүйцэтгэж байсан. Вакцинжуулалтад хамрагдсан болон хамрагдаагүй 18-23 насны 1909 залуу эмэгтэйчүүдийг уг судалгаанд хамруулж, асуумжийн аргаар ХХВ, умайн хүзүүний хорт хавдар, ХХВ-ийн вакцины талаарх мэдлэг дадлага хандлагын үнэлгээ болон полимержих гинжин урвалын аргаар хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй ХХВ-ийн 13 хэв шинжийг илрүүлэх шинжилгээ зэргийг олон улсын аргачлалын дагуу хийсэн. Ингэхэд Монгол Улсад ХХВ-ийн эсрэг вакцины хөтөлбөр хэрэгжсэнээс хойших зургаан жилийн хугацаанд вакцинжуулалтад хамрагдсан залуу эмэгтэйчүүдийн дундах вакцины хэв шинжийн ХХВ-ийн халдварын түвшин буурсан, мөн вакцин хийлгэсэн, хийлгээгүй эмэгтэйчүүдийн дунд жирэмслэлтийн түвшин ижил байсан зэрэг эерэг сайн үр дүн гарсан.

-Бусад улс орнууд хорт хавдар үүсгэгч ХХВ вирусээс охид эмэгтэйчүүдээ яаж хамгаалдаг талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

-Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга нь вакцинжуулалтаас гадна эрт илрүүлэг үзлэг шинжилгээ юм. Манай улсад 30 наснаас эхлүүлэн гурван жил тутамд умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг хөтөлбөрт хамруулж байгаа боловч хамрагдалтын хувь 40 гаруй хувиас хэтрэхгүй байна. Иймд эмэгтэйчүүд харьяа өрх, сумын эмнэлэгтээ гурван жил тутам ПАП-шинжилгээгээ тогтмол өгч хэвших нь уг өвчнийг эрт илрүүлэх, эмчлэхэд чухал ач холбогдолтой юм. Умайн хүзүүний хорт хавдар нь гол төлөв дундаж насны буюу 35-55 насны эмэгтэйчүүдэд, нийт тохиолдлуудын 20 хувь нь 65 дээш насны эмэгтэйчүүдэд тохиолддог.

-Энэхүү вакцинд сөрөг тал гэж бий юу?

-Аливаа нэг вакцины гаж нөлөөг олон улсад бүртгэж, хяналт тавьж явдаг. Энэхүү вакцин нь олон оронд хэдэн сая тун хийгдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аюулгүй, үр дүнтэй гэдэг нь батлагдсан вакцин. Цөөн тохиолдолд хувь хүний бие махбодын онцлогоос хамааран хэсэг газрын урвал, харшил өгөх, халуурах зэрэг бусад вакцинтай адил урвал илэрч болдог.

-Манай улсад энэхүү вакциныг нэвтрүүлэх боломж бий юу. Нэгэнт манай охид, эмэгтэйчүүд гадаад улс орон руу явж өндөр төлбөртэйгөөр хийлгэж эхэлсэн юм чинь энэхүү вакциныг Монголд оруулж ирэхэд ямар саад бэрхшээл учирч байна вэ?

-Манай оронд аливаа вакциныг хийх эсэх, ямар товлолоор, хэрхэн хийх зэргийг Эрүүл мэндийн яам, Дархлаажуулалтын үндэсний хороо шийдэг. Энэ вакциныг Монголд оруулж ирэхэд хэсэг бүлэг хүмүүсийн нийтэд түгээсэн буруу ташаа мэдээлэл, хүмүүсийн дундах айдас хамгийн их тушаа болж байгаа юм болов уу гэж хардаг. Дэлхийн хэдэн сая хүмүүс хэрэглээд умайн хүзүүний хавдар гэдэг өвчнийг бүрмөсөн устгана гэсэн зорилт тавин HPV буюу ХХВ-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын товлолдоо тусган амжилттай хэрэгжүүлж байхад бид энэ асуудлаар ярихаас айдаг нь харамсалтай.


Categories
мэдээ нийгэм

Хэрэглээний халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд

Зуны засварын батлагдсан график №5, 6 дугаар зогсолтын дагуу шугамд засварын ажлууд хийгдэж байна.

График зогсолт №5-ын засварын ажил дууссан бөгөөд шугам дүүргэлтийн ажил хийгдэж ажиллагаанд залгана.
График зогсолт №6-ын засварын ажлууд хийгдэж байна.
VII/06-аас бүх магистраль шугамуудыг ажиллагаанд залгаж хотын бүх хэрэглэгчдийг хэрэгцээний халуун усаар хангахаар төлөвлөн ажиллаж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр шугам өргөтгөлийн ажил хийгдэж байгаа 15 дугаар хорооллын ДДТ-13. 14 мөн 16 дугаар хорооллын хэрэглэгчдийг хэрэгцээний халуун усаар хангах боломжгүй байна. Шугам өргөтгөлийн ажил 8 дугаар сар гарч дуусах төлөвлөгөөтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Ирээдүйд бий болох эрэлттэй мэргэжлүүд

Технологийн шинэ хөгжил дэвшил хүмүүсийн эрхэлдэг ажил хөдөлмөр, ахуй байдлыг өөрчилж байгаа. Хүмүүс ажлаа хөнгөвчлөхийн тулд роботыг бүтээсэн. Харин одоо юуг роботоор хийлгэж болмоор байна, юуг хийлгэх ёсгүй вэ гэдэг асуудлыг шийдэх цаг ирээд байгаа юм. Ойрын жилүүдэд хөгжил өндөр орнуудад хүмүүсийн эрхэлж байгаа ажлын ихэнхийг робот хийдэг болно гэсэн судалгааг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын үеэр танилцуулжээ. Харьцангуй бага цалин хөлстэй ажлуудыг робот гүйцэтгэх талаар ч танилцуулсан байна. Тэр цагт иргэд ажилгүй болох уу, өөр шинэ төрлийн ажил бий болгох юм уу гэх сонголт тулгарна. АНУ-ын “Hay group”-ийнхний үзэж буйгаар хэтэрхий олон ажилтантай том нүсэр байгууллагууд ирээдүйд байхгүй болж, иргэд хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох юм байна.

Ирээдүйд бий болох эрэлттэй зарим мэргэжлүүдийг танилцуулъя.

Нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийн оператор

Өнөө цагт автомат удирдлагатай дроныг бичлэг хийхэд ашигладаг. Зарим тохиолдолд интернэт дэлгүүрүүд агаарын тээврээр бараа хүргэх үйлчилгээг туршиж эхэлсэн байна. Тэгвэл бүрэн автомат удирдлагатай нисдэг хэрэгслийн операторын мэргэжил нь удахгүй эрэлттэй мэргэжлийн нэг болох аж. Хэрэв та энэхүү төхөөрөмжийг чадварлагаар удирдаж чадна гэж бодож байгаа бол одооноос бэлтгэж болох юм.

Хүний эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг шинжлэх хувийн шинжээч

Хүн өдөр бүр эрүүл мэндийнхээ талаарх бүх зүйлийг бодож тооцоолдог. Илчлэгийн хэмжээ, алхсан зай, уусан усны хэмжээ гэх мэт. Тэгвэл өөрийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл болох зүрхний хэм, нойр, идэвхтэй байдлын давтамж зэрэг олон үзүүлэлтүүдийн мэдээллийг хүлээж авдаг болох нь ээ. Эрүүл байхын тулд амьдралын тань эрүүл хэв маягийг тодорхойлсон зөвхөн танд зориулсан, цор ганц төлөвлөгөөг гаргаж өгөх, тухайн мэдээллүүдийг тайлбарлах хүн буюу хувийн шинжээч хэрэг болох тул ийм мэргэжил ирээдүйд бий болох аж.

Хийсвэр зүйлийг бодитоор дүрслэгч архитектор

Хийсвэр, нэмэлтээр бодит байдлыг бий болгох гэсэн ойлголтыг кино найруулагчид, видео тоглоом зохиогчид, эмч нар, сэтгэл зүйчид илүүтэй хэрэглэдэг нэр томьёо юм. Өөрөөр хэлбэл архитектор нь бүхий л боломж, сэтгэл хөдлөл, шинэ ертөнцийг бий болгож бүтээнэ гэсэн үг. Энэ мэргэжил тун удахгүй эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалтад бичигдэх бөгөөд виртуаль бодит байдлыг илэрхийлэх технологи нь үзвэр үйлчилгээнд төдийгүй хүнийг эмчлэхэд хүртэл ашиглагдах аж.

Цахим худалдааны салбарын менежерүүд

Ирээдүйд бүх жижиглэнгийн худалдааг цахим горимд бүрэн шилжинэ гэж тооцоолж байгаа аж. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчээ татах хачин сонин зүйлс, худалдаа хийхэд зориулагдсан өрөө, тавиур зэрэг уламжлалт аргаар бизнес эрхлэх байдал халагдаж үгүй болох юм. Түүнчлэн цахим худалдааны дэлгүүрүүдэд шинжээч болон зохион байгуулагчид эрэлт ихтэй болно хэмээн тооцоолж байгаа юм.

Ухаалаг сүлжээний архитектор

Ухаалаг сүлжээ нь архитекторуудын дунд түгээмэл ойлголт болон ирж байна. Цэвэр, ногоон хотыг бий болгон орчин үеийн эко технологи болон шинжлэх ухааны ололтуудыг үр ашигтай нөөц болгон ашиглахад гол санаа нь оршиж байгаа юм. Тэгэхээр хотын зураг төсөл, инженерийн ажлыг сайн мэддэг хүнийг ухаалаг сүлжээний архитектор болгох өндөр магадлалтай гэж үзжээ.

3D хэвлэгчээр хэвлэсэн хувцасны загвар зохион бүтээгч

Өмнө нь энгийн хувцас загварын зохион бүтээгч гэж ярьдаг байсан бол одооноос эхлэн 3D принтерээр хэвлэсэн хувцсыг илүүтэй сонирхох болж. Миланаас эхлээд Нью-Йоркийн загварын тайзан дээр хүртэл ийм аргаар урласан гоёл чимэглэлүүд загварынхны хувьд ердийн хэрэглээ болжээ. Технологи нь хангалттай хүрэлцээтэй байхын хэрээр 3D принтер дээр ажиллах чадвартай загвар зохион бүтээгчид шаардлагатай болж ирж байна.

Ухаалаг системийн хэмжилт шалгагч

Ирээдүйд бидний амьдарч буй байшин барилга бүгд ухаалаг болохын зэрэгцээ хэмжилтийн шинэ системтэй болж тооны технологийг ашиглан орон сууц нийтийн үйлчилгээтэй холбогдох юм байна. Тиймээс энэ ажлыг хийж гүйцэтгэх хүн бүрийг сургах шаардлага урган гарч байгаа юм. Англид ийм хэмжилтийн системийг бүтээсэн бөгөөд өнгөрсөн жилийн намар танилцуулгаа толилуулсан байна.

Орлох валютын мэргэжилтэн

Банкны ажилтнуудын эрэлт хэрэгцээ ирээдүйд үгүй болох гэнэ. Өнөө цагт хэн бүхэн долларын ханшинд анхаарал хандуулж байгаа. Энэ үйл явц удаан үргэлжлэхгүй бөгөөд валютыг орлох өөр нөлөө бүхий зүйл шинээр гарч ирэх аж. Ирээдүйд бий болох мэргэжилтэн нь валютын ханшийг урьдчилан таамаглах, хэлбэлзлийг тооцоолох, түүнчлэн хамгийн гол зүйл нь орлох валютын тусламжтайгаар ашиг олдог хүн байх юм.