Categories
мэдээ нийгэм

“UBike” түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ

Түрээсийн дугуйн үйлчилгээ нь автомашины түгжрэл, агаарын бохирдлын эсрэг хийх үр дүнтэй алхам төдийгүй иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн бодит ажил болох нь дэлхийн олон хотын туршлагаар батлагдсаар байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 600 гаруй хотод түрээсийн дугуйн үйлчилгээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү хямд, ухаалаг тээврийн хэрэгсэл их хотын иргэдийн үйлчлүүлэх дуртай тээврийн хэрэгсэл болсоор байгаа юм.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны гуравдугаар сард “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд түрээсийн дугуйн “UBIKE” төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Ubike” төслийн сонгон шалгаруулалтын дүн гарч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг зарласан.

Төслийн сонгон шалгаруулалтад “Никель ганбаа” ХХК, “Петровис” ХХК, Хас банктай хамтарсан консерциум ялалт байгуулж, Улаанбаатар хотын Түрээсийн дугуйн “UBIKE” төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан юм.

Өнгөрсөн баасан гаригт “Дугуйн зам” дэд хөтөлбөрийн хүрээнд “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох “UB Bike” төслийнхөн түрээсийн дугуйн үйлчилгээгээ нэвтрүүлээд эхэллээ. Тэд төслийн дугуйнуудаа үйлдвэрлэж дуусчээ. Энэ онд 43 байршилд 500 ширхэг дугуйг түрээсийн үйлчилгээнд гаргах юм. Цаашид 2020 он гэхэд 150 зогсоол, 2000 унадаг дугуйтай болох юм. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Энэ сарын 6-наас эхлэн түрээсийн унадаг дугуйнуудыг найман зогсоолд байршуулсан. Иргэд түрээсийн дугуй үйлчилгээг ашиглах боломжтой болж байгаа. Ирэх даваа гаригт албан ёсны нээлтийн ажиллагааг зохион байгуулна” гэв.

Энэ жилийн хувьд түрээсийн дугуй үйлчилгээний хамрах хүрээ нь баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой хойшоо их тойруугийн дотор байхаар төлөвлөгөөнд тусгагджээ.

Түрээсийн дугуйн үйлчилгээний үнийн хувьд нэг цагийн хөлсийг 1000 төгрөг, хоёр цаг нь 1500 төгрөг, гурван цаг нь 2000 төгрөг байхаар тооцсон байна. Хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогдох гэнэ. Унадаг дугуйн түрээсийн төлбөрийг төлөхөд төлбөр тооцооны ухаалаг шийдлийг ашиглаж, “UBIKE” аппликэйшн нэвтрүүлж эхэлжээ.

Анх бүртгүүлэхдээ 10 мянган төгрөгийн хураамж төлөх бөгөөд дансаа цэнэглэснээр таны дугуй унах эрх нээгдэх юм. Ингэснээр өөрт ойрхон зогсоолоос өөрийн сонгож авсан дугуйны QR кодыг уншуулж дугуйны түгжээг тайлна. Дугуйг зөвхөн хамрах хүрээн дотор зогсоолоос зогсоолын хооронд унах аж.

"UBike" түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ

Categories
мэдээ спорт

Хүй долоон худагт авто спортын тойруулга барина

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл “Монголын авто спорт холбоодын нэгдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Батсайхан нар 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд “Монголын авто спорт холбоодын нэгдэл” ТББ Хүй долоон худагт төр засгийн дэмжлэгтэйгээр авто спорт тойруулга барин сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа авто спортыг эх орондоо хөгжүүлэх, Хүй долоон худгийн үйл ажиллагааг сайжруулах юм.

Тус авто спорт тойруулгад бартаат зам, кросс, уран жолоодлого буюу дрифт, удирдлагатай машин, мото спортын замууд баригдах бөгөөд мөн түүнийгээ дагасан үзэгчдийн суудал, зам талбай, үйлчилгээний төв зэрэг баригдах юм
Авто спорт нь манай улсад сүүлийн 5-6 жилийн дотор эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч одоог хүртэл зориулалтын зам талбайтай болоогүй байна. Тиймээс тус тойруулга баригдсанаар автоспорт сонирхогч залуус зориулалтын зам талбайтай болж бэлтгэл сургуулилтаа тогтмол хийн олон улсын тэмцээн уралдаанд амжилт гаргах боломжтой.

Хүй долоон худаг нь ирээдүйд томоохон бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдөж байгаа дэд бүтэц сайтай, зам талбай, зогсоол ихтэй, засмал замаар хүрээлэгдсэн авто спорт тойруулга байгуулахад хамгийн боломжит газар юм.

Categories
мэдээ цаг-үе

Монгол орны цаг уурын салбарын хөгжлийг түүчээлсэн алтан үеийнхэн

Ангийн 40 жилийн уулзалт. 2008.10.24

Одоогоос 50 жилийн өмнө зургадугаар сарын 29-ний энэ өдөр Монгол Улсын цаг уурын салбарын том хөрөнгө оруулалт болох мэргэжлийн боловсон хүчнүүд их сургуулиа төгсч, ромбо дипломоо гардан авч байжээ. МУИС-ийн Физик-математикийн факультетийн Цаг уурын ангийн хоёр дахь төгсөлт болох 27 шижигнэсэн залуу сургуулиа дүүргэж, ажил амьдралынхаа гарааг амжилттай эхлүүлж байсан түүхэн үйл явдал өнөөдөр тохиож байна. Он цаг улиран өнгөрсөн ч оюутан ахуй цагийн гэгээн сайхан дурсамжууд одоо ч энэ ангийнхны сэтгэлд тод бууж байна лээ.Тэртээх 1963 оны наадмын дараахан эх орны өнцөг булан бүрээс МУИС-ийн Физик-математикийн факультетийн Цаг уурын ангид хуваарь авч тэнцсэн 32 хүүхдийг дунд зэргийн нуруутай шовгор залуу хүлээн авч байжээ.

Тэр хүн бол тэнхимийн эрхлэгч Ё.Гира багш байсан гэнэ. Тэрбээр “За та нар цаг уурч инженер болно” гэж уг мэргэжлийн талаар ярьж өгч байжээ. Энэ анги Баян -Өлгийн Казах, Увсын Баяд, Хэнтий, Дорнодын буриад, төв халхынхан зэрэг олон ястны төлөөллөөс бүрдэж байсан аж. Хамгийн ахмад нь Завхан аймагт ажиллаж байгаад ирсэн Ч.Төрхүү, хамгийн отгон нь 1946 онд төрсөн Ж.Цэрэндэлэг нар байжээ. Тухайн үед намрын тариа, ногоо хураалтын ажлыг цэргүүд болон оюутнууд нугалдаг байв. Тэр жишгээр ирээдүйн цаг уурчид маань Жаргалантын сангийн аж ахуйн ногооны VI бригад дээр наймдугаар сарын эхээр хуваарилагджээ. Энэ тухайгаа тэд ярихдаа “Бригадын дарга Манж гуай “Оюутнуудыг усаар хангана, агаараар хангана” гэж хэлж байсныг нь сүүлд хошигнодог сон. Бид сангийн аж ахуйд төмс хураах, үр тариа цайруулах, хонь угаах, хадлан хадах зэргээр тэр намар хоёр сар ажиллаж хүн бүр л 250-300 төг авч байсан нь тэр үедээ их л мөнгө байж дээ. Тэр үеийн манай дээд сургуулийн сургалт ЗХУ-ын их, дээд сургуулиудын хөтөлбөрөөр явдаг байсан учраас сургалт сайн байлаа. Ганц дутагдал нь гэвэл нийгмийн ухааны буюу Олон улсын ажилчны хөдөлгөөний түүхээс эхлээд ЗХУ-ын коммунист намын түүх, МАХН-ын түүх, Улс төр, эдийн засгийн ухаан, Диалактек болон түүхэн матеиализм, Шинжлэх ухааны коммунизмийн онол гэх зэрэг хичээл түлхүү ордог байсан юм. Энэ нь ч тухайн үеийн үзэл сурталжсан нийгэмд аргагүй байсан байх даа. Бас дээр нь зоо мал эмнэлгийн үндэс, этик, эстетик, иргэний хамгаалалт ордог байлаа” гэв.

Ер нь энэ ангийнхан сургуульдаа спорт, урлагаар тэргүүлдэг байжээ. З.Сонгиноо, Г.Батмөнх хоёр нь Их сургуулийн дагшаа найрал хөгжмийн хөгжимчид, Сарантуяа (сүүлд нэг анги ухарч МУИС төгссөн), Ц.Шагдар хоёр нь дуулдаг, жүжиглэдэг, Ш.Цэнд тэшүүрийн спортоор сургуулийн нүүр тахалдаг, Ц.Шагдар, А.Жамбалдорж, Д.Батдэлгэр, Л.Нацагдорж нар шатар шаггүй тоглочихдог сүрхий оюутнууд байсан гэнэ.

Таван жил тохой залган сууж, суралцсан энэ ангиас 27 залуу цаг уурч инженерийн мэргэжлээр сургуулиа төгсч, эх орныхоо өнцөг булан бүрт ажиллахаар томилолт өвөрлөн явцгааж байснаа саяхан мэт дурсан ярив. Төгсөгчдийн 12 нь хотод бусад нь хөдөө орон нутагт томилогджээ. Тэдний тав нь аэрологийн инженер, долоо нь синоптик, хоёр нь хөдөө аж ахуйн цаг уурын инженерээр, арав нь уур амьсгалын инженерээр ажлын гараагаа элүүлсэн. Тодруулбал, З.Сонгиноо, Ц.Шагдар нар Цаг уурын товчооны даргаар, дэд хурандаа Г.Мягмарсүрэн, Х.Хавдрааш, Ц.Эрдэнэтуяа нар цэргийн цаг уурт, хошууч С.Сайзмаа иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газарт хөдөлгөөний тасагт инженер, байцаагчаас гадна Хэнтий аймгийн агаарын тээврийн газрын дарга гээд удирдах ажлыг олон жил идэвх зүтгэлтэй хашжээ. Мөн Ц.Адьяа, Ж.Баасан, Г.Баасанхүү, С.Отгон, А.Ханд, Г.Отгонтуяа, А.Нанжидсүрэн нар аймгуудын уур амьсгалын тойм, Монгол орны уур амьсгал, аэро уур амьсгалтын тодорхойлолт гаргах ажлыг гүйцэтгэхэд идэвхтэй оролцож байсан гэнэ. Х.Цэвэлмээ “Чингис хаан” олон улсын нисэх буудлын алсын барааны минимумыг хотын утааны өтгөрлийн хэмжээнээс шалтгаалан газрын гадаргуу орчмын инверсийн зузааны хэмжээгээр тодорхойлох критерийг тогтоон үүгээрээ графикийн аргыг боловсруулан ашиглах аргачлалыг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Бас А.Жамбалдорж, Д.Зориг, Г.Батмөнх нар намын дээд сургууль, С.Отгон нар ЗХУ-д хэмжил зүйн дээд курс гээд гадаад дотоодод суралцаж төгсчээ. Энэ мэтчилэн төр захиргаа, нам, эвлэл, үйлдвэрчний удирдах ажил хийж байсан хүмүүс ч олон бий. Тэдэн дундаас эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, сурах бичиг, гарын авлага олныг гаргаж, эвсэг хамт олныг эв дүйгээрээ удирдан бүрдүүлж, хот хөдөөгийн хөдөлмөрчид, байгууллагуудыг цаг агаарын үнэн зөв мэдээллээр ханган үйлчлэх, ХАА-н болон тээврийн байгууллагуудын аюулгүй ажиллагааг хангах зэрэг ажилд гаршиж мэргэшсэн мэргэжлийн өндөр чадвартай инженерүүд олон төржээ.

“Бид ажиллах хугацаандаа Монгол Улсынхаа ус, цаг уурын албыг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж, улс ардын аж ахуйн бүхий л салбарт хүч чадал, эрдэм мэдлэгээ дайчлан ажиллаж байсан. Бидний алба хаасан үе 1968- 2000-аад онд үндэсний ус цаг уурын албанд техник, технологийн болон боловсон хүчний эрчимтэй шинэчлэл хийгдсэн бөгөөд Ус цаг уурын албаны хөгжлийн нэг оргил үе байсан юм. Үүгээрээ ч бид бахархдаг. Энэ утгаараа олон юмны анхдагч, эхлэл, суурийг тавигчид нь байлаа. Мэдээж энэ үйлст зөвхөн манай ангийнхан төдийгүй одоогийн ахмад болон үе, үеийнхний маань оролцоо хувь нэмэр чухал байсан юм шүү. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн шугамаар БНМАУ-ын Ус цаг уурын сүлжээг өргөтгөн шинэчлэх хоёр удаагийн төсөл хэрэгжих тэр үед УЦУАУЕГ-ын Шалган зааварлах хэлтсийн дарга байсан Д.Батдэлгэр биечлэн оролцож байлаа. 1968 оны намар Говь-Алтайд орон нутгийн Урьдчилан мэдээлэх товчоо, аэрологийн станц анх байгуулахад гол хүч нь мөн л манай ангийхан байлаа. 1971 онд цаг уурын “МРЛ-2 радиолокатор” суурилуулан ажиллуулахад Х.Хавдрааш, 1976 онд байгаль орчны хяналт шинжилгээний лаборатори байгуулан хөл дээр нь босгож ажлыг нь зүгшрүүлэхэд Ж.Цэрэндэлэг маань, 1986 онд цаг уур, аэрологийн горимын мэдээллийн автоматжуулсан боловсруулалтын систем боловсруулан нэвтрүүлэхэд Ц.Адьяа, Г.Баасанхүү нар идэвхтэй оролцож байсан юм. Байгаль орчныг хамгаалах яам байгуулж байгаль орчны экспертизийн ажил эхлэхэд ахиад л Ж.Цэрэндэлэг хошуучлан оролцож анхны хэлтсийн даргаар нь ажиллаж байлаа. Ерээд оны эхнээс цаг уур, хөдөө аж ахуйн цаг уур, нарны цацраг судлал, аэрологийн горимын мэдээллийн РС-д суурилсан автоматжуулсан боловсруулалтын систем боловсруулан нэвтрүүлэх, синоптикийн практикт “цаасгүй технологи” нэвтрүүлэх, цаг агаарыг урьдчилан мэдээлэх технологийн шинэчлэлийн ажлыг Л.Нацагдоржийн удирдсан УЦУХ амжилттай хэрэгжүүлсэн билээ” гэж тэд нөхдийнхөө үйлсээр бахархсан юм.

Хариуцсан салбараараа овоглон нэршсэн аэрологийн Г.Баасанхүү, уур амьсгалын Ц.Адьяа, багажийн С.Отгон, Хөдөө аж ахуйн цаг уурын шуурхай үйлчилгээний Ч.Төрхүү, нарны Нансалмаа, Завханы З.Сонгино, Өвөрхангайн Шагдар, Говь-Алтайн Бархаа, Алтайн Чүлтэм, Төвийн Жамбалдорж, Баянхонгорын Чунаг, Өмнөговийн Зориг гэх мэт олон нэр төртэй хүмүүс энэ хамт олны чимэг нь ажээ.

Ер нь эдний анги тун онцлогтой хамт олон. Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан хоёр, доктор (Ph.Д) гурав, байгаль орчны болон ус цаг уурын, иргэний агаарын тээврийн, иргэний хамгаалалтын, худалдааны, барилгын, ХАА-н байгууллагын зэрэг салбарын тэргүүний ажилтнууд гээд төр, нийгэмд үнэлэгдсэн хүмүүс олонтой. Тодруулбал, Л.Нацагдорж, Антарктидад монгол хүний мөрийг анх гаргасан Ж. Цэрэндэлэг нарын улс орондоо хийж бүтээсэн үйлсийг нь төр үнэлж, Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээжээ. Ус цаг уурын болон Байгаль орчны тэргүүний ажилтнаар Г.Баасанхүү, Д.Батдэлгэр, Л.Нацагдорж, А.Ханд, Х.Цэвэлмаа, З.Сонгино нар шагнуулсан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Л.Нацагдорж, Ж.Цэрэндэлэг, Алтан гадас одонг Ц.Шагдар, З.Сонгиноо, С.Бархаа, А.Жамбалдорж, Д.Зориг, Г.Баасанхүү нар хүртжээ. Тэгвэл улс орныхоо хүн амын тоог өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан А.Нанжидсүрэн, Ч.Төрхүү, А.Ханд, Х.Цэвэлмаа нар алдарт эхийн одонгоор энгэрээ чимж байжээ. Мөн Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн хүмүүс гэвэл Д.Чүлтэм, Ц.Шагдар, З.Сонгиноо, С.Бархаа, А.Жамбалдорж, Д.Зориг, С.Отгон, Ц.Адьяа, Ц.Сайзмаа нарыг нэрлэв. Байлдааны гавьаны одонт Г.Мягмарсүрэн, Байлдааны медаль хүртсэн Х.Хавдрааш, Г.Мягмарсүрэн гээд энэ ангийн бахархлыг дурдаад байвал олон.

Тухайлбал, Монголын анхны гэсэн тодотголтой хэд хэдэн хүн бий. МУИС-ийн Сүхбаатарын нэрэмжит цалинт оюутан, УЦУШИ, УЦУХ-ийн захирлын албыг 10 гаруй жил хашсан Монголын үндэсний шинжлэх ухааны академийн гишүүн, Байгаль орчны гавьяат ажилтан, 170 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвисан доктор Л.Нацагдорж гуай байна. Монголоос анх удаа өмнөд туйл судлах ажилд оролцсон, Монголын Байгаль хамгаалах нийгэмлэгийн ерөнхийлөгч, Чингис хааны академийн академич, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор Ж.Цэрэндэлэг, удирдсан байгууллагаа олон жил улсын тэргүүний байгууллага байлгаж, биднээсээ анх удаа Алтан гадас одонгоор шагнуулж байсан Ц.Шагдар, Монгол орны нутаг дэвсгэр дээрх нарны цацрагийн талаар судалгаа хийж олон арван бүтээл тууривсан доктор Д.Батдэлгэр нараараа тун их бахархдаг юм билээ. Харамсалтай нь тэдний дундаас Ж.Цэрэндэлэг, Ц.Шагдар нар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Ирж, буцдаг хүний хорвоод энэ ангийн 27 төгсөгчөөс өдгөө ес нь амьд сэрүүн байгаа юм. Төгсөлтийн 50 жилийн ойдоо хүрэлцэн ирж амжилгүй бурхны оронд одсон 18 сайхан андынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт ажиллаж байсан андуудад нь гүн эмгэнэл илэрхийллээ. Энэ анги арван жил тутамд ойгоороо уулздаг нөхөрсөг хамт олон аж. Өнөө жил хэдийгээр есүүлээ ч гэсэн ирэх наймдугаар сард түүхт 50 жилийнхээ ойн уулзалтыг зохион байгуулж, бурхны оронд одсон ангийнхаа хамт олны гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлнэ гэсэн. Энэ тухай Г.Баасанхүү гуай “Манай ангийнхан удирдах авьяастай хүмүүс байсан. Цаг уурчид мэргэжилдээ тун үнэнч. Эмч, багш нартай хамт цалингаа нэмүүлье гэж хэзээ ч ажил хаяж байгаагүй. Яагаад гэвэл цаана нь асар их уршигтайг ойлгодог юм. Байгаль цаг уурын гамшигт үзэгдэл болох гэж байгааг бид мэдсээр байж ажил хаялт зарлавал тэрнээс ч илүү хохирол ирнэ гэдгийг мэддэг юм. Тиймээс цаг уурчдаараа бахархдаг даа. Бидэн дунд сайхан андууд олон байсан. Жишээлбэл, Х.Ролжин маань байна. Тэрээр Өмнөговь аймгийн Цаг уурын товчоонд ажиллаж байгаад зах зээлийн нийгэмд шилжихэд мал аж ахуй, газар тариалан эрхэлж арвин ургац авч, мал сүргээ өсгөн үржүүлж сүүлдээ туслах малчинтай болж байв” гэлээ. Тэгвэл цаг уурч гэдэг мэргэжил ямар онцлогтой болохыг Л.Нацагдорж гуай “Монгол Улсын нутаг дэвсгэр, хүн амыг бүрэн бүтэн байлгахад эмч нар, хилийн цэрэг, цаг уурчид онцгой үүрэгтэй хүмүүс юм” гэж тодотгов. Х.Цэвэлмаа гуай үргэлжлүүлээд “Манай салбар бол цэвэр шинжлэх ухаан техникийн ололтыг үндэслэдэг. Социализмын үеийн нийгмийн бүтээгдэхүүнүүд бол жинхэнэ бие, сэтгэлээрээ ажилладаг боловсон хүчин байсан. Тиймээс үе үеийн цаг уурын салбар гар хардаггүй, авлига авдаггүй, ашиг сонирхлын зөрчилгүй хүмүүс дээ” гэв.

Цаг уурчдад зориулсан нэгэн сайхан дуу байдаг юм. Н.Болдын шүлэг, Ж.Баатарын ая “Тэнгэр лусын харуул” хэмээх дууны

“Сарьдаг өндрийн мөнгөн тэргүүнд

Сарлаг таших манант өдрийг

Нугас жиндэх ангир даарах

Нуур өрөмтсөн сэрүүн намрыг

Тэнгэрийн аашийг танин мэддэг

Тэнгэр лусын харуулаа бид” гэсэн мөртүүдээс тэдний мэргэжлийн онцлогийг тольдох боломжтой билээ.

Монгол орны цаг уурын салбарын хөгжлийг түүчээлсэн энэхүү алтан үеийнхэн маань “Эрдэм номын эх ундаргыг заасан ачит багш нар, биднийг тосон авч ажил мэргэжилд дадлагажуулан сургасан ахмадууд, дэмжин ажиллаж байсан удирдлагууд болон үе үеийн мэргэжил нэгт та бүхэндээ талархаж явдаг шүү” хэмээн “Нэг ангийнхан булан”-гаар дамжуулан уламжиллаа.


Categories
мэдээ цаг-үе

Д.Батаа: Домог болсон “Хар” аварга минь цэнгэлдэх дүүргээд гараад ирдэг сэн

Волейболын спортын дэд мастер Д.Батаатай ярилцлаа.


-Таныг бага залуугаасаа л бөхчүүдтэй ойр байж, тэдэнтэй нөхөрлөсөөр ирсэн гэж сонссон?

-Би Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. 1969 оны намар Улаанбаатар хотын Барилгын техникумд суралцаж байхдаа волейболын спортоор хичээллэж эхэлсэн л дээ. 1970 оны БНМАУ-ын Залуучуудын анхны аварга шалгаруулах тэмцээнд “Барилгачин” нийгэмлэгийн нэрийн өмнөөс оролцож багаараа мөнгөн медаль хүртэж байлаа. 1970 оны намар хоёрдугаар курст манай ангид “Их монгол” Шаравжамцын зээ улсын начин Т.Дэмбэрэлсамбуу орж ирж билээ. Би олон бөх найзуудтай байсан. Өвөрхангайн улсын начин Ч.Даваасүрэн, Архангайн заан Х.Галиндэв, улсын заан Ч.Гочоосүрэн, аймгийн заан Ш.Баянзул, Булганы арслан С.Дорж, Увсын заан Ц.Пэрэнлэй, Өвөрхангайн улсын заан Ё.Ишгэн, дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын начин, Багшийн сургуулийн М.Баатар, улсын начин Г.Жалаа, улсын начин Ц.Ванчигцэрэн нартай үерхэн нөхөрлөж тэдний барилдааныг үзэж, тэднийг давахад нь баярлаж, унахад нь гоморхож явлаа. Ер нь халхын сайхан залуучуудтай нөхөрлөж явснаа санахад, миний өвөг аав Арван баядын алдарт бөх “Тоомсог” Шагжийн буян нөлөө ч байсан болов уу гэж боддог юм. Би 48 дахь жилдээ үндэсний бөхөө хөгжөөн дэмжиж байна.

-Тэр үеэс л найзуудаа дэмжиж бөх үзсээр байгаад бөхийн хорхойтон болжээ?

-Би 1970 оны өвлөөс эхлэн Дэмбээ (Т.Дэмбэрэлсамбуу)-г дагаж, үндэсний бөхийн барилдаан тогтмол үзэж эхэлсэн. 1972 оны хавар Дэмбээгийндээ Д.Цэрэнтогтохтойгоо танилцаж билээ. Цээеээ маань тэгэхэд Зүүнбаянд цэрэгт байсан, “Алдар”-ын чөлөөтийн аваргад ирсэн гэж байсан. Дараа нь улсын баярын өмнө 1972 оны долдугаар сарын 09-ний өдөр Улсын багшийн дээд сургуулийн автобусны буудал дээр цэрэг хувцастай Цээеэтэй тааралдлаа. Амар мэндээ мэдэлцэж “Бэлтгэл хэр хийв” гэвэл “Яахав гайгүй шүү. Гурав давах хэмжээнд хийсэн гэж бодож байна” гэхээр нь “Хавар уулзаж байхыг бодвол нэлээд зузаарч, сайхан болсон байна шүү дээ. Үзээд байхад юунаас ч айх юм чамд алга” гэсэн чинь “Гурав давбал долоо хоногийн чөлөө өгнө гэж Даш багш хэлсэн” хэмээж билээ. Тэгээд баяр наадам болдгоороо болж Д.Цэрэнтогтох зургаа давж чимэгтэй “Улсын начин” цол авах нь тэр. Дараа нь уулзаад ярилцахад “Чи намайг их зоригжуулсан шүү. Гурвын даваанд Булган аймгийн арслан Х.Сүхбаатарт луйвардуулах шахав. Хаячихаад байхад “Би давсан” гээд гүрийгээд, харин засуул Лүгдэв гуай “Сүхбаатар аа, чи сая цэрэгт унасан шүү дээ” гэж байж тахимаа авсан шүү” гэж билээ. Тэр жилийн наадмын түрүү үзүүр бөхийн тааварт яригдаж байсан улсын начин Ч.Лундаагаар дөрөв, аварга Ч.Бээжингээр тав давж, арслан П.Дагвасүрэнгээр зургаа давж өсөх идэр начин цол авсан юм.

-Д.Цэрэнтогтох аваргын санаанаас тань гардаггүй, дурсамжтай барилдаан гэвэл?

-“Алдар” нийгэмлэгийн аварга шалгаруулах бөхийн барилдаан юм. 1975 оны дөрөвдүгээр сарын дундуур болсон. Тэр өдөр ажлын өдөр байсан санагдана. Чөлөөт бөхийн шигшээ багийнхан Америкт “Дэлхийн цом”-д яваад ирж. “Алдар”-ын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан нь УАШТ-д орох эрхтэй болох учир Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар хоёрын хооронд гол барилдаан болох байв. Тэмцээнийг Дэмбээтэй очиж үзэж Цээеэ (Д.Цэрэнтогтох)-гийн дээлний захыг Дэмбээ мушгиж суулаа. Батлан хамгаалах яамны ангиудаас ирсэн жараад бөх шатарчилж 5-6 өдөр барилдаж, хаалтын сүүлчийн өдрийн барилдаан дээр Батлан хамгаалах яамны орлогч сайд нь Д.Хадбаатарт хоёр өрөө байрны түлхүүр гардуулж баяр хүргэв. Хад (Д.Хадбаатар) ч хийморь, зоригтой гэж жигтэйхэн. Цээеэ, Хад хоёр үзүүр түрүүнд үлдэхэд “Алдар”-ын заал пиг дүүрлээ. Барилдаан удсангүй эхлээд Цээеэ баруун хөлийг нь аваад хойш хөөгөөд унагахад гутал сугарч дахин барилдаж ард талд гарч хаяж билээ. Тэр үед Цээеэ маань эмнэг адуу шиг хэнтэй ч удаж барилдаж байгаагүй хурд, хүч сэрвүү мэхээр бүх асуудлыг шийдвэрлэдэг байв. Армийн аварга бөх болж 1975 оны улсын аваргад орж хоёрдугаар байр эзлэн улсын заан цолоос нэг даваа дутаж билээ.

-Тэр үед аваргуудын барилдааныг хэр үздэг байв, хоёр Мөнхийн?

-1974 оны дөрөвдүгээр сарын 22-нд Лениний мэндэлсний 90 жилийн ойд зориулсан барилдаан Спортын төв ордонд ажлын өдөр болж хоёр Мөнх үлдсэн байсныг яг дэргэдээс нь үзэж билээ. Хоёр дархан аваргын барилдаж байгаа нь бух мөргөлдөж байгаа юм шиг. Тас нис хийгээд барьц халалцаж байгаа нь ямар аймшигтай гэж санана. Холоос үзэж байхад яг юу болж байгааг мэдэх биш. Энэ барилдаанд Х.Баянмөнх аварга түрүүлсэн. Одоо ид барилдаж байгаа аварга, арслангууд бас тэгж их хүч гаргаж тас нис хийтэл барьцаа сольж барилддаг байлгүй.

-Д.Цэрэнтогтох аваргыг нутгийнхан нь гэлтгүй монголчууд “Хар” аварга хэмээдэг байсан. Тэр нэр домог мэт л дуулддаг байлаа?

-Би найзыгаа Цээеэ гэж дууддаг байсан. Нутгийнхан нь “Хар” аварга гэж их хүндэлнэ. Цээеэ маань тэр нэрэндээ ч их дуртай, “Хар” аварга аа гэхээр таатай хүлээж авна. Домог болсон “Хар” аварга минь наадмаар дэвээд гараад ирэхэд цэнгэлдэх дүүрэх шиг л санагддаг байж билээ. Тийм л нөмөр нөөлөгтэй, сайхан монгол бөх байсан юм, миний найз чинь.

1980 оны дөрөвдүгээр сар. Москва. Улаанталбай. Д.Батаа найз Д.Цэрэнтогтохтойгоо тааралдаж Монголын чөлөөт бөхийн шигшээгийнхэн АНУ руу “Дэлхийн цом”-д оролцохоор нисэхийн өмнөхөн энэ зургийг дурсгал болгон татуулжээ.

-Тэр үед бөхийн найраа, начны найраа гэж юм байв уу?

-Тэр үед үндэсний бөхийн барилдаан цөөн болдог байлаа. Гэхдээ бүтэн сайнд 12 цагаас “Хөдөлмөр”-т, 15 цагаас Спортын төв ордонд, 17 цагаас “Хоршоолол”-д, хааяа байгууллагын ой, гадаадын зочид төлөөлөгчдөд зориулсан барилдаан болно. Гэхдээ тэр барилдаанууд яс болно. Цагаан сараар 128 бөх, бусад заалны барилдаанд голдуу 64 бөх барилдана. Жилдээ нийгэмлэг, их дээд сургуулиуд, бөх ихтэй томоохон албан газрууд аварга шалгаруулж хотын аварга, УАШТ, спартакиадын аварга болдог байсан юм. УАШТ, спартакиадаар цол гуншин өгнө. Тэр үед үзүүр түрүүнд, их, дунд, бага шовогт үлдэнэ гэсэн тааварт улсын арслан Ж.Хайдав, М.Мөнгөн, улсын заан Ө.Тулгаа, улсын заан Д.Мягмар, улсын заан Р.Давааням, улсын начин Д.Цэрэндаш, аварга Ч.Бээжин, улсын гарьд Д.Баяраа, улсын заан Д.Долгорсүрэн, Ё.Ишгэн, З.Дүвчин, улсын начин Д.Галдандагва, улсын харцага Ч.Лундаа, улсын заан Д.Лхагвасүрэн, Д.Амгаа, улсын харцага Ж.Бор, улсын аварга Д.Хадбаатар, улсын арслан П.Дагвасүрэн, Ө.Эрдэнэ-Очир, Л.Сосорбарам, арслан Г.Дэмүүл нарын бөхчүүд ордог байлаа. Тэр үед начны хавтгайрсан найраа байгаагүй юм. Гарцаагүй олон жил сайн барилдсан бөхчүүдийг дэмждэг байсан. Жишээ нь, улсын баяр наадамд дөрвөн удаа дөрөв давж байсан Булганы арслан Г.Лхагвадорж, гурван удаа дөрөв давсан Булганы арслан Х.Сүхбаатар, хоёр удаа дөрөв давсан Увсын арслан Б.Намжин, Ё.Доржготов, Булганы Г.Нансал нар улсын цол авч чадаагүй нь ямар шударга барилдаж байсныг гэрчлэх байх.

-Допингийн асуудал үнэхээр хүнд байна аа. Үүнд та бөх сонирхогч хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Бөхчүүдийн хувьд бүгдээрээ хүч оруулагч витамин, уурагт, эмийг наадмаас наадмын хооронд хэрэглэдэг нь нууц биш болоод удаж байна. Гэхдээ допингийн шинжилгээний хариу их эргэлзээтэй. Хэний сорьцоос допинг илрүүлэх вэ гэдэг нь хэсэг бүлэг хүмүүсийн л дурын асуудал болсон гэж харагдаад байдаг юм. Одоо бол үндэсний бөх мэргэжлийн түвшинд хүрсэн гэж үзэж болно. Бөхчүүдийн амьдралын эх булаг нь энэ спорт болсон. Энэ зөв. Харин начны найраа 250-300 сая төгрөгт хүрсэн нь дэндүү харамсалтай. Шударга барилдаад цолонд хүрвэл гайхалтай. Ноднин улсын арслан Н.Батсуурь П.Бүрэнтөгс нарыг цувуулж хаяж улсын начин болсон Д.Тамир шиг барилдах хэрэгтэй. “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэдэг үг бий. Том цолтой бөхчүүд сэтгэл зүйн хувьд их болгоомжтой хандаж байгаад унах тал бий л дээ. Хэн ч хэнийг хаяж, хэн ч хэнд унадаг цаг болсон юм хойно. 1970-1980 оны дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтохын үе биш шүү дээ. Одоо бүх юм хачин сонин болсон, хүн нь хүнээ алдсан цаг ч юм уу даа гэж зарим талаар бодогдох юм. Дархлаа тогтсон улсын аварга, арслангүй болсон цаг шүү дээ.

-Өнөө жилийн баяр наадмын барилдаан ямар болох бол оо. Таавраасаа хуваалцахгүй юу?

-Улсын начин цолыг 5-6 аймгийн арслан, заан цолтой бөхчүүд авах болов уу. Хамгийн их хөлс хүч гаргаж хөдөлмөрлөсөн аавын хүү түрүүлэх нь гарцаагүй. Би аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Баянхонгорын Б.Эрдэнэхүү нар улсын начин болоосой гэж бодож байна. Аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Н.Жаргалбаяр, Н.Түвшинбаяр, Б.Пүрэвсайхан, улсын харцага М.Бадарч, О.Хангай, улсын начин Ө.Бат-Өлзий нараас их шөвөгт үлдэж, улсын гарьд Б.Гончигдамба түрүүлэх болов уу гэж бодож байна. Хэн тайван цагт их хөдөлмөрлөж бэлтгэл хийж хөлс их гаргана, тэр хүн ялалт байгуулах нь гарцаагүй. Баяр наадмын ногоон дэвжээ хэнд түрүү өгөхөө өөрөө мэддэг юм.


Categories
мэдээ цаг-үе

Төгсөлтийнхөө 50 жилийн ойтой золгож буй Дундговийн 10-ын “А”-гийнхан

Одоогоос хагас зуун жилийн өмнө буюу 1968 онд Дундговь аймгийн төвийн арван жилийн сургуулийг төгссөн эрхмүүдийг “Нэг ангийнхан” буландаа зочноор урилаа.

Боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, холбоо, эрүүл мэнд, батлан хамгаалах, хууль сахиулах салбарын шилдгүүд, инженер, эрдэмтэн судлаачид төрсөн тус ангийнхан өдгөө 50 жилийн түүхт ойтойгоо золгоод байна. “Мандалговийн арван жилийн 10А ангийг 29 хүүхэд төгсч байлаа. Сургуулиа төгссөнөө хойш хэн хэнээсээ сэтгэл салгалгүй явж ирсэн. Гэнэн томоогүй, гэгээн цайлган насныхаа нандин он жилүүдийг хамтдаа туулсан болохоор бие биенээ үргэлжид дурсан санана. Эхлээд арван жил, таван жил болоод уулзалддаг байв. Сүүлдээ жил бүхэн, одоо бол жилдээ хоёр, гурав бараг түүнээс олон удаа уулзалдах болсон. Бидний уулзах цаг хугацаа улам л ойртоод, хүмүүний амьдралын хөөр баяр, жаргал зовлон бүхнээ хуваалцаж байна” хэмээн ангийн дарга, гол зохион байгуулагч Нямаагийн Сүрэндаваа хэлсэн.

Шинэ жилээс эхлээд бүхий л баяраа тэд хамтдаа тэмдэглэдэг байна. Мэдээж цэргийн баяраар эрчүүдээ, мартын 8-нд ангийн “охид”-оо баярлуулах гээд шил шилээ дарсан баярууд үргэлжилнэ. “Одоо ч холбоо харилцаа сайхан болчихсон, өдөр бүр л утсаар мэнд усаа мэдэлцэх юм. Тавин жилийн өмнө арав төгсөөд тал тал тийшээ сургууль соёлын мөр хөөгөөд гарч байхдаа нэгнийхээ сургийг сонсохтой үгүйтэй, захидлаар л харилцдаг байлаа шүү дээ” хэмээн ангийн охид, хөвгүүд дор бүрнээ өгүүлж байлаа.

Дундговь аймагт математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны сургуулийг нээж, нэгэн цагт математикийн шинжлэх ухааны нэрийн хуудас болж явсан Монгол Улсын гавьяат багш Намжилын Өлзийг мэдэхгүй хүн ховор. Өлзий гавьяат сургууль төгсөхөд анги удирдсан багш нь байсан гэнэ. Ер нь бид азтай хүүхдүүд, Н.Өлзий, Л.Намжил, Ө.Тогоо гээд математикийн шилдэг багш нараар удирдуулж, тэднээр хичээл заалгаснаа дурсав. Сайн багш нарын дуурайлал ч юм уу, энэ ангийнхан багш олонтой. Ангийн дарга Сүрэндаваагаас эхлээд Амаасүрэнгийн Бадарч, Дашийн Доржжавд, Самбуугийн Дугармаа, Өвгөний Ням-Осор, Доржийн Нямсүрэн, Данзаннямын Оргодол, Гэмпилийн Ренчинханд, Раашийн Чанцалдулам, Гэндэн-Яринпилийн Эрдэнэ-Очир гээд арав гаран багштай. Нарт ертөнцөд эгнэшгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяасан гээд өөрийн хөдөлмөр бүтээл, амжилттай өөдрөг яваа шавь нар, хүүхдүүдийнхээ тухай тэд хөөрөлдөнө. Энэ багш нарын нэг нь айраг адууны орон гэгддэг Эрдэнэдалайн сургуульд 20 гаруй жил захирлаар ажилласан Өвгөний Ням-Осор гэж лут эр байна. Говь-Угтаал, Сайхан-Овоо сумдын сургуульд хичээлийн эрхлэгч байгаад Эрдэнэдалайн захирлаар үр бүтээлтэй ажилласныг ангийн нөхөд нь ч, мянга мянган шавь нар нь бардам хэлэх аж. 2006 онд сургуулиа улсын тэргүүний сургууль болгоод даналзаж байсан түүнээс “Та чинь гавьяат биз дээ” гэж санамсаргүй асуухад “Өө, би чинь Ардын боловсролын тэргүүний ажилтан хүн. Намайг чинь зарим нь гавьяат л гэж боддог юм билээ. Ямар сайндаа 2013 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авахад олон хүн гайхсан, баяр хүргэсэн. Тэр хүртэл би гэдэг хүн одон ч үгүй тууж явлаа” гээд инээд алдсан. “Миний аав Домийн Өвгөн аймгийнхаа наадамд олон түрүүлсэн бөх. Мөн нутаг усандаа нэртэй уяач байсан” гэж тодотгосон нь учиртай. Тэрээр аавынхаа 100 насны ойг нутаг усандаа дориухан тэмдэглэжээ. Сурагч ахуй насандаа воллейбол, шагайн харваа, теннис, сагсан бөмбөг гээд спортын бүхий л төрлөөр хичээллэдэг, тэмцээн уралдаанд амжилттай оролцдог “Солгой Ням-Осор” нэртэй байсан гэдэг.

Өлзий багшийнхаа мэргэжлийг нэр төртэй үргэлжлүүлж яваа математикийн алдарт багш Доржийн Нямсүрэн олон шавь нараа олон улсын математикийн олимпиадад сойж шаггүй амжилтад хүрч явсан, тооны эрдмээрээ гайхуулсан ухаалаг шавь нартай.

Сурган хүмүүжүүлэх ухааны доктор Гэндэн-Яринпилын Эрдэнэ-Очир гэж ид залуухнаараа хорвоог орхисон эрхэм нөхрөө тэд ам булаалдан дурсч байна. Ангийн анд нөхрийнхөө цэл залуудаа бүтээсэн гавьяаг нутаг оронд нь үргэлж дуурсгадаг нь уярам сэтгэлийг төрүүлсэн. Хоёр жилийн өмнө Эрдэнэ-Очирынхоо төрсөн нутаг Говь-Угтаал сумын сургуульд цээж баримлыг нь хүндэтгэлтэйгээр залжээ. Ингэж нэгэн танхимд бужигнаж явсан нөхрөө хөшөөнд мөнхөлсөн байна. Говь-Угтаалын сургууль Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болсон зэрэг нь энэ ангийнхны гавьяа зүтгэлтэй ямар нэгэн байдлаар холбоотой гэх тэнгэрлиг бодол ургаж байлаа. Мөн Говь-Угтаал уугуул Оргодол багш сургуульд байхын шаггүй тамирчин, аймаг, улсын хөнгөн атлетик, гүйлтийн тэмцээнд олон жил тэргүүлж “зуугийн Оргодол” гэж нэртэй болсон бол нас ахисан ч хувь тавихгүй 2014 онд Дорноговь аймгийн ахмадын тэмцээнд түрүүлж медаль авч байсныг нөхөд нь оны тэргүүнээр урамшуулжээ.

Тус ангийн хөвгүүд хичээл номондоо гаргуун, бие бялдар тэгш, мөн эх оронч сэтгэлгээтэй байсных нь илэрхийлэл таван “дайчин”-аар хэмжигднэм. Цэргийн сургуулийн босгыг анхлан алхсан эрхэм бол Жаламын Бавуудорж хурандаа. Цэргийн нэгдсэн дээд сургууль дүүргээд улмаар ЗХУ-д дэлхийд алдартай Фрунзийн академи төгсчээ. Зэвсэгт хүчний жанжин штабт оператороор олон жил нэр төртэй ажиллаж байсныг ангийн нөхөд хүндэтгэн дурссан. Энэ ангийнхны бахархал болсон бас нэг хурандаа нь Готовын Лүндэн. Эх орон ард түмнийхээ өмнө ихийг хийж бүтээсэн хүн хичнээн даруу, юм үзэж нүд тайлсан нүнжигт чанар нь өөрийн эрхгүй бахдал төрүүлэх юм даа гэж Лүндэн хурандааг хараад бодож билээ. Өдгөө зуу гаруй насалж буй Монгол Улсын баатар Пунцагийн Шагдарсүрэн гуайн шанг нь таталцсан Монголын дипломат алба өнгөрсөн зууны туршид ч, өнөө цагт ч улс орныхоо тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх тулгуур багана нь байсаар ирсэн. Монголын дипломат албаны нэгэн шигтгээ нь өнөө жил 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа цэргийн дипломат алба юм. Энэхүү нэр хүндтэй албанд 30 гаруй жил оюунаа чилээж зүтгэсэн армийн бэлтгэл хурандаа, нэгэн үе Гадаад харилцааны яаманд ажилласан шадар цолтой хүндэт дипломатч түүнийг Монголын төр хүндэтгэдэг. Ийм л эрхэм хүмүүн энэ ангийн нэгэн сурагч билээ. Лүндэн хурандаа “Хүний хувь заяа гэдэг таашгүй сонин. Би чинь Харьковын улсын их сургууль төгссөн, физикч мэргэжилтэй хүн. Сургуулиа төгсч ирээд Үнэ стандартын улсын хороонд ажиллаж байв. Ингээд 1975 онд цэрэгт татагдсанаар цэргийн хүн болох зам мөр минь тавигдсан” гэж аядуу зөөлнөөр хэлсэн. Мандалговийн 10А-гийнхны бас нэгэн өмөг түшиг, ханагар уул шиг хурандаа нь Лувсандоржийн Очирхуяг. Монголын цагдаагийн домог болсон хурандаа нарын нэг тэрээр дипломат төлөөлөгчдийн газруудын хамгаалалтыг эрхэлсэн эргүүл хамгаалалтын ангийг олон жил удирдсан гавьяатай. “Монголын цагдаад хурандаа цол хүртлээ 40 жил хоёргүй сэтгэлээр зүтгэлээ” гэж омог бардам хэлнэ лээ. Уг эрхмийг цагдаагийн бие бүрэлдэхүүн болоод эргүүл хамгаалалтын албанд мэдэхгүй хүн гэж ховор. Зөвхөн хууль хүчний байгууллагаас гадна улс төр, урлаг соёл, спортын талбарт ч нэр хүндтэй. Олонтой хүн гэх тодорхойлолт Очирхуяг хурандаад жинхэнэ ёсоор зохицном буюу. Энэ хурандаа нараас гадна Рэнцэнгийн Адьяадорж мөн л цэрэгтэй холбогдсон. ЗХУ-д Цэргийн холбооны инженерийн сургууль төгсөж, армид арван жил алба хаагаад дараа нь Өмнөговийн холбооны дарга, мөн Дундговь аймгийнхаа холбооны газрын даргаар ажиллажээ. “Хүн бүр ганзагын наймаанд явж байсан тэр жилүүдэд би эсрэгээрээ орон нутагтаа юм байгуулах гээд оролдож байсан” гэх тэр аялал жуулчлалыг говь нутагтаа бий болгосон Дэлгэрхангай уул шигээ нөмөр нөөлөгтэй нэгэн ажгуу. Лениний Дэмид гэж ахаараа овоглосон бас нэг офицер Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дорнодын хилийн отрядад алба хааж явсныг нөхөд нь сануулсан юм.

Нийтэч, нөхөрсөг байдал, мөн зүггүй дэггүйгээрээ зартай тус ангийнхнаас хэд хэдэн хүн их, дээд сургууль төгсөж эдийн засагч болсноос Доржийн Буян-Өлзий, Бүддаваагийн Сумъяабал нар аймгийн захиргааны төлөвлөгөөний хэлтэс, статистикийн тов-чоонд, Лхамжавын Норовсүрэн барилгын салбарт, Бүрэнтогтохын Цэдэв даатгалын чиглэлээр ажиллаж, харин Харьковт суралцаж уул уурхайн эдийн засагч болсон Гэмпилийн Сандаг геологийн салбарт хүчээ сорьжээ. Хүнд механизмыг төгс эзэмшсэн Бадамгаравын Дангаа мөн уул уурхайн салбарынх. Ангийн хөвүүн Лувсандоржийн Дамдинбазар, охин Доржийн Бархассүрэн нар эрчим хүчний салбарт олон жил ажиллаж хүн арддаа гэрэл гэгээ түгээсэн буянтнууд. Шинжлэх ухааны талбарт нэр хүндтэй ажилласан нэгэн нь Цагаан-Өвгөний Бархасдорж. Монгол Улсын их сургуулийг биохимич мэргэжлээр төгссөн тэрээр шууд л Шинжлэх ухааны академийн босгыг алхсан байна. Тэгээд ч зогсохгүй Монголын шинжлэх ухааны нэрт эрдэмтэн, буурал академич Цэндийн Хайдав гуайн удирдлагад ажилласан түүхтэй.

Ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухааны алтан гартай профессорын нэр бүхий олон эмийг санаачилж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэхэд дэргэд нь байж, уламжлалт эмийн хяналтын менежер зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан гэнэ.

Анагаахын олон ном бүтээлд эрдэм оюунаа зориулжээ. Эдний ангийнхнаас анагаахаар явж эмч болсон нь Цэвээний Цэрэнбалжид, тэрээр аймгийнхаа хоёр суманд Хүний их эмчийн салбарын эрхлэгчээр 10 гаруй жил ажиллаад цаашдын хөдөлмөрөө сүрьеэтэй тэмцэх үндэсний хүрээлэнтэй холбосон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, ангийхныхаа эрүүл мэндэд санаа тавьдаг нэгэн.

МУИС-ийг инженер-гидротехникчээр төгсөөд Батсүмбэрийн сангийн аж ахуйд услалтын системийн инженерээр хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Түдэвийн Лувсанбүд Хөдөө аж ахуйн хожим нь Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд усалгаа, тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч даргаар нийт 30 гаруй жил ажиллаж усалгаатай тариаланг хөгжүүлэх, үр шимийг нь нэмэгдүүлэхэд бүхнээ зориулсан Төрийн захиргааны албаны Тэргүүлэх зэргийн гутгаар түшмэл, Монгол Улсын зөвлөх инженер одоо ч зөвлөгөөгөө өгч ургацаа хураасаар явна.

Тариаланг усжуулдаг инженер байхад говийг ойжуулдаг инженер эднийд бас бий. Байгаль хамгаалах, говийг ойжуулах чиглэлээр насаараа ажиллаж аймгийнхаа төвд ногоон төгөл байгуулсан энэ бүсгүйг Цэенгийн гэхээс илүү Ойн Бямбаа гэж овоглох нь бий. “Оросын тэрэгнүүдээс надад унаж үзээгүй машин ховор доо” хэмээн тавиад жил жолоо мушгиж буй онц тээвэрчин Чойсүрэнгийн Амгалан, эмэгтэй гээд түүнээс дутаагүй бас нэг жолооч нь Гомбын Дүгэрсүрэн. Худалдааны салбарт насаараа ажилласан Дашийн Вачирдагиныг одоо бизнесийн дагина болсон гэж ангийнхан нь өргөмжилнө.

Дундговь нутгийнхаа “Хан хуурч” хэмээн өргөмжлөгдсөн Гончигийн Цэрэндоржийн хуурдахыг харж суусан Оргодол ах “Манай анги шиг гавьяа түүхтэй анги Дундговьд бий болов уу” гэж омогтойхон хэлээд “Манай ангийнхан урлагийн үзлэгээр өөрсдийн бүтээлийг тоглож байлаа. Эрдэнэ-Очир маань дууны шүлэг бичээд, хан хуурч Цэрэндорж хөгжмийг нь бичээд, тийм л шинэ бүтээлийг бид багш, сурагчдын хүртээл болгон магтуулж мандаж явлаа, одоо тэр нь манай ангийнхны сүлд дуу болсон” гэж тодотгосон юм. “Би чинь Дэрэнгийнх. Манай Очирхуяг бас Дэрэнгийнх. Зууны манлай уртын дууч Норовбанзад, “Дэрэнгийн хар азарга”-ын Цэндийн Чимэддорж бид нэг хонхрын хүмүүс. Чимээ маань Монголын радиод, миний бие ХААЯ-нд бараа бараандаа л явсан” гэж Лувсанбүд ах дуулгасан. Тус ангийн урлаг соёлын гол хүн нь мэдээж Цэрэндорж гуай. Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг барилгын инженерээр төгссөн тэрээр таван настайгаасаа хуур хөгжим сурч, 50 гаруй жил өөрийнх нь хэлснээр “хуураа хөрөөдөж” явна. Дуу хуурын өлгий нутгийн зон олноос “Хан хуурч” өргөмжлөлийг хүртэж, наадам, цагаан сар гээд төрт ёсны баяраар нутгийнхаа жаврыг үргээнэ гэдэг дээдийн хүндэтгэл байхаас яахав. Ийм л хүн бүхэн нь сонин гойд ертөнц болсон түүхтэй ангийнхныг онцоллоо.

Ангийн дарга Сүрэндаваа 1967-1968 оны хичээлийн жилд Монгол орон даяар явагдсан орос хэлний улсын олимпиадад тэргүүлж, УБИС-ийн орос хэлний ангид урилгаар орж байсан. Ямар ч шалгалтгүйгээр урилгаар орно гэдэг тухайн үедээ үзэгдэл байсан нь мэдээж. Ингээд Багшийн сургуулийг төгссөнөөс хойш орос хэлний багшаар нэр төртэй ажилласан нэгэн.

Тэрээр Равжаа хутагтын нутаг Дорнын говийн бэр болж тэнд ажиллаж амьдарч байна. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Хурмаст тэнгэр” төвийн тэргүүн яруу найрагч Шатарын Энхбаяр, “Морин хуур”, “Алтан намар” наадмын тэргүүн байрын эзэн, энэ цагийн нэртэй хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр гэсэн хоёр хүү нь ижийгээ баярлуулж, их урлагийн тэнгэрт мандаж явна. Арван жилийн сургуулиа төгсөөд 50 жилийн хавартай золгосон ч хүүхэд багын гэгээн тунгалаг чанар, нэгнээ хайрласан сэтгэл нь халуун хэвээрээ энэ л ангийнхны дурсамж дурдатгалыг хуваалцах сайхан байлаа.


Categories
мэдээ нийгэм

Наадмын нээлтийн тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудаар борлуулж байна

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл”, “Дүнжингарав”, “Оргил” болон “Драгон” салбараар борлуулж байна.

Мөн жуулчдад зориулсан тасалбарыг Нийслэлийн аялал, жуулалын газрын байранд борлуулж байгаа бөгөөд суудлын зэрэглэлээс хамаарч 16-24 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Өмнө жилүүдэд наадмын нээлтийн тасалбарыг ихэвчлэн нэг цэгт борлуулдаг байсан. Энэ нь иргэд тасалбар борлуулах цэгийн гадна хонох, урт дараалал үүсгэх улмаар гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан болдог байсан юм. Харин энэ жил дөрвөн цэгээр борлуулснаар уг асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа аж.
Categories
мэдээ соёл-урлаг

“Best kids model of the Universe -2018” наадамд эх орноо төлөөлөн орсон охид ганзага дүүрэн ирлээ

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Дэлхийн тайзнаа монголын бяцхан миссүүд эх орныхоо нэрийг өндөрт өргөн төрийн далбаагаа мандуулж ялалтын алдраар амжилтын буухиагаа үргэлжлүүллээ. Тодруулбал, Италын Милан хотноо зургаадугаар сарын сүүлээр зохион байгуулагдсан “Best kids model of the Universe -2018” наадамд эх орноо төлөөлөн Монгол охид өрсөлдлөө. Загварын өлгий Милан хотноо болсон уг тэмцээнд 5-17 насын охид, хөвгүүд дөрвөн ангилалд өрсөлдсөн. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн “Бяцхан мисс” ОУХБ-ын дэргэдэх “Охидын мисс” төвийн авьяаслаг сурагчид болох М.Тэргэл, Н.Анаргоо, С.Номин-Эрдэнэ, А.Ариунсувд, Л.Мөнхдалай, Г.Хонгозул оролцсон юм. Зургадугаар сарын 29-нд тэмцээний шилдгүүд тодорсон бөгөөд Ганхуягийн Хонгорзул “Preteen” насанд ялагчаар тодрон “Сувдан титэм”-ийн эзнээр тодрон “Best kids model of the Universe ” шагнал, “Best kids model of the international” номинацийн эзэн боллоо.

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Оролцогч Лхагвабаяр Мөнхдалай “Best Kids Model National costume”, “Best teen model international” номинацийн эзэн, Сүхбуянгийн Номин-Эрдэнэ “Best of the world” номинацийн эзэн, Мэндтулгын Тэргэл “Best kids model of Asia”, “Baby best kids model the universe 2nd runner up” номинацийн эзэн, Наянтагийн Аноргоо ” Mini best model internet”, “Best kids model of Internet” номинацийн эзэн, Алтангэрэлийн Ариунсувд “Best kids of Press” номинацийн эзнээр тус тус шалгарлаа. Тэд өчигдөр эх орондоо ирсэн юм.

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Монгол охидууд Миланаас ганзага дүүрэн шагналтай ирлээ

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс Филиппинтэй батлан хамгаалахын салбарт хамтарч ажиллана

Филиппинтэй батлан хамгаалахын салбарт хамтарна

Монгол Улс Филиппинтэй батлан хамгаалахын салбарт хамтарч ажиллах тохиролцоонд хүрчээ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тус улсын Батлан хамгаалахын сайд Дельфин Лоренцанотой өчигдөр уулзах үедээ энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Филиппин, Монголын зэвсэгт хүчин бүс нутгийн шинжтэй цэргийн хээрийн сургуулилт, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад байнга оролцдог. Хоёр талын хмтын ажиллагааг хөгжүүлснээр бүс нутгийн хэмжээнд болон дэлхий нийтэд энхтайван байдлыг хадгалах үйлсэд хүчээ нэгтгэх боломжтой гэж Н.Энхболд сайд онцолжээ.

Дельфин Лоренцано хариуд нь хамтын ажиллагааг хөгжүүлснээр хоёр улсын батлан хамгаалах салбар илүү бэхжүүлэх ач холбогдолтой гээд манай улсын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон туршлагаас хуваалцах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмаар Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн боомтууд амарна

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрүүдээр тохирсны дагуу Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн боомтууд амарна.

Монгол-Оросын хилийн боомт (Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу):
Цагааннуур-Ташанта боомт долдугаар сарын 11-15-ны өдөр
Тэс-Шар суурь боомт долдугаар сарын 11-13–ны өдөр
Ханх-Монд боомт долдугаар сарын 10-13-ны өдөр
Ульхан-Дээд ульхан боомт долдугаар сарын 10-13-ны өдөр
Боршоо-Хандгайт боомт долдугаар сарын 10-13-ны өдөр
Арцсуурь-Цагаантолгой боомт долдугаар сарын 10-13-ны өдөр тус тус амарна.

Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллана.

Монгол-Хятадын хилийн боомт (Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүрээнд):
Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд 2017 оны долдугаар сарын 11-15-ны өдөр амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

Categories
мэдээ соёл-урлаг

Хатгамлаар урласан “Монголын нууц товчоо”-г танилцууллаа

Дэлхий нийтэд тархан суурьшсан Монгол туургатны өв соёл, уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий “Мөнх тэнгэр” соёл, урлагийн их наадам Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Наадамд Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын 200 гаруй уран бүтээлч болон үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна. Уг их наадмын хүрээнд өчигдөр буюу энэ сарын 06-нд “Монгол өв соёл – Тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурал, Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан Харин өнөөдөр Монгол туургатны соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа болж байна.

Eric Taichar-н зураг.

Мөн Сүхбаатарын талбайн баруун болон зүүн талд Монгол уран хатгамлчдын авъяас билгийг харуулсан “Монголын нууц товчоо”-ны хоёр хувилбарыг байрлуулжээ. Баруун талд “Монголын нууц товчоо судлалын хүрээлэн”-гийн бүтээсэн 180 метр урт торгонд зээгэн хатгамлаар урласан “Монголын нууц товчоо”-г байрлуулсан байна. Уг бүтээлийг хийхэд нийт 5 жилийн хугацаанд бүтээсэн бөгөөд Монголын нууц товчооны бүх бүлэг, 18 түүхэн зургийг зээгэн хатгамлаар оёсон байна.

Сүхбаатарын талбайн зүүн талд Хэнтий аймгийн иргэн Д.Нэргүй, Ж.Нарантуяа нарын санаачилгаар 21 аймгийн 5000 гаруй уран хатгамалч хоёр жилийн хугацаанд хамтран бүтээсэн 108 метр урт эсгийн зээр зурган өгүүлэмжээр ширсэн “Монголын нууц товчоо”-г байрлуулжээ. Энэхүү бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу оржээ.

Талбайн гол хэсэгт Монголс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бол хойд хэсэгт байрлах Монгол гэрүүдэд уран хатгамал, уран бичлэг, Монгол хөгжим зэрэг түүхийн болон соёлын өвийг танилцуулж байна.

“Мөнх тэнгэр” соёл, урлагийн их наадам өнөөдөр орой “Монгол Костюмс”-ын 15 жилийн ойн театрчилсан загварын тоглолт, “Этно хөгжмийн үдэш” арга хэмжээгээр үргэлжилнэ.