Categories
мэдээ нийгэм

Архангайн сумд 50 тонн өвс бэлдэнэ

Аймгийн Засаг дарга энэ сарын 24-нд аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангах албан даалгавар гаргажээ. Үүнд, 19 сум тус бүр сумынхаа аюулгүй нөөцөд 50 тн өвс, 30 тн гар тэжээл бэлтгэх даалгавар авсан байна. Харин малчдын түвшинд сум тус бүр 3000-5500 тн өвс, 40-90 тн гар тэжээл бэлтгэх юм байна. Тодруулж хэлбэл, сумд энэ намар нийт 80, 000 тн өвс, 1300 тн гар тэжээл бэлтгэнэ гэсэн үг.

Аймгийн нөөцөд 450 тн өвс, 150 тн гар тэжээл бэлтгэх юм. Аймгийн аюулгүй нөөцөд 33 албан газар, байгууллагууд ажиллаж байгаа хүнийхээ тооноос хамааран 500 кг-аас 6600 кг өвсийг бэлтгэж өгөхөөр тооцоолж албан даалгаварт хавсаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн цахилгаан засвар үйлчилгээний хуваарь

Өнөөдөр буюу 2018 оны долдугаар сарын 30-ны Даваа гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

11:00-20:00 цагт: 9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал, Монополь Дөрвөн өлзий, Бэст сервис, Альбатросс Эс Пи сервис, Мануул трэвл ХХК-ууд, Уурын зуух, ЦТС амралт

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

11:00-16:00 цагт: 3-р хороо ХЗДХЯ /ЦЕГ-ын МШУТ/, Валют арилжааны үйлчилгээ /Дагвадорж/, Гутал засвар /Хастунгалаг/, НӨХГ, ЧД-ийн Цагдаагийн хэлтэс, Эй Би Эм Эй ХХК, Мончигэстэй, Гэрэлт ирээдүй, Хантүмэн, Болдтөмөр ерөөл гол, АВМ, Алагдаага, Ашид билгүүн ХХК-ууд, Дагвасүрэн /үйлчилгээ/ болон эдгээрийн ойр орчмоор

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: 16-р хороо Туулын 1-7-р гудамж, 252 айлын орон сууц болон эдгээрийн ойр орчмоор

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 8, 20-р хороо 5-р бааз, Оддин, Мон Сүү, Савангийн үйлдвэр ХХК-ууд, Нефтийн байр, ХЦХ-1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах сайн дурынхан сургалтад хамрагдлаа

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх“ төслийг Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн 12 суманд хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд Дорнод аймагт “Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг” бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Матад, Булган сумын 30 иргэн хамрагдаж, гамшгаас хамгаалах талаар анхан шатны онолын мэдлэгийг болоод дадлагыг эзэмшсэн байна.

Мөн энэ үеэр сургалтад хамрагдсан сайн дурын хэсгийн гишүүд Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

С.Баярт эхлээд хор өгөөд дараа нь хоолоор шахсан болж таарч байна уу?

АТГ-ын даргыг солино гэсэн улс төр хүчтэй байна. Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах албан бичиг хүргүүлчихлээ. Төрийн тэргүүн албан бичигтээ хэзээнээс ярьсаар ирсэн жаран тэрбумын асуудлыг нь анхаарахгүй байна гэж АТГ-ын даргыг буруутгаж, ээлжит бус чуулганыг цаг алдалгүй хуралдуулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж. Товчхондоо АТГ-ын даргыг огцруулахыг хүссэн албан бичиг УИХ-д очоод хэд хоночихлоо. Наад өнгөндөө “26 гишүүн ийм агуулгатай бичиг ирүүлсэн учраас” гэсэн тайлбар зүүсэн ч цаад утга нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь байр суурь гэдэг нь М.Энхболдод хаягласан албан бичгээс төвөггүй уншигдаж байна. АТГ-ын даргыг огцруулах тухай улс төр бүтэн нэг жил явсан хуучин сэдэв. Жилийн хугацаанд өрнөсөн улс төр өдгөө Ерөнхийлөгчийг УИХ-д албан бичиг хүргүүлэх шалтгаан болсон хэрэг. УИХ ч удахгүй ээлжит бус чуулган зарлах шинжтэй байна.

АТГ-ын даргыг солихын төлөөх улс төрийн бүлэглэлд багтаж буй Л.Оюун-Эрдэнийн хэлж байгаа шиг 26 гишүүн АТГ-ын даргыг огцруулах гээд байгаа юм биш л дээ, уг нь. Хаврын чуулганы үеэр энэ асуудлаар нийтийн сонсгол хийе гэсэн санааг анх 19 гишүүн гаргаж байсан юм. 76 гишүүний дөрөвний нэг нь санал гаргаж байж нийтийн сонсгол хийх эрх зүйн орчин бүрдэх учиртай. Хууль зүйн байнгын хороо ийм шалтгаанаар нийтийн сонсгол хийх боломжгүй гэж үзсэн юм. Дараахан нь наадмын өмнөх өдөр 19 гишүүн дээр зургаан гишүүн нэмэгдсэнийг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харж болно. Сүүлд Я.Санжмятав гишүүн нэмэгдсэнээр нээлттэй сонсгол биш ээлжит бус чуулган хуралдуулах саналыг УИХ-д хүргүүлэх боломж бүрдсэн юм. УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь санал гаргасан тохиолдолд ээлжит бус чуулган зарлах хууль эрх зүйн орчин нээгддэг. Эндээс гарын үсэг зурсан гэх 26 гишүүний лав л 19 нь зүгээр л нээлттэй сонсгол хийе гэж дуугарсан болж таарч байна. АТГ-ын асуудал, жаран тэрбум зэрэг анхаарал татсан мэдээлэл дээр нээлттэй сонсгол хийх, АТГ-ын даргыг огцруулах хоёр тэс ондоо асуудал. Гэхдээ л хууль эрх зүйн орчин бүрдсэн учраас ээлжит бус чуулган болох нь тодорхой.

Энэ үйл явдлыг өнгөц харсан хэнд ч дажгүй зураг харагдана. Шударга ёсны төлөө, шударга ёсыг тогтоохын төлөө хийж байгаа мундаг эх оронч ажил юм шиг харагдаж байгааг үгүйсгэхгүй. Яг учир утгыг нь ухаад хардаг хэсэгт бол хэнд ч хэрэггүй хийсвэр зүйл. Улстөрчид төдийгөөс өдий хүртэлх 30 жилийн турш шударга ёсыг тогтооё гэж сүрхий царай гаргаж, тод цоглог дуугарцгаасан. Дуугарч, тэмцсэнээр нь бол иргэдийн амьдрал хангалуун чинээлэг болчихоор байлаа. Харамсалтай нь өнөөдөр ядуурлын түвшин 30 хувь дөхөж яваа. Үндэсний статистикийн хороо УИХ-ын харьяанаас Засгийн газар руу шилжсэн учраас засаг дуртай тоогоо “зохиолгох” болсон гэх яриа учир мэдэх улсын дунд өрнөөд эхэлчихсэн. Тэгэхээр ядуурлын хувь 30-аар ч тогтохгүй цойлж явааг үгүйсгэх аргагүй. Ард түмний амьдрал хэцүү байхад шударга ёс ярих хэрэггүй гэсэн юм биш л дээ. Шударга ёс бол ярих учиртай зүйл, хөндөх шаардлагатай сэдэв. Гэхдээ улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалсан шударга ёс уу, эгэл жирийн иргэд, татвар төлөгчдийн төлөөх шударга ёс уу гэдгийг эргэж харах учиртай. Шуудхан хэлэхэд улстөрчдийн дунд сүүлийн 30 жилийн турш эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөөх шударга ёсны тэмцэл л гаарч байна. Үр дүнд нь бидний авдаг цалингийн үнэ цэн долларын ханш дагаж өдрөөс өдөрт буурч байгаа нь гашуун гэлээ ч бодитой үнэн.

Өнөөдөр иргэдийн эрх ашгийн төлөө ярих шударга ёс гэвэл ганцхан сэдэв бий. Таван толгой мэтийн өндөр өгөөжтэй том төслүүдээ хөдөлгөх л жирийн иргэдийн төлөөх шударга ёсны жинхэнэ тэмцэл гэж харагдана. Таван толгойгоос бусад нь иргэдэд падлийгүй шударга ёс гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Бусад шударга ёс нь нэг бүлэглэл нь нөгөөгийнхөө хүчийг тарамдуулах арга төдий л хэврэг зүйл.

С.Баярт АТГ-ын ажилтан хоол зөөж буй бичлэг цахимаар тарсан нь мэдээж тохиолдлын хэрэг биш. Бүлэглэл хоорондын тэмцэлдээний зөвхөн нэг хэсгийнх нь жижигхээн төлөвлөгөө. Зохион байгуулалттай арга хэмжээ гэхэд дэгсдүүлэг болохгүй. Улс төр, эдийн засгийн аль нэг бүлэглэлд бичлэг худалдах явдал газар авсныг нийт олноороо мэдэж байгаа. М.Энхболдыг халз ярилцлагад орохын өмнө хөшигний цаана өрнөсөн яриа хөөрөө олонд цацагдснаас хойш бүр утгаа алдсан. АТГ бол төрийн байгууллага. Энэ байгууллагатай хамаатай дотоод асуудал төрийн нууцад зүй ёсоор хамаарна. Төрийн нууцыг үл тоосон энэ мэт үйлдэл газар авах нь лав сайны дохио биш.

Төр засгийн тулхтай байгууллагуудын өгч буй мэдээллээс анзаарахад С.Баярт эхлээд хор өгсөн гэж хэсэг шуугьсан. Сүүлдээ хоол өгсөн болоод хувирчхав. Сүүлийн өдрүүдэд ийм л улс төр өрнөж байна. Эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдийн энэ дайны хөлд үрэгдэх хүмүүс нь ард түмэн. Зөвхөн нэг бүлэглэлийн хийсэн том наймаанаас болж 2000 төгрөг хүрээ ч үгүй байсан долларын ханш 2700 хүрч галзуурсан жишээ өнгөрсөн түүхэнд бий. Улстөр, эдийн засгийн том бүлэглэлийн хөлд жирийн иргэд үрэгдсэн ийм жишээг жагсаавал олон хуудас түүх өгүүлэх хэрэг гарна. Долларын ханш өсөж, төгрөгийн ханш сулрахын хэрээр халаасан дахь хэдийн маань үнэ цэн буурсаар байдаг. Долларын ханш 1800 төгрөгтэй дүйж байхад 600 мянган төгрөгийн цалин авч байсан Батын цалин өнөөдөр хэмжээгээрээ буураагүй ч үнэ цэн нь навс уначихаад буй. Ногоон валют 1800 төгрөг байхад 600 мянган төгрөгийн цалин авч байсан Бат 333 ам.доллартай дүйхээр цалин авдаг байж. Харин доллар 2500 дөхсөн өнөөдрийн хувьд 240 долларын цалинтай амь зогоож байна. Цалин нь 93 ам.доллараар буурчихсан гэсэн үг. Батын цалин 232 мянган төгрөгөөр үнэгүйдээд байна. 232 мянга гэдэг бол том тоо.

Улс төр, эдийн засгийн бүлэглэл хоорондын зодооноос үүссэн энэ мэт өөрчлөлтөд хариуцлага тооцдог болмоор байна. Жишээ нь яг өдийд гэхэд л татвар төлж төрийг тэжээдэг энгийн иргэн Батаас эхлээд компанийн захирлууд, компанид ажиллаж цалин хөлс авч ажилладаг баялаг бүтээгчид УИХ-д албан бичиг, шаардлага хүргүүлмээр байгаа юм. “АТГ-ын дарга, жаран тэрбумын асуудал бидний амьдралд ямар ч хамаагүй. Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн зодооноор төрийн ажил явж болохгүй. Таван толгойгоо хурдан хөдөлгөмөөр байна. Таван толгойн асуудлаар ээлжит бус чуулган зарлаж, намраас өмнө гол шийдвэрүүдээ гаргах хэрэгтэй” гэсэн бичгийг татвар төлөгчдийн холбоо ч юм уу, иргэдийн төлөөлөл болсон байгууллагаас явуулбал эрүүл, зөв улс төр болно. Ерөнхийлөгч шиг УИХ-д албан бичиг өгөх бүрэн эрх нь тэдэнд бий. Учир нь албан бичиг хүргүүлж байгаа Ерөнхийлөгч ба түүний нөхөд, албан бичгийг хүлээж авч ээлжит бус чуулган зарлана гэж буй УИХ-ын гишүүдийн авдаг цалин, эдэлдэг хангамжийг нь иргэд, компаниуд төлдөг. Хөгжилтэй оронд бол өөрсдийг нь тэжээдэг баялаг бүтээгчдээ төр нь хүндэлж сонсдог нийтлэг жишиг бий. Татвар төлөгчид нь ч төрөө оршин тогтнуулах мөнгийг халааснаасаа гаргадгаа мэдэрчихсэн учраас төрийн аль нэг буруутай үйлдлийг дуугүй өнгөрөөдөггүй. Саяхны жишээнүүдийн нэг гэхэд л Ерөнхийлөгчөө авлигад холбогдсонд дургүйцсэн солонгосчуудын жагсаал байна. Иргэд нь, татвар төлөгчид нь ийм хүчирхэг байвал буруу булхай хийж, авлига авах орон зай тэр хэрээр хумигдаж улстөрчид нь яаж ч чаддаггүй. Нэлээд дээхэн уурхайчид касктайгаа жагсаж байсныг тод санаж байна. Компаниудаас мөнгө авахын тулд байгалиа бодсон дүр эсгэдэг иргэний хөдөлгөөнийхнөөс, аль нь илүү авах вэ гэсэндээ шударга ёс ярьдаг том бүлэглэлүүдийн тэмцлээс огт өөр, эрүүл зөв жагсаал болсон. Одоо ч гэсэн уурхайчид ганц амьтай байгаа Оюу толгойгоор битгий улстөрж гээд жагсвал чулуу шидэх хүн гарахгүй. Юмны учрыг ухаж, цаанатай наанатай сэтгэдэг хэсгийн хувьд алгаа ташиж хүлээж авна.

Дахиад хэлэхэд иргэд, компани, баялаг бүтээгчдийн тэмцэл үгүйлэгдээд байна. Том мөнгө, том ашиг сонирхол, том зодоонтой том бүлэглэл хоорондын дажныг зогсоох хүч тэдэнд л бий. Тэгэхгүй бол энэ удаагийнх шиг жүжиг давтагдсаар, үр дүнд нь иргэдийн халаас нимгэрсээр байх болно. Яг өнөөдрийнх шиг эхлээд хор өгөөд дараа нь хоол өгдөг улс төрийн жонхуу зутан хэзээ ч дуусахгүй.


Categories
мэдээ нийгэм

Ажлын байр нь хангалтгүй үнэлэгдсэн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Үйл ажиллагаа эрхлэх хаяг дээрээ байхгүй, ажлын байр нь хангалтгүй үнэлэгдсэн, ажлын байрны нөхцөл шаардлага хангахгүй эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны долдугаар сарын 24-ний өдрийн “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/678 дугаар захирамжаар нэг сарын хугацаатай түдгэлзүүллээ. Дурдсан хугацаанд шинэ ажлын байр болон ажлын байрыг дахин үнэлүүлээгүй тохиолдолд эрүүл мэндийн тухай хуулийн 19-р зүйлийн 19.20-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрүүл мэндийн байгууллагад анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Чинзориг: Энэ онд цалин нэмж, ирэх оны төсвөөс өмнө цалингийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгохоор ажиллаж байна

Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар манай улсын ядуурлын түвшин 2014 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн гэсэн үзүүлэлт гарч. Үүнийг дагаад ажилгүй өрх, иргэдийн тоо нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин дорвитой буурахгүй байгаа аж. Иймд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэн тэргүүний чиглэл болж байгаа талаар өчигдөр С.Чинзориг сайд мэдээллээ. Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор зургаан хөтөлбөрийг батлан улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа гэдгийг салбар яамнаас мэдэгдэв. Тус мэдээллийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Засгийн газар болон салбар яамнаас ойрын хугацаанд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Юуны өмнө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор манай яам шийдвэр гаргаж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жилийн 8.4 хувийн хүүтэй жижиг зээлийг арилжааны банкаар дамжуулан иргэдэд олгодог. Гэхдээ зарим сум, орон нутагт арилжааны банкуудын салбар байхгүйгээс тухайн нутгийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн үйлчилгээг жигд хүртээж чадахгүй байна гэж бид үзсэн. Тиймээс ирэх наймдугаар сараас эхлээд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа жижиг зээлийн эх үүсвэрийг сум, орон нутагт салбартай арилжааны банкуудаар дамжуулан олгохоор болсон.

-Хөдөлмөр эрхлэлтийн сангаас олгож буй зээлийн үр дүн ямар байгаа вэ. Энэ талаар та тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Тус сангаас иргэн, аж ахуйн байгууллагад тогтмол жижиг зээл олгож байгаа. Жижиг зээл учир эргэн төлөлт 99.5 хувьтай байна гэсэн тооцоо гарсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас аж ахуйн нэгжид 20 хүртэлх, иргэнд 10 хүртэлх сая төгрөгийн санхүүжилтийг олгож байна.

-Ажилгүйдлийг бууруулах нь энэ Засгийн газрын тэргүүний чиглэл гэж та хэлсэн. Салбар яамнаас тус асуудалтай холбоотойгоор хэд хэдэн хөтөлбөрүүдийг батлаад хэрэгжүүлэх гэж байгаа гэнэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ажилгүй иргэдийг Хөдөлмөр эрхлэлтийн албаар дамжуулан 100 хувь ажлын байртай болгох асуудал хүндрэлтэй байгаа. Тэр дундаа сумын түвшинд жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил бага байна. Нөгөөтэйгүүр суманд бизнес эрхлэгчдийн таатай орчин, түүнийг дагаад ажлын байрны хүртээмж тааруу. Тиймээс хувь хүний өөрт нь байгаа ур чадвар дээр түшиглэж ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Энэ хүрээнд бид хоёр ч хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлнэ. Харин нэг хөтөлбөрийн хамрах хүрээг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Юуны өмнө Их, Дээд, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, Ерөнхий боловсролын сургуулийг төгсөж байгаа залуучуудын ур чадварт түшиглэсэн ажлын байрыг бий болгоход нь дөхөм болох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөр нь дээрх залуучуудад хоёр жилийн хугацаатай гурав хүртэлх сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлдэг. Үүнийг залуучуудын санал, хүсэлтийг үндэслэн санхүүжилтийн дэмжлэгийг таван сая төгрөг хүртэл олгохоор боллоо. Мөн уг төслийн хугацаа хоёр жил байсныг гурван жил болгосон. Энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа малчдын насыг 35 гэж заасан байсан. Үүнийг 45 нас хүртэлх иргэд гэж өөрчилсөн байгаа.

-Манай улсын нийт ажиллагсдын 45 хувь нь хувиараа аж ахуй эрхлэгчид, малчид эзэлж байдаг гэсэн судалгаа бий. Тиймээс хөдөө аж ахуйг түшиглэсэн ажлын байр бий болгох зайлшгүй шаардлага бий гэж мэргэжлийнхэн ярьдаг. Энэ талаар танай яам ямар бодлого барьж ажиллаж байна?

-Энэ асуудал яах аргагүй чухал юм. Ажилгүйдлийг бууруулах бас нэгэн арга зам. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Гэрээт малчин – Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” гэсэн туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд гэр бүлээрээ төв суурин газарт ажиллаж, амьдарч байгаа залуучуудыг хөдөө гарч мал маллах, гэрээт малчин болгоход нь зуучилна. Гэхдээ зөвхөн гэр бүл болсон залуучууд тус хөтөлбөрт хамрагдах боломжтой юм. Нөгөөтэйгүүр төв суурин газраас хөдөө очин малчнаар ажиллах гэж байгаа гэр бүлийг нүүлгэх тээврийн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байхаар уг хөтөлбөрт тусгасан. Хоёрдугаарт, ажлын байр олгох гэж буй малчинтай тухайн гэр бүл хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах юм бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эрүүл мэндийн даатгалын хураамжийг нь бүрэн төлж өгнө. Мөн нийгмийн даатгал төлбөл тус сангаас тал хувийг нь гаргаж байхаар зохицуулагдсан. Уг хөтөлбөр энэ жил туршилтын журмаар хэрэгжинэ. Үр дүн нь сайн гарвал ирэх жилд бүх аймгийг хамруулан ажиллуулах болно. Үүнтэй холбоотойгоор гэрээт малчнаар ажиллах гэр бүлийн судалгааг ирэх наймдугаар сараас эхлэн авна.

-Энэхүү хөтөлбөрийн цаана төвлөрлийг сааруулах бодлого давхар явж байна уу?

-Мэдээж хэрэг төв суурин газраас гэр бүл залуучууд маань хөдөө орон нутагт очин, тэнд ажиллаж амьдрах учраас төвлөрөл тодорхой хэмжээгээр буурна гэж үзсэн. Төвлөрөл буурснаар агаарын бохирдол, бусад асуудлууд дагаад багасна л гэж харж байгаа. Нэг талаараа төвлөрлийг сааруулж байна. Нөгөө талаараа ажилгүй иргэд ажилтай болж, өрх гэр бүл байнгын тогтвортой орлоготой болж байгаа юм.

-Сүүлийн үед хөдөө орон нутагт, тэр дундаа суманд ажлын байр бий болгох асуудал их яригдаж байгаа. Гэвч бизнесээ эхлүүлье гэхээр хөрөнгө мөнгө дээрээ очоод гацчихдаг. Үүнийг салбар яамнаас хэрхэн анхаарч байгаа вэ?

-Сумын түвшинд жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил бага байна. Бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа зүйл цөөхөн байна. Бизнесийн орчин сайжраад түүнийгээ дагаад ажлын байрны хүртээмж нэмэгдэж байгаа үзүүлэлт ч бага байна. Тиймээс орон нутагт ажилгүй байгаа залуучууд, иргэдийн өөрсдийнх нь ур чадварт түшиглэсэн ажлын байрыг бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Энэ хүрээнд бид “Зохион байгуулалттай ажлын байр бий болгох” гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Орон нутагт ажилгүй байгаа залуучууд өөрсдөө нэгдэн нөхөрлөл, хоршоолол байгуулахыг бид дэмжинэ. Улмаар ажлын байр бий болгох тодорхой хэмжээний шаардлагатай зардал, хөрөнгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгоно. Ингээд нөхөрлөл, хоршоолол байгуулсан залуучууд орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэх бүрэн боломжтой.

-ОУВС-гийнхан манай улсад ажиллаж байна. Энэ удаагийн уулзалтаар цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар тухайлан ярилцана гэсэн мэдээлэл байна. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу?

-ОУВС-гийнхан манай улсад ирээд хоёр хонолоо. Уржигдар Сангийн сайдтай уулзсан байна лээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр ирсэн ОУВС-гийнхантай Засгийн газар хэлэлцээр хийж энэ оны дөрөвдүгээр улиралд төрийн албан хаагчийн цалинг имфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ гэдэг тохиролцоонд хүрсэн. Эмч, багш нар цалингаа нэмэгдүүлэх асуудлыг маш их тавьж байгаа. Бидний хувьд энэ удаагийн ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөлтэй 2019 онд Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээр хийнэ. Мөн энэ ондоо багтаагаад Төрийн албан хаагчдын цалинг хэдэн хувиар хэрхэн нэмэгдүүлэх үү гэдгийг уг хэлэлцээрийн үеэр ярина. Төрийн албан хаагчдын цалинг цаашид хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ гэхээс илүү ажлын байрны ачаалал, ур чадвар, үр дүнгээсээ хамаарч цалин авдаг байх тогтолцоо руу оръё гэсэн салбар яамны бодлого бий. Эрүүл мэнд болоод Боловсролын яамтай хамтарч ажлын байрны үнэлгээг хийж дуусаж байгаа. Үүнээс сонирхуулахад эрүүл мэндийн салбарт бол сувилагч нар хамгийн их ачаалалтай ажилладаг нь тодорхой болсон. Харин боловсролын салбарт бага ангийн багш нар илүү ачаалалтай ажилладаг гэж гарсан байгаа. Эцэг, эхчүүд зургаан настай балчир хүүхдүүдээ өглөө багшийнх нь гарт атгуулчихаад ажилдаа явдаг. Ингээд өдөржингөө гуч орчим балчир хүүхдүүдийн дунд ганц хүн эрдэм ном зааж, хүмүүжүүлнэ гэдэг хэцүү. Үнэхээр хувь хүнээс ур чадвар, тэсвэр тэвчээр шаардсан мэргэжил юм. Тиймээс дээрх хоёрын салбарын жишээгээр ажлын байрны ачаалал өндөр Төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг ярих болно. Энэ удаа ОУВС-гийнхантай тодорхой шийдвэрт хүрэх болно гэж найдаж байна.

-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хүргүүлж байгаа. Үүнд танай яам ямар бодлого баримтлан ажиллаж байна?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Гурван талд үндэсний хорооноос хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Удахгүй уг ажлын хэсэг хуралдаад тооцоогоо нийлэх байх. Манай яамны хувьд ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 мянган төгрөг болгох саналтай байгаа. Харин Үйлдвэрчний эвлэлийн байгууллага 350 гаруй мянган төгрөг болгох саналтай байгаа юм билээ. Ингээд хоёр талаасаа ярьж байгаад санал нийлэх байх. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч үзэх хэд хэдэн хүчин зүйл бий. Тэр бүгдийг анхаарч, тооцож байгаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ. Үндсэндээ энэ оны дөрөвдүгээр улиралд цалин нэмж, ирэх оны төсвөөс өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 мянган төгрөг болгохоор тооцоолон ажиллаж байгаа.

-Хүүхдийн мөнгөний олголт хэрхэн явагдаж байна. Зарим дундаж түвшний айлын хүүхдэд хүүхдийн мөнгө олгогдохгүй байна гэсэн шүүмжлэл гарсан. Энэ талаар тайлбар өгвөл?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгогдож байгаа. Хүүхдийн мөнгийг цаашид хүсэлт гаргасан айлын хүүхдэд олгох, энэ чигийн судалгаа тооцооллыг хий гэж УИХ-аас үүрэг өгсөн. Энэ дагуу Сангийн яамтай хамтарч судалгааны ажлыг хийж байна. Олгогдохгүй гэсэн асуудал гарч ирээгүй. 80 хувьдаа багтаж байна уу үгүй юу л гэдэг асуудал байгаа. Юутай ч 80 хувьд хүүхдийн мөнгө бүрэн олгогдсон.


Categories
мэдээ нийгэм

Долдугаар сарын 30-нд болох үйл явдал

10.30 цагт “Blue Mon” төвд Германы шүдний эмч нар иргэдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулсан талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Эрдэнэс Тавантолгой” компани өөрийн байрандаа 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа танилцуулна.

Categories
мэдээ цаг-үе

​Н.Итгэл: Төрөөс нэг ч мөнгө гарахгүй санхүү, ТЭЗҮ нь шийдэгдсэн нефтийн үйлдвэрийн төсөл таван жил гацаж байна

Т.Намжим 1990 онд төрийн сайд байсан хүн. Тэрээр анхны Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хорооны даргаар ажиллаж байсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Д.Содном анх удаа Японд ажлын айлчлал хийхэд тэрээр айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байв. Японд хийсэн анхны Ерөнхий сайдын айлчлалаар манай улс төмөр, нүүрс боловсруулах болон зэс хайлуулах үйлдвэртэй болох зорилго тавьж байж. Төмрийн үйлдвэр хэрэгжсэн ч, зэс хайлуулах үйлдвэр нь Засгийн газар огцорсноос шалтгаалж хэрэгжээгүй гэдэг. Гэхдээ төрийн ажлаас хөндийрсөн ч Т.Намжим Японы талтай тохирч нефть боловсруулах үйлдвэрийн санхүүжилт, ТЭЗҮ-ийг шийдүүлж чаджээ. Харамсалтай нь тэрээр саяхан бурхан болсон юм. Харин түүний хүү “Монгол сэкию” компанийн захирал Н.Итгэл дээрх бүх баримт, гэрээ өнөөдөр ч хүчинтэй хэвээр байгаа гэнэ.

-Танай компанид санхүү, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, газар нь шийдэгдсэн нефть боловсруулах үйлдвэрийн бэлэн төсөл байгаа гэсэн. Ямар учиртай төсөл вэ?

-1990 онд Монгол улсын Ерөнхий сайд Д.Содном гуай Япон улсад айлчилсан. Монгол улсын Ерөнхий сайдын Япон улсад хийсэн анхны айлчлал юм. Энэ уулзалтын үеэр зэс, төмөр хайлах, нүүрс, нефть боловсруулах үйлдвэрүүдийн талаар яригдаж байв. Аав тухайн үеийн ажлын бүрэлдэхүүнд орж гол бэлтгэл ажлуудыг хангасан байдаг. Айлчлалын үр дүнд төмрийн үйлдвэртэй болсон. “Жайка”-гийн хөтөлбөрт Монгол улс хамрагдсан юм. Аав 1992 оноос 2006 он хүртэл Японы хоёр их сургуульд орон тооны профессороор ажилласан. Аавын маань ажлыг үнэлж Япон улс эзэн хааны шагналаа өгсөн. Дараа нь хөөцөлдөж байгаад энэ төслийг бүтээсэн. Хөрөнгө оруулалт, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, газар нь шийдэгдсэн, жилд хоёр сая тн нефть боловсруулах үйлдвэрийн төсөл бидний гар дээр байна.

-Би төслүүдийг үзэж болох уу?

-Болно.

-Энэ хэний өмч вэ?

-Японы төрийн банк хөрөнгө гаргаж хийлгэсэн учраас тэр банкных. Ер нь бол Японы Засгийн газрын өмч гэсэн үг.

-Японы элчин сайд танай гэрт очсон гэсэн.

-Зарим хүн андуураад аавтай уулзах гэж очсон гэж ойлгосон байсан. Бурхан болсных нь дараа албан ёсоор эмгэнэл илэрхийлэх гэж очсон юм.

-Нефтийн үйлдвэрийн талаар ярьсан уу?

-Сонирхож асуухад товч мэдээлэл өгсөн. Хөөцөлдөж байгаа гэсэн хариу өгсөн.

-Хөрөнгө, ТЭЗҮ нь яг хэзээ шийдэгдсэн бэ?

-ТЭЗҮ боловсруулах хөрөнгийг Японы олон улсын хамтын ажиллагааны банк санхүүжүүлсэн учраас Захирлын зөвлөлийн шийдвэр 2007 онд гарсан. 2010 онд Монголын тал Японы “Марубени”, “Тоёо инженеринг” корпораци нефть боловсруулах үйлдвэрийг түлхүүр гардуулах нөхцөлөөр барих гэрээнд гарын үсэг зурсан. 2013 онд зээлийн гэрээ байгуулах гэж байтал Засгийн газар зогсоосон.

-Яагаад?

-Дотоодын нефтийг авч боловсруулах шаардлага тавьж байгаа юм. Бас Чойрт байгуулах шаардлага тавьсан

юм. Гэтэл бид Дарханд зориулсан ТЭЗҮ хийгээд үйлдвэр байгуулах боломжтой гэсэн дүгнэлт гарчихсан байсан. Тэгээд ч Чойрт ТЭЗҮ хийх шаардлагагүй. Анхнаасаа бүтэхгүй гэдэг нь тодорхой байсан юм. Бас ҮАБЗ-өөс дотоодын нефтийг боловсруул гэсэн зөвлөмж гарсан байсан.

-Та нар дотоодын нефтийг авч боловсруулж чадахгүй юм уу?

-Манай технологи дэлхийн хамгийн өндөр технологи. Ямар ч нефтийг боловсруулж чадна. Харамсалтай нь Тамсагийн нефтийг Дарханд байгаа үйлдвэр лүү татах тээврийн сүлжээ байхгүй. Гэхдээ хятадууд бидэнд нефтиэ өгнө гэсэн баталгаа байхгүй байсан. Бид Тамсагийн нефтийг Японд шинжлүүлсэн. Боломжтой гэсэн хариу ирсэн. Гэхдээ өнөөг хүртэл тээвэр нь шийдэгдээгүй л байна. Тамсагаас тэр үед яригдаж байсан Чойр хүртэл 500 км шүү дээ. Энэ асуудлыг бараг шийдэх боломжгүй гэж Унгарын “Евро ойл” компани дүгнэлт гаргасан. Зөвхөн хоолой тавихад 1.4-1.7 тэрбум евро шаардлагатай. Ингэхээр ямар ч үйлдвэр бариад ашиггүй болж байгаа юм.

-Тэгээд л зогсчихсон уу?

-Тухайн үеийн Засгийн газар огцроод Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд шууд л говьд байгуулах шийдвэр гаргасан. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад бид үйлдвэрийн бүх шаардлагатай танилцуулга, бичиг баримтыг өгсөн.

-Тэр бичиг баримт одоо хаана байгаа вэ?

-Мэдэхгүй.

-Та нар Тамсагийн нефтийг авах боломжгүй гэж байна. Танай үйлдвэрийн нефть хаанаас хангагдах вэ?

-Бид Эрхүү орчмын нефтийн үйлдвэртэй урт хугацааны гурвалсан гэрээ хийх санамж бичигт “Марубени” компанитай хамт гарын үсэг зурсан.

-Оросууд урт хугацаанд найдвартай байж чадах уу?

-Хятадуудаас ч, Оросуудаас ч авсан бид дэлхийн зах зээлийн үнээр л авна. Гэхдээ нефть боловсруулахад бүтээгдэхүүний гарц гэж байдаг. Оросын нефть Тамсагаас 15 хувь илүү гарцтай байгаа юм. Энэ нь үнэ буурах нөхцөл болно. Дээр нь оросууд Японтой нефть нийлүүлэх урт хугацааны стратегийн гэрээтэй. Энэ хүрээнд бид хамрагдаж байгаа юм. Тийм учраас нефть нийлүүлэлт тасрах тухай ойлголт байхгүй. Мөн тээврийн асуудал шийдэх гэж хоёр тэрбум шахам долларын өр тавих шаардлагагүй.

-“Марубени” компани дахин дахин гарч ирээд байна. Ямар учиртай вэ?

-Нефтийн үйлдвэрийн хувьд “Марубени” компани санхүүжилт, зураг төсөв, гүйцэтгэх байгууллагуудын уялдаа холбоог зохицуулах үүрэг гүйцэтгэж байгаа юм. Харин нефтийн тухайд энэ компани оросуудтай маш том стратегийн гэрээтэй болохоор манай компанийн нефть нийлүүлэлтийн баталгаа болж байгаа. Тэдний нефть нийлүүлэх гэрээ нь хугацаагүй гэдгээрээ давуу талтай. Бид ч оросуудтай байгуулсан санамж бичгийг хугацаагүй байгуулсан. Санамжид гарын үсэг зурсан оросууд удаа дараа бичиг ирүүлж нефть нийлүүлэхээ одоог хүртэл мэдэгдсээр байгаа. Түүгээр ч зогсохгүй Монголын Засгийн газрын хүсэлтээр нефть нийлүүлэх болсон асуудлаа хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулах хүсэлт тавиад байгаа.

-Яг ямар санамж бичигт гарын үсэг зурчхаад манай тал чимээгүй суугаад байгаа юм бэ?

-Оросын нефтийн үйлдвэр Японы “Марубени” корпораци, тухайн үеийн уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид нарын зурсан урт хугацаанд жилд хоёр сая тн түүхий нефть нийлүүлэх тухай санамж бичиг.

-“Марубени” заавал оролцох ёстой юу?

-“Марубени” Эрхүүгийн газрын тосны компанитай урт хугацааны гэрээтэй. Худалдаж авсан нефтиэ дэлхийн аль ч оронд худалдах давуу эрх эдэлдэг. Энэ шугамаар авсан нефтиэсээ манайд нийлүүлнэ. “Марубени” компани Оросын аварга компаниудтай урт хугацаанд нефть худалдан авах гэрээтэй том компани.

-Өнөөдөр та нар үйлдвэрээ бариад эхэлбэл хэдэн жилийн дараа ашиглалтад өгөх вэ?

-ТЭЗҮ-д тусгаснаар гурван жилийн дотор ашиглалтад орно.

-Танай үйлдвэрийн нефть ямар үнэтэй гарах бол?

-Ямар ч тохиолдолд гаднаас түүхий нефть авч боловсруулахад дотоодын үнэ 20-30 хувь буурах боломжтой байдаг. Мэдээж гаднаас бэлэн бензин авах, түүхий нефть аваад нэрэх хоёр их ялгаатай. Манайд бол ашигтай тусна.

-Мөнгийг Японы төрийн банк гаргана. Та нарын юунд итгэж санхүүжилт өгч байна?

– Энэ банкны Захирлуудын зөвлөл шийдвэр гаргахдаа маш том мэргэжлийн шинжээчдийн баг ажиллуулдаг. Энэ баг зээлийн дүгнэлт гаргахдаа бүх зүйлийг нарийвчлан судална. Аливаа төсөл зөвхөн өөрийнхөө өртгийг нөхөх чадвартай байх ёстой гэсэн зарчим барина. Энэ зарчмыг манай ТЭЗҮ хангасан учраас зээл олгож байгаа юм. -Үйлдвэр ашиглалтад орсноос хойш хэдэн жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөх вэ?

-Япончууд ТЭЗҮ боловсруулахдаа эдийн засгийн үр шимийг голчлон анхаардаг. Манайх шиг аж ахуйн нэгж байгуулаад татвар төлөгчдийн мөнгөөр өрийг нь хаана гэсэн ойлголт байхгүй. Тухайн үйлдвэр өөрөө л өөрийнхөө оруулсан хөрөнгийг нөхөх учиртай.

-Дарханд байгуулах үйлдвэр л япончуудын шаардлагыг хангасан гэж ойлгож болох уу?

-Тийм. Японы банкны хамгийн том шалгуур эргэн төлөлтийн индекс. Манай ТЭЗҮ-ээр энэ нь 20 хувьтай байгаа юм. Энэ үйлдвэр ашиглалтад орсноос хойш 4-5 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн үг.

-Манайхан томоохон бүтээн байгуулалт эхлэхээрээ ханшийн өөрчлөлтөөс эхлээд янз бүрийн юм төрөөс нэхээд эхэлдэг.

– Энэ үйлдвэрийг барихад төрөөс нэг ч төгрөг гарахгүй. Бүх хөрөнгө Японоос гарна. Аль хэдийн багагүй мөнгө гарчихсан. ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, инженерийн зураг хийхэд багагүй мөнгө гарсан.

-Ямар хүчин чадалтай үйлдвэрийг хэр их хөрөнгөөөр барих ТЭЗҮ байна?

-Жилд хоёр сая түүхий нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 1.5 тэрбум доллараар барина. Зээлийн хүүгийн хувьд жилийн 1-2 хувь байна. Манай дотоодын бензин, түлшний хэрэгцээ анх тооцоо хийж байх үед 1.2 сая тн байсан. Одоо жаахан нэмэгдсэн. Гэхдээ үйлдвэрийг нөөцтэй тооцоолсон.

-Мөнгө ТЭЗҮ бэлэн, яг юун дээр гацаад байна?

– Засгийн газрын дэмжлэг. Өөрөөр хэлбэл С.Батболд, Н.Алтанхуяг нарын тэргүүлсэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлбэл маргаашнаас эхлээд үйлдвэр барихад бэлэн байгаа. Газар нь хүртэл бэлэн. Засгийн газрууд хаа дуртай газраа шав тавиад байхаар хөрөнгө оруулагчдад баахан үйлдвэр байгуулах сэтгэгдэл төрүүлээд байгаа юм.

-Нефтийн үйлдвэр байгаль орчинд хөнөөлтэй гэдэг.

-Манай үйлдвэрийн технологи Японы хамгийн өндөр технологи. Манай түлш одоогийн евро стандартаас ч давж байгаа. Хаягдал байхгүй, бүрэн ашиглана. Бензин, дизель түлш, авто зам барихад ордог мазут өнөөгийн гаднаас долларар авдаг бүхнийг үйлдвэрлэнэ.

-Хоёр үйлдвэр байгуулаад дотоодын зах зээл ханачихвал яах вэ?

-Манай үйлдвэрийн стандарт дэлхийн аль ч орны шаардлагыг хангана.

-Япон банк, “Марубени” корпораци та нартай уулздаг уу?

-Байнга уулздаг.

-Юу ярьдаг вэ?

-“Өмнө байгуулсан гэрээ, баримтууд хүчин төгөлдөр хэвээрээ шүү. Үйлдвэрээ барьтал явна шүү” гэдэг.


Categories
мэдээ цаг-үе

​Монголоороо гоёдог Ш.Гүрбазарынх

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, нэрт сэтгүүлч, хөтлөгч Шагдарсүрэнгийн Гүрбазарынд өнжлөө.Тэрээр эхнэр, бага охины хамт 13 дугаар хорооллын “Шинэ зуун” хотхонд амьдардаг юм байна. Цай, цүү болох зуур түүний нутаг ус, ижий аавынх нь тухай асуухад “Би Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн. Хүний ганц хүү юм.

Миний аав ерийн нэг манаач хүн байлаа. Би “Хоршоо Дэрэм” шүлгээ аавдаа зориулж бичсэн юм шүү дээ. Ээж минь энгийн сайхан эмэгтэй байлаа. Ээждээ зориулж 40-өөд дуу хийсэн дээ” гэв. Тэрбээр зургаан настайдаа аймгийн төвийн хүүхэд болжээ. Улмаар аймгийнхаа арван жилийн сургуулийг 1973 онд дүүргэсэн байна. “Манай ангийнхан намайг дөрөвдүгээр ангидаа хийсэн ажлаа яг одоо ч хийсээр яваа гэж шоолдог юм. Би сургуульд байхдаа л шүлэг уншдаг хүүхэд байлаа. Уралдаан тэмцээнд их орно. 1969 онд Монголын Пионер сурагчдын урлагийн үзлэгт орж алтан медаль авч байв. Ленины мэндэлсний 100 жилийн ойгоор юм байна.Тэр үеэсээ хойш л өнөөг хүртэл энэ зам мөрөөр явна даа” гэсэн юм.

Түүний гэргийг А.Мөнхцэцэг гэдэг. Тэд хорвоогийн жаргал, зовлонг хамтдаа туулаад хэдийнэ 47 жилийг ардаа орхижээ. “Би наймдугааар ангидаа эхнэртэйгээ танилцсан. Эхнэр маань тэр үед долдугаар ангид байлаа. Танилцсаныхаа дараа жил нь гэхэд нэг гэрээс хичээлдээ явдаг болцгоосон доо. Ханьтайгаа танилцаад хагас зуун жил болоход гурван жил л дутуу байна” хэмээн гэрийн эзэн ярьлаа. 47 жил байтугай дөрөв тавхан жил ч бололгүй үр хүүхдээ өнчрүүлээд салдаг хүмүүс олон. Тэгвэл энэ урт хугацааг хамтдаа туулахдаа ямархан ухаан зарав гэдгийг түүнээс асуухад “Ер нь хүн өөрийнхөө хийж байгаа зүйл, туулж ирсэн амьдралаа эргэцүүлэхгүйгээр урсгалаараа явна гэж байдаггүй. Яагаад энэ хүртэл хамтдаа явав гэдгээ бодож байсан. Гэр бүл салж сарнихгүй байхад нөлөөлдөг хоёр зүйл байдаг юм байна лээ. Юу вэ гэхээр, хосууд гэр бүл болно гээд нэгэнт л шийдчихсэн бол аль аль талынх нь ээж, аав хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Тэгж чадваас цаашид урт удаан он цагийг туулдаг. Ухаандаа манай аав намайг найз охинтой болжээ гэж сонсоод эхнэрийн маань аавынд давхиж очсон байгаа юм. Ингээд хоёр тал ч мэдэж, дэмжээд ирэхээр хүүхдүүд улам л хөөрч догдолж гүйнэ шүү дээ. Хүүхдүүдийг бага дээр нь танилцуулж, түүнийг нь дэмжиж хөөргөж байгаадаа гол нь биш. Нэгэнт л танилцаад ирсэн бол тэр амьдралыг дэмждэг, хүндэлдэг байсны илрэл. Ийм хүндлэлээр гэр бүлийн амьдрал нэг хэсэг явна. Түүн дээр өөрсдийнх нь бие биеэ хүндлэх ухаан нийлэхээр цаг хугацаа болдог байх. Одоо бол удам судар, ар талыг харна, сургууль соёлоо төгсчихөөд бол гэнэ. Урьд нь ингэж сонжиж, тандах бус яг л монгол хүний сайхан сэтгэлээр ханддаг, хүлээн авдаг байж. Бид үүнийг үр хүүхэд, хойч үедээ бодмоор санагддаг. Дээрээс нь гэр бүлийн хүмүүс сонирхол, хүсэл эрмэлзлэл нэг байвал харилцаа бат бөх байдаг. Ер нь тэгээд үндсэндээ хайр л юм даа. Өөр юу ч биш. 47 жилийн өнгөн дээрээс харахад ийм л зүйлийг хэлэх байна” гэв.

Түүний гэргий мөн л адил УБИС-ийн Утга зохиолын багшийн ангийг дүүргэсэн нэгэн. Тэрээр Анагаахын их сургуульд анхлан суралцаж байсан ч Ш.Гүрбазар өөрийнхөө сургуульд оруулчихсан гэнэ. Энэ тухай тэрээр “Амьхандаа хардсан бас хажуудаа байлгах гэсэн хэрэг. Би нөлөө бүхий оюутан байсан болохоор ярьж байгаад өөрийнхөө сургуульд оруулчихсан юм. Гэхдээ манай эхнэр эмч болсон бол тун сайн эмч байх байсан болов уу. Их мэдрэмжтэй хүн дээ” гэлээ.

Эднийх хоёр охинтой. Том охин нь МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн. Англи хэлтэй. Мөн ХБНГУ-д Утга зохиол, телевизийн рекламын зохиолч найруулагчийн чиглэлээр сургууль төгсжээ. Одоо хань, хоёр хүүхдийн хамт Германд ажиллаж, амьдардаг байна. “Хүргэн маань их сайн хүү бий. Манайх хоёр хөөрхөн зээтэй болсон. Тэндээ нэг хэсэг болно байх. Охин маань зохиол бичихээр оролдож байгаа шүү. Харин бага охин Италийн Ромд олон улсын харилцааны чиглэлээр сургууль төгссөн. Цаашдаа үргэлжлүүлэн сурна. Бага охин удахгүй хань ижилтэй болно байх. Чимээ чагнаад л сууж байна” гээд Ш.Гүрбазар гуай инээмсэглэлээ.

Аав, ээж болно гэдэг магад хүн болсны утга учир гэлтэй. Тиймдээ ч үрийн зулай үнэрлэсэн хэн бүхэн баяр жаргалыг мэдэрч, илүү ихийг хийж бүтээх эрмэлзлэлээр хөглөгддөг биз ээ. Түүний аав болж байсан тэрхүү гэгээн мөчийн түүхийг асуухад “Би 1977 онд том охиноо өлгийдөж авч байлаа. УБИС-аа төгсчихөөд Монголын зохиолчдын хороонд аман зохиолын сурталчилгааны чиглэлээр ажиллаж байсан үе. МЗХ-ны даргын машинтай эхнэрээ эмнэлгээс нь гаргасан юмдаг. Бас болоогүй Чингис хааны одонт, найруулагч Г.Мэнд-Ооёо, Үржингийн Хүрэлбаатар, Төрийн сүлд зохиосон Ц.Ойдов, гавьяат Ж.Саруулбуян, Л.Мягмарсүрэн гээд манай галынхан гэж ярьдаг даа, хэдэн найрагчидтайгаа хамт хань, охин хоёроо эмнэлгээс гаргаж байлаа. Их бэлгэшээлтэй санагддаг юм. Тиймдээ ч том охин минь утга уран зохиолд татагддаг байх. Аав болох сайхан. Хүүхдээ хараад хүн эхлээд өөрийгөө л эрдэг юм билээ. Би 22 настай аав болчихоод “Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ

Хорвоод хүний эцэг болоход өөр юм

Бүрий хөлхөх үдшээр бүүвэй аялдаг боллоо

Айдсыг нь аргадах гэж дуугаан зөөллөж

Аясхан шөнөөр үлгэр зохиодог боллоо” гэж бичиж байсан. Хүний ганц хүү учраас өнөр өтгөн байх их сайхан санагддаг. Одоо эхнэр бид хоёр тав, зургаан хүүхэдтэй болдог байж гэж ярьдаг юм. Тухайн үед хоёулаа ч төрийн ажилтай байж. Бас эхнэр минь хүүхэд олсон цагаас төрөн төртлөө л хордлого өгдөг. Тиймээс ч халширсан тал бий байх” хэмээв.

Ш.Гүрбазарын бүтээл туурвилын хамгийн анхны уншигч нь түүний гэргий аж. Уншигчийн нүдээр харж зөвлөгөө өгөх нь ч бий гэсэн. Гэргий А.Мөнхцэцэг “Мэргэжил нэгтэй учир зөвлөгөө өгнө шүү. Сайн шүүмжлэгч, редактор нь. Мөн орчин үеийнхээр бол улаан фен нь. Тэр нь ханийг минь их хөглөдөг байх гэж боддог. Намайг баярлахаар улам л хөглөгдөж бичдэг юм шиг санагддаг. Би бичүүлэх гэж онгироож, хөөргөж байгаа хэрэг биш л дээ. Үнэн сэтгэлээсээ баярлаж бахархаж байгаагаа л илэрхийлдэг. Бүх бүтээлүүд нь гайхалтай сайхан санагддаг” хэмээн ярьсан. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын дээр хэлсэнчлэн нэг хүсэл тэмүүлэл, сонирхолтой, эсвэл зорилго тэмүүллийг нь хүндэлдэг байх нь амьдралыг бат бөх болгох нэг үндэс гэдэг нь түүний гэргийн ярианаас ч тод томруун харагдаж байлаа. Мөн тэрээр “Би ханьтайгаа хамт байсан 47 жилийн амьдралаараа ном хийх гэж байгаа. Алдаа оноо, ололт амжилт бүгдийг нь багтаасан ном байх юм. Тэндээс залуучууд маань бие биеэ уучлах нь ямар чухал болохыг харж болно” гэв.

Энэ тухайд гэрийн эзэн “Манай эхнэр надад нодлин 100-аад хуудас материал үзүүлдэг юм байна. Танилцсанаасаа эхлээд одоог хүртэл бүгдийг бичжээ. Сайн муу, сайхан муухай цөм тэнд байна. Миний алдаа оноо ч тэнд бичигджээ. Хүн л юм чинь цэвэр цэмцгэр яваагүй үе надад бий. Хамгийн чухал нь тэнд Монголын зохиолчдын 40-өөд жилийн түүх гарч ирж байгаа. Б.Лхагвасүрэн ах,С.Гэндэн, Д.Намдаг гуай, Б.Бадар-Ууган, Ц.Чинзориг гэх мэт хүмүүсийн талаар уншиж болохоор байна. Их

сонин юмнууд байгаа юм. Ном болгох хэрэгтэй. Энэ бол сэтгүүл зүйн л нэг жанр шүү дээ. Мэдээж манай үзэгчид ухаантай учир нөхрөөрөө бичүүлсэн гэж хэлэхгүй байх. Би юунд нь ч оролцохгүй” хэмээн өгүүлсэн.

Гэрт нь байх хуучны морин хуур түүний аавын талаас өвлөгдөн иржээ. Мөн аавынхаас нь ирсэн эрээн авдар гэрийн эзний хайрлан нандигнадаг зүйлсийн нэг. “Хоёр эрээн авдартаа хайртай. Битүүний орой манай хоёр авдар илүү өнгө орчихсон шиг санагддаг юм. Сонин шүү. Бас манайд нэг тун ховор зураг бий. Би IX Богдыг тодруулахад явсан юм. Тэрээр IX Богдоор тодорсныхоо дараа Далай багштай авхуулсан зургаа надад дурсгасан нь одоо ч хадгалагдсаар байгаа”гэв. Бид ийн хуучилсаар түүний уран бүтээл рүү хэвийлээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар Монголын үндэсний олон нийтийн телевизэд 40 жил ажиллажээ. Түүний 30 жилд нь Залуучууд, спортын редакцид ажилласан байна. “Энэ хугацаанд би тасралтгүй төрийн наадмыг хүргэх хүндтэй, хариуцлагатай үүргийг гүйцэтгэжээ. 15 жил нь морь тайлбарлаж, мөн төв цэнгэлдэхээс наадмаа шууд хүргэжээ. Энэ жилийн наадмаар ч тэр талбай дээрээс шууд тайлбарлалаа. Хүмүүс их сайхнаар хүлээж авсан. Наадамтай холбоотой уран бүтээлүүд надад цөөнгүй бий. “Дугуй хээтэй наадам” шүлэг гэхэд зохиогдоод 40 жил болсон байна. Агуу их Р.Чойном энэ шүлгийг минь магтаж байсан удаатай. Хоёр жилийн өмнө Балхаа бид хоёр “Миний монгол наадам” гэсэн сайхан уран бүтээл хийсэн. Энэ жилийн наадмаар их дуулагдаж байна. “Аварга зээрд”, “Толин хул” гэсэн морьдын тухай дуунууд ч цөөнгүй бий дээ” гэлээ. Түүний хувьд сүүлийн жилүүдэд зохиол бичихээр шамдаж байгаа аж. 2017 оны арваннэгэн сараас энэ оны гурван сар хүртэл Германд байх хугацаандаа “Бодь гөрөөсний зүүд” гэсэн шүлэглэсэн романаа туурвижээ. Энэ тухай тэрээр “Романаа улстөрч, лам, судлаач гээд төрөл бүрийн чиглэлийн хүмүүст өгч уншуулж байна. Бүгд ам сайтай байгаа. Ирэх намраас номын баяр хийх болно. Одоо хэдэн сайхан жүжгийн зохиол бичих хэрэгтэй байна. Ойрын хүсэл минь Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд гуайд зориулж жүжиг хийх. Үнэхээр агуу жүжигчин. Яг л Н.Сувд гуай тоглохоор тийм сайхан зохиол бичнэ. Ер нь хэн нэгэнд зориулж бүтээл туурвих тохиолдол байдаг шүү дээ. “Би Монголтойгоо адилхан” гэдэг шүлгийг дуу болж, “Хурд” дуулаасай, “Салхины хээг” Б.Сарантуяа, “Монголын үнэртэй салхи”-ийг С. Жавхлан дуулаасай гэж хийсэн юм” хэмээн хуучлав.

Түүний хувьд телевизэд ажилласан 40 жилийн туршлагадаа тулгуурлаж уран бүтээл хийхээр баримтат киноны “Үүлэн зардас” гэх бие даасан продакшнаа байгуулжээ. Иймд тун удахгүй ард түмний мэлмий, оюуныг баясгасан сайхан бүтээлүүдийг өргөн барих аж. Үүнийхээ хажуугаар залуу, хуучин гэлтгүй бүхий л уран бүтээлчидтэй хамтарч, дууны үгээ бичсээр байгаа юм байна. “Би дууны урлаг, жүжгийн зохиол, яруу найргаа орхихгүй л дээ. Бүгдийг нь хийнэ. Хийсээр ирсэн. Хийх ч болно” гэж ярьлаа. Ш.Гүрбазар гуай бол найр хурим, томоохон арга хэмжээ, тоглолтод хөтлөгчөөр уригддаг тун эрэлттэй нэгэн. Энэ их ажлыг хэрхэн амжуулдаг тухай нь сонирхоход “Л.Түдэв гуай яаж тэр олон зохиолыг амжуулж бичсэн юм бэ гэж хүнээс асуухад нэг гоё юм хэлсэн юм. Л.Түдэв гуай ажлаа амжуулахдаа их урт ширээ ашигладаг байж. Тэр урт ширээн дээрээ албан ажил, орчуулга, зохиол, эрдэм шинжилгээний ажил, шүлгийнхээ материалыг дэлгээд тавьчихдаг гэнэ. Тэгээд л ээлжлээд ажлуудаа хийдэг байсан хэрэг. Түүн шиг л ороод явчихаар амждаг юм. Дээрх ажлууд дээр арга хэмжээ хөтлөх ч нэмэгдэнэ. Ерөнхийдөө нэг л ажил л даа. Нэг сэдэв байлаа гэхэд “Хариулахгүй ч байж болно” гэдэг нэвтрүүлэг хийж болно, шүлэг, шүлэглэсэн роман, жүжиг болгож болно. Хэлбэрийг л өөрчилчихөж байгаа юм. Тухайлбал, миний “Хариулахгүй байж болно” нэвтрүүлэгт доктор С.Галсан гуай орохдоо “Ю.Цэдэнбал даргыг хойно хорионд байхад нь очсон юм. Уулзаад сууж байтал надад монгол бичгээр юм биччихсэн нэг цаас өгсөн. Тэр цаасаа надруу түлхчихээд нүдээ ирмэсэн. Тэр бичигт “Энэ өрөөн дотор улс төрийн тухай юу ч битгий яриарай” гэсэн байсан” тухайгаа надад ярьж байлаа. Энэ нэвтрүүлэг байгаад зогсохгүй шүлэг, маш том романы сэдэв ч байж болно. Тэгэхээр би энэ сэдэв юу байвал болох вэ гэж хуваадаг юм. Миний “Тэнгэрлэг оршихуй” нэвтрүүлэгт ирсэн захианууд надад их шүлгийн санаа өгсөн шүү” гэв.

Түүний хувьд Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн алдарт “Тэхийн зогсоол” шүлгийг өөрөөр нь зарлуулж уншиж явсан азтай нэгэн. Ш.Гүрбазар “Би 1979 онд телевизэд орсон. Тэр нэвтрүүлэг 1982 онд гарсан юм. Манай алдарт сэтгүүлч Б.Дорж Б.Явуулхулан гуайн гэрт нь очиж хоёр цаг ятгасны эцэст нэвтрүүлэгтээ оруулахаар болсон юм билээ. Б.Явуухулан гуай нэвтрүүлэгт орохыг зөвшөөрөхийн зэрэгцээ “Тэхийн зогсоол”-оо Ш.Гүрбазараар уншуулаарай” гэсэн гэдэг. МЗХ-нд гурван жил хамт ажиллаж байсан учир намайг шүлэг уншдагийг мэднэ л дээ. Би ч түүн шиг сайхан хувь заяа гэж юу байхав гээд л баярлаж явсан цаг саяхан санагдана. Үйлдвэрчний соёлын төв ордонд тэрхүү нэвтрүүлэг болсон юм. “Тэхийн зогсоол”-ыг уншсаны дараа Б.Явуухулан гуай намайг үнсэж билээ. Дараа нь “Сайхан нэвтрүүлэг боллоо” гээд л тамхи татаад зогсож байсан нь тодхон байна. Түүнээс хойш их удалгүй бурхан болсон доо”гэж ярьлаа.

Ш.Гүрбазар 2005 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм цолыг хүртсэн. Шагнал авч байх үедээ нулимс дуслуулсан нь одоо ч ард түмний сэтгэлд тодхон. Тэр агшнаа эргэн нэг дурсахдаа “Дээр үед нэг хүнд Хөдөлмөрийн баатар цол өгөхдөө өмнө нь хэлэлгүй шууд ажил дээрээс нь очиж аваад, хувцсыг нь солиод шагналыг нь гардуулчихаж. Шагналыг нь Ю.Цэдэнбал дарга гардуулж гэнэ. Гэтэл өнөөх нөхөр шагнал авч байх үедээ ухаан алдаад уначихсан юм гэнэ лээ. Тэгтэл Ю.Цэдэнбал дарга “Та минь ээ, урьдчилж хэлж бай” гэсэн гэдэг. Түүн шиг л би гавьяат авах гэж байгаагаа огт мэдээгүй. Шагнал авсан өдөр минь долдугаар сарын 8-ны өдөр байсан юм. Нэг хүн намайг баярын рекламанд тоглоод өгөөч гэхэд нь тэр өглөө 7:30-д босчихсон дээл хувцсаа өмсөөд зогсож байлаа. Гэтэл Ерөнхийлөгчийн тамгын газраас та 10:50 минутад ирээрэй гээд ярьж байна. Надаар юм хөтлүүлэх нь гэж бодоод ах нь амжихгүй л гэлээ. Гэтэл шагнал авах тухай хэлдэг юм байна. Хүн их баярладаг юм билээ. Мэдээж би тэр шагналыг авах юм сан гэж боддог байсан. Мөрөөддөг байсан. Түүнийгээ ч би шагналаа авсны дараа хэлж байсан санагдана. Үүнээс гадна би 1997-1999 оны үед хоёр кино хийгээд түүнээсээ болоод бусдад сайн, муу хэлэгдэж жаахан ядарч үзсэн юм. Түүнийг минь монголын ард түмэн мэднэ дээ. Тэр тухайгаа ч бодсон. Хамгийн чухал нь ээж минь харж байсан бол гэж л бодсон юм даа. Миний ээж 99 онд бурхан болсон. Сайхан хүн байсан шүү” хэмээгээд нулимс дуслуулсан юм. Мөн тэрээр “Төрийн шагнал гэдэг сайхан. Хүнийг босгож ирдэг юм билээ. Сайн юм хийе гэж боддог болсон. Түүнээс хойш би маш их юм хийсэн. Хийж ч байгаа. Энэ төрд би өртэй. Би Монголынхоо тухай их дуулдаг хүн шүү дээ. Тал засах гэж Монголын тухай дуулаад ч байгаа юм биш. Энэ улсын найрагч нь байна даа, өдий зэрэгтэй явъя, дуугаръя гэж боддог учир тэр. Хийсэн бүтээлүүдээс маань хэллэгүүд гарч байгаад би дуртай болчихоод байгаа. “Самсаа борхирно”, “Дугуй хээтэй наадам”, “Дэлгэсэн тэрлэг шиг нутаг”, “Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан” гэх мэт үгнүүд хэллэг болж байна. Би цаашид ч Монголынхоо тухай илүү бичнэ” хэмээсэн юм.

Түүний хувьд Монголын урлагт 50 жил зүтгэжээ. Тиймдээ ч телевиз, драм, кино урлаг улам л хөгжөөсэй, битгий уначихаасай гэж боддог гэсэн. “Ний нуугүй хэлэхэд яг одоо манай нийгмийн сэтгэлгээ уначихаад байна. Нийгмийн сэтгэлгээ уначихсан байхад ямар ч өндөр эдийн засагтай байгаад улс хөгждөггүй. Нам болж, талцаж хуваагддаг байдлаа арилгачихвал улс хурдан хөгжинө. Нийгмийн сэтгэл унасан шиг оюуны, соёлын хөгжил доройтчихоод байна. Үүнийг хөл дээр нь босгох хэрэгтэй. Үгүй бол бид бүх түүхээ гаднынхнаас авна шүү. 10 жилийн дараа өмнөд монгол хүнээр нарийн зүйлсээ заалгадаг болохыг үгүйсгэхгүй. Нийгмийн сэтгэлгээ нь унаагүй орны ард иргэд аяга ус, зүсэм бяслагт оочерлож байхдаа ч хөгжчихсөн байдаг юм.

Иймд улс орон маш сайн боловсон хүчин бэлдэх нь чухал. Монголын урлагийн түүхийг би байгуулалцсан, өргөлцсөн. Тиймдээ ч улам сайхан байгаасай гэж хүсдэг. Би нэвтрүүлэг сайхан хөтөлж байгаа залуучууд руу залгаж баяр хүргэдэг юм. Зарим нь багшаа гэнэ. Залуучуудтай их ойрхон байдаг. Учир нь би нэг юм хийсэн байлаа гэхэд дараагийн үе нь илүү сайн хийх учиртай. 25-30 насны мэдлэг боловсролтой залуусыг эвдчихгүй л бол Монголыг авч явах мундаг залуус олон болсон. Үүнийг үгүйсгэж болохгүй. Тэднийг л дэмжих нь чухал байна” гэж ярьлаа. Тэрээр улс төр, ижий аавын тухай лекц унших бодолтой байдгаа ч хэлсэн юм. “Үрийнхээ нүдэнд ижий нь өтөлдөггүй гэж би хоёр цаг лекц уншиж болж байна. Лекц гэхээсээ илүү Гүрбазарыг сонсох үдэш гэж хэлж болох юм. Би зориг гаргаад хойтон мартын 8-аас өмнө заавал хийнэ. Нэг ч бай, нэг хэсэг хүн ирсэн ч бай хамаагүй хийх болно. Ер нь хийх юм маш их байна. Би тэмүүлэлтэй байх их дуртай. Нас бол тоо шүү дээ. Хүн сайхан юм бодож явах нь чухал. Тэгвэл хүн хийморьтой байдаг юм. Хийморийг хүн өөрөөсөө олдог юм шүү дээ. Түүнээс хаа нэгтэйгээс хүрээд ирдэггүй юм” хэмээлээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Медалиа даахгүй бөхийсөн үр хүүхдүүд минь” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Медалиа
даахгүй бөхийсөн
үр хүүхдүүд минь хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өртэй байж эдийн засаг сайжирч
байна, цалин нэмнэ гэж худлаа ярих хэрэггүй хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Монгол ноолуурт Америкийн зах зээл
үүдээ нээхээр зэхэж байна хэмээн “Эдийн засаг” нүүрт өгүүлжээ.

Монголын уул уурхайн
ассоциацийн ерөнхийлөгч
асан Д.Дамба: “Рио тинто” шиг дэлхийн
хэмжээний компаниудаа хөөчихвөл
урд хөршийхөн л орж ирнэ хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьсан байна.

О.Баярцогт: Эрэгтэй баг Азийн наадмын
шилдэг наймд шалгарах бүрэн боломжтой хэмээн “Спорт” нүүрт ярьсан байна.

“Нийгэм” нүүрт Цагдаагийн Ерөнхий
газрын Нийтийн хэв журам
хамгаалах, олон нийтийн
аюулгүй байдлыг хангах
албаны дарга Ж.Амгалан: Гэр бүлийн хүчирхийлэл өсөөд
байгаа юм биш, мэдээлэл ил болсон
учраас өссөн мэт харагдаад байна хэмээн ярьжээ.

Ш.Ялалт: Бидэнд Байгаль нуурын
усыг цэвэршүүлэх хүсэлт ирсэн хэмээн Технологи нүүрт өгүүлжээ.

“Баримт үйл явдал” нүүрт Тусгаар тогтносон улсад гадны тусгай
алба нууц ажиллагаа явуулсан нь эрх
баригчидтай холбоотой юу? хэмээн өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ