Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав БНСВУ-ын гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Гадаад хэргийн дэд сайд Ле Хоай Чунгийг хүлээн авч уулзав. Монгол, Вьетнамын хооронд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж буйд сэтгэл хангалуун байгааг уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга онцлоод, БНСВУ-ын Дэд ерөнхиийлөгч Данг Тхи Нгок Тхинь 2017 онд, УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны 01 дүгээр сард БНСВУ-д хийсэн айлчлал хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх бэхжүүлэхэд ач холбогдолтой болсныг тэмдэглэлээ. Мөн тэрбээр хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа холбоо бэхжиж байгаад сэтгэл ханамжтай байгааг илэрхийлсэн юм. Парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Их Хурал БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Хүүхэд, залуус, соёл, боловсролын хорооны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэлээ ханган ажиллаж буйг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дуулгаад хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжих, харилцааг өргөжүүлэх, гишүүдийг харилцан айлчлуулж туршлага солилцох, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа тэмдэглэв.

Ноён Ле Хоай Чун, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлээд УИХ-ын дэд даргыг найрсагаар хүлээн авч зочилсонд талархал илэрхийлэв. Дэлхийн улс орнууд маш хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед Вьетнам, Монгол хоёр улс тал бүрийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тодорхой чиглэлээр туршлага солилцох бололцоо буйг ноён Ле Хоай Чун тэмдэглэн хэллээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай болж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2020 онд худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлж, боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн тус тус харилцан нийлүүлэх зэрэг олон чухал шийдвэр гаргасныг УИХ-ын дэд дарга дурдав. Шийдвэрийг бодит ажил хэрэг болгохтой холбогдуулаад хоёр талаас харилцан нийлүүлэх гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүний хүнсний эрүүл ахуйн гэрчилгээг эцэслэн тохирох яриа хэлцээг эхлүүлэх, эрсдлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг ойрын хугацаанд харилцан солилцож хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэн хэлсэн. Вьетнам улс ихээхэн хэмжээний үхрийн махыг Шинэ Зеланд Улсаас импортолдог, Монгол Улс цэвэр, чанартай үхэр, хонины мах экспортлох бололцоотойг дэд сайд Ле Хоай Чун тэмдэглээд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан нэмэгдүүлэх чиглэлээр бүхий л боломжийг эрэлхийлэх, хоёр талын хооронд экспорт, импортын худалдааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах зүйтэй гэв.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, хуулийн дагуу тэдний эрх ашгийг хамгаалах талаар анхаарлаа хандуулах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн.
Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүд өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулиудын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

“Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслөөр эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаатай холбогдох харилцаанд Зэвсэгт хүчний анги, байгууллагын болон хилийн отрядын эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажилладаг энгийн эмч, ажилтан, алба хаагч нарын нэг удаагийн мөнгөн тэтгэмж, төрөөс мэргэжил дээшлүүлэх боломжийг хангахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтууд туссан байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дахь хэсэгт “…анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох”, мөн зүйлийн 29.5 дахь хэсэгт “…анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 3 жил тутамд нэг удаа 6 сарын…”, мөн зүйлийн 29.8 дахь хэсэгт “…анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах”-тай холбогдсон харилцаануудыг тусгажээ.

Хуулийн төслүүд өргөн барилаа

“Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд Европын холбооны стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлыг булшлах цэг болон барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжийг барихаар төлөвлөж байгаа юм байна. Мөн хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф нэвтрүүлэх, барилга болон барилга нураалтын хог хаягдлын менежментийн зохицуулалтыг бий болгох ажлууд хийгдэх ажээ.

ЕСБХБ-наас төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгоно. Мөн төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд ойролцоогоор 1.5 сая еврогийн техник туслалцааны санхүүжилтийг олгохоор төлөвлөж байгаа юм.

9.7 сая ам.долларын зээлийн хугацаа нь 15 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 3 жил байх бөгөөд жилийн хүү LIBOR+1% байх ажээ.

Энэ нь нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгаа юм.

Манай Улс БНХАУ-тай “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс БНХАУ-ын хоорондын гэрээ”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын гэрээ” байгуулжээ. Гэвч эдгээр гэрээ нь засаг захиргааны онцгой бүс болох Хонконг, Макаод үйлчилдэггүй байна. Тиймээс монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт холбогдох болсон Хонконг, Макао зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан гэрээ хэлэлцээр байгуулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэж, хэлэлцээрийн төслийг 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр Макаод үзэглэн, 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан байна.

Уг хэлэлцээрийг Талууд соёрхон баталж, батламж жуух бичгээ солилцсоноор хүчин төгөлдөр болох юм. Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагаа бэхжиж, ялтан шилжүүлэх ажиллагааг хурдан шуурхай хэрэгжүүлэх, Макаод ял эдэлж буй Монгол Улсын иргэд эх орондоо шилжин ирж ял эдлэх эрх зүйн орчин бүрдэх юм.

2018 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсын 12 иргэн Макаод ял эдэлж байгаа бөгөөд тэдгээр иргэд эх орондоо шилжин ирж үлдсэн ялаа эдлэх хүсэлтийг байнга ирүүлдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил гацжээ

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг Нийслэлийн Баянгол дүүргийн 10, 22 дугаар хороонд хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд зөвлөлдөх уулзалт хийлээ. Гэр хорооллын дэд бүтцийн газрын холбогдох удирдлага, гүйцэтгэгч компани болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

10 дугаар хорооны иргэдийн хувьд эхний ээлжийн 23 айлыг эхний ээлжинд барьсан барилгад оруулсан. Гэрээ байгуулсан бусад иргэдийн хувьд дараа дараачийн баригдах орон сууцуудад орно. Тус хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилга барьж буй “Грин ресурс” компанийн хувьд барилгаа барьсан боловч дэд бүтцийг нийслэлээс шийдэж өгөөгүйн улмаас удааширч зогссоныг илэрхийлж байлаа.

Нийслэлийн төсвөөс 2017, 2018 онд мөнгө суулгасан боловч өнгөрсөн оных нь тендерийн маргааны улмаас шийдэгдээгүй, энэ оны мөнгө төгрөг нь шилжээгүй байгаа аж. Энэ мэтчилэн ажил удааширсан тул өнгөрсөн онд тус компани өөрийн зардлаар дэд бүтцийг шийдвэрлүүлж, эхний ээлжийн барилгаа ашиглалтад оруулсан байна. Харин дараагийн ээлжийн барилга эрчимтэй явж байгаа тул ирэх оны 5 дугаар сард ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм байна.

Иргэдийн хувьд 2014 онд гэрээ байгуулсан боловч удаан хүлээлгэж буй асуудлыг хөндөж байлаа. Мөн 9 дүгээр гудамжнаас эхлэнэ гэж байсан байсан боловч дэд бүтцээс болоод урагшаа барилга барих болж орхигдож байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байсан юм.

Харин 22 дугаар хороонд барилга барих “Очирням” компанийн хувьд айлуудтай гэрээ байгуулж газраа чөлөөлсөн боловч дулаан техникийн нөхцөл аваагүйн улмаас барилгаа эхлүүлж чадахгүй байгааг илэрхийлж байлаа. Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын удирдлага тус компанийг хариуцлагатай хандаж, ажлаа түргэвчлэхгүй бол болих хэрэгтэй гэдгийг сануулж байсан юм.

Энэ мэтчилэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд төрийн байгууллагын уялдаа холбоогүй байдлын улмаас удааширч, иргэд болон компаниудын хооронд үл ойлголцол бий болгосоор байгаа юм байна. Иймд цаашид иргэдийг хүлээлгэж буй эл асуудалд дор бүрнээ анхаарч, уялдаа холбоотой ажиллах зайлшгүй шаардлага байгааг талууд онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмаар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Долдугаар сарын 11-15-ны хооронд буюу улсын баяр наадмаар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй бөгөөд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд байна гэж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан байдаг.

Харин маргааш буюу долдугаар сарын 10-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчилж, 2, 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй юм.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн шигшээ баг аваргуудаа тодрууллаа

Монгол Улсын өсвөрийн 16 хүртэлх насны хөвгүүдийн Улсын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээн 10, 12, 14, 16 насны ангиллаар явагдсан байна. Тэмцээний аваргын цомыг Д.Нанжид дасгалжуулагчтай “ДМЮ” клуб хүртэж, мөнгөн медалийг Я.Лхагва дасгалжуулагчтай Увс аймгийн “Баруун-Од” клуб, хүрэл медалийг Воеислав Бралусич дасгалжуулагчтай “Дэрэн” клуб тус тус хүртжээ.

Мөн шилдэг хаалгачаар “ДМЮ” клубийн тамирчин Б.Чингүүн, шилдэг хамгаалагчаар ДМЮ клубын тамирчин М.Анар, шилдэг хагас хамгаалагчаар “ДМЮ” клубийн тамирчин Н.Ананд, шилдэг довтлогчоор Арвис клубийн тамирчин Б.Намсрайдорж арван зургаан гоол оруулснаар шалгарсан аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн сур харваанд 160 хүүхэд цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их баяр наадмыг уламжлал ёсоор эрийн гурван наадмын нэг сур харваагаар нээдэг билээ. Энэ сарын долооны өдөр Урианхай, Буриад сурын харваа болсон юм. Харин өнөө жилийн наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр \2018.07.09\ “Хүүхдийн сур”-ын харваа эхэлж, 17 нас хүртлэх охид, хөвгүүд цэц мэргэнээ сорихоор иржээ. Харваа наймаас доош болон 9-11, 12-14, 14-17 гэсэн насны ангилалтай бөгөөд нийт 160 хүүхэд оролцож байгаа аж. Үүнээс эрэгтэй 71, эмэгтэй 72 болон балчир насны 17 хүүхэд бүртгүүлсэн байна.

Биднийг сур харвааны талбайд очиход өнгө өнгийн торгон дээлээр гоёж, ээтэн хоншоортой монгол гутал ижилсүүлэн өмссөн балчир хүүхдүүд угтсан юм. Тэдэн дотор зургаан настай болов уу гэмээр нэгэн жаал өөрөөсөө ч том нум саадгаа үүрчихсэн хаашаа ч юм бэ яаран алхана.

Сурын харваа хэдийнэ эхэлсэн бөгөөд 32 сум тавихаас эхний өргийн найман сумыг хүүхдүүд ээлж дараалан тавьж, нумаа эвшээлгэх нь харагдана.

Энэ жилийн сурын харвааг шүүж байгаа Спортын мастер, Хүндэт мэргэн С.Батхуягтай хэдэн хором ярилцсан юм.

-Сур харвааг ажиглаад байхад их эрч, хүч бас тухайн хүнээс нарийн мэдрэмж шаарддаг юм шиг санагдлаа. Ер нь энэ спортын болон өнөө жилийн наадмын онцлогоос сонирхуулаач?

-Тийм шүү тамирчинд дан ганц эр бяр байгаад зогсохгүй нарийн мэдрэмж хэрэгтэй байдаг юм. Тэмцээний хувьд нийт 32 сум харваж хэн илүү оносон нь тэр жилийнхээ түрүүг авдаг уламжлалтай. Найман сумаар дөрвөн удаа ээлжлэн харвадаг юм. Мөн оролцогч хүүхдүүдийн насны ангиллаас нь хамаараад харвах зайг нь тодорхойлж өгдөг. Түрүү жил “Алдар нийгэмлэг”-ийн харваач Х.Цогбаяр эрэгтэй төрөлд 32 сум тавихаас 30 онож түрүүлж байсан. Харин эмэгтэйд Өвөрхангай аймгийн харьяат А.Даваадулам хэмээх 16 настай охин мөн 30 онож түрүүлж байсан. Ер нь 32 сумнаас 30 ононо гэдэг хүүхдийн харвааны төрөлд өндөр үзүүлэлт. Тухайн хүнээс нөр их хичээл зүтгэл гарсныг илтгэж байгаа юм. Энэ жилийн хувьд, түрүү жилийнхтэй ижил багцааны амжилт гаргасан харваа болох байх гэж найдаж байна. Ер нь хүүхдүүдийн бэлтгэл сургуулилалт, багш нарын арга барил жил ирэх тусам улам сайжирч, сур харваа, байт сур зэргийг сонирхох хүмүүс ихэссээр байгаа.

-Энэ спортоор олон жил хичээллэсэн хүний хувьд, сурын харваагаар хүүхдийг хичээллүүснээр сэтгэл санаа болон бие махбодид хэрхэн нөлөөлдөг гэж боддог вэ?

-Үндэсний спортоор хичээллэх нь тухайн хүүхдийг ёс суртахуун, сэтгэлзүй болон бие махбодийн хувьд бүх талаас нь монгол хүн болгон төлөвшүүлэх нэг хэлбэр юм. Би сур харваж сурах, хүн болж төлөвших хоёр ижилхэн гэж үздэг. Юугаараа гэхээр, харваач хүн алдаагаа засч байж сайн тамирчин болдог. Түүнтэй адилхан хүн бас амьдралд гаргасан алдаанаасаа суралцан ухаан сууж байж амжилтад хүрдэг. Тийм ч учраас алдаанаасаа суралцах нь хүнийг төлөвшүүлэх, амьдралд хөлөө олоход их тусалдаг гэж боддог доо.

-Сурын харваа хүүхдийн төлөвшилтөд хэрхэн нөлөөлдөг талаар дэлгэрүүлж ярина уу?

-Хүүхдийг аливаа зүйлд сургах нь ямар орчинд байхаас, өөртэй нь хэн яаж харьцахаас хамаараад төлөвшилт нь янз бүрээр нөлөөлж буй нь харагддаг. Мөн тухайн хүүхдийг юуны төлөө зүтгүүлэх вэ гэдгээс хамгийн гол зүйл эхэлнэ. Жишээ нь, яагаа ч үгүй эрт онож сургахын төлөө зүтгүүлсэн хүүхдийн анхаарал нь онох гэдэг зүйлд л чиглэнэ үү гэхээс би юунаас болоод алдчихваа гэдгээ барагтай бол олж хардаггүй. Үүний оронд яаж харвах ёстой гэдгийг нь ухааруулаад дараа нь харвах зүйлээ мэдэрдэг болохыг заасан цагт спортын үр шимийг хүртэж, өөрийнхөө алдааг олж хардаг болдог юм. Ямар ч спорт хүний ёс суртахуунд сайн муу аль аль талаараа нөлөөлдөг. Уг нь сурын харвааг багаар тоглодог байсан юм. Тэр үед өөр бусдыг ойлгох, хамтарч ажиллах, нэгнээ мэдрэх, нэгнийхээ төлөө анхаарал хандуулахаас гадна дэг журмаа дагадаг байсан юм. Харин хувиараа харваж байгаа тохиолдолд зөвхөн өөрийнхөө амбиц, амжилтыг хөөдөг. Өөрийн амжилт, бусадтай өрсөлдөхийн төлөө хэтэрхий их зүтгэх нь уг хүний ёс суртахуунд хэрхэвч сайнаар нөлөөлөхгүй шүү дээ. Тиймээс үндэсний спортын багийн харвааг хөгжүүлбэл ирээдүйн монгол хүүхдийн хүмүүжилд олон төрлийн эерэг өөрчлөлтүүд гарна.

-Энд ирсэн харваач хүүхдүүд бүгд л үндэсний дээл хувцсаа өмссөн харагдах юм. Тодорхой тогтоосон дэг журам байдаг юм уу?

-Бид тэмцээний шаардлагадаа хувцаслалтын тухайд нэг ч зүйлийг тусгаагүй. Угаасаа энэ спорт өөрөө тухайн тамирчинд заагаад өгчихдөг юм. Бүр багаас нь нум саадгаа хэрхэн аргилж арчлах, дээл хувцсаа хэрхэн цэвэрхэн өмсөх, хүнтэй хэрхэн харьцах болон өөрийгөө хэрхэн сонсох гээд бүгдийг нь заагаад, хүмүүжүүлээд өгчихдөг юм гэв.

Өнгөрсөн жилийн тэргүүн байрыг эзэлсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат А.Даваадулам эхний тойргийнхоо найман сумнаас долоо оносон амжилттайгаар талбайгаас ирж явахтай нь бид таарсан тул наадмын сэтгэгдлийг нь сонссон юм.

-Түрүү жил тэмцээндээ хэрхэн бэлдэж байв. Тухайн үед түрүүлчихээд шагналаа гардаж авах гэж байх үеийнхээ сэтгэгдлийг эргэн дурсаач?

-Өмнө жил спортын мастер Баяржаргал багштайгаа аймагтаа бэлтгэлээ хийж улсын баяр наадмаар 32 онохоос 30 онож түрүүлж байсан. Өдөрт 32 сум тавьдаг байсан. Тэр сумаа хэрхэн тавихаасаа шалтгаалаад цаг хугацааны хувьд янз бүрээр тоологддог. Мөн тохны бэлтгэл хийж байсан. Тэр нь сум байгаа оносон тохиолдолд харваач арагшаа нэг метр ухарч дараагийн сумаа тавих ёстой бэлтгэл байдаг.

-Анх 2014 онд Үндэсний их баяр наадмаар сур харваад хоёрт орж байсан гэсэн. Хичнээн жил энэ спортоор хичээллэсэн бэ?

– Энэ жил долоо дахь жилдээ орж байна. 2014 онд анх харваад хоёрдугаар байрт орж байснаасаа хойш тасралтгүй тав дахь жилдээ оролцож байна. 2014 онд хоёрт орчихоод нэгт орсон хүүхдийг Ерөнхийлөгчөөс шагналаа авч байхыг нь хараад “Би ингээд зогсож байх юм сан” гэж бодсон. Харин 2017 онд улсын наадмаар түрүүлж, шагналаа Ерөнхийлөгчөөс гардаж авсныхаа дараа “Би чадчихлаа” гэж бодсон. Энэ жилийн хувьд, улсын нээлтээр харваад ангилалдаа түрүүлсэн. Наадмын бэлтгэл болгож, манай Өвөрхангай аймгийнхан Хархорин сумд галд гарч, найм хоног бэлтгэл хийсэн.

-Чиний харваж байхыг чинь холоос ажиглаж байхад сум тавихаасаа өмнө нүдээ аньж, гараа сэгсэрч өөрийгөө төвлөрүүлж байгаа харагдсан. Ер нь Энэ спорт чамд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Энэ спортоор хичээллэсэн тамирчид их хүлээцтэй, тайван болж аливаа зүйлийг харах өнцөг нь өөрчлөгдөж, бүгдийг ул суурьтайгаар хүлээж авдаг болчихдог. Мөн сэтгэл зүйгээ нэгэн жигд дарж сурдаг. Хамгийн гол нь өөрийн бодлоо нэг цэгт төвлөрүүлж байж амжилт гаргадаг. Нэг үгээр хэлбэл, нум, сум, бодол гурав нэг цэгт төвлөрсөн тохиолдолд байгаа онодог гэж би боддог. Тиймээс сум тавихдаа аль болох бодлоо цэгцлэн, ухаанаа төвлөрүүлдэг. Бас манай багш хувь хүний зан чанарт нь хандсан бэлтгэл хийлгэдэг. Би л гэхэд сэтгэл хөдлөл ихтэй. Түүнийг маш сайн мэддэг болохоор бодлоо нэгэн жигд барьж сургахын тулд тулж ажилладаг. Гэхдээ загнах үедээ хайр гамгүй загнаж, магтах үедээ харамгүй сайхан үг хэлдэг. Ер нь тэмцээн болгоноор хамт байж, ар талыг минь маш сайн дааж чаддаг.

-Сэтгэлзүйн хувьд өөрийгөө хэрхэн бэлдсэн бэ?

-Маш тайван байгаа. Гэхдээ өнгөрсөн жилийн амжилтаа доруулчихгүй юмсан, дараа жил томчуудын төрөлд орох тул дотроо бодсон бодол, төлөвлөсөн зүйл бий. Одоогоор сум дуусаагүй байгаа учраас ам гарч болохгүй.

-Гэр бүлийнхэн чинь хэр дэмждэг вэ?

-Анхны жил нэг их тоодоггүй байсан юм. Харин хоёр дах жилээсээ тэмцээн уралдаанд ороод ирсэн чинь намайг хэн хүнээс илүү ойлгож, дэмждэг болсон. Одоо бол миний хамгийн үнэн ч туслагчид бас дэмжигчид. Өнөөдөр ч гэсэн хамт ирцгээсэн байгаа гэв.

З.СУВД

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзав

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ирж буй ноён Крэг Кастана тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.

Уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ноён Крэг Кастанад Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдож байгаад баяр хүргээд Монгол Улсын Их Хурал, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй парламент ёс, засаглалын эрх мэдэл, сонгуулийн тогтолцоог сайжруулах чиглэлд олон жилийн хамтын ажиллагаатай явж ирснийг онцлов. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдож буй ноён Крэг Кастана хариу талархал илэрхийлээд тус байгууллагын зүгээс Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулсан юм.
Энэхүү уулзалтаар талууд парламентын хянан шалгах үүргийг бэхжүүлэх, ардчиллыг жинхэнэ мөн чанараар нь хэрхэн хөгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.
Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн төрийн одон медалиар шагнуулав

Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 06 -ны өдрийн 92 дугаар зарлигаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч, Цагдаагийн хурандаа Дашдоржийн Мөрөнг “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнасныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц. Нямдорж өнөөдөр гардуулан өглөө.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч, Цагдаагийн хурандаа Дашдоржийн Мөрөн нь хууль зүйн салбарт 33 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд 1977-1980 онд НАХЯ-ны Цэргийн тусгай сургуулийг тусгай дунд, хуульч мэргэжлээр, 1983-1988 онд ЗХУ-ын Москва хотын Дотоод явдлын яамны Академийг хуульч, эрх зүйч мэргэжлээр магистрын зэрэгтэй тус тус төгссөн байна. Тэрээр 1980-1983 онд Төв аймгийн аюулаас хамгаалах хэлтсийн цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, 1988-1993 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Эрүүгийн хэргийн эрэн сурвалжлах хэсэгт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, чиглэл хариуцсан ахлах ажилтан, 1993-1997 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хэлтэст тасгийн дарга, 1998-1999 онд ЦЕГ-ын дарга, 2000-2004 онд Улсын их хурлын гишүүн, 2006-2007 онд Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын зөвлөх, 2007-2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны дарга, 2012-2016 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хууль эрх зүй, бодлогын газрын даргаар тус тус ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сараас Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар томилогдон ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Ерөнхий аудитор Ху Жэзун манай улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын урилгаар манай улсад айлчилж буй БНХАУ-ын Ерөнхий аудитор, хатагтай Ху Жэзун тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд тэмдэглээд, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-г хөгжүүлэхэд аудитын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцлов. Түүнчлэн хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний харилцаа тогтмолжиж буйг өнгөрсөн 4-р сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, 6-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлал харуулж байна гэлээ.

Тэрбээр хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагаа тогтмолжиж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Монгол Улсын Их Хурлын хооронд хамтын ажиллагааны байнгын механизм бий болсныг тэмдэглэлээ.

Хоёр орны Аудитын байгууллага хоорондын хамтын ажиллагаа 10 гаруй жилийн өмнөөс эхэлж, Монголын аудитын байгууллагын мэргэжилтнүүдийг сургах, давтан сургах чиглэлээр БНХАУ-ын аудитын байгууллага идэвхтэй дэмжлэг үзүүлж байгаад тэрбээр талархал илэрхийлэв.

Хатагтай Ху Жэзун Аудитын байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр орны хооронд тогтоосон “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-ны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болохыг онцлоод, “Бид Монгол Улсын Аудитын байгууллагатай илүү нягт хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатартай өргөн хүрээнд санал бодлоо солилцож, хоёр байгууллагын хамтын ажиллагааны ойрын 3 жилийн хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Бидэнд харилцан бие биенээс суралцах, туршлага хуваалцах зүйл олон бий. Тиймээс аудитын ажилтнуудыг харилцан солилцохыг чухал гэж үзэж байна. Монголын мэргэжилтнүүдийг бакалаврын түвшинд болон урт, богино хугацааны сургалтад хамруулах чиглэлээр бид цаашид улам илүү анхаарах болно” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр байгууллага хамтын ажиллагааны шинэ чиглэл, зорилтоо тодорхойлсонд баяртай байгаагаа илэрхийлээд, хууль тогтоох дээд байгууллагын харьяанд үйл ажиллагаа явуулдаг Аудитын байгууллагуудын хамтын ажиллагааг УИХ байнга дэмжиж ажиллах болно гэв.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.

Categories
мэдээ нийгэм

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл эхэллээ

Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2018 оны есдүгээр сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлолоо.

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 2018 оны долдугаар сарын 09-ний өдрийн 13:00 цагт эхэлж, 2018 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 00:00 цагт дуусах бөгөөд бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар явуулна.

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг сорилго, бодлого гэсэн дарааллаар авна. Сорилгын шалгалт нь 200 асуултаас бүрдэх бөгөөд үргэлжлэх хугацаа 200 минут, бодлогын шалгалтын нэг бодлогыг бодох хугацаа 150 минут байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журам болон шалгалтад бүртгүүлэх заавартай www.mglbar.mn (Монголын Хуульчдын холбооны албан ёсны цахим хуудас), https://burtgel.mglbar.mn/ (Шалгалтын бүртгэлийн цахим хаяг) цахим хаягт хандан танилцах боломжтой. Холбоо барих: 70116364 (Хуульчийн мэргэжлийн шалгалтын хороо хариуцсан мэргэжилтэн)